Categories
мэдээ цаг-үе

Х.Нямбаатар: Агаарын бохирдолтой тэмцэхэд улс төржих шаардлагагүй

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.


-2019 оны төсвийг бүхэлд нь та хэрхэн харж байна вэ. Замбараагүй л яваад байх шиг. Гишүүд хүртэл өөрсдөө төсвөө мэдэхгүй байна гэх юм?

-Бүлэг дээр төсөв хэлэлцээд эцсийн байдлаар тойм гарч ирнэ. Орон нутаг руу төсвийн зарим эрх мэдлийг шилжүүлж байгаа. Тухайлбал, эрүүл мэнд, боловсролын салбарын тогтмол зардлыг бүхэлд нь анх удаагаа шилжүүлж байна. Цаашид тогтмол зардалтай нь хамт хувьсах зардлыг нь шилжүүлэх ёстой. Ноднин төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг байсан бол энэ жил 1.9 их наядад барина гэсэн ОУВС-тай хийсэн тохиролцоо бий.

-Гэхдээ ирэх онд төсвийн орлого, зарлага маш өндөр байна гэсэн шүүмжлэл бий. Ирэх оны төсвийг 2018 оны төсвийн хэмжээнд батлаад явбал Монголд хэрэгтэй үйлдвэрүүдээ барих боломжтой гээд байгаа л даа…

-Төсвийн орлогыг хоёр их наядаар нэмэгдүүлж байгаа. Орлого сайн олж байж улс хөгжинө биз дээ. Орлого их олох гэлээ гээд шүүмжлэх нь утгагүй.

-Утааг бууруулах хүрээнд айлуудын янданд шүүлтүүр суурилуулахаар 54 тэрбум төгрөг төсөвлөж оруулж ирсэн нь маргаан дагуулж байна. Таны байр суурь ямар байгаа бол. Таны сонгогдсон Сонгинохайрхан дүүрэг утааны голомт гэж яригддаг шүү дээ?

-Сонгинохайрхан дүүрэг гэлтгүй бүх дүүрэг л агаарын бохирдолтой байгаа. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд оччихлоо гэдгийг бүгд мэдэж байна. Тиймээс агаарын бохирдолтой тэмцэхэд ямар нэгэн улстөржилт байх шаардлагагүй. Хамгийн гол нь агаарын бохирдолтой тэмцэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай байх ёстой.

Гадуур 54 тэрбум төгрөгөөр яндангийн шүүлтүүр тавьж байхаар орон сууцжуулчих гэдэг зүйлийг ярьж байна. Тийм пиарыг хүртэл хийж байгаа. 54 тэрбум төгрөгөөр хэдэн айлыг орон сууцжуулах юм. Бодоод үзээрэй. Маш бага тоо гарна. Энэ цагт бид бүгдээрээ утаанд хордоод ирээдүй хойч үед маань аюулын харанга дэлдчихлээ. Тиймээс бид агаарын бохирдлоос салах зайлшгүй алхам хийх ёстой. Агаарын бохирдлоос салах оролдлого хийхгүйгээр бурхан гэнэт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулна гэдэг ойлголт байх ёсгүй юм.

Мөн нэг айлд тавьж буй 500 мянган төгрөгийн шүүлтүүрийн үнээр нэг айлд орон сууц барьж өгөх ямар ч боломжгүй. Засгийн газрын зүгээс тооцоо, судалгаа хийж шинжлэх ухааны үндэслэлтэйгээр энэ асуудалд хандсан байх гэж бодож байгаа.

-Тэгээд утаа бууруулахад ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?

-Цаашид агаарын бохирдлыг бууруулахын тулд Улаанбаатар хотын санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар 2019 онд шийдвэр гаргаж өгнө гэсэн хүлээлттэй байгаа. Хотоос сонгогдсон гишүүд ч гэсэн адилхан байр суурьтай байгаа. Эдийн засгийн том чадавхтай дэлхийн мега хотууд санхүүгийн хувьд бие дааж, бонд гаргаж, түүгээрээ хотынхоо өмнө тулгамдсан асуудлыг шийддэг зарчимтай. Тиймээс цаашид Улаанбаатар орчин цагт эсгий гэрээс орон сууцажсан, төлөвлөлт сайтай хот болохын тулд бодлогын ахиц гаргахгүйгээр явахгүй. Өнөөдрийн шүүмжлээд байгаа шиг үүдний пин барих, дулаалгаар асуудлыг шийдэх боломжгүй.

-Та агаарын бохирдлыг бууруулахын тулд оролдлого хийх ёстой гэлээ. Шүүлтүүр тавих оролдлого нь тэгээд хэр үр дүнтэй юм бэ. Нэг яданд 500 мянган төгрөгийн шүүлтүүр суурилуулна гэх. Бид орчин цагийн шинжлэх ухаан хөгжсөн нийгэмд амьдарч байгаа биз дээ. Өөр бодлогын шийдэл алга уу?

-Хүн бүр утаанаас салах оролдлого хийх ёстой. Haier-н эрдэмтэдтэй судалгаа хийсэн гээд байгаа. Би тэр чиглэлийн шинжлэх ухааны ажилтан биш болохоор хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан сорилыг давсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлье гэдэг шийдэлд хүрсэн гэж байсан. Шүүлтүүр биш юм бол өөр ямар шийдэл байгаа юм бэ. Бид заавал утаатайгаа байсаар байх юм уу. Ядаж утаагаар 40-50 хувь бууруулж дараагийн ээлжинд 70-80 хувь бууруулах гэх мэтээр шат дараатай явах ёстой л доо. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийг шууд бүрэн орон сууцанд хамруулах боломжгүй. 220 мянган айлыг орон сууцанд хамруулахад хэдэн их наяд төгрөгийн хөрөнгө гарах вэ гэдэг тооцоо урьдчилсан байдлаар гарчихсан.

54 тэрбум төгрөгөөр Улаанбаатарын иргэдийг бүрэн орон сууцанд хамруулчихдаг бол эрх баригчид хамгийн түрүүнд орон сууцанд оруулна биз дээ. Бид утаанаас салахын тулд бүх талын арга хэрэгслийг хослуулж байж цаашаа явна. Эхлээд янданд шүүлтүүр тавьж, зарим уурын зуухуудыг хааж төвийн инженерийн шугамд холбох, зарим айлуудыг гадны хөнгөлөлттэй зээл тусламжийн хүрээнд хорооллоор нь орон сууцжуулах цогц ажлуудыг төр хувийн хэвшлийн хамтын хүчин чармайлтаар хийх ёстой.

-Таныг намынхаа бүлэгт Улаанбаатарын түгжрэлийг бууруулах тал дээр судалгаа танилцуулсан гэсэн. Үүнийг хэрэгжүүлэхэд үнэ өртөг нь өндөр байх уу?

-Улаанбаатар хотын өмнө тулгамдсан яах аргагүй өөр нэг асуудал нь авто замын түгжрэл. Нийслэлийн намын хороон дээр ажлын хэсэг гараад 2019 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах нэгдүгээр төлөвлөгөөг хэрэг-жүүлье гэдэг зураг төсөв бэлтгэл ажил хийгдсэн. Намын бүлгийн хуралдаа танилцуулсан.

Эхний ээлжинд Улаан-баатар хотоос татан төвлөрүүлж байгаа 289 тэрбум төгрөгөөсөө улс 100 тэрбум төгрөгийг нь үлдээгээч ээ гэж байгаа юм. Бид хэвтээ болон босоо тэнхлэгийнхээ түгжрэл үүсгэж буй гол замуудад нэмэлт блокуудыг барьж байгуулах бүтээн байгуулалтыг ирэх онд өрнүүлье гэж байгааг дэмжиж өгөөч гэж бүлэгт саналаа оруулсан.

-Түгжрэлийг бууруулах тал дээр судалгаа хийсэн юм байна. Яг ямар ажил хийх ёстой гэж?

-Улаанбаатар хот шиг төв тэнхлэгээрээ төмөр замаар огтлолцдог хотууд олон байдаг юм билээ. Энэ тохиолдолд төмөр зам, авто зам хэзээ ч нэг түвшинд огтлолцохгүй байдлаар гүүр эсвэл нүхэн гарцаар төмөр замыг нэвтэрдэг. Улаанбаатар хотын өмнө болон хойд талыг холбосон нэвтрэх чадварыг нэмэгдүүлсэн зургаан нүхэн гарцыг барьж байгуулах ёстой. Өөрөөр хэлбэл 4.2 метрийн өндөртэй зорчих эгнээ нь найман эгнээтэй гүүрэн байгууламжийг байгуулах ёстой. Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг хуваалцаж төмөр замын өмнө хэсэгт давхар баруунаас зүүн рүү чиглэсэн хэвтээ тэнхлэгийн шулуун авто зам тавьж түгжрэлийг бууруулах ёстой юм. Мөн хэд хэдэн блокуудыг холбосон авто замын байгуулалтыг хийх хэрэгтэй. Улаанбаатар хотын гадна кольцо тойрог замуудыг холбож дуусах ёстой гэсэн үе шатууд байна.

