Categories
мэдээ нийгэм

Хатуу хучилттай авто замын нөхөөсийг хийнэ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг шат дараатай зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал гэр хороолол дундах замыг хусч, тэгшлэх мөн орон сууцны хороолол доторх авто замын нөхөөсийн ажлыг өнгөрсөн 7 хоногоос хийж эхэлсэн билээ.

Тэгвэл дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1 ОНӨААТҮГазар дүүргийн хэмжээнд нийт 21 хорооны 1.975 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөөсийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажлаа эхлүүлээд байна. Нийтлэг үйлчилгээний газар-1 ОНӨААТҮГ-ын албан хаагчид өнгөрсөн хугацаанд дүүргийн 22 дугаар хорооны ‘’Төгөл хус’’ хотхоны 100 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөөсийн ажлыг хийж гүйцэтгээд байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын Д.Оюунхорол санаачлан боловсруулсан “Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай” хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэлсэн үгэндээ “Монголчууд сайхан сэтгэлтэй, тусархаг ард түмэн. Зөвхөн авахын төлөө биш өгөх сэтгэлтэй байх нь хүн төрөлхтний хамгийн өндөр дээд ёс суртахуун. Тиймээс ч бусдад хариу нэхэлгүй тус хүргэдэг иргэд, төрийн бус байгууллага маш олон байдаг. Сүүлийн жилүүдэд сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулдаг иргэн, байгууллага нэмэгдэж, нийгэмд хэрэгтэй сайн үйлс олныг хийж байна. Сайны хажуугаар саар гэгчээр сайн дурын ажил нэийдлээр бусдыг залилах, мэхлэх, хууль бусаар хандив цуглуулах хууль бус явдал гарах боллоо” гэсэн юм.

Уг хуулийн төсөл нь долоон бүлэг 22 зүйлтэй бөгөөд сайн дурын үйл ажиллагааг дэмжих, түгээн дэлгэрүүлэх, сайн дурын үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулах зорилготой юм. Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай хууль батлагдснаар энэ чиглэлийн харилцаа эмх цэгцтэй болж, хэн нэгний зовлонгоор мөнгө олдог хууль бус байдлыг таслан зогсоох юм. Түүнчлэн сайн дурын ажлыг бүртгэх, нэгдсэн мэдээллийн сантай болох, төрөөс дэмжлэг үзүүлэх механизмтай болно. Хуулийн төслийг нэг сарын турш цахим орчинд байршуулж 1000 гаруй иргэд, байгууллагын санал аваад байна. Өнөөдрийн энэхүү хэлэлцүүлэгт сайн дурын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, ажилладаг төрийн, хувийн, гадаад болон дотоодын 50 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

“Ургийн хэт авиан оношилгооны ур чадварыг сайжруулах нь” сургалт зохион байгуулагдлаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран зургадугаар сарын 11-22 өдрүүдэд “Ургийн хэт авиан оношилгооны ур чадварыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтанд дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн Амаржих газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих, эмэгтэйчүүдийн нийт 24 их эмч хамрагдажээ. Сургалтын үр дүнд жирэмсэн эх, ургийн хэт авиан оношилгооны ур чадвар дээшлэн, эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжирна гэж үзэж буй юм.

Түүнчлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн хүсэлтээр магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор зургадугаар дугаар сарын 20-ны өдөр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэл, эрдслийн үнэлгээ, төлөвлөлт” сэдэвт сургалт зохион байгуулсан байна. Эмч, эмнэлгийн ажилтан 11 хүн оролцсон тус сургалтаар тусламж, үйлчилгээний эрсдлээ ажилтан бүр үнэлж, сурах мэдлэг олгоход оршжээ. Мөн тус төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай хамтран тарианы өрөө, гал тогооны хэсгийн эрсдлийг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Тэсрэх бодисын аюулгүй байдлыг хангах талаар сургалт хийв

Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны төлөвлөгөө, “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын хорооны 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн төрөл, аюулгүй ажиллагаа, тэсрэх бодисыг хэрхэн илрүүлэх, таньж мэдэх асуудал” сэдвээр 2018 оны зургадугаар сарын 14-ний өдөр орон нутгийн нисэх буудлуудын аюулгүй байдлын үзлэгийн шалгагч 20 албан хаагчид сургалт зохион байгуулав.


Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэршээлтэй иргэдийг дэмжих төсөл цаашид үргэлжилнэ

Өнөөдөр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв болон БНСУ-ын Дэжон хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Мэргэжлийн ур чадвар олгох институтийн хамтын ажиллагааныарван жилийн ой тохиож байна. Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, сургалтын арга зүйг сайжруулах, тэдний хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, бие даан амьдрах боломж олгох зэрэг юм.

Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв 42 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Жилд 15-45 насны, 100-120 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг боловсролын түвшин шаардахгүйгээр элсүүлэнсургадаг. Нэг жилийн хугацаанд тогооч, талх нарийн боовчин, мужаан, гар утас засварчин, гар урлаач, 2.5 жилийн хугацаанд оёдолчин, хэвлэлийн график дизайнч зэрэг мэргэжилтнүүдийг бэлддэг байна. БНСУ-ын Дэжон хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Мэргэжлийн ур чадвар олгох институт нь 2007 оноос Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтарч ажиллажээ. Энэ хугацаанд хоёр улс оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, Солонгосын талаас тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажил хийсэн байна.

Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын сургуулийн эрхлэгч Б.Алтмаа “Хамтын ажиллагааны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол олгох маш олон өөрчлөлт гарсан. Багш нараа сургалтанд хамруулж, компьютерийн хоёр шинэ ангитай болж, оношлогооны тоног төхөөрөмж суурилууллаа. Оношлогооны тоног төхөөрөмжтэй болсноор оюутнуудынхаа аль тал дээр нь ажиллах, ямар мэргэжилтэн болох зэргийг тодорхойлох боломжтой болж байгаа. Ингэснээр сайн мэргэжилтэн бэлтгэгдэж, тэдний нийгэмд эзлэх байр суурь нэмэгдэнэ. Өчигдөр манай хоёр төгсөгч Сөүл ресторанд ажиллахаар боллоо. Мөн өмнөх жилийн төгсөгчид ажлын байр бий болгоод, манай төвөөс ажиллах хүчээ хангадаг жишиг бий. Солонгос улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдүүлэх, ажлын байраар хангах тал дээр дэвшилттэй ажилладаг. Тиймээс цаашид энэ талын туршлага хуваалцах болно” гэв.

Дэжон хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Мэргэжлийн ур чадвар олгох институтийн Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан дарга Син Гю Сөб “2007 онд Монголд ирээд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ гэрээний гол агуулга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ирээдүйн хөгжил, дэвшил, нийгмийн эрх тэгш гишүүн болгох байсан. Би Герман улсад энэ чиглэлээр сурч мэдсэн зүйлээ өөрийн орондоо туршсан. Өнөөдөр Солонгос улсын Самсунг, LG зэрэг корпорациуд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг маш их дэмжиж, хамтарч ажиллах сонирхолтой байдаг. Энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн туршлагыг Монголд нутагшуулахыг хүссэн. Маргааш хамтын ажиллагааны Монголын тал хариуцсан төлөөллүүдтэйгээ уулзаж төслийн үр дүн, цаашдын зорилгоо тодорхойлох болно” гэж ярилаа.

Л.АНУДАРЬ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын бүртгэлийн багц хуулийн төслийг батлав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Засгийн газраас 2018 оны тавдугаар сарын дөрөвний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг тавдугаар сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар хийсэн юм.

Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, М.Билэгт нар асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Тухайлбал, төслийн тавдугаар зүйлд “Бүртгэлийг цахим хэлбэрээр хөтлөхдөө аюулгүй байдлыг хангасан, кодлогдсон технологийг ашиглах бөгөөд өөр хоорондоо уялдаатай, нэгдсэн стандарт, арга зүйтэй байна” гэсэн агуулгатай 5.7 дахь хэсэг нэмэхээр болов. Мөн төслийн 12 дугаар зүйлийн 12.2.3 дахь заалтын “байгуулсан гишүүдийн тоо” гэснийг “байгуулагчийн нэр, тэдгээрийн тоо, хувьцаа эзэмшигчийн нэр” гэж өөрчилж, 12.2.4 дэх заалтыг “12.2.4.төрийн болон албаны нууцад хамааруулснаас бусад үл хөдлөх эд хөрөнгө, газрын байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, зориулалт, төлөв байдал, эргэлтийн цэг, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн төрөл, тусгай тэмдэглэл” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.1 хувь нь дэмжлээ. Түүнчлэн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсгийг “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдэд энэ хуулийн 12.2, 12.3-т зааснаас бусад мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр, эсхүл хязгаартайгаар буюу нотариатчаар дамжуулан энэ хуулийн 12.7-д заасан зорилгоор хуульд заасан үндэслэл, журмын дагуу өгөх бөгөөд үйлчилгээний хөлсний хэмжээг энэ хуулийн 21,2-т заасны дагуу тогтооно” гэж өөрчлөн найруулахаар тогтов.

