Categories
мэдээ нийгэм

Эрүүл амьдрахад туслах зөвлөмжүүд

Categories
мэдээ нийгэм

Д.Даваасүрэн БНАСАУ-ын ГХЯ-ны Зэвсэг хорогдуулах, энх тайвны хүрээлэнгийн захирал Ким Ён Гүкийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн энэ сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын V Бага хуралд оролцож буй БНАСАУ-ын ГХЯ-ны Зэвсэг хорогдуулах, энх тайвны хүрээлэнгийн захирал Ким Ён Гүк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Захирал Ким Ён Гүк энэ удаагийн V Бага хурал БНАСАУ байгуулагдсаны 70 жил, БНАСАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй түүхэн цаг үед болж буйг онцлон тэмдэглэв. Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Монгол Улсын “Улаанбаатарын яриа хэлцээ” санаачилгыг БНАСАУ дэмжиж байгааг тэрбээр дурдлаа.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн энэ онд мөн БНАСАУ-ын Удирдагч асан Ким Ир Сен Монгол Улсад хоёр дахь удаа албан ёсны айлчлал хийсний 30 жилийн ой тохиож буйг онцлов.

Тэрбээр энэ оны 4, 5 дугаар сарын БНАСАУ, БНСУ-ын хоёр удаагийн дээд түвшний уулзалт, энэ сарын 12-ны өдрийн БНАСАУ, АНУ-ын дээд түвшний уулзалт тус тус амжилттай болсонд баяр хүргэж, холбогдох талууд хоорондын яриа хэлэлцээ нь бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал түлхэц болно гээд “Улаанбаатарын яриа хэлцээ” нь бүс нутагт яриа хэлэлцээг тогтмолжуулах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилготой болохыг онцоллоо.

Уулзалт найрсаг уур амьсгалд болж, Монгол, Солонгосын цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болов.

Categories
мэдээ спорт

Дани Перугийн багийг 1:0-ээр хожлоо

Саранск хотын “Мордовия Арена” цэнгэлдэхэд манай цагаар /06.16/ шөнийн 12 цагт эхэлсэн С хэсгийн Дани, Перугийн шигшээгийн халз тулаан 1:0-ээр Данийн багийн ялалтаар өндөрлөв.

Тоглолтын цорын ганц гоолыг “Тоттенхэм”-ийн К.Эриксений дамжуулалтаар Юсуф Поульсен хийлээ. Харин 1982 оноос хойш анх удаа дэлхийн аваргад оролцох эрх авсан Перучууд энэ тоглолтод олон довтолгоо хийсэн ч аз дутлаа. Перугийн багийн К.Куэва торгуулийн цохилт хийсэн ч хаалганы дээгүүр буудаж багийн ганц боломжийг алдаж орхисон юм.

Даничууд, ДАШТ-д дөрвөн удаа оролцохдоо нэг удаа л хэсгээсээ шалгараагүй бөгөөд 16-д хоёр, шөвгийн наймд нэг удаа үлдэж байв. Мөн 1992 онд Европын аварга болсон бөгөөд олимпоос 3 мөнгө, нэг хүрэл медальтай гээд шаггүй амжилтыг үзүүлсэн байна.Данийн агуу хаалгач П.Шмейхэлийн хүү Каспер өнөөдөр шигшээ багийнхаа хаалгыг сайн хамгааллаа. Өмнөд Америкийн Перу болон Европын Ютландын хойгт орших Дани улсууд анх удаагаа энэ ДАШТ-д учраа таарсан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулж, худалдаанд хязгаарлалт хийх хэрэгтэй

ДЭМБ-аас нэн хортой хүнсний бүтээгдэхүүний ангилалд оруулсан чихэрлэг ундаанд 20 хувийн татвар ногдуулснаар иргэдийн жилийн хэрэглээг 28 хувиар бууруулах боломжтой хэмээн АШУҮИС-ийн эрдэмтэн судлаачид тогтоожээ.

Уг судалгааг ЭМЯ, Сангийн яам, ХХААХҮЯ, АШУҮИС, НМХГ, Нийслэлийн татварын газар хамтран зохион байгуулсан “Чихэрлэг ундааны онцгой албан татварын эрүүл мэнд, эдийн засгийн ач холбогдол” уулзалтын үеэр танилцуулав.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, “Чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулснаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалахаас гадна, улсын төсвийн орлого нэмэгдэнэ. Улмаар төсвөөс эрүүл мэндийн салбарт зарцуулах хөрөнгө нэмэгдэх юм. Мөн ДЭМБ халдварт бус өвчнийг бууруулахад чиглэсэн 2013-2020 хөтөлбөртөө нэн хортой бүтээгдэхүүнд татвар ногдуулах зөвлөмж ирүүлсний дунд чихэрлэг ундаа багтсан байдаг. АШУҮИС-ийн эрдэмтэн, судлаачид чихэрлэг ундааны боруулалтаас 20 хувийн онцгой албан татвар авснаар жилд 98.4 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой хэмээн тооцоолсон” гэлээ.

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн докторант М.Ундрам, “Манай улсын насанд хүрэгчид төдийгүй хүүхэд, өсвөр үеийнхний таргалалтын хэмжээ хэт өндөр түвшинд хүрснийг 2016 онд холбогдох байгууллагуудаас гаргасан судалгаа харуулж байна. 2010 онтой харьцуулахад 6-11 насны хүүхдийн таргалалт 7 дахин нэмэгдсэн. Энэ нь илүүдэл жин зөвхөн насанд хүрэгчдийн өвчин биш ирээдүй хойч үеийнхний эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсныг илтгэж байна. Таргалалтад нөлөөлөх гол хүчин зүйл нь хооллолт, хөдөлгөөн. Хооллолт дотроо чихэрлэг ундаа хамгийн их нөлөө үзүүлж байна. Түүнчлэн ундаанд их хэмжээний элсэн чихэрээс гадна зарим оронд хориглосон тогтворжуулагч бодис ордог тул ундааны хэрэглээг эрс хязгаарлах шаардлагатай” хэмээн онцлов.

Дэлхийн хэмжээнд АНУ-ын зарим муж, Австрали, Мексик, Чили, Дани, Норвеги, Франц, Ирланд, БНСУ, Лаос, Өмнөд Африк зэрэг орон чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулсан байдаг аж.

Categories
мэдээ спорт туслах-ангилал

Хорватууд Нигерийн шигшээг 2:0-ээр буулгаж авлаа

Калининград хотноо /манай цагаар 06.17/ өнгөрсөн шөнийн 03 цагаас хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий D хэсгийн Хорват, Нигерийн шигшээ багийн халз тулаан болж, 2:0-ээр хорватчуудын ялалтаар өндөрлөв.

Тус тоглолтын эхний хэсгийн 33 дахь минутад Нигерийн Огенекаро Этебо хаалгандаа авто гоол оруулж хорватчууд тэргүүлж эхэлсэн бол 71 дэх минутад Лука Модрич 2 дахь гоолыг 11 метрээс хийж давуу байдлаа улам баталгаажуулсан юм.

Хорватын шигшээ ирэх лхагва гарагт Нижне Новогород хотноо Аргентины шигшээтэй тоглох бол Нигерийн шигшээ баг маргааш нь Исландын шигшээтэй халз тулна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Арвай: Равжаа хутагт бол Монголын агуу эх оронч

НҮБ-ын нийгэм, эдийн засгийн зөвлөлд зөвлөх эрхтэй мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн академич, Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвайтай хөөрөлдлөө.

-Төгөлдөр сайхан уу, та. Наяын давааг давсан ч наадаж явдаг сайхан “амьтан” шүү?

-Амрыг эрье ээ.

-Цэргийн хүн гэдэг нас ахисан ч янзаараа л байх юм даа. Мэнд нь хүртэл…

-Тэгдэг юм байна.

-Та дорнын говийн Өргөн сумын хүн. Энэ жил Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой болно доо. Та 210 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралд оролцон илтгэл тавьж дэд, тэргүүн байр эзэлсэн юм билээ. Равжаа хутагт ч аргагүй дорнын агуу хүн дээ?

