Categories
мэдээ нийгэм

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль Үндсэн хууль зөрчөөгүй

Үндсэн хуулийн цэц өнөөдрийн дунд суудлын хуралдаанаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй буюу түүнийг албадан гүйцэтгэхгүй байхаар хуульчилсан байна. Гэсэн хэдий ч энэ хугацаанд төлбөр авагч болон нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаарх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй байхаас шийдвэр гүйцэтгэх хугацааг сэргээн тоолох боломжтой байхаар хуульчилсан байна гэж Цэцийн хуралдаанаас дүгнээд, дээрх хуулийн заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргалаа.

Түүнчлэн уг дүгнэлтэд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хугацааны талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох буюу тухайн хугацааг сэргээн тоолох, шинээр тоолох, тоолохгүй байх үндэслэлийг дэлгэрүүлэн тогтоох шаардлага байхыг үгүйсгэхгүй хэмээн дурджээ.

Categories
мэдээ нийгэм

Замын тэмдэглэгээ хийв

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын болон орон нутгийн чанартай автозамын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн сайжруулах ажлыг тогтмол зохион байгуулдаг билээ.

Тухайлбал 2018 он гарснаар дүүргийн хэмжээнд нийт 11.593 м.кв талбайд замын тэмдэглэгээ хийсэн бол 28 байршилд шинээр мэдээллийн болон анхааруулах тэмдэгүүдийг байршуулсан байна. Түүнчлэн замын хэвтээ тэмдэглэгээ хийх, стандартын бус хурд сааруулагчыг зайлуулах, шаардлагатай газруудад шинээр тавих зэрэг ажлуудыг хийж зам тээврийн осол аваараас урьдчилан сэргийлж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Их сургуулийн нэгдсэн эмнэлэг” 2019 онд ашиглалтад орно

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж буй “Их сургуулийн нэгдсэн эмнэлэг” 2019 онд ашиглалтад орсноор Монголд эмчлэгддэггүй байсан өвчнийг эмчилж, судсан доторх мэс засал хийх шинэлэг технологийг нэвтрүүлэн, иргэдэд өндөр түвшний эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ.

АШУҮС болон ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас “Монгол-Японы сургалтын эмнэлгийн менежмент, тусламж үйлчилгээг хөгжүүлэн төгөлдөржүүлэх төсөл”-ийн хүрээнд тус эмнэлгийг барьж буй бөгөөд эмнэлгийн дотоод засал 44, гадаад заслын ажил 88 хувьтай явж байгаа аж. Тус эмнэлэг ашиглалтад орсноор Монгол улс анх удаагаа их сургуулийн эмнэлэгтэй болж, үндэсний хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой болох юм.

АШУҮС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон “АШУҮС-ийн захиргаа, Жайка, төслийн зөвлөх үйлчилгээний компани болох Ямашита Сэккей ХК-ийн төлөөллүүд нийт гурван удаа хуралдан эмнэлгийн 2019 оны наймдугаар сард ашиглалтад орох хугацааг наашлуулан тус оны эхний улиралд ашиглалтад оруулахаар болсон. Эмнэлэг ашиглалтад орсноор өмнө нь эх орондоо эмчилж чаддаггүй байсан өвчнийг эмчилж, гадгашаа эрүүл мэндийн чиглэлээр урсаж байсан мөнгөний урсгалыг зогсоох юм. Мөн тус эмнэлэгт судсан доторхи мэс засал хийх шинэлэг технологийг нэвтрүүлнэ. Их сургуулийн багш, Японд мэргэшсэн нарийн мэргэжлийн 300 гаруй эмч, мэргэжилтнүүд ажиллана. Одоогийн байдлаар нийт ажиллах боловсон хүчнийхээ 40 хувийг бүрдүүлж, сургалт хийж байгаа. Мэс засал, дотор, зүрх, судас, мэдрэл, хүүхэд, сэхээн амьдруулах, яаралтай тусламжийн нарийн мэргэжлийн бүхий л үйлчилгээг үзүүлнэ” гэлээ

Тус эмнэлгийн барилгын ажил, тоног төхөөрөмжийн худалдан авалт нийт 80 сая ам.доллар буюу 174 орчим тэрбум төгрөг болсон байна. Эмнэлгийн хүчин чадлын хувьд өдөрт амбулаторийн үзлэгийг 600, жилд 180 мянган хүнд үзүүлэх боломжтой бөгөөд 4300 хүнийг хэвтүүлэн эмчлэх, 2060 хүнд мэс ажилбар хийх, 9000 гаруй хүнд СТ, MRI, Angiography-ийн оношилгоо, эмчилгээ хийх боломжтой аж.

