Categories
мэдээ улс-төр

“Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай” хамтарсан мэдэгдэл гаргалаа

Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн Америкийн Нэгдсэн Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр энэхүү Хамтарсан мэдэгдлийг гаргав. Монгол Улс, АНУ нь хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших гуч гаруй жилийн хугацаанд гаргасан тууштай хүч чармайлтын үр дүнд Монгол Улс, АНУ-ын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, соёл, иргэд хоорондын харилцаа холбоо гүнзгийрэн хөгжиж ирснийг тэмдэглэж, хоёр талын харилцаа Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ түвшинд хүрснийг зарлан тунхаглав.

Монгол Улс, АНУ-ын ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай 2007 оны Тунхаглалд тусгалаа олж, улмаар 2004, 2005 оны Монгол Улс, АНУ-ын Хамтарсан мэдэгдлүүдээр баталгаажсан үндсэн зарчмууд нь хамтын үнэт зүйлс болон стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан харилцааг хөгжүүлэх үндэс суурийг тавьсныг талууд харилцан нотлов. Улмаар талууд хоёр орны харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллахдаа эдгээр зарчмыг тууштай дагахаа нотлон илэрхийлэв.

АНУ нь Монгол Улсын чөлөөт, ардчилсан нийгэм рүү хийсэн шилжилтийг сайшааж, хоёр орны найрамдал нөхөрлөлийг бататган, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түншийн хувьд Монголын үүрэг, хувь нэмэр чухал болохыг нотлов. АНУ нь Монгол Улсын ардчилсан тогтолцоо руу шилжих үйл явцыг тууштай дэмжиж, зах зээлийн эдийн засгийг бэхжүүлэх, улмаар засаглалын чадварлаг инститүүцүүдийг бий болгох, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үйл явцад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, түншилж ирсэнд монголын тал талархал илэрхийлэв. Манай тал АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, дотнын анд, чухал түнш орон гэдгийг нотлов.

БҮС НУТГИЙН БОЛОН ОЛОН УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Америкийн тал Монголын зэвсэгт хүчин Афганистан дахь албаа урт хугацаанд нэр хүндтэй гүйцэтгэж байгаад баяр хүргэж, Шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд 2018 оноос хойш үргэлжлүүлэн оролцоно хэмээн хүлээж байгаагаа илэрхийлэв. Мөн олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг үнэлж, Хааны эрэлд хээрийн сургуулиар дамжуулан бусад орны энхийг сахиулах чадавхийг сайжруулахын төлөө хүч чармайлт гаргаж байгаад талархал илэрхийлэв. Монголын тал АНУ-ын зүгээс эдгээр сургалт болон Монголын Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Хоёр тал тусгаар тогтносон, бүрэн эрхтэй улс орнуудаас бүрэлдэн бий болсон аюулгүй, тогтвортой, хөгжин цэцэглэсэн дэлхий ертөнцийг цогцлоохын төлөөх зорилгодоо хамтдаа байж, харилцан биенээ дэмжиж ажиллахаа нотлов.

БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрмөсөн ангижруулах нь бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдалд чухал ач холбогдолтойг талууд харилцан нотолж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор мэдээлэл солилцож, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тогтов. Монгол Улс дээрх зорилтын хүрээнд дэмжлэг үзүүлж ирсэнд америкийн тал талархал илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэгийн эрмэлзлийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг хүсэв.

ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улс, АНУ хоёр нь шинэ Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийнхээ хүрээнд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа хоёр орны ард түмний тусын тулд бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов. Энэ хүрээнд хоёр тал “Монгол Улс, АНУ-ын хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”-ыг баталж, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийн төлөө эерэг, үр бүтээлтэй арга хэмжээ авч ажиллахаа харилцан илэрхийлэв.

Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Монгол Улсад хэрэгжүүлэх Хоёр дахь Компакт гэрээ нь хоёр талын харилцааны томоохон үйл явдал болохыг талууд сайшаан тэмдэглэв. Компактын хүрээнд Улаанбаатар хотын усны хангамжийг хангах дэд бүтцийг сайжруулж, урт хугацааны тогтвортой хөгжлийг бодлогын шинэчлэл хийх замаар баталгаажуулахыг зорьж байна. Компакт гэрээ байгуулагдсан явдал нь АНУ-ын зүгээс Монгол Улс төдийгүй бүс нутагт эрх чөлөө, нээлттэй, тусгаар тогтносон болон ил тод байдлын зарчмуудыг сахин хамгаалах, түгээх хүсэлтийн илэрхийлэл гэдгийг америкийн тал онцлов. Энэхүү Компакт гэрээ нь Монгол, Америкийн ард түмний удаан жилийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг бөгөөд Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдгийг монголын тал тэмдэглэв.

Хөрөнгө оруулалтын болон санхүүгийн тогтвортой орчин нь Монгол, Америкийн эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх чухал хүчин зүйл гэдгийг тэмдэглэж, Монгол Улсыг санхүүгийн гэмт хэргээс хамгаалах, ил тод байдал болон макро-эдийн засгийн тогтвортой байдлыг нь хангах, бэхжүүлэхийн чухлыг талууд онцлов. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг дэмжихээ монголын тал илэрхийлж, Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хүлээсэн үүргээ чанд биелүүлэхээ нотлов.

НИЙТЛЭГ ҮНЭТ ЗҮЙЛС БОЛОН ИРГЭД ХООРОНДЫН СОЛИЛЦОО

Талууд эрх чөлөө, ардчилал, хүний эрхийн төлөөх хоёр улсын хамтын эрмэлзэл нь хоёр талын харилцааны үндэс суурь болж байгааг тэмдэглэв. Монголын тал Шашны эрх чөлөөний асуудлаарх Сайд нарын анхдугаар бага хурлыг зохион байгуулсанд америкийн талд талархал илэрхийлж, Ази, Номхон далайн бүс нутаг төдийгүй дэлхий дахинд шашны эрх чөлөөг дэмжих Монгол Улсын эрмэлзлийг илэрхийлэв. Өнгөрсөн 7 дугаар сард болсон Шашны эрх чөлөөний асуудлаарх Сайд нарын анхдугаар бага хурлын үеэр Монгол Улсын зүгээс Шашны эрх чөлөө хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилохоо зарласныг америкийн тал сайшаан тэмдэглэв. Монгол Улс нь бүс нутагтаа эл асуудлаар тэргүүлэгч орны хувьд шашны эрх чөлөөг дэмжихтэй холбоотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх арга замыг хамтран эрэлхийлж ажиллахаа талууд нотлов.

Талууд соёлын болон боловсролын хамтын ажиллагааны чухлыг онцлохын сацуу боловсролын хөтөлбөр, хамтын ажиллагааг төр-хувийн хэвшлийн түншлэл, солилцоог нэмэгдүүлэх, ашгийн төлөө болон ашгийн бус соёлын солилцоог дэмжих, Монгол Улс дахь Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь англи хэлний сургалтын хөтөлбөрөөр өргөжүүлэх хэлбэрээр хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байгаагаа мөн нотлов. Энэхүү харилцааг өргөжүүлэх зорилгоор Монгол Улс болон АНУ нь 2019 оныг “Монгол, Америкийн залуучуудын жил” болгон зарлахаар тохиролцов.

Түүнчлэн талууд дээд, өндөр түвшний яриа хэлцээний давтамжийг хадгалж, ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт, батлан хамгаалахын зөвлөлдөх уулзалт, Эдийн засгийн бодлогын яриа хэлцээ, Худалдаа, хөрөнгө оруулалтын Ерөнхий хэлэлцээрийн уулзалт, Эрчим хүчний хамтын ажиллагааны яриа хэлцээ зэрэг механизмаар дамжуулан хоёр талын харилцааны тэргүүлэх асуудлууд, олон улсын энхтайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх хүч чармайлтаа урагшлуулахын чухлыг тэмдэглэв.

