Categories
мэдээ спорт

Иргэдийн спортын VII наадамд Багануур дүүргийн III хороо тэргүүлэв

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Нийслэлийн Иргэдийн спортын VII наадмыг спортын 8 төрлөөр Хэсэг, Хороо, Бүс, Дүүрэг, Нийслэл гэсэн 5 үе шаттай зохион байгуулж байна.

Наадмын эхний төрөл болох Спорт явган аялалын Шигшээ тэмцээн 2018.09.16-ны өдөр “Улаанбаатар – Баянзүрхийн товчоо – Ургах наран хороолол- Баянзүрх хайрхан – Ургах наран хороолол – Улаанбаатар” гэсэн маршрутаар аялж багийн дүнгээр:

1-р байрт Б.Сарантуяа дасгалжуулагчтай, Г.Батжаргал ахлагчтай Багануур дүүргийн 3-р хороо 62,5 оноо;

2-р байрт О.Батсаруул дасгалжуулагчтай Б.Баттулга ахлагчтай Налайх дүүргийн 5-р хороо 62 оноо;

3-р байрт Т.Дэмбэрэл дасгалжуулагчтай Б.Энхбаяр ахлагчтай Сонгино-хайрхан дүүргийн 3-р хороо 59,5 оноо;

4-р байранд О.Түмэнжаргал дасгалжуулагчтай, Д.Цолмон ахлагчтай Баянзүрх дүүргийн 5-р хороо 58 оноо;

5-р байранд Б.Угтахбаяр дасгалжуулагчтай, Б.Банди ахлагчтай Хан-Уул дүүргийн 10-р хороо 56,5 оноо;

6-р байранд А.Хоролсүрэн дасгалжуулагчтай, С.Гэрэлмаа ахлагчтай Сүхбаатар дүүргийн 14-р хороо 54,4 оноо;

7-р байранд Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай, Д.Алтангэрэл ахлагчтай Баянгол дүүргийн 22-р хороо 52,8 оноо

8-р байранд Ч.Болдсайхан дасгалжуулагчтай, Н.Сэргэлэн ахлагчтай Чингэлтэй дүүргийн 16-р хороо 51,6 оноо;

9-р байранд Г.Тэмүүлэн дасгалжуулагчтай, Г.Идэрзориг ахлагчтай Багахангай дүүргийн 1-р хороо 50,2 оноо авсан байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр аялалын спортын мастер Ж.Энхтайван, эмч шүүгчээр спортын мастер Р.Энхцэцэг, Ш.Тэгшбаяр, спортын мастер Д.Далантай нар ажиллаа гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

АНУ-ын Конгрессын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

Монгол Улсад албан айлчлал хийж байгаа АНУ-ын Конгрессын танхимын гишүүд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын байнгын хорооны Ази, номхон далайн дэд хорооны дарга, төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Ёохо болон Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Элизабет Эсти, Том Гарретт, Бүбен Кихүэн нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, хоёр улсын эдийн засаг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа болоод тус улсын Конгресст хэлэлцүүлж буй Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар ярилцлаа. Мөн Мянганы Сорилтын Сангийн хоёр дахь компакт гэрээ 350 сая ам.долларын дүнтэйгээр гарын үсэг зурагдахаар болж шийдэгдсэнийг талууд сайшаан тэмдэглэсэн юм.

Гуравдагч хөршийн худалдааны хууль нь Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох, Монгол Улс-АНУ-ын хоорондох худалдаа нэмэгдэхээс гадна оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт монгол эмэгтэйчүүдийн ажлын байр олноор нэмэгдэх чухал ач холбогдолтой хуулийн төсөл юм. Уг хуулийн төсөл Монгол Улсад хэчнээн чухал байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тайлбарлаж, 30-40 мянган монгол эмэгтэй ажлын байртай болох боломжтой хэмээн онцлов.

