Categories
мэдээ цаг-үе

Ганцаардмал амьдралыг таалдаг яст мэлхий

Дэлхий дээр мөнхийн гэмээр урт настай амьтан тун цөөн байдаг. Тэдний нэг нь яах арга гүй далайн яст мэлхий. Яст мэлхий 300-400 жил насалдаг болохыг эрдэмтэд хэдийнэ тогтоосон. Түүнчлэн амь бөхтэй амьтан. Зүрхийг нь салгачихаад байхад хоёр өдрийн турш буюу 48 цаг зогсолтгүй цохилж чаддаг гайхамшигтай чадвартай ажээ. Яст мэлхийний урт насалдаг нууцыг эрдэмтэд олон жилийн турш судалж байна. Үүний дүнд хэд хэдэн дүгнэлт хийжээ. Тэдний амьдрал бүхэлдээ амар тайван, нам гүм орчинд өнгөрдөг. Байнга хөдлөөд, яваад байдаггүй яст мэлхийнүүд түм түжигнэсэн орчлонгоос ямагт хол байхыг хичээдэг байна. Нэг ёсондоо тэд ганцаардмал амьдралыг илүүд үздэг аж. Тиймдээ ч бодисын солилцоо нь бусад амьтныхаас хэд дахин удаан явагддаг нь урт наслах бас нэг нууц нь юм. Мөн энэ амьтан өөрт хуримтлагдсан энергиэ хэмнэх онцгой чадвартай. Угаас тэд хоол хүнс голдоггүй. Голдуу өвс ургамал иддэг ч заримдаа усны амьтан зооглох нь бий. Яст мэлхий одоогоос 250 сая жилийн өмнө бий болсон гэж үздэг. Тэр үеэс хойш хоёр баг болж арванхоёр бүлд хуваагдсан. 230 орчим төрлийн яст мэлхий манай дэлхийн тэнгис далай, хуурай газар аж төрдөг болжээ.Түүний хуяг гайхалтай нууцлаг бөгөөд хэн хүний анхаарлыг байнга татдаг аж. Ялангуяа далайн яст мэлхийн хуяг хуурай газрынхаас бүр том, хоёр метр урт, 900 гаруй кг хүнд. Хэвлээр явагч энэ болхи амьтны хуягийн хэлбэр дүрс амьдралынх нь хэв маягаас шалтгаалан янз бүр байдаг. Тухайлбал, хуурай газрын яст мэлхийн хуяг босоо, өндөр бол цэнгэг усных хавтгай хэлбэртэй. Хуяг нь түүний хэтэрхий зөөлөн арьсыг хамгаалах үүрэгтэй. Тийм ч учраас яст мэлхий айхаараа хуягандаа нуугддаг. Түүний хуяг нь дээд, доод хоёр хэсгээс бүтдэг бөгөөд хоорондоо ясаар холбогддог байна. Яст мэлхийн хуяг нь наслах тусам хатуурдаг гэдэг. Зарим үед яст мэлхийнүүд далай тэнгисээр хоол тэжээлгүй хэдэн зуун бээр аялах тохиолдол гардаг. Энэ үед тэд яг л өвөл ичээндээ орсон амьтан шиг юу ч идэлгүй олон хоногоор явна. Мөн бодисын солилцоогоо, биедээ хуримтлагдсан шим тэжээлт зүйлийн гадагшлах явцыг багасгадаг байна. Аливаа амьд биет, амьтдад хүчилтөрөгчийн чөлөөт орчин гэж байдаг аж. Энэ орчны хэмжээ ихсэх, эсвэл өөрчлөлт гарсантай холбоотойгоор судас хатуурах, дархлаа буурсан хүмүүст янз бүрийн өвчин эмгэг үүсэх аюултай. Харин яст мэлхийд хүчилтөрөгчийн чөлөөт орчныг тэнцвэржүүлэх, илүүдлийг устгадаг чадвар бас байдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь яст мэлхийний амьсгалын тогтолцоотой холбоотой. Энэ амьтны хавирга хооронд булчин гэж байхгүй. Иймд амны хөндийн доод талын булчингийн агшиж сунах хөдөлгөөн, толгой хөлний болон уушгины тэлэх үйл явцаар дамжуулан амьсгалдаг юм байна. Амьсгалын энэ тогтолцоо нь түүнийг урт наслуулах гол хүчин зүйл болдог хэмээн үзэх нь бий. Түүнчлэн Хятадын уламжлалт хийн дасгалуудын нэгд яст мэлхийний амьсгалыг дуурайсан хөдөлгөөн байдаг юм.

ЯСТ МЭЛХИЙГ ТЭЖЭЭХ БОЛ ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?

Яст мэлхий урт насалдаг, хүний амьдралыг баян чинээлэг болгодог ээлтэй амьтан хэмээн үзэж хүмүүс яст мэлхийг хүндлэн шүтэж, зарим хүмүүс гэртээ тэжээдэг юм. Удаан болхи ч хүнд гэм хоргүй амьтан. Түүнд бусдыг хазах ч шүд байдаггүй. Гэтэл гэрийн эзэд түүнийг шувуу загасны адил халамжлах ёстой гэдгийг мартчихдаг. Юуны өмнө яст мэлхий хүйтэн цустай амьтан гэдгийг сана.