-Тийм ээ. Тэр сайхан хуралд урьж оролцуулсан нөхдөдөө, аймгийн удирдлага, “Данзанравжаа судлалын академи”, музейн эрдэм шинжилгээний ажилтнууд, хутагтын тахилч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн З.Алтангэрэл, IX ноён хутагт Данзанлувсантүдэв, лам, хувраг, эрдэмтэн мэргэд, судлаач нартаа их баярладаг. Би бодол санаагаа хэлье. Энэ их үйлст цацал нэмэрлэх болсонд баярлаж байна. Тэгэхдээ энэ гэгээнтнийг гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаачид олон талаас нь мэргэжлийн онцлогийг харгалзан судалдаг. Миний хувьд үндэсний аюулгүй байдал, цэргийн ба хил шинжлэлийн ухаан талаас нь судлахыг оролддог. Энэ л хүрээнд санаагаа хэлье. Тэгэхдээ онол арга зүйн хувьд анхаарал татах юм их байдаг юм билээ.

-Та хутагтын бүтээлүүдээс нийтэд хамааралтай гэж үздэг сургаалиудаас нь ярьж өгнө үү?

-“Бие, сэтгэл хоёр нь биетэй, биегүй хоёр юм”, “Сайн муу явдал өөрийн сэтгэлээс болно”, “Саруул, мунхаг хоёр нь онох, эндэх хоёр”, “Үйлийн шалтгаан нь өөрийн сэтгэл мөн. Тэр сэтгэл ариусваас үүссэн үйл нь ариухан”, “Гэм хор хоёрыг сэтгэл дээрээс ялгадаг, тус хор хоёрыг үр дээрээс амсдаг”, “Нарны гэрэл хурц болоход үүл нь үгүй бол нэн сайн, насны багад эрдэм сурахад залхуугүй бол даанч сайн”, “Авах хүнд хэрэгтэй үг хатуу боловч ариухан”, “Зөв сэтгэлтэй хүн буруу үгийг ч бол хүлцэнэ”, “Бодь сэтгэлтэй хүн нялх боловч олныг айлгана, хорлох сэтгэлтэй хүн идэр хүчтэй боловч дайсныг арвитгана”, “Зүрхэндээ сүсэг эс төрвөл залбиравч ямар тус болох вэ”, “Өнчин хүнд ариун үзэл мэт нөхөр үгүй. Олон хүнд буруу онол мэт гутамшиг үгүй”, “Ёстныг хүндэл, настныг баярлуул”, “Ачтанаа өргө, бачтанаас зайл”, “Муу нөхөртэй бүү нөхц”, “Ямар юм муухай вэ гэвэл үл мэдэгч муухай, ямар юм муу вэ гэвэл ном үгүй нь муу”, “Юу хортой вэ гэвэл өст сэтгэл хортой”. Энэ бүхэн Данзанравжаагийн бүтээлүүдийн онолын үндэс төдийгүй амьдралынх нь зарчим байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл хутагт өөрийгөө нээх үндсийг тавьжээ гэсэн сэтгэгдэл надад төрдөг. Энэ мэт зуугийн талыг наслахдаа хутагтын туурвисан олон зуун төрлийн бүтээлд нь тэр аяараа өнгөрсөн, өнөө, ирээдүй үеийн орон зайг хамарсан, мөнхийн ачит сургаалиар дүүрэн. Ийм алдартай хүний бүтээл хүн төрөлхтний түүхэнд мартагдаж байсан удаа үгүй. Ой тэмдэглэхийн утга учир энд л байгаасай.

-Хутагтын тавдугаар дүрд өргөмжлөгдсөн Д.Данзанравжаа шашны нэрт төлөөлөгч дөө. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Буддагийн айлдсан зөв үзэл, зөв санаа, зөв үг, зөв явдал, зөв амьдрал, зөв тэмүүлэл, зөв ухаан, зөв төвлөрөл. Энэ найман зөв зам бол улс, нийгэм, ард иргэдийн зайлшгүй дагаж мөрдөх сургааль мөн. Буддагийн бас нэгэн айлдвар бий. Тэр бол “Зэв төмрөөс үүсэж, эргээд төмрөө иддэгтэй адил нүгэл нь хүнээс бий болж эргээд хүнээ иддэг” гэсэн айхтар сургааль байдаг. Хутагт бол бурхныхаа замаас хазайгаагүй. Харин монгол нөхцөлд авах гээхийн ухаанаар урлаг болгон ашиглаж ирсэн зүтгэлтэн гүн ухаантан шүү дээ. Хүний үйл ажиллагааны онцлогийн тухай хутагт айлдахдаа

“Ахархан энэ насны үйлдлээр өдрийг өнгөрөөнө

Авст үхэл шиг хэвтэж шөнийг өнгөрөөнө

Арван буяны талыг дайсанд үзнэ

Арван хар нүглийн талд нь баясана

Алхах хоёр хөлт адгуус мөн юм аа” гэх буюу өөр нэгэн бүтээлд нь хутагтаас өөр хэний ч хэлж зүрхлэхгүй байх гэж бодмоор үг хэлжээ.

“Алж, алж махыг нь борцлоод

Амьтан хөөрхий гэдэг хувраг шүү ертөнц,

Хүний юмыг авч авч

Хүсэл олзонд дургүй шүү ертөнц” гэсэн байна. Энэ бол ариун хутагтын үнэнийг байгаагаар нь хэлсэн үг. Зөвхөн монголчуудад хандсан үг биш. Энэ санааг бурхан будда ч зөвшөөрсөн байдаг.Шашин, төрийн ухааныг хослуулан хэрэгжүүлсэн гавьяатай хүний нэг бол бүтээл нь ЮНЕСКО-д зохих байраа эзэлсэн Данзанравжаа хутагт мөн л дөө.

-Бидний мэдэхээр Равжаа хутагт Монголын аргагүй л гайхамшигт хүн дээ. Магадгүй Чингис хаанаас хойш ийм хүн Монголд мэндлээгүй байх аа?

-Төрийг жолоодон, улсаа мандуулахад шашин, номыг хүндлэн дээдэлж, үр шимийг нь гайхамшигтай харуулсан хүн бол Чингис хаан. Түүний жолоодлого дор хоёргүй сэтгэл, зүтгэл гаргасан хүмүүс бол монголчууд, бидний өвөг дээдэс. Чингис хаан дэлхийн мянганы суут хүнээр тодорч монголчуудын үнэ цэнийг байх ёстой байранд нь тавьж алдаршуулав. Энэ бол Чингис хаан тэнгэрт хальснаас хойш найман зууны дараа болж байгаа явдал. Чингис хаан “Нэр алдар хэмээх ахуй төртэй адил эрхэм. Нэр, төр хоёрыг аминаас илүү дээдэл. Нартад төрөөд нэр төр эс олбол, хэвлээс унаад хүмүүжин эс өсвөл хүмүүн төрөл олсны хэрэг юун” гэж айлдсан билээ. Чингис хаан эзэнт гүрэн байгуулах үндсийг тавиад Их Монгол Улсаа төвхнүүлээд айлдсан нэгэн сургааль ийм. “Би өргөн бөгөөд уудам улс байгуулж төвхнүүллээ. Та нарт гэрээслэхэд эе эвтэй байж, нөхрөө дээдлэхдээ ч, дайснаа дарахдаа ч нэгэн санаатай бай. Та нар төрийнхөө сүлдийг дээдэлж, жаргаж, бүх эд зүйлээр хангалуун амьдрах учиртай. Намайг залгамжлах хүмүүс төрж, миний суудалд таван зуун жил, мянга, түмэн жил суувч… Чингисийн цаазыг өөрчлөлтгүй хэвээр дагаж, мөрдөх учиртай” гэжээ. Энэ эшлэлийг Рашид-Ад-Дин “Судрын чуулган”, Б.Я.Владиморцов “Чингис хаан” бүтээлээрээ дэлхийд сонордуулсан юм. “Их ёс” буюу “Их засаг” хууль бол монголчуудын амьдралын хөлс, цусаар бичигдсэн хууль гэдгээрээ давтагдашгүй гэдгийг хэлье. Яагаад гэвэл “Амьдрал гэдэг бол ямар ч номоос илүү сургадаг өнө мөнхийн багш. Түүнд итгэ”. Энэ үгийг хүн төрөлхтний үүсэл Монголоос эхтэй гэж үздэг алдарт гүн ухаантан И.В.Гёте авхайн айлдсан сургааль. Тэгэхлээр “Их засаг” хуулийнхаа амин сүнсийг амьдралын цус, хөлсөөр бий болгосон онол, практиктай холбоод эе, эвийг эрхэмлэн дээдлэж чадваас арван мянган жил Монгол Улс оршин, мандан хөгжих хувь заяа бидэнд байна гэсэн үг. Бид Чингис хааны хэлсэн тэр үеэс хойш нэгхэн мянганыг туулж байна. Д.Данзанравжаа өнгөрөгч зуунд амьдарч байсан ч Чингис хааныхаа гэгээн сургааль, түүнийг эрхэмлэн дээдэлж байсан хутагт болохыг бүтээлүүд нь ямар ч маргаангүй баталж байгаа юм.

