Categories
мэдээ нийгэм

Зочид буудалд хануур эмчилгээ хийж байсныг таслан зогсоожээ

Варьета төвийн хажууд байрлах зочид буудалд иргэдийг үзэж, оношилж, хануур эмчилгээ үйлчилгээ явуулж байна гэх мэдээлэл мэргэжлийн хяналтын байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу дагуу БГД-ийн дөрөвдүгээр хороонд байрлах “Гантех сервис” ХХК-ний Шинэ энерги зочид буудалд хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар иргэн Б нь эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн бус эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн наад захын шаардлага хангахгүй зочид буудлын орчинд /иргэдийг судсаар оношилж, бумба тавьж, хануур, зүү эмчилгээ хийж/ эмчилгээ үйлчилгээ явуулж байсан ноцтой зөрчил илэрчээ. Мөн тус зочид буудлын үйлчилгээ цэвэрлэгээ хангалтгүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй зөрчил илэрсэн байна. Иймд мэргэжлийн хяналтын байцаагчид илэрсэн зөрчлийг газар дээр нь таслан зогсоож, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлжээ.

Одоогоор “Гантех сервис” ХХК болон иргэн Б, А нарт зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлж байна.




Categories
мэдээ улс-төр

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүн дэх, улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг эрхэлдэг Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдав. Өнөөдрийн хуралдаан 09 цаг 54 минутад 66.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулахдаа, Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг боловсруулан өргөн барьж хэлэлцүүлж байна. Засгийн газар 2019 онд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогын хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжиж, төсвийн сахилга батыг чанд баримтлан төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгах, экспортод гарч буй эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор шийдвэрлэж төсвийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг дэмжсэн татварын хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлнэ.Мөн төсвийн зарлагын реформыг хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах, гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай, өгөөжтэй төсөлд зарцуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэлээ. Бодлогын эдгээр арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9.6 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.4 хувь, нийт зарлага 11.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.8 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.4 хувьд хүрч, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнээс 1.5 пунктээр бага байхаар тооцсон хэмээн Ч.Хүрэлбаатар сайд танилцууллаа.


Танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзэв. Төсвийн 1.9 их наядын алдагдлыг бууруулах бололцоо бий эсэхийг Дэд хорооны дарга асууж, Сангийн сайдаас хариулт авлаа. Эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байгаа үед хуримтлал үүсгэх нь Ирээдүйн өв cангийн тухай хууль болон өнөөдөр мөрдөгдөж буй бусад хуулиар зохицуулагддаг гэдгийг тэрбээр хэллээ. Хүний хөгжил сангаас уламжлан ирсэн 1.1 их наяд төргөгийн өрийг 2019 онд барагдуулах бөгөөд цаана нь 553 тэрбум төгрөгийн хуримтлал үүсэх нөхцөл бүрдэж байгаа гэв. Өрийг бүрэн барагдуулсан учраас холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах нь Сангийн яамны үүрэг гэдгийг тэрбээр хэлээд “Зам зуурт нь ямар нэг байдлаар үрчихгүй бол 2030 он гэхэд ихээхэн хэмжээний хуримтлалтай болох бололцоо бий” гэсэн юм. Төсвийн алдагдлын 1.9 их наяд төгрөгийн 1.3 их наяд төгрөг нь хөнгөлөлттэй зээл, тусламжаар санхүүжих боломжтой гэж тооцжээ. Үлдэж буй 600 орчим тэрбум төгрөгийг Тогтворжуулалтын сан болон Төрийн санг зөв удирдах замаар санхүүжилт босгох бололцоо бий хэмээн үзсэн байна. Дээрх хэмжээ нь тэнцвэржүүлсэн орлогоос тооцсон алдагдал, үүнийг өндөр өртөгтэй бонд, өндөр хүүтэй зээл авахгүйгээр нөхөх бололцоо бий гэж үзсэн учраас төсөлд тусгасан гэв. Түүнчлэн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аймгуудыг нийслэлтэй автозамаар холбох, агаарын бохирдлыг шийдвэрлэх, цэвэрлэх байгууламж гээд нэн тулгамдсан асуудлуудыг шийдэх, санхүүжилтийг төсвийн төсөлд тусгах нь зүйтэй гэдэг зарчмыг баримталсан гэдгийг Сангийн сайд тайлбарлав. Эдгээрийн үр ашиг эдийн засгийн салбар шиг богино хугацаандаа гарахгүй ч гэлээ урт хугацаандаа улс орны хөгжилд чухал ач холбогдолтой. Мөн нийгмийн асуудлуудыг төр шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг төрөөс боломжоороо дэмжих нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийллээ. Дэд хорооны дарга үргэлжлүүлэн төсвийн урсгал зардлын задаргааг тодруулж, хариулт авав.


