Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“САМАДИ” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Зураач Б.Баярцэнгэлийн гурав дахь бие даасан үзэсгэлэн нь “Самади” нэртэйгээр олны хүртээл болох гэж байна. Үзэсгэлэн энэ сарын 16-нд “Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейд” нээлтээ хийнэ.

“Дагжиж бээрсэн хүн л хүйтний тухай жихүүцэн даартал ярьж чадах байх… Яг түүн шиг юмсыг сэрэл мэдрэмжээрээ тэмтрэн таних нь шинэ сэдэл санаа, шинэ туршилт, шинэ боломж гэх мэт шинэ бүхэнд хүргэж өгдөг. Хил хязгааргүй эрх чөлөөт нөхцөлийг урлаг бидэнд өгдөг” хэмээн зураач Б.Баярцэнгэл ярьж байв.

Түүний бүтээлүүдэд бурхны дүр голчигдог бөгөөд шинэ залуу зураачдын сэтгэхүйн онцлог, уран бүтээлчийн зурагт туссан орчин цагийн нийгмийн нөлөөлөлт хүчин зүйлсийн тухай олон гаргалгааг үзэгчид өөртөө бий болгож болно. Угаас “Урлагт “эрх чөлөө” хамгийн чухал” гэх ойлголт нэн шинэ үеийн давалгаанд хамаарагддаг. Тэр ч бас нэн шинэ үеийн давалгаанд хамаарагдах зураач билээ.

Үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл дэлгэгдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Invest Mongolia” форум Франкфурт хотноо боллоо

Монгол Улсын Засгийн газар энэ оны хоёрдугаар сард Гурван тулгуурт хөгжлийн бодлогоо баталж, энэ хүрээнд 2018-2021 онд нэн түрүүнд хэрэгжүүлэх 115 төсөлд гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр багагүй үйл ажиллагаа явуулаад байгаа билээ. Үүний нэг нь Үндэсний хөгжлийн газраас зохион байгуулж буй “Invest Mongolia” хөрөнгө оруулалтын цуврал хурал юм. Энэ удаагийн ээлжит бизнес уулзалт ХБНГУ-ын Франкфурт хотноо зургадугаар сарын 14-нд зохион байгуулагджээ. Уг уулзалтад Монгол Улсаас Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн банкны төлөөллүүд, ХБНГУ-аас томоохон хөрөнгө оруулалтын банк, бизнесийн төлөөллүүд оролцжээ. Хурлыг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр, “Дойче банк” хамтран зохион байгуулсан байна.

Монгол Улсын Засгийн газраас зарласан Гурван тулгуурт бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдээс эх үүсвэр нь шийдвэрлэгдсэн 13 тэрбум ам.долларын 61 төсөл, эх үүсвэр нь шийдвэрлэгдээгүй байгаа 3,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай 11 төсөл байгаа ажээ. Үүнээс тодорхой өндөр үр ашиг өгөх төслүүдээ Германы хөрөнгө оруулагчдад танилцуулахаар холбогдох албаны хүмүүс Улаанбаатараас зорин очжээ. Үндэсний хөгжлийн газрын дарга Д.Баярсайхан “Монгол Улсад орж ирэх Германы хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд зогсонги байдалд орсон. Үүнийг өөрчлөхийн тулд бид өндөр үр ашиг бүхий төслүүдийг танилцуулж, хамтран ажиллах саналыг та бүхэнд тавина. Монгол Улсад бий болж буй хөрөнгө оруулалтын шинэ боломж, шинэ бизнест хамтран ажиллахыг урьж байна” хэмээн хурлыг нээж хэлсэн үгэндээ онцолсон байна.

