Categories
мэдээ нийгэм

Таван сая төгрөгийн азтан 20 тодорчээ

НӨАТ-ын урамшууллын 2018 оны наймдугаар сарын сугалааны тохирол өчигдөр болов. Энэ удаагийн урамшууллын сугалаанд 2018 оны наймдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаас шалгаруулжээ.

Нийт 21634 азтан тодорсон бөгөөд 10 сая төгрөгийн азтан нэг, таван сая төгрөгийн азтан 20, сая төгрөгийн азтан 196, 200 мянган төгрөгийн азтан 1970, 50 мянган төгрөгийн азтан 19447 тодорчээ. Харин супер азтан тодроогүй байна.

Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18327, 200 мянган төгрөгийн азтан 1827, нэг сая төгрөгийн азтан 176, 5 сая төгрөгийн азтан 24, нийт 20354 иргэн азтан болсон юм.

Categories
мэдээ улс-төр

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Шивээхүрэн, Сэхээ боомтод ажиллалаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллах үеэрээ аймаг, сумдын удирдлагуудтай уулзаж, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг өргөтгөх, нэвтрүүлэх чадлыг нэмэгдүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо. Мөн хил орчмын бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ярилцсан юм. Харин маргааш өдөр нь буюу энэ сарын 16-нд тэрбээр Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод ажиллалаа.

Шивээхүрэн боомтоор өдөрт “МАК- Нарийн сухайт”, “Тавантолгой шин”, “Дөрвөн зам транс”, “Рояалмоунт” зэрэг 17 компани нүүрс тээвэрлэлт хийж, хоногт 750-800 тээврийн хэрэгсэл нэвтэрч 60-80 мянган тн нүүрс экспортолж байна. Энэ нь өнгөрсөн оны тээвэрлэлтээс 3,2 хувь өссөн үзүүлэлт ажээ.

Шивээхүрэн боомтод ажилласныхаа дараа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Сэхэ боомтын орох, гарах талын 4 гарцаар нэвтэрч буй нүүрс тээвэрлэлт, тээврийн хэрэгслийн хүлээлгийн талбай, Олон улсын чанарын хяналтын төв, Хүүхдийн цэцэрлэг, худалдааны зах, мах боловсруулах болон хөргөх үйлдвэртэй танилцлаа. Энэ үеэрээ Өвөр Монголын Альшаа аймаг болон Сэхэ боомтын удирдлагуудтай уулзаж, Шивээхүрэн-Сэхэ боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар ярилцлаа.

Сэхэ боомтод гарах, орох гарцыг нэмэгдүүлэх ажил ид хийгдэж буй бөгөөд ирэх сарын эхээр боомтын хүчин чадал нэмэгдэх боломжтой болно гэдгийг тус боомтын дарга тэмдэглэж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ӨМӨЗО-д айлчилж байна

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын ӨМӨЗО-нд айлчилж байна.

Энэхүү айлчлал нь Монгол Хятадын худалдааны хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэх ӨМӨЗО-той хийх худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, хоёр улсын хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулж хөгжүүлэх, хил, боомтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, оршиж буй бэрхшээл хүндрэлийг арилгах, мал, мах экспортлох нөхцөлийг бүрдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилготой юм.

ЗГХЭГ-ын дарга ӨМӨЗО-ы Баянхотод ажиллах үерээ ӨМӨЗО-ы Засгийн газрын Гадаад хэрэг эрхлэх газрын дэд дарга Жи Чиантай уулзлаа. Уулзалтынхааэхэнд Сэхэ боомтын дэд бүтэц, үйл ажиллагаа өргөжиж, байгаад талархал илэрхийлээд тус боомтод ажиллах үеэрээ боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр тохиролцсон гэдгээ тэмдэглэлээ.

ӨМӨЗО-ы хөрөнгө оруулалтыг улам бүр нэмэгдүүлэх, чингэхдээ ганц уул уурхайн биш, тухайлбал, хүнс, хөдөө аж ахуй, хүнд, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт хөрөнгө оруулалт илүү татах, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэх дэвшилтэд технологи, инновацийг нэвтрүүлэх талаар санал солилцлоо.

Монголын баруун бүсээс мах экспортлох, мөн экспортын бараа бүтээгдэхүүний гол гарц болох Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх асуудлаар ярилцлаа.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар энэ сарын 17-19-нд ӨМӨЗО-ы Хөххотод ажиллаж албаны хүмүүстэй уулзаж, дээрх асуудлаар ярилцана. Мөн сүүний үйлдвэр, малын эмийн үйлдвэр, олон улсын монгол эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Монголын их утга зохиолын ялгуусан хувь заяаны эзэн Шаравын Сүрэнжав

ТӨРИЙН СОЁРХОЛТ, АРДЫН УРАН ЗОХИОЛЧ шАРАВЫН СҮРЭНЖАВЫН 80 НАСНЫ ОЙД


НЭГ

Монголын урлаг, утга зохиолын ид цэцэглэлтийн үе болох жараад оны яруу найргийн сүр сүлд нь Шаравын Сүрэнжав байжээ хэмээн хувьдаа бодном. Тэрбээр жараад оны яруу найрагчдын галын шугамд газрын цээжинд гарсан адуу шиг омог төгөлдөр гарч ирсэн бүлгээ. Идэр залуугийн тэр л гал дөл, бадрангуй халуун сэтгэл, цалгилсан авьяас онгод нь хэзээ ч бууралгүй цагийн уртад долгионт он жилүүдийг нь бүтээсэн юм. Үнэндээ Шаравын Сүрэнжав бол Монголын их утга зохиолын ялгуусан хувь заяаны эзэн юм. Тэртээ жаран дөрвөн онд анхны номын уралдаанд “Шөнө ургасан цэцэг” шүлгийн түүвэр нь шалгарч, тэрхүү бүтээлийг нь Лодонгийн Түдэв өлгийдөн авсан байдаг. Мөн далан нэгэн онд хэвлүүлсэн “Нутгийн цэнхэр уулс” номынх нь өмнөтгөлийг ч Түдэв гуай бичсэн удаатай. “Тэрээр ясны яруу найрагч бөгөөд зүрх сэтгэлийнх нь гүнээс шидтэй юм шиг урсан гарсан цэцэн мэргэн үг соронзон бичлэг шиг цээжинд нь үргэлж тээгээстэй явдаг нэгэн. Өөрийн шүлгээ байтугай бусдын шүлгийг хаа ч болов хэдийд ч түгдрэхгүй урсган цээжээр уншиж, сонсогч хэний ч болов сэтгэлийг үгийн уургаар оосорлон татдаг Сүрэнжав шиг онгод хийморь шүгэлсэн найрагчийг би өнөө хүртэл үзсэнгүй” хэмээн бахдаад “Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуайн хуурын эгшгийг Шаравын Сүрэнжав Хэрлэнгийн барьяа шиг үргэлжлүүлэн хуурдагч нэгэн болой” гэж аатай үнэлсэн нь бий.

