Categories
мэдээ нийгэм

Зам өргөтгөж, автобусны зогсоолыг сунгав

Чингисийн өргөн чөлөөнд замын өргөтгөл, автобусны зогсоол сунгах ажил хийгджээ.

Тодруулбал, Чингисийн өргөн чөлөөнд Төв номын сангийн автобусны зогсоолд нийт 117 мкв талбайд асфальт бетон хучилт, мөн Сөүлийн гудамж, Нийслэлийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн урд талд нийт 36 мкв талбайд асфальт бетон хучилтын ажлыг тус тус хийжээ.

Төв номын сангийн автобусны зогсоол нь стандарт бус, нийтийн тээврийн хэрэгсэл зогсоол дээр багтахгүй, нэгдүгээр эгнээнд зогсдог зэргээс хөдөлгөөнд оролцож байгаа автомашинтай давхцаж түгжрэл болон зам тээврийн осол гарах нөхцөл үүсдэг байсан учир дээрх арга хэмжээг авч байгааг албаныхан хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

“Оюутан мобилити” хөтөлбөрийг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурав

“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д туссан мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг биелүүлэх зорилгоор “Судалгаанд суурилсан их сургуулийн үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газар баталсан. Хөтөлбөрийн нэг хэсэг болох “Оюутан мобилити” буюу Монголын их дээд сургуулиуд кредит харилцан зөвшөөрөх санаачилгыг эхлүүлэхээр болж, гэрээнд гарын үсэг зурлаа. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Ариунболд, “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн захирал, профессор Ч.Ганзориг, Монгол, Германы хамтарсан технологийн их сургуулийн захирал, доктор Н.Дорждэрэм нар дээрх арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

“Оюутан мобилити” тогтолцоо хэрэгжсэнээр оюутан залуус өөрийн хүссэн мэргэжил, чиглэлээр хэрхэн, хэзээ, яаж суралцаж үр дүнд хүрэх хариуцлагатай сонголт хийх эрх чөлөөг нь олгох юм байна. Ийнхүү сургууль хооронд гэрээ байгуулснаар оюутнууд өөрийн сурч боловсрох чиглэлээ сонгох бүрэн боломж нээгдэх юм. Энэхүү үйл ажиллагааг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа цаашид дэмжин ажиллахаа илэрхийлж, бусад их дээд сургуулиудыг “Оюутан мобилити” тогтолцоонд хамтран ажиллахыг уриалжээ.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Ариунболд “Боловсролын байгууллагын эцсийн гол зорилго бол чанартай боловсролоор дамжуулан сайн мэргэжилтнийг бэлтгэх байдаг. Бидний баталж буй хөтөлбөрөөр дамжуулан их, дээд сургуулиудын оюутнууд зөвхөн өөрийн сургууль дээрээ хичээлээ үзэж, кредитээ цуглуулаад явдаг байсан бол өнөөдрөөс эхлэн гэрээнд гарын үсэг зурсан сургуулиуд кредитээ харилцан зөвшөөрснөөр, оюутнууд өөрсдөө хамгийн чанартай гэж үзэж буй сургалтын хөтөлбөрийг, сургууль хамаарахгүй сонгон хичээлээ үзэх боломж бүрдэж байна” гэлээ.
Харин “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзориг “Дэлхийн ихэнх улсуудад “Академик мобилити” гэх хөтөлбөр хэрэгждэг. Үүний нэг нь оюутны шилжилт хөдөлгөөнийг дэмждэг “Студент мобилити” хөтөлбөр юм. Эдгээр хөтөлбөрт мөн багш солилцооны хөтөлбөр багтдаг. Монгол Улсын дээд боловсролын салбарт багш нарын хүрэлцээ дутмаг байгаа гэж хэлж болно. Тийм учраас сайн багш нарын нөөц боломжийг их дээд сургуулиудын салбар дунд ашиглах боломж үүсэж байна” гэж мэдээлсэн юм.

"Оюутан мобилити" хөтөлбөрийг эхлүүлэхээр боллоо

Categories
мэдээ нийгэм

Байгалийн гамшгийн үед өөрийгөө хамгаалах, анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлнэ

ОБЕГ-аас БСШУСЯ, Боловсролын хүрээлэн,Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран, орон нутгийн сургагч багш бэлтгэхээр “Аюулгүй амьдрах ухаан” сургалтыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд зохион байгуулж байна.

Орон нутгийн сургагч багш бэлтгэхээр есөн дүүрэг, 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, боловсролын хэлтсийн 60 гаруй мэргэжилтнүүдийг хамарсан тус сургалт энэ сарын 20-ний өдөр хүртэл үргэлжлэнэ. Тэдгээр сургагч багш нар тус тусын орон нутагтаа салбар сургалтыг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлэх юм.

