Categories
гадаад мэдээ

Зохиолч Мураками Нобелийг орлох шагналаас нэрээ татсан байна

Энэ жилийн Нобелийн утга зохиолын шагналыг орлох шагналд Японы зохиолч Харуки Муракамигийн нэрийг дэвшүүлээд байв.

Орлуулах шагнал гэсний учир нь Нобелийн шагналыг олгодог Шведийн Академид бэлгийн дарамтын хэрэг илэрсний улмаас энэ жилийн шагналыг дараа жилийн шагналтай хамт олгохоор хойшлуулсантай холбоотой. Энэ шийдвэрийн дараа Шведийн урлаг соёлын хэсэг зүтгэлтнүүд нэгдэж, Нобелийн утга зохиолын шагналыг орлуулах шинэ шагналыг бий болгож, энэ онд олгохоор болсон юм.

Уг шагналд Муракамигаас гадна Британий зохиолч Нэйл Гэйман, Францын Гваделупт төрсөн Марис Конде, Вьетнамын зохиолч Ким Тхуй нар нэр дэвшээд байжээ.

Японы утга зохиолын хамгийн амжилттай экспортуудын нэгт тооцогддог Муракамиг жил бүр Нобелийн шагнал хүртэнэ гэсэн хүлээлт нутаг нэгтнүүдийнх нь дунд бий болдог.

Тэгвэл нэрт зохиолч шагналд нэр дэвшүүлсэнд талархал илэрхийлээд зохиол бүтээл туурвих ажилдаа анхаарал төвлөрүүлэхийн тулд нэрээ татах хүсэлт илгээснийг Шведийн New Academy Prize in Literature байгууллагын фэйсбүүк хуудсанд мэдээлжээ.

Уг шагналын ялагчийг ирэх сард зарлах юм.

Categories
мэдээ спорт

Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид цомын эзэд боллоо

Стандарт, хэмжил зүйн газраас 95 жилийн ойгоо тохиолдуулан Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын хооронд зохион байгуулсан спортын наадам ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг, билльяард, дартс, шатар гэсэн төрлүүдээр хоёр өдөр үргэлжлэн явагдаж, аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээнд Шадар сайдын ажлын алба, СХЗГ, ОБЕГ, МХЕГ, Чөлөөт бүс, ШӨХТГ, СХЗГ-ын баруун, зүүн бүсийн ерөнхий газрын нийт 200 орчим баг тамирчид оролцож, хурд хүчээ сорьсон юм.

Шатрын тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэл, Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд нар алтан медаль, эмэгтэйчүүдийн төрөлд Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын мэргэжилтэн, хошууч С.Байгалмаа, ахлах нягтлан бодогч, ахмад С.Оюумаа нар мөн алтан медаль хүртлээ.

Мөн ширээний теннисний тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд хоёрдугаар байранд ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн, хошууч Ч.Мэндэлмаа шалгарсан бол дартсын эрэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Лхагвасүрэн хүртсэн юм.

Харин сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй төрөлд алтан медаль, гар бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдийн төрөлд алт, эмэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид шилжин авах цомын эзэд боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Дэлхийн мисст Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр Э.Энхриймаа тодорлоо

“Miss World 2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйн шалгаруулалт өчигдөр боллоо. Дэлхийн мисст оролцох гоо бүсгүйгээр 20 настай Э.Энхриймаа тодорчээ. Өнгөрсөн жилийн дэлхийн мисст улсаа төлөөлөн оролцсон Ц.Энхжин титмээ Э.Энхриймаад шилжүүлэн өглөө.

Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 68 дахь удаагаа тодруулах гэж буй “Miss World 2018” тэмцээний финалын шатны шалгаруулалт 12 дугаар сарын 8-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах аж. Монгол Улсын хувьд 2005 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд жил бүр үндэснийхээ ялагчийг оролцуулж, эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн юм.

Categories
мэдээ спорт

А.Батцэцэг, Б.Шоовдор нар Минскээс алтан медаль хүртлээ

Хуучнаар ЗХУ болон Беларусийн алдарт бөх Александр Медведийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн энэ сарын 14-16-нд Беларусийн нийслэл Минскт боллоо. 48 дахь удаагийн уламжлалт тэмцээнд 23 орны орны 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдсөн байна.

Харин манай улсаас гавьяат дасгалжуулагч Цэндийн Баярсайханы удирдлага дор эрэгтэй нэг, эмэгтэй таван тамирчин хүч үзсэнээс гурав нь медаль хүртлээ. Тодруулбал,

  • 59 кг-ын жинд ОУХМ Баатаржавын Шоовдор алт,
  • 57 кг-д ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг алт,
  • 55 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг хүрэл медаль тус тус хүртэв.

Б.Шоовдор Минскт 1/4 шигшээд Беларусийн Анастасья Хучокыг 6:0-ээр, хагас шигшээд ОХУ-ын Юлья Албороваг 6:3-аар, алтан медалийн төлөөх барилдаанд Азербайжаны Татьяна Омельченког 4:0-ээр тус тус ялснаар аваргын тавцанд зогссон юм.

