Categories
мэдээ нийгэм

БНХАУ-д нүүдлийн соёл иргэншлийн асуудлаар чуулж байна

“Дэлхийн соёлын солилцоо болон хүн төрөлхтний хувь заяаг хуваалцах нь” сэдэвтэй чуулга уулзалт БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймгийн Рашаан хотод өчигдөр эхэлжээ. ӨМӨЗО-ы Тал нутгийн соёлыг хамгаалан хөгжүүлэх сангаас санаачилж, Хянган аймгийн захиргаанаас эрхлэн зохиосон энэхүү чуулга уулзалтад БНХАУ төдийгүй олон улсын эрдэмтэн, судлаачид оролцож байгаа юм байна

Рашаа хотын чуулга уулзалт нь төрийн бус, ашгийн бус бөгөөд нээлттэй, олон улсын хурлын байгууллага юм байна. Зүүн хойд Азийн энх тайван болон хөгжил дэвшил, олон улсын эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг уг байгууллага зорьдог ажээ.

Чуулга уулзалтаар дэлхийн хэмжээний нэрт эрдэмтэн судлаачид ялгаатай соёлын орчинд хүн төрөлхтөн хэрхэн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцаж байгаа юм байна. Тухайлбал, өнөөдөр “Нүүдлийн соёл иргэншил ба мал аж ахуйн бүс нутгийн шинэчлэл”, “Нүүдлийн соёл иргэншлийн хүн төрөлхтөнд оруулсан хувь нэмэр”, “Бэлчээрийн даац ба тогтвортой байдал”, “Мал аж ахуйн бүсийн аялал жуулчлалын үйлсийн хөгжлийн шинэ хэлбэр – Отор ба аялал жуулчлалын анхны шинжилгээ” зэрэг 15 сэдвээр лекц уншжээ.

БНХАУ-д нүүдлийн соёл иргэншлийн асуудлаар чуулж байна

БНХАУ-д нүүдлийн соёл иргэншлийн асуудлаар чуулж байна

Categories
мэдээ спорт

Дэлхийн гал сөнөөгчдийн их наадмаас манай аврагчид хоёр алт, хоёр хүрэл медалийг хүртжээ

Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн 13 дугаар их наадамд Монгол улсаа төлөөлөн Онцгой байдлын байгууллагын 28 алба хаагч, долоон төрлөөр оролцож байна. БНСУ-ын Чүнжү хотноо зохион байгуулагдаж буй тус наадмаас манай баг тамирчид гар бөмбөгийн төрөлд хүрэл, шатрын тэмцээний төрөлд мөн хүрэл медаль хүртээд байсан юм. Харин өнөөдрийн байдлаар чөлөөт бөх болон гүйлтийн төрөлд алтан медаль хүртэж, Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн 13 дугаар их наадмаас хоёр алт, хоёр хүрэл медалийг хүртээд байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Categories
мэдээ нийгэм

Турк улсад энэ хичээлийн жилд 28 оюутан суралцана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд М.Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны найрсаг, дипломат харилцаа үүсэж хөгжсөний 50 жил ирэх онд тохиож байгаа болон салбарт өргөн цар хүрээтэй хамтран ажиллах асуудлыг ярилцав. Мөн түрэг судлалыг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх асуудалд багагүй ач холбогдол өгч байгаагаа илэрхийлсэн юм. Элчин сайд М.Ахмет Язал “Турк улс нь Монгол Улсын боловсролын болон бусад салбарт хамтран ажиллах маш олон боломж байгаа. Угсаатны болон уламжлалт чиглэлийн спортоо хөгжүүлэх, оюутан сургах, түүх судлал, уран зураг гээд олон салбарт хамтрах сонирхол бий. Түүх судлал буюу түрэг судлалаар багагүй хугацаанд хамтран ажиллаж, чамлахааргүй амжилт гаргасан. Гэхдээ түрэг судлалыг хөгжүүлэх танин мэдэхийн тулд эхлээд Монголын эртний түүхийг нарийвчлан судлах зайлшгүй шаардлагатай гэдэг нь харагдсан. Энэ чиглэлээр МУИС-тай хамтрахаас гадна бусад их, дээд сургуультай ажиллах боломжтой. Үүнээс гадна Үндэсний номын сангийн ажилд хамтарч байгаа бөгөөд цаашид түүхийн музейн чиглэлээр ч өргөжих боломж байгаа” гэж олон талт санал тавьсан юм.