Сургуулийн өмнөх боловсролын түвшинд буюу цэцэрлэгийн насныханд энэхүү сургалтыг зохион байгуулснаар багш, асран хамгаалагчдын дэмжлэгтэйгээр аюул ослын талаар төсөөлж, өөрийгөө хамгаалах, бусдаас тусламж хүсэх аргад суралцах бол бага боловсролын түвшинд тохиолдож болзошгүй аюул ослыг ойлгох, түүнээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах, шийдвэр гаргах чадвар эзэмших юм.

Харин суурь боловсролын түвшинд болзошгүй аюулт үзэгдэл, ослын үед бэлтгэлтэй байх, өөрийгөө хамгаалах, бусдад туслах, анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшиж, амьдралын зөв дадал эзэмших бол бүрэн дунд боловсролын түвшинд болзошгүй аюулт үзэгдэл, ослын үед хариу арга хэмжээ авах, анхны тусламж үзүүлэх, сайн дурын үйл ажиллагаанд оролцох, дасан зохицож амьдрах чадвартай, амьдралын зөв дадалтай болох юм.

“Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр боловсролын түвшин бүрд суралцагчдын мэдлэг, чадвар дээшилж, зөв зан үйлд төлөвших ач холбогдолтой.

Categories
мэдээ спорт

Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болно

Монгол Улсад болох Пауэрлифтингийн мастеруудын дэлхийн аваргын тэмцээн нь гурван төрлөөр аравдугаар сарын 1-6-ны хооронд “Holiday Inn” зочид буудлын зааланд болно. Тэмцээнд 26 улсын баг тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж. Тус тэмцээнийг Монгол Улсын Засгийн газар, Биеийн тамир спортын газар дэмжиж Монголын Хүндийн өргөлтийн холбооноос зохион байгуулах юм. Тэмцээнд манай улсаас 27 тамирчин оролцож хүч тамираа сорино хэмээн Япон Улсын Китакюшю хотод Ази, Номхон далайн орнуудын парапауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнд -107 кг жинд 239 кг шахаж Азийн рекордыг эвдсэн Э.Содномпилжээ мэдээллээ.

Мөн энэ үеэр АНЭУ-д энэ сарын 18-24-ний өдөр болох хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэх Пауэрлифтингийн ОУХМ Ц.Баярхүү сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тус тэмцээнд манай улсаас Азийн тэмцээнд оролцож байсан туршлагатай таван тамирчин оролцох болсон. Бэлтгэл бүрэн хангагдсан, өмнө Ази тивийн тэмцээнд ялагдаж байсан тамирчинтайгаа таарч даагаа нэхэх боломж олдлоо. 11 дүгээр сард Швед улсад болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас найман тамирчин хүч сорино” гэв.

Хүндийн өргөлтийн холбооноос 12 дугаар сарын 4-8-ны өдөр Классик Пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж байгааг ч дуулгав.

Categories
мэдээ соёл-урлаг

“Элсэн манхны баяр” болов

Монголын есөн гайхамшгийн нэг Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг дахь Хонгорын элсэнд “Элсэн манхны баяр” уламжлалт арга хэмжээг энэ сарын 14, 15-нд зохион байгуулжээ. Энэ үеэр үндэсний бөхийн барилдаан, гар бөмбөгийн тэмцээн, авто машины уралдаан, элсэн манхны оргил булаалдах тэмцээн, говийн уянга дууны уралдаан, элсэн марафон, элсэн баримлын уралдаан зохион байгуулсан байна. Мөн “Увертюра” хамтлаг баярт оролцогчдод зориулан тоглолтоо хийжээ. Уг арга хэмжээнд 1200 гаруй хүн цугларсан байна. Цаашдаа энэхүү арга хэмжээг улам өргөжүүлж жуулчдыг татах зорилготой байгаагаа Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэлжээ.

Монголын есөн гайхамшгийн нэг Хонгорын элсэнд "Элсэн манхны баяр" зохион байгуулжээ

Монголын есөн гайхамшгийн нэг Хонгорын элсэнд "Элсэн манхны баяр" зохион байгуулжээ

Categories
мэдээ спорт

Алматыд болох байсан ДАШТ Астанад шилжжээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос Токиогийн олимпийн наадмын өмнөх жилийн буюу 2019 оны бөхийн төрлүүдийн ДАШТ-ий эрхийг Казахстаны Алматыд өгсөн билээ.

Уг шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард Италийн нийслэл Ромд болсон товчооны гишүүдийн хурлаар шийдвэрлэсэн юм.