55 кг-д Э.Даваачимэг эзэн орны Залина Сидакова, БНХАУ-ын Луо Ланнуаныг ялсан ч хагас шигшээд ОХУ-ын Мария Гуровад 6:7-гоор ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны Анастасья Ямененкаг оноогоор цэвэр (13:2) ялав.

А.Батцэцэг Минскт нийт дөрвөн барилдаан хийсэн бөгөөд 1/8 шигшээд АНУ-ын Бека Литерсийг, шөвгийн наймд Энэтхэгийн Поожа Жандаг тус бүр оноогоор цэвэр, хагас шигшээд АНУ-ын хашир туршлагатай бөх Келси Кэмпбеллийг 9:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн ОХУ-ын Ольга Хорошавцева 4:1-ээр ялсан юм.

Categories
гадаад мэдээ

Шоуны үеэр жирэмсэн модель амаржжээ

Нью Йоркийн загварын 7 хоногт дотуур хувцасны загваруудаараа оролцсон дуучин Рианнагийн шоу шинэ содон бүхнээр дүүрэн байлаа. Түүний Savage x Fenty хэмээх дотуур хувцасны шоунд оролцсон жирэмсэн загвар өмсөгч Слик Вүүдс тайзнаас бууснаасаа хойш 1 цагийн дараа амаржжээ. Энэ жил 22 настай Слик Вүүдс нь алдарт Vogue, Calvin Klein, Marc Jacobs-т ажилладаг бүсгүй аж. Анхныхаа хүүхдийг тээж буйгаа Инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан Слик Вүүдс Рианнагийн дотуур хувцасны шоунд оролцож байхдаа өвдөлт өгч эхэлжээ.Хэдийгээр төрөх өвдөлт өгч эхэлсэн ч шоугаа дуусгахаар гүрийсэн Слик Вүүдс тайзнаас буугаад шууд эмнэлэгт хүргэгдэн 1 цаг орчмын дараа хүүгээ өлгийдөж авсан байна.

Рианнагийн шоунд оролцсон жирэмсэн модель тайзнаас буугаад амаржжээ

Слик Вүүдс амаржсаныхаа дараа Инстаграмдаа “14 цагийн дуншилтын дараа Хаан төрлөө” хэмээн бичиж, “Энэ бол хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүдийн жинхэнэ төрх, бид үнэндээ юуг туулж явдгийг та нар сайн мэдэхгүй” гэсэн утгатай пост оруулсан байна.


Categories
мэдээ спорт

Хакүхо М.Даваажаргал их аварга цолтой 800 дахь даваагаа авлаа

Японы мэргэжлийн сүмогийн аки башёг Монголын их аваргууд нэг ч унаагүй тэргүүлсээр байна. Өчигдөр буюу найм дахь өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал маэгашира Яатакаяамаг давснаар энэ сарын тэмцээний 50 хувийн амжилтаа үзүүлсэн төдийгүй мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд их аварга цолтой барилдсанаасаа хойшхи 800 дахь даваагаа авчээ. Харин их аварга Какүрюү М.Ананд сэкивакэ Ичиножёо А.Ичинноровыг давжээ.

Япончуудын итгэл найдвар болсон их аварга Кисеносато энэ сард тааруухан барилдаж байна. Тэрээр өчигдөр Тамаваши Б.Мөнх-Оргилд өвдөг шороодсоноор зургаан даваа хоёр унаатай болсон байна. Тамаваши Б.Мөнх-Оргилын хувьд ийнхүү их аваргыг өвдөг шороодуулан аки башёгийн анхны даваагаа авчээ.

Хакүхо М.Даваажаргал их аварга цолтой 800 дахь даваагаа авлаа

Categories
энтертаймент-ертөнц

“Эмми авардс”-ын эзэд өнөөдөр тодорно

АНУ-ын телевизийн салбарын шилдгүүдийг тодруулах 70 дахь удаагийн “Эмми авардс” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /Монголын цагаар маргааш өглөө/ Лос Анжелес хотод болно .

Улс төрийн өнгө аясыг шингээдэг, санаанд оромгүй ялагчдыг тодруулдаг гэдгээрээ энэ шагнал америкчуудын дунд үргэлж яригддаг, жилийн хамгийн дуулиантай үйл явдлын нэг юм. Шагналтныг тодруулах ажиллагаа улс төрөөс ангид биш гэдгийг бүгд мэддэг бөгөөд Ерөнхийлөгч Доналд Трамп ч энэ талаар илэн далангүй хэлж байсан удаатай. “Эмми авардс”-т хоёр удаа нэр дэвшиж байсан тэрээр “Эмми бол улс төр, тиййм болохоор л би энэ шагналыг хэзээ ч авч чадахгүй” хэмээн 2012 онд Твиттер хуудсандаа жиргэж байжээ.

