Categories
мэдээ соёл-урлаг

“Солонгосын долоо хоног 2018” үргэлжилж байна

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй “Солонгосын долоо хоног 2018” үйл ажиллагааны нээлт Сеүлийн гудамжинд боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож, үг хэлсэн юм.

Хотын дарга хэлсэн үгэндээ “Монгол Улс БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоож, эртнээс найрсаг харилцаатай, олон улсын түвшинд ч бие биенээ харилцах дэмжиж ирсэн уламжлалтай билээ. Улаанбаатар, Сөүл хотууд анх 1995 онд ах дүүгийн найрсаг харилцаа тогтоосон. Үүнээс хойш өдгөө 23 жил өнгөрч байна. Энэ хугацаанд хотууд харилцаа хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн бүх л салбарт өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн. Энд хүрэлцэн ирсэн та бүхэн Солонгос Улсын үндэсний соёл урлаг, уламжлал, зан заншлын талаар бага боловч мэдлэгтэй болж, хоёр улсын иргэдийн харилцан ойлголцол нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

“Солонгосын долоо хоног 2018” арга хэмжээнд Солонгосын үндэсний урлагийн концерт, Солонгос хоолны фестиваль, Солонгос киноны өдөрлөг, Таэквондогийн тэмцээн, Гоо даамны олон улсын тэмцээн, Солонгос дууны тэмцээн зэрэг олон сонирхолтой хөтөлбөр багтжээ.

Нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын өв соёлыг өөртөө шингээн үлдээсэн Солонгосын үндэсний хамтлаг, удаан хугацааны турш Солонгосын үндэсний соёлыг судалсаар ирсэн хамтлаг, дуучид оролцохоос гадна Улаанбаатар чуулгын морин хуурын баг бүрэлдэхүүн, Монголын цагдаагийн Сүлд чуулгынхан Солонгосын үндэсний хөгжмийн хамтлагтай хамтран тоглов.

Солонгосын долоон хоног 2018 арга хэмжээ мөн Сөүлийн гудамжинд үргэлжлэх юм.

Харин Солонгосын кино өдөрлөг энэ сарын 18, 19-нд УИД-ийн 5 давхарт байрлах “ICinema” кино театрт болох аж.

Мөн “Элчин сайдын нэрэмжит 6 дахь удаагийн таэквондогийн тэмцээн” энэ сарын 24, 25-нд Спортын төв ордонд болох юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Японы соёлын наадам болж байна

БОАЖЯ, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яамдын дэмжлэгтэйгээр НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Лэтс трэвел” ХХК нар хамтран энэ сарын 15, 16 өдрүүдэд “Япон Соёлын Наадам 2018” арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээнд Япон улсаас “Софтбанк” групп, “SB Players”, “Табиризм” компаниуд хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа юм.

Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах “ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор зохион байгуулагдаж буй тус наадам Монгол, Япон хоёр орны ард иргэд, бизнесийн байгууллагуудын хооронд гүүр болох зорилготой.

Японы соёлын наадмын нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцон баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Улс хоорондын харилцааны чухал суурь нь иргэд хоорондын харилцаа юм. Иймд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байгаа энэ үед иргэдийнхээ хүсэл эрмэлзэлд тулгуурлан Япон Улсын хотуудтай харилцааг эрчимжүүлж шат ахиулах чиглэлээр ажиллах болно. Японы үндэсний соёл урлаг, уламжлалт зан заншлыг нийлслэлийн иргэдэд сурталчлан таниулахаас гадна иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх зорилготой. Тиймээс иргэд та бүхнийг идэвхтэй оролцож, өдрийг байхан өнгөрүүлэхийг хүсье” хэмээв.

Наадмын үеэр Японы соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн, уралдаан, бараа бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг олон нийтэд сурталчлан танилцуулж, жинхэнэ “Япон амт, Япон чанар”-ыг иргэд, оролцогчидод мэдрүүлэх аж. Арга хэмжээнд Япон Улсаас 120 орчим урлаг соёл, бизнесийн байгууллагуудын төлөөлөгч нар оролцох юм байна. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй боловсрол, худалдаа, урлаг соёлын байгууллагууд хамтран оролцож байна. Тус арга хэмжээг үзэн сонирхохоор ирсэн хүмүүс Японы үндэсний тайко бөмбөрийн алдарт Индра хамтлагын тоглолтыг үзэж, Япон кимоно өмсөж зургаа авхуулан, Японы үндэстний хоолыг амтлах, Японы мэргэжлийн үсчдээр үнэгүй үсээ засуулах, Япон хэлний сургууль, боловсролын төвүүдтэй танилцах зэрэг олон төрлийн хөтөлбөрт хамрагдаж, хонжвортой сугалаа, урамшуулалд оролцож цагийг үр дүнтэй, хөгжөөнтэй, завгүй өнгөрүүлэх боломжтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр Налайхад тартан замын нээлтийн тэмцээн болно

Налайх дүүрэгт баригдсан Олон улсын хөнгөн атлетикийн тартан замын ажил энэ долоо хоногт бүрэн дуусч, байнгын ашиглалтад ороод байгаа билээ. Тэгвэл уг зам дээр анхны тэмцээнийг өнөөдөр өсвөр үеийнхний дунд өнөөдөр зохион байгуулах гэж байна. Тэмцээнд БТС-ын дунд сургууль болон бусад ЕБС, клуб, дугуйлангийн шилдэг өсвөрийн тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

Тус тартан замыг Олон улсын хөнгөн атлетикийн холбооны итгэмжлэгдсэн газар болох Итали улсын Мондо компани 320.000 ам.долларын үнэ бүхий стандартын резинэн замыг манай улсад оруулж ирэн, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны буцалтгүй тусламжаар хийж гүйцэтгэсэн юм.

Уг байгууламж ашиглалтад орж байгаа нь Монгол Улс олон улсын чанартай томоохон уралдаан, тэмцээнийг зохион байгуулах бололцоотой болсноос гадна тамирчдын амжилт сайжрах боломж гарч байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Ганхуяг: Хариуцлагатайгаар хэлье, оны эцэст иргэддээ ногдол ашиг тараана

