Categories
мэдээ нийгэм

Усчин аврагчдын сургалт явагдаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас усчин аврагчдыг бэлтгэх, дадлагажуулах, алба хаагчдын бие бялдар, сэтгэлзүйн хөгжлийг дэмжих, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын усан спорт, сургалтын төвд усчин аврагчдын сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтанд нийслэлийн аврах анги 105, гал түймэр унтраах, аврах ангиудын 30 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Усчин аврагчдыг бэлтгэх ахисан шатны сургалт 11 дүгээр сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гурван гишүүний эзэмшдэг компани “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас зээл авчээ

УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс үзвэл УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нь “Дорнод гурил” компанийн 100%-ийн, УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” компанийн 100%-ийн, УИХ, Засгийн газрын гишүүн Я.Содбаатар “Эпато анарваан” компанийн 100%-ийн эзэмшигч болохоо бичсэн байна.

Та бүхэн УИХ-ын гишүүдийн Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй ЭНД дарж дэлгэрэнгүй танилцаж болно.

Тэгвэл дээрх гишүүдийн 100% эзэмшдэг нэр бүхий компаниуд ЖДҮХС-гаас дэмжлэг авсныг ЖДҮХС мэдээлжээ.

Баримт: ЖДҮХС-гаас зээл авсан компаниудын жагсаалт

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэг орчмын авто замыг шинэчиллээ

Нийслэлийн Газрын албанаас Чингэлтэй дүүрэгт шинээр тавигдах хоёр авто замын бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг хийлээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 7 хороо, далан давхрын урд талын авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх шинээр баригдсан 1.2 км авто зам, тус дүүргийн 16 дугаар хороо, 139 дүгээр бага сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн урд авто машины зогсоолын талбайн газрыг тус тус чөлөөллөө.

Эдгээр 2 авто замын бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд нийт 7 нэгж талбарын 2221 м2 газар өртсөн бөгөөд авто замыг шинээр тавих ажлыг бүрэн хийж дуусгаад байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна

Өнөө шөнө Завханы зүүн хэсгээр, маргааш өдөр Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Өнөө шөнө Говь-Алтайн нутаг, Ховдын хойд хэсгээр, маргааш өдөр Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөө шөнө Увс, Завханы нутаг, маргааш өдөр Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай байхыг анхааруулж байна.

2018 оны 10 дугаар сарын 23-ны 20 цагаас 10 дугаар сарын 24-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Маргааш оройдоо ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эхээр 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн. Өдөртөө Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 7-12 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө баруун хойш эргэж зарим газраар секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 10-15 градус дулаан байна.

2018 оны 10 дугаар сарын 25-наас 10 дугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд нутгийн зүүн хагаст, 26, 27, 28–нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд нутгийн зүүн хагаст, 26-28-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 25-нд ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.

Categories
мэдээ улс-төр

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд орон нутагт ажиллалаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд энэ сарын 19-20-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутагт ажиллаж, намрын ургац хураалттай танилцлаа. Уг ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Д.Эрдэнэбат, Д.Мурат, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон тус яамны газар, хэлтсийн удирдлагууд, ОБЕГ-ын холбогдох албан тушаалтнууд, мөн Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Ажлын хэсгийнхэн эхлээд Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагаатай танилцахаар Дархан-Уул аймгийн Хонгор суманд ажиллав. Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний цогцолбор “Монгол мал” үндэсний хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 22,3 га газарт 2013-2018 онд бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэн, цогцолборыг ашиглалтад оруулсан.

Монгол Улс олон улсын жишигт нийцсэн малын генийн санг хамгаалах, үйлдвэрлэх, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах уг цогцолбор ашиглалтад орсноор манай орны эрдэмтэн, судлаачид туршилт-судалгаа хийх, мэргэжлийн зохиомол хээлтүүлгийн техникчид үржүүлгийн бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын дагуу үйлдвэрлэж, мал аж ахуй эрхлэгчдэд нийлүүлэх улмаар малын үүлдэр угсааг сайжруулах, тооноос чанарт шилжих Засгийн газрын бодлого хэрэгжих боломж бүрдэж байна” гэдгийг танилцуулав.
Тус төвийн генийн санд дөрвөн үүлдрийн ямааны 1793 тун, 16 үүлдрийн хонины 25878 тун, найман үүлдрийн бухны 37086 тун, нийт 30 үүлдэр, омгийн 64757 тун малын үр хадгалагдаж, монгол малын удмын санг хамгаалахын зэрэгцээ эдгээр үүлдэр, омгийн үрийг зохиомол хээлтүүлэгт ашиглаж, удам зүйн дэвшил түгээдэг байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагааг урт хугацаанд үр ашигтай байлгахын тулд үйл ажиллагааны төлөвлөлтийг сайн хийж, хууль эрх зүйн хувьд илүү тодорхой, тогтвортой байлгах ёстойг анхаарах шаардлагатай гээд тодорхой саналуудаа яаралтай оруулж ирвэл Байнгын хорооны гишүүний хувьд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Засгийн газар зорилтуудаа маш тодорхой болгосны үр дүнд бодлогын томоохон алхмуудаа зоригтой хийж байгаагийн нэг жишээ бол энэ цогцолбор юм. Дэлхий биднээс шинжлэх ухаанчаар хөгжихийг шаардаж байгаа энэ үед маш хүнд нөхцөлд байгаа малын удам зүй, үүлдэр угсааны асуудал дээр оройтсон ч гэсэн шийдвэр гаргаж, ажил эхэлж байгаа нь сайн хэдий ч хурдтай ажиллаж, хуулийн зохицуулалтаа урт хугацаанд хэрэгжих бодлого болгож хийх ёстой гэж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагааг өргөжүүлж, цогцолбор хэлбэрээр хөгжүүлж байгаа нь дэлхийн жишигт нийцсэн мал үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг мал аж ахуйн эрхлэгчдэд үзүүлэх зорилготойг илэрхийлээд шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлж байхыг Байнгын хорооныгишүүдээс хүслээ.

Ажлын хэсэг Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат суманд ажиллаж, ургац хураалтын явцтай танилцахдаа, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдэв. Тухайлбал, энэ оны 07 дугаарсарын сүүлч, 08 дугаар сарын дунд үе хүртэл үргэлжлэн орсон бороо хур, мөн 09 дүгээр сарын эхэн, дунд үед орсон цаснаас шалтгаалж 80 орчим мянган га талбай эрсдэлд орж, 30 орчим мянган га буудай ногоон тэжээл рүү шилжсэн байна. Үүнтэй холбогдуулаад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Онцгой байдлын Ерөнхий газарт өвс тэжээлийн нөөцдөө ногоон тэжээлийг авах тухай санал хүргүүлжээ. Энэ талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Засгийн газрын 10 дугаар 10-ны өдрийн ээлжит хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс Ерөнхий сайд, Онцгой байдлын ерөнхий газарт хандан тодорхой хэмжээнд ногоон тэжээлд шилжиж буй буудайг улсын нөөцөд худалдан авахыг хүссэн. Тиймээс бид газар дээр нь танилцаж, хяналт, шалгалтын дүн гарсны дараа улсын нөөцөд хэдий хэмжээний ногоон тэжээл, үрийн улаан буудай авах эсэхээ шийднэ гэдгийг хэллээ.