Тэд бас өвлийн улиралд буюу хүйтэнд яснаасаа дургүй гэж хэлж болно. Усны яст мэлхий тэжээж эхлэх гэж байгаа хүмүүс нэлээд зүйлийг анхаарахад илүүдэхгүй. Аквариум дотроо хуурай шороотой байх хэрэгтэй. Энэ усны түвшинээс дээш гарсан чулүу ногоон ургамал байж болно. Тэгээд мэлхий дуртай үедээ уснаасаа гарч хуурай газар байна гэсэн үг. Мөн усны температур хамгийн чухал. Өдөр нь 27-30 хэмийн халуун харин шөнө нь усны темпаратур нь 21 хэмээс доошгүй байна. Мөн өдөр дээрээс нь гэрлээр шарж өгөх хэрэгтэй. Гэрлээ дэндүү ойрхоноос шарж болохгүй. Дулааныг тогтмол байгаа эсэхийг шалгах термометртэй байх хэрэгтэй.

Хамгийн чухал зүйл нь усыг өдөрт солих хэрэгтэй. Том аквариумтай усны бохирдох нь бага бол 2-3 хоногт нэг удаа солино. Усны мэлхий өөрөө уснаасаа уудаг учраас ялгадастай бохир ус уусан үед амархан өвддөг.

Мөн бохир усан дээр хийсэн хоол идсэнээс амархан өвдөх шалтгаан болдог. Хоолыг нь усаа сольсоны дараа аль болох цэвэрхэн байх үед нь өдөрт нэг удаа өгөхөд хангалттай.

Хуурай газрын мэлхийг тэжээхдээ хамгийн гол анхаарах зүйл нь түүнд зориулсан тусгай шилэн хорготой байх нь нийцтэй. Шилэн дотроо зөөлөн торгон элс дэвсч өгөөд, 28-30 градусын дулаан орчин бүрдүүлбэл сайн. Хэрвээ даарвал хоолоо идэхгүй болдог. Тэгээд ч яст мэлхий дулааны улиралд идэвхжиж, намар эрч хүч нь саардаг. Өвөл болохоор нойр нь ихэсч ичдэг тул түүнийг сэрээх гэж яарсаны хэрэггүй. Зуны цагт наранд аль болох их байлгаж, өвс ногоон дээгүүр гүйлгэж байх нь чухал аж. Түүнийг хааяа угааж болно. Мөн Д витамин өгч бяслаг, усан үзэм, шийгуа, алим, чанасан төмс, ургамлын навч, борооны дараа гарсан нойтон өтөөр хооллож байвал насыг нь уртасгана. Хэрэв мэлхийгээ арчилж тордож чадахгүй бол түүнийг гэрийн тэжээмэл амьтан болгох гэж яарсны хэрэггүй.

Эр яст мэлхий нь хуягнаасаа илүү гарсан урт сүүлтэй мөн доод талын хуяг нь илүү их хонхор байдаг. Энэ нь эм мэлхийтэйгээ нийлүүлэгт ороход зохицолдсон юм.

Эм мэлхий нь богино сүүлтэй хуягнаасаа ил гараагүй мөн доод хэвлийн талын хуяг нь хавтгай байдаг.

Яст мэлхийг зориулалтын хоолоор хооллох хэрэгтэй. Зарим тохиолдолд зориулалтын хоолны оронд махыг кальцитай хольж өгвөл илүү дээр байх нь бий. Мөн навчлаг ногоон ургамал буюу байцаа өгнө.

Ямар ч амьтан тэжээж байгаа үед бид нарт ямар нэгэн хэмжээгээр өвчин халддаг. Жишээ нь, нохой гэхэд л арьсны янз бүрийн халдвар элбэг. Мэлхийнээс цусан суулга өвчин халдах боломжтой. Ялангуяа бага насны хүүхдүүд гараа сайн угааж байх хэрэгтэй.

Яст мэлхийний үржил төллөлт нь ямар төрлийн мэлхий гэдгээсээ хамаараад өөр өөр байдаг. Гэхдээ жилд нэг удаа өндөглөдөг. Өндөгтөө зориулж үүр бэлтгэдэг өндөг гарснаас хойш дунджаар 60-80 хоног болоод мэлхий болдог. Нэг сонирхолтой мэдээлэл гэвэл өндөгнүүдийг гарсны дараа 20-30 градусын хэмд тогтмол байлгахад бараг 100 хувь нь эр мэлхий болдог. Харин 24-26 градусын хэмд байлгахад бараг 100 хувь нь эм мэлхий болдог гэсэн судалгаа байдаг. Халуу, хүйтнээс шалтгаалж эр, эм хүйстэй болж өөрчлөгддөг гэхээр бас л сонин шүү. Нэгэн сонирхолтой түүх хүүрнэхэд Хятадын Ченгду хотын амьтны хүрээлэнгийн ажилтнууд үхлийн аюултай тулгарсан Дабао яст мэлхийг аврахаар рентген туяанд харуулжээ. Гэтэл яст мэлхий хэвлийдээ 14 ихэр өндөг тээж буйг илрүүлсэн нь малын эмч нарыг мэл гайхшруулсан байна. Ийм олон өндгийг аварч чадахгүй гэж айж байсан юм. Бүтэн хоёр цаг хагалгаа хийсний дараа 14 өндөг гаргаж авсан ажээ. Гэхдээ өндөгнүүдийг нь аврахын тулд яст мэлхийний хэвлийг онгойлгосон тул өөрөө үхжээ. Мөн нэгэн жишээ дурдахад, усан оргилуурт зоос шидэх нь аз авчирдаг гэх мухар сүсэг түгээмэл байдагтай холбоотойгоор Тайландын нэгэн яст мэлхийн бие муудахад ходоодноос нь 915 зоос гаргаж байсан гэдэг.