Гэрэл зургийг Г. БАЗАРРАГЧАА

“Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг он гарахаас өмнө IPO хийж амжихгүй байлаа ч иргэдэд ногдол ашиг тарааж эхэлнэ гэж өчигдөр мэдэгдлээ. Тэрээр “Таван толгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, тус хөтөлбөрүүдийг эхлүүлэх, олон улсын зах зээл дээр IPO гаргах ажлыг эхлүүлээд 72 хонолоо. Хоёр удаагийн 180 хоногийн хугацаа авсан. Эхний 180 хоногийн хугацаа маань 72 дахь өдөртөө явж байна гэсэн үг. Энэ хүрээнд дөрвөн том ажил хийгдэнэ. Эхлээд олон улсын санхүү, хууль, техникийн зөвлөх авах, олон улсын аудит хийлгэх гэх мэт ажил хийгдэнэ. Найман үе шаттай ажлын тав дахь дээр нь явж байна. Олон улсын зөвлөх авах тендерүүд зарлагдсан. Хамгийн түрүүнд компанийн засаглалыг сайжруулах, шилэн санхүүгийн зарчмыг баталгаажуулах, худалдан авалтыг ил тод болгох зэрэг олон ажил бий. Компанийн засаглалыг сайжруулах хүрээнд гурван төрлийн ажил хийж эхэлсэн. Одоо хоёрыг нь зарлая. Олон нийтийн зөвлөлөө шалгаруулах, нэр дэвшүүлэх ажлыг эхлүүлж байна. Зөвлөл есөн гишүүнтэй, гурван дэд хороотой ажиллана. Монгол Улсын иргэн хэн ч нэрээ дэвшүүлэх эрхтэй. 14 хоногийн хугацаанд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдана” гэж ярилаа. Нэрээ дэвшүүлсэн хүмүүсийн анкет, мэдээллийг цахим хуудсандаа байршуулж олон нийтээс санал авах ажлыг зохион байгуулахаар болж. Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг тогтмол явуулах аж. Мөн л цахим хуудсаараа зарлаж байх гэнэ. Нүүрс худалдан авалтын нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж эхэлжээ. Нээлттэй сонгон шалгаруулалт явуулсны дараа байгуулагдсан гэрээнүүдийг ил болгох шийдэл гаргажээ. Өнгөрсөн сарын 7-нд борлуулалтын бүх гэрээг ил болгосон гэж Б.Ганхуяг ярив. Нүүрс борлуулалтын гэрээг гурван хэлбэртэй болгожээ.

Эхний хэлбэр нь шууд гэрээлэх бол хоёр дахь хэлбэр нь шинэ гарц бий болгоход чиглэж байгаа аж. Орос руу Владивостокоор дамжиж гарна гэж “Эрдэнэс Таван толгой”-н удирдлага ярьсан юм. Гурав дахь хэлбэр нь нүүрс угааж, эцсийн бүтээгдэхүүн болгож, хамтран ажиллаж борлуулах зүг рүү чиглэж байгаа юм байна. Анхны саналаа авах гэж байгаа гэнэ. Тус компани энэ сарын 8-ны байдлаарх санхүүгийн үзүүлэлтээ мөн энэ өдөр тайлагналаа. Одоогоор 1.19 их наяд борлуулалтын орлого хийсэн байна. Цэвэр ашиг нь 473 тэрбум төгрөгт хүрчээ. Б.Ганхуяг “Цэвэр ашиг маань өсөх хэрээр ногдол ашиг, IPO, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх боломж нь нэмэгдэж байна. Хариуцлагатайгаар хэлье, 2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үр дүнгээр бид 1072 хувьцааг амь оруулна. Иргэн бүртээ ногдол ашиг тараана. Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас бидэнд нүүрсээ 13 хүртэл сая тоннд хүргэ, 2019 онд 15-аас дээш сая тонныг олборло, 2020 онд 20 сая, 2021, 2022 оноос бүрэн хүчин чадалдаа буюу 35 сая тоннд хүргэ гэсэн. Одоогоор 9.1 сая тонн нүүрс олборлоод байна” гэж ярилаа. “Эрдэнэс Таван толгой” компанид IPO гаргах чиглэлээр тусдаа нэгж ажиллаж эхэлжээ.

Хэвлэлийн хурлын дараа “Эрдэнэс Таван толгойн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-“Эрдэнэс Таван толгой”-н удирдлага гэрээ байгуулахдаа МАН-ын зарим сайд, дарга нарын нөлөөнд ордог, тонн нүүрснээс нэг ам.доллар хүртдэг гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ хэр ортой мэдээлэл вэ?

-Манай компани үйл ажиллагаагаа Компанийн тухай хууль, бодлого тодорхойлж байгаа төрийн захиргааны төв болон бусад байгууллага, ТУЗ-ийн шийдвэр, дүрэм журмын хүрээнд явуулдаг. Бидэнд ямар нэг улстөрч, улс төрийн нам, дарга сайд нөлөөлдөггүй. Борлуулалтаа нээлттэй ил тод болгохоор идэвхтэй ажилласан. Нүүрсний үнийг 70.1 ам.доллар болгож өсгөхийн тулд борлуулалтын үнийг нэмэгдүүлэх хэд хэдэн арга хэмжээ авсан юм. Үүний хүрээнд хоёр ам.долларын асуудал яригдаж байгаа. Энэ хоёр ам.доллар улсад буюу Засгийн газар, компанид үлдсэнээр нэг улирлын 12.5 сая ам.доллар Монголд үлдэж байна. Бага хэмжээгээр нүүрс борлуулахаа больсон. 500 мянгаас дээш тонноор борлуулаад эхэлчихсэн. Дундын зуучлагч байхгүй болсон шүү. IPO гаргах хүрээнд олон улсын шинжээч, судлаачид манай бүх гэрээг судалж байгаа. Цаашид хөрөнгө оруулахаар илүү том компаниуд орж ирнэ. Тэгэхээр зөвхөн өөрөө хөдлөх биш бусад төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх, хамтран ажиллах боломжууд нээгдэнэ. Тийм учраас том компаниудыг сонгож байгаа.

-Л.Энхболд гишүүний мэдээлээд байгаа нүүрс хулгайлж худалдсан гэсэн мэдээлэлд тайлбар өгөөч. Үнэхээр тийм их хэмжээний нүүрс алга болсон уу?

-Холбогдох газруудын ажлын хэсэг ажилласан. УИХ-ын гишүүн энэ талаар мэдээлэл хийснийг та бүхэн мэдэж байгаа байх. Компани 268 мянган тонн нүүрсийг өөрийнхөө нүүрснээс алдагдсан гэдгийг анх тогтоож өгсөн юм. Өмнө нь 2013 оноос хойш алдагдаад яваад байсан юм билээ. Тухайн үеийн удирдлагуудаас орон нутгийн Таван толгойд бичгээр “Баталгаажуулъя, тоогоо нэгтгэе” гэсэн санал тавьсан байдаг. Гэсэн ч шийдэгдээгүй өнөөг хүрсэн л дээ. Харин бид очоод 268 мянган тонн нүүрсийг нь баталгаажуулж чадсан. Үүн дээр ч нэмэгдэх боломжтой байсан. Гэхдээ хоёр талын маркшейдер хэмжээд эхний байдлаар 268 мянган тонныг нь тогтоосон юм. “Эрдэнэс Таван толгой” буюу гурван сая иргэнийг төлөөлсөн компанийн нүүрс алга болсныг баталгаажууллаа. Одоо ид яригдаад байгаа асуудлыг анх сөхөж гаргасан нь бид өөрсдөө. Өөрөө хийчихээд буруутан нь болох ёсгүй. Шүүхээр тогтоогдоогүй үед хэн нэгнийг буруутай гэж хэлэх үндэс байхгүй. Бизнесийн компанийн хувьд эрсдэлтэй. Учир нь бид хамтарч ажилладаг байгууллагууд. Орон нутгийн Таван толгой бол манай дотор байдаг жижиг уурхай. Жижиг уурхайн зовлон гэж бий. Бүх зүйл манай уурхайн хяналтын бүсээр дамжиж ордог. Ажилчид нь хүртэл манай харуул хамгаалалтаар дамжиж ордог юм. Тэнд технологийн зам өргөтгөх, тэсэлгээ хийх, шал, тааз, хана, тогтооход хүртэл манай нүүрс унадаг. Ийм тайлбар хэлсээр ирсэн. Харин 2017 оноос хойш буюу 268 мянган тонн нүүрсний асуудлыг тогтоосноор нэг ч тонн нүүрс алдаагүй. Яагаад гэвэл орон нутгийн Таван толгойг бид хариуцлагажуулж чадсан. 24 цагийн хяналт тавьж байгаа. Бид дециметр алдахгүйгээр улаан зурвасаа татсан. Гэхдээ бид хүний бүс рүү шууд дайрч орж болохгүй учраас хүндрэлтэй зүйл байдаг юм.

