Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын агаарын зайг бүрэн хянах “ADS-B” систем нэвтэрлээ

Иргэний нисэхийн ерөнхий газар автомат, ажиглалтын “ADS-B” системийг өнөөдрөөс /2018 оны 6 сарын 21/ эхлэн нэвтрүүлж нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагад ашиглаж эхэллээ.

Ингэснээр нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагад ашиглаж буй ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагаа дээшилж, аюулгүй, үр ашигтай нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээг Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдэд тасралтгүй үзүүлэх боломж нэмэгдэж байна.

Ажиглалтын системийг ашиглалтад оруулахын өмнө “Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлөгт нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагын үйлчилгээ үзүүлэхдээ автомат хамааралтай ажиглалтын системийг 2018 оны 6 сарын 21-ны өдрөөс эхлэн ашиглана” гэсэн мэдээллийг Монгол Улсын Нислэгийн мэдээллийн эмхэтгэлээр олон улсын болон дотоодын авиа компаниудад хүргээд байсан.

Агаарын навигацийн үйлчилгээнд нэвтрүүлж байгаа энэхүү орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан автомат, ажиглалтын “ADS-B” системийг нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагын зайчлалд ашиглаж эхэлснээр Монгол Улс агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлөгт нислэгийн таатай, аюулгүй, найдвартай, тасралтгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэж, нислэгийн үр ашиг дээшилж, чиг шулуун нислэг хийх боломж бүрдснээр дамжин өнгөрөх өнгөрөлтийн нислэгийн тоо нэмэгдэх олон давуу талууд нээгдэж байна.

Агаарын навигацийн үйлчилгээнд ажиглалтын тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх зорилгоор 2007 оноос эхлэн хэрэгжүүлсэн төслийн үр дүнд 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд ажиглалтын тоног төхөөрөмжийг нэвтрүүлээд байсан юм.Ингэснээр 2012 оноос хойш өнөөг хүртэл, 7 иж бүрдэл ажиглалтын радиолокаторийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар 4 ажиглалтын удирдлагын бүсэд ажиглалтын удирдлагын үйлчилгээ явуулж байв.

2013 оноос эхлэн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан ажиглалтын системийг нэвтрүүлэх, ажиглалтын тоног төхөөрөмжийн хамрах хүрээг өргөтгөх, ажиглалтын системийн ашиглалтын зардлыг бууруулах, найдвартай ажиллагааг сайжруулах, олон улсын иргэний нисэхийн байгууллагаас бүс нутгийн хэмжээнд агаарын навигацийн үйлчилгээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор дэвшүүлэн тавьсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор автомат хамааралтай ажиглалтын ADS-B системийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэхээр ажиллаж ирсэн билээ.

Дээрх ажлын хүрээнд 12 иж бүрдэл автомат, ажиглалтын “ADS-B” системийг суурилуулан бүсийн болон хөрш улс орнуудын төлөвлөгөөтэй уялдуулан аюулгүй ажиллагааны үнэлгээ, ADS-B системийн илрүүлэлтийн судалгаа, автомат системд илэрсэн үл нийцлүүдийг арилгах зэрэг нилээдгүй ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэсний үр дүнд 2016 оноос энэхүү системийг нислэгийн хөдөлгөөний удирдлагад нөхцөл байдлыг танин мэдэх зорилгоор ашиглаж эхлээд байсан.

Үе шаттай, төлөвлөгөөт ажлуудын үр дүнд Ази, Номхон далайн бүсийн орнуудаас манай Монгол Улс тэргүүн эгнээнд Автомат хамааралтай ажиглалтын “ADS-B” системийг өнөөдрөөс эхлэн нислэгийн хөдөлгөөний ажиглалт, удирдлагын зайчлалд ийнхүү ашигладаг боллоо.