ЯСТ МЭЛХИЙНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот хааш хаашаа дөрвөн километр үргэлжилсэн хэрмээр хүрээлүүлж байв. Уг хэрмийн тал бүрт чулуун мэлхий байсан нь өнөөдөр ч Эрдэнэзуу хийдийн ойролцоо хадгалагдан үлджээ. Энэхүү дөрвөн яст мэлхийг Хархорум хотын сахиус хэмээн тухайн үеийн монголчууд хүндлэн, шүтдэг байсан талаар сурвалж бичигт бичсэн байдаг. Дорно дахины ард түмэн эртнээс яст мэлхийг гэрэлт хөшөөний суурь болгон өнө удаан жаргалын бэлгэдэл хэмээн шүтэж байв. Харин монголчуудын хувьд “Манай гариг аварга том яст мэлхийний нуруун дээр оршдог ба дэлхийг аюул ослоос хамгаалдаг” хэмээн домгийн амьтан мэтээр шүтдэг байжээ.

Энэ домгоос сэдэвлэн Хархорумын дөрвөн талд чулуун яст мэлхий тавьж хотоо аливаа аюулаас хамгаалдаг байсан гэдэг. Манай улсад яст мэлхийний цуглуулга ихтэй хүмүүс цөөнгүй бий. Тэдний нэг болох Төрийн соёрхолт, зураач С.Саранцацралтын цуглуулганд 100 гаруй яст мэлхий байдаг гэсэн. Яст мэлхий гэхээр бидний бодолд ногоон хуягтай, орчин тойрныхондоо ямар ч хор уршиггүй амьтан төсөөлөгддөг. Тэгвэл бүх яст мэлхийнүүд тийм биш юм байна. Эдгээрийн нэг болох нэгэн өвөрмөц мэлхийг Өмнөд Америкийн Амазон болон Ориноко голд байдаг гэнэ. Эрдэмтэд үзэхдээ Мата-мата нь цацраг идэвхт бодис ашиглан хийж байсан туршилтуудын үр дүнд үүссэн гэсэн таамаг дэвшүүлж байгаа аж. Гэвч энэ бол зөвхөн таамаг бөгөөд үнэндээ бол дэлхийн бас л нэг өвөрмөц, нээж илрүүлж хараахан амжаагүй байсан амьтны нэг төрөл болов уу. Энэхүү Мата-мата яст мэлхий нь 50 см урт, 10 кг жинтэй гэнэ. Энэ төрлийн яст мэлхийг дэлхий дээр ердөө л 31 ширхэг байдаг гэсэн судалгаа бий. Ихэвчлэн тэд өмнөд хэсэгт Австрали, Шинэ Гвиней болон Өмнөд Америкт байрладаг байна. Яст мэлхийний тухай бас нэгэн сонирхолтой зүйлийг хэлэхэд яст мэлхий усан дор байхдаа өгзөг рүүгээ амьсгалж чаддаг гэнэ. Яст мэлхий бэлгэдлийн шинж чанартай хүн төрөлхтний оюун санаанд эртнээс шүтэгдэж дээдлэгдэж ирсэн нь бас учиртай юм. Түүний булчинлаг хөл, урт хумстай савар, хурц шүд бүхий том ам нь лууных байж болмоор ижил харагддаг. Хөл хуяг хоёрыг нь галын дөл мэт хээ гаргаж холвон зохиомжилж дүрслэн могой ч юмуу гэмээр байдаг. Биеийнх нь дунд хавтангууд буй хавтангууд зургаан булантай, зууван хэлвэртэй, дээгүүр нь сувдан хэлхээ мэт гол зураас гаргасан байна. Яст мэлхийнүүд бүгд нурууныхаа голд тэгш дөрвөлжин оруулга нүхтэй, дээр үед тэрхүү нүхэнд нь бичээс сийлсэн чулуу суурилуулдаг байжээ. Хятадад яст мэлхийг их бэлгэ дэмбэрэлтэй амьтанд тооцдог. Бүр Христийн тооллын хоёр мянган жилийн өмнөх домогт Шан “Shang” улсын үед яст мэлхийн хуягийг мэргэ төлөг тавих хэрэгсэл болгож байжээ. Түүнээс гадна, яст мэлхий нь ертөнцийн дөрвөн зүгийг илэрхийлэгч дөрвөн амьтдын нэг бөгөөд бөгөөд могойн хамтаар “Умардын хар дайчин” болохын зэрэгцээ луутай хамт эр чанарыг бэлгэддэг. Мөн яст мэлхий нь усны амьтан бөгөөд Таван Махбодийн усны бэлгэ тэмдэг нь яст мэлхий учир усны аюул ослоос хамгаалахын үүднээс самардуулан байрлуулдаг гэж үздэг. Яст мэлхий ус хоолгүйгээр хэдэн сараас хоёр жил хүртэлх хугацаагаар байж чаддаг.

Яст мэлхий бол маш тэвчээртэй, амь бөхтэй амьтан. Тэдний дархлааны систем нь төрөл бүрийн халдвартай сайн тэмцэж чаддаг, гэмтэл шарх нь маш хурдан эдгэрдэг байна. Бас нэг сонирхолтой зүйл нь яст мэлхий зүрхний цохилтоо зогсоож, хэрэгтэй үед ажиллагаанд оруулж чаддаг. Зүрхээ зогсоосон яст мэлхий огт хөдөлдөггүй байна. Энэ үед яст мэлхийг яаж ч цочоосон огт хөдлөхгүй үхсэн мэт байдаг. Яст мэлхийг бүр үлэг гүрвэл бий болохоос өмнө үүссэн гэсэн таамаглал ч байдаг. Тэдний огт өөрчлөгддөггүй, хувьсдаггүй нь амьд организмын хувьд хачирхалтай үзэгдэл нь байгаль эх үнэхээр өөрийн зохицолдоогоор бүтээсэн мэт санагдана. Иймээс л тэд ямар ч нөхцөлд дасан зохицож, олон жил амьдрах чадвартай байдаг биз.

