Categories
мэдээ нийгэм

​“Үг хэлэх эрх чөлөө: Түүхэн ач холбогдол ба одоо үе” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болов

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс “Түгээмэл Эрх-Хөгжил” Төрийн бус байгууллагатай хамтран “Үг хэлэх эрх чөлөө: түүхэн ач холбогдол ба одоо үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав. 2018 оны зургадугаар сарын 15-нд Улаанбаатар хотноо Бишрэлт зочид буудалд болж байна. Уг арга хэмжээг Монголын Хуульчдын Холбоо, Глоб Интернэшнл Төв төрийн бус байгууллага дэмжин хамтран ажиллаж байгаа юм.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 70 жилийн ойг тохиолдуулан зохиож буй эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсаас гадна Солонгос, Япон, АНУ-ын 10-аад төлөөлөгч оролцож байна. Хурлын үеэр олон улсын мэргэшсэн судлаач, эрдэмтэд зочин илтгэгчээр оролцож, үг хэлэх эрх чөлөөний түүхэн ач холбогдол ба одоо үед хэрхэн биеллээ олж байгаа талаар өргөн хүрээг хамарсан илтгэл тавьж хуран чуулсан юм.

МУИС, ХЗС-ийн багш дэд профессор О.Мөнхсайхан “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба гүтгэлэг” сэдвээр илтгэл тавив. Тэрээр илтгэлдээ “Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдмал. Хил хязгааргүй сэтгүүл зүй олон улсын судалгааны байгууллагаас энэ жил гаргасан судалгаагаар Монгол Улс 180 орноос 70 дугаар байрт бичигдсэн. Энэ нь өмнөх оноос 11 байраар ухарсан. Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрх хангагдахгүй байна. Б.Бат гэж хүн твитерт жиргэж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө шүүхээс гурван сар хорих ял оноосон. Үүнээс 22 хоногийг биеэр эдлэн батлан даалтад гарсан. Энэ бол Монгол Улсын шүүх хүний үгээ хэлэх эрх чөлөөг боймилсон, хязгаарласан явдал” хэмээв. Үгээ хэлэх эрх чөлөөг хангах эрдэм шинжилгээний хурал ингээд дуусахгүй аж. “Түгээмэл эрхийн төлөө” олон улсын сайн санааны сонгодог урлагийн тоглолтыг Улсын филармонид 18 цагт зохион байгуулах юм байна. Энэхүү тоглолтоос олсон орлого сайн санааны үйлс, хүний үгээ хэлэх эрх чөлөөнд зориулагдах ажээ.


Categories
мэдээ нийгэм

Дөрвөн хүүхэд тутмын нэг илүүдэл жинтэй байна

“Чихэрлэг ундааны онцгой татварын эрүүл мэнд, эдийн засгийн ач холбогдол” сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Уг хэлэлцүүлэг нь чихэрлэг ундаанд татвар ногдуулснаар эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн ач холбогдлыг бодлого боловсруулагч нарт танилцуулах, дэмжлэг авах зорилготой юм.

Монгол Улс халдварт бус өвчний тархалтаараа Номхон далайн бүсийн орнуудаас долдугаар байранд орж байгаа аж. Манай орны хүн амын нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 55 хувийг зүрх судасны эмгэгийн өвчлөл эзэлж, жил бүр дунджаар 57 тэрбум төгрөгийг зөвхөн энэ өвчнийг эмчлэхэд зориулж байгаа юм.

Сургуулийн сурагчдын дөрвөн хүүхэд тутмын нэг, тав хүртэлх насны найман хүүхдийн нэг нь илүүдэл жин, таргалалттай байгаа нь анхаарал татахцуйц байгаа юм. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гишүүн орнууддаа чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулах замаар илүүдэл жин, таргалалттай үр дүнтэйгээр тэмцэхийг зөвлөмж болгосон байдаг. Монгол Улсад чихэрлэг ундааны борлуулалтанд үндэсний үйлдвэрүүд давамгайлж, сүүлийн таван жилд тус бүтээгдэхүүний үйлдвэрлэл 30 хувиар, жимсний шүүстэй харьцуулахад хийжүүлсэн ундааны үйлдвэрлэл эрс өсчээ.