Ажлын хэсгийн гишүүд үргэлжлүүлэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум дахь “Атар трейд” ХХК-ийн ургац хураалт, мөн суманд баригдаж байгаа тариалангийн талбайн хашаажуулалт, “Гацуурт” ХХК-ийн ургац хураалт, эрчимжсэн мал аж ахуй, Зүүнбүрэн сум дахь “Алтан тариа” ХХК-ийн сүүний үхрийн фермийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд орон нутагт ажиллаж танилцсан болон энэ салбарт тулгамдаж байгаа хууль эрх зүйн асуудлыг шийдвэрлэх талаар ХХААХҮЯ-тай хамтран тусгай төлөвлөгөө боловсруулж, Байнгын хороонд танилцуулахаар болов.

Categories
мэдээ нийгэм

Кубын Олон улсын худалдааны яармагт гадаадын 60 гаруй компани оролцоно

10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 2-ны хооронд зохион байгуулах “Хавана Олон улсын худалдааны яармаг-2018”-д гадаадын 60 гаруй компани оролцоно гэж Кубын засгийн газраас мягмар гарагт мэдээлэв.

Кубын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын сайд Родриго Мальмьерагийн мэдээлснээр, өндөр дээд түвшний 20 гаруй төлөөлөгч, худалдааны 30 танхим болон гадаадын 2500 гаруй төлөөлөгч энэ удаагийн худалдааны үзэсгэлэн яармагт оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа аж.

Мөн АНУ-аас өмнөх удаагийн үзэсгэлэнд оролцсонтой адил тооны буюу 16 компани оролцох бөгөөд тэдгээрийн дунд шинээр байгуулагдсан АНУ-Кубын Биотехнологийн хамтарсан үйлдвэр болон Кубын хөгжлийн онцгой бүсэд үйл ажиллагаа явуулдаг, хавдрын эсрэг эмчилгээний вакцины үйлдвэрлэл явуулдаг компаниуд багтаж байгаа юм. Энэхүү арга хэмжээний үеэр Орос-Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын бизнесийн чуулга уулзалт болох ажээ. Олон улсын компаниудаас гадна энэ жилийн худалдааны арга хэмжээнд дотоодын компаниуд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох төлөвтэй байгаа тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгсүүд мэдээлж байгаа юм.

“Кубын 350 гаруй компани яармагийн 5000 метр хавтгай дөрвөлжин метр талбайг урьдчилан захиалаад байна” гэж тус улсын Худалдааны танхимын ерөнхийлөгч Орландо Хернандез мэдээлсэн байна. Хавана Олон улсын худалдааны яармаг нь Кубад зохион байгуулдаг бизнесийн чиглэлийн чуулга уулзалтуудын дундаас хамгийн чухал арга хэмжээнд тооцогддог юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аль нь үндэсний шашин бэ?

БААБАР ИНГЭЖ ХЭЛЭВ


ХҮМҮҮС ЯАГААД ШАШИН ШҮТДЭГ ВЭ?

“Шашин гэж юу вэ?” гэсэн бүхнээр хүлээн зөвшөөрөгдсөн нэгдсэн тодорхойлолт үгүй. Олон хүний хувьд шашин нь итгэл үнэмшлийн зохион байгуулалттай систем, зан үйл. Өөр олон хүний хувьд шашин бол бурханлаг дээд ойлголт. Гэтэл зарим нь шашин гэдэгт тодорхой бурхан тодорхой үнэмшлийг оруулж тооцдоггүй. Цаанаасаа зохион байгуулагдсан системийг биш, зөвхөн өөрийнхөө хувийн итгэл үнэмшил, амьдрах арга, ертөнцийг үзэх үзлээ шашин гэж ч олон хүн ойлгодог. Гэхдээ нэг нийтлэг юм байна: Шашинд итгэж байгаа бараг бүх хүн үүнийгээ өөрт нь нөлөөлдөг ямар нэг хүч цаана нь байна гэж итгэдэг.

Ангилж үзэх юм бол хүний түүхэнд мянгаар тоологдох янзын шашин оршсоор иржээ. Антропологичид болон шашны түүх судлаачдын тогтоосноор 60 мянган жилийн өмнөөс шашны анхны хэлбэр үүссэн бололтой. Төсөөлөн бодох чадваргүй хомо эротикус (уг нь анх гал олсон), хомо нэндэртал (уг нь анх хувцаслаж эхэлсэн) зэрэг орчин үеийн хүний өвөгт шашны тухай ойлголт байсангүй. Хомо сапенс гэгдэх орчин үеийн хүн төсөөлөх чадвараараа тэднийг давсан. Ингэхээр шашин бол хүний төсөөлөх чадвараас үүсэлтэй ажгуу.

ӨНӨӨГИЙН ШАШИНУУД

Орчин үеийн ертөнцөд найман гол шашин оршиж байгаа нь: Буддизм, Христос, Лал, Күнз, Хинду, Иудай, Шинто, Дао буюу монголоор Бумба. Эндээс Бумба, Шинто, Хиндуизм гурав нь үргэлжлэн хөгжсөөр сургаалаа буй болгосон бол бусад тав нь нэр бүхий үүсгэгчтэй, түүнийхээ сургаалд тулгуурладаг: Буддизм нь Шагжиймунын Будда, Христос нь аврагч Есүс, Лал нь зөнч Мохамэд, Күнз нь Күнз багш, Иудай нь Мойсэс.

Дээд хүчний талаар философийн гурван гол үзэл бий. Дээд хүч гэж огтоос байхгүй гэж үздэгийг атейзм, байгаа гэж үздэгийг нь тейзм, байгаа байхгүйг нь тодорхойлох аргагүй гэж үздэгийг нь агностик гэнэ. Ихэнх шашин дээд хүчинд итгэдэг, гэхдээ жишээ нь Күнзийн сургаал үүнийг үгүйсгэдэг учир атейст шашин болж таарч байна. Олон шинжээрээ шашны агуулгатай болсон ортодокс марксизм ч гэсэн атейст шашин гэж нэрлэгдэж болмоор.

Ихэнх шашин номлолоо даган өөрийн иргэншил үүсгэсэн. Өрнийн иргэншлийн суурь нь загалмайн шашин бол Энэтхэгийн иргэшлийнх хинду, Лалын иргэншлийх лалын шашин, Хятадын иргэншлийнх Күнз, Лаоцы нарын сургаал. Зарим шашин зөвхөн тухайн үндэстэнд зориулагдсан. Жишээ нь хинду нь энэтхэг хүмүүст, иудай нь зөвхөн жүүд үндэстэнд хамаатай. Шинто ч ердөө л япончуудынх. Харин лал, христос зэрэг нь нийт хүн төрөлхтөнд хамаатай гэж сургадаг. Гагцхүү буддизм бол соёл болохоос иргэншил биш гэж судлаачид үздэг. Буддизм бүх соёл болон иргэншилд нэвтрэн нөлөөлж холилдох чадвартай ч өөрөө бие даасан иргэншил үүсгэж чадаагүй, ерөөс сургаалынхаа мөн чанараар тусгай иргэншил болох бололцоогүй юм.

