Categories
мэдээ соёл-урлаг

“Солиот эх” кино БНХАУ-ын зах зээлд гарна

1900-аад оны эхэн үеийн монголчуудын амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг тухай өгүүлэх “Солиот эх” Хятадын кино театрт гарахаар болжээ. “

X ТҮЦ” продакшны уран бүтээлчид Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэн уран сайхны кино бүтээж, өнгөрсөн нэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгосон билээ. Дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн шуугиан тарьсан уг киноны найруулагчаар МУГЖ И.Одончимэг, продюсерээр Н.Онон ажилласан юм.

Тэгвэл энэхүү киног БНХАУ-ын зах зээлд гарах болсон талаар “X ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. Тэрбээр, “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд Чиндао хотод зохион байгуулж буй “Олон улсын анхдугаар кино наадам”-д “Солиот эх” кино амжилттай оролцож, санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү кинонд оролцсон нийт уран бүтээлчиддээ, биднийг дэмжиж хамтарч ажилласан хамт олон албан байгууллагууддаа гүн талархал илэрхийлье. Монголын кино урлаг мандан бадраг” хэмээжээ.

Түүнчлэн Шанхайн хамтын ажиллагааны Олон улсын кино наадамд 12 орны 55 бүтээл зургаан номинацид нэр дэвшин өрсөлджээ. Үүнээс Монгол Улсаа төлөөлөн “Солиот эх” уран сайхны киноны Номоо-н дүрээр МУГЖ И.Одончимэг “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналын эзэн болсон байна.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд оролцохоор ирсэн зочдыг хүлээн авч уулзаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотын Ардын засгийн газрын Гадаад харилцааны газрын дарга Чи Гуохуа болон тус хотын төлөөлөгчид байлцлаа. Уулзалтын үеэр хоёр тал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр хэлэхдээ “БНХАУ-ын хотууд Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд ихээхэн ач холбогдол өгч, бидний үйл ажиллагааг дэмжиж, энэ удаагийн хуралд нийт 4 хотоос 18 төлөөлөгч, IGDP олон улсын байгууллагаас 3 төлөөлөгч, Хятадаас нийт 21 төлөөлөгч хүрэлцэн ирсэн явдалд туйлын баяртай байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж шинэ утга агуулгаар баяжиж байгаад бид баяртай байдаг. БНХАУ нь манай улсын худалдааны хамгийн том түнш, хамгийн том хөрөнгө оруулагч юм. Өнгөрсөн оны байдлаар манай улсын гадаад худалдааны хэмжээ 10 тэрбум ам.доллар байсны 63 хувь нь буюу 6.5 тэрбум ам.доллар нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Өнөөгийн байдлаар Улаанбаатар хот нь БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот зэрэг 10 гаруй хотуудтай найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллаж байна. БНХАУ-ын хувьд Улаанбаатар хоттой хамгийн ойр, харилцан туршлага судлах, суралцах боломжтой эдийн засаг нь маш хурдацтай хөгжиж байгаа улс юм. Таны энэ удаагийн айлчлал Зүүн хойд Азийн хотын дарга нарын цаашдын үйл ажиллагаа болоод хоёр хотын цаашдын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэл хотноо хуран чуулж буй Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд оролцогч зочид төлөөлөгчдөд хандан мэндчилгээ дэвшүүлсэн байна. Мэндчилгээг Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл төлөөлөгчдөд хүргэсэн юм.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хотын дарга нар аа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, бүс нутгийн түвшний хотын дарга нарын уулзалтанд оролцож, байгаль дэлхий, ногоон хөгжлийн бодлогын асуудлыг хэлэлцэхээр хуран чуулсан та бүхэнд мэндчилгээ дэвшүүлж, энэ өдрийн мэндийг айлтгая.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачлагаар “Зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулга уулзалт” хоёр жил тутам тогтмол зохион байгуулагдаж, экологи, шинэ технологи, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчноо хамгаалах, ногоон хотын бодлогыг хөндөж, хотууд туршлагаа хуваалцаж, хэрэгжүүлдэг нь энэ чуулганы ач холбогдолыг харуулж байна.

3 дахь удаагийн чуулга уулзалтаар “Нүүрс хүчлийн хийн бага ялгаралт бүхий хотын хөгжил: агаарын чанарыг сайжруулах, хүлэмжийн хийг бууруулах нь” сэдвийг онцлон авч хэлэлцэж байгаа нь утаа, агаар, орчны бохирдолыг хүчтэй хөндөж, эрчимтэй бууруулах чиглэлээр зорилт тавин ажиллаж байгаа Монгол улсын тухайд ч эмзэг, тулгамдсан асуудал юм. Нэгхэн тоон үзүүлэлт хэлэхэд Улаанбаатар хотын агаар дахь нүүрсхүчлийн хийн агууламж 411 пи пи эм-д (ppm) хүрээд байгаа нь байвал зохих түвшнээс давсан үзүүлэлт болоод байна. Байгаль цаг уурын өөрчлөлт, хувьсалын эсрэг хүн төрөлхтөн дангаараа биш даяаршиж, хамтдаа туулах шаардлага тулгарч, бүс нутгаараа ийнхүү чуулж байгаа нь олон улсын түвшинд үлгэр болохуйц юм.

Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудал та бүхэнд ч ижил бий. Өөрөөр хэлбэл “Ногоон хот руу тэмүүлж, нүүрс хүчлийн хийн бага ялгаралт бүхий хот” болох зорилго биднийг нэгтгэж байна.

Зүүн хойд Азийн бүс нутаг бол дэлхийн эдийн засагт чухал байр суурь эзэлдэг, томоохон эдийн засагтай гүрнүүд оршдог бүс нутаг билээ. Гэвч манай бүс нутаг нийт хүлэмжийн хийн 30 орчим хувийг ялгаруулдаг гэсэн судалгаа байна.

Иймд бүс нутгийн хамтын ажиллагааны хүчээр тогтвортой хөгжлийг дэмжих, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж зайлшгүй шаардлага бидэнд тулгараад байна.

2015 оны Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийг бууруулахад дэлхийн улс орон бүр өөрсдийн нөөц бололцоогоор хувь нэмрээ оруулах үүрэг хүлээсэн. Монгол Улсын Их Хурлаас уг хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталж, 2030 он гэхэд хүлэмжийн хийг одоогийн түвшнээс 14 хувиар бууруулах зорилт тавьсан юм. Энэ зорилтоо үр дүнд хүргэхэд та бүхний дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаа, бүс нутгийн бодлого чухал түлхэц өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах чиглэлээр аливаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, цэвэр технологийг нэвтрүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулахад Монгол Улсын Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.

“Нүүрсхүчлийн хий бага ялгаралт бүхий хотын хөгжил: агаарын чанарыг сайжруулах, хүлэмжийн хийг бууруулах нь” гэсэн нэн чухал сэдвийн хүрээнд хуралдаж байгаа Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын чуулга уулзалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Монгол сайхан эх оронд минь тавтай морилно уу.