Монгол Улс, АНУ нь ойр дотно түншлэлийнхээ хүрээнд ардчиллын зарчмыг сахих, сайн засаглал, хүнийг эрхийг дээдлэх, бүс нутагтаа болон олон улсад энхтайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг авчрах чин эрмэлзэлтэй байгаагаа бататган нотлов.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг барина

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн багийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр С.Чинзориг сайд Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ихээхэн анхаарал хандуулж, тэдний нийгмийн оролцоог сайжруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч буйг онцлоод БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг барьж буйг дуулгав. Уг төв ирэх оны гуравдугаар сард ашиглалтад орж, 250 хүүхдэд амбулаториор үйлчлэх, хэвтүүлэн эмчлэх, сэргээн засах эмчилгээ үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлж эхлэх бөгөөд үүнээс өмнө тус төвд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, сургах чадавхижуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Мөн сайд ирэх онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор байгуулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэж буй талаар мэдээлэл өглөө.

С.Чинзориг сайд төслийн багийнханд хандаж хэд хэдэн зүйлийг онцлон санал болгож буйгаа дурдсан. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн үр дүнг нэмэгдүүлэх, цаг хугацаа алдахгүй байх талаас нь анхаарч, төслийг Манилагаас биш Монголд байгаа төслийн ерөнхий зохицуулах хорооноос хариуцаж ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн хөрөнгө оруулалтын ажлуудыг түлхүү явуулах шаардлагатай байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч ажиллах, үйлчилгээний тал дээр илүү анхаарлаа хандуулахыг хүсэв. Мөн аймгуудад байгуулах Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвүүдийг ирэх онд багтааж барих, асрамжийн газрын техник төхөөрөмжийг сэргээн засварлах, ялангуяа асрамжийн төвийн хүртээмж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг энэ онд багтааж шийдвэрлэх шаардлагатай байгааг хэллээ.

Сайдын хэлсэн бас нэг санал нь 2019 онд Монгол Улсад зохион байгуулах Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн IV чуулганы бэлтгэл ажлын хүрээнд хийх монгол хэл дээрх текстийг дуунд хөрвүүлэх ажлыг яаравчлах тухай байлаа. Мөн төслийн хүрээнд хөрөнгийн нэмэлт боломж гаргах нөгөө талаас хөрөнгө хэмнэх боломжтой бол аймгуудад мэдээллийн төв байгуулах зэрэг саналыг тавьсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл” хэрэгжинэ

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.

Уг төслийн хамтарсан зохицуулах хорооны зургадугаар хуралдаан өнөөдөр ОБЕГ-т болж байна.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, “Жайка” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Эрико Тамүра нарын албаны хүмүүс оролцлоо.

Хурлын үеэр төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй ажлын хэсгүүд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулах юм.

Уг төслийн хүрээнд Нийслэлийн Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд суурилуулах газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх төхөөрөмж, барилгын газар хөдлөлтийн тэсвэржилтийг үнэлэх багажийг нийлүүлэхээр тусгагдсан. Өнөөдрийн хуралдаанаар дээрх тоног төхөөрөмжийг суурилуулах хуваарь, Нийслэл болон Завхан аймагт олон нийтийн гамшгаас хамгаалах боловсролын сургалт явагдсан хороо, сумдын талаар хэлэлцэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын ашиглалтанд орох хугацаа хойшилжээ

Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал энэ оны арваннэгдүгээр сарын 8-нд ашиглалтад орохоор болсон билээ. Тэгвэл ашиглалтанд орох хугацаа хойшилсон болохыг Иргэний нисэхийн захиргаа удирдлагын газрын дарга Т.Батжаргал мэдээллээ.