Жайка Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми ““Их сургуулийн нэгдсэн эмнэлэг”-т Япон улсын менежмент, удирдлагын технологийг нэвтрүүлж, өндөр түвшний тоног төхөөрөмжийг суурилуулна. Энэ нь Монгол улсын иргэдэд чанартай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байгаа юм. Тус эмнэлгийг бие даасан байдлаар үйлчилгээ эрхлэх боломжийг нь хангахын тулд ажиллах хүний нөөц, санхүүд Япон улс хамтарч ажиллана” гэв.

Эмнэлэг Баянзүрх дүүрэгт байрлах бөгөөд дүүргийн иргэдийн 30 гаруй хувь нь тус эмнэлгээр үйлчлүүлнэ гэсэн урьдчилсан судалгаа гарсан байна. Тус эмнэлэгт одоогийн байдлаар 149 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, төслийн санхүүжилтээр Япон улсаас нийлүүлэгдээд байгаа аж.

Categories
мэдээ спорт

Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлахаар болжээ

Мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд одоогоор хамгийн хүнд жинтэйгээр нэрлэгдээд буй ОХУ-ын Буриадын Орора Сатоши хэмээх Анатолий Михаханов өнөөдөр зодог тайлснаа зарлалаа. Орора буюу Аврора өнгөрсөн жилийн үзлэгээр 288 кг татаж, Хавайн арлын Конишикиг 3 кг-аар даван гарч байв.

Энэ жил ч гэсэн Орора 292.6 кг-ийн жингээр өөрийнхөө рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Орора Сатоши “Талийгаач багш Китаноүми ояката минь нэгдүгээрт л бичигдэж байвал юугаар ч байсан хамаагүй гэж надад байнга хэлдэг байсан. Би сүмогийн түүхэнд нэрээ мөнхлөн үлдээж байгаадаа баяртай байна” гэж сэтгүүлчдэд хэлжээ. Тиймээс ямар ч гэсэн тэр түүхэнд нэрээ үлдээгээд зодог тайлж байна.

Орора хамгийн сүүлийн барилдаандаа ямар ч гэсэн давсан. Намрын тэмцээнд жониданы 12-оос барилдаж, нэг даваа, зургаан унаатайгаар сүмо бөхийн замналаа өндөрлүүллээ. Цаашдаа Оросдоо очж, спортын уралдаан тэмцээн зохион байгуулдаг ажил хийх гэнэ.

Орора 1999 онд мэргэжлийн сүмод элсэн орсон. ОХУ-ын анхны сүмоч тэрбээр үнэндээ Аврора гэсэн нэртэй. 1917 оны хувьсгалыг эхлүүлсэн домогт Аврора хөлөг онгоцны нэрийг түүнд өгсөн ч дуудлага таарах ханз олдоогүйн улмаас Орора болсон түүхтэй. Хамгийн том амжилт нь макүшитагийн 43. Гэхдээ 2001 оны намрын тэмцээнд жониданд Хакүхог ялж байсан. Ямар ч гэсэн их аварга Хакүхотой барилдааны харьцаа 1-0 болгож, зодог тайллаа хэмээн өөрөөрөө бахархангуй хэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш дэлхийн “Амтомашингүй өдөр” тохионо

Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай орны хувьд 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг.

Маргааш 08.00-17.00 цагийн хооронд:

Баруун 4 замаас Зүүн 4 зам
Их тойруугийн гудамж Зүүн 4 замаас Сансарын тунель хүртэл зорчих хэсгийн баруун талын туслах зам
Бээжингийн гудамж
Залуучуудын гудамж
Сөүлийн гудамж
Самбуугийн гудамж буюу Байгалийн түүхийн музейн уулвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх замыг түр хугацаагаар хязгаарлаж, томоохон зах, худалдааны төв амарч, иргэд олон нийтэд зориулсан урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулна.