-Өндөр гэгээн Занабазарын үйлсийг залгамжлагч эрхмүүдийн нэгэнд хутагтыг оруулж та ярьж байсан даа?

-Монголын анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазар 1634-1723 оны хооронд амьдарч байсан. Тэр таван настайдаа Монголын шашны тэргүүнээр өргөмжлөгдсөн. Харин Говийн ноён хутагт Данзанравжаа Өндөр гэгээнийг жанч халснаас наян жилийн дараа мэлмий гийж, есөн насандаа хутагтаар тодорч, 1803-1856 онд аж төрсөн. Цаг хугацааны хувьд зөрүүтэй ч үзэл бодол, үйл ажиллагааны хувьд Өндөр гэгээний номын шавь нь хутагт байсан гэдэгт эргэлзэх шалтгаан байхгүй. Тэд аргагүйн эрхэнд де-факто хэлбэрээр Манжийн хааны эрхшээлд орсон. 1691 оноос хойш Монголын тусгаар тогтнолыг хадгалж, бэхжүүлэхийн төлөө сэтгэл, зүтгэлээ зориулсан шашин, төрийн зүтгэлтнүүд байлаа. Өндөр гэгээн, шашин төрийн бодлогыг зүйрлэшгүй бүтээлчээр хослон хэрэгжүүлсэн бөгөөд их эзэн Чингисийн хүсэл, эрмэлзэл, уриа дуудлагыг энхийн аргаар хэрэгжүүлсэн гэгээнтэн. Тэрээр Манж хааныг Богд хаанаар өргөмжилж байсан. Тэнгэрийг тэтгэсэн Богд хаан ч Өндөр гэгээнийг номын багшаар залж бодлого, үйл ажиллагааг нь өвөрмөц хэлбэрээр дэмжиж ирсэн байдаг. Манж-Чин улсын хаан монголчуудын асуудал хариуцсан тусгай яам байгуулж байлаа. Насан өндөр болсон номын багшдаа зориулан өөрийн мэдлийн хөрөнгөөр эх оронд нь Амарбаясгалант хийдийг байгуулсан. Монголчууд, тэдний ихэс дээдсийн ухаан бодол, үйл ажиллагааг үнэлж Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Алдаж болохгүй агшин” бүтээлдээ “Улс орноо бүтнээр нь, хүн ардаа цэврээр нь, мал сүргээ удмаар нь авч үлдсэн төдийгүй бусдад эзлэгдэх аюулаас манж нараар хоёр зуу гаруй жил хамгаалуулж чадсан нь ирт сэлэм, их цэргээс ч илүү хүчтэй төрийн мэргэн бодлого байжээ” гэж бичсэн нь тун оновчтой. Өндөр гэгээнээс хойчийн дүрийг нь хэрхэн дүрслэн үлдээх вэ гэж асуухад “Миний дүрийг монгол дээлтэй, баруун гарт илд бариулж, зүүн гарыг тарган хонины ууц түшүүлэн урлаарай” гэж айлдсан. Өндөр гэгээнтний бүтээлийн үнэ цэн өнө мөнхийн шинжтэй, түүний урлан үлдээсэн гүн ухааны оргил шингэсэн “Соёмбо”-ыг Монгол Улсын төрийн дээд чимэг болгон эдүгээ манай улс өргөн дээдэлж байна. Харамсалтай нь энэ эрхэм хүний үзэл бодол, ур ухааны мөн чанарыг ухан ойлгож чадаагүйгээс доголдолтой хандаж ирсэн үе бий. Одоо ч оргилд нь хүртэл үнэ цэн, ач холбогдол, агуулга, утга чанарыг бүрэн төгс ухааран ашиглаж амжаагүй л байна гэмээр харамсмаар энэ байдлыг Английн эрдэмтэн, монгол судлаач Баудин ажиглан хэлэхдээ “Занабазарыг буруутган муулсан улс Монголоос өөр дэлхийд хаана ч байхгүй” гэж шүүмжилсэн байдаг. Монголын анхны Богд маань Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байх чанар, улс орноо гадаадын түрэмгийллээс хамгаалах ухааныг өөрийн бүтээсэн Арвай буюу “Нааш” тамгаар илэрхийлснийг эрдэмтэн С.Ичинноровын “Өндөр гэгээн Занабазарын намтар бүтээлийн зарим асуудал” хэмээх бүтээлд өгүүлжээ. Гэгээнтэн айлдахдаа ”Дугуй цагираг үүсгээд дотор нь дөрвөн арвай тавихад дундаа зайтай таван нүд гарна. Дунд нь үлдсэн нүд нь оройн багш (төр) оршино. Бусад дөрвөн зам нь дөрвөн аймаг (чиглэл) байх болно” гэжээ. Судлаачдын үзэж байгаагаар дугуй цагираг нь улсын хил, төв хэсэгт нь төр мөнх оршиж, дөрвөн чиглэлийн аль ч талаас халдсан түрэмгийлэгчдийг тухайн чиглэлд найдвартай хааж, нөгөө гурван хэсгээс хүчээ маневарлан шилжүүлбэл цөмөрсөн ямар ч дайсныг бут цохиж, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангаж байх боломж, санаа урган гарч байна. Эзэн Чингис чухамдаа торгон цэргийг хамгаалалтын төвд байлгаж, улсаа дөрвөн хэсэгт хуваан ангилаад тухайлбал баруун чиглэлийг хариуцсан Боорчи жанжинд “Өрсөлдөн ирэх дайсны өмнөх замыг бөглөж байх”, харин зүүн ба өмнө чиглэлийг Мухулай жанжинд хариуцуулан “Халдах дайсны харайх замыг хааж, буцах дайсныг бултаар нь хяргаж байх” зарлиг буулгаж, бүх зүйл төлөвлөгдсөн ёсоор биелж байсан түүх, сургамжийг Өндөр гэгээн онцлон анхаарч бүтээлдээ үндэс болгон сургамжилсан байх гэдэг таамаглал гарч ирдэг. Энэ онол одоо дэлхийн бараг улс бүхэнд хэрэгжиж байна. Наймдугаар хутагт Богд хаанаас үндэсний эрх чөлөөний хувьсгалд оруулсан хувь нэмрийг тухайн үед Оросын эзэнт гүрний элчин, консулаар Монголд ажиллаж байсан Люба үнэлж “Хэзээ нэгэн цагт Монголын сүүлчийн жилүүдийн түүхийг бичих бол түүхнээ хамгийн аймшиггүй ухаантан ч энэ тухай бодохыг ч зүрхлэхгүй, тийм зүйлийг хэрэгжүүлэгч наймдугаар Богд гэгээний зоригтой, шийдэмгий санаачлагыг талархалтайгаар тэмдэглэх болно” гэж бичээд дээд удирдлагадаа илгээсэн тайландаа илгээжээ. Ноён хутагтын бүтээлээс уншиж үзэхэд бас тийм хувь заяа, буян харагдаад байдаг.

-Манжийн хаанчлалын үед буюу хоёр зуу гаруй гаруй жилийн түүхээс сөхөхөд Монголын анхны Богдын шашин, төрийн бодлогыг хослон хэрэгжүүлсэн тухай ярилаа. Тэгвэл Догшин ноён хутагтын Монгол Улсын төрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын найдвартай байдлыг хангаж хамгаалахад оруулсан хувь нэмрийн талаар яриач!