“ADS-B” системийг шинээр нэвтрүүлхийн тулд НХҮА-ны мэдээллийн ажилтан, нислэгийн удирдагч гэсэн 109 мэргэжилтнийг сургалтад хамруулсан. Ингэснээр мэдээллийн ажилтан, нислэгийн удирдагчийн ажлын байранд тавигдах шаардлага мөн шинэ түвшинд гарч байна.

Мөн энэ өдөр агаарын замын үндсэн цэгийн нэр болон солбицолд өөрчлөлт оруулах ажлыг давхар хэрэгжүүлж эхэллээ.

Image may contain: text

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулах олон улсын сургалт болж байна

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны ахлах албан тушаалтнуудын олон улсын сургалт Вьетнамд болж байна.

Вьетнамын БХЯ-ны Энхийг сахиулах ажиллагааны газраас /Vietnam Department of Peacekeeping Оperations VNDPKO/ АНУ-ын Батлан хамгаалах хамтын ажиллагааны газрын /US ODC/ дэмжлэгтэйгээр НҮБ-ын ЭСА-ны Ахлах албан тушаалтнуудын олон улсын сургалтыг 6 дугаар сарын 5-21-ний өдрүүдэд Ханой хотноо зохион байгуулж байна. Сургалтад Монгол Улсын ЗХЖШ-ын хошууч У.Ундрах, ахлах дэслэгч Ө.Тэмүүжин нар хамрагдаж байгаа юм.
Тус сургалтын нээлтийн ёслолын ажиллагаанд уригдан оролцсон Ханой дахь ДКТГ-ын тэргүүнүүдийг Вьетнамын ЗХЖШ-ын дэд дарга Фам Нгок Минь хүлээн авч, товч уулзалт зохион байгуулав.

Categories
мэдээ нийгэм

Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр ЭЕШ-аас хоцорсон сурагчдад хуулийн туслалцаа үзүүлнэ

Өнгөрсөн мягмар гарагт Яармагийн гүүрийн ойролцоо гарсан ослоос болж ЭЕШ-аас хоцорсон сурагчдад өмгөөллийн “Эм Жэй Эл Атторнэйс” ХХ Нөхөрлөлөөс үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгч туслалцаа үзүүлэхээр болжээ. Энэ талаар тус нөхөрлөлийн хуульч өмгөөлөгч О.Мөнхболдоос тодруулсан юм. Тэрээр “Одоогоор бидэнтэй холбогдсон эцэг эх, сурагч байхгүй байна. Бидний зүгээс хууль зүйн зөвлөгөө өгч, үнэ төлбөргүй өмгөөлөл хийх болно. Учир нь эдгээр хүүхдүүд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр шалгалтаас хоцорсон бөгөөд Боловсролын үнэлгээний төвөөс дахин шалгалт авахгүй гэж мэдэгдсэн. Үүнээс болж Үндсэн хуулинд заасан “Ажил мэргэжилээ чөлөөтэй сонгох эрх” зөрчигдөж байна. Боловсролын тухай хууль, Элсэлтийн Ерөнхий Шалтгалтын 2018 оны журам, Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтуудад холбогдуулан Захиргааны хэргийн шүүхээр энэ асуудлыг шийдүүлж шалгалтын материалыг дахин бэлтгэж нөхөн шалгалт авах боломжтой” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Египет улсын хувьд энэ удаагийн тэмцээн өндөрлөжээ

“Сайн тамирчны ард сайн баг байх хэрэгтэй. Би өөрийн улсын шигшээ багаар бахархаж байна. Гэвч бид хангалттай сайн байж чадаагүй нь харамсалтай” гэж Египетийн шигшээ багийн дасгалжуулагч Хектор Купер мягмар гарагт Оростой хийсэн тоглолтод баг нь 3:1 харьцаатайгаар ялагдсны дараа хэлсэн байна.

Египетийн шигшээ баг энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэлцэн ирэхдээ Мохамед Салахад өндөр найдлага тавьж байсан тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв.

