Categories
мэдээ нийгэм

Өвөл машинаа хөлдөөхөөс хэрхэн сэргийлэх вэ?

ХАЛДАГ ДЭВСГЭР

Энэ төрлийн бүтээгдэхүүн нь хөдөлгүүрийн блок дээр нааж халаадаг наалтаас илүү давуу талтай бөгөөд хөдөлгүүрийг нийтэд нь жигд халаах үүрэгтэй.

Хөдөлгүүрийн тосыг хэт халаалгүйхөдөлгүүрийн блокыг жигд халаах нь тосны шинж чанарыг алдагдуулахгүй, хөлдсөн бусад моторын эд ангийг гэсгээх давуу талтай.

АСААЛТТАЙ ДОХИОЛОЛ

Машины тодорхой хугацааны давтамжтайгаар асааж халаах эсвэл орчны температурыг мэдэрч асааснаар хүйтэнд хөдөлгүүрийг хөлдөхөөс сэргийлдэг.

ТОСООЛ ХАЛААГЧ

Машины хөргөлтийн шингэний хоолойн дээр тусгай зориулалтын төхөөрөмж суурилуулна. Энэ төхөөрөмж нь цахилгаанаар шингэнийг халаана.

Ингэснээрхөдөлгүүрийг заавал асаахгүйгээр халаана улмаар бензиний илүү зардлыг бууруулснаар илүү зардлыг хэмнэнэ.

ДУЛААН ХУЧЛАГА

Машинаа хөлдөөхгүй байх бас нэг арга бол хучлагаар хучих. Хүйтэн агаарыг хаажөгснөөр моторыг хөлдөх
эрсдэлээс сэргийлнэ. Мөн хөдөлгүүрийн дулаан алдалтыг багасгана.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын анхны олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн зам, талбайн нээлтэнд оролцлоо

Нийслэлийн Налайх дүүрэгт өнөөдөр Монголын анхны олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн зам, талбайг нээх ёслол боллоо. 400 метрийн тойрог бүхий хөнгөн атлетикийн зам болоод зээрэнцэг, бөөрөнцөг, жад, дүүгүүр, харайлт зэрэг спортоор хичээллэх, өрсөлдөх боломжтой талбайг Монголын хөнгөн атлетикийн холбооны хүсэлтийн дагуу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тусламжаар барьж, байгуулсан байна.

Олон улсын стандартад нийцсэн 400 метрийн хөнгөн атлетикийн зам, талбайг барьж, байгуулахад 2.3 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд цаашид спортын цогцолбор болгон өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.

Өнөөдөр болсон энэхүү зам, талбайн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, анхны стандарт талбайд зохион байгуулагдсан гүйлтийн тэмцээнийг үзэж сонирхсон юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга албан ёсны нээлтийн үеэр 2020 оны Ази тивийн хүүхдийн спортын наадмыг манай улс зохион байгуулахад энэхүү зам, талбай нь чухал ач холбогдолтой болохыг онцлон дурдлаа.

Түүнчлэн “…68 жилийн дараа 68 жилийн түүхтэй манай улсын хөнгөн атлетикийн холбоо анхны стандартад нийцсэн, 22 төрлийн спортын уралдаан зохион байгуулах боломжтой талбайтай болж байгаад баяр хүргэе. Хөнгөн атлетикийн спортоор бид 1960-аад оны эхээр олимпд оролцож байсан боловч түүнээс хойш тодорхой амжилт гаргаагүй. Энэ нь тамирчдад байх ёстой стандарт хэрэглэлүүд дутагдалтай байсантай нэг талаараа холбоотой. Харин өнөөдрөөс эхлэн энэхүү талбай дээр цугласан олон өсвөрийн тамирчид, багш дасгалжуулагчид урам авч, амжилт гаргах байх гэж найдаж байна. 2020 онд буюу хоёрхон жилийн дараа Монгол Улс Азийн хүүхдийн наадмыг зохион байгуулна. Тэр тэмцээний бас нэг бэлтгэл ажил нь энэхүү хөнгөн атлетикийн талбай юм. 2020 онд болох тэрхүү наадмаас монгол тамирчид хөнгөн атлетикийн төрлөөр олон медаль аваасай гэж хүсэх байна” гэж нээлтийн үеэр хэлээд, өнөөдөр хурд хүчээ сорьж буй өсвөрийн тамирчдад амжилт хүсэв.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сараас эхлэн БНСУ-ын шинэчилсэн журам хэрэгжинэ