-100 тэрбум төгрөгийг нь Нийслэлд үлдээлээ гэхэд энэ асуудал шийдэгдчих юм уу?

-100 тэрбум хангалттай биш. Зургаан нүхэн гүүр, хэвтээ тэнхлэгийн болон бусад авто замуудыг хийхэд эхний ээлжинд 226 тэрбум төгрөг шаардлагатай. Эхний ээлжинд Нийслэлийн төсвөөс улсын төсөвт татан төвлөрүүлж байгаа 100 тэрбум төгрөгийг нийслэлд нь үлдээгээд Нийслэл өөрийн дотоод нөөц боломжоо шавхаад дээр дурдсан нэгдүгээр шатны ажлыг 2019 онд хийж хэрэгжүүлэх, санхүүжилтийг нь он дамнуулж олгох гэсэн арга замуудыг эрэлхийлж байгаа юм. Өнөөдөр бие биенээ хараад, шүүмжлээд, яриад үр дүнд хүрэхгүй. Зураг төсөвтэй энэ ажлыг эхлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга дамжин өнгөрөх авто тээврийн асуудлаар ярилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Швейцарын холбооны улсын Женев хотноо төвтэй Олон улсын зам тээврийн холбооны байранд зочилж, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто Де Преттотой уулзаж бүс нутгийн зам тээврийн асуудал, ТИР конвенцийн хэрэгжилтийн талаар ярилцав.

Уулзалтын эхэнд талууд олон улсын тээврийг хөнгөвчлөх ТИР конвенцийн хэрэгжилтийн талаар ярилцаж, олон улсын тээврийн салбарын хөгжлийн төлөв байдлын хүрээнд санал бодлоо солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европоос Зүүн хойд азийн зах зээлд нэвтрэх хамгийн дөт зам Монголоор дайран өнгөрч байгааг онцлоод, Монгол Улс 21 аймгийн төвөө Улаанбаатар нийслэл хоттойгоо засмал замаар холбох ажил дуусах шатандаа орсон, ингэснээр тээвэрлэлтийн хугацаа богиносч дотоодын тээвэр, аялал жуулчлалын хөгжилд ихээхэн түлхэц болсон зэрэг эерэг талууд их байгааг онцлов. Азийн өндөр хурдны босоо тэнхлэгийн зам буюу Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон хурдны зам барихаар төлөвлөсөн, уг төсөл нь гуравдагч орны хөрөнгө оруулагчдад нээлттэй байгаа зэрэг боломжуудыг танилцуулж, хамтран ажиллахаар санал солилцож ярилцлаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус байгууллагаас явуулдаг сургалтуудад монголчуудыг хамруулах санал тавьсныг Олон улсын зам тээврийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто Де Претто анхаарч үзэхээ илэрхийлж, тээврийн асуудал нь жолооч нараас эхлээд менежерүүдийг бэлтгэх, төрийн албан хаагчдыг хамруулсан өргөн хэмжээний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон бэлтгэл ажил шаардлагатай байдгийг онцолсон юм.

ТИР гэх энэхүү систем нь дамжин өнгөрөх тээврийн дэлхийн хэмжээний стандарт гэж үнэлэгддэг бөгөөд одоогоор 70 гаруй улс ТИР конвенцид нэгдэн, энэ системийн дагуу дамжин өнгөрөх тээврийн асуудлаа хөнгөвчилж, нэг стандарт баримталж байна.

Мөн Олон улсын зам тээврийн холбоо холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто Де Претто “…Монгол Улс ТИР системд нэгдэн орсон хэдий ч, мөн ОХУ-БНХАУ-ын замыг дагаад худалдаа хөгжих боломжтой, дэд бүтэц байгаа хэдий ч худалдаанд саад болж байгаа хэд, хэдэн бэрхшээл Монгол Улсад байсаар байгаа” гэсэн юм.

Тухайлбал, гаалийн бүрдүүлэлт удаан, албан бус татвар, хураамж ихтэй зэргээс болж судалгаанд хамрагдсан нийт тээврийн 57 хувь нь л цаг хугацаандаа бараагаа тээвэрлэж байжээ.

Харин конвенцид нэгдэн орсноор өөр, өөр төрлийн тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа барааны тээвэрлэлтийг ТИР системд хамруулж, гишүүн орнууд хооронд дамжин өнгөрөхтэй холбоотой гаалийн бүрдүүлэлтийг ижилсгэх, нэгдсэн стандарт хэрэгжүүлэх, баталгаажсан оператор болон тээврийн хэрэгсэл ашиглах, ачааны үзлэгийг онцгой тохиолдолд гүйцэтгэх, олон улсын баталгаа гаргах зэрэг ач холбогдол давуу талтай болжээ. Конвенц хэрэгжиж эхэлсэн хугацаанаас өнөөг хүртэл буюу 70 шахам жилийн турш ТИР-ийн ачааны аюулгүй байдалд ямар нэг асуудал гараагүй байна.

Монгол Улс энэ конвенцид 2000 онд, ОХУ 1982 онд нэгдэн орсон. Харин БНХАУ 2016 онд нэгдэж, 2018 оны тавдугаар сард Хятад улс ТИР-ийн анхны цувааг Далиан боомтоос Новосибирск хот руу явуулсан байна.

Уулзалтын төгсгөлд ТИР конвенцийг хэрэгжүүлэгч Олон улсын зам тээврийн холбооны 70 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус холбооны хүндэтгэлийн самбарт гарын үсгээ зурж үлдээн, ноён Умберто Де Претто болон тус холбооны ажилчдад ажлын амжилт хүсэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс далайд гарцгүй орнуудыг манлайлж ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Китуиатай уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн хөрөнгө оруулалтын форумд оролцогчдын анхаарал хэдэн чухал асуудалд төвлөрч байгааг дурдаад, дэлхийн дулаарал, экологийн асуудал, ажилгүйдэл, баялгийн тэгш бус хуваарилалт гэх мэт асуудал Монгол Улсад ч гэсэн анхаарал татсан сэдэв болж, тэнд арай өөр хүрээнд л ярилцаж байна хэмээн тодотголоо. Монгол Улс 2019 оны төсвөө хэлэлцэж байгаа энэ үед эдийн засгийг төрөлжүүлэхэд анхаарал хандуулж, мөн Монгол Улсад эдийн засаг, бизнесийн ямар боломж байгааг дэлхийн хөрөнгө оруулагчдад танилцуулахаар ирсэн талаараа ярилаа.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Китуи тээвэр, хөрөнгө оруулалт, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх гэх мэт олон талт үйл ажиллагаа явуулж байгаа талаараа танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Китуид хандан Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж далайд гарцгүй орнуудыг манлайлж ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.


НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу анх 1964 онд Женев хотноо байгуулагдсан бөгөөд Засгийн газар хоорондын статус бүхий НҮБ-ын байгууллага юм.

Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэнээр 1964 онд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын гишүүн болсон байна. Гишүүн болсноор энэхүү бага хурлаас худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр тусламж, дэмжлэг авах, техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдаж байгаа юм байна.

Тухайлбал, тус байгууллагаас хэрэгжүүлж буй өрийн удирдлага, санхүүгийн шинжилгээний болон Гаалийн мэдээллийн системийг Сангийн яам, Монголбанк болон Гаалийн ерөнхий газарт суурилуулсан байна.

Мөн энэ онд байгуулсан Монгол Улс, БНХАУ, ОХУ хоорондын дамжин өнгөрөх тээврийн гурван талт хэлэлцээр байгуулах судалгаа болон хэлэлцээнд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын зүгээс ихээхэн дэмжлэг үзүүлж ажиллаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын 24-нд болох үйл явдал

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Нотариатын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.

09.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх явдлаас урьдчилан сэргийлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь ” сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас:88041586

09.00 цагт “Holiday Inn” зочид буудалд БНСУ-ын их сургуулиудын эмнэлгүүд, хавдрын төв, нүд, гоо сайхны нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгнө.

09.30 цагт “Рамада” зочид буудалд “Монгол гэр бүлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, үйлчилгээний хэрэгцээ” судалгааны үр дүнг танилцуулна. Утас:88059360

10.00 цагт Централ цамхагт БОАЖЯ, НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэн хамтран “Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийг олон нийтэд таниулах семинар” зохион байгуулна.