-Юуны урьд хутагтыг Ноён гэж дуудах нь аливаа эрхэмсэг эрчүүдийг авгайлдаг үг биш юм. Монголчууд аравт, зуут, мянгат, түмтийг удирддаг эрхмүүдийг Ноён гэж өргөмжилдөг байсан утгаар авч үзэх нь зөв. Ноён хутагтын амьдарч байсан үед Монголын өмнө, өрнө, дорно, умар гэсэн дөрвөн талаас аюул нүүрлэсэн, хожим наймдугаар Богдын оношилсноор хаанаас ч тусламж авах боломж тасарсан “овоолсон өндөг” мэт харагдаж эх орноо харьд алдах аюул заналд орсон үе байлаа. Өндөр гэгээний тодорхойлсонтой адил тухайн үеийн Монголын өмнөд чиглэл буюу Сэцэн хан аймгийн өмнөд хязгаарын баруун зах, тухайлбал Аргал уулаас ялимгүй зүүн өмнөд зүгт орших Гурван үүдийн худгийн дунд овооноос баруун тийшлэн Сайн ноён хан аймгийн өмнөд хязгаарын зүүн зах, ойролцоогоор Оньч хайрхан хүртлэх Бүүргийн говь, Галбын говь, Цэрдийн их говийн умард хэсэг, цаашилбал Цэнхэр номингийн зүүн хаяа хүртлэх их говь нутгийн хил хязгаарын хамгаалалт, аюулгүй байдал бүхлээрээ тавдугаар ноён хутагтын хувь заяатай холбогдож байжээ. Түүнд шашнаас гадна төрийн шинжтэй үүрэг хавсран гүйцэтгэх ноёны зиндааны захиргааны чиг үүрэг үүрэхээс өөр аргагүй болсон байв. Эзэнгүй нутгаасаа өгөхийг хүсч өмнийхөн Модун шаньюйд хандан гуйхад “Газар нутаг бол улсын орших үндэс” гэж айлдаад зөвшөөрсөн этгээдэд цаазын ял оноож авч үлдсэн нутаг орон бол өнөөгийн өргөн их говь нутаг. Энэ мэт гадаадын өнгөлзлөгөөс газар нутгаа хамгаалж, улс орноо элгэн талаас нь халхлан хамгаалах зорилт хангууд, засаг ноёд, мөн ноён хутагтын өмнө тулгарч, түүнийг гайхамшигтай сайнаар гүйцэтгэж өнөөдөр бид тэрхүү яндашгүй баялагтай говь нутгийн үр шимийг нь хүртэж байна. Манжаас Ар, Өмнөд Монголын нутгийн зааг тогтоож, тэгэхдээ Ар Монголоос ахиухан нутаг дэвсгэр авах оролдлого хийж, улсын хэлхээ, улсын сүв(шалган нэвтрүүлэх боомт)-ийг зүй бусаар ашиглан улс, нийгмийн эрх ашигт учирсан аюул заналыг арилгах, зайлуулахын тулд Ноён хутагт төр, шашин хосолсон олон төрлийн арга хэмжээ авсан. Бодлого, зүтгэл, түүхийн бодит жишээ нь, Дорноговь аймгийн нутагт байсан Хамарын гурван хийд, Бүрдний сүм, Өмнөговь аймагт байгаа Галбын говийн гурван хийд, Ухаа таргалтын хийд юм. Ноён хутагт тавь шахам дацан, сүм хийд хил хязгаарт байгуулж Монгол Улсын нутаг энд байна гэдгийг хаанаас, хэн ч харах бололцоотойгоор айл өрхийг хилийн зааг, хязгаар нутагт ойр байршуулан тогтвортой байдлыг нь хангах үүднээс сүм, хийд байгуулж, ном хуруулан, жүжиг ший, концерт үзүүлж, сургуульд охид хөвгүүдийг сургаж, иргэдэд ашигтайгаар гадаад, дотоод худалдаа хөгжүүлж, худаг, усаа гаргаж уул овоогоо тахиж, найр наадмаа явуулж, эмч домчоор засал үйлчилгээ хийлгэх тийм таатай орчин бүрдүүлж, дэд бүтцийг бий болгов. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт дорноговьчууд “хэвлийд урсах цус нэг, хээр хэвтэх яс нэг” гэсэн уриан дор монголчуудын эв нэгдлийг хангаж түүхэнд гавьяа байгуулж мөнхөрсөн Батмөнх даян хааны өлгий нутаг, Алтан гадас болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт өмнөговьчуудын аз жаргалтай амьдрал, хөгжил дэвшлийн эх үндэс тавигдан хөгжихөд Ноён хутагтын оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй. Манжийн талаас хардах, сэрдэх, хавчих шахах зовлон учруулахаас биш өөр тусламж дэмжлэг үгүй. Мөн Монголын хангуудын талаас туслан дэмжих сонирхол байвч чадал, бололцоо дутмаг байсан тэр үед Ноён хутагтад найдах, орон нутгийн боломжоо ашиглахаас өөр найдвар байгаагүй. Энэ тухай Ноён хутагт

“Үүл нь гараад бороо орохын цагт

Үүдэн гэмээ хоймор ялгаа юун

Үхэл байгаад авч одохын цагт

Хөгшин гэмээ залуугийн ялгаа юун” гэж айлдсан нь домог биш, амьдралын шалгуур болжээ.

-Ноён хутагт Данзанравжаад хүссэн зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэхэд даанч олон бэрхшээл учирч байж дээ?

-Данзанравжаагийн бүтээл тэр аяараа тохиолдож байсан бэрхшээл, түүнийг даван гарах ухаан, арга, билэг, сургамж нь улс, нийгэм, ард түмний туулсан амьдралын үнэн түүх, үнэ цэнэд шингэсэн байдаг учраас их ач холбогдолтой.

“Залуу нь хөгшнөө басна

Хөгшин нь залуугаа үл тооно

Үнэн үгтэн омогтны тоонд орно

Башир үгтэн цэцний суудалд сууна

Гэмтэй нь гэмгүйгээ ноцно

Гэмгүй нь гэмтнийг өмөөрнө

Эвлэвэл хардана

Дээр явбал атаархана

Доор явбал дарлана” энэ бол Хутагтын хоёр зуугаад жилийн тэртээ айлдсан айлдвар. Яг л өнөөдрийг хэлж байгаа юм шиг байгаа биз.

-Тийм ээ. Гайхалтай юм аа. Ирээдүйнхэнд, тухайлбал өнөөдрийн бидэнд хандсан сургаалиас нь хэлж өгнө үү?

-“Эрхтэний чадлыг доройтохоос нь урьд шимийг авбал сайн сан”, “Худал үнэн хоёр сүүлдээ тодордог, жаргал зовлон хоёр өөрийн үйлээс болох тул сэтгэлийн шантрал үгүй, буянтай сэтгэлийг хадгалбал үхэвч санаа амар”, “Ухаан билгээ нарны гэрэл мэт гийгүүлж яв”, “Зөв бол бүхэнд дайсан боловч үйлд, буруу бол хааны суудалд суулгавч зайл, буян болох бол хилэнц мэт болох боловч үйлд, хилэнц болох бол буян мэт болох боловч тэвч”, “Буян хилэнц хоёроос жаргал зовлон үүсдэг, сайн муу хоёроос өөрийн явдлыг мэддэг”, “Анхлаад болгоомжил, дунд нь шинжилж оно, эцэст нь зохицуулан тавь”, “Худалгүй үнэн үг, хоргүй сайхан сэтгэл, гоомойгүй бат явдал гурвуул нэгдвэл мэргэний тууль”, “Идэр залуу цогоо буурахаас нь урьд их тустай хэргийг бүтээвэл сайн сан”, “Буян хураагаагүй насжсан хөгшид ичиг, номыг сэтгэлдээ нийцүүлсэнгүй мэргэд ичиг, албатаа алаглагч ноёд ичиг, аавыгаа өргөхгүй эрийг өргөгч охид ичиг, төрийг шуугиулагч түшмэд ичиг, тустай сэтгэлийг бодохгүй өртөг бодогч эмч нар ичиг, нүд нь царай харавч сэтгэл нь бөгсөнд эргэгч охид ичиг, өөрөө айл хэсэж ирээд эхнэрээ шалгаагч эрчүүд ичиг, эрчүүдийн үгэнд орохгүй бусадтай ханилагч эхнэрүүд ичиг” гэх мэтчилэн цаашлан үгийн ур, ухааны сэц үргэлжилнэ.

-Таны дурдсан ноён хутагтын айлтгасан үг, сургаалийн эх үндсийг хаанаас харж, үзэж болох вэ?

-Хутагтын бүтээлүүд, түүнээс гадна “Нууц товчоо”, бусад судар. Товчилсон байдлаар үзье гэвэл эрдэмтэн Ч.Жазагийн бүтээл “Гэгээн судар” хэмээх дөрвөн ботийг уншихад болно.