Эрдэм оюуны оргил, барагтайд үг унагаж уулга алддаггүй Түдэв ийн өргөмжилсөн бол дорнын найрагч Бэгзийн Явуухулан түүнд шүлгээ зориулан бичиж, багш шавийн халуун барилдлагатай явсан. Их утга зохиолын өрлөг ижий, их ахайтан Сономын Удвал далаад оны эхээр Берлинээс чин зүрхний үгтэй захидал бичиж, хожим “Ханийн үг” номынхөө өмнөтгөлийг бичүүлж явсан нь түүхэн үнэн юм. Монголын утга зохиолын бурхад болох Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринчен, Донровын Намдаг нартай сэтгэл ойрхон явах, үг сургаалийг нь сонсох хувь заяа мөн л Шаравын Сүрэнжавт оногдсон байдаг. Монгол Улсын анхны ардын уран зохиолч, төрийн гурван удаагийн шагналт Дамдинсүрэн гуай “Сүрэнжавтаа амжилт ерөөе” хэмээн өөрийн нэрийг монгол төвдөөр бичиж номоо дурсгасан нь бий. Тэр хоёр эрхмийн Төв аймгийн Баяндэлгэрт их Нацагдоржийнхоо хөшөөний дэргэд сугадалцаж зогсоод авахуулсан дотно хөрөг ч бий сэн. Нялх балчир охиноо мөрөн дээрээ суулгаад Дамдинсүрэн гуайнхаа хамт Сүх жанжны талбайгаар алхалж явахдаа татуулсан зураг ч түүхийн гэрч болон үлджээ. Тэр жил монголч эрдэмтдийн хурлын үеэр их эрдэмтэн Ринчен багш, их найрагч Мишигийн Цэдэндорж нарын хамт дотно ярилцах мөчид Ринчен гуай Агданбуугийн Амар сайдын тухай, Сталинтай уулзаад гучин мянган сэхээтнийхээ толгойг залгих аюулд тулгагдсаныг нь аминчлан ярьсан удаатай.

Мөн тэрээр Сэнгийн Эрдэнэ зохиолчтой сэтгэл зүрхний ахан дүүсийн барилдлагатай явж, Чойжилын Чимид, Ламзавын Ванган, Цэвэгмидийн Гайтав нартай хол ойр замд ганзага нийлэн хундага тулгаж, Пунцагийн Бадарч, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Данзаннямын Шагдарсүрэн, Шагдарын Дулмаа, Рэнчиний Чойном нартай нэгэн цаг үед хамт төрж, их утга зохиолд хамтдаа хөл алхан, монгол найргийн яруу туульсыг бүтээж, өөрийн дараа үед тодорсон Очирбатын Дашбалбар, Зундуйн Дорж нарын онгодтой найрагчидтай садансаж ирсэн билээ. Сүрэнжавын шүлэг найргийн шидэт ертөнц хийгээд хувь хүнийх нь омог бардам тавиланг гайхалтайгаар нээсэн хүн нь Балбар байсан.

“Ерэн баатарын дууль”-ийг нь Оросын нэрт яруу найрагч Евгений Евтушенко үнэлж түүнийг дотны нөхрөө хэмээн өргөмжлөн, Дагестаны их найрагч Расул Гамзатовтой дарс хувааж хүртсэн гээд Сүрэнжавын он жилүүдийг дурсахад бахдалтай. Дэлхийн зулай цаст Гималайн бэлд Далай ламд бараалхан мутрынх нь адис хүртэн зураг хөргөө татуулж, Далай багш түүнд алд цагаан хадаг, бурхан багшийн хөрөг хайрласан нь тэр бүр хүнд заяахгүй хувь тавилан юм. Ийм ялгуусан хувь заяа гагцхүү тэнгэрээс заяат найрагчид л олддог болов уу гэж санана.

ХОЁР

Түүнийг тэнгэрээс заяатай найрагч хэмээн өргөмжлөх ажгуу. Энэ бол зүгээр хэн нэгний хэлсэн магтаалын үг биш гэдгийг тэрээр зохиол бүтээлээрээ, асан бадамлаж ирсэн амьдралынхаа зураг төөргөөр батлан үзүүлсэн юм. Тэнгэрийн зараалаар хүн төрөлхтөнд ирсэн найрагч гэдгээ олон бүтээлээрээ харуулсан ч оргил нь “Би тэнгэрийн хүү” шүлэг юм. Далан есөн оны арванхоёрдугаар сарын аравдаар Москва хотноо бичсэн эл шүлэг Сүрэнжавын онгод цалгилсан сэтгэлээс хур бороо шиг асгаран буусан гэлтэй. Амраг хань, алаг үр, анд нөхөд, эх нутгаа сэтгэл сэмрэн санахдаа хүний нутгийн тэнгэр дор, алтан Москвагийн агаар амьсгалсан алдарт Горькийн сургуулийн ид шидээр бахдан чухамхүү сэтгэлийн нүд нээгдэн онгодоор цалгихдаа тэрээр “Би тэнгэрийн хүү” гэдгээ зарлан тунхагласан байдаг.

“Би тэнгэрийн хүү” шүлгээ уншихдаа нэг л ер бус болж, нээрээ чиг тэнгэрийн цэнхэрлиг орноос газар дэлхийд ирсэн найрагч гэдэг нь итгэл төгс мэдрэгддэг. Молхи надад ч уг шүлгийг уул усандаа цээжээр дуудахуйд өөрийн эрхгүй дотоод хүч нэмэгдэж, үг бүрийнх нь гэгээ гэрэл, ид шидээр тэтгэгддэг юм. Ийм л хийморь лундаа, авьяас билгийн авшиг ерөөлийг Шаравын Сүрэнжавын шүлэг найраг бид бүхэнд бахдан бадруулсаар ирсэн ажгуу. “Би тэнгэрийн хүү” шүлгийг нь төвд судлалын нэрт эрдэмтэн, Монголын хэл шинжлэлийн оргилуудын нэг Лхамсүрэнгийн Хүрэлбаатар гайхалтай тайлсан байдаг. “Уламжлалын далд бөгөөд эртний уран сайхны хэлбэр, уран сэтгэлгээний хэв шинж нь орчин үеийн нэгэн яруу найрагчийн туурвилын эрдэм дээр огт санамсаргүй, чухамдаа усанд ургасан Зандан Зуугийн хөрөг дүр мэт илрэн буусан нэгэн жишээг авч үзье. Энэ бол тэнгэрийн орны сайхныг газрын орны ертөнцөөс харсны жишээ огт бус харин аман болон бичгийн уран зохиолд уламжилсан тэнгэрийн орны сайхнаас илүү газрын орны сайхныг нээж гаргасны жишээ болно. Энэ нь Ш.Сүрэнжавын “Би тэнгэрийн хүү” шүлэг юм.

Би тэнгэрийн хүү

Та нарын дунд ирсэн юм

Газрын охинтой гэрлэж

Нарны аяганаас цай уусан

Гашуун дарснаас хиртэж

Ганихралын орон дээр хөрвөөж үзсэн

Цагаан цасан дээрээс будрахад

Хөөцөлдөн эрхэлж, үүлс сандайлан

Уулсаас уулсад

Дүүжин хийж нааддаг байсан

Цагийн бороо тэнгэрээс асгарахад

Хөхин баясч, утас дамжих шиг

Усан ширхгээр нь авиран гарч

Оддыг сондор болгон хэлхэж

Цэцгийн толгойд зүүж өгч явсан… гэж эхэлнэ. Энэ шүлэг “тэнгэрийн хөвгүүний” үйл бүтээл эрдэм чадал нь мөн л санаанд багтамгүй эрхэм тансаг, цагаан цасан дээрээс будрахад хөөцөлдөн эрхэлж, үүлс сандайлан уулсаас уулсад дүүжин хийж наадан, цагийн бороо тэнгэрээс асгарахад хөхин баясаж, борооны ширхэг дамжин авиран гарч, “оддыг сондор болгон хэлхэж цэцгийн толгойд зүүж өгч яваа” нь тэнгэрийн хөвгүүний дээд эрдмийг тийм ихэд хийсвэрлэн сэтгэвч, угтаа газрын хөвгүүний тиймд байх гайхамшигт чанарт багтаж сэтгэсэн нь сэтгэлгээний их уран чадвар юм” гээд “Чин сүзэгт номун хааны гуравдугаар дүр тэнгэрийн орноос Бурхан багшин шарирам шүдийг эрж авч, газрын ертөнцдөө олж ирснийг өгүүлдэг бол, Сүрэнжавын “Би тэнгэрийн хүү” шүлэгт газрын ертөнцийн, тэр дундаа монголын морин толгойтой хуурыг тэнгэрийн оронд аваачиж эгшиг дуугаар нь тэнгэр эцгийг баясгах тухай өгүүлсэн нь чухамхүү “тэнгэрийн соёл”-ын уран сайхны сэтгэлгээг уран дүрийн эрдмээр шинэчлэн баяжуулсан…” хэмээн өгүүлсэн юм. Уул уулаа таньж мэдэрдгийн сонгодог жишээ энэ болов уу.

