Categories
мэдээ нийгэм

Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэхэд Солонгос эмч нартай хамтарна

Монголчууд ходоодны хорт хавдарын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт, нас баралтын тоогоор нэгдүгээрт орж байна. 2017 оны байдлаар энэ төрлийн өвчлөлийн 890 шинэ тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн хугацаанд тус 890 хүний 600 гаруй нь энэ өвчний улмаас нас барсан байна. Энэ тоо жил тусам өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Тиймээс Хавдар судлалын үндэсний төвөөс ходоодны хорт хавдарын эрт илрүүлгийн ажлыг зохион байгуулж уг ажилд чиглэсэн тодорхой хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг ходоодын хавдартай тэмцэх ажлаар үргэлжүүлэхээр ажиллаж байгаа юм байна. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний хавдарыг эрт илрүүлэх, вирусын эмийг нь өгөх, элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо хийдэг болсон. Тэгвэл “Элэг бүтэн Монгол хөтөлбөр” ходоодны хорт хавдартай тэмцэх ажлаар үргэлжилж байгаа нь энэ аж.

Уг ажлын хүрээнд Монгол-Солонгосын эмч нарын хамтарсан ходоодны хорт хавдрын тухай олон улсын хоёр дахь удаагийн хурлыг энэ сарын 23-ны өдөр Чингис зочид буудалд зохион байгуулахаар болжээ. Энэ хуралд БНСУ-ын Ходоодны хорт хавдрын холбооны тэргүүлэх профессор оролцож БНСУ ходоодны хорт хавдартай тэмцсэн туршлагаас хуваалцахын сацуу уг өвчний орчин үеийн менежментийн чиг хандлага, мэс заслын орчин үеийн арга техникүүдийг танилцуулцах гэнэ. Мөн Монгол улсын тэргүүлэх эмч мэргэжилтнүүд болон судлаачид эмч нар оролцож өөрсдийн мэдлэг туршлагаас хуваалцах аж.

Мөн хурлаар ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн ач холбогдол, урьдчилан сэргийлэлт, урьдал өвчний оношилгоо эмчилгээний арга, хожуу шатны хорт хавдар өвчтэй өвчтөнд энтерал ба парентерал тэжээлийг хэрэглэх нь зэрэг чухал сэдвүүдийг хөндөх бөгөөд нэг ба хоёрдугаар шатлалын эмч нарт зориулсан тусгай сургалтыг зохион байгуулах юм байна.

Монгол улс дахь ходоодны хорт хавдрын өнөөгийн байдал

Ходоодны хорт хавдар нь дэлхий дахинд хорт хавдрын нас баралт дунд 3-р байранд ордог бөгөөд уг өвчнөөр өвдсөн хүмүүсийн 30 хүрэхгүй хувь нь 5 жил амьдардаг маш хорон явцтай, нас баралт өндөртэй, аюултай өвчин юм. Дэлхий нийтэд жил бүр барагцаагаар 1 сая ходоодны хорт хавдар өвчин шинээр оношлогдож буй бөгөөд ойролцоогоор 723.000 хүн уг өвчний улмаас нас барсан байна Уг өвчний нийт тохиолдлын бараг тал орчим хувь нь зүүн Азийн орнуудад (БНСУ, Хятад, Япон, Монгол зэрэг) тохиолддог. Ходоодны хорт хавдар нь эрт үедээ оношлогдвол бүрэн эмчлэгдэх боломжтой. БНСУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд нь ходоодны хорт хавдрын нийт тохиолдлоороо дэлхийд тэргүүлэгдэг ч эрт илрүүлгийн хөтөлбөрийг амжилттэй хэрэгжүүлснээр уг өвчний нас баралт жил ирэх тусам буурч байгаа бөгөөд нийт нас баралтын тохиолдлоороо Монгол улсаас барагцаагаар 2 дахин бага байна.