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх

2018 оны 6 дугаар сарын 18

Categories
мэдээ нийгэм

Зүүн Хойд Азийн хотын дарга нар чуулж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум 3 дахь удаагаа нийслэл хотод чуулж байна. Энэ удаагийн хотын дарга нарын уулзалтад БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга Жан Чин, БНСУ-ын Сөүл хотын захиргааны асуудал хариуцсан дэд дарга Жун Бён Юн, ОХУ-ын Улаан-Үд хотын дарга Александр М.Голков, БНАСАУ-ын Солонгос-Ази номхон далайн орнуудын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга Юү Жү Ёон, Япон Улсын Токио хотын төлөөлөл болон НҮБ-ын төлөөлөгчид оролцож байна.

Энэхүү форумаар “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийг хөндөн хоёр өдөр Улаанбаатар чуулж, салбар хуралдаануудыг хийх юм.

Зүүн хойд Азийн хотууд нь дэлхийн эдийн засагт чухал байр суурь эзэлдгийн зэрэгцээ нийт нүүрстөрөгчийн хийн 30 хувийг ялгаруулдаг гэсэн статистик судалгаа бий. Нөгөө талаар Монгол улсын нийслэл хот хотын агаар дахь нүүрсхүчлийн хийн агууламж 411 пи пи эм-д (ppm) хүрээд байгаа нь байвал зохих түвшнээс давсан үзүүлэлт болоод байна. 2015 оны Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийг бууруулахад дэлхийн улс орон бүр өөрсдийн нөөц бололцоогоор хувь нэмрээ оруулах үүрэг хүлээсэн. Монгол Улсын Их Хурлаас уг хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталж, 2030 он гэхэд хүлэмжийн хийг одоогийн түвшнээс 14 хувиар бууруулах зорилт тавьсан юм.

Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нээж үг хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх форумын үйл ажиллагаанд амжилт хүсч, мэндчилгээ ирүүлсэн байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон УИХ, НИТХ-ын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцож байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Шинэ орон сууц барьж эхлэлээ

2018 он Өмнөговьчуудын хувьд бүтээн байгуулалтын жил. Бүтээн байгуулалтын хүрээнд хүн амьдрах, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хуучин орон сууцнуудыг буулгаж, шинээр орон сууц барих дахин төлөвлөлтийг хийж байна. Өнөөдрийн билэгт сайн өдөр Говийн өгөөж ХХК нь Даланзадгад сумын 3-р баг, Хоёрдугаар орон сууцыг буулгаж шинээр 9 давхар, 45 айлын 1,2 дугаар давхартаа үйлчилгээний төвтэй, 3,4 дүгээр давхартаа оффистой орон сууцыг барьж эхэллээ. 2019 оны 06 сарын 02 гэхэд 9 давхар, 45 айлын орон сууц ашиглалтад орох юм.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан түр хязгаарлах газрууд

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас гаргасан нийслэлийн хэмжээнд өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарийг хүргэж байна. Засварын хуваарийг хэрэглэгч Та бүхэнд www.tog.mn вэб сайтаар сар бүр, www.facebook.com/UBEDN хуудсаар өдөр бүр хүргэж, мөн засварын ажил эхлэхээс өмнө гэрээнд бүртгэлтэй гар утсанд мессеж илгээх хэлбэрээр урьдчилан харж болох юм байна.

⚡️Баянзүрх дүүрэг
11:00-17:00 цагт: 11-р хороо 62-р байр, 41, 45-р гудамж, ЛБНТ номын хийд, Бадрах зам ХХК, 79-р сургууль, СЭМҮТ болон ойр орчмоор,
11:00-18:30 цагт: 9-р хороо Шар хадны 4-39, 50-60, 61, 63, 57, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65А, Б байр, Бархгол, Голдсилвер, Рэбоожин, Алтан нарны тусгал, Монополь, Дөрвөн өлзий Бэст Сервис, Альбатросс Эс пи сервис, Мануул трэйвл ХХК-ууд, 3-р цэцэрлэг, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дэлхийн зөн ОУБ, Уурын зуух болон эдгээрийн ойр орчмоор,

⚡️Баянгол дүүрэг
11:00-17:00 цагт: 6-р хороо 10-р хороолол 12А, Б, 12-4, 12-4Г, 12-5, 13, 15, 40-43, 43А, 44А, Б, 46, 54-57, 57/2, 60, 60/2, 61, 63, 64, 65, 71/1, 79-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор,

⚡️Налайх дүүрэг
10:00-17:00 цагт: 2-р хороо 42-47-р байр, Холбоо, Үүрийн гол, Шижир зул дэлгүүрүүд болон ойр орчмоор.

Categories
мэдээ цаг-үе

Бүхнийг хайрлахыг эрхэмлэдэг иогч гэр бүлд зочиллоо

Энэ удаагийн “Танайд өнжье” буландаа иогч гэр бүл Х.Батцэнгэлийнхийг онцлон хүргэе. Эднийх Нэгдүгээр сургуулийн урд байрлах хуучны таван давхар байранд амьдардаг юм байна. Биднийг очиход Х.Батцэнгэлийн гэр бүл өглөөний иогийн дасгалаа хийгээд дуусаж байв. Өрөө болгоны хананд байрлах тавиур дээр иогийн ном, судруудыг жирийтэл өрсөн нь содон харагдана. Мөн иогийн дасгал хийсэн, гол усны хажууд бясалгал хийж суугаа өөрсдийнх нь зураг болоод иогийн гайхамшигт гэрэл зургуудыг жаазлан ханандаа өлгөсөн нь сонирхолтой харагдав. Эдгээр номын тавиур, жаазтай зургуудыг энд тэнд бус тавилга, эд хогшилтойгоо зохицуулан байршуулсан нь үзэсгэлэнд ороод ирэв үү гэлтэй. Энэ тэрийг сонирхон үзэж явтал гэрийн эзэгтэй ширээнд сууж, цай уухыг урилаа. Х.Батцэнгэл, А.Болортуяа нар анх 2007 онд учирч гэр бүл болжээ.

Иогч багш Х.Батцэнгэл А.Болортуяа нар

Тэр цагаас хойш өдгөө 11 жил хамт амьдарч, мөн иогийн ухааныг эх орондоо дэлгэрүүлэн, бусдын сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулан амьдарч яваа иогийн багш хүмүүс аж. А.Болортуяа анх 2002 онд Америкт ажиллаж байхдаа иогийн сургалтад явснаас хойш өдийг хүртэл тасралтгүй иогоор хичээллэж, бусдад зааж, сургаж яваа. Анх иог сонирхож, улмаар иогийн багшийн сургалтад суралцаж эхэлснээс хойш тэрээр бүтэн жилийн хугацаанд нөхрөөсөө өөр хэнтэй ч ярихгүй өнгөрүүлсэн гэлээ. Ингэж суралцаж байхдаа тэрээр Монголдоо очоод иогийн сургалтын төв байгуулна гэсэн хүсэл зорилготой болж. Улмаар эх орондоо ирж зорилгоо биелүүлэн ажиллаж байгаа гэдгээ хэлсэн юм. Х.Батцэнгэлийнх дөрвөн хүүхэдтэй. Саяхан А.Болортуяа “Алдарт эхийн одон”-гоор энгэрээ мялаалгажээ. Иогч эхнэр, нөхөр хоёроор иогийн дасгал хөдөлгөөн заалгаж суралцдаг шавь нар нь олон. Шавь нар дотор нь улстөрчдийн гэргий, урлаг спортын олны танил эмэгтэйчүүд цөөнгүй байдаг гэлээ. Шавь нар нь хааяа хоёр багшийндаа ирж иогийн талаар санал зөвлөмж сонсоод буцдаг байна. Эднийд иогийн дасгал, иогийн тухай яриа тасралтгүй хөвөрдөг гэв.