Мөн төв талбайд унадаг дугуйчдын парад, триатлоны спортын төрөлд орох дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Дөрвөн ангиллаар өртөөт марафоны тэмцээн, эрүүл эко хоолны үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ болох юм.

Автомашингүй өдөр нь НҮБ-ын 64 дүгээр Ассамблейн “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, Alternative mobility буюу автомашинаас бусад сонголтыг иргэдэд олгох уриан дор автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ, явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дунд бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар утааны бохирдлыг бууруулах, эрүүл аж төрөх, орчин нөхцөлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих замаар иргэдэд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх зорилготой юм.

Маргааш “Автомашингүй өдөр” болно

Categories
мэдээ спорт

Их аварга Хакүхо М.Даваажаргал Аки башёг тэргүүлж байна

Сумо бөхийн Аки башёгийн 12 дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал ээлжит даваагаа Озэки Точиношин-г давснаар ганцаар башёг тэргүүлсээр байна.

Түүний ард явсан 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд энэ өдөр Озэки Такаясүд унасанаар нэг байраар ухарлаа. Түүний араас Какүрюү, Озэки Гойэдо, Такаясү нар 10 даваа, 2 унаатай нэхэж байна. Бөх сонирхогчдын анхаарлыг өнөөдрийн сүүлийн гурван барилдаан ихэд татаж байгаа юм. Их аварга Хакүхо болон Кисеносато, Какүрюү болон Гойэдо нар халз тулан барилдана. Озеки Такаясү маэгашира Абитэй барилдахаар оноолт таарсан байна.

Макүүчи зиндаанд хүч үзэж буй манай бөхчүүдээс: Какүрюү М.Ананд 10:2, Хакүхо М.Даваажаргал 12:0, Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 5:7, Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 3:9, Таканоива А.Баасандорж 9:3, Чиёошома Г.Мөнхсайхан 7:5 гэсэн даваа унаатай байна.

Categories
мэдээ нийгэм

Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун нар өчигдөр /2018.09.20/ Гадна тойруугийн хойд хэсгийн замын гуравдугаар хэсэг Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км зам, 57 у/м гүүрийн ажлын газар чөлөөлөлтийн ажлын явцтай танилцаж, иргэдтэй уулзаж зөвшилцлөө.

Тус замын нөлөөлөлд нийт 108 нэгж талбар өртсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 100 нэгж талбарт иргэдтэй зөвшилцөж, газар чөлөөлөлтийг хийж байна. Үлдсэн найман байршилд иргэдтэй зөвшилцөх шатандаа явж байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал

Вашингтон хот, 2018 оны есдүгээр сарын 20-ны өдөр

Монгол, Америкийн ард түмний тусын тулд энэхүү Замын зураглалыг дараах байдлаар хэрэгжүүлэхээр Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс харилцан тохиров:
Олон улсын худалдаа
Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө тууштай байж, талууд ДХБ-ын хүрээнд зах зээлийг нээхэд үр дүн гаргах талаар хамтран ажиллах үүрэг хүлээснээ дахин нотлов.
Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа
Талууд өөрсдийн оролцоог илүүтэй хангасан, хөгжин цэцэглэсэн, зах зээлд суурилсан, эдийн засгийн сөргөлдөөнөөс ангид бүс нутгийн төлөөх нийтлэг үнэт зүйлс, ашиг сонирхлоо дахин нотлохын сацуу бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны тавцанд зохих мэдээлэл солилцох, хамтарч ажиллах замаар харилцан дэмжлэг үзүүлэх эрмэлзлэлээ илэрхийлэв.
Хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт
Хоёр тал Монгол Улс, АНУ хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаарх Ил тод байдлын хэлэлцээрээр хүлээсэн тус тусын үүргээ бүрэн хэрэгжүүлэх замаар хоёр талын худалдааны харилцаагаа гүнзгийрүүлэх эрмэлзлэлээ дахин нотлов.
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудалтай холбоотой авилгын асуудал нь эдийн засгийн эрүүл өсөлт хөгжил, дэвшилд саад тотгор болж буйг талууд хүлээн зөвшөөрч, түүнээс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хөхиүлэн дэмжиж, оюуны өмчийн эрхийг хамгаалан ажиллах хамтын эрмэлзлэлээ харилцан илэрхийлэв.
ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хоёр талын механизм байгуулахыг дэмжих зорилтын хүрээнд хандивлагч орнуудын зүгээс үзүүлж буй чадавхийг бэхжүүлэх, техникийн туслалцааны нөөц бололцоог ашиглах талаар хамтран ажиллахыг эрмэлзэнэ.
Талуудын хооронд чөлөөтэй, шударга, харилцан ашигтай худалдааг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хөгжилд АНУ-ын ЭКСИМ банк, Хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын корпораци (ОПИК)-ийн оролцоог хөшүүрэг болгон ашиглах замаар хоёр талын худалдаанд шинэ орон зай, салбар бий болгохыг хөхиүлэн дэмжих шинэ боломжийг эрэлхийлнэ.
Яриа хэлцээ болон механизм
Монгол Улс болон АНУ нь хоёр талын эдийн засаг, худалдааны чиглэлээр явуулж буй дараах яриа хэлцээ, механизмыг улам бүр бэхжүүлэхээ нотлов. Үүнд:
-Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалт;
· Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхтэй холбоотой хэлэлцээрээр тохирсон уулзалт;
· Эрчим хүчний бодлогын зөвлөлдөх уулзалт;
· Монгол руу чиглэсэн худалдааны итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон бусад худалдааны төлөөлөгчид хоорондын бизнесийн уулзалт;
· АНУ-ын Худалдааны яамны Худалдааны хуулийн техникийн туслалцааны хөтөлбөр болон АНУ-ын Сангийн яамны Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд туслалцаа үзүүлэх зэрэг чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр;
· Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, АНУ-ын Худалдааны танхимын Монгол Улс дахь салбар болон бусад байгууллагуудын бизнес форум, дугуй ширээний уулзалт зэрэг бизнесийн арга хэмжээ.
Байгалийн нөөц
Байгалийн нөөц ихтэй хоёр улсын хувьд Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь эдгээр байгалийн нөөцийг хоёр орны ард түмний баялаг болгоход шаардлагатай бүхий л нөхцлийг бүрдүүлэхийн төлөө дараах салбарт ойр хамтран ажиллаж, хүчин зүтгэл гаргахыг зорино. Үүнд:
Хөдөө аж ахуй
Хөдөө аж ахуйн салбар нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд шаардлагатай чухал хүчин зүйл болохыг онцлохын сацуу талууд хоёр орны хэрэглээ болон экспортын хувьд эрүүл бөгөөд хангалттай хүнсний хангамжийг тогтвортой үйлдвэрлэхэд чиглэсэн хөдөө аж ахуйн хамтарсан судалгаа хийх болон бусад арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх замаар хөгжлийг дэмжихийг эрмэлзэнэ;
Ус
Усны хангамжийн тогтвортой эх үүсвэрийн дутагдал нь хувийн хэвшилд түшиглэсэн эдийн засгийн өсөлтийг дэмжих Монгол Улсын чадавхийг хязгаарлаж болохыг анхааралдаа авч, талууд Мянганы сорилтын корпорацийн 2 дахь компакт гэрээ, ялангуяа Улаанбаатар хотын усан хангамжийг урт хугацаанд тогтвортой хангахад чиглэсэн бодлогын шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэхийг зорино;
Эрчим хүч болон сэргээгдэх эрчим хүч