Б.ОДМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерээд оны Монголын контемпорари урлагийн алтан хараацайнуудын үзэсгэлэн дахин дэлгэгдлээ

Монголын уран зургийн галерейд бямба гаригт “Эхлэл” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Монголын контемпорари урлагийн “Эхлэл”-ийг харуулсан уг үзэсгэлэнгийн куратораар Ардын зураач Н.Цүлтэмийн бага охин, урлаг судлалын ухааны доктор М.Уранчимэг ажилласан юм. Уг үзэсгэлэн түүний кураторын 25 жилийн ойтой давхацжээ.

“Эхлэл” үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар ажилласан Ц.Уранчимэг нээлтийн үеэр ийнхүү ярьсан юм.

-“Эхлэл” үзэсгэлэнгээрээ энэ гайхалтай уран бүтээлчдийн бүтээлийг толилуулъя гэж бодсон маань учиртай. Контемпорари урлаг хүчээ авч байна. Энэ залуус контемпорари гэж нэр томъёо монгол хэлэнд ороогүй байхад 1989 онд энэ урсгалыг эхлүүлж байсан юм. Энэ түүхийг залуус мэдэхгүй байна. Би судлаач хүн учраас энэ мартагдсан түүхийг үзэгчдэд сануулах, танилцуулах хэрэгтэй гэж бодсон юм. Та бидний гучаад жил үзээгүй эдгээр уран бүтээлийг дахин дэлгэн харуулж байгаадаа баяртай байна. Ардчилсан хувьсгал Монголд зөвхөн улс төр эдийн засгийн хүрээнд явсан юм биш. Улс төртэй огт холбоогүй, чөлөөт сэтгэхүй, болон өөрийн үзэл бодлоороо ялгарч, урлагийн талаарх ойлголт (концепци) нь тухайн нийгмийнхээ хүлээсэнд баригдахгүй болсон хэдэн залуу уран бүтээлчид Монголын контемпорари урлагийн эхлэлийг тавьсан юм. Г.Эрдэнэбилэг, Ё.Далх-Очир, Б.Гансүх, С.Машбат, С.Баянмөнх, Б.Вандан, З.Өсөхбаяр, М.Хуяг-Очир нар 1989-1990 оны үед “Ногоон морь” гэж анхны нийгэмлэгээс гадна “Тэнгэр”, “Сита арт”, “Эго арт”, “Шинэ урлагийн холбоо” үүсгэн байгуулж, урлагийн шинэ тунхаг зарлаж явсан түүхтэй гэлээ.

Зураач С.Машбатын “Дөнгөтэй бүжиг” зураг “Эхлэл” үзэсгэлэнд тавигдсан нь содон үзэгдсэн. Тэрбээр 1990 онд “Бухимдал” зургаараа нийгмийнхээ бухимдлыг илэрхийлж явсан уран бүтээлч.

С.Машбат хэлэхдээ “Бухимдаад л зураад байсан. Зогсонги үеийг бид эвдсэн. “Ногоон морь” нийгэмлэгийнхэн “Тунхаг” гаргаж байлаа. Бид эхлэл гэж хэлэхэд хэцүү. Монголын дэвшилтэт зураачдын хийсэн ажлыг бид үргэлжлүүлсэн” гэв.

-Тухайн үед үзэгчид та бүхний уран бүтээлийг яаж хүлээж авч байсан бэ?

-Ардын зураач Л.Гаваа, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чогсом нар дэмжсэн. Бусад нь надтай муудсан. Заримтай нь бүр барилцаж авч явлаа. Биднийг ад үзэж байсан хүмүүс сүүлдээ хайртай болсон л доо. Ний нуугүй хэлэхэд бид жаахан эрт илүү сэтгэж байсан юм болов уу гэж бодогдож байна гэлээ.

Зураач Б.Вандан үзэсгэлэнгийн нээлтэд олуулаа ирсэн байлаа.

-Таны“Нэг алхам” гэж зураг их таалагдлаа. Тухайн үеийн зогсонги нийгэмд зоригтой, шинэлэг байж чадсан уран бүтээлчид гэж та бүхнийг тодорхойлж байна?

-Тухайн үед социалист реализм хүчтэй юм байлаа. Цензуртэй. Бидний бүтээлүүд тавигддаггүй. Манай “Тэнгэр” нийгэмлэгийнхэн өөрсөддөө л зориулж зурж байсан. Манай зураачид ихэвчлэн Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн хүмүүс. С.Дондог багшийн шавь л даа, би. Тэр үед мэдээлэл ховор. Гадаадын сэтгүүлээс мэдээлэл авч байсан. Сальвадор Дали гэхээр хөрөнгөтөн орны зураач гэдэг. Хийсвэр урлаг зурлаа гэдэг байж. Тэд бидэнд сонин. Хүн хаалттай нууцлаг юмыг их сонирхдог юм билээ.