Төсвийн хөрөнгөөр барьж байгуулж буй шинэ барилга бүрийг дагалдан урсгал зардал үүсч, энэ нь ирэх оныхоо төсвийн урсгал зардалд нэмэгдэж байгааг анхаарч, үүнийг шийдэх гарцыг олж зарлагын шинэтгэл хийх боломж бий гэдгийг Дэд хорооны дарга З.Нарантуяа хэллээ. Мөн Засгийн газрын зардлыг танах, хэмнэхтэй холбоотой олон санал гомдол иргэдээс ирсэн бөгөөд үүнийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нягталж, зардлын хэмжээг бууруулах бололцоог судална гэв. Эцэст нь, төсвийн хуваарилалтыг бүх аймагт жигдрүүлэх нь оновчгүй зарчим бөгөөд эдийн засгийн ач холбогдол бүхий хөдөө аж ахуй, экспорт, аялал жуулчлалыг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд анхаарах шаардлагын талаар тайлбарласан юм. Тухайлбал, малын тоогоороо улсад тэргүүлдэг Завхан аймагт махны үйлдвэр байгуулах, ингэснээр баруун аймгууд БНХАУ, ОХУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох бололцоог бүрдүүлэх зорилгоор олон улсын шаардлага хангах лаборатори, дэд бүтэц байгуулах, дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх үүднээс гол бүсүүдийн дэд бүтцийг сайжруулах зэрэг нь ойрын болон дунд, урт хугацаандаа эдийн засгийн ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Хуралдаанд оролцсон гишүүд төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Цэвэр агаар сан”-тай холбоотой гурван компанийг шалгуулна

Өргөдлийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо. Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр сайжруулсан түлш, зуух, гэрийн дулаалга, цахилгааны үнийн хөнгөлөлт зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн. Хэрэгжүүлсэн арга хэмжээнд төсөл, гадаадын хөрөнгө оруулалт зэргээр хөрөнгө зарцуулсан. Зарцуулсан хөрөнгө оруулалтын хяналт дутуу байжээ.

2011-2013 онд агаарын чанарын үзүүлэлт буураад, 2014-2016 онд буцаад утааны үзүүлэлт өсчээ. ихэссэн. Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ зарцуулалт яваад, хяналт орхигдсон гэсэн дүгнэлт гарчээ. Ямар арга хэмжээ авснаар утаа буурсан, өссөн хариуцуулсан дүн шинжилгээ гараагүй байна. 70582 тонн сайжруулсан түлш тараахаар байсан ч 22 хувийн гүйцэтгэлтэй. Утаа буурсан гэсэн үр дүн гараагүй. Мөн эрхзүйн зохицуулалт байхгүй аж. Тиймээс Ерөнхий сайдад таван асуудлаар санал хүргүүлжээ. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирамжид 16 чиглэлийн зөвлөмж хүргүүлжээ. Өмнө нь албан тушаал хашиж байсан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах шаардлага хүргүүлсэн байна. Зөрчил гаргасан мөртлөө дараагийн албан тушаалд шилжсэн байжээ. Тиймээс давхардсан тоогоор Ерөнхий сайдад зөвлөмж хүргүүлэхдээ 13 хүнд , Сангийн сайдад дөрөв, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид гэрээ дүнээгүй, санхүүжүүлсэн гэсэн үндэслэлээр 24 хүнд хариуцлага тооцуулах шаардлага хүргүүлжээ. Аудитын дүнтэй холбоотой гурван компанийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Агаарын бохирдлын арга хэмжээг бууруулахад оролцсон төрийн байгууллагуудын тоо баримт зөрүүтэй, зарим материал байхгүй байсан гэв.

Categories
мэдээ нийгэм

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын онцлогийг илтгэсэн үзэсгэлэн дэлгэгдлээ

ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачлагаар зохион байгуулагдаж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг харуулсан үзэсгэлэн Албаны түүхэн музейд дэлгэгдэж байгаа билээ.

