Categories
мэдээ спорт

ДАШТ-ий өнөөдрийн хуваарь

Хөлбөмбөгийн ДАШТ-ий өнөөдрийн хуваарийг танилцуулж байна. “B“ хэсэгт учраа таарсан Португал-Мороккогийн багуудын учраагаар өнөөдрийн тоглолтууд эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Б.Элбэгзаяа: Колумб, Эквадор улсын уул уурхай, алтны салбарын туршлагыг судлаад ирсэн нь олон талын ач холболдолтой

УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга Б.Элбэгзаяатай ярилцлаа.


-Алтны худалдааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулахад олон улсын туршлага судлах зорилгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан Ажлын баг Колумб, Эквадор улсуудад ажиллаад иржээ. Хичнээн хүний бүрэлдэхүүнтэй баг, хэдэн өдөр ажиллаад ирэв?

-Монгол Улсын алтны худалдааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, алтны нийлүүлэлтийн сүлжээг ил тод, тодорхой, цаашилбал түүнийг албажуулахад олон улсын туршлагаас суралцах зорилгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн сарын 19-өөс 30-ны өдрүүдэд Колумб, Эквадор улсуудад ажиллалаа. Туршлага судлах ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос гадна УИХ-ын гишүүдээс А.Сүхбат, Л.Энхболд нар, мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголбанк, Үнэт металлын сорьцын хяналтын газар, Баянхонгор аймгийн Засаг дарга, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны төлөөлөл болон Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн ажилтнууд багтсан тал талын оролцоо бүхий өргөн хүрээний бүрэлдэхүүн оролцсон юм.

-Чухам яагаад энэ хоёр орныг онцолсон юм бол?

-Колумб, Эквадор хоёр Улсын алтны нийлүүлэлтийн сүлжээ нь хоорондоо харилцан адилгүй системтэй боловч Монгол Улсын хувьд авч хэрэгжүүлэхүйц болон бусад орнуудад дэлгэрүүлэхүйц арга аргачлалууд байдаг талаар Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс мэдээлэл өгсөн нь манай яамнаас эрдэс баялгийн ялангуяа алтны нийлүүлэлт, худалдааны сүлжээг албажуулахаар зорьж хийж байгаа ажилтай цаг хугацааны хувьд давхацсанаар бид эдгээр улсуудыг сонгож судлах нь зүйтэй гэж үзэн энэхүү томилолтыг хамтран зохион байгуулсан нь ач холбогдолтой боллоо.

-Колумб болоод Эквадор улсуудын уул уурхайн онцлог, алтны салбараас авч хэрэгжүүлэх давуу талууд юу байсан бэ?

-Колумб улс нь жилд ойролцоогоор 40 орчим тонн алт олборлодог бөгөөд алтны худалдааны чөлөөт системтэй буюу хувийн хэвшлээр гүйцэтгүүлдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл алт сорьцлох, цэвэршүүлэх, худалдан авах, экспортлох үйл ажиллагааг хувийн хэвшил гүйцэтгэдэг нь Монгол Улсаас ялгаатай юм байна. Тус улсын Уул уурхайн үндэсний агентлагаас алт худалдан авах, экспортлох эрхийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгодог юм байна. Харин тус агентлагаас алт олборлогч, худалдаалагчдын нэгдсэн цахим бүртгэлийн системийг ажиллуулснаар алтны худалдаанд ил тод байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Эквадор улсын хувьд алтны худалдааны орчин нь Төв банк нь алтыг худалдан авч улсынхаа валютын нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байгаагаараа Монгол Улстай ижил, төстэй юм. Харин 2002 оноос хойш хувийн хэвшлүүдэд орон нутагт алт худалдан авах зөвшөөрлийг Төв банкнаас олгосноороо онцлогтой. Энэ нь алтны салбарыг албажуулж, ил тод байдлыг хангахад чухал үүрэгтэй юм гэж тус улсын албаны төлөөлөл онцолж байсан.

