Categories
мэдээ нийгэм

“ШИНЭЧЛЭЛ ХОРООЛОЛ” төслийн эхний ээлжийн 234 айлын орон сууц ирэх 11 сард ашиглалтад орно

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 10-р хороо, Дэнжийн 1000 орчмын А хэсэгчилсэн талбайд хэрэгжиж буй “Шинэчлэл хороолол” төслийн үйл ажиллагаатай өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат болон холбогдох албаны хүмүүс танилцав.

2026 он хүртэл үргэлжлэх энэ төслийн хүрээнд 3358 айлын 43 блок орон сууцны барилга, 960 хүүхдийн сургууль, 720 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээ, офиссын зориуалт бүхий барилгатай байхаар төлөвлөсөн байна. Төсөл хэрэгжүүлэгчээр БАРМОН ХХК шалгарч, ажлаа эхлүүлээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 37 айлын газрыг чөлөөлж, 234 айлын хоёр блок брилгын ажил явагдаж байна. Ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулж газраа чөлөөлсөн айлуудыг оруулахаар болсон байна. Ирэх 2020 он гэхэд 828 айлын орон сууц буюу 9 блок ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Тус төсөл нь нийт 39.7 га буюу 581 нэгж талбар бүхий газарт хэрэгжих юм.

“Дулаан хангамжийн хэсэгт тулгамдаж байгаа асуудал байна. Ус дулаан дамжуулах төв-2 гэдэг дулааны төв ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Эрдэнэсуварга компани газар чөлөөллөтөд дээрээ асуудал үүсгэж байгаа. Үүнийг БХБЯ болон нийслэлтэй хамтраад зохих арга хэмжээг авч байна. Дулааны холбох чигийг Улаанбаатар дулааны сүлжээтэй ярилцаж байгаа. эдгээрийг шийдчихвэл ажил сайн явагдаж байна” хэмээн “Наму дэвжих” ХХК-ийн ерөнхий инженер Г.Ганбаатар ярилаа.

Шинэчлэл хороолол төслийн хүрээнд иргэдийн газрыг метр 2ыг нь 200 мянган төгрөгөөр үнэлжээ. Ингэснээр 0.7 газартай өрх газраа 140 гаруй сая төгрөгөөр худалдаалж байгаа юм. Мөн газраа чөлөөлсөн айл өрхийг түрээсийн байранд хамруулаад эхэлсэн байна. Цаашид дулааны эх үүсвэрийг төвийн шугамтай холбох, 800 метр замыг засах, гол булгыг эргийн боолт хийж халиа үүсгэх ажлуудыг хийх шаардлагатай төслийн хэрэгжүүлэгчид хэлж байсан юм.

“Энэ төслийн шугам сүлжээний асуудал дээр нийслэл болон БХБЯ маш ихээр дэмжин ажиллаж байгаа. Эх үүсвэрт холбох ажил удаашралтай явж байна. Ирэх есдүгээр сард холбогдоно. Айлууд орон сууцанд орох нөхцөлтэйгээр чөлөөлсөн. Эхний ээлжийн орон сууцанд 80 гаруй ай орохоор байгаа” хэмээн НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат ярив.

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийслэлийн зүгээс богино хэмжээний замын асуудал, орчны тохижилт гэх мэт жижигхэн асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй байгааг төсөл хэрэгжүүлэгчид хэлж байна. Энэ ажлуудыг цаг алдалгүй дэмжээд өгвөл төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох боломж нь бүрдсэн байна. Шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж, зам дэд бүтцийн асуудлыг шийдэж өгнө. Төсөвт суулгахыг нь суулгана. Түүнээс наана боломжит хэлбэрээр санхүүжилтийг нь шийдэж, нийслэлээс шалтгаалах ажлуудыг нь дэмжиж ажиллана” хэмээв.

Төслийн хөрөнгө оруулалт 203 сая америк доллар. Төслийн нийт ашиг 132 сая ам.доллар байхаар тооцоолжээ. Мөн энд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 120 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг барьж 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе” сэдэвт сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран Зэвсэгт хүчний 013, 150 ангийн 500 алба хаагчдад 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе” сэдэвт нөлөөллийн сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Доржхорол залуучуудад бэрхшээлийг даван туулах чадвар, асуудлыг эерэгээр шийдэх гарц олох, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд нөлөөлөх аргууд гэсэн сэдвээр мэдээлэл өглөө гэж нийслэлийн Залуучууд хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“ХИМИЙН ОСЛЫН ҮЕИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЕНЕЖМЕНТ” олон улсын семинар боллоо

Эрүүл мэндийн яамнаас МХЕГ-ын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторитой хамтран, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээг зохион байгуулах мэргэжлийн байгууллагын чадавхийг дээшлүүлэхэд зориулсан “Химийн ослын үеийн нийгмийн эрүүл мэндийн менежмент” сэдэвт 3 өдрийн сургалт, семинарыг 2018 оны 6 дугаар сар 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Сургалтанд Нийслэл, 21 аймаг, 2 хилийн боомтын хяналт шинжилгээний лаборатори, химийн бодис ашигладаг судалгаа шинжилгээний хүрээлэн, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, холбогдох яам тамгын газар, хяналтын байгууллагын химийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнүүд болон онцгой байдлын аврах ангийн аврагч нарын нийт 60 хүн хамрагджээ.