10.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Соёл урлагийн газраас “Урлагийн хот Улаанбаатар” төслийн хүрээнд шалгарсан “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийн нээлтийн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Утас:325044

10.00 цагт Монголын Үндэсний музейд “Айрагийн гозгорын дурсгалууд” үзэсгэлэнгийн нээлт, “Сяньби, Жужаны үеийн түүх, соёлын судалгаа” эрдэм шинжилгээний хурал болно.

11.00 цагт Монголбанкнаас өөрийн байрандаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д “Тохирох ажилд зөв хүнийг-Job and career fair” арга хэмжээ болно. Утас:75111896, 91011896

14.00 цагт Хангарди ордонд Үндэсний аудитын газраас хувийн хэвшлийн, хараат бус аудитын компаниудтай уулзалт хийнэ.

Төрийн ордонд

08.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт цаг үеийн асуудлаа мэдэгдэл хийнэ.

11.30 цагт ЭМЯ, Монголын мэдрэл судлалын нийгэмлэг хамтран тархины харвалтаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн: Д.Нацагдоржийн бүтээл мөн болохыг тогтоох хэл найруулгын шинжилгээ

Аливаа зохиол бүтээл, захидал бичиг, ерөөс бичсэн эхийн зохиогчийг тодруулна гэдэг бол хэл шинжлэл, утга зохиол, өв уламжлал төдийгүй ялангуяа сүүлийн үед хууль эрх зүй, математик, тооцоолуурын ухаантай холбоотой нэн сонирхолтой судалгаа болж ирж байна. Энэхүү өгүүлэлд нэгэн зохиолын хэл найруулгыг шинжилж үзэх болно, үүнээс өмнө бичсэн эхийн зохиогчийг тодруулах ажлыг хамгийн ерөнхийгөөр хэрхэн ангилж буйг товч тодорхойлъё. Коппэл, Шлэр, Аргамон нарын (2009) судалгаагаар бол зохиогчийг тодруулах нь:

1. Олон зохиогч (хууль зүйд бол сэжигтэн) байж болох магадлалтай, аль нэгийг нь мөн гэж тодорхойлох

2. Нэг сэжигтэн (зохиогч) буй, тухайн эхийг чухам тэр хүний бичвэр мөн эсэхийг тодорхойлох

3. Ерөөс сэжигтэн (зохиогч) байхгүй, эхийг маш өргөн хүрээнд судалж, зохиогчийг олох гэсэн гурван ерөнхий төрөлтэй хэмээн үзжээ.

Бид саяхан “Ажилч эмэгтэй” сэтгүүлийн 1929 оны дугаар 11 (сард нэг удаа гардаг, дугаар 11 нь 12 дугаар сард хэвлэгдсэн) – ээс “Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн” хэмээх нийтлэл маягийн өгүүллэг олсон, энэхүү өгүүллэгийг Дашдоржийн Нацагдоржийн уран бүтээл мөн болохыг батлахыг зорих юм. Сэтгүүлд зохиогч жинхэнэ нэрээ бичээгүй, Улаан үзэг хэмээх нууц нэр хэрэглэсэн, Д.Нацагдорж Үзэг хэмээх нууц нэрээр бичдэг байсныг А.Очир, Г.Дашням (2016)нар тогтоосон тул Коппэл нарын тодорхойлсон дээрх гурван төрлийн хувьд олон сэжигтний найруулгыг харьцуулан нэг нь мөн гэж үзэх биш, харин тодорхой нэг зохиолчийг мөн гэсэн таамаглал дэвшүүлээд тэр зохиолчийн бусад бүтээлийн хэл найруулгатай харьцуулан үзэхээр болов. Ингээд шинээр олдсон бүтээл дэх зарим өвөрмөц үг хэллэг, нөхцөл дагавар, холбоо хоршоо үг, аялга үг зэргийн найруулга хэрэглээг Д.Нацагдоржийн бусад бүтээлтэй хэдэн зүйлээр харьцуулан үзье.

1. “Тэмдэг нэр+янзын” хэмээх бүтэц

Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн (цаашид ШХ)-ий эхний үг, эхний өгүүлбэр “Шинэ янзын булган малгай толгой дээр нь бударсан…” гэж буй. Мөн Пагма хүүхнийг дүрслэхдээ “алиа янзын зантай…” гэжээ.Тэмдэг нэрийн араас “янзын” гэсэн үг оруулж найруулах нь чухам Д.Нацагдоржийн онцлог билээ. Ийм бүтцээр Д.Нацагдорж тэмдэг нэрийн бууруулах утгыг илтгэдэг. Өөрөөр хэлбэл, “цоо шинэ биш” гэсэн ойлголтыг бусад зохиолч нар “шинэвтэр, шинэдүү” гэж хэлэх бол, Нацагдорж “шинэ янзын” хэмээдэг юм.

1931 оны “Уриал” шүлэгтээ:

Хуучны байгуулсан шавар шавхай өмхий байдлуудыг

Илжирсэн туйпуу гэр мэт нураагаад

Шинэ янзын хувьсгалт оронд бүгдээрээ суун

Марксын Уриалыг ихэд хөгжимдөв… гэсэн бол

“Үзэгдээгүй юм”-д Гонгор тайж “… хуучин янзын дээлээ өмсөж, жинсээ сэмээр өвөртлөн, яаран мордсон” тухай өгүүлдэг. Алдарт “Миний нутаг” шүлэгт мөн:

Салхины үзүүрт найгасан соргог нарийн ногоотой

Саруул талд яралзсан сонин янзын зэрэглээтэй… гэсэн бол заавал тэмдэг нэрийн бууруулах утгатай биш боловч “боржигин янзын” (Хөдөө талын үзэсгэлэн) гэх мэт жишээ олон.

2. Э-Тэ язгууртзаах төлөөний үгийн эсрэгцэл найруулга

“Бодит ертөнцийн хүн амьтан, юмс үзэгдэл, тэдгээрийн шинж чанар, өнгө зүс, бэлгэ тэмдэг, тоо ширхэг орон цаг, үйл хөдлөл зэргийг хол ойроос заан төлөөлөх энэ тэр, эдгээр тэдгээр, ийм тийм, өд төд, энд тэнд, ийш тийш, өдийд төдийд, ингэ тэг гэх мэт э- тэ- язгуурт үгсийг… заах төлөөний үг гэнэ” хэмээн Ц.Өнөрбаян (2004) тодорхойлжээ. Монгол бичгээр дан э- тэ- язгууртай боловч хэлний хувирал, кирилл үсгийн дүрмээс болж“ э-, и-, ө-, ү-, тэ- ти-, тө-, тү-“ гэсэн хувилбартай болсон энэхүү төлөөний үгсийн Э- буюу эгшиг язгууртай нь харьцангуй ойр зүйлийг, Тэ- буюу гийгүүлэгч язгуур нь холыг заан төлөөлнө хэмээн үздэг. Д.Нацагдоржийн хувьд заавал “хол-ойр” гэсэн эсрэгцлээр биш, ерөөс аливаа юмны хоёр тал, хоршоо хэлцийн тэнцвэр, бүрэн бүтэн хэллэгийн хос тэн болгон найруулдаг нь нэн сонирхолтой.

ШХ-ийн эхний өгүүлбэр “…ногоон дурдан бүсийг өргөн гол шиг ороосон, чулуу сувдын даруулгыг алт мөнгөөр хүрээлсэн, ийм нэг залуу хүүхэн тийм нэг ширээн дээр сууж байв” хэмээн дуусаж байна. Мөн төгсгөл хэсэгт “ямагт энэ өдөр үүн лүгээ нөхцөн, маргааш өдөр түүн лүгээ сэртэлзэн…” гэжээ. Тэгвэл Нацагдоржийн бусад зохиол дахь Э-Тэ язгуурт төлөөний үгийн эсрэгцлийг авч үзье.