Шашинууд хоорондоо бүлэг бүлгээрээ гарал үүслийн хувьд ах дүүгийн холбоотой. Иудай, Христос, Лал гурав нь нэг эхээс үүдэлтэй, үндсэн нэг уг зарчимтай ах дүү шашин. Бүтээгч нэг л бурхан байдаг, тэр нь дэлхий рүү үе үе элчээ илгээдэг гэж тэд үздэг. Үүнийг монотейзм буюу ганц бурхант зарчим гэнэ. Нэг л Бурхан байдгийг Библид бичсэнээр эртний жүүд нар Яахва гэж нэрлэдэг байж, араб хэлэнд энэ нь Аллах гэсэн нэршилтэй. Христос шүтлэгт орнуудад үүнийг өөр өөрийн хэлээр Гот, Гад, Бог гэх мэтээр нэрлэжээ. Олон бурхад байдаг гэсэн үзлийг политейзм гэнэ. Эртний Герег, Ромд худалдаа, дайн, хайр гээд өөр өөрийн хариуцсан салбартай мэргэшсэн бурхадын тухай домог их бий. Эдний дарга нь Зевс. Энэтхэгчүүдийн итгэл үнэмшлээр Брахман даргатай бас л олон бурхан байдаг аж. Сонирхолтой нь нэг эх сурвалжтай ах дүү шашинууд түүхийн явцад хоорондоо илүүтэй дайсагналцаж байв.

Дэндүү хатуу чанга дэглэмтэй арабын зарим орныг эс тооцвол өнөөгийн ертөнц шашин болгоныг өөртөө багтааж, шашин болгонд хүлцэлтэй ханддаг болжээ. Лондон, Улаанбаатар, Дели, Исламабад, Ерусалэм, Ром алинд нь ч лалын хиндусын, христосын, буддын, иудайн сүм хийд биендээ дайсагналцалгүй зэрэгцэн оршиж байна. Шашны үл тэвчил өөрийн түүхэн бүдүүлэг үеэ хэдийнэ өнгөрөөжээ. Чингисийн монголчууд магадгүй анхны шашны хүлцэлтэй гүрэн байсан байх. Тэнд айлчлаад ирсэн Марко Поло олонд дуулдаагүй элдэв сонин ярьсанд европчууд итгэж эхэлсэн боловч Хархоринд лалын болон христосын сүмүүд биендээ огт муу юм санахгүй зэрэгцэн оршдог тухай яриадахсан чинь “мянган худалч” хоч зүүсэн байдаг. Түүнээс өмнө Монголд ирсэн Рүбрүк буддын, лалын, христосын шашинтнууд зэрэгцэж суугаад хорвоогийн мөн чанарын тухай ном хаялцан маргаж байсан тухай бичиж үлдээжээ. Тэр байтугай Мөнх хаан лалынхнаас христосыг өмөөрч байсныг тэмдэглэсэн байна.

АНИМИЗМ

Эртний хүмүүс шашинд онцгой ач холбогдол өгдөг байжээ. Шашны ямар нэг зан үйл, тахилга үйлдэх нь цаашид оршин тогтнох, ялангуяа хоол унд олдох үндсэн шалгуур гэж ойлгодог байв. Британы антропологич Тайлорын онолоор ертөнцийг үхсэн хүмүүсийн сүнс захирч байдаг гэж эртний хүмүүс ойлгодог байжээ. Иймээс тэднийг аргадах тайвшруулахын тулд элдэв тахилга үйлдэх болж. Германы хэл шинжээч Мюллэрийнхээр эртний хүмүүс аяндаа өөрт нь нөлөөлж буй далдын хүчнийг муу тэнгэр, сайн тэнгэр гэх мэтээр хувааж эхэлсэн аж. Ингээд сайныг нь хөхиүлэх, мууг нь зайлуулах есөн шидийн ритуал ёслол бодож олсон гэнэ. Энэ нь бурханы тухай анхдагч ойлголт байжээ. Орчин үеийн шашинд автаагүй, соёлын доод түвшинд яваа бүдүүлэг овог омгуудад энэ байдал өнөө болтол байсаар байгаа. Туйлын, Сибирийн, Канад, Аляскийн, эсвэл Бразилын шугуйн, Африкийн ширэнгэ дахь, Далайн орнууд болон Шинэ Зеланд, Папуа Гвиней, Австралийн бөглүү гээд олон газарт буй овог отгуудад энэ ойлголт болон хэмжээ агуулагдсаар байгааг харж болно.

Анимизм буюу сүнс шүтэх үзэл гэсэн санаатай нэршил бий. Дээрх бөөгийн мухар сүсгийг ингэж нэрлэдэг. Шаманизм нь үүний нэг хэлбэр. Шаман гэдэг нь зайран, удган гэсэн эвенктунгус үг бололтой. Ингэхээр шаманизм гэдэг нэршил Сибирь болон түүний ойр орчим дахь хүйтэн газрын бөө мөргөлийг нэрлэдэг.

НҮҮДЭЛЧДИЙН ДУНД НЭВТЭРСЭН ШҮТЛЭГҮҮД

Монголчууд бүр эхнээсээ л бөө мөргөлтэй байсан. Түрэг угсаатны эзэмшил өнөөгийн Монгол нутагт монгол угсаатан нэлээд хожим Сибирийн тайгаас орж ирсэн байж магадгүй. Тал гэдэг бол хөвчтэй харьцуулахад соёлын илүү дэвшилд хүрэх бололцоо юм. Өнөөгийн Монгол нутагт үе үеийн турш төр улсаа төвхнүүлж байсан түрэг, монгол, хамниган овгийн улсын тал хээрт олон шашны урсгал орж ирж байжээ.

Мани. Уйгарууд бол онгон тэнгэрийг шүтэгч бөө мөргөлөөс татгалзаж соёлт ертөнцийн шашинд орсон анхны нүүдэлчид юм. Ер нь Хүннү гүрнээс эхлээд Монголын байлдан дагуулалтыг дуусталх хугацаанд Төв Ази нь дэлхийн улс төрийн хамгийн чухал цэгийн нэг байсны хувьд хоёр мянган жилийн турш янз бүрийн шашны үзэл суртал энд урсан орж ирж суурьших оролдлого хийж байлаа. Нүүдэлчид бүх түүхийнхээ турш аль ч шашинд хүлцэнгүй ханддаг онцлогтой байв. Харин уйгараас өмнөх ямар ч нүүдэлчид өөрсдийн онгон тэнгэрийн шүтлэгээ орхиж байсангүй. Гэтэл өөрийн тэрс суртлаас болж персийн зароастр болон лал, загалмайн аль аль шашинд хавчигдан тэнүүчилж явсан мани шашин өргөмжлөн дээдлэгчээ Төв Азийн элгэн дээрээс олсон билээ.