Иогийн дасгал хөдөлгөөний уралдаан тэмцээн олон болдог ч энэ хоёр оролцдоггүй. Учир нь иог гэдэг өөрийгөө олох, мөн чанараа мэдэх, аливаа зүйлийг хайрлахын төлөөх сэтгэлийг илэрхийлдэг ухаан. Дан ганц дасгал хөдөлгөөнийг иог гэж хэлэхгүй учраас иогоор уралдуулах, өрсөлдүүлэх боломжгүй гэдгийг онцлон хэлж байлаа. Иог гэдэг чухам юу болох, хүний амьдралд ямар ач холбогдолтойг ярилцан суух гэтэл Х.Болортуяа багш “Иогийг хүмүүст жинхэнэ утгаар нь ойлгуулахын тулд манай сургалтын төв дээр очиж ярилцвал илүү үр дүнтэй болов уу” гэдэг саналыг бидэнд тавив.

Иогч А.Болортуяа багш. Иогийн хүндхэн дасгалаар биеэ халааж байгаа нь

“АСА” циркийн зүүн урд байрлах таван давхар байранд ирлээ. Үүний гуравдугаар давхарт Х.Болортуяагийн сургалтын төв байрладаг аж. Энэ гэр бүлийн хоёр дахь гэр орон болсон иогийн сургалтын төв нь амьдардаг гэрээс нь хэдхэн алхмын зайтай. Монголд орчин үеийн иог хөгжөөд ердөө долоон жил болж байгаа хэмээн тэрээр хэлж байсан юм. Харин сүүлийн үед эмэгтэйчүүдийн турах хүсэл дээр дөрөөлж иогийн буруу сургалт явуулдаг газар олширсон гэнэ. Үүнээс болж хүмүүс иогийг тураах дасгал хэмээн ойлгох болж. Чухам иог гэж юу болох талаар Х.Болортуяа багш дэлгэрэнгүй тайлбарлав.Тэрээр “Иог гэдэг нь нэгдэл гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүний бие, бодол сэтгэл, оюун санааны цогц нэгдэл гэж ойлгож болно. Хүний махан бие дотор сэтгэл хөдлөл, бодол, дурсамж, төсөөлөл ямар ч барьцгүй, зохицуулалтгүй хоосон чанарт оршин байдаг. Өнгөрсөнд болсон тэр муухай бодлыг мартъя, тэр сайхныг нь саная гэдэг зохицуулалтыг хийж болдоггүй. Үүнийг буддын шинжлэх ухаанаар сэтгэл гэдэг. Харин иогоор үүнийг оюун санаа гэнэ. Тэгэхээр тэр хий шиг баригдахгүй байгаа бодол, сэтгэл, дурсамж, төсөөллөө удирдаж сурахыг иог гэж хэлээд байгаа юм. Зөв бодсон хэр нь биеэрээ буруу үйлдэл хийдэг, амаараа өөр зүйл ярьдаг. Ингэж үйл хөдлөл, бодол, сэтгэл гурваа нэгтгэж чадахгүй байгаагаасаа болоод хүний сэтгэл тогтворгүй, анхаарал нь төвлөрдөггүй, юу хүсэж байгаагаа мэдэхээ болчихдог. Орчин үед хүн өөрийгөө олох хэрэгтэй гэж ярьдаг. Гэхдээ өөрийгөө олох, мөн чанараа таних хэрэгтэй гэдэг үг тэр бүр монголчуудад хүрдэггүй. Орчин үеийн материаллаг нийгэмд хүн зогсолтгүй ямар нэгэн зүйлийн тухай боддог, санаа нь зовдог. Үүнээсээ болж мэдрэлийн ядаргаа буюу стресс, дарамтад ордог. Бөмбөрийн нүргээн шиг ийм их дуу чимээтэй, хөдөлгөөнтэй нийгэмд хүн амар амгалан, тайван амьдарна гэдэг хэцүү. Тэгэхээр хүн юунд ч санаа зовохгүй, сэтгэлээ тайван байлгаж, амар амгалан амьдрахын тулд иог хийх хэрэгтэй. Суурин амьдрал, хотжилт ихсэх тусам хүмүүс иогоор зайлшгүй хичээллэх шаардлага үүсэж байдаг. Буддын үзлээр бодь сэтгэлтэй буюу сайхан сэтгэлтэй байх, бүх юмыг хайрлахыг иог гэж тайлбарлаж болно. Ер нь иогийг ганц үгээр тайлбарлана гэдэг хэцүү” гэв. Иогоор хүний биеийн анатомийг дотогш нь тав хувааж үздэг байна. Хамгийн гадна талын давхарга буюу нэг дэх нь хүний махан бие гэнэ. Үүнийгээ барьж, хянаж, харж болдог нь ойлгомжтой. Хоёр дахь нь энергин бие. Хүний биеийн дотор энерги таван янзаар хөдөлдөг байна. Хэрэв аль нэг хэсэгт энерги хөдлөхөө больчихвол тэр орчимд өвчин үүсдэг гэнэ. Тиймээс энергин биеэ зөв авч явахын тулд хүн эрүүл орчин, цэвэр агаарт амьдрах ёстой аж. Харин гурав дахь давхарга нь оюун санааны буюу бодлын давхарга гэнэ. Хүний таван мэдрэхүйгээр дамжиж орсон бүх мэдээлэл тархинд цуглардаг байна. Ингээд үй түмэн бодол тархинд эргэлддэг аж. Замбараагүй олон бодлоо зохицуулж, цэгцлэхийн тулд бясалгал хийх шаардлагатай гэв. Амьсгал, таван мэдрэхүйгээ мэдэрч анхаарлаа нэг цэгт төвлөрүүлж чадсанаар бодлуудаа захирч чаддаг аж. Ингэснээр ухамсрын үүд хаалга нээгддэг байна. Энэ бол дөрөв дэх давхарга гэв. Ихэнх хүмүүс тэрхүү ухамсартаа хүрж чадалгүй наагуурх бодолдоо захирагддаг байна. Ингэснээр шуналын бодол орж ирвэл аливаа зүйлд илүү шунаж түүнийхээ төлөө явдаг. Хулгай хийе гэсэн бодол орж ирвэл шууд л хулгай хийчихдэг. Энэ нь тухайн хүн ухамсартаа хүрч чадахгүй, бодолдоо захирагдаад байдгийн илрэл гэнэ. Тиймээс ухамсарт заавал очих хэрэгтэй. Тийшээ очихын тулд иог хийх хэрэгтэй гэв. Харин тав дахь давхарга буюу иогийн цөм нь ертөнцийн бүх зүйлийг хайрлах нүдээр харж, сэтгэл нь үргэлж аз жаргал, баяр баясгалангаар гэрэлтэж явдаг бодь сэтгэлтэй болдог байна. Ийм хүнийг буддын сургаалд гэгээрсэн хүн гэж хэлдэг ажээ. Тиймээс иог хийдэг хүн тухайн улсын хүн амынх нь 30-40 хувьд л хүрвэл улс орны хөгжил дээшилж, нийгмийн гаж буруу үзэгдэл алга болох боломжтой гэх судалгаа ч байдаг байна. Харин манай улсын хүн амын ердөө 10 хувь нь л иогоор хичээллэж, иог гэдэг зүйлийг сонсож, мэддэг гэсэн судалгааг А.Болортуяа хувьдаа гаргажээ. Гэхдээ энэ тоон үзүүлэлт нь манайх шиг хүн ам цөөн улсад харьцангуй өндөр үзүүлэлт. Тиймдээ ч бусад дайн дажинтай улсууд шиг Монголын нийгэм тийм ч уруугаа орчихоогүй гэв.