“Ийшээ ширтэж , тийшээ гөлрөн үүнийг гайхаж, түүнийг бодсоор явтал…” (Хөдөө талын үзэсгэлэн)

“Дэмий л үүнийг гайхан, түүнийг сонирхон…”(Алс газар сурахаар явагч)

“Энийг харж инээсэн, түүнийг ширтэж мишээсэн…” (Ганган хүүхэн)

“Чи тэгээд, би ингээд

Тавгаа цаашаа, шаазангаа наашаа” (Гуанзны хүүхэн)

“Энэ хүн нь, тэр юм нь гэлцэн, дээгүүрээ түлхэлцэн, доогуураа нудралцан”(Хи хи хи)

3.“ЮуТай + Тэмдэг нэр” бүтцийн найруулга, хэрэглээ

Аливаа бүтээлийг тухайн нэг зохиолчийнх хэмээн батлах нь корпус хэл шинжлэл, түүнд үндэслэсэн стайлометри (sty­lometry) буюу “Найруулгыг хэмжих ухаан”-ы асуудал юм. Үүний тул тухайн зохиолчийн хэрэглэсэн бүхий л үгсийн сан, холбоо хоршоо үгс, хэл зүйн нөхцөл дагаврын хэрэглээг тооцоолуураар бүртгэн гаргасан байх учиртай. Үүнээс тухайн зохиолчийн хамгийн түгээмэл хэрэглэдэг, хэрэглэх дуртай үгсийн сан, хэлц хэллэгүүд тодрон гарч ирнэ. Бидний гар дээр Нацагдоржийн бүх үгийг тоолон гаргасан корпус хэл шинжлэлийн хэрэглэгдэхүүн байхгүй боловч энгийн анхан шатны ажиглалт, гар тооллогоор дуртай үг, хэлцийг нь гарган ирэх боломж бол байна. Ийм аргаар ажиглан тоолж үзвээс Д.Нацагдорж зохиол бүтээлдээ “юутай” хэмээх яруу асуух үгийн араас тэмдэг нэрийг оруулан найруулж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь нэн түгээмэл ажээ. “Юутай+тэмдэг нэр” бүтцээр баярлан бахадсан, таашаан баяссан, хөөрхийлөн өрөвдсөн, жигшин зэвүүцсэн өнгө аясыг Нацагдорж зохиол бүтээлдээ бараг гуч гаруй удаа илэрхийлсэн байна. Жишээлбэл:

“…юутай гомдолтой зэрлэг амьдрал…”

“… юутай баяр, юутай завшаан…” (Хуучин хүү)

“Италийн орон юутай сайхан улиралтай вэ? (Туурганы зураг)

“Гэв гэгээн туяа чинь юутай хол сацарна

Тунгалаг сайхан гэрэл чинь юутай хурц гялалзана…” (Нар аа)

Энэ мэтээр яруу найраг, үргэлжилсэн үг бүхий л найруулгын зохиолд нь гуч гаруй удаа тохиолдсон энэхүү уран яруу хэрэглүүр бидний олсон ШХ эхэд мөн хоёр ч удаа тохиож буй нь санамсаргүй хэрэг биш. Тухайлбал:

“…цаг ямагт янчаан мөнгө бодож, өдөр ямагт унтаж жаргахыг бодон явагчид үг хэлэвч мэдэхгүй, учир гаргавч танихгүй, юутай хөөрхий

“… сайн замтай сайхан бүсгүйчүүдийг харин муушаан үздэг нь юутай мунхаг харанхуй…”

Ялангуяа хэрэглээний орчин нь “Хуучин хүү”-тэй нэн төстэй, өгүүлийн дүгнэлт болгон өгүүлэхдээ бухимдсан цухалдсан сэтгэлээ илэрхийлсэн, мөн “юутай хөөрхий” гэсэн нь “Хуучин хүү”-гийн “хайран хайран, хөөрхий хөөрхий”-г бас санагдуулам буйг энд мартаж болохгүй. “Хөөрхий”нь Нацагдоржийн бас нэг дуртай үг, дөч шахам удаа хэрэглэснийг энд тэмдэглэсү.

4. Үйлдэлцэх үйлдэлдэх хэв бүхий хоршоо үг, хэлц

Ямар нэг нөхцөл дагаврыг хэн нэг зохиолч өмчилнө гэж үгүй. Харин тухайн нөхцөл дагаврыг өөрийн гэсэн өвөрмөц найруулга бүхий бүтцэд байнга ашигладаг тухайд бол зохиолчийн хэлний онцлог тодорч болох юм. Өгүүлбэр зүйч Б.Пүрэв-Очир (2014) чухам энэ саналын ёсоор Д.Нацагдоржийн “-маар нөхцөл, -хуй дор” хэмээх бүтцийн найруулга зэргийг амжилттай тогтоож чадсан билээ. Энэхүү шинээр олдсон бүтээлийн тухайд бид Нацагдоржийн үйлдэлцэх, үйлдэлдэх хэвийн нөхцөлийг хоршоо үгэнд болон, хоршин зэрэгцсэн хэлцэд хэрхэн ашигласныг авч үзнэ. Үүнд мөн Б.Ринчений хэл найруулгыг нарийвчлан судалсан Ч.Чимэгбаатар (2011) “Их эрдэмтэн зохиолчийн хэл найруулгыг тодорхойлон онцлохдоо бусад зохиолчийн зохиол бүтээлээс ялгарах ялгаварт нь үндэслэх нь зөв бөгөөд ойлгомжтой гэж үзэв. Энэхүү ялгавар нь үгийн сан, үг зүйн түвшинд илүү тод илэрч байх тул судалгааг үүнээс нь эхлэх нь зүйтэй гэж үзэв” хэмээгээд Б.Ринчений хэрэглсэн бүх хоршоо үгийг түүн жагсаасан байдгийг дурдууштай юм.

Үйлдэлцэх, үйлдэлдэх хэвийн нөхцөл нь үйлийг олон эзэн хамт үйлдсэнийг үзүүлдэг бөгөөд зарим тохиолдолд төстэй утгатай боловч зарим тохиолдолд утгын нарийн ялгаатай. Тухайлбал –лц нь аливаа үйлийг хамтдаа хийсэн (хэлэлц-, ярилц-, хуваалц-, барилц-), нэгэндээ тусалсан, аливаа үйлд гар бие оролцсон (хийлц-, явалц- туслалц-) санааг илүү илэрхийлэх бол –лд нөхцөлөөр хэлбэржсэн үйл үг их төлөв өвөр зуураа, өөр хоорондоо, нэгнийхээ эсрэг хэмээх утгыг(мөргөлд-, байлд-, барилд-, зодолд-) гаргадаг.

Бүх зохиолч энэ хоёр хэвийг хэрэглэдэг нь тодорхой боловч Нацагдоржийн хувьд ялангуяа үйлийн хоршоо үгэнд ихэд хэрэглэдэг, ингэхдээ бүр тодорхой хам сэдэвт, тухайлбал аальгүй хүүхнүүдийн олон дахин үйлдэж буй үйл хөдлөлийн тухайд ашигладаг өвөрмөц онцлогтой. Жишээлбэл “Хи хи хи” өгүүллэгт аальгүй бүсгүйчүүдийг дүрслэхдээ “нүдээ анилдуулан ирмэлдүүлэн аальгүйтэх бөгөөд…”, “дээгүүрээ түлхэлцэн, доогуураа нудралцан…” хэмээжээ.

Тэгвэл Цагаан сар ба хар нулимс” өгүүллэгийн эсрэг дүр, баян Дагдангийн охин аальгүй Мядагмаа хүүхэн “цонхоор өөрийн ханилсан нэг залуу эрийг таниад, хурдлан гарч, түүнийг оруулан хамтаар хөтлөлцөн, инээлдэн хөхрөлдөн хойд байшингийн зүг одохын зуур” Цэрмааг харсан тухай өгүүлнэ.

Мөн эсрэг талын дүр биш, эмэгтэй биш боловч найр хурим дээр наадан, алиалан цэнгэж байгаа Сумъяа ноёны тухай өгүүлэхдээ аанай л үйлдэлцэх үйлдэлдэх хэвийг хоршин хэрэглэснийг жишээлбэл, “харин улам хөгжин, Дариймаатай алиалалдаж, олон хүүхнүүдтэй дарвилцана” (Хэлхээгүй сувд хэмээх тууж)

Нацагдоржийн найруулгын энэхүү онцлог бидний шинээр олсон өгүүлэлд, хэл зүйн яг тэр хэлбэрээрээ (үйлдэлцэх хэв), өгүүлбэр зүйн мөн тийм орчинд (хоршоо үг), хам сэдвийн адил хүүрнэлд(аальгүй бүсгүйчүүд) тохиож буйг санамсаргүй тохиолдолд гэж үзэхэд дэндүү хуумгай юм. Эш татвал: “Тэд гурвуулаа бие биеэ таталцан түлхэлцэн, инээлцэн ханиалцаж, умалзан суулцах бөгөөд түүний хажууд жүжиг үзэхээр ирсэн хүмүүс үймэлцэн шуугилцмуй…” (ШХ)

5. Өнгө ба хувцасны эсрэгцэл

Дашдоржийн Нацагдоржийн зохиол бүтээл дэх өнгийн мэдрэмж, өнгийн бэлгэдэл, өнгөөр илэрхийлсэн чимэг тодотгол, өнгийн дүрслэлийн талаар Б.Пүрэв-Очир (2014) дэлгэрэнгүй өгүүлжээ. Энэ удаад бид Нацагдорж зохиол бүтээлийнхээ дүрийг тодруулахын тулд дээл хувцасны өнгө, материалыг хэрхэн сонгодог байсан тухайд авч үзэх юм. Д.Нацагдорж дүрийнхээ дотоод сэтгэлийг гаргахаасаа өмнө эхлээд заавал гадна дүр төрхийг дүрсэлдэг, үүнд дээл, бүс, малгай, гутал, нэмэлт чимэглэл, царай зүсийг дурддаг, туршлагатай уншигч бол энэ дүрслэлээс нь сайн муу дүрийн алин болохыг ялгаж чадахаар. Жишээлбэл:

