Categories
мэдээ нийгэм

“Ногоон паспорт” аян Хамарын хийдэд болов

БОАЖЯ-наас санаачлан зохион байгуулж байгаа“Ногоон паспорт” аян есдүгээр сарын 15-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг Хамарын хийдэд боллоо.

Байгаль хамгаалах үйлсэд хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, байгаль хамгаалах уламжлалт ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой уг аянаар IX-XII ангийн сурагчдад “Ногоон паспорт” олгож байгаа аж.

Энэ нь 12 хуудастай бөгөөд хуудас бүр нь ус, хог хаягдал, ногоон орчин, зохистой хэрэглээг хангах, байгаль хамгаалах ёс заншил зэрэг өөр өөр агуулгатай бөгөөд эдгээр ажлыг сурагчид зааврын дагуу амьдралдаа хэрэгжүүлснээр амьдралын зөв дадал хэвшилтэй болж, сурагчдаар дамжуулан гэр бүл найз нөхдөд нь нөлөөлж, хандлагаа өөрчлөх, байгаль эхтэйгээ зөв харьцах боломжтой гэж албаныхан тодотгов.

Оролцогчид Хамарын хийдэд 11 га талбайд “Дунд усны төгөл” хэмээх цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар мод тарьж, тохижилтын ажлыг эхэлсэн. Арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин бусад холбогдох албаныхан болон Улаанбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн “Эко клуб”-ийн IX-XII ангийн 225 сурагч оролцов.

Арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дорноговь аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Их нартын Байгалийн нөөц газар, Галба-Өөш Долоотын сав газрын захиргаа, Хамарын хийдийн захиргаа хамтран зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрхчүүд ‘’Номын баяр’’-т оролцов

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд төр захиргааны анхны номын санг Баянзүрхчүүд санаачлан байгуулж байсан. Үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас хойш тус номын сангаар дүүргийн ахмад настнууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тогтмол үйлчлүүдэг болоод байгаа. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар Зарлигийн дагуу долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй ‘’Номын баяр’’-т оролцож өөрсдийн номоороо үзэсгэлэн гаргаж, номын сангаа Нийслэлчүүддээ танилцуулж, Захиргааны хуулийн гарын авлага, танилцуулга хуудас тараасан юм. Тус номын санд хамгийн сайн борлуулалттай байгаа уран зохиолын ном, иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг өгөх гарын авлагууд болон гадаад хэл суралцагсдад зориулсан ном ч байдаг юм.

Categories
мэдээ нийгэм

“Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-т оролцов

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Залуусын хөгжлийн гүүр” ТББ хамтран “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр” арга хэмжээг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчинг сайжруулахад иргэд, олон нийтийн сайн дурын байгууллагын оролцоог нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалах зорилготой уг арга хэмжээнддүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Нийтлэг үйлчилгээний газрууд болон хороод оролцсон байна.

Цэвэрлэгээний үеэр нийслэлийн нутаг дэвсгэрт олон жил хуримтлагдсан хур болон үүсмэл хогийн цэгүүд, Сэлбэ, Туул голын эрэг дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээгээр Туул гол дагуу зургаан байршилд мөн дүүргийн20 дугаар хороо Шар хоолойн аманд үүссэн хур хог болон 24 дүгээр хороо Цагаан давааны оршуулгын газрын урд хэсэгт үүссэн барилгын хур хогийг цэвэрлэсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Монгол Улс мал аж ахуй, уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна цахилгаан эрчим хүч экспортлох бүрэн боломжтой байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцлоо. Энэ үеэр хэлэлцсэн гол асуудлуудын нэг нь Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридорыг урагшлуулах механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гурван тал гарын үсэг зурлаа. Энэ тухай тодруулаач?

-Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хороо гэсэн гурван байгууллага хамтран Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридорын ажлыг урагшлуулахаар улсаасаа томилогдоод явж байгаа. Байнгын ажлын хэсэг учир нэг удаа ажил хийчихээд алга болохгүй. Ажлын хэсгийг Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд тэргүүлнэ. ОХУ-ын талаас Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд, БНХАУ-ын талыг Хөгжил, шинэчлэлийн хорооны орлогч дарга нь тус тус хариуцаад өөрсдийнхөө аппаратуудыг татан оруулах юм. Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих 32 төсөл хэдийд хэрэгжих, санхүүжилт, төсвөө хэрхэх зэрэгээ шийднэ. Нэг ёсондоо уг ажлыг эзэнтэй болгож авсан юм.

-Хүрэн нүүрсээ эрчим хүч болгож, экспортлох саналаа бүс нутгийн орнуудад дуулгасан. Энэ санал цаашид хэрхэн шийдэгдэх бол?

-ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Монгол гэсэн зургаан улс хамтран эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулж, нэг улсад нь эрчим хүч үйлдвэрлээд нөгөө улсууд руугаа саадгүй дамжуулъя гэж яриад байгаа юм. Сүүлийн 10-аад жил ярьж байна. Азийн супер сүлжээ гэх нэр томъёо ч гарчихсан. Японы “Софтбанк”, Хятадын “State Grid” компаниуд ихээхэн сонирхож байгаа. ОХУ-ын ерөнхийлөгч Путины хэлсэн үгэнд ч хэдэнтээ дурдагдсан. Мөн БНСУ маш идэвхтэй байна. ОХУ, Монгол, БНХАУ-уудад эрчим хүчний бүх эх үүсвэр бий. Нар, салхи, нүүрс, уран, ус, нефть, газ гэх мэт эх үүсвэрүүд бүгд байна.

