Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“OCEAN’S 8” кино жагсаалтыг тэргүүлжээ

Эмэгтэй оддын цуглуулга хэмээн нэрлэгдэж буй “Ocean’s 8” кино “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Энэхүү кинонд Сандра Буллок, Кейт Бланшетт, Энн Хэтэуэй, Рианна зэрэг одод тоглосон байна. “Ocean’s 8” кино өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкийн кино зах зээлээс нийт 41.5 сая ам.долларын орлого олж, жагсаалтыг тэргүүлжээ. Энэ нь өмнөх гурван цувралаас нээлтийн долоо хоногтоо олсон орлогоороо тэргүүлсэн үзүүлэлт болж байна. Түүнчлэн үзэгчдийн 69 хувь нь эмэгтэйчүүд байсан гэдгээрээ онцлог байгаа юм. Харин “Оддын дайн” цувралын шинэ анги “Solo: A Star Wars Story” кино өнгөрсөн долоо хоногт 15.1 сая ам.долларын орлого олсноор жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Гурван долоо хоногийн өмнө нээлтээ хийсэн “Star Wars”- ийн шинэ анги олон улсын зах зээлээс 176 сая ам.долларын орлого олоод байгаа юм. Түүнчлэн “Hotel Artemis” хэмээх нууцлаг гэмт хэргийн талаар өгүүлэх шинэ кино “Box Office”-ийн жагсаалтын наймдугаар байрт бичигдсэн байна. “Hotel Artemis” кино нээлтийн долоо хоногтоо 3.1 сая ам.долларыг олжээ. Харин ирэх баасан гарагт “Супер гэр бүл” анимейшний шинэ анги нээлтээ хийх гэж байгаа нь кино зах зээлийн өрсөлдөөнийг улам нэмэгдүүлнэ гэж шинжээчид үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хууль сахиулах байгууллагууд мэдээллийн нэгдсэн сантай боллоо

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан болон e-justice.mn сайтын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр /2018.06.15/ боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Мөнхбаатар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар, ХБНГУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны Хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Доктор Кристиан Гласс нар болон бусад төлөөллүүд оролцов.

Энэхүү мэдээллийн сан нь шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн давхардлыг арилгах, гомдол мэдээлэл, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хянан шалгах, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны менежментийг сайжруулан хялбаршуулах цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Солиот эх” кино Хятадын зах зээлд гарна

БНХАУ-ын Чиндао хотод болж буй SCO (Shanghai Cooperation Organization) Film Festival-д “Цагаан хадаг”, “Солиот эх”, “Ээж”, “Чингисийн хүүхдүүд” гэсэн дөрвөн киногоор манай улсын уран бүтээлчид оролцож байна.

Энэхүү олон улсын анхдугаар кино наадамд оролцож буй “Солиот эх” киноны уран бүтээлчид БНХАУ-ын зах зээлд киногоо гаргах санамж бичигт гарын үсэг зуржээ.

“Солиот эх” уран сайхны кино өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 29-нд нээлтээ хийж, кино театруудаар гарч эхэлсэн билээ.

Categories
мэдээ спорт

​Европ дэлхийн аваргуудын тулаан тэнцээгээр өндөрлөв

Хөлбөмбөгийн ДАШТ-ий “B” хэсгийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Олон сая хөлбөмбөг сонирхогчдын хүлээсэн 2010 оны дэлхийн аварга Испани, 2016 оны Европийн аварга Португалийн багуудын тоглолт өрөсөлдөөнтэй болж 3:3-аар тэнцсэн юм.

Тоглолтын дөрөвдэх минутанд Испани хамгаалагч Начо К.Роналдуг торгуулийн талбайд унагасныг шүүгч гярхай харж 11-ийн шугамруу заав. Энэ боломжийг дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Роналда алдалгүй ашиглаж тоглолтын тооны харьцааг нээсэн. Үүний хариуд Испаний багийнхан зүгээр суусангүй. 24 дэх минутанд Атлетико мадридын довтлогч Диаго Коста Португалын хамгаалагч Пепе, Жосе Понте нараар “тохуурхаж” нэгэн гоёмсог гоол оруулса. Гэсэн ч эхний үед Европийн Бразилчууд илүүрхэх хувьтай байжээ. Өнөөх Роналдугийн хаалгаруу явуулсан сулхан бөмбөгийг Давид Де хиа хмгаалж чадсангүй.

Шийдвэрлэх хоёрдугаар үед Испаничууд ширүүн довтолгооноор эхлүүлж Диаго Коста 55 дахь минутанд Бускетсын мөргөж дамжуулсан бөмбөгийг гүйцээж багтаа тэнцээ авчрлаа. Тэдний гайхамшиг энд хүрээд зогссонггүй. 58 дахь минутанд Реалийн хамгаалагч Начо сум шиг цохилтоор багийнхаа гурвав дахь гоолыг оруулсан юм. 2016 онд Евродийн аваргын цом өрсгөсөн Португалчуудад ялагдах аюу л нүүрлэв. Гэсэн тоглолтын төгсөгөл 89 дэх минутанд Жерард ПикеРоналду дээр зөрчил гаргаж хаалттай цохилт хийх боломжийг олгов. Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин К. Роналдо гайхалтай чөлөөт цохилт хийж багаа хожигдлоос аварсан юм. Роналдо ингэснээр анх удаагаа хеттрек толилуулж дөрвөн ДАШТ дараалан гоол оруулсан дөрөв дэх тоглогч болж түүхэнд үлдлээ.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн ДАШТ-д Монголоос сайн дурын ажилтан оролцож байна

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ-д “Volunteer” буюу сайн дурын ажилтан хийж буй Монгол хүн байна.