Шалтгаан: Ходоодны хорт хавдар нь удамшлын суурин дээр орчны олон төрлийн хүчин зүйлс нөлөөлсний дүнд үүсдэг өвчин юм. Ходоодны хорт хавдар үүсгэгч хамгийн гол шалтгаан нь Хеликобактерийн халдвар бөгөөд уг өвчнийг үүсэхэд нөлөөлөх бусад хүчин зүйлсэд тамхины хэрэглээ, нитрит болон давсны өндөр хэрэглээ, Еппштейн Баррын вирусын халдвар, удамшлын өгүүлэмж зэрэг багтана.

Судалгаагаар ходоодны гарах хэсгийн хорт хавдрын нийт тохиолдлын 80 хувь нь Хеликобактерийн шалтгаантай байдаг бөгөөд ходоодны орох хэсгийн хорт хавдар ба Хеликобактерийн халдварын хамаарал тодорхой бус байна. Монгол улсад оношлошдож буй ходоодны хорт хавдрыг үе шатаар нь авч үзвэл нийт өвчтөнүүдийн дөнгөж 1% байран өмөн үедээ, 3% нь I үе шатандаа, 11% нь II үе шатандаа 43% нь III үе шатандаа, 42% нь IV үе шатандаа тус, тус оношлогдож байна. Тиймээс эрт илрүүлгийг амжилттай хэрэгжүүлж буй орнуудын эмч нарын туршлагаас хуваалцах тэдний хийсэн үйл ажиллагааг Монголд нэвтрүүлэх нь ихээхэн ач холбогдолтой байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Дашзэвэгийн гомдлыг хаалттай хэлэлцэж эхэллээ

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг бага насны охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж анхан болон давж заалдах шатны шүүхээс есөн жилийн ял авсан билээ. Өөрөөр хэлбэл, шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар есөн жилийн хорих ял оноосон байдаг.

ТиЙмээс тэрээр Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан юм. Улсын Дээд шүүх түүний гомдлыг яг одоо хэлэлцэж эхэллээ. Түүнд холбогдох хэргийн зүйлчлэл нь хуулийн дагуу хаалттай явагдах учраас сэтгүүлчдийг дотогш нэвтрүүлэх боломжгүй гэв.

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн оюутнууд эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэлээ

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөн ангийн оюутнууд нийт зургаан сая орчим төгрөгийн төхөөрөмжийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд (ЭХЭМҮТ) бэлэглэжээ. ЭХЭМҮТ-ийн зургаан тасагт найман төрлийн нийт 20 төхөөрөмжийг хандивласан байна. 2013 оноос эхлэн энэхүү үйл ажиллагааг явуулж эхэлжээ. Эхний жил мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг сонгосон байна.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөх курсын оюутан Б.Ичинхорлоо “Өнгөрөх жилүүдэд нярай хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулсан. Харин энэ жил бид бүх насны хүүхдэд зориулсан, өдөр тутам хэрэглэдэг төхөөрөмжүүдийг хандивлалаа” гэв. Өнгөрсөн жилүүдэд Нэгдүгээр төрөх эмнэлэг, Нийслэлийн хоёрдугаар амаржих газар, ХӨСҮТ-д хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг бэлэглэсэн байна. Эдгээр төхөөрөмжийг оюутнууд жил бүр хонхны баярын төсвөөсөө зарцуулдаг байна.

Э.Анхмаа

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БНСУ-д ажиллаж байна

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БНСУ-д ажиллаж байна. Тэрбээр Сөүлийн Их Сургуулийн Ерөнхийлөгч Сун Нак Интай албан уулзалт хийлээ.

Монгол Улсад өнгөрсөн жил зохиогдсон Азийн Их сургуулиудын форумыг амжилттай зохион байгуулсан Монгол Улсын Засгийн газар болон МУИС-ийн удирдлагуудад талархаж байгаагаа Сөүлийн Их сургуулийн Ерөнхийлөгч Сун Нак Ин илэрхийлжээ.