Гэтэл БНСУ, БНАСАУ, Япон эрчим хүчний эх үүсвэрээ импортоор авдаг. Газар нутаг багатай учир нар, салхины эрчим хүчийг их хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаа Азийн супер сүлжээг бий болгох эхлэл болгож Зүүн хойд Азийн зургаан орон хамтарсан байгууллага байгуулъя, эрчим хүчний эх үүсвэргүй гурван улсдаа бүх төрлийн эх үссвэрээр үйлдвэрлэсэн цахилгааныг удаан хугацаанд тогтвортой нийлүүлье, энэ бүхнийг нэг сүлжээгээр холбоё гэсэн төлөвлөгөөг дэвшүүлсэн. Асуудал нь мэдээж шинэ биш. Гэхдээ эрчим хүчний эх үүсвэрээ зөөхөө больё гэдэг нь шинэ санал санаачилга юм. Жишээ нь, Монголын хүрэн нүүрс тээврийн зардлаа даахгүй байгаа. Тээврийн зардлаа төлөхөөр Япон, Солонгосын боомт дээр бусад улсаас ирж байгаа эрчим хүчний нүүрснээс үнэтэй болчихоод байгаа юм. Тэгэхээр нүүрсээ цахилгаан болгож хувиргах нь илүү боломжтой.

“Шивээ-Овоо” төслийнхөн сая Ерөнхийлөгчтэй ирж уулзлаа. Си Жиньпин даргатайгаа хамт Владивостокт байсан “State Grid” компанийн захирал нь ирээд уулзаж байна л даа. “Шивээ-Овоо” төсөл нь 5000-6000 мВт-ын буюу манай бүх системийн ачааллыг зургаа дахин томруулсантай тэнцэх хэмжээний тог үйлдвэрлээд 1500 км тогтмол гүйдлийн өндөр хүчдэлийн сүлжээгээрээ алдагдалгүй аваачиж, Тянжинь хотын ойролцоо хэрэглэх тухай төсөл юм. Тэгэхээр Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн систем байгуулагдах юм бол эрчим хүчний эх үүсвэр ихтэй ОХУ, Монгол, Хятад гурван улсад үйлдвэрлэсэн тогийг БНСУ, БНАСАУ, Япон луу зарж, үр дүнд нь зургуулаа ашигтай ажиллах боломж бүрдэнэ. Япон, Солонгос маш өндөр үнэтэй тог хэрэглэж байгаа. Нэг кВт цаг нь 20 цент байдаг. Гэтэл манайд хэрэглэгч таван центээр л хэрэглэдэг. Бид эх үүсвэр ихтэй учир хямдхан тог үйлдвэрлэж чадаж байгаа хэрэг. Монгол Улс мал аж ахуй, уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна цахилгаан эрчим хүч экспортлох бүрэн боломжтой байна. Эдийн засгийн хувьд ч ашигтай. Зүүн хойд Азийн улсууд руу нар, салхины эрчим хүчийг үйлдвэрлэх хамгийн тохиромжтой газар нь Монгол юм. Маш том газар нутагтай учир олноор нь нарны зай суурилуулж болно. Азийн хөгжлийн банк Монголын нар, салхиар Азийг хангаж болох юм байна, хамгийн хямд өртөг бүхий тог гарна гэж тооцоолсон. Энэ бол шинэ Ерөнхийлөгчийн бүс нутгийнхаа улсуудад санал болгож байгаа бизнесийн боломж. Бид танай тогийг үйлдвэрлээд өгье, та нар олон мянган километр алдагдалгүй кабелиар дамжуулаад яваач ээ л гэж байгаа юм.

“Шивээ-Овоо” төсөл яагаад одоо л биеллээ олох гэж байна гэхээр “State Grid” компани 1500 км цахилгааныг зургаан хувийн алдагдалтай дамжуулдаг төхөөрөмжийг саяхан л үйлдвэрлэсэн юм. Одоогоор тус компанид 1000-аас дээш км-т цахилгаан дамжуулдаг 14 шугам ажиллаж байна. Нүүрс ихтэй баруун Хятад нүүрсгүй, хүн ам шигүү суурьшсан, тогны хэрэглээ ихтэй зүүн хэсгийн далайн эргүүд рүүгээ тог дамжуулж байгаа. Нэгэнт эрчим хүчийг 3300 км радиус дотор хаана үйлдвэрлэснээсээ үл хамаарч, маш бага алдагдалтай дамжуулдаг төхөөрөмжтэй болчихсон учир эрчим хүчний эх үүсвэрийг зөөгөөд байх шаардлагагүй болж байна. Уран, усан цахилгаан станц, нар салхи нь хаана байна тэнд нь л эрчим хүч үйлдвэрлээд түүнийгээ хэрэгтэй газар нь хүргэж өгье гэдэг бизнесийн шинэ модел гарч ирж байгаа юм. 3300 км радиус гэдэг нь өнөөдрийн хэт өндөр хүчдэлийн тогтмол гүйдлийн шугамын хүрч байгаа урт юм. Энэ тоо цаашид өсөх байх л даа.

-БНХАУ-ын зүгээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг манайд худалдах боломжтой хэмээн мэдэгджээ. Энэ тухайд?

-Хятадын Гадаад яамны сайд баруун аймагт очиж уулзалт хийсэн. Манай баруун таван аймгийн малын өвчингүй гэж хэлэхэд болно. Малын өвчин зэрлэг амьтадтай холбоотойгоор зүүн хэсэгт гардаг. Тиймээс малынкөвчингүй баруун таван аймгаас мах худалдаж авна уу гэдэг саналыг Чиндаод болсон уулзалтын үеэр тавьж, тохиролцсон.

