Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Олон орны уран бүтээлчдийн хамтарсан киноны гол дүрд Б.Амарсайхан тогложээ

Олон улсын уран бүтээлчдийн хамтарсан “The Mongolian Connection” уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болох нь ээ. АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англи, Австрали, Канад зэрэг найман улсын уран бүтээлчид оролцсон тус киноны гол дүрд “IFI” продакшны ерөнхий продюсер, жүжигчин Б.Амарсайхан тогложээ. Мөн киноны гол дүрд монгол талаас Т.Бархүү, “Хадаг”, “Хөөрхөн шулам” зэрэг киноны гол дүр, Азийн шилдэг жүжигчин Б.Цэцэг, БНСУ-ын Урлагийн их сургуулийн төгсөгч, “Амьдралоги” уран сайхны киноны гол дүр Б.Янжиндулам нар тоглох аж.

Кино зураг авалт дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд Монголд 80 хувь, АНУ-д 15 хувийн зургийг авчээ. “The Mongolian connection” уран сайхны кинонд АНУ болон Монголын цагдаа нар хамтран гэмт хэрэг илрүүлж байгаа талаар өгүүлэх тулаант, адал явдалт кино юм. Кино энэ оны аравдугаар сарын 5-нд Монголд болон Казахстанд зэрэг нээлтээ хийх аж. Энэхүү бүтээл олон улсын А зэрэглэлийн фестивалуудад оролцож, АНУ болон Ази, Европын зах зээлд гарах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Сугар “сугарч” үлдэх үү?

Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа өнгөрөгч сарын 09-ний өдрөөр дуусгавар болсон. Түүний эрхийн хугацаа дууссанаар ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Д.Сугарын хувьд өнгөрсөн сарын 20-ны өдрөөр ажлаа өгч, цэцийн гишүүний үүргээс бүрэн чөлөөлөгдсөн юм.

Түүнийг цэцийн гишүүн байх үед Прокурорын байгууллагаас “МИАТ” ТӨХК-ийн “Дайны эрсдэлийн сан”-гаас алга болсон гэгддэг 700 сая ам.долларын асуудалтай холбогдуулан ҮХЦ-ийн цэцийн гишүүнээс нь чөлөөлж, шалгах хүсэлт гаргасан байдаг. Гэвч ҮХЦ бүрэн эрхийнхээ хүрээнд Прокурорын байгууллагын саналыг хүлээж аваагүй юм.

Улмаар “Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан өмнөд африкийн “Стандарт” банкнаас нийт 109 сая ам.долларын зээл авсан асуудалд гэрээний зарим хэсэгт Д.Сугар гарын зурсан нь тогтоогдсон гэх мэдээлэл бий. Тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугарыг шалгаж, хариуцлага тооцох ёстой гэсэн шүүмжлэл явдаг. Гэвч түүнийг шалгах асуудал цэцийн гишүүний бүрэн эрхээр хаалттай байснаар өнөөг хүрсэн.

Д.Сугарыг цэцийн гишүүнээс чөлөөлөнгүүт АТГ-аас шалгаж эхэлнэ гэсэн хүлээлт байсан юм. Энэ талаар ҮХЦ-ийн гишүүн асан Д.Сугар ярихдаа “Би цэцийн гишүүн байхдаа шалгуулахад бэлэн гэдгээ хэлж байсан. Намайг бүрэн бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөнөөс хойш АТГ-аас мэдүүлэг аваагүй. Хууль, шүүхийн байгууллагаас ямар нэгэн байдлаар шалгасан зүйл байхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал дээр гарын үсэг нь хуурамч гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоочихсон. Одоо энгийн иргэн болсон тул амар тайван амьдармаар байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Биеийн тамир, спорт хороо үйл ажиллагаагаа танилцуулав

Баянзүрх дүүргийн Биеийн тамир Спортын хороо 2018 оны ‘’Ажил танилцуулах өдөрлөг’’-өө өнөөдөр дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгонд амжилттай зохион байгууллаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус арга хэмжээнд дүүргийн Эдийн засаг хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун болон албаны бусад хүмүүс оролцлоо. Энэ үеэр дүүргийн Биеийн тамир Спортын хорооны дарга С.Эрдэнэбат 2017 оны тухайн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилт, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа товчхон танилцуулсан юм. Түүнчлэн Биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд идэвх, санаачлагатай оролцсон зарим ахмад тамирчдыг Монголын үндэсний Олимпын хорооны ‘’Олимпын алдар’’ одонгоор шагнаж урамшууллаа.