.Учир нь нисэх онгоц хөөрч, буух хатуу хужилттай зурвас, гэрэлтүүлгийн системийг бүрэн суулгасан ч зарим нэг дэд бүтцийн барилга байгууламж дутуу байгаагийн улмаас Хөшигийн хөндийн нисэх буудлын ашиглалтанд орох хугацаа хойшилсон байна. Тодруулбал, ашиглалтанд оруулах хугацааг ирэх оны тавдугаар сарын 1-ны өдөр хүртэл хойшлуулсан аж.

Түүнчлэн хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орохоор Чингис хаан нисэх онгоцны буудлын үйлчилгээ хаагдаж, шинэ нисэх буудал руу шилжих аж. Үлдэж байгаа нисэх буудлын барилга байгууламж, онгоц хөөрч буух зурвас, хашаа, хамгаалалтын газрыг хэрхэн ашиглах талаар зөвлөлдөж байгаа. юм байна.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолт

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Азербайжаны нийслэл Баку хотноо өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, эрэгтэй 66, эмэгтэй 52 кг-ын жингийн медальтнууд тодорно. Манай улсаас дээрх жингүүдэд ОУХМ Г.Хэрлэн, Б.Хорлоодой, Г.Ганцэцэг нар барилдах юм.

Эрэгтэй 66 кг

ОУХМ Г.Хэрлэн В хэсэгт хуваарилагджээ. Тэрээр эхний тойрогт гоц мөргөөд Туркийн Шинан Сандалтай барилдах оноолт таарсан байна. Турк бөхийг ялбал Доминиканы вандер Матео, Мороккогийн Абдеррахман Баушита нарын ялсантай хүч үзнэ. Тэнд ялбал Унгар, ӨАБНУ, Ирландын бөхчүүд манай бөхийг хүлээж байна. ерөнхийдөө дээрх учраануудаа хожиж шөвгийн наймд үлдээд Израилийн Баруч Шмайлов, Францын Даниэль Жан, Казахстаны Ерлан Серикжанов нарын хэн нэгэнтэй нь хэсгийн аваргын төлөө барилдах болов уу.

Эмэгтэй 52 кг

СМ Ганболдын Ганцэцэг Австралийн Тинка Ийстентэй эхний барилдаанаа хийнэ. Ялбал Бразил, Унгарын ялсантай. Унгарын бөх эхнний даваанд Вьетнамтай таарсан тул ялаад Бразилтай барилдана гэж тааж байна.

ОУХМ Бишрэлтийн Хорлоодой эхний даваанд Узбекистаны Гульноза Зияаеватай таарчээ.

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга энэ оны 11 дүгээр сарын нэгнээс хэрэгжинэ

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга энэ оны 11 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Дүрмийн хэрэгжилтийг хангах, Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиглэлээр зарим замын уулзвар болон гол замтай нийлсэн гарцтай хэсэгт шар дөрвөлжин тэмдэглэгээ /Yellow intersectoin/ хийх ажлыг зохион байгуулж байна.

Дээрх шар тэмдэглэгээг эхний ээлжинд нийслэлийн дөрвөн томоохон уулзварт хийх юм. Тухайлбал, Цэцэг төвийн уулзвар, Цаг уурын уулзвар, Багшийн дээдийн уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзвар гэсэн дөрвөн уулзварт хийнэ.

Замын хөдөлгөөний ачаалал ихэссэнтэй холбоотойгоор зөвшөөрсөн гэрэл дохио нь ассан боловч тухайн чиглэлийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширсан, түгжрэл сааталтай байхад “Зогс шугам”-ын ард зогсолгүй уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж бусад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаадаг, түгжрэл саатлыг механикаар үүсгэдэг зөрчил манай жолооч нарын дунд их байгаа юм.

Иймд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгын 15.2 дах хэсэгт “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэж зааснаар уулзвар дээр үүсэх түгжрэл саатлыг багасгахад чухал ач холбогдолтой заалт юм.