Алтны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд 2018 оноос эхлэн бичил уурхайчдаас алтыг шууд худалдан авахаар ажиллаж байгаа юм байна. Мөн орон нутагт алт худалдан авах цэгүүдийг ажиллуулах төлөвлөгөөтэй. Уул уурхайн яам, агентлаг, татварын болон цагдаагийн байгууллагуудтай хамтран, мэдээлэл солилцож хаанаас олборлосон алтыг хаана, хэн арилжаалж байгаад хяналт тавьж ажилладаг байна. Мөн мэдээллийн сангаас татвар төлсөн эсэхийг шалгаж, түүнийг төлөөгүй тохиолдолд гаалиас буцаадаг тогтолцоотой юм байна.

-Эдгээр улсуудын манайхтай төстэй болон ялгаатай тал нь юу байв?

-Эквадор улсын хувьд алтыг Төв банк нь худалдан авч улсынхаа валютын нөөцийг бүрдүүлдэг нь Монгол Улстай ижил, төстэй тухай дээр ярьсан.

Колумб Улс алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, бүртгэлжүүлэх, ил тод болгох талаар төрийн зүгээс нэлээдгүй арга хэмжээ авч байгаагийн нэг нь цахим бүртгэлийн платформыг ажиллуулж байгаа явдал юм. Цахим бүртгэлийн платформыг ажиллуулснаар хууль бус алтыг сүлжээнд орохоос сэргийлэх, гарал үүслийг ил тод болгоход чухал ач холбогдолтой юм билээ. Колумб улсын эрдэс баялгийн салбар нь 2021 онд гэхэд алтны гарал үүслийг бүх шатанд ил тод болгохоор чухал зорилт тавин ажиллаж байгаа тухайгаа Уул уурхай эрчим хүчний дэд сайд Карлос Канте бидэнтэй уулзахдаа ярьж байсан. Манай улс ч мөн энэ чиглэлд төрөөс анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй юм.

-Ажлын баг Колумбын Уул уурхайн яам, Уул уурхайн үндэсний агентлаг гээд нэлээд олон газраар нь орсон байна билээ. Чухам ямар яриа хэлцэл хийсэн бол?

-Колумбын Уул уурхай, эрчим хүчний дэд сайд Карлос Канте Монголын төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авч өөрийн орны эрдэс баялгийн нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, боловсронгуй болгох талаар хийж байгаа ажлын талаар танилцуулсан.

Мөн Колумбын албан ёсны тусгай зөвшөөрөл бүхий анхны хувийн алт цэвэршүүлэгч байгууллагуудын нэг болох “Аллой” компаниар зочилсон. Энэхүү байгууллага нь алт цэвэршүүлэх, улмаар дотоодын зах зээлд нийлүүлэх чиглэлээр 30 жил ажилласан туршлагатай юм билээ.

Төлөөлөгчид Колумбын Уул уурхайн үндэсний ассоциацид зочиллоо. Тус ассоциаци нь хайгуулын компани, олборлогч, үйлдвэрлэгч, бараа үйлчилгээ ханган нийлүүлэгч байгууллагуудыг нэгтгэн уул уурхайн салбарын зохицуулалтыг хангадаг байгууллага юм.

Эдгээрээс гадна гааль, тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг “Три Карго” компанид бид зочилж үйл ажиллагаатай нь танилцсан.

Эквадорын Уул уурхайн яамны харьяа Геологи, уул уурхай, металлургийн судалгааны үндэсний хүрээлэн, Улсын Техникийн их сургуулийн харьяа Уул уурхайн инноваци ба хөгжлийн төв зэрэг байгууллагуудтай мөн танилцсан.

Ажлын хэсгийн маань зорилго дээрх орнуудын холбогдох байгууллагуудад туршлага судлах чиглэлтэй байсны дагуу бид мэдээлэл солилцох, харилцан ярилцах хэлбэрээр уулзалт хийж явсан. Албан ёсоор гарын үсэг зурж гэрээ хэлэлцээр байгуулаагүй ч ажлын шугамаар харилцаа тогтоох, хамтран ажиллах хэмжээнд ойлголцолд хүрсэн гэж үзэж болно.