Энэ удаад зүүн бүс нутагт тариа тарьж, үйлдвэрлэсэн гурилыг худалдан аваач ээ гэх саналыг дэвшүүлсэн. Татварыг хөнгөрүүлэх эсэх асуудлыг ярьж байна. Монгол Улсын төвийн хэсэг бол дэд бүтэцтэй, зах зээлдээ ойр. Төмөр замаараа дамжаад наймаа хийх боломжтой. Мөн уул уурхайн ихэнх нь төвийн бүсдээ байна. Харин баруун, зүүн бүсийн онцлог нь хөдөө аж ахуй илүү хөгжсөн.

Ховдод үйлдвэрлэсэн махыг Хайлаар луу зөөнө гэвэл тээврийн зардал нь маш өндөр тусна. Тиймээс Шинжаан, Өмнөд Монгол руу зарах юм бол эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай. Халх гол суманд ашиглагдаагүй маш их газар байгаа. Түүнийг ашиглан тариа тарьж, их хэмжээний гурил үйлдвэрлэж экспортлох боломжтой гэж л ярьсан. Бүсчилсэн хөгжил гэдэг шиг баруун талаа Төв Ази, Казахстан, Шинжаан, Уйгар гэсэн энэ интеграцид холбоё.

Зүүн хэсэгээ Зүүн хойд Азийн интеграцид холбоё. Владивосток руу гэхэд гурвалжин будаа гаргаад эхэлж байна. Энэ нь эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай байна л даа.

-Хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах саналаа ОХУ-ын ерөнхийлөгч Путинд дуулгаж байсан бол энэ удаад БНХАУ-ын талд уламжилсан. Тэдний зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Хийн хоолойн дээр Орос, Монгол хоёр улс санал нэгдсэн. Хятад улс Оросын хий үйлдвэрлэгчээс удаан хугацааны турш тогтвортой, худалдан авах гэрээгээ байгуулсны дараа хоолой тавигдана. Ийм гэрээ байгуулагдахгүй бол хоолой тавигдахгүй шүү дээ. Ямартаа ч Оросын зүгээс “Бид хий зарахад бэлэн байна, Монголын нутгаар хоолой явна” гэдгээ илэрхийлсэн. Ийм түвшинд л байгаа.

-100 тэрбум рублийн зээлийн асуудал хөндөгдсөөр байгаа. Уг зээл бүтсэн тохиолдолд юунд зарцуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үеэс эхлэн 100 тэрбум рубль зээлэх тухай асуудлыг ярьж байна. Засгийн газрын баталгаа гаргаж өгөх гэхээр ОУВС зөвшөөрөхгүй байна гэсэн шалтгаанаас үүдэн хоёр жилийн хугацаа өнгөрчихөөд байгаа. Ерөнхийлөгч манай Засгийн газар баталгаа гаргаж өгөх боломжгүй учраас УБТЗ болон ТЭЦ-III, ТЭЦ-IV өөрийнхөө орлогыг барьцаалаад арилжааны зээл авъя, тэгэхгүй бол болохоо байлаа гэдгийг хэлж байгаа. УБТЗ дээр л гэхэд ойрхон хоёр аваар гарлаа. Учир нь дэр модоор хийсэн 400 км замыг шинэчилж амжаагүй байгаа. Ядаж л үүнийгээ бетон дэрээр солих ажлыг хийхгүй бол дахин ямар ч аюултай зүйл болоо билээ, бид мэдэхгүй шүү дээ. УБТЗ бол Орос, Монголын дундын үйлдвэр. Энэ үйлдвэрийнхээ төлөө Оросын төмөр зам санаа зовох ёстой. Тэгэхээр 100 тэрбум рублийг шингээх гурван байгууллага бол ТЭЦ-III, ТЭЦ-IV, УБТЗ юм. Арилжааны шугамаар зээлээ авна, төлнө. Улсын төсөв болон Засгийн газар баталгаа гаргаж өгөхгүй. Компани болгон өөрийнхөө авсан зээлийг эргэн төлнө. Хариуцлагатай болно.

УБТЗ-д авах зээлийг хөдлөх бүрэлдэхүүн авахгүй гэх хориг байгаа. Ачааны вагон авч болохгүй. Үүнийг зөвхөн төмөр зам засварлах, шинээр тавихад л зарцуулна. Төмөр замаа хос болгох, аюулгүй байдлаа хангахад зарцуулна гэсэн үг. Манай хуулиар Төмөр замын аж ахуй, Тээврийн аж ахуй гэж хоёр хуваагдсан байдаг. Тээврийн аж ахуй нь улсынх, хувийнх хэнийх ч байж болдог. Зам улсынх, машин хувийнх гэдэгтэй адил. Төмөр зам бол зам нь ч, машин нь ч улсынх байдаг. “Оросын төмөр зам”компани төдийгүй дэлхий даяараа зам болон тээвэр нь тусдаа болсон, хэн дуртай нь төлбөрөө төлөөд вагоноо явуул гэдэг системд орчихсон. Манай УБТЗ ч гэсэн үүн лүү шилжихээс өөр аргагүй. Энэ тохиолдолд хөдлөх бүрэлдэхүүнийг нь хувийн компаниуд худалдаж ав, улс дахин түүнд мөнгө зарахгүй гэж байгаа. Тиймээс 100 тэрбум рублээс төмөр замд оногдох хэсэг зөвхөн замыг тэгшитгэх, замыг хос болгоход төдийгүй цахилгаантай болгоход зарцуулагдана. Хамгийн эхлээд Богд хаан төмөр зам гэдгийг байгуулж, Улаанбаатар хотын дундуур транзит вагон явахыг болиулна. Транзит вагон явахаар зам хаагдах давтамж ихэсдэг. Вагоныг хотын гадуур явуулчихаар хотын дундах төмөр замыг “Railbus” явдаг, нийтийн тээвэрт зохицуулж болж байгаа юм. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй машинуудад бага саад болж байж хотын түгжрэлийг эрс бууруулах боломжтой. Транзитын хэмжээ жил бүр эрс нэмэгдэж байгаа учир хотын гадуур явуулах юм бол хэнд ч саад болохгүй. Иймэрхүү шинэчлэлүүдийг УБТЗ-д хийхийн тулд Орос, Монгол хоёулаа л зээл олж өгч, ажил болгох хэрэгтэй л дээ.