Монголын их утга зохиолд тэнгэрээс заяагдсан эл найрагчид тэнгэр бурхан нэгэнтээ авралын гараа сунгасан бодит жишээ бий. Баруун аймагт явахаар томилолт авсан найрагч онгоцонд суух өглөөгөө дарс хүртэн, цагаасаа хождож очвол хэдийнэ онгоц нисчихсэн байжээ. Буянт-Ухаад тэрээр ийн сэтгэл гонсгор үлдсэн бол түүний сууж явах ёстой онгоц осолдсон аймшигт түүхийг бид мэднэ. Ингэж Шаравын Сүрэнжавыг тэнгэр бурхан Монголын тал нутагт амьд үлдээж, олон сайхан номуудыг эх барьж авах хувь ерөөл хайрласан юм. “Сүрэнжавын залуугийн цог заль, бадрал эрмэлзэл төгс “Нутгийн цэнхэр уулс”, нас ахих үеийн нь ухаарал бодрол дүүрэн “Хөх тэнгэрийн хур” хэмээх шүлгийн түүвэр бол манай яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнд дэлбээлсэн цоо шинэ хоёр цэцэг” гэж Дашбалбар найрагч бардамхан хэлсэн удаатай. Танхим дүүрэн хүмүүст шүлгээ унших цог жавхлант найрагчийн үгнээс гэрэл цацарч, хүмүүсийн сэтгэлийг дулаацуулдаг байсан тийм олон агшныг нь мэдэрч явсан Балбартайгаа тэрээр сэтгэл зүрхний ахан дүүс, анд нөхөд. Шилийн Богдын оройн сэр сэр салхинд үлээгдэн, Москвад бороо шаагьсан намраар мөхөөлдөс идэн, кино үзэхээр цуг явж байсан гээд дурсамж дурдатгалыг нь хэлж яаж барахав.

Цэвдэг энэ орчлонгоо хайрлах хайр

Цээжинд багтахгүй оргилж ирэх өдөр байхад

Цэвдэг санаатныг бодохоор дотор харанхуйлж

Цэгээн чулуу хагартал бухимдмаар мөч байх юм

Ариун үнэний тулд зүрхээ асааж

Ард түмнийхээ дууч болж явахдаа

Адгийн юмсыг үзэн ядахгүйгээр

Амьд явах эрх шүлэгч хүнд байдаггүй юм, “Шувуудаа явуулсан нуурнаас намрын гунигийг сонсдог би, шуурсан шар навчсын дунд орчлонгийн гунигийг ухаардаг” найрагчийг намрын өглөө шаргал цувтай Дунд голыг гэтлэн явахыг нь олонтаа харсан хүн нь Дашбалбар юм. Тэрбээр “Ямархан нэг гуниг түүний зүрх сэтгэлд орогнож, орчлон хорвоогийн хуурамчийг таньж мэдсэн найрагч эр шүлгээ цээжиндээ бясалган, гоё өнгөтэй голын чулуу олсон хүүхэд баярлах шиг гарцаагүй үнэн ганц мөр бадаг олбол түүндээ баярлаж, хүн хүнд уншиж сэтгэлийн цэнгэл эдлүүлэх”-ийг нь харан бахдаж, алдар хүндийн тавцанд залагдаж байхад нь ч, атгаг хорон санаатнуудын гүжир гүтгэлэгт унаж, бор дарсыг хэтрүүлэн тэнтэр тунтар гишгэж, болох болохгүй хэл аманд орооцолдон нэг нүд нь газар нөгөө нүд нь тэнгэр ширтэж явахад нь ч сэтгэлээ салгаагүй билээ л.

ГУРАВ

Алдаа оноо, баяр гуниг нь бусдын нүдэн дээр даанчиг илхэн явж ирсэн эл найрагчийг би номын багш шигээ хайрлан хүндэтгэдэг юм. Тэр жилийн зуны эхэн сарын хорьдоор их Явуугийнхаа яруу найргийн баярт оролцчихоод хангайн уулсын магнай Даян хайрхны тэргүүн дээр Отгонтэнгэрээ халиаж зогссон сон. Дөнгөтийн Цоодол багш дэргэд ханайж, Отгонтэнгэрийн мөнгөлөг цагаан оргил нүдэн дээр эрдэнийн судар шиг гэрэлтэн, зөөлөн цагаан цас бударсан тийм гэрэл гэгээт цаг мөчид миний бие Шаравын Сүрэнжав найрагчийн баруун өвдөгнөөс адис авч билээ. Найрагчид шүлгээ уншицгаан сэтгэл нь оргилж, их хайрхандаа сүслэн залбирч, ёстой л нэг дуулиан шуугиан болж байх үест Сүүеэ аян замын ядаргаа байсан чиг уу, Явуугаа санагалзан бодлогоширсон чиг уу, Даян хайрхны элгэн хад сандайлан сууж байсан юм. Тэр л ахуйд нь миний бие их найрагчийн баруун өвдөгнөөс адис авч, хоёр жилийн өмнө Отгонтэнгэрт хамт ирснээ дурсаж билээ.

Тийм ээ, хоёр мянга долоон оны мөн л зуны эхэн сарын сүүлчээр Отгонтэнгэрийн тахилгад хүрэлцэн ирсэн билээ. Хангайн цаст цагаан уулыг зүүдлэнхэн ирсэн сэн. Замдаа Пүрэвжавын Пүрэвсүрэн найрагчийн Бөөнцагаан нуурт хоноглож, өглөө Аргалантынх нь уулсын хаяа хормойгоор хойш давхин Бурханбуудай хайрханд залбирсныг ч хэлэх үү, Отгонтэнгэрт сэтгэл бадарч, хийморь сэргэж ирсэн юм. Тэгтэл тэр сайхан уулын хормойд сэтгэл зүрхэндээ хайрлан явдаг Шаравын Сүрэнжав, Долгорын Цэнджав нартай учран золгох ерөөл тохиосон. Цэнджав бээр Энхбаяр Ерөнхийлөгчийн ажлын албаны даргын хувьд албан ёсны үүрэг томилолттой ирсэн байв. Бадархундага нуурын том том үхэр хаднуудын дундуур Монголын их утга зохиолын ялгуусан хувь заяаны эзэн Шаравын Сүрэнжавыг сугадан явах аз завшаан надад тийнхүү оногдсон бүлгээ.

Тэрээр Бадархундагын ариун дагшин уснаас аршаалан хүртэхдээ Явуугаа зүрхнээсээ санагалзан “Халх Монголыг даасан Очирваань бурхны дүрээр мөнхөрсөн уул Отгонтэнгэр хайрхан Монголын яруу найрагт нэгэн хүү өгсөн нь Явуухулан юм” гэж бардам хэлсэн. Тэртээ далан хоёр онд “Нутгийн цэнхэр уулс” номоороо зохиолчдын эвлэлийн шагнал хүртэхэд Явуу багш нь тэднийд хэд хоног тухалж, Цэндээ эгчээр хоол хийлгүүлэн тэр хоёр хундага харшуулж, сэтгэлийнхээ үгийг ярилцаж байсан удаатай. Сүүеэг Горькийд байхад Явуу захидал илгээж түүндээ Лхамсүрэн, Гайтав, Чимид нарыг үгүйлж буйгаа дурдсан нь бий. Наян нэгэн оны хавар Казахстаны Алма-Атад багш шавь хоёр хамт зорчиж, Ала-Тоо уулын үүл манан хуралдсан алаг хөх оргилуудыг сэтгэл баясан харж явснаа дурсдаг юм. Тэр бол Явуутай явсан сүүлчийнх нь аялал байжээ.