Мөн талууд Монгол Улсад хөгжиж буй ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх боломж болон хоёр улсын батлан хамгаалах салбарын үр дүнтэй хамтын ажиллагааны талаар санал солилцож ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Хүний эрхийн Дээд комиссарын алба иргэдэд зориулан өдөрлөг зохион байгуулав

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн 39 дүгээр чуулганы хүрээнд буюу 9 дүгээр сарын 14-ний өдөр тус чуулганд оролцож буй манай төлөөлөгчид Хүний эрхийн Дээд комиссарын албатай хамтран “Дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх орон нутгийн шийдэл: Хүний эрх ба хөгжлийг урагшлуулахад иргэдийн оруулах хувь нэмэр, оролцоо” сэдэвт арга хэмжээг зохион байгуулав.

Тус арга хэмжээний зорилго нь манай улс дахь ариун цэврийн байгууламжийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн санал санаачилга, оруулж буй хувь нэмрийн талаар танилцуулахад оршиж байв. Арга хэмжээг нээж Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн үг хэлсэн бөгөөд үндсэн илтгэгчээр “Нутгийн шийдэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Оюунгэрэл, НҮБ-ын Хөгжих эрхийн тухай асуудал хариуцсан Тусгай илтгэгч Саад Алфарарги болон Хүний эрх болон ундны цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Лео Хеллер нар оролцож санаа бодлоо хуваалцсанаас гадна ХЭЗ-ийн гишүүн орнууд болон ажилтан, алба хаагчид, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын төрийн бус байгууллагуудын 40 гаруй төлөөлөгчид тус арга хэмжээнд оролцсон байна.

Мөн Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн 17 зорилтын нэг болох “бүх нийтээр ариун цэвэр, эрүүл ахуйн зохистой, тэгш үйлчилгээнд хамрагдах, ил бие засах явдлыг зогсоох, ингэхдээ эмэгтэйчүүд, охид, эмзэг байдалд байгаа хүмүүсийн шаардлага хэрэгцээнд онцгой анхаарал хандуулах” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “Жорлонгоо өөрчилье” компанит ажлыг хэрэгжүүлж буй “Нутгийн шийдэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Оюунгэрэл үндсэн илтгэгчээр оролцож, санаачилгаа танилцуулав. Ц.Оюунгэрэл илтгэлдээ цаг уурын эрс тэс уур амьсгал, өргөн уудам газар нутаг, тархан суурьшсан хүн амтай Монгол Улсын хувьд орон нутагт төвийн шугам сүлжээг барьж байгуулах хүндрэлтэй байдаг. Иймд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн жорлонгийн талаарх иргэдийнхээ ойлголтыг өөрчлөх, мэдлэг олгох, тухайн нөхцөлд тохирсон, байгаль орчинд ээлтэй, хямд өртөгтэй жорлон барих технологийн талаар хөдөө болон орон нутгийн иргэдэд мэдээлэл өгөхийг зорьж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, бараалхлаа.

  1. Арабын Бүгд Найрамдах Египет улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мухамед Осама Таха Аль Магдууб
  2. Тайландын Вант улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Пирияа Хемпон
  3. Бүгд Найрамдах Индонез улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Жахухари Оратмангун
  4. Гэгээн Ширээт /Ватикан/ улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Алфред Ксереб нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Элчин сайд нарыг хүлээн авч уулзаад, юун түрүүнд хавсран суугаа улс бүрээсээ Монгол Улстай харилцаагаа бүх түвшинд дээшлүүлэхийн төлөө хичээн ажиллахыг хүссэн юм. Мөн хавсран суугаа улс нь БНСУ, БНХАУ зэрэг Монголд ойрхон байрлах улсууд байгаа нь хоёр улсын харилцааг өргөжин, хөгжүүлэхэд илүү дөхөм гэдгийг онцлон тэмдэглэв.