Хүрэн даавуун дээлийг нарийн дурдан бүсээр бүсэлж, цагаан орос малгай өмссөн бөгөөд зүүн талын соёондоо алтан шүдийг хийсэн… (Хи хи хи)

Бохир хар дугуйтай, бор даавуу дээлтэй ажилчин… (Аальгүйгээс хамаргүй)

Түүний бие өндөр чилгэр, өмссөн бүдүүн бөс даавуу, өнгө царай нь мяндсан хөвөнгөөс зөөлөн гэрэлтэй. Толгойгоо даавуу алчуураар боож хөл нүцгэн явна.(Уул усны охин)

Дагдангийн охин Мядагмаа гэзэг үсээ самнан, нүүртээ оо энгэсэг түрхэн басхүү шинэ хийсэн бор ногоон торгон дээлээ тааруулан өмсөж байх нь үзэгдэнэ…Цэрмаа, Мядагмаагийн торгон дээлийн өнгөнд гялбахдаа өөрийн муу уранхай даавуу дээл уруугаа нэг хараад…цагаан сарын өдөр манай гэрийн эзэд цөм сайхан торго дурдан дээл, булга минжин малгай хийж өмсөцгөөнө.(Цагаан сар ба хар нулимс)

Хөх даалимбан дээлийг өмсөж шар ногоон дурдан бүсийг ороосон бөгөөд гэзэггүй, орос эсгий малгайг хэлтгий тавьжээ… (Үзэгдээгүй юм)

Шар өнгийн торгон дээл дээр

Хүрэн өнгийн дурдам ороож… (Дэгжин банди)

Энэ мэтээр баян, саваагүй, дэгжин, аальгүй дүрүүд ихэвчлэн торгон дээл, дурдан бүс, булга, минжин малгай, алт сувдын эдлэлтэй, цагаан улаан царайтай байдаг бол ядуу, дарлагдсан, даруухан баатрууд нь даавуу, нэхий дээлтэй, толгойгоо алчуураар боосон, хар бор царайтай байдаг. Тэгвэл “Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн” зохиолд гарч буй гурван эмэгтэйн өмсгөл зүүсгэлийг зэрэгцүүлж нэг, эсрэгцүүлж нэг харьцуулан үзье.

Энэхүү эсрэгцэл, өнгө зүс, гадаад төрхөөр утга санааг илэрхийлэх ёс нь чухам Дашдоржийн Нацагдоржийн уран яруу хэрэглүүр мөн.

6. Аялга үг, авиа дуурайх үгийн хэрэглээ

Аялга болон авиа дуурайх үгсийг Д.Нацагдорж зохиол бүтээлдээ өргөн ашиглаж, дүрээ чадмаг тодотгон өгдөг. Жишээлбэл:

“Хүүе яадаг билээ

Та хаалгаа хаачихъя гэм

Хи хи хи” гэж инээлдэнэ” (Гуанзны хүүхэн)

“Халтар Дамбий ха ха инээсээр, хамаг юмаа дахин ачаад…” (Зээлийн чимээ)

Ажиглаваас “хи хи хи, ха ха” гэж дуу гарган инээж байгаа дүр ямагт эсрэг дүр байгаа юм. Нацагдоржийн байнга сурталчилдаг гоо үзэсгэлэнтэй боловч даруухан хүний дүрийн тухайд бол авиа чимээ гаргахгүйгээр “хөнгөмсөг эевэрүү хасын өнгөт дөрвөлжин цагаан шүдээ яралзуулан үе үе инээмсэглэн мишээх” (Хөдөө талын үзэсгэлэн) ажээ.

ШХ-д хоёр шалиг хүүхэн “тэрхэн завсар хи хи, хэн хэн хэмээлцэж буй” тухай өгүүлэх бөгөөд Пагма нь “хи хи хэмээж, хэн хэн хахаж”, Дулмаа нь “Пөөх, пий пий. Ийм хувцас өмссөнөөс хятад хувцас өмссөн маань дээр байгаа…” гэхээс гадна ахин дараа нь “Пий пий, бүү үзэгд, яа яа” гэх мэтийг чанга хэлэн аяглах нь аальгүй, шалиг дүрийг үзүүлэх Нацагдоржийн найруулга чухам мөн.

7. Хараал үг, уулга үгийн хэрэглээ

Б.Пүрэв-Очир (2014) –д Д.Нацагдоржийн “халдаг балдаг” хэмээх уулгалах үгийн утга зохиолын хэрэглээний талаар хөндөн бичсэн байна. Ер нь Д.Нацагдорж хараалын үг, бүдүүлэг үг, уулга үгийг эсрэг талын баатрын дүрийг онц тод илрүүлэхийн тулд утга зохиолд нэн зоригтой хэрэглэсэн байдаг. Уламжлалт сонгодог бичиг зохиолын хэлэнд ийм үгс тэр бүр тохиогоод байдаггүй тул үүнийг монгол уран зохиол дахь Нацагдоржийн нэг шинэчлэл ч гэж үзэж болохоор. Жишээлбэл “Үзэгдээгүй юм” зохиол дахь нэгэн харгис эмэгтэйн тухай “Алцганан Болдын дэргэд ирж, би үүнийг маргааш ална гэж маузер буугаар чичих нь инээдтэй.

Ийм нэг өлөгчин бас явалцана” гэдэг. “Аальгүйгээс хамаргүй”-гийн дугуйнаас унадаг эмэгтэй “халдаг(а) балдаг(а)” гэж уулга алдаж байгаа нь бас л зоригтой шийдэл юм.

Бидний олсон эх дэх хоёр шалиг хүүхэн ч мөн хараал үгийг хэрэглэн ярилцана. Даруухан бүсгүй болох би баатрыг хараад нэг нь “Харин нэг лалар байна” хэмээх нь Нацагдоржоос өөр зохиолч бол хэрэглэхээс ч эмээмээр үг билээ. Мөн цааш нь “эвлэл намын эрвэгэр… мань муу монди… муу золиг” гэх мэт бүдүүлэг үгсийг эсрэг талын дүрүүд хэрэглэн ярилцах нь Д.Нацагдоржийн найруулга, хэрэглээ мөн юм.

8. Шүлэглэсэн өгүүллийн найруулга

Б.Пүрэв-Очир (2014)-д Д.Нацагдоржийн зарим зохиол хэд хэдэн хувилбартай болсон тухайд “зохиол бүтээлээ туурвихдаа нэг сэдвийг үргэлжилсэн (хүүрнэл) ба шүлэглэсэн (яруу найраг) гэсэн хоёр хэлбэрээр бичдэг” хэмээжээ. Яг үнэндээ бол нэг сэдвийг хоёр өөрөөр бичсэндээ ч биш, ерөөс үргэлжилсэн үгийн зохиол бичихдээ толгой холбох ёсыг дагачихдаг, энэ нь шинэ мөрнөөс л эхлээгүй боловч шүлэгтэй тун ойролцоо юм. Тиймээс, жишээ нь “Хи хи хи” өгүүллэгийг “Гуанзны хүүхэн” шүлэг болгоё гэвээс таслал тавьсан хэсгийг нь шинэ мөрнөөс эхэлчихэд л хангалттай юм. О.Дашбалбар Нацагдоржийн ийм зохиолуудыг “өгүүлсэн шүлэг” хэмээн нэрийджээ. Зөвхөн толгой холбосондоо ч биш, хэмнэл ритм жигд, сондгойруулахгүй эрхэм болгосон, ижил төстэй үгийг ашигласан, үг үеийн тоо тэнцүү байдаг нь өгүүлсэн шүлгийн хэмнэл билээ.