Монгол Улсад чихэрлэг ундаанд 20 хувийн онцгой татвар ногдуулахад татварын орлого жилд 98 орчим тэрбум төгрөг байх ба улсын төсвийг 91 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой байгаа аж. Мөн жилд нэг хүнд ногдох энэ төрлийн ундааны хэрэглээг 23 орчим хувиар бууруулах ач холбогдолтойг АШУҮИС-ийн НЭМС-ийн багш, судлаачид тооцож гаргасан байна.

Д.ХУЛАН

Categories
мэдээ нийгэм

Анхны жишиг “Дэд бүтцийн төв”-ийн ажилтай танилцлаа

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамж буюу “Дэд бүтцийн төв”-ийн барилгын ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, тус газрын орлогч дарга Б.Азжаргал болон бусад холбогдох албаны хүмүүс уг “Дэд бүтцийн төв”-ийн ажлын явцтай танилцжээ. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах цогц ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн дунд энэхүү “Дэд бүтцийн төв”-үүдийг барьж байгуулах юм. Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд барьж буй жишиг “Дэд бүтцийн төв”-ийн төсөлд 201 айл хамрагдаж байгаа бөгөөд уг төв ашиглалтад орсноор эдгээр айлуудын утаа болон хөрсний бохирдлыг бий болгогч эх үүсвэрүүд бүгд байхгүй болно гэж тооцжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Өнөөгийн нөхцөлд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд инженерийн шугам сүлжээг оруулах хамгийн оновчтой шийдэл нь сервис центр буюу “Дэд бүтцийн төв” юм. Нэг “Дэд бүтцийн төв”-д 200-300 айл өрхийг холбож, дулаан, цэвэр, бохир усаар хангах төдийгүй цэвэрлэх байгууламж ажиллуулна.Одоогийн байдлаар хамгийн анхны байрлал нь Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд баригдаж буй дэд бүтцийн төв болж байна. Ирэх 10 дугаар сарын дундуур ашиглалтад бүрэн орно. Нийслэлийн иргэд өөрийн эзэмшлийн хашаа газартаа тохилог сууц, хаус барьж, нийслэлийн зүгээс дэд бүтцийн шугамыг холбосноор гэр хорооллын иргэд орон сууцнаас илүү тохилог орчинд амьдрах боломжтой болно. Үүнээс гадна нийслэлийн тулгамдсан асуудлын нэг болох агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхүүдийн өмчлөлийн газрын үнэлгээг өсгөх, ногоон байгууламж нэмэгдүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтой” хэмээсэн байна.

Энэ сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд “Сервис центр” төслийн хамгийн анхны шавыг тавьжээ. Одоогоор уг “Дэд бүтцийн төв”-ийн газар чөлөөлөлт, барилгын ажил эхлээд байгаа аж. Ирэх долоо хоногт шугам угсралт, трассын ажлыг эхлүүлэх юм байна. Дэд бүтцийн төвийн ажлын хүрээнд зоорийн давхартайгаа нийлсэн гурван давхар барилга, бохирын байгууламж баригдана. Мөн үндсэн таван инженерийн шугам сүлжээ буюу цэвэр, бохир, дулаан, цахилгаан, холбооны шугамууд тавигдах ажээ. Түүнчлэн хашаа, хашааны хаалт, гэрэлтүүлэг, камерын асуудал бүрэн шийдэгдсэн ногоон байгууламжтай нэг жишиг гудамжийг байгуулахаар төлөвлөсөн юм байна. Одоогоор уг төслийн хүрээнд хоёр айлын газар чөлөөлөлтийн ажил эхэлжээ.

Анхны жишиг “Дэд бүтцийн төв”-ийн ажилтай танилцлааАнхны жишиг “Дэд бүтцийн төв”-ийн ажилтай танилцлаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Та хүүхдээ аргалдаг уу, анхаардаг уу?

Яавал хүүхдийнхээ жаргал, зовлонг хуваалцах талаар Хүүхдийн номын “Жангар” редакцийн эрхлэгч Б.Дэлгэрмаа, редактор А.Даваасүрэн, Б.Ундрах, “Мон судар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбат нар бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдтэй ярилцлаа. Мон судар хэвлэлийн газраас жил бүр зохиодог “Соёл гэгээрлийн өдрүүд”-ийн хүрээнд тэд энэ сэдвээр ээж, аавуудад зөвлөсөн юм.