Манихаизм нүүдэлчдийн дунд нэвтэрснээр уугуул бөөгийн мөргөлийн ёс заншил, бэлгэ тэмдэг, ёслолд ихээхэн өөрчлөлт оруулжээ. Гал тахих зароатустрын ёслол энэ үеэс нүүдэлчдийн бөөгийн ёсны салшгүй нэг хэсэг болсон юм. Тэдний оруулж ирсэн овоо тахих ёсыг хожим буддизм болон марксизм янз бүрээр хорьж байсан боловч XXI зуунд ч гэсэн амь бөхтэй үргэлжилсээр байна.

Манай эриний II зууны үед Вавилоны Ктэсифон хот шашны чөлөөт бүс байсан тул зароастризмаас гадна загалмайн, лалын, иудайн шашин, митраизм, гностицизм, тэр байтугай буддизм чөлөөтэй байж. Мани энэ болгоныг сайтар хольж өөрийн сургаалыг буй болгосон аж. Уг сурвалж нь Библи сударт тулгуурласан загалмайн шашны үндэстэй боловч аяндаа зороастризм болон буддизмын нөлөөгөөр өөрийн гэх номлолтой болон төлөвшиж, номлогчид нь Армян, Хойд Энэтхэг, Иранаар тэнүүчлэн сургаалаа сурталчилжээ. Манигийн онолоор энэ ертөнц нь гэгээ гэрэлтэй олон сайн Тэнгэр, мөнхөд харанхуй олон муу Тэнгэртэй тулалдан байлдаж байдаг аж.

Манийн сургаал Согд болон Дорнод Түрэгстанд өргөн тархсан байсны нөлөөгөөр уйгарын Бэхю хаан 762 онд төрийн шашнаа болгон тунхагласан юм. 840 онд хиргис нар хүчирхэгжин уйгаруудыг нам цохиж өнөөгийн Монгол нутагт өөрийн төрийг байгуулав. Харин тэд мани шашныг уйгаруудаас шууд өвлөн авлаа.[i] Дараахан нь Төв Азийн бөө мөргөлт бүхий л үндэстнүүдэд нөлөөлөн уугуул бөөтэй нь холилдон эх сургаалаасаа ихээхэн өөрчлөгдөн шингэжээ. Төв Азийн бөө мөргөлийг тэнгэризм гэх ба энэ нь Сибирийн шаманизм-аас нэлээд ялгаатай. Магадгүй, тэнгэризм нь манихаизмын нөлөөгөөр өнөөгийн хэлбэрээ олсон байж болох.

Христос. Манийн сургаалын дараа Төв Азийн нүүдэлчид рүү орж ирсэн нэг том шашин бол загалмайн шашны нэсторын урсгал юм. V зууны үед Александрын патриарх гэгээн Кирилл, Константинополийн патриарх Нэсторий нарын хооронд Есүс бурхан байсан уу, бурхан-хүн байсан уу гэсэн онолын том маргаан дэгджээ. Сүэцээс баруун тал нь Кириллийг дэмжиж байхад, Сүэцээс зүүн тал нь Есүсийн бурханлаг ба хүнлэг тал нь холилдож байсан гэсэн Нэсторийн үзлийг баримталж байв. Эцэст нь 431 онд шуугиант хурал-шүүх болж Нэсторын талынхан ялагдсан боловч тэд нэг шинэ урсгал бий болгосон нь Сири бoлон Дорнын орнуудад олон зуун жил амжилт олжээ.[ii] Нэсторын загалмайн шашин түгээгчид Дорнын орнуудаар сургаалаа түгээж явсны дотор Төв Азид нэлээд сайн дэлгэрүүлж, хэдэн зуун жил том нөлөөтэй байж чадаж байлаа. Загалмайн шашинтнуудыг буруу номтноос өмгөөлөн хамгаалах гэгээнтэн хаан Прэстр Ионны домгийг анхлан Төв Азид орж ирсэн нэсторын шашинтнууд зохиожээ.[iii] Хожим доминикан, францисканы шашин дэлгэрүүлэгч нар Төв Азид олон удаа ирж байсан авч аль нь ч нэсторын урсгалаас дээр гарч чадаагүй.

Монгол болон бусад түрэг, хамниган овогтнууд ч сургаалт шашныг авахын зэрэгцээ өөрийн бөө мөргөлтэй ихээхэн “эрлийзжүүлж” байв. Христ санваартан Рүбрүк Монголд ирчихээд загалмайн шашныг хэрхэн дампууруулж танигдахгүй болгож байгааг хараад гасалж байв. Тэрээр тэмдэглэхдээ Монголын христ санваартнууд олон эхнэр авдаг, архи их уудаг, загалмайд тэлэгдсэн Христийн дүрсийг авч хаячихаад дан загалмайгаар аравнайлдаг гэж шүүмжилж байв.[iv] Бөө маягийн загалмайтан, бөө маягийн лал мөргөлтөн, бөө маягийн буддист Монголын талаар нэг байв. Чингисийн өмнөхөн Монголын хамгийн том хоёр аймаг Хэрэйд, Найман христос мөргөлтөн байжээ. Чингис хааны бүх бэр христосын шашинтай байсан нь сонин. Ач хүү Гүюг христос шүтэгч байсан бололтой. Дөрвөн их хааны эх Соргагтани христ шүтдэг байсан тул бараг ХХ зуун хүртэл олон сүмд Мари дарь эхийн орыг эзэлж байв. Бат хааны дараа хаан ширээний төлөө тэмцэлдсэн нь Батын дүү лал мөргөлт Бэрх, Батын ууган хүү христ шашинт Сартаг нар байлаа. Тэмцэлд хэрэв Сартаг ялсан бол Алтан Орд гүрэн хриcт шашинтай байх байсан.

Чингис хааны дараагаас монголчууд дэлхийг эзлэн олон соёл иргэншилтэй танилцахын хэрээр өөр шашинд орох буюу талтай болон автаж байлаа. Зүч болон Цагаадайн удмынхан лалын шашинтан болсон бол Хубилайн удмынхан күнз, бумба, буддын шашин тийш хэлбийжээ. Хубилай Хятадын Юань династийн хаан болоод хятадын гол гурван шашин күнз, бумба, буддын төдийгүй мөн христос, иудай, лалын шашны баярыг албан ёсоор тэмдэглэдэг байсан байна.