-Алдагдсан нүүрсний хэмжээ өссөн гэсэн байх аа?

-Алдагдсан нүүрсний хувьд хамгийн сүүлийн байдлаар 340 мянган тонн болсон гэдэг мэдээлэл ирсэн. Бид баяртай байгаа. 340 мянган тонны хэмжээний орлогыг “Эрдэнэс Таван толгой” компани буцааж авна. Орон нутгийн Таван толгой ТУЗ-өө хуралдуулаад энэ төлбөрийг төл гэсэн шийдвэр гаргасан юм билээ. Улстөрчдийн ажил ямар түвшинд явах нь бидэнд сонин биш. Учир нь бид дэлхийд гарах гээд явж байгаа бизнесийн компани. Тиймээс бизнесийн ёс зүй, бизнесийн харилцаа, бизнесийн хуулийн хүрээнд алдагдсан нүүрсээ олж авна.

-Машинаар хяналтгүй гарсан гэх нүүрсний тухайд ч олон нийт тайлбар хүлээж байгаа. Тийм байх боломжтой юу?

-Хэрвээ машинаар хяналтгүй гарсан нь тогтоогдвол бид хуулийн дагуу дахин шаардлага хүргүүлнэ. Их ноцтой асуудал. Манай компанийн нүүрс байх өндөр магадлалтай. Бид нэг ч тонн нүүрс алдахгүйгээр алдсан бүхнээ олж авна. Бид бизнесийн байгууллага учраас гаальтай, хил хамгаалахтай асуудал үүсгээд явах боломжгүй. Ямартаа ч энэ жилдээ 340 мянган тонн нүүрсний мөнгө орж ирвэл төсөвт төлөх орлого нэмэгдэх нь гэсэн бизнесийн хүлээлттэй сууж байна.

-Таны өмнөх Д.Ариунболд захирлын үед нүүрс алга болсон уу?

-Тэр үед би энэ компанид ажиллаж байсан. Дахиад хариуцлагатайгаар хэлчихье. Д.Ариунболд захирлын үед нэг ч тонныг алдаагүй.

-Нүүрс алдсан хүмүүс нь хэн хэн бэ гэдгийг тогтоож, хариуцлага ярих учиртай гэсэн шүүмжлэл ид өрнөж байна. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?

-Хууль шүүхийн байгууллага л тогтоох байх. Өмнөх удирдлагуудтай уулзаад ярихад нэвтрүүлдэггүй байсан гэдэг зүйл л ярьдаг. Хоёр компанийн хоорондын харилцаа сайнгүй, хамтын ажиллагааны гэрээ нь тодорхойгүй, орох гарахдаа хүртэл хүндрэлтэй асуудал үүсч байсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ өмнөх удирдлагууд зүгээр суугаагүй. Яг хаанаас алдаж байна вэ гэдэг дээр сансрын зургийн баталгаа хийлгээд яваад байсан юм билээ. Дахиад хэлье, хэн буруутайг шүүх тогтооно.

-1072 хувьцааны тухайд хувьцаагаа 100 хувь зарсан хүмүүс бий. Оюутнууд, ахмад настнуудаас гадна хувьцаагаа төрд зарсан хэсэг бий бил үү?

-Гурван удаагийн арилжаа хийгдсэн. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудаас гадна 300 мянган төгрөгийн арилжаа хийгдсэн байгаа. Хувьцаагаа шалгах хэрэгтэй. Арилжаанд оролцсон үгүй нь шалгасны дараа тодорхой харагдана.

-2014 оноос хойш төрсөн хүүхдүүд хувьцаагүй байгаа. Энэ тал дээр засаг ямар шийдэл гаргах бол?

-Засгийн газраас шийдвэр гаргасан тохиолдолд олгох боломж бий гэж компанийн зүгээс тооцож байгаа. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд арилжаа эхлэхэд эрсдэл үүсч магадгүй гэж үзэж байна. 1072 хувьцааны тодорхой хувийг арилжаалах эрхийг нээнгүүт иргэд шууд зараад эхэлбэл үнэ нь унах вий гэсэн болгоомжлол бий. Үүнээс сэргийлэх үүрэг “Эрдэнэс Таван толгой” компанид ирж таарна. Тийм учраас бид “ETT” сан үүсгээд, хувьцааны үнэ доош унангуут сан маань өөрөө худалдаж авдаг, үнэ нь өссөн тохиолдолд борлуулах боломжийг нээх гэх мэт санхүүгийн гаргалгаануудыг зохион байгуулаад явж байна.

-Танай компанийн хувьцаа эзэмшдэг нас барсан хүмүүсийн тухайд ямар гарц гаргалгаа байгаа бол. Хувьцаа өвлүүлэх, бусдад шилжүүлэх гэх мэт харилцаануудыг яаж зохицуулах вэ?

-Компани хувьцаагаа гаргаснаар хувьцаа ямар хэлбэрээр эргэлддэг, ямар хэлбэрээр арилжаалагддаг вэ, тэр дүрмийг л дагана. Тийм учраас 85 хувийг нь эзэмшиж байгаа Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргана. Энэ шийдвэрийн хүрээнд хувьцаагаа өвлүүлэх, бусдад шилжүүлэх гэх мэт бүх эрхийг хуулийн хүрээнд нээж өгөх байх. Бид 2 сая 511 мянган иргэнийг балансан дээрээ бүртгэж авсан. Өмнө нь манай балансан дээр байхгүйгээр арилжаа явагдсан юм. Одоо манай бүртгэл дээр ирсэн тул саяын ярьсан нас барсан тохиолдолд өвлүүлэх харилцаатай холбоо бүхий хуультай уяж өгнө. Би өмнө нь есдүгээр сард Монголын Хөрөнгийн биржээр гарна гэсэн амлалт өгсөн. Бичиг баримт нь бүрэн боловсрогдоод дууслаа. СЗХ-нд материалаа хүргүүлсэн байгаа. Эдийн засгийн байнгын хороонд саналаа хүргүүлсэн. Энэ сарын 26-нд болох хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдаа танилцуулж эрхээ авна. Би гүйцэтгэх захирлын хувьд хийх ажлаа хийсэн. Эрх бүхий байгууллага шийдвэр гаргавал энэ асуудал нээлттэй болсон.