Сургалтыг Олон улсын химийн бодисын менежментийг стратеги хэрэгжүүлэгч /SAICM/ төслийн зөвлөх, Австрали улсын химийн шинжээч, ДЭМБ-ын олон улсын зөвлөх Крайг Жон Ламбертон удирдах бөгөөд Маунт Полли (BC)–Хаягдлын далангийн эвдрэл, Химийн бодисын өртөлт ба хүний эрүүл мэнд, “Минамата”-д болсон мөнгөн усны хордлого, Нишапурын галт тэрэгний дэлбэрэлт, Химийн үйлдвэрийн ослоос ундны усанд үүссэн бохирдолт (Сонхуагол, Хятад улс), Галт тэрэгний ослоос үүдсэн хлорын алдагдал (Грэнитвилл) зэрэг дэлхий дахинд гарсан химийн осол, хордлогын нөхцөл байдлын сургамж дүгнэлт, ийм төрлийн осол Монгол улсад гарсан тохиолдолд хэрхэн бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах талаар зөвлөмж өгч, сургалтыг явуулсан байна. Химийн хордлогын үед яаралтай тусламж үзүүлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны механизм, гинжин хэлхээг загварчлах, ослын үед ажиллах нийгмийн эрүүл мэндийн менежментийг боловсронгуй болгох чиглэлээр лабораторийн мэргэжилтнүүдийг сургаснаар Монгол улсын Шадар сайд, байнгын ажиллагаатай зөвлөлийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн а/08 дугаар тушаалаар батлагдсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам”-ын хэрэгжилтийг биелүүлж, салбар хоорондын уялдаа холбоо, бэлэн байдлыг хангахад ихээхэн чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Ослын бүртгэлийн цахим системийн техник хэрэгслийг гардуулав

Зам тээврийн ослын бүртгэлийн цахим системийн зарим техник хэрэгслийг Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр Замын цагдаагийн албаны удирдлагуудад гардуулан өглөө.

Энэхүү бүртгэлийн системийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан бөгөөд өндөр хүчин чадал бүхий 2 сервер, осол гэмтлийн мэдээллийн нэгдсэн сангийн программ, 85 ширхэг тавлет бүхий техник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байгаа юм.

Дээрх бүртгэлийн системийг ашиглаж нэвтрүүлсэнээр замын цагдаагийн алба хаагч нар зам тээврийн ослын бүртгэл, тэмдэглэлийг тухайн газар дээрээс нь ipad төхөөрөмжөөр дамжуулан шууд мэдээллийн санд оруулах боломжтой бөгөөд үйл ажиллагааг 2/3 хүртэл хугацаагаар бууруулах боломжтой юм. Мөн иргэдэд шуурхай үйлчлэх байдал тодорхой хувиар нэмэгдэх юм” гэж уг төслийн дэд удирдагч, доктор, профессор Д.Готов хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг энэ сарын 20-нд болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс Монголын хуульчдын холбоотой хамтран энэ сарын 20-нд иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх гэж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг холбогдох нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ удаагийн өдөрлөгийг 06 дугаар сарын 20-ны өдөр буюу Лхагва гаригт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбар /Дүнжингарав, Оргил, Мишээл, Драгон/-ын байранд 09.00-16.00 цагийн хооронд зохион байгуулахаар болов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд арван өрхийн эмнэлэг барина

“Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон эрүүл мэндийн салбарын удирдлагууд, ӨЭМТ-ийн эмч, ажилтнууд бүхий 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо.

Зөвлөгөөний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Өрхийн эрүүл мэндийн төв, эмч ажилтнуудыг иргэд хувийн хэвшлийн байгууллага гэдэг талаас хардаггүй. Төрийн байгууллагын нүүр царай, анхан шатны нэгж гэж хардаг. Нийслэлийн зүгээс та бүхнийг үргэлж дэмжин ажилладаг. 2018 онд нийслэлийн төсвөөс өрхийн эрүүл мэндийн салбарт 780 сая төгрөг, өрхийн эмнэлгүүдийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжид 710 сая төгрөгийг төсөвт суулган тендер зарлах ажил хийгдсэн байна. Мөн энэ онд Турк улсын Стамбул хоттой хамтран ажиллах гэрээгээр 10 ӨЭМТ барихаас гурван эмнэлгийн барилгыг энэ онд барьж эхлээд байна. Та бүхэн энэ зөвлөгөөнөөс ололт амжилт, алдаа оноо хийж хэрэгжүүлж буй ажлаа ярилцаж цаашдын хөгжлийн гарцыг зөв тодорхойлно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