Бумба. Хувь хүний мөн чанарын шинж агуулсан бумбын шашин ямар нэг хэмжээгээр нүүдэлчдэд нэвтрэн оюун санаанд нь нөлөөлж байсныг үгүйсгэх аргагүй. Чингис хаан бумбын сартваахи Чан Чунтай уулзсанаар Бумбын тал руу нэлээд хэлбийжээ. Бумбынхан үүнийг ашиглан гол өрсөлдөгч буддынхныг нэлээд гадуурхан шоглосон баримт бий. Иймээс “Бурхангүй газрын Бумба галзуурна” гэсэн үг гарсан бололтой. Гэтэл нийгмийн шинж мөн чанартай күнзийн сургаал суурин соёл үл мэдэх буюу үл хүндэтгэх тархай бутархай нүүдэлчдийн нийгмийн оюун санаанд хэзээ ч нэвтэрч байсангүй.

Буддизм. Буддын шашин VIII зууны үеэс Төв Азийн нүүдэлчид рүү буддын нэг урсгал маягаар нэвтэрч байв. Нүүдэлчид ч, тухайлбал хар хятан нар Дундад Азид буддизмыг тараах, дэлгэрүүлэх хүчин болж байсан юм. Хархорумын балгасыг ухсан судалгааны дүнгээс үзэхэд тухайн үед монголчуудад орж ирсэн буддизм Пакистан, Афганистан хавиас эхтэй байв. Тэр үед Пакистан-Афганистаныг дамнасан Ли улсад буддизм цэцэглэж байжээ.

Дашрамд дурдахад, иргэншлүүдийг илтгэх хамгийн энгийн шинж тэмдэг бол шашин билээ. Томxон шашнууд нь Кристофэр Давсоны ажигласнаар, “бодит утгаараа их иргэншлүүдийн тулгуур үндэс болдог”. Вэберийн нэрлэсэн “дэлхийн хэмжээний” таван шашнаас Христос, Лал, Хиндүизм, Конфуцианизм гэсэн дөрөв нь их иргэншлүүдтэй холбоотой бөгөөд харин тав дахь буюу буддизмын хувьд хамаарах томхон иргэншил байхгүй гэж үздэг.

Учир нь, лал болон христосын шашны нэгэн адил буддизм нь бүр эрт цагт хоёр урсгалд хуваагдсан, мөн христосын шашны нэгэн адилаар үүссэн уугуул тэр нутагтаа шалгарч үлдэж чадаагүй. МЭий I зууны үеэс Махаяана буддизм эхлээд Хятад руу, дараа нь Солонгос, Вьетнам, Япон руу экспортлогдон гарсан. Эдгээр нийгэмд буддизмыг янз бүрээр хүлээж авсан бөгөөд уугуул соёлын хүрээнд уусч (тухайлбал, Хятадад күнз ба бумба), элдвээр дарамтлагдсан. Эдгээр оронд буддизмыг соёлынхоо чухал хэсэг гэж үздэг ч нийгэм нь бүхэлдээ түүнийг буддист иргэншил гэж үздэггүй. Харин Тэрэвада буддист иргэншил нь Шри Ланка, Бирм, Тайланд, Лаос, Камбожид дэлгэрсэн байх бөгөөд Махаяана буддизмын ламаист шарын шашны чиглэлийг Төвд, Монгол, Бутаны хүн ам шүтэж иржээ. Энэ утгаар эдгээр улсад буддын шашны хоёр дахь орон зай бий. Ингэж Энэтхэгт бараг устаж, зарим талаар Хятад, Японы иргэншилд ууссан буддизм нь хэдийгээр дэлхийн том шашны нэг боловч эдүгээ их иргэншлийн үндэс болж чадсангүй. Буддизмын тэравада хэмээх урсгал нүүдэлчдэд анх өнөөгийн Афганистанаас орж иржээ. Шагжимуна Буддагаас хэдэн зуун жилийн дараа Их хөлгөн буюу Махаяана урсгал буй болж уугуул буддистууд тэравадаг Бага хөлгөн буюу Хинаяана хэмээн басамжлан нэрлэх болсон аж.

Мөн үед Персээс гаралтай манахэйн шашин орж ирж нэлээд хүчтэй нөлөө үзүүлж байв. IX зууны үед христосын шашин орж ирлээ. Тодорхой системтэй, сургаалтай, тайлбартай, моралтай, шалгууртай, үндэстэн дамнасан шинжтэй эдгээр шашнууд нь далдын хүчинд итгэн дулдуйдсан, ердийн мухар сүжиг болсон бүдүүлэг бөө мөргөлд амархан цохилт өгч байв. Гэвч ямар ч сургаалт шашин бүдүүлэг овог отог руу нэвтрэхэд удаан хугацаа шаарддагаас гадна нутгийн уламжлалт аминист шашинтай зөрчилддөг мөртлөө бас холилддог. Христосын шашин орж ирэхээс өмнө герман, слав үндэстний шүтдэг байсан бөө мөргөлийн олон элемент өнөө хүртэл европчуудын дунд цөөнгүй бий.

Төвдийн буддизм. Төвдийн түүх бол бараг л төвд шашны түүх юм. Умард Энэтхэгт амьдарч байсан Буддагийн номлосон сургаал нүүдэлчин маягийн амьдралтай, иргэншлийн хувьд туйлын хоцрогдонгуй, ертөнцийн хамгийн өндөрлөгт сийрэг суудаг хөрш зэргэлдээ төвдүүдэд хэтэрхий хүнд хэцүү сургаал байсан болов уу. Төвдүүд эрт дээр үеэс өөрийгөө мичнээс гаралтай гэж тооцож байсан нь монголчуудын өөрсдийгөө чононоос үүсэлтэй гэж үздэгтэй утга нэг хэрэг.

Төвдийн буддизмын анхны урсгалыг нямапа гэх ба энэхүү “эртний сургаал” нь буддизмыг сүйтгэсэн Ландарма хааны (МЭ 836842) үе хүртэл ноёлж байв. Буддизм орж ирэхээс өмнө Төвдийн уугуул шашныг бон хэмээдэг ба энэ нь анимизмын нэг төрөл юм. Мэдээж хэрэг буддизм орж ирснээр хуучин шашин нь байраа тавьж өгөхгүй гэж урт удаан сөргөлдөөн болжээ. Түүхийн явцад энэ хоёр тэс өөр шашин сонин байдлаар зохицлоо олсон аж. Бон мөргөл нь Төвдийн буддизм дахь туйлын элбэг үзэгдэл болох олон урсгалын нэг нь юм шиг болтлоо ижилсжээ. Нөгөө талаас буддын сургаал нь бон шашинтай удтал тэмцэлдсэн боловч олон элемент, үзлийг дийлэлгүй бууж өгч өөртөө шингээн болхижсон юм. Чухам яг ийм үзэгдэл Төвдийн шашин Монголд орж ирэх үед тохиолдож, Монголын уугуул бөөгийн шашны олон элементтэй зохицохоос өөр аргагүйд хүрсэн юм.

1042 онд Энэтхэгээс Атиша гэгч бандид ирсэн ба үүнээс хойш төвдүүдийн амьдрал буддизмтэй салшгүй холбоотой боллоо.