АНУ-ын хувьд, Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх арваннэгдүгээр сарын дундуур эхлэхээр байгаа. Тиймээс энэ удаа зохион байгуулагчид ямар өнгө аясыг шагналдаа шингээх, ялагчид улстөржсөн ямар мэдэгдэл хийх нь вэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна хэмээн ВВС агентлаг онцолжээ.

Categories
мэдээ улс-төр

Бодлогын зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

Санхүүгийн зохицуулах хорооны шинээр байгуулагдсан Бодлогын зөвлөл энэ сарын 14-нд анхны хуралдаанаа хийлээ.

Хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон УИХ-аас баталсан Санхүүгийн зохицуулах хорооны дүрэмд зааснаар “Зохицуулалтын үйлчилгээний хүрээний тодорхой салбарын үйл ажиллагаа, чиг хандлагын талаар зөвлөлдөх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч, үйлчлүүлэгч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор байгуулах”-аар заасан байдаг. Үүний дагуу Хороо 2006 онд “Бодлогын зөвлөлийн журам”-ыг баталж, зохицуулалтын салбар, чиглэл тус бүрээр Бодлогын зөвлөлүүдийг нийт 37 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж байсан юм. Бодлогын зөвлөлүүд Хорооноос санхүүгийн салбарын талаар авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй болон хийж буй ажил, шийдвэрт бодлогын зөвлөгөө өгөх, зөвлөлдөх хэлбэрээр ажиллаж байв. Дээр дурдсан журмыг 2015 онд шинэчлэн сайжруулж, мөн ондоо Бодлогын зөвлөлүүдийг дахин шинээр байгуулсан юм. Тухайн үед нийт 49 гишүүнтэй дөрвөн зөвлөл байгуулагдаж, Хороонд санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаа, чиг хандлагын талаар бодлогын зөвлөмж өгч, харилцан зөвлөлдөж ирсэн юм.

Санхүүгийн зохицуулагч байгууллагын чадавхыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажилласан олон улсын байгууллага, зөвлөхүүд болон экспертүүдээс өгсөн зөвлөмжийн дагуу Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг энэ оны 7 дугаар сард дахин шинэчилсэн юм. Энэ удаа Бодлогын зөвлөлийг банкнаас бусад санхүүгийн салбар тус бүрээр бус, нэгдсэн нэг бүтэц байхаар тооцож байгуулаад байна. Бодлогын зөвлөлийг Хорооны дарга, доктор С.Даваасүрэн удирдах бөгөөд Хорооны Үнэт цаасны, Даатгалын, ХЗХ-ны, ББСБ-ын газрууд, Монголын Даатгалын, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн, Банк бус санхүүгийн байгууллагуудын болон Хадгаламж, зээлийн хоршоодын Үндэсний холбоодын төлөөллийг багтаасан нийт 10 гишүүнтэй ажиллана. Бодлогын зөвлөлд дээрх байгууллагуудаас гадна МУИС-ын доктор, судлаач Б.Алтанцэцэг, “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нар ажиллах юм.

Бодлогын зөвлөлийн өнөөдрийн хурлаар гишүүд салбар тус бүртээ тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, зөвлөл цаашид юунд төвлөрч, хэрхэн ажиллах талаар санал солилцлоо.

Share
Tweet
Share
Share

0
0
0
0
0
0
Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Арван хувийн Даваасүрэн гэж яг жинхэнэдээ хэн бэ?

Байсхийгээд Оюу толгой руу дайрдаг нэг сайд У.Хүрэлсүхийн танхимд бий. Уул уурхайн эсрэг дуугардаг, ер нь масст гоё харагддаг имижтэй. Өнгөц харахад жигтэйхэн эх оронч төрийн түшээ л дээ, Ц.Даваасүрэн сайд. саяхан л гэхэд “Оюу толгойг станцаа барь гээд байхад барихгүй юм. Монголын төрөөр тоглохоо болиорой” гэж дуугарсан Эрчим хүчний сайд яг жинхэнэдээ хэн бэ гэсэн асуултад хариу хайя. Баргийн асуудал дээр голтой, шударга, зоригтой дуугарчихдаг Ц.Нямдорж өнгөрсөн оны хавар “Дөрөв, тавхан миллиард төгрөгөн дээр юм ойлгохгүй бол хайран л байна. одоо наад алба чинь ямар өнгөтэй болох нь тодорхой. Даваасүрэнгийн сонгуулийн ажилд явж байсан хэдэн хүнийг л тавина. За Даваасүрэн чи тэр арван хувийнхаа асуудлыг л уих-д сайн ярьж байна. Өөр чамд ярих юм байхгүй. Орох оронгүй, оочих аягагүй хэрмэл бадарчин шиг амьтан чи олон юм битгий яриад бай. тийм учраас ийм хууль бус зарлагыг цаашид хэтрүүлж болохгүй” гэсэн удаатай. Мань эрийн төсвийн судалгааны алба байгуулах санаа Ц.Нямдоржийг хатуу үг унагахад хүргэсэн юм. Ц.Даваасүрэн сайдыг Сангийн яаманд ажиллаж байхдаа ярьж бүтээж өгсөн ажил бүрээсээ арван хувийг нь авдаг байсан гэх дам ярианууд чих дэлсдэг ч яг тэр төслөөс тэдийг авсан гэсэн баттай ноттой баримт олонд ил болоогүй. хөшигний ард юу өрнөж байгааг мэдэх цөөн улстөрчдийн тоонд багтдаг Ц.Нямдорж “арван хувийн Даваасүрэн” гэж чуулганы хуралдаан дээр хэлэхийг бодоход оргүй үг биш байх.