Монгол иргэдийн БНСУ-руу зорчих олон удаагийн визний журамд орсон өөрчлөлтийг танилцуулж байна. Ирэх аравдугаар сараас эхлэн шинэчилсэн журмаа хэрэгжүүлж эхлэх бүрэн боломжтой гэдгийг БНСУ-ын ЭСЯ-наас мэдэгдсэн юм.

ОДОО МӨРДӨГДӨЖ БУЙ ЖУРАМ:

  1. БНСУ-д зорчиж байсан иргэн
  2. Төрийн албан хаагч болон төрийн өмчит ААН-ийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
  3. БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
  4. БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор ААН байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит ААН-ийн урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн
  5. БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг, эх, хүүхэд, БНСУ-ын иргэний эхнэр, нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад 1 жил ба түүнээс дээш жил зүй ёсоор амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр/нөхрийн эцэг, эх, насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насны)
  6. Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигчийн харилцагчийн зэрэглэл болон зарцуулалтаас хамааруулан VIP үйлчлүүлэгч /Gold ба түүнээс дээш зэрэглэлийн карт эзэмшигч/ гэж үзсэн иргэн
  7. Байнгын зорчигч – БНСУ-руу сүүлийн хоёр жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш (сүүлийн 2 жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн

ШИНЭЧЛЭГДСЭН ЖУРАМ:

  1. БНСУ-д зорчиж байсан иргэн
  2. Төрийн албан хаагч болон төрийн өмчит ААН-ийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
  3. БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
  4. БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор ААН байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит ААН-ийн урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн
  5. БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг, эх, хүүхэд, БНСУ-ын иргэний эхнэр, нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад 1 жил ба түүнээс дээш жил зүй ёсоор амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр/нөхрийн эцэг, эх, насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насны)
  6. Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигчийн харилцагчийн зэрэглэл болон зарцуулалтаас хамааруулан VIP үйлчлүүлэгч гэж үзсэн иргэн
  7. Байнгын зорчигч – БНСУ-руу сүүлийн хоёр жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш (сүүлийн 2 жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн
  8. Холбогдох нөхцөлийг хангаж буй эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин
  9. Холбогдох нөхцөлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан иргэн
  10. Нэг жилийн турш төлсөн татварын хэмжээ 500 сая төгрөгөөс дээш байх, эсвэл татвар төлөгч аж, ахуйн нэгжид хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд нэг жилээс дээш хугацаагаар ажиллаж буй иргэн
  11. БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн, эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн (Үүнд коллеж хамаарахгүй)
  12. Холбогдох нөхцөлийг хангаж буй олны танил урлаг соёлын зүтгэлтэн, тамирчин (Тухайн салбарт гавьяа зүтгэл гаргасан иргэн)
  13. 500 сая төгрөгөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн олон удаагийн виз хүсэх боломжтой болжээ.
Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр НӨАТ-ын азтангууд тодорно

НӨАТ-ын урамшууллын 2018 оны наймдугаар сарын сугалааны тохирол өнөө орой “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2018 оны наймдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18327, 200 мянган төгрөгийн азтан 1827, нэг сая төгрөгийн азтан 176, 5 сая төгрөгийн азтан 24, нийт 20354 иргэн азтан болсон юм.

Харин супер шагналын эзэн тодроогүй билээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Авьяаслаг монголчууд” шоу өнөөдөр эхэлнэ

“Авьяаслаг Монголчууд” шоуны гуравдугаар улирлын дугаар есдүгээр сарын 16 буюу өнөөдрөөс гарч эхэлнэ. “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчийн шатны шалгаруулалт өнгөрсөн зургаадугаар сард болж өндөрлөсөн. Энэ удаагийн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж дараах бүрэлдэхүүнээр шүүх юм.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд тив дэлхийд дуу хоолойгоороо гайхагдаж, Монгол улсын нэрийг цуурайтуулж яваа, 23-хан насандаа МУГЖ цол тэмдэгээр энгэрээ мялааж, Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар юм.