ШХ өгүүллэг бол Нацагдоржийн яг тийм нэгэн найруулга бүхий зохиол аж. Харилцан ярианы хэсэг нь л хар ярианы хэлээр боловч зохиолчийн чухам өөрийн үг санаа дүгнэлт, дүрслэл зэрэг нь толгой холбосон, бичгийн найруулга бүхий, үүний үргэлжилсэн бичлэгийг багаахан засаад шинэ мөрнөөс эхлүүлэн бичвэл доорх мэт:

Зөв харан хялайж

Буруу харан инээж

Мөр мөрөө түшсээр

Мөнөөхөн залууг дагуулсаар

Ший жүжгийн хаалгаар

Шарвалзан орж очив…

Энэ өдөр үүн лүгээ нөхцөн

Маргааш өдөр түүн лүгээ сэртэлзэн

Цаг ямагт янчаан мөнгө бодож

Өдөр ямагт унтаж жаргахыг бодон явагчид

Үг хэлэвч мэдэхгүй

Учир гаргавч танихгүй…

9. Дүгнэлт хэсэг, төгсгөлийн шүлэглэл

“Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн” зохиолын дүгнэлт хэсэг “Хуучин хүү”-гийн дүгнэлттэй найруулга, хэрэглэсэн үг, зохиолчийн харуусах санаа, өнгө аясын илэрхийллээрээ нэн төстэй байгаа нь сонирхол татаж байна. “Хуучин хүү”-гийн байдал, болж буй явдлыг бүгдийг тоочин дүрсэлсний эцэст Нацагдорж “…хөмөрсөн тогооны доторхтой адил хөдөөгийн бүдүүлэг байдалд хүмүүжнэ. Юутай гомдолтой зэрлэг амьдралд, юутай хайрлалтай залуу нас, юунд шинэ ертөнцийг үзэхийг үл хүснэ” гэх мэтээр халаглан өгүүлсэн бол ШХ-д мөн байдлыг тов тодорхой дүрсэлсний эцэст “эдгээр шалиг самуун явдалтай бүсгүйчүүд өнгө мөнгөөр биеэ чимээд эрэгтэйчүүдийг бачлан тонож, өөрсдийн биеэ сургаж боловсруулан, өөрийн амьдарч чадах аж амьдралыг үрж, гэр тэргээ тэтгэн, эр нөхөртөө нөхөр болохыг мэдэхгүй, ямагт энэ өдөр үүн лүгээ нөхцөн, маргааш өдөр түүн лүгээ сэртэлзэн, цаг ямагт янчаан мөнгө бодож, өдөр ямагт унтаж жаргахыг бодон явагчид үг хэлэвч мэдэхгүй, учир гаргавч танихгүй, юутай хөөрхий аж” гэсэн нь нэгэн зохиолчийн хэв маяг аргагүй мөн.

Өөр нэг зүйл бол Д.Нацагдорж үргэлжилсэн үгийн зохиолоо цөөн хэдэн мөр шүлгээр төгсгөдөг бас нэгэн онцлогтой, харьцуулан буй “Хуучин хүү” жишээ нь:

Хөх Монгол улаан Монгол болов.

Хуучин хүү шинэ хүү болов

Юутай завшаан, юутай баяр гэж дуусдаг бол “Эзэрхэг түрэмгийн байлдаан”-д

“Аяа хөрөнгөтөн этгээдийн үүсгэсэн ба

Yүсгэхийг завдан байгаа

Хорт байлдааныг

Хорсон заналтайяа” хэмээх бяцхан шүлгээр өндөрлөдөг. Тэгвэл ШХ нь мөн нэгэн хөөрхөн, бяцхан шүлгээр өндөрлөж буй нь адил, гэхдээ өгүүллэгийнхээ үйл явдалтай бус өгүүллэг хэрхэн бүтсэн талаар өгүүлж буйгаараа ялгаатай буйг эш татваас:

“Ший төгсөв

Би буцав

Бийр хөдлөв

Үлгэр бүтэв”

10. Цаг хугацааны тухайд

“Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн” өгүүлэл буюу зохиолчийн өөрийнх нь нэрийдсэнээр Үлгэрлэл нь “Ажилч эмэгтэй” сэтгүүлийн 1929 оны 11 дугаарт хэвлэгдсэнийг өмнө дурдсан буй (11 дүгээр сарын дугаар нь 12 дугаар сард гарна). Сард нэг удаа гардаг сэтгүүл учраас үүнийг 1929 оны сүүлч буюу 11 дүгээр сар гэж үзэж болно. Нацагдоржийн намтар судлаач нарын (Д.Цэдэв 2006) бичсэнээс үзэхэд тэрбээр 1929 оны хавар Герман улсаас буцаж ирээд Улаанбаатарын Төмрийн заводод орчуулагчаар ажилд оржээ. Энэ үедээ сонин хэвлэлд нийтлэл бичих цаг завтай байсан бололтой. А.Очир, Г.Дашням (2016) Нацагдоржийг 1930 онд “Залуучуудын үнэн” сонинд зургаан нийтлэл Үзэг хэмээх нууц нэрээр бичсэн тухай өгүүлжээ. Энэ бүгд баримт 1929 оны арваннэгдүгээр сарын өгүүлэл Нацагдоржийнх мөн байж болох магадлалтай яв цав нийлж байна.

Мөн “Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн”-д гарч буй сэдэв нь Нацагдоржийн бусад тэр сэдвээр бичсэн өгүүлэл зохиолтой нэн ойр, тухайлбал, “Хи хи хи”, “Аальгүйгээс хамаргүй”, “Гэдэн годон” бүгд 1930 онд бичигдсэн буй нь их зохиолч 1929 оны сүүлээс эхлээд нэг жил орчим тэр сэдвээр туурвисныг нь гэрчилнэ.

Дүгнэлт

Нэг. “Ажилч эмэгтэй” сэтгүүлийн 1929 оны 11 дугаарт хэвлэгдсэн “Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн” үлгэрлэл нь Дашдоржийн Нацагдоржийн нийтлэл болох нь тодорхой байна. Бид стайломеотрийн ухааны аргыг хэрэглэн, тус нийтлэл болон Нацагдоржийн зохиол бүтээл дэх “тэмдэг нэр + янзын” хэмээх бүтэц, “э-, тэ- язгуурт төлөөний үгийн эсрэгцэл”, “юутай + тэмдэг нэр” хэмээх бүтэц, үйлдэлцэх, үйлдэлдэх хэв бүхий хоршоо үг, хоршсон найруулга, өнгө хувцасны эсрэгцлээр дүрийг илтгэх урлаг, аялга, авиа дуурайх үгийн хэрэглээ найруулга, хараал, уулга үгийн хэрэглээ, дүгнэлт болох бичил шүлэг, үргэлжилсэн үгийг шүлэглэн бичих чадвар, нийтлэлийг бичсэн цаг хугацаа гэсэн арван зүйлээр шалган, Дашдоржийн Нацагдоржийн бүтээл мөн хэмээн эргэлзээгүйгээр батлав.

Хоёр. “Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн” нийтлэл нь аальгүй хүүхнүүдийг шүүмжилснээрээ “Хи хи хи”, “Аальгүйгээс хамаргүй” бүтээлүүдтэй нь нэг сэдвийнх, гэвч хэмжээний хувьд хавьгүй том, цаг хугацааны хувьд өмнө бичигдсэнээрээ онцлог юм.

Гурав. “Хи хи хи”, “Аальгүйгээс хамаргүй”-д зөвхөн хөнгөн хийсвэр, аальгүй маягтай эмэгтэйг шүүмжлэн өгүүлсэн байдаг бол “Ламбугайн нулимс”-д бусдын хөрөнгө мөнгийг завшаах шуналт эмэгтэйн тухай өгүүлдэг. Тэгвэл “Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн” нийтлэл нь энэ хоёр сэдвийн аль алиныг хөндөн, нэгтгэснээрээ онцлог юм.

Дөрөв. Энэхүү дүгнэлт хэсэгт Нацагдоржийн өөрийн Үлгэрлэл хэмээн нэрийдсэн бичвэрийг “нийтлэл” хэмээн нэрийдсэн тухайд бол тус бичвэр нь би баатрын дүрээр болсон явдлыг шүүмжлэн өгүүлсэн сонин сэтгүүлийн нийтлэлийн шинжтэйн учир юм. Энд зохиолч Д.Намдаг “Хи хи хи”-г шог өгүүллийн төрөлд оруулсныг буруутган, “нийтлэл” хэмээдэг байсныг цаашид нягтлан судлууштай нь тодорхой байна.

Categories
мэдээ цаг-үе

Уул уурхайн ухаалаг системтэй Австралийн өнөөдөр

Австрали, Монгол хоёр эрдэс баялаг ихтэй, уул уурхайн бүтээгдэхүүн экспортын голлох хэсгийг бүрдүүлдэг, газар нутгийн хэмжээ том, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөгжсөн гэх мэт эдийн засгийн үндсэн үзүүлэлтээрээ ойролцоо. Уул уурхайн томоохон төслүүдээр улсынхаа эдийн засгийн гол ачааг нуруун дээрээ үүрч явдаг ч хөгжлийн хувьд технологи инноваци, тогтвортой хөгжлөөрөө бол хол зайтай. Австрали 1960, 1970-аад оны үед одоогийн Монголынх шиг уул уурхайн салбарт мэдлэг, туршлага, үйлдвэрлэлээрээ “хөгжлийн гарц”-аа олохоор эрэлхийлж алдаж онож ирсэн бол өдгөө уул уурхайн тогтвортой хөгжил, ухаалаг уул уурхайг нэвтрүүлэгч улс орны тоонд зүй ёсоор тооцогдох болжээ. Австрали улсын уул уурхайн салбараа амжилттай хөгжүүлсэн туршлагыг судлах, тэр тусмаа хүний оролцоог багасгасан техник технологийн хурдтай дэвшлээс суралцах нь манай улсын хувьд ач холбогдолтой гэж үздэг.