Хүүхдийнхээ мэдрэмжийг хуваалцах нь чухал ажээ. Ээж, аавууд хүүхдээсээ “Юу идсэн бэ”, “Хэнтэй тоглосон бэ” гэж асуудаг мөртлөө “Яагаад гунигтай байгаа юм бэ” гэж асуудаггүй гэнэ л дээ. Томчууд шинэ ном сонгохдоо ихэвчлэн бестселлер болсон номыг худалдаж авдаг бол хүүхдүүд өөрт нь таалагдсан номыг л уншдаг ажээ. Хүүхдийн зохиолч, зураач Маурис Сендакийн жишээ ч энд дурдагдлаа. Алдартай хүүхдийн зохиолчид бяцхан уншигчдаас нь захиа ирдэг. Тэр болгонд нь зохиогч хариу бичдэг гэнэ. Бяцхан хүүд зохиолын баатрынхаа дүрээр мангас зурж илгээжээ. Хариуд нь хүүгийн ээж “Манай хүүхэд таны захиаг аваад баярласандаа идчихлээ” гэжээ. Хүүхдийн зурагт номын хамгийн том шагнал авч байсан энэ зохиолч харин үүнийг “Бяцхан уншигчдаасаа авсан хамгийн том шагнал байлаа” хэмээн тодорхойлжээ. Хүүхэд ийм л чин үнэнч хүмүүс. Хүүхэд юм чинь гэж тоомжиргүй хандаж болохгүй хэмээн хүүхэдтэй ажилладаг эдгээр хүмүүс захьсан шүү.

Хүүхдийн номын редактор А.Даваасүрэн бас нэг түүх ярилаа. “Мон судар” хэвлэлийн газрынхан хүүхдэд үлгэр уншиж өгдөг япончуудын уламжлалт аргаар камишибай буюу гэр театр ажиллуулдаг байна.Тэд энэ цаасан театртайгаа цэцэрлэгийн багачууд болон бага ангийн сурагчид дээр зочилдог. Нэг удаа гэр театртайгаа бяцхан уншигчдад ном уншиж өгөхөөр очжээ. Үлгэрээ уншиж, дуугаа дуулаад явах болсон ч хүүхдүүд “Дахиад уншаад өг” гээд л байж. Тэднийг явахад хүүхдүүд “Баярлалаа” гэцгээжээ. Харин нэг хүү гүйж ирээд, үлгэрч эмэгтэйг үнссэн гэнэ. Сэтгэлээ ингэж л илэрхийлсэн хэрэг.

А.Даваасүрэн “Хүүхдийг жаахан байна, юмны учир ойлгодог болохоор нь ном уншуулна” гэдэг. Гэтэл хүүхэд бага жаахан байхад бүх дадал хэвшил нь суудаг. Энэ насан дээр нь хүүхэдтэйгээ ярилцахгүй юм асуухаар нь “Ээж нь завгүй байна” гээд анхаарахгүй орхичихдог. Хүүхдээ сургуульд орохоор нь гэнэт “Том болчихоод ном уншаач” гээд шахаад эхэлдэг. Хүүхэд шахаж шаардсан юмыг хийх дургүй. Битгий гэсэн зүйл рүү тэмүүлдэг. Эсвэл “Ном уншвал шагнана” гэх байдлаар ханддаг нь буруу” гэлээ. Эцэг эхчүүд асуудлаас зугтах, амарчлах байдлаар хүүхдэд шагнал амалчихдаг. Энэ нь хахуулийн нэг хэлбэр гэсэн юм.

Р.Энхбат захирал “Том хүний зөв, хүүхэд даган дуурайх ёстой” гэх байдлаар хандаж болохгүй. Хүүхдийг өөртэйгээ адил хүн гэж хүлээж авах хэрэгтэй гэсэн юм.

Хүүхэдтэйгээ ажиллана гэж юу вэ?

Өдөржингөө хүүхдээ хооллож, хувцаслаж, “ноцолддог” ээжүүд бий. Гэхдээ л энэ бүхэн хангалттай биш. Хүүхдийнхээ дотоод сэтгэл, мэдрэмж, ухаарлыг нь хуваалцаарай.

Ном, тоглоом хоёр адилхан уу. Хүүхэддээ хэзээнээс эхлээд ном уншуулах нь тохиромжтой вэ?

Нэг настай хүүхдийн хувьд ном тоглоом байдаг.