-Та ч хутагтын нутгийн хүн дээ. Сайхан шүү…

-Бид Мэргэн вангийнхан. Хутагт одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт мэлмий гийсэн байдаг. Би Эрдэнэ сумынх. Дорноговьчууд ер нь алдартай эх орончид. Догшин ноён хутагтынхаа аравнайлж алдаршуулж, Монгол төдийгүй дэлхийд нэр алдрыг нь бадруулсан газар орон, өвөг дээдсээрээ бахархдаг. Ноён хутагт дорнын их соён гэгээрүүлэгч төдийгүй, даян дэлхийд нэр нь үл мартагдах гэгээнтэн, гүн ухаантан, шашин төрийн нэрт зүтгэлтэн, хосгүй яруу найрагч, энэрэлт багш, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, түүний сургааль мөнхийн шинжтэй гэж онцлон хэлмээр байна. Хутагтын хэлсэнчлэн “Буруу онол хижиг мэт, Ариун үзэл эмч мэт” гэсэн сургаалийг сонордуулж, Ноён хутагтынхаа гэгээн дурсгалд зориулж яруу найрагч, гавьяат зүтгэлтэн Ц.Хулангийн

“Гал голомт шиг үнэтэй

Тусгаар тогтнолоо манаж

Ганц олдох насаа

Цацал мэт өргөнөм”

“Улсын минь хил бидний зүрхэн дээгүүр өнгөрдөг

Найман зүгтээ эх орон, судсанд минь байдаг

Насаараа хамгаалах омог цусанд чинь байдаг” гэсэн шүлгээр өргөл барья.

Бидний мэдэх “Үлэмжийн чанар” хэмээх дуунд Ноён хутагтын дэвшүүлсэн

“Хүний энэ насанд

Хүссэн хэргээ бүтээгээд

Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт

Хөлгүй жаргалангийн далайд

Хөвж хамт жаргая” гэсэн ерөөлөөр цацлаа өндөрлөе.

Л.Батцэнгэл

Ц.Уранболор

Categories
мэдээ нийгэм

Дашнямтай өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 17, Адъяа гараг. Билгийн тооллын 4, Үнэг одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муудах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхтгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар явахаар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтний хүч сайжирна.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө бүх нутгаар 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.


2018 оны 06 дугаар сарын 17-ноос 06 дугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн төв хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 17, 20-нд зарим газраар, 18-нд Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгчид тоогдож явсан “Баян” Ц.Шарав

1990-ээд оны эхээр Монгол Улсын хэмжээнд Баянхонгор аймгийн Галуут сумын малчин “баян” Ц.Шарав, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын малчин “алтан” Мажиг нар хамгийн анхны мянгат малчин, олон малтай гэдгээрээ алдартай байв. Тухайн үед Баянхонгорын “баян” Шарав төчнөөн малтай, банкиндаа хадгаламжтай баян хүн юм гэнэ лээ гэсэн яриа хүмүүсийн амнаас ам дамжигдан яригдаж хөөрөгнийх нь үнэ цэнэтэйг шагшин ярих нь халгүй байсан гэдэг. Социализмын үеийн нэгдлийн мал хувьд шилжсэнээс хойш Монголын хамгийн анхны олон малтай гэдгээрээ олны анхааралд орж байсан Монгол Улсын гавьяат малчин Цамбажавын Шарав бол өнөө цагийн бизнесмэн хүний ажилсаг зан чанар, амьдралын хэм хэмнэлийг нэвт шингээсэн холч ухаантай малчин хүн байсан гэдэг нь харагддаг.

Ц.Шаравыг унтаж амарч байхыг нь хараагүй гэж нутгийнхан ярьдаг байсан. Өглөө 04 цагаас босч үдэш орой шөнө дундаас хойш унтаж амардаг. Нэг хормыг ч гэсэн зүгээр сууна гэж байхгүй. Гэрт орсон ч аяга, шанага эргэлдүүлж, гарч явахдаа ч гартаа сур нухаж зөөлрүүлэн амьдралын цаг хором бүрийг гар хумхилгүй хөдөлмөрлөдөг байсныг нь миний өөрийн авга ахын хувьд сайн мэдэж байгаа учраас хэлж байгаа юм. Ц.Шарав эцэг, эхээс айлын найман эрэгтэй хүүхдийн дээрээсээ хоёр дахь нь. Хар багаасаа аав, ээжийнхээ сургаалиар ажил хийж сурсан, охингүй айлын хувьд эмэгтэй хүний хийдэг үүрэгт ажлыг найман банди нар ер түүртэхгүй хийж өссөн гэдэг. Ц.Шаравын аав Цамбажав, ээж Ичинхорлоо нар нь нутаг усандаа нэр хүндтэй, ажилсаг гэдгээрээ танигдсан. Бурхан шашныг дээдэлдэг, түвд болон монгол бичиг, криллээр ном уншдаг муухан ламаас дутахгүй номын өндөр боловсролтой хүмүүс байсан юм.

Намайг бага байхад Улаанбаатар хотод авга ах Ц.Шарав маань үе үе ирдэг байв. Ингэхдээ том хар цүнхтэй ирнэ. Цүнхэндээ дүүрэн мөнгөтэй, банкинд тушаачихаад явна. Малчин хүний цаг наргүй их ажлын дундуур хотод хааяадаа ирдэгийн учир нь махны үйлдвэрүүдэд малаа тушаачихаад явдаг байсан юм билээ. С.Дэлэг захирлыг “Мах импекс”-ийн захирал байхад 1000 эр хонь тушааж байсан тухай нь дурссан байдаг юм билээ. Тухайн үед үндэсний махны томоохон үйлдвэрүүдэд найдвартай, чанартай мал тушаадаг малчин цөөн ч байсан байх. Нэгэн удаа авга ах маань гэрт ирчихсэн аавтай жаал жуул юм ярилцаад сууж байсныг нь санаж байна. Аав маань төрсөн дүүдээ олонтой яваарай гэдгийг нь онцлон хэлж, малын буяныг дагаж ирэх их мөнгөнд эвдэгдэхгүй байх тухай зэмлэнгүй бөгөөд сургах шинжээр ярьж байсныг нь тод санаж байна. Ц.Шаравыг айхтар ясны ажилтай, хөдөлмөрч гэдгийг хүмүүс андахгүйн зэрэгцээ “нарийн айхтар” хүн гэж нэрлэчихдэг байсан тал бас бий. Яагаад гэвэл Монголын хамгийн их малтай, баян хүн байж зундаа малын амь тасалж шөлний мах нэг ч гаргахгүй. Хүн харахад хар мянган олон малтай байж харагдсан тааралдсан хүмүүстэй тэр их хониноосоо май гээд ч өгчихгүй гэж ирээд л тэрүүхэндээ муулчих хэмжээний сэдэв гаргаад ирдэг байж.

Хар хөлсөө дуслуулан олсон мөнгөө арвилан хямгадаж зарцуулж байгааг нь хараад олонтой хүн гэдгээрээ алдартай Багшийн дээд сургуулийн багш аав маань ахын хувиар дүүгээ олноос ганцаараа байх вий санаа зовсондоо зэмлэж байсан биз. Гэхдээ баг, бригад, сумын төвийн ойн арга хэмжээ зэрэг орон нутгийн хандив тусламжид хамгийн түрүүнд гар сарвайж өгдөг байсан. Тухайн үед нэг сая төгрөг өгчээ гэж дуулддаг л байв. Магадгүй одоо ухаад бодох нь ээ, хээр хаягдсан өнчин өрөөсөн ядарсан ганц нэг малыг малч хүний мал хайрлах ухаанаар өсгөж өндийлгөснийг нь хүртэл “Мөн айхтар хүн шүү” гэж ирээд хэлэх, харах хүн тухайн үед одоогийнхоос лав олон байсан даа.

Ах минь малаа л гэхээс биш олны дунд орж, налайж үзээгүй. Архи дарс огт хэрэглэдэггүй байж байгаад хожим багахан амсах төдий ууж “сурсан” байх. Айргийг бол сайн ууна. Зундаа айраг нэрж айргаараа хоол хийчихнэ. Дандаа л ажиллаж хөдөлмөрлөж байдаг хүний хувьд бие эрүүл, булчин шөрмөс сайтай одоогийн фитнессээр хичээллдэг хүмүүсээс ер дутахгүй эрүүл чийрэг хүн байсан. Монголын хамгийн, хамгийн гайхамшиг гэж нэрийдсэн Гиннесийн амжилтыг дуурайсан улсыг хамарсан томоохон арга хэмжээ болоход Монголын хамгийн олон малтай гэдгээрээ шалгарч хотод ирэх үеэр Төв аймгийн харьяат улсын сайн малчин Ц.Хэнмэдэх гуай тааралдаад “Шарав, чиний талаар их л олон зүйл сонсч дуулж байснаас дэргэдээс чинь харж явсангүй. Чамайг чинь ахмад хүн байдаг юм болов уу гэж бодож байсан юм. Ид хийж бүтээдэг сайхан идэр насан дээрээ байна даа” гэж хэлээд уулзаж байсныг нь төрсөн дүү нь хамт явсан тул гэрчлэн ярьсан юм. Ц.Шарав дуу цөөтэй. Тэр болгон олон юм яриад байхгүй. Дотроо их бодолтой дороо суурьтай.