-Халх гол сумыг шинэчлэх тухай төслөө ОХУ-ын ерөнхийлөгчид танилцуулжээ. Хэрхэн шинэчлэх вэ. Хэдий хэмжээний өртөг мөнгө зарцуулахаар тооцоолсон бол?

-Наян жилийн өмнө дайн болж байсан газар Халх гол сумын нутаг. Ирэх жил болох Халх голын дайны 80 жилийн ойг угтаж тус сумын төвийг шинэчилж, Баянхонгор аймгийн шинэ жишиг хоёр сумын зургийг үзүүлсэн. Манай нефтийн зах зээлийн 80 хувийг дангаараа хангадаг “Роснефть” компаниас найман сая еврогийн хандив өгөхөөр болсон. Халх голын 80 жилийн баярт зориулаад ийм бэлэг өгье гэсэн. Тэр бэлгийн дагуу дараа жилийн наймдугаар сар гэхэд шинэ Халх гол сум баригдаж дуусна.

-Боомттой болох, боомт ашиглах асуудлуудад ямар шинэ ахиц гарсан бол?

-“Танай нүүрс жилдээ 30 сая тонн гарахаар бол газраа үнэгүй аваад өөрийн гэсэн боомттой бол, таван сая тонн орчим байх юм бол төлбөрөө төлөөд одоо байгаа боомтуудыг ашиглаад яв” гэсэн л дээ. Хэрэв боомттой болох юм бол өөрсдөө тохижуулж, экологийн шаардлага хангасан буюу төмөр замаас усан зам руу шилжих үед нүүрс нь тоос босддоггүй байх байшин барих ёстой гэсэн зүйлийг ярьж байгаа. Манай нүүрсний компаниуд жилд гаргах хэмжээгээ бодож байгаад багахан бол тэдний боомтод хөлсийг төлөөд явчих, их хэмжээгээр байх юм бол өөрийн гэсэн боомттой болсон нь дээр л дээ. Энэ өнгөрсөн жил шийдэгдсэн асуудал юм. Үүнд саад болж байгаа нэг зүйл нь Таван толгой-Сайншандын төмөр замын асуудал. Уг төмөр замыг барихгүй бол нүүрс дахиад төмөр зам руугаа ирж амжихгүй. Боомттой болъё гэвэл энэ төмөр замыг баригдаж дуусахтай зэрэгцэх хэрэгтэй. 20, 30 сая тонн нүүрс одоогийн төмөр замаар явж багтахгүй шүү дээ. Мөн дээрээс нь 100 тэрбум рублийн зээлээр хийх нэвтрүүлэх чадамжийг нэмэгдүүлэх ажилтай уялдаж байгаа. Сайншандад төмөр зам бариад оччихлоо гэж бодоход Сайншандаасаа Наушкаар гарах үед нь ачаалал нь дүүрчихнэ. Тийм нөхцөл байдал үүсвэл ажил явахгүй. Боомттой болох, төмөр замын шинэчлэлийг хийх, Сайншандаас Цогтцэций рүү төмөр зам тавих зэрэг нь бүгд хоорондоо уялдаатай. Ингэж байж бид дэлхийн зах зээлд нүүрсээ зарна. Өнөөдөр Сайншанд хүрсэн төмөр зам байхгүй учраас Хятадын компаниудын хэлсэн үнээр нь дэлхийн зах зээлээс хямд үнээр өгч байна.

-Азийн хүүхдийн наадмыг 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг наадмыг зохион байгуулахад тусалж, дэмжихийг чуулганд оролцсон орнуудын төлөөлөгчдөд уриалж байсан. Энэхүү наадмын тухай мэдээлэл өгөөч?

-Азийн хүүхдийн наадам зохион байгуулах ажлын хүрээнд бүтээн байгуулалтууд хийж байгаа. Гэхдээ төсвөөс биш. Байт суурийн талбай байгуулагдлаа. Налайх дүүрэгт хөнгөн атлетикийн олон улсын тэмцээн явуулж болохуйц талбай байгуулагдаж байна. Буянт-Ухаа спорт ордны хажууд тивийн хэмжээний усан сэлэлтийн уралдаан явуулж болох усан спортын төв, 10-15 мянган хүний суудалтай хөлбөмбөгийн стадион баригдахаар төлөвлөж байна. Энэ бүхэн Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж байгаа. Азийн хүүхдийн наадам болоод өнгөрөхөд бид тивийн хэмжээний тэмцээн авч болохоор спортын материаллаг баазтай болж үлдэхээр зорьж байна. Монголын компаниудад энэ ажилд хандив өгөөч гэсэн уриалгыг илгээж байгаа. Оросын компаниудад ч энэ хүсэлтийг хүргүүлж байна. Энэ хүүхдийн наадам нь Оросоос анх үүссэн. Хоёр дахь гадаад улс нь манайх болж байгаа юм. Дараа нь өөр улс авах байх л даа. Ирэх хүүхдүүдэд зориулсан орон сууц гэх мэт ложисткоо одооноос хийж байна. Спортоор дамжуулж хүүхдийн хүмүүжилд нөлөөлж байгаа хэрэг шүү дээ. Мөн Монгол Улсыг Азид сурталчилж өгөх нэг боломж бүрдэнэ. Ирэх жил Орос, Монгол, Хятадаар “Silk way rally” болно. Парис-Дакартай тэнцэхүйц хэмжээний, олон мянган хүнийг нэгтгэсэн том уралдаан болох гэж байгаа. Иймэрхүү том арга хэмжээнүүдийг зохион байгуулснаар улсаа суртчилаад зогсохгүй, эдийн засагт нэмэр болох юм.