Монгол Улсын эрчим хүчний салбар нь эдийн засгийн өсөлтийн эх үүсвэр болох бололцоотойг харгалзан, Монгол Улсыг эрчим хүчээр тогтвортой хангах дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор талууд эрчим хүчний хамтын ажиллагааг хоёр тал, бүс нутаг, олон талт өнөөгийн хамтын ажиллагааны бүтэц, тэр дундаа Эрчим хүчний бодлогын зөвлөлдөх уулзалтын хүрээнд үргэлжлүүлэхийг зорино;
Уул уурхай
Уул уурхайн салбар нь эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулдгийг онцолж, Монгол Улс болон АНУ нь уг салбарт дэвшилтэт туршлага, дэд бүтэцтэй орнуудын хувьд хамтын ажиллагааны шинэ чиглэл, боломжийг хөхиүлэн дэмжиж, туршлага, дэвшилтэт технологи, шилдэг арга барилыг харилцан солилцох замаар хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийг зорино.
Санхүүгийн үйлчилгээ
Монгол Улс болон АНУ нь авилга, мөнгө угаахтай тэмцэх зорилгодоо нэгдмэл хэвээр байна. Талууд олон улсын санхүүгийн салбарыг чадавхтай байлгахыг дэмжиж ажиллана.
Дэд бүтэц
Талууд хоёр улсын эдийн засгийн өсөлтийг сайжруулж, эрчимжүүлэх зорилгоор чанартай дэд бүтэц, түүний дотор цахим дэд бүтцийг өргөжүүлэхийг дэмжиж ажиллахыг эрмэлзэнэ. Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь тээврийн салбарыг хөгжүүлэхийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, тус тусын холбогдох тээврийн салбарын нээлттэй зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулахыг зорино.
Хөгжлийн хамтын ажиллагаа
Талууд Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь компакт гэрээний усны хангамж, усыг дахин ашиглах, усны салбарын тогтвортой байдлыг хангах хөрөнгө оруулалтыг үр дүнтэйгээр бэлтгэх, гүйцэтгэх, хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Түүнчлэн Мянганы сорилтын корпорацийн анхны компакт гэрээний үр дүн нь ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангахад үзүүлсэн урт хугацааны нөлөөг бүрэн үнэлэх зорилгын үүднээс хяналт, үнэлгээ, тайланг үргэлжлүүлнэ. Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ)-ийг төрөл бүрийн хөтөлбөр, төслөөр дамжуулан дэмжих хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ.
Хувийн хэвшлийг дэмжих
ЖДҮ эрхлэгчид болон хувийн хэвшил нь хоёр орны эдийн засгийн тогтвортой өсөлтийн гол хөдөлгүүр болохыг харилцан тэмдэглэж, Монгол Улс болон АНУ нь тэдгээрийн өсөлтийг тэтгэсэн орчныг бий болгохыг хөхиүлэн дэмжихийг эрмэлзэнэ.
Хамтын ажиллагааны шинэ чиглэл
Талууд хоёр улсын байгаль орчныг хамгаалахын сацуу эдийн засгийг бэхжүүлж, төрөлжүүлэх зорилгоор эрүүл мэндийн үйлчилгээний дэд бүтэц, бичил эрчим хүч зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ чиглэл, салбарыг үргэлжлүүлэн дэмжихийг зорино. гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Европын парламентын төлөөлөл Хүний эрхийн Үндэсний Комисстой танилцав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Н.Ганбаяр нар Европын парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга, хатагтай Ивета Григуле тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Европын парламентын гишүүн Херберт Дорфманн /Итали/, Хелга Стивенс /Бельги/, Вульф Клинз

/Герман/, Мирославс Митрофановс /Латви/ болон gжлын хэсэг, улс төрийн бүлгийн ажилтнууд багтжээ. Тэд Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын XII уулзалтад оролцохоор ирсэн бөгөөд айлчлалын хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцахыг зорьжээ. Европын холбоо Монгол Улсад Төлөөлөгчийн газраа албан ёсоор нээж, Элчин сайдаа томилон ажиллуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Удирдах бүрэлдэхүүний сургалт болов

Сүхбаатар аймагт энэ сарын 25-27-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдахтай холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудад гамшгаас хамгаалах менежмент, гамшгийн үеийн орон нутгийн удирдлагын харилцан ажиллагаа, гамшгийн эрсдэлийн үнэлгээний аргазүй, байрзүйн зургийн Олон Улсын шилжилт хөдөлгөөний дүрэм журам, гамшиг, Онцгой байдлын үед мал сүрэгт чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах Олон улсын стандарт, заавар зэрэг чиглэл зэрэг сэдвүүдээр сургалт явууллаа.

Сургалтад аймгийн Онцгой комисс, орон нутгийн бүх шатны Засаг дарга, албад, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын дарга нар оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.