Categories
мэдээ спорт

К.Роналдо мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхлэлээ

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий В хэсгийн Португал, Мароккогийн тоглолт Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатарын цагаар оройн 20 цагт болж, дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдо дөрөв дэх минутад хожлын гоолыг орууллаа. Ийнхүү К.Роналдо ДАШТ-д нийт дөрвөн гоол оруулснаар мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Түүний араас ОХУ-ын Артем Дзюба 3 гоолтой жагсаж байгаа.

Тэрбээр ийнхүү багтаа чухал гурван оноог авчирч чадлаа. Марокко энэ тоглолтоос заавал оноо авах даалгавартай байсан боловч Португалын эсрэг юу ч хийж чадсангүй. Тоглолт цор ганц гоолоор өндөрлөсөн.

Хэсгийн эхний тоглолтод Испанитай 3:3-аар тэнцэж, нэг оноо авсан Португалын шигшээ баг дөрвөн оноотой болсноор хэсэгтээ хоёрт бичигдлээ. Португалчууд хэсгийн сүүлийн тоглолтоо зургадугаар сарын 25-д Ирантай хийнэ.

Categories
мэдээ нийгэм

“Ногоон паспорт” аяны манлайлагчдыг тодрууллаа

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Хандлагаа өөрчилье” санаачилга гаргаж, нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн Эко клубын сурагчдын дунд “Ногоон паспорт” аян өрнүүлсэн. Өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн уг аяны явцад сурагчдын дунд олон нийтэд байгаль орчны мэдээлэл түгээх видео бичлэг хийх, Эко клубын багш нарын дунд шилдгийн шилдгийг шалгаруулах уралдаан зарласан. Энэхүү уралдааны шилдгүүдийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр хүлээн авч, шагналыг нь гардууллаа.

Олон нийтэд байгаль орчны мэдээлэл түгээх видео бичлэгийн уралдааны I байрт Нийслэлийн 52-р сургуулийн эко клубын сурагчид “Баатар” нэртэй бүтээлээрээ тэргүүлж, 1.000.000 төгрөг, өргөмжлөл. II байрт 15-р сургуулийн эко клубын сурагчид “Лаа асаах мөрөөр” бүтээлээрээ шалгарч, 800.000 төгрөг, өргөмжлөл. III байрт 29-р тусгай дунд сургуулийн эко клубынхэн “Байгаль дэлхийгээ хайрлая” бүтээлээрээ шалгарч, 500.000 төгрөг, өргөмжлөлөөр тус тус шагнуулсан юм.

С.Ариунсайхан: “Ногоон паспорт” аяны үр дүнд манай ангийн хөвгүүд цэцэг тарьж эхэлсэн шүү

Энэ үеэр II байрт шалгарсан 15-дугаар сургуулийн эко клубын ахлагч С.Ариусайхан “Бид уралдаанд сойсон бүтээлээрээ иргэд хогоо ангилж хаяахад юу дутагдалтай байна вэ гэдэг сэдвийг хөндөхийг зорьсон. Ингэхийн тулд маш олон судалгаа хийх явцдаа манай улсад хог дахин боловсруулах үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлагатай юм байна. Хэрэв энэ үйлдвэрийг байгуулж чадвал иргэд хогоо ангилна гэдэг санааг гаргасан. “Ногоон паспорт” аяныг санаачилсан БОАЖЯ-ныхандаа талархал илэрхийлж байна. Энэ аян хэрэгжсэнээр сурагчдын дунд маш их эерэг хандлага гарч байгаа. Би өөрийнхөө ангийн жишээн дээр л хэлэхэд манай ангийн хөвгүүд цэцэг тарьж, түүнийгээ арчилж сурахаас гадна усаа гамнах, байгалиа хамгаалах зөв хандлагатай болж байгаа” гэлээ.