Хоёр мянга дөрвөн оны арваннэгдүгээр сарын 25-ны орой Дуурийн театрт болсон “Тусгаар тогтнол” яруу найргийн наадамд Утга зохиолын сургуулийн оюутан хүү түрүүлж, учраа мэдэхгүй нүдэндээ нулимстай зогсч байсныг Сүүеэ зурагтаар харж л дээ. Тэр цагаас хойш өчүүхэн намайг тоож элгэмсэх болсон. Бас нэгэн учралыг би мартдаггүй. Хоёр мянга зургаан онд Булган аймагт болсон яруу найргийн наадамд шүлгээ уншихаар очлоо. Сүрэнжав найрагч олныг шуугиулаад, тэрхүү наадмыг хөтөлж байх юм. Тэрбээр намайг зарлахын өмнө “За одоо би та бүхэнд танай нутгийн нэг сайхан найрагч хүүг дуудах гэж байна. Жил жилийн наадмаар дандаа дөрөв, тавын даваанд тунаанд үлдэж улсын цолонд хараахан хүрээгүй залуу бөх байдаг даа. Түүн шиг “Болор цом”-ын тайзан дээр шүлгээ уншин үзэгчдийг бужигнуулаад буудаг хүн бол манай…” гэж хэлсэн нь өчүүхэн намайг дээш нь өргөөд шидчих шиг болсон. Ингэж намайг Монголын их яруу найрагт зарлан оруулж ирж, хувь заяаны минь харгуйг ерөөлийн үгээр дэвсэж, дөрөөнд минь сүү дусаасан хүн нь Сүрэнжав юм. Энэхүү ач буяныг энэхэн насандаа яахин мартах билээ.

Тэр жил “Өдрийн сонин”-д гурван дугаар дамнуулсан томоохон ярилцлага хийж, түүгээр далим гарган миний бие гэрийнх нь босгыг байн байн алхалж, Цэндээ эгчээр адууны мах чануулан тухалж, Сүүеэтэйгээ ёстой нөгөө зүрхнийхээ үгийг ярилцаж суусан сан. Бид хоёрын яриа мэдээж зохиолчдын тухай байсан. “Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн Эрдэнээг уншдаг, би” хэмээн яг л шүлэг шиг хэлж угтана. Жаран есөн оны наадмын өмнөхөн Эрдэнэ зохиолч тэр хоёр Узбект зохиогдсон Монголын соёл урлагийн өдрүүдийн багийн бүрэлдэхүүнд багтаж хэд хоног аатай сайхан явсан гэдэг. Эрхүүд түр буулт хийгээд нисэх үед Эрдэнэ, Сүрэнжав хоёрын гадаад паспорт олдохгүй хэрдээ сандаргаж хүлээлт үүсгэжээ. Энэ үед багийг ахалж явсан Намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар “Онгоц хэн саатуулаад байна” гэж зандрангуй дуугарсан аж. Эрдэнэ дув дуугүй сууж байснаа онгоц нисч өндрөө авах мөчид арын суудлаас гэнэт босч ирээд “тэр Майдар юу юм” гэж чангар хашхиран олон хүний зүрхийг хагалчих шахсан хөгжөөнтэй дурсамж ч бий.

Сүүлд Эрдэнэ баавайтайгаа холын Америк руу ганзага нийлж Потомак мөрний гүүрэн дээгүүр үдшийн сэрүүнд хамт алхан, Вашингтоноос Нью-Йорк хүртэл засмалаар давхин, алдарт хоёр өндрийн нэгнийх нь гурван давхраас Цэрэндэжид, Цэндээ нартаа гоёлын нүдний шил авч, Бродвейн шөнийн солонгон гудамжаар дипломат Жаргалсайхан гуайгаар газарчлуулан явсан түүх бас бий.

Өнгөрөгч зун “Тэнгэрийн харьяатын ертөнцөд” ном бичсэн Дамдины Дэнсмаа докторт Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагналыг олгосон. Энэ үед Сүүеэтэйгээ уулзах хамгийн хэцүү халгамаар байлаа. Цэндээ эгч минь бурхны оронд очоод удаагүй байсан цаг. Газрын цээжинд гарсан адуу шиг омголон найрагч таяг тулаад орж ирсэн нь зүрх рүү ёг хийлгэсэн юм. Гүйж очин үнсүүлэхэд “Ах нь эгээтэй л үхчихсэнгүй, Цэндээ эгчээс нь хойш” гэж хэлэхэд нь зүрх урагдаад явчихаж билээ. Шагнал гардуулах ёслолын үеэр дуурийн театрын залуухан дууч Наранхүү Сүүеэгийн шүлэг, гавьяат нь үнэндээ жулдаж буй Дашдаваагийн Баттөмөрийн аялгуу “Миний нутгийн бараа” дууг нь дуулахад өөрийн эрхгүй сэтгэл ганихарч, хоёр нүдний минь нулимс сул асгаж байлаа. “Миний нутгийн бараа” миний сэтгэл зүрхний дуудлага юм. Тэр жил цом гардчихаад аавынх руугаа хоёр жаалхан охиноо гэргийтэйгээ дагуулаад давхиж явахад сэтгэл хөвөлзөөд болдоггүй. Хоолойд юм тээглэчихээд нэг л хачин. Дашинчилэнгээс Хишиг-Өндөр рүү эргэх мөчид “Миний нутгийн бараа”-г дуулж асгартал уйлж аваад бие хөнгөрөх шиг болсон сон.

Сүрэнжав дандаа томцуулын эгнээнд багтаж, алдар хүндийн эзэдтэй шилэн хоргонд байгаагүй. Хатуу харгис цагт эсэргүү Чойномыг өмгөөлж, шоронгоос гарахад нь хадаг сүүтэй угтан, хожим нь номыг гаргаж, шүлэгчийн нэрийг салхи арчихгүй хэмээн шүүрс алдсан хүн нь Сүрэнжав юм. Хадаа аваргыг төрийн наадамд түрүүлэхэд нь баярлаж, “би бас чам шиг буруутаж будилж явсан” хэмээн шүлэглэж, сүүлд дахин шоронд хоригдон залуухнаараа үс нь бууралтчихсан зовж явахад нь эргэн очиж, телевизийн нэвтрүүлэг бэлдэн сэтгэлийн их хүч хайрласан хүн мөн л Сүрэнжав билээ сэн.

“Ертөнц амилах хавар цаг аа, чиний урьхан инээмсэглэлд согтуурч, есөн төө чулууны дор нойрссон нөхрөө дуудан ярилцмаар байна” хэмээн Ванган тэргүүт нөхдөө санагалзан, Сэнгийн Эрдэнийнхээ гэрэлт дүрийг дуудан ирүүлж уянгын мөрүүдээр нь зүрхээ баясгах эл эрхмийн “Залгамж үеийн найрагчдаас итгэл, сэтгэлийн жолоог атгуулах цөөн хүний нэг чамдаа дурсгав” хэмээн уран зохиолын дээжис тавьдугаар ботийнхоо тэргүүнд бичиж өгснийг үргэлжид сананам. Цалгилсан онгод, цагийг эзэлсэн их найрагчийн тухай ийн өгүүлэхүйд сэтгэл зүрх минь хөг аялгуу орж, агуу ихийг бүтээхийн түрлэг цээжин цаанаас түлхэлж байна. Их утга зохиолын сүр сүлд болсон, ялгуусан хувь заяаны эзэн Шаравын Сүрэнжав танд урт нас буян хишгийн ерөөл өргөе.