Жүжигчин Г.Ундармаа, “Монгол тулгатны 100 эрхэм” төслийн санаачлагч, хөтлөгч, продюсер П.Анужин нар шүүгчээр ажиллана.

Харин дараагийн шүүгчээр “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн эхний хоёр улиралд шүүгчээр ажилласан реппер Rokit bay энэ удаад мөн ажиллана.

Шоуны хөтлөгчөөр Б.Мандуул ажиллах юм. Шоуны бас нэгэн онцлог бол “Алтан баззер” юм.
“Авьяаслаг Монголчууд” шоуны 2015 оны буюу эхний улирлын ялагчаар Дархан-Уул аймгаас оролцогч Эгшиглэнт чимээ хамтлаг, 2016 оны буюу хоёрдахь улирлын ялагчаар Орхон аймгаас оролцогч Э.Энх-Эрдэнэ нар шалгарсан.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Бөх гэх бүдүүлэгдүүхэн нөхдийн тэнэглэл гадаад, дотоодгүй нүүр түлэх юм

Монгол Улсын нүүр царай, ард түмнийг төлөөлөх, тэднийг араасаа үлгэрлэн дагуулах баатруудын дүрд бөхчүүдийг тоглуулдаг болоод удлаа. Эд нар ч тэр дүрдээ бүр дасчихсан. Сүүлдээ “Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ” гэсэн шиг гадаад, дотоодгүй бүдүүлэг авирлах нь хэрээс хэтэрч байна.

Тамирчид олимп, ДАШТ-ээс медаль хүртвэл авсан медалийнх нь чансаагаар эрэмбэлж, сар бүр мөнгөн урамшуулал өгдөг. Ингэж бүхий л насаараа улсаас урамшуулал нэрээр мөнгө авч байгаа тамирчид голдуу л бөхчүүд. Бөхчүүд гэж нэг их зантай, биеэ тоосон нөхөд. Ингэж хамраа сөхөхөд нь энэ сар болгон олгодог урамшуулал ихээхэн түлхэц болоод байгаа юм. Хүүхэд, залуучуудын хувьд боловсрол гэж гүйгээд яах вэ бөх болчихвол олимп, дэлхийгээс ганц медаль чирээд ирэхэд төр засаг нь ард түмэнтэйгээ өмнө нь сөгдөж мөргөөд байдгаа барьж, бүх насаар нь урамшуулал өгчихдөг юм байна, тэгж амьдарч болох юм байна гэдэг ойлголт, хүмүүжлийг хэдийнэ авчихсан. Учир нь олимп, дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн тамирчдаас хамгийн өндөр урамшуулал авдаг эхний 20 тамирчин л гэхэд сардаа 2-7.5 сая буюу дундаж нь 4.7 сая төгрөгийг гар дээрээ авч байгаа. Ийм урамшуулал байгаа юм чинь толгойгоо ажиллуулж, тоо бодож сургууль соёл, бичиг үсэг гэж гүйгээд яанам бэ, боловсролын хэрэггүй, бөх болоход л бол оо. Яагаад ч юм Монголд бөх хүн, бөхчүүд шиг “од” үгүй. Тэгсэн хэрнээ ард түмний хайр хүндлэл, итгэлийг даадаггүй нь бөхчүүд. Тэдний ялж ялагдаж чаддаггүй, сэтгэлийн хатгүй байдал нь улам даамжирч хүн төрөлхтний өмнө монгол хүний үнэлэмжийг унагаж, Монгол гэдэг нэрийг гутааж дуусгалаа.

