Categories
мэдээ нийгэм

Цахим орчны таван дүрмийг зааж өгөхийг эцэг, эхчүүдэд уриалж байна

ХЗДХЯ, Монгол улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ хамтран цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох UNFRIEND хөдөлгөөн улс орон даяар өрнөж байна. Энэ ажлын хүрээнд хүүхэддээ цахим орчны таван дүрмийг зааж өгөхийг эцэг, эхчүүдэд уриалж байна.

1. Хувийн мэдээллээ нууц байлгах

2. Интернэтээр танилцсан хэн нэгэнтэй эцэг, эх асран хамгаалагчийн хяналтгүй уулзахгүй байх

3. Танихгүй хүнээс мессеж, имэйл, аливаа хүсэлтийг хэзээ ч битгий хүлээж авч байгаарай

3. Бодит байдлыг бүү март. Интернэтэд хүн бүр үнэнээ хэлдэггүйг сана.

5. Хэн нэг хүн, ямар нэг зүйл санааг нь зовоогоод байвал шууд эцэг эх, асран хамгаалагчдаа хэлж байгаарай.

Насанд хүрээгүй хохирогчид мэдээлэл алдсан байдлаар судалгаа хийхэд 91% нь олон нийтийн сүлжээгээр хууран мэхлүүлэн мэдээллээ алдсан байдаг байна. Олон нийтийн сүлжээгээр хууран мэхлүүлэх гэдэг нь фэйсбүүк, инстаргам зэрэг сүлжээгээр худал хаяг нээн хүний дурьд хувирч хохирогчтой харилцаж хувийн мэдээллээ өгөх хэмжээний итгэлийг олж авахыг хэлнэ. Харин насанд хүрсэн хохирогчид мэдээлэл алдсан байдлаар судалгаа хийхэд 43 нь компьютер ямар нэгэн аргаар хакердуулан мэдээллээ алдсан байдаг.

Categories
мэдээ нийгэм

Д.Сарангэрэл БНХАУ-ын Худалдааны яамны сургалт хариуцсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл БНХАУ-ын Худалдааны яамны сургалт хариуцсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр БНХАУ-ын Засгийн газрын туслалцааны хүрээнд зохион байгуулдаг сургалтад жил бүр эмч мэргэжилтнүүд хамрагдаж байгааг онцлов.

Эдгээр сургалтууд нь эмч мэргэжилтнүүдэд мэргэжлийн чиглэлээр онолын мэдлэгээ дээшлүүлэх, оношлогоо, эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт арга техникээс суралцах, туршлага солилцох зэрэгт ихээхэн үр дүнтэй байдаг аж. Мөн сургалтын өгөөж, гарах үр дүнг нэмэгдүүлэх үүднээс сургалтыг монгол хэл дээр явуулах хүсэлт гаргасан байна. Энэ дагуу зарим сургалтууд монгол хэл дээр зохион байгуулагдсан нь зохих үр дүнгээ өгч байгааг сайд хэллээ.

2015 онд зохион байгуулагдсан эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлийн сургалтад 3 их эмч, 2017 онд эх хүүхдийн эрүүл мэнд, мэдрэлийн өвчин, зүрх судасны эмгэг болон сувилахуйн чиглэлээр 4 удаагийн сургалтад нийт 26 эмч, мэргэжилтэн хамрагдсан байна. Харин 2018 оны дөрөвдүгээр сард болсон халдварт өвчин, элэг цөсний эмгэгийн чиглэлийн сургалтад 25 эмч, тавдугаар сард уламжлалт анагаах ухаан, эмчилгээний чиглэлээр 5 эмч, долдугаар сард эх, хүүхдийн эрүүл мэндийн сургалтад 10 эмч тус тус хамрагдаад байгаа юм байна.

Одоогоор “Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэлт, хилийн хорио цээрийн эрүүл мэндийн хяналт” сургалтад таван эмч суралцаж байгаа ба энэхүү сургалт нь есдүгээр сарын 10-30-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

БНХАУ-ын Худалдааны яамнаас зохион байгуулдаг сургалтууд нь манай улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг Эрүүл мэндийн сайд уулзалтын үед онцоллоо.

Categories
мэдээ улс-төр

С.Оюун Иргэний Зориг намаас гарчээ

Иргэний Зориг намыг үүсгэн байгуулагчдын нэг, ИЗНН-ын дарга асан С.Оюун тус намын гишүүнчлэлээс албан ёсоор гарчээ. Энэ тухай ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Ганбат олон нийтийн сүлжээнд бичсэн байна.

Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр тус нам 2000 онд байгуулагдаж хамгийн сүүлд 2012.03.12-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “Иргэний Зориг Ногоон Нам” болгон өөрчилжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ыг зорилоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Цагаан Ордоны урилгаар 2018 оны 9 дүгээр сарын 18-наас Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Америкийн дээд удирдлагатай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцоно.

Айлчлалын дүнд талууд Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хамтарсан албан мэдээ гаргаж, хоёр улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай замын зураглалыг тохиролцоно. Мөн АНУ-ын Засгйин газраас Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор олгож буй буцалтгүй тусламжийн гэрээг баталгаажуулах Тунхаглалд гарын үсэг зурна. Ерөнхий сайд Вашингтон хотноо АНУ-д аж төрж буй монголчуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.

Ерөнхий сайд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэхийн зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерес, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер болон өндөр албаны бусад тушаалтантай уулзаж ярилцана. Мөн тэрээр Нью Йорк хотноо болох Социалист Интернационал байгууллагын төр, засгийн удирдагчдын жилийн уулзалтад оролцож үг хэлнэ. Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 9 дүгээр сарын 17-нд эх орноосоо мордоно.гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нойтон цас орж тариа, ногоо цасанд дарагдаж болзошгүй байна

Баруун аймгуудын нутгаар: 17, 23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 17,23-нд Алтайн салбар уулсаар, 18-19-нд зарим газраар 14-16м/с хүрч шуурна.

Төвийн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд зарим газраар, 20-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи зарим газраар 18, 20нд 12-14 м/с, 19-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Зүүн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-21-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст бороо нойтон цас орно. Салхи 19-нд зарим газраар 12-14м/с, 20-21-нд ихэнх нутгаар 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна

Говийн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 19-20-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон шуурга шуурна.

Есдүгээр сард буюу ургац хураалтын энэ үеэр нойтон цас орж, хүчтэй салхилан цасан шуурга шуурч, ихээхэн хэмжээний хохирол учруулсан цаг агаарын аюултай үзэгдэл 1989 болон 2009 онуудад ажиглагдаж байжээ. Тухайлбал, 2009 оны есдүгээр сарын 18-20-нд манай орны ихэнх нутгийг хамарсан аюултай үзэгдлийн улмаас хүчтэй салхи шуурч, агаарын температур эрс сэрүүсэн, газар тариалангийн бүс нутгаар ихээхэн хэмжээний цас орж байжээ. Дээрх хугацаанд 0.0-31.6 мм тунадас орсноос хамгийн их нь Сэлэнгийн Ерөөд 31.6 мм, Орхонд 30.1мм, Шаазгайт, Хүдэрт 27.0мм, Дархан хотод 26.8 мм цас орж байжээ.

Тиймээс бид Монгол Улсын нийт ургацын 60 орчим хувийг хураадаг Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуй газрын дарга Б.Мөнхтөртэй утсаар холбогдож ургац хураалт хэдэн хувьтай явааг тодрууллаа.