Мөн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн баригдсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд “Улсын бүртгэлийн байгууллагад ажиллаж байгаа эрх зүйч мэргэжил эзэмшээгүй улсын бүртгэгч нь хууль хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлснээс хойш таван жилийн хугацаанд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан шаардлагыг хангасан байна” гэсэн агуулгатай дөрөвдүгээр зүйлийг нэмэхээр болов.

Ингээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 31 нь буюу 64.6 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа. Уг хуулийн шинэчилсэн найруулгыг 2018 оны 12 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтов. Мөн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хуралдаанд ороолцсон гишүүдийн 60.4-64.6 хувийн дэмжлэг авч батлагдлаа.

Дараа нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны танилцуулгыг сонсов. Байнгын хорооны хуралдаанаар дэгийн хуульд заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн байна. Түүнчлэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2016 оны 12 дугаар сарын нэгний өдөр хүчингүй болсон тул хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзжээ.

Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. Тухайлбал, төслийн 17 дугаар зүйлд “Үндэсний гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэхний загвар болон үндэсний гадаад паспортыг олгох, эзэмших, хадгалах журмыг Засгийн газар батална” гэсэн агуулгатай 17.4 дэх хэсгийг нэмэхээр болов. Ингээд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.8 хувийн саналаар Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлав. Мөн хамт өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Харьяатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэн гадаад хувийн хэргээр зоричх, цагаачлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.7-82.2 хувь нь дэмжив.

Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг сонслоо. Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган эцсийн хувилбарын хувилбарыг бэлтгэжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй зарим санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжжээ. Тухайлбал, эд хөрөнгийн зарим эрхийг цахимаар бүртгүүлэхэд эрхийн улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой үйлчилгээний хураамж авах зохицуулалтыг хасах,улсын бүртгэлийн байгууллагын салбар, нэгжийн нэршлийг өөрчлөх, мөн иргэн эд хөрөнгийн эрхийг бүртгэхээс татгалзсан бүртгэгчийн шийдвэртэй холбоотой гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу гаргахаар өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн Хаягжуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар тогтжээ.

Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлд “Эрхийн улсын бүртгэлд эзэмших, ашиглах зориулалтаар бүртгэгдсэн газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4.1.1 -д заасан зориулалтаар өмчлөх шийдвэр гаргасан бол энэ тухай эрхийн улсын бүртгэлд бүртгэж болно” гэсэн агуулгатай 5.9 дэх хэсэг нэмэх, мөн төслийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийн “салбарын даргад,* түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд” гэснийг “Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу” гэж өөрчлөхөөр тогтов. Түүнчлэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “23.3.9.газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх.”, “23.4.6.газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх” гэсэн агуулгатай 4 дэх заалт, мөн “23.6.Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн дугаарыг тэмдэглэнэ” гэсэн агуулгатай 5 дахь заалтыг тус тус нэмэхээр боллоо.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувийн саналаар бүхэлд нь батлав. Мөн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кадастрын зураглал, газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг гишүүдийн 69.0-85.2 хувийн саналаар бүхэлд нь батлав.