Categories
мэдээ цаг-үе

Жэйсон П.Спэлберг: АНУ руу хариуцлагатай аялаад ирсэн хүмүүсийг урамшуулах зорилгоор зарим ангиллын визний журмаа хөнгөвчилнө

-ТОДРУУЛБАЛ, ЗААВАЛ ВИЗНИЙ ЦАГ ТОВЛОЖ, ЯРИЛЦЛАГАД ОРОХ ШААРДЛАГАГҮЙ. ЭНЭ ЖУРАМ ИРЭХ АРАВДУГААР САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ-


Монголчуудын зорчихыг хамгийн их хүсдэг орны нэг бол Америк. Гэтэл тус улсад очсон хүмүүс визний хугацаагаа хэтрүүлж, ямар нэг зөрчил гаргах нь түгээмэл. Амиа бодсон ганцхан хүний ухамсаргүй үйлдэл нь АНУ-д сурч боловсрох мөрөөдөлтэй залуус, аялал жуулчлал, ажил хэргийн шугамаар тус улсыг зорих гэсэн олон монгол хүний эрхэнд халдаж байгаа юм. Монголчуудын хувьд АНУ-д зорчих виз авах явдал тун ярвигтай байдаг нь ийм урхагтай. Иймд өнгөрсөн жилээс Гадаад харилцааны яам, АНУ-ын ЭСЯ-тай хамтран “Хариуцлагатай аялцгаая” аяныг эхлүүлсэн билээ. Тэгвэл уг аян хоёр дахь жилдээ хэрэгжихээр болсон бөгөөд БНСУ нэгдлээ. Өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийсэн “Хариуцлагатай аялцгаая-II” аяны хүрээнд монгол иргэдэд эдгээр улсын визний талаар зөв мэдээ, мэдээлэл өгөх, хууль бус виз зуучлагчтай тэмцэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдож буй иргэдийн тоог бууруулж, хариуцлага, ухамсрыг нэмэгдүүлэх зорилготой юм байна.

Энэ үеэр АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Жэйсон П.Спэлбергтэй ярилцлаа.


Хариуцлагатай аялцгаая аяны эхний шатны үр дүнг сонирхуулахгүй юу?

-Энэ аян хэрэгжиж эхлээд үр дүнгээ өгч байгааг статистик мэдээнээс харж болно. Тухайлбал, 2017 онд АНУ руу аяллын визээр зорчсон хүмүүсийг 2016 оныхтой харьцуулбал визний зөрчил гурван хувиар буурсан дүнтэй байна. Хоёр жилийн өмнө аяллын визээр зорчигчдын арван хувь нь хугацаа хэтрүүлдэг гэсэн статистик мэдээлэл байдаг. Тэгвэл энэ тоо өнгөрсөн жил долоон хувь болжээ. Оюутны болон солилцоогоор явсан хүмүүсийн визний хугацаа хэтрэлт 2016 онд 20 хувьтай байсан бол 2017 онд 17 хувьд хүрсэн байна. Энэ тоо бол баталгаажсан мэдээ гэдгийг онцолъё. Үүнээс гадна баталгаажаагүй тоон мэдээ ч бас байгаа.

-Энэ нь ямар учиртай юм бэ?

-АНУ-аас гарсан гэсэн мөртлөө гараагүй гэх мэдээлэлтэй, ийм завсрын статистикт орж чадаагүй мэдээллүүд байдаг юм. Оюутны визээр АНУ руу зорчсон хүмүүсийн ойролцоогоор 35 хувь нь хугацаа хэтрүүлэн, статусаа хадгалж үлдэхгүй, сольж байгаа гэсэн хардлага бидэнд байгаа. Харин аяллын визээр зорчигчдын 50 хувь нь өөр зорилготой яваа болов уу гэсэн хардлага байдаг. Тэгэхээр энэхүү мэдээллүүдийг илүү цэгцтэй болгохын тулд баталгаажуулах судалгаа гэж байдаг. Энэ нь аяллын талаарх бүх мэдээллүүдийг судалдаг. Асар олон хүний хүч хөдөлмөр шаардагддаг гэсэн үг. Одоогийн байдлаар энэ судалгаа маань дундаа явж байгаа. Тэгэхээр энэ мэдээллүүд цэгцрээд гараад ирэх юм бол илүү тодорхой тоог эндээс харах боломжтой.

Өмнө байгаагүй “Хариуцлагатай аялцгаая” аян маань ингээд хоёр дахь шатандаа хэрэгжээд явж байна. Энэ бол хүмүүсийн оюун санаа, ухамсарт зөв ойлголт өгч, тэрийгээ үйлдэл болгон дадаж хэвшдэг байхын тулд бид хичээж ажиллаж байгаа.

-Энэ кампанит ажил хэрэгжиж эхэлснээр нэг жилийн хугацаанд хариуцлагатай аялагчид тодорхой хэмжээгээр нэмэгджээ. Одоо та бүхэн дээр дурдсан тоог ямар түвшинд авчирна гэсэн зорилт тавиад байна вэ. Ер нь аяны хүрээнд яг ямар ажил явуулдаг юм бол?

-Мэдээж энэ аяны хүрээнд АНУ-д зорчиж байгаа иргэдийн визний хугацаа хэтрүүлэлтийг тэг хувь дээр авчирах зорилготой. Дээрээс нь хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг болиулах юм. Энгийнээр хэлэхэд, аливаа виз мэдүүлэгч монгол иргэн “АНУ-ын Сан-Франциско хот руу аяллаар явах гэж байна” гэхэд нь би шууд итгэдэг хэмжээнд очихын тулд хүмүүст хариуцлагатай аялдаг ухамсрыг бий болгох ёстой. Харамсалтай нь одоогийн байдлаар “АНУ руу аялчихаад ирье” гэсэн хүмүүс маань тэндээ хугацаа хэтрүүлдэг. Эсвэл нэг мөр суурьшин амьдардаг, хууль бус хөдөлмөр эрхэлдэг тохиолдол олон гарч байгаа юм. Тиймээс би виз мэдүүлж байгаа хүнд итгэдэггүй. Өөрөөр хэлбэл, итгэх хэмжээнд хүрч чадаагүй байна. Тиймээс итгэх хэмжээнд хүрдэг болохын тулд энэ кампанит ажлыг үргэлжлүүлж байгаа. Энэ хүрээнд өдөр болгон виз мэдүүлэгчтэй уулзахдаа “Та нар хариуцлагатай аялах хэрэгтэй. Ингэснээр дараагийнхаа хүмүүст боломж олгоно” гэж хэлдэг. Эсвэл виз олгохоос татгалзсан хүмүүст “Таны өмнө ингэж явсан хүмүүс АНУ-д очоод хууль зөрчиж байгаа учраас таны боломж хаагдаж байгаа гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Виз гэдэг бол итгэлцлийн цохон тэмдэглэсэн бичиг баримт. Энэ итгэлцэл нэг хэсэг хугацаанд алдагдсан. Тиймээс “АНУ руу аялаад ирье” гэсэн хүмүүст итгэхэд бэрх болчихоод байгаа юм. Энэ итгэлцлээ шинээр сэргээе гэсэн зорилго энэ аяны хүрээнд бас хадгалагдаж байгаа. Ерөөсөө “АНУ-д очоод хууль бус хөдөлмөр эрхлэхгүй, хугацаа хэтрүүлэхгүй, статус буюу визний ангиллыг өөрчлөхгүй, хэлсэн хугацаандаа яваад ирээч ээ” гэсэн энгийн санааг олон нийтэд түгээдэг л дээ. Жишээлбэл, хоёр долоо хоногийн хугацаатай АНУ руу явчихаад ирье гэсэн иргэнд виз олголоо. Тухайн хүн маань АНУ-д очоод 14 хоног биш зургаан сар болчихоод эргэж ирдэг. Түүнийг дахиад виз мэдүүлэхэд нь “Та яагаад зургаан сар болов” гэж асуутал “Хил дээр надад зургаан сар байх хугацаа олгосон. Тиймээс би хугацаа хэтрүүлээгүй” гэсэн тайлбар өгдөг. Үүнээс юу харагдаж байна вэ гэвэл, 14 хоног явна гэж виз мэдүүлсэн хүний хэлсэн үг, үйлдэл хоёр нь зөрөөд байна. Ингэснээр би түүнийг зургаан сар АНУ-д байхдаа хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн байх гэсэн таамгийг автоматаар бодох зайлшгүй шаардлага үүсдэг юм шүү. Нэг ёсондоо итгэлцэл алдагддаг. Өдөр тутмын үйл хэрэгтээ бид үүнийг л ойлгуулах гэж хичээж ажиллаж байгаа.