Мөн энэ хичээлийн жилд тус улсад тэтгэлгээр суралцах 28 оюутан бүртгүүлсэн юм байна. Харин магистр болон докторантурт суралцах 12 суралцагч бүртгэгдсэн аж. Ер нь, боловсролын чиглэлээр суралцах оюутны тоо үүгээр хязгаарлагдахгүй гэдгийг Элчин сайд онцлон жил бүр нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа уламжиллаа. Энэ ч утгаараа Засгийн газрын тэтгэлгээс гадна нэмж 12 боловсон хүчин илгээх квот бий хэмээн хэлсэн юм. Үүнд Засгийн газар болон яам суралцуулах чиглэлээ тодорхойлж, хүсэлтээ илэрхийлэх боломжтой гэв.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Таны тавьсан санал болгоныг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Яам бүх талаар хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа үүссэний 50 жилийн ой тохионо. Ойн баярыг хэрхэн тэмдэглэх, хамтран ямар ажил амжуулах талаар тодорхой төлөвлөгөө гарган батлах нь зүйтэй болов уу. Хэрэв ингэж чадвал нэлээд олон ажил энэ хүрээнд хэрэгжих бүрэн боломжтой гэж харж байна. Цаашид асуудлаа харилцан ярилцаад ямар чиглэлээр хэрхэн хамтран ажиллахаа тодорхой болгох зүйтэй” гэж хэллээ.

Categories
мэдээ нийгэм

“Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Хүүхэд эрсдэлд өртөх өндөр магадлалтай эмзэг бүлэгт багтах тул тэдний аюулгүй байдлыг хангах, суралцах аюулгүй орчныг бүрдүүлэх аливаа улс орны нэн чухал асуудал байдаг. Энэ ч утгаараа Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.14-т “Ерөнхий боловсролын сургуульд сурагчдын амьдрах ур ухааныг хөгжүүлэх, аюулгүй байдлын сургалтыг нэвтрүүлж, хүүхдийг эрсдэлгүй, осол эндэлгүй, эрүүл, аюулгүй амьдрах чадварт сургана” гэж тусгасан.

Нэгэнт ийнхүү туссан учир 2016 оноос эхлэн Онцгой байдлын ерөнхий газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага болох ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төсөл нь, газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх замаар төрийн захиргааны байгууллагын чадавхийг бэхжүүлэх зорилготой ажээ.

Дээрх ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн, Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт, ОБЕГ-ын төлөөлөл бүхий ажлын хэсэг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг боловсруулсан байна. Сургалтын хөтөлбөр нь БСШУС-ын сайдын 2018 оны А/181 дүгээр тушаалаар баталгаажиж, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хэрэгжихээр болоод байна. Батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт, Боловсролын Хүрээлэн, аймаг, нийслэл, дүүргийн Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтнүүдэд зориулсан арга зүйн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж эхэллээ.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд БСШУС-ын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир оролцож “Хөтөлбөрийг боловсруулахдаа ажлын баг Япон улсын туршлагатай танилцаж, судалсан. Дэлхий нийтэд гамшиг, онцгой байдал, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тэргүүлэх улс орны туршлагыг Японы олон улсын техникийн хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр судлан, зөвлөх үйлчилгээ авч байгаадаа БСШУС-ын яам сэтгэл хангалуун байгаа. “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд боловсролын байгууллага төдийгүй эцэг, эхчүүд, орон нутгийн ард иргэд, мэргэжлийн байгууллагын дэмжлэг туйлын чухал” гэж онцоллоо.

“Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр боловсролын түвшин бүрд суралцагч дараах мэдлэг, чадвар эзэмшиж, зөв зан үйл, хандлага төлөвших суурь тавигдана гэж үзсэн байна.

Үүнд:

Сургуулийн өмнөх боловсролын түвшинд: Багш, асран хамгаалагчдын дэмжлэгтэйгээр аюул ослын талаар төсөөлж, өөрийгөө хамгаалах, бусдаас тусламж хүсэх аргад суралцана.

Бага боловсролын түвшинд: Тохиолдож болзошгүй аюул ослыг ойлгох, түүнээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах, шийдвэр гаргах чадвар эзэмшиж, оновчтой үйл хөдлөл хийж чадах.