Хүүхдээ төрсөн цагаас нь эхлээд номтой нөхөрлүүлээрэй. Балчируудад зориулсан хүрч мэдэрдэг ном, хулдаасан, даавуун ном хүртэл бий. Хүүхдэдээ ном авч өгөөд орхичихож болохгүй. Хэрэв ээж, аав нь уншсан номынх нь талаар хүүхэдтэйгээ ярилцдаггүй л бол тэр ном хэрэггүй, бүр тоглоом ч байж чадахгүй гэж Мон судрынхан ярьж байна.

Бага насны хүүхдэд ном танин мэдэхүйн ач холбогдолтой. Сайн зохиол, сайн зурагтай ном байх ёстой. Ном хийсвэр сэтгэлгээг хөгжүүлдэг. Хүүхэд мэдээ орсон цагаас нь “Ном бол миний амьдралын нэг хэсэг” гэж мэдрүүлэх учиртай. Үүний тулд эргэн тойронд нь ном байх ёстой гэнэ шүү.

Хүүхэд хэзээ жаргалтай байдаг вэ?

Мэдээж эцэг эх нь хамт байвал хүүхэд жаргалтай байна. Гэхдээ хамт байхад учир бий. Хүүхэддээ ном, тоглоом, чихэр, эсвэл гар утсаа өгч сатааруулчихаад өөрөө зурагт үзээд суувал аргалах гэдэг ангилалд хамаараад байгаа хэрэг. Эцэг эх болгон хүүхдээ сайн сайхан яваасай гэж хүсдэг ч өөрийн мэдэлгүй хүүхдээ анхаарлынхаа гадна орхичих гээд байдаг гэмтэй.

Хүүхдийн номын “Жангар” редакцийнхан “365 үдэш” хэмээх том зузаан үлгэрийн номоо хийхдээ эцэг эхчүүд орой бүр хүүхдэдээ үлгэр уншиж өгч, 15-30 хормыг зарцуулаасай гэж хүсчээ. Гэтэл хүүхэд нь орой бүр “Ном уншаад өгөөч” гэж гуйгаад байхаар номыг нь нуучихсан эцэг эх ч таарсан гэнэ.

“Мон судар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбатаас энэ сэдвээр тодрууллаа.

-Хүүхэддээ ном сонгохын тулд хамт явах ёстой юу. Заримдаа энийг уншаасай гэсэн номыг маань хүүхэд сонирхохгүй мөртлөө ач холбогдолгүй гэж үзсэн номыг уншаад байх юм. Ийм нөхцөлд яаж хандах ёстой вэ?

-Том хүн бүхнийг мэднэ, хүүхэд юу ч мэдэхгүй. Хүүхдийн хийж байгаа бүх үйлдлийг хянах ёстой. Буруу юм руу орчих вий гэсэн хандлага байдаг. Мэдээж хэрэг хүүхдээ хамгаалж, сайхан юмыг хүүхдэдээ зориулъя гэж эцэг эхчүүд хүсдэг. Гэхдээ “Ах нь сургаж дүү нь сонсдог”, “Ахмадын сургааль алт” гэх мэт хуучны хандлага хүүхдэд хүнд тусдаг. Хүүхэд хүлцэнгүй, том хүмүүсийн хэлж ярихыг сонсоод сууж байх ёстой. Бие дааж сонголт хийдэггүй гэж ойлгох нь түгээмэл. Гэтэл тийм байдаггүй юм байна. Хүүхдээ таньж мэдсэн барууны өндөр хөгжилтэй орнуудад бол томчууд нь хүүхдийнхээ алдахыг хараад баярлаад сууж байдаг. Хүүхэд алдаанаасаа л сурдаг.

Хүүхэд нийгэмшээгүй байдаг. Нийгмийн үнэт зүйл, муу муухайг мэдэхгүй. Хүүхэд зөвхөн зөвхөн өөрийнхөөрөө л хардаг. Өөрт нь юу таалагдаж байна түүнийгээ л сонгохыг хичээнэ. Гэтэл эцэг эх нь багадаа уншиж байсан номоо “Чи энийг унш” гээд байдаг. Гуч, дөчин жилийн өмнөх цаг хугацаа одоогоос асар ялгаатай. Тэр үеийн үнэт зүйл өнөөдрийнхөөс огт өөр. Том хүн бол энэ ном хамгийн их борлуулалттай байгаа юм байна. Үүнийг аваад уншчихад алдахгүй юм байна гэдэг. Мэдээж хэрэг олон хүн уншиж, магтаж байгаа юм чинь сайн л ном байх гэдэг. Заримдаа зөвддөг, заримдаа бурууддаг. Хүүхэд тийм биш. Хүүхэд өөрийнхөөрөө л байдаг. Хүүхдээ өөрийнхөөрөө байхыг дэмжих хэрэгтэй.