-Колумб, Эквадор улсууд бичил уурхайчдынхаа асуудлыг хэрхэн шийдсэн байдаг юм байна. Бичил уурхайчдын хотхон хүртэл байдаг гэж дуулсан, энэ тухай сонирхуулбал?

-Уурхайчид болон бичил уурхай эрхлэгчдийг хэрхэн анхаарч үзэж байгаа, хэрхэн зохион байгуулалтад оруулсан талаар яг газар дээр нь очиж танилцсан. Эквадорт “Намбиха” нэртэй бичил уурхайн талбарт очиж үзсэн. Энэ талбар нь Эквадорын Зүүн өмнөд бүс нутагт Тунантзага ууланд байрладаг 20 мянгө гаруй уурхайчинтай хотхон юм. Намбиха дахь уул уурхайн үйл ажиллагаа 1982 онд эхэлсэн бөгөөд албан бус олборлогчид нь анжис, түрдэг тэрэг, тамга тээрэм зэрэг энгийн суурьтай тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ хотхонд байрлаж буй бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэгчид бүлэг нөхөрлөлийн зохион байгуулалтад орж байгаль орчин, нийгэмдээ илүү хариуцлагатай үйл ажиллагаа явуулахаар нэгдэж байгаа сайн жишээг харсан.

-Дэлхий нийтийн хэмжээнд алтны худалдааны бүртгэлийг сайжруулах тал дээр нэгдсэн, нэгдмэл бодлого бариад эхэлжээ гэж анзаарагддаг. Манайд ямар түвшиндбайна вэ?

-Алтны олборлолт болон худалдааны бүртгэлээ манайх сайжруулах шаардлагатай. Өнөөдөр биш юмаа гэхэд маргааш ийм шаардлагатай тулгарах нь ойлгомжтой. Ил тод байдлыг хангах, гарал үүслийг тодорхойлоход энэ нь эхний алхам болох юм. Бүртгэлээ сайжруулснаар олж байгаа ололтууд бидний очсон хоёр оронд харагдаж байна. Тухайлбал хууль бус алтыг хуулийн дагуу сүлжээнд нийлж байгаа алтнаас ялгах, татвар шимтгэлийг зөв тогтоож авах гэх мэт ололтууд байна. Мэдээж хил гаалийн хяналтыг чангатгах асуудал энд яригдана.

-Тус хоёр улсаас авч хэрэгжүүлэхүйц ямар туршлага харагдав. Дүгнээд яривал?

-Алтны олборлолт ихтэй орон нутагт сорьцлох үйлчилгээний төвүүдийг байгуулах нь зүйтэй болохыг хоёр орны туршлага харуулж байна.

Хууль бусаар их хэмжээний алт хил давж буй тухай албан бус мэдээлэл байдаг бөгөөд энэхүү гадагшаа урсах хууль бус хар зах зээлийг хаахад хууль хяналтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хил, гаалийн хяналтыг сайжруулах шаардлагатай байна.

Дэлхий нийтээр олборлох үйл ажиллагаанд химийн хорт бодис, ялангуяа мөнгөн усыг хэрэглэхийг хориглож байна. Колумб, Эквадор, Монгол Улс ч энэ эгнээнд нэгдэн орж Минаматагийн конвенцийг хэрэгжүүлж байгаа билээ. Харин байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй техник, технологийн шийдлийг төрөөс бодлогоор чиглүүлж өгөх хэрэгтэй гэдэг нь хоёр орны туршлагаас харагдаж байна.