Дараа нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны танилцуулгыг сонссон юм. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэрийн улсын бүртгэлийн байгууллага бүртгэх, үүнтэй холбогдуулан зохион байгуулалтын бэлтгэл ажил хангагдах хүртэл, бүртгэх харьяаллыг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.3-т заасан журмаар тогтоох; Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төсөлд нийцүүлэн улсын бүртгэлийн байгууллагын “орон нутаг дахь салбар, нэгж” гэсэн нэр томьёог “орон нутаг дахь газар, хэлтэс тасаг” гэж жигдлэх; хууль батлагдсантай холбогдуулан хэлбэрээ өөрчлөн бүртгүүлэх шаардлагатай хуулийн этгээд хууль хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг болон холбогдох бусад саналууд гаргасан байна. Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Тухайлбал, төсөлд “Энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг тухайн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаагаа явуулах нутаг дэвсгэрийг харьяалах улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ” гэсэн агуулгатай 8.3 дахь хэсгийг нэмэхээр болов. Мөн энэ хуулийн 8.3 дахь хэсгийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив.

Ингээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг батлахыг 71.1-77.8 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүд батлагдлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай улсын экспортын 80 гаруй хувийг БНХАУ-тай, импортын 30 орчим хувийг ОХУ-тай хийсэн худалдаа эзэлж байна

Монгол Улс, БНХАУ, БНСУ, ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн Зөвлөлдөх хорооны уулзалт, салбар хуралдаанууд өнөөдөр (2018.06.21) Улаанбаатар хотноо эхэллээ. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин“Хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүд: Санхүүгийн хамтын ажиллагааны санаачилга сэдэвт дээд хэмжээний хэлэлцүүлэг”-ийг нээж үг хэлэв. Тус хэлэлцүүлэгт дөрвөн улсын Засгийн газрын дээд хэмжээний төөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монголын үндэсний хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төрөөс баримтлах бодлого, тэр дундаа тэргүүлэх чиглэлийн салбар болох Хөдөө, аж ахуй, уул уурхайн салбарын санхүүжилтийн боломжуудын талаар хэлэлцэж байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Гадаад худалдааны сүүлийн 10-аад жилийн статистик мэдээнээс харахад, манай улсын нийт бараа эргэлтийн 70-90 орчим хувийг “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн гишүүн орнуудтай буюу ОХУ, БНХАУ, БНСУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Үүний дотор экспортын 80 гаруй хувийг БНХАУ-тай, импортын 30 орчим хувийг ОХУ-тай хийсэн худалдаа эзэлж байна” гээд, харин “Их түмэн санаачилга”-ын гишүүн орнуудын Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтыг авч үзвэл, нийт хөрөнгө оруулалтын дөнгөж 30 хувьтай тэнцэж байгааг онцлон өгүүлэв.

“Засгийн газар томоохон төслүүдээ хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Тавантолгой” төслийг эргэлтэд оруулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна. “Тавантолгой” төслийг хувийн хэвшилтэй, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран нээлттэй, ил тод зарчмаар, нүүрс баяжуулах, боловсруулах, цахилгаан станц барих, зам тавих ажлуудыг иж бүрэн цогцолбор байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Сүүлийн жилүүдэд “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн гишүүн орнуудын хүн амын амьжиргааны түвшин хурдацтай дээшилж, 2030 он гэхэд дэлхийн дундаж давхаргын хүн амын 70 хувь нь энэ бүсэд амьдрахаар байна. Дундаж давхаргын хүн амын хэрэглээний бүтцэд экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн болон аялал жуулчлал чухал байр суурь эзэлдэг тул генетекийн өөрчлөлт, нэмэлт бордоогүй экологийн цэвэр мах, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, үр тариа нийлүүлэх боломж Монгол оронд байгааг та бүхэндээ сонордуулья” гэв. Түүнчлэн дэлхий глобалчлагдах хэрээр хөрөнгө, мэдлэг, ноу-хау түгэж, зах зээл хурдтай тэлж байгаа тул “Их түмэн санаачилга”-ын гишүүн орнууд хоорондоо худалдааны хөнгөлөлтийн хэлэлцээрүүдийг байгуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтарсан бүтээн байгууллалтуудыг өрнүүлэхийг уриаллаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газрын чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн сайдын хувьд ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүдийн боомтод чөлөөт бүс байгуулах, тэнд экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг хөгжүүлэхээр ажиллаж байгаагаа үгийнхээ төгсгөлд хэлээд, энэ ажилд гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оруулцуулахыг хүсэж байгаагаа илэрхийллээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Эрэн хайх аврах ангийн 20 жилийн ой тохиож байна

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн түүхт 20 жилийн ой тохиож байна.