Тэрбээр “Сэлэнгэ аймаг ургацаа 22 хоногт багтаан хураах техник, технологийн хүчин чадал бий. Ажил жигдэрчихвэл ургацаа хугацаандаа багтаан хураах боломжтой. Сэлэнгэ аймгийн тариаланчид үеийн үед дотоодын ургацын 60 хүртэлх хувийг бүрдүүлсээр ирсэн. Энэ жил ч гэсэн зорилтдоо хүрэхээр ургацаа хаягдалгүй хураан авахын төлөө тариаланчид маань ажиллаж байна. Томоохон аж ахуйн нэгжүүд тариагаа хурааж эхэлсэн. Жижиг компаниуд цаг агаарын төлөв байдлыг түр харзнаж байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар нойтон цас орно гэж мэдээлсэн байна лээ. Манай нутгаар гайгүй байхаа, муу юм битгий болоосой гээд л залбирч байна. Энэ жилийн хувьд зуншлагын байдлаас хамаараад улаан буудайн болц нэлээд оройтсон. Тачир тариа түрж ургасан талбай мэр сэр байна. Тиймээс энэ жилийн ургац хураалтыг ангилан хадахаас өөр аргагүй. Ойрын хугацаанд хөрсөн дээр цочир хүйтрэх төлөв гарсан. Хүйтрэх нь тариа хураалтад ямар нэгэн хүндрэл учруулахгүй. Ургац хураалтын үеийн зөвлөмжийг ХХААХҮЯ-наас гаргасан. Энэ зөвлөмжийг хүргэхийн зэрэгцээ ургац хураалтын нөхцөл байдалтай танилцах үүднээс бид тариалангийн бүс нутгуудад ажиллаж байна. Есдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар ургац хураалт Сэлэнгэ аймгийн хэмжээнд 54.2 хувьтай явагдаж байна. Үүнээс хойших мэдээг нэгтгэн эргэн мэдээлэх болно” гэв

Энэ жилийн хувьд 5, 6, 7 дугаар сарын эхээр монгол орны ихэнх нутгаар гандуухан байсан ч наадмын дараа хур бороо элбэгшиж ган тайлагдаж зуншлага сайхан болсон. Улаан буудайн болц гүйцэх үеэр найман сарын сүүл, есдүгээр сарын эхээр их хэмжээгээр орсон бороо тариа хураалтад нөлөөлж байгаа аж. 2018 онд Монгол Улс 450 300 тонн үр тариа, үүнээс 425 800 мянган тонн буудай хураан авах урьдчилсан баланс гаргажээ. Есдүгээр сарын 5-наас ургацаа хурааж эхэлсэн ч ажил одоохондоо жигдрээгүй. Хүнсний ногооныхоо 15 хувь, төмсний 10 хувийг хураажээ. Жил жилийн есдүгээр сарын 5-7-нд ургац хураалт жигдэрдэг байжээ. Гэтэл тариа хэнзлэн ургасан, цаг агаар таагүй байгаа энэ үед есдүгээр сар гарснаас хойш хоёр ч удаа хур тунадас орсон нь ургац хураалтын ажлыг 10-15 хоногоор хойшлуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 18 ны өдөр болох үйл явдлууд

09.00

  • “Хятад, Монгол, Оросын Тинк Танк олон улсын форум 2018” МУИС-ийн Номын сангийн 502 тоотод эхэлнэ. “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор: Нээлттэй шинэчлэл /инноваци/ хамтын хөгжил” сэдэвт энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь хоёр өдөр үргэлжилнэ. Холбоо барих утас: 99002019
  • ХААИС-ийн Агроэкологийн сургууль өнөөдөр “Хүлэмжийн гүзээлзгэнэ, улаан лоольд балт зөгийг тоос хүртээгчээр ашиглах нь” үзүүлэн сургалтыг 61-ийн гарам дахь сургалтын талбайд зохион байгуулах гэж байна. Өглөө 9 цагаас автобус явна. Холбоо барих утас: 99287297
  • СЗХ-ны орон нутаг дахь төлөөллийг аймаг, нийслэл, дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нар, бүртгэл эрхэлсэн мэргэжилтнийнхээ хамт хэрэгжүүлдэг юм. Орон нутгийн төлөөлөгчиддөө Хорооны бодлого, чиглэл, дунд хугацааны стратегийг танилцуулах уулзалт-зөвлөлгөөн G-Mobile компанийн байрны 302 тоот танхимд болно. Холбоо барих утас: 88861126
  • Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Тогтвортой хот байгуулалт, хот төлөвлөлтөд БОЭТТ-ийн гүйцэтгэх үүрэг” олон улсын чуулга уулзалтын талаарх хэвлэлийн бага хурал Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд болно. Холбоо барих утас:88010867 94004433
  • Цахим эрүүл мэнд- Цахим Монгол олон улсын зөвлөгөөн Corporate Hotel and Convention Centre, Ulaanbaatar Hall болно.
  • “Номын сангийн алсын хараа – 2018” үндэсний зөвлөгөөн Монгол Улсын Үндэсний номын санд болно.
  • Олон улсын шинжээчийн эрх олгох сургалт Багшийн хөгжлийн ордон, 405 тоотод эхэлнэ. Холбоо барих утас: 8090-7991, 8811-1046
  • Хүүхэд өдөрт 4-6 цагийг сургууль дээр өнгөрөөдөг. Сургуулийг бүх талаараа хамгийн аюулгүй орчин байлгахын тулд эцэг эх, багш удирдах ажилтан нийгмийн бусад төлөөллүүд юу хийх ёстой талаар “ЕБС-ийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого” удирдах ажилтны сургалтын үеэр ярилцах болно. Зөвлөгөөн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулагдана. Холбоо барих утас: 99058414

10.30

  • “Монгол улсын Мал аж ахуйн тогтвортой хөгжлийн загварыг бий болгох нь, Хөдөө аж ахуйн бодлогын талаарх санал, сургамж” сэдэвт лекц ХААИС-ийн “Хатан Туул” театрт болно. Япон улсын ХАА, Ой, Усны сайд асан, бодлого төлөвлөгч Тоа Соокен, Зүүн Азийн судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Такэбэ Цүтомүд ХААИС-ийн хүндэт доктор цол олгох ёслол болно. Холбоо барих утас 99287297

11.00

  • Шангри Ла дээр метаны хийн хайгуул хийх, ашиглах чиглэлээр Австралийн компани, Ашигт малтмал газрын тосны газартай гэрээ байгуулна
  • Төрийн ордны Иргэний танхимд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох “Тархи судлал-XXI зуун” эрдэм шинжилгээний хуралд Нобелийн шагналт эрдэмтэн тархи судлаач Эдвард Мозер болон Дэлхийн тархи судлалын холбооны тэргүүн зэрэг шилдэг эрдэмтэн судлаачид ирж оролцох талаар хэвлэлийн бага хуралтай. Холбоо барих утас: 98105505, 99237736

13.00

  • УГТЭ-ийн эмнэлзүйн ур чадварын тэнхимд “Туслах сувилагч” нарын үзүүлэх сургалт болно.
    Холбоо барих утас: 99970071

14.30

  • Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй 3 төслийн нээлт болно. Нийт 5 мянган еврогийн санхүүжилттэй эдгээр төсөл нь агаарын бохирдлыг бууруулах ба Монголын нэхмэлийн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой юм. Нээлтийн арга хэмжээ Бест Вестерн Туушин зочид буудал, 5 давхар, Соёмбо танхимд болно. Холбоо барих утас: 99993254, 99743441

17.30

  • Италийн Рагуза хотод жил бүр зохиогддог олон улсын 27 дахь ИБЛА Гранд Прайз 2018 уралдаан (2018 IBLA GRAND PRIZE – 27th Annual Music Competition & Festival, July 20 – July 25, Ragusa – Ibla, Sicily) 2018.07.19-07.25-нд боллоо. IBLA Grand Prize – 2018 уралдааны шагналтнуудын концерт 2018.09.18-ны 17.30-аас Монгол Улсын Консерваторийн Б зааланд эхэлнэ.
Categories
мэдээ цаг-үе

Т.Шимизү: Монголчууд үргэлж гаднаас буцалтгүй тусламж авна гэж битгий бодоосой

Монгол-Японы найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн II хуралдаан өчигдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Уг хурлаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхэн замналыг танилцуулж, өнөөгийн байдалд дүгнэлт өгч, цаашдын зорилтуудаа тодорхойлсон юм. Энэ үеэр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Такэнори Шимизүтэй ярилцлаа.


-Хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн хуралдааны зорилго, гарах үр дүнг та юу гэж харж байгаа вэ?

-Хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэг эртнээс байгуулагдсан. Гэвч эдгээр байгууллагуудын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд жаахан суларч байх шиг. Учир нь ихэнх нийгэмлэгүүдийн гишүүдийн нас нь өндөр болж. Тиймээс С.Хүрэлбаатар сайдын хувьд Монгол – Японы хамтын нийгэмлэгүүдийг дэмжиж, харилцааг нь дахин өргөж, бэхжүүлэх ажлын эхлэл нь энэхүү хурал юм болов уу. Энэ хурлаар хоёр орны эв найрамдлыг улам бэхжүүлэх, хамтран ажиллах ямар санал санаачилга байгаа талаар ярилцсан. Тухайлбал, Монгол Улсын гадаад эдийн засаг болон аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг байгуулж, ажиллуулах асуудлыг хэлэлцлээ. Энэхүү хуралд Япон – Монголын найрамдал, хамтын ажиллагааны арван нийгэмлэг, найман байгууллагын төлөөлөгч оролцсон.

-Японы соёлын өдрүүд удахгүй болох гэж байгаа. Үүнийг хэрхэн зохион байгуулах талаар ярилцсан болов уу?