Түүнчлэн Колумб улсад төвтэй Хариуцлагатай уул уурхайн холбооноос хэрэгжүүлдэг Шударга олборлолтын стандартыг хэрэгжүүлэгч бичил уурхайн байгууллагууд олборлосон алт нь химийн хорт бодис ашиглаагүй, хүний эрхийг дээдэлдэг, хүүхдийн хөдөлмөрийг мөлжөөгүй, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулсан гэдгээ гуравдагч олон улсын аудитын байгууллагаар жил бүр шалгуулж баталгаажуулснаар олборлосон 1кг алт тутамдаа 4,000-6,000 ам.долларын урамшууллыг хүртдэг юм байна. Манай улсын хувьд анх удаа Баянхонгор аймгийн “ХАМОДХ” ТББ энэ стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болж олон улсын зах зээлд Монгол эко алтыг худалдаалах эрхтэй болсон байдаг. Одоогийн байдлаар Монголбанк эко алтыг худалдан авч экспортлох талаар судалж байна. Энэ нь нийгмийн хариуцлага, байгаль орчны хамгаалал болон хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд түлхэц болсон үйл ажиллагаа болно гэж харж байна.

Д.ХУЛАН

Categories
мэдээ улс-төр

Кёкүшюзан Д.Батбаяр өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн зөвлөхийн албанаас чөлөөлөгдлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Кёкүшюзан Д.Батбаяр өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчийн Тамгын газарт өгсөн байна. Кёкүшюзан Д.Батбаярын хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж түүнийг орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас өнөөдөр чөлөөлжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​“Тэнгэрийн ташуур” балет тоглогдоно

Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Б.Жамъяндагвын “Тэнгэрийн ташуур” хэмээх Атилла хаан болон Хүннү цэргийн хүч чадал, эр зориг, сүр жавхааг харуулсан түүхийг сэлэмт бүжгээр анх2011 онд УДБЭТ-ын уран бүтээлчид тайзнаа амилуулсан билээ. Тэгвэл долоон жилийн дараа буюу энэ сарын 23, 24-ны өдөр УДБЭТ-ын тайзнаа дахин тоглогдох гэж байна. Тус тоглолтын хөгжмийн зохиолч, бүжиг дэглээчээр СТА А.Батдэлгэр, хөгжмийн удирдаачаар АНУ-ын Стенфордын их сургуулийн профессор, удирдаач Жин Дон Кей нар ажиллаж байна.

Тоглолтын талаар хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч СТА А.Батдэлгэрээс тодрууллаа.

“Тэнгэрийн ташуур” бүтээлийн санаа хэрхэн төрсөн бэ?

-Хүннүгийн Атилла хаан гэдэг монгол угсааны өвөг дээдсийн тухай түүх учраас тавих хэрэгтэй гэж анх ардын зураач асан Ч.Гунгаасүх багш надад санал болгосон юм. Би Б. Жамъяндагвабагшид хэлээд зохиолыг нь бичүүлсэн.

Үзэгчдийн хүртээл болгоход хэр зэрэг хугацааг зарцуулсан бэ?

-Би балетийн бүжигчин мэргэжилтэй хүн, яваандаа сонгодог хөгжмийг судалж тэр чиглэлээр суралцсан. Хөгжмийн зохиомжийг хэрхэн гаргах, мөн балетийн зохиолыг яаж бичих талаар 20 жил судалсан. Атилла миний гуравдахь балет анх 2010 онд Атиллагийн аяыг хийж байлаа.

Долоон жилийн өмнө тавигдсан бүжгээс энэ удаа юугаараа онцлог байна вэ?

-Энэ жилийн тоглолтонд залуу бүжигчид их оролцож байгаа. Уран бүтээлч хүн уран бүтээл хийгээд орхих биш, сайжруулж, шинэчилж, өөрчилж байх тусам чанартай болдог учир дэглэлт болон хөгжмийн тал дээр өөрчилсөн зүйлс бий.

Энэхүү жүжигт Атилла хааныг ямар өнцөгөөс харуулахыг зорьсон бэ?

-Тэр хүний төрх, зан араншинг балетад харуулж болох бүхий л хэсгүүдийг тусгасан. Өөрийнх нь сэтгэл хөдлөл, эмэгтэй хүнд хэрхэн дурлаж, хэрхэн хувирч өөрчлөгдөж, хууртагдаж байгаа холбоосууд, үйл явдлын зөрчлүүдийг харуулахыг зорьсон. Сонгодог урлаг гэдэг маш агуу тэнгэрлэг, хүнийг сайн сайхан гэгээлэг зүйлс рүү үргэлж дагуулж байдаг.

