Categories
мэдээ улс-төр

Чуулганаар хэлэлцэх асуудал

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

-Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 09 дүгээр дүгнэлт;

-“Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нарын 3 гишүүн 2018.02.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;

-“Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-“Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-“Нөхөн, дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2018.06.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 16 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 6 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нараас 2018.06.08-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Монгол Улсын Их Хурлын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;

-Бусад асуудлыг хэлэлцэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Элдэв-Очир: Хөрөнгийн биржийг хамгийн түрүүнд хувьчлах хэрэгтэй

УИХын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.ЭлдэвОчиртой ярилцлаа.


-Өмч хувьчлалын асуудал анхаарал татаж байна. Засгийн газраас 27 байгууллагын жагсаалтыг оруулж ирсэн. Гэвч манайхан үүн дээр хоёр талцсан байдалтай маргалдаж байна. Өмч хувьчлал яг ямар зарчмаар явах ёстой вэ?

-Өмч хувьчлал ард түмний болон гишүүдийн анхаарлыг татсан сэдвийн нэг болчихлоо. Өмнө нь бид өмчөө хувьчилж байсан туршлагтай. Тэндээсээ сайн, муу аль аль сургамжийг нь авч байлаа шүү дээ. Мууг нь дөвийлгөөд ярих юм бол өмч хувьчлал хэрэггүй. Сайныг нь дөвийлгөн, бусад орнуудын хөгжлийн чиг хандлагаас авч үзвэл өмч хувьчлал гарцаагүй хийх ёстой. Бид ийм л хоёр зааг дээр өмч хувьчлалыг хэлэлцэж байна. Монгол Улс Хөрөнгийн биржээр дамжуулан цэнхэр, ягаан тасалбараар улсын үйлдвэрийн газруудыг хязгаарлагдмал болон нээлттэй, битүүмжилсэн дуудлага худалдаагаар хувьчилсан. Би өмч хувьчлалын муу гэхээсээ илүү сайн үр дүнд нь итгэдэг. Олон улсын чиг хандлага үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн зарим нэг аж ахуйн нэгжийг авч үлдээд бусдыг нь 100 хувь хувьчилдаг. Бид энэ зарчмаар явах нь зөв.

Одоо яригдаж буй 27 компанийн жагсаалтад төр бодлогоор авч үлдэх стратегийн ач холбогдол бүхий компани бараг алга. 2016 онд УИХ 20162020 онд хувьчлах өмч хувьчлалын жагсаалтыг гаргасан. Засгийн газар үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн ач холбогдолтой байгууллагаа авч үлдээд эдгээр объектыг хувьчилж болно гээд оруулаад ирлээ. Их хурал үүнийг нь дэмжээд өмнөх алдаатай өмч хувьчлалаасаа сургамж авч, хатуу хяналт дор хувьчлалаа зөв явуулах нь Засгийн газрын үүрэг. Хувьчлалд хамрагдах компаниудаас АЗЗА буюу аймгуудын зам арчилгааны компаниуд анхаарал татаж байна. АЗЗАг хувьчлахаас өөр аргагүй. Баянхонгор аймгийн АЗЗА компанийг хувьчлаад хэдэн жилийн нүүр үзлээ. Одоо улсын хэмжээнд засвар, үйлчилгээгээрээ тэргүүлж, замын чиглэлийнхээ бизнесийг хөгжүүлээд явж буй сайн жишээний нэг болсон. Тиймээс АЗЗА компаниудыг хувьчилбал илүү үр өгөөжтэй байна.

Харин олон жил тус компанид ажилласан иргэдийн амьдралын баталгаа болсон цалин хөлсийг нь хасахгүй, ажлаас нь халахгүй авч явна гэсэн нөхцөлтэйгөөр хувьчилна гээд гэрээндээ заах хэрэгтэй. Амжилттай хэрэгжсэн ийм туршлага манай өмч хувьчлалын түүхэнд бий.

-МИАТ олны анхаарлыг татаад байна. Гэхдээ л олон улстөрчдийн нүдний хор орсон хэцүү салбар гэлцэх юм?

МИАТыг либералчлах ёстой гээд салбарын сайд нь оруулаад ирлээ. МИАТ-ыг үнэхээр либералчлах цаг болсон. Албан тушаалтнуудын МИАТд шахдаг шахааг нь хар. Хүн шахахаас эхлээд бараа бүтээгдэхүүн шахдаг. Одоо хоёр дахин данхайсан бүтэцтэй ажиллаж байна. Хэрэв хувьд ирчихвэл наанадаж өрсөлдөөн бий болж, зардал танах боломжтой. Үе үеийн улстөрчид МИАТ-д ашиг сонирхлын үүднээс хандаж ирсэн нь асуудлын гол нь юм. Шагнал байдлаар хүн томилохыг зогсоох цаг болсон. Тэгэхгүй сулдаа ганхаад байвал төрийн албаны бүтэц данхайж, шахааны бизнес цэцэглэх боломжтой болдог. Тэр бүү хэл шахааны бизнес байх ёстой гэсэн хүмүүс ч байгаа. Тиймээс эргэлзэлгүйгээр МИАТыг хувьчлах ёстой. МИАТ нь стратегийн гэдэгт хамаарч байгаа учраас 51 хувь нь төрдөө үлдэнэ. Тиймээс 49 хувийг нь хувьчилна гэсэн үг.

-Төрийн банкин дээр та ямар байр суурьтай байна вэ. Монгол Улсын бүх сум, сууринд салбартай гэдэг утгаараа анхаарал татаад байна?

-Монголын төр банктай байх ёстой гээд байх юм. Төр банктай байх шиг хэрэггүй зүйл байдаггүй. Манай улсад банкны салбар хөгжөөд 30 гаруй жил болоод үндсэн голдрилдоо орчихлоо. Хувийн банкууд сайн ажиллаж байгаа. Хувийн банкууд эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ адилхан мөртлөө Төрийн банкнаас хоёр дахин их татвар төвлөрүүлж, гурав дахин их ашиг олдог. Төрийн өмчит компаниуд болохгүй байна гэдгийн нэг жишээ энэ. Сангийн сайд 70 гаруй захирлын орон тоог 40 болголоо гэсэн. Уг нь дөрөвхөн захиралтай байх ёстой. 70 захирлыг дөрөв болгоно гэхээр шагналын томилгоо, ашиг сонирхол байгаа учраас үнэхээр хүндрэлтэй. Гэсэн ч Төрийн банкийг хувьчлахаас айх юм байхгүй.

-Төрийн банкийг хувьчиллаа гэхэд авах эзэн нь нэгэнт тодорхой болчихсон гэх юм. Эзэн нь тодорсон өмч хувьчлалыг явуулах шаардлага байгаа юм уу. Төрийн банкийг хувьчиллаа гэхэд Нямдоржийн Алтан гэдэг хүн 40 тэрбумаар авна гэсэн мэдээлэл гарах жишээтэй?

-Үүн шиг худлаа юм байхгүй. Улстөрчдийг үнэхээр гайхах юм. Зөв юм хийе гэхээр заавал гацаадаг. Тэр гацаалт болгоных нь ард ашиг сонирхол нуугдаж байдаг. Сүүлийн 10 жил том төслүүдээ гацаасан гашуун туршлага бидэнд бий. “Ийм хувилбараар энэ төслийг аваад явж болох юм байна” гэхээр гацаадаг. Гадна дотны хүмүүстэй холбож байгаад улсад ашигтай, ашиггүйн тухай ярьдаг. “Цэрэг, танк орж ирнэ” гэж айлгаж байлаа шүү дээ. “Өөр хувилбар байгаа юм бол гаргаад ир” гэхээр байдаггүй. Тэгээд гаргаж ирээд хэрэгжүүлэх гэж зүтгэж байгаа нь асар их ашиг сонирхлын зөрчилтэй, мөнгө хувааж идэх гэсэн санаа явж байдаг.