Хөлбөмбөгийн ДАШТ гэлтгүй дэлхийн томоохон бүх тэмцээний зохион байгуулагчид сайн дурын ажилтан шалгаруулж авдаг аж. Сайн дурын ажилтнууд тэмцээн болохоос 1-2 жилийн өмнө бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд гурван шатны шалгаруулалтын дараа үндсэн ажилтнаар сонгодог байна. Энэхүү шалгаруулалтад Монгол охин тэнцэж, ОХУ-ын Санкт-Петербург хотод болох нийт долоон тоглолтод ажиллаж байгаа аж

Хөлбөмбөгийн ДАШТ-д ажиллах хүсэлтээ нийт 176,870 хүн ирүүлснээс 17040-ийг нь шүүн авчээ. Сайн дурын ажилтнуудын долоон хувь нь дэлхийн 112 орноос ирсэн хvмүүс аж.

Categories
мэдээ соёл-урлаг

”Хичээнгүй сайд” Б.Цэрэндоржийн амьдрал, түүхэн замналыг харуулсан үзэсгэлэнг нээв

XX зууны түүхэнд эрдэм мэдлэг, суу ухаан, гавьяа зүтгэлээрээ тодорч мөнхөрсөн олон хүмүүний нэг төр, нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “Монголын төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд Б.Цэрэндорж-150” үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Монголын үндэсний музейд боллоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санаачилгаар Монголын үндэсний музей, Архивын ерөнхий газар, “Хичээнгүй сайд” сан хамтран ард түмэнд “Хичээнгүй сайд” хэмээн алдаршсан Б.Цэрэндоржийн амьдрал, түүхэн замналыг харуулсан үзэсгэлэнг энэ сарын 15-27-нд олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд Б.Цэрэндоржийн амьдрал, туулж ирсэн түүхэн замналтай холбоотой 70 гаруй биет үзмэр, архивын баримтыг дэлгэн тавьсан байлаа. Тэдгээрийн дотор 1913 оны нэгдүгээр сард Оросын эзэн хаанаас шагнасан “Гэгээн Станиславын одон”, Хятадын Засгийн газраас шагнасан “Үнэн гэрэлтийн одон”-гийн үнэмлэх, Монгол Улсын анхны “Бичгийн гавьяаны одон”, 1925 онд зөвлөлт Орос улсаас бэлэглэсэн бичгийн хэрэгсэл, цайны хэрэгсэл болон өөрийнх нь хэрэглэж байсан хормойн боолт, цүнх, цаг, бичгийн хэрэгслийг дэлгэжээ. Мөн Б.Цэрэндоржийн ганц хүү Юндэн, түүний гэргий Ц.Лхамсүрэн нарын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс дээжлэн олны хүртээл болгосон байв. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Хичээнгүй сайд” сангаас бэлтгэн хэвлүүлсэн “Ардын төрийн ахмад зүтгэлтэн Балингийн Цэрэндорж”, “Хичээнгүй сайд Цэрэндорж”, “Юндэнгийхэн” болон “Хичээнгүй сайдынхан” номын нээлт болсон юм.


Үзэсгэлэнгийн нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа оролцож, үг хэллээ. Тэрбээр “2018 онд бид Монгол төрийн нэрт зүтгэлтэн, олноо “Хичээнгүй сайд” хэмээн алдаршсан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэж байна. Тэрээр бага наснаас бичиг эрдэмд шамдан монгол, манж, хятад хэл бичгийг зэгсэн сайн сурч, тухайн цаг үеийнхээ бичгийн боловсролтой нэгэн байлаа. Тэрээр идэр залуугаас төрийн алба хашсан нэгэн төдийгүй ХХ зууны эхний мөчлөгт Монгол орон, монголчуудын түүхэнд тохиосон олон үйл явдлын гэрч, оролцогч байсан билэээ. Үндэсний сэргэн мандалтын эхийг тавьсан 1911 оноос хойш насан элэх хүртлээ Монгол төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, эрдэм ухаан, хүч хөдөлмөрөө зориулахдаа Ерөнхий сайдын албыг хашиж, төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлон, хууль цаазыг боловсруулж, иргэний боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх, улс орныг батлан хамгаалах үйл хэргийг удирдаж байсан юм. Монгол оронд Бүгд найрамдах засаглал тогтоох бэлтгэл ажлыг хангаж, анхдугаар “Үндсэн хууль”-ийг батлах үйл ажиллагаанд тэргүүлэн оролцож, шинэ Монгол Улсын эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан хүн билээ. Б.Цэрэндорж гуай эрдэм билэг төгөлдөр нэгэн байж, идэр залуу насандаа хэлмэрч, орчуулагч хийж, улмаар орчин цагийн Шинжлэх ухааны байгууллага-Судар бичгийн хүрээлэнгийн Хүндэт гишүүнээр сонгогдож, ном бүтээл туурвин тусгай шагнал хүртэж, Монгол Улсын бичгийн гавьяаны тэргүүн зэргийн одонг анх хүртсэнийг бахархан тэмдэглэж байна. Түүний хийж бүтээсэн бүхнийг нэгэн удаа өгүүлж үл барах тул монголчууд нийгэм, төрийн байгууллаа өөрчлөн шинэчилж, нүүдэлч малчдын орноос орчин үеийн улс болох суурийг тавилцсан гавьяатан болохыг онцлон хэлмээр байна” гэв.


2018 оны турш үргэлжлэх ойн арга хэмжээний хүрээнд Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн үр, хүүхэд, ач, зээ нарынх нь байгуулсан “Хичээнгүй сайд сан”-гаас Монгол шуудан ТӨХК, Монголын марк цуглуулагчдын холбоотой хамтран “Ерөнхий сайд Б.Цэрэндорж 1868-1928” нэрт марк хэвлүүлж, худалдаанд гарах, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Ерөнхий сайд Б.Цэрэндорж” сэдэвт баримтат кино болон 130, 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хэвлүүлэхээр төлөвлөсөн юм. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж нь Монгол төрийн анхны Элчин сайд хүн байсны хувьд түүхчид, судлаачид, эрдэмтэд оролцсон “Ерөнхий сайд Б.Цэрэндорж: Амьдрал, тэмцэл, үйл хэрэг” сэдэвт эрдэм шинжилгээний томоохон хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 23-нд зохион байгуулна. Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийг өлгийдсэн Ерөнхий сайдын Улаанбаатар хотод байх хөшөөнд улс тунхагласан өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр арга хэмжээ дуусна

.