Тэгвэл үл мэдэгдэх шалтгааны улмаас Алматы хотын оронд шинэ нийслэл Астанад ирэх жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулахаар болсон талаар МЧБХ-оос мэдээллээ.

Түүнчлэн тэмцээний товыг 2019 оны есдүгээр сарын 14-22-нд болно гэж албан ёсоор зарлажээ.

“Астана-2019” ДАШТ-д олимпийн жингүүдэд эхний зургаан байрт орсон тамирчин Токиогийн олимпийн эрх авах юм.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх бодит үзүүлэн сургалт болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газар хамтран эцэг эх, хүүхэд багачуудад зам тээврийн осол, хэрэг гарах шалтгаан нөхцөл, зам тээврийн ослын хор уршиг, түүнээс үүдэн гарах хор хохирол, гэмтэл бэртлийн талаар болон үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөн аюулгүй, зөв оролцох талаар бодит үзүүлэн сургалтыг энэ сарын 16-ны өдөр зохион байгуулсан.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх бодит үзүүлэн сургалт болно

Уг сургалтанд Зам, тээврийн хөгжлийн яамны гадна байрлах авто зогсоолыг тусгайлан бэлтгэн тохижуулж, ерөнхий боловсролын сургуулийн 5,6 дугаар ангийн нийт 200 орчим хүүхэд оролцсон бөгөөд Монгол улсын гавъяат тамирчин, Монголын Сумо бөхийн холбооны ерөнхийлөгч Кёкүшюзан Д.Батбаяр, СТА жүжигчин Э.Цолмонбаяр нар хамтран хөтлөн явууллаа.

Замын хөдөлгөөнд оролцогч дундаас хамгийн эмзэг нь “Хүүхэд” бөгөөд тэдэнд зам тээврийн осол, гэмтлийн хор уршиг, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлж, ярихаас илүүтэй үүнийгээ бодитоор, танин мэдэх, үйлдлээр харуулах нь хамгийн үр дүнтэй арга юм.

Сургалт өнөөдөр хоёр дахь өдрөө нэгдүгээр сургуулийн урд замд 14:00 цагаас нээлттэй явагдаж байна. Иймд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч та бүгдийг хүүхэд багачуудынхаа хамт хүрэлцэн ирж, сургалтанд хамрагдахыг урив.

Categories
мэдээ нийгэм

120 гаруй уран хатгамалч үйл мэтгэн уралдана

Монголын уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” төв, БСШУСЯ, Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, NZ сан хамтран Уран хатгамалчдын улсын III улсын уралдааныг энэ сарын 22-23-нд Монголын Уран зургийн галерейд зохион байгуулна.

Тус уралдаан нь соёл урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд уран хатгамлын урлагийг хөгжүүлэх, түүний сан хөмрөгийг арвижуулах, чанаржуулах, уран хатгамалчдыг дэмжих, тодруулах, хатгамлын урлагийн судалгаа, сурталчилгааг эрчимжүүлэх, хатгамал сонирхогчдын хүрээг өргөжүүлэн охид, эмэгтэйчүүдийн оюун ухаан, гоо зүй, ур чадвар, хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх зорилготой.

Улсын уралдаанд нийслэлээс шалгарсан ардын авьяастнууд болон мэргэжлийн уран бүтээлчид нийт 120 гаруй хүн 300 гаруй уран бүтээлээрээ оролцохоор бүртгүүлжээ.

Уралдаанд зүү ороосон, задгай буюу хөрөг хатгамал, мартагдаж буй соёлын өвийг сэргээж урласан хатгамал, эсгий ширмэл, зоос ширээний сүлжмэл, зээгт наамал гэсэн төрлөөр оролцох боломжтой. Уралдаанд оролцож буй бүтээлүүд болон Монгол Улсын уран хатгамалч цолтнууд, бусад шилдэг хатгамалчдын уран бүтээлээр үзэсгэлэн зохион байгуулж олон нийтэд сурталчлан танилцуулна гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.

Уран бүтээлийн ур хийц, загвар, өнгө зохицол, уламжлалт соёл, зан үйлийн онцлогийг тусгасан байдал, хэрэгцээ, зориулалт, нийгмийн ач холбогдлыг харгалзан ардын урлаачдын бүтээлээс 7 төрлөөр, мэргэжлийн урлаачдын бүтээлээс 2 төрлөөр эхний гурав болон тусгай байрыг тус тус шалгаруулж шагнаж урамшуулах юм. Тэргүүн байрт шалгарсан уран бүтээлчдэд Монгол Улсын уран хатгамалч цол олгох аж.