Өмч хувьчлал үүнтэй л адилхан. Эзэн нь тодорсон өмч хувьчлал гэж байхгүй. Намын бүлгийн хурал дээр би “Эзэн нь тодорсон юм бол хэлчих. Засгийн газрын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй зүйл оруулж ирсэн бол бид шууд зогсооё” гэдгийг нь хэлсэн. Үнэхээр тийм зүйл байгаад бид зогсоохгүй явуулбал гэмт хэрэг хийх гэж байгаа нөхрөө хамгаалж байна гэсэн үг. Нөгөө талдаа Засгийн газрын гишүүн байж ашиг сонирхлын зөрчилтэй асуудал оруулж ирээд, өөрөө хувьчлаад авдаг байж болохгүй. Эхлээд Хөрөнгийн бирж нь хувьчлагдаад дараа нь Хөрөнгийн биржээрээ бусад компаниудаа хувьчлаад явах ёстой. Түүнээс биш тэр, энэ авлаа гэж эзэн оноогоод байх шаардлага байхгүй. Тэр бүү хэл миний нэрийг хүртэл оруулчихсан тууж явна лээ.

-Өмч хувьчлалд уу?

-Харин тийм. “Эм Си Эс компани Сү.Батболдтой нийлж Төрийн банкийг хувьчилж авах гэж байна” гээд намайг сайн мэдэх ойрын хүн маань хүртэл яриад явж байна. Ичих хэрэгтэй. Дэргэд нь сууж байгаа надаас асуу л даа. Би нүд рүү нь харж байгаад хэлье гэж бодоод байгаа юм. “Би авахгүй. Манайх авахгүй” гээд хэлчихье. Хэрэв авбал тэр хүнд баталгаа гаргаж өгөөд, ажлаа өгөхөд бэлэн байна. Ямар нэгэн ашиг сонирхол цухалзуулаад явах шаардлага ч алга. Хамгийн гол нь өмч хувьчлалаа зөв, шударга явуулаад хувийн хэвшил үйл ажиллагааг нь сайжруулах учиртай. Ийм л үр дүнг би хүсч байна.

Хувьчлагдах гэж байгаа компаниудын эзнийг нь тодруулж, хувийн атгаг санаагаар хор найруулж буй хүмүүс болих хэрэгтэй. Тийм байгаа бол хэвлэлээр шууд зарлачих. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нээлттэй байна шүү дээ. Сошиалд нэрийг нь тавьчих, хэлэлцүүлэг хий. Тэгэхгүйгээр худлаа бор шувуу нисгээд байх юм. Зарим гишүүд үүнд оролцож байгаа гэж би харддаг. Ялангуяа шинэ гишүүд парламентад орж ирсэн бол сайн зүйлийг нь сурах ёстой. Зөв зүйлээ сураагүй байж буруу зүйлийг нь сурчихдаг. Худлаа сенсаци тараадаг. “Засгийн газрыг огцруулна шүү” гэж хоёр гурваараа гүйдэг. Ард нь хувийнх нь ашиг сонирхол явдаг. Хувийн атаа жөтөө байх шиг байгаа юм. Үүнийг хатуу хэлэх ёстой.

-Өмч хувьчлалын эхэнд Хөрөнгийн биржийг хувьчилж байж цаашаа өмч хувьчлал шударга явагдах боломжтой гээд байгаа. Хөрөнгийн биржийн хувьчлал ямар байдлаар явах ёстой вэ. Хөрөнгийн биржийн таван хувийг англичууд авах нь гээд байгаа шүү дээ?

-Засгийн газар өмч хувьчлалын жагсаалтаа оруулаад Их хурал батлачих. “Одоо бол эзэн нь тодорчихсон. Хямдхан үнэлүүлээд хуйвалдаж авах гээд байна” гэх юм. Засгийн газар өмч хувьчлал дээр нэг алдаатай зүйл хийсэн. Тэр нь хувьчлах обьектуудынхаа үнийг тавихдаа аль дээр үеийн балансын үнээр нь оруулаад ирсэн. Ингэхээр хэн ч гэсэн гайхна. Нэг сая төгрөгийн зүйлийг 10 мянган төгрөг гээд оруулаад ирэхээр хүн харддаг юм байгаа биз дээ.

Хөрөнгийн биржийнхэн хувилбаруудаа гаргаж байгаа. Хөрөнгийн биржийн хувьчлал шийдэгдлээ гэнгүүт АН, МАН-ын бүлэг, санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд дор бүрнээ хувилбараа гаргаад ирж болно. Үүнийг нь бид хэлэлцэх ёстой. Английн Хөрөнгийн биржтэй хамтраад тодорхой хувьцаагаа тэдэнд эзэмшүүлж, менежмэнтийн эрхээ тэдэнд өгөөд Хөрөнгийн биржийг хувьчлах нь зөв юм уу, буруу юм уу. Үүнийг ярих ёстой болохоос хоосон хардлага хэрэггүй. Хөрөнгийн биржийг хамгийн түрүүнд хувьчлах хэрэгтэй.

-Өмч хувьчлал иргэн бүрт хүрч чадвал жинхэнэ утгаараа төгс хувьчлал болох байх. Хэн ч гэсэн Төрийн банк, МИАТ-ын хувьцаа эзэмшигч болох тийм боломжийг ямар байдлаар нээх вэ. Л.Энх-Амгалан гишүүн чуулганы хуралдаан дээр “Өмнө нь бид 2000 гаруй компаниа хувьчилж 300 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн. Үүний дүнд иргэд ажилгүй болсон гэхчлэн сөрөг үр дагаваруудаа тооцох ёстой” гэж байсан л даа?

-Дээр миний хэлсэн муу хувьчлалын жишээ яах аргагүй мөн. Муу жишээ гэдэг нь өмч хувьчлалаар авсан хүмүүс аж ахуйн үйл ажиллагааг нь өөрчилсөн. Кассанд нь байсан мөнгөнөөс бага үнээр хувьчилсан гэж яригддаг зүйлс бий. Хувьчилж авангуутаа балгас болгочихсон, үйл ажиллагааны чиглэлийг өөрчилчихсөн, ажилчдыг нь гудамжинд гаргасан тохиолдлууд байдаг. Ялангуяа хөнгөн үйлдвэр, аж үйлдвэрийн салбарт ийм хувьчлал их явагдсан. Энэ нь яах аргагүй хувьчлалын том алдаа. Бид үүнийг давтах ёсгүй. Монгол Улс хөнгөн үйлдвэр, аж үйлдвэрийн салбараа унагасан. Ноос ноолуур, арьс шир, шевроны үйлдвэрүүд байлаа. Харин хүнсний салбарын хувьчлал харьцангуй боломжийн явагдсан. Тэр хэрээрээ өнөөдөр хүнсний салбар бусад салбараасаа түлхүү хөгжсөн. Аж үйлдвэрийн салбарт бид алдаа гаргасан юм. Үүнийг тухайн үеийн эрх баригчдын алдаа гэхээс өөр аргагүй.

Одоо хувьчлахдаа хязгаарлагдмал нөхцөлтэй гэрээ байгуулах ёстой. Хувьчилж авлаа гээд нэг ч хүнийг гудамжинд гаргаж болохгүй. Нийгмийн халамжийн бодлогыг нь компани дээрээ аваад явах ёстой гэдгийг заавал зааж өг. Хэрэв гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хувьчлалыг буцаах асуудал хөндөгдөх ёстой юм. Хяналтаа сайн тавихгүй бол хувьчилсан нэр зүүгээд хаячихаар ийм болдог.

Хөрөнгийн биржээр дамжуулж Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшигч болох нөхцөлийг хангах нь зөв. Гэсэн ч Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргалаа гээд хувьцааг худалдаж авах хичнээн хүн байна вэ гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс үүнийг бодох ёстой. Монгол Улсын хүн амын 30 хувь нь ядуу амьдарч байна. Тэр хүмүүс хувьцаа худалдаж авч чадахгүй. Өөр нэг хувилбар нь тухайн компанийг хувьчлахдаа тодорхой хувийг нь хувьцаа худалдаж авч чадахгүй ч тэр компанид ажиллаж байгаа ажиллагсад, гэр бүлийнхэнд нь давуу эрхийн хувьцааг үнэгүй өгөх хэрэгтэй. Ингэснээр мөнгөн хуримтлал багатай иргэд энэ хувьчлалд тодорхой хэмжээнд эрх тэгш оролцох боломжтой. Энэ мэтчилэн аргуудыг хай. Финляндын гэх мэтчилэн сайн жишээнүүдээс авах зүйлсээ авах ёстой. Өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар шийдсэн, хэл ам дагуулсан энэ асуудлыг бид шийдэх хэрэгтэй. Өмч хувьчлалыг шийдэж байна гээд дураараа алх цохиод хэн нэгэнд өгч болохгүй.