Ц.УРАНБОЛОР

Categories
мэдээ нийгэм

Химийн салбарын олон улсын хурал болж байна

“Research and Development in Chemistry” буюу химийн салбарын олон улсын хурлыг Монгол Улсын их сургууль Хими технологийн хүрээлэнтэй хамтран зургаа дахь удаагаа зохиолж байгуулж байна. Уг хуралд Япон, Солонгос, Турк, Америк, Орос, Хятад, Монгол гэсэн долоон улсын төлөөлөгчид оролцох аж. Энэхүү хурлаар химийн салбарын тулгамдаж буй асуудлууд, химийн хүрээлэн буй орчин, гадны эрдэмтэд, судлаачид ямар түвшинд ажиллаж буй талаар бүхий л асуудлыг хэлэлцэх юм байна. Уг хурлын эхний өдөр буюу өнөөдөр гадны зочид төлөөлөгчид химийн талаарх илтгэл хэлэлцүүлсэн юм. Олон улсын химийн хурал хоёр өдөр үргэлжлэх аж. Хурлын сүүлийн өдөр буюу маргааш 21-ны өдөр нэгдсэн хуралдаан болох аж. Мөн энэ жил оюутны хурлыг зохион байгуулж байгаа юм байна. Оюутны хуралд 12 илтгэгч оролцож илтгэлээ хэлэлцүүлэх юм. Шалгарсан нэг илтгэгч япон улсад болох хуралд оролцох эрхээр шагнагдах ажээ.

Categories
мэдээ нийгэм

​Хүүхэд алга болсон тухай мэдээлэл өдөрт 15-20 удаа ирдэг

Өнөөдөр “Нийслэлийн цагдаагийн газар”, “Гэр бүл, хүүхэд залуучуудын төлөө газар” хамтран хүүхэд хамгаалал, хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн байдлын талаар хэвлэлийн хурал хийлээ. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төлөө газрын Хууль эрх зүйн хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар, Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр, Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Батчулуун нар хэвлэлийн хуралд оролсон.

Улсын хэмжээнд 18 нас хүртэлх нэг сая гаруй хүүхэд байдаг. Тэдний 800 мянга орчим нь нийслэл хотод аж төрдөг. 3553 нь өнчин, 1019 нь асрамжийн газар амьдарч байна. Өнгөрсөн оны байдлаар 1700 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсноос 127 нь амь насаа алдсан байна. Үүний 50 хувь нь зам тээврийн ослоос улбаалжээ. Түүнчлэн 394 морины уралдаан болж, давхцаагүй тоогоор 10435 хүүхэд оролцож, 169 нь бэртэж, гурван хүүхэд дахин хөгжлийн бэрхшээлтэй болж, 2 хүүхэд амь насаа алдсан. Бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэг 187 гарсан. Үүнтэй холбогдуулан 2014-2016 онд гарсан энэ төрлийн 80 хавтаст хэргийг дахин судалж, шалтгааныг тодруулахад 76 хувь нь төрсөн эцэг эхтэйгээ, 18 хувь нь хойд эцэг эхтэйгээ амьдарч байхдаа хүчирхийлэлд өртсөн байна. Тэгвэл 2018 оны эхний зургаан сарын байдлаар хүүхэд хүчирхийлсэн 68 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ хэргүүдийг судлан үзэхэд гэмт хэргийг үйлдэхэд эцэг эх, ойр дотны хүмүүс оролцсон нь 74 хувь байв. Тиймээс хүүхэддээ тавьж буй анхаарал халамжаа ихэсгэхийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төлөө газрын мэргэжилтнүүд анхаарууллаа. Хүүхэд хамгаалал, түүнтэй холбогдох гэмт хэргийн тоог бууруулахын тулд Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас тодорхой арга хэмжээ авч байгаа хэмээн ярьсан юм. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төлөө газрын Хууль эрх зүйн хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Үндэсний хэмжээнд энэ оны тавдугаар сараасөнөөдрийг хүртэл хугацаанд хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд өртүүлэхгүй байх чиглэлээр 21 аймаг, 330 сумын 1613 Засаг дарга, нийслэлийн есөн дүүргийн 153 хорооны 1504 хэсгийн ахлагчдыг хамруулсан сургалт явуулж байна. Ингэснээр эцэг эхийн хайр халамжаас гадуур, байгалийн гамшигт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдээ тоолж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой болно. Мөн хувийн хэвшлийнхэнтэй хамтарч хүүхэд хамгааллын даатгалыг санаачлан хэрэгжүүлж байна” гэв.