ХХ ЗУУНЫ МОНГОЛЫН ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН, ДИПЛОМАТЧ,
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Б.ЦЭРЭНДОРЖИЙН ТУХАЙ ТОВЧ НАМТАР


1868 оны 5 дугаар сарын 25-нд одоогийн Хэнтий аймгийн нутаг Хэрлэнбаян-Улаан суманд төрсөн. Бага наснаас бичиг эрдэмд шамдсан Цэрэндорж монгол, манж, хятад хэл бичгийг сайн сурч, цаг үеийнхээ бичгийн боловсролтой нэгэн болсноор 1885-1890 онд Хүрээн дэх Манж журганы яаманд дагалдан,туслах, жинхэнэ бичээч, 1890-1904 Хүрээн дэх хаант Оросын консулын орчуулагчийн сургуульд багш, 1904-1911 онд Хүрээний манж сайдын яаманд хятад хэлний орчуулагч түшмэл, 6 дугаар зэргийн түшмэлийн алба хашиж байжээ.

Монголчууд тусгаар тогтнолоо байлдан олж, үндэсний засаг төрөө сэргээн байгуулсан 1911 оноос Монгол улсын Гадаадын хэргийг бүгд захиран шийтгэх яамны дэд түшмэл, 1913-1915 онд дэд сайд, 1915-1919 онд тэргүүн сайдын албыг хашиж байв. 1913 онд хааант Орос улсад айлчилсан Ерөнхий сайд Намнансүрэн тэргүүтэй Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж Петербургт очихдоо Оросын засгийн газраас Станиславын хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдсан.

1915 оны Орос, Хятад, Монгол гурван улсын Хиагтын бага хуралд оролцсон. Мөн оны 12-р сард Гадаад яамны сайд байхдаа ДИУ-ын тэргүүн зэргийн одон шагнуулсан.

Эрхэлсэн албан тушаалын улмаас 1919 онд “Гадаад Монголын автономит засгийг сайн дураар гуйн устгах бичиг”-т бусад сайд нарын хамтаар гарын үсэг зурсан.

1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын дараагаар Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын Гадаад яам, Засгийн газарт эрхэлсэн түшмэл, Гадаад яамны тэргүүн сайд, Засгийн газрын жинхэнэ орлогч, 1923-1928 оны эх хүртэл БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажилласан.

Б.Цэрэндорж Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалж бэхжүүлэхийн төлөө баттай зогсож, улс орны хөгжлийн замын тухайд үндэсний ардчилсан чиг шугамыг тууштай баримтлагчдын нэг байв.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд төрийн гадаад, дотоод бодлогын чиг шугамыг тодорхойлон БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах хоёр дахь комиссын даргаар ажиллаж, Улсын анхдугаар хуралд Ардын Засгийн газрын гурван жилийн үйл ажиллагааны тайланг тавьж байв.

1924-1928 онд Улсын Бага хурлын гишүүн, Тэргүүлэгч гишүүнээр сонгогдож байсан. 1922 онд МАХН-д гишүүнээр элссэн,1928 он хүртэл МАН/МАХН-ын Төв хорооны тэргүүлэгч гишүүн байв. Б.Цэрэндоржийн гавьяа зүтгэлийг үнэлж, 1926 онд Монгол Улсын бичгийн гавьяаны одон шагнаж, 1928 онд насан өөд болоход “…хэзээд монгол үндэстний газар ус, ард түмэн, улсын эрх мэдэл, эдгээрийг алдахгүйг цаг ямагт бодолхийлэн оролдож явсан” хэмээн гашуудан тэмдэглэж байжээ.


Categories
мэдээ спорт

Дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймагт болж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй 25 дахь удаагийн засмал замын уралдааны дугуйн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймагт болж байна. Энэ нь аймгийн Биеийн, тамир спортын газрын түүхт 70 жилийн ойн хүрээнд зохиогдож буй явагдаж буй томоохон ажлын нэг бөгөөд тэмцээнд 14 байгууллагын 130 гаруй тамирчин оролцож байна.

Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхүүд, Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран, Сүхбаатар аймгийн дугуйн холбооны тэргүүн Д.Баасандорж, аймгийн засаг даргын орлогч Т.Мөнхболд, ЗДТГ-ын дарга Ч.Энхцэцэг, БТСГ-ын дарга Б.Өлзийтогтох нар оролцсон юм.

“Бид УАШ тэмцээнийг анх удаа нутагтаа зохион байгуулж байна. Сүхбаатар аймаг энэхүү тэмцээнийг хүлээн авдаг нь тохиолдлын чанартай зүйл биш юм. Сүхбаатар аймаг бол дугуйн спортын түүхэнд дэлхийн аварга төрүүлсэн анхны бас цорын ганц аймаг. 2016 оны залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаяр гэдэг залуу Асгат сумын уугуул. Б.Тэгшбаяр маань улс эх орныхоо нэрийг дэлхийн давцанд нэг биш удаа дуурсгаж байсан манай шилдэг тамирчин. Тиймээс бид энэхүү тамирчиндаа хүндэтгэл үзүүлж, улсын аваргын тэмцээнийг нутагтаа хүлээн авч, амжилттай эхлүүлээд байна. Газар газраас ирсэн тамирчид гурван өдрийн турш өрсөдөхөөс гадна аймаг орон нутагтай минь танилцах болно.” гэж аймгийн БТСГ-ын дарга Б.Өлзийтогтох хэллээ.