Categories
мэдээ нийгэм

Шатахуун дутуу шахсан гэх мэдээллийн дагуу шалгажээ

“Автобензин, дизель түлшийг дутуу шахаж байна” гэх асуудлыг шалгуулах хүсэлт ирүүлсний дагуу Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Сод Монгол” шатахуун түгээх станцын түгээгүүрт хэмжил зүйн хяналт, шалгалт хийлээ.

Тус түгээгүүр нь 5-180 л/мин зарцуулалттай, өндөр даралтаар их хэмжээний шатахуун түгээх зориулалттай хурдны түгээгүүр учраас MNS 3015 : 2004 стандартын дагуу 50 литрийн багтаамжтай, баталгаажилт хийгдсэн хэмжүүрийг ашиглан гурван удаа магадлан тогтоох хэмжилт хийсэн. Хэмжилтээр түгээгүүрийн шахалт стандартын шаардлага хангаж байв.

Categories
мэдээ нийгэм

Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 102 жилийн ой тохиож байна

1916 оны энэ өдөр БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАН-ын /МАХН/ Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал мэндэлжээ.

Түүнийг Монголын нам, төрийг 44 жил тэргүүлэхдээ улс орноо хөгжүүлэх, ард түмний амьдралыг дээшлүүлэн соёлжуулах, улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхээр олон ажил хийснийг түүх гэрчилнэ.

Монгол Улсад анх хөнгөн ба хүнсний үйлдвэрүүд байгуулан хөгжүүлсэн, их дээд, дунд сургуулийг байгуулан хөгжүүлсэн, 1950-иад онд монголчууд бүгд бичиг үсэгтэн болж ЮНЕСКО-гийн шагнал хүртсэн, 1940 онд 750 мянга байсан хүн ам 1980-аад оны дундуур 2 саяд хүрсэн, спорт болон соёл урлаг дэлхийн тавцанд танигдсан, Дархан, Чойбалсан, Эрдэнэт, Хөтөл, Багануур зэрэг аж үйлдвэрийн төвүүдийг бий болгосон. Мөн 1940 онд манай улсыг ганц л орон хүлээн зөвшөөрч байсан бол 1984 онд таван тивийн 94 улстай дипломат харилцаа тогтоож, олон улсын 60 гаруй байгууллагад гишүүнээр элссэн гэхчлэн түүний Монгол улсынхаа төлөө хийсэн олон зүйлийг бид марталгүй санаж явах учиртай билээ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Орхоноос допинг илэрсэн асуудалд Чөлөөт бөхийн холбоо, Олимпийн хороо, Допингийн эсрэг үндэсний төв хариуцлага хүлээх ёстой

Өнгөрсөн жилийн өдийд гавьяат тамирчин П.Орхоны нэр алдар мандаж, амтай болгон түүнийг шагшин магтаж байлаа. 2017 оны наймдугаар сарын 21-26-нд Франц улсад зохиогдсон “Парис 2017” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд тэрээр аваргалж дэлхийд данстай бөх гэдгээ нотолсон. П.Орхон түүнээс өмнө Иван Ярыганы нэрэмжит тэмцээний үеэр дэлхийн домогт бөх Каори Ичог ялж, 13 жилийн турш ганц ч ялагдаагүй байсан түүхэн амжилтыг нь зогсоож бөхийн ертөнцөд шуугиан дэгдээснийг спорт сонирхогчид мартаагүй. Гэтэл өнгөрсөн сард Индонез улсад зохиогдсон Азийн наадамд П.Орхон барилдаж алтан медаль хүртсэн ч хэдхэн хоногийн дараа түүний сорьцоос допингийн жагсаалтад багтсан станозолол гэх бодис илэрсэн нь хэл ам дагуулсан. Улмаар түүний медалийг хураах шийдвэрийг Азийн олимпийн зөвлөлөөс гаргаж алтан медалийг нь хүчингүйд тооцсон. Манай улс нэг алтан медалиа хураалгаснаар багийн амжилт тодорхой хувиар ухарч байгаа юм. Нөгөө талдаа манай улсын шилдэг тамирчнаас допинг илэрсэн гэдэг нь олон улсад Монголын нэр хүндийг унагасан үйл явдал боллоо. П.Орхоны хувьд “Допинг хэрэглээгүй, намайг хүмүүс хорлосон байна” гэсэн нь энэхүү шуугианыг олон талтай хэрүүл болгочихоод байгаа. Түүнийг хэн хорлосон гэж? Эсвэл өөрөө хэрэглэчихээд бусад руу буруугаа чихэж байна уу гэх асуулт хөвөрсөөр. Гэтэл энэ асуудалд Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын Үндэсний Олимпийн хороо, Допингийн эсрэг үндэсний төв гэх байгууллагууд ямар ч албан ёсны тайлбар хийгээгүй байна. П.Орхоноос илэрсэн станозолол гэх бодис нь допинг дотроо хамгийн хүчтэйд тооцогддог. Уг бодис тэмцээний урд өдөр, эсвэл өглөө нь уухад шээснээс илрэх боломжгүй гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж “4-5 удаагийн давтамжтайгаар уусан тохиолдолд сорьцоос илрэх магадлалтай” гэдэг нь бас л нэг хар төрүүлэх шалтгаан болоод байгаа.