Үүнтэй ижил төстэй нэг явдлын тухай дуулиан өнгөрсөн долоо хоногт өрнөлөө. Эрчим хүчний сайд өнгөрсөн долдугаар сарын 9-ний өдөр тушаал гаргаж, Эрчим хүчний хөгжлийн төвийн хэлтэс болох Сургалт үйлдвэрлэлийн төвийг бие даасан хуулийн этгээд болгох шийдвэр гаргажээ. Эрчим хүчний хөгжлийн төвийн хувьд Төрийн өмчит үйлдвэрийн газар гэсэн статустай. Засгийн газраас шийдэх ёстой асуудлыг сайд тушаал гаргаад шийдчихлээ гэх шүүмжлэл ид өрнөж байна. Эрчим хүчний хөгжлийн төвийн нэг хэлтсийг сургалт судалгааны төв нэртэй салбар байгууллага болгох шийдвэр албан ёсоор гарсан аж. тус төвийн захирлаар хөвсгөл аймгийн угшилтай М.отгонням гэх бүсгүйг томилжээ.

1991 онд төрсөн, МУБИС-ийг мэдээлэл зүйн багш мэргэжлээр төгссөн, 2013 оноос хойш Ц.Даваасүрэнгийн туслах, зөвлөхөөр ажилласаар өнөөг хүрсэн, сайдын хамаатан, нөхөр нь төрийн өмчит эрчим хүчний компанид ажилладаг гэх мэдээлэл өнөөхөндөө олонд ил байна.

Сайд ийм шийдвэр гаргасныхаа дараа яамныхаа харьяанд байдаг 32 ТӨХК руу Эрчим хүчний зохицуулах хороогоор дамжуулан албан тоот явуулжээ. Уг албан тоот, ТӨХК-иудаас авах мөнгөн дүнгийн жагсаалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. Сургалт судалгааны төвийг санхүүжүүлэх үүрэг авсан ТӨХК-иудын жагсаалт нэгэнт олонд ил болсон учраас цөөн заримаас нь онцолъё. ДЦС-4-өөс 81, ДЦС-3-аас 47, УБЦТС компаниас 53 сая, ДСЦТС ХК-иас 21 сая гэх мэтээр жагсаалт үргэлжилж байна. Эрчим хүчний салбарын ажилчдыг чадавхжуулах, сургалтын баазыг бүрдүүлэхэд зарцуулна гэж буй мөнгөний хэмжээ 604 сая төгрөг. Төрийн өмчит хуулийн этгээдүүд тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө ТУЗ-ийн баталсны дагуу хэрэгжүүлэх учиртай, ТУЗ-аар батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд зарлагыг тухайлан заадаг, захирлуудынх нь яг таг мөрдөх учиртай ажил нь энэ болдог гэх мэт албан тайлбарууд бий. Боловсролын сайдын нөхөр Ч.Саранжав Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлаар ажилладаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ч.Саранжавын Ц.Даваасүрэн сайд руу чулуудсан хатуу үг сүүлийн үед хөврөх боллоо. Яг таг олны нүдэн дээр маргалдаж, заамдалцаагүй болохоор шууд тэгсэн гэж мэдээлэхэд хэцүү. Ямартаа ч Ч.Саранжав Ц.Даваасүрэнгийн тухай “Намайг хамтарч хулгай хийсэнгүй гэж уурлаад байх шиг байгаа юм. Намаа муулаад явж байдаг хүн тохиолдлоор сайд болчихоод өөрийгөө юу гэж бодоод байгаа юм”, “АТГ-д шалгуулна”, “Засгийн газарт асуудлыг нь ярина” хэмээсэн гэх явган яриа улс төрийн хүрээнийхэн дунд өрнөж байна. Ч.Саранжав “Төр засаг бүх талдаа шийдвэрээ гаргачихсан. Гэтэл өөрийнх нь тавьж байгаа төслийн удирдагч нь Даваасүрэнтэй ойр хүн гээ биз дээ. Тэрнээс айх шаардлага надад байхгүй. Ер нь намаас ажил авсан хүн биз дээ. Төрөөс яаж хулгайлсныг нь илчилнэ” гэсэн агуулгатай үг унагасан гэх жиг жуг яриа ч дуулдаж байна.