ХҮН ЭРҮҮЛ БАЙХ ЭСЭХ НЬ СЭТГЭЛ, ОЮУН БОДЛООС ХАМААРДАГ

Бид хоёрыг ийн ярилцаж байх зуур өдрийн иогийн дасгал хийх цаг болсон байв. Эдний сургалтын төв дөрвөн өрөө бүхий тасалгаатай. Мөн Х.Батцэнгэлийн гэр доторхтой адил ханаараа уран нугараачид шиг дасгал хөдөлгөөн хийж буй иогчдийн зураг өлгөөстэй харагдав. Иог хийх танхим нь саруулхан, гэгээтэй. Танхим дотор хоорондоо нэг алхам зайтай суусан хүмүүс аниргүй орчинд амьсгалаа мэдэрч аажуу тайвнаар гар, хөлөө хөдөлгөнө. Ийм маягаар хүмүүс иогийн дасгал хийж, өдөрт өөртөө ганцхан цаг зарцуулснаар эрүүл амьдрах боломжтой хэмээн Х.Болортуяа ярилаа. Тэрээр “Хүний эрүүл байх нь сэтгэл, оюун бодлоос эхэлдэг. Буддын ухаан, ямар нэгэн шинжлэх ухаан, амьдрах ухаанаас иог нь дасгал, хөдөлгөөнтэйгөө бодлоо нэгтгэж, мөн чанараа олдгоороо ялгаатай. Орчин үеийн хүмүүс ямар ч хөдөлгөөнгүй амьдардаг. Бүх зүйл нь бэлэн. Бүх зүйл нь автомажсан, машинжсан. Гэтэл хүн хөдөлж байж биеэ цэвэрлэх шаардлагатай болдог. Идэвхтэй хөдөлгөөн хийж байж хүн эрүүл байна. Мөн сэтгэл нь амар амгалан болно. Тэгэхээр иог хийснээр хүн идэвхтэй хөдөлгөөн хийгээд зогсохгүй сэтгэлийн амар амгаланг олох боломжтой юм. Хүний сэтгэл муу зүйл рүү татагдахдаа амархан. Сэтгэлийг гурван төрөлд хувааж болно. Мунхаг сэтгэл, уур хилэнтэй сэтгэл, шуналын сэтгэл гэж. Энэ гурван сэтгэл бие дотор байнга байгаад байвал хүний энергийн тэнцвэр алдагдаж эхэлдэг. Хүний сэтгэл муу болоод энерги нь тэнцвэргүй байвал үйлдэл нь муу болдог. Мөн сэтгэл гэдэг энерги. Тэр энерги хүний эс болгонд шингэсэн байдаг. Муу энерги эс болгонд үүрлээд ирвэл янз бүрийн өвчин, хавдар үүсдэг. Ингэхээр хүн өөрийгөө гадна талаас нь эмчлэх гэж оролддог. Угтаа тэрхүү өвчин хүний сэтгэл, оюун санаанаас болдог. Тиймээс оюун санаа, бодол сэтгэлээ удирдаж сурахын тулд хүмүүст иог зайлшгүй хэрэг болно” гэв. Ихэнх хүмүүс иог бол зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан хөдөлгөөн гэж бодох нь бий. Үнэндээ иог бол эрэгтэй, эмэгтэй хэн бүхэнд хэрэгтэй. Иогоор хичээллэснээр төгс биеийн галбиртай болохоос гадна стресс, нойргүйдэл арилах аж. Мөн хүний бие уян хатан болж, хөдөлгөөний дутагдлаас ангижрахад чухал нөлөө үзүүлдэг. Цаашлаад амьсгалын тогтолцоо сайжирч, амархан ядарч нозоорохоо больдог байна. Эмэгтэй хүн иогоор хичээллэж эхэлсэн насан дээрээ царай зүс, бие организм нь тогтдог. Илүү овор багатай, залуу харагддаг юм байна. Учир нь дотроосоо бодисын солилцоо нь залуу хүнийх шиг болдог гэдгийг хэллээ.

Иогийн үндсэн бэлтгэл эхэллээ

ИОГ ХӨНГӨН ДАСГАЛ, ЗӨВ АМЬСГАЛАХААС ЭХЭЛНЭ

Иог сурахын тулд эхлээд хөнгөн дасгалаас эхэлнэ. Өөрөөр хэлбэл бодол сэтгэлээ удирдаж сурах эхний арга зам нь дасгал гэнэ. Иогийн дасгал хийснээр хүн өөрийнхөө биеийг мэдэрч, таньж эхэлдэг. Дараа нь амьсгалаа мэдэрч сурдаг. Энэхүү мэдэрч чадаж байгаа амьсгалаараа дамжуулж бодол сэтгэлээ удирдаж сурдаг байна. Тиймээс иог хийх, хийж сурах нь нэг сар байтугай нэлээд олон жил зарцуулагддаг гэв. Гэхдээ иогоор нэг жил тууштай хичээллэвэл үргэлжлүүлээд гэрийн нөхцөлд сураад байх боломжтой юм байна. Иогоор хичээллээгүй хүн зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг. Харин иогоор хичээллэсэн хүн бусдын төлөө амьдардаг гэдгийг иогч гэр бүлийнхэн онцлов. Тиймээс Х.Батцэнгэлийн гэр бүл цаашдаа хүн бүрийг иогоор хичээлүүлэх, иогийн ухааныг зөв талаас нь ойлгуулж, мэдрүүлэхийг зорилго болгон ажиллаж байгаа гэсэн юм.

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 18-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт Налайх дүүрэгт ХНХЯ, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” Үндэсний зөвлөлгөөн зохион байгуулна.

09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум” болно. Утас: 88080750, 91113191

10.00 цагт Баянзүрх дүүргийн 14 хороо “Аманхуур2” хотхоны 40 байранд Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын “Хүүхэд Хөгжлийн Төв”-ийн нээлт болно. Утас:88891610, 94333666

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэд Сулинхээрийн отрядыг нүүлгэх шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

11.00 цагт МҮХАҮТ-д УИХ-аас хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн Аж ахуйн нэгжийн орлогоын албан татварын тухай хуулийн төслийн ач холбогдлын талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав болон тус танхимын удирдлагууд мэдээлэл хийнэ. Утас:99090339, 90091979

11.30 цагт УИХ-ын гишүүн А.Сүхбат өрөөндөө мэдээлэл хийнэ.