-IPO гаргах ажлын явцаас сонирхуулаач. Гадаадын Хөрөнгийн биржээр арилжаалах хугацаан дээр багцаа бий юу?

-IPO-гийн нэгж байгуулагдаад долоо хүрэхгүй хоног болсон, бэлтгэл ажил хийгдэж байгаа учраас цаг хугацааны хувьд тодорхой тоо хэлэх боломж алга. Торонто, Лондон, Нью-Йорк, Хонгконг гэсэн дөрвөн Хөрөнгийн биржийг судалж байна. Хөрөнгө оруулагчид, санхүүгийн шинжээчид манай компанийг ид сонирхож байгаа. Хувьцаа, IPO хариуцсан газрууд маань цаг наргүй ажиллаж байна. Монголчуудын, компанийн хувьд нууцлалтай байх ёстой. Хэлэхгүй зүйлийг хэлэх боломжгүй.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга бүх нийтийн гүйлтийн нээлтэд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг хөгжүүлэх зорилготой бүх нийтийн гүйлтийн тэмцээний нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ.

Энэ гүйлт нь өнгөрсөн гурван жилийн турш зохион байгуулагдсан бөгөөд давхардсан тоогоор 3000 хүн гүйж, 950 гаруй сайн дурын ажилтан зохион байгуулалтын ажилд оролцож, 150 гаруй хувь хүн, аж ахуйн байгууллага мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр дэмжин ажиллаж иржээ.

Энэ жил гүйлт 3, 5, 10, 21, 42 км зайд болж, өмнөх жилүүдийн адил үйл ажиллагаанаас цугларсан бүртгэлийн хураамж, хандив, орлого нь нийгэмд үлгэр жишээ үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг хөгжүүлэх, тив дэлхийн олон улсын марафонд оролцох боломжийг нь хангах, тусгай сургуульд сурч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор дамжуулан чадавхжуулах зэрэг ажилд 100 хувьд зарцуулагдана гэж зохион байгуулагчид танилцууллаа.

Бүх нийтийн гүйлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Итгэл, найдвар, боломж” марафонд хүрэлцэн ирсэн тамирчдад өглөөний мэнд хүргэе. Хүн болгонд итгэл, найдвар, боломж байдаг. Тэр итгэл, найдвар, боломжийг яаж ашиглах нь та бүгдийн чин сэтгэлийн хэрэг. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэ марафоны оролцогчдод амжилт хүсье” гэж хэллээ.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа үг хэллээ. Тэрбээр:

“Та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа.

Үүний нэг нь өнгөрсөн жил Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэлэлцүүлэг хийсэн.

Хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлигийг өнгөрсөн 9 дүгээр сарын 4-ний өдөр гаргаж, Засгийн газарт хүргүүлээд байна. Энэ зарлигт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг шийдэхэд чиглэсэн заалтуудыг тусгасан. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд тусгасан хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр эрхлэлтийг зохицуулсан харилцааны хуулийн хэрэгжилт өнөөдрийг хүртэл хангагдахгүй байгаа учраас энэ хуулийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр гурван заалт бүхий зарлигийг чиглэл болгон хүргүүллээ.

Нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр заалтыг хэрэгжүүлэх талаар төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудад чиглэл болгох тухай заалтыг тусгасан. Хоёрдугаарт, тухайн байгууллагын ажиллагсдын 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхаар тооцож ажлын байраар хангах, хэрвээ ажлын байраар хангаагүй тохиолдолд төлбөр төлөх тухай Засгийн газрын тогтоолыг дахин шинэчлэх заалт орсон. Үүнд, Улаанбаатар, Дархан хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаагүй бол тухайн байгууллагын ажиллагсдын дундаж цалингийн хэмжээгээр, бусад аймагт ажиллагсдын дундаж цалингийн 60 хувиар тооцох юм. Гуравдугаарт, саяхан байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан агентлагийн дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудын оролцоог тэгш хангасан Үндэсний хороог байгуулж, энэ хороо дээрх төлбөрийг захиран зарцуулах, бүрдүүлэх, хяналт тавих тухай журмыг баталж мөрдүүлэх тухай чиглэлийг үүрэг болгосон.

Энэ зарлиг хэрэгжвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг хангахад чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой. 103 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудлыг шийдвэрлэсэн зарлиг гарсан гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна. Өнөөдрийн тэмцээнд нь амжилт хүсье” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Түвд Монголын Шашин Соёлын Төвийн 40 жилийн ой, Ажаа гэгээний насан баяр

Есдүгээр сарын эхний долоо хоногт АНУ-ын Индиана мужийн Блүүмингтон хотноо орших Түвд Монголын Шашин Соёлын Төв (ТМШСТ) 40 жилийнхээ ойг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Мөн жил бүр Америк дахь монголчуудын тэмдэглэдэг нэгэн баяр болох Ажаа гэгээний насан баярыг хамтад нь тэмдэглэж байгаа юм.

ТМШСТ ойгоо зүгээр нэг өдрийн наадам биш эрдэм оюун, шашин ном, урлаг соёлын цогц арга хэмжээ болгон зохион байгуулж байна. Тухайлбал, Бурхны шашин судлаач, нэрт профессор Роберт Турман тэргүүтэй эрдэмтдийн лекц, элсэн мандал бүтээх, хийморийн дарцаг хийсгэх, жинсрэг цутгах гэх мэт шашны үйл ажиллагаа, Монгол урлагийн тоглолт, лам нарын үзүүлбэр зэрэг олон үйл ажиллагаа долоо хоногийн турш үргэлжлэв.

Өдгөө Жамцэ лин хийд, Соёлын төвийн байшин, хоёр том суварга, гэр хэлбэрийн зуслангийн байшин, хүрд, засмал зам бүхий энэ сайхан төв 40 жилийн өмнө гэхэд хүн суудаггүй, эзгүй ойн цоорхой байсан гэдэг. 1965 онд Дээрхийн гэгээнтэн Далай ламын ах Түвд Норов рэнбүчи Индианагийн их сургуульд түвд хэл, уран зохиол заахаар ирснээс хойш шинэ түүх эхэлжээ. Монголчуудын Дагцэр рэнбүчи хэмээдэг Түвдэн Норов багш бол эрдэм номтой рэнбүчигээс гадна монгол хэлэнд ус цас хүн байсан юм. Учир нь хар багаас нь ном заасан лам багш нь Дээд Монгол хүн байжээ. Яг л Ажаа рэнбүчи шиг хүн гэсэн үг. Тийм учраас Норов гуай түвд, монгол хэлтэй аж. Хар Дорж багш үүнийг бичээчид нэг бяцхан түүх ярьж өгсөн юм. 1990-ээд оны эхээр хоёр улсын харилцаа хэвийн болоход Индианагийн их сургуульд хамгийн анх ирсэн түүхч эрдэмтэн Норов багштай уулзаж л дээ. Тэгээд Хар Дорж багшид ихэд бишрэнгүйгээр “Энэ Дагцэр рэнбүчи гэдэг чинь монгол хэлээр уран тоть шиг ярьдаг хүн байна даа” гэсэн гэдэг. Харамсалтай нь би Дагцэр рэнбүчитэй золгож чадсанаас ярьж хөөрч, ярилцлага авч даанч чадаагүй. Учир нь намайг 2002 онд Индианагийн их сургуульд ирэхэд цус харвачихсан, ерөөс хэдхэн үгнээс цааш ярьж чадахаа больчихсон байсан юм. Монгол хүн ирлээ гэж сонсоод нүд нь сэргэн, миний хоёр хүүгийн толгойг илээд “Хөөрхий хөөрхий” хэмээн монголоор эвийлж суусан сан.