Харин Эко клубын шилдгийн шилдэг багш шалгаруулах уралдаанд 10 багш шалгарсан юм. 29 дүгээр сургуулийн Эко клубын багш Ц.Эрдэнэтуяа гадаадад аялах эрхийн бичгээр шагнуулсан бол 60,127, 34, 17, 119, 12, Амгалан цогцолбор, Эрдмийн өргөө сургуулийн эко клубын 9 багш дотоодынхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялах эрхээр шагнуулсан юм.

М.Ариунжаргал: Сурагчид маань ногоон паспортоо идэвхтэй хөтөлж байгаа

Энэ үеэр Амгалан цогцолбор сургуулийн Эко клубын багш М.Ариунжаргал “Манай сургуулийн Эко клуб 3 багштайгаас өнөөдөр 2 нь шилдэг багшаар шалгарсанд баяртай байна. “Ногоон паспорт” аяныг санаачлагч БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас энэхүү шагналаа гардсандаа үнэхээр сэтгэл хангалуун байна. Энэ аяныг цаг үеэ олсон үр өгөөжтжй аян гэж харж байгаа. Манай сургуулийн сурагчид энэхүү аяныг маш таатай хүлээж авсан. Эко клубын сурагчдаас гадна бусад сурагч ногоон паспорт эзэмших сонирхолтойгоо илэрхийлж байна. Ногоон паспорт эзэмшигч сурагчид маань маш үр дүнтэй хөтөлж байгаа. Хүүхдүүдийг багаас нь байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах үйлсэд уриалж, тэднээр дамжуулж нийгмээ өөрчлөхөөр хичээж байгаа байгаль орчны яамныхандаа талархал илэрхийлье” хэмээсэн юм.

Н.Цэрэнбат: Ногоон паспорт аяны үр дүнд 2030 оноос эхлэн хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгальд учирдаг хохирлын хэмжээг жилд 12 сая ам.доллараар хэмнэх тооцоо гаргасан

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат уралдаанд оролцож, шагнал гардагсдад баяр хүргээд “Ногоон паспорт аян маань байгаль дэлхийгээ хамгаалах томоохон ажлын эхлэл гэж би харж байгаа. Энэхүү аянд идэвхтэй оролцож, үе тэнгийнхнээ манлайлсан сурагчдадаа баяр хүргэе. Та бүхэн бол Монголын ирээдүй. Монголын ирээдүйг бэлтгэж байгаа багш нар маань энэ аяныг сайшаалтайгаар хүлээн авч, эко клубээ идэвхижүүлэн сурагчдаа манлайлан оролцсонд талархаж, баяр хүргэе. Ирээдүй хойчоосой зээлж хэрэглэж байгаа байгалийн баялгаа хойч үедээ үлдээх зорилготой “Ногоон паспорт” аяныг санаачилсан. “Ногоон паспорт” эзэшиж байгаа сурагчдаар дамжуулан байгалиа хамгаалах уриалга дэвшүүлснээр бид 2030 он гэхэд хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгаль орчинд учирдаг хохирлын хэмжээг жилд 12 сая ам.доллараар хэмнэх тооцоо гаргасан” хэмээлээ.

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын Эко клубынхны дунд зарласан “Ногоон паспорт” аян ийнхүү өндөрлөж байгаа юм. Ирэх 9 дүгээр сарын 1-нээс эхлэн “Ногоон паспорт” аяныг орон даяар зарлах юм.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний бөхийн дүрмийг шинэчлэн баталлаа

Улсын их баяр наадам болоход 20 хоногийн хугацаа үлдээд байгаа энэ үед Засгийн газрын хуралдаанаар өчигдөр Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг шинэчлэн баталжээ.

Дүрмийн шинэчлэл нь бөхийн барилдааныг оновчтой зохион байгуулах, үүсэх маргааныг шийдвэрлэх, дүрмийг нэг мөр хэрэгжүүлэх зорилготой юм. Үндэсний бөхийн холбооноос энэ талаарх мэдээллийг ирэх долоо хоногт өгөх юм байна. Сүүлийн үед бөхийн холбооны маргаанаас гадна хориотой бодис хэрэглэсэн (допинг) бөхчүүдийг наадмын барилдаанд барилдуулахгүй болсон шийдвэрийг Бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлаас гаргасан.