Тэр үед Улаанбаатар хотод “Буян” Жаргалсайхан энэ тэрээс эхлээд баян хөрөнгөтэй хүмүүс цөөн. Болвол мөнгөтэй төгрөгтэй нэгнээ ад үзчих хэмжээний социализмын жигдхэн байх сэтгэлгээнээсээ бүрэн салаагүй байсан шилжилтийн үе шүү дээ. Тэр олон малыг яаж малладаг байсан бэ гээч. Гол түшиг тулгуур нь Ц.Шаравын төрсөн дүү нар нь байсан юм аа. Дороо зургаан сайхан дүүтэй хүнд “зарах” дүү олдолгүй яахав. Хоёр ч дүү нь өдгөө Галуут сумандаа олон малтай, ажилсаг гэдгээрээ алдаршсан л яваа. Төрсөн бага дүү нь Архангай аймгийн Их тамир суманд олон малтай ажилтай хүн бас бий.

Говь, хангай хосолсон Галуут сумын Буянт голын Худгийн мухар гэдэг газар нутаглаж ирсэн Монгол Улсын манлай малчин, Монгол Улсын гавьяат малчин, Алтангадас одонтой Ц.Шарав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол авах болзлыг хэдийнэ хангачихсан байв. Намын үзэл бодлоос болоод тухайн үедээ Хөдөлмөрийн баатар болж чадаагүй талаар өөрийн олж сонссоноо бичье. Ерөнхийлөгч байсан П.Очирбат гуай “Мах импекс” ХХК-ийн 50 жилийн ойн хурал дээр Ц.Шаравтай уулзаж тааралдахдаа “Шарав аа, чамайг би Хөдөлмөрийн баатар болгоё гэж тун их бодсон юм. Харамсалтай нь чиний тодорхойлолт ирээгүй” гэж өөрт нь хэлж байсан гэдэг.

Хотод төрсөн ганц ахаасаа өөр таньдаг айлгүй шахам хөдөөгийн малчин хүнд алдар нэр горилон цол нэрний араас юун хөөцөлдөх зав, сонирхол байх билээ дээ. Бүхэл бүтэн Монгол Улсын Ерөнхийлөгч жалгын мухрын малчин Ц.Шарав гэдэг хүний тухай яриаг ард түмнийхээ дундаас олж сонсоод тэр Ц.Шарав гэдэг малчин хүний тодорхойлолтыг гаргаад өгөөдөх гэсэн байгаа юм. Гэтэл аймгийн удирдлагууд нь ардчилалд ээлтэй ханддаг гэх нам төрийн үзэл бодлын дор тухайн тодорхойлолтыг гаргаж өгөөгүй “гүрийчихсэн” байдаг. Малчин Ц.Шарав нутгийн хүн болох одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг таньдаг, дэмждэг байлаа. Ажилсаг хүнд тэрээр их хайртай. Х.Баттулгыг их ажил хэрэгч залуу гэж үнэлнэ. Анх Х.Баттулга аймагтаа сонгуульд нэр дэвшиж байх үед нь “Уг нь Х.Баттулга говь талдаа өрсөлдөөд хэрэггүй л байсан юм даа. Би түүнд зөвлөхдөө хангайд өрсөлдсөн бол дээр байсан гэж хэлсэн” гэж дүүдээ ярьж байжээ.

Үнэхээр тэр сонгуульд ч Х.Баттулга Баянхонгор аймгийн говийн бүсэд өрсөлдөөд сонгуульдаа бүдэрч байсан аж. Цаг агаар, байгаль дэлхийг шинжсэн малчин хүний холч ухаанаар сонгуулийн багцааг тухайн үед бас авчихсан л байгаа хэрэг шүү. Наймдугаар ангийн боловсролоос өөр албан ёсны дипломгүй ч орчин үеийн бизнесмэн хүний хэмнэлээр ажиллаж амьдарсан авга ах Ц.Шарав өөрөө ч бүрэн төсөөлөөгүй байсан амжилтдаа хүрч, малын тоо хэмжээшгүй олон болоод ирэхийн цагт суурингийн шинжтэй фермийн аж ахуй тал руу хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй явж байжээ. Харамсалтай нь өөрийн бодож санаж төлөвлөснөө гүйцээж амжилгүй 50 гаруй насандаа зуурдаар өнгөрсөн юм. Адууныхаа эрэлд мотоцикльтой шөнө дунд явж байгаад гэрэл ойсон гэдэг.

Монголын радиогийн нэрт сурвалжлагч Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимиддорж тэргүүтэй олон сэтгүүлчид малчин Ц.Шарав малчныхаас “Төлийн дуу” нэртэй нэвтрүүлгүүд хийж, малчных нь онцлогийг товойлгон анх удаагаа олны танил болгон гаргаж ирсэн юм билээ. Ажлын төлөө төрсөн мэт өөрийгөө хооллох, ундлахаа ч умартан малын араас үнэн дур сонирхолтойгоор уйгагүй хөөцөлддөг байсныг нь дурссан нэвтрүүлгийг сонссон. Тэрээр хүүхэд байхын мал таних гэж жигтэйхэн. Малыг ямар цагт яаж тааваар нь бэлчээх, ашиг шимийг нь яаж авахыг ягштал нямбай хийдэг. Төл бойжих үед гэртээ гадны хүн ирүүлэх тун дургүй. Хөлстэй морь, хүн ирлээ гэж үздэг. Хонь хургалахад төрсөн цагаас нь 14 хоног гал уурган дээр цугт нь хамтад нь байлгана. Хургатай хонио бусад хониноосоо тусдаа хариулах гэх мэтээр малын арчилгаа, хариулгааг сайтар хийдэг. Туслах малчид гэж нэг их олон байхгүй. Хэдэн дүү нар нь, үр хүүхдүүд нь гар хөлийн үзүүрт нь гүйдэг байсан. Тэднийг бас ажилд сургадаг. Ц.Шарав таван хүүхэдтэй. Гэргий Сүнжидмаа эгч хэвтрийн дэглэм сахидаг эрүүл мэндийн шалтгаантай байсан болоод ч тэр үү ах маань гэрт орж эм, гадаа гарч эр болж гарын таван хуруу шиг таван хүүхдээ өсгөж өндийлгөсөн дөө. Малдаа хайртай “ясны” хоньчин Ц.Шаравын малын тоо толгой нь тухайн үедээ 4000 хол давчихсан байсан. Үүнээс өмнө нэгдэл татан буугдаж, хоршоо хэлбэрээр байгуулагдахад “Түрээсийн гэрээнээсээ илүү давж түмэн сүрэг бойжуулж өгнө” гэж улсдаа амалж байсан гэдэг юм билээ. Амласан зорьсондоо ч хүрч Монгол Улсын хэмжээнд нутаг ус, аавынхаа алдрыг цуурайтуулсан Буянт голдоо нутагласан малчин Цамбажавын Шарав хэмээх эрхэм хүний талаар эргээд нэг дурслаа.

Банзрагчийн Долзодмаа

Categories
мэдээ цаг-үе

“Явдаг самбарууд”

ШУТИС-ийн
Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Дизайны салбар Интерьер дизайны ангийн
хоёрдугаар курсийнхныг “Нэг ангийнхан” буландаа урилаа. Тэд бусад оюутнууд шиг
гурав, дөрвөн пар хичээллээд гэртээ харьчихдаггүй. Ангидаа хичээл ном, цаас
харандаа болж өнждөг, орой 21 цагт жижүүртээ хөөгдөж барин сургуулиасаа гардаг
завгүйчүүд. Саяхан гэхэд л сургууль дээрээ дөрөв хонож рекорд эвджээ. Дизайн,
архитектор бэлтгэдэг их сургуулийн оюутнуудын оролцдог “Алтан хулгана” наадамд
бэлдэх гэж “Гэрээ мартсан Гэсэрүүд” болж. Ангидаа сандлаа налаад хонох энүүхэнд
бололтой. Сургууль дээрээ хоносон өглөө нь угаалгын өрөөнд “цочоох үзэгдэл”
болдог аж. Нэгдүгээр курсийн “шинэков”-ууд цочиж хараад жигтэйхэн байдаг гэнэ.
Үсээ самнаагүй, нүүрэндээ өнгө өнгийн будагтай нөхөдтэй таарсан хэн ч нүдээ
бүлтийлгэнэ л дээ.