Эдийн засаг хоёр дахь жилдээ дараалан өссөн, гадаад валютын нөөц нэмэгдсэн, төсвийн алдагдал буурч байгаа гэх зэрэг таатай мэдээллүүдээс гадна хөрөнгө оруулагчдад олгож буй хууль эрх зүйн олон давуу тал бий болж байгааг хуралд оролцогчид илэрхийлжээ. Монгол Улсын эдийн засаг тодорхой түвшинд өсч байгаа ч эмзэг хэвээр байна. Ийм нөхцөлд Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд зөв менежментээр оруулснаар нийгэм, эдийн засгийн амьдралд үүссэн олон асуудлыг шийдэх боломжтой гэдгийг Үндэсний хөгжлийн газрынхан мэдээлэлдээ дурдав. Тиймээс Гурван тулгуурт бодлого, Монгол Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгасан төслүүдээс хамгийн түрүүнд Тавантолгой орд, тэр дундаа Гашуунсухайтын төмөр замын нүүрс тээвэрлэлтийг блокчейн технологиор шийдвэрлэх боломжтой гэсэн санал ч гарсан байна.

Төмөр зам, дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө оруулалтын мэдээллийг хөрөнгө оруулалтын хөтөлбөртөө нарийн задалж суулгаж өгч байгаа аж. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт 30 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт шаардагдах төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгаж өгсөн байна. Хөгжлийн банкны хувьд уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгож удирдах үүрэг чиглэл бүхий охин компани байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж буй. Тухайлбал, Тавантолгойн нүүрс угаах үйлдвэр, төмөр зам зэрэг бүтээн байгуулалтад гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаар тухайн төслийн эрсдэл багасч, нөгөө талаас Хөгжлийн банкны зүгээс ч санхүүжилт хийхэд боломж нээгдэнэ гэж үзэж байна. Ялангуяа тухайн уул уурхайн төслүүдэд банкны зүгээс шалгуур үзүүлэлтүүдээ тавьж, үр ашигтай төслүүдээ сонгоно гэдгийг тус банкны холбогдох албаны хүмүүс онцолжээ.

“Invest Mongolia” форум Франкфурт хотноо боллоо

Categories
мэдээ улс-төр

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав. Тэрбээр дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм.

Тус байнгын хороо 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал, дүгнэлтээ гаргажээ.

Хэлэлцүүлгийн үеэр хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах асуудлыг нарийвчлан зохицуулах журмыг Засгийн газар батлахаар төсөлд тусгах, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүх, арбитрын шийдвэр гарсан бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийг хийх зохицуулалтыг төсөлд нэмэх нь зүйтэй гэж үзжээ.

Мөн хуулийн этгээд санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй бол санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаар нийтэд зарлах, ийнхүү зарласнаас хойш 6 сарын дотор хуулийн этгээдээс бичгээр санал, гомдол гаргаагүй, дампуурлын хэрэг үүсгээгүй, санхүүгийн тайлангаа гаргаагүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр, төлбөргүй бол уг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаархи зүйлийг хуульд шинээр нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн асуулт асуусан бөгөөд хуулийн этгээдийн орон нутаг дахь салбарыг тухай орон нутагт нь бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан эсэхийг тодруулсан. Тэрбээр, хуулийн этгээдийн салбарыг орон нутагт нь бүртгэж, татвараа орон нутагтаа төлдөг байвал тухайн газраасаа ажиллах хүч авч ажиллуулах боломжтой болно хэмээж байлаа.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг орон нутагт нь бүртгэх зохицуулалтыг тусгахаар санал боловсруулсан хэмээн хариулсан юм.

Ингээд ажлын хэсгээс танилцуулж, Байнгын хороогоор дэмжигдсэн болон дэмжигдээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Үргэлжлүүлээд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав.

Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр ажлын хэсгээс танилцуулсан дараах саналуудыг гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Тухайлбал, улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр улсын бүртгэлийн мэдээллийн сангаас мэдээлэл авах, мэдээлэл нийлүүлэх этгээдийн жагсаалтаас банк, үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийг тус тус хасаж, нотариатчийг үлдээх, үүнтэй холбогдуулан төслийн нэр томьёо, холбогдох зохицуулалтыг өөрчлөх, хуулийн төслийн зохицуулалтыг Иргэний хуульд нийцүүлэх үүднээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсэхээр өөрчилж, улсын бүртгэлийн байгууллагаас өмчлөх эрхийг бүртгэснийг нотлох гэрчилгээ өмчлөгчид олгох, мөн гэрчилгээг дахин олгохтой холбоотой зохицуулалтыг нэмэх санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авчээ.