Харин өчигдөр допингийн шинжилгээтэй холбоотойгоор дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх Авлигатай тэмцэх газар хандаад байгаа билээ. Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмээс хүргэж байна.
Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахад Үндэсний их баяр наадмын тухай хууль болон энэхүү дүрмийг мөрдөнө.
1.2. Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахдаа бөхийн гараа, бөхийг цоллох ёсон, барилдаан болон барилдааны дараахь ёсон, жаяг дэгийн баг (хөлийн цэц, засуул, гарын даа, тайлбарлагч)-ийн гишүүд, бөхийн эрх, үүрэг, цээр болон энэ дүрэмд тусгаагүй барилдаантай холбогдох бусад асуудлыг Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс баталсан ‘Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм’, түүнийг хэрэгжүүлэх заавар, бөхийн өмсгөлийн шаардлагыг баримтална.

Хоёр. Бөхийн барилдааны салбар хороо
2.1. Улсын наадмын үндэсний бөхийн барилдааныг Бөхийн барилдааны салбар хороо (цаашид ‘салбар хороо’ гэх) хариуцан зохион байгуулна.
2.2. Салбар хорооны бүрэлдэхүүнийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо (цаашид ‘Хороо’ гэх) батална.

Гурав. Бөхийг бүртгэх, эрэмбэлэх
3.1. Үндэсний их баяр наадамд барилдах бөхчүүдийн бүртгэлийг гарын даа нар баяр наадам болохоос хоёр хоногийн өмнө эхэлж, баяр наадмын өмнөх өдрийн 18.00 цагт дуусгана.(Энэ заалтыг 2009-06-10-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан).

3.2. Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд ослын даатгалд даатгуулсан, 18-аас дээш насны бөхийг барилдуулна./ЗГ-ын 2012-06-25-ны 2112 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан/

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийг дэлгэнэ

Чойжин ламын сүм музей нь 2011 оноос жил бүр “Шөнийн музей” үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.Өнгөрсөн хугацаанд “Хөсөгтөн хамтлаг”, “Морин хуурын чуулга”, “Улаанбаатар чуулга” зэрэг байгууллагууд өвөрмөц үзвэрийн арга хэмжээнд оролцож өөрсдийн бүтээлээ түгээж байлаа.Энэ жил тус музейн зүгээс “Шөнийн музей–Colors of Mongolia” үйл ажиллагааг 2018 оны 07 сарын 04, 05-ны өдрүүдэд 20:30 – 00:00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.

Энэ үеэр Монголын түүх, соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөгөөс сонирхохын зэрэгцээ зөвхөн энэхүү үйл ажиллагаанд тусгайлан зориулж дэлгэсэн “Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд”-ийг үзэж мэлмийгээ баясгах боломжтой юм.

Мөн өнөөдөр “Чойжин ламын сүм” байгуулагдсаны 110 жилийн ойд зориулсан “Монгол төрийн сахиусны өргөө” үзэсгэлэн Blue Mon галарейд нээгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Т.Артаг, Ж.Даваажав агсны хөшөөг босгоно

Монгол Улсын тамирчид олимпийн наадмаас анхны медаль хүртсэний түүхт 50 жил, олимпийн анхны аварга төрсний 10 жилийн ойг тохиолдуулан Монголын олимпийн медальтнуудын холбоо /МОМХ/-ноос лхагва гарагт МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Монгол Улсын баг тамирчид 1968 оны Мехикогийн олимпийн наадмаас эхлэн өнгөрсөн 50 жилийн хугацаанд зуны олимпийн наадмаас 25 тамирчин 26 медалийг аваад байгаа билээ.

Энэхүү түүх ойг тэмдэглэхтэй холбогдуулан МОМХ-ноос олимпийн анхны медальтнуудын нэг Мехикогийн олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын өсөх идэр начин Төмөрийн Артаг агсны хөшөө болон 1980 оны Москвагийн зуны олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Жамцын Даваажав агсны гэрэлт хөшөөг төрсөн нутагт нь босгохоор болжээ.