Энэ удаа Дундговь аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн өнөөдөр дэлгэгдлээ. Дуу хуурын өлгий нутаг Дундговь нутгийн түүхэн замнал, онцлог, дурсгалт газрууд болон Онцгой байдлын газрын түүхэн цомог, үе, үеийн алба хаагчдын хувцас хэрэглэл, цуглуулга, гар урлал, амжилт, алдарыг танилцуулсан бүтээлүүд дэлгэгдээд байна. Онцгой байдлын газар нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1977 оны 644-р тогтоолоор,“ Гал команд”, Засгийн Газрын 2004 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор Гамшгаас хамгаалах штаб, 2005 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар тогтоолоор Онцгой байдлын хэлтэс, ОБЕГ-ын даргын 2015 оны 06 сарын 22-ны өдрийн Б/426 тушаалаар Онцгой байдлын газар болж өргөжсөн түүхтэй.

Өдгөө 30 гаруй алба хаагчтайгаар гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргэн босгох арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Categories
мэдээ улс-төр

“Нээлттэй нийгэмт форум”-аас төсвийн хэлэлцүүлгийг хийнэ

Ирэх 2019 оны төсвөөс танахгүй бол төсвийн төсөлд хориг тавина гэдгээ Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдсэн байгаа билээ.

Түүнчлэн улстөр, эдийн засгийн хүрээнд төсөв тойрсон сэдэв ид халж байна. Тэгвэл “Нээлттэй Нийгэм Форум”-аас бодлого боловсруулагчид, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн дунд ирэх оны төсөвтэй холбоотой сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. “Монгол Улсын 2019 оны төсвийн орлогын төлөвлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг маргааш 09.00 цагаас “Нээлттэй нийгэм форум”-ын хурлын танхимд болох юм.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн шинэ гүүрийг арваннэгдүгээр сард нээхээр төлөвлөж байна

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил дуусах шатандаа орж байна. Уг төслийг Хятадын Засгийн газрын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Хятадын төмөр замын хоёрдугаар групп товчоо” ТӨК ажлыг гүйцэтгэж, Монгол Германы хамтарсан зөвлөх компани хэрэгжүүлж эхэлсэн юм.

Туул гол дээрх дөрвөн эгнээ, 250 метрийн урттай шинэ гүүр нь хуучин гүүрнээсээ гурав дахин их ачаалал авч хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадалтай. Ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурна гэдгийг албаныхан онцолсон.

Шинэ гүүрний ажил хэдэн хувьтай явагдаж байгаа хэзээ ашиглалтад орох талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодруулахад, “Яармагийн шинэ гүүрний ажил 95 хувьтай үргэлжилж байна. Цас орж цочир хүйтрэхгүй бол ирэх арваннэгдүгээр сарын 01-нд нээлтээ хийж, ашиглалтад бүрэн оруулна. Одоогийн байдлаараль нэг эгнээ зорчих хэсгийг хааж, хөдөлгөөнийг хязгаарласан зүйл байхгүй” гэлээ.

Мөн төслийн ерөнхий зохицуулагч Ц.Түмэн хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа, “Яармагийн гүүрний ажил төлөвлөсөн хугацаагаар явж байгаа. Харин ч наашаа гурван сарын хугацаа татсан байгаа. Хугацаагаараа 2019 оны нэгдүгээр сарын 31-нд нээнэ гэж байгаа. Аравдугаар сарын 1-нд шинэ болон хуучин гүүрний засварыг бүрэн дуусгаж хүлээлгэж өгөхөөр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна” гэсэн юм.

Дашрамд дуулгахад, шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдаж байгаа. Мөн 8.5 метрийн өргөнтэй, 270 метрийн урттай Д рамп гүүрний дээгүүр баригдаж байгаа болохоор замууд хоорондоо огтлолцохгүй, түгжрэл үүсэхгүй гэсэн үг юм. Яармагийн гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж байгаа төдийгүй гэрэлтүүлэг, ус зайлуулах төхөөрөмж, дугуйн зам гээд иж бүрнээр нь хүлээлгэн өгнө гэдгээ гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын инженерүүд хэлж байна. Шинэ гүүр ашиглалтад ормогц хуучин гүүрийг хааж засварлах юм.

Энэ гүүрийг ашиглалтад оруулснаар хуучин, шинэ нисэх онгоцны буудлын авто замын хөдөлгөөний хамгийн гол ачаааллыг даах, Яармагийн гүүр орчмын олон замын уулзварт зам, удахгүй ашиглалтад орох Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа-1, 2“ хороолол зэргийг хотын төвтэй холбох гол гарц юм. Гүүрээр өдөрт 20-30 мянган машин нэвтэрч, хуучин гүүрнээс гурав дахин их ачааллыг даах чадвартай аж.