-АНУ-ын хувьд энэ аяныг Монголоос өөр улс оронд хэрэгжүүлж байна уу?

-Иймэрхүү кампанит үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байгаа тохиолдол тэр болгон байдаггүй. Яагаад гэвэл тухайн эзэн орон нь өөрсдөө хамтарч ажиллах тохиолдол тэр болгон гардаггүй. Монголын Гадаад харилцааны яам маш сайн дэмжиж ажиллаж байгаа. Одоо монголчууд барууны орнууд руу аялах сонирхолтой болжээ. Энэ хүсэл эрмэлзлийг нь гадаад харилцааны яамнаас дэмжиж ажиллаж байгаа учраас “Хариуцлагатай аялцгаая” кампанит ажлыг идэвхжүүлэхэд анхаардаг болов уу.

-Энэ удаагийн аянд Өмнөд Солонгос улс нэгдлээ. Тэгэхээр хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Анхан шатны уулзалтууд хийгдээд харилцан ярилцлагууд явагдсан байгаа. Гэхдээ БНСУ-ын ЭСЯ өнгөрсөн наймдугаар сараас кампаинт үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Дараа дараад харилцан ярилцах зүйл их бий. Жишээлбэл, монголчуудыг энэ аяндаа хэрхэн оролцуулах вэ гэдэг тал дээр хамтран ажиллана.

-Ер нь аливаа улсын визний журам хатуу гэдгийг хүмүүс сайн мэднэ. Тухайлбал, виз нь гараад зорьсон улсдаа хүмүүс өөрсдийгөө азтай гэж үздэг байх. Монголдоо очоод дахиад виз мэдүүлбэл гарахгүй байх гэж эмээгээд очсон газраа харлаж, биз зөрчих явдал байдаг болов уу. Тэгвэл сая АНУ-ын хэргийг түр хамаарагч ноён Манни Микаллер визний журамдаа өөрчлөлт оруулах болсон талаар дурдлаа. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Сүүлийн 12 сарын хугацаанд виз авсан хүмүүст хамааралтай хөнгөвчилсөн журмыг аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх гэж байгаа. Гэхдээ энэ хугацаанд АНУ-д зочсон хүмүүс тэрхүү визний ангиллаа өөрчлөхгүйгээр, хариуцлагатай аялаад ирсэн бол тэдэнд шинэ журам үйлчилнэ. Тодруулбал, АНУ-ын ЭСЯ-нд ярилцлагын цаг товлохгүйгээр, ярилцлага хийхгүйгээр зөвхөн материалаа өгөхөөр зохицуулагдаж байгаа. Одоо аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх гэж байгаа энэ үйл ажиллагаа нь аяллын виз буюу “B”, оюутны виз буюу “F”, солилцооны “J”, сургалтын “M” гэсэн визний ангилалд хамаатай.

-Нэг ёсондоо хариуцлагатай аялаад ирсэн хүмүүсээ урамшуулж байгаа гэж ойлгож болох уу?

-Яг тийм. Хариуцлагатай аялаад ирсэн хүмүүсээ урамшуулах зорилгоор олон шат дамжлага дамжихгүйгээр хялбар аргачлалаар визээ авах тэр боломжийг нээх юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх аравдугаар сарын 1-нээс АНУ-ын ЭСЯ-ны албан ёсны вэб сайтдаа байршуулна. Эндээс ямар хүмүүс энэхүү хөтөлбөрт хамрагдаад явах боломжтой вэ гэдгийг харах боломжтой. Одоогийн байдлаар ярилцлагагүйгээр виз мэдүүлэх журам маань 14 хүртэлх насны хүүхдүүд болон 80-аас дээш насныханд үйлчилдэг.

-Ингэхэд АНУ-д ажиллах хүчний H2 ангиллын визийг монголчууд мэдүүлэх боломжтой орны жагсаалтад багтсан. Иргэдэд нэлээд хүлээлт үүсгэсэн шийдвэр ажил хэрэгж болж байна уу?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Монголын гурван иргэн “H2” ангиллаар виз авсан. Одоогоийн байдлаар тулгамдаж байгаа асуудал нь монголчуудын хувьд юу вэ гэвэл АНУ-д ажил олгогч байгууллага Монголоос ажиллах хүчээ татах, эндээс ажил олгогч байгууллагыг олж авахад нэлээд хүндрэлтэй дүр зураг ажиглагдаж байна. Энд нэг зүйлийг онцлоод тэмдэглэхэд, АНУ-ын ЭСЯ ажил олгогчтой ямар нэгэн байдлаар харилцаж, ажил олгодог үйл ажиллагаанд оролцдоггүй. Гэхдээ Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас, АНУ дахь Монгол Улсын ЭСЯ, АНУ-д ажил олгогч бизнесийн байгууллагаас манайд хандсан. “Хэрхэн, яаж энэхүү ажил эрэлхийлж байгаа хүмүүс болон ажил олгогч нарыг холбох вэ” гэсэн асуултуудыг дурдаж байгаа. Бизнес зуучлагч байгууллага гэж байдаг. “Эдгээр байгууллага нь АНУ руу хил дамнуулан хүн гаргах процессыг явуулаад байна уу” гэдэг хардлага бас байдаг. Нэг ёсондоо одоо болж байгаа процессыг сайн талаас нь харах юм бол олон хүнийг хохирох эрсдэлээс сэргийлж байна. Хүмүүс гэнэт бөөн, бөөнөөрөө АНУ руу очдог. Гэтэл бодит байдал дээр ажил нь байхгүй, зөвхөн хилээр гаргаад өгсөн бизнес зуучлагч байгууллагаас болж хохироод үлдэж байснаас яг зөв замаараа, эхлээд цөөн явсан нь дээр болов уу. Иймэрхүү болзошгүй эрсдэлийг тооцоолж асуудалд анхаарал хандуулж байгаа. Гэхдээ ирэх жилээс “H2” ангиллын визээр АНУ руу зорчих иргэдийн тоо нэмэгдэх болов уу гэсэн таамаг байна. Мэдээж, АНУ-д ажил олгогч байгууллага зуучлагч байгууллагаа олно. Дээр нь Монгол дахь ажилтан зуучлагч байгууллагууд гэрээ хийх зэрэг нэлээд цаг хугацаа орох байх.

H2 ангиллын виз нь гарсан гурван иргэний хувьд хувиараа хөөцөлдөөд явсан гэж ГХЯ-наас мэдээлсэн. Иргэд ийм шугамаар явах нь нээлттэй биз дээ?

-Мэдээж, тэгэлгүй яахав.