12.00 цагт ЗЦА-нд орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Даяар Монгол”, “Хөх Монгол бүлгэм”-ээс хуулийн байгууллагууд болон зарим улс төрчдийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Монголын худалдаачдын холбоо”-ноос бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй төрийн болон өрийн дарамтын талаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважав: Татварын багц хуулийн өөрчлөлт эдийн засагт өсөлт авчирна

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Татварын багц хуулийн төсөлд бизнес эрхлэгчдийг дэмжсэн заалтууд багагүй туссан гэж дуулдсан. Энэ удаагийн багц хуулийн онцлогоос ярилцлагаа эхэлье?

-Энэ удаагийн багц хуулийн гол онцлог бол эдийн засагт өсөлт авчирна. Нөгөө талаас татварын эрх зүй гэж бий. Шударга ёсны хэмжүүр эрх зүйгээр л илэрдэг. Шүүх засаглал, хүчний байгууллагууд татварын багц хуулийн эрх зүйг ашиглаж шударга ёсны хэмжүүрийг гаргаж ирэх ёстой. Нөгөө талаар зах зээлийн шударга ёс гэж байна. Монголд бий болж буй баялгийг хамтран бүтээлцэх, баялгийн хуваарилалтаас тодорхой хэмжээний үе шаттайгаар хүртээмжтэй байх тухай асуудал бий. 27 жил үйлчилсэн татварын системийн үндсэн үүргийг харахаар аж ахуйн нэгжид маш их ачаалал өгсөөр ирсэн. Ийм шалтгаанаар бүртгэлийн ажиллагаа, санхүүгийн тайлангуудын ажиллагааг хялбаршуулж, энгийн болгох тал руу нь хандуулж байна. Энэ бол татварын багц хуулийн хоёр дахь онцлог. Гурав дахь онцлог нь компаниудад өсч дэвжих боломж олгохыг зорьсон явдал.

Оюу толгой, MCS, ТҮЦ гурав ижил гараанаас эхэлдэг. Ийм тохиолдолд компани өсч дэвжих боломжгүй. Монголын 157 мянган компанийн 90 хувь нь өнөөдөр 1-9 хүнтэй байна. 27 жилийн процессийг харахад компани өсдөггүй, өндийдөггүй орчинд бид амьдарч байна. Багц хуулийн дараагийн онцлог нь татварын процесс. Татвар хэдийгээр бага ч татвар авч буй процесс, үүнийг дараа нь ашигладаг үйл явц маш хүнд байдаг.

-Дараа нь ашиглаж байгаа үйл явц гэдгээ тодруулаач?

-Товчхондоо дарамтлах гэж хэлж болно.

-Компаниудад томрох боломж олгохгүй байна гэж та сая ярилаа. Компаниуд жижгэрсэн шалтгаан нь юундаа байна?

-Татварын хуульд янз бүрийн тоо оруулж ирээд компаниудаа жижиглэчихсэн юм. Өмнө нь НӨАТ 10 саяын босготой байсан. 10 саяын босгон доогуур нь орох гэж Монголын хэдэн мянган компани жижгэрсэн. 50 саяын босго тогтоож НӨАТ-ыг үндсэн философиор нь ажиллуулаад хоёр жил л болж байна. Өнөөдрийн байдлаар 88000 цэгт НӨАТ бүртгэж байгаа. 1700 байсан цэг ингэж огцом өссөн. Өөрөөр хэлбэл орлогын эх үүсвэрүүдээ бүгдийг нь бүртгэж эхэлсэн гэсэн үг. НӨАТ бол зөвхөн бүртгэлийн систем. Ирэх өдрүүдийн тухайд 88000 бүртгэлийн цэг дээр Аж ахуйн нэгжийн болон Хувь хүний орлогын албан татварын хуулиараа дараагийн симфонийг тоглоно. Ингэж тоглохдоо иргэдийнхээ аж ахуй эрхлэх эрхийг нь аль болох хамгаална. Татварт хамаардаггүй маш олон бүлэг бий. Жишээ нь малчид. 600-700 тэрбум төгрөгийн махны бэлтгэл, ноос ноолуурын худалдаа байна. Дараагийн үе шатандаа очихдоо хүртэл татварт хамаардаггүй. Татварт хамрагдахгүй явдаг үйл явц маш их байна. Үүнд анхаарах цаг болсон. 2016 онд НӨАТ-аар 207 сая талон хэвлэгдэж 35 их наяд төгрөг тэмдэглэгдсэн. 2017 онд 247 сая талон хэвлэгдэж, 56 их наяд төгрөг тэмдэглэгдлээ. Ганцхан жилийн дотор НӨАТ-ын тэмдэглэсэн мөнгө 20 гаруй их наяд давсан байгаа биз. 20 их наяд гэдэг бол асар том мөнгө. Шинэ системд орох цаг болсныг энэ тооноос харж болно. Технологийн хувьд ч том дэвшил гарсан. Ухаалаг утас хэрэглэдэг хүний тоо бараг 1.8 сая байна.

-Компаниудыг өсч томрохыг дэмжсэн ямар заалтууд багц хуулийн төсөлд туссан бэ?

-Жилийн 50 саяын орлоготой компани жилдээ нэг удаа тайлан гаргаж орлогынхоо нэг хувийг л татварт өгч болно. 50 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой бол жилд хоёр удаа тайлан гаргаж өгсөн татварынхаа 90 хувийг буцаагаад авах юм. НӨАТ-ын хувь буцааж авдагтай яг адилхан механизм. Ямар ч хүнд сурталгүй. 1.5 тэрбумын орлоготой гэж үзэхэд нийт компанийн 90-ээд хувь хамрагдана. Хөдөлмөрийн зах зээлийн хувьд 600 мянган хүний ажлын байрыг энэ компаниуд гаргадаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2006 оны хуулиар гурван тэрбумаас дээш орлоготой бол 25 хувийн татвартай байсан. Сангийн яам зургаан тэрбум төгрөг болгож Засгийн газар, УИХ руу орууллаа. МҮХАҮТ-ын хувьд хоёр, гурван жилийн өмнөөс арван тэрбум гэж яриад байгаа. Хэдээр яаж тогтоох нь УИХ-ын мэдэх хэрэг л дээ. Гэхдээ 2006 оны гурван тэрбум төгрөг чанараараа бол өнөөдрийн 10 тэрбумаас ч үнэтэй. Инфляциас болж өндөр татвар төлнө гэдэг гамшиг. Баялаг их бүтээгээд өндөр татвар төлж байвал өөр хэрэг. Гэтэл мөнгөний ханш 2012 оноос хойш бараг хоёр дахин уначихсан. Үүнээс болж гурван тэрбумаар босго давсан компанийн бүтээмж сайжраагүй. Өөрөөр хэлбэл мөнгөний ханшийн уналтаас болж өндөр татвар руу орж байна.

-Компаниуд руу чиглэсэн анхаарал татахаар өөр ямар өөрчлөлт төсөлд суусан бол?