Тус улсын шигшээ баг 1990 оноос хойш анх удаагаа ДАШТ-д оролцох эрх авсан нь энэ аж. М.Салахын мөр гэмтэлтэй байсан хэдий ч египетчүүд шигшээ баг нь сайхан мэдээ дуулгана хэмээн найдсаар байжээ. Гэвч харамсалтай нь хоёрхон тоглолтын дараа Египет улсын хувьд энэ удаагийн тэмцээн өндөрлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Чойжин ламын сүмийн өнгөрсөн үеийг гэрэл зургаар үзүүлжээ

“Чойжин ламынсүм” цогцолборын 110 жилийн ойд зориулсанМонголынтүүх, шашин, соёл урлагийн өвийн дурсгалыг харуулсан “Монгол төрийн сахиусны өргөө 110 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнгийд “Чойжин ламын сүм” музейгээс гадна гэрэл зургийн “Гамма” агентлаг, Шинжлэх Ухааны академ, “Nophea Art” галерэй хамтран ажилласан байна.

“Чойжин ламын сүм, музей” цогцолборын 110 жилийг тохиолдуулан энэ жил олон арга хэмжээ зохиогдох болсныг тус сүм музейн захирал Д.Отгонсүрэн хэлэв. Мөн тэрбээр “Чойжин ламын сүм музей цогцолборыг 1904-1908 онд төрийн их сахиусны лагшин, Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан бүтээн байгуулсан. Чойжин ламын сүм музей цогцолборт өдийг хүртэл дотор нь залсан 6000 гаруй үзмэр, бурхан тахилууд бүрэн бүтэн байгаа. Хэлмэгдлийн үеийг давсан гэхэд сүмийн байгууламж нь эвдэрч сүйдээгүй үлдэж чадсан юм. 1938 онд Ерөнхий сайд А.Амар болон Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, маршал Х.Чойбалсан нарын тушаалаар Чойжин ламын сүмийг эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зориулалтаар Шинжлэх ухааны хүрээлэнгийн мэдэлд шилжүүлэн музей хэлбэрээр ашиглах болсон байдаг. Музей нь 2000 оноос эхлэн бие дааж үйл ажиллагаагаа явуулах болсон. Музейг тойрон олон барилга байгууламжууд баригдаж байгаагаас үүдэн өнгөрсөн үеийн их түүхийг агуулж буй газруудын сүр бараа, үнэ цэнийг дарж байгаа учир үүнийг Засгийн газраас анхаараасай гэж хүсэж байна” гэв.

Түүнчлэн, гэрэл зургийн цомогт XX зууны эхэн үеэс өнөөг хүртэлх цаг хугацаан дахь Нийслэл хүрээ, Улаанбаатар хотын төв хэсэг болон “Чойжин ламын сүм”-ын үе үеийн түүхийг харуулах олонзургуудыг багтаажээ.

“Гамма” агентлагийн захирал С.Цацралт ярихдаа “Өнөөдөр болж байгаа үзэсгэлэнд хуучны маш ховор зурагнуудаас дэлгэн тавьсан нь хойч үеийн залууст өнгөрсөн үеийн түүх, соёлыг таниулан, мэдээлэх зорилготой юм. Цомогт XX зуунаас эхлэн гадны судлаачдын авсан түүхэн гэрэл зургуудыг хайж, удаан эрэл хийсний эцэст олсон юм. Түүвэрлэсэн гэрэл зургуудад хэлмэгдлийн үед сүм хийд ямар байсан болоод тухайн үеийн хүмүүсийн амьдралын талаар харуулахыг хүссэн. Мөн одоо ямар дүр байдалтай байгааг харьцуулсан гэрэл зургуудыг цомогт болон энэхүү үзэсгэлэнд тавьсан” хэмээв.

Энэхүү үзэсгэлэн “Nophea Art” галерейд энэ сарын 30-ныг хүртэл дэлгэгдэх аж.