Тухайн үед биднийг маш их шүүмжилдэг байлаа. Ер нь шинэ юмыг хүмүүс тэгж л хүлээж авдаг. “Та нар өөрсдөө хийж байгаа юмаа ойлгохгүй байна” гээд янз бүрээр л шүүмжилдэг байсан. Энэ чиглэлийн ном ч ховор байж. Бид чинь нарийндаа бол дуурайх маягтай л эхэлсэн. Сүүлдээ аяндаа өөрийн үзэл бодолтой болж эхэлж байгаа юм л даа. Тэр үед оросын школоор зурж байсан гэв.

-Гучин жилийн өмнөх зургуудаа эргээд харахад ямар сэтгэгдэл төрж байна?

-Сонин байна. Хаалттай үед ингэж сэтгэж байна гэдэг бас л өвөрмөц сонин л харагдаж байна. Тухайн үедээ сонин сэтгэсэн юм байна гэж бодлоо гэв. (инээв)

Үзэсгэлэнгийн нээлтэд БСШУСЯны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн оролцож үг хэлсэн юм.“1989 он Монголд ямар нийгэм байсан билээ. Монголчууд ямар ч бэлтгэлгүй мөртлөө зоригтойгоор шинэ нийгэмд орж чадсан. Тэр үед урлагийн салбар хүндхэн байдалтай зах зээлд шилжиж байлаа. Эдгээр хүмүүс гучин жилийн өмнө залуухан зоригтой, эрч хүчтэй шинэчлэл хийсэн. Өнгөрсөн гучин жилд монголын урлаг дүрслэх урлаг, дүрслэлээр илэрхийлэгддэг тайзны урлагт ямар их өөрчлөлт гарсныг та бүхэн мэдэж байгаа. Эдгээр уран бүтээлчид энэ өөрчлөлтийн эх үүсвэрийг тавьж, бидний өнөөдрийн чөлөөтэй сэтгэх, сэтгэлгээний орон зайн цоожийг зоригтойгоор нээж өгсөн шонхорууд юм. Гайхамшигтай уран бүтээлчдийн дэргэд гайхалтай эмэгтэйчүүд байдаг. Өнөөдрийн гол баатруудын нэг нь урлаг судлаач Ц.Уранчимэг юм. Мэргэжлийн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг, боловсрол, судлаачийн ажил, туршлагаараа, гэрийн хүмүүжлээрээ Цүлтэмийн Уранчимэгийн зиндаанд хүрсэн дэлхийнд данстай куратор цөөн билээ. Би өөрөө балетийн бүжигчин хүн. Монголд анх удаа контемпорари урсгалын балетын тоглолт хийж байсан. Эдгээр уран бүтээлчидтэй бүгдтэй нь хамтарч ажиллаж байлаа. Эд маань байгаагүй бол бид өнөөдрийн түвшинд хүрэх байсан болов уу гэж боддог шүү” гэж тэрбээр хэлсэн.

Үүргэвчтэй аялагч, “Шар айраг”ийн Г.Ганхүү нээлтийн ёслолыг хөтөлж, “Appleпродакшн хамтран зохион байгуулжээ.

“Эхлэл” үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар сити тур” автобуснууд хот орчмын аялалдаа гарлаа

Өнгөрсөн 4-р сард НИТХ-аас баталсан “Сити тур” төслийн хүрээнд нийслэлд хотод гадаад, дотоодын жуулчдад үйлчлэх, аялал жуулчлалын нэг төрлийг хөгжүүлж нэвтрүүлэх зорилгоор Улаанбаатар хот дотор болон хотын орчимд аяллын автобус явуулахаар болсон.
Өчигдөр нээлтээ хийсэн “Улаанбаатар Сити тур” автобуснууд өнөөдрөөс хот орчмын үйлчилгээндээ гараад байна. Улаанбаатар хотыг илэрхийлэх шинэ брэнд үйлчилгээ болох энэ төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн бусад улс орнууд хотын аялалаар дамжуулан улс орноо сурталчилдаг байдлыг судалж, аяллын маршрут хөтөлбөр гаргаад байгаа бөгөөд “Улаанбаатар Сити тур”-ын аялал нь дотроо гадаад, дотоодын жуулчдад зориулсан, хот доторх болон хот орчмын гэсэн 4 хөтөлбөрөөс бүрдэж байна. Жишээ нь, гадаадын жуулчдад зориулсан хот доторхи аялал нь Д.Сүхбаатарын талбайгаас эхэлж Гандантэгчэнлин хийд Мэгжиджанрайсиг, Үндэсний музей, Сөүлийн гудамж, Зайсан толгой, Зөвлөлтийн дайчдын хөшөө, Богд хааны ордон музей, “Говь” ХК-ийн нэрийн дэлгүүр хүртэл аялах юм. Тэгвэл гадаадын жуулчдад зориулсан хот орчмын аялал нь мөн Сүхбаатарын талбайгаас эхэлж Улаанбаатар-Цонжинболдог чиглэлд Дулмаалин хийд, Цайны замын хөшөө, Чингис хааны морьт болон Тоньюкукын гэрэлт хөшөө үзэх юм.
Гадаадын жуулчдаас гадна аялалын автобус нь дотоодын иргэддээ үйлчлэх бөгөөд дунд сургуулийн сурагчдаас аваад оюутан залуус, мөн ахмад настнуудад зориулсан аялалын хөтөлбөр гаргажээ. Ингэснээр гадаадын жуулчдаас гадна нийслэлчүүд болон хөдөө орон нутгийн иргэд 379 жилийн түүхтэй нийслэл хотынхоо түүхэн дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой болох юм. Дотоодын маршрутад Үндэсний номын сан, хотын сүм, музейнууд, АСЕМ Вилла цогцолбор, Дамбадаржаалин хийд,” АПУ”, “ТЭСО” зэрэг томоохон үйлдвэрүүдтэй танилцах аялал багтжээ.
Үйлчилгээний төлбөрийн хувьд гадаадын жуулчдад зориулсан аялал 25-40 мянган төгрөг бол дотоодын аялал оюутан сурагчдынх 20 мянга, ахмад настнуудынх 15 мянга, захиалгат аялалынх 40 мянган төгрөг байхаар урьдчилсан байдлаар тооцсон нь өдрийн болон хагас өдрийн аялал гэсэн ялгаатай. Захиалгат аялалд Горхи Тэрэлж, Манзуширийн хийд, Чингисийн хүрээ, Хустайн нурууны байгалийн цогцолборт газар, Аглаг бүтээлийн хийд оржээ.
“Сити тур” аялалд АСЕМ-ийн чуулга уулзалтын үйлчилгээнд явж байсан, дэлгэц, аудио төхөөрөмжөөр тоноглогдсон, БНСУ-ын “Hyunda Universe Space” загварын том оврын автобуснууд явж эхэллээ. Автобуснуудыг түрээсийн гэрээгээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр ашиглан төлбөрийг нийслэлийн төсөвт тусгаж байхаар зохицуулахаар болжээ. Өчигдрөөс эхэлсэн “Сити тур” төслийн үйлчилгээг Нийслэлийн аялал жуулчлалын газар хариуцан зохицуулж хэрэгжүүлж байна.