Интерьер дизайныхан
бүгд цүнхний дайтай пеналтай. Урт урт шугам, бийр, усан будаг, маркер, харандаа
чихсэн аварга том пеналаас гадна планшет гэдэг томоо цүнхийг өдөр бүр үүрэх нь
үүрээд, чирэх нь чирээд явцгаадаг. Хичээл дээрээ зураач нарын хэрэглэдэг шиг
модон суурин дээр планшет дотроо хийсэн хатуу цаасаа гаргаж тавиад зурж,
шугамдах ажлаа эхэлдэг гэж ангийнх нь зөвлөх багш Н.Оргил тайлбарлалаа. Зөвлөх
гэдэг нь хуучнаар бол ангийн багш. Планшетээ үүрээд автобусанд орохоороо зай
эзэллээ гэж загнуулахаас гадна сонин хачин үг ч их сонсдог гэнэ. Нэг цагаан
сараар бүр “Бууз хийдэг хүүхдүүд үү” гэж асууж байж. Ангийнхнаа байсхийгээд
инээлгэх Б.Од-Эрдэнэ гэдэг өндөр хүү “Бид ч бас яах вэ үүрээд явчихдаг. Эд нар
л хэцүү. Хоёр хөл нь харагдвал их юм. Явдаг самбар гэцгээнэ шүү дээ, эднийг”
гээд ангийнхаа охид руу эрүүгээрээ дохиж инээдэм болов.

Ангийн охид гэдэг
нь Б.Уянга, О.Номгон хоёр. Уянга нь тийм ч намхан биш, нуруулаг цагаан охин юм.
Ийм нуруутай хүүхэд планшетийнхаа цаанаас харагдах төдий байдаг гэхээр үүрдэг
цүнх нь нэлээд том эд бололтой. Үе үе хэрсүү үг хэлсэн шигээ суух намуухан
дуутай охин нь Номгон. Яриасаг нүүрэмгий гэж жигтэйхэн У.Дөлгөөн эдний ангийн
бас нэг төлөөлөл. У.Дөлгөөн, О.Номгон, Б.Уянга, Б.Од-Эрдэнэ дөрөв ангийнхнаа
төлөөлж уулзсан юм. Интерьер дизайны анги 64 оюутантай, бараг аймаг бүрийн
хүүхдүүд бий гэнэ.

Мэргэжлээ сонгосон
шалтгааныг нь сонирхоход О.Номгон “Архитектор болох хүсэл миний хар багын
мөрөөдөл. Судлаад үзтэл нэг хэв маягт баригддаг, дотоод бодол үзэл санаагаа
гаргахад хүндрэлтэй юм шиг санагдсан. Дотоодоо бүрэн гаргаж илэрхийлэхэд
интерьер дизайны мэргэжил илүүг олж харсан” гэж ярилаа. Энэ мэргэжлийг дурлаж
сонгосон Б.Уянга “Хүсч сонгосон мэргэжил маань интерьер дизайн. Цар хүрээнд
баригдахгүйгээс гадна амьдралын хэв маягийг тодорхойлж өгдгөөрөө гоё. Хүний
сэтгэл зүй, мэдрэмжийг нарийн судалж, амьдрах орчныг нь бүрдүүлж өгнө гээд
бодохоор сонирхолтой санагддаг” гэсэн юм. У.Дөлгөөний хувьд архитектор болох
хүслээр шалгалт өгсөн ч оноо нь хүрээгүй учраас энэ ангид элсчээ. Одоо бол
мэргэжилдээ хайртай, цаашдаа илүү амжилттай ажиллах хүсэлтэй яваа аж. Сурч буй
мэргэжлээ “Архитектор инженер талдаа ойрхон бол интерьер дизайн илүү гоо зүй
тал руугаа” гэж тодорхойлов. Харин Б.Од-Эрдэнэ төлөвлөж байж сонгосноо ярив.
Эгч нь ийм мэргэжлээр төгссөн болохоор эргэлзэлгүйгээр сонгожээ.

Улс даяар урлагийн
наадам зохиодог оюутнууд

Интерьер дизайны
хоёрынхон нэгийнхэнтэйгээ хамт сургуулийнхаа “Про арте” клубийг ажиллуулдаг.
Оюутнуудын ажиллуулдаг клуб “Айфэ” гэдэг урлагийн фестивалийг улсын хэмжээнд
зохион байгуулдаг нь сонирхолтой санагдав. Үнэ төлбөргүй кино үзүүлж, уран
зургийн үзэсгэлэн дэлгэж, зурагт хуудас, богино хэмжээний кино, анимэйшн
бүтээлийн уралдаан зарлаж, шалгарсныг нь шагнаж урамшуулна гэдэг хэсэг оюутнууд
бүү хэл баргийн компанийн давчих даваа биш. Нэгдүгээр курстээ байхдаа зохион
байгуулсан урлагийн наадмынх нь үеэр нийслэлчүүд Өргөө кино театрт “Содура”
киног үнэгүй үзэж байж.

Эдний ангийн дарга
Г.Онон клубийнхаа маркетер гэнэ. Дөлгөөн “Манай Онон маркетингийн мундаг
авьяастай. Бидэнд юуных нь мөнгө байхав. Бүх юмаа л гуйж амжуулна. Урих
хүмүүсээ гуйна, кино гаргах, үзэсгэлэн дэлгэх газраа царайчилна. Урлагийн
наадам дээр “Содура”-г үнэгүй гаргах гээд “Өргөө” дээр очоод гуйсан чинь гурван
сая төгрөг гэсэн юм билээ. Ярьсаар байгаад 800 мянга болгосон. Урлагийн наадмын
үеэр сургуулийнхаа урлаг зааланд моно драмын Ц.Баясгалан жүжигчинг урьсан юм.
Онон маань Ц.Баясгалан жүжигчинг авчрах гэж араас нь гурван хоног гүйсэн. Сүүлдээ
бүр ширээнийх нь өнцөгт суугаад сөгдөөд гуйсан гэсэн. Ц.Баясгалан эгчийг “Миний
хүү нэг газар ингээд сууж байвал хэцүү юм даа” гэж бодтол гуйсан байгаа юм даа.
Тэгээд л зөвшөөрүүлчихсэн” гэж яриад хөгжилтэй инээв. Жилдээ нэг удаа урлагийн
наадам хийхээс гадна улирал бүр “Креатив майнд” гээд алдартай хүмүүсийн лекц
сонсох арга хэмжээг ч зохион байгуулчихдаг аж.

“Дэлхийн урлагийн
түүх”, “Монголын урлагийн түүх”, “Гоо зүй” гэсэн хичээлүүддээ илүү ойртохын
тулд дуурь, балет үзэцгээдгээ ярив. Дөлгөөн “Анх дуурь үзээд ерөөсөө ойлгоогүй.
Юу болоод байгаа юм бүү мэд гэж бодсоор дуусгасан. Дараагийн дууриа харин
нэлээд судалж байж үзсэн. Уншиж судлаад үзэхээр ойлгодог юм билээ. Одоо бол
дурлаж үздэг болсон. Гэхдээ балет нь бүр гоё” гэж сэтгэгдлээ хуваалцлаа. Интерьерийн
ангийнхан учраас тайзны засалт нь сонирхолтой санагддаг гэнэ. Тайзны засалт
гэснээс эдний ангийнхан мэргэжлийн хичээлүүд үзсэнээсээ хойш байшин, барилгын
хийц харсан шигээ алхах хоббитой болж.

Тоог нь арилтал
хэрэглэж байж “акталдаг” үнэтэй шугам

Чөлөөт цаг
гарахаараа юу хийдэг вэ гэсэн асуултад хэн нь ч ресторан, паб гэж хариулсангүй.
Б.Уянга чөлөө гарахаараа л унтаж амрахыг илүүд үздэг бол О.Номгон гэр бүлээрээ
агаарт гарах дуртай гэнэ. Харин У.Дөлгөөн “Жаахан зав гарвал гэрээ цэвэрлэж,
хоолоо хийдэг. Оюутан болсноосоо хойш фэйсбүүктээ ганц ч зураг нэмээгүй байна
лээ” гэж ярив. Гэртээ хариад зүгээр сууж болохгүй гээд өнөө том планшетээ
үүрээд автобусанд адлуулаад явдагаас нь харахад зав чөлөө багатай гүйцгээдэг нь
илт. Цаас, будаг, бийр, харандаа, маркер, өндөр үзүүлэлттэй таблет, нөүтбүүк
авах гээд зардал ихтэй болохоор өдрийн хоол идэхгүй өнжих өдөр олон гэнэ. Өдөрт
хоолонд орох гэж хармаалж ирсэн тав, гурван мянгаараа цаас авах тохиолдол
цөөнгүй гэж Б.Уянга ярив.