Арабын Бүгд Найрамдах Египет улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мухамед Осама Таха Аль Магдууб
Тайландын Вант улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Пирияа Хемпон
Бүгд Найрамдах Индонез улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Жахухари Оратмангун гэргийн хамт
Гэгээн Ширээт /Ватикан/ улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Алфред Ксереб

Мөн Элчин сайд нартай аялал жуулчлал, хөдөө аж ахуйг хөгжүүлэх асуудлаар санал солилцож, түүх, соёлын чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой Гэгээн Ширээт улсаас Монголын Эзэнт гүрний үеийн түүхтэй холбоотой захидал, бичгийн өвийг Монгол Улсад авчрах асуудлаар ярилцав.

Categories
мэдээ спорт

Британи, Монголын цэргийн поло баг нөхөрсөг тоглолт хийнэ

Британийн Цэргийн морин поло баг Монголын Батлан хамгаалах яамны багтай нөхөрсөг тоглолт хийхээр ирж байна. Их Британийн Цэргийн полон холбооны баг Монголын Батлан хамгаалах яамны полон багтай хийх нөхөрсөг тоглолт Гачуурт дахь “Хаан поло клуб”-т энэ сарын 22-нд болно.

Багууд тоглолтоороо Британи-Монгол Улсын батлан хамгаалал, спорт, аялал жуулчлалын харилцааг гүнзгийрүүлэх зорилготой бөгөөд өмнө нь 2015, 2016 онд гурван удаа зохион байгуулж байсан.

Дөрөв дэх тоглолтын өмнө багууд хамтран бэлтгэл хийж, техникийн туршлага солилцоно.

ЭЛЧИН САЙД ФИЛИП МАЛОН:

-Бид Британийн Цэргийн полон багийг Монголд дахин урьж байгаадаа их баяртай байна. Энэ жил бид илүү олон багтай, илүү том тоглолт зохион байгуулах тул олон хүн спортын тоглолтыг ирж сонирхоосой гэж хүсэж байна. ИБУИНВУ, Монгол Улс хоёулаа адууг дээдлэн хүндлэж, хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Тиймээс миний бие энэ спортоор хоёр орныхон хамтран тоглож түүхэн уламжлалаа хадгалж байгаад баяртай байна. Бидний хоёр улсын зүрхэнд спортыг хөгжөөн дэмжих, бахархах сэтгэл хадаатай байдаг. Манай хоёр улс хоёулаа дэлхийн дэвжээнд олон төрлөөр амжилт гаргаж байсан. Иймээс спортыг хоёр улсын хамтын ажиллагааны бас нэгэн салбар болгох нь зөв алхам юм гэв.

Дипломат харилцаа

ИБУИНВУ нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн барууны анхны улс. Манай хоёр улсын харилцаа сүүлийн тавин таван жилийн хугацаанд үсрэнгүй хөгжиж байна. Өнөө үед бид боловсрол, байгаль орчин, ардчилал, Монголын эдийн засгийн хөгжил гэсэн салбаруудад харилцан ажиллаж байна.

Монголд полон спорт

Монголд полон спорт нь шинэвтэрт тооцогддог ч эртний гарваль нь дундад зууны Монголоос Перс улсаар дамжин, Энэтхэгт хүрсэн гэж үздэг байна. Хаадын тоглоом гэж нэрлэгддэг эл спортыг Британийн арми анх 1860 онд Энэтхэгийн Манипур хотод олж нээн, морьт цэргийнхээ чадварыг сайжруулах зорилгоор тоглож эхэлжээ.

Монголын анхны морин полон холбоо нь анх 1997 онд байгуулагдсан. 2012 онд Монголын үндэсний баг Бангкокт болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авч байсан түүхтэй.