-Яг энэхүү хуралдаанаар манай улсын соёлын өдрийг Монголд ингэж тэмдэглэнэ гэсэн зүйлийг гол болгож ярьсангүй. Гэхдээ хуралд оролцогчид эл өдрүүдийг хэрхэн өнгөрүүлэх талаар өөр хоорондоо ярилцаж байх шиг харагдсан. Сүүлийн жилүүдэд Япон дахь янз бүрийн байгууллага, соёлын нийгэмлэгүүд өөрсдийн санаачилгаараа Монголд ирж тэрхүү соёлын өдрүүдийг зохион байгуулдаг болсон. Өмнө нь Элчин сайдын яам, Засгийн газрын дэмжлэгээр хийж байсан зүйл энэ жил хувь хүн, хоёр орны хамтын ажиллагаатай янз бүрийн байгууллагууд санаачилан зохион байгуулна. Энэ нь хоёр орны харилцаа улам хөгжиж байгаагийн илрэл гэж үзэж байна.

-Та олон жил Элчин сайдын албыг хашсан. Шинээр томилогдсон Элчин сайдын бодлого, зорилтууд таныхаас зөрөх юм уу?

-Японы Засгийн газрын бодлого тууштай, хариуцлагатай байдаг. Манай улсын гадаад харилцааны хувьд Монгол Улс чухал ач холбогдолтой түнш орон. Тиймээс манай улсаас Монгол Улсад суух Элчин сайд хэн байхаас үл хамаарч хоёр орны найрсаг, хамтын ажиллагаа цааш идэвхтэй үргэлжилсээр л байх болно. Бид тууштай ард түмэн. Төрийн алба сэлгээтэй ч төрийн бодлого тогтвортой, тууштай явахыг бид эрхэмлэдэг. Харин манай Элчин сайдын яам Засгийн газар хоорондын хамтын ажиллагаатай холбоотой нэг асуудалд санаа зовж байгаа.

-Таны санааг зовоож байгаа асуудлыг тодруулахгүй юу. Ямар асуудал байна вэ?

-Шинэ онгоцны буудлыг Японы дэмжлэгтэйгээр барьж дуусгах гэж байгаа. Өмнөх Ардчилсан намын Засгийн газрын үед менежмэнтийн эрхийг Японы компанид олгоно уу гэсэн санал хүргүүлсэн. Ингээд Японы компаниуд идэвхтэй ажиллаж байсан ч тэрхүү менежмэнтийн эрх өдий болтол шийдэгдээгүй. Онгоцны буудлаас гадна, хурдны зам барих ажил байгаа. Энэ бүгд одоо болтол дуусаагүй. Өөрөөр хэлбэл том хөрөнгө оруулалт хийсэн ч өдийг хүртэл ашиглалтад оруулаагүй гэдэг зүйлийг ярьж байна л даа. Үүнд л би санаа зовж сууна. Угтаа шинэ онгоцны буудал ашиглалтад орчихвол Монгол Улсын аялал жуулчлалын салбар илүү хурдацтай хөгжинө. Үүнийгээ дагаад эдийн засгийн бодитой өсөлт гарч ирнэ шүү дээ. Сингапурт жил бүр 800 мянган япончууд очдог. Нэг япон жуулчин дунджаар 25 мянган ам.долларыг тухайн улсад зарцуулдаг гэсэн судалгаа бий. Ингээд бодоод үзэхээр аялал жуулчлалын салбар тухайн улсын эдийн засагт ямар эерэг нөлөөтэй гэдэг нь тодорхой.

-Японы эдийн засаг өөрөө хүчирхэг. Манай улстай олон жил харилцаа холбоотой байгаа таны хувьд Монголын эдийн засаг хүчирхэг болоход юу хэрэгтэй вэ?

-Би Монголын аялал жуулчлалыг судалж байгаа. Аялал жуулчлал бол Монголын бүхий л салбар дундаас хамгийн боломжтой нь гэж боддог. Уг аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал уул уурхайн салбарыг хөгжүүлснээс чухал. Жишээлбэл, тухайн уурхай нь ард түмэнд ашгаа өгөхгүй бөгөөд тодорхой хэдэн хүмүүст л хамаатай. Өөрөөр хэлбэл, Монголд хүн бүр уурхай гэж ярьдаг. Энэ нь буруу гэж боддог. Уурхай хөгжих ёстой ч өөр салбараа хөгжүүлэх нь илүү ашигтай гэж үзэж байна.

-Япон улсаас манай улсыг зорин ирдэг, манай улсаас япон улс руу аялдаг хичнээн жуулчид байдаг юм бол?

-Манай улсын хүн ам 130 сая. Монголд жил бүр дунджаар 20 мянган япон иргэн очдог. Харин Монгол Улс гурван сая гаруй хүн амтай. Гэтэл манай улс руу жил бүр 23 мянган хүн янз бүрийн санаа зорилготой очдог. Энэ тооноос нэг зүйл ажиглагдаж байгаа биз. Яагаад хэд дахин илүү хүн амтай орноос ирж байгаа иргэдийн тоо танайхаас бага байна вэ. Үүнтэй холбоотойгоор судалгааны ажил эхлүүлчихсэн байгаа. Судалгааны үр дүн гарсны дараа үүнийг тайлбарлаж болох байх.

-Монголд Японы хөрөнгө оруулалтаар нэлээд олон ажил хийгддэг. Яг энэ жил болон ирэх жилүүдэд манай улсад ямар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол?

-Өнгөрсөн жилүүдэд Монголд манай улсын дэмжлэгтэйгээр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг цөөнгүй барьж, байгуулсан байх. Энэ ажил жил бүр л явагдах болов уу. Энэ жилийн тухайд Улаанбаатар хотын хэд хэдэн байршилд шинээр сургууль, цэцэрлэг барина гэж сонссон. Монгол Улсын хөгжилтэй холбоотой анзаарч харах нэг чухал зүйл бий. Тэр нь Монголын эдийн засаг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ дөрвөн мянга гаруй. Энэ хэмжээ бол Монгол Улс нь гаднаас буцалтгүй тусламж авах орон биш гэдгийг харуулж байгаа юм. Олон улсын эдийн засгийн судалгааны байгууллагаас ийм өндөр хэмжээтэй оронд буцалтгүй тусламж үзүүлэхийг хориглодог. Харин хөнгөлөлттэй зээл олгож болдог. Тиймээс цаашид Монгол Улсын гадаадын хөнгөлөлттэй зээлийг дотооддоо хэрхэн үр өгөөжтэй ашиглах ёстой вэ гэдгээ л бодох хэрэгтэй. Монголчууд үргэлж гаднаас үнэгүй тусламж орж ирнэ гэж битгий бодоосой. Монгол Улс одоо хөгжсөн учир буцалтгүй тусламж гэх шатнаас гарсан гэж ойлгох хэрэгтэй.

-Монгол Улс экспортлогч орон болно гэсэн зорилтыг тавиад нэлээд хугацаа өнгөрсөн. Шуудхан асуухад, япончууд манай улсаас яг ямар бараа, бүтээгдэхүүн авах сонирхолтой байдаг юм бол?

-Юуны өмнө Япон улс техник, технологиороо дэлхийд тэргүүлж байгаа. Тиймээс энэ төрлийн салбарт Монгол Улсаас импортоор авах зүйл нэг ч байхгүй. Харин манай улсад байхгүй зүйл бол байгалийн нөөц. Тиймээс Монголоос байгалийн баялаг, өнгөт металлыг авч болох юм. Ер нь авдаг. Үүнээс гадна хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүнийг сонирхож байгаа.

-Тэр дундаа мах, махан бүтээгдэхүүнийг үү?

-Тийм ээ. Гэхдээ Монголын мах, махан бүтээгдэхүүнийг манай улс одоогоор тийм ч их авахгүй байгаа болов уу. Учир нь Монголын мал сүргийн тодорхой хэсэг нь өвчтэй байна. Хавар, зун болгон л Монгол орны хөдөө орон нутагт малын өвчин гарлаа гэж дуулддаг. Тиймээс эхлээд мал сүргээ бүрэн эрүүлжүүлж, дараа нь орчин үеийн технологийг ашиглан боловсруулж үйлдвэрлэн, экспортод гаргах нь зөв. Гэхдээ япончууд Монголоос адуу, хонины мах авахад боломжгүй зүйл байхгүй. Бусад ямаа, тэмээ, гахай, тахиа, үхрийн махыг авах боломжгүй байна. Мөн Монголын малын гаралтай бүтээгдэхүүнийг авдаг. Тухайлбал, ноос, ноолуур, түүгээр хийсэн бараа, бүтээгдэхүүн Японы зах зээл дээр худалдаалагддаг. Энэхүү зах зээлийг цаашид өргөжүүлж, импорт, экспортыг аль аль талдаа нэмэгдүүлэх чиглэлээр зөв бодлого, дорвитой ажлуудыг хийх шаардлагатай.