Эрчим хүчний сайд ажлаа авснаасаа хойш төрийн өмчит компаниудын захиргаа, санхүү, хүний нөөцийн албадад хүнээ томилуулахаар улайрах болсон гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм. Сайдын томилгоонууд эрчим хүчний аль газарт, ямар албан тушаалд хийгдсэнийг эх сурвалжийн мэдээлснээр хүргэе. Сайдын онцолж дурдах нэг томилгоо нь “Амгалан дулааны станц” ХХК-тай холбоотой. Тус компанийн санхүү эрхэлсэн дэд захирал Б.Цэндээг ямар ч орон тоогүй байхад нь шахаж тавиулсан гэх мэдээлэл чих дэлсэж байна. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д ч иймэрхүү томилгоонууд болж. Л.Ганзориг гэдэг хүнийг ерөнхий инженер бөгөөд дэд захирлаар тавьж, тухайн ажлыг хийж байсан Р.Дагдан гэдэг хүнийг тэргүүн дэд захирал болгожээ. Компанийн бүтцэд байхгүй ажилд дэвшүүлсэн гэх мэдээлэл байна. Барилгын хөгжлийн төвд ажиллаж байсан өөрийн хамаатан Б.Бат-Эрдэнэ гэдэг хүнийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Хангах үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар тавьжээ. Ингэхдээ мөн л өмнөх аргаа хэрэглэсэн гэнэ. Хангах үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын албыг хашиж байсан С.Энхбаатарыг захирлын зөвлөх болгожээ. Мөн л өмнөх шиг компанийн бүтцэд байхгүй ажлыг бий болгож томилсон гэх мэдээллийг эх сурвалж өглөө. “Эрдэнэс Монгол”-оос “Шивээ-Овоо”, “Багануур” хоёрыг авахаар шаргуу хөөцөлдөж яваа гэсэн мэдээлэл мөн дуулдаж байна. Төрийн өмчит компаниудын эдийн засгийн үзүүлэлт сайжирсан учраас сайдууд компаниудаа булаалдаж эхэлсэн гэх сураг яриа улс төрийн хүрээнийхэн дунд ид өрнөж эхэлжээ. Статистик сөхье. Төрийн өмчит компаниуд энэ оны эхний хагас жилийн байдлаар 4.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 762 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ тоог түрүү жилийн мөн үетэй нь харьцуулж харъя. Төрийн өмчит компаниудын орлого 807 тэрбум төгрөгөөр, цэвэр ашиг 292 тэрбум төгрөгөөр өсчээ. Төрийн өмчит болон төрийн оролцоотой хуулийн этгээдүүдийн борлуулалтын орлогыг 2016 оныхоор сонжъё. 2016 оны хоёрдугаар улиралд 2.08 их наяд төгрөг байж. Гэтэл 2017 оны хоёрдугаар улиралд 3.4 их наяд төгрөг болж өссөн байх юм. 2018 оны эхний хагас жилийн урьдчилсан дүнгээр борлуулалтын орлого нь 4.2 их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс гадна төрийн өмчит компаниудын зардал нь ч буурсан байна. Энэ оны эхний хагас жилд 430 тэрбум төгрөгөөр буурсан гэх статистик гарчээ. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд 2018 оны эхний хагас жилийн байдлаар 37.3 тэрбум төгрөгийн төрийн өмчийн ногдол ашиг улсын төсөвт төвлөрүүлсэн нь түрүү оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад зургаа дахин нэмэгдсэн үзүүлэлт юм байна.

Ц.Даваасүрэн сайдын намтрыг сөхье. Хөвсгөлийн уугуул. ЗХУ-ын Украины Харьковын политехникийн дээд сургуулийг 1989 онд, Удирдлагын академийн Бизнесийн удирдлагийн менежерийн ангийг 1994 онд, Япон улсын Сайтомогийн их сургуулийн эдийн засгийн ангийг 1998 онд дүүргэсэн, эдийн засаг, удирдахуйн ухааны магистр гэсэн өгүүлбэр намтарт нь дурайдаг. Эрчим хүчний автоматикийн инженер мэргэжилтэй. 1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажиллаж байж. Тэр утгаараа эрчим хүчний салбарын зовлон, жаргалыг гадарлахтайгаа нэгэн. 1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн, 1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, 1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга, 2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсныг намтраас нь харчих боломжтой. Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2008 оноос өнөөг хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллаж яваа. Тэр зуураа МАН-аас МАХН руу орж, бие дааж, буцаж МАН руу орж байв. Товчхондоо УИХ-д нэр дэвшихийн тулд нам солихоос бие даах хүртэл байж болох бүх л аргыг хэрэглэсэн улстөрч. Соцдек угшилтай гэх нь бий. Сангийн яаманд ажиллах үедээ П.Цагаан, н.Гансүх, Я.Очирсүх нартай ойр байсан гэсэн яриа дуулддаг. Ч.Улаан, Н.Энхбаяр гэсэн томчуудтай ойр явсан он жилүүд, хамтдаа ярьж тохирсон мөнгөний ажлууд бий гэсэн хардлагыг учир мэдэх улс өөр зуураа ярьдаг. “Тэнхлэг” клуб, “Залуу лидер” клуб гэх мэт улс төрийн чигийн төрийн бус байгууллагатай холбоотой байсан гэх мэдээлэл ч сонсогддог.