-Өмч хувьчлал 2020 он хүртэл үргэлжилнэ. Нийт төсөвт төвлөрөх орлого нь хэд вэ?

-Анх 2016-2020 онд хувьчлах гэж байсан бол дараа нь 2017-2020, сүүлд нь 2018-2020 онд хувьчлах гэж орж ирсэн л дээ. Тиймээс энэ 27 компанийн жагсаалтыг батлаад үүний дагуу дараалал гарч явагдана. Хөрөнгийн биржээ эхэлж хувьчлаад явна гэдэг дараалал зөв үү гэвэл зөв. Үүний зэрэгцээ бэлтгэл ажлууд нь зэрэг хангагдаад явна. 2018-2020 оны хооронд үнэлгээ хийгдэнэ, сонгон шалгаруулалт явагдана гээд ажил их бий.

-Өмч хувьчлалын тал дээрх таны байр суурийг сонслоо. Өөр нэг анхаарал татсан сэдэв бол Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан явдал. Засгийн газар болон түүний харьяа байгууллагууд, орон нутгийн байгууллагуудыг Захиргааны хяналтын шүүхээс гаргах хууль өргөн барьсан байна. Засгийн газар алдаатай шийдвэр гаргасан бол гомдол гаргалаа гэхэд Захиргааны хэргийн шүүх үүнийг нь авч хэлэлцэхгүй байхаар хуульчилсан байна. Таны байр суурь ямар байна вэ?

-Намын бүлэг дээр энэ асуудал яригдаж хоёр талын маргаан болсон. Бид бүлэг дээр ярихдаа “Нийгэмд асуудал үүсгэхээр хуулиуд дээр намын бүлэг нэгдсэн бодлогоо гаргаад нэг байр суурьтай байя” гэсэн юм. Миний хувьд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжихгүй байгаа. Энэ буруу зүйл чинь Захиргааны хэргийн шүүх биш, дараагийн шатны шүүхийн асуудал болоод явна. Намын бүлгээс шийдвэр гаргах байх. Намын бүлгийн шийдвэрээ дагана.

-Засгийн газар бол төр. Төр дураараа дургих боломжоо өөрсдөдөө бий болгох алхам нь энэ хууль болж байна. Ядаж шалтгаангүйгээр ажлаасаа халагдсан хүмүүс шүүхээр яваад ажилдаа эргэн томилогддог байдал үгүй болох нь. Төрийн буруутай үйл ажиллагааг хэн ч хянахгүй дархан эрхтэй болох нь дээ…

-Тийм болохоор би дэмжихгүй байгаа юм. Ноднин Их хурал Төрийн албаны тухай хуулиа чамбайруулан баталж, төрийн албаныхны дархлааг бий болгож өгсөн. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжээд баталбал төрийн албаны дархлаа байхгүй болно. Томилгдож ирсэн дарга, сайд нь дуртай хүнээ ажлаас нь халдаг, халагдсан хүн нь эргээд шүүхээр заргалдах боломжгүй болгож байгаа юм. Тиймээс уг хуулийн төслийг бид сайтар ярилцах ёстой. Бусад хуулиудтай уялдах талаас нь ч бодох хэрэгтэй. Төрийн албаны тухай хуультай шууд зөрчилдөөд эхэлнэ. Дагалдах хууль гээд өөрчлөлт оруулна гэвэл ноднин батласан хуулиа бид дахинд өөрчилнө. Ингэж болохгүй.

-Засгийн газар яагаад заавал ийм хуулийн төслийг өргөн барьсан юм бол?

-Харин тийм ээ. Үүнээс болоод маргаан бий болчихоод байна.

Categories
мэдээ цаг-үе

“Талын хөх чоно”Сейро А.Өнөболд хуримаа хийв

Хур бороо шаагьсан зуны дэлгэр цагийн эхэн болох зургадугаар сарын 10-ны өлзийт сайн өдөр Япон улсын Токио хотын төвийн нэгэн зочид буудалд Монголын хүчирхэг сумочдын нэгэн Сейро А.Өнөболд хуримаа хийж, гал голомтоо бадраах сайхан ёслол боллоо. Түүний гэргийг Г.Халиун гэдэг. Арван жилээсээ үерхэж байсан эртний андууд эргэж Токиод уулзаж, улам дотноссон гэнэ. Тэрбээр Гоо сайханы чиглэлээр сургуулиа төгсгөөд ажиллаж байгаа билээ. Энэ жилийн анхны башёгоос эхлээд тогтмол 50 хувиас дээш амжилттай барилдаж байгаа.

Уг нь хосууд хоёр жилийн өмнөөс гэрлэлтээ батлуулсан боловч бөхийн завгүй амьдрал хуримын товыг өнөөдөрт хүргэж, Монголоос Улсын заан аав Д.Амгаа, ээж Ц.Цэвэлмаа, ах эгч, гэргий Халиуны аав Г.Гантөмөр, ээж Б.Орхон болон хамаатан садан, Хакухо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд аврага, монгол сумочдоос эхлээд 250-иад зочин хуран цуглаж, найрлав. Хосууд эхлээд япон үндэсний кимоно, дараа нь монгол үндэсний хувцас, сүүлд нь цагаан даашинзаар гоёж зочдодоо мэндчилэв. Хуримын үеэр Сейро А.Өнөболдын төрсөн эгч МУГЖ Д.Ширмэнтуяа уртын дууны шуранхай хадаан Монголын цэлгэр талд очсон мэт санагдуулав. Тэрбээр япон дууг ч цээл сайхан уянгалуулж найр хөгжөөсөн юм. Найрын гол эзэн болох мэргэжлийн сумо бөхийн холбооны жүрёо зиндааны сумоч бөх 1988 оны наймдугаар сарын 18-ны өдөр дөрвөн найм давхцуулан Д.Амгаа зааны отгон хүү болж мэндэлжээ.

Арван зургаан настай байхад нь аавынх нь найз Д.Долгорсүрэн зааны хүү Их аврага Асашёорюү Д.Дагвадорж гэнэт л утсаар ярьж “Бэлдэж байгаарай. Тав хоногийн дараа очиж авна шүү” гэснээр Япон улсад анх удаа хөл тавьж, Аса аваргын гэрт хүртэл хэсэгтээ байж, Шикорояма дэвжээнд элсэн оржээ. Удалгүй Терао Цүнэфүми ояагата Монголд очиж, аав ээжтэй нь албан ёсоор уулзан “Эцгийнх нь оронд эцэг болж, эхийнх нь оронд эх болж, хүүг нь сумоч бөх болгоно” гэж амласан гэнэ. Арван удаа шөвгөрч хориод жил үндэсний бөхөөр барилдаж, 1980 оны олимпт жүдогийн төрлөөр оролцож явсан олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын заан Д.Амгаа хэлэхдээ “Ер нь аав ээжийнхээ нас тогтсон үед нь төрсөн хүүхдүүд ихэнхдээ улсын аврага, арслан гээд л бөхчүүд болох нь нийтлэг байна. Бид хоёрын 37-ны жил дээр мэндэлсэн хүү байгаа юм. Луу жилтэй. Мөнхбат аврага ээжийнхээ 44 насанд, Баянмөнх аврага 42-тойд нь, би ээжийнхээ 41-н дээр, ер нь дандаа л бөхчүүд ээжийнхээ 37 наснаас хойш төрсөн нь их байдаг. Гурван хүү, гурван охинтойн хамгийн бага нь энэ Өнөболд билээ. Аавынхаа шийрийг хатааж яваа юм болов уу гэж бодож байна. Бөхийн амьдралд дасгах, дуртай болгоход нь байнга бэлтгэлд хамт дагуулж явдаг байсан” гэлээ. Энэ үеэр Сейро А.Өнөболд “Багадаа нэг их барилдаж явсангүй. Наадмын бэлтгэл дагаж, Булган аймаг их явдаг байсан. Сагсаа сайн тогло. Өндөр болно гэдэг байлаа. “Эрдмийн ундраа” цогцолбор сургуульд сурдаг байв.Хонхны баяртаа ч оролцож амжилгүй, Япон улсад хөл тавиж, сумочийн замналаа эхэлжээ. Анхнаасаа шийдчихсэн хүн харина гэсэн бодолгүй байлаа. Гэвч хэл, соёл мэдэхгүйтүүнд заримдаа халшрах, хүний нүднээс далд хөнжил дотроо нулимсаа урсгах нь энүүхэнд байлаа.Дэвжээний ахмад бөх макүчид барилдаж байсан Хомашёо бас их сэтгэлийн дэм өгч, ахын ёсоор их зүйлийг зааж сургажээ. Хоол нэг дор их идэх хэцүү. Гурван жил болчихоод байхад 100 кг хүрэхгүй байв. Шөнө хоёр цагт тогтмол сэрүүлэг тавьчихаад онигири будаа, бэлдсэн хоол идэх ёстой” гэсэн юм.