-Хүүхэд буруу шийдвэр гаргаж болно шүү дээ. Эсвэл хүмүүжилд нь буруугаар нөлөөлөх ном сонгочихвол яах вэ?

-Хүүхэд хэрвээ сонирхож байгаа бол тэр номыг нь аваад өг. Дараа нь уншсан номынхоо тухай ярина шүү дээ. Таны хэлдгээр хүмүүжилд нь муугаар нөлөөлөх ном бол ярилцаад мууг мэдэж авна. Хүмүүс хүүхдийг дандаа л сайн юмаар дүүргэж байдаг сав гээд ойлгочихсон. Бид нэг логикийг ойлгох хэрэгтэй. Сайн юмнаас дандаа сайн юм гардаггүй. Муу юмнаас дандаа муу юм гараад байдаггүй. Хүүхэдтэйгээ ярилцах учиртай. Хүүхэд итгэл үнэмшлээрээ юманд ханддаг. Энэ үед нь аль болохоор ямар ч зүйлд өөрийнхөөрөө хандах зам руу хөтлөх ёстой. Ингэж чадвал насан туршдаа өөртөө эзэн байна. Харин үүний оронд багаас нь заагаад чиглүүлээд, “Томоотой, үгэнд ордог хүүхэд сайн” гээд байх юм бол шийдвэр гаргах чадваргүй, хүний хэлсэнээр явдаг амьтан болно.

Хамгийн гол нь уншсан номынх нь талаар хүүхэдтэйгээ ярьдаг байх ёстой. Хэрвээ ингэж ярьдаггүй бол ном аваад хэрэггүй. Ямар ном авсан, яагад энэ номыг сонгосон. Би ийм ном авлаа гээд ярьж болно.

Бидэнд нийгмээрээ ярих сэдэв байх учиртай. Айл өрх тулгамдсан асуудлаа ярьдаг биз дээ. Түүн шиг манай нийгэмд ямар асуудал байна гээд ярьж байх ёстой. Тийм сэдвүүдийн дагуу бид “Соёл гэгээрлийн өдрүүд”-ийг зохион байгуулж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймагт газар хөдөлжээ

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Толгод” гэдэг газар өчигдөр 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Энэ талаар ОБЕГ “Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Толгод” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км-т/, /Ө-44094/00//, У-101039/00/// зургаадугаар сарын 14-ний өдрийн 21:40 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 21:48 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн хохирол учраагүй тухай мэдээлсэн” гэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Их эрдэмтэн С.Лувсанвандангийн гурван боть номын нээлт боллоо

XX зууны нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандангийн баримт бичгийн эмхэтгэл гурван боть номын нээлт их хүмүүний нэрэмжит Арт галлерейн байранд боллоо. Номын нээлтэд их эрдэмтний үр хүүхдүүд, УИХ-ын гишүүн Л.Болд, “Бодь” группийн Ерөнхийлөгч Л.Болдхуяг болон “Лувсанвандан сан”-гийн Гүйцэтгэх захирал Ш.Сүхбаатар нар оролцлоо.

УИХ-ын гишүүн Л.Болд “Номын буян хурсан энэ сайхан өдөр аавын маань гурван боть ном нээлтээ хийж байгаад маш их баяртай байна. Өмнө нь аавын маань бүтээлийн есөн боть цуврал хэвлэгдэн гарсан. Харин энэ удаагийн ботиудын онцлог нь тухайн үед хийж бүтээж байсан ажил, үйлстэй нь холбоотой түүхэн баримтуудыг цуглуулан эмхэтгэсэнд оршиж байна. Өнөөдрийн соёл, урлаг судлаачид, залуу судлаачдад XX зууны Монголын соёл урлагийн сэргэн мандлын үеийн тэрхүү агуу их уран бүтээлчид, сэтгэгчдийн бүтээлийг баримт, эх сурвалж дээр тулгуурлаж харуулсан, судалгааны эргэлтэд оруулсан ийм сайхан бүтээл болсонд баяртай байна” хэмээсэн юм.