Харин Монголын дугуйн холбооны ЕНБД З.Наран хэлэхдээ “Энэ удаагийн тэмцээнд онцлог зүйл их бий. Монголын дугуйн холбоо өнгөрсөн жилээс УАШ тэмцээнүүдийг хөдөө орон нутагт зохион байгуулж, хүүхэд залуучуудад дугуйн спортыг сурталчилах зорилгыг тавьж байгаа. Сүхбаатар аймгийн тамирчид манай бүх тэмцээнүүдэд маш амжилттай оролцдог. Тиймээс бусад тамирчид маань эдгээр тамирчдаас туршлага судлах маш том боломж гарч ирж байгаа юм. Нөгөө талаар аймаг орон нутгийн зүгээс энэхүү тэмцээнийг маш сайн дэмжиж, хамтран ажиллаж байгаад баяртай байна.” гэв.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын дугуйн холбоо, аймгийн ЗДТГ ерөнхий ивээн тэтгэгчээр Хас банк, Моннис ХХК ажиллаж байна. Тэмцээний шагналтнууд энэ сарын 17-ны өдөр тодорно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭЕШ орон даяар эхлэлээ

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10:00 цагаас орон даяар эхэллээ. Шалгалт зургадугаар сарын 16-20-ны өдрүүдэд явагдах юм.

Энэ онд 43,846 шалгуулагч ЭЕШ-д бүртгүүлснээс 87 хувь нь буюу 37,950 нь энэ жилийн төгсөгч, 5,896 нь өмнөх оны төгсөгч байна. Төгсөгчид өнөөдөр 10:00-11:40 цагийн хооронд Монгол хэлбичгийн шалгалт, 15:00-16:40 цагийн хооронд физикийн шалгалт өгнө.

Шалгалт өгөхдөө анхаарах зүйлс:

  • Монгол хэлбичгийн шалгалт нь хариултын хуудасгүй ба та шалгалтын дэвтэртэй ажиллахдаа хөх өнгийн үзгэн бал ашиглаарай.
  • Харин бусад хичээлийн шалгалтын материал хариултын хуудастай байна. Та хариултын хуудастай ажиллахдаа зөвхөн зөөлөн балтай харандаа ашиглана.
  • Шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарь баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэж авна.
  • Шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагын өмнө ирсэн байх шаардлагатай ба шалгалт өгөх анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.
  • МХБШ болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут үргэлжилнэ.
  • Харин монгол хэлний шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байдаг тул цагаа сайн төлөвлөөрэй. Бугуйн цагтай орох нь цагаа сайн төлөвлөхөд тусална.

Шалгалтад орохдоо авч ирэх баримт бичиг:

  • Бүртгэлийн хуудас – Сургуулийн захирлын гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулсан байна. харин өмнөх оны төгссөн шалгуулагч QR кодоор баталгаажсан хуудсыг шууд хэвлэнэ авч ирнэ.
  • Суудлын хувиар
  • Цахим үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

Хориглох зүйл:

Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

Та харьяа сургуулийн оноогдсон шалгалтын байранд шалгалт эхлэх цагаас нэг цагийн өмнө очих ёстой.


ЭЕШ-ын хуваарь болон шалгалт авах байруудын мэдээллийг ЭНД дарж харна уу


Шалгалтын дүн хэзээ гарах вэ

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо, жагсаалтыг долдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно.

Categories
мэдээ цаг-үе

​Уяхан хийл шиг Загийн голынхон минь урлаг, соёлоороо аймагтаа гайхууллаа

Эрдэнийн дээж элс, ургамлаас нь энэ бие тэжээгдэж, усны дээд, уулс талаас нь уянга сэтгэлээ хөглөж хүн болсон элгэн дотно нутаг минь. Хаа ч, хэзээ ч сэтгэлд бодогдож, зүүдэнд үзэгднэм. Зовох цагт сэтгэл ариусгаж ээжийг орлоно. Жаргах үес сэрэмж бүү алд гэж салхин жимбүүрээр санаа бодолд шивнэнэ. Ай, сайхан Загийн гол, Залаа-Чандмань овоо, хаан Чингис их цэргээ авч очин Их Монгол Улс байх уу, Найман аймаг байх уу хэмээх түүхэн дэнсийг тэнссэн эх сайхан нутаг минь. “Монголын нууц товчоо”, Лу “Алтан товч” зэрэг Монголын тулгар түүхэн сурвалжуудад Заг-Байдрагийн голын Хүрэн бэлчрийн тухай хэдэнтээ дурдсан нь уугуул суугуул түмний унага даагаа уралдуулж, адуу малаа адгуулсан алтан чиг нутаг мөн билээ. Хүрэн бэлчирт их хааны есөн өрлөгийн хамт босгосон гэрэлт хөшөө, мөн Чингис хааны их цэрэгтэйгээ хоноглосон Цагаан эрэгт нутгийн хүү Намбарын Түмэнжаргалын авчирч сүндэрлүүлсэн хөшөөд оршин бий. Манай сум бол Сайн ноён хан аймгийн Эрдэнэ засгийн хошуу хэмээн нэрлэгдэж асан халхын ууган хошуудын нэг. Богд хаант Монгол Улсын Олноо өргөгдсөн онуудад энэ нэрээр тэмдэглэгдсэн. Засагт ханы Цахиур Төмөр “Эрдэнэ засгийн унага нь эрвэлзүүлэнхэн жороо доо. Элст манхан нутагтай даа, эмгэн буурал ээжтэй дээ” гэж хангинуулан хүнгэнүүлдэг чинь манай нутгийн тухай дуу юм. Мөн “Сэрэлт” кинон дээр “Талын таван толгой” гээд жингэнүүлдэг бүсгүй чинь миний нутгийн алдарт дуучин Сүхийн Доной. Заг сум 1924-1928 онд Цэцэрлэг Мандал уулын аймгийн Богд хайрхан Уулын хошуу, 1929-1931 онд Цэцэрлэг мандалын аймгийн Богдмарал уулын хошуу гэх болсон түүхтэй. Богдмарал Уулын хошууны Чандмань сум нь Заг гол сум байсан ба даргаар Эрэндоо гэж хүн ажиллаж байсан гэдэг. 1934-1941 онд Архангай аймгийн Заг гол сум болж улмаар 1941 онд Баянхонгор аймаг шинээр байгуулагдахад Архангай аймгаас шилжин ирсэн зургаан сумын нэг нь Заг гол сум байжээ. Заг сум өргөн уудам нутагтай, 14 багтай, мянга гаруй өрхтэй, 4185 хүн амтай байжээ.

