Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэг 92,9 хувиар үнэлэгдлээ

Баянзүрх дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 2 өдөр амжилттай болж өндөрлөлөө. Баянзүрх дүүргийн Засаг даргын А/211дүгээр захирамжын дагуу хэрэгжиж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, дадлага ‘’Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг’’, ‘’Штабын дадлага’’, ‘’Малын гоц халдварт өвчний үед ажиллах үзүүлэх сургууль’’, ‘’Үерийн үед ажиллах үзүүлэх сургууль’’ болон ‘’Ой хээрийн түймэр унтраах үзүүлэх дадлага, сургууль’’ зэрэг 5 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа.

Баянзүрх дүүргийн Засаг дарга, Онцгой комисс, Засаг даргын Тамгын газар түүний харьяа хэлтэс, алба, хороод, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд зохион байгуулагдсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд идэвх, санаачлагатай оролцож 92,9 оноо буюу “МАШ САЙН” үнэлэгдлээ.

Мөн дүүргийн удирдах албан хаагчдын бие бялдарын сорилд нийт бие бүрэлдэхүүн 100 хувь оролцож бүрэн хангалттай үнэлэгдсэнийг тус Дадлага сургуулийг удирдсан НОБГ-ыг дэд дарга Д.Мягмардорж онцолсон юм хэмээн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Бразил-Швейцарийн багууд 1:1-ээр тэнцлээ

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий Е хэсгийн Бразил-Швейцарийн халз тулаан Донын Ростов хотын “Ростов Арена” цэнгэлдэхэд урд шөнө Улаанбаатарын цагаар 02 цагт эхэлж, хоёр багийн тоглолт 1:1-ээр тэнцлээ.

Энэ тулааны гоолын салхийг 20 дахь минутад Бразилийн хагас хамгаалагч Коутинью Филиппе хийсэн бол хоёрдугаар үеийн 50 дахь минутад Швейцарийн хагас хамгаалагч Цубер Стивен тэнцээний гоолыг оруулсан байна.

Ийнхүү Швейцарьчууд Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-ны чансаагаар хоёрдугаарт эрэмбэлэгддэг ДАШТ-д 20 удаа оролцож 1958, 1962, 1970, 1994, 2002 онуудад дэлхийн аваргын алт, 1950, 1998 онд мөнгө, 1938, 1978 оны хүрэл медаль хүртсэн шилдэг багтай эн тэнцүү тоглож чадлаа.

Categories
мэдээ нийгэм

10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо

Е баримт сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны тавдугаар сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ.

Азын дугаар: 61703903

Супер шагналын дугаар: 55622553 /Энэ сард супер шагналын эзэн тодорсонгүй/

Уг тохирлоор:

50 мянган төгрөгийн азтан 19,134

200 мянган төгрөгийн азтан 1,944

Нэг сая төгрөгийн азтан 192

5 сая төгрөгийн азтан 26

10 сая төгрөгийн 2 азтан тодорлоо.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд нийт 15 удаагийн тохиолдлоор 21 хүн амь насаа алджээ

Он гарсаар усны ослоор Архангай, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймаг болон нийслэлд нийт 15 удаагийн тохиолдлоор 21 хүн амь насаа алджээ. Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2018 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид автомашин, завь бусад техник багаж хэрэгсэлтэйгээр Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа ажээ.

Түүнчлэн 2018 оны зургадугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутгаар усархаг аадар бороо орох үеэр уруйн үер бууж, үерийн улмаас Хутаг-Өндөр суманд дөрвөн настай хүүхэд урсаж амь насаа алдан, олон айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад хохирол учирсан тохиолдол гарсан. Иймд ард иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна. Түүнчлэн хүчтэй аадар бороо орох нь үерийн аюул дагуулж болзошгүй тул учирч болзошгүй эрсдэлээс сэрэмжилж, голын эрэг хөндийд байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна .

Categories
мэдээ нийгэм

Эмнэлэгүүдийн гадна талбайг иж бүрэн тохижуулна

Нийслэлийн 2019 оны нийгэм эдийн засгийн зорилт, Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд тохижилт бүтээн байгуулалтын ажил эхлээд байгаа. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын 30 орчим байршил, гудамжинд том оврын шилмүүст мод болон 10 гаруй төрлийн гоёлын бут, сөөгийг тарьж ургуулжээ. Мөн орон сууцны дунд, гудамж, эмнэлгийн гадна орчинг тохижуулах ажлууд хийгдэж байгаа юм.

Түүнчлэн төрөх эмнэлгийн гадна үйлчлүүлэгчдийн ар гэрийнхэн хүссэн газраа машин байршуулснаас авто замын түгжрэл үүсдэг. Эмнэлгүүдийн орц гарцын хүрэлцээ муу байгаагаас түгжрэл үүсэх, түргэн тусламжийн авто машин орох зогсоолгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам талбай байхгүй зэрэг асуудлууд их. Үүнийг зохицуулахаар өнгөрсөн жил буюу 2017 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг, ГССҮТ, ХСҮТ, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн гадна тохижилтын ажлыг хийж, зам талбайг нэмэгдүүлж усан оргилуур, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь хийж гүйцэтгэсэн юм.

Тэгвэл энэ жил үргэлжлүүлэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг нийт зургаан эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулах бөгөөд эмнэлэг бүрийн гадна шилмүүст ойн төгөл байгуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Халаас” нэгдсэн арга хэмжээ зохиогдож байна

Нийслэл хотын хэмжээнд “Халаас” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Уг арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн газарын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүд хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа юм.
Тодруулбал, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран Монтел, Теди төвд гар утас хууль бусаар худалдан авч борлуулдаг 50 орчим ченжүүдийг бүртгэл судалгаанд хамруулан гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийн нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа.

“Халаас” нэгдсэн арга хэмжээний хүрээнд бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээдүүд, тэдэнтэй холбоотой байж болзошгүй ченжүүдийг Мөрдөн шалгах газраас шалгаж гарал үүсэл нь тодорхойгүй 200 орчим гар утсыг хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Одоогийн байдлаар гар утсаа хулгайд алдсан 20 гаруй хохирогч IMEI кодоор тулгалт хийж өөрийн утсаа таньснаар хохирлоо барагдуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Саналын хуудас, техник хэрэгслийг хүргүүлж эхэллээ

Энэ сарын 24-нд болох Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтын ажил явагдаж байна.

Энэхүү сонгуульд хэрэглэх нийт 30 төрлийн 27 мянга гаруй саналын хуудсыг хэвлүүлэх, сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулан гэрчилгээ олгох ажил тус тус дуусч тэдгээрийг хүлээлгэн өгөх, санал авах байранд хүргүүлэх ажил эхэллээ.

Саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцаж, намын ажиглагчид болон тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж ажиллаж байна.

Мөн сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулах ажлыг СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон Ажлын хэсэг хариуцан гүйцэтгэжээ.

Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль нийт 11 аймгийн 26 суманд, дахин сонгууль гурван аймгийн 4 суманд болно. Сонгуульд оролцохоор 3 нам, нэг эвслээс нийт 79 нэр дэвшигч бүртгүүлж нэр дэвшигчийн үнэмлэх авчээ.Нам, эвсэл болон нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа энэ сарын 6-ны өдрөөс эхлүүлээд байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс иргэдийн санал, хүсэлт, гомдлыг www.smartcity.mn цахим өргөдлийн системээр тогтмол хүлээн авдаг билээ. Тухайлбал дүүргийн ЗДТГ-т 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 56 өргөдөл, хүсэлт, санал, гомдол, талархал, шүүмжлэл ирсэн бөгөөд тус хэлтсээс холбогдох албан тушаалтан, хэлтэс албадад танилцуулан, шилжүүлж ажилласан байна.