Үнэхээр ч СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн Судалгааны баримтын сан, С.Лувсанвандан сангийн хамтран хэвлүүлсэн “Сономын Лувсанвандан-I, II, III” баримт бичгийн эмхэтгэл ном нь судлаачдад нэн чухал баримт, эх сурвалжуудыг өргөн дэлгэр агуулснаараа онцлог. Энэ эмхэтгэлүүд нь Монголын төр нийгмийн зүтгэлтэн, шинжлэх ухааны ноён оргил, сүмбэр уул болсон эрдэмтний ажил амьдралын замналыг харуулах төдийгүй өнгөрсөн зууны монголчуудын түүхийг илтгэхүйц олон зуун баримт, эх сурвалж, захидлууд, хурлын илтгэлүүд, хүмүүсийн дурдатгал, ярилцлагууд багтсанаараа онцлог юм. Эдгээр баримт, эх сурвалжууд цугларч эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд орсноор хойч үеийн олон салбарын судлаачдын жим мөрийг зөв замд татан оруулж өгөх нь гарцаагүй тухай нээлтэд оролцсон хүмүүс онцолж байлаа.

Өнгөрсөн 2017 онд их эрдэмтний 85 насны ойгоор “Сономын Лувсанвандан: Монголын соёл урлаг судлал ба баримт эх сурвалж” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохиогдсон бөгөөд “Улирал ба зохиолч” сэтгүүлийн тусгай дугаар, амьдралынх нь чухал үйл явдлууд, ах дүү, үр хүүхдүүд, нутаг нугын зон олных нь талаар гэрэл зургийн цомог ном зэргийг хэвлүүлж олны хүртээл болгож байсан юм.

Номын нээлтийн үеэр “Лувсанвандан Арт галлерей”-н авьяаслаг залуу зураач Б.Содномдаржаагийн “Хүмүүн, Тэнгэр, Газар” уран зургийн үзэсгэлэнд тавигдсан зургууд хүрэлцэн ирэгсдийн оюуны мэлмийг мялааж байлаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний бодлогын хүүг 10 хувьд хадгалахаар боллоо

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хуралдаж бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалахаар боллоо. Мөн иргэдийн хэрэглээний зээлийн Өр-орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоох шийдвэр гаргалаа.

Хэрэглээний үнийн индексээр хэмжсэн жилийн инфляци 2018 оны 5 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.1 хувь, Улаанбаатар хотод 6.6 хувь байна. Цаашид эдийн засгийн идэвхжил нэмэгдэх ч инфляци дунд хугацаанд зорилтот 8 хувийн орчимд тогтворжих төлөвтэй байгаа аж.

Мөнгөний бодлогын хорооны мэдэгдсэнээр, Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсч байгаа хэдий ч зарим экспортын бүтээгдэхүүний үнэ өсч, манай гадаад худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой байхаар байна.Эхний улиралд эдийн засгийн өсөлт эрчимжсэн нь Монголбанкны төсөөлөлтэй нийцтэй байна. Уул уурхайн хөрөнгө оруулалт үргэлжлэн тэлж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж бизнесийн орчин алгуур сайжирч байна. Экспорт нэмэгдэхийн зэрэгцээ импорт өсч байгаа нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.

Өрхийн орлого алгуур нэмэгдэж байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж буйн иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт өндөр түвшинд хүрч, өрхийн өрийн түвшинг нэмэгдүүлж байна. Иймээс Монголбанк иргэдийн өрийн дарамтыг хязгаарлаж улмаар санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх зорилгоор банкнаас олгох иргэдийн хэрэглээний зээлд Өр-орлогын харьцааны дээд хязгаарыг тогтоож, 2019 оны эхнээс мөрдүүлэхээр боллоо.

Мөнгөний бодлогын эдгээр шийдвэрүүд нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах, эдийн засгийн өсөлтөд үргэлжлэн дэмжлэг үзүүлж, макро эдийн засаг, санхүүгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно гэжээ.

Categories
мэдээ спорт

ДАШТ-ийн өнөөдрийн тоглолтын хуваарь

Хөлбөмбөгийн 2018 өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

Өнөөдөр хуваарийн дагуу хэсгийн гурван тоглолт явагдах юм байна. Эхний тоглолт манай цагаар 20 цагт эхэлнэ.

Өнөөдрийн тоглолтын хуваарийг танилцуулъя.