-Япон улс технологийн салбартаа дэлхийд тэргүүлдэг нь үнэн. Тиймээс Монгол Улсад Японы инноваци шингэсэн үйлдвэр байгуулах асуудлыг идэвхтэй ярьж байгаа. Энэ асуудлаар таны байр суурь ямар байдаг вэ?

-Үйлдвэр байгуулах асуудал тийм амархан зүйл биш. Гэхдээ монголчуудад нэг давуу тал бий. Монголд ухаантай, мэдлэг, боловсролтой залуучууд их байна. Тэр дундаа технологийн салбарт. Монгол хүн компьютерийг бүрэн эзэмшиж, ашиглах тал дээрээ Азийн бусад орнуудын хүмүүсээс илүү. Ийм давуу байдлаа ашиглаад инноваци шингэсэн үйлдвэр үйлдвэрлэх боломжтой. Гэхдээ ямар үйлдвэр байгуулах вэ, хэрхэн ажиллуулах вэ гэдэг зүйл тийм амархан шийдэгдчихдэг асуудал биш. Монголын том дарга нар хүнд үйлдвэрлэл, тэр дундаа автомашины үйлдвэр байгуулна гэж ярьдаг. Миний хувьд Япон улсын том компани, үйлдвэрийн захиралтай уулзаж ярилцаж байсан. Тэд хүнд үйлдвэрлэл барих нь асар их хөрөнгө оруулалт, зардал, ажил болдог. Үүний үр дүнд гарах ашиг нь маш бага. Ингэснээс дундаж түвшний үйлдвэрлэлээ сайн хөгжүүлсэн нь хамаагүй ашигтай гэж хэлж байсан юм. Тэр үнэн байх. Өөрөөр хэлбэл байгалийн нөөцийг бүрэн цэвэрлэж, боловсруулах үйлдвэр байгуулснаас дундаж буюу зэсийн баяжмалыг гаргаж авдаг үйлдвэртэй байсан нь илүү ашигтай юм. Ингээд гадагшаа экспортод гаргавал хямд, ашигтай байж чадна. Тиймээс заавал үйлдвэр байгуулна гэж ярих хэрэггүй. Нөгөөтэйгүүр үйлдвэр байгуулснаар ажлын байр нэмэгдэж, иргэд цалинтай болох давуу талтай ч зардал, хөрөнгө оруулалт маш ихээр шаардагдах юм. Тиймээс баялгаа хагас боловсруулаад л экспортолж байх нь илүү ашигтай, амар. Үүнийг манай улсын том уурхайн захирлууд надад хэлж байсан.

-Манай улсад Японы автомашин их. Тэр дундаа хосолмол хөдөлгүүртэй буюу батарейгаар явдаг автомашинууд элбэг. Энэ утгаараа ашиглалтын хугацаа нь дууссан хабрид машинуудын батарейг дахин боловсруулах үйлдвэр манай улсад нэн чухал байгаа?

-Энэ асуудлыг Тоёота компани анхаарч байгаа гэдэгт итгэлтэй байна. Монгол шиг ийм олон приус маркийн автомашинтай орон дэлхийд байхгүй. Хуучирсан приус автомашиныг дахин ажиллуулж, засварлахын төлөө Төтө компани тодорхой бодлого явуулах ёстой. Харин Монголд хуучирсан, ашиглалтын хугацаа нь дууссан батарейг дахин боловсруулах үйлдвэр байгуулах эсэх нь Монгол Улсын л асуудал. Ийм үйлдвэр байгуулах боломжтой.

-Япон улс руу монгол залуучуудыг сургах “Мянган инженер” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд 2000 хүнийг Япон улсын технологийн их сургуульд суралцуулах зорилтыг тавьсан. Яг одоогоор танай улсад хичнээн монгол залуус бэлтгэгдэж байгаа бол. 2000-аас хэд нь гарчихаад байна вэ?

-Засгийн газрын шугамаар гэрээ байгуулж явсан монгол залуус Японд суралцаад Монголд буцаж ирэх ёстой. Гэхдээ би энэ асуудалд санаа зовдог. Монгол залуучууд Японд сураад инженер болчихоод буцаад Монголд ирээд шууд ажиллах газар байна уу. Нөгөөтэйгүүр сургуулийг нь төгсөөд мэргэжилтэй болсон ч ажиллах туршлага гэж байна уу. Тиймээс суралцаж байгаа залуучууд сургуулиа төгсчихөөд Японын ямар нэгэн үйлдвэрт мэргэжлээрээ дор хаяж гурван жил ажиллах ёстой байх. Ингэвэл жинхэнэ утгаараа монголчууд манай улсад инженер бэлтгэж чадах юм. Энэ нь Монголын ирээдүйд ашигтай, чухал ач холбогдол үзүүлнэ байх. Би энд л санаа зовж байна. Намайг Элчин сайдаар ажиллаж байх үед энэхүү “Мянган инженер” хөтөлбөр эхэлсэн. Тэр үед 200 монгол залуу Японд ирж, суралцсан. Тэд одоо төгсөж байгаа. Дахиад хэдэн зуун залуучууд явсан байх. Ингээд бодохоор яг одоогийн байдлаар 400 гаруй залуу Японы технологийн их сургуульд суралцаж байгаа болов уу. Үүнээс илүү явсан ч байж мэднэ.

-Монголчууд Япон, Америк зэрэг орнуудад ажиллах, суралцах, амьдрах, аялах сонирхолтой. Саяхан АНУ хариуцлагатай аялал гэх аяныг зарлалаа. Энэ хүрээнд хөнгөлөлттэй виз олгох үйлчилгээг үзүүлэх боломжтой гэдгээ хэлсэн. Япон улсын хувьд визний асуудлаар ямар бодлоготой байдаг вэ. Манай улстай харилцан визгүй зорчих боломж хэр байгаа бол?

-Намайг Элчин сайдаар ажиллаж байх үед буюу 2012 оноос хойш монголчуудад хөнгөлөлттэй виз олгох бодлого хэрэгжиж эхэлсэн байдаг. Тэрнээс хойш Япон руу зорчих монголчуудын тоо эрс нэмэгдэж байгаа. Энэ тоо нэмэгдэхийн хэрээр Японд үлдэх, визний хугацаагаа хэтрүүлэх асуудал их гарах болсон. Хөнгөлөх төдийд л энэ тоо нэмэгдэж байна. Ийм байхад визгүй зорчдог болчихвол маш олон монголчууд Япон руу зорчино. Тэр хэрээр хууль бус үйлдэл гарах нь ихэсч, сүүлдээ хоёр орны найрсаг харилцаанд сэв суух ч аюул учирч болзошгүй юм. Тиймээс одоогоор визгүй болгох асуудал яригдахгүй болов уу. Тийм боломж байхгүй.

-Япон улсад ирэх 2020 онд олимп болно. Олимпийн бэлтгэл ажил өдийд ид явагдаж байгаа байх. Үүнтэй холбоотойгоор манай улсаас ажиллах хүч авах сонирхол хэр байгаа бол. Ажиллахыг хүссэн залуучууд яаж явах вэ?

-Манай улсад ирэх 2020 оны олимпийн бэлтгэл ажил ид явагдаж байна. Японы мужийн түвшинд салбар салбараараа ажиллах хүчин хүлээж аваад, дадлагажуулаад ажиллуулахад асуудалгүй. Энэ төрлийн төсөл хөтөлбөрүүд явж л байгаа байх. Би ажлаа өгсөн учир энэ талаар сүүлийн үеийн мэдээлэл алга. Гэхдээ Япон улсын зүгээс энэ хүрээнд гаднын улс орнуудаас ажиллах хүчин олноор нь авч байгаа. Тэр дундаа монголчуудыг авах сонирхолтой байгаа болов уу. Олимпийн бэлтгэл ажлын хүрээнд том бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байгаа. Тиймээс барилга, бүтээн байгуулалтын ажилд ажиллах хүчин дутмаг байгаа шүү. Энэ асуудлаар монголчууд холбогдох мэргэжлийн хүмүүс, яам, төрийн бус байгууллагуудаар дамжуулаад Япон руу гарч ажиллах боломж нээлттэй. Ажиллах хүчин явуулах гэж буй байгууллага нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэр нь тухайн явах гэж байгаа хүнээ бэлтгэх юм. Өөрөөр хэлбэл япон хэлний анхан шатны мэдлэгтэй, барилгын салбарт тодорхой хугацаанд ажиллаж байсан гэх мэт шалгуураар хандах нь зөв.