Уулзварт шар тэмдэглэл хийх ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ хийж гүйцэтгэж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдоржийн тэмдэглэлийн дэвтрийн нууцыг “Өдрийн сонин” удахгүй дэлгэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн 1989 оны Ардчилсан хувьсгалыг удирдсан үеэсээ эхлэн хөтөлсөн өдрийн тэмдэглэлүүдийг “Өдрийн сонин” онцгой эрхтэйгээр удахгүй олон мянган уншигчдадаа хүргэх гэж байна. Тэртээх 29 жилийн өмнө Монголын нийгэмд улс төрийн ямар үйл явц өрнөж, нийгмийг огт өөр нийгмээр солих түүхэн хувьсгал хэрхэн өрнөсөн, түүнд хүмүүс хэрхэн оролцсон, тэдний үйл хөдлөл, үг хэл, байр суурь, эр зориг ямар байсныг түүний тэмдэглэлийн дэвтрээс уншаарай. Төв талбай дээр анх удаа 100 мянга гаруй хүн цугласан дуулиант жагсаалууд, анхны өлсгөлөн, тэр үеийн эрх баригчид болох Улс төрийн товчоо хэрхэн огцорсон… гэхчлэн өөр олон сонирхолтой мэдээлэл, түүхэн бодит үнэнүүд Ц.Элбэгдоржийн тэмдэглэлийн хар дэвтрүүдэд бий. Ийм гар бичмэлүүд өдөр, цаг минут, нэр устайгаа байгааг түүний оролцсон “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээс монголчууд анх мэдэж, бас тэр дэвтрүүдээ алдчихаад эрж хайж байгааг нь сонсоод харамссан билээ.

Азтай нь Элбэгээ энэ дэвтэрүүдээ олжээ. Монголын төрт ёсны 2000 жилийн түүхэнд нийгмийн хувьсгалууд цөөнгүй хийгдсэн. Харин 1990 оны Ардчилсан хувьсгал шиг манлайлан оролцсон хүнийх нь гар бичмэлүүд дэвтэр дэвтрээр хадгалагдан үлдсэн нь байхгүй билээ. Өчигдрийнх байтугай өнөөдрийн түүхийг маргааш нь гуйвуулдаг болсон энэ цаг үед ерэн оны Ардчилсан хувьсгалын түүхийг, гэрчүүд нь сэрүүн тунгалаг байгаа энэ цаг үед “Өдрийн сонин” ийнхүү цувралаар нийтлэх болсон нь Монголын нийгэмд гүйцэтгэж буй манай сонины бас нэг үүрэг хариуцлага билээ.

Categories
мэдээ нийгэм

Тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тухайн жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, дүүргийн төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулан тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар түүний дэргэдэх болон харьяа хэлтэс нэгжүүдийн үйл ажиллагааг хариуцаж ажиллах үүрэг бүхий ажлын хэсэг Баянзүрх дүүрэгт ажиллаж байна.Ажлын хэсгийг Захирагчийн Ажлын албаны Аудит, дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа ахалж байгаа бол ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус албаны холбогдох албан хаагчид болон Төрийн бус байгууллагуудын тэргүүнүүд ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Амьсгалын бие даасан төхөөрөмж цэнэглэх компрессорыг хүлээлгэн өгөв

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэст “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас амьсгалын бие даасан төхөөрөмж цэнэглэх компрессорыг хүлээлгэн өглөө.

Энэхүү төхөөрөмжийг “Гамшигтай тэсвэртэй Улаанбаатар” төслийн хүрээнд гамшигтай тэмцэх чадавхыг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг сайжруулах зорилгоор олгосон байна.

Амьсгалын бие даасан төхөөрөмж цэнэглэх компрессор нь алба хаагчдын гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэхэд ашигладаг хөдөлмөр хамгаалал, эрүүл мэндийн хамгийн чухал хэрэглүүр юм.