Монголын спортод нэг гажуудал харагддаг. Мундаг мандаж явсан тамирчныг алдартай, нэр төртэй явахад анхны багш, спортод оруулсан багш, унаган багш, нутгийн багш, шигшээ багийн багш гээд өч төчнөөн багш дагалдаж, өөртөө хамааралтай болгох гэж зүтгэдэг. Тэгээд тухайн тамирчинд ямар нэг алдаа дутагдал илэрвэл тамирчнаа булаацалдаж байсан өнөө багш нар нь нүүр буруулж зугтдаг жишээ олон бий. Учир нь тамирчин тив, дэлхий, олимпийн дэвжээнд амжилт гаргавал шагнал, урамшууллын тодорхой хувь нь багшид нь очдог. Багш нь тамирчныхаа шагналын тодорхой хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгийг улсаас хүртдэг. Харин үүний эсрэг талд тамирчин нь алдаа гаргавал, сорьцоос нь допинг илэрвэл, тамирчин ёс зүйн алдаа гаргавал түүнийг хариуцаж ирсэн, хариуцаж байгаа багш, дасгалжуулагч өмнөөс ч юм уу, хамт хариуцлага хүлээдэг тогтолцоо гэж байдаггүй.

Одоо бол П.Орхон өөрөө допинг уусан, тэрийг нь багш нар, дасгалжуулагчид, шигшээгийн дасгалжуулагчид нь огт хараагүй, мэдээгүй л гэж өөрсдийгөө цэвэр авч гарахыг хичээж, энэ асуудлыг аль болох сөхөхгүйг, олон нийтийн хараанаас гаргахыг хичээж байгаа нь ойлгомжтой. Монголын чөлөөт бөхийн холбооны хувьд сорьцоос нь допинг илэрсэн ганц тамирчин нь П.Орхон биш. Сүүлийн жишээ гэвэл 2017 онд Туркменстанд болсон Азийн танхимын спортын чөлөөт бөхийн төрөлд өрсөлдсөн дөрвөн тамирчнаас станозолол илэрсэн байдаг. Үүний талаар тус холбооныхон огт мэдээлээгүй. П.Орхоны дуулиантай зэрэгцээд л саяхнаас дуулдаж эхэлсэн юм.

П.Орхоны сорьцоос допинг илэрсэн нь зөвхөн тамирчны буруу биш. Мэргэжлийн тамирчин, шигшээ багийн шилдэг тамирчны хувьд юу идэж уух, ямар хувцас өмсч зүүх нь хүртэл нарийн хяналт дор байдаг. Биоритм, биологийн цаг, сэтгэл зүй гээд тухайн тамирчны бүхий л нөөц бололцоог шигшээ багийн дасгалжуулагчид нь удирдаж, бүхнийг зааж зааварладаг. Тамирчны хувьд дасгалжуулагчдынхаа үгээс зөрөх нь хориотой. Ингэхээр П.Орхоноос допинг илэрсэн асуудалд Монголын чөлөөт бөхийн холбоо, Улсын шигшээ багийн албаныхан ч давхар хариуцлага хүлээх ёстой юм. Учир нь аливаа тамирчин спорт клуб, нийгэмлэгийн тамирчин байж байгаад амжилтаараа тэргүүлээд шигшээ баг руу ороод ирэхээр тэр хүний бүхий л зүйл нь улсынх болоод явчихдаг. Илүү их ачаалал хүлээж авч шигшээ багийн багш, дасгалжуулагчдын хараан дор ирдэг. Хэрвээ шигшээ багийнхан өндөр хараа хяналт тавиад байхад П.Орхон нууцаар допинг хэрэглэсэн бол тамирчны буруу гэх сэн. Эсвэл П.Орхонд хэн нэгэн зориудаар допинг өгсөн бол хараа хяналт тавиагүй шигшээ багийн албаны хүмүүсийн буруу болж таарч байгаа юм. Тамирчныхаа гавьяа, шагнал урамшууллыг хуваалцах гэж тал талаас нь зүтгэдэг багш , дасгалжуулагчид нь допингийн асуудалд ч хариуцлага хүлээх ёстой гэдэг нь харагдана. Учир нь П.Орхоны хувьд олон улс, тив, дэлхийн олон тэмцээнд амжилт гаргаж медалийн тавцанд зогссон гавьяатай.

Тамирчинд олгох мөнгөн шагнал ийм байдаг юм байна

Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолд “Олон улсын Олимпийн хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам” гэж бий. Уг журмаар тамирчинд олгох мөнгөн шагналыг тодорхой тусгажээ.

П.Орхоны авчирсан алтан медалиудаас ДАШТ-ээс авсан алтан медалийг онцолъё л доо. Түүний авсан дэлхийн аваргын медалийг мялааж улсаас 40 сая төгрөг өгч. Харин дасгалжуулагчид нь 20 саяыг олгосон гэсэн үг. Тэгэхээр түүний авчирсан медалийн мөнгөн урамшууллын 50 хувьтай тэнцэхүйц хэмжээний төгрөгийг хэн хэн хувааж авсан нь сонирхолтой. Шигшээ багийн багш нар, клубийн анхны багш нар гэж хүмүүс бий. Гэхдээ тамирчид холбоотойгоо гэрээ хийхдээ багш нартаа урамшууллын мөнгөн шагналыг хэд хэдэн хувиар хувааж өгөхийг нарийн заасан байдаг. Ингэхээр чөлөөт бөхийн холбоо П.Орхонтой хийсэн гэрээг ил болгож түүний шагналаас хувь хүртэж ирсэн багш нарыг зарлаж, допинг хэрэглэсэн асуудалтай холбогдуулж давхар хариуцлага үүрүүлэх ёстой. П.Орхоныг Азийн наадамд бэлтгэхэд гаргасан бүхий л зардлыг улсад эргэн төлүүлэх ч гарц байж болно.