Categories
мэдээ нийгэм

Ганцхан шөнө нойргүй хоноход чихрийн шижин даамжрах эрсдэлийг нэмэгдүүлдэг

Ганцхан шөнө нойргүй хоноход л глюкоз ялгаруулах болон инсулиныг задлах элэгний чадварт нөлөөлдөг бөгөөд энэ нь элэг өөхлөх, 2-р хэлбэрийн чихрийн шижин зэрэг бодисын солилцооны өвчнүүд даамжрах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Ийм дүгнэлтийг Японы Тохо их сургуулийн эрдэмтэд хийсэн бөгөөд хулганууд дээр хийсэн тэдний туршилтын талаар “American Journal of Physiology — Endocrinology and Metabolism” сэтгүүлд нийтэлжээ.

Японы эрдэмтэд хулгануудыг хоёр хэсэгт ялгаад, нэг хэсэг хулгануудад шөнийн хугацаанд 6 цагийн турш унтах боломж олгоогүй бол нөгөө хэсэг хулгануудын унтах цагийг хязгаарлаагүй байна.

Эхний шөнө өнгөрсний дараа хэмжилт хийж үзэхэд, унтаж чадаагүй хулгануудын цусан дахь глюкоз болон триглицеридуудын /өөх/ хэмжээ нь унтаж амарсан хулгануудынхтай харьцуулахад нэлээд их байсан аж.

Триглицеридууд ихсэх нь инсулин эсэргүүцэх чадвартай холбоотой байдаг бөгөөд ийм чадвар нь 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчин даамжрах эрсдэлийг үүсгэдэг гол хүчин зүйл юм. Түүнээс гадна, шөнө нойргүй хонох нь элгэн дэх бодисын солилцоог зохицуулж байдаг ферментүүдэд нөлөөлсөн байна.

Нойр муутай явдаг хүмүүс илүү их идэж, бага хөдөлдөг учраас 2-р хэлбэрийн чихрийн шижнээр өвчлөх нь олонтоо аж.

Эдгээр дүгнэлтүүд нь нойргүйдлээс үүдэлтэй бодисын солилцооны өвчин даамжрах явцыг зогсоохын тулд цаашид үргэлжлүүлэн судалгаа хийх хэрэгтэй гэдгийг харууллаа.

Categories
мэдээ улс-төр

Сайжруулсан түлш нөөцлөх агуулах барина

НИТХ-ын ээлжит бус IV хуралдаан боллоо. Хуралдаанд НИТХ-ын 39 төлөөлөгч оролцсоноор 87 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Улаанбаатар хотын Агаар орчины бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл болон Нийслэлийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2018 оны батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах төслийн тухай асуудлыг хэлэлцэхээр тогтов. НИТХ-ын дарга С.Амарсайхан ээлжит бус хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Агаар орчны бохирдлын асуудал нь та бидний өмнө тулгамдсан, шийдвэрлэхэд олон талын оролцоо, иргэний хариуцлага шаардсан, хөрөнгө хүч, санхүүгийн боломжоос ихээхэн хамааралтай бөгөөд өвлийн улиралд гамшгийн хэмжээнд хүрч, иргэдийн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн амьдралд ноцтой нөлөөлдөг асуудлын нэг болчихоод байна.

Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх талаар Нийслэлийн удирдлагууд боломжтой бүх хэлбэрээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс гарч буй санал санаачлагыг дэмжин ажиллаж байна. Бид Улаанбаатар хотын агаар орчины бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулгыг сар бүрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн шаардлагатай шийдвэрийг цаг алдалгүй гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх чиглэл үүргийг холбогдох газруудад өгч ажиллаж байна. Өмнөх ээлжит хуралдаанаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг баталсан бөгөөд хэрэгжилтийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллийг та бүхэнд танилцуулахаар өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд оруулаад байна. Хэлэлцэх асуудлын хоёрдугаарт бид Нийслэлийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, төрийн аудитын байгууллагаар баталгаажсан 2017 оны хотын шуудын төсвийн орлогын давалт болох 23,7 тэрбум төгрөгөөр хотын шуудын 2018 оны төсвийн орлогын төлөвлөгөөг нэмэгдүүлэн 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай өргөн барьсан санал юм.