Уулзалтаар БНАСАУ-ын Ким Ир Сений нэрэмжит Их Сургууль болон БНСУ-ын Сөүлийн Их сургууль, МУИС-ийн хамтарсан уулзалтыг зохион байгуулах болон Сөүлийн Их сургуульд Монгол Улсаас хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх, инженер болон анагаахын чиглэлээр суралцах оюутнуудад тэтгэлэг олгох зэрэг асуудлыг ярилцжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“Улаанбаатар цом-2018” Олон Улсын боксын тэмцээн хөшгөө нээлээ

“Улаанбаатар цом-2018” Олон Улсын боксын тэмцээн өнөөдөр хөшгөө нээж байна. Уг тэмцээнд 13 улсын ширэн бээлийтнүүд хүрэлцэн ирсэн бөгөөд гал гарсан тулаанууд 2018 зургадугаар сарын 20-24-ний өдрүүдэд болно.

Энэхүү тэмцээнд манай улсын тамирчид зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу дөрвөн баг болон хуваагдан, 40 шилдэг тамирчинаа оролцуулахаар болжээ.

Энэ жил Монгол Улсад боксын спорт үүсч, хөгжсөний түүхт 70 жилийн ой, Монгол боксчин Сөүлийн олимпийн наадмаас анх удаа Н.Энхбат хүрэл медаль хүртсэний 30 жилийн ой, Монголын боксчин Э.Бадар-Ууган анх удаа 2008 оны Бээжингийн олимпийн аварга болсоны түүхт 10 жилийн ой тус тус тохиож байгаа билээ. Эдгээр түүхт ойн хүрээнд зохион байгуулах тус тэмцээн өнөөдөр “Аса цирк”-д эхлэлээ. Тэмцээн 13:00 цагаас эхлэсэн. Нээлтийн үйл ажиллагаа 15:00 цагаас болж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Олон төрлийн үлэг гүрвэлийн мөр бүхий хөрсний чулуужсан давхаргууд илрүүлжээ

Олон улсын археологийн судалгааны баг Хятадын зүүн нутагт 120 сая жилийн өмнө амьдарч байсан янз бүрийн үлэг гүрвэлийн мөр бүхий хөрсний чулуужсан давхаргууд олж илрүүлсэн байна гэж СИНЬХУА агентлаг мэдээлэв.

Хятад, Австрали, АНУ-ын археологичдын бүрэлдэхүүнтэй олон улсын баг цэрдийн үед амьдарч байсан бүлэг үлэг гүрвэлийн үлдээсэн 300 гаруй мөрийг Шаньдун мужийн нутаг дэвсгэрээс олсон байна.

“Олдсон мөрүүд нь 7 өөр төрлийн үлэг гүрвэлд хамаарч байгаа юм. Ийм мөр олдсон нь санаанд багтамгүй зүйл болсон, учир нь энэ нутгаас үлэг гүрвэлүүдийн үлдэгдэл огт олдож байгаагүй билээ” гэж Шаньдун мужийн Линьи хотын их сургуулийн геологи, палеонтологийн хүрээлэнгийн захирал Ван Сяоли тэмдэглэжээ.

Дейноних хэмээгч үлэг гүрвэлүүдийн зэрэгцээ мөрүүд олдсон нь нэн гайхалтай болохыг археологичид онцолсон байна. Тус тусдаа амьдардаг хэмээн тооцогдож байсан уг үлэг гүрвэлүүд нь үнэн хэрэгтээ сүрэглэн амьдардаг байсныг энэ олдворууд харууллаа гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр

Иргэний нисэхийн хуулинд өөрчлөлт оруулах төслийг өргөн барив

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсноор зээлийн хөрөнгөөр баригдсан нисэх буудлын ашиглалтыг сайжруулахын тулд агаарын харилцааг либералчлах шаардлага зүй ёсоор гарч ирж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын Засгийн газрын хүлээх үүрэг юм. Агаарын харилцааны үе шаттай либералчлалын бодлогыг хэрэгжүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн агаарын тээврийн үйлчилгээг тэлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын нислэгийн үнэ, тарифыг бууруулахад чиглэсэн бодлогын шийдвэр гарган хэрэгжүүлэх зорилгоор дээрх бодлогод өөрчлөлт оруулах тогтоолын төслийг боловсруулжээ. “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 3.8, 3.9 дэх заалтыг “Агаарын харилцаанд чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, нислэгийн давтамжийг суудлын багтаамжтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх зарчмаар олон улсын нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээврийг эдийн засгийн хувьд зохицуулах чиглэл баримтлах”, “Гадаад улсаас Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдэх тээвэрлэгчийн тухайд үндэсний компанийн өрсөлдөх чадварыг харгалзан, ижил тэнцүү орчинд өрсөлдөх бодлого баримтлах”-аар өөрчлөн найруулахаар тусгасан байна. УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ мөн Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьсан юм.