Хотынхон хооллохдоо
хэмнэхийг хичээдэг бол дотуур байрныхан нь харин боломжийн бололтой. Хөдөө
гэрээс нь ирсэн цагаан идээ, мах, боорцог гэдэс алдуулахгүйгээс гадна байр нь
ойрхон учраас өдөртөө очоод хооллочихдог юм байна. Оюутнуудад өгдөг автобусны
карт сард 22 удаа суух эрхтэй аж. Тэр эрхээрээ автобусанд зорчъё гэвэл өглөө
автобусдаад орой гэр рүүгээ алхахаас өөр аргагүй гэж оюутнууд ярьж байлаа.
У.Дөлгөөн нэг удаа автобусанд суух үеэрээ шугамаа хугалчихаад уйлахын наагуур
юм болж. Нэг нь гэхэд л 20 гаруй мянган төгрөгөөр үнэлэгддэг учраас тоог нь
арилтал хэрэглэж байж “акталдаг” аж. Цаас хиртүүлчихнэ гээд шугамаа байн байн
савандаж угаадаг болохоор бичиг нь амархан арилчих гээд байдаг гэнэ.

УИХ-ын гишүүдийг
таньдаггүй нэг үеийнхэн

Тэднээс хэрэг
болгож сонирхсон зүйл маань “УИХ-ын гишүүдийг таних уу” гэсэн асуулт.
Од-Эрдэнээс бусад нь гишүүдийг танихгүй, мэдэхгүй, мэдье гэж боддоггүй
гэцгээсэн юм. Од-Эрдэнэ харин “Улстөржих дургүй. Гишүүдийн ихэнхийн нь нэрийг
мэдэхгүй. Гэхдээ дээр байгаа хүмүүс ямар шийдвэр гаргаад байгааг сонирхдог”
гэсэн хариу өгөв.

Төгсөөд Монголдоо
ажиллах уу, гадаадад сурах уу гэж асуухад Б.Уянгаас бусад нь гадагшаа явж сурна
гэцгээлээ. Б.Од-Эрдэнэ “Гадагшаа явж мэргэжлээ дээшлүүлчихээд ирэхэд
Улаанбаатар жинхэнэ Old city буюу хуучин хот болно. Мэдээж цаашдаа том, гоё хот
болж сүндэрлэнэ. Тэр хотыг босголцоно” гэсэн бол У.Дөлгөөн “Би мөрөөдөх дуртай.
Төгсчихөөд сурах сургуулиа олчихсон. Европт хот төлөвлөлтийн архитектороор
сурна. Монголд тулгамдаж байгаа асуудал бол хот төлөвлөлт. Европын бүх хотууд
төлөвлөлт талдаа гайхалтай.

Эртний Грек Ром
гэхэд л барилга байгууламж нь маш нарийн хийцтэй байсан. Тэр бүхнийг судлаад
ирнэ” гэв. Харин О.Номгон “Орчин үеийн хүмүүсийн хандлага их гоё болсон. Ямар ч
хүн загвар бол амьдрах хүсэл эрмэлзэл гэдгийг ойлгодог болсон. Би төгсөөд гадны
улсаас туршлага судална гэж боддог. Франц гэх мэт илүү загварлаг орнуудад очиж,
нүдээ нээж байж Монголд шинэ нүд гарч ирнэ. Зөвхөн нэг хүрээнд сэтгээд байвал
шинэ бүтээлч санаа гарахгүй. Тэгэхээр заавал гадагшаа явна” гэсэн хэрсүү хариу
өглөө.

Б.Уянгын хувьд
төгсөөд хоёр жил ажиллачихаад гадны улсуудаар аялал хийхээр төлөвлөжээ. “Улс
орнуудын амьдралын хэв маягийг ойлгож авчихаад компани байгуулна даа” гэж
мөрөөдлөө хуваалцав. Бүгдээрээ л гадаадад сурч боловсорчихоод Монголдоо ирнэ
гэцгээж байлаа. Нэг ангийн дөрөвтэй хамт ирсэн хүү өөрийгөө Бат-Ирээдүй гэж
танилцуулсан юм. Өөр анги ч гэлээ интерьер дизайны хоёрынхонтой нэг ангийнхан
шиг ижилдчихэж. Бат-Ирээдүй ч бас энэ чиглэлээр суралцдаг юм байна. Сургуулиа
төгсөөд мөн л гадагшаа явахаар шийджээ. Гадаадад сурах гэж байгаа шалтгаанаа
“Улс орон болгоны дизайны чиг хандлага өөр өөр байдаг. Бүгдтэй нь танилцахад
шинэ санаа гарч ирнэ. Монгол Улсын хувьд дизайн гэсэн чиглэлийг ойлгоод нэг их
удаагүй. Дэлгэрч эхлээгүй байгаа. Тийм учраас үнэлж чаддаггүй. Төгсчихөөд
гадагшаа яваад хөгжөөд ирэхэд л дизайнеруудыг хүлээж авахад бэлэн байх болов
уу” гэж тайлбарлав.

Ангийнхантайгаа л хэл
нэвтрэлцдэг “дизайнерууд”

Дөлгөөн
“Найзуудтайгаа ярихаар яриа явдаггүй болчихсон байна лээ. Ангийнхантайгаа бол
ойлголцоод сайхан ярьж гарна шүү дээ” гэхэд бүгд л нээрээ тэгдэг шүү гэцгээж
байна. Эдний ангид сонсголгүй, хэлгүй нэг охин байдаг гэнэ. Сарангуа эхэндээ
ангийнхнаасаа санаа зовдог байсан ч одоо дунд нь ороод ярьдаг болжээ. Ангиараа
дохионы хэл сурсан болохоор харилцахад түвэг учирдаггүй аж. Хичээлийн үеэр
Сарангуагийнхаа ойлгохгүй байгааг багшдаа хэлж ангийнхаа охинд тусалдгаа ярив.
Сарангуагийн хэлснийг багш нь ойлгохгүй тохиолдолд ч түвэггүй ойлголцуулчихдаг
гэнэ.

Б.Од-Эрдэнэ “Хийж
байгаа нь биднээс хэд дахин илүү” гэж ангийн охиноо магтав. Өдөржин хамтдаа
будаг, цаастай холилдож өнждөг болохоор мэргэжлийнхээ тухай өөдрөг, мөрөөдөл
дүүрэн яриа өрнүүлэх сайхан гэсэн үгийг нэг ангийн дөрөвтэй хөөрөлдөж суухдаа
хэд хэдэн удаа сонссон юм. Хэзээний хэрсүү яриатай Номгон “Багш маань интерьер
дизайн гэдэг бол бурхадын мэргэжил гэж ярьдаг. Болоогүй юмыг зөгнөж ирээдүйн
загварыг хардаг, гаргадаг хүмүүс нь интерьер дизайныхан гэхээр сайхан
санагддаг. Өнөөдрийн бидний ширээн дээрээ тавиад самбар дээр тоо, дүрс, бичиг
харуулдаг проректор, лед дэлгэцийг өмнөх үе маань бүтээсэн. Ирээдүйд бүтээнэ
гэж байгаа жолоочгүй машины загварыг бид гаргана” гэж ярилаа.

Дуугаараа
ангийнхнаа уяраадаг Бадамаа нь хөл хүнд болжээ. У.Дөлгөөн “Гоё дуу сонсохоор
огшдог доо. Бадамааг ямар ч дуу дуулсан тийм мэдрэмж төрдөг. Тийм гоё дуулдаг
хүн бөндийчихөөд яваад байхаар хөөрхөн санагдаад байгаа юм чинь. Манай
ангийнхан харахаараа л өхөөрддөг юм” гээд хөгжилтэй инээв.

Ангийн гол дүрийн
баатруудын тухай яриулах гэтэл “Хэн нэг хүний онцлог гэхээс илүү бид чинь нэг
хүн шиг ижилдэж, нэгэн цул болсон” гэсэн үгийг У.Дөлгөөнөөс сонслоо. “Манай
ангийн уур амьсгал ийм гоё байгаагийн нэг том шалтгаан манай Оргил багш.
Нэгдүгээр курст ордог жил хичээл эхлэхээс хоёр хоногийн өмнө бүгд рүү нь залгаж
дуудаад уулзсан. Хамгийн анхны хичээлийн хуваарийн сонголтыг нэг бүрчлэн гаргаж
өгч байсан гээд бод доо. Хичээлээс гадна амьдрах ухаан заадаг” гэж Номгоныг
хэлэхэд Од-Эрдэнэ “Багш гэхээс илүү ангийн залуу гэж боддог ш дээ” хэмээн
хошигнов.

Ц.Баасансүрэн