-Татварын процесс дээр сайн ажилласан. Өмнө нь татвар төлөгч, татвар авагч хоёрын дунд хүндрэл байсан. Хүндрэл гарахад Маргаан таслах зөвлөлөөр явдаг. Сүүлд Зөрчлийн хууль батлагдсаны дараа энэ хүндрэл бүр ихэссэн. Тийм учраас аливаа маргааныг татварын систем дотроо шийдье гэж зорилоо. Хоёр шаттай маргаан таслах зөвлөлийг нэг шаттай болгож, Захиргааны хэргээрээ яваад шийддэг механизмыг суулгаж өгсөн. Зөрчлийн хуулийн санкциар явбал хэцүү байна.

-Зөрчлийн хууль татвар талд ямар хүндрэл үүсгээд байна?

-Он гараад сөрөг тал нь мэдрэгдээд эхэлчихсэн. Хоёрдугаар сарын 15-наас хойш X тайлантай компаниуд хүртэл тайлан гаргаж өгөх ёстой болж байна. Тайлангаа гаргаж өгөөгүй бол Зөрчлийн хуулийн дагуу 1.5 сая төгрөгөөр торгуулна. Ямар ч орлогогүй учраас тайлан гаргаагүй хүнээс тайлангаа гаргаж өгсөнгүй гэж 1.5 сая төгрөг авна гээд бод доо. Энэ мэт хүндрэлтэй асуудал олон байна. Шийдэхгүй бол прокурор хянадаг болсон. Тийм учраас татварын асуудал дээр прокуророор биш, Захиргааны хэргийн шүүхээр явдаг болъё гэж байгаа. Маргаан таслах зөвлөл яваандаа Татварын шүүх болох ёстой. Татвар бол нийгмийн маш эмзэг харилцаа. Захиргааны хэргийн шүүх, прокуроор яваад шийдэх нь маш олон асуудал дагуулдаг.

-Та ярилцлагын эхлэлд татварын багц хуулийн өөрчлөлт эдийн засагт өсөлт авчирна гэсэн. Энэ талаараа тодруулж яриач?

-Эдийн засгийн өсөлт ойрын хоёр жилдээ тогтвортой, цаашдаа өснө гэсэн зурагтай байна. Энэ ашгийг иргэн, аж ахуйн нэгж бүрд хүртээмжтэй байлгах ёстой. Татварын багц хуулийн энэ удаагийн өөрчлөлтийн нэг том чиг нь энэ л дээ. Эдийн засаг 17 хувь өссөн түүх бидэнд бий. Тэр өсөлтөө бид микро эдийн засаг руу шингээж чадаагүй. Учир нь банк, татварын системээ өөрчилж чадаагүй юм. Өнгөрсөн өвөл банкны багц хууль батлагдсан. Одоо Татварын багц хууль батлагдчихвал эдийн засгийн өсөлт айл бүрийн хаалгаар орж эерэг нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл бид эдийн засгийн өсөлтийг иргэн бүрт хүргэнэ.

-Хууль батлагдсаны дараа гарч болох хүндрэл гэвэл юуг онцлох вэ?

-Хуулийн дараа 40 журам батлагдана. Өнгөрсөн түүхийг харахад татварын процесс их хүнд санагддаг. Шалтгаан нь 40 журамдаа байдаг. Хуулиа баталсны дараа журмуудаа гаргахад дөрвөөс таван сар хэрэгтэй. Татвар өгөгч, авагч, иргэдэд таниулах сургалтууд болно. Энэ маш хүнд процесс. Хугацаа шаардана. Журмуудаа даруйхан батлахгүй бол 2019 оны төсөв үйлчилж байгаа хуулийнхаа хүрээнд боогдоод ороод ирэх эрсдэлтэй.

-Хувьдаа мөнгө хийх сонирхолтой байцаагчид компаниудад өндөр дүнтэй акт тавьж дарамталдаг гэх мэт асуудлууд бий. Хуулиа сайжруулсан ч хэрэгжүүлэгчид нь ийм хандлагатай байхаар үр дүн гарах уу?

-Ч.Сайханбилэг, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар гурвуулаа татварын системээс дарамтын систем рүү оруулахгүйн төлөө явсан, явж байгаа. Багц хуулиудын дараа Татварын ерөнхий хууль гэж гол хууль батлагдана. Татварын институцийг дотор нь авч үзнэ. Аль ч компанийн татварын тайланг нягтлан нь хийдэг. Нийгмийн даатгал, татвар, гааль руу өгөх ёстой мөнгийг нь өгдөг. Нэг нягтлан гурван үйлдэл хийдэг юм. Ганцхан сангийн байцаагчтай болчихъё, төртэй нэг л байцаагчаар дамжуулан харилцъя гэсэн саналыг компаниудын зүгээс тавьдаг. Энэ талд анхаарч байгаа. НӨАТ-ын систем дээр өндөр технологи ашиглаж эхэллээ. Хүнээс хамаардаг юм улам багасч байна. Блокчейн ороод ирвэл татварын байцаагчаас хамаардаг зүйл бүр багасна. Хоёрдугаар сарын 1-нд 650 мянган иргэн рүү яг нэг өдөр 78 тэрбум төгрөг шилжүүлсэн. Ямар ч хүнд сурталгүй өгчихсөн. Татвар авдаг, өгдөг системийг яг ингэж хялбаршуулна. Үүнийгээ дагаад татварын үндсэн институци өөрчлөгдөнө.

-Байцаагч нарын тоо 1000 хол давчихсан. Байцаагчдыг цөөлөх талд та ямар бодолтой явдаг вэ, энэ талаар багц хуульд тодорхой заалт, зохицуулалт туссан уу?

-Миний тооцоогоор бол байцаагчдыг маш их гэж боддог. Илүү нарийн ширийнийг хууль батлагдсаны дараа яривал зүгээр байх.

-Бизнес эрхлэгчдэд хэрэгтэй, УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр битгий унагачихаасай гэсэн заалтыг онцлооч?

-Сангийн яам хоёр сарын турш маш өргөн хэлэлцүүлэг өрнүүллээ. Хуулийн төсөл ийм өргөн хэлэлцүүлэгт орсон удааг санахгүй байна. Хэлэлцүүлгийн явцад багц хуулийн төслийн ус нэлээд шавхагдсан. Хоёрдугаарт, хэлэлцүүлгийн явцад лобби оруулаагүй. Танхим ийм зарчмыг анхнаас нь барьсан. Эдийн засагт нөлөөтэй салбарын лоббиг хэт оруулах нь утгагүй байдаг юм. Лобби орж ирвэл систем бүхэлдээ нурах эрсдэлтэй. Зөв суурь тавьж байгаа гэдэг утгаараа лоббиноос аль болох зай барьсан. Ний нуугүй хэлэхэд Сангийн яаманд ирсэн 5400 саналаас лоббитойг нь хассан. Үүн дээр Сангийн яам сайн ажилласан. Тийм учраас танхимын лобби тэр нь шүү гэдэг байдлаар ямар нэг заалтыг онцолмооргүй байна. Товчхондоо орлого олж байгаа бол татвараа төл, татвараа төлсөн бол зах зээлийн эзэн бай гэсэн гол зарчим л үйлчилнэ.