Categories
мэдээ нийгэм

М.Амарзаяа: Нэг сувилагч 4-5 сувилагчийн ажлыг зэрэг хийдэг

Эрүүл мэндийн салбарын 48 мянга гаруй ажилтнуудын төлөөлөл өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадна талбайд шаардлага тавин, жагсаал хийлээ.Тэд хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, жагсаал цуглаан, ажил хаялтын өмнөх суултыг ес хоногийн турш хийж, үсээ хусан тэмцсэн. Үр дүнд нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамтын нэмэлт хэлэлцээр”-ийг зөвшилцсөн. Гэвч хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хэлэлцээрийг бүртгэхээс татгалзсан хариу ирүүлсэн байна.Үүнийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн өнөөдрийн жагсаалыг хийж байгаа аж.

Жагсаал нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлогыг сайжруулах, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах асуудлыг шийдвэрлүүлэх зорилготой. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг албан тушаалаас нь огцруулах тухай юм.

Жагсаалд оролцож буй эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажлаа таслалгүй, ээлжээсээ буун шууд ирсэн. Зарим ажилтнууд өглөө 08:00 цагийн орчимд ээлжээ хүлээлцэхээр явсан байна.

Уг жагсаалд оролцож буй эмч, сувилагч нарын төлөөллөөс зарим зүйлийг тодруулахад:

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн сувилагч М.Амарзаяа “Бидний амьдрах нөхцөл үнэхээр хүнд байгаа. Засгийн Газар гараа сунгахыг хүлээсээр өдийг хүрсэн. Энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн дийлэнх нь 100 хувийн зээлтэй, цалингаас цалингийн хооронд амьдардаг. Нэг сувилагч 4-5 сувилагчийн ажлыг зэрэг хийдэг.Нэг сувилагчид ногдох орны тоо 30 байдаг. Ачаалал их, цалин бага нөхцөлд ажиллан, ар гэртээ цаг зарцуулж чаддаггүй. Тиймээс цалингаа нэмүүлэхийн төлөө бүхий л цаг заваа гарган, ээлжтэй хоноод, өглөө хүлээлгэж өгөн нойр хоолгүй тэмцэж байна” гэв.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ҮЭ-ийн хорооны нарийн бичиг Э.Оюунбилэг “Бид цалингаа 50-аас доошгүй хувиар нэмүүлэхийг зорьж байгаа. Статистик мэдээллээр Монгол Улсад цалингийн дундаж хэмжээ 996 мянга гэдэг. Гэтэл сувилагчийн дундаж цалин 400 мянган төгрөг. Шинэ сувилагч 400 мянгыг, шатлал нь нэмэгдэхэд 40 мянган төгрөг нэмэгддэг. 10-20 жил ажилласан сувилагч 500 мянга хүрэхгүй төгрөгийн цалин авч байна. Үүнээс татвар төлөх, зээл төлөх зэргээр гар дээрээ 100 хүрэхгүй мянган төгрөг л авдаг. Тиймээс цалинг 50 хувьтай тэнцэхүйц хэмжээгээр нэмүүлэхэд 750 мянган төгрөг болно. Энэ нь статистикийн дундаж хэмжээнээс доогуур дүн. Гэсэн ч үнэхээр цалин нэмэгдэж байвал дуугүй байх болно. Бид эмч болохын тулд маш олон жилийн хүч хөдөлмөрийг зарцуулдаг. Тиймээс “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээр”-ийг бүртгэхгүй бол2018 оны зургадугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажил хаялт зарлана. Хэрэв ажил хаяхаар бол бүх эмнэлэг зэрэг ажил хаях уу, үгүй юу гэдгийг ажил хаях төв хорооны ажлын хэсгээс шийднэ. Хүний амь нас хариуцсан эдгээр хүмүүсийг ажил хаяхад хүргэхгүй байгаасай” гэлээ.