Хөшөөг нь босгох энэ тамирчдын төрөлх нутаг болох Увс, Булган аймгийн Засаг дарга нар, ИТХ-ын дарга, тухайн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандаад байгаа гэж МҮМХ-ны нарийн бичгийн дарга, “Барселон-1992” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Баярсайхан энэ үеэр мэдээллээ.

Хэвлэлийн бага хуралд Т.Артаг агсны гэргий Д,Баярлах, Ж.Даваажав агсны төрөлх нутаг Булган аймгийн Тэшиг сумын Нутгийн зөьлөлийн гүйцэтгэх захирал Г.Эрхэмбаяр нар оролцлоо.

МОМХ-ноос Монгол Улсын тамирчид олимпийн наадмаас анхлан медаль хүртсэний түүхт 50 жилийн ой, анхны олимпийн аваргууд төрсний 10 жилийн ойн хүрээнд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, цэвэр мөнгөн зоос гаргах, олимпийн медальт тамирчдын болон түүхт ойд зориулсан цуврал марк гаргах, олимп, дэлхийн медальтнуудын тухай ном гаргах, мөн баримтат кино болон ТВ нэвтрүүлэг, шторк хийхээр ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Опра Уинфри дэлхийн тэргүүн баяны жагсаалтад багтлаа

Америкийн телевизийн хөтлөгч Опра Уинфри дэлхийн 500 тэргүүн баяны жагсаалтад бичигдлээ. Bloomberg агентлагийн гаргадаг жагсаалт тэрээр 494-т оржээ. Мөн Уинфри энэ жагсаалтад багтсан анхны өнгөт арьст эмэгтэй болжээ. Түүний хөрөнгийг 4 тэрбум ам.доллар гэж үнэлсэн ба хөрөнгө нь өнгөрсөн онд $427 саяар нэмэгдсэн байна. Weight Watchers компаний хувьцаа нь дээрх ашгийг өгсөн бөгөөд тэрбээр уг компаний 10 хувийг эзэмшихийн зэрэгцээ захирлуудын зөвлөлд нь багтдаг юм.

Bloomberg агентлагийн тэргүүн 500 баяны жагсаалтад 65 эмэгтэй багтаж байгаагийн зургаа нь бизнес эрхлэгч байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аян орон даяар эхэллээ

Зуны улирлын зугаалга, аялах эхэлж буйтай холбогдуулан орон нутгийн замд зам тээврийн осол, хэрэг, түүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах, урьдчилан сэргийлэх зорилгоор дөрвөн сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж буй “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны нээлтийн өдөрлөгийг өнөөдөр Драгон авто вокзалд зохион байгуулж байна.

Тус аяныг ХЗДХЯ, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Замын цагдаагийн алба болон НЭМҮТ, Улаан загалмайн нийгэмлэг, авто машин сонирхогч залуус, клубууд хамтран “ОСОЛГҮЙ ОРОН НУТГИЙН ЗАМ” уриан дор хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг нээж Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл хэлэхдээ “Жил бүр 6-10 дугаар сарын хооронд амралт, аялал зугаалгын цаг эхэлж, иргэд гэр бүлийнхээ хамтаар хөдөө, орон нутгийг ихээр зорьдог. Энэ үед орон нутгийн замд гарах осол, хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох байгууллагууд хамтран өнөөдрөөс эхлэн 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл энэхүү аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд бид урьдчилан сэргийлэх олон төрлийн ажил, арга хэмжээ, хяналт шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ч иргэдийн үүрэг оролцоо маш чухал юм. Жолооч та хөдөлгөөнд оролцохдоо хайртай хүмүүсийнхээ амь насыг атгаж яваа гэдгээ байнга санаж, Замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцоорой” гэж онцоллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд иргэд, олон нийтэд зориулсан олон төрлийн сургалт, арга хэмжээ болж үзэсгэлэн үзүүлж байна. Мөн аяны хугацаанд зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, энэ чиглэлд тэдний анхаарлыг хандуулах зорилгоор ноцтой болон хүний амь нас хохирсон зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн цувааг нийслэлийн төв зам буюу Энхтайвны өргөн чөлөөгөөр явуулах юм. Энэ аяны нээлтийн ажиллагаа улс орон даяар нэгэн зэрэг эхэлж байгаа юм.
Categories
мэдээ улс-төр