Иргэдээс ирсэн эдгээр 56 өргөдөл, хүсэлтийн 21 буюу 37,5 хувийг хугацаанд шийдвэрлэсэн бол 1 өргөдлийг хугацаа хэтэрч шийдвэрлэжээ. Харин шийдвэрлэх шатандаа 34 өргөдөл бүртгэгдсэн байна. Иймд тус хэлтсээс иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс өргөдөл, хүсэлтийг хугацаанд шийдвэрлэж ажиллахыг албан хаагчдад анхааруулан, заавар зөвлөгөө өгч ажиллаж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга Бээжин хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд оролцохоор ирсэн зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзаа. Тэрбээр өнөөдөр БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны дарга Жан Чин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр уулзалтын эхэнд зочдод хандан “Бээжин хотын удирдлагууд та бүхэн Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум болоод хоёр хотын найрамдалт хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч, энэ удаагийн хуралд өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн явдалд туйлын баяртай байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж шинэ утга агуулгаар баяжиж байгаад бид баяртай байдаг. БНХАУ нь манай улсын худалдааны хамгийн том түнш, хамгийн том хөрөнгө оруулагч юм. Өнгөрсөн оны байдлаар манай улсын гадаад худалдааны хэмжээ 10 тэрбум ам.доллар байсны 63 хувь нь буюу 6.5 тэрбум ам.доллар нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын хамт миний бие өнгөрсөн 05 дугаар сард БНХАУ-д айлчилсан. Айлчлалын хүрээнд Засгийн газар, байгууллага, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн 30 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт талууд гарын үсэг зурсан. Айлчлалын үр дүнд дэд бүтэц, цэвэрлэх байгууламж зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд нааштайгаар шийдэгдэнэ гэж найдаж байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод зам, гүүр, сургууль, цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж байгааг дурдахад таатай байна. Улаанбаатар хот нь хөгжиж байгаа хот, өнөөгийн байдлаар 1.4 сая хүн буюу Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь нь нийслэл хотод амьдран сууж, улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 65.8 хувийг үйлдвэрлэж байна.