Аялалын автобусыг танилцуулах үйл ажиллагаанд оролцсон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ, “Бид жуулчдыг татаж аялал жуулчлалыг эдийн засгийн салбар болгоно гэж ярьдаг ч юуны өмнө дэлхийн жишигт нийцсэн стандарттай үйлчилгээтэй байж жуулчдыг татах ёстой. Манай улсад ирсэн жуулчид хөдөө нүүдэлчдийн амьдрал, Хөвсгөл далайг үзэх гэж зорьдог бол Улаанбаатар хотод саатах жуулчдад зориулсан стандарт үйлчилгээг бий болгох хэрэгтэй. Үүний нэг “City tour” автобусны үйлчилгээ нь нийслэлд байгаа түүхэн дурсгалт газруудаар аялах боломжийг жуулчдад олгож байна. Хэдий Улаанбаатар хот цар хүрээ багатай гэдэг боловч бидэнд олон түүх дурсгалт газар бий” гэлээ.

Манай улсад өнгөрсөн 2017 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч эдийн засагт 400 сая ам долларын орлого оруулсан бол энэ 2018 онд энэ тоо өсөх хандлагатай байна. Улаанбаатар хот нь гадаадын жуулчдын аялан зочлох, дамжин өнгөрөх гол цэг бөгөөд Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 92 гаруй хувь нь нийслэл хотоор дамждаг байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг “Газар бол баялаг, газраа хамгаалахад хөрөнгө оруулъя” уриан дор зохион байгууллаа

Жил бүрийн 6-р сарын 17-ны өдрийг Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөр хэмээн НҮБ-аас тодорхойлсон байдаг билээ. Дэлхийн улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “ Ган цөлжилтөнд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцийг батласан. Энэ конвенцид манай улс 1996 онд нэгдэж, Монгол улсын засгийн газар 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль гарган газрын доройтол, цөлжилттэй тэмцэн ажиллаж байна. Энэ жил Дэлхийн цөлжилтийн өдрийг тохиолдуулан “Газар бол баялаг, газраа хамгаалахад хөрөнгө оруулъя” уриатайгаар “Газрын доройтлыг тэглэх технологи, арга барил ба хөрөнгө оруулалт” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэг “Хөвсгөл лайк” зочид буудалд болсон бөгөөд БОАЖЯ-ны мэргэжилтэн болон ШУ-ны академийн эрдэмтэн судлаачид оролцож, нэгдсэн нэг саналд хүрч, цаашид хэрэгжүүлэх зорилтоо тодорхойллоо.

Хурлыг нээж, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, доктор Г.Нямдаваа үг хэлж, манай орны нийт газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөнд өртсөн. Иймээс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгааг онцолж байсан юм. Дэлхийн уур амьсгалын дулаарал, өөрчлөлтөөс улбаалан байгалийн гамшигт үзэгдэл болох, бэлчээрийн талхагдал, газрын доройтол, хөрсний бохирдол, цөлжилтийн эрчимжилт ихсэж байгааг эрдэмтэн, судлаачид нотолсон. Тиймээс өнөөдрийн хурлаар доройтсон газрыг нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх туршлага хуваалцах, газрын доройтлыг тэглэх зорилтоор хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн бүрдүүлэх, үндэсний хэмжээнд газрын баялагт түшиглэсэн аж ахуй эрхлэх байгууллагуудад учрах бэрхшээл болон тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хэлэлцлээ.


Categories
мэдээ улс-төр

БНАСАУ-ын ГХЯ-ны Зэвсэг хорогдуулах, энх тайвны хүрээлэнгийн захирал Ким Ён Гүкийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн энэ сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын V Бага хуралд оролцож буй БНАСАУ-ын ГХЯ-ны Зэвсэг хорогдуулах, энх тайвны хүрээлэнгийн захирал Ким Ён Гүк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Захирал Ким Ён Гүк энэ удаагийн V Бага хурал БНАСАУ байгуулагдсаны 70 жил, БНАСАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй түүхэн цаг үед болж буйг онцлон тэмдэглэв. Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Монгол Улсын “Улаанбаатарын яриа хэлцээ” санаачилгыг БНАСАУ дэмжиж байгааг тэрбээр дурдлаа.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн энэ онд мөн БНАСАУ-ын Удирдагч асан Ким Ир Сен Монгол Улсад хоёр дахь удаа албан ёсны айлчлал хийсний 30 жилийн ой тохиож буйг онцлов.