МОНГОл УлС АлСдАА АНУ-д вИзГүй зОрчИХ зОрИлТТОй ГЭв

Энэ оны нэгдүгээр сард АНУ-ын Дотоод хэргийн Департмент ажиллах хүчин авах орнуудын нэрсийг шинэчилсэн билээ. Ингээд “H2-А”, “Н2-В” ангиллын визээр монголчууд тус улсад ажилтан гаргах боломжтой нээгдсэн. Жилдээ 66 мянган гадаадын ажиллах хүч авдаг АНУ-ын квотыг монголчууд ашиглаж чадахгүй байна. Энэ тал дээр ямар хүндрэл бэрхшээл тулгараад байгаа талаар ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшигээс тодруулсан юм. Тэрбээр “Америкт түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх боломжтой H2-A”, “Н2-B” ангиллын визээр зорчих боломжтой орнуудын жагсаалтад багтсан гээд монголчууд шууд очоод ажил хийнэ гэсэн үг биш. Ажлын байрны хэрэгцээ шаардлага байгаа бол АНУ-ын ажил олгогч компаниуд өөрийнхөө зуучлагчаар дамжуулаад Монголоос ажилчин авах юм. Гэхдээ одоогоор албан ёсоор АНУ-ын зуучлагч компани Монгол Улсын зуучлалыг хариуцах компанитай тохиролцоогүй байна. АНУ-ын ажил олгогчид үнэхээр гадаадаас ажиллах хүч авах сонирхолтой, тэр дундаа Монгол Улсаас ажилчин авах хүсэлтэй бол тухайн аж ахуйн нэгжүүд гадаадаас ажиллах хүч зуучилдаг тусгай эрхтэй АНУ-ын компаниудад ханддаг. Тусгай эрхтэй гэдэг нь АНУ-ын Хөдөлмөрийн яамнаасаа зөвшөөрөл авсан компаниуд юм. Тэд Монголоос ажилтан авахаар бол Монголын аль нэг компанитай хамтын ажиллагаа буюу холбоо тогтоосны үндсэн дээр Монголын зуучлагч компаниар дамжуулаад хүнээ бүртгэж аваад АНУ руу явуулах учиртай. Тэгэхээр одоогоор Монголоос ажилтан авах сонирхол нь төрөхгүй байна гэж үзэж байна. Харин ГХЯ- наас маш олон арга хэмжээ авч байгаа. Ер нь ажилтан авахын тулд тухайн орны ажил олгогчид манай иргэдийн хариуцлагатай байдал, хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа хувь буурч байгаа эсэх зэрэг олон шалгуурыг тавьдаг. Тэр шалгууруудыг хангах хүрээнд шат дараатай ажлууд хийгээд, төлөвлөөд явж байна. Хэтийн зорилго бол АНУ-д мэдээж Монгол Улсын иргэдийг визгүй зорчуулах юм” гэлээ.

БНСУ МОНГОлчУУдАд ГрУпп вИз ОлГОдОГ БОлОХ ТАлААр СУдАлж БАйНА

“Хариуцлагатай аялцгаая” аянд БНСУ нэгдэж байгаа шалтгаан нь мөн л тус улсад зорчсон монгол иргэд визний хугацаа хэтрүүлж, хууль бусаар амьдарч байгаатай холбоотой. Албан ёсны мэдээллээр тус улсад 46 мянга орчим Монголд иргэн амьдардаг гэнэ. Үүнээс 18 мянга орчим нь хууль бусаар суурьшиж байгааг БНСУ-ын Элчин сайдын яамны Консул Кил Кангмү дурдав. Тэрбээр “Хариуцлагатай аялцгаая” аяны хүрээнд монголчуудыг визээ зөрчихгүй, зориулалтын бусаар ашиглахгүй байх, цаашид БНСУ-д зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх, цаг хугацаа шаардахгүйгээр хөнгөлөлттэй үйлчлэх зэрэг арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байгааг онцолсон юм. Ноён Кил Кангмү цааш нь хэлэхдээ “Манай хоёр орон 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш байнгын идэвхтэй хамтран ажиллаж, Солонгосын визний журмыг хөнгөвчилж, визний материалыг багасгах талаар олон арга хэмжээ авсаар ирсэн. Сүүлийн үед хамгийн эрчимтэй яригдаж байгаа асуудал бол ямар нөхцөлтэй байвал Монгол Улсын иргэд байнгын буюу олон удаагийн визийг авах боломжтой болох тал дээр ЭСЯ судалгаа хийгээд ажиллаж байна. Одоогоор Монгол Улсын хувьд групп визний ангилалд багтаагүй. Иймд ЭСЯ-ны зүгээс энэ асуудлыг судлаад, ирэх жилээс хэрэгжүүлэх тал дээр анхаарлаа хандуулж байгаа” гэв.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “76 мангуу”-тайгаа байхад хөгждөггүй юм аа гэхэд тусгаар тогтнолоо алдахгүй ээ хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Зүрх уулын зүрхэн талд сүндэрлэх
“Майдар хот”-ын бүтээн
байгуулалт ирэх онд эхэлнэ” хэмээн өгүүлсэн байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “76 мангуу”-тайгаа байхад
хөгждөггүй юм аа гэхэд тусгаар
тогтнолоо алдахгүй ээ хэмээх нийтлэлийг уншина уу.

“Улс төр” нүүрт Монгол Улсын
Ерөнхийлөгчийн Тамгын
газрын дарга З.Энхболд: Монгол Улс мал аж ахуй,
уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна
цахилгаан эрчим хүч экспортлох
бүрэн боломжтой байна хэмээн ярьсан байна.

“Таван толгой” таны ч, миний ч болох
зам дээрээ гарах нь гарлаа… хэмээн “Эдийн засаг” нүүрт өгүүлжээ.

Цагдаагийн ерөнхий
газрын Урьдчилан
сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Арсланхуяг: Өсвөр насны хүүхдүүдийг хаалттай группт
элсүүлэн нүцгэн зураг, хувийн мэдээллийг нь авч сүрдүүлсэн,
дарамталсан хэргүүд шалгагдаж байна хэмээн “Баримт үйл явдал” нүүрт ярьсан байна.

Монголын өмгөөлөгчдийн
холбооны тамгын
газрын дарга Ц.Ганболд: 933 хуульчид холбогдох
791 гомдол ирсэн хэмээн “Үйл явдал” нүүрт ярьжээ.

Эрдэнэт үйлдвэрийн 51
хувийг Өмнөд Африкийн
“Стандарт” банкинд
барьцаалж авсан өрийг
Монгол Улс барагдуулах
ёстой болоод байгаа.
Арбитрийн шүүхийн
шийдвэртэй холбоотой асуудлаар хуульч О.Алтангэрэл: ”Стандарт” банкны
өрийг ямар ч эргэлзээгүйгээр
Эрдэнэт үйлдвэр төлнө хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс хүлээн авч уншаарай.

Боловсрол, соёл,
шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр: Монголоос Нобелийн
шагналтан төрнө хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьсан байна.

2018-2019 оны хичээлийн жилд
ЕБС-д ашиглах сурах бичгийн
жагсаалтыг “Боловсрол” нүүрээс хараарай.

У.Хүрэлсүх ээ, долоо хэмжиж нэг огтлоорой хэмээн “Энэ тухай” нүүрт өгүүлсэн байна.

Уул уурхай нүүрт “Лайон менежер
лимитед”-ийн гүйцэтгэх
захирал Хэдли Виддап: Хөрөнгө оруулагчид бодлогын тогтворгүй орчноос
бусад ямар ч том эрсдлийг үүрээд гардаг хэмээн ярьсан байна.

“Спорт” нүүрт Хабиб Нурмагомедов, Конор МаКгрегор нар
анх удаа нүүр тулна хэмээн өгүүлсэн байна.

Хоёр Солонгосын удирдагчдын
уулзалт маргааш болно хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Хамгийн эртний шар айргийн үйлдвэр Израильд олджээ

Изралийн Хайфа хотын ойролцоо балар эртний агуйд 13 мянга жилийн настай шар айраг бүхий дэлхий дээрх хамгийн эртний шар айргийн үйлдвэрийг олсон талаар археологчид мэдээлжээ.