“The Mongolian Mining Journal” сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллага “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах” хөтөлбөрийг “Оюу толгой” компани, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон тус байгууллагын ЭТИС хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монголын сэтгүүлчид Австрали улсыг зорьж орчин үеийн ухаалаг уул уурхайн хөгжлийг тольдсон юм. Тогтвортой уул уурхайн хөгжилд гол анхаарлаа хандуулдаг Квийнсландын их сургууль бол дэлхийн шилдэг 50 сургуулийн нэгд тооцогддог. Уул уурхайн хөгжилтэй холбоод бичихэд тус их сургууль уул уурхай болон тогтвортой уул уурхайн тал дээр чанартай хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн юм. Тухайлбал, нийгмийн хариуцлага, нийгмийн асуудлууд болон байгаль орчин, аюулгүй байдал, уул уурхайн төлөвлөгөө боловсруулалтыг хэрхэн хийх зэрэг олон хөтөлбөрийг нэрлэж болно. Квийнсландын их сургууль өмнө нь Оюу толгой төсөлтэй хамтран бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжлийг судлах судалгааны төслийг хэрэгжүүлж байжээ.

Газрын баялгаа үнэт зүйл болгож хувиргаж чадаж буй улс орнуудыг тогтвортой уул уурхайг бий болгосон гэж үнэлдэг жишиг дэлхийд бий. Манай улсын өмнө уул уурхайгаас хүртэх үр өгөөжийг дээд түвшинд хүргэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр хөгжүүлэх шаардлага тавигдаж байгаа. Австрали ухаалаг уурхайн системээрээ дэлхийд гэж яригддаг улс. “Уурхайг автоматжуулснаар ажлын бүтээмжийг арав дахин нэмэгдүүлж, экспортыг үлэмж өсгөсөн” гэж Австралийн Күйнсландийн их сургуулийн Тогтвортой эрдэс баялгийн институтийн Виртуал риализэйшн лабораторийн профессор Мехмет Кизил ярьсан юм. Виртуал риализэйшн ашиглан гүний уурхай дотор яг орсон мэт сэтгэгдлийг төрүүлэхүйцээр уурхайн бодит байдлыг оюутны ширээн дээр авчирсан технологийг тус сургууль ашиглаж байна. Ингэснээр суралцагчид ажлын байртайгаа шууд танилцах, дотор нь орсон мэт мэдрэх боломж бүрджээ. Австралийн Мельбурн хотын захад байрлах Бандура судалгаа, инновацийн лабораторид “Рио Тинто”-гийн хайгуул хийж буй уурхайнууд дахь хүдрийн биетийн маш нарийвчилсан судалгаа явагдаж байгаа аж. “Рио тинто”-ийн Өсөлт, инновацийн группт харьяалагддаг Бандура судалгааны төвийн Техникийн хөгжүүлэлт хариуцсан менежер Жейред Осборн ярихдаа “Эрэл хийж буй хүдрийн биетийн бүтэц, хэлбэр, хэмжээгээр зогсохгүй түүнд нуугдах баялгийг ямар аргаар боловсруулах стратегийг хүртэл энэ төвд боловсруулдаг. Сайтар судалж чадвал тухайн хүдрийн биет хэрхэн олборлуулахаа өөрөө заагаад өгчихдөг” хэмээн ярьсан юм. Тус судалгааны төвийнхөн шинээр хүдрийн биет эрж хайгаад зогсохгүй хаагдаж байгаа уурхайнуудын стратеги боловсруулж, хөрөнгө оруулалт хийхээс өмнө олборлох эрсдэлийг багасгах судалгаа хийдэг. Манай улсын өмнийн говьд хэрэгжиж буй “Оюу толгой” төсөл “Рио Тинто” группийн ирээдүйтэй, өсөлттэй төслүүдийн нэгд бичигдэж байна.

“Ирээдүйн уурхай” төслийг арван жилийн өмнөөс хэрэгжүүлсний үр дүнд “Рио Тинто” групп Австралийн Перт хот дахь Пилбарагийн төмрийн хүдрийн уурхайгаа бүрэн автоматжуулжээ. Уул уурхайн салбарт автоматжуулалт хүчээ авснаар хүний оролцоо багасна гэсэн хүлээлт, болгоомжлол байсан ч техник технологийн мэргэжлийн ажлын байр улам эрэлттэй болж, энэ төрлийн ажлын байрны үнэ цэнэ өссөөр байгаа аж. Австрали улс жил ирэх бүр инновацид мөнгө хаяж, анхаарч байна. Тус улсын эрчим хүчний хандлага сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөх болсон. Нүүрс шатааж эрчим хүчээ хангаж ирсэн бол одоо нар, салхины эрчим хүчийг түлхүү ашиглаж байгаа гэнэ. Австрали улс эрчим хүчнийхээ 80 гаруй хувийг нүүрс, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс авч, эрчим хүчний хэрэглээ сэргээгдэх эрчим хүчинд түшиглэх нь тодорхой байна. 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээний 50 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангаж, 2050 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаралтыг тэг болгохоор зорьжээ. Сэргээгдэх эрчим хүч 100 хувь ашиглах зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай түүхий эдээ уул уурхай, эрдэс баялгийн салбараасаа ханган нийлүүлэх гэнэ. Квийнслэнд мужийн хувьд байгалийн болон нүүрсэн дундаас гаргаж авдаг метан гэсэн хоёр төрлийн хий олборлож байна. Австрали улс уул уурхайгаас орж ирдэг орлогоо голлох салбар буюу боловсрол, Хөдөө аж ахуйн салбартаа бас шингээж чаддаг. Мөн мэдлэг боловсрол технологи ноу хаугаа экспортолж байна. Уул уурхайн нөөц дуусах үед цаашдаа яах вэ гэдэг асуултын хариултыг эртнээс тооцоолж байгаа аж. Тухайн газрын баялаг шавхагдахад тэрхүү бүс нутагт ажиллаж амьдардаг хүмүүсийн ажил эрхлэлтийн тоо буурч, бизнесийн боломжууд багасах юм байна. Тэр цагт тогтвортой хөгжилд анхаарлаа хандуулж чадах юм бол уул уурхай хаалгаа барих үед бид цаашдаа яах вэ гэдгийг шийдвэрлэж чадна гэж үздэг. Мөн тухайн бүс нутагт уул уурхайгаас хамааралгүй өөр үйлдвэрлэлийн салбарыг нэвтрүүлснээр эдийн засгийн олон тулгуурыг ашиглана гэж тооцдог. Ийнхүү оновчтой бодлогыг цагт нь хэрэгжүүлсэн учир Австралийн эдийн засаг хурдан хөгжиж байна. Жишээ нь, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарыг амжилттай хөгжүүлэх суурь нь газрын өмчлөлийн асуудал юм. Австрали улс уул уурхайн өгөөжийг улсынхаа эдийн засагт наах төдийгүй иргэн хүн бүртээ хүртээхэд анхаардаг. Нарийн тооцоо судалгаагаа ч гаргаж явдаг. Тухайлбал, Квийнсланд мужийн эдийн засгийн таван доллар, ажлын долоон байр тутмын нэг нь уул уурхайн салбарт оногддог. Уул уурхайгаас хамааралтай ашиг тус хүртдэг 24 мянган бизнес эрхлэгчтэй бөгөөд орон нутгийн байгууллагуудад тусламж дэмжлэг үзүүлдэг 937 байгууллага байна. Энэ бүх ашиг тусыг Квийнсланд мужийн уул уурхай эрхэлж байгаа 0.1 хувийн талбайгаас олж авдаг аж. Австралийн нийт нүүрсний экспортын 57 хувь, харин коксжих нүүрсний экспортын 54 хувийг Квийнсланд муж бүрдүүлдэг аж. Австрали улс металлургийн үйлдвэрлэлээ металлын төрлийн ашигт малтмалынхаа олборлолттой зэрэг хөгжүүлсэн, өнгөт ба хар төмөрлөгийн үйлдвэрүүдтэй. Харин манай улсын хувьд төмрийг хүдрээр нь, зэсийг баяжмалаар нь, алтыг цэвэршүүлэлгүй, нүүрсийг түүхийгээр нь зарсаар л байна. Австрали улс уул уурхайн үйлдвэрлэлээс олсон орлогоо дэд бүтцээ хөгжүүлэхэд зарцуулж хот суурин, далайн боомт, задгай ачилтын талбай, нисэх онгоцны буудал, хувийн болон нийтийн төмөр зам барьж байгуулжээ.