Засгийн газрын уг тогтоолын 3.1-д “Дасгалжуулагчид медаль хүртсэн тамирчинд олгох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно” гэж заасан байгаа юм. Мөн “Тамирчинтай нэгээс дээш дасгалжуулагч ажилласан тохиолдолд мөнгөн шагналыг хувь тохирсон гэрээний дагуу дасгалжуулагчид хувааж авна” гэж тодорхой заажээ. Дасгалжуулагчдыг тамирчных нь амжилтаас хамаарч хэрхэн урамшуулахыг ийнхүү тодорхой заасны зэрэгцээ 5.7-д “Тамирчин допинг хэрэглэсэн нь тогтоогдож медалиа хураалгасан тохиолдолд мөнгөн шагнал, урамшууллыг олгохгүй бөгөөд олгосны дараа илэрвэл мөнгөн шагнал, урамшууллыг нөхөн төлүүлнэ” гэж хатуу заажээ. Ингэхээр тамирчнаас допинг илэрсэн гээд өмнөх шигээ эс тоож боломгүй юм. Цаашид дахин ийм асуудал үүсгэвэл зөвхөн тамирчны л буруу олж дасгалжуулагч, шигшээ багийн хүмүүс нь зүгээр өнгөрдөг байдлыг арилгах цаг болсон. Мөн үүн дээр Монголын Үндэсний Олимпийн хороо болон Допингийн эсрэг үндэсний төв ч хариуцлага хүлээх ёстой.

Нэг удаа хэрэглээд гардаггүй гэх станозолол гэх бодисыг багаар бодоход 4-5 удаагийн давтамжтайгаар хэрэглэсэн тохиолдолд шээсээр гадагшилдаг гэдэг. Допингийн эсрэг үндэсний төв гэх байгууллага П.Орхоноос допинг илэрч байхад, илрэхээс өмнө ямар ажил хийж байсан бэ гэдгээ одоо олон нийтэд зарлах ёстой.

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа буудлагын спортын армийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртчихээд байхад нь хүзүүн дээрээ наалт наасан гэдэг шалтгаанаар медалиа хураалгасан. Олон олимп, ДАШТ-д оролцсон манай шилдэг тамирчин яагаад тэр жижиг асуудал ийм том гай дагуулахыг мэдэхгүй байсан юм бол. Жилд допингийн эсрэг үйл ажиллагаа явуулна гэж улсаас мөнгө төсөвлүүлдэг гэх Допингийн эсрэг үндэсний төв тамирчдын дунд суртал ухуулга хангалттай хийдэггүй гэдэг нь үүгээр харагдаж байгаа юм.

Допингийн эсрэг үндэсний төв нэг төслөөс л 200 сая төгрөг авдаг юм байна. Өөр ямар эх үүсвэрээс яаж допингийн эсрэг ажиллана гэж хэлээд хичнээн төгрөг авдаг нь тодорхойгүй

Допингийн эсрэг төв нь монгол тамирчны эрүүл мэндийг хамгаалах, тамирчдад допингийн эсрэг үйл ажиллагааны талаар боловсрол олгох, цэвэр, шударга тамирчдынхаа нэр хүндийг олон улсын тавцанд хамгаалах, Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх зорилготой гэж өөрийнхөө албан ёсны хуудаст мэдээлжээ. Гэтэл уг байгууллага зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө хангалттай ажиллахгүй байна. Азийн наадамд тамирчнаас нь станозолол гэх допинг илэрчихээд байхад уг байгууллагыг ажлаа сайн хийж байна гэж хэлэх үндэслэл алга. “Допингийн эсрэг үндэсний байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл нь ЮНЕСКО-гийн Спорт дахь допингийн хэрэглээг бууруулах сангийн дэмжлэгтэйгээр манай улсад гурав дахь удаагаа хэрэгжиж байгаа аж. Төслийн зорилго нь тамирчны эрүүл мэнд, нэр төрийг хамгаалах, цэвэр шударга спортыг бий болгоход допинг хэрэглэсэн тамирчныг шийтгэх бус хэрэглэхээс нь өмнө мэдээллээр хангах, мэдлэг эзэмшүүлэх, сургалт сурталчилгааны үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэхэд оршино гэсэн байх юм. Гэтэл бодит байдал дээр манай тамирчид, тэр дундаа онцгой анхаарал, халамжийн дор байдаг улсын шигшээ багийн шилдэг тамирчнаас допинг илэрнэ гэдэг байж боломгүй асуудал. Нэг тамирчны ард шигшээ баг, Допингийн эсрэг үндэсний төв, Монголын Үндэсний Олимпийн хороо гээд олон байгууллага, албан тушаалтан байгаа.

Манай улс “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенци”-д 2007 онд нэгдэн орсон байдаг. Гэтэл 2007 оноос эхэлж тамирчдаас тэр дундаа бөхчүүдээс допинг хамгийн ихээр илэрдэг болж, сүүлдээ ирэх олимпийн найдвар, олимпийн аварга болох магадлал хамгийн өндөр гэгдэж байсан тамирчнаас допинг илэрч байна. Энэ бол спортын хувьд том гарз. Нэг тамирчныг өдий зэрэгтэй болгож гаргаж ирэхийн тулд хичнээн хүний цаг, хөдөлмөр орж, цалин, урамшуулал, тэмцээний бэлтгэл, хувцас, амин дэм, тэмцээний онгоц унааны зардалд татвар төлөгчдийн хэдэн зуун сая төгрөг зарцуулагдсаныг хэлэхэд хэцүү шүү дээ. Сорьцоос нь допинг илэрлээ гээд тухайн тамирчин хүний спортын замналд цэг тавиад өнгөрөөд байж болохгүй. Үүнд холбогдох спортын байгууллагууд нь бас хариуцлага үүрдэг байх хэрэгтэй. П.Орхоноос допинг илэрсэн асуудалд Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын Үндэсний Олимпийн хороо, Допингийн эсрэг үндэсний төв зэрэг байгууллага хариуцлага хүлээх ёстой.