Сейро А.Өнөболд өглөө бэлтгэлийн дараа бас идэж байж сая нэг жингээ нэмж байжээ. Ясны бөх хүн болох аав нь “Хайртай морио хазаартай нь усалж сурга” гэдэг юм. Хүүг минь тийн сургаарай гэж ояагатад захисан гэнэ. Үгчлэн орчуулж өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Яг ойлгосон бол ояагата намайг илүү чанга, ширүүн байх байсан ч магадгүй гэж инээж байлаа. Анх 2005 онд 17 настайдаа Кюүшюү башёд барилдаж эхлэв. Хоёр жилийн дотор л дээшээ гарчихна даа гэж бодож байтал нүдээ гэмтээснээр хагалгаа хийлгэж, жижиг сажиг бэртлүүдийг амссаар найман жилийн дараа 25 настайдаа 2013 онд жюүрёо дэвжээнд дэвшихэд Асашёорюү аваргатай адилхан Талын хөх чоно гараад ирлээ гэж нэг хэсэг хэвлэлээр шуугьсан билээ. Какүрюү Ананд аваргын туслахаар хоёр жил ажиллаж, их л зүйлийг ойлгожээ. Нэг удаа Аваргын хөлийг угааж байтал гэнэт түүнээс “Хүний хөл угаах ямар байна? Дандаа ингэж явах уу” гэж хэлэхэд нь хурдан л өсч ахих ёстойг гүнзгий ойлгосон гэнэ. Түүнийг ирэхээс нь л эхэлж харж хандаж, дэмжиж, ямар ч үед нь цуг байсан үнэнч хөгжөөн дэмжигчдийн нэг болох япон ээж болсон хатагтай Такаги Акико хамгийн анх монгол хүн харсан нь Сейро бөх байлаа. Харандаа шиг нарийхан биетэй жаахан хүү ингэж том болон, ханьтай болж, айл гэр үүсгэж байгааг нь харахад сэтгэл хөдлөхийн аргагүй байна гэж догдлон өгүүлж байсан юм.

Ийм сайхан халуун дулаан гэр бүлд өссөн хүүхэд нэртэй төртэй бөх болоод явж байхад гайхах зүйлгүй юм байна гэж бодогдсон гэв. Сумо бөхөөр дамжин Монгол, Японы найрамдалт харилцаа улам гүнзгийрэн зузаарч буйн нэг илрэл нь энэ биз ээ. Ийм чин үнэнч япон хөгжөөн дэмжигчид их байдаг билээ. Хуримын үеэр байн, байн магнайгаа арчиж, хөлсөө шудрах Сейро А.Өнөболд олон хүний өмнө сандарч байгаа нь илт байлаа. Хакухо М.Даваажаргал алиалан ийнхүү зөвлөв. “Хорвоо дээр гурван төрлийн эмэгтэй байдаг. Тэнэг мөртлөө хөөрхөн. Тэнэг мөртлөө тэнэг. Тэнэг мөртлөө ухаантай гэж байдаг. Гэргийд нь захиж хэлэхэд тэнэг мөртлөө ухаантай байгаарай” гэж хошигнолоо. Ананд аварга түүнд гэргийтэйгээ хамт нэгэн сэтгэлийн хүчээр макүчид хурдан дэвшихийг ерөөлөө. Хосууд гурван хүүхэдтэй болох хүсэлтэй. “Чин сэтгэлээсээ хайрлаж, гэр бүлээ хариуцлагатай авч явна” гэж өрхийн тэргүүн хэлсэн.

Хуримын үйл ажиллагаа Ояагата бүгдэд талархан мэндчилж, сүйт хархүү, бүсгүй нар өөр өөрийн аав ээждээ цэцэг өргөн мэндчилснээр өндөрлөлөө. Тэдний нүдэнд баярын нулимс цийлэгнэж байсан юм. Оролцсон хүн болгоны сэтгэл хөдөлсөн нь лавтай. Нэгэн монгол гэр бүл япон оронд өрх гэрээ тусгаарлалаа.

Япон дахь “Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагвасүрэн: Компаниудыг ногдол ашгаа тараадаг болгоход хувьцаа эзэмшигчдийн санаачилга дутаад байна

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газ-рын дарга Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.


-Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас идэвхтэй арилжаанд ордог нь хэд вэ?

-2018 оны гуравдугаар сарын 21-ний байдлаар 300 хувьцаат компани Хороонд бүртгэлтэй байна. Үүнээс 65 ХК-ийн үйл ажиллагаа зогссон. Хөрөнгийн биржид бүртгэлтэй 219 хувьцаат компани байна. Идэвхтэй арилжаанд оролцдог нь цөөхөн шүү дээ.

-Энэ компаниудын хэд нь ногдол ашгаа тогтмол тараадаг бол?

-Үйл ажиллагаа явуулдаг компаниудын 2.5 хувь нь буюу зургаахан компани 2013-2018 оны хооронд буюу сүүлийн зургаан жил дараалан ногдол ашиг тараасан. Сүүлийн гурван жилд ногдол ашгаа тараасан гэвэл таван компани нэмэгдэнэ.

-Маш бага тоо байна. Ногдол ашгаа тараадаг компаниудыг нэрлээч?

-СЗХ бол төрийн байгууллага. Сайн, муу ямар ч жишээнд компаниудыг нэр зааж дурдах нь бизнест нөлөөлөх эрсдэлтэй.

-Биржид бүртгэлтэй ТОП 10 гэхэд л хувьцааных нь маш цөөн хувь иргэдэд байдаг. Том компаниуд дэргэдээ трейдинг компани байгуулж орлогоо хийгээд хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараадаггүй, сЗХ үүнийг нь өөгшүүлчихсэн гэсэн шүүмжлэлд та ямар хариу өгөх вэ?

-Энэ асуудалд хоёр байр сууринаас хандаж байгаа. Нэгдүгээрт, ерээд оноос хойш өнөөг хүртэл үндэсний томоохон компанийнхаа хувьцааг эзэмшиж өдий дайтай ажиллуулж яваа хүмүүст баярлах ёстой. Яг тэдэн шиг ажиллачихаар үндэсний хэд хэдэн том компани байсан ч дампуурсан жишээ өчнөөн гэдгийг та ч мэднэ. Маш олон жижиг хувьцаа эзэмшигчид нь төмөр, хадаас, модыг нь салгаж авсаар байгаад юу ч үгүй болгосон харамсалтай түүх бий. Хувьцааг хэт төвлөрүүлж авчихаад ногдол ашиг бага тарааж хувьцаа эзэмшигчдийг хохироосон асуудал өнөөг хүртэл яригдсаар байгаа нь бодитой үнэн. СЗХ-ны хувьд энэ асуудлыг аль болох цэгцлэх гэж хичээж байна. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг бол анхаарахгүй орхиж болохгүй асуудал. Хувьцаат компаниуд жил бүр хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж ногдол ашгаа тараах ёстой. СЗХ 2015 оноос хойш энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

-Улсын их дэлгүүр түрээсээр асар их ашиг олж байж ногдол ашгаа өгдөггүй гэсэн гомдлыг хувьцаа эзэмшигчид нь тавьдаг. Ийм барим тавим асуудлыг шийдэх талд хэр анхаарч ажиллаж байгаа вэ?