Дахь туйлын элбэг үзэгдэл болох олон урсгалын нэг нь юм шиг болтлоо ижилсжээ. Нөгөө талаас буддын сургаал нь бон шашинтай удтал тэмцэлдсэн боловч олон элемент, үзлийг дийлэлгүй бууж өгч өөртөө шингээн болхижсон юм. Чухам яг ийм үзэгдэл Төвдийн шашин Монголд орж ирэх үед тохиолдож, Монголын уугуул бөөгийн шашны олон элементтэй зохицохоос өөр аргагүйд хүрсэн юм.

1042 онд Энэтхэгээс Атиша гэгч бандид ирсэн ба үүнээс хойш төвдүүдийн амьдрал буддизмтэй салшгүй холбоотой боллоо.

Янз бүрийн лам, банди нар сүм байгуулан өөрийн урсгал номлолыг айлтгах болов. Атишагийн сургаалыг кадмапа гэх аж. Төвдийн лам Гончигжалбуу 1073 онд сажапа-гийн сүм байгууллаа.

Урсгал хоорондын хүчтэй өрсөлдөөн удтал үргэлжилсэн ба ингэж байтал монголчуудын эрин үе эхлэв. Гүюг хааны хүү Годон бол төвдийн буддизмыг Монголд урин залсан анхны хүн юм. Аугаа их эзэнт улс байгуулсан монголчууд энэ үед нэгдсэн төрийг барьж тогтооход туслах ямар нэг иргэншиж соёлжсон шашныг эрж хайж байлаа. Чингис хаан үхэхийнхээ өмнө бумбын шашинд тал өгч байсан бол Гүюг загалмайн шашныг илүүтэй эрхэмлэх жишээтэй. Годон болон дараагийн зарим удирдагчдад төр, шашин хоёрыг хослон барилдуулах тухай Төвдийн буддын сургаал ихэд шохоорхогдсон бололтой. Өөрөөр хэлбэл, нэгдсэн төрийг нэгдсэн шашнаар барина гэсэн үг. Төвдийн хоорондоо өрсөлдөгч шашны урсгал ч энэ бололцоог гярхайгаар харж, Монголын хүчирхэг эздээр дэмжүүлэх гэж уралдацгааж байв. Гармапа урсгалынхан Мөнх хааны үед үнэлэгдэж байв. Тэд эзэнт гүрний нийслэлд ирж лал, загалмайтан, бумбынхантай хөршлөн сүм хийдээ байгуулж байлаа.

Чингисийн ач хүү Годон Төвдөд анхлан 1240 онд халджээ. Тангадад ямар эмгэнэлт явдал болсныг сайн мэдэх Төвдийн ихэс хүлцэнгүй байв. Годон нэгэн сүмийн талахдаа 500 лам алсан гэдэг[v]. Тэр явцдаа Сажаа Бандит хэмээх шидтэй хуврагийн тухай сонсч, улмаар буддизмын тухай сонирхов.

Хубилай их хаан болсныхоо дараа Годонгоос Пагва ламыг асуусан байна. Таван жилийн дараа 23 настай Пагва лам их хааны өргөөнд уригдан очлоо.

Хубилай хаан бол нүүдэлчдийн дундаас төрсөн хамгийн боловсролтой хүний нэг. Төр, шашныг хослох төвдийн буддизмын сургаал нь прагматик шинжтэй учир Эзэн хааны сонголт түүн дээр туссан. 1260 онд тэрээр Сажапагийн тэргүүн Пагва ламыг урин залж улмаар энэ шашныг нийт гүрний гол шашин мөргөл болгохоор шийдсэнээ Сувдан зарлиг-таа тунхаглажээ. Гэвч төвдийн шашин Бээжингийн монголчуудаас цааш төдийлөн ахиагүй. Юань династи унасны дараа монголчуудын буддизмын намтар ч тэгсхийгээд унтарч, сажапагийнхны ч үнэмлэхүй ноёрхол мөхөж. Төвдөд урсгал хоорондын зөрчил дээд цэгтээ хүрч самуун удтал үргэлжлэв.

Шарын шашин. Чухам энэ үед Төвдийн шашны аугаа реформч Зонхов Хөх нуурын хавьцаа төрлөө. Тэрээр хинаяна судрын махаяма буюу тарнийн ёсыг зэрэгцүүлэн баримталж эдний хоорондох зөрчлийг зөөлрүүлэв. Шид увдисаар бурхан болно гэсэн тарнийн ёсыг шүүмжилж, лам хувраг эхлээд сахил санваар, ёс суртахууны хэм хэмжээг хатуу мөрдөн дагаж бусдыг аврах буян хийсний дараа зөв бясалгал үйлдсэний үндсэн дээр бурхан болох хэрэгтэй гэж сургах аж.

Зонхов ийнхүү сонгомол цөөнх буюу зөвхөн лам хувраг нар л бурхан болох тухай, зөвхөн тэдний хүртээл хэрэглүүр болсон урсгалыг шүүмжлэн зөв бясалгал, зөв буян хураавал доод, дээд төрөлтөн хэн ч бурхан болох тухай сургаснаар нийт ард олонд нэн таашаагдсан шинэ урсгал буй болголоо. Тэрээр өөрийн номлолыг нэгтгэн Бодь мөрийн зэрэг хэмээх алдарт бүтээлээ туурвисан юм.[vi]

Гэвч Зонховын шинэтгэл нь агуулгын гэхээсээ гадаад өнгө, хэв маяг, дэг жаягийн талыг илүүтэй хамарчээ. Зонхов Өмнөд Төвдөд нэгэн агуйд шар малгай өмсөн удтал даяанчлан суусан тул түүний буй болгосон шашны урсгалыг шар малгайтны салбар буюу гэлэгпа гэх болсон ба явсаар монголоор товчлогдон шарын шашин гэж нэрлэгдэх болжээ.

Хэдийгээр Зонховын сургаал нь ард олонд ихэд таашаагдсан боловч хуучин урсгалынхны хүчтэй эсэргүүцлээс болоод Төвдөд ноёлж чадахгүй нэлээд хугацааг элээжээ. Өөрөөр хэлбэл Төвдөд ноёлоход нь шарынханд үзэл суртал, ёс суртахууны номлол нь хангалттай биш аж. Цэрэг зэвсэг, хүч чадлын тусламж зайлшгүй хэрэгтэй нь харагдав. Төвдүүдэд ийм цагт нь монголчууд тусалж чадна. Төвдөд шашин урсгал урсгалаараа хангалттай бий. Харин монголчуудад хүч чадал бий.

Гэлэгпагийнхан эхэндээ зөвхөн Далай ламын дараагийн дүрийг тодруулж байсан бол удалгүй энэ нь хавтгайрсан үзэгдэл болж бараг хийд болгоны удирдагчийн сүнс үхсэнийхээ дараа аль нэг хүүхдийн биед очиж шингэх болжээ.