Дотооддоо гэж ярихад Монголын үндэсний бөхөд найраа гэдэг юм гаарч, үнэн хүчийг үзэн барилддаг бөхгүй болтлоо дампуурчихаад байгаа. Найрааныхаа ханш, даваагаа өгч авалцаж байгаа үнэ өртгөө бүр наадамчин олны өмнө ил цагаан яриад сууж байдаг болцгоочихсон. Зүлэг ногоон дэвжээн дээрээ гараад хоёр бөх хүч үзлээ гэхэд нэг нь унаж, нөгөө нь давж таарна аа даа. Унасан нь уйлж, хашхирч тахимаа өгөхгүй зугтаж, хөмхийгөө зууж, учраагаа нударч, тохойлдож бүр заримдаа элэг бүсээ тайлахын оронд гэдрэгээ хараад хэвтэж унаснаа хүлээн зөвшөөрөхгүй газар шаана. Болвол дахиж барилдчих санаатай нь илт гүрийж үзэгчдийг залхаадаг нь бүр элбэгшсэн.

Гадаадад бол жүдо, самбо, чөлөөт бөх гээд бөхийн төрлийн тамирчид ялж, ялагдаж сураагүй гэдгээ алхам тутамдаа харуулсаар. Хамгийн хариуцлагатай тэмцээн болох олимпийн наадмын дэвжээнээ хүрэл медаль авчихлаа хэмээн хэт баярлаж сүүлийн хэдхэн секундэд сэтгэлээ бариагүйгээсээ болж ялагдал хүлээж байх жишээний. Тамирчин нь сэтгэл хөдлөлөө хянаагүйгээс ялалтаа баталгаажуулалгүй медалиа алдчихаад байхад багш дасгалжуулагчид нь дэвжээн дээр гарч ирж том багагүй нүцгэлцгээн гүзээгээ харуулж дэлхий даяар Монгол Улсынхаа нүүрийг нэг сайн шарсан сан. Эсвэл ямар нэг медаль авчихаараа алах ялаас мултарсан хоригдол мэт чанга хашхирч хөөрч, Монгол төрийн алтан соёмбот тугийг буруу зөрүү нөмөрч гүйж харайж, багш нар нь эр, эм шавиа толгой, хүзүүн дээрээ суулгаж гүйн бөөн нус нулимс болдог. Энэ бүхэн нь зарим талаараа соёлт хүн төрөлхтөнд хүмүүн бусын үйлдэл мэт сэтгэгдэл төрүүлдэг. Олон зууны турш шашины гэмээр ном дүрмээр аядуу зөөлөн явж ирсэн сумог монгол бөхчүүд алаан, хядаан болгочихсон. Давааны мөнгийг нь хэрээ мэт шүүрч авч, дэвжээ буюу дохё руу нь нулимж, нүдний булангаараа камер, үзэгчид рүү хялалзан айлгаж даналзсаныхаа хариуд манай сумочид юу хүртлээ. Япончуудад монгол бөхчүүдийн энэ ааг омог, биеэ авч яваа байдал зэрэг нь огтоос хүндэтгэл төрүүлээгүй бөгөөд цаагуураа ямар нэгэн айдас, болгоомжлол байсан учраас тэднийг нэг нэгээр нь ямар нэг шалтаг шалтгаанаар дэвжээнээс нь буулгаж, зодог тайлуулсаар байгаа. Ингэх нь аргагүй шүү дээ. Боловсролгүй хүн мөнгөтэй байх нь нийгмийг балладаг учир япончууд сумочдоо бага балчираас нь боловсролтой байхыг бяртай байхтай адил хэмээн үзэж аль аль талыг нь жигд хөгжүүлж ирсэн байдаг.

Хүнд дийлдэг, дийлдэггүй юм гэж бий. Бөхчүүд олимп, дэлхийн дэвжээнд ялчихаар Монгол Улсын тусгаар тогтнол сэргээд, улс эх орны хөгжил улам батжаад байдаг юм шиг, эсвэл ялагдчихаар Монгол Улсын дархан байдал алдагдаад аюулгүй байдалд ноцтой хор хохирол учирдаг юм шиг бодоцгоож тийм хандлага гаргаад байдаг нь анзаарагдсан. Тэгж ойлгож хэрхэвч болохгүй. Нэг тамирчны ялах, ялагдахаас хамаарч байгаа, байхгүй нь мэдэгддэггүй жижиг улс биш ээ, Монгол. Сая Азийн наадамд Монголын жүдочид Хятадын багтай барилдаад 4:2-оор ялагдсан. Гэтэл энэ ялагдлаа хүлээж чадахгүй дэвжээн дээр гарч өрсөлдсөн баг болоод тэр танхимд цугласан олонд хүндэтгэл үзүүлж ёсолгоогоо хийгээгүй нь Монгол Улсын нэрийг гутааж дуусгасан шүү. Жүдогийн өнөө хатуу ёс жаяг хаачив. Өрсөлдөгчдөө ялагдаж чадахгүй, ялагдаж мэдэхгүй тэднийг одоо яалтай вэ.