Өмнөх засгийг унагахад гарын үсэг цуглуулж оролцсон учраас Эрчим хүчний сайд болсон гэх мэт дэл сул яриа хөвөрдөг ч автоматикийн инженер гэсэн мэргэжил нь нөлөөлсөн гэх таамаг бас бий. Магадгүй л юм.

Саяхан нэг ийм явдал болж. Ц.Даваасүрэн сайд ОХУ-д болсон нэг том хуралд оролцож л дээ. Тэр хурлын үеэр манай Засгийн газрын төлөөлөл Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг түрдээ ярихгүй гэсэн тохироотойгоор явсан ч Ц.Даваасүрэн сайд “Эгийн гол усан цахилгаан станц” компанийн захирал залуугийн ятгаасаар ярьчихсан юм байна. “Эгийн голын усан цахилгаан станц” компанийн захирал Б.Отгонсүхийн хувьд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын орлогч, орос, англи хэлгүй, эрчим хүчний салбарын мэргэжилгүй нэгэн гэдэг нь намтраас нь харагдаж байна. Сайдыг Эгийн голын станц ярингуут оросууд асуултаар “нүдэж” эрчим хүчний тохируулагч үүрэг гүйцэтгэх учиртай усан цахилгаан станцын тухай ээлжит үр дүнгүй яриа хөөрөө хойд хөрш манай хоёрын дунд өрнөөд өнгөрч. Бүр тодруулж хэлбэл Ц.Даваасүрэн сайд овоо наашилж байсан Эгийн голын усан цахилгаан станц барих асуудалд тус болохоосоо ус болчихож. Оросууд ЮНЕСКО-д “Монгол Улс усан цахилгаан станц барьж танай өвд орсон Байгал нуурт нөлөөлөх гээд байна” гэсэн хов хүргэж, өнөөдүүл нь судалгаагаа нарийвчил гэсэн чиг өгчихөөд байгаа энэ үед дэндүү гоомой зүйл хийсэн гэж салбарынхан нь ярьж байна. Эгийн голын усан цахилгаан станц ажиллаж эхэлбэл эрчим хүчний тохируулгын үүрэг гүйцэтгэж эрчим хүчээрээ Оросоос хараат байхаа болих давуу тал бий. Энэ мэт давуу талуудаа Ц.Даваасүрэн сайд үгүй хийчихээд байна. Тэгэхээр Эгийн голын усан цахилгаан станцын тухай таатай мэдээ хэсэгтээ л гарахгүй нь тодорхой болжээ. Бас нэг мэдээллийг нэмж хүргэхэд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг зогсоогоод байгаа юм байна. Наран дээр 58 төсөл, салхин дээр 10 хүрэхгүй төсөл байсан нь зогссон гэсэн үг.

Гадны экспертүүд манай улсад ирэхээрээ хагас зууныг элээсэн Дулааны цахилгаан станцуудаа өргөтгөхөөс өөр ажил яагаад хийхгүй байгаа юм бэ, гэнэт дэлбэрвэл яах вэ, яагаад шинэ эх үүсвэр барьдаггүй юм бэ гэж толгой сэгсэрдэг. Бүх станц нь хойноо төвлөрсөн, уул уурхайн том төслүүд хэрэгждэг, цаашдаа ч том төслүүд хэрэгжих өмнийн говьдоо Даланзадгадын 9-хөн МВт, Энержи ресурс-ын 18-хан МВт станцтай улсын хувьд нутгийнхаа өмнөд хэсэгт цахилгаан станц барих зайлшгүй шаардлага бий. Бүр тодруулж хэлбэл Таван толгойн станц аминд тулсан асуудал болчихоод байгаа. Оюу толгой мөнгөө гаргаад станц барья гэдэг, манай засаг төдийгөөс өдий хүртэл толгой сэгсэрсээр ирсэн. Таван толгой дээрээ өөрсдөө цахилгаан станц барина, та нар харин бидний босгосон станцаас эрчим хүч худалдаж аваарай гэсэн яриа л өрнөж байсан түүхтэй. Өнөөдүүл нь ч цахилгаан станц барьчихвал авъя гэж дуугараад бүр гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсныг тод санаж байна. Гэтэл Ц.Даваасүрэн сайд эсрэгээрээ юм ярьсаар суугаа. Дахиад хэлэхэд “Оюу толгой барь гээд байхад барихгүй юм, Монголын төрөөр ингэж тоглохоо боль” гэсэн утгатай мэдэгдлийг саяхан хийснийг уншигчид тод санаж байгаа байх. Бүр яамныхаа нэрээр ийм утгатай өгүүлбэр жиргэж, тэр жиргээ нь өнгөрсөн бямба гаригт лав яамных нь албан ёсны цахим хуудсан дээр дурайж байсан.