Суурь боловсролын түвшинд: Болзошгүй аюулт үзэгдэл, ослын үед бэлтгэлтэй байх, өөрийгөө хамгаалах, бусдад туслах, анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшиж, амьдралын зөв дадал хэвшлийг эрхэмлэдэг болж.

Бүрэн дунд боловсролын түвшинд: Болзошгүй аюулт үзэгдэл, ослын үед хариу арга хэмжээ авах, анхны тусламж үзүүлэх, сайн дурын үйл ажиллагаанд оролцох, дасан зохицож амьдрах чадвартай, амьдралын зөв дадал хэвшлийг эрхэмлэдэг иргэн болно.

Аюулгүй амьдрах ухааны сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйг хичээл, сургалтыг дэмжих үйл ажиллагаатай уялдуулан интеграцчилж хэрэгжүүлэх бөгөөд энэхүү сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт өнөөдөр эхэлж байна. Тус сургалт нь хоёр хуваагдан явагдах ба эхнийх нь аймаг, хот, дүүргийн бага дунд боловсролын 60 арга зүйчийг хамруулснаар ийнхүү эхэллээ. Харин 2 дахь сургалт нь Сургуулийн Өмнөх Боловсролын арга зүйчдийг хамруулах бөгөөд 10 сард хийхээр төлөвлөж байна. Энэ удаагийн сургалт нь есдүгээр сарын 17-20 хүртэл дөрвөн хоногийн хугацаанд явагдах юм. Сургалтаар гамшгаас хамгаалах боловсролын талаар ойлголт өгөхөөс гадна, биеэр мэдрүүлэх дасгал сургуулилалт, Нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвтэй танилцах, мөн хичээлийн төлөвлөлт хийх, сургалтын материал бэлтгэх зэрэг дадлага ажлуудыг хийж гүйцэтгэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол энэ сарын 30-нд болно

Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол энэ сарын 30-нд товлогджээ. Тэрбээр нутагт нэгт сумочтойгоо гар зөрүүлсэн гэх шалтгаанаар зодог тайлахаа мэдэгдсэн. Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Их аварга цол хүртсэн юм.

Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорсон билээ. Мөн 2016 оны шилдэг сумоч болж, Японы спортын өдөр тутмын хэвлэл болох “Хойчи Шимбү” сониныхон түүнийг 2016 онд болсон бүх башёд тогтмол өндөр амжилт үзүүлсэн хэмээн үнэлж энэхүү шагналыг хүртээж байсан.

Түүний багш Исэгахама Ояката бол мэргэжлийн сумогийн 63 дахь Их аварга Асахифүжи билээ. Харумафүжи Д.Бямбадорж удам залгасан ясны бөх бөгөөд түүний аав Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул. Үндэсний бөхийн Монгол Улсын заан Р.Давааням агсан, том ах Д.Баасандорж нь аймгийн начин, бага ах Д.Лхагвадорж улсын начин, авга ах нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, үеэл нь улсын гарьд Н.Ганбаатар юм.

Categories
мэдээ улс-төр

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын байнгын хорооны Ази, Номхон далайн дэд хорооны дарга, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Ёохо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

АНУ-ын Конгрессын гишүүд манай улсад 2016 онд айлчилж байсан бөгөөд өнөөдөр дахин Конгрессын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд илэрхийллээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт өргөжин хөгжиж, иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн бөгөөд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг талууд 2017 онд өргөн тэмдэглэсэн болохыг тэрбээр уулзалтын эхэнд дурдав. Монгол Улс, АНУ-ын харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг УИХ-ын дарга онцлоод АНУ-ын Конгресс нь Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжиж удаа дараа тогтоолууд баталж ирсэнд монголчууд нэн талархалтай байдгийг хэллээ. АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, дотнын түнш орон болохыг УИХ-ын дарга М.Энхболд онцлоод талууд энэхүү түншлэлээ стратегийн түвшинд хүргэх зорилттой байгаа бөгөөд энэ хүрээнд харилцааны түвшингээ ахиулж, “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг тэмдэглэв. АНУ нь Монгол Улсын эдийн засгийг бэхжүүлэх, төрөлжүүлэхэд дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд, хоёр улсын Засгийн газар Мянганы сорилтын корпорацийн Хоёр дахь компакт гэрээ байгуулан ажиллаж байгаад баяртай байна гэв.