Friday June 15 Egypt v Uruguay (A) Ekaterinburg 20:00
Friday June 15 Morocco v Iran (B) St Petersburg 23:00
Friday June 15 Portugal v Spain (B) Sochi 02:00

Categories
мэдээ нийгэм

ХЭҮК-оос Увс аймгийн Засаг даргад шаардлага хүргүүлжээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Увс аймаг дахь референт Я.Хонгорзулд хандан тус аймгийн иргэдээс ирүүлсэн гомдолд ажиллагаа явуулсаны үндсэн дээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяр хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар 2018 оны 06 дугаар сарын 12-нд Увс аймгийн Засаг даргад хандан Шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагад:

“Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан танаа

Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэр бүхий ажилтнууд Комисст хандаж ирүүлсэн гомдолдоо “…Манай эмнэлэгт хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон 30 орчим хүн ажилладаг бөгөөд Д.Доржготов нь 2016 онд тус эмнэлгийн даргаар томилогдсоноос хойш хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон ажилтнуудад ур чадварын нэмэгдэл олгоогүй 2 жил шахам болж байна. Урьд нь бидэнд хуульд заасны дагуу ур чадварын нэмэгдлийг олгодог байсан. Иймд эмнэлгийн удирдлагууд хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон ажилтнуудыг ялгаварлан гадуурхаж, ур чадвартай ажиллах боломжгүй гэж үзэж нэмэгдэл олгохгүй байгаад гомдолтой байна…” гэжээ.

Комиссоос гомдлын дагуу тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга болон холбогдох бусад албан тушаалтнаас тайлбар, тодруулга авах, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, баримт бичиг, холбогдох хууль тогтоомж судлах зэрэг ажиллагааг явуулахад хүний эрхийн дараах зөрчил тогтоогдож байна.

Нэгдсэн эмнэлгийн нэр бүхий ажилтнууд дээрх гомдолд дурдсан асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргасан байх бөгөөд тус газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 156 тоот өргөдлийн хариу албан бичигт”… аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Доржготовыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрхийг хангах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн хэрэгжүүлж ажиллах талаар…” дурджээ.

Комисст Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Доржготов гаргасан тайлбартаа “… Бид байгууллагын удирдлагын зөвлөлөөр яриад байгууллагын дотоод журамд тусгасан заалтын дагуу хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон хүмүүст ур чадварын нэмэгдэл олгохгүй байгаа. Нэгэнт тухайн хүн хөдөлмөрийн чадвараа 69 хүртэл хувиар алдсан ийм хүмүүс ур чадвартай ажиллана гэж байхгүй. Хөдөлмөрийн чадвар алдалтаасаа хамаараад шаардлагатай дуудлага болон алсын дуудлагад явахгүй, хөдөө явж ажиллах боломжгүй байдаг. Тийм учраас удирдлагын зөвлөл дээр яриад байгууллагын дотоод журамд тусгаад хөдөлмөрийн чадвараа түр алдсан хүмүүст ур чадварын нэмэгдэл олгоно гэдэг илүү юм. Яагаад гэвэл эдгээр хүмүүс цалингаа бүрэн авч байгаа, дээр нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжээ авч байгаа учраас хөдөлмөрийн чадвараа алдсан гэдэг утгаараа ур чадвартай ажиллах ямар ч үндэслэлгүй юм гэж үзээд тэдэнд ур чадварын нэмэгдэл олгохгүй байгаа” гэж, мөн тус эмнэлгийн цалин хөлсний нягтлан бодогч Г.Батхишиг гаргасан тайлбартаа “…Албан ёсоор байгууллагын даргын тушаал гарч, хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөрийн чадвар алдалттай хүмүүст ур чадварын нэмэгдэл олгохгүй гэж тусгагдсан учир тэдгээр ажилтнуудад уг нэмэгдэл олгогдохгүй байгаа” гэж тус тус дурджээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт мөрдөгдөж буй Хөдөлмөрийн дотоод журмыг тус эмнэлгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/51 дугаар тушаалаар шинэчлэн баталсан байна.