​​УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Засгийн газрын шийдвэрийг шүүгч хянаад танил талын захиалгаар шийдвэр гаргадаг болсон байна

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 09 дүгээр дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд Зөрчлийн тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлэхдээ “Эрүүгийн хууль, зөрчлийн хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулан ажиллаад өнөөдөр яамд руу санал авахаар явууллаа. Намайг хуулийн яаманд очоод С.Зоригийн хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг яриад өөр ажил хийхгүй байна гэж зарим хүмүүс яриад байгаа. Хуулийн яаманд зөндөө ажил болж байна. Энэ хоёр хууль хэрэгжиж эхлээд нэг жил ч хүрээгүй. Нэг жилийн хугацаанд ийм дайны хуулийн согог гарч ирдэггүй. Хоёр, гурван жил болж байж согог бүрэн хэмжээгээр гарч ирж шинэчлэгддэг. Батласан хууль амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг тодорхой хугацаанд ажиглах хэрэгтэй. Гишүүд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны хуулинд өөрчлөлт оруулах заалтын талаар сайн муу олон зүйл ярьж байна. Нэг талаас зөв. Нөгөө талаас яагаад ийм оруулж ирэв гэдгийг бодоорой. Захиргааны шүүхийг би 2004 онд батлуулсан. 2006 онд хэрэгжилтийг нь эхлүүлсэн. 21 аймагт давж заалдах Захиргааны шүүх байгуулж өгсөн. Би энэ шүүхийг байгуулахдаа шийдвэртэй арга хэмжээ авах байх гэж горьдож байсан. Өнөөдөр хэрэг явдал биш болсон байна. Бодсоны эсрэг ажилдаг шүүх болсон байна. Засгийн газрын оруулж ирсэн санал нь хэт өргөн болсон бол нарийн болгох эрх их хурлын гишүүдэд бий. Засгийн газрын шийдвэрийг шүүгч хянаад танил талын захиалгаар шийдвэр гаргадаг болсон байна. Үндсэн хуулинд Засгийн газрын шийдвэрийг Засгийн газар өөрөө эсвэл Их хурал хүчингүй болгоно гээд заачихсан байдаг. Засгийн газрын шийдвэрийг шүүдэг өөр газар байдаггүй. Цэц гэдэг Үндсэн хуулийг манаад сууж байгаа шүүх. Захиргааны шүүхэд Засгийн газрын шийдвэрийг харъяалуулаагүй. 2005 онд гомдол гараад цэц хуралдаж Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй гэдэг шийдвэр гаргасан. Ингээд шийдвэр хүчинтэй болсон. Ийм шийдвэр хүчинтэй байсаар байхад захиргааны шүүх хянаад байна. Маргаан үүсгээд ажил боймлоод захилгаар ажиллаж байна. Энийг таслан зогсоох гэж би энэ хуулийг оруулж ирсэн. Үүн дээр хатуу байна. Хэн ямар үг хэлэх нь сонин биш. Монголын хувь заяа сонин. Эх орон чинь хайран байна. Шүүхийн ялзралыг одоо ярих цаг болсон. Дахиад захилга мөнгө сүлжээ ийм л байдалтай. Энэ үнэнийг ард түмэн мэдэх ёстой. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр Үндсэн хуулийг хүртэл тоодоггүй шүүхтэй болсон. Ийм үед их хурал хөдөлж шийдвэрээ гаргах хэрэгтэй. Би энэ хуулийг батлуулсан болохгүй бол шүүхийг татан буулгах эрх надад бий” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ББСБ-уудад шалгалт хийж эхэллээ

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн тушаал гаргаж, ББСБ-уудад газар дээр нь шалгалт хийж эхэллээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд 437 ББСБ үйл ажиллагаа эрхэлж байна. Шалгалтаар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон холбогдох зохицуулалтын хэрэгжилтийг хэсэгчлэн үзэх аж.