Мөн газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төсөлд заасан Дундын мэдээллийн санг ашиглан газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан цахимаар мэдүүлэг гаргаснаар улсын бүртгэлийн байгууллага газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн дугаар олгохоор төслийн 28 дугаар зүйлийг өөрчлөн найруулах саналыг тусгасан байна.

Түүнчлэн эрхийн улсын бүртгэлд холбогдох өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагын даргын шийдвэрээр оруулахаар төсөлд тусгасныг улсын байцаагчийн шийдвэрээр өөрчлөхөөр тусгах, эрхийн улсын бүртгэлд тусгах үнийн талаархи зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын заалтыг нэмэх саналыг Хууль зүйн байнгын хороо дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхэллээ

Дараа нь “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцууллаа. Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийн зорилго нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцаа, хөрөнгийг хувьчлах замаар хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, улмаар хувьчлалаас олох орлогоор хуулийн этгээдийн техник технологийг шинэчлэн, компанийн засаглалыг хөгжүүлэхэд оршиж байгаа аж.

Төрийн өмчийг хувьчлахдаа олон нийтийн оролцоог хангах, компанийн засаглалыг хөгжүүлэх, хөрөнгийн зах зээлийг дэмжих, төрийн өмчит хуулийн этгээдийн үнэ цэнийг өсгөх, техник технологийг шинэчлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор төрийн өмчит хувьцаат компанийн хувьцааг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгүүлэх, төрийн мэдлийн хувьцааны тодорхой хувийг хөрөнгийн биржээр арилжаалахаар тусгажээ.

Хувийн хэвшилд суурилсан зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих бодлого баримталж, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар дахь төрийн оролцоог бууруулах, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор төрийн өмчит зарим хуулийн этгээдийг хөрөнгийн биржээр болон нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлах аж.

Хувьчлалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тод, нээлттэй зохион байгуулах зарчмыг баримтлах юм байна.

2018-2020 онд хувьчлагдах аж ахуйн нэгжийн жагсаалтад нийтдээ 27 байгууллага тусгагдсан байна. “Монголын хөрөнгийн бирж” ХХК-ийн хувьцааны тодорхой хэсгийг Лондонгийн хөрөнгийн биржид төлөх өрд тооцон хувьцаагаар солих санал тавьж, үлдсэн хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжихаар Засгийн газар шийдвэрлэжээ. Харин “Төрийн банк” ХХК-ийн үйл ажиллагааг нь өөрчлөхгүй байх нөхцөлөөр хуульд заасны дагуу Монголбанктай хамтран төрийн эзэмшлийн нийт хувьцааны тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн хувийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжиж,“Арилжааны төлбөр тооцоо” ХХК-ийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг худалдахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн “Хархорин АЗЗА”, “Булган АЗЗА”, “Дорноговь АЗЗА”, “Харгуй”, “Талын зам”, “Эрдэнэсант АЗЗА”, “Багануур АЗЗА”, “Налайх АЗЗА”, “Төв АЗЗА”, “Дархан АЗЗА”, “Сэлэнгэ АЗЗА”, “Орхон АЗЗА”, “Баянчандмань АЗЗА”, “Архангай АЗЗА”, “Өвөрхангай АЗЗА”, “Хөвсгөл АЗЗА”, “Говь-Алтай АЗЗА”, “Ховд АЗЗА”, “Завхан АЗЗА”, “Увс АЗЗА” төрийн өмчит хувьцаат компаниудыг бүрэн хувьчлах буюу нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар төлөвлөжээ. Мөн “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 49 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгож Хөрөнгийн биржээр арилжаалах, “Монгол шуудан” ХК-ийн төрийн эзэмшлийн 51-ээс доошгүй хувийг авч үлдэж, үлдэх хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Хөрөнгийн биржээр арилжаалах, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, үлдсэн хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалах, “МИАТ” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, үлдсэн хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалж, төрийн өмчийн хувь хэмжээг бууруулахаар УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан байна.

Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа хэлсэн.