Түмэдийн Алтан хан 1578 онд Төвдийн шарын шашны тэргүүн Содномжамцыг нутагтаа заллаа. Содномжамцыг ийнхүү Хөх нуурт айлчлахад нь Алтан хан түүнд Далай лам гэсэн цол шагнажээ.[vii]

Бөө мөргөлтэй хатуу тэмцсэн шашин бол ХVII зууны үесд Монголд нэвтэрсэн шарын шашин юм. Монголд шарын шашныг анх залсан гэдэг Алтан хан юун түрүүн уул овоо тахих бөөгийн ёсыг цаазлан хорьж өндөр торгууль ногдуулж байв. Хөгширсөн өвгөнийг ач хүү нь ам руу нь өөх чихэн араас нь ясаар гудруулж алах, уул ус тахихдаа онгон залуу охидыг усанд үйж алдаг зэрэг зэрлэг бүдүүлэг заншил ёслолтой буддизм ширүүн тэмцсэн юм. Ялангуяа шарын шашин төрийн зэрэглэлтэй болсноос хойш эдгээр үйлдлийг чангаар яллах болжээ. Ойрадад бөөгийн эсрэг хүч хэрэглэж бараг ор мөргүй болгож орхисон. “Тийм их шидтэй юм бол өөрийгөө авар” гээд бөө нарыг орон гэртэй нь шатааж байсан тохиол тун элбэг байж. Үүний зэрэгцээ ухуулга сэнхрүүлэг хүмүүжлийн ажил ч их явуулж байсан юм.

Шарын шашин тал газраар илүүтэй хурдан тархаж байсан ч уул хөвчид тун удаашралтай байв. Ялангуяа Хөвсгөлийн болон Тагнын нуруу, Алтайн чанад руу хүний хөл хүрэхэд хэцүү газар бөө мөргөл амь бөхтэй оршсоор байлаа. Энгийн үгээр хэлбэл дэд бүтэц байхгүй учраас л тэнд лам нар очиж чаддаггүй байж. Хөвсгөлийн урианхай, дархад нарыг бөөгөөс нь салгахын тулд Богдоос тэднийг шавь болгон зарлаж өөрийн ивээлд хүртэл авсан байдаг. Хөвсгөлийн болон Тагнын нурууны аглаг бөглүү газар ХХ зуун хүртэл бөө үлдсэн нь ийм учиртай. Орос Алтайн (Горный Алтай ч гэдэг) ойрадуудын дунд ч өнөө хэр бөө мөргөл байсаар байна. Сияаны нуруунд тува нар ч бөөгөө авч үлдсэн. Харин Байгал нуур, Хэнтийн нуруу тал руугаа бол бөөг ор мөргүй болтол нь шахаж чаджээ.

Хачирхалтай буцах процесс бас болсон байх юм. Хилийн наана цаана орших халх, буриад монголчуудыг хооронд нь зааглахын тулд оросууд XIX зууны сүүлчээс эвенк, тунгус хүмүүсийг авчирч хилийн харуул козак болгон суурьшуулжээ. Тэднийг халхчууд хамниган буриад гэдэг, харин тэд нэгэнт буриадтай огт хамаагүй болохоор буриадууд зүгээр л хамниган гэдэг. Бүдүүлэг омгийн тэд хоёр Монголын дунд суугаад тун амархан монголжижээ. Ногоон нүдээр нь л ялгаж болно гэж ярилцдаг. Тэд Хэнтийн нуруу хавийн буриад, халх монголчуудын дунд мартагдсан бөөгийн мөргөлийг нь авчирсан байна. Үр дүн нь одоо л гарч байгаа юм байлгүй, Хэнтийн хойд сумдаар нэг салбаганасан бөө нар гараад ирж, саяхнаас.

Марксизм. Марксизмыг шашины нэг хэлбэр гэж зарим судлаачид үздэг. Хэдийгээр марксизм нь Бурханыг болон хойд насыг үгүйсгэдэг ч тийм өөр шашин байдгийн нэг нь Күнзийн сургаал. Лал мөргөлтнүүд өөрийн шүтлэгээ шашин биш философи гэж тунхагладаг нь марксист тайлбартай төстэй. Маркс өөрийн сургаалыг шинжлэх ухаан гэж нэрлэсэн ба хожим суртлыг нь дагагч гүрнүүд “шинжлэх ухааны коммунизм” гэх онол буй болгосон ч марксизм угаасаа хэзээ ч шинжлэх ухаан байгаагүйг олон эрдэмтэд нотолсны дотор Карл Поппэр маш үндэслэлтэй баталсан юм.[viii]

Монголд марксизм орж ирснээр хэдийгээр гаднаас тулгасан боловч 300 жил шүтсэн шарын шашнаа монголчууд өөрийн гараар галдан устгаж түйвээсэн. 30 мянган лам хуврагаа хядах, 800 сүм хийдээ нураах, ном судраа шатаах, соёлын бүхий л өвөө устгах ажлыг хэдийгээр тулгалт шахалтаар боловч гардан гүйцэтгэгч нь монголчууд өөрсдөө байсан. Хомо сапиэнс нь төсөөлөх чадвараар бусад хомоидоос илүү учир бүгдийг нь ялан дийлж өнөөгийн соёл иргэншилд хүрэн энэ ертөнцийн үнэмлэхүй захирагч болсон билээ. Ингэхээр шашинаа устган балласан өнөөгийн монголчуудын хувьд шашныг нь юу орлох болсон бэ? Ийм асуултад хариу авахын тулд Ягеллоны Их сургуулийн социологичид 1987 онд Монголд ирж судалгаа хийжээ. Марксизм нь бүхий л түүхийн турш нүүдэлчдийн, тэр дундаа монголчуудын шүтсээр ирсэн бөө мөргөлийн шаманизм ба тэнгэризм, мани шашин, христиан шашин, буддын тэравада, төвдийн буддизм, шарын шашныг холин орлуулсан шинэ шашин маягаар хэлбэршин тогтжээ гэсэн дүгнэлтэд тэд хүрчээ. Бурханыг Маркс, Ленин нар орлох ба Энгельс, Сталин, Брежнев, Чойбалсан, Сүхбаатар, Цэдэнбал зэрэг тухайн цагийн удирдагчид архадын үүрэг гүйцэтгэнэ. Хойд насыг ирээдүйд хүрэх коммунист нийгмээр төсөөлнө. Энэ насандаа сахилга баттайгаар социализмд үнэнч байх нь хожим коммунист диваажинд хүрэх гол зам гэж үзнэ. Сайн тэнгэр нь ЗХУ ба бусад социалист орнууд бол муу тэнгэр нь АНУ, Хятад, Япон, Өрнөдийн капиталист орнууд. Үзэл суртлын алдаа гаргасан хэн ч чарлаб, ландрам болон хувирсан буруу номтнууд. Намын батлах, баярын цуглаан жагсаал, үзэн ядах цуглаан зэрэг нь чойг, майдар эргэх, барам гаргах зэрэг ритуал ёслолыг орлож буй. Сүм хийдийг үзэл суртлын танхим, сонин уншлага, лекц суртал нэвтрүүлэг орлоно. Цаг тухай бүрт тасралтгүй цувран төрдөг стахановчууд шинэ хутагт хувилгаадын бас нэг шинэ хэлбэр. Гэх мэт, гэх мэт.