Тус журмын 4.3.5-т “…Хөдөлмөрийн чадвараа 50 хувиас дээш түр алдсан ажилтанд урамшуулал болон ур чадварын нэмэгдлийг олгохгүй” гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ”, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 6.4.3-д Төрийн байгууллага, иргэн,хуулийн этгээд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрхийг хангахдаа”Байгууллага, аж ахуйн нэгж нь ажиллагсдыг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварласан дүрэм, журам, удирдлагын арга барилыг хэрэглэх, ашиглах,” мөн зүйлийн 6.4.5-д “Хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдлэг, ур чадвар ….. цалин хөлсийг ялгавартай тогтоох”-ыг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Мөн тус Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Доржготов тайлбартаа “…ажилтан хөдөлмөрийн чадвараа алдсан гэдэг утгаараа ур чадвартай ажиллах ямар ч үндэслэлгүй гэж үзэж тэдэнд ур чадварын нэмэгдэл олгохгүй байгаа” гэсэн нь хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон ажилтнуудыг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварласан шинжтэй хүний эрхийн ноцтой зөрчил юм.

Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 26 дугаар зүйлд “Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. Энэ үүднээс аливаа байдлаар алагчлах явдлыг хуулиар хориглох бөгөөд хууль нь арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн байдал буюу бусад байдлаар алагчлахаас бүх хүнийг адил тэгш үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой”,

Монгол Улс 1969 онд соёрхон баталсан Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Ялгаварлан гадуурхахгүй байх тухай” 111 дүгээр конвенцийн 2 дугаар зүйлд “Энэхүү конвенцийг дагаж мөрдөж байгаа гишүүн орон бүр ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон аливаа ялгаварлан гадуурхахыг бүр мөсөн устгах зорилгоор ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг дэмжихэд чиглэсэн үндэсний бодлогыг тухайн улсын нөхцөл байдал, дадалд тохирсон аргаар тодорхойлж хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ” гэж тус тус иргэний аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг баталгаажуулжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”, мөн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-т “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй”, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6 дугаар 6.1 дэх хэсэгт “Хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэн, нийгмийн баялгаас адил хүртэх эрхтэй. Хүнийг хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно” гэж тус тус заасан байна.

Иймд тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж буй хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон ажилтнуудад ур чадварын нэмэгдэл олгохгүй байгаа тус эмнэлгийн дарга Д.Доржготовын хууль зөрчсөн үйлдлийг даруй таслан зогсоож, хүний эрхийн зөрчил гаргасан тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох, тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг хуульд нийцүүлж өөрчлүүлэх, цаашид тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын удирдлагууд иргэдийг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварласан дүрэм, журам гаргах, арга барил хэрэглэх, ашиглах, хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдлэг, ур чадвар, онцлогт тохирсон ажлын байрыг зохион байгуулахаас татгалзах, цалин хөлсийг нь бусдаас ялгавартай тогтоосон аливаа үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй байх тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу ШААРДЛАГА хүргүүлэв.

Шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу долоо хоногийн дотор бичгээр хариу ирүүлнэ үү. Монгол Улсын ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяр” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгохоор боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн чуулган үргэлжилж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлэх үеэр Ц.Мөнх-Оргил гишүүн УИХ-ын даргад хандан чуулган завсарлахаас өмнө Төрийн ордны арын цэцэрлэгийг олон нийтэд нээлттэй болгож өгөхийг хүслээ. Тэрээр “Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгох саналыг сарын өмнө Төрийн тусгай хамгаалалттын газар хандсан юм. Тавдугаар сарын 17-нд өгсөн албан бичигт одоо болтол хариу өгөхгүй байна. Төрийн ордны тухай хуулиар УИХ үүнийг хариуцдагийн хувьд нээлттэй болгож өгмөөр байна. Манай тойргийн сонгогчдоос Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй болгож өгөөч гэсэн санал их ирж байгаа. Би энэ саналыг зөвхөн гишүүний хувьд ч биш Улаанбаатар хотын иргэний хувиар гаргаж байна. Үдэш орой болохоор, эсвэл жагсаал цуглаан болбол хаачихдаг байж болох байх. Бүр болохгүй бол Төрийн ордны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, эсвэл тогтоолын төсөл санаачилмаар байна. Дэмжих гишүүн олон байгаа байх. Ялангуяа хотоос сонгогдсон гишүүн дэмжих байх. Үүнийг чуулган завсарлахаас өмнө шийдвэрлэмээр байна” гэв.

УИХ-ын дарга М.Энхболд түүний саналд хариу өгөхдөө ” Өмнө нь арын хоёр хаалга нь нээлттэй байж байдаг байсан. Тиймээс УИХ-ын Тамгын газар Төрийн тусгай хамгаалалттай газартай яриад чуулган завсарлахаас өмнө нээлттэй болгоорой. Өглөө, оройдоо хүмүүс ороод салхилж байна биз” гэв.