Дэлхий нийт, хүн төрөлхтөн бөх, бокс мэтийн тулааны голдуу, ганцаарчилсан спортыг төдийлөн өндөр үнэлдэггүй. Учир нь хувь хүний, ганц хүний карьераа өсгөх гэсэн амин хувиа илүүтэй бодсон бэртэгчин спорт гэж үзээд нэг их тоохгүй, улс орны зүгээс ч онцгойлон анхаараад байдаггүй юм.

Бөхийн төрлүүдээс гарч ирсэн “Аварга, аварга” гээд байгаа эдгээр улс эргээд ард түмэндээ нэмэр тус болно оо гэж ер үгүй. Их сайндаа л УИХ-ын гишүүн болж байгаа нь цаанаа мөн л өөрийнхөө карьерыг өсгөж байгаа өнөө аминчхан санаа. Гишүүн болоод бас гавихгүй ээ. Гийгүүлсэн юмгүй, попорсон нэгэн болдог нь нүднээ ил билээ. Бөхчүүд гадаад, дотоодгүй хаана ч байсан допинг хэрэглэнэ. Хэрэглэх хэрэглэхдээ хамгийн хортой, хориотойг нь хэрэглэнэ. Ийм боловсролгүй байж болох уу. Дэлхий нийтээрээ жигшдэг сэргээшийг ус ундаа, талх тариа шигээ бодож биедээ шахжээ суудаг мөн хэцүү улс аа. Энэ бүхний эцэст бөхчүүдийг дэмжээд дэмжээд дэмтэй юм олж хардаггүй юм чинь дэлхийн жишгээ дагаад багийн спортыг хөгжүүлэх тал дээр бүх анхаарлаа төвлөрүүлэх цаг нь иржээ. Нэг багт арван хүнтэй, эвтэй байж чадсан багийн тамирчин нийгэмдээ 100, 1000 мянган хүнтэй эвтэй байх чадвартай болчихсон байдаг. Тэр хэрээр нийгэмдээ үзүүлэх эерэг нөлөө нь геометр прогресс шиг үржинэ.

Тэгэхгүй бол энэ хэдэн бөхчүүдийг тойглож, байдгаа барихын хэрээр улам бүдүүлэгтэж, тэнэглэл нь улс эх орны нэрийг цаашид яаж гутааж, нүүр хийх газаргүй болгохыг мэдэхгүй юм. Тэнэглэлийг нь зогсоож дийлэхгүйгээсээ хойш багийн спортоо дэмжсэн шиг дэмжиж, үлдсэн жаахан нэр хүндээ хамгаалж, нэгдэж нийлж чаддагаа дэлхий нийтэд харуулъя.


Categories
мэдээ нийгэм

“ДЦС -IV”-д гарсан гэмтлийг сэргээх ажил үргэлжилж байна

“ДЦС-IV” ТӨХК-д өчигдөр осол гарснаас Улаанбаатар хотын хэмжээнд 10.00 цагаас эхлэн цахилгаан тасарсан. Нийслэлийн төвийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг бүхэлдээ цахилгаангүй болсон юм. Албаныхны мэдээлж буйгаар гэмтэл гарсан даруйд Дулааны IV цахилгаан станцаас эрчим хүч авдаг хэсгийг Дулааны III цахилгаан станцад шилжүүлжээ. Харин III цахилгаан станц нь ачааллыг даалгүй хот бүхэлдээ цахилгаан тасарсан аж. Улаанбаатар хот нийтдээ цахилгаангүй цаг орчим үргэлжилсний дараа хотын төв хэсэг болох Төрийн ордныг тойрсон албан газар, аж ахуйн нэгжүүдэд, эмнэлэг, цагдаа, онцгой зэрэг газрууд цахилгаанаар хангагдаж эхэлсэн.