Categories
мэдээ цаг-үе

Д.Алтанцэцэг: Татварын дарамт үйлдвэрлэлийн хөгжлийг тушчихаад байна

Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгтэй ярилцлаа.


-Засгийн газраас “Ноолуур хөтөлбөр” батлаад багагүй хугацаа өнгөрлөө. Хөтөлбөр батлагдсанаар ноолуурынхны толгойны өвчин болсон эргэлтийн хөрөнгийн асуудал шийдэгдэж байна уу?

-Татвар санхүүгийн таатай орчин бүрдээгүй үед үйлдвэрлэл хөгжүүлж дэлхийд өрсөлдөх талаар ярих нь учир дутагдалтай. Арилжааны банкуудаас жилийн 20 гаруй хувийн хүүтэй зээл авсан үйлдвэрлэл хөгжих аргагүй л дээ. Үйлдвэрүүдийн маань хувьд түүхий эд бэлтгэлийн үед эргэлтийн хангалттай хөрөнгөтэй байна гэдэг нь чанартай түүхий эдээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх таатай орчин бүрдэнэ гэсэн үг. “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн зорилт дэвшүүлснээс гол асуудлын нэг нь эргэлтийн хөрөнгийн санхүүжилт байгаа юм. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүү, хөрөнгө оруулалт, татварын таатай, тогтвортой орчинг бүрдүүлнэ гэж хөтөлбөрт тусгасан. Үүнээс гадна хөтөлбөрт ямааны үржил селекц, ноолуурын чанарыг сайжруулна, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай ахиулж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлнэ, хүний нөөцөд анхаарна гэх мэт салбарын гол асуудлууд тусгагдсан. Энэ жилийн хувьд түүхий эд бэлтгэлийн хугацаа нь хожимдсон ч 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага эргэлтийн хөрөнгийн зээл аваад байна. Дараа дараагийн жилүүдэд эргэлтийн хөрөнгийн зээлийг хугацаанд нь олговол мэдээж үндэсний үйлдвэрлэгчдэд том дэмжлэг болно.

-Ноолуурын салбар өнөөдрийн байдлаар түүхий эдийнхээ 20 гаруй хувьд нь л эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж байгаа гэсэн үү?

-Бид нийт түүхий эдийнхээ ердөө 16-18 хувиар л эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. “Ноолуур” хөтөлбөрийн гол зорилго бол нэмүү өртөг шингэсэн эцсийн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 60 хувьд хүргэх юм. Ноолуурын салбар одоогийн байдлаар жилдээ 900 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дэлхийн 30 гаруй оронд экспортолж байна.

-Эцсийн бэлэн бүтээгдэхүүний экспорт яагаад бага байдаг юм бэ. Гол шалтгаан нь юу байна?

-Хамгийн гол шалтгааны нэг нь компаниудын эргэлтийн хөрөнгө дутмаг байгаа явдал. Тиймээс дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай брэнд бүтээгдэхүүн жинхэнэ утгаараа өрсөлдөж чадахгүй байна.

-Эргэлтийн хөрөнгө дутуу гэсэн зовлон олон жилийн угшилтай учраас ойрын хугацаанд шууд шийдэгдэнэ гэдэг юу л бол. Экспортод үнэ өндөр эцсийн бүтээгдэхүүн гаргахын тулд танай холбооноос ойрын үед эхлүүлсэн, эхлүүлчихсэн яваа ажлууд бий юу?

-Манай холбооноос бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг. Ойрын үед нэлээд ажил хийхээр төлөвлөж заримыг нь эхлүүлээд явж байна. “Дизайны төв” байгууллаа. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг чадавхжуулах зорилгоор шинэ коллекц бий болгож бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Салбарын дизайнеруудыг чадавхжуулах, ур чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор гадаад, дотоод багштай дизайны сургалт явуулсан. Мөн Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөлтэй хамтран ур чадвартай боловсон хүчин бэлтгэх гадаад худалдаа, экспортыг дэмжих сургалт хийлээ. Үүнээс гадна технологи дамжуулах төвтэй болохоор ажиллаж байна. Италийн Засгийн газрын 100 хувийн дэмжлэгтэйгээр Технологи дамжуулах төв буюу лабораторийг холбооныхоо дэргэд байгуулах юм. Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байгаа үйлдвэрлэгчдэд төв болон лабораторидоо ирж туршилт, судалгаа хийх боломж нээгдэнэ гэсэн үг. Бас Европын холбоотой хамтраад “Тогтвортой ноолуур, тогтвортой үйлдвэрлэл” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Зөвхөн ноолуураар зогсохгүй сарлагийн хөөвөр, ботго торомны ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад дотоодын зах зээлд гаргах олон ажил хийж байна.

-Энэ төсөл бэлтгэсэн ноолуураа урд хөршид алдахгүй байхад чиглэнэ гэл үү?

– Түүхий эдийнхээ 20 орчим хувиар л эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байвал Монгол Улс түүхий эд бэлтгэгч орон хэвээр байна гэсэн үг. Угаагаад экспортолдог ноолуураа бүрэн хэмжээгээр нь дотооддоо ашигладаг болмоор байна. Ийм зорилгоор “Тогтвортой ноолуур, тогтвортой үйлдвэрлэл” төслийг хэрэгжүүлэх юм. Гол нь малчидтайгаа хамтарч ажиллана. Малчид маань ноолуураа ангилж ялгаад, нэмүү өртөг шингээж, түүнийгээ үйлдвэрлэгчдэдээ нийлүүлж, гадаадад брэнд болгох тал дээр хамтарч ажиллах шаардлагатай байгаа. Энэ төслийн хувьд малын эрүүл мэндийг хамгаалсан, бэлчээрийн даац дээр суурилсан багц ажил болно. Өөрөөр хэлбэл тогтвортой ноолуураар тогтвортой үйлдвэрлэл явуулж гадаад зах зээлд гаргахад голлон анхаарна.

-Төв аймагт ноолуурын анхан шатны цогцолбор үйлдвэрийн шав тавьсан сураг дуулдсан. Хаанаас, ямар хүчин чадалтай үйлдвэр барих гэж байгаа юм бол. Ер нь үйлдвэрүүд үйлдвэрлэлээ өргөтгөх ажлын байр нэмэгдүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна?

-“Говь”, “Гоёо” компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлж, 14.7 га газар бүхий ноолуурын анхан шатны цогцолбор үйлдвэрийг Төв аймагт барихаар төлөвлөж, үйлдвэрийн шаваа тавиад байна. Энэ үйлдвэр 4000 тонн түүхий ноолуур бэлтгэх хүчин чадалтай. 2000 тонн самнасан ноолуур боловсруулна. 500 ажлын байрыг шинээр бий болгоно. Үүнээс гадна “Ханбогд кашимер” компани 1200 тонн самнах хүчин чадалтай, 150 гаруй ажлын байр шинээр бий болгох үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлээд явж байна. “Кашимер холдинг” компани үйлдвэрлэлээ өргөтгөснөөс гадна Монголдоо ноолуурын томоохон дэлгүүр нээхээр ажиллаж байна.

-Монгол ноолуур дэлхийн зах зээл дээр жинхэнэ утгаараа брэнд болж чадсан уу?

-Монгол ноолуур гэдэг өөрөө брэнд шүү дээ. Нью-Йорк болоод бусад том зах зээл дээр монгол ноолуурыг сайн чанартай гэж мэдэж, худалдаж авдаг. Харин бүтээгдэхүүн нь загвартай, дизайнтай гэдэг нэмүү өртгийг үүсгэж чадахгүй байгаа нь үнэн. Өөрөөр хэлбэл бид бүтээгдэхүүнээ зөв сурталчилж, жинхэнэ брэнд бий болгож чадахгүй байна. Тиймээс монгол ноолуурыг гадаад зах зээлд гаргахын тулд эко органик үйлдвэрлэл гэдгээ илүү таниулж мэдүүлэхэд анхаарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Тэдний нэг нь сая ярьсан “Тогтвортой ноолуур” төсөл.

-Ээрэх тоног төхөөрөмж хангалтгүй байдаг нь татварын дарамттай холбоотой гэж үнэн үү?