Тэрбээр энэ оны 4, 5 дугаар сарын БНАСАУ, БНСУ-ын хоёр удаагийн дээд түвшний уулзалт, энэ сарын 12-ны өдрийн БНАСАУ, АНУ-ын дээд түвшний уулзалт тус тус амжилттай болсонд баяр хүргэж, холбогдох талууд хоорондын яриа хэлэлцээ нь бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал түлхэц болно гээд “Улаанбаатарын яриа хэлцээ” нь бүс нутагт яриа хэлэлцээг тогтмолжуулах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилготой болохыг онцоллоо.

Уулзалт найрсаг уур амьсгалд болж, Монгол, Солонгосын цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болов.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн дунд хоёр дахь шатны Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй хууль бус нүүрс олборлолт, түүнээс иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор тус дүүргийн оршин суугч иргэдийн дунд Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна. Зөвлөлдөх санал асуулга бол ардчилсан тогтолцооны дэвшилтэт хувилбар бөгөөд аливаа нэг асуудлын шийдлийг тухайн нутаг дэвсгэрийн ард иргэдийн саналд үндэслэн шийдвэрлэх явдал юм. Нэг дэх үеийн санал асуулгыг энэ сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулсан бол хоёр дахь шатыг өнөөдөр Налайх дүүрэгт зохион байгуулж байна. Өнөөдрийн санал асуулгад 380 гаруй иргэд оролцов.


Өнөөдрийн санал асуулгын нэгдсэн хуралдаанд УУХҮЯ-ны Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрсний хэлтсийн дарга М.Мэндбаяр “Уурхайн үйл ажиллагаанаас хамааралтай дүүргийн иргэдийн ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь”, нийслэлийн Байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Б.Болортуяа “Хууль бус олборлолт хийгдсэн талбайг хамгаалалтад авах, нөхөн сэргээх, орон нутагт хүлээлгэн өгөх, олон улсын сайн туршлага нэвтрүүлэх”, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Цолмон “Налайхад хууль бусаар нүүрс олборлуулахгүй тохиолдолд Налайх болон Улаанбаатар хотын иргэдийн нүүрсний хэрэглээ, ханган нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх”, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Налайх дүүрэг дэх хууль бус нүүрсний олборлолтыг таслан зогсоож, иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах нь” гэсэн сэдвүүдээр илтгэл тавилаа. Үүний дараа иргэд мэргэжлийн байгууллагын төлөөллүүд 4 сэдвийн хүрээнд 23 салбар хуралдааныг зохион байгуулав.


Налайх дүүрэгт зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн дарга Б.Чинзориг “Зөвлөлдөх санал асуулгын хуулийн дагуу Зөвлөлдөх зөвлөл нь ажлын хэсэгт зөвлөгөө өгөх, санал асуулгатай холбоотой асуудал дээр өөрслийн саналыг тусгуулах үүрэгтэй. Үүний дагуу санал асуулгыг батлах, хоёр дахь шатны хуралдаанд ажиглагчаар оролцох, хуралдаанаас гарсан шийдвэрийг Засгийн газар болон НЗДТГ-т хүргэх үүрэгтэй. Налайх дүүргийн цаашдын ирээдүйг ямар байдлаар тодорхойлох ёстой вэ гэдгийг иргэдээс нь асууж тэдний гаргасан саналуудыг тусгаж, холбогдох шат шатны байгууллагууд нь шийдвэр гаргах үндсэн суурь нөхцлийг бүрдүүлэх гэж байгаагаараа онцлог. Налайх дүүргийн хувьд Уул уурхайн хаалт, уурхайн нөөц дууссаны дараа яах вэ гэдэг асуудал, нөгөө талаасаа хууль эрх зүйн орчныг хэрхэн боловсронгуй болгох вэ, ажлын байрны хангалтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ, уурхайн хаалтын дараа нөхөн сэргээлтийн ажлыг хэрхэн олон улсын түвшинд хийж орон нутгийн байгууллагуудад хүлээлгэж өгөх зэрэгт иргэд өөрсдийнхөө санал бодлыг хүргэж байгаагаараа онцлог. Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар болон, уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл зөрчигдснөөс улбаатай үүсэх хүний амь насны эрсдлийн асуудлыг таслан зогсоохоор иргэд цуглаж, хэлэлцэж байна” гэв.


Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “2000 оноос хойш Налайх дүүрэгт зөвхөн уурхайн асуудлаас болж 230 гаруй хүн амь эрсдсэн байдаг. Үүнийг цэгцлэх нэн чухал шаардлагатай байна. Бид хүний амь нас, эрүүл мэндийг хохироохгүйгээр үүнийг хэрхэн шийдэх боломж бий вэ гэдгийг хэлэлцэж байна. Иргэдээс ирж байгаа санал хүсэлтийн ихэнх хувь нь зөвшөөрөлгүй уурхайг хааж өгөхийг хүссэн байдаг. Өнөөдрийн энэ санал асуулга нь цаг үеэ олсон, ил тод, иргэдийн оролцоог ихээр оролцуулж байгаа гэдгээрээ үр дүнтэй болно гэж бодож байна” хэмээлээ.