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Ким Жөн Ун ОХУ-ын төрийн тэргүүнд захиа дамжуулжээ

Умард Солонгосын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзжээ. Уулзалтын үеэр тэрбээр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны захидлыг ОХУ-ын төрийн тэргүүнд дамжуулан өгсөн байна. Энэ тухай “ТАСС” агентлаг мэдээлэв.

Ким Жөн Уны хувийн захидлыг гардуулах үеэрээ тэрбээр хэлэхдээ “Төрийн Зөвлөлийн дарга, нөхөр Ким Жөн Унаас таньд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна” гэжээ.
“Саяхан болсон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалтын үр дүнг бид магтан сайшааж байгаагийн сацуу өндрөөр үнэлж байна. Хоёр улсын удирдагчдын уулзалт нь Солонгосын хойгт гарч болзошгүй байсан цэргийн томоохон мөргөлдөөнийг намжааж, асуудлыг энхийн, дипломат арга замаар зохицуулах боломжийг бий болголоо” хэмээн В.Путин энэ уулзалтын үеэр цохон тэмдэглэжээ. Түүнчлэн тэрбээр Умард Солонгосын удирдагчийг Орост айлчлахыг урьсан аж.
Categories
мэдээ улс-төр

Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог хангах чиглэлээр уулзалт, зөвлөгөөн болов

Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяагийн санаачилгаар өнөөдөр Төрийн ордонд орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр “Завхан аймгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт уулзалт, зөвлөгөөн боллоо.

Зөвлөгөөнийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа нээж, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар үг хэлэв.

Дараа нь “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо сэдвээр УИХ-ын гишүүн З.Нарантуяа, орон нутгийн хөгжил, төсөв санхүү сэдвээр Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Эмэгтэйчүүдийн бизнес дэх оролцоо сэдвээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэг нар илтгэл тавилаа.

Энэхүү уулзалт, зөвлөгөөн өндөрлөсний дараа оролцогч эмэгтэйчүүд Улаанбаатарын үндэсний үйлдвэрүүдээр орж танилцсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

​Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 12 аймгийн 40 суманд 55 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 43120 га ой, 41630 га хээр, нийт 84750 га талбай түймэрт өртжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 45.0 хувь, түймэрт өртөж шатсан га талбай 40.0 хувь буурсан үзүүлэлттэй байна. Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 1200 гаруй алба хаагч, 90 автомашин, Хилийн цэргийн анги байгууллагаас 50 алба хаагч, 4 автомашин, орон нутгаас 1284 иргэн, 143 автомашин, 96 мотоцикль, 104 морь, нийт 2540 орчим хүн, 237 автомашин, 96 мотоцикль, 104 морьтой ажиллажээ.

Харин он гарсаар 1742 объектын гал түймэр гарч, 11,8 тэрбум төгрөгийн хохирол учирч, 37 хүн нас барж, 20 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 766 гэр орон сууц шатжээ. Дээрх гал түймрийн аюулаас 459 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 23,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 5,6 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 28,4 хувиар, нас барсан хүн 54,9 хувиар, түлэгдэж, бэртсэн 5,9 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй байна.

Түүнчлэн Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 06 дугаар сарын эхний арав хоногийн байдлаар, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулс, Увс нуур, Их нууруудын хотгороор 26-30 градус, бусад нутагт 31-39 градус буюу ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим, түүнээс 1.1-3.4 градусаар дулаарч, ихэнх нутгаар олон жилийн дунджаас тунадас орсон нь нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь гандах, хуурайшилттай байх нөхцлийг бүрдүүлээд байгаа юм.

Иймд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, бага оврын хийн болон цахилгаан зуух, автомашин, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, татсан тамхи, ил галыг бүрэн унтрааж, учирч болзошгүй гал түймрийн аюулаас өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг эрсдэлд учируулахгүй байхыг анхааруулж байна. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийг уул, мод, гол устай газар харгалзах хүнгүй явуулахгүй байх, ялангуяа орон байранд удаан хугацаагаар цоожлох, гал гарч болох зүйлсийг бага насны хүүхдээс хол байлгаж ахуйн хүрээнд гарч байгаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ өгөхөд анхаарах зургаан зөвөлгөө

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 43846 шалгуулагч бүртгүүлсэн байна. Тэд энэ сарын 16-н буюу маргааш 10.00 цагт Монгол хэл бичгийн шалгалтыг орон даяар нэгэн зэрэг өгч эхэлнэ.