НЭМГ-ын Ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ганцэцэг ярихдаа “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ нь иргэдэд хамгийн түрүүнд хүрдэг. Бид өнгөрсөн жилээс гурав дахь шатны эмнэлэгээс бус анхан шатны эмнэлэгийн үйлчилгээнээс эхлэн сайжруулалт, шинэчлэлтийг хийх зорилгоор тодорхой ажлуудыг өрнүүлж байна. Өрхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт нь нэг хүнд шаардагдах анхны тусламж, үйлчилгээний хэмжээгээр нэг хүнд 15 мянга гаруй төгрөг гэж тооцдог. Энэ нь эмнэлгийн анхны тусламж үйлчилгээг бүрэн үзүүлэхэд хангалттай биш. Тулгамдаж буй олон асуудлыг бид өнөөдрийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, шийдвэрлүүлэх болно” гэв.

Зөвлөгөөнөөр нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, ЭМЯ-аас баримталж буй бодлого шийдвэр болон түүний хэрэгжилт, ӨЭМТ-ийн талаар мэдээлэл солилцож цаашид ДЭМБ-аас дэвшүүлсэн “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан иргэдэд хүртээмжтэй жигд чанартай үйлчилгээг хүргэх тухай зөвлөмж гарган хэрэгжүүлэхээр боллоо. Мөн ажилдаа идэвх санаачлагатай ажилласан ӨЭМТ-ын эмч ажилтнуудад шагнал гардуулсан юм.

Энэ жил НЭМГ-ын 80 жилийн ой тохиож байгаа юм байна.

Л.Анударь

Categories
мэдээ спорт

ДАШТ-ий эрхийн төлөөх тэмцээний урьдчилсан шатны бэлтгэлийг Катар Улсад хийнэ

ДАШТ-ий өмнөх өдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо Олон улсын хөлбөмбөгийн холбоо/ФИФА/-ны 18 дахь Их хурал /FIFA congress/-д Монгол Улсаас МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, Гадаад харилцааны дарга С.Монголжингоо нар оролцлоо.

Тус хурлаар уламжлал ёсоор төсөв, хөтөлбөрүүдээ танилцуулан баталсны зэрэгцээ энэ ДАШТ-ээс эхлэн тоглолтын дундуур бичлэг үзэж, шүүгчийн шийдвэрийг өөрчлөх болон эцэс болгох, 2026 оны дэлхийн аваргыг АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсад зохион байгуулахыг санал хураалтаар шийдлээ. Эдгээр гурван улстай Марокко өрсөлдсөн. Дашрамд дуулгахад С.Монголжингоо нь хэдхэн хоногийн өмнө ОУХБХ-ны “FIFA Master” сургуулийг төгссөн юм.

МХБХ-ны удирдлагууд хамтран ажилладаг Унгар, Катарын хөлбөмбөгийн холбоодтой уулзаж, хамтын ажиллагааны хүрээнд санал солилцжээ. Монголын төлөөлөгчид уг хурлаар Сингапур, Камбож, Шри Ланка, Лаос, Вьетнам, Турк, Катар улсын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр тохиролцсон байна. Тухайлбал “Талын хөх чононууд” энэ оны 10, 11 дүгээр сард Сингапур, Мьянмар, Камбож улстай нөхөрсөг тоглолт хийнэ.

Мөн 2019 оны хоёрдугаар сард ДАШТ-ий эрхийн төлөөх тэмцээний урьдчилсан шатны бэлтгэл болгон Катар улсад нэгдсэн бэлтгэлд гарахаар боллоо. Ирэх 6 дугаар сарын сүүлч, 7 дугаар сарын эхээр манай эх оронд АХБХ-ны Ерөнхийлөгч айлчлах бэлтгэл ажлыг танилцуулахад, Ерөнхийлөгч сэтгэл хангалуун байгаагаа хэлээд энэ сарын 29-нд очихоо амласан бол ОУХБХ-ны Ерөнхийлөгчтэй “FIFA FORWARD” төслийн талаар ярилцав. Түүний үр дүнд уг төслийн хурлыг 7 дугаар сард Монголд зохион байгуулахаар болжээ. Хуралд нийт 12 улсын төлөөлөгч хүрэлцэн ирж, шийдвэрлэх чухал асуудлуудыг хэлэлцэх юм.