Цахилгаан тасарнаас замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, гэрлэн дохио ажиллаагүйн улмаас түгжрэл үүсч байв.

“ДЦС-IV” ТӨХК-д гарсан гэмтлийг сэргээх ажил үргэлжилж байгаа бөгөөд бүрэн ачаалал авч эхлээгүй байна. Тиймээс УБЦТС ТӨХК-аас нийслэлийн хэрэглэгчдийн 70 орчим хувийн хэрэглээг сэргээгээд байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Люмино” хамтлаг 20 нас хүрлээ

“Пентатотик” наадмын шагналыг дөрвөн удаа хүртэж байсан, реп стилээр дуулдаг “Люмино” хамтлаг 20 нас хүрчээ. Анхны уран бүтээлээ 1998 онд сонсогчдод хүргэж байсан бол эдүгээ 100 гаруй дуутай болжээ.

Хамтлагийн гишүүд 20 насны ойгоо фэнүүдтэйгээ тэмдэглэхээр болж, ирэх сарын 19, 20-нд “Crocus Event Hall” тоглолтоо хийхээр болсон байна.

“Люмино” хамтлагийн гишүүн Баажи буюу Б.Батхишиг цахим хуудсандаа “Манай хамтлаг одоогийн урлагийн залуусын үүд хаалгыг нь нээн өгч, гарч ирэхэд нь илүү амархан болгож өгсөн гэдэгт итгэдэг. Сонсогч нартаа зөв бас гоё хөгжмийн боловсрол олгосон байх гэж боддог. Бидний шинэ уран бүтээлүүд ар араасаа гарч, таны сонорыг мялаасаар байх болно” хэмээн бичсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Албан байгууллагуудын халаалт ирэх сарын 1-нд ирнэ

Айл өрх, цэцэрлэг сургуулиудын халаалт өчигдөр ирсэн. Харин албан байгууллагын дулааныг ирэх сарын 1-нд өгөх аж. Албан байгууллагууд өөрсдөө хүсэлтээ гаргах юм бол аравдугаар сарын 1-нийг хүлээхгүйгээр халаалтаа тавиулах боломжтой байдаг.

Улаанбаатар хотын хэмжээнд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар 1104 ажил төлөвлөсөн. Үүнээс 724 ажил нь бүрэн хэрэгжсэн байна. Нийт 65.5 хувийн биелэлттэй байгаа аж.

Мөн “Нийслэлийн дулааны эх үүсвэр болж буй 1, 2, 4, Амгалан дулааны станцуудын бэлтгэл ажил 68 хувьтай байгаа бол УБЦТС ТӨК-ийн өвөлжилтийн бэлтгэл 64.4 хувьтай явж байгаа. Мөн ОСНААУГ-ууд өөрсдийн хөрөнгөөр орон сууцнуудын дундын хэрэглээний шугам шинэчлэх ажлыг эрчимтэй хийжээ.

2018-2019 онд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 352.5 сая төгрөгөөр 750 тн бодис, 500 тн давс нөөцлөх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна” хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.

Categories
мэдээ нийгэм

Гэрээт хугацаандаа ажлаа хийж чадахгүй байгаа газруудтай хот хамтрахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 онд эхлүүлж, Шастины нэрэмжит Улсын 3-р эмнэлэг, 2017 онд ГССҮТ, СХД-ийн эрүүл мэндийн нэгдэл, Хавдар судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн. Энэ онд нийслэлийн Өргөө амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Амгалан амаржих газар, ХУД-ийн 1-р амбулаторийн гадна зам талбайн тохижилтын ажлыг иж бүрэн хийж ашиглалтад хүлээлгэн өгөөд байгаа юм.