Манай орны эдийн засагт уул уурхайн салбарын оролцоо өндөр боловч экспортын зах зээлд үнийн ба үнийн бус хүчин зүйлсээс шалтгаалан өрсөлдөх чадвар төдийлэн сайн биш байна. Үүний нэг том шалтгаан нь Монгол Улс далайд гарцгүй, дэд бүтэц, тэр дундаа төмөр замын сүлжээ, нэвтрүүлэх чадвар сул байгаагаас үүдэж байгаа юм.

Иймд төмрийн хүдэр, нүүрсний болон бусад эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх зорилгоор Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс хилийн Ханги боомт хүртэл, Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд газар, цаашлаад хилийн Арцсуурь боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгахаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсанаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн төв болох Бугат хот руу нийлүүлэх Монгол Улсын экспортын түүхий эд, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, бараа эргэлт, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын экспортын нэгжээс олох орлого нэмэгдэж, өртөг зардал буурснаар Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах шинэ чиглэлийн төмөр зам болно гэж төслийн танилцуулгад дурдсан байна.

Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмалын орд газруудын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, тухайн бүс нутгийн худалдааны тээврийг хөнгөвчилснөөр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон түлхэц болох ажээ.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг биржээр арилжаална

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр боллоо.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг биржээр арилжаална

Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц барьж байгуулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авахаар Засгийн газар төлөвлөж байна.

Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж шаардлагатай хөрөнгө оруулалт татах юм.

Мөн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын автозам, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг шуурхай хэрэгжүүлж эхлэхээр боллоо.

Хөрш орнуудтай дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, ордыг түшиглэн цахилгаан станц барихаар төлөвлөөд байна.

Ингэснээр Тавантолгойн нүүрсний орд газрыг цогцоор нь хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болно. Мөн ордын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн олон улсын зах зээлд борлуулах, өрсөлдөх чадвараа нэмэх, дэд бүтцээ хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна. УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр боллоо.

Нүүрсний тээвэрт үүссэн дарааллыг дахин бууруулна

Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нүүрсний тээвэрлэлтийг Тавантолгойн нүүрсний ордоос Гашуунсухайт боомт хүртэл, Тавантолгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэл гэсэн чиглэлээр явуулахаар өөрчлөв.

Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн талбайд нүүрс буулгах, ачих явцад байгаль орчинд учруулах сөрөг нөлөөг бага байхаар зохион байгуулалт хийж ажиллахыг холбогдох сайд нар, аймгийн Засаг даргад даалгав.

Засгийн газар өмнө нь шуурхай арга хэмжээ авч 100 гаруй км үргэлжилж байсан нүүрс тээврийн автомашины цувааг арилгасан. Гэвч өнгөрсөн гуравдугаар сараас дахин дараалал үүсч эхэлжээ. Тухайлбал Цагаан хадны гаалийн баталгаат агуулахаас Гашуунсухайт боомт хүртэл богинын тээвэр хийж байгаа автомашины цуваа 23 км болж өссөн байна. Мөн Тавантолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг гурван аж ахуйн нэгжээс Цагаан хадны гаалийн баталгаат агуулах хүртэл тээвэр хийж байгаа автомашины цуваа 39 км болж сунажээ.

Нэг удаагийн нийлэг уутыг ирэх хавраас хориглоно

Өргөн хэрэглээний нэг удаагийн нийлэг уутыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглолоо. Иргэд, импортлогчид эртнээс мэдээлэл авч, бэлтгэлээ хангах боломжийг бүрдүүлэх үүднээс жилийн өмнө дээрх шийдвэрийг гаргасан байна.