Түвдэн Норов гуай Индианагийн их сургуульд ирүүтээ л оюутан залуус, дэмжин туслагч, шүтэн бишрэгчдээр өөрийгөө хүрээлүүлж чаджээ. Тэрбээр Америкийн олон нийтэд Түвдийн тухай, хэрхэн эзлэгдсэн тухай, тэнд юу болж буй тухай таниулан ярьж байлаа. 1970-аад оны үед Норов гуайн дотно нөхөд нэгэн гэр бүлийнхэн энэхүү газрыг худалдан авч, Норов гуайд бэлэглээд Түвдийн шашин соёл, хэл уран зохиолыг түгээ хэмээсэн аж. Норов гуай Индианагийн их сургуулийн хэдэн оюутныхаа хамт сүх бариад л тэр ой руу орсон гэдэг. Халуун нар, хүйтэн өвөл ажрахгүй ажилласаар ой дотор томоохон чөлөө гаргаж, өөрийн гараар Төвийн байшин, эхний суваргаа босгоод авч. Ингээд 1978 онд албан ёсоор Түвдийн Соёлын төвөө нээжээ.

2002 онд Норов гуай хэвтэрт орсноор Төвийн үйл ажиллагаа эрс муудсан юм. Энэ хүнд үед Далай лам Ажаа рэнбүчиг Төвийн ерөнхийлөгчөөр ажиллана уу хэмээн хүссэн ажээ. Ажаа гэгээн 2006 онд энд ирснээр хэд хэдэн өөрчлөлтийг хийсэн нь ялангуяа монголчууд бидэнд, Монгол Улсад тун завшаантай явдал болсон билээ. Ажаа гэгээн монгол хүн учраас юуны түрүүнд Монгол гэсэн үгийг нэмж, Түвдийн Соёлын Төв гэж байсныг Түвд Монголын Шашин Соёлын Төв болгосон юм. Тэр цагаас хойш энд ирэх монголчуудын тоо түвд нараас хавьгүй олон болж, манай монгол хэл соёлын зуслангаас өгсүүлээд монгол арга хэмжээ тасрахгүй байна. Мөн Дагцэр рэнбүчи, Ажаа гэгээн хоёулаа нэгэн цагт Гүмбум хийдийн хамба лам байсны тул төв дэх Жамцэ лин хийдийн нэрийг өөрчилж, Гүмбум Жамцэ лин болгосон, өөрөөр хэлбэл Баруун дахь Гүмбум хийд гэсэн үг болж байгаа юм.

40 жилийн ойн үйл ажиллагааг нээхдээ Ажаа гэгээн энэ бүх түүхийг товч өгүүлээд нэгэн сонирхолтой зүйлийг нэмэв. Тэрбээр:

“Төв дотроо би алхаж явахдаа өдөр бүр амьтантай таарна. Хэрэмнүүд модон дээгүүр огт айсан шинжгүй харайлдана. Буга согоо эхэндээ зугтах аядсанаа эргэж хараад тайван идээшилнэ. Туулай зүлэг дундуур чих нь дэлдэгнэн сэргэлэн нь аргагүй давхина. Хогийн саван дээр маань элбэнх тухлаад суучихсан зоог барьж байх. Эхлээд би энэ амьтад биднээс айхгүй, газар дээр маань сайхан амьдарч байна даа гэж бодсоноо, ахиад жаахан эргэцүүлтэл огт эсрэгээр болохыг ойлгож билээ. Үгүй шүү дээ, хэдэн зууны туршид нутаглаж ирсэн газар нь энэ. Харин хүмүүн бид энд гаднаас ирсэн зочид билээ. Хөөж туух биш харин ч тэдэнд талархан, айлгаж үргээлгүй хамтдаа орших ёстой юм. Хүмүүний хүч чадал гэдэг гол юм биш ээ. Харин тэгш эрх, энэрэх сэтгэл, нигүүлсэл, эе эв гэдэг хамгийн чухал”.

Ажаа гэгээний энэ үгийн дараа тэртээ ОХУ-ын Халимаг, Тайвань, Япон, Энэтхэг, Их Британи улсаас ирсэн зочид үг хэлж баяр хүргэв. Индианагийн их сургуулийн дэд ерөнхийлөгч мөн халуун дулаан үг, дурсамжаар бэлэг барилаа. Үргэлжлээд урлагийн тоглолт, йог гээд олон арга хэмжээ болов. Америк дахь монголчууд төдийгүй дэлхий даяарх монголчуудын ирэх дуртай болсон ариун дагшин энэ газрын 40 жилийн ой есдүгээр сарын эхний энэ өдрүүдэд ийнхүү үргэлжилсээр, монголчуудын хөл хөдөлгөөн тасрахгүй хэвээр байна.

Манай сонины Вашингтон дахь тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Н.Цэрэнбат: 199.7 тэрбум төгрөгтэй байхад богино хугацаанд утааг бууруулж чадна

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос /ОББҮХ/ агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдэд мэдээлэл хийлээ. Хуралд Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн гишүүд болох Д.Сарангэрэл, Л.Болд, С.Бямбацогт, Ё.Баатарбилэг, Л.Элдэв-Очир нар оролцлоо. Энэ үеэр БОАЖ-ын сайд, ОББҮХ дэд дарга Н.Цэрэнбат 2019 төсвөөс 199.7 тэрбум төгрөг шаардлагатай байгааг мэдээлсэн юм. Түүнээс энэ талаар дараахь тодруулгыг авлаа.