Энэ оны таван сарын байдлаар улсын хэмжээнд 859 хүүхэд төөрснөөс 845 нь олдсон байна. 15 хүүхдийг эрэн сурвалжилж байна. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд хүүхэд алга болсон 1060 тохиолдол бүртгэдсэнээс 348 нь тухайн өдөртөө, 676 нь нэгээс 14 хоногт олдсон гэв. Хүүхэд алга болсон тухай дуудлага өдөрт 15-20 удаа ирдэг байна. Дорнод, Баян-Өлгий аймагт хоёр хүүхэд сураггүй алга болж, цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна. Энэ оны зургадугаар сард гарсан хүүхдийн амь нас хохирсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарсан. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Сэлбийн голын далан босгох явцад тогтсон усанд есөөс арван насны, дөрвөөс таван хүүхэд сэлж тоглосон байна. Энэ үеэр есөн настай нэг хүүхэд амиа алджээ. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоом эвдэрсэн хэргээс үүдэн хоёр хүүхэд бэртэл авч, эмчлүүлж байна. Баянзүрх дүүргийн 17-р хороон дахь 79-р сургуулийн хөл бөмбөгийн талбайд тоглож байсан дөрвөөс таван хүүхдийн нэг болох есөн настай хүүхэд хөл бөмбөгийн хаалганы хөндлөвч төмөрт цохиулж нас барсан хэрэг тус тус гараад байна. Энэ хэргүүдиийн ард хэн хариуцлага хүлээх ёстойг Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяраас тодруулахад “Хэрэг шалгагдах шатанд явж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн хариуллаа.

Л.АНУДАРЬ

Categories
мэдээ нийгэм

Олон улсын сансрын холбооны “Интерспутник” байгууллагын хурал зохион байгуулагдлаа

Олон улсын сансрын холбооны “Интерспутник” байгууллагын Удирдах зөвлөлийн 46 дахь болон Үйл ажиллагааны комиссын 21 дэх хамтарсан хурал 2018 оны 06-р сарын 19, 20-ний өдрүүдэд Улаанбаатар хотод боллоо. Хуралд 20 орчим орны төлөөлөгч оролцож байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг дүгнэн, санхүүгийн тайланг хэлэлцлээ. Мөн шинэ төсөл хөтөлбөр батлах, үйл ажиллагаандаа мөрддөг дүрэм журамд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.



“Интерспутник” байгууллага нь Польш, Чехословак, Унгар, Румын, Болгар, Куба, Бүгд Найрамдах Монгол Ард Улс болон Ардчилсан Герман улс зэрэг 9 улс, орныг эгнээндээ нэгтгэн 1971 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 26 гишүүн улс, оронтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан энэ удаагийн хурлыг Монгол Улс даргалан, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат удирдан зохион байгууллаа. Хиймэл дагуулыг хөгжүүлэх асуудлаар бодит үр дүн, шийдэлд хүрсэн хурал болсныг оролцогчид онцлон тэмдэглэж байна.


Удирдах зөвлөлийн хурлын үеэр зохион байгуулагддаг уламжлал болсон арга хэмжээний нэг хэсэг болох семинар нь улс орнуудын үндэсний хиймэл дагуулыг хөгжүүлэх сэдвээр “NATSATTEL-2018 “нэрийн дор болж, семинарт гишүүн орнуудын төлөөллөөс гадна салбарын тэргүүлэх компаниуд Hughes, Newtech, Airbus болон монголын компаниудын төлөөлөл, мэргэжилтнүүд оролцлоо.


