Categories
мэдээ нийгэм

Утаагаар мөнгө хийсэн дарга нарын нэрсийг Ерөнхий сайдад хүргүүлжээ

2008-2016 оны хооронд агаарын бохирдолд зарцуулагдсан хөрөнгөөс 500 гаруй тэрбум төгрөгийн зөрчил илэрснийг аудитын байгууллага тогтоосон талаар мэдээлэл хийсэн.

Тэгвэл утаагаар мөнгө хийсэн албан тушаалтнуудын нэрсийг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлжээ. Тухайн үед ажиллаж байсан төрийн байгууллагын дарга нар өнөөдөр байхгүй учир хариуцлага тооцоход хүндрэлтэй байгаа аж. Мөн Үндэсний аудитын газраас 24 албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг Нийслэлийн Засаг дарга С.Батболдод хүргүүлсэн байна.

Categories
мэдээ спорт

Уран сайхны гимнастикийн Ази тивийн АШТ-д гадны 70 гаруй тамирчин оролцоно

Монгол Улсад анх удаа уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.

“A” зэрэглэлийн Азийн Цомын Аварга Шалгаруулах Анхдугаар тэмцээн Улаанбаатар хотод 10 дугаар сарын 25-28 ны өдрүүдэд болно. Энэхүү тэмцээн нь Монгол Улсыг сурталчилан таниулах, спортоор хичээллэж буй тамирчдын чансааг ахиулах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Ази болон дэлхийд алдартай 70 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

  1. Вьетнам
  2. Тайвань
  3. Хойд Солонгос
  4. Хонг Конг
  5. Казахстан
  6. Солонгос
  7. Киргизстан
  8. Тайланд
  9. Монгол

Уран сайхны гимнастик нь спорт болон урлагийг хослуулсан Олимпийн наадмын зөвхөн эмэгтэйчүүд оролцдогоороо онцлог төрөл юм. Одоогийн байдлаар Монгол Улсад 300 гаруй охид уг спортоор хичээллэдэг. Тивийн аварга, Олон улсын томоохон тэмцээнүүдэд медальт байранд тогтмол шалгарч байгаа нь энэ спорт манай оронд эрчимтэй хөгжиж буйг илэрхийлж байна. Манай гимнастикчид БНХАУ, Малайз, АНЭУ, Болгар, Казахстан, Японд болсон тэмцээнүүдэд оролцож байжээ.




Categories
гадаад мэдээ

Титаник II хөлөг 2022 онд түүхэн замаараа аялна

Нийтдээ $500 саяын хөрөнгөөр бий болж байгаа Титаник хөлгийн хуулбар 2022 онд хоёр долоо хоног үргэлжлэх анхны аялалаа хийхээр болжээ.

Анхны хөлөгтэйгээ яг адилхан бүтээгдэх хуулбар Титаник Дубайгаас Английн Соутхэмптон хүрч, тэндээсээ Титаникын түүхэн замаар Нью Йорк хүрэх юм. Хойд Атлантын энэ замаар аялсан Титаник 1912 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр мөсөн уултай мөргөлдсөний дараа гурван цаг хүрэхгүй хугацаанд бүрэн живсэн түүхтэй. Шинэ Титаник нь анхныхтайгаа яг адил 2,400 орчим зорчигч, 900 орчим хүнтэй хөлгийн багтай аялах бол орчин үеийн залуурзүйн, аюулгүй байдлын технологиудаар тоноглогдсон байх гэнэ. Бас нэг ялгаа нь анхны Титаник Ирландын Бэлфастад бүтээгдсэн бол хоёр дахь Титаник Хятадад хийгдсэн юм. Титаник II анхны аялалынхаа дараа дэлхийн бусад чиглэлүүдэд ч зорчих гэнэ. Шинэ Титаник хаана аялж байгаагаасаа үл хамааран олон тооны жуулчдыг татаж, “Титаник” киног санагдуулам гэрэл зураг, сэлфигээр сошиал ертөнцийг дүүргэнэ гэж төслийг санаачлагчид үзэж байна.

Categories
энтертаймент-ертөнц

“Нууцын эрэлд” жүжгийг есөн дүүргийн багачуудад үнэ төлбөргүй үзүүлнэ

Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан “Урлагийн хот Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг энэ сарын 26-ны өдөр үзэгч хүүхдүүддээ толилуулахаар бэлтгээд байна. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Соёл урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга Э.Цэнд-Аюуш, МУ-ын Хүүхэлдэйн театрын захирлын үүрэг гүйцэтгэгч М.Отгончимэг, МУ-ын Хүүхэлдэйн театрын найруулагч М.Ариунтуяа нар мэдээлэл хийлээ. “Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр “Урлагийн хот Улаанбаатар” төслийн хүрээнд хүүхдийн шилдэг жүжгийн зохиолоор шалгарсан “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг тавихаар болоод байна. Жүжгийг хүүхэд багачуудад хүргэхдээ Монгол Улсын Хүүхэлдэйн театр, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж байна” хэмээн Хүүхэлдэйн театрын захирлын үүрэг гүйцэтгэгч М.Отгончимэг ярилаа.

“Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийн найруулагчаар МУСТА М.Ариунтуяа, зураачаар Б.Бямбацэрэн, хөгжмийн зохиолчоор В.Баттулга, бүжиг дэглээчээр МУСТА Х.Хашхүү нар ажиллаж байна. Мөн тус жүжгийн найруулгад дэвшилтэт технологи болох холограмм технологийг ашиглаж байгаа бөгөөд театрын дуу авианы найруулагч Э.Базарханд холограмм технологийн угсралтыг хийсэн байна.

Мэргэжлийн урлагийн байгууллагуудаас анх удаа холограмм технологийг уран бүтээлдээ ашиглаж байгаа тохиолдол нь Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” жүжиг юм.

Тус жүжгийг Нийслэлийн 9 дүүргийн 20 мянган гаруй хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзүүлэхээр бэлдээд байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр

Агаарын бохирдлыг бууруулах мөнгийг үр ашиггүй зарцуулсан 30 хүнд хариуцлага тооцуулахаар болжээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний аудитын газар (ҮАГ)-аас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо.

Үндэсний аудитын газраас Цэвэр агаарын сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийсэн ажлын үр дүн хэрхэн гарсныг шалгаж нийт 72 зөрчлийг илрүүлжээ. Шалгалт 6 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 30-ны хооронд шалгалт хийсэн бөгөөд нийт 72 зөрчил илрүүлжээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд улсын төсөв болон “Цэвэр агаар” сангийн хөрөнгөөр 164.1 тэрбум төгрөг, гадаадын зээл, тусламжаар 153.3 сая ам.долларын төсөл, арга хэмжээг санхүүжүүлж, хэрэгжүүлжээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд зарим нам даралтын зуухыг татан буулгаж, төвлөрсөн дулааны шугамд холбосноор утааны хорт ялгаралтыг бууруулах талаар дорвитой ажил хийгээгүй байна. Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн утааны ялгаралтыг бууруулах чиглэлээр төсвөөс 9.8 тэрбум төгрөгийг санхүүжүүлж, төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн боловч заримыг нь бүрэн хэрэгжүүлээгүй, санхүүжилтийг гүйцэтгэлийн хувиар тооцож олгоогүй, хэрэгжилт, үр дүнд хяналт тавьж ажиллаагүй байна хэмээн ҮАГ-ын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл танилцууллаа.

Тэрбээр, “Зөрчлийн дийлэх нь агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд хяналт тавих байгууллагуудыг нэгдмэл удирдлагаар хангаагүй, үр дүнг нэгтгэж дүгнээгүй, хөндлөнгийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтын мөрөөр арга хэмжээ аваагүй зэрэг асуудал эзэлсэн. Мөн “Цэвэр агаар” санг татан буулгасантай холбоотой зарим тушаал, эрх зүйн шийдвэр болон архивын баримт материал бүрэн бус, сангаас зарцуулсан хөрөнгө, төсөл арга хэмжээний үр дүнд хяналт хийсэн тухай баримт материал олдоогүй. Тиймээс уг сангийн үйл ажиллагааг үнэлж, дүгнэхэд бэрхшээлтэй байсан. Аудитаар гаргасан зөрчилтэй холбоотой 30 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцохоор Ерөнхий сайд, Сангийн сайд, Нийслэлийн Засаг дарга нарт зөвлөмж, албан шаардлага өгсөн” гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банкны дансанд бондын 500 сая доллар оржээ

Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын зах зээлээс 500 сая долларын бондыг таван жилийн хугацаатай, 7.25 хувийн хүүтэйгээр босгосон билээ. Уг бондыг анх удаа Засгийн газрын баталгаагүйгээр босгосон. Өнөөдөр өглөө Хөгжлийн банкны дансанд энэхүү 500 сая доллар орсныг тус банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр мэдээллээ.

Уг зээлээр Хятадын Хөгжлийн банкнаас авсан 250 сая, “Кридет свисс” банкны хөвөгч хүүтэй 300 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтөд зарцуулах аж. Ингэснээр Хөгжлийн банк богино хугацааны гадаад өр төлбөргүй болж, дотооддоо урт хугацаатай зээл олгох боломжтой болж байгааг захирал Б.Батбаяр онцоллоо. Сая босгосон Хөгжлийн банкны бондын арилжаанд 200 орчим хөрөнгө оруулагчаас 4.1 тэрбум ам.долларын захиалга ирсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Нотариатын хуулийн заалтыг түдгэлзүүллээ

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаар Нотариатын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт, өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгохоор тусгасан байна.