-Нэг бизнесээс нөгөө бизнес рүү шилжих явц их байгаа нь компаниудад томрох бололцоо өгөхгүй байна гэж та ярьсан. Энэ үзэгдлийг хуулиар зохицуулах боломжтой юу?

-Монголчууд байгалийн болон газар дээр байгаа баялгаараа ойрын үед нэлээд том эргэлт рүү орох бололцоо бий. Гэхдээ өмнөх нийтийн баялгаас ашиг олсон нөхөд хуушуурын бизнес рүү орж ирж эвддэг үйл явц их байдаг. Хуушуурын бизнес гэж нийтийн үйлчилгээний бизнесийг хэлдэг л дээ. Татварын хуулиас гадна аж ахуй эрхлэх лицензийн эрхийг хуулийн сайн зохицуулалттай болгох хэрэгтэй. Уул уурхай эрхэлж байгаа бол тэндээ л ашгаа хийгээд хөрөнгө оруулалтаа шингээх учиртай. Хямралын үеэр уул уурхайнхан үйлчилгээний бизнес рүү хэдэн сая доллар оруулж дөнгөж хөл дээрээ зогсч байсан компаниудыг үүдээ барихад хүргэсэн. Ийм үзэгдэл ажиглагдсан шүү. Төр гэж байгаа бол авсан эрхийнх нь хүрээнд бизнесийг нь хийлгэх цаг ирсэн. Татварын хуулийн дагуу энэ асуудлыг хөндөнө. Танхим судалгааны ажил руу нь орсон. Татвараа өгсөн хүмүүс төрөөс зах зээлээ хамгаалуулахыг л хүсдэг. Төр татвар, лиценз хоёроор л эдийн засаг руу орж ирдэг юм. Гурав дахь гол зүйл нь мөнгөний бодлого. Дөрөв дэх нь улсын төсөв. Улсын төсөв батлах үйл явц нь эдийн засгийн том тоглолт болдог. Энэ дөрвийг л онолын дагуу хязгаартай болгох ёстой.

-Ирэх өдрүүдэд танхимаас бодлогын түвшинд ямар санаа оноо, судалгаа санал болгох вэ?

-Тендерийн худалдан авалтын хууль хэлэлцэгдэж байна. Тендерийн хуульд танхимаас нэг зарчим барьж байна. Бид нийтийн мөнгийг цуглуулах үйл явцад идэвхтэй оролцож байгаа. Цуглуулаад өгчихсөн нийтийн мөнгийг эргүүлээд нийтэд зарцуулж чадаж байна уу гэдэг асуудал нь Тендерийн худалдан авалтын хууль. Тийм учраас танхимаас оролцоотой ажиллана. Бид саналаа хэлж байгаа. Мөнгөө ч цуглуулж авдаг, буцаагаад шударга хуваарилалт хийж чаддаг байвал нийгэм зөв явна. Үндсэн хуульд бид өөрсдийн концепцоо хэлж байна. Үндсэн хуульд нийтийн санхүү гэсэн ойлголт байдаггүй. Нийтийн санхүүгийн зохицуулалтыг УИХ-ын онцгой эрх рүү өгчихсөн. Төсөв, санхүү, мөнгөний бодлогыг нийтийн санхүү гэдэг. Үүнийг анхааралтай ажиглаж байна. Энэ бүхэн тусч байж Үндсэн хууль эдийн засагжина. Манай Үндсэн хууль эдийн засагжаагүй. Тийм учраас нийтийн санхүү, төрийн нийтийн хамааралтай өмч гэх мэт гол зүйлүүдийн хяналт төр гэсэн ганцхан нэрийн дор нуугдчихаад байна. Төр улс төрийн намаар дамжуулж нийтийн гэх энэ том өмчин дээр эзэн суух гэж их оролддог. Үүнээс болж эдийн засаг унадаг.

Categories
мэдээ цаг-үе

Н.Наранбаатар: Өнөө жил “Монгол орон мөнхөд бат оршиг” гэсэн утга дор наадмаа найруулна

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатартай ярилцлаа.


-Та үндэсний баяр наадмын найруулагчаар гурав дахь удаагаа ажиллахаар болсон. Өнөө жилийн наадмын найруулга ямар онцлогтой байх вэ?

-Би төрийн ажилтай хүн. Иргэн хүнийхээ хувьд, мөн уран бүтээлч хүнийхээ хувьд үүргээ биелүүлэх ёстой. Уг нь энэ жил амаръя гэж бодож байсан юм. Гэвч төрийнхөө наадмыг найруулах үүргээ аваад ажиллаж байна. Үүндээ баяртай байна. Энэ жил “Монгол орон мөнхөд бат оршиг” гэсэн утга дор наадмаа найруулна. Үндэсний эв эеийн дуулал тусгаар тогтнолын бат илэрхийлэл бол гэр бүлийн аз жаргал, төр, газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал байдаг. Хамгийн гол нь монголчууд олуулаа болох гэсэн утга санааг гаргаж байгаа. Өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн гурван орчилд уялдуулж үзэл санаагаа хийж байна. Өмнөх жилүүдийн наадамд шинэ дэгүүдийг бий болгосон. Ямар цаг үеийг дамжиж байсан, ямар түүхтэй гэдгийг, түүхийн явцад ямар онцлогууд байсан юм, сэтгэл зүрхэнд юу нандин үнэтэй байдаг зэргийг харуулна. Энэ жилийн наадамд ямарваа нэгэн түүх өгүүлэхгүй, гол дүрийн баатаргүй, монгол хүний аж амьдрал ахуй соёл, “Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян Монгол баян” гэсэн утган дээр наадмын нээлтээ хийж байгаа. Эрийн гурван наадмын гол мөн чанар нь юу байдаг, дөрвөн улирлын онцлог чанарыг илэрхийлсэн, 12 жилүүдийг гаргаж ирж байна. Түүхийн эх сурвалжаас харахад хулгана жилд хөлгөн судар үүсчээ гэдгийг үзүүлэх жишээтэй. Нэг талаараа танин мэдэхүйн шинжтэй болж байгаа юм. Бас нэг жилд нь Их монгол улс байгуулагдсан талаар үзүүлэх. Бид нэг талаасаа бие биенээ их шүүмжилж байна. Хамгийн гол нь ололттой зүйлийг харж хэлэх хэрэгтэй. Хүн гэдэг чинь урмын амьтан. Урмаар тэтгэгддэг. Худлаа үгийг мянга давтахаар үнэн болдог гэгчээр муулаад байвал бүх л юм болохгүй. Бид эхлээд сэтгэлээ засах хэрэгтэй. Энэ жил хугацаа их тулгуу эхэллээ.

-Наадмын бэлтгэл хэзээнээс эхлэх вэ?

-Дуу хөгжмийн бэлтгэл эхэлчилсэн. Талбайн бэлтгэл зургадугаар сарын 25-наас эхэлнэ.

-Нээлтэд ямар уран бүтээлчид оролцож байна?