12 цагийн үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ажлын байрандаа байхгүй талаар жагсаалд оролцож буй иргэд ярьж байлаа. Жагсаал өглөөний 07 цагаас эхэлсэн. Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны байрны дөрвөн хаалганд хуваагдан суусан ч сайд орж, гарч харагдаагүй байна.

Э.АНУДАРЬ

Categories
мэдээ спорт

Нийслэлд 13 орны боксчид хүч, ур чадвараа сорьж байна

Нийслэл хотноо “Улаанбаатар цом-2018” Олон Улсын боксын тэмцээн өчигдөр буюу лхагва гарагт “Аса цирк”-д эхэллээ.
Энэ удаагийн тэмцээнд 13 улсын ширэн бээлийтнүүд хүрэлцэн ирсэн бөгөөд гал гарсан тулаанууд 2018.06.20-24-ний өдрүүдэд болно. Энэхүү тэмцээнд манай улсын тамирчид зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу 4 баг болон хуваагдаж, 40 шилдэг тамирчинаа оролцуулахаар болжээ. Энэ жил Монгол Улсад боксын спорт үүсч, хөгжсөний түүхт 70 жилийн ой, Монгол боксчин “Сөүл-1988” олимпийн наадмаас анх удаа Н.Энхбат хүрэл медаль хүртсэний 30 жилийн ой, Монголын боксчин Э.Бадар-Ууган анх удаа 2008 оны Бээжингийн олимпийн аварга болсон, П.Сэрдамба олимпийн анхны мөнгөн медаль хүртсэний түүхт 10 жилийн ой тус тус тохиож байгаа юм. Эдгээр түүхт ойн хүрээнд зохион байгуулж байгаа тус тэмцээнд БНАСАУ, Тайланд, Ирак, Иран, ОХУ, Энэтхэг БНСУ, Шри-Ланк, Киргиз, БНХАУ /Өвөрмонгол зэрэг гурван баг/, Казахстан, Тайвань, Монгол улсын нийт 120 шахам боксчид хүч ур чадвараа сорьж байна.

Энэхүү А зэрэглэлийн олон улсын тэмцээний Ерөнхий шүүгчийг Олон улсын боксын холбоо /AIBA/-ноос томилсон бөгөөд шүүгчдийн тал нь гадаадын шүүгчид юм. Уг тэмцээн үнэ төлбөргүй бөгөөд Монголынхоо баг тамирчдыг “Аса цирк”-т ирж дэмжихийг Монголын боксын холбооноос уриалж байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 10 асуудал хэлэлцэв.

Үүнээс Улсын бүртгэлийн багц хуулийн төслийг хэлэлцэж баталсан бол Батлан хамгаалахын салбарын хоёр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэнээр түр завсарлаад байна.

Үдээс хойшхи хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Үүнд:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;
  • Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг, хаалттай/;
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгийг 228 мянган хүүхдэд нэмж олгохоор боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хууль санаачлагчид нэгтгэн хэлэлцэхийг зөвшөөрсөн тул Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг төслүүдийг нэгтгэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

Хууль санаачлагчдын өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр боловсруулсан уг тогтоол нь 3 заалттай, 2 дахь заалт нь таван дэд заалтаас бүрдсэн болно.

Тогтоол батлагдсанаар өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгохоор болов. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2018 онд 684.0 мянган хүүхдэд олгохоор 164.2 тэрбум төгрөг улсын төсвийн Халамжийн санд тусгагдан батлагдсан. Харин 80 хувьд олгоход нийт 228.0 мянган хүүхэд нэмж хамрагдах бөгөөд үүнд төсвөөс 41.3 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар боллоо.
Нийгмийн халамжийн тухай хуульд заасан босго шугамын харгалзах оноог шинэчлэн 80 хувийн хамрах хүрээг тогтоох юм. Дээрх 80 хувьд хамрагдах, 2018 онд шинээр төрсөн хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авах хүсэлтээ гаргасны үндсэн дээр мөнгөн тэтгэмжээ авна. Цаашид хамрах хүрээг 80 хувиас бууруулахгүйгээр тооцож хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох эх үүсвэрийг 2019 оноос эхлэн жил бүр улсын төсөвт тусгахаар боллоо.
Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлттэй өрхийн судалгааг хийж, зөвхөн хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох, цаашлаад хүүхэд бүрд олгох асуудлыг судалж, саналаа холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгалаа.
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг энэ сарын 29-нд хаана

УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган энэ сарын 29-ний баасан гарагт хаалтаа хийхээр УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөс шийдвэрлэсэн байна.