Categories
гадаад мэдээ

Сэтгүүлчийг ингэж мөчилсөн. Аймшигт дүрс

Ираны олон нийтийн сүлжээнд мөчлөгдсөн хүний гэрэл зургийг байршуулсан талаар haqqin.az мэдээллээ. Истамбул дахь Саудын Арабын консулын газарт алагдсан сэтгүүлч Жамаль Хашоггийн цогцос мөн гэж нотолж байгаа юм.

Сэтгүүлчийг алга болсон хэрэгт Туркийн засаг захиргаа Истамбул дахь саудын консулын газрын албан хаагчдыг буруутгадаг. Жамаль Хашогги Истамбул дахь Саудын Арабын консулын газарт аравдугаар сарын 2-нд орсны дараахан алга болсон билээ.

Шинэ сүйт бүсгүйтэйгээ гэрлэхийн тулд эхнэртэйгээ салсан гэх баримт авахаар төлөвлөж байсан аж. Туркийн засаг захиргааныхны үзэж буйгаар, Хашогги дипломат төлөөлөгчийн газрын нутаг дэвсгэрт алагдаж, цогцсыг нь мөчилсөн гэдэг. Харин Эр-Риядад сэтгүүлчийг алга болсон явдалд буруугүй хэмээн үгүйсгэдэг.

Categories
мэдээ нийгэм

Гэр шатсаны улмаас таван хүн амиа алджээ

Өнөө өглөө галын улмаас таван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 15 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өглөөний 04.00 цагт хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч 04.45 цагт очиход таван ханатай гэр, “Соната-7” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэгт гал тархан шатаж байсныг унтраасан байна. Харин уг гал түймэрт нэр, хаяг, нас хүйс тодорхойгүй гурван том хүн, хоёр хүүхэд өртөж нас барсан байсан, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

12 эрхэм “Монголын нэг өдөр” тайзнаа гарахад бэлэн болжээ

12 илтгэгч, 1000 оролцогч. Энэ намрын хамгийн том үйл ажиллагаа Corporate Convention Centre-т зохион байгуулагдахад бэлэн болжээ.

“Монголын Нэг Өдөр” нь бусад арга хэмжээнээс ялгаатай, өөрийн гэсэн онцлог форматтай. Оршил үггүй, асуулт, хариултгүй, панел хэлэлцүүлэггүй. Илтгэгч бүр өөрийн амжилтын түүх, эерэг санааг 20 минутанд багтаан танилцуулах юм. Төдийлөн олны өмнө гараад байдаггүй 12 эрхэм “Монголын Нэг Өдөр”-ийн тайзнаа гарахад бэлэн болсон байна.

Энд дарж илтгэгчидтэй танилцана уу
http://www.unread.today/posts/post/1676

Categories
мэдээ спорт

О.Насанбурмаа ДАШТ-ний алтан медалийн төлөө барилдана

ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 72 кг-ын жингийн барилдаан өчигдөр болж манай бөх ОУХМ О.Насанбурмаа алтан медалийн төлөө шалгарч үлдээд байна. Манай бөх Унгарын Николетта Смольскаг 10:0, Туркийн Бусе Тосуныг 7:6, БНХАУ-ын Хуан Вангийг 6:0-ээр ялж шигшээд үлдсэн юм. Тэрээр өнөөдөр Канадын Жустина Ренай Ди Стасиотой алтан медалийн төлөө барилдана.

ОУХМ О.Насанбурмаа өмнө нь ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртэж байсан билээ.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62 кг-ын жингийн барилдаан болно.

Манайхаас:

50 кг (23 бөх). Э.Нарангэрэл хийлээд дараа нь Туркийн Эвин Демирхантай,
53 кг (23 бөх). Э.Сумьяа БНСУ-ын Ли Шин Хе-тэй
57 кг (25 бөх). А.Батцэцэг Ардчилсан Солонгосын Жон Ин Сүнтэй
62 кг (25 бөх). Э.Гантуяа БНСУ-ын Хан Жүн Вонтой тус тус эхний даваанд оноолт таараад байна.

Мөн өнөөдөр 65 кг-ын жинд Х.Болортуяа ОХУ-ын бөх Мария Кузнецоватай дагах барилдаан хийнэ. Түүнийг ялбал Азербайжаны Ирина Нетребатай хүрэл медалийн төлөө барилдах юм. Дагах болон урьдчилсан барилдаан Монголын цаэгаар 16:30 цагаас, хагас шигшээ барилдаан 22:45 цагаас, медалийн төлөө барилдаан 00:00 цагаас эхэлнэ.