Нийслэлийн 2018 оны батлагдсан төсөвт зориуллтын дагуу зохицууллат хийж, нийслэлийн дэд бүтэц, замын шинэчлэлийн ажлыг иргэд олон нийтэд хүндрэл чирэгдэл багатай байдлаар хурдан шуурхай зохион байгуулж, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжүүлэх баримт бичигт туссан хотын төвийн хэсгийн төвлөрөлийг бууруулахад ач холбогдол бүхий дэд төв, үйлдвэр технологийн паркийн авто зам, дэд бүтэц сүлжээг бий болгох, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу гэр хороололын иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулах, агаар орчины бохирдлыг бууруулах чиглэл зэрэг эдийн засаг нийгмийн чхуал ач холбогдол бүхий ажлуудыг яаралтай хийж гүйцэтгэхэд төсөвлөн шилжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын өргөн барьсан саналыг хэлэлцэн батлана” гэв.

Нийслэлийн агаар орчины бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа “Засгийн газрын 43-р тогтоол гарч Улаанбаатар хот болон Монгол улсын төвлөрсөн суурийн газруудын агаар орчины бохирдлыг бууруулахтай холбогдуулан 2019 оны 5 сарын 19-ний өдрөөс эхлэн түүхий нүүрсийг нийслэл хотод оруулахгүй байх шийдвэр гарсан. Үүний дагуу холбогдох салбарын яам, НЗДТГ-ын хэрэгжүүлэгч аентлагуудын зүгээс олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж ажиллаж байгааг дурьдаад, боловсруулсан түлшийг нөөцлөх, түгээх, бэлтгэх ажлын хүрээнд нөөцлөх агуулахыг барьж байгуулах ажлыг төсөвлөн ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мэдээллийн төвийг байгуулан ажиллахаар болсон. Янданг буулгах, цахилгаан халаагуурт шилжүүлэх зэрэг ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна” гэв.

Төлөөлөгчдийн зүгээс Ж.Батбаясгалан даргаас холбогдох асуултуудыг асууж, хариулт аван цаашид дэд станцуудын яндангийн тоог бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимтэй явуулах, төвийн шугамд холбогдох боломжтой газруудыг холбох чиглэлд тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх зэрэг саналыг илэрхийллээ. Хэлэлцэх асуудлын дараалалд орсон Нийслэлийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2018 оны батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах төслийн тухай мэдээллийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуралдаанд танилцуулав. 2017 оны төсвийн гүйцэтгэлийн тайлангаар Нийслэл хот төсвийн орлогоор 1.65 их наяд төгрөг төвлөрч, төсвийн орлогын төлөвлөгөө 21.4 тэрбум буюу 2.1%-иар давж биелсэн дүнтэй байгааг дурьдав.

Дээрх давсан орлогыг Улаанбаатар хотын агаар орчины бохирдол, түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах хүрээнд Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг Хан-Уул дүүргийн 4, 8-р хорооны нутаг дэвсгэр, шинэ төвд шилжүүлэн байршуулахтай холбоотой сууршлийн бүсийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээнйи эхний ээлжийн төслийг санхүүжүүлэхэд шаардлагатай 17.3 тэрбум төгрөгийг, дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэх дэд бүтцийн төв байгуулахад 4.0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар тусгажээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболдын танилцуулгатай холбогдуулан НИТХ дах МАН, АН-ын бүлгийн дарга нар дүгнэлтээ уншиж танилцууллаа. Үүний дараагаар төлөлөөгчид саналаа хэллээ.