Түүнчлэн тэрбээр “Эрхэм гишүүн Тэд Ёохо Та манай орны гар үйлдвэрлэл, ноос, оёмол сүлжмэлийн салбарыг дэмжиж, олон мянган эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгохыг зорьж, холбогдох хуулийн төслийг Америкийн Нэгдсэн Улсын Конгресст өргөн барьсанд гүн талархал илэрхийлье. Монголын хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл, технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй монгол хүн бүрт чухал дэмжлэг болох дээрх хуулийн төслийг Конгресс дахь Америк-Монголын парламентын бүлгэмийн гишүүд дэмжинэ гэдэгт найдаж байна” гэлээ.

Ноён Тэд Ёохо хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, “Монгол Улсын түүх, баялаг өв уламжлалыг манай ард түмэн бахархан хүндэтгэдэг. Хоёр агуу хөрштэй танай улс ардчиллыг засаглалын хэлбэрээ болгон сонгож, хөгжүүлж байгааг бид хүндэтгэн, бүх талаар дэмжих болно” гэв.

Дэлхий нийтээр хүндхэн цаг хугацааг туулан өнгөрүүлж буй энэ үед нийт парламентчдад ижил бэрхшээл тулгарч байгаа гэдгийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Элизабет Эсти хэлээд Монгол Улсын энэ удаагийн парламент нь хамгийн олон эмэгтэй гишүүнтэй байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Улс орны хөгжлийн тулгуур болсон иргэн бүрийг чадавхжуулахад АНУ бүх талаар туслахад бэлэн байгааг тэрбээр илэрхийлсэн юм. Боловсрол, худалдаа, эдийн засаг тэргүүтэй бүх чиглэлээр хамтран ажиллахдаа таатай байна гэдгээ хатагтай Элизабет Эсти хэллээ.


Конгрессын 10 гишүүн Монгол Улсад үйлдвэрлэсэн ноолуур болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд тарифгүй нэвтрүүлэх тухай “Mongolia Third Neighbor Trade Act” хуулийн төслийг 2018 оны долдугаар сарын 26-нд Конгресст өргөн барьсан бөгөөд тус төслийг батлагдана гэдэгт итгэлтэй байгаагаа ноён Т.Ёохо илэрхийлсэн юм. Монголын хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний экспортыг дэмжихээс гадна цаашид хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчимжүүлэх чиглэлээр санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.


Хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд тулгамдаад буй асуудлуудыг парламент, төр засгийн өндөр дээд түвшинд харилцан ярилцаж шийдвэрлэж ирсэн уламжлалтайг УИХ-ын дарга хэллээ. Бидний дипломат харилцаа тогтоосон хугацааг худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны үр дүнтэй уялдуулан тооцвол илүү эрчимжүүлж, олон талын үр ашиг гаргах бололцоо бий гэдгийг харж болно. Хөдөө аж ахуйн салбар бол манай улсын эдийн засгийн 20 орчим хувийг эзэлдэг. Тус салбарын хөгжлийг эрчимжүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулах, тэдгээрийг экспортлох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бололцоо бий гэж гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд хэллээ. Уул уурхайн салбар нь өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн тулгуур хэдий ч нөхөгддөггүй, сэргээгддэггүй онцлогийг нь харгалзан бодлоготой, эрэмбэтэй, байгаль орчинд ээлтэй, бүс нутгийн иргэдийн амьдрал ахуйд сөрөг нөлөөгүй байдлаар цаашид хөгжүүлэх чиглэл баримталж байна. Эдийн засгийн нөхцөл байдлаас үл шалтгаалан УИХ дээрх уул уурхайн салбарын хөгжлийн чиг баримжааг бодлогын баримт бичиг, хууль тогтоолууддаа баримталж байгааг М.Энхболд дарга танилцуулав. Ийнхүү уулзалтын үеэр талууд хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дэд дарга А.Ундраа, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Том Гаретт, Рүбен Кихүэн болон албаны бусад хүмүүс байлцлаа.


Categories
мэдээ улс-төр

“Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр Япон Улсын Хоккайдо дахь Монгол Улсын Өргөмжит Консул, “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Ц.Такэбэ тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд Япон Улсын Кансай бүс, Осака, Хоккайдо муж хар салхи, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдэж, олон хүний эрдэнэт амь эрсэдсэнд хувиасаа болон Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлээд Япон Улс гамшгийн хохирлыг богино хугацаанд давна гэдэгт итгэлтэй байна гэв.

Хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгдөг болохыг тэрбээр тэмдэглэн хэллээ. Үргэлжлүүлэн УИХ-ын дарга “Монгол, Японы харилцаа Стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан эрчимтэй хөгжиж, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, хоёр талын төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байна. Монгол, Японы харилцааг эдийн засгийн салбарт шинэ түвшинд гаргаж хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байдаг. 2016 оноос хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийн хэрэгжилтийг хангаж, мөн Давхар татвараас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах чиглэлд анхаарч ажиллаж байна” гэлээ.


Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимагийн урилгаар 2017 оны гуравдугаар сард тус улсад айлчлалын хүрээнд дээрх баримт бичигт гарын үсэг зурах ёслол болсон бөгөөд EPA-ийн бодит үр өгөөжийг дээшлүүлэхэд хоёр улсын төр, хувийн хэвшлийн хэлхээ холбоо болон орон нутаг, иргэд хоорондын идэвх, санаачлага хамгийн чухал болохыг УИХ-ын дарга М.Энхболд хэллээ.

Гурав дахь жилдээ “Монгол-Хоккайдогийн худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-ыг өргөн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгуулсан ноён Ц.Такэбэд УИХ-ын дарга баяр хүргээд, парламентын гишүүн байх үеэсээ хойш хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр идэвх санаачилга гарган ажиллаж ирснийг нь тэмдэглэлээ.


Ноён Ц.Такэбэ УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. “Монгол-Хоккайдогийн худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд энэ хугацаанд хоёр талын бизнесийн байгууллагууд танилцан, тодорхой түвшинд хамтын ажиллагаа өрнүүлж эхэлсэн үр дүнтэй байгааг тэрбээр танилцуулсан юм. Цаашдаа нийгэмлэгийн үйл ажиллагааг бодит салбаруудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нэн тэргүүнд аялал жуулчлалын салбарын харилцааг хөгжүүлэх чиглэлээр түлхүү анхаарахаар төлөвлөөд байгаа аж. Монгол Улсад аялал жуулчлалын нөөц их бий, Хоккайдо жилдээ 5.3 сая орчим жуулчин хүлээн авдаг туршлагатай. Үүний зэрэгцээ Монголын уламжлалт мал аж ахуйг аялал жуулчлалын салбарын тулгуур болох бололцоо бий гэж үзэж байгаагаа Ноён Ц.Такэбэ танилцууллаа. Цаашдаа улс орнуудын иргэдийн аялал жуулчлал жил жилээр өсөх судалгаа бий учраас Монгол Улс дотоод нөөцөө бүрэн ашиглах, нэн тэргүүн шинэ нисэх онгоцны буудлаа ашиглалтад оруулах, холбогдох дэд бүтцийг бүтээн байгуулах нь хэтдээ эдийн засгийн чухал ач холбогдолтой гэдгийг тэрбээр хэллээ.

Мөн Монгол Улсын мал аж ахуйн тогтвортой хөгжил эдийн засгийн чухал ач холбогдолтой бөгөөд “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг” нь цаашдаа мал аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, туршлага солилцох, судалгаа хийх, мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр ажиллах боломж байгаа талаар танилцууллаа.


Хоккайда муж бол цаг агаарын хувьд Монголтой төстэй учир хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага солилцоход илүү дөхөм гэдгийг УИХ-ын дарга хэлэв. Үүнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн хамтран зохион байгуулдаг “Монгол-Хоккайдогийн худалдаа, хөрөнгө оруулалтын форум” чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэсэн юм. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажиллах явцад хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай асуудлууд гарсан тохиолдолд Монгол Улсын Их Хурал дэмжин ажиллахад бэлэн гэдгийг илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд эрхэмсэг ноён Ц.Такэбэ-д Монгол, Японы харилцааг хөгжүүлэхийн төлөө сэтгэл гарган дэмжлэг туслалцаа үзүүлж байдагт нь талархал илэрхийлж,сайн сайхныг хүслээ.

Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато болон албан бусад хүмүүс байлцав.