НИТХ-ын дарга С.Амарсайхан “Найлаахын уурхай бол 40 гаруй мянган хүний ажил амьдралыг залгуулж ирсэн. Энэ зөвлөлдөх уулзалт, санал асуулгаар бид уурхайг цаашид ямар байдлаар явуулах, үргэлжлүүлээд ямар хэлбэрээр явуулах вэ гэдгийг ярьж байна. Дүүргийн 6600 га газар хөрсний эвдрэлд орсон байгаа. Үүний нөхөн сэргээлтийг хэрхэн хийж, оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх вэ, дүүргийн иргэдийн ажлын байр, ашиг орлогтой байх боломж бололцоог хэрхэн бүрдүүлэх вэ гэсэн гурван асуудлыг шийдэх гэж байна. Өнөөдөр бид уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа 1000 хүрэхгүй иргэдийн асуудлыг дан ганц шийдэх гэж байгаа бус. Энэ дүүргийн 10, 20 жилийн дараах ирээдүйн хөгжил зэргийг шийдэх гэж байна. Уурхайг бүгдийг нь ор тас хаах гэж байгаа үйлдэл огт биш. Үйл ажиллагаа явуулж болохыг нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь хангуулж, нөхөн сэргээлтийг хийлгээд ажиллуулна. Цаашдаа энэ уурхайнууд ажиллах боломжгүй болно тэр үед эдгээр хүмүүс юу хийх вэ гэдгийг ярьж байгаа” хэмээв.


Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Налайх дүүрэгт ажиллаж буй уурхайн асуудал, тэнд ажиллаж буй иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл бололцоог хангах зэрэг асуудлууд яригдаж байна. Иргэд төрийн бүх шатанд өөрсдийнхөө оролцоог хангаж саналаа тусгана гэдэг маш чухал. Иргэдийн оролцоотой зөвлөлдөх санал асуулгаас гаргасан шийдвэрийг Засгийн газарт танилцуулна” хэмээн ярилаа.

Зөвлөлдөх санал асуулга, хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн санал, зөвлөмжийг боловсруулж шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд хүргүүлэн ажиллах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
гадаад мэдээ

“ДАШТ-2018”-д зориулж хулсны баавгайн хөлбөмбөгийн тэмцээн зохиожээ

БНХАУ-ын Сычуань мужийн Хулсны баавгайг хамгаалан судлах төв, iPanda.com байгууллагаас ОХУ-д болж буй 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-д зориулан хулсны баавгайн хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээнд тус Хулсны баавгай хамгаалан судлах төвд өнгөрсөн 2017 онд төрсөн хулсны баавгайн 8 бамбарууш оролцсон байна.

Энэхүү тэмцээнд нь жуулчдыг татах нэг үзүүлбэр төдийгүй хулсны баавгайг сурталчлах зорилготой арга хэмжээ болжээ. Энэ үеэр хулсны баавгайг хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбон сурталчилж, хулсны баавгайн хөлбөмбөг гэдэг тоглоомыг iPanda.com цахим хуудсанд байрлуулснаа зарлажээ. Дашрамд сонирхуулахад, хөлбөмбөгийн “ДАШТ-2018”-ыг үзэхээр Хятадын 100 мянган жуулчин ОХУ-д аялах тооцоо гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын цагдаа нар зодолдоогүй гэв

Өнгөрсөн баасан гаригт олон нийтийн цахим хуудсаар Монголын цагдаа нар гудамжинд зодолдлоо. Ард иргэдээсэй ичээсэй” гэсэн тайлбартай мэдээлэл цацагдсан билээ. Замын цагдаагийн албанаас “Манай нэр хүндэд халдсан, ор үндэслэлгүй, худал мэдээллийг тараан явуулж байна” хэмээн мэдэгдлээ.

Тус мэдээлэлд, гадаад орны цагдаа нарын зураг, бичлэгийг “Монголын цагдаа нар” хэмээн ташаа мэдээлж олон нийтэд хүргэсэн байна. Иймд иргэд олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан баталгаагүй, эх сурвалжгүй, ташаа мэдээлэлд хууртагдахгүй байх, мөн энэ мэтчилэн худал мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг зөвлөжээ.

Categories
мэдээ спорт

ДАШТ 2018: Өнөөдрийн тоглолтын хуваарь

ОХУ-д Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилж байна. Эдгээр өдрүүдэд тус тэмцээний хэсгийн тоглолт үргэлжлэн явагдаж буй билээ. Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр хэсгийн дөрвөн тоглолт явагдах хуваарьтай байна.

Saturday, June 16
France vs. Australia 18:00 Kazan
Argentina vs. Iceland 21:00 Moscow
Peru vs. Denmark 00:00 Saransk
Croatia vs. Nigeria 03:00 Kaliningrad
Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан залууг ажлаас нь чөлөөлжээ

Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнд бие засаж буй эрэгтэйн зураг цахим хуудсаар цацагдсан. Уг этгээд нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа санхүүгийн хэлстийн мэргэжилтэн Д.Нэмэхбаяр гэгч ажээ. Түүнийг олон нийтийн газар биеэ зөв боловсон авч яваагүй гэдэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан байна.

Тус тушаалд “Д.Нэмэхбаяр нь 2018 оны зургаадугаар сарын 13-ны өдөр олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан үйлдэл нь төрийн байгууллага, төрийн албаны нэр хүндийг унагасан тул үүрэгт ажлаас нь халсугай” хэмээжээ.