-Энэ төрлийн тоног, төхөөрөмж их өндөр үнэтэй байдаг. Нарийны шугам нь гэхэд л НӨАТ-гүй дүнгээрээ гурван сая гаруй евро. Бүдүүний шугам нь хоёр сая орчим еврогийн ханштай. Ийм үнэтэй тоног төхөөрөмжийг арилжааны банкуудын өндөр хүүтэй зээлээр худалдаж аваад үйлдвэрлэл явуулах хэцүү л дээ. Ээрэх өөрөө ашигтай бизнес биш. Эцсийн бүтээгдэхүүн дээр үр ашиг нь гарчихаад завсрын дамжлага болох ээрэх дээр үр ашиг гардаггүй. Ийм үнэтэй тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд төр засгаас НӨАТ-ын татвараас чөлөөлдөг ч юм уу, дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа. Гэтэл ийм үнэтэй тоног төхөөрөмжийг бизнесийнхэн маань арайхийн оруулж ирэхэд хил гааль дээрээс шууд татварыг нь авдаг. Ямар ч үйлдвэрлэл хийж эхлээгүй байхад шууд л татвараар дарамталдаг. Ноолуурын салбар бол өндөр үнэ цэнээр бүтдэг. Түүхий эд, тоног төхөөрөмж нь үнэтэй. Гарч байгаа зардал нь их. Харин төрийн дорвитой дэмжлэг, зөв маркетинг хийж чадвал улс оронд орж ирэх үр өгөөж нь уул уурхайгаас ч илүү.

-Ноолуурын салбарынханд төрөөс зайлшгүй үзүүлэх ёстой дэмжлэг гэвэл та юуг онцлох вэ?

-Сүүлийн жилүүдэд Монголын ноолуурын салбарт дэлхийн шилдэг техник технологи нэвтэрч бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар эрс дээшилсэн ч жилд бэлтгэх ноолуураар эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хувь хэмжээ чамлалттай хэвээр байна. Иймээс ээрэх, нэхэх, сүлжих үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийхэд хил гаалийн татварыг тэглэх, НӨАТ-аас бүрэн чөлөөлж дэмжлэг үзүүлэх шаардлага бий. Хятадын тал зөвхөн угаасан ноолуур авах сонирхолтой байгаа нь “Ноолуур хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг үе шаттайгаар хангахад сөргөөр нөлөөлөх боллоо. Байдал ийм байгаа учраас Засгийн газраас самнасан ноолуур болон сэв хялгасын импортын татварыг тэглэх асуудлыг Хятадын талд тавьж шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа.

-Хятад гэснээс урд хөрш ноолуурын салбарынхнаа яаж дэмждэг юм бэ?

-БНХАУ-ын төр ноолуурын салбартаа “Дэлхийд гарах бодлого” хэрэгжүүлсэн байдаг. Ингэхдээ ноолуурын салбарынхаа техник технологийн шинэчлэл, инноваци, зөвлөх үйлчилгээ оюуны өмчийг хамгаалахад тусгай сангаар дамжуулан дэмжлэг үзүүлдэг байна. Мөн ноолуурын өндөр гарцтай нэг ухнад 800 юанийн урамшууллаас гадна технологи сайжруулах зорилгоор авсан зээлийн 30-40 хувийг орон нутгийн сангаас нөхөн олгодог, гурван сая юань хүртэлх дүнтэй зээлийн хүүг орон нутгийн сангаас төлдөг гэх мэт томоохон дэмжлэгүүд байдаг юм байна.Түүнчлэн шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж, экспортод бүтээгдэхүүн гаргасан тохиолдолд орлогын албан татварыг тогтоосон хэмжээгээр хөнгөлдөг.

-Ноолуурын салбарт татварын таатай орчин бүрдүүлж өгөхийг “Ноолуур” хөтөлбөрт тусгасан байсан. Татвар дээр урд хөрш шиг онцгойлсон хөнгөлөлтүүд үнэхээр байдаггүй хэрэг үү?

-Татвартай холбоотой маш олон асуудал бий. Нэг жишээ дурдъя. “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн шинэчилсэн найруулга 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндрэл учруулдаг. Харин дамжуулан борлуулагч, зуучлагчдад ашигтай байдлыг бий болгосон тал бий. Экспортод гаргасан түүхий болон угаасан, самнасан ноолуур, арьс ширийг НӨАТ-аас чөлөөлөгдөх бараанд хамааруулахаар хуульчилсан. Хууль боловсруулагчид тухайн салбарын үйлдвэрлэлийн хүчин чадал, боловсруулалтын түвшинг харгалзаж үзээгүйгээс хэд хэдэн сөрөг үр дагавар үүсгээд байна. Экспортод гаргах самнасан ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж, өрсөлдөх чадвар буурч байна. Үүнээс болж ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний экспорт буурсан. Мөн ноолуур, арьс ширэнд өртөг шингээж, гүн боловсруулах сонирхол үйлдвэрлэгчдэд төрөхгүй байх сул тал ажиглагдаж байна. Ноолуур, арьс ширний дотоод зах зээл дээрх эрэлт буурч, үнэ унах шалтгаан болно гэсэн үг. Мөн хуулийн 14.1.4 дэх заалтад ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, таван хошуу малыг оруулаагүйгээс тэдгээрийг худалдан авсан албан татвар суутган төлөгчийн албан татварыг хасч тооцох боломжгүй болж байна. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний өртгийг багасгахын тулд малчдаас авдаг түүхий эдийн үнийг бууруулах, үйлдвэрлэгчдийн орлого, ашиг буурах зэрэг сөрөг тал үүсч эхэлсэн. Иймд үйлдвэрлэгчид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортод гаргахад зуучлан борлуулагчидтай өрсөлдөхүйц нөхцөлийг бий болгох зорилгоор энэ хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаад байна.

-НӨАТ-ын хуульд ямар өөрчлөлт оруулах санал гаргасан бэ. Өөрчлөлт орсноор эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх бол?

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.21 дэх заалтыг “Экспортод гаргасан түүхий болон угаасан ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, түүхий болон идээлсэн арьс шир” гэж өөрчлөн найруулах, хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад “ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, мах боловсруулах үйлдвэрлэлд зориулан бэлтгэх таван хошуу мал” гэж нэмэлт оруулах, хуулийг батлагдсан өдрөөс дагаж мөрдөх зэрэг заалтуудыг тусгасан.Энэ хуулийн төсөл батлагдвал шинэ техник, технологи, инноваци нэвтрүүлэх, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах боломж бүрдэж, үйлдвэрлэл, экспорт, ажлын байр нэмэгдэх давуу талтай.

-Ноолуурын компаниуд байнга л ажилд авна гэсэн зар тавьсан харагддаг. Хүний нөөц тулгамдсан асуудал болжээ дээ?

-Жилд ШУТИС-ийн хөнгөн үйлдвэрийн технологийн мэргэжлээр 20 хүрэхгүй хүн суралцаж байна. Элсэлт байхгүй болсон. Тиймээс бид “Ноолуур” хөтөлбөртөө инженер бэлтгэгч сургуулиудад тусгай тэтгэлэг олгуулах санал тусгуулсан. Салбарт ажиллах хүн байхгүй болохоор мэргэжилгүй, ажилгүй залуусыг авч ажиллуулж байна. Өнгөрсөн жил Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн дунд судалгаа явуулахад гуравхан хүүхэд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажиллана гэсэн байгаа юм. Ажиллах хүчнээ бэлтгэх тал дээр төрийн бодлого хэрэгтэй. Ур чадвартай хүний нөөц бэлдэхгүй бол экспортоо нэмэгдүүлнэ гэж ярихад хэцүү. Манай холбооноос салбарынхаа хүний нөөцийг чадавхжуулах тал дээр голлон анхаарч ажиллаж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дарангуйллыг дэмжиж байгаа Элчин сайд Р.Болд гэгчийг эгүүлэн татъя

Өнгөрсөн долдугаар сарын 27-нд өглөөний есөн цагийн үед “Улаанбаатар-Эмпати” турк сургуулийн захирал Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас үл таних хүмүүс хулгайлсан хэрэг гарсан билээ. Тус сургуулийн Монгол талын захирал тухайн өдөр 13 цагийн орчимд энэ талаар олон нийтийн сүлжээнд мэдээлсэн нь орон даяар тарж жирийн иргэдээс эхлүүлээд ард түмэн, Засгийн газар хүртэл уг асуудалд яаралтай анхаарал хандуулж энэхүү хүн хулгайлах гэмт хэргийг таслан зогсоож чадсан. Вейсел захирлыг авч явахаар тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсаныг цагдаа хүчний байгууллага болоод Засгийн газар мэдээгүй байсан байдаг. Одоо эл хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа.