-2019 оны тавдугаар сарын 15-наас хойш Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Үүний хэрэгжилтийг хангахад ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Бэлтгэл ажлыг хангаж, бодитой ажлуудыг хийхгүй бол болохгүй. Өмнө нь утаагүй зуух төсөл хэрэгжүүлсэн. Ард иргэдийн дунд энэ төслийг үр дүнгүй байна гэсэн шүүмжлэл их байгаа. Мянганы сорилтын сангаас хийсэн судалгаагаар утаагүй зуух үүргээ гүйцэтгэж, утааны хортой чанарыг бууруулсан гэсэн дүгнэлт гарсан. Анх утаагүй зуухыг таван ханатай гэрт туршсан. Гэтэл айл бүр гэр, байшингийн хэмжээ өөр учраас халаалтын хувьд асуудал гарсан. Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу орчмын нутаг дэвсгэрт байрлах 26.340 айл өрхийг агаарын бохирдлыг бууруулах туршилтын бүс болгосон. Зөвхөн энэ бүс нутагт 80 мян.тонн сайжруулсан түлш тараана. Мөн байшин, гэрээ дулаалах сургалтуудыг зохион байгуулна. Эдгээр ажлуудыг хийх явцад агаарын чанарын хэмжилтийн станцаар дамжуулж утааны хэмжээг ажиглана. Агаарын бохирдлыг хэдий хэмжээгээр бууруулж чадах вэ гэдгийг турших үлгэр жишээ бүс юм. 26.340 айлын 5540 нь зорилтот бүлэгт хамрагдсан. Аравдугаар сарын 1-ээс ирэх оны гуравдугаар сарын 15 хүртэл агаарын бохирдлыг бууруулах туршилтын бүс дээрээ бүх юмаа зарцуулна. 30 мянган өрхийг индукцен шүүлтүүрээр хангана. 78 халаалтын зуухыг төвлөрсөн дулаанд холбож, 40 мянга гаруй өрхөд цахилгаан халаагуур тавина. Эдгээр ажлуудыг хийж, түүхий нүүрсний хэрэглээг бууруулах зорилгыг тавьж байгаа юм. Ингэснээр 2500 тонн тоосонцор, 1450 тонн хүхэрлэг хийн ялгарлыг бууруулах боломжтой гэж үзсэн. Энэ бол богино хугацаанд хортой утаа ялгарлыг бууруулах ажил юм.

-Өмнө нь сайжруулсан түлшний талаар яригдаж байсан хангалттай хэрэгжиж чадаагүй. Энэ удаагийнх юугаараа ялгаатай вэ?

-Засгийн газраас түүхий болон сайжруулсан нүүрсний үнийг ижил түвшинд барь гэдэг. Дэгдэмхий хий бага гаргадаг нүүрсийг судалж үзсэн. Багануурын нүүрс дэгдэмхий хий ихтэй, чийг ихтэй учраас агаарын бохирдол ихээр нөлөөлдөг. Тиймээс Налайхын нүүрсийг хэрэглүүлэх талаар ажиллая гэж үзсэн. Гэтэл Налайхын нүүрс нь аравдугаар сард нэг тонн нь 186 мянган төгрөг, арван нэг, арван хоёрдугаар сард 200 мянга болж өсөөд, дөрөвдүгээр сард 110 мянга болж буурдаг. Сайжруулсан түлшний татаасанд жилд 58 тэрбум төгрөг өгчихвөл түүхий нүүрсний үнэтэй ижил хэмжээнд барьж болно.“Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн “Таван толгой түлш” гэсэн охин компанийн байгуулсан. 200 мян.тонн нүүрсийг энэ бүсэд нийлүүлнэ.

-Цахилгаан халаагуурын асуудал яригдлаа. Үүнд хэдий хэмжээний төсөв шаардлагатай вэ?

-Өнгөрсөн жилээс хойш айл өрхүүдийг цахилгаан халаагуур ашиглах техникийн нөхцөлийг бий болгохоор ажиллаж байна. Энэ оны эцэс гэхэд 44964 айл цахилгаан халаагуур ашиглах эрчим хүчний эх үүсвэр бэлэн болно. Үүнтэй холбогдуулан агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороон дээр Туркийн буцалтгүй тусламжаар 3000 орчим цахилгаан халаагуурыг нийлүүлэхээр болсон ч өнгөрсөн долоо хоногт энэ ажил албан ёсоор хойшилсон. Энэ жил Дэлхийн банкнаас 12 сая ам.долларын цахилгаан халаагуураар хангана гэж байсан ч мөн л хойшилсон. Цахилгаан халаагуурын төсөлд 16 тэрбум төгрөг шаардлагатай. Айлуудыг цахилгаанаар холбохын тулд шарилын газрыг чөлөөлөх шаардлага гарсан. Үүнд анх гурван тэрбум төгрөг хэрэгтэй гэж байсан ч Нийслэлээс 10 орчим тэрбум хэрэгтэй гэж мэдээлсэн. Эрчим хүчний яамнаас энэ ажилд холбогдуулан мөнгө гаргаж өгөхгүй юм бол бид энэ ажлыг бүрэн гүйцэтгэж чадахгүй. Түүнчлэн нам даралтын нийт 78 зуухыг зогсоож, төвийн нэгдсэн дулаанд холбохоор болсон. Эрчим хүчний яам энэ жилдээ холбоно гэдгээ мэдэгдсэн. Мөн Бичил дэд төв төслийг туршилтын журмаар эхлүүлээд байна. Нэг бичил төв 200 айл цэвэр, бохир, дулаанд холбогдох асуудлыг нэн түрүүнд шийдэж, ажлууд нь цаашдаа явна гэж төлөвлөсөн. Үүн дээр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүрэгт ажиллаж байгаа.

-Нийтийн зорчигч тээврийн 24 автобусанд утаа шүүгч тавьсан. Нийтийн тээврийн 70 гаруй хувь нь насжилт өндөртэй байна гэсэн. Эдгээрт ямар арга хэмжээ авах вэ?

-Буцалтгүй тусламжаар 24 автобусанд шүүлтүүр тавьсан. Улаанбаатарт хотод 1200 орчим автобус нийтийн тээвэрт явдаг. Эдгээр автобусанд шүүлтүүр тавих саналтай байна. Үүнд 25 тэрбум төгрөг шаардлагатай. Шүүлтүүр хийдэг олон улсын компаниудад хоёр хувааж төлбөрөө төлөх нөхцөлтэйгөөр тендер зарлаж болно. Автобус болгонд агаар шүүгч тавьчихаар хар утаа гаргах байдал эрс буурна. Нийслэлийн тамгын газраас 25 тэрбумыг шүүлтүүрт зарцуулснаас шинэ автобус худалдаж авмаар байна гэсэн санал ирүүлсэн. Шинэ автобус аваад ялгаагүй утаагаа хаяна. БНСУ дизель автобусандаа шүүлтүүр тавьдаг хуультай. Харин тухайн автобус хилээр гарахад шүүлтүүрийг нь салгаж авдаг. Манайд шүүлтүүрийг нь авчихсан автобус орж ирээд утаа гаргаад байна. Нийт явж байгаа автобусны 70 гаруй хувь нь насжилт өндөртэй, 50 гаруй нь газаар явдаг. Энэ шүүлтүүрт шаардлагатай 25 тэрбум төгрөгийн 50 хувийг ирэх оны төсөвт суулгаад явахад нийлүүлэгч компанитайгаа санхүүгийн механизмаа тохирч болно. Санхүүгийн асуудлаа 100 хувь шийднэ гэхээр мөнгө нь томдоод, ажил явдаггүй.

-Өөр ямар ажлуудыг төлөвлөсөн бэ?