Categories
мэдээ нийгэм

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

БНСУ “Тосгоны өмгөөлөгч” нэртэй төслийг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд Солонгос улсад амьдардаг гадаад иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөөг орчуулгатайгаар хүргэх юм байна. Энэ талаар www.moj.go.kr цахим хуудаст мэдээлжээ. Гадаад иргэдийн хувьд солонгос хэлээр ойлголцоход бэрхшээлтэй, мэдээлэл дутмаг зэргээс болж хууль зүйн зөвлөгөө авахад хүндрэлтэй байдаг.

Дээрх төслийн хүрээнд, тус улсад ажиллаж хөдөлмөрлөж буй гадаад иргэд түрээсийн гэрээ, аж үйлдвэрлэл, гэмт хэрэг гэх мэт өдөр тутамд тулгамддаг асуудлаар хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй авах боломжтой болох аж. Зөвлөгөө авахдаа Солонгосын дурын дугаараас 1345 руу залгаж, оператортой холбогдон, цаг авах ёстой юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр АНУ-ыг зорино

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан Ордоны урилгаар 2018 оны есдүгээр сарын 18-наас Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр эх орноосоо мордоно.

Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Америкийн дээд удирдлагатай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцоно. Мөн АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулж буй хоёрдахь компакт гэрээг баталгаажуулах Тунхаглалд гарын үсэг зурна.

Айлчлалын дүнд талууд Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хамтарсан албан мэдээ гаргаж, хоёр улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай замын зураглалыг тохиролцоно.

Тэрбээр Вашингтон хотноо АНУ-д аж төрж буй монголчуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.

Ерөнхий сайд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэхийн зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерес, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер болон өндөр албаны бусад тушаалтантай уулзаж ярилцана.

Мөн тэрээр Нью Йорк хотноо болох Социалист Интернационал байгууллагын төр, засгийн удирдагчдын жилийн уулзалтад оролцож үг хэлнэ гэж ГХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөгөөр 4000 ажлын байр зарлагдана

“Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөгийг энэ сарын 19-20-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон Эйч ар клуб хамтран зохион байгуулж буй уг өдөрлөг иргэдэд нээлттэй ажлын байрны мэдээллийг хүргэж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх, ажил хайгч иргэд тохирох ажлын байрандаа бүртгүүлж түр болон байнгын ажлын байраар хангагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, мэргэжлийн болон давтан сургалтын арга хэмжээний хүрээнд мэргэжлийн ур чадварын уралдаан зохион байгуулах, ажил олгогчид шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Уг өдөрлөгт Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Цагийн ажлын бирж, ажил олгогч 70 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 4000 гаруй ажлын байрны захиалга, Мэргэжлийн сургалтын 34 байгууллага, Хадгаламж зээлийн хоршоод, Гарааны бизнес эрхлэгч, хувийн хөдөлмөрийн биржүүд оролцож дараах арга хэмжээг зохион байгуулах болно. Үүнд:

2018.09.19-ний өдөр

  • Хүний нөөцийн мэргэшсэн ажилтан, сэтгэл зүйч, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүд ажил хайгч иргэдэд зөвлөгөө өгөх
  • Ажил олгогч 70 аж ахуйн нэгж байгууллага болон 15 хувийн хөдөлмөрийн биржүүд 4000 гаруй нээлттэй ажлын байраа танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийнэ
  • Хадгаламж зээлийн хоршоодын гишүүд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах, таниулах

2018.09.20-ний өдөр

  • Мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан иргэдийн дунд оёдол, үсчин, нүүр будалт, хумс засал гэсэн дөрвөн мэргэжлээр ур чадварын уралдаан зохион байгуулна
  • Хүний нөөцийн мэргэшсэн ажилтан, сэтгэл зүйч, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүд ажил хайгч иргэдэд зөвлөгөө өгөх
  • Ажил олгогч 60 аж ахуйн нэгж байгууллага болон 15 хувийн хөдөлмөрийн биржүүд 4000 гаруй нээлттэй ажлын байраа танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийнэ
  • Гарааны бизнес эрхлэгчид үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах, таниулах
  • Мэргэжлийн сургалтын байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлах, таниулах
  • Хөдөлмөрийн хувийн биржүүд үйл ажиллагаагаа сурталчлах, таниулах, иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх
  • Политехник коллеж болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан суралцагчдад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих Смарт картны бүртгэл, олголт хийнэ.