Турк сургуулийн захирлыг ямар учраас хулгайлах болов гэхээр “Фето” байгууллагыг АНУ-д амьдардаг, Туркийн сөрөг хүчний гол төлөөлөгч Гюлены байгуулсан турк сургуулиудаар санхүүжилтээ олж террорист үйл ажиллагаа явуулдаг гэж сэжиглээд буй. Тийм учраас дэлхийн бусад оронд буй салбар сургуулиудын захирлуудыг ийм шалтгаанаар хууль бусаар баривчлаад байгаа юм.

Ерөнхий боловсролын “Улаанбаатар-Эмпати” сургууль нь 1994 онд Турк болон Засгийн газрын оролцоо, дэмжлэгтэйгээр Монгол-Туркийн хамтарсан сургууль нэртэйгээр анх байгуулагдаж Монгол Улсын боловсролын салбарт оюуны хөрөнгө оруулалт хийгээд 24 дэх жилтэйгээ золгожээ. Хоёр улсын иргэдийн санаачилга, хоёр орны Засгийн газрын дэмжлэгтэйгээр ийнхүү байгуулагдсан сургуулийг гэнэт терроризмыг санхүүжүүлэгч гэж зарлаж байгаад үнэндээ эргэлзэж байна. Турк, Монгол Улсын Засгийн газруудын байгуулсан ерөнхий боловсролын сургууль яахаараа террорист болчихдог билээ. Нэг л үнэмшиж чадахгүй нь. Террористыг баривчлах гэж байгаа юм гэсэн шалтаг хэлээд тусгаар тогтносон Монгол Улсаас хүн хулгайлах гэж оролдсон нь үнэндээ биднийг басамжилж, дорд үзсэн хэрэг биш гэж үү.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд энэ тухай “Өнөөдөр” сонины наймдугаар сарын 31-ний дугаарт “Манай цагдаагийнхан Элчин сайдынх нь гэрт нэвтэрсэн асуудлаар Туркийн тал надаас тайлбар нэхсэн” гэх гарчигтай ярилцлага өгчээ. Тэрээр Монгол, Туркийн харилцаа их сайн хөгжсөн, Туркээс юм авах боломж бидэнд бий ч Гюленийн сургуулиудыг Туркийн Засгийн газрын эрх мэдэлд шилжүүлэхгүй байгаа нь, мөн Истанбул-Улаанбаатарын чиглэлийн шууд нислэгтэй болохгүй байгаа нь хоёр орны харилцаанд саад болоод байгаа гэжээ. Хэрвээ шууд нислэгтэй болоод Гюлений сургуулиудыг хаачихвал Турк улсаас асар их хэмжээний юм авч болох юм гэсэн утгатай зүйлс ярьжээ. Монгол Улс бол хүмүүнлэг, энэрэнгүй Ардчилсан нийгмийг байгуулж байгаа орон. Гэтэл энэ хүн уг ярилцлагаараа Ардчилсан нийгмийн эсрэг үзэл бодолтой гэдгээ ийн илэрхийлж шүү.

Р.Болд нь Цэргийн ерөнхий сургууль, ЗХУ-ын Цэргийн дипломатын академи төгсч Ардын армид улс төрийн ажилтан, Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн тагнуулын газарт офицер, Гадаад явдлын яаманд бэлтгэл ажилтан, Токио дахь ЭСЯ-нд атташе, Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн нарийн бичгийн дарга, захирлаар ажиллаж байгаад Тагнуулын төв газрын дэд дарга, УИХ-ын Тамгын газарт зөвлөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан байдаг. Үүний дараа 2003-2007 оны хооронд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж ирээд 2007-2012 онд Тагнуулын ерөнхий газрын дарга, 2012-2015 онд Монгол Улсаас Австрали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байсан нэгэн. Түүнийг 2003-2007 онд АНУ-д Элчин сайдаар суухад Монгол-Америкийн харилцаа шалан дээр унасан гэж ажиглагчид дүгнэдэг. Учир нь түүнийг Монголын тагнуулын байгууллагын даргаар ажиллаж байсан мэргэжлийн хүн гэдгээс нь айж, жийрхдэг байсан болохоор америкчууд ямар нэгэн ёслол, албан ёсны арга хэмжээнд барагтай бол урьдаггүй байсан бөгөөд үүнээс улбаалж хоёрны орны албан харилцаа тэдгээр жилүүдэд унасан гэцгээдэг. Мөн Австралид Элчин сайдаар суухдаа ч хоёр орны харилцааг унагачихаад ирсэн гэх. Энэ хүн очсон газар болгондоо ингэж дипломат харилцааг сүйтгэдэг. Яагаад вэ гэвэл түүний ажлын замнал, үүх түүх нь тагнуул, хүчний байгууллагатай холбогддог болохоор гадныхан нэг л зайгаа барьсан байдалтай, зайнаас харьцдаг байсан тухай хүмүүс ярьдаг.

Бидний нэг алдаатай гэмээр бодлого бол гадаад улсад эх орноо төлөөлөх албанд тагнуулд ажиллаж байсан хүнийг томилдог нь эргээд дипломат харилцааг унагадаг талтай. Яг одоо ийм л юм болоод байна. Туркт Элчин сайдаар сууж байгаа Р.Болд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоганыг дэмжиж амаа олохгүй магтаж, Монголоо газар дор ортол муу хэлжээ.

Улс эх орон нь ямар гадаад бодлого баримталдгийг, ямар нийгэм байгуулж байгааг энэ хүн огт гадарладаггүй бололтой. Хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм, либерализмыг байгуулах үндэсний үнэт зүйлсийнхээ эсрэг утгатай үзэл санааг нэвт ханхлуулж, коммунизм байгуулах бололтой тэнд сууж байдаг юм байна. Монгол Улсын гадаад бодлогыг энэ хүн өөрөө тодорхойлдог мэтээр өөрийгөө өндөрт өргөж монголчуудынхаа талаар ихэд бухимдаж ярьсан нь ярилцлагаас нь харагдаж байна. Туркийн Гадаад хэргийн яам болоод Монгол Улсын Гадаад харилцааны яам Вейсел Акчайг хулгайлах хэрэгт ямар ч оролцоогүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд уг хэргийг цагдаагийн байгууллага ном журмынх нь дагуу шалгаж байгаа. Гэтэл Элчин сайд Р.Болд Монголын цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг доромж үзэн шоолж “Одоо Туркийн албаныхны хэлж буйгаар манай хууль хяналтынхан Туркийн тал террорист гэж үздэг хүн, байгууллагыг хамгаалалтдаа авсныг Засгийн газар, удирдлага нь ер ойлгохгүй байгаа гэж хэлсэн. Дээр нь манай цагдаагийн байгууллага халдашгүй дархан эрхтэй гадаадын Элчин сайдын гэрт нэвтэрсэн. Туркийн тал надаас тайлбар нэхэж байгааг яах билээ” хэмээн шогширч байна. Тэрээр мөн “Туркээс их юм авахаар тохирох гэж байхад цагдаагийн энэ тэнэг ажиллагаа саад боллоо” гэж халаглажээ. Монгол Улсын цагдаагийн байгууллагыг гадаадад суугаа Элчин сайд ингэж элдвээр хэлэх нь төрийн өмнөөс гадаад улсад тусгай алба хашиж буй хүний хувьд хэрээс хэтэрсэн алхам. 24 жилийн өмнө Монгол, Туркийн Засгийн газар хоёр талаасаа дэмжиж байгуулсан сургууль гэнэт терроримзыг санхүүжүүлдэг болчихсон гэдгийг ойлгохгүй байна гэдгээ дээр дурдсан. Засгийн газрын шийдвэрээр сургуулийнх нь захирлаар тасралтгүй ажилласан турк эрийг гэнэт террорист болчихсон гээд байгааг бүр ч ойлгохгүй юм.