Энэ нь нэг талаас эерэг үзүүлэлт ч гэсэн нөгөө талаар хүн амын механик өсөлт ихэссэнээр гэр хорооллын тэлэлт, агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл зэрэг томоохон асуудлуудтай тулгарч, “эрүүл аюулгүй орчинд амьдрах” эрх зөрчигдсөөр байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд гадаад улс орны туршлагаас судлах, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Улаанбаатар хот санаачлан 2014 оноос эхлэн Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг амжилттай зохион байгуулж ирсэн. Энэ удаа “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Хуралд 6 улсын 17 хотын 50 гаруй төлөөлөгч, Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, олон улсын байгууллагын 30 гаруй төлөөлөгч оролцохоо албан ёсоор мэдэгдээд байна. Хоёр улсын найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд нийслэл хотуудын нягт хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Улаанбаатар, Бээжин хотууд 2014 онд Ах дүүгийн харилцаа тогтоох тухай санамж бичигт гарын үсэг зурснаас хойш хоёр хотын харилцаа бүхий л салбарт өргөжиж байгаад туйлын сэтгэл хангалуун байдаг. Ирэх жил буюу 2019 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, хоёр хотын Ах дүүгийн харилцаа тогтоох санамж бичигт гарын үсэг зурсны 5 жилийн ой тохионо. Энэ тэмдэглэлт ойн хүрээнд Бээжин хотын дарга, удирдлагуудыг Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Бээжин хотын соёлын өдрүүд арга хэмжээг зохион байгуулахыг хүсэж байна. Та бүхэн дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны дарга Жан Чин “Биднийг халуун дотноор хүлээн авч зочилж байгаа танд маш их баярлалаа. Биднийг ирэхэд хур бороо орсон сайхан өдөр таарлаа. Манай хоёр хотын харилцаа улам батжин, ган тайлагдлаа гэж бэлэгшээж байна. Бээжин хот БНХАУ-ын нийслэл гэдэг утгаараа хурдацтай хөгжиж 21 сая хүн амтай боллоо. Тиймээс том хотод тохиолддог бэрхшээл болох замын түгжрэл, агаарын бохирдлын асуудал бидэнд тулгардаг. 2017 онд Бээжин хотын ДНБ 6.7 хувиар өссөн. 1 хүнд ногдох ДНБ 119 мянган юань байна. Манай хотын эдийн засгийн өсөлт 2018 оны 1 дүгээр улиралд 6.7 хувиар өссөн. Хятад, Монгол хоёр орон урт хугацааны найрсаг харилцаатай хөршүүд. Ялангуяа сүүлийн жилүүдэд энэ харилцаа улам батжин олон салбарт харилцаа идэвхтэй боллоо. Цаашид ч хамтран ажиллаж, олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байна. 2014 оны 8 сард Улаанбаатар, Бээжин хоёр хот ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосон билээ. Сүүлийн 2 жилд хоёр орны дарга нарын дээд түвшний уулзалт, айлчлалууд болсноор бүхий л салбарт хамтран ажиллах нээлттэй боломж бий болж байна. Улаанбаатар хоттой хамтран ажиллах санал бийг танд дуулгая. Хоёр хотын хөгжлийн хурдыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах саналтай байна. Ирэх онд хоёр хотын ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 5 жилийн ой тохионо. Хятад улсын – 1 бүс, 1 зам, Монгол улсын Хөгжлийн зам бодлогыг уялдуулж хамтрах ажиллах нь зүйтэй юм. Хоёр хотын уул уурхай, дэд бүтэц, санхүүгийн салбарыг цогцоор нь хөгжүүлэх хэрэгтэй. Хотууд давуу талаа ашиглаж аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах хэрэгтэй. Тухайлбал бүтээн байгуулалтын чиглэлээр найдвартай, чадвартай боловсон хүчин хэрэгцээтэй байна. Цаашид бид хөрөнгө оруулалт, бүтээн байгуулагч нараа Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн бүтээн байгуулалтад оролцохыг дэмжинэ. Бээжин хотын хүн амын нягтаршил, аж үйлдвэрийн бодлогоос шалтгаалан агаарын бохирдлыг асуудал хурцаар тавигдаж байсан. Бид авто машины утаа ялгаруулагчийг шинэчлэх, аж үйлдвэрүүдийг хотоосоо гаргаснаас агаарын бохирдол үлэмж хэмжээгээр буурсан. Үүнийг дан ганц төр засаг гэлтгүй иргэд их сайн дэмжих хэрэгтэй байна. Энэ талын туршлагыг та бүхэнд хуваалцахдаа таатай байх болно. Цаашид хоёр хот хоорондын хүмүүнлэгийн үйлсийг өргөжүүлэн хамтран ажиллах хэрэгтэй. Манай зүйр үгэнд Холын хамаатнаас ойрын хөрш илүү гэж үг бий. Тиймээс энэ чиглэлд хамтран ажиллаж хүмүүнлэгийн олон үйлсийг үргэлжлүүлнэ гэж найдаж байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.





Categories
мэдээ улс-төр

С. Батболд: Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ

Улаанбаатар хотноо “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлээмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор хуран чуулж буй Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна.

“Эрхэм хүндэт зочдоо

Зуны дунд сарын дэлгэр сайхан өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг зорин ирсэн хотын дарга нар болон байгаль эх дэлхийгээ гэсэн зүрх сэтгэлээр дүүрэн зочид та бүхэндээ юуны өмнө манай хотод тавтай морилохыг урьж байна.

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форум нь “Нүүрс төрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.