Манай сумын нутаг дэвсгэрт Хадат, Шорвогт, Оорцог таван толгой, Ар нарийн, Жаргалант хөндий, Дулаан жалга, Туруут, Хатавч, Үнхэлцэг зэрэг газарт хорь гаруй сүг зураг, агуйн бичиг байдгийг “Хонгор нутгийн өв соёл” номд Ж.Саруулбуян доктор дурдсан байдаг. Мөн Хиргистэйн аманд дөрвөн талдаа 18 буган сийлбэртэй хөшөө, Өвөр Бумбатын аманд хүн чулуун хөшөө хоёр, Хадатын эхэнд хоёр чулуун хөшөө, Шорвогтын Гурван нартын амны хөшөө чулуу, олон тооны хиргисүүрүүд гэхчлэн түүх дурсгалын газар олон бий. Лүнгийн багийн буган чулуун хөшөөдийг хүүхэд ахуй насандаа хөдөлмөр зусланд гарсан ангийнхан маань очиж үзэх их дуртай сан. Бүр хөдөө цайдам нутагтаа эрдэмтэн мэргэдийн судалгаанд ч хамрагдаагүй сүг зурагтай хадад их байдаг. Сүүлийн үед хадны сүг зураг их судлах болсон гүүш Г.Аким абугай очиход дуран дүүрэн зурагтай, дурайтал бичих таамаг нээлт олонтой л ирэх байх. Заг сум Баянхонгор аймагтаа эрдэмтэн мэргэдийнхээ тоогоор эхний гуравт багтдаг нь өвөг дээдсээс уламжилж ирсэн нутаг устай нь холбоотой биз ээ. Манай сумаас Ардыг гэгээрүүлэх яамны сайд Цэндийн Баттөмөр, Цэндийн Намсрай, Бямбын Даваасүрэн нар төрсөн байх жишээтэй. Харамсалтай нь хэлмэгдлийн хар шуурган жилүүдэд цэл залуухан сайд Баттөмөрийг хилсдүүлсэн гунигт түүх бичээртэй үлджээ.

Баянхонгор аймаг ардын уран зохиолч ганцхантай. Тэр нь манай сумын уугуул, Д.Нацагдоржийн болон Б.Ринчений нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан багш шүү дээ. Хорь ч хүрээгүй насанд минь хонины бэлчээрээс хот хүрээнээ авчирч гэр орондоо суулган, эрдмийн их өглөг хайрласан ачийг нь насад үл мартнам. Баянхонгор гарын таван хуруу шиг цөөн академичтайн нэг нь академич, шинжлэх ухааны доктор, профессор Барнасангийн Пүрэвсүрэн юм. Академич Б.Пүрэвсүрэн бол Монголын Химийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, ШУА-ийн дэргэдэх химийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Байгаль орчны сайдын дэргэдэх эрдэмтний зөвлөлийн гишүүн зэрэг олон сонгуульт ажилтай нэгэн. Заг сумаас шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Бямбажавын Пүрэв-Очир, нийгмийн ухааны доктор, профессор, гавьяат багш Сүрэнхорлоо, эдийн засгийн ухааны доктор Юмдалын Адьяа, Баясгалангийн Ганбат, шинжлэх ухааны доктор, профессор Жанцангийн Бат-Ирээдүй, Болдуухайн Оюун-Эрдэнэ, газар зүйн ухааны доктор Жанчивын Авхинсүх, гео экологийн ухааны доктор Пунцагийн Чимэд, Ламчингийн Мөнхнасан, физикийн ухааны доктор Хундангийн Отгонбат, ХАА-н ухааны доктор Балжиннямын Цэдэнбал, анагаах ухааны доктор Цэнд-Аюушийн Алтансүх, техникийн ухааны доктор Пүрэвдашийн Мөнхтуяа, малын гавьяат эмч Лувсангийн Доржсамбуу, хүний гавьяат эмч Доржийн Шаравнямбуу нарын бахархалт олон хүн төрөн гарчээ. Монголдоо төдийгүй дэлхийд үнэлэгдэж “Дэлхийн шилдэг удирдагч” цолыг хүртэж байсан хорьдугаар зууны дэлхийн шилдэг сэхээтэн Намбарын Түмэнжаргал, дэлхийн шилдэг удирдагч “Тэрэлж жуулчин” компанийн захирал Доржхорлоогийн Бямбасүрэн нараараа Загийнхан бахархдаг. Н.Түмэнжаргал эдүгээ говийн баавгай мазаалайг хамгаалахын төлөө мэдлэг чадвараа зориулж явна.