Тус анги нь анх 1998 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Батлан хамгаалах сайдын 177 дугаар тушаалаар “Аврах отряд” нэртэйгээр хурандаа Ж.Сүрэнжавын удирдлага дор 5 алба хаагч, 2 авто машинтайгаар байгуулагдсан түүхтэй.

Өдгөө тус анги нь хошууч С.Даваажаргалын удирдлага дор 14 алба хаагчтайгаар гамшгийн аюулаас хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг баруун бүсийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт ажиллах томилолт өнөөдөр эхэллээ. Тэрбээр танхимын гишүүн Зам Тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүмүүсийн хамтаар энэ сарын 20-с 23-нд Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Алтанширээ сумдад ажиллана.

Монгол Улсын Ерөнхий сайдыг Дорноговь аймгийн Сайншанд сумын төв талбайд цэргийн хүрээний хүндэт харуул жагсан угтав.

Ерөнхий сайд Дорноговь аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчидтай уулзаж, төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр 7 төрлийн үүрэг өглөө.

Дараа нь Саран хөхөө театрт Сайншанд сумын иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсож, хариулт өгч зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.

Дорноговь аймагт сүүлийн жилүүдэд улсын төсвийн болон гадны зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд багагүй бүтээн байгуулалт хийгдэж, түүнийг дагасан эерэг үзүүлэлт гарчээ.

Даланжаргалан, Өргөн сумдад цементийн үйлдвэр баригдаж, Замын-Үүд, Алтан ширээ, Өргөн сумдад цахилгаан станц байгуулагдаж удахгүй ашиглалтад ороход бэлэн болж аймгийн хэмжээнд шинээр 1300 хүнийг ажлын байраар хангасан байна. Ажилгүйдэл буурч, эдийн засгийн өсөлт 10 хувьд хүрч, нэг хүнд ногдох ДНБ нь 4,392,000-аар хэмжигдэж байна гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд маргааш нефть боловсруулах үйлдвэр барих барилгын ажил, нар салхины цахилгаан станц, тээвэр ложистикийн төвийн барилгын ажлын явцыг тус тус шалгаж, “Хилийн цогцолбор” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, Нарны цахилгаан станцыг нээх ёслолд оролцоно гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

ФИФА Мексикийн хөлбөмбөгийн холбоог 10 мянган ам.доллароор торгожээ

Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ Мексикийн хөлбөмбөгийн холбоог 10 мянган ам.доллароор торгожээ. Ийм шийдвэр гаргасан нь Герман болон Мексикийн шигшээ багийн хооронд болсон тоглолтын үеэр Мексикийн хөгжөөн дэмжигчдийн гаргасан үйлдэлтэй холбоотой юм. Энэ тухай “Ассошиэйтед пресс” агентлагийн сурвалжлагч Роб Харрис “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ний F хэсгийн эхний тоглолт Герман-Мексикийн халз тулаанаар эхэлж мексикчүүдийн гайхамшигтай ялалтаар өндөрлөсөн билээ. Тоглолтын үеэр Мексикийн хөгжөөн дэмжигчид орилж хашгиран, Германы хаалгач руу ижил хүйстнийг эсэргүүцсэн утга агуулга бүхий үг хаяжээ. Түүнчлэн ФИФА Сербийн хөлбөмбөгийн холбоог 10 мянган ам.доллароор торгосон байна. Өнгөрсөн ням гарагт Коста-Рика болон Сербийн хооронд болсон тоглолтод Сербийн шигшээ баг хожсон юм.

ФИФА Мексикийн хөгжөөн дэмжигчдийг буруутгаж байгаа нь анхных биш юм. Тоглолтын үеэр Мексикийн хөгжөөн дэмжигчид өрсөлдөгч багийнхаа хаалгачид шахалт үзүүлэхийг оролдох тохиолдол олонтаа гардаг бөгөөд “puta” хэмээн хашгирч эхэлдэг нь Мексик хэлэнд бэлгийн цөөнхийг басамжлан доромжилсон утга агуулдаг аж. 2017 онд ОХУ-д болсон Холбоодын цомын тэмцээний үеэр ФИФА Мексикийн Хөлбөмбөгийн холбоонд хандан тус улсын хөгжөөн дэмжигчдийг дахин ийм үг ашиглахгүй байхыг уриалж байжээ.