Ажлын хэсэг эхлээд ХӨСҮТ-ийн гадна зам талбайн тохижилтын ажлын явцтай танилцав. ХӨСҮТ-ийн гадна 82000 ам метр талбайг нисдэг тэрэг буух талбайтай, авто зогсоол, ногоон байгууламж, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй иж бүрэн тохижуулахаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан өнгөрсөн зургаадугаар сарын 7-нд ажлаа эхлүүлжээ. “Өнөөдрийн байдлаар ажлын явц 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Явган зам, асфалтан хучилт нийт 8900 ам метр талбайд хийгдэхээс 500-д хийгдээд байна. Борооны ус зайлуулах шугам, хоолой анх зурганд тусгагдаагүй байснаас ажил удааширсан. Шинээр борооны ус зайлуулах шугам, хоолойн зургаа гаргаад ажлаа эхлүүлээд явж байна. Ирэх лхагва гарагт бүх талбайг асфалтаар хучиж дуусгана” хэмээн УБЗЗАГ-ын Ерөнхий инженер Б.Баатархүү ярилаа.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “ХӨСҮТ бол Монгол Улсын томоохон эмнэлгийн нэг. Үндэсний хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг газар. Хэдийгээр Эрүүл мэндийн яам хотод хандаагүй ч том хэмжээний 3-р шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийнх нь хувьд гадна зам, талбайг тохижуулж байгаа. Улаанбаатар зам засвар, арчлалтын газар маш муу ажиллсан байна. Энд бол газар чөлөөөлөлт хийх юмгүй. Ямар нэгэн суваг, шуудуу зайлуулах ажил байхгүй байхад ажил урагшлаагүй бүтэн дөрвөн сар орчим хугацаа өнгөрсөн байна. Хэрвээ энэ ажлыг гүйцэтгэж чадахгүй байгаа бол буцаагаад өгөх хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл 14 эмнэлгийн гадна талбайг тохижуулахад ингэж удсан газар байхгүй. Хэрвээ энэ маягаараа ажиллавал УБЗЗАГ-тай хот дахин гэрээ хийж, ажлаа хийлгэхгүй. Энэ тохижилтын ажлыг ирэх сарын 10-н гэхэд бүрэн дуусгасан байх шаардлагатай. 15-нд нь улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлдэх хэрэгтэй” хэмээн үүрэг болгов.


Үүний дараа ажлын хэсэг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлын явцтай танилцлаа. Тохижилтын ажлын хүрээнд 16000 ам метр талбайд асфалтан хучилт хийгдэж, нисдэг тэрэгний буух талбайтай, 200 авто машины зогсоолтой, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий тохижилтын ажил хийгдэхээр зураг төсөл нь гарсан байна. Тохижилтын ажлыг Энигма констракшн компани гүйцэтгэхээр болж өнгөрсөн зургаадугаар сарын 7-нд ажлаа эхлүүлсэн ч өнөөдөр бүрэн дуусгаагүй, ажлын явц удаашралтай байгаа юм.


“Ажил эхлээд удаагүй байхад зураг төслийн өөрчлөлт орсонтой холбоотойгоор ажил нэг сар гаран зогссон. 16000 м2 талбайг асфалтаар хучихаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 10000 м2-ыг хуччихаад байна. Энэ сарын 30-н гэхэд тохижилтын ажлыг бүрэн хүлээлгэж өгнө” гэж Энигма констракшн компанийн дэд захирал О.Энхбаяр ярилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэ жил ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн Яармаг салбар, БЗД-ийн эрүүл мэндийн төв, Амгалан амаржих газруудын тохижилтын ажил бүрэн дуусч, хүлээн авсан. ХӨСҮТ болон ЭХЭМҮТ-ийн тохижилтын ажил удаашралтай байгаа. Энэ эмнэлгүүд өөрсдөө том хэмжээний талбайтай. Компаниуд удирдлага зохион байгуулалт муутай, техник тоног төхөөрөмжөө зөв хуваарилаагүйгээс болж ажил удаашрах, доголдох нөхцөл үүсч байгаа. Тиймээс өөрийн биеэр газар дээр нь ажиллаж хугацаатай үүрэг даалгавар өгч байна.

Энэ хоёр эмнэлэг нь хоёулаа үндэний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Хоёуланд нь нисдэг тэрэг буух, хөөрөх талбай хийж байгаа. Ингэснээр Монгол Улсын аль ч өнцөг булан бүрээс өвчтөн ирээд үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Мөн Улаанбаатар хотоос 2, 3-р шатлалын эмнэлгүүдээ олон улсын стандартад хүрсэн гадна тохижилт, зам талбайтай болгох зорилт тавин ажиллаж байгаа” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.