Нүүдэлчид түүхийн туршид нэг шашинаас нөгөө рүү шилжин явсаар ирсэн. Энэ явцдаа түрүүчийн шүтлэгээ ор тас марталгүйгээр шинээр орж ирсэнтэй нь холин прагматик байдлаар өөриймшүүлж байлаа. Шинэ шүтлэг орж ирэхэд түрүүчийнхийгээ үгүйсгэн заримдаа харгис хэрцгийгээр устган сөнөөж байсан авч тэндээс маш олон санаа, ёс журам, ритуал ёслол, авч үлдэж байв. Ингэхээр монголчуудын уугуул үндэсний шашин аль нь вэ?Анхных нь уу, сүүлчийнх нь үү, удаан ноёлсон нь уу, оюун санааны хувьд тус болсон нь уу, хөгжил дэвшилд хүргэсэн нь үү…?

2018.10.21

Categories
мэдээ нийгэм

АТГ-ын ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрөөр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон бусад төрийн байгууллагуудад ажиллаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй танилцав.

Ажлын хэсэг Баянхонгор аймгийн Жинст, Богд, Баянцагаан суманд ажиллаад дараа нь Говь-Алтай аймагт хүрэлцэн очив. Одоогоор тус аймгийн Чандмань, Бигэр, Халиун суманд ажиллаж байна.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 10 дугаар сарын 24-ний өдрөөс Завхан аймагт ажиллана.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар 35 асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар сайд нар 35 асуудал хэлэлцэж байгаа аж.

Тухайлбал, Төрийн орон сууцны корпорацийг өөрчлөн байгуулах, Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай, Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.

Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1. Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай Г.ЗАНДАНШАТАР
2. Шалгуур үзүүлэлт шинэчлэн батлах тухай Г.ЗАНДАНШАТАР
3. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Г.ЗАНДАНШАТАР
4. Хөрөнгө гаргах тухай* Г.ЗАНДАНШАТАР
5. Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Г.ЗАНДАНШАТАР
6. Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай* Г.ЗАНДАНШАТАР
7. Монгол, Чилийн Засгийн газар хоорондын солилцох ноот бичиг батлах тухай Д.ЦОГТБААТАР
8. Монгол, Азербайжаны Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай Д.ЦОГТБААТАР
9. Монгол, Армяны Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай Д.ЦОГТБААТАР
10. Монгол, Тайландын Засгийн газар хоорондын зөвлөлийн хуралдааны дүнгийн тухай Д.ЦОГТБААТАР
14. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Х.БАДЕЛХАН
15. Дүрэм шинэчлэн батлах тухай Х.БАДЕЛХАН
16. Журам шинэчлэн батлах тухай Х.БАДЕЛХАН
17. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Х.БАДЕЛХАН
18. Газар зохион байгуулалтын ажлын үнэлгээг шинэчлэн батлах тухай Х.БАДЕЛХАН
19. Тогтоолд нэмэлт оруулах Я.СОДБААТАР
20. Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого батлах тухай Я.СОДБААТАР
21. Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Д.СУМЪЯАБАЗАР
22. Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай Д.СУМЪЯАБАЗАР
23. Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн тухай Д.СУМЪЯАБАЗАР
24. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай* Д.СУМЪЯАБАЗАР
25. Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай Б.БАТЗОРИГ
26. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Ц.ДАВААСҮРЭН
Танилцуулах асуудал
27. Монгол Улсын Шадар сайдын ШХАБ-ын хуралдаанд оролцсон дүнгийн талаар Ө.ЭНХТҮВШИН
28. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажилласан талаар Г.ЗАНДАНШАТАР
29. Боловсрол, соёл, шинэчлэх ухаан, спортын сайдын гадаад томилолтын талаар Г.ЗАНДАНШАТАР
30. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар Г.ЗАНДАНШАТАР
31. Эрчим хүчний сайдын гадаад томилолтын талаар Г.ЗАНДАНШАТАР
32. Гадаад харилцааны сайдын олон улсын бага хуралд оролцох талаар Д.ЦОГТБААТАР
33. Газрын тосны олборлолт, экспортын талаар* Д.СУМЪЯАБАЗАР
34. Хэлэлцээний явцын талаар Д.СУМЪЯАБАЗАР
35. Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаар Ц.ДАВААСҮРЭН
Categories
мэдээ улс-төр

Дэлхийн оюуны өмчийн байгууллага утаагүй зуух, яндангийн патентын талаар лавлагаа өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын захирал Фрэнсис Гарри нар өчигдөр Швейцарын холбооны улсын Женев хотноо уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран ажиллаж ирсэн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх чиглэлээр ярилцлаа. Мөн жижиг дунд үйлдвэрт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай мэдээлэл авах, залуучуудын санаачилга, инновацыг хэрхэн дэмжих, дэлхийн хэмжээнд патент авсан ижил төрлийн инноваци байгаа эсэхийг цаг алдалгүй мэдэх хүсэлт тавив. Монгол Улсад сүүлийн хэдэн жил утаагүй зуух Засгийн газарт их хэмжээгээр нийлүүлсэн, одоо утаа шүүдэг яндан нийлүүлэх тухай яригдаж байна. Энэ мэт бүтээгдэхүүнийг олон улсад үр дүнг нь нотолж патент авсан тохиолдол байдаг эсэхийг мэдэх хүсэлтэй байгаагаа мөн илэрхийллээ.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын захирал Фрэнсис Гарри Монгол Улстай бүхий л талаар хамтарч ажиллахдаа тааламжтай байна гэдгээ илэрхийлээд тус байгууллагын мэдээллийн сангаас дэлхийн хэмжээнд ямар инноваци патент авсан эсэх болон патент авах хүсэлт нь ямар шатанд явааг хэрхэн мэдэх тухай сургалт, оюуны өмчийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай сургалтыг Монгол Улсад явуулахаар болов. Мөн Монгол Улсын оюуны өмчийн газартай хамтран хэрэгжүүлсэн Монгол Улсад оюуны өмчийн бүтээлийн бүртгэлийг автоматжуулсан зэрэг үр дүнтэй ажилдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улстай холбогдох зарим мэдээллийг сонирхсон юм.

Дэлхийн оюуны өмчийн байгууллага нь оюуны өмч нь эдийн засгийг урагшлуулагч хүчирхэг хэрэглүүр гэж үздэг тухайгаа хэлж, Дэлхийн инновацийн индексийн тайланд Монгол Улс 126 орноос суурь 80 үзүүлэлтийн дүнгээр 53 дугаарт орсон талаар танилцуулсан юм.