Дэлхийн хөлбөмбөгийн нэр нөлөө бүхий алдартнуудтай хийсэн уулзалт үүгээр зогсоогүй бөгөөд Диего Форлан, Роберто Карлос, Хавьер Заннети гэсэн хөлбөмбөгчдөд “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирж оролцохыг урьсан байна. Алдартай хөлбөмбөгчдөөс Монголд ирэх боломжтой нь цаг заваа тааруулаад ирэхээ мэдэгджээ.

Дэлхийн 211 улсын хөлбөмбөгийн холбоод ОУХБХ-ны Их хуралд оролцохын зэрэгцээ төдий тооны улс үндэстний хүүхдүүд “Хөлбөмбөг ба нөхөрлөлийн төлөө” олон улсын фестивальд оролцож байна. Энэ бүх үйл ажиллагаанд МХБХ идэвхтэй оролцохын зэрэгцээ, дотоодын хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд шаардлагатай олон ажлыг шийдвэрлэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

​Автомашинд түлхүүр тааруулан онгойлгож, эд зүйлийг нь тонодог этгээдийг баривчилжээ

Автомашинд түлхүүр тааруулан онгойлгож, эд зүйлийг нь тоноод, буцааж цоожлоод алга болдог залууг НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд өчигдөр баривчиллаа. Хөвсгөл аймгийн харьяат 19 настай Б гэгч нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн харуул хамгаалалт муутай хэсэгт үлдээсэн машинуудад түлхүүр тааруулан, 2015 оноос хойш эд зүйлс хулгайлсан бөгөөд эхний мэдүүлгээрээ 26 гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрчээ. “Автомашины жолоочийн талын хаалганд түлхүүр тааруулан дотроос нь нөүтбүүк, гар утас, бэлэн мөнгө зэргийг аваад, буцаагаад цоожилдог” гэж тэр мэдүүлээд байна. Б ганцаараа хэрэг үйлддэг бөгөөд хулгайлсан эд зүйлээ хямдхан зарж, шөнө нь PC тоглоомын газарт хонон өнжин тоглодог байснаа ч хүлээжээ.

Categories
мэдээ спорт

Монгол Улсын 3х3 шигшээ багийн чансаа Азид нэгдүгээрт бичигджээ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид өнөөдөр 16 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буух бөгөөд энэ үеэр тус буудлын VIP танхимд хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм.
Филиппиний Манила хотод болсон FIBA-гийн 3×3 сагсанбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон С.Тулга дасгалжуулагчтай шигшээ багийн тамирчид шилдэг 8 шалгарч түүхэн амжилт үзүүлсэн билээ.
Энэ удаа эрэгтэй 20 баг өрсөлдсөнөөс “С” хэсэгт Монгол Улсын баг 3 хожил, 1 хожигдолтой хэсгийн хоёрдугаар байраар шалгарч цааш өрсөлдөх эрхтэй болсон.Тэд 50 мянган хүний суудалтай “Philippine Arena”-д дэлхийн хүчтэй багууд болох Филиппин, ОХУ, Бразил улсын багийг тус тус хожин шилдэг 8-д үлдсэн. Улмаар дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн багт хожигдож YIII байр эзэлсэн. Мөн Ази тивийн багуудаас манай баг ганцаараа хэсгээсээ шалгаран хасагдах шатанд өрсөлдөх эрх авсан юм.
ДАШТ-ийг зохион байгуулсан Филиппин 11 дүгээр байр эзэлсэн бол Япон 14, Йордан, Индонез 19, 20 дугаар байрт тус тус шалгарлаа. Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нарын шилдэг тамирчид орсон. Монгол Улсын 3х3 шигшээ багийн чансаа Азидаа нэгдүгээрт бичигдэж байна. Мөн энэ амжилтаараа “Токио 2020” олимпийн наадамд оролцох боломжтой болжээ.

Categories
мэдээ нийгэм

Япон, Умард Солонгосын төлөөлөгчид нийслэлд албан бус уулзалт хийжээ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын өндөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах зорилгоор манай улсын Засгийн газар Умард Солонгостой шууд харилцаа холбоо тогтоох боломжийг эрэлхийлсээр байх болно гэж Японы гадаад хэргийн сайд Таро Коно Токио хотод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Т.Коногийн мэдэгдсэнээр, Япон болон Умард Солонгосын төлөөлөгчид өчигдөр Улаанбаатар хотод албан бус уулзалт хийжээ. Улаанбаатар хотод Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаархи “Улаанбаатрын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал болж байгаа билээ. Тус албан бус уулзалтын үеэр Японы ГХЯ-ны Ази, Далайн орнуудын газрын зөвлөх Фумио Симизу Умард Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлаархи байр сууриа илэрхийлсэн байна.

Япон болон Умард Солонгосын удирдагчдын уулзалтыг ирэх 9 дүгээр сард ОХУ-ын Владивосток хотод болох Дорнодын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр зохион байгуулах асуудлыг Японы засгийн газар авч хэлэлцэж байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ.