Categories
мэдээ нийгэм

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Биржийн зохицуулах зөвлөлийн дарга боллоо

Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэл өгөх, биржийн арилжааны зах зээлд оролцогчдын үйл ажиллагаанд хяналт тавих, зөвлөмж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Биржийн зохицуулах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Уг зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан бөгөөд төрийн захиргааны төв байгууллагын 6, төрийн бус байгууллагын 7 төлөөлөл багтаж байна.

Хурлын эхэнд, Биржийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүний 100 хувийн саналаар зөвлөлийн даргаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулег сонголоо. Тэрбээр, “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, биржийг олон улсын жишигт нийцүүлэн сонгодог утгаар нь хөгжүүлэхийн төлөө Зөвлөл ажиллана. Цаашид гурил буудайн үнийг бирж болон зах зээлийн үнэ дээр тогтсон шинэ зөв зарчимд оруулах нь зүйтэй. Түүхий эдийн боловсруулалтыг сайжруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжих нь чухал” гэдгийг онцолсон.

Өнөөдрийн хурлаар “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн 2017 оны үйл ажиллагааны танилцуулга, 2018 онд хийх ажлын төлөвлөгөө, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай, Биржээр арилжаалах бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх тухай гэсэн гурван асуудал хэлэлцсэн.

Эдгээр асуудлыг хэлэлцсэний дараа, Биржээр арилжсан болон экспортод гарсан ХАА-н гаралтай бараа, түүхий эдийн талаарх цахим мэдээллийг Гаалийн ерөнхий газарт тогтмол хүргүүлж байх, биржээр арилжих барааны нэр төрлийг нэмэгдүүлж, арьс ширний туршилтын арилжаа хийх, хүнсний буудай, тосны ургамал, мал арилжих ажлыг зохион байгуулах зэрэг хэдэн хэдэн чиглэлийг Хөдөө аж ахуйн биржид өглөө.

Дашрамд дурдахад, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан цагаас өнөөг хүртэлх хугацаанд нийт 834 удаагийн арилжаа зохион байгуулж, арилжааны үнийн дүн 2.8 их наяд төгрөгт хүрээд байна. Хөдөө аж ахуйн бараа түүхий эдийн бэлтгэл болон арилжааг зах зээлийн нэгдсэн зохион байгуулалтад оруулах үйл ажиллагаа нь биржийн систем юм. Бирж нь зах зээлд үнэ, чанар болон эрэлт, нийлүүлэлтийн бодит тэнцвэр буюу үнэ шударга тогтох зарчим, үнийн эрсдэлийн удирдлага, бүтээгдэхүүний хөрвөх чадварыг бий болгодог.

Categories
мэдээ нийгэм

Ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын ойчид, мод үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо хамтран “Хамтын ажиллагаа-хөгжлийн тулгуур” сэдэвт Ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн зохион байгуулж байна. Зөвлөгөөний үеэр ой, модны үйлдвэрлэлийн хөгжлийн боломж, ойн нөөц ашиглалт, модон эдлэл, тавилгын үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, тулгамдсан асуудлаа хэлэлцэж байна.

Зөвлөгөөнийг нээж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хэлсэн үгэндээ, “Бид хүчээ нэгтгэж хамтарч ажиллаж чадвал ойрын хугацаанд үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдүүлж, мод, модон эдлэл, тавилгын дотоодын хэрэгцээг бүрэн ханган, ойгоо цэвэрлэсний үр дүнд эдийн засгийн эргэлтэд оруулж, олон ажлын байр шинээр бий болгох боломж бүрэн байна” гэлээ. Тэрбээр, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, ойртон нягтарч, орчин үеийн шинэ, шинэ технологи, өндөр үр ашигтай ой, модны үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийг нийт үйлдвэрлэл эрхлэгчдэд хандан уриалсан юм.

Монгол Улсын ой, модны үйлдвэрлэлийн салбарт 450 орчим үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж, энэ салбарт 6000 гаруй хүн ажиллаж, жилдээ 220 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнээс 90 хувь нь 5-10 ажилчинтай жижиг үйлдвэр байгаа бол 10 хувь нь 30-300 хүртэлх ажилтантай дунд аж ахуйн нэгжүүд бий. Үйлдвэрлэлийн чиглэлээр нь авч үзвэл, мод бэлтгэл, зүсмэл материалын 110, барилгын модон хийцийн 24, хавтан, цул модон хийцийн 70, зөөлөн тавилгын 11, гэрийн мод, тавилгын 50, хөгжмийн зэмсгийн 6, шахмал түлшний 16 үйлдвэр, 180 мужаан цехтэй. Эдгээр үйлдвэр, цех нь мод, модон материал, тавилгын дотоодын хэрэгцээний 45 орчим хувийг хангаж байна.

1990 оноос хойш уналтад ороод байсан ой, модны үйлдвэрлэлийн салбарыг сэргээхийн тулд эрхлэгчид хамтарч ажиллан, үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр мод, модон эдлэл, тавилгын дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадна гэж ХХААХҮЯ үзэж байна. Энэ ч утгаараа өнөөдөр салбар яамнаас ой, модын үйлдвэрлэлийн хөгжлийн боломж, ойрын болон дунд хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар танилцуулга хийлээ. Тухайлбал,

Ойрын хугацаанд ойн төв замтай болж, 2018 оны 2 дугаар сард батлагдсан “Үйлдвэржилт 21:100 хөтөлбөр”-ийн хүрээнд ойн аж ахуйн цогцолборыг Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дархан-Уул аймгуудад байгуулахыг зорьж байна. Мөн модлог шахмал хавтангийн, шахмал түлшний болон мод боловсруулах жижиг үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү илтгэлдээ дурдлаа.

Авто замын ангиллаар ойн зам нь ойн санд замын сүлжээг үүсгэж, ой модны аж ахуйн хэрэгцээ шаардлагыг ханган, ойн менежментийн нэгж, ашиглагчийг ойн сангийн тодорхой хэсэгт хүргэх үүрэг бүхий зам юм. Ашиглалтын зонхилох хэлбэрээс нь хамаарч ойн замыг ойн аж ахуйн, мод тээврийн, түймрийн зэргээр ангилдаг. Ойн замын сүлжээг хөгжүүлснээр ойд явуулах аж ахуйн үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөлөл буурч, байгалийн нөөц ашиглалт сайжирч, агро-ойн аж ахуйн хөгжих нөхцөл бүрдэнэ гэж ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ч.Болдбаатар хэлж байлаа.

2017 оны байдлаар Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 12,3 сая га байгаа бол ойн сан бүхий газар 18,6 сая га талбайг эзэлж байна. Ойн нөөцийн тухайд авч үзвэл, 1,2 тэрбум шоо метр ургаа мод, 170 сая шоо метр хатсан мод, 248 сая шоо метр унанги модны нөөцтэй. Нийт нөөцийн 80,7 хувийг шинэс мод эзэлдэг. Монгол орны ой эмзэг хэдий ч сэргэн ургах чадвар сайтай. Гэтэл 1990-иэд оноос хойш төрөөс ойг зөвхөн хамгаалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж байв. Нөхөн сэргээгддэг энэхүү баялгийг зүй зохистой ашиглах нь цаг болсон.

Манай улсын хувьд модны жилийн бодит хэрэгцээ нь 3,6 сая шоо метр мод байхад одоогоор дөнгөж жилдээ 800,0 мянган шоо метр мод бэлтгэж байгаа юм. Тиймээс ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, байгаль орчинд ээлтэй технологиор ойн аж ахуйг эрхэлж, ойгоос бэлтгэх модны хэмжээг нэмэгдүүлэх бодлогыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам баримталж байна гэдгийг тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа мэдээлсэн юм.

Зөвлөгөөнд Дархан-уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод, Архангай, Булган, Завхан, Төв аймаг зэрэг 11 аймаг, нийслэлийн ой, мод, тавилгын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон төрийн болон төрийн бус байгууллагын 150 орчим төлөөлөл оролцож байна. Төлөөлөгчид салбарын тулгамдсан асуудлаа нээлттэй хэлэлцэж байгаа юм. Монголын ойчид, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооноос салбарын хэрэгжүүлэгч агентлагийг дахин байгуулах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, хоршиж хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байна гэдгээ Монголын ойчид, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны тэргүүн, Монгол Улсын зөвлөх инженер Д.Баасанбямба илэрхийллээ.

Ой, модны үйлдвэрлэл эрхлэгч компаниуд мод бэлтгэл, зүсмэл материалын үйлдвэрлэл, барилгын модон хийц, цул модон болон хавтан хийцийн тавилга, зөөлөн тавилга, модон хаалга, цонх, гэрийн мод, хөгжмийн зэмсэг, паркетан шал, дотор дизайн тохижолтын чиглэлээр төрөлжин ажиллаж байна. Тэр дундаа барилгын хаалга, гал тогооны тавилга, зөөлөн хийцийн тавилга зэрэг зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх боломж бүрджээ.

Хэрэглэгчид тавилга сонгохдоо үнэ, чанар, хэмжээ загвар, өнгө, брэндийн нэр хүнд, олон үйлдэлт ухаалаг эсэх, баталгаат хугацаа, хүргэлтийн үйлчилгээ гээд олон хүчин зүйлийг харгалзан үздэг. Тиймээс импортын тавилгатай өрсөлдөхүйц үнэ санал болгож, чанар, хийц загвартаа онцгой анхаарч, хамтарч ажиллаж чадвал Монголынхоо зах зээлд байр сууриа эзэлж, улмаар экспортод бүтээгдэхүүнээ гаргах боломжтой гэж “Бест буйдан” ХХК-ийн ерөнхий захирал Ү.Батбаяр үйлдвэрлэл эрхлэгчиддээ хандан хэллээ.

Сүүлийн жилүүдэд төр засгаас тус салбартай холбоотой “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”, “Ойн цэвэрлэгээ”, “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичиг батлан гаргаж, дотоодын зах зээлээ хамгаалах, төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэх бодлого барьж байна. 2014-2017 онуудад тус салбарын 65 иргэн, аж ахуйн нэгж байгууллага Засгийн газрын бондын хөрөнгө, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 33 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, 8 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр хийн, олон үйлдвэр техник технологио шинэчилжээ.

Цаашид Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөрийг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх, “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг зорьж байгаа юм. Түүнчлэн мод бэлтгэлийн үйлдвэрлэлд шинэ техник технологи нэвтрүүлж, ойн зам барьж байгуулан, үйлдвэрүүдийг хөнгөлөлттэй зээл, лизингийн үйлчилгээнд хамруулж, татварын бодлогоор дэмжих, төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэх зэргээр үйлдвэрлэгчдэд чиглэсэн арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Зөвлөгөөн нээлттэй хэлэлцүүлгээр үргэлжилж байгаа бөгөөд оролцогчид санал нэгдсэн асуудлаараа зөвлөмж гаргах юм.

Categories
мэдээ улс-төр

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг өргөн барив

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

УИХ-ын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичигт хувийн хэвшилд түшиглэсэн, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн тэнцвэртэй олон тулгуурт бүтцийг бий болгож, үндэсний язгуур эрх ашгийг хангах, хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологи, инновацийг дэмжих замаар ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чанарыг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилтыг тусгасан билээ.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын эдийн засгийн үр өгөөжийг сайжруулан, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг боловсронгуй болгох, эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрсний ордод түшиглэсэн цахилгаан станц барих зэрэг төслийг бодлогоор дэмжихээр заасан.

“Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор Тавантолгойн ордыг түшиглэн төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулж, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх, уг ордыг түшиглэж үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг баримтлах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулж, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авч хэрэглэх нөхцөл, болзлыг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан билээ.

Мөн тогтоолын нэгдүгээр хэсэгт Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбогдуулан “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах талаарх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх, хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан байдаг.

Түүнчлэн Улсын Их Хурлын тогтоолоор жил бүрийн улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлахдаа Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам, төмөр зам, авто зам барих асуудлуудыг тусгасаар ирсэн боловч гүйцэтгэл нь хангалтгүй байна. Тодруулбал тус ордыг түшиглэн үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн нөхцөл байдлаас үүдэн бүтээн байгуулалтын төслүүдийг ойрын үед хэрэгжүүлэх боломжгүй болж байгаагаас гадна тус ордыг ашигласнаар нийгэм, эдийн засагт үүсэх үр өгөөжийг тооцоолсон хэмжээнд хүргэж чадахгүй, экспортын орлогыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортод гаргах зорилтын хэрэгжилтийг хангаж чадахгүй байна.

Иймд “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан батлуулж, дээр дурдсан Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн хэрэгжилтийг шуурхай хангах нь зүйтэй байна гэж УИХ-ын тогтоолын төсөлд дурджээ.

“Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь 2 үндсэн заалттай бөгөөд төсөлд:

1.Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж, Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх;
2.Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
3.Дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх;
4.Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах зэрэг асуудал тусгагджээ.
Тогтоол батлагдсанаар Улсын Их Хурлаас Тавантолгойн нүүрсний орд газрыг цогцоор нь хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болох бөгөөд Тавантолгойн ордын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн эзэмшиж буй хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулах, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр шийдвэрлэх боломж бүрдэх юм.

Төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.1-д заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэх нь зүйтэй гэж Засгийн газраас үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын сайхан бүсгүй тодруулах уралдаан усны хувцастай үзүүлбэрийг хасчээ

Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулах уралдаан зохион байгуулж эхэлсний 30 жилийн ойг угтан Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зохион байгуулах гэж байна. Энэ нь Монголын сайхан бүсгүй шалгаруулах уламжлалт уралдаан эргэн ирлээ гэсэн үг. 11 жил завсарласан уг тэмцээнийг сэргээж буй зохион байгуулагчид наадмын хугацааг зарлаж, алтан эрдэнийн өргөмжлөлт бүсгүйн хүртэх титмийг танилцууллаа.

Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдааны болон бусад ижил төстэй уралдааны хүрээнд нэгэн чухал өөрчлөлт, шинэчлэлтийг авчирчээ. Энэ нь “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмаас эхлэн уралдааны шалгуурын нэгэн төрөл болох “Усны хувцастай гараа”-г бүрэн халах шийдвэр юм. Эмэгтэй хүний эрхэмсэг нандин гоо байдлыг хадгалж, гадаад өнгө үзэмж, хэлбэр байдалд бус бүсгүйчүүдийн мэдлэг боловсрол, дотоод мөн чанар, хүмүүнлэг, цогц сайхан байдлыг тодотгон ирсэн уламжлалт уралдааны нэр хүндэд дээрх өөрчлөлтийг нийцнэ гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж. Энэ нь ч оролцогч охид, үзэгч, дэмжигчдэд таалагдаж байгаа нь гарцаагүй. Ирээдүйн эмч, багш, удирдагч, манлайлагч, ирээдүйн ээж болох охид, бүсгүйчүүдийг усны хувцастай дүр төрхтэйгөөр нийтэд таниулж үлдээхээс орчин үеийн ижил төрлийн уралдаанууд татгалзах болсныг Монголын “Хатан эрдэнэ” холбоо дэмжин, ийм шийдвэр гаргасан байна. Тухайлбал, АНУ өнгөрсөн жилээс мөн гоо бүсгүйн уралдааныхаа усны хувцастай үзүүлбэрийг хассан билээ.

ГОО САЙХНЫ ТЭРГҮҮН НААДМЫН УРИАЛГА

Зөв бодол
Зөв үг
Зөв үйлдэл
Зөв хандлага

Өв тэгш хойч ирээдүй, төв тэгш бүсгүйчүүдийг нээн, уг наадмаар дамжуулан төлөвшүүлэх. Бүсгүй хүний нандин, ухаалаг, нинжин сэтгэлийг гоо үзэсгэлэн, мэдлэг боловсролтой хослуулан хөгжүүлэхийг хүсдэг Монголын охид, бүсгүйчүүдийг нэгтгэн, тэдний оюун билэг, авьяас чадварыг таниулан, нийгэмд байр суурь эзлэхэд нь хөшүүрэг болох, алдаршуулах, хүмүүнлэг үйлсэд дуу хоолойгоо өргөхөд нь дэмжлэг болохыг зорьжээ.

“МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ” УРАЛДААН ЯМАР ТҮҮХТЭЙ ВЭ?

Анхны уралдааныг 1989 онд зохион байгуулсан. Анхны сайхан бүсгүйгээр Н.Биндэрьяа тодорч байв. “Монголын сайхан бүсгүй” уралдаан нь гоо зүй, загвар, урлаг соёлын хүрээнд хамгийн нэр хүнд бүхий улсын чанартай уралдаан байж ирсэн. Тус уралдааны оролцогч бүсгүйчүүд өдгөө Монголын улс төр, нийгэм, соёл боловсрол, бизнес, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт манлайлж, үлгэр жишээ болж яваа нь энэхүү наадмын цар хүрээ, үнэ цэнийг илтгэдэг. 2007 оны Монголын сайхан бүсгүй шалгаруулах 14 дэх удаагийн наадмаас хойш уралдааныг түр завсарласан бөгөөд энэ оноос дахин сэргээн зохион байгуулж байна.

АЛТАН ЭРДЭНИЙН ӨРГӨМЖЛӨЛТ, МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙЧҮҮД

1989 он Г.Биндэрьяа (Улаанбаатар хот)
1990 он Н.Мөнхцэцэг (Улаанбаатар хот)
1991 он Ч.Мичидмаа (Улаанбаатар хот)
1992 он Ч.Чулуун-Эрдэнэ (Улаанбаатар хот)
1993 он Ц.Сарантуяа (Дархан-Уул аймаг)
1994 он О.Оюунтуяа (Дархан-Уул аймаг)
1995 он С.Бүрэнжаргал (Дархан-Уул аймаг)
1997 он Б.Түмэнхүслэн (Улаанбаатар хот)
1998 он Ц.Сансармаа (Улаанбаатар хот)
2001 он Ё.Нямжав (Завхан аймаг)
2002 он Д.Уянгалянхуа (Увс аймаг)
2003 он П.Ариунбилэг (Улаанбаатар хот)
2004 он А.Сарнай (Булган аймаг)
2007 он Г.Гантуяа (Орхон аймаг)

Монголын сайхан бүсгүй тодруулах уралдаан усны хувцастай үзүүлбэрээс татгалзжээ

ИЖИЛ ТӨРЛИЙН ШАЛГАРУУЛАЛТААС ЯМАР ЯЛГААТАЙ ВЭ?

Монголын анхны гоо сайхны наадам. Сайхан гэдэг үгээр дотоод агуулга, гадаад хэлбэр хоорондын зохистой нийлэмжийг илэрхийлдэг. Тийм ч болохоор уралдааныг онцлог, уламжлалынх нь дагуу гадаад үг хэллэг, илэрхийллээс татгалзах хэлбэрээр нэршиж байгаа. Монголын охид, бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн, оюун билэг, авьяас, нийгэмд нөлөөлөх давуу талыг нээн дэмжихэд зохион байгуулагчдын зүгээс анхаарал хандуулна. Бүсгүйчүүдийн өв тэгш байдал, хүмүүжил, төлөвшилд бодлогоор дэмжлэг үзүүлдэг. Ирээдүйн ээж, эмч, багш, удирдагч болох эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийг хүмүүнлэгийн үйлсэд нэгтгэн, тэднийг нийгэмд үлгэр жишээ үзүүлэх хөтөлбөрт хамруулахаараа ач холбогдолтой. Бүсгүй хүн бүр хүмүүнлэг нийгмийн элч, түүчээ байдаг билээ.

ЕСӨН ЭРДЭНИЙН ӨРГӨМЖЛӨЛ ЭРГЭН ИРЛЭЭ

“Монголын сайхан бүсгүй-2018” тэргүүн наадмын явцад Оюунлаг, Хүмүүнлэг, Авьяаслаг номинацийн эздийг шалгаруулна. Төгсгөлийн шатны шалгаруулалтад есөн эрдэнийн өргөмжлөлт бүсгүйчүүд тодорно.

АЛТАН ЭРДЭНЭ: Тэргүүн байрын эзэн “Алтан Эрдэнэ”-ийн өргөмжлөл, мөнгөн титэм, эрдэнийн шигтгээт “Мөнгөн Од”, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал.

МӨНГӨН ЭРДЭНЭ: Дэд байр буюу “Мөнгөн Эрдэнэ”-ийн өргөмжлөл, шигтгээт мөнгөн титэм, эрдэнийн шигтгээт “Мөнгөн од” , 10 сая төгрөгийн мөнгөн шагнал.
ЗЭС, ШҮР, СУВД, ОЮУ, НОМИН, ТАНА, ГАН эрдэнийн өргөмжлөлт сайхан бүсгүйчүүд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэнэ.

МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ ТОДРОХ ӨДӨР

Финалын шалгаруулалт 2018 оны зургадугаар сарын 30-ны 18:00 цагт “Зайсан хилл” цогцолборт болно. Наадмын тасалбарын орлого “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн “Монгол өв, соёл, гэр” төсөлд зориулагдана.

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН “ХАТАН ЭРДЭНЭ” ХОЛБОО

Энэхүү наадмын Ерөнхий зохион байгуулагч Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбоо 1992 онд байгуулагдсан. Эх хүн, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, оюун билгийг дээдэлж ирсэн монгол уламжлалыг сэргээн хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой. Холбооны ерөнхийлөгч Д.Энхсайхан. Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдааныг анх санаачилсан, гол зохион байгуулагч. Өнгөрсөн хугацаанд “Miss World University” уралдааны анхны шагналын цом, Олон улсын шүүгчийн анхны цом, Олон Улсын Соёлын холбооны Энх тайваны шагналыг тус тус хүртсэн.

Холбооны үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь хүүхэд, эхчүүд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэдний эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, орон гэргүй, сургууль завсардсан хүүхэд, асрамжийн газар, Эх нялхсын эрүүл мэндийн төвд тусламж дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласаар ирсэн. Цаашид ч энэ санаачилгууд үргэлжилсээр байх болно. Улирал бүр хүмүүнлэгийн үйлс өрнүүлдэг уламжлалтай. “Монголын сайхан бүсгүй-2018” тэргүүн наадмын хүрээнд мөн хэд хэдэн хүмүүнлэгийн болон нийгэмд тустай ажлуудыг хийхээр төлөвлөсөн ба тэдгээр нь бидний хойч ирээдүй болсон хүүхдүүдэд Монголын уламжлалт өв соёлыг уламжлуулан өвлүүлэх, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд чиглэсэн санаачилга, төслүүд байх болно.

Categories
мэдээ нийгэм

700 орчим өрх ипотекийн зээлд хамрагджээ

Монгол банкнаас мэдээлснээр, өнгөрсөн сард 700 орчим зээлдэгч ипотекийн зээлд хамрагджээ. Засгийн газраас тавдугаар сард ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрт 436 зээлд 30.15 тэрбум төгрөг олгоод байна. Тэгвэл Монголбанкнаас 248 зээл 16.3 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгосон аж.

Categories
мэдээ нийгэм

Монголчууд ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт ордог

Монгол-Солонгосын эмч нарын хамтарсан ходоодны хорт хавдрын тухай олон улсын хоёр дахь удаагийн хурлыг энэ сарын 23-ны өдөр Чингис зочид буудалд зохион байгуулахаар болжээ. Хуралд БНСУ-ын Ходоодны хорт хавдрын холбооны тэргүүлэх профессор, Сөүлийн их сургуулийн мэс заслын тэнхимийн профессорууд оролцох юм байна.

Монголчууд ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт, нас баралтын тоогоор нэгдүгээрт орж байна. 2017 оны байдлаар энэ төрлийн өвчлөлийн 890 шинэ тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн хугацаанд тус 890 хүний 600 гаруй нь энэ өвчний улмаас нас барсан байна. Энэ тоо жил тусам өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Тиймээс Хавдар судлалын үндэсний төвөөс ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн ажлыг зохион байгуулж уг ажилд чиглэсэн тодорхой хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг ходоодын хавдартай тэмцэх ажлаар үргэлжүүлэхээр ажиллаж байгаа юм байна. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний хавдрыг эрт илрүүлэх, вирусын эмийг нь өгөх, элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо хийдэг болсон. Тэгвэл “Элэг бүтэн Монгол хөтөлбөр” ходоодны хорт хавдартай тэмцэх ажлаар үргэлжилж байгаа нь энэ аж.

Уг ажлын хүрээнд Монгол-Солонгосын эмч нарын хамтарсан ходоодны хорт хавдрын тухай олон улсын хоёр дахь удаагийн хурлыг энэ сарын 23-ны өдөр Чингис зочид буудалд зохион байгуулахаар болжээ. Энэ хуралд БНСУ-ын Ходоодны хорт хавдрын холбооны тэргүүлэх профессор, Сөүлийн их сургуулийн мэс заслын тэнхимийн профессорууд оролцож, тус улсын ходоодны хорт хавдартай тэмцсэн туршлагаас хуваалцаж, уг өвчний орчин үеийн менежментийн чиг хандлага, мэс заслын орчин үеийн арга техникүүдийг танилцуулцах юм байна. Мөн Монгол улсын тэргүүлэх эмч мэргэжилтнүүд болон судлаачид эмч нар оролцож өөрсдийн мэдлэг туршлагаас хуваалцах аж.

Түүнчлэн ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн ач холбогдол, урьдчилан сэргийлэлт, урьдал өвчний оношилгоо эмчилгээний арга, хожуу шатны хорт хавдар өвчтэй өвчтөнд энтерал ба парентерал тэжээлийг хэрэглэх нь зэрэг чухал сэдвүүдийг хөндөх бөгөөд нэг ба хоёрдугаар шатлалын эмч нарт зориулсан тусгай сургалтыг зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Дарь-Эхийн уулзвараас Ганц худаг, Цагаан даваа чиглэлд 3 км авто замыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн авто замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн гол гудамж, замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил ид өрнөж байна. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын гадна тойруугийн авто замын сүлжээг хэсэгчлэн гүйцэтгэж байгаа юм. Энэхүү ажлын 4-р хэсэг болох Дарь-Эхийн уулзвараас Ганц худаг, Цагаан даваа чиглэлд 3 км авто зам барих ажил амжилттай хэрэгжиж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр, УБЗЗАГ-ын дарга Ж.Чинзориг болон холбогдох албаны хүмүүс, тухайн хэсгийн оршин суугчид оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлүүлсэн. Ингэснээр бид хамгийн эхний замын бүтээн байгуулалтын ажлыг тавдугаар сарын эхээр хүлээн авч байсан. Урд нь зам, барилгын ажлыг намар 9, 10 дугаар саруудад цас орж байгаатай зэрэгцэн дуусгаж, хүлээлгэн авдаг байсан. Бид урин дулаан цагийг ашиглаж, бүтээн байгуулалтын ажлыг хурдан явуулах зорилго тавин, хоёрдугаар сард тэндэрээ зарлаад, дөрөвдүгээр сард дүгнэж, наадмын өмнө гол зам, барилгуудаа хүлээж авна гэсэн зарчим барьж ажиллаж байгаа.

Нийслэлийн Засаг даргын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гадна тойруугийн зам барина гэж тусгагдсан байгаа. Гадна тойруугийн хамгийн ачаалалтай зам нь Дарь-Эхийн уулзвараас Ганц худаг, Цагаан даваа чиглэл. Бид хотын баруун хойд талаас зүүн хойд тал руу явахын тулд төвийн замыг сонгон явдаг байсан бол гадна тойруугийн зам ашиглалтад орсноор ачааллыг өөр дээрээ авах болно. Энэ зам бүтэн ашиглалтад орох нь Сэлбэ гол дээгүүр барьж буй гүүрээс хамаарна. Гүүрийн ажил үндсэндээ дууссан. Хайлааст, Дарь-Эхийн уулзварыг холбох хоёр талын газар чөлөөлөлтийн ажил удаашралтай байгаа ч наадмын өмнө чөлөөлж дуусгана.

Түүнчлэн Улаанбаатар хотыг дайран өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг шулуун гаргадаг хурдны замууд шаардлагатай байгаа. Үүнийг хийхээр төлөвлөж байна. Мөн хотын дундуур өнгөрч байгаа төмөр замыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал байна. Ажлын хэсэг төмөр замын доогуур гүүрэн гарц хийхээр төлөвлөж байна. Зөвхөн жижиг авто машин бус автобус, том оврын авто машин явах боломжтой иж бүрэн инженерийн байгууламж барих бодолтой байгаа. Бидний судалгаагаар 13 хэсэгт ийм гүүрэн гарц хийж болохоор байгаа юм. Эхний ээлжинд 3-4 гүүрэн гарцын ажлыг энэ намраас эхлүүлье гэж төлөвлөж байна” хэмээлээ.

Өнөөдрийн нээж байгаа зам НАЗХГ-ын захиалгаар УБЗЗАГ хийж гүйцэтгэжээ. Нийтдээ 3 км урт, зорчих хэсгийн урт нь 7 метр, хоёр талаараа явган хүний замтай юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор өчигдөр Батлан хамгаалах салбарын хоёр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ.

Тодруулбал Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулан таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан. Ажлын хэсгээс Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 28, дагалдах төслийн талаар нэг, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар 20, хамт өргөн баригдсан бусад төслүүдийн талаар 2 саналын томъёолол бэлтгэсэн байна.
Хууль ердийн журмаар хэрэгжих бөгөөд улсын төсөвт ачаалал дарамт учруулахаар хүндрэлтэй асуудал байхгүй. Гэхдээ батлан хамгаалах салбарын төсөв хөрөнгө тун хангалтгүй байгааг гишүүд ойлгож байгаа байх. Одоогоор энэ салбарт тайван цагийн орон тооны хангалт 60-70 хувьтай байгаа гэдгийг Н.Энхболд гишүүн танилцуулав.

Салбарын хоёр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хороо хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтжээ.

Мөн хуралдаанаар Байнгын хорооны хуралдаанаар “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрөхөөр дэмжлээ.

Categories
мэдээ улс-төр

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2018 оны зургадугаар сарын 19-ний өдөр Швейцарийн Холбооны Ерөнхийлөгч Алэйн Бэрсэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч А.Бэрсэ Элчин сайд Л.Пүрэвсүрэнг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч А.Бэрсэ үүрэгт ажилдаа орж буйд нь Элчин сайдад баяр хүргээд Швейцарь, Монголын хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай буйгаа илэрхийлээд цаашид улс төр, эдийн засаг, санхүү зэрэг бүхий салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа нотлов.
Элчин сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсын хувьд Швейцарь нь эртнээс хөгжлийн загвар болж ирснийг тэмдэглэж, хоёр улсын харилцаанд онцлог жил болж байгаа, тухайлбал өнгөрсөн 4 дүгээр сард Швейцарийн Гадаад хэргийн сайд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийснийг онцлов. Монгол, Швейцарийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт өргөжүүлэх, ялангуяа Швейцарийн боловсрол, технологийн бодлогын салбарыг онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн талууд яриа хэлэлцээг өндөр дээд түвшинд үргэлжлүүлж, айлчлалын давтамжийг хадгалах, Гадаад хэргийн яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, мөн бүс нутаг, олон улсын түвшинд хамтран ажиллах талаар санал солилцов.
Швейцарийн Холбооны Улс нь сүүлийн 500 гаруй жилийн хугацаанд төвийг сахих бодлого баримталж аливаа зэвсэгт мөргөлдөөнд оролцоогүй бөгөөд өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлдэг. Монгол Улс Швейцарь Улстай 1964 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад (I) хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, (II) техник мэргэжлийн сургалт, (III) сайн засаглал гэсэн 3 үндсэн чиглэлээр 2021 он хүртэл төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм. 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчиж байна. Мөн энгийн паспорт эзэмшигч Монгол иргэдэд 3-5 жилийн хугацаатай олон удаагийн виз олгох асуудлыг тохиролцсон.

Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 21-нд болох үйл явдал

08.00 цагт ИНЕГ-т автомат, /агаарын/ ажиглалтын “ADS-B” системийг нэвтрүүлэх нээлтийн ёслол болно. Ази, Номхон далайн бүсийн орнуудаас Монгол Улс уг системийг нэвтрүүлсэн анхны орон болох юм. Утас:91912343

08.00 цагт ХНХЯ-ны гадна талбайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос С.Чинзориг сайдыг огцрохыг шаардаж, эсэргүүцлийн суулт хийнэ.

09.00 цагт “Баянгол” ресторанд “Сувилахуйн боловсролын талаар баримтлах бодлого, агуулга, арга зүйн шинэчлэл” сувилахуйн багш нарын анхдугаар чуулган болно.

09.30 цагт “Корпорэйт Конвеншн Центр”-т Монгол Улсад хөдөө аж ахуйн эдийн засгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн хурал болно.

11.00 цагт БОАЖЯ-нд Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар болон Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас:99153766

11.00 цагт “Blue Mon” төвд “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

13.30 цагт “Хөвсгөл” зочид буудалд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв болон БНСУ-ын Дэжон хотын Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх институтийн хамтын ажиллагааны 10 жилийн ойн баярын хурал болно.

14.00 цагт “Туушин” зочид буудалд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ-ын Сангийн сайд нарын “Их түмэн хөтөлбөр” зөвлөлдөх уулзалт болно.14.00 цагт ХНХЯ-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор “Түгээмэл хөгжил” төвөөс Улаанбаатар-Төв-Дундговь-Өмнөговь аймаг чиглэлийн “TRY MONGOLIA 2018” нөлөөллийн аялалын хаалтын ёслол болно.

Төрийн ордонд

УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар УИХ-ын даргад “Эрдэнэс-Тавантолгой” төслийг өргөн барина. Утас: 99089666

13.00 цагт Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахуун худалдагчид иргэдийг хохироож байгаа талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Оюутолгойг шалгах ажлын хэсгийн зарим гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.