Р.Болд “Фето гэдгийг террорист байгууллага гэж хэн тодорхойлсон юм бэ гэж манай өндөр албаны хүмүүс хүртэл хэлэх гээд байх шиг байна лээ. Бүрэн эрхт ямар ч улс үндэснийхээ аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзсэн хэнийг ч болов хэрхэх нь өөрсдийнх нь шийдэх асуудал, өөрөөр хэлбэл, дотоодынх нь хэрэг. Туркийн ҮАБЗ-өөс Гюлений хөдөлгөөнийг 2015 онд террорист байгууллага гэж албан ёсоор зарласны дараа Туркт төрийн эргэлт хийх оролдлого 2016 оны долдугаар сард гарсан” гэж ярилцлагадаа дурджээ. Засгийн эрх авахын төлөө хэсэг бүлэг хүмүүс юу ч гэж ярьж, хийгээгүй хэргийнх нь төлөө хичнээн мянган хүнийг гүтгэж гүжирдэж хэлмэгдүүлж, бууны аман дор тарчлааж эцэст нь алтан амийг нь авч оддогийг бид түүхээрээ мэднэ. 36 мянган хүнээ тэр гашуун он жилүүдэд хэлмэгдүүлснийхээ горыг одоо ч амсч харууссаар байгаа. Хожим нь төр нь хэдийнэ хорвоог орхисон тэдгээр иргэдээс, ар гэрийнхнээс нь уучлал эрж бурангуй үзэл суртлын харгайгаар андуурч гэм зэмгүй олон мянган хүнийг хэлмэгдүүлснээ илэрхийлж цагаатгасан билээ. Ингэхэд шүүхийн ямар байгууллага Гюленийг террорист гэж тогтоосон юм бэ. Зөвхөн Эрдоганы Засгийн газар л түүнийг террорист гэж зарлаад байгаа. Нэг Засгийн газар хүнийг тэгж цоллолоо гээд террорист гэж үзэж болохгүй. Ядахдаа НҮБ-аас зарлавал үнэмших сэн.

Монгол Улс бол хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг байгуулахын төлөө яваа. Ийм улс олон улсын хэмжээнд ямар арга барил, хандлага илэрхийлдэг вэ гэхээр Швед улсын жишээг татъя л даа. Тус улсад цаазын ялтай гадны иргэн орж ирлээ гэхэд юу ч болж байсан тухайн хүнийг эх орон руу нь буцаадаггүй. Яагаад гэвэл тус улс цаазын ялгүй орон. Тухайн хүнийг буцаавал цаазалчих учраас эрхийг нь хангаад нутагтаа байлгадаг. Ардчиллын эх орон гэх АНУ ганц иргэнийхээ төлөө улсаараа хөдөлдөг. Эрдоган улсад нь төрийн эргэлтийг зохион байгуулахад тусалсан гэдэг шалтгаанаар АНУ-ын хойд Каролинагийн оршин суугч, Загалмайтны шашны зүтгэлтэн, санваартан Эндрью Брансоныг буруутган хоёр жилийн хугацаанд ямар ч үндэслэлгүйгээр хорионд байлгаж байгаа. Үүний хариуд АНУ иргэнийг нь суллахгүй бол томоохон хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд улмаар эдийн засгийн хориг тавьж байгаагаа зарласан. Одоо Туркийн эдийн засаг маш хүнд байдалд байгаа билээ. Нэг иргэнийхээ төлөө ингэж эдийн засгийн “дайн” зарлаж байгаа нь тухайн улс хүний эрх, иргэнийхээ төлөө хэрхэн тэмцдэгийг харж болж байна. АНУ бэлгийн цөөнх, нутагтаа гадуурхагдсан хүмүүсийг хүлээж аваад эх оронд нь буцаадаггүй. Манай зарим иргэд ч иймэрхүү байдлаар Америкийн талд хандаж “Өөр нам төрд гарчихлаа. Надад шингэх газар алга. Аюулгүй байдал хэрэгтэй байна” гэж өргөдөл бичээд Ногоон карттай болоод АНУ-д айван тайван амьдарч буй жишээ ч бий.

Гэтэл гадны оронд эх орныхоо төрийн бодлогыг төлөөлөн сууж байгаа Элчин сайд хүн “Замын хэдэн хүнийг өгөөд явуулахад бид баян болох болно” гэж яриад байгаа нь бүдүүлэг алдаа гэхэд багадна. Энэ бол улстөрийн алдаа. Тийм учраас энэ хүн монголчуудыг, Монголын төрийг гадаадад төлөөлөх ямар ч эрх зүйн чадамжгүй гэдэг нь харагдаж байна.

Нэг хүнийг барьж авч алуулаад оронд нь бүтэн нэг хороолол барьж өгье гэхэд тэр хороололд нь манайхан нүүж очих уу. “Турк сургуулийн захирлыг аваачиж буудуулчихаад оронд нь энэ хорооллыг бариулж авсан юм билээ” гэвэл монгол хүн жудгаа бодоод сэжиглээд тэр хороололд гал голомтоо бадраахгүй ч үгүй, ойртох ч үгүй. Хэдийгээр жижиг орон боловч өчүүхэн эрх ашиг, эд мөнгө, бараа таваарын төлөө хүний эрхийг зөрчвөл биднийг дэлхий тоохгүй болно. Хүнийг үзэл бодлынх нь төлөө золиослохгүй, хүний эрхийг дээдэлдэг үзэл санааны төлөө бид 30 жил тэмцэж байна. Энэ бол бидний үнэт зүйл.

Тэгтэл энэ Р.Болд гэгч Элчин сайд очсон газар болгондоо Монголын дипломат бодлого, харилцааг сүйтгэхээс өөр гавьяа байгуулаагүй байж ард түмнийг элдвээр хэлэх эрхтэй гэж үү. Монгол Улсын төрөөс баримталж буй гадаад бодлогыг хэрэгжүүлж явах ёстой хүн улсынхаа төрийн бодлогын эсрэг, үнэт зүйлийг шороонд хутгасан юм яриад “Тэр муу захирлыг өгөөд явуулах байсан юм” гэж ард түмнийг загнах нь хэрээс хэтэрсэн хэрэг. Тиймээс дарангуйллыг дэмжиж Монгол төрийн үнэт зүйлийн эсрэг элдэв дэмий юм донгосч яваа энэ хүнийг даруйхан эгүүлэн татаж авчрах хэрэгтэй байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Ядахдаа, өмнөд монголчууддаа үүд хаалгаа нээлттэй байлгах сан” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Ядахдаа, өмнөд монголчууддаа үүд
хаалгаа нээлттэй байлгах сан” хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

“Улс төр” нүүрт Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: ТЭЦ-4-ийн аваар хүний
буруутай үйл ажиллагаанаас болсон
байж болзошгүй хэмээн ярьжээ.

СЭЗДС-ийн
багш Ж.Дэлгэрсайхан: Төрд тогтвортой хөгжлийн бодлого байхгүй
учраас макро эдийн засгийн өсөлт ард түмэнд хүртэхгүй байна хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьжээ.

Төрийн албаны зөвлөлийн
Ахлах референт Т.Сосорбарам: Төрийн албаны
зөвлөлийн дүгнэлтгүй иргэнийг
томилох зөрчлүүд тасрахгүй
гарсаар байна хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

Амралтын өдөр ДЦС4-т
гарсан гэмтэл иргэдийг
нэлээд сандаргасан. Энэ
талаар Монголын эрчим
хүчний инженерүүдийн
холбооны гүйцэтгэх
захирал Р.Ганжуур: Аюул ойрхон байлаа хэмээн “Баримт үйл явдал” нүүрт ярьжээ.

МҮЭХ-ны тэргүүлэгч
гишүүн, Монголын эрүүл
мэндийн ажилтны ҮЭ-ийн
холбооны дарга Б.Мягмар: Цалингийн нэмэгдэлд
хамгийн багадаа 300 тэрбум
төгрөг шаардлагатай хэмээн “Үйл явдал” нүүрт ярьсан байна.

Онцгой байдлын
ерөнхий газрын гамшгаас
урьдчилан сэргийлэх
сургалт сурталчилгааны
хэлтсийн дарга, дэд
хурандаа Д.Мөнхбат: Гамшигт өртсөн хүн хамгийн түрүүнд
өөрийнхөө амийг л бодох хэрэгтэй хэмээн “Цаг үе үйл явдал” нүүрт өгүүлжээ.

Монгол Улсын
гавьяат эмч, профессор Р.Асай: Хөхний хорт хавдрыг
эхний шатанд илрүүлбэл 100
хувь эдгэрэх боломжтой хэмээн “Эмч” нүүрт ярьсныг хүлээн авч уншаарай.

“Өөрөөс нь” нүүрт Монгол
Улсын зөвлөх инженер,
техникийн ухааны доктор Г.Ёндонгомбо: Улаанбаатарыг утаанаас салгах
метан хийн бизнесийн эхлэл тавигдаж байна хэмээн ярьжээ.

“Танин мэдэхүй” нүүрээс Хэт өндөр хүчдэл дамжуулах
шугам буюу UHV гэж юу вэ гэх мэдээллийг хүлээн авч үзээрэй.

Ш.Абэ гурав дахь удаагаа нэрээ
дэвшүүлэхийн учир хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