-Өнгөрсөн жил гэхэд УИД-тэй нэлээд хэлэлцээр хийсэн. Хувьцаа эзэмшигчдийг хохироохгүй, ногдол ашгаа тарааж байх талаас нь зөвлөмжүүд өгсөн. Шийдвэрлэх хэмжээнд хүрсэн гэж бодож байна.

-Хэр өндөр ашигтайг нь шууд харчихаж болохоор ийм газар өдийг хүртэл хувьцаа эзэмшигчдэдээ ашиг хуваах тал дээр асуудал үүсгэсээр ирсэн гэхэд итгэмгүй санагддаг. Танд арай л санагддаггүй юу?

-Санагддаг. Гэхдээ гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг асуудлууд ч анзаарагддаг. Хувьцаа эзэмшигчид нь өөрсдөө гүйж очоод “Би танай түрээслэгч болъё. Хөнгөлж туслаач” гэж хандаад яриа хэлэлцээр хийчихдэг, дараа нь үүссэн жижиг сажиг асуудлаас үүдэж гомдол гаргадаг гэх мэт олон асуудал байдаг юм билээ. Энэ тохиолдолд иргэн хооронд асуудал үүсч байгаа биз. Тэгэхээр аливаа асуудлыг шууд харж, бүхнийг СЗХ мэддэг гэж хандах нь нэг талдаа өрөөсгөл хэрэг болчихож байгаа юм. “Муу л бол хойд талын хар овоохой” гэдэг шиг сэтгэхүй иргэдэд суучихаад байна л даа. СЗХ юм чинь санхүүтэй холбоотой бүх асуудлыг зохицуулна гэж боддог. Гэвч бүх юм хууль дүрэм заавартай. Энэ утгаараа СЗХ ирсэн гомдол саналыг журмынх нь дагуу л шийддэг газар. Түүнээс биш аливаа аж ахуйн нэгж, иргэний бүх асуудал руу шууд дайраад ороод байх боломж ямар ч субьектэд байхгүй. Гэхдээ нэг эерэг мессэж бий. Компаниуд хөрөнгийн зах зээл дээр нээлттэй ил тод сайн засаглалтай байвал хувьцаа гаргаж хямд санхүүжилт татах бололцоотой. Нээлттэй компанид л хөрөнгө оруулагчид буюу иргэд мөнгөө итгэж өгнө. Түүнээс биш бүх юмаа нуучихаад би 90 хувьтай, чи арван хувьтай бай гэвэл хэн ч хөрөнгө оруулахгүй. Харин компанийнхаа нийт хувьцааны 30 хувийг нийтэд арилжаалаад явцын дунд ахиад нэмж гаргая гэвэл хүмүүс сонирхоно. Энэ тохиолдолд “Над шиг олон хүн энэ компанийн хувьцаа эзэмшигч юм байна. Тийм учраас би хадгаламжин дахь мөнгөө ийш нь оруулъя. Энэ компани олон жилийн дараа өгөөж ашигтай ажиллаад эхлэхээр үр хүүхэд минь өндөр орлоготой амьдраг” гэсэн бодолтой хүмүүс олширно.

-Компаниудын хувьцаа эзэмшигчдээсээ ашгаа бултуулдаг “трейдинг”-үүдийг өөрчилнө гэхээр тусдаа компанийн асуудал учраас мэдээж хэцүү. гэхдээ хувь-цаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа гэдэг утгаар сЗХ ямар нэг шийдэл, зөвлөмж өгөх ёстой байх аа?

-Мэдээж, хувьцаа эзэмшигч-дийн эрх ашгийн асуудал яах аргагүй мөн. Энд ганц бодитой, хэрэгжиж болох гарц бий. Хувьцаа эзэмшигчид өөрсдөө санаачилгатай байх хэрэгтэй. Урт хугацаанд тухайн компанийн хувьцаа эзэмшигч байя гэж бодож байгаа бол жилд ганц удаа болдог хуралд нь маш идэвхтэй оролцох ёстой.

-Компаниуд хурлынхаа зарыг идэвхтэйгээр сурталчилж байж л хувьцаа эзэмшигчдэд хүрнэ. гэтэл сони-ны жижигхэн зайд хүн харахааргүй газар тавьчихдаг шүү дээ?

-Яг зөв асуудал хөндлөө. Зарлаад байгаа хэлбэр, тавьдаг санхүүгийн тайлан нь бэлгэ тэмдэг төдий болсон нь үнэн. Наад асуудлыг чинь хорооны удирдлагын хэмжээнд өнгөрсөн жилийн эцсээр хөндөж яриад мэдэгдэл хүргүүлсэн.

-Иргэдийн хувьд цөөхөн хувьцаатай болохоор хувьцаа эзэмшигчдийн хурлыг зорьж очихгүй байгаа тал бас анзаарагддаг…?

-Цөөхөн хувь эзэмшдэг болохоор ийм харилцаа үүсдэггүй тал байгаа нь мөн л үнэн. Тийм учраас СЗХ-ноос компаниудад дор хаяж 30 хувиа арилжаал гэсэн шаардлага тавьж байгаа.

-Тэгэхээр шинээр хувьцаагаа арилжаалж байгаа компаниуд дор хаяж 30 хувийнхаа хувьцааг арилжаалах нь гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Бид цаашдаа ч энэ чигээ барина. Хамгийн багадаа 30 хувийн хувьцаагаа санал болго, тэгж байж хөрөнгө оруулагчдын эрх ашиг хамгаалагдаж, компани нээлттэй ил тод болно гэсэн бодлогыг хорооны зүгээс барьж байна.

-Сүүлд IPO гаргасан “Монгол базальт” дээр гэхэд л хувьцааных нь үнэ доошилчихлоо, зах зээлд үнийн хөөсрөл үүсгэж, хөрөнгө оруулагчдыг хохироох нь гэх мэтээр тайлбарлах боллоо. Энэ хэр бодитой тайлбар вэ?

-Тэгж бодохгүй байна. Олон улсад тухайн улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг ДНБ-нд хэдэн хувь эзэлж байгаагаар нь хэмждэг. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн жилийн сүүлээр л ДНБ-ий есөн хувийг эзэлсэн. Гэтэл хөрөнгийн зах зээл нь хөгжсөн улсуудын хувьд энэ харьцаа тэс өөр. Хөрөнгийн зах зээлийнх нь үнэлгээ ДНБ-ээс нь хэд дахин илүү үнэлгээтэй байдаг. Тэгэхээр хөөс гарч, хохирол хүлээх нь гэх мэт яриа бодитой биш мэдээлэл.

-Гадаадын нэг хөрөнгө оруулагчтай ярилцаж байхад “Танай хөрөнгийн зах зээл богино зайны, мэргэжлийн биш тоглогч олонтой” гэж байсан. Богино хугацаанд өндөр ашиг олох гэсэн хүсэлтэй хүмүүс ийм яриа гаргаад байна уу?

-Тантай санал нэг байна. Сүүлийн үед шинээр гарч байгаа хувьцаан дээр богино хугацаанд тоглолт хийх явдал их ажиглагдаж байна. Богино зайны тоглогчдын хувьд тэгж хэлэх эрхгүй хүмүүс. Өөрсдөө дүрмээ мэдээд богино зайнд тоглож байж олон нийтэд нөлөөлөхийн тулд худлаа сенсацилж болохгүй. Зах зээлд сайнаар нөлөөлөх хандлага лав биш. Гэхдээ бид анализ хийж үзнэ. Ер нь хөрөнгийн зах зээлд цаашдаа өчнөөн боломж бий. Хүний хэрэгцээ шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд хөрөнгийн зах зээлээс хямд эх үүсвэр босгоосой гэж хүсэж байна. Хувьцааны үнийн өсөлт, уналт байдаг л асуудал. Юунаас болж өсч унаад байна вэ гэдгийг судалж үзэх ёстой. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх гэж мөнгө босгосон компанийн хувьд өгөөжөө харахын тулд дор хаяж нэг жил, түүнээс ч олон жил шаардагдана.

-СЗХ бидний төлөө хөдөлж өгөхгүй байна гэсэн шүүмжлэл давтамжтай сонсогддог. Энэ хэр бодитой шүүмжлэл бол. Хууль эрх зүйн орчноос болоод яах аргагүй хашигдаад байна уу?