Ц.Баатархүү: Нийтийн тээвэр, авто замын асуудлыг нийслэл хот бодлогын түвшинд эргэж харах цаг нэгэнт болжээ. Жишээ нь авто зам барихын тулд шинжлэх ухааны судалгаа, математик тооцооллыг нь нарийвчлан гаргаж байж, дараа нь хэрэгжүүлдэг уламжлалтай гадны эрдэмтдийн туршлагаас бид суралцах ёстой. Д.Мөнхжаргал: Улаанбаатар хотын нийтийн тээврийн асуудал нь тодорхой шийдэл хүлээсэн хэвээр байгаа нь үнэн. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж 2019 онд төсөвт оруулж ирэх нь чухал. Нийслэлээс 2019 онд боловсролын салбарыг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр бодлого гаргаж ажиллах ёстой.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд дотор 20-30 хүнтэй том том агентлагууд байна. Эдгээр агентлагуудын ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаа нь ойлгомжтой, судалгаа шинжилгээний ажил явуулдаггүй, өдөр хоногийг аргацаасан байдалтай байна. Энэ мэтийн төсвийн үрэлгэн зардлыг бий болгодог газруудыг эргэж харах цаг болсон.

Д.Бадарсан: Шинэ захиргааны байрыг үзлээ. Төсөвт дарамт болгохгүй шийднэ гэсэн, хэрхэн яаж шийдэх гэж байгаа тухай мэдээллээ иргэд олон нийтэд сайн сурталчлахгүй бол мэдээлэлгүйн улмаас хүмүүс буруу ойлгох магадлал их байна.

Д.Үнэнбат: Хотын захиргааны шинэ байр барьж, хотын түгжрэл нягтралыг задлах нь зөв. 97 тэрбум төгрөг энд төлөвлөсөн юм билээ. Хуучин Бат-Үүл дарга ханын материалд 120 гаруй тэрбум төгрөгийн концесс хийчихээд явж байсан. Бид агаар хөрс усны бохирдол гэж ярих юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүлж байгаа компаниудын шугам сүлжээ, авто замыг нь татаж өгөх чиглэлд тодорхой төсөв хөрөнгө суулгаж өгөх нь зүйтэй байна. Төлөөлөгчид саналаа хэлсний дараагаар хэлэлцэх асуудлаар санал хурааж 2018 оны төсвийн тодотгол дэмжигдлээ.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас ЖАЙКА Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд ОБЕГ-аас БСШУСЯ, Боловсролын хүрээлэн,Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг боловсруулж, БСШУС-ын сайдын тушаалаар батлуулж, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлэхээр болсон юм.

Тус сургалтыг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан “Аюулгүй амьдрах ухаан”-ы орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалтыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд зохион байгуулж байна.

Сургалтад нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, боловсролын хэлтсийн 60 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж бөгөөд сургалт энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм.

“Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр боловсролын түвшин бүрд суралцагчдын мэдлэг, чадвар дээшилж, зөв зан үйл, хандлагатай болох ач холбогдолтой.

Сургуулийн өмнөх боловсролын түвшинд буюу цэцэрлэгийн насныханд энэхүү сургалтыг зохион байгуулснаар багш, асран хамгаалагчдын дэмжлэгтэйгээр аюул ослын талаар төсөөлж, өөрийгөө хамгаалах, бусдаас тусламж хүсэх аргад суралцах бол бага боловсролын түвшинд тохиолдож болзошгүй аюул ослыг ойлгох, түүнээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах, шийдвэр гаргах чадвар эзэмших юм. Харин суурь боловсролын түвшинд болзошгүй аюулт үзэгдэл, ослын үед бэлтгэлтэй байх, өөрийгөө хамгаалах, бусдад туслах, анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшиж, амьдралын зөв дадал эзэмших бол бүрэн дунд боловсролын түвшинд болзошгүй аюулт үзэгдэл, ослын үед хариу арга хэмжээ авах, анхны тусламж үзүүлэх, сайн дурын үйл ажиллагаанд оролцох, дасан зохицож амьдрах чадвартай, амьдралын зөв дадалтай болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар О.Амгаланбаатар томилогдов

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар О.Амгаланбаатарыг томилжээ. О.Амгаланбаатар нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993 онд Нийслэлийн 93 дугаар сургууль, 1993-1998 онд Шинжлэх ухаан техникийн их сургуулийг Инженер, технологич мэргэжлээр, 2005-2008 онд Тагнуулын академийг Эрх зүйч мэргэжлээр, 2008-2010 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер, 2016-2017 онд Төрийн захиргааны менежментээр тус тус төгссөн. Инженер, технологич, эрх зүйч мэргэжилтэй.