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага нь НҮБ-ын Гамшгийг бууруулах Олон Улсын стратегийн байгууллагаас санаачилсан “Гамшигт тэсвэртэй хотуудыг бий болгоё” уриан дор хот, суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, түүнийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх “Гамшгийн эрсдэлтийг олон нийтийн оролцоотой бууруулах” үндэсний хөтөлбөрт хувь нэмэр оруулах үүднээс “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа билээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

С.Батболд: Утааг бууруулах нэг нөхцөл иргэдээ орон сууцаар хангах явдал

Нийслэлийн МАН-ын XXXIV Бага хурал үргэлжилж байна. Бага хурлын үндсэн илтгэлийг нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тавьж байна. Тэрээр “Нэгдмэл хүч – Нийслэлийн хөгжил, нийслэлийн МАН-ын хороо, хэтийн зорилго, тайлан, хөгжлийн хөтөлбөр” сэдвийн дор илтгэлдээ нийслэл хотын удирдлагын багийн хийж хэрэгжүүлсэн ажлуудыг онцлон танилцуулав. Тухайлбал,

“Аз жаргалтай хот” хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь чухал. Ирээдүйн мега хотын иргэд аюулгүй орчинд ая тухай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдэх шаардлага тулгарч байна. Хот төлөвлөлтийн хувьд зөвхөн өнөөдөр биш ирээдүйг харахыг чухалчилж байна. Хотын хүн амын механик төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэхэд эрх зүйн дэмжлэг үзүүлэхэд анхаарч буй. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг хийж байна. Утааг бууруулах нэг нөхцөл иргэдээ орон сууцаар хангах явдал. 727 айлыг шинэ орон сууцанд орууллаа. Нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргасан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлнэ. “Сэлбэ”, “Баянхошуу” дэд төвийг барих ажлыг эрчимтэй хийж байна. Дэд бүтцийн төвүүд ашиглалтад орсноор гэр хорооллын иргэдийн амьдралын нөхцөл сайжирна.

Улаанбаатар хотын замын нэвтрэх чадварыг сайжруулахаар ажиллаж байна. 22.3 зам шинээр тавьсан. Шинээр гүүр тавьж байгаа. 2020 оны нэгдүгээр сарын 01 хүртэл орон нутгаас Улаанбаатарт шилжин ирэх хөдөлгөөнийг зогсоосон. Сүүлийн 27 жилд анх удаа нийслэлд шилжин ирэгсдийн тоо буурсан байна. 2018 онд 34 сургуулийн барилга шинээр барихаар ажиллаж байгаа. Зам чөлөөлөлт, ногоон байгууламж нэмэгдүүлэх ажил эрчээ авсан. Газар чөлөөлөлт сүүлийн хоёр жил эрчимтэй хийгдсэн. Хүнд суртлыг бууруулах чиглэлээр шинэлэг ажлууд хийгдэж, иргэдийн талархлыг хүлээж байгаа. Иргэдээ сонсч, итгэлцэл дээр тулгуурласан ажил үр дүнгээ өгдөг. Иргэдээсээ ирсэн саналыг шийдвэрлэж байна. Олон чухал асуудлаар иргэдийнхээ саналыг сонсч, зөвлөлдөж, гарц шийдлийг олж байна. Бид байгальд ээлтэй, хүнс нь аюулгүй, бүх үйлчилгээ нь хүндээ чиглэсэн хотыг байгуулах болно гэдгийг нийслэлийн Засаг дарга онцоллоо. Мөн тэрээр нийслэлийн эдийн засгийн өсөлт, тэлэлтийн үр шим айл өрх бүрийн хаалгаар орох ёстой. Үүний төлөө бид ажиллаж байгаа хэмээв.

Нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нэгдмэл хүч – Нийслэлийн хөгжил, нийслэлийн МАН-ын хороо, хэтийн зорилго, тайлан, хөгжлийн хөтөлбөр” сэдэвт илтгэлээ тавьсны дараа Бага хурал хаалттай горимд шилжиж, хэлэлэх асуудлын дагуу нийслэлийн МАН-ын хяналтын хорооны илтгэлийг хаалттай сонсч эхэллээ.