-Би энэ албандаа хоёр жил ажиллаж байна. Анх ажлаа эхлэхэд “Хууль дүрэм нь хэрэг алга, боож хаагаад хэцүү байна” гэсэн хүмүүс их орж ирдэг байсан. Үнэхээр тийм юм болов уу гээд судлахаар хэцүү юм байдаггүй. Тухайн компани хууль эрх зүйн орчноо бүрэн дүүрэн бүтэн нэг эргээгүй гэсэн шалтгааныг л олж хардаг. Хуулийг дуустал нь ашиглаад, ургаж гарсан асуудал дээр нь дөрөөлөөд санаа оноо гаргавал өөр шүү дээ. Тэгэхгүйгээр дунд нь нэг жижиг уул тааралдангуут хормойгоо шуугаад байвал хэцүү.

-ТэгвэлсЗХ бүрэн эр-хийнхээ хүрээнд ажиллахад хууль зүйн талаас ямар ч бэрхшээл, асуудал байхгүй гэж ойлгож болох уу?

-Би тэгж хэлэх гээгүй. Асуудал мэдээж бий. Хамгийн гол нь тухайн асуудлыг туршиж үзээд гарсан кейс дээр нь ийм байна гэж ярих хэрэгтэй. Ихэнх тохиолдолд жижиг сажиг асуудлаа давж чадаагүйнхээ төлөө бурууг гаднаас хайгаад байгаа анзаарагддаг. Тэр буруутан нь эзэн биегүй хууль болчихоод байна л даа.

-гэхдээ сЗХ ямар нэг бодлогын юм гаргадаггүй, бүртгэсэн, зөвшөөрсөн гэх мэтээс хэтэрдэггүй гэсэн шүүмжлэл ортой л сонсогддог. Хууль зүйн талаас нь харахад хүчтэй ажиллаж болохоор газар гэж ойлголоо, зөв үү?

-Хууль зүйн хүрээнд хашигдсан, боогдсон зүйл байхгүй. Хууль талаасаа эрхээ хэрэгжүүлээд ажиллах боломжтой газар гэж хардаг.

-Тэгвэл хүчгүй байлгах сонирхол байдаг юм биш үү?

-Тийм гэж шууд хэлэх аргагүй. Ор тас үгүйсгэх ч аргагүй. Зарим талаар санал нийлж байна.

-СЗХ хөрөнгийн зах зээлийн хөрөнгө оруулагчдын талд бүрэн ажиллаж шийдвэр гаргаж чадаж байгаа юу?

-Хамгийн түрүүнд хөрөнгө оруулагчаа буюу иргэдээ боддог нь бидний баримталдаг гол зарчим. Тэр утгаараа хувьцаагаа арилжаалах гэж хандсан компаниудад “Хөрөнгө оруулагч танд яагаад итгэх ёстой вэ” гэж асуудаг, тэр үүднээс танилцуулгыг нь нарийн нягталж судалсны эцэст шийдвэрээ гаргадаг. Хөрөнгийн зах зээл дээрээс олон нийтээс мөнгө татаж болох нь гэсэн хандлага илэрхий ажиглагдаж байна. Нөгөө талаас хөрөнгөө оруулаад өгөөж хүртэх боломж ч харагдаж байгаа.СЗХ-ны Үнэт цаасны газрын хувьд хүмүүсийн итгэл сэргэсэн нь сайшаалтай ч бодит байдал дээр чанарын өсөлт биш гэж дүгнэж байгаа. Юуны түрүүнд хувьцааны хөрвөх чадвар чухал. Компанийн хэдэн хувь нь олон нийтэд арилжаалагдаж байна вэ гэдэг маш чухал асуудал.

-Танайхаас IPO гаргах гэж байгаа компаниудад ямар шалгуур тавьдаг вэ?

-Компаниуд эхлээд биржүүдэд үнэт цаасаа бүртгүүлж, биржийн зүгээс болж байна гэвэл манайх руу дүгнэлтээ ирүүлдэг. Тэр үед нь бид компанийн танилцуулгыг үзэж эхэлдэг. 2013 оноос өмнө манайх эхлээд танилцдаг байсан юм. Энгийнээр хэлбэл бирж бол дэлгүүр. Ирсэн барааг зарахад анхаардаг газар гэсэн үг. Эцсийн хариуцлагыг бирж биш үнэт цаасны танилцуулгыг хийсэн андеррайтер, аудит, хууль, үнэлгээний компани, СЗХ хариуцдаг гэдэг утгаараа бараа хэр чанартайг СЗХ шийддэг.

-Тэгвэл танайхаар эхэлж явдаг зарчим нь зөв байж дээ?

-Уг нь тийм. Гэхдээ эцсийн шийдвэрийг манайх гаргаж байгаа нь хэвээрээ. Сая гэхэд хоёр ч компани биржээс зөвшөөрөл аваад ирсэн. Материалыг нь үзэхээр нэг нь компанийн нийт хувьцааныхаа 15 хувийг гаргана гэсэн байсан л даа. Нийтэд 25, 30 түүнээс дээш хувиа санал болгож байж компанийн засаглалын нээлттэй, ил тод байдал сайжирдаг гэсэн олон улсын байгууллагын зөвлөмж бий. Бид энэ мэт үндэслэл хэлж буцаасан. Гурван сарын дараа бүх материалаа шинэчлээд 30 хувиа заръя гээд орж ирэх жишээний.

-Хувьцаа худалдаж авсан хөрөнгө оруулагч хохирвол яах вэ. IPO шинээр гаргасан компаниуд Хөрөнгийн зах зээл дээр байдаг компаниуд шиг дэргэдээ трейдинг компани байгуулаад хамаг ашгаа хийгээд явах эрсдэл бий юу?

-Шинээр IPO гаргаж байгаа компаниуд явуулах үйл ажиллагаа, олох ашиг, хүртээх ногдол ашиг гэх мэт нарийн тоонуудыг хугацаатай нь товлосон бизнес төлөвлөгөөтэй орж ирдэг. Манайхаас тэр бүхэнтэй нь танилцаад арилжаалах зөвшөөрөл өглөө гээд тогтоол гаргадаг юм. Тэр тогтоол дээр бүгдийг нь нэг бүрчлэн үүрэгжүүлж, хүлээх хариуцлагуудыг нь зааж өгч байгаа учраас тийм эрсдэл гарахгүй.


Categories
мэдээ цаг-үе

Өсгийн дөрөм

(ЗҮВ БИЦГИЙН)

ФЕЛЬЕТОН

Төрөөс бичиг үсгийн шинэ дүрэм гаргаж түүнийгээ олон ботиор хэвлэн “Зүв бицгийн дөрөм” буюу “Өсгийн дөрөм” хэмээн гэж нэрлэсэн байна.

Монгол орон ардчилалд шилжээд гуч шахам жил болсон боловч социалист бичгийн дүрмээр явж иржээ. Коммунистууд, хуучин монгол цагаан толгойн нэг тэмдэглэгээтэй “Ө,Ү” “О,У”, “Ц,Ч”үсгийн эрх ашгийг хохироож ирсэн бурангуй явдлыг засахад энэ дүрмийн зорилго оршжээ. Жишээ нь “Дүл” гэж дуудаж болох бичлэгийг “Дөл” гэж дуудах, “ур” гэж дуудаж болох байтал “ор” гэж галиглан “Ө” ба “У” үсгийн эрх ашгийг сүрхий хохироож ирсэн байж. Түүнчлэн булчинлаг эрчүүд цээжээрээ гайхуулсаар байтал тэрийг нь “Чээж” гэж бичин бялдаржуулах урлагийг хохироосоор иржээ.

Цээж гэснээс, үүнтэй холбогдох зарим үгийг хэрхэн журамласныг сонирхуулъя

Цээж-амнаас анус хүрэх зай

Чээж-Монгол хүний санах ой нь байдаг газар

Зээж-Дараагийн сонгуулиас хойш цээжийг нэрлэх үг

ЧээзХэрвээ ШХАБд орвол цээжийг нэрлэх нөөц үг

Жээч-Улсын фондод байгаа нөөц цээж.