Тэрбээр 1999-2000 онд Үндэсний архивын газарт техникч, 2000-2003 онд Нийслэлийн Эрүүл ахуй, халдвар судлалын албанд шинжээч, 2003-2009 онд Мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд Газрын орлогч дарга, 2013-2014 онд “Хүнс, хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн” ТББ-д Удирдах зөвлөлийн дарга, 2014 онд УИХ-ын тамгын газарт референт, 2014-2016 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2016-2018 оны есдүгээр сар хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргаар тус тус ажиллаж иржээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн нийт ажилтны хурлын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Ажлын алба бол Шүүхийн ерөнхий зөвлөлд үйлчилдэг бөгөөд чадавх, бүтээмж, үр нөлөө, хариуцлагад нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд анхаарч байдаг. Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон О.Амгаланбаатар нь 17 жил төрийн захиргааны байгууллагад ажиллаж, туршлага хуримтлуулсан, мерит зарчмаар ажиллаж ирсэн гэдгийг онцолъё” гээд ажлын амжилт хүссэн байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар “Хүнд итгэл хүлээлгэж, хариуцлага нэхэх зарчмаар ажилладаг. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гарч буй тогтоол, шийдвэр бүрийг хуулийн хүрээнд бүх шатанд алдаа мадаггүй гаргахын төлөө хичээж ажиллах болно. Та бүхэнд ажлын амжилт хүсье” хэмээн хэлжээ.

shez

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар О.Амгаланбаатарыг томиллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 51 дүгээр тогтоолоор Одонмажигийн Амгаланбаатарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалд өнөөдөр томиллоо.

О.Амгаланбаатар нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн.

  • 1993 онд Нийслэлийн 93 дугаар сургууль
  • 1993-1998 онд Шинжлэх ухаан техникийн их сургуулийг Инженер, технологич мэргэжлээр
  • 2005-2008 онд Тагнуулын академийг Эрх зүйч мэргэжлээр
  • 2008-2010 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер
  • 2016-2017 онд Төрийн захиргааны менежментээр тус тус төгссөн. Инженер, технологич, эрх зүйч мэргэжилтэй.

Тэрбээр 1999-2000 онд Үндэсний архивын газарт техникч, 2000-2003 онд Нийслэлийн Эрүүл ахуй, халдвар судлалын албанд шинжээч, 2003-2009 онд Мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд Газрын орлогч дарга, 2013-2014 онд “Хүнс, хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн” ТББ-д Удирдах зөвлөлийн дарга, 2014 онд УИХ-ын тамгын газарт референт, 2014-2016 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2016-2018 оны 09 дүгээр сар хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргаар тус тус ажиллаж иржээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Ажлын алба бол Шүүхийн ерөнхий зөвлөлд үйлчилдэг бөгөөд чадавх, бүтээмж, үр нөлөө, хариуцлагад нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд анхаарч байдаг. Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон О.Амгаланбаатар нь 17 жил төрийн захиргааны байгууллагад ажиллаж, туршлага хуримтлуулсан, мерит зарчмаар ажиллаж ирсэн гэдгийг онцолъё” гээд ажлын амжилт хүслээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар “Хүнд итгэл хүлээлгэж, хариуцлага нэхэх зарчмаар ажилладаг. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гарч буй тогтоол, шийдвэр бүрийг хуулийн хүрээнд бүх шатанд алдаа мадаггүй гаргахын төлөө хичээж ажиллах болно. Та бүхэнд ажлын амжилт хүсье” гэв.