УИХ-ын тухай хуулийн 15.1-д УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 1-ний өдрөөс дараа оны 2 дугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 1-ний хооронд тус тус хуралдахаар тусгасан. Хэрэв ээлжит чуулганыг нээх, хаах өдрүүд амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал ажлын өдрийг шилжүүлдэг. Энэ жил 7 дугаар сарын 1 ням гарагт таарч буй тул УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулганыг зургадугаар сарын 29-ны Баасан хаахаар шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Х.Баянмөнх: Энэ жилийн баяр наадмын үеэр допингоос болж ямар нэг асуудал дэгдэх шинжтэй байна

Дархан аварга Х.Баянмөнх өчигдөр өглөө Допингийн эсрэг Үндэсний төвийн удирдлагуудыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хандаж, гомдлоо өглөө. Энэ талаар түүнээс тодруулсан юм.


-Ямар шалтгаанаар Допингийн эсрэг үндэсний төвийн удирдлагуудыг АТГ-т шалгуулахаар хандсан бэ?

-Бөхчүүдийн допингийн асуудал нь сүүлийн 16 жил ямар ч хууль дүрэм, хөндлөнгийн хяналтгүй, ганц хоёр эмч, сувилагчийн мэдэлд явсаар улам бүр даамжирч, бөхчүүдийг дарамталж, шантаажилдаг зэвсэг болж байна. Энэ жилийн баяр наадмын үеэр допингоос болж ямар нэг асуудал дэгдэх шинжтэй боллоо. Допингийн эсрэг үндэсний төвийн захирал, эмч, дээж авагч, хянагч тэргүүтэй хүмүүс бөхчүүдийн шинжилгээний хариуг хуурамчаар гаргадаг, шинжилгээний хариугаар шантаажилж бөхчүүдээс мөнгө авч хууль бус бизнес хийдэг, шинжилгээ авч дүгнэлт гаргахдаа хөндлөнгийн ямар ч хяналтгүй хийдэг, допинг илэрсэн бөхчүүдийн шинжилгээний хариуг нуун дарагдуулдаг хууль бус ажиллагаа хэрээс хэтэрч байгаа. Тийм учраас би АТГ-т Допингийн эсрэг үндэсний төвийг шалгуулж, гарч буй алдаа дутагдлыг шалгаж, зөв тийш нь зүглүүлэх хүсэлтээ өгчихөөд гарч ирлээ.

Допингийн эсрэг үндэсний төвийн ажилчид ах дүү, эхнэр нөхөр, хамаарал бүхий хүмүүс байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэйгөөс гадна, дээрх хууль бус үйл ажиллагаагаа хөндлөнгийн хяналтгүй гүйцэлдүүлэх шалтгаан болж байна. Тухайлбал, Допингийн эсрэг үндсэний төвийн гүйцэтгэх захирал нь “Аварга” Дээд Сургуулийн орлогч захирал Г.Сүхбат, их эмч нь Г.Сүхбатын шавь Д.Энхсанаа, хянагч нь Д.Энхсанаагийн нөхөр Энх-Амгалангийн дүү Хайдавдорж, дээж авагч нь мөн энэ хүмүүстэй хамаарал бүхий хүмүүс байна. Эдгээр хүмүүс бөхчүүдээс шээснээс чинь допинг илэрсэн, зарлалаа гэж мөнгө нэхдэг, мөнгө өгсөнгүй хэмээн олон нийтэд зарладаг, худал дүгнэлт гаргаж, шинжилгээний хариуг сольж, ид барилдах насан дээрээ байгаа олон залуучуудын амьдрал, нэр хүнд, хувь заяагаар тоглож байна. Бөхчүүдийн эрх ашгийг хохироох, сэтгэл санаагаар унагах, наадмын бэлтгэлийг хүчингүйтүүлэх, нэр төрийг гутаах зүйлүүд допингийн нөлөөн дор явагдаж байна. Цаашид бөхчүүдээс гадна хэн допинг оруулж ирж тариад байгааг олж илрүүлэх хэрэгтэй. Энд хэсэг бүлэг хүмүүс байгаа сурагтай. Иймд нийт бөхчүүд болон, наадмын комиссыг уриалж байна. Наадмаас өмнө эвлэрлийн гэрээ байгуулъя. Нэг холбоо болж улсын баяр наадмаа зөв зохион байгуулъя, сайхан тэмдэглэе.

-Допинг илэрсэн гэх бөхчүүд шүүхэд хандаж ялалт байгуулсан гэж үнэн үү?

-Тийм. Хоёр бөх допинг илэрсэн гэж шүүхэд хандсан. Баяр наадмын тухай хуульд улсын баяр наадамд сүүлийн 16-д үлдсэн бөхөөс допингийн шинжилгээ авна гэж заасан. Гэтэл эдгээр хоёр бөх ноднин жилийн баяр наадмаар допингийн шинжилгээ өгөөд илрээгүй. Гэтэл гэмгүй бөхчүүдийг шинжилгээнд оруулж, допинг илэрсэн гэж нийтэд зарласан. Тэр хоёр хүн шүүхэд хандаж ялалт байгуулан, улсын наадам, цагаан сар, бусад барилдаанд барилдах эрхтэй гэж шийдвэр гарсан. Энэ хоёр бөх бол улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нар юм. Гэтэл шүүхийн шийдвэрийг нэг ТББ-ын тэргүүлэгчдийн хурлаар хүчингүй болгож байгаагаа зарлаж, барилдуулахгүй, бүртгэхгүй гэж зар тарааж байна. Энэ бол зохисгүй.

-Эвлэрлийн гэрээ байгуулахад юу саад болоод байна вэ?

-Эвлэрэхийг Б. Бат-Эрдэнэ болон Бөхийн салбар комиссын дарга Г.Баясгалан гэж хоёр хүн л зөвшөөрөхгүй байгаа. Бусад нь бүгд эвлэрье гэж байгаа. Г.Өсөхбаяр, А.Сүхбат аварга, Д.Рагчаа гарьд, Ц.Мягмарсүрэн заан, миний бие уулзалдаад эвлэрлийн гэрээ байгуулаад маргааш өглөө гарын үсэг зуръя гэтэл тэр шөнө Б.Бат-Эрдэнэ яриад хориглосон байсан. Мөн Засгийн газрын Шадар сайд Ө.Энхтүвшин хүлээж авах үед Г.Баясгалан гэдэг хүн эвлэрэхийг эсэргүүцсэн. Төр наадмаа хийдгээрээ хийнэ гэж над руу агсарсан. Өөрөөр хэлбэл наадмаа цагдаагийн хүчээр хийнэ л гэсэн үг. Жил бүр бөхчүүд асуудалд номхон хүлцэнгүй хандахгүй шүү. Хуучин бөхийн холбоотой хамааралтай маш олон асуудал дэгдэж гарч ирж байгаа.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймагт нефтийн үйлдвэр барих эхлэл тавигдлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймагт зургадугаар сарын 21-22-нд албан томилолтоор ажиллаж байна. Тэрээр төрөөс явуулж буй бодлого шийдвэрийг иргэдэд хүргэх, орон нутгийн бүтээн байгуулалттай танилцах, нефтийн үйлдвэрийн шав тавих ёслолд оролцох, Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцах, нарны цахилгааны станцын нээлтэд оролцох юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Дорноговь аймагт 21-ний өглөө 09.40 минутад Зэвсэгт хүчний цэргийн хүрээний Зүүнбаянгийн 336 дугаар ангийн хүндэт харуул угтан авсан юм.

Угтах ёслолын дараа аймгийн ЗДТГ-т төрийн албан хаагчидтай уулзсан бол дараа нь “Саран хөхөө” театрт иргэдтэй уулзлаа. Тэрээр уулзалтын үеэр хэлэхдээ “Засгийн газраас тавьж байгаа хоёр чухал зорилт нь төрийн албаны бүх шатанд сахилга батыг тогтоох, шударга ёсыг бий болгох. Өнгөрсөн жилүүдэд төрийн албаны ажлын хариуцлага хийгээд төрийн албан хаагчийн ажилдаа хандах хандлага суларч ямар ч тооцоо судалгаагүйгээр гадаадаас их хэмжээний зээл авч, хөрөнгө санхүүг үргүй зарцуулж ирсэн жишээ нийтлэг байна. Энэ байдлыг халж бүх шатандаа сахилга хариуцлагыг дээшлүүлж, монгол төрийн нэр хүндийг өндөрт өргөх явдал энэ Засгийн газрын чухал зорилт. Нөгөө нь улсынхаа эдийн засгийг өөд татаж, нийгэм эдийн засгаа хөгжүүлэх. 2016 онд бид хүнээр зүйрлэж хэлбэл сэхээнд байгаа, бие муу хүнтэй зүйрлэхүйц эдийн засгийг хүлээн авсан. Бид олон улсын валютын сантай хамтран ажиллаж улс орны эдийн засгийг тэтгэх оновчтой бодлого хэрэгжүүлснээр төсвийн орлого нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт өслөө. 2017 оны төсвийн орлого гэхэд 500 тэрбумаар өссөн. Гадаад валютын нөөц 2016 онд бараг хасах үзүүлэлтэй байсан бол эдүгээ 3.2 тэрбум болж өслөө. Долларын ханш ч тогтворжсон, гадаад худалдааны тэнцэл 10 хувиар өссөн гээд эдийн засагт эерэг өөрчлөлт гарлаа. Засгийн газраас “Чингэс бонд” “Самурай бонд” зэрэг гадаадаас авсан өрийг эдийн засагтаа дарамт шахалт үзүүлэлгүйгээр үе шаттай төлж байна. Монгол Улсын Засгийн газрын бодлого чиглэлд Дорноговь аймгийн хөгжил дэвшилтэй холбоотой хэдэн томоохон төслүүд багтсан. Зүүнбаян-Ханги мандлын төмөр зам барих, Нефтийн үйлдвэрийг бүтээн байгуулах, Замын-Үүдийн чөлөөт бүсийг байгуулах томоохон зорилт тусгасан. Өнөөдөр манай улсад болон Дорноговь аймгийн түүхэнд түүхэн үйл явдал тохиож байна. Дорноговийн иргэд та бүхэндээ Ерөнхий сайдын хувьд баяртай мэдээ дуулгая. Монгол Улс нефтийн үйлдвэртэй болох тухай хүсэж мөрөөдөж 20-иод жил ярьсан. Эдүгээ Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Монголын Засгийн газрын бодлогын дагуу нефтийн үйлдвэр барих эхлэлийг тавилаа. Бүтээн байгуулалтын ажил тун удахгүй эхэлнэ. Энэ бол улсын эдийн засагт бодит үр өгөөжөө өгөх том төсөл. Жилдээ 1.5 сая тонн нефть түүхий эд үйлдвэрлэнэ. Улсынхаа нефтийн хэрэгцээг 100 хувь хангах боломжтой. Мөн Замын-Үүдийн чөлөөт бүсийн нээлтийг ирэх жил хийнэ. Энэхүү томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлснээр улс орны болон Дорноговь аймгийн ард иргэдийн амьдрал, хөгжилд дэвшилд чухал нөлөө үзүүлэх ёстой” гэлээ.

Ерөнхий сайдын ажлын албан томилолтын бүрэлдэхүүнд Дорноговь аймаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөжлийн сайд, Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нарын яам, агентлагийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. Ерөнхий сайдын уулзалт иргэдийн санал хүсэлтээр үргэлжилж байна.

Ерөнхий сайд зургаадугаар сарын 21-ний үдээс хойш Замын-Үүд суманд ажиллана.