Интерспутник нь холбооны хиймэл дагуулын үйлчилгээ, технологийг ашиглан гишүүн улс орнуудын нийгэм, эдийн засаг, соёлын харилцаанд дэмжлэг үзүүлэх, мөн хиймэл дагуулын харилцаа холбооны технологийг ашиглахад нь гишүүн улс орнуудад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын хиймэл дагуулын холбооны зах зээлд тус байгууллага нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 16 хиймэл дагуулын давтамжийн нөөцийг ашиглаж байна.

Categories
мэдээ нийгэм

“НҮБ-аас үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцлээ

“Монгол Улсад 2017-2021 онд НҮБ-аас үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн 2017 оны хэрэгжилтийг хянан хэлэлцэх Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хамтарсан удирдах хорооны хурал энэ сарын 19-ний өдөр ГХЯ-нд боллоо. Хамтарсан хорооны хуралд холбогдох яамд, агентлагийн төлөөлөгчид, Улаанбаатар дахь НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагын төлөөлөл оролцов.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсад 2017-2021 онд НҮБ-аас үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ”-нд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд нь Монгол Улсын хөгжлийн дунд болон урт хугацааны зорилтууд, Тогтвортой хөгжлийн зорилтуудын ыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа тэмдэглээд Засгийн газраас “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталж, 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөртэй нягт уялдуулан хэрэгжүүлж байгааг танилцуулав. Түүнчлэн санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулахын зэрэгцээ нийгмийн хөгжлийн бодлогоо тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорьж буй Засгийн газрын хүч чармайлтыг дэмжиж, Монгол Улс дахь НҮБ-ын системийн байгууллагуудын үйл ажиллагааны цар хүрээ, түвшин, санхүүжилтийг бууруулахгүй байхыг онцлов.

НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Транкманн хэлсэн үгэндээ Монгол Улсад НҮБ-аас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн гол зарчим нь “хэнийг ч үл орхигдуулах” уриа бүхий “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрт үндэслэсэн бөгөөд илүү хүртээмжтэй, шударга, тогтвортой хөгжлийг бий болгоход анхаарч ажиллаж байгаагаа тэмдэглэв. Тэрээр өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол Улсад ажилласан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодлогын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх зорилготой ажлын хэсгийн тайлан нь 2017 оны чухал үйл явдал болсныг онцлов. Бодлого боловсруулахдаа нэгдсэн зохицуулалт хийх, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ын тэргүүлэх чиглэлүүдтэй улсын төсвийг уялдуулах, гарч байгаа ахиц дэвшлийг тайлагнах хяналтын тогтолцоог бий болгох зэрэг асуудалд анхаарал хандуулахыг ажлын хэсгээс зөвлөмж болгосныг тэрбээр онцлон тэмдэглэв.

Удирдах хорооны хурлаар НҮБ-аас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн 2017 оны тайланг хэлэлцэж, ололт амжилт, сорилт сургамж болон цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцав.

“НҮБ-аас 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ”-ний гурван тэргүүлэх зорилтын 2017 оны хэрэгжилтийн тайланг товч дурдвал:

1) Хүртээмжтэй өсөлт болон байгалийн нөөцийн тогтвортой менежментийг дэмжих чиглэлээр Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх НҮБ, Азийн хөгжлийн банкны хамтарсан ажлын хэсэг ажиллаж, тайлан гаргасан, Улаанбаатар хотын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, хэрэгжилтийг хэмжих үзүүлэлтүүд болон санхүүжилтийн стратегийг боловсруулсан. Түүнчлэн Ойн доройтол, хомсдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулсан, Ногоон эдийн засгийн хөгжлийн стратеги, ажлын байр, худалдан авалтын талаарх ойлголтыг нэвтрүүлсэн, хүнс, хөдөө ахуйн салбар дахь инновацийг дэмжих, хүнсний аюулгүй байдлын стандарт, эрүүл ахуйн чанарыг сайжруулах асуудалд ахиц гарсан байна.

2) Нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн чанартай, тэгш үйлчилгээг хүртээмжтэй болгох, чадавхийг бэхжүүлж, нөхөн үржихүй, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ахиц гарч, Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийг баталсан.

3) Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж, “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд судалгаа явуулсан, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай анхны хуулийг баталсан зэрэг томоохон ахиц гарсан байна.

Хөгжлийн тусламжийн хүрээг илүү үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, статистик тоон үзүүлэлтэд суурилсан бодлого боловсруулах, мэдээлэл, хяналт, шинжилгээний үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, нийгмийн хамгааллын төлөвлөлт, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах зэрэгт анхаарч ажиллах нь чухал болохыг хуралд оролцогсод онцлов.

Хурлаар Удирдах хорооны бүрэлдэхүүн, ажлын удирдамжийг мөн хэлэлцэж батлав.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын газрын түүхэн үзмэрүүд дэлгэгдлээ

Онцгой байдлын албаны түүхэн музейд өнөөдөр Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, бүтээл, урлал, хийж бүтээсэн бүтээлч ажлуудыг танилцуулах үзэсгэлэн дэлгэгдлээ.


Үзэсгэлэнд тус аймгийн түүхэн онцлог, байгалийн үзэсгэлэн, ёс заншлыг харуулсан түүх соёлын дурсгалуудаас гадна Онцгой байдлын газрын алба хаагчдийн өөрсдийн гараар урласан бүтээлийн дээжис, цуглуулга, гаргасан амжилтуудыг мөн дэлгэсэн байна.


ОБЕГ-ын Ахмадын холбоо санаачлагаар албаны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор зохион байгуулж байгаа тус үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Categories
мэдээ нийгэм

Шинэхэн алба хаагчид тангаргаа өргөлөө

Өнөөдөр Онцгой байдлын албаны өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор шинэчлэн зохион байгуулагдсан Үндэсний аврах бригадын тугийг гардуулан өглөө.


Тэртээ 1967 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны шийдвэрээр Төмөр замын тусгай батальон нэртэйгээр анх байгуулагдаж байсан Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Үндэсний аврах бригад болон өргөжиж байгаа

Цаашид тус бригад нь улсдаа төдийгүй бүс нутаг, олон улсад эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадавхтай болох зорилт тавиад байна.

Тиймээс Үндэсний аврах бригадын тугийг гардуулах ёслолын ажиллагааны үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал хэлсэн үгэндээ, “Өнөөдрөөс эхлэн мэргэжлийн өндөр түвшин, ур чадвар, авхаалж самбаа, онцгой хариуцлага, үүргийг та бүхнээс урьд урьдынхаас илүү шаардах болно. Онцгой байдлын байгууллагын үндсэн бүрэлдэхүүн, бахархал болсон та бүхэн энэхүү хүндтэй үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.


Үндэсний аврах бригадын тугийн дор Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний ангиуд нэгдсэн зохион байгуулалтад орж, бүс нутгийн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын жишгээр өөрийн улсдаа төдийгүй олон улсад үүрэг гүйцэтгэн ажиллана.


Дашрамд дуулгахад, Монгол Улсад сүүлийн 10 жилд тохиолдсон 40 мянга гаруй аюулт үзэгдэл, ослын 60 гаруй хувьд Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажилласан тоон үзүүлэлт байдаг бол сүүлийн 10 жилийн хугацаанд Онцгой байдлын алба хаагчид маань нийт 10174 аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн 195,8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалаад байна.


Түүнчлэн Онцгой байдлын албаны өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албанд шинээр томилогдсон алба хаагчдаар төрийн тусгай алба хаагчийн тангараг өргүүлэх ёслол боллоо. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд нийт 130 гаруй алба хаагч оролцож, Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүн төдий тооны алба хаагчдаар хүрээгээ тэллээ.

Мөн энэ үеэр аврах ажиллагааны болон эрэлч нохойн үзүүлэх тоглолтууд болж, Үндэсний аврах бригадын хөгжмийн салааны хамт олон аялгуу эгшгийн түрлэг өргөлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.