Ийнхүү өмчлөгчийн хүсэл зоригийн дагуу бусдаас хараат бусаар хэрэгжих өмчлөх эрхэд хязгаарлалт тогтоосноороо Үндсэн хуулиар баталгаажуулсан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, өв залгамжлуулах иргэний эрхийг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлээ.

Дээрх заалтыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэв гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн “Эрдэм транс” ХХК-иас 28 зөрчил илэрчээ

Тээврийн прокурорын газар /ТПГ/-аас өчигдөр нийтийн тээврийн үйлчилгээний “Эрдэм транс” ХХК-д шалгалт хийхэд 7 төрлийн 28 зөрчил илрэв.

Шалгалтаар зорчигчдын аюул осолгүй зорчих, аялах нөхцөл бүрдээгүй, техникийн хувьд бүрэн бус, “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598: 2011 стандартыг бүрэн хангаагүй, механикч нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг стандартын дагуу шалгасан тэмдэглэл хийгээгүй, зөвшөөрөгдсөн хэмжээнээс их утаатай автобус, мэргэшсэн үнэмлэхийн хугацаа дууссан жолооч, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй автобус хөдөлгөөнд оролцуулсан, нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн жолооч нарын ажил, амралтын дэглэмийг Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай” хуулийн дагуу зохицуулдаггүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Дээрх шалгалтын дүнг тухайн компанийн удирдлагад танилцуулж, зөрчил дутагдлыг арилгах, цаашид давтан гаргахгүй байх үүрэг чиглэл өгөв. Мөн ТЦА-наас тус компанийн нийт ажилчдын дунд ирэх сарын 1-ний өдрөөс мөрдөх Замын хөдөлгөөний шинэ дүрмийн танилцуулга, сургалт хийв. ТПГ-ын Ерөнхий прокурор, ТЦА-ны даргын хамтран баталсан удирдамжийн дагуу зам тээврийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг зарим ААН байгууллагад гэнэтийн шалгалт явуулж, зөрчил дутагдлыг арилгадаг аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Шүүхээс улсын төсөвт 8.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ

Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүх 2018 оны есдүгээр сарын байдлаар улсын төсөвт 8.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газруудаас шүүхийн шийдвэрээр улсын болон орон нутгийн төсөвт тэмдэгтийн хураамж 4.4 тэрбум, хүү торгуулийн 4.1 тэрбум, нийт 8.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн нь 2018 оны шүүхийн төсвийн 18 хувийг эзэлж байна. Тодруулбал, орон нутгийн шүүхүүд 2.8 тэрбум, нийслэл дэх шүүхүүд 5.7 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Насанд хүрээгүй охидын биеийг хүчээр үнэлүүлж байсан этгээдүүдийг саатуулжээ

Насанд хүрээгүй охидыг хүчээр эрхшээлдээ байлгаж, бусдад биеийг нь үнэлүүлдэг байсан бүлэг этгээдийг саатуулжээ.
Тодруулбал, 1989-1994 оны буюу 24-29 насны таван залуу 16-17 насны гурван охинтой чатаар танилцжээ. Охидтой чатлаж, дотно танилцан, улмаар зургийг чинь интернэтээр цацна, цагдаад мэдэгдэнэ, аав ээжид чинь хэлнэ гэхчилэн айлган сүрдүүлж, өөрсдийн түрээсэлж буй байрандаа хорьдог байсан аж. Хүчээр хориод зогсохгүй зочид буудлын менежер, ресепшнтэй тохиролцон охидын биеийг үнэлүүлдэг байжээ. Ингэхдээ нэг машинаар охидыг түрээсийн байрнаас зочид буудал руу зөөж, үйлчлүүлэгчдэд өгч оруулан биеийг нь үнэлүүлчихээд буцаад нөгөө байрандаа аваачиж хорьдог байсан аж. Тэд нэг охины биеийг 50, 100, 150 мянга гэхчилэн янз бүрээр тооцож үнэлүүлдэг байсан талаараа мөрдөн байцаалтын үеэр мэдүүлжээ.
Уг зочид буудлууд нь гаднын хөрөнгө оруулалттай зочид буудлууд байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллага шалгаж байна. Бүлэг этгээдүүдийг өнгөрсөн амралтын өдөр Эрүүгийн цагдаагийн албаныхан шуурхай ажиллагаа явуулж, баривчилсан бөгөөд өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.