Categories
гадаад мэдээ

Хоёр Солонгосын удирдагчдын уулзалт маргааш болно

Өмнөд Солонгосын төрийн дээд түшмэд, сэтгүүлчид, техникийн ажилтнууд бүхий 93 хүний бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн ням гаригт Умардыг зорьжээ. БНАСАУ-ын нийслэл Пхеньянд есдүгээр сарын 18-20-ны хооронд хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтыг хийхээр төлөвлөөд буй. Талууд хоёр орны удирдагчдын уулзалтын бэлтгэл ажлыг хангах асуудлыг хэлэлцэх юм. Өмнөдийн төлөөлөгчид суусан 19 тусгай автобус Умардын хилээр нэвтэрсэн талаар Ёнхап агентлаг онцолсон байна. Зарим эх сурвалжид өмнө нь мэдээлэхдээ БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин дээд хэмжээний уулзалтад оролцохын тул Пхеньян руу шууд нислэгээр хүрч очино гэсэн юм. Арваад жил тасалдаад байсан хоёр Солонгосын харилцаа өнгөрсөн дөрөвдүгээр сард анхны дээд хэмжээний уулзалтаа хийсний дараа нааштай болж ирсэн. Энэ нь гурав дахь дээд хэмжээний уулзалт болох юм. Анхны уулзалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд зэвсэггүй бүс болох Пханмунжом тосгонд хийж байв. Түүнээс хойш нэг сарын дараа хоёр дахь уулзалтыг зохион байгуулсан. Энэ удаагийн уулзалтаар талууд Пханмунжомын тунхаглалын хэрэгжилт хэр байгааг хэлэлцэх гэнэ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн баасан гаригт хоёр орны удирдагчдын уулзалт болох гэж буйтай холбогдуулан “Зохицуулах товчоо” гэдгийг байгуулж нээлтээ хийсэн. Уг товчоо нь БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын анхны дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан хэлэлцээрийн биеллийг бүрэн гүйцэд илтгэх гэнэ. Хоёр талын харилцаа холбоог сайжруулах, цэргийн хурцадмал байдлыг намжаах зорилготой байгуулсан аж. Уг товчоонд хоёр талыг төлөөлж 50 орчим хүн ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд гурван хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 596 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 413 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэлээ. Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт 4, нийслэлд 1 хүний амь нас хохирч, 16 хүн гэмтэж бэртсэний 3 нь бага насны хүүхэд осолд өртсөн байна.

Мөн Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 90 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал, 16-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын нутаг “Дөш” гэх газар шороон замд “Porter” автомашин унтарсан байхад явган зорчигч С нь автомашиныг араас нь түрж асаах гэж байгаад дугуйн доогуур орж нас барсан, Сонгинохайрхан дүүргийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөө “Emontrade” төвийн зүүн замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 40 настай С-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэргийг илрүүлэн тус тус шалгаж байна.

Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдсэн байна.

Замын хөдөлгөөний дүрмийн заалт шаардлагыг Монгол улсын нутагт нийт иргэд дагаж биелүүлэх үүрэгтэй. Гэтэл энэ нь зөвхөн жолоочийн дүрэм, үүрэг гэж үздэг сэтгэлгээ түгээмэл байгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлж байна. Явган зорчигчид гарц, гарамгүй газраар зам хөндлөн гарах, гэрлэн дохио зөрчих, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, автобуснаас буугаад зогсож байгаа тээврийн хэрэгслийн урдуур зам руу орох, зорчих хэсгээр согтуу явах зэргээр тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал их байна.

Он гарсаар эхний 8 сарын байдлаарх тоон үзүүлэлтийг үзвэл улсын хэмжээнд нийт 18663 зам тээврийн осол бүртгэгдсэнээс явган зорчигчийн буруутай үйдлийн улмаас 390 осол бүртгэгдсэний 327 нь буюу 84 хувь нь нийслэл хотод бүртгэгджээ.

Түүнчлэн осол, хэргийн улмаас амь насаараа хохирсон хүний 73 нь буюу 21,3 хувь нь явган зорчигч байгаа нь өндөр үзүүлэлттэй тоо бөгөөд явган зорчигчдийн хөдөлгөөнд оролцох сахилга, соёлыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.

Хичээл эхлэх, тарах цагаар нийслэл хотын гудамжаар хүүхдээ хөтөлсөн эцэг, эхчүүд дүрэм зөрчиж улаан гэрлээр гүйх, гарцгүй газраар явахгүй байхыг албаныхан анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Шатахуун дутуу шахаж байна гэсэн иргэдийг мэдээллийг шалгажээ

“Өмнөговь аймагт “Сод монгол” ШТС Автобензин, дизель түлшийг дутуу шахаж байна” гэсэн мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дээрх шатахуун түгээх станцын түгээгүүрт хэмжил зүйн хяналт, шалгалт хийжээ.

Тус түгээгүүр нь 5-180 л/мин зарцуулалттай, өндөр даралтаар их хэмжээний шатахуун түгээх зориулалттай хурдны түгээгүүр учраас MNS 3015:2004 стандартын дагуу 50 литрийн багтаамжтай, баталгаажилт хийгдсэн хэмжүүрийг ашиглан гурван удаа магадлан тогтоох хэмжилт хийсэн. Хэмжилтээр түгээгүүрийн шахалт стандартын шаардлага хангаж байв. Өөрөөр хэлбэл, шатахуун дутуу шахсан зүйл байхгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.