Categories
мэдээ нийгэм

ОУХМ Э.Бэхбаяр, Г.Нандинзаяа нарт хүндэтгэл үзүүллээ

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадамд амжилттай оролцсон цагдаагийн байгууллагын тамирчдаа өнөөдөр хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Спортын наадмын бөхийн чөлөөт барилдааны эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд аваргалсан МУГТ, “Хүч” спорт хорооны туслах дасгалжуулагч Э.Бэхбаяр, мөн наадмын урт бууны 10м эмэгтэй дасгалд хүрэл медаль хүртэж, буудлагын 50 метрийн гурван байдлаас буудах дасгалд түрүүлсэн Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын цагдаа Г.Нандинзаяа нарт хүндэтгэл үзүүлсэн юм.

Үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, “Хүч” спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнх болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

М.Даваасүрэн: Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлсэн шүүхийн тогтоол байдаггүй

Монголын Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын (хуучнаар)Ерөнхий нарийн бичгийн дарга, Улстөрийн товчооны гишүүн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 102 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Энэ өдөр түүний хөшөөнд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, НЗД С.Батболд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Д.Оюунхорол, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын албаны хүмүүс, мөн Ю.Цэдэнбалын төрсөн дүү Ю.Жавзан, түүний үр хүүхэд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Ю.Цэдэнбалын Академийн Ерөнхийлөгч М.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодруулав.

-Манай улсын түүхтэй салшгүй холбоотой, Монгол Улсын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалын талаарх судалгаа хэр байна вэ?

-Сүүлийн 10-аад жил түүний талаар их олон бүтээл гарсан. Ялангуяа эрдэмтэн доктор Ц.Жамбалсүрэн Ю.Цэдэнбалтай холбоотой түүхийн бүх бүтээлийг биечлэн уншиж танилцан судалж докторын зэрэг хамгаалсан. Өнөөдрийг хүртэл хугацаанд манай академийн зүгээс түүний Монголын төрийг удирдсан хугацааны түүхийг аж үйлдвэр, уул уурхай, газар тариалан, ХАА гээд улс, ардын аж ахуйн тэр үеийн бүхий л амьдрал, бүтээн байгуулалтыг салбар салбараар нь цогцоор гарган судалж ном, бүтээл, кино гаргаж ирсэн. Одоогоор 5 баримтат кино гарч олны хүртээл болсон. Жишээ нь, Монголд атар газар эзэмшиж ирсний түүхийг алдаа, оноотой нь гаргаж ирсэн. Одоо боловсон хүчний талаар бид юу хийж, юунд алдаж онож ирсний судалгааг дуусгаад байна.

-Ю.Цэдэнбалыг албан тушаалаас буусны дараа, 1990-ээд оны эхээр хэлмэгдсэн гэж нэг хэсэг үздэг. Үнэхээр тийм явдал болсон уу. Хэрэв хэлмэгдсэн бол Төр, Засгаас албан ёсоор цагаатгасан уу?

-Ю.Цэдэнбал даргыг хэлмэгдээгүй гэж үздэг. Хэлмэгдүүлсэн гэсэн шүүхийн тогтоол байхгүй. Эрхзүйн хувьд ийм учир цагаатгах зүйл байхгүй гэж үздэг. УИХ-ын 2016 оны 8 дугаар 30-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Ю.Цэдэнбалыг гэр бүлийн хамтаар мөнхжүүлж, түүнээс хураан авсан бүх одон медалийг буцаан олгох шийдвэр гарсан юм гэв.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Улстөрийн товчооны гишүүн асан Ц.Балхаажав, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Шаравдорж нарын олны танил хүмүүс, Баян-Өлгий, Увс аймгаас төлөөлөл ирсэн байв.


Тодруулга: Ю.Цэдэнбал Монголын нам, төрийг 44 жил тэргүүлэхдээ улс орноо хөгжүүлэх, ард түмний амьдралыг дээшлүүлэн соёлжуулах, улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхэд өөрийн амьдралаа зориулсныг энэ өдөр монголчууд дурсан санаж байна. Түүний ажил, амьдрал нь Монгол оронд их бүтээн байгуулалтын ажил өрнөж, Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлж, БНМАУ-ын тусгаар тогтнолыг олон улсад улам батжин бэхжүүлж ирснээр манай улсын түүхтэй салшгүй холбогддог. Түүний удирдлагын үе 1950-иад онд монголчууд бүгд бичиг үсэгтэн болж ЮНЕСКО-гийн шагнал хүртэж, 1940 онд 750 мянга байсан манай улсын хүн ам 1980-аад оны дундуур 2 саяд хүрч, спорт болон соёл урлаг дэлхийн тавцанд танигдсан түүхтэй юм.