Энэ нутгаас улсын аварга малчин гэхэд арван хоёр, алтан хурганы эзэн нэг, аймгийн аварга малчин хорь гаруй, спортын мастер найм, дэд мастер тав, улсын алдарт уяач хоёр, аймгийн алдарт уяач арван зургаа, Сүхбаатарын одонтой долоо, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой хүн арван найм, Алтан гадас одонтой 76 хүн төрсөн байх жишээний. Буянт сүргийн эзэд маань энэ онд малаа таван төрлөөр өсгөж 173 мянган мал тоолуулжээ. Саяхан Заг сумынхан нутгаа сурталчлах соёлын өдөрлөгийг Баянхонгор аймгийн төвд нижгэр зохион байгуулав. Аймаг, сумдын удирдлагын санаачлага дор соёлын өдрүүдийг “Заг сайхан нутгийнхаа түүх, домгийг хэн сайн мэдэх вэ” уралдаан, сургалт сурталчилгааг түүх нийгмийн багш, сургалтын менежер Д.Ариунтунгалагаар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулсан нь залгамж хойчид оюуны гэрэл тусгасан үйл явдал болж. Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсангийн нэрэмжит хүүхдийн яруу найргийн тэмцээнийг Баянхонгор аймгийн “Номун далай” цогцолбор сургууль дээр хоёр үе шаттай явуулж, сүүлийн шатанд 62 сурагч оролцон Баян-Өндөр сумын сурагч, улсын “Хүрэл тулга” яруу найргийн наадмын тэргүүн шагналт өсвөрийн найрагч А.Жадамба, ахлах ангийн ангилалд “Соого Сейко” сургуулийн сурагч, яруу найрагч Дагдангийн Тунгалаг нар тэргүүлэн, дэд байрт Заг сумын сурагч Н.Баярмаа, “Номун далай” сургуулийн сурагч Д.Азжаргал нар, гутгаар байрт “Эрдэнэмандал” ахлах сургуулийн сурагч Х.Сумъяабазар, “Номун далай” сургуулийн сурагч С.Гантуяа нар шалгарч ардын уран зохиолч Билгүүн номч Бямбын Ринчений тухай ном, мөнгөн шагналын эздээр тодорлоо. Ерэн насны даваа өөд мацаж яваа өвгөн найрагч Хонгор нутгийнхаа ирээдүй болсон найрагч охид, хөвгүүдэд дэлхийн таван хэлнээ орчуулагдсан “Өгсүүр замын дуу” ганц шүлгийн номоо гардуулахдаа монхорынхоо хажуу дахь ёнхорт баярын сувд гялалзуулж байсныг дурдах нь зөв байх. Мөн “Гэр бүлийн боловсрол-Гэр бүлийн аз жаргал” илтгэлийг Заг сумын уугуул, “Улаанбаатар” их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, шинжлэх ухааны доктор, профессор Болдуухайн Оюун-Эрдэнэ уншлаа. Хүүхдийн “Тэмүжин” театр дүүрэн сонсогчид оролцож төр улсын тулгуур болох гэр бүлийг аз жаргалтай байлгах чухал хэрэгцээтэй сургалтыг халуун дулаан уур амьсгалаар хүлээн авч сонслоо.

Тэрчлэн шатрын спортын дэд мастер, аймгийн хоёр удаагийн аварга Эрдэнэцогтын Мөнхбаяр, 100 буудалт даамны дэд мастер, аймгийн шатрын дөрвөн удаагийн аварга Доосүрэнгийн Мөнхзаяа нарын нэрэмжит шатрын тэмцээн насны хоёр ангиллаар болж, 60-аас дээш насны ангилалд 26 шатарч оролцон тэргүүн байрт М.Доосүрэн, удаад Л.Энхсайхан, гутгаарт Б.Лхагвасүрэн, 18-59 насны ангиллын тэргүүн байрт спортын мастер Ц.Одонгэрэл, хоёрдугаар байрт О.Хадбаатар, гуравдугаар байрт П.Баттүвшин, эмэгтэй шатарчдын нэгдүгээр байрт Д.Амарсанаа, удаад Д.Хандсүрэн, гуравдугаарт Т.Наранцэцэг нар орлоо. Монгол Улсын мэргэн Шагдарын Мөнх-Одын нэрэмжит шагайн харваан тэмцээний цуваа харвааны төрөлд нийт 117 харваач оролцсоноос Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын мэргэн Оргодолын Загдсүрэн түрүүлж, Баян-Овоо сумын харьяат, аймгийн хурц мэргэн Доржсэмбээгийн Цэдэвсүрэн удаалан, Шинэжинст сумын харьяат, Монгол Улсын мэргэн Бум-Очирын Батбаяр гурваллаа. Багийн харваа төрөлд 13 багийн 117 харваач оролцсоноос тэргүүн байрт Баянцагаан сумын харьяат, Монгол Улсын мэргэн Сүхдалай ахлагчтай баг, хоёрдугаар байрт Шинэжинст сумын харьяат Монгол Улсын хошой мэргэн Бүрэнтулга ахлагчтай баг, гуравдугаар байрт Заг сумын уугуул, Монгол Улсын мэргэн Шагдарын Мөнх-Од нарын баг шалгарлаа. Аймгийн хурц арслан самбо, жүдогийн спортын мастер Баасангийн Баасанбат, аймгийн арслан М.Батсуурь, аймгийн арслан, жүдогийн спортын мастер Б.Баярсайхан, аймгийн арслан Даваажанцангийн Батбаяр, цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох нарын нэрэмжит Үндэсний бөхийн барилдаан тавдугаар сарын 24-ний морь цагт ёслол төгөлдөр эхэлж, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Заг сумын Засаг дарга Д.Мөнхнасан, ИТХ-ын дарга Т.Нямжаргал нар үг хэлж Аймгийн арслан Б.Баасанбат, Б.Баярсайхан, Д.Батбаяр, цэргийн арслан Д.Цэрэнтогтох, аймгийн заан Жуухааны Баянжаргал, Дагвын Сайнбилэг нарт гүн хүндэтгэл үзүүллээ. Арслангуудын нэрэмжит барилдаанд аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүү түрүүлж, цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох үзүүрлэн, шөвгийн дөрөвт аймгийн арслан Чойжингийн Баасанбат, аймгийн заан Батбаярын Жамбалдорж нар үлдэж уран мэхийг уралдуулж, үнэн хүчийг үзлээ.

Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Юнрэнгийн Мөнхжингийн нэрэмжит үндэсний сурын харваанд улс, аймгийн цолтой 11, залуу харваач 33, өсвөрийн харваач 19, нийт 63 харваач цэц мэргэнээ сорин оролцсоноос насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Б.Амартүвшин тэргүүлж, дэд байрт Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат Шүүхийн шинжилгээний харваач, аймгийн хошой мэргэн Б. Мөнх-Эрдэнэ, гуравдугаар байрт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат залуу харваач Ц.Төмөрчөдөр, дөрөвдүгээр байрт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат нэгдүгээр зэргийн харваач Б.Лхамсүрэн, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат аймгийн мэргэн Н. Баяртайван, эмэгтэй төрөлд Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, “Эрдэм” ахлах сургуулийн харваач Ш. Гавьяасүрэн түрүүлж, аймгийн дархан мэргэн Н.Наранжаргал, спортын дэд мастер Л.Мөнхзаяа, Ж. Хашбат, Б.Мөнхшүр удаахь байруудыг эзэлсэн бол хөвгүүдийн төрөлд А. Билгүүнбаяр түрүүлж, О.Бат-Итгэл, Л.Баттулга, Очирхандын Билгүүнтөгөлдөр, Л.Өсөхбаяр шагналт байруудад орлоо. Охидын төрөлд Х.Мөнхжин түрүүлж, Т.Азжаргал, А.Мөнхжин, О.Саруул, Ж.Халиун нар цэц мэргэнээ сорьж үзэгч олныг баясгалаа. Эндээс нэг зүйл анзаарахад Үндэсний сурын спорт сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа нь тодорхой байв. Волейболын спортын мастер, 2017 оны софт волейболын улсын аварга Жуухааны Ганчулууны нэрэмжит тэмцээнийг дөрвөн насны ангиллаар зохион байгуулснаас 60-аас дээш насны тэргүүн байрт “Хонгор хайрхан” О.Баатарсүрэн ахлагчтай, дэд байрт Заг сумын Д.Шаравнямбуу ахлагчтай, гуравдугаар байрт “Боргиот” М.Долгорсүрэн ахлагчтай багууд, 50-59 насны тэргүүн байрт Биеийн тамир спортын газрын О.Дашдаваа ахлагчтай, дэд байрт Заг сумын Ж.Баянжаргал ахлагчтай, гуравдугаар байрт “Эрдэм” ахлах сургуулийн Очирбат ахлагчтай багууд орсон юм. Мөн 40-49 насны нэгдүгээр байрт “Эрдэм” ахлах сургуулийн Ж.Батсайхан ахлагчтай, дэд байрт Галуут сумын Баянмөнх ахлагчтай, гуравдугаар байрт Заг сумын Лхасүрэнгийн Ариунболд ахлагчтай багууд, 35-39 насны нэгдүгээр байрт БТСГ-ын Д.Арцад ахлагчтай, дэд байрт “Эрдэнэ мандал” ахлах сургуулийн Батцэцэг ахлагчтай, гуравдугаар байрт Заг сумын Б.Хүрэлбаатар ахлагчтай багууд шалгарлаа.

Спортын уралдаан тэмцээнүүдээс гадна Заг сумынхны бахархал болсон урлаг соёлынхон ч ая дуугаа өргөж ард олноо баясгав. Мэргэжлийн урлагийнхан оролцсон тоглолтыг баянхонгорчууд тасалбар худалдан авч үзсэн бөгөөд үнэхээр олны сэтгэлийг хөглөж, итгэлийн гэгээ хайрласан үзвэр болсон юм. Тоглолтод Ваанчиг эмчийн хүү Батзориг “Хөсөгтөн” хамтлагаа, Дашзэгвэ багшийн хүү Мөнхсайхан “Жонон” хамтлагаа, Заг сумын уугуул, алдарт тууварчин Лодойн ач хүү Г.Пүрэвдагва “Увертюра” хамтлагаа тус тус бүрэн бүрэлдэхүүнээр нь аваачин, урлагийн гайхамшгийг мэдрүүлсэн бол Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Даваасүрэнгийн Отгонжаргал, уртын дуучин Пагмадулам нар уянгат сайхан эгшиг дуугаараа Заг нутгийн олноо болон Хонгор нутгийнхнаа баясгалаа. Басхүү Загийн голоосоо хүрэлцэн ирсэн соёлын тэргүүний ажилтан Сүхбаатарын Бааст тэргүүтэй ардын авьяастнуудын “Эгшиглэнт Хүрэн бэлчир” тоглолт ч нүд баясгаж, сэтгэл хөглөм сайхан болсныг ус нутгийн хүүгийн хувьд хэлэхээс аргагүй байна. “Уяхан хийл шиг Загийн гол минь” гэж уйдашгүй залуу насандаа хэлсэн шүлэг юүгээн эл олон алдартан чуулсан тайзнаа уншаад буухын цагт тэнгэрт одсон өвгөд буурлуудын минь гэгээн харц ширтэж байх шиг цаанаа л нэг уяралтай байлаа даа.

Л.Батцэнгэл

Categories
мэдээ цаг-үе

​Б.Өсөхбаяр: Зүгээр л энэ дуугаа жаргаж дуулна гэж бодсон

“The voice of Mon­golia 2018” телевизийн шоуны шилдэг дөрвөн оролцогчийн нэг Б.Өсөхбаяртай ярилцлаа.

-“The voice of Mongolia 2018” шоунд амжилттай оролцсонд баяр хүргэе. Ер нь хэзээнээс дуулж байв. Дуунд дуртай болсон, дуулж эхэлсэн түүхээсээ хуваалцаач?

-Баярлалаа. Хамгийн анх тавдугаар ангидаа урлагийн үзлэгт дуулах гэж оролдоод шалгаруулалтанд орсон чинь солгой хоолойтой юм байна гээд хасагдсан. Ингээд хоёр жилийн дараа буюу долдугаар ангидаа санамсаргүй байдлаар сургуулийнхаа хоор дууны хамтлагт ороод анх дуулж эхэлсэн. Тэр үеэс дуунд илүү дуртай болсон.

-Аль нутгийн, айлын хэддэх хүүхэд вэ. Бага нас нь хаана өнгөрсөн бэ?

-Намайг Батсайханы Өсөхбаяр гэдэг. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд суралцдаг. Миний аавыг И.Батсайхан. Завхан аймгийн Яруу суманд төрсөн, Аймгийн заан цолтой. Харин ээжийг маань Э.Гантуяа гэдэг. Өмнөговь аймагт төрсөн, одоо нийслэлийн 62 дугаар сургуульд сургалтын менежерээр ажилладаг. Би Улаанбаатар хотод “Эх нялхас”-д төрсөн. Айлын ганц хүүхэд. Айлын ганц болохоор аав ээж хоёр маань намайг эрдэнэ минь л гэдэг юм. Аав Завханых. Ээж Өмнөговийнх болохоор би багадаа хангайн сайхан модонд, говийн сайхан элсэнд хөдөө морь унаж, хонь хариулж өссөн дөө.