Оросын тал шугамдаа хэд хоног засвар хийхээрээ “Танайхыг түр салгалаа өөрсдийгөө аргалаарай” гэдэг, яг тэр өдрүүдэд нь манай эрчим хүчний системд том аваар гардаг байдал төдийгөөс өдий хүртэл ажиглагдсаар ирсэн нь хэнд ч ил зүйл. Тусгаар тогтнолын асуудал яригдахаас аргагүй өнцөг. Ц.Даваасүрэн сайд байсхийгээд хэвлэлийн бага хурал зарладаг гишүүдийн нэг. Хамгийн сүүлд гэхэд АТГ-аас Эрчим хүчний яамны удирдлагуудыг 5.8 тэрбум төгрөгийн тендерийг өөрсдийн хамаарал бүхий хуулийн этгүүдүүдэд өгсөн гэж мэдээлсний дараахан өөрийгөө өмөөрсөн мэдээлэл хийсэн юм. Ц.Даваасүрэн сайдыг тойрсон шуугиантай мэдээллүүдийг энэ мэтчилэн дурдвал өчнөөн асуудал ургаж харагддаг. Аль нь бодитой үнэн гэдгийг шууд хэлэх боломжгүй ч салбарт нь шинэ станц барих, Эгийн голын станцаа шийдэх гэх мэт шийдлээ хүлээсэн том асуудлууд байхад өөрийгөө өмөөрсөн мэдэгдэл, Оюу толгойг зүхсэн байр сууриас өөр хийсэн зүйлгүй суугаа нь лав бодитой үнэн. Үүнээс гадна шинэ эх үүсвэр барих асуудлыг буюу Өмнөговьд барих цахилгаан станцыг ил тод эсэргүүцдэг хэрнээ үеэ элээсэн, музейд тавимаар техник технологитой Дулааны цахилгаан станцуудынхаа өргөтгөлд хойд хөршөөс мөнгө авах ажилд хачин идэвхтэй хөдөлж байгаа нь бас үнэн.

Ц.Даваасүрэнд нэг арга бий. Өөрийнх нь талаар элдвийн яриа хөөрөө гараад ирэхээр шууд л Оюу толгойг муулдаг. Сайдын УИХ-д сууснаас хойших жилүүдийн ярилцлагыг гүүглдээд харахаар “Рио тинто болохгүй байна”, “Оюу толгойн гэрээг өөрчлөх хэрэгтэй”, “Оюу толгойтой эцсээ хүртэл тэмцэнэ” гэсэн агуулгатай мэдэгдлүүдээр дүүрэн. Наанаа жигтэйхэн шударга дүр эсгэж, ядуу хоосон хүн шиг загнаж, зөвхөн улс орон, иргэдийнхээ төлөө тэмцэж яваа юм шиг дүр эсгэдэг Эрчим хүчний сайдын хөрөнгө орлогын мэдүүлгийг сөхөж харъя. Өнгөрсөн оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 169 сая 152 мянган төгрөгийн жилийн орлоготой, 9 сая 343 мянган төгрөгийн хадгаламжтай, 71 сая төгрөгийн зээлтэй, Ди Эл Өү (Ээж мадам эмэгтэйчүүдийн эмнэлэг) ХХК, “Цолмон хээр” ХХК, “Өег мебель” ХХК, “Нэмүт” ХХК-д хувьцаа эзэмшдэг, хувьдаа орон сууцтай, “Сузуки”-гийн машинтай гэж мэдэгджээ. Эндээс харахад төдийгөөс өдий хүртэл төрд зүтгэж ирсэн, гадна өнгөндөө шударга улстөрчийн дүр эсгэдэг Эрчим хүчний сайд дөрвөн ч компанид хувьцаа эзэмшдэг сүрхий бийлэгжүү нэгэн болж таарч байна.

Дээр дурдсан бүх баримтыг эвлүүлээд харахаар хоёр нүүртэй, олны өмнө жүжиг тоглодог улстөрч гэсэн зураг тодроод ирж байна. Хэвлэл мэдээллээр олны өмнө ярьж, хэлдэг шигээ нэгэн биш гэдгийг нь танил талаа албан тушаалд шахаж дарамталж байж тавьдаг, хамаатныхаа бүсгүйд төрийн өмчийн бүхэл бүтэн компанийг шинээр байгуулж өгдөг, байгуулж өгсөн компанидаа төрийн өмчийн 30 гаруй газраас мөнгө татах тушаал шийдвэр гаргасан нь хэлээд өгч байна. Даваасүрэн сайдын тухай хэвлэлээр цацагдсан, эх сурвалжуудын мэдээлж буй бүх л мэдээлэл түүнийг амиа бодсон, шунал ихтэй, шударга бус, шантаажчин, зөвхөн хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг хүн гэдгийг л хэлээд байх шиг байна. Юун улс орны эрх ашгийг эрхэмлэдэг улстөрч, юун иргэдийнхээ өмнөөс Оюу толгойтой тэмцэгч. Оюу толгойн эсрэг дуугардаг мэдэгдэл бүр нь харин ч дэвшилтэт эдийн засгийн эсрэг байдгийг нь батлаад өгдөг. Түүний шантааж, эсэргүүцлээс болж Оюу толгой гацаж, долларын ханш хаданд гарсан нь булзах аргагүй үнэн.