3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ форумд Зүүн хойд Азийн бүс нутгийн 6 улсын, 18 хотын дарга, шийдвэр гаргагчид, олон улсын байгууллагын 300 гаруй төлөөлөгч та бүхэн маань дэлхий нийтийн өмнө тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, түүний үндсэн шалтгаан болсон хүлэмжийн хийн ялгарлыг хотуудын төвшинд бууруулах арга замуудаа хэлэлцэж, туршлагаа хуваалцахаар хуран цуглараад байна.

Миний бие Монгол Улсын нийслэлийн Засаг дарга, Тогтвортой байдлын төлөөх орон нутгийн захиргаадын олон улсын байгууллагын (ICLEI)-ын Зүүн Азийн удирдах хорооны гишүүний хувиар энэхүү форумыг санаачлагч орны тухайд өөрийн хотод зохион байгуулж байгаадаа туйлын баяртай байна. Форумд ач холбогдол өгч, Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн та бүхэндээ ч талархаж байгаагаа илэрхийлэе.

Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудад дэлхийн хүн амын дөрөвний нэг нь амьдардаг. Энэ утгаараа өнөөдрийн бидний хөндөж, хэлэлцэж байгаа сэдэв бол бүс нутаг, цаашлаад олон улсыг хамрах өргөн хүрээтэй асуудал гэж тодорхойлж болно. Учир нь хот суурин газрууд нийт хүлэмжийн хийн 60 гаруй хувийг ялгаруулж байна. Нөгөө талаар цаг агаарын өөрчлөлт, байгаль экологийн хувьсалууд ч нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Тиймээс хотын хөгжлийн сайн бодлого бол санхүүжилт бага шаардах, богино хугацаанд үр дүнгээ өгөх хүлэмжийн хийг бууруулах шалгарсан технологийг нэвтрүүлэх юм.

Дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэрийн өмнөх үетэй харьцуулахад 2 цельсийн градусаас доош барих, агаарын температурын өсөлтийг 1.5 цельсийн градуст хязгаарлах олон улсын зорилтод хүрэх арга зам нь ч технологи гэдэгтээ олон хүн санал нийлнэ. Энэ цаг үед Зүүн хойд Ази технологи, инновацийн төв байсаар ирсэн тул Улаанбаатарт танилцуулагдсан байгалийн нөөц бага ашигладаг, бүтээмж өндөртэй технологийн шийдлүүд дэлхийн бусад хотуудад үлгэр жишээ болж түгэн дэлгэрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Улаанбаатар хотын санаачилсан Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум байгаль орчны сэдвийн дор чуулдаг онцлогтой. Монгол улс газар зүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцооноосоо шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн ихээр өртөж байна. Цөлжилт, ган зудын давтамж нэмэгдсэнээс үүдэн хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн эрс өсөж , энэ нь хотын төлөвлөлтгүй тэлэлт, агаар, орчны бохирдлын үндэс болсон юм. Бүс нутгийн хотуудад ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө янз бүрээр илэрч байгаа болов уу.

Мөн Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форумыг санаачлагч хотын хувьд 3 дахь удаагаа чуулж байгаа энэ хуралдаанаа байнгын статус бүхий байгууллагын хэмжээнд хүргэж, нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах нь зөв гэсэн саналыг дэвшүүлж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхийн нийтийн зорилгод бүс нутгийн түүний дотор, хотуудын оруулах хувь нэмрийг хэрэгжүүлэхэд онцгой үүрэг, нөлөө бүхий түншлэл, хамтын ажиллагаа, технологи дамжуулалтын суурь энэ форумаар тавигдана гэдэгт итгэж байна.

Ингэснээр Зүүн хойд Азийн хотууд нэг амь, нэг сэтгэл, нэг бодлогыг байгаль орчин, ногоон хөгжилд хэрэгжүүлж чадна .

Хүндэт зочид, төлөөлөгчид та бүхэнд дахин талархал илэрхийлж, форумын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ хэмээн гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.