Тус олдворыг хагас нүүдэлчин анчдын булшыг судлах үед нээсэн аж. Үүнээс өмнө шар айргийг таван мянган жилийн тэртээгээс нэрж эхэлсэн гэж үзэж байсан бөгөөд Израилиас олдсон энэхүү нээлт түүхийг эргүүлнэ гэдэгт судлаачид итгэлтэй байгаа юм байна.

Түүнчлэн, эрдэмтэд бидний бодож байсан шиг шар аргийг зөвхөн талх хийх явцад гаргаж авсан бүтээгдэхүүн биш байх хэмээх таамаглалыг дэвшүүлжээ. Тэд аль анхдагч вэ гэдгийг одоогоор хэлж чадахгүй байгаагаа дурдсан байна. Мөн үхэгсдэд хүндэтгэл үзүүлэх зан үйлд ашигладаг байсан байж магадгүй хэмээн үзэж байгаа аж.

Судалгааны багийн ахлагч Стэнфорд их сургуулийн профессор Ли Лиугийн хэлснээр Палеолит, Неолитын үеийн хооронд амьдарч байсан Натуф хүмүүсийн хэрэглэдэг хүнсийг судлах явцад улаан буудай, арвай тарианаас гаргаж авсан согтууруулах ундааны ул мөрийг олсон. Эртний шар айраг нь өнөөдөр бидний хэрэглэж буй шар айргаас нилээн өөр, зутан мягийн өтгөн байсан хэмээжээ. Өнөө цагийг бодвол эрт цаг үед согтууруулах ундааг арай сул исгэдэг байсан байна.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдана

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн билээ.

Тус үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баярсайхан “БСШУСЯ Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл хэлэлцээрийг үргэлжлүүлж ажилласны үр дүнд есдүгээр сарын 3-наас хойш үргэлжилсэн багш нарын ажил хаят албан ёсоор зогсож байгааг мэдэгдсэн. Есдүгээр сарын 17-ны Даваа гарагаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдана. Ажил хаялт бол ингээд зогсож байна. Харин хэлэлцээр үргэлжилж 2019 оны хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрт ямар санал, шаардлага оруулахаа ярилцана” гэсэн юм.

БСШУСЯ-ны ҮЭ “Цалин хөлс доогуур байсан зөрүүг арилгаж тодорхой хувиар нэмэх асуудал дээр тохиролцож чадлаа. Боловсрол шинжлэх ухааны ажилтнуудын цалин бусад салбарынхаас доогуур байсан. 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд ажлын ачааллыг үнэлэх үнэлгээний системтэй болно. Нормоос давсан хүүхдийн тоогоор багш нарын цалинг нэмэхээр боллоо. Инфляцитай уялдуулаад 2019 онд цалинг найм орчим хувиар нэмэх гэж байсан. Гэхдээ бид 20-иос доошгүй хувиар 2019 онд багтаан нэмэх тохиролцоонд хүрлээ. Мөн энэ удаагийн ажил хаялтад оролцсон хүмүүст сахилгын арга хэмжээ авахгүй, цалинг нь олгоно” гэв.

“2018-2019 оны хичээлийн жилийн эхний өдрүүдэд өнгөрсөн хичээлийн жилд үзсэн хичээлээ бататгах байсан. Ажил хаялтын хугацаанд сургууль тус бүр дээр хичээл янз бүрийн хугацаагаар тасалдсан. Тиймээс яамны зүгээс Нийслэлийн боловсролын газар болон аймгуудын боловсролын газартай холбогдон хичээлийг хэрхэн нөхөх талаар зөвлөмж хүргүүлэхээр бэлтгэж байгаа” хэмээн БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга С.Ням-Очир хэлсэн юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

iOS 12 үйлдлийн системийн өмнөхөөсөө ялгарах давуу талууд

Apple компани iOS 12 шинэ үйлдлийн системээ энэ долоо хоногийн Даваа гараг олны хүртээл болгохоо зарласан билээ. Шинэ үйлдлийн систем нь одоогийн ашиглагдаж буй iOS 11-ээс дараах 15 төрлийн давуу талыг багтаасан байна.

1. Хурд нэмэгдэнэ. Утасныхаа камерыг нээх, текст бичих, аль нэг цэсрүү орох зэрэгт утас чинь маш хурдан шилжин ажиллах болно.

2. Утасны камераа нээхэд одоогийнхоос 70% хүртэл, текст бичихэд 50% хүртэл хурд нэмэгдэнэ.

3. FaceTime ашиглан 32 хүртэлх хүнтэй зэрэг холбогдон ярьж болно.

4. Өөрийгөө илэрхийлэхүйц Memoji үүсгэн ашиглаж болно.

5. Уутат баавгай, бар, сүнс, динозавр гэх дөрвөн шинэ аниэможи нэмэгдэнэ. Эдгээр нь хөдлөх, нүдээ ирмэх, хэлээ гаргах гэх мэт үйлдлүүдийг хийж чадах ба бусад эможинуудаас илүү хувирал үзүүлж чадах юм.

6. Харилцааг илүү амьд болгох үүднээс мессеж болон FaceTime ашиглах үедээ зураг, бичлэг, аниэможи, эможи, хөдөлгөөнтэй текст, хөгжилтэй шинэ зүйлсийг туршиж үзэх боломжтой.

7. Камер дээр 3D элемент нэмэгдэнэ. Энэ нь яг л бодит мэт сэтгэгдэл төрүүлнэ.

8. Өдөр болгон ямар аппликэйшн хэр хугацаанд ашигласнаа Screen Time-аар харан хянаж болно.

9. Утсандаа ирж буй олон янзын мэдээллүүдийг цэгцтэй хүлээж авахад тусална.

10. Do Not Disturb цэсийг ашиглан утсаа ямарч мэдээлэл, дуудлага, мессеж хүлээж авахгүй болгож болно. Харин цагийг нь та сонгох ба уулзалт болон чухал үйл явдлын үеэр ашиглахад тохиромжтой. Энэхүү цэс нь мөн байршил тогтоодог ба хэрвээ та уулзалт болох газрынхаа байршлыг оруулж уг цэсийг ажлуулснаар уулзалтын дараа таныг өөр байршилтай газар очиход утас тань автоматаар нээгдэж хэвийн ажиллах болно.

11. Ижил үйлдлийн системтэй утастай зургаа хуваалцах боломжтой.

12. Та зураг хайхдаа зургаа авуулсан газрынхаа байршлаар ч хайж болно. Энэ зургаа хурдан хайж болох ухаалаг арга юм.

13. Siri буюу танд туслах зориулалттай уг цэс нь одоо тантай өдөр бүр хамт байх болно. Учир нь та өглөө болгон нэг газраас кофе авч уудаг байлаа гэж бодоход үүнийгээ Siri-д хэлбэл өглөө бүр танд үүнийг чинь сануулж энэ талаарх мэдээлэл утасны тань дэлгэцэн дээр гарах болно. Үүнтэй адил өдөрт хийх ёстой зүйлээ бүгдийг нь бүртгүүлж ч болох юм.

14. Apple компани хувийн нууцыг хүний эрхтэй холбож үздэг учир маш чухалд тооцдог учир шинэ iOS таны хувийн мэдээллийн хамгаалалтыг улам чангатгажээ.

15. Уг үйлдлийн системийг IPhone 5s-ээс хойшхи бүх iOS үйлдэлтэй утсанд суулгаж болох аж.

Categories
мэдээ нийгэм

Хятадын Засгийн газраас олгох зээлийг эрчим хүч, автозамын салбарт зарцуулна

БНХАУ-ын Засгийн газраас олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг Засгийн газраас баталжээ. Тодруулбал,

– “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц”

-“Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл”

-“Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэл”

-“Өрсөлдөх чадвартай дээд боловсрол”

-“Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих”

-“Махны үйлдвэр, хорио цээрийн байгууламж барих”

-“Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах”

-“Нүхэн гарц”

-“Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах” зэрэг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.