-Аймгийн зааны хүү юм билээ. Аав тань бөх бол гэж байв уу. Бөхөд хэр сонирхолтой вэ?

-Би багаасаа л аавыгаа дагаад, наадмын бэлтгэлд гардаг. Аавтайгаа хамт бөх үзэж, бөхийн дэвжээгээр орж гарч өссөн. Аавынхаа үргэлжлэл, аав шигээ бөх болно гэж боддог байлаа. Харин аав болохоор намайг бөх болох хэрэггүй, бөхийн амьдрал их хэцүү гэдэг байсан. Одоо урлагаар илүү хичээллэж, урлагийн хүн болно гэж бодож байгаа. Дуулахыг минь аав, ээж хоёр маань маш их дэмждэг. Аав минь 20 настайдаа шуугиулж явсан бөх гэдэг. Би одоо 20 настай.

-Танай удамд урлагийн хүн, дуучин хүн бий юу?

-Миний өвөө, эмээ хоёр хоёулаа уртын дууг их сайхан дуулдаг хүмүүс байсан юм. Би багаасаа маш их хүсэл тэмүүлэлтэй, мөрөөдөмтгий хүүхэд байсан. Майкл Жексоны тоглолтыг үзээд гэртээ дагаж дуулаад бүжиглээд, дуурайж хувцаслаад явдаг байлаа. Мөн Жастин Биберийг харж яг түүн шиг дуучин болно гэж мөрөөддөг байсан юм. Би дунд сургуульд байхдаа Баянгол дүүргээс зохион байгуулсан чөлөөт бөхийн барилдаанд орж, түрүүлж байсан.

-“Angel” дууг дуулахад хамгийн эхлээд Болд шүүгч эргэж хараад л, шүүгчид ер нь чиний авьяасыг биширсэн, магтах сайн үг бараг олдохгүй байна гэж байсан. Тэгэхэд ямар сэтгэгдэл төрж байв?

-Надад үнэхээр сайхан байсан. Би дөрвөн шүүгчийг эргэж харуулна гэж бодоогүй, зүгээр л энэ дуугаа жаргаж дуулна л гэж бодсон чинь шүүгчид бүгдээрэ эргэчихсэн. Би шүүгч дасгалжуулагчаа сонгох гээд л додигор зогсож байхад үнэхээр сайхан байсан. Маш их сэтгэл хөдөлсөн. Үргэлж дэмждэг аав, ээж хоёртоо их баярласан.

-Яагаад тухайн үед шүүгч Ононбатыг сонгосон бэ?

-Багаасаа л найруулагч С.Ононбат ахын хийсэн бүх зүйлсийг нь үзэж шимтдэг байсан. Тийм болохоор ямар ч эргэлзээгүйгээр сонгосон. Би “Voice” шоунд орсноороо бусдыг ялах биш, өөрийгөө ялж чадсан гэж боддог. Надад дууны багш байхгүй. Бор зүрхээрээ, явсаар байгаад мундаг шүүгч дасгалжуулагчийн багт орж энэ амжилтанд хүрсэн шүү дээ.

-Маркетингийн чиглэлээр суралцдаг юм билээ. Цаашид дуугаа дуулаад, бие даасан бүтээл гаргах зэрэг төлөвлөгөөнүүд бий юу?

-Юуны өмнө намайг дэмжсэн бүх хүмүүстээ маш баярлаж байна. Бие даасан бүтээлүүд гаргана гэж бодож байгаа. Удахгүй сонсогчдынхоо сонорыг сайхан бүтээлээр баясгах болно.

-Аав нь бөх учраас Өсөхөө аваргын нэрийг чамд өгсөн юм болов уу. Нэрнийхээ учрыг тайлбарлаж өгөөч?

-Би 1998 онд төрсөн. Тэр үед зургаан залуу заан ид шуугиулж явсан юм билээ. Тэгээд Сүхбат, Сумъяабазар, Цэрэнпунцаг, Өсөхбаяр, Ганбат, Гантогтох гэсэн зургаан нэрийг будаанд хийж шигшээд, гурван удаа шигшиж, гурван удаа сугалахад, гурвууланд нь Өсөхбаяр гэж нэр гарч ирсэн юм билээ. Тэгээд л энэ нэрийг сонгож хайрласан гэдэг аав, ээж хоёр маань.

-“The voice of Mongolia” шоуны сэтгэлд тань хамгийн тод үлдсэн шалгаруулалт аль нь байв?

-Миний хувьд “Blind audi­tion” буюу эхний шат л хамгийн гоё. Дөрвөн шүүгч эргэж харна гэж бодоогүй байсан. Маш их догдолж, сандарч, бас балмагдсан.

С.Ононбат дасгалжуулагч надад бүх дуунуудыг сонгож өгч байсан. Дасгалжуулагч маань миний хоолойнд тохирсон дуунуудыг надад сонгож өгсөн.

-Өөрийг тань дэмжиж саналаа өгсөн үзэгчдэдээ юу гэж хэлмээр байна вэ?

-Хором бүрийг ажрахгүйгээр намайг дэмжиж саналаа өгч байсан бүх үзэгчдэдээ маш их баярлалаа, энэ хүртэл ингэж явахад та бүхний минь итгэл найдвар хамгийн их нөлөөлж, надад дуулах итгэлийг хайрлаж байсан юм шүү.

-Өөрийг тань дуулахаас гадна загвар өмсдөг гэж сонслоо. Хэзээнээс загвар өмсөж эхэлсэн бэ?

-2015 онд сурагч байхад манай сургууль дээр “Нийслэлийн гоо охин, Нийслэлийн жентелмен хөвгүүн” гэсэн загварын тэмцээн болох удирдамж ирж, тэнд анх удаа санаандгүй байдлаар ороод Гран при шагналыг нь авч байсан. Харин 2017 онд New Models агентлагаас зохион байгуулсан “Mongolian new super star model” гэсэн тэмцээнд ороод “Шилдэг эрэгтэй модель” шагналыг хүртсэн.

Н.ГАНЧИМЭГ