ЭЕШ өгөхдөө анхаарах зургаан зүйл

ЭЕШ-т анхаарах зургаан зүйлийг хүргэе.

ЭЕШ өгөхдөө анхаарах зургаан зүйл

ЭЕШ өгөхдөө анхаарах зургаан зүйл

ЭЕШ өгөхдөө анхаарах зургаан зүйл

ЭЕШ өгөхдөө анхаарах зургаан зүйл

ЭЕШ өгөхдөө анхаарах зургаан зүйл

ЭЕШ өгөхдөө анхаарах зургаан зүйл

Categories
мэдээ нийгэм

20 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Улсын хэмжээнд энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн талаар мэдэгдлээ. 2018 оны зургадугаар сарын 11-15-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 1115 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 790 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирч, 43 хүн гэмтэж бэртжээ.Үүний 20 нь бага насны хүүхэд байгаа юм. Мөн орон нутагт таван хоногийн хугацаанд таван хүний амь нас хохирч, гурван хүн гэмтсэн ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг тус тус шалгаж байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны тойрог замд “Kia Lotze” маркийн автомашины жолооч блокон хашаа мөргөж жолооч М-н амь нас хохирсон,

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг “Өлзийтийн зөрлөг” гэх газар “Pruis” маркийн автомашин онхолдож, жолооч 38 настай эмэгтэй Э-н амь нас хохирч, хоёр хүн гэмтсэн зэрэг ноцтой хэргүүд бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 208 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцжээ.

Энэ долоо хоногт нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 28 осол, мөргөлдөх хэлбэрээр 29 осол, онхолдох хэлбэрээр хоёр осол, үл хөдлөх зүйл мөргөсөн дөрвөн осол тус тус бүртгэгдсэн бөгөөд нийт бүртгэгдсэн ослыг өмнөх долоо хоногтой харьцуулахад зам тээврийн ослын шинжтэй дуудлага 12,5 хувиар, гэмтсэн хүний тоо 14,2 хувиар, хүүхэд өртсөн осол 14 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 13 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

Фотошоп программын сургалтад үнэ төлбөргүй хамрагдсан иргэд амжилттай төгслөө

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн фотошоп программын сургалтад 8 иргэн хамрагдан амжилттай төгсөж, сертификат гардан авлаа.

Энэхүү сургалтыг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА”-ийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран зохион байгуулдаг бөгөөд фотошоп программын сургалтаас гадна компьютерийн үндсэн хэрэглээ, мэдээллийн технологийн чиглэлийн 7 төрлийн нарийн мэргэжлийн сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

Тус төв нь 76 компьютертой 4 сургалтын танхим, Инкубатор төвөөс бүрдэх бөгөөд 2017 оны 3 дугаар сараас хойш 1825 орчим залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлийн сургалтад үнэ төлбөргүй хамруулж, 20 иргэнийг инкубатор төвөөр дамжуулан бойжуулж, 45 залууг ажлын байранд холбож ажилласан юм.

Сургалтад хамрагдахыг хүсвэл 9712-5557, 7012-2999 дугаарт холбогдоно уу.

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймагт үүл буудаж бороо оруулав

Дорнод аймгийн хэмжээнд зургадугаар сарын эхний 10 хоногийн байдлаар Гурванзагал Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр сумдын нутгаар ургамалжилт дунд зэрэг бусад сумдад хэвийн байгаа ажээ. Гэхдээ цаашид аймгийн хойд чигийн сумдад гандуу байх болзошгүй төлөв ажиглагджээ. Тиймээс Дорнод аймгийн “Онон бороо” экспедиц үүлэнд зориудаар нөлөөлөн хур тунадас нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Тухайлбал, тус экспедиц өнөөдөр үүлэнд нөлөөлөх оролдлого амжилттай хийжээ. Өнөөдөр Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумдын нутагт бороотой байгаа аж.

Дорнодын “Онон бороо” экспедиц үүл бууджээ