М.СУВД


Categories
мэдээ нийгэм

Бардын хөгжмийн консерваторийн профессор, удирдаач Жин Дон Цай – тай уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн АНУ-ын Нью-Йорк дахь Бардын хөгжмийн консерваторийн профессор, удирдаач Жин Дон Цай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Хөгжим Бүжгийн Коллеж консерваторийн зэрэглэлд очсоныг дуулгаад, Нью-Йорк дахь Бардын хөгжмийн консерваторитай холбоо тогтоож өгөх саналыг албан ёсоор тавин, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас барьж буй бодлогын тухайд консерваторийн академик шинж чанар, сургалтын агуулгыг зохих түвшинд хүргэх, сургалтын орчны материаллаг баазыг бэхжүүлэх, багш нарын чадварыг өндөржүүлэх, гадаадын ижил төст сургалтын байгууллагуудтай ажиллаж буй цар хүрээг олон талт хамтын ажиллагаатай болгох зорилттойг мөн энэ үеэр дурдлаа.

Categories
мэдээ нийгэм

Аймгуудын баяр наадмын тов гарчээ

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам болоход 20 хоног үлдээд байгаа энэ үед аймгуудын баяр наадмын тов гарсан байна.

Ихэнх аймаг баяр наадмаа долдугаар сарын 10-11-нд хийхээр товложээ. Харин Өмнөговь аймгийн хувьд хамгийн түрүүнд буюу долдугаар сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулна. Мөн энэ жил түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэх Булган аймгийнхан баяр наадмаа долдугаар сарын 27-29-нд тэмдэглэхээр болжээ. Энэ жилийн аймгуудын баяр наадмын товыг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Их тахилгат хайрхан”-ы тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол эхэллээ

Өмнөговь аймгийн Гурвансайхан уулын “Их тахилгат хайрхан”-ы тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өнөөдөр эхэлж байна.

Таван жилд нэг удаа ийн тэнгэр тайх ёслол болдог бөгөөд эхний өдөр долоон бурхан одны тахилгын арга хэмжээ болох юм байна. Харин хоёр дахь өдөр буюу маргааш “Их тахилгат хайрхан”-ы тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болох ажээ. Энэ үеэр хүчит 32 бөхийн барилдаан болох юм байна. Энэхүү арга хэмжээ нь аймгийн төвөөс баруун урагш 60км-т Зүүн сайхан уулын Хошуу овоо хэмээх газарт болж байна. 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Гурвансайхан уулыг төрийн тахилгат болгосон бөгөөд энэ удаа хоёр дахиа ийн тахиж байгаа аж. Дашрамд дуулгахад төрийн тахилгат Гурвансайхан уул нь Өмнөговь аймгийн есөн гайхамшигийн нэг юм.

Categories
мэдээ нийгэм

ПС тоглоомын газар хонож байсан хүүхдийг гэр бүлд нь хүлээлгэж өглөө

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс, хорооны ажилтны “Хамтарсан баг”-ийнхан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” чиглэлээр яриа таниулга хийж, иргэдийн санал хүсэлтийг нь сонсон ажиллаж байна. Тэд Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лан” цахим тоглоомын үйл ажиллагааг шалгаж, 14 настай “ Г”-г шөнийн цагаар хонуулан тоглуулж байсан зөрчлийг илрүүлжээ.

Тухайн хүүхдийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.

Мөн тус хорооны нутаг дэвсгэрт супер маркет, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж, дэн буудлуудын үйл ажиллагааг шалгав. Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний үеэр нэвтрүүлэх эрхгүй, согтууруулах ундаа худалдан борлуулдаг таван аж ахуйн нэгж, байгууллагад зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулахаар хариуцсан цагдаагийн хэлтэст материалыг шилжүүлсэн байна. Мөн Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны дотуур байранд нийт 70 өрхийн 250 оршин суугч, 30 оюутан сурагчид Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх яриа хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Усанд осолдох эрсдэл их байгааг сануулж байна

Онцгой байдлын албанаас ойрын үед дуу цахилгаантай бороо орохыг сэрэмжлүүлж байна. Үер усны аюулаас сэрэмжилж, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулав.

Дорнод аймгийн Баян-Уул сумын тавдугаар багт шинэ баригдаж байгаа ерөнхий боловсролын сургуулийн барилгын дулаалгын хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 10:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид 10:32 цагт очиж 50 минут ажиллаж унтраажээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт 14 дүгээр байрны суурийн давхарт хог шатаж байна гэсэн дуудлагыг өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагч нар 36 минут ажиллаж унтраасан байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 15:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 4.5 км зам туулан 15:45 цагт очиж 1 цаг 10 минут ажиллаж унтраав.

Эрэн хайх, аврах ажиллагаа: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Цагаан-Эрэг багт оршин суугч иргэн А /34 настай, эрэгтэй/ зургадугаар сарын наймны өдрийн 18:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон гэх дуудлага зургадугаар сарын 13-ны өдрийн 08:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Тиймээс 14-ний өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон. Зургадугаар сарын 18-ны өдөр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж өгөх хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас дахин гаргасан байна. Зургадугаар сарын 19-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч нар “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч мөн л үр дүнд хүрсэнгүй. Аймгийн Цагдаагийн газартай зөвшилцөж зургадугаар сарын 20-ны өдрийн 09:30 цагт зогсоосон аж.

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Баяннуур багийн “Аукей-Арал” гэдэг газар иргэн Ж /46 настай, эрэгтэй/ зургадугаар сарын 14-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болсон дуудлагыг зургадугаар сарын 15-ны өдрийн 00:10 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 15 иргэн, 1 автомашин, 1 завь, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг хийлээ. Зургадугаар сарын 20-ны өдрийн байдлаар тус сумын хоёрдугаар багийн “Улиастай” гэдэг газраас зүүн тийш “Краз тохой” гэдэг газар хүртэл 8 км-т “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байна.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Хурандаа тохой” гэдэг газар Баяндун сумын харъяат иргэн Б /33 настай, эрэгтэй/ зургадугаар 19-ний өдрийн 18:00 цагт “Онон” голын усанд орж байгаад осолджээ. Уг дуудлагыг зургадугаар сарын 19-ний өдрийн 18:10 цагт хүлээн авав. Аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, тус сум дах Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн таван алба хаагч, ар гэрийн 13 хүн, нийт 34 хүн, 7 автомашинтай осолдсон газраас 200 метрийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрсэнгүй. Зургадугаар сарын 20-ны өдрийн 21:40 цагт түр зогсоогоод өнөөдөр 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Долоод багийн “Хөмөлтэйн гүүр” гэдэг газар “Хэрлэн” голд загасчилж явсан Дорноговь аймгийн харъяат иргэн Х /24 настай, эрэгтэй/ зургадугаар сарын 17-ны өдрийн 00:14 цагт хамт явсан 3 хүнээс салж алга болсон гэх дуудлагыг зургадугаар сарын 17-ны өдрийн 01:26 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, тус сум дах Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, ар гэрийн 2 хүн, нийт 11 хүн, 3 автомашинтай эрэн хайх ажиллагааг хийсэн ч үр дүнд хүрээгүй байна. Зургадугаар сарын 18-ны өдрийн 20:00 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж ажиллагааг түр зогсоов. Зургадугаар сарын 20-ны өдрийн 20:40 цагт тухайн иргэний цогцос тус багийн “Хөмөлтэйн гүүр” гэдэг газар “Хэрлэн” голын усны мандал дээр гарч ирснийг аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай зургадугаар сарын 20-ны өдрийн 22:00 цагт Дэлгэрхаан сумын чиглэлд явж зургадугаар сарын 21-ний өдрийн 01:40 цагт очиж мөн өдрийн 07:30 цагт уснаас гаргаж тус аймаг дах Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.