Дашрамд дурьдахад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Цэвэрхэн наадацгаая” аян санаачилсан бөгөөд дээрх шийдвэр нь энэ хүрээнд хийх цогц ажлын нэг нь юм.

Хилийн чанадад байгаа иргэддээ туслах сангийн дүрмийг шинэчлэв

Сангийн дүрэм, зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын хурлаар хэлэлцэн шинэчлэхээр болов.

Энэ нь гадаад улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд тогтмол тулгардаг эрх зүйн туслалцааны хүсэлтийн гадаад хэлээрх орчуулгын зардлыг гаргах зохицуулалт бий болгох зорилготой юм.

Манай улсын 150 мянга гаруй иргэн гадаадад оршин сууж байгаа бөгөөд эрх ашиг нь зөрчигдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь нэмэгдсээр байна. “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан” нь 2009-2017 онд өргөдөл гаргасан иргэдэд Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан 1.3 тэрбум гаруй төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Сангийн хөрөнгийн 40-50 хувийг нас барсан иргэний шарилыг эх оронд нь авчрахад зарцуулдаг байна. Үлдэх хувийг гадаадад ял эдэлж байгаа иргэдээ эргэх, гэмт хэргийн улмаас хохирсон, эд хөрөнгөө гээж төлбөрийн чадваргүй болсон иргэдийг эх оронд нь буцаах зэрэгт олгодог судалгаа гарчээ.

Сангийн хөрөнгө нь улсын төсвийн хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллага болон гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өгсөн буцалтгүй тусламж, хандиваас бүрддэг юм.

Товч мэдээ

– Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор иргэдийг байнгын ажлын байртай, тогтмол орлоготой болгох туршилтын төслүүдийг хэрэгжүүлэх болов.

– Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2019 оны төсвийн орлогын доод хязгаар болон зарлагын дээд хязгаарыг батлав. Төсвийн хязгаарт нийцүүлэн ирэх оны төсвийн төсөл боловсруулахыг ерөнхийлөн захирагч нарт даалгалаа. Төсвийн зардлын боломжит дээд хязгаарыг орлогынхоо хэмжээтэй уялдуулан тооцох юм.

– Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдах бусад хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай өргөн мэдүүлнэ. Төсөл батлагдвал бизнесийн орчин сайжирч, бизнес эрхлэгчдийн татвар төлөхтэй холбоотой зардал буурна. Мөн татварын тэгш, шударга байдал дээшлэн, бааз суурь өргөжнө гэж Засгийн газар үзэж байна. Татвараас зайлсхийдэг, зугтах нь багасч, шударгаар төлдөг болох эерэг нөхцөл бүрдэх юм.

– Газрын үнэлгээний бүс /зэрэглэл, тойрог/, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоолоо. 1996 оноос хойш үүнийг шинэчлээгүй өнөөг хүрээд байсан юм. Шинэчилснээр газар эдийн засгийн эргэлтэд орж, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээ ч зах зээлийн өнөөгийн нөхцөлдөө тохирох боломж бүрдэж байна.

– Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг шинэчлэн баталлаа. Энэ нь бөхийн барилдааныг оновчтой зохион байгуулах, үүсэх маргааныг шийдвэрлэх, дүрмийг нэг мөр хэрэгжүүлэх зорилготой юм.

– “Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл”-ийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хэлэлцээр батлагдвал Бүгд Найрамдах Польш Улсад амьдарч байгаа иргэд хоёр оронд нийгмийн даатгалд давхар даатгуулахгүй болж, шимтгэл төлсөн хугацаандаа ногдох тэтгэвэр, оршуулгын тэтгэмж авах зэрэг эрх үүсэх юм. Манай улсын 940 орчим иргэн БНПУ-д ажиллаж амьдарч байна.

– Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй Тогтвортой тээвэр-БОЭТТ” олон улсын чуулга уулзалтыг “Тогтвортой хот төлөвлөлт, хот байгуулалтад БОЭТТ-ийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор ирэх 10 дугаар сард Улаанбаатар хотноо НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулна.

– Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори, Эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори, “Биокомбинат” УҮГ-ыг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд ажиллууулахаар болов. Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн газрын харьяанд шилжүүллээ.

Categories
мэдээ спорт

Монголын тамирчдын өдрөөр спорт заалууд иргэдэд нээлттэй үйлчилнэ

“Монголын тамирчдын өдөр, Олон улсын олимпийн өдөр энэ сарын 23-нд тохионо.

Эл өдөр Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн спорт заал болон Спортын төв ордны “А” заал бүх нийтэд нээлттэй үйлчилнэ хэмээн МҮОХ, БТСГ, Нийслэлийн Биеийн тамир спортын газар /БТСГ/, Нийслэлийн Биеийн тамир, спортын хороо /НБТСХ/ хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын хэлтсийн дарга Ц.Одонбаяр хэлэхдээ, “Энэ жил Монгол хүн олимпоос медаль хүртсэний 50, алтан медаль хүртсэний 10 жилийн ой тохиож байна. Бид олимпод оролцож байсан үе үеийн ахмад тамирчин, медаль хүртсэн 60 гаруй шилдэг тамирчинд, тэдний ар гэрт хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааг Сүхбаатарын талбайд зохион байгуулна” гэв.
Дээрх дүүргүүдийн спорт заал энэ сарын 23-ны өглөө 09.00-22.00 цаг хүртэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

​Дархан аварга Х.Баянмөнх Допингийн үндэсний төвийн удирдлагуудыг АТГ-т өглөө

Дархан аварга Х.Баянмөнх бөхчүүдийн допингийн асуудлаар АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ. Тэрээр “Энэ удаагийн баяр наадамд допингоос болж ямар нэг асуудал дэгдэх шинжтэй болж байна. Бөхийн допингийн асуудал нь сүүлийн 16 жил ямар ч хууль дүрэм, хөндлөнгийн хяналтгүй, ганц хоёр эмч, сувилагчийн мэдэлд явсаар улам бүр даамжирч, бөхчүүдийг дарамталж, шантаажилдаг зэвсэг болсон. Иймээс АТГ-т допингийн комиссыг шалгуулж, гарч буй алдаа дутагдлыг шалгуулах хүсэлтээ өглөө.

Одоогийн байдлаар 14 хүнээс допинг илэрсэн мэдээ гараад байгаа. Гэтэл хуучин бөхийн холбоо таван хүнээс илэрсэн гэв. Тэгэхээр есөн хүн яасан бэ, энэ ямар учиртай вэ гэх сэжиг төрүүлж байна. Мөн “Допингийн комисс”-т ах дүү, садан төрөл, нэг байгууллагын ажилтнууд байдаг нь хардлага төрүүлсээр байгаа юм. Допингийн асуудал нь бөхчүүдийн эрх ашгийг хохироох, сэтгэл санаагаар унагах, наадмын бэлтгэлийг хүчингүй болгох, нэг төрийг гутааж байна. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Цаашид допинг хэн оруулж,тариад байна гэдгийг олох хэрэгтэй.

Наадмаас өмнө эвлэрэлийн гэрээ байгуулж, бүгд нэг холбоо болж улсын баяр наадмаа зөв зохион байгуулъя хэмээн нийт бөхчүүд болон, “Наадмын комисс”-ыг уриалж байна” гэв.

Наадмын төв комиссийн бөхийн асуудал хариуцсан албаны дарга Д.Баясгалан гэж хүн байдаг. Д.Баясгалан, Б.Бат-Эрдэнэ гэдэг хоёр хүн эвлэрэлийн асуудлыг зөвшөөрөхгүй байна.Энэ хүн “Та нартай та наргүй төр наадмаа хийнэ” гэсэн. Бусад нь бүгд эвлэрэх хүсэлтэй байгаа. Энэ асуудал даамжирсаар байвал үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй” гэв.

Э.АНУДАРЬ