Өнгөрөгч тавдугаар сараас СЗХ Ажлын хэсэг байгуулан, банкнаас бусад санхүүгийн байгууллагуудад санхүүгийн гэмт үйлдлүүд, тэр дундаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах Монгол Улсын тогтолцоо, эрх зүйн орчны талаар сургалт явуулжээ.

Улсын хэмжээнд зохион байгуулсан тус сургалтын хүрээнд холбогдох мэдээлэл, гарын авлагыг бэлтгэн түгээсэн бөгөөд дээрх хуульд шинээр орсон зохицуулалтыг хэрэгжүүлэх, ялангуяа байгууллагуудад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс сэргийлэх, санхүүгийн мэдээллийн албанд сэжигтэй гүйлгээний мэдээллийг өгч, холбогдох арга хэмжээг авч байх нэгж байгуулах, эсвэл комплаенсийн ажилтныг томилох зэрэг шаардлагыг хэрэгжүүлэх талаар тодорхой заавар, чиглэл өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Канадын элчин сайд Дэвид Спрулыг хүлээн авч уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Уиллиам Спрулыг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улс Канад Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгааг уулзалтын эхэнд салбарын сайд онцлоод, Канад Улсын Олон улсын боловсролын товчоо (CBIE)-той хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2014 онд байгуулсан бөгөөд ирэх онд тус санамж бичгийг шинэчилж, хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Элчин сайдад уламжиллаа.

Тэрчлэн шинжлэх ухааны салбарт хөдөө аж ахуйн хүрээлэнгүүдийн материаллаг бааз, туршилт үйлдвэрлэлийн чадавхыг нэмэгдүүлэх, ногоон технологийн чиглэлээр урт хугацааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлах, шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, ахлах ангийн сурагчид болон оюутнуудад шинжлэх ухааны боловсролыг (science literacy) олгох, шинжлэх ухааны музей байгуулах тал дээр канадын холбогдох байгууллагуудаас дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Мөн залуу судлаачдыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тэднийг канадын эрдэм шинжилгээний байгууллагуудад дадлагажуулах, эрдэмтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ.

Дэлхий даяар залуус инновацийн өргөн хүрээний мэдлэг, мэдээлэлтэй болж буй энэ цаг үед инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх, үндэсний инновацийн тогтолцоог боловсронгуй болгоход хамтарч ажиллах, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын инновацийн үйл ажиллагаатай холбоотой санал, санаачилгыг дэмжих, инноваци, энтрепренершипийг хөгжүүлэх чиглэлээр тогтмол сургалт явуулах, улмаар холбогдох байгууллагуудаас технологи-инновацийн чиглэлээр зөвлөх, сайн дурын мэргэжилтэн авч ажиллуулах гэх мэт ажил хэрэгч санаачилга гаргалаа.

Спортын салбарт Канад Улстай хамтран ажиллах санамж бичгийг байгуулах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Гадаад харилцааны яаманд санамж бичгийн төсөл хүргүүлсэн гэдгээ нэмж мэдээллээ. Басхүү өвлийн спорт, ялангуяа багийн хоккейн спортыг хамтран хөгжүүлэх, өвлийн спортын байгууламж барих талаар канадын туршлагаас суралцах талаар санал солилцсон юм.

Нэмж мэдээлэхэд, МУИС нь Торонто хотын Йоркийн их сургуультай, ШУТИС нь Бритиш Колумбийн их сургууль болон Калгарийн их сургуультай, ХААИС нь Саскачеваны их сургуультай тус тус шууд хамтран ажиллаж байна.