Доромжлогдон гадуурхагдсан үсгүүдийн эрхийг сэргээсэн энэхүү хувьсгалын нэр нь “Зүв бицгийн дөрөм” болохыг та бүхэн анзаарсан байх. Хувьсгалын зарчим нь дээр дурьдагдсан үсгүүдийн байрыг солих буюу хуучин “Ц” байсан газарт “Ч” дуудаж, “Ө”гийн орон “Ү” хэлж, “О” байвал “У”гаар орлуулна гэсэн үг.

Юун түрүүн манай төрийн гурван өндөрлөгийн албан тушаал, нэр өөрчлөгдөж “ерүнхийлүгч Баттолга, Их хорлын дарга Энхбулд, Ерүнхий сайд Хөрөлсөх” болж байгааг сануулах юун.

Манай депутатууд жаахан сэтгэл дундуур байна. Учир нь тэднийг “Их Хорлын гишөөн” гэж дуудахаар ямар сайхан байх билээ? Үүнээс ч дор юм бас байна. Манай Нямдорж гуай маань, “Хорлын гишүүн”-ээс гадна, “Хооль зүйн сайд”, “Нямдурж” гэж бичигдэнэ.

Гэснээс, нийслэлийн төв талбайг “Сөхбаатарын” гэх болсон байна. Ямрав дээ, МАН-ыхан минь. Одоо намаа байгуулсан хүний нэрийг өөрчлөхгүй бол нэрэмжит талбайтайгаа зөрчилдөөд эхэллээ. Одоо төв ёолконыхоо товыг “Сөхбаатарын талбайд шөнө дүл” гэж зарлах нь байна.

Хуучин “Шөнө дөл” гэж байсныг “дүл” болгосноос үүдээд гэдсээ шахаж дүлэхийг “дөлөх” гэхээс өөр аргагүйд тулав. Төрөх тасагт нярайлах гэж байсан эхэд эмч нь “дөл дөл, сайн дөл” гэж зөвлөж. Гэтэл “өсгийн дөрөм” мэдэхгүй эх маань эмчээсээ дөлж давхиад, бараг л шилэрч, гадаа цэцэрлэгт амаржсан гэх.

Шавьж гэхээ болиод шавж болгон дүрмэлжээ.Ихэнх хорхой шавьж хазах зэргээр биднийг хорлодог байтал зөөлний тэмдэг (ь) хэрэглэх нь тэдний учруулах аюулыг зөөлрүүлсэн явдал болсноос тэгжээ. Зарим эрдэмтэн “нэгэнтээ л өөрчилсөн юм чинь “Ш”ийг нь “С”ээр солиод “Савж” болгох учиртай гэж байна. Тэгвэл “хүлэн дээгөөр хурхуй савж гөйх” болж байна.

Хатуу зөөлний тэмдгийг ч хатуу болон зөөлөн үйлийн утгаар нь хэрэглэнэ гэнэ. Жишээ нь Зодолдохъ, хатъуу донгъгодохъ, чулъуу… түүнчлэн зөөлөнь, хайрлахь, хөвөнь гэх мэт.

Ер нь сайн харилцаатай улсаа “Ь”, харин тааруу ханддаг улсаа “Ъ” оруулан бичих болсон байна. Жишээ, Солонгось, Японь, эсвэл теръръоръистъ Исъламын улсъ гм гм. Харин өмнөд хөрш руу Их Хурлаас явсан бичигт “Хятадь” гэж галиглах ба Ерөнхийлөгчөөс илгээлт гаргавал “Хятадъ” гэх ажээ. Оросыг “Урусъ” гэж тэмдэглэх болсон нь тэдэнд хатуу хандсных биш, харин тэд өөрсдийгээ “Русъ” гэж бичдэгт дөхүүлсэн хэрэг гэнэ.

Нэмж хэлэхэд Шанхайн байгууллагад элсэхийг дэмжигчид нь “ШХАБь”, харин эсэргүүцэж байгаа тал нь “ШХАБъ” гэж бичихээр тохиролцсон байна.

Одоо багш нар хүүхдүүдийг“сорагч”(бараг л тоос сорогч болох нь), “шав” гэх болно. Хэрвээ “С”, “Ш” солих асуудал шийдэгдвэл “Багс савийн барилдлага”тай болж таарах нь. Далай багш маань биднийг “Бурханы олон шав нараа” хэмээн дуудах нь байна.

Төвдийг “Түвэд” гэж бичсэнтэй уялдуулан манай Ховдынхон өөрсдийгээ “Хувад”, ядахнаа “Ховод” гэхээ мартуузай. Яруу найрагчдыг “Яроо найрагц”, бүтээлийг нь “шөлөг” гэх болсныг “Булур цум” явуулахдаа хэрэгжүүлэх байлгүй.

Хүний унтдаг тавцанг цаашдаа “Ур” гэх болжээ. Харин толгойдоо бондгор юмтай хүнийг “ортой” гэж хочлох ажээ. Ер нь “Ур хүнжлийн явдал”ыг урлаг, уран бүтээл тал руу нь хэлбийлгэсэн гэж ойлгож болно. Харин манай урчууд болохлоор “Орчуудын эвлэл”д харъяалагдаж, “зораач” гэж нэрлэгдэх учиртай ажгуу.

Төл гэхээ больж “түл” хэмээн бичих болсонтой уялдан сонин явдлууд гарч байна. Айл гэрийн эзэгтэй өглөө босоод “галаа төлөх” бол сүртэй юм биш, банкнаас “Үрээ түл” гэж бичиг авсан эцэг эхчүүд шууд ухаан алдаж байгаагийн хажууд.

Зарим ногооны нэрийг “байяцайя”, “жууецайе” гэхчлэн бараг л хятадаар бичих болсон юм байхаа. Ингэхэд Баянголын “хууяцайя”, “Улаанбаатарын хууяцайя” хоёрын аль нь (уг нь ал нь гэж бичих бичих учиртай боловч эвгүй харагдаад болдоггүй. Харин та нарын бодоод байгаа юмыг зөөлрүүлж “аль” гэхээр болсон шүү) нь илүү вэ?

Шөлийг шүл гэх болсноос үүдэн “нос, шөлсөө гулын осонд хаяж болохгүй” гэсэн анхааруулга ч гарчээ.

Шөнө ФМ радиогоор цаг зарласан хөтлөгч “Одоо шөнө дүл болж байна” гэж хэлснийг хүмүүс буруу ойлгоод, олон айлын хөнжлийн даавуу муухай болжээ. Хэрвээ та эрт боссон бол маш олон болкоон дээр шар бичигтэй цагаан туг дэрвэхийг харсан байх.

Ийм л байна. Что ч гэхэв дээ, кто минь!

Хөндэтгэсэн, сэтгөөлч Б.Чэнддуу

(Түр засагтаа өнөнчөө илэрхийлэн нэр хаягаа синэ өсгийн дөрмөөр бицэв)

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Өсгийн дөрөм” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Төмөр зам шуурхай тавигдаж,
Таван толгой хөдлөх сайн
мэдээ дуулдаж эхэллээ” хэмээн өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Өсгийн дөрөм хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Улс төр” нүүрт М.Энхболд: Энэ чуулганаар УИХ-ын дэгийн
тухай хуулийн төслийг баталж амжихгүй
бол ээлжит бус чуулган зарлана хэмээн ярьсан байна.

Монгол Улсын гавьяат
зүтгэлтэн, олон
улсын тоймч, сэтгүүлч
Б.Дашзэвэгт оногдуулсан
ялыг гурван жил болгон
өөрчилсөн юм. Б.Дашзэвэгийн төрсөн дүү
Б.Пүрэв: Би ахад “Одоо, та үхэж болохгүй шүү. Ямар ч
байсан амьд гарч, нэрээ авч үлдэх боломж бий” гэж хэлсэн хэмээн “Баримт үйл явдал” нүүрт өгүүлжээ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Тунаж үлдсэн үнэ цэнэтэй бүхнийг нэг
далайлтаар хувьчилж болохгүй хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Хөгжмийн зохиолч,
доктор, профессор Н.Жанцанноров: Морин хуур хөгжим хийл шиг
дэлхийнх болох цаг ойртож байна хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярьсан байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Захиргааны
ерөнхий хуульд өөрчлөлт
оруулбал Засгийн газар шүүхийн хяналтаас гарч дархлагдана “Улс төр” нүүрт өгүүлжээ.