-Улаанбаатарт том, жижиг 3000 төрлийн уурын зуух ажилладаг. Үүнийг 100 квт-аас дээш, түүнээс доош гэж хоёр ангилаад шүүлтүүр суурилуулахаар болсон. БНХАУ-ын Хайер компани нэгийг нь 3000 ам.доллараар зарах санал ирүүлсэн. Эдгээр 3000 зууханд бүгдэд нь суурилуулбал 22.5 тэрбум шаардлагатай. Үүний 50 хувийг улсын төсвөөс гаргуулж, үлдсэн хэсгийг тухайн уурын зуухны компани хугацаа тохирч төлөх механизм руу оруулж болно. Мөн 250 галт тэрэг хэвийн температур авах гэж галладаг. Эдгээрт мөн индукцен шүүлтүүрийг тавих 7.5 тэрбум төгрөг хэрэгтэй. Үүнээс ирэх оны төсөв 1.7 тэрбум төгрөгийг суулгаж, үлдсэн хэсгийг Улаанбаатар төмөр замаас хий гэсэн шаардлагыг тавьсан. Гэрийн зууханд тавих индукцен шүүлтүүрийг 30 мянган айлд үе шаттайгаар оны төгсгөл гэхэд суурилуулж дуусна. Нийт 73.5 тэрбум төгрөгийн өртөг гарна гэж тооцсон. Ингээд нийт дүнгээр 199.7 тэрбум төгрөгтэй байхад богино хугацаанд утааг бууруулж чадна, үр дүн гарна гэж бид үзэж байна.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Дэггүйтсэн ч тэргүүлсээр ирсэн ангийнхан

1974 онд найман жилийн 19 дүгээр сургуулийн 1А бүлэгт орж байсан ангийг энэ удаагийн “Нэг анги” буландаа онцолъё.

Эдний анги сурлага, урлаг спортоороо тэргүүлэгч анги байжээ. Нэгдүгээр ангид Сүрэнхүү гэдэг багш хичээл орж байсан гэнэ. Харин дунд ангиас нь Физикийн багш Бямбаа багш дааж авсан аж. 33-уулаа наймдугаар ангиа амжилттай төгсөхөд багшийн хувь нэмэр хэмжээлшгүй их гэдгийг ангийнхан дуу нэгтэйгээр ярилаа.

Ангийн охин Д.Амарбаясгалан “Багш маань хүүхэд болгонтой тулж харьцдаг. Хичээлээсээ жаахан хоцрох гээд байдаг хүүхдэд илүү цаг гаргаж, хичээлийг нь тайлбарлаж өгдөг байсан. Мөн сурагч сахилгагүйтэж, алдаа гаргавал өөрийнхөө өрөөнд оруулж нэг нэгээр нь загнаж, зэмлэж, сургаж, амьдралын ухааныг ойлгуулах гэж хичээдэг байж дээ. Тиймээс бид бие биенийгээ гэсэн сэтгэл минь одоо ч хэвээрээ. Жаргал, зовлон тохиолдсон аль ч цаг үед хамтдаа байдаг. Одоо хүртэл холбоотой байна. Манай ангийнхан уулзахаараа “Балчир наснаасаа эхлээд 50 гартлаа хамт байна гэдэг ховор завшаан” гэж ярьдаг. Бямбаа багш маань их ухаалаг, арга барил сайтай, чадвартай хүн. Одоо гавьяаныхаа амралтад суусан” хэмээсэн юм.

Эдний ангийнхан 22 эрэгтэй, 13 нь эмэгтэй. Физикийн кабинетад гурвуулаа суудаг ширээ байдаг аж. Багш нь сахилгагүй хөвгүүдийг хоёр эмэгтэй хүүхдийн дунд суулгачихна. Охид нь тэрүүхэн тэндээ хөвгүүдээ шоглодог байсан гэлээ. Багш маань яаж, хэрхэн хүлээцтэй байх уу, бие биедээ хэрхэн тусархаг байх вэ, суурь хүмүүжлийг маань сайн бий болгож өгсөн шүү. Сахилгагүй ангийг атгасан гар шиг болгосон гэж юм л бол багшаа магтана.

Ангийн охин Б.Мөнхцэцэг “Тухайн үед найман настай хүүхэд сургуульд ордог байсан учраас биеэ даачихсан. Үүнийг сурах ёстой гэдгээ ухамсарласан байсан. Бэлтгэл бүлэгт гар зүгшрүүлэх хичээлээр шулуун зураас зурах, дэгээ бичдэг байв. Ингээд үсгээ үзэж эхэлсэн. Цагаан толгойн баяр өвөл болдог байлаа. Зургийн дэвтрийн цаасан дээр цамцны захын хатуулгыг машиндуулж, үсэг болгож, холбож үг бүтээх дасгал хийдэг байсан. Бага ангийн багш маань биднийг огт залхуурч болохгүй. Эрдэм сайн сурах хэрэгтэй гэдгийг хэлдэг байв. Манай ангийнхан сурлага, урлаг спортоороо тэргүүлэгч мөртлөө жигтэйхэн сахилгагүй, их үймүүлдэг байв. Биднийг Бямбаа багш маань хатуу гараар өсгөсөн. Энэ нь биднийг өндөрлөгт хүрэхэд нөлөөлсөн юм. Учир нь аливаа зүйлд хандах хандлага, чин сэтгэл, үнэнчээр хөдөлмөрлөхийн төлөө зүтгэх ёстой гэдгийг сайтар ойлгуулсан” гэсэн юм.

Д.Амарбаясгалан МАХН-ын XVII их хуралд онц сурлагатай учраас оролцох хувь тохиож. Мөн сансрын нисгэгч Ж.Гүррагчаа сансарт нисэхэд “Огторгуйн гүнд монгол хүн дүүлэв” гэсэн нэртэй өөрийнхөө бичсэн шүлгээ Д.Амарбаясгалан радиогоор уншиж байсан гэнэ.

Тэр ч бүү хэл эдний ангийнхан “Нэг од” гэсэн охидын хамтлагтай. Хамтлагийн гишүүд Ё.Гэрэлмаа, Даваа, Отгонсүрэн, Нарангэрэл, Эрдэнэчимэг нар. Тэд гитар тоглож дуулдаг авьяаслаг охид байж. Одоо болтол уулзахаараа гитараа барьж дуулж хуурдана. Ангийн Б.Мөнхцэцэг нийслэлийн 40 дүгээр сургуульд бага ангийн багшаар 28 жил ажиллаж байна. Хүүхэд байхдаа хоёрдугаар салааны урдаасаа хоёрт суудаг. Дуугүй, даруухан, амнаас нь авиа гарахааргүй багш нар асуулт асуухаар л хариулдаг байсан хүн одоо Боловсролын тэргүүний ажилтан болчихсон, үг хэл нь дуусахгүй яриа хүн болжээ.

З.Бат-Эрдэнэ даруухан, инээгээд явж байдаг хөвгүүн байсныг хэллээ. Тэрээр Замын цагдаагийн албанд мөрдөн байцаагчаар ажиллаж, одоо тэтгэвэртээ гарсан ч өмгөөлөгчөөр ажилладаг байна. Харин Д.Бат-Эрдэнэ тогооч мэргэжилтэй. Аялал жуулчлалын компанид мэргэжлээрээ ажилладаг ажээ. Эрдэнэчимэг, Ундрах нар сургуулийн өмнөх боловсролын салбарт ажилладаг байна.