Б.Долзодмаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Аль нь үндэсний шашин бэ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс Баабарын “Аль нь үндэсний шашин бэ”хэмээн өгүүлснийг уншаарай.

УИХ-цын гишүүн М.Оюунчимэг: Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гадны хөрөнгө оруулалтыг хаасан, боосон зүйл байхгүй гэж “Улс төр” нүүрт ярьжээ.

“Улс төр” нүүрт “ Б.Батзориг сайд өөрийн хамаарал бүхий компанидаа ЖДҮ-г дэмжих сангаас 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан уу” хэмээн нийтэлжээ.

Монголбанкны ОНБМТ- ийн ахлах эдийн засагч Н.Батжин: Саарал жагсаалтад багтвал гадаад төлбөр саатаж эхэлнэ гэж “Цаг үе” нүүрт ярив.

“ОХУ-ын хамгийн өндөр, хамгийн бага цалин” хэмээн“Дэлхийн мэдээ” нүүрт өгүүлжээ.

Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарсан Баянзүрх дүүргийн XXI хорооны иргэн, өндөр настан Ц.Балдандорж, түүний гэргий Л.Уранцэцэг: “Уйгагүй хөдөлмөр л сайн сайханд хүргэдэг. Бэрхшээлд бууж өгч болохгүй” хэмээн “Баримт, үзэл бодол” нүүрт ярив.

Монголын урчуудын эвлэлийн ги­ шүүн, зураач Т.Нурмаажав: Сайн бүтээл хийх нь эх орондоо оруулж буй том хөрөнгө оруулалт болно гэж “Уран бүтээлч” нүүрт ярьсан байна.

“Эм Жи Ти Эм Эл” ХХК- ийн гүйцэтгэх захирал Б.Батболд: “Оюунлаг” дунд сургуулийнхан манай эзэмшлийн газарт хууль бусаар хүч түрэн халдсан хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярив.

“Өдрийн сонин”-ны “Баримт, үйл явдал” нүүрт “Намъяанжү хотын соёлын төв”монголчуудын увайгүй үйлдлээс болж татан буугдаж байна уу” хэмээн өгүүлжээ.

“Борлуулалт, түгээлтийн машинууд бараагаа буулгахдаа замын хөдөлгөөний ачааллыг 20- 30 хувиар нэмэгдүүлдэг” гэж “Цаг үе” нүүрт бичсэн байна.

“Дэлхий мэдээ” нүүрт “Албан хаагчдынхаа амь үрэгдсэн шалтгааныг Amnesty International мөрдөж байна” гэжээ.

“Энэ өдөр ” нүүрт “Өвлийн бэлтгэл” хэмээн бичив.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч Дэлхийн хөрөнгө оруулагчдын чуулганд үг хэлэв

Швейцарийн Женев хотноо болж буй Дэлхийн хөрөнгө оруулагчдын чуулган хоер дахь өдрөө үргэлжилж байна.

Чуулганы хоер дахь өдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Global leaders investment summit”-д индрээс үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Улс Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030″ бодлогын баримт бичгийг 2016 онд баталсан. Аж үйлдвэрийн шинэ хувьсгалтай холбоотойгоор хөгжингүй болон хөгжиж буй орнуудын дунд бий болж буй технологийн дэвшлийн ялгаа нь Монгол зэрэг хөгжиж буй, далайд гарцгүй орнуудын хувьд тогтвортой хөгжлийг хангах, Даян дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030-д тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон сорилт болж байгааг онцгойлон дурдахын хүсч байна” гэлээ.

Дэлхийн удирдагчдын хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтыг BBC агентлагийн хөтлөгч Ниша Пилла хөтлөн явуулж, хоер том хөрш орны дунд байдаг Монгол Улс эдийн засаг хөрөнгө оруулалтын талаар асуулт асуув.

Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн орны газарзүйн байрлал нь зарим талаар давуу тал ч болдог гээд сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр дэлхийд эхний аравт багтдаг гээд Азийн супер сүлжээ төслийг хэрэгжүүлэх санаачилга гаргаад түнш орнууддаа санал хүргүүлээд байгаа хэмээлээ.

Categories
мэдээ улс-төр

Фүкүока хотын захирагч Ёшимацү Мотоакиг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Япон Улсын Фүкүока хотын захирагч Ёшимацү Мотоаки бараалхлаа.

УИХ-ын дарга М.Энхболд Япон Улс бол манай гуравдагч хөрш бөгөөд тус улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийг бид чухалчилдаг. 2017 онд миний Японд хийсэн айлчлалын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан. Энэ баримт бичигт аймаг, муж, орон нутгийн хамтын ажиллагааг дэмжих талаар тусгасан билээ. Үүний дагуу Японы баруун өмнөд бүсийн томоохон хот Фүкүокагийнхан манай аймаг, сумуудтай, түүний дотор Төв аймгийн Батсүмбэр сумтай хамтран ажиллахаар шийдвэрлэж, зорилго чиглэлээ тодорхойлсонд баяртай байна гэж уулзалтын эхэнд онцлов.

Ноён Ёшимацү Мотоаки хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, монгол анд нөхөдтэйгээ хөдөө аж ахуй, байгаль хамгааллын зэрэг салбарт хуримтлуулсан туршлага, мэдлэгээ хуваалцах болсондоо баяртай байна гэв.

Тэрбээр манай муж, хотын эдийн засаг 40-өөд жилийн өмнө маш хурдацтай хөгжсөн. Хөгжлийн нөгөө талд хүрээлэн буй орчны бохирдлын асуудал маш хурцаар тавигдсаныг бид амжилттай шийдвэрлэж чадсан юм. Эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй Азийн улс орнууд, түүний дотор Монгол Улсад энэ сорилт тохиож байгааг бид сайн мэдэх учраас хог хаягдлыг боловсруулах, байгаль орчин, агаарын бохирдоос сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж, Монголын ард түмний эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна.

Түүнчлэн газар тариалангийн шилдэг технологи, арга зүйг монголчуудад эзэмшүүлэхийг эрмэлзэж байна. Япон Улс газар нутаг багатай. Бага газраас их ургац авахын тулд маш их хүчин чармайлт гаргасны үр дүнд манай ард түмэн ихээхэн судалгаа шинжилгээ хийж, тэр хэрээр нэн чухал мэдлэг мэдээлэл хуримтлуулсан юм. Тиймээс монгол залуусыг, түүний дотор Төв аймгийн Батсүмбэр сумын тариаланчдыг дадлагажигч ажилтнаар Японд ажиллуулж сургах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн гэж ярилаа.

Уулзалтын үеэр Фүкүока-Төв аймгийн хооронд аялал жуулчлал хөгжүүлж, монгол, япон иргэдийг харилцан зочлуулах асуудлыг хөндөж, энэ чиглэлээр өргөн боломж буйг тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд Фүкүока хотын захиргааны Батсүмбэр сум, Монгол Улстай хамтран ажиллах, мэдлэг туршлагаа хуваалцах санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй гоо сайхны газарт “Filler” тариулсан иргэд эрүүл мэндээрээ хохирчээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт иргэн Н, А нарын ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 15-р хороо 71 байранд байрлах “Diva Beauty Lounge” фэйсбүүк цахим хаягтай “Aurora Beauty Clinic” гэх нэртэй гоёлын гоо заслын газарт шалгалт хийжээ.

Шалгалтын явцад “Aurora Beauty Clinic” нэртэй гоо сайхны газар нь эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, нэг дүүргээс нөгөө дүүрэг дамжин байршил, хаяг, нэршлээ өөрчилж эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байна. Түүнчлэн эмнэлэгийн мэргэжлийн бус гоо сайханч эмчилгээний гоо сайхны тусламж үйлчилгээ болох “Filler”-ийг тарьж иргэдийн эрүүл мэндийг хохироосныг тогтоожээ. Тусламж үйлчилгээнд хэрэглэж байсан бүтээгдэхүүнүүд нь гарал үүсэл нь тодорхойгүй, ихсийн тариа, ботокс , РRP /цуснаас сийвэнг ялган авч арьсанд тарих/ зэрэг эмчилгээ үйлчилгээ хийж байсан нь хэрэглэсэн зүү тариур, цустай хуруу шил, дуслын систем зэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон тул тус газрын үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Иймд ард иргэд та бүхэн олон нийтийн сүлжээгээр зар тавьж, үйлчилгээ үзүүлж буй зарим төрлийн гоо сайхны үйлчилгээг авахдаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.