МУГЖ И.Одончимэг: Олон жил
өрнийн жүжигт тоглолоо
гээд би англи хүүхэн
болчихоогүй биз дээ хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярьжээ.

“Багш” нүүрт “ Монгол судлалын
үндэсний академи”-ийн
гүйцэтгэх захирал, хэл
шинжлэлийн ухааны доктор,
профессор Жанцангийн Бат-Ирээдүй: Дэлхийн
олон оронд миний шавь байгаа хэмээн өгүүлсэн байна.

“Спорт” нүүрт Наадмаар хэн хэн барилдахгүй вэ хэмээн өгүүлжээ.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн
гишүүнчлэлээ АНУ зогсооно гэв хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Туулах чадвар сайтай фургон автомашиныг гардуулан өглөө

Баян-Өлгий аймгийн Зооноз өвчин судлалын үндэсний төвд туулах чадвар сайтай фургон автомашиныг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц өнөөдөр гардуулж өглөө.

Тус яамнаас хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор он гарсаар нилээд хэдэн аймаг сумын эрүүл мэндийн төв, Бүсийн оншилгоо эмчилгээний төвд автомашин өгсөн юм.
Баян-Өлгий аймгийн хувьд 99 мянга гаруй хүн амтай, хамгийн холдоо 380 гаруй км-ийн алсад амьдрах иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг аж. Тиймээс автомашинтай болсноор иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал хувь нэмэр болж буй юм. Харин аймгийн Зооноз өвчин судлалын үндэсний төвийн хувьд байгалийн голомтот халдварт өвчнийг илрүүлэх, тархалтыг зог­соох, шаардлагатай арга хэмжээ авах үед автомашины асуудал тулгамддаг байсан бол ийнхүү Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр энэхүү асуудлыг шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Үйлдвэрийн аргаар савласан 61 кг борц хууль бусаар хил давуулахыг завджээ

Гаалийн байгууллагын хэмжээнд зургаадугаар сарын 11-15-нд хялбаршуулсан журмаар 25 зөрчил шийдвэрлэжээ. Үүнээс 13 зөрчил нь татвар төлөхөөс зайлсхийсэн тохиолдол гарсан байна. Мөн бүртгэлийн болон эрүүгийн гэхчлэн 32 зөрчил илрүүлжээ.

Тухайлбал, Замын-Үүд дэх гаалийн газрын Өргөн төмөр замын Гаалийн хяналтын бүсэд энэ сарын 12-ны өдөр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн 513 вагоны дөрвөн тасалгаанд шалгалт хийхэд зорчигчийн гар тээшнээс үйлдвэрийн аргаар савласан тус бүр нь 500 гр бүхий 122 уут буюу 61 кг борц, хоёр хэсэг ногоон хаш чулууг гаалийн байгуулагад мэдүүлэлгүй, дагалдах бичиг баримтгүй авч явсан зөрчлийг илрүүлжээ.

61 кг борц хууль бусаар хил давуулахыг завджээ

Мөн Замын-Үүд дэх гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор-1 гаалийн хяналтын бүсийн гарах талын зорчигчийн ачаа тээш шалгах рентген тоног төхөөрөмжийн хэсэгт энэ сарын 12-нд Монгол Улсын иргэн Б нь хар гялгар уутанд ороон, скочидсон эртний дурсгалт зүйл байж болзошгүй төрөл бүрийн хэмжээтэй 12 ширхэг зэс, гуулин савыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлсэн байна.

61 кг борц хууль бусаар хил давуулахыг завджээ

Эдгээр хэргийг харьяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлж, 18.2 сая төгрөгийн торгууль ногдуулж, 44.3 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ.

Categories
мэдээ

Эцэг эхийн хараа хяналтгүй байдал, ААН-үүд орчныхоо аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хүүхэд эндэж болзошгүйг анхааруулав

Нийслэлийн цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр Хүүхдийн хүчирхийлэл,хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын талаар мэдээлэл хийв.

Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Батчулуун “Нийслэлийн БЗД-ийн 79 дүгээр дунд сургуулийн хашаан дахь хөлбөмбөгийн талбайд 11 настай хүү осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хөлбөмбөгийн хаалгачийн хөндлөвч төмөр унасны улмаас тархиндаа гэмтэл авч амь насаа алдсаныг БЗД-ийн Цагдаагийн мөрдөн байцаах газар шалгаж байна. Мөн БЗД-ийн 21 дүгээр хорооны Сэлбийн гол орчимд зам, гүүрийн засварын ажил ид явж буйтай холбоотой далан барьж, 100 орчим метр урт, 15 метр өргөн, 3-4 метр гүнтэй цөөрөм үүссэн. Энэ цөөрөмд 5 хүүхэд сэлж тоглож байгаад 9 настай хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг мөн гарлаа. Тиймээс хүүхэд эндэх, бэртэх, нас барах тохиолдол ихсэж байгаа нь эцэг эхийн хараа хяналтгүй байдал, аж ахуй нэгж байгууллагын буруу үйл ажиллагаанаас болж байгааг шүүмжлэв. Сурагчдын зуны амралт эхэлсэн энэ үед эцэг, эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, засвар үйлчилгээ хийж буй байгууллага, ААН-үүд орчныхоо аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг анхааруулж байна” гэв.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хууль эрхзүй, хамтын ажиллагааны газрын дарга Д.Энхбаатар, “Улсын хэмжээнд 3553 өнчин хүүхэд амьдарч байгаа бол 1019 хүүхэд асрамжийн байгууллагад хүмүүжиж байна. 2017 онд 16800 хос гэр бүлээ бүртгүүлсэн бол 4900 нь Шүүхийн журмаар гэр бүл цуцлуулжээ. Жил ирэх тусам гэр бүлээ цуцлуулах хосууд нэмэгдэж байгаа нь хүүхэд эзэнгүйдэх, анхаарал халамж сулрах, өнчирч сэтгэл санааны гутралд орох зэрэг эмзэг асуудал үүсч байдгийг залуу эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэйг хэлж байв.

Мөн Нийслэлд 800 мянга орчим хүүхэд оршин суудаг, хүүхэд алга болсон талаар мэдээлэл өдөрт дунджаар 15 удаа ирдэг. Өнгөрсөн онд эрэн сурвалжлах санд 1200 орчим хүүхэд алга болсон талаар мэдээлэл ирсэн ч Цагдаагийн ажилтнууд бүгдийг нь олж тодруулан эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд сураггүй алга болсон хүүхдийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ онд сураггүй алга болсон хоёр хүүхэд байсан ч хэсэг хугацааны дараа амиа алдсан байдалтай олдсон. Тиймээс хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс сэрэмжлүүлэн эцэг эхийн хараа хяналтыг сайжруулахыг албаны хүмүүс дахин дахин санууллаа.

Categories
мэдээ нийгэм

​Төрийн ордны арын цэцэрлэг иргэдэд нээлттэй боллоо

Төрийн ордны ард байрлах цэцэрлэгт хүрээлэн иргэдэд үүдээ нээжээ. Өнгөрсөн зургаадугаар сарын нэгэнд тохиосон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр “Алдарт эх-1, 2” дугаар одонг Төрийн ордонд гардуулах ёслолын үеэр ордны арын цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд нээлттэй байлгасан билээ. Өнгөрсөн хугацаанд хаалттай байсан энэхүү цэцэрлэгт хүрээлэнг нийтэд нээлттэй байлгах тухай хэдхэн хоногийн өмнө УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил УИХ-ын даргад хандан чуулган завсарлахаас өмнө Төрийн ордны арын цэцэрлэгийг олон нийтэд нээлттэй болгож өгөхийг хүссэн юм. Энэ хүсэлтийн дагуу УИХ-ын дарга Төрийн тусгай хамгаалалтын газарт хандан үүрэг өгснөөр ийнхүү цэцэрлэгт хүрээлэн иргэдэд үүдээ нээжээ.

Гэхдээ уг цэцэрлэгт хүрээлэн жагсаал, цуглааны үед хаалттай байх юм байна.