Д.Хүрэлбаатар, Д.Сүхбаатар гэх хоёр ихэр ах дүү хоёр эдний ангид суралцаж байсан гэнэ. Д.Хүрэлбаатар нь инженер болж, “Сайн” констракшин компани байгуулж, олон сайхан байшин барилга барьж, улс орондоо хувь нэмрээ оруулаад явж байна гэдгийг ангийн охин Ё.Гэрэлмаа дурсан ярилаа. Д.Амарбаясгалан “Цэц говь” хэмээх компанид инженерээр ажилладаг байна. Ангийнхан нь эрэгтэй, эмэгтэй барилгын инженерээрээ бахархаж явдаг гэнэ.

Ё.Гэрэлмаа харин ангийн дарга. “Түүний үгэнд ангийнхан сайн ордог. Ангийн дарга мягмар, баасан гаригт ариун цэвэр шалгадаг. Бүгд гараа ширээн дээрээ тавьж, хумсаа харуулна. Нарийн үзвэл үс цэвэрхэн байна уу гэдгийг хүртэл шалгана. Мөн хувцасны оёдлыг ч шалгаж байсан удаатай. Гутлын алчуур, нусны алчуураа ч шалгуулна шүү дээ” гэж ирээд л Д.Хүрэлбаатар дурсав. Ангийн дарга нь одоо Чех улсад байдаг гэнэ.

Ангийн охидын хамтлаг нь ямар нэг албан газрын концерт болохоор очиж, дуулж, бэлэг авдаг байжээ. “Ажил хийвэл ам тосдоно” гэгчээр авсан бэлгээ ангиараа хувааж хүртээд хөөр хөгжөөн болдог байж.

Ангийн хүү Б.Нэмэхбаярын аав нь сургуулийн эрхлэгч нь байжээ. Одоо тэрээр “Петровис” компанид ажилладаг.

Наймдугаар ангидаа долоо хоног бүр бүлгийн ажил гэж хийнэ. Нэг удаа бүлгийн ажлынхаа урилгыг Монгол хэл, уран зохиолын багшдаа Д.Амарбаясгалан хүргэж өгсөн гэнэ. Багшдаа өгчихөөд буцаж гарах гэсэн чинь “Хүүе, Амарбаясгалаан би танай ангийн бүлгийн ажилд оролцохгүй гэжээ. Гэтэл багшаасаа “Яасан юм бол” гэж асууж чадахгүй зогсож байтал “Урилгаа унш даа” гэхээр нь уншжээ. Д.Амарбаясгалан “Яасан юм бол доо” гэж бодлогошрон зогсоход багш нь “Чи ойлгохгүй байна уу” гэжээ. Тэгсэн багш нь “Урья гэж бичиж үү, уръя гэсэн байна уу” гэхээр нь харсан чинь зөөлний тэмдэгний оронд хатуугийн тэмдэг бичсэн байсныг анхааруулж хэлсэн байна. Үүнээс ангийнхан зөв бичих дүрмээ ягштал уншиж, цээжилж, одоог хүртэл алдаагүй бичдэг гэнэ. Монгол хэлний багш Цэрэндорж нь цээж бичиг их хийлгэж, ном уншуулдаг байж. Түүний ачаар зөв бичгийн дүрмийг цээжилж их сайн чадвартай болцгоожээ. Монгол хэлээ сайн сурах ёстой гэдгийг анхааруулдаг байсан. Хэллэг сайжруулахын тулд түргэн хэллэг их уншуулж байсан гэж ангийнхан дурслаа. Эдний ангийнхан удахгүй бүгдээрээ уулзаж бага насныхаа өдрүүдийг баахан дурсацгаах юм байна.


Categories
мэдээ нийгэм

Түрээсийн дугуйнд 100 ширхгийг нэмж үйлчилгээнд гаргана

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавин ажилласны үр дүнд Улаанбаатар хотод “UBIKE” түрээсийн дугуйн үйлчилгээ нэвтэрч, үйлчилгээгээ үзүүлж эхлээд байгаа билээ. Энэхүү төсөл нь нийслэлийн агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, цаг завыг нь хэмнэх зорилготой төр хувийн хэвшлийн хамтарсан томоохон төсөл, хөтөлбөрийн нэг болсныг иргэд таатай хүлээн авч байгаа билээ.

Харин өнөөдөр “UBIKE” төсөл өргөжиж үйлчилгээ үзүүлэх дугуйн тоогоо нэмлээ. Уг төслийг yийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Никель Ганбаа” ХХК нь 100ш дугуйг үйлчилгээндээ нэмж нэвтрүүлж байгаагаа хэрэглэгчиддээ зарлав. Энэ үеэр өнгөрсөн хоёр сарын хугацаанд дугуй түрээсийн үйлчилгээг соёлтой, боловсон хэрэглэсэн, байнгын үйлчлүүлэгчдэдээ урамшуулал олгох үйл ажиллагааг зохион байгууллаа.

“UBIKE” төслийн нэгдүгээр үе шат буюу 2020 он гэхэд Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн 150ш дугуйн зогсоолтой 2000 ш дугуй иргэдэд үйлчлэхээс гадна нэгдүгээр үе шатандаа багтаан буюу 2019 оноос эхлэн цахилгаан тэжээлт “Ю скүүтэр”-ийг үйлчилгээндээ нэвтрүүлж эхэлнэ гэж нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэллээ. Дашрамд дуулгахад дэлхийн 75 орны 4000 гаруй хотод, гадна зар сурталчилгаа болон нийтийн тээвэр, дугуйн зогсоолын байгууламжийн үйлчилгээ эрхлэгч “Жи Си Дэкау” компани “Юбайк” дугуйн “шинэчилсэн” зогсоолын байгууламжийг барьж гүйцэтгэхээр хотын удирдлагатай тохиролцоод байгаа юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний бодлогын шийдвэрийн хэрэгжилт, банкны салбарын хууль эрх зүйн талаар хэлэлцэж байна

Монголбанкнаас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй банкны салбарын удирдах ажилтны Зүүн бүсийн зөвлөгөөн 2018 оны есдүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн зөвлөгөөнд зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудаас гадна говийн бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгуудын Монголбанкны хэлтэс, салбарын удирдлагууд, арилжааны банкуудын төлөөлөл оролцож байгаагаараа онцлог юм.

Зөвлөгөөнийг нээж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан үг хэлж, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба Хэнтий аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар танилцуулга хийлээ. Мөн энэхүү зөвлөгөөнд Олон Улсын Валютын Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нейл Сакер урилгаар оролцож, ОУВС-гаас Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тус зөвлөгөөнд Монголбанкны Мөнгөний бодлогын газар, Хяналт шалгалтын газрын удирдлагууд, Хууль эрх зүйн газар, ОНБМТ-ийн төлөөллүүд оролцож, мөнгөний бодлогын шийдвэрийн хэрэгжилт, банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулга хийж, салбарын ажилтнуудын хамт “Банкны эрх зүйн шинэчлэл, хяналт шалгалтын чиг хандлага, цаашдын хамтын ажиллагаа” сэдвээр хэлэлцүүлэг хийж байна.