Хэвлэл мэдээллээр гардгаасаа тэс өөр хүн гэдгийг нь батлах өчнөөн жишээ хэвлэлээр хөвөрч байна. Ийм л хүн 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл бүхэл бүтэн арван жил Монголын төрд шударга үнэнч хүний дүрд хувирч жүжиг тоглож явна. “Даравч далдайна, булавч бултайна” гэсэн айхавтар үг бий. Ц.Даваасүрэн сайдын үнэн нүүр царай хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорч эхэллээ. Улстөрчдийн хувьд бол Ц.Даваасүрэн гэж хэн бэ гэдэг нь нэгэнт ил болчихсон. Сайдыг тойрсон улстөрчид, нэг намынхан нь юу гэж л түүнээс харанхуй, тэнэг байв гэж. Тод жишээ нь Ц.Нямдорж байна. МАН-ын Ө.Энхтүвшин нэг удаа бүлгийнхээ хурал дээр “Хамгийн муу хүн, адгийн урвагчийг олоод ир гэвэл Ц.Даваасүрэнг аваачиж өгвөл яг таарна” гэж ярьж суусан гэдэг. Бүр сүүлийн жишээ гэхэд л эрчим хүчний салбарынхан, нэр заагаад хэлбэл Ч.Саранжавын эсэргүүцэл байна. Арван хувийн Ц.Даваасүрэн гэж өөр зуураа ярьдаг улстөрчдөөс тэвчээр нь барагдсан хэн нэгэн нь “Чи одоо идэж ханахгүй байна уу. Одоо боль л доо” гэх мэтийн хатгасан, зөвлөсөн үг хэлж байгаа гэдэгт эргэлзэх зүйл алга.

Ер нь Ц.Даваасүрэн шиг поп улстөрчдийн хүчин зүтгэлээр засаг унадаг, төр бужигнадаг. Засаг төр ганхаж бужигнах хэрээр долларын ханш галзуурдаг. Долларын ханш огцом өсөхөөр хохирдог ганцхан хэсэг бий. Тэр нь Эрчим хүчний сайдын элэг зүрхнээсээ хайрлаад байгаа мэт дүр эсгэдэг энгийн жирийн ард иргэд. Засаг төр унахад хэн хождог гээ. Ц.Даваасүрэн тэргүүтнүүд. Шинэ засаг байгуулагдахад сайдын суудал авна, сайдын суудалд тухалмагцаа хамаатны охиндоо төрийн компани байгуулж өгч, ойр тойрны хүмүүсээ төрийн компаниудын аль л мөнгө эргэлддэг суудлууд руу чихдэг учраас ашигтай байхаас яахав. Гэхдээ Ц.Даваасүрэн шиг хоёр нүүртэй ийм улстөрчид улс төрд удахгүй шиг байна аа. Өмнөх шигээ поп улстөрчдийг хуйлран дагадаг хүн эрс багасчихсан. Ц.Даваасүрэн мэтийн дүр эсгэсэн попуудын балгаар халаасан дахь хэд нь цаас болоод байгааг мэдчихсэн учраас тэр л дээ.


Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 17-нд болох үйл явдал

09.40 цагт Монголын хөрөнгийн биржийн байранд “Ард даатгал” компанийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээлтийн ёслол болно. Утас:95953141

10.00 цагт Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Аюулгүй амьдрах ухаан”-ы орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт эхэлнэ. Утас:86150069, 88249813

10.00 цагт Багшийн хөгжлийн ордонд Монголын их, дээд сургуулиуд “Кредит харилцан зөвшөөрөх тогтолцоо” санаачилгыг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурна. Утас:80907991, 88111046

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д БСШУСЯ, Соёл урлагийн газраас “Уран хатгамалчдын улсын III уралдаан” зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11.40 цагт Төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 102 жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, цэцэг өргөх ёслол болно

14.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд БНСУ-ын “Sitec Medical” компаниас сүрьеэгийн эрт илрүүлэг, оношилгооны тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө. Утас:88107019, 96990714

14.00 цагт Ерөнхий боловсролын I сургуулийн урд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй соёлтой оролцох үзүүлэх сургалт болно.

14.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний VII ээлжийн цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүний IV цуваа эх орондоо ирнэ. Утас:95298223