-Энэ жил бүх урлагийн байгууллагууд оролцож байгаагаараа онцлогтой. Жил бүр тусалдаг Батлан хамгаалах яамныхан оролцоно. Цэнхэр дуулгатнуудаасаа бидэнд өгдөг. 800 гаруй хүн оролцож байна. Жинхэнэ монгол адуучин залуучууд мөн үндэстэн, ястнуудын төлөөлөл оролцоно.

-Жил бүрийн наадмын нээлт нэгэн хэвийн, ялгагдахааргүй байдаг тал бий шүү. Сүүлийн үед гадны улс орнуудын аливаа наадам, олон улсын хэмжээний арга хэмжээний хаалт, нээлтэд технологийн дэвшил, дроныг ихэд ашиглах болсон?

-Хүн бүхэнд хийх боломж байна. Тендер зарласан. Бид хөгжингүй улс биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Бид өндөр хөгжилтэй оронтой зүйрлэж чадахгүй. Намайг шүүмжилж байна. Миний мэдлээс хэт давсан асуудал. Хэрвээ орой үдэш хийвэл гэрлийн гайхамшигт шийдлүүдийг хийж болно. Гэтэл тэр хууль тогтоомж эрх зүй нь байхгүй. Өдрийн хамгийн хурц наранд гэрэл технологийн шидийг яаж үзүүлэх вэ дээ. Ноднин япончууд үзчихээд өдрийн гэрэл нь цэгцтэй кино кадр шиг үзүүлж чадаж байна гэж хэлсэн байгаа юм. Уран бүтээлчдийн чадварыг хэлж байна. Монголд маш олон авьяаслаг уран бүтээлчид бий. Ганц Наранбаатар гэж ярих биш. Энэ хүний ард олон мянган хүний хүч хөдөлмөр үр шим оршдог гэдгийг бодож ярих хэрэгтэй. Төрийн наадмынхаа төлөө бүгд хичээдэг. Олон хүний сэтгэл оюун ордог. Их сайхан болсон юм амархан санагддаг. Тэрийг гаргах гэж маш их хичээл зүтгэл гаргадаг гэдгийг мэддэггүй.

-Улсаас төсөвлөсөн мөнгө хүрдэг үү?

-Хүрдэггүй. Наадмын нээлт хаалт 600 сая төгрөг гээд төсөв батлаад өгчихсөн. Үүндээ л багтаана.

-Наадмын хүндэтгэлийн тоглолт ямар байх вэ?

-Би төрийн концертыг хоёр дахь удаагаа хийх гэж байна. Энэ жил арай өөр дэгээр тавина. Төрийн шагнал бол бүтээлд өгдөг шагнал. Жилд нэг, хоёр л бүтээл уг шагналыг авдаг. Энэхүү бүтээлүүдийг төрийнхөө концертэд үзүүлнэ. Монголын бахархал болсон бүтээлүүд байх болно. Жишээ нь, О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла” шүлэг байна. Мөн уран зургуудийг оруулж байгаа. Бүх бүтээлүүдийг зохиомжлоод хүмүүст хүргэнэ.

-Наамдын нээлт, хаалтын ёслолыг сарын өмнөөс бэлтгээд бэлэн болгочихоод 11-ний өдөр тэр бүхнээ харахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Мэдээж миний найруулсан, манай хүмүүсийн оюун санаанаас гарч байгаа учир догдолдог. Би хүний хийсэн юмыг шүүмжлээд суудаг хүн биш. Ядаж би хэлэхээсээ өмнө би энийг хийж чадах уу гэж өөрөөсөө асуудаг. Зарим итгэхгүй байгаа хүн надтай цуг ажиллаад үз. Ямар их цаг зав зардгийг үзэг л дээ. Гэртээ харих ч завгүй байдаг. Бүх юмыг надаас асууна. Хөгжмийн нот, ая, хэнээр дуулуулах вэ гээд л. Тог цахилгааны асуудал, хөгжмүүд гэнэт унтарвал ямар арга хэмжээ авах вэ гэх мэт. Эрчим хүчний асуудлыг хүртэл шийдэх хэрэгтэй болдог. Энэ бол тоглоом биш. Өмнө нь хийсэн бүх найруулагчдаар би бахархдаг, тэднийг хүндэлдэг. Өөрөө найруулж байж энэ ажлыг нарийн ширийнийг ойлгож байна.

-Нийт хичнээн хүн оролцох вэ?

-Одоогоор нарийн тоо гараагүй байна. 1500 гаруй хүн оролцох байх.

-Дээхнэ үед драмын театрын тасалбар хэдэн сарын өмнөөс дуусчихсан байдаг гэсэн. Харин сүүлийн үед үзэгчдийн тоо нэмэгдэж байгаа гэж дуулсан?

-Театр урлаг бол амьд урлаг. Хамгийн орлоготой, үзвэртэй ганцхан байгууллага бол Улсын драмын эрдмийн театр. “Би эндээс явахгүй” жүжгийг бүтэн сар битүү тоглосон. Театр яагаад мөнх оршдог вэ гэхээр тэнд хамгийн шилдгүүд байдаг. Өдөр бүр найруулагчийн тавьсан стандартыг яг нэг янзаар тоглоно гэдэг чадвар. Өдөр бүр өнөөдөр шигээ байхыг шаарддаг. Тайзны урлаг бүхэн театр. Найруулагч нэг юмыг хэлэх гэж л тэр бүхнийг бүтээдэг, хичээдэг, зүтгэдэг. Харин сүүлийн үед юу хэлэх гээд байгаа нь тодорхойгүй болчихсон бүтээл их байх боллоо.

-Соёл, урлагийн үндэсний зөвлөл байгуулагдахаар болсонд урлагийнхан их ам сайтай байна?

-Монголын соёл урлагийнхан бүгд баярласан. Урлаг руугаа өнгийж харж байгаа маш том алхам. Урлаг гэдэг бол тухайн нийгмийн нүүр царай өмсгөл, зүүлт гоёл. Төр анхаарч эхэлж байгаа нь сайхан санагдаж байна. Уг зөвлөл Ерөнхий сайд солигдонгуут алга болдог тийм биш байгаасай, мастер том төлөвлөгөөтөй байгаасай гэж бодож байгаа. Урлагийн залгамж халаа бага байна, том бодлого, соёлын дархлаа хэрэгтэй. Театр бол нийгмийн толь. Тэнд хүн өөрийгөө мөн бусдыгаа хардаг. Одоо энэ гарч байгаа бүтээлүүдэд цензур тавих хэрэгтэй.

Ухаалаг залуус их байна. Чадалтай залуучууд төрөн гарч ирж байна. Бид олон болох хэрэгтэй. Олуулаа болох тусам олон чадварлаг хүмүүс төрнө.

Бид цээжээ дэлдэж хашхирах биш, хийж бүтээж хашхирмаар байна. Хүн шүүмжлэхээсээ өмнө би юу хийж бүтээж байна гэдгээ мэдэх хэрэгтэй. Өөрөөрөө дуусах юм шиг амьдарч болохгүй. Хойч үеэ заавал бэлдэж байх хэрэгтэй. Би дэг журмыг их баримталдаг. Бас хүний үг сонсдог. Үүгээрээ хойч үедээ гарын авлага болж байна гэж боддог.