Categories
мэдээ нийгэм

Монгол эрдэмтдийн бүтээгдэхүүнийг японы зах зээлд гаргах суваг нээгдлээ

ШУТСангийн урилгаар Олон улсын найрамдлын зөвлөлийн Монгол-Японы соёл, эдийн засгийн солилцооны нийгэмлэгийн тэргүүн Наохико Ито тэргүүтэй Японы тэргүүлэгч компаниудын удирдлагууд өчигдөр тус санд зочиллоо.

ШУТСан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд шинжлэх ухааныг дэмжих Японы JSPS нийгэмлэгийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын орлогч дарга Акико Фукита, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такуо Кидокоро нартай уулзаж Японтой хамтран ажиллах эхлэлээ тавьсан бол энэ удаагийн уулзалтаар тус улсад Монголын эрдэмтэн судлаачдын хэрэгжүүлсэн төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, гадаад зах зээлд гаргах гарц, боломжийг судлахад хамтран ажиллахаар дэлхийд үйлдвэрлэлээрээ танигдсан Японы толгой бизнесийн салбарын удирдлагуудтай уулзалт зохион байгуулав.

Энэ удаагийн уулзалтаар шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг чадваржуулж, хоёр орны эрдэмтдийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Японы санхүүжилттэй тэтгэлэгт эрдэмтдээ хамруулах, шинжлэх ухаан, боловсролын салбар дахь гадаад хамтын ажиллагаанаас гадна Монгол эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах, эдийн засгийн эргэлтэнд оруулах, технологи дамжуулах, гадаад борлуулалтын суваг нээх зэрэг чухал сэдвийг хөндсөн юм.

Тиймээс Японы төлөөлөгчдийг “Эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-тай танилцуулсан ба япончууд үзэсгэлэнд тавигдсан эко бүтээгдэхүүнээс Японы зах зээлд нэвтрэх боломжтой гэж үзсэн 14 нэр төрлийн бүтээгдэхүүнийг онцлон нэрлэсэн ба эдгээр бүтээгдэхүүний дээжийг Япон доо танилцуулахаар болов.

Түүнчлэн өмнөх уулзалтаар гаргасан ШУТСангийн захирал Д.Энхжаргалын хүсэлтийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такуо Кидокоро хүлээн авсан тул манай ШУТСангийн орон тооны бус зөвлөхөөр ажиллах болсныг арга хэмжээн дээр албан ёсоор мэдэгдлээ.

Ноён Такуо Кидокоро Монгол-Японы хамтын ажиллагааг маш ихээр дэмжиж, зүрх сэтгэлээ зориулан ажилладаг бөгөөд түүний санаачилсан “1000 инженер”, “Япон-Монголын эдийн засаг хамтын ажиллагаа” төсөл өнөөдрийг хүртэл үргэлжлэн хэрэгжиж байгааг дурдаж болно.

ШУТСан Засгийн газрын 2017 оны 295 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх талаар нэлээдгүй ажил хийж байгаагийн нэг нь өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа юм.

Олон улсын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээний ажилтан, залуу судлаачдыг мэргэшүүлэх, давтан сургах зэргээр хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх, ялангуяа Монгол брэндийг Японд нутагшуулах, олон улсын зах зээлд гаргаж Монгол эрдэмтдийнхээ бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө оруулалт хийхэд нээлттэй болгоход энэхүү 2 талт уулзалт ач холбогдлоо өгнө хэмээн төлөөлөгчид дүгнэлээ.

“List of Members of The FEC Delegation to Mongolia from 14th to 18th May 2018” Tuesday, May 15, 2018 арга хэмжээний хүрээнд ШУТСан дээр хүрэлцэн ирсэн Япон Улсын төлөөлөгчид:

1.Leader, Mr. Naohiko Ito, “Vice Chairman of FEC, Chairman of FEC Japan-Mongolia Cultural and Economic Exchange Committee, Honorary Senior Adviser of Japan Freight Railway Co., Ltd”

2. Sub-Leader, Mr. Takuo Kidokoro, “Advisor of FEC Japan-Mongolia Cultural and Economic Exchange Committee. Designated Professor, Nagoya University, Former Ambassador to Mongolia”

3. Member, Mr.Hiroyuki Takamizawa, Executive Officer, Senior General Manager, International Business Headquarter,SENKO CO.,LTD.

4. Member, Mr. Shuichi Iinuma, CEO, IP Partners, Co., Ltd.

5. Member, Mr. Toru Naono, Group General Manager, Global Forwarding & Development Div, NIPPON EXPRESS CO.,LTD.

6. Member, Mr. Eiki Shigeta, President & Founder, JETconnect co.,ltd

7. Member, Mr. Yoshimi Shirasu, Chief Executive Officer, FUJI SHINKOU CO.,LTD.

8. Attendant, Mr. Satoshi Matsuzawa, Manager, Planning & Operation Department, The International Friendship Exchange Council (FEC)

Categories
мэдээ нийгэм

Нарангийн энгэрийн хогийн цэгт хамгаалалтын ойн зурвас байгуулж мод тарьжээ

Бүх нийтээр мод тарих Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Сонгинохайрханчууд мод тарилаа. Үүний хүрээнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилгаар 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарангийн энгэр”-ийн төвлөрсөн хогийн цэгийн 900 метр хашааг дагуулан 2.08 га газарт мод тарилаа.

Уг төслийг 2020 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний удаад төрийн албан хаагчид болон иргэд хамтран уг талбайд 1200 мод тарилаа.

Categories
мэдээ нийгэм

С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хүсэлтийг шүүх хэлэлцэж байна

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцэж эхэллээ. Тэд шүүхэд гадуур шалгуулах хүсэлт гаргасан аж.

Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 10-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг гаргасан. Гэвч шүүхийн энэ шийдвэрийг прокурорын байгууллага хүлээн зөвшөөрөхгүй, Ерөнхий шүүгчид хандсанаар уг асуудлыг дахин хэлэлцсэн юм. Ингэхдээ шүүгчийн өмнөх шийдвэрийг цуцалж, С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг гаргасан юм. Харин энэ шийдвэрийн талаар тэд шүүхэд хандаж, батлан даалтад гарах хүсэлтээ илэрхийлснийг шүүх өнөөдөр ийн хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

2017 онд сүлжээний бизнест 35.000 гаруй иргэн хохирчээ

Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэж буй гэмт хэргийг таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэргээс иргэд олон нийтийг урьдчилан сэргийлэх , ухуулга, мэдээлэл өгөх зорилготой “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэж буй залилах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга замууд” сэдэвт сургалт, зөвөлгөөн өнөөдөр боллоо.

Тус сургалт, зөвөлгөөнд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг, Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Буян-Өлзий, Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчил шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор, хууль цаазын шадар зөвлөх С.Бурмаа, Санхүүгийн зохицуулах хорооны Захиргааны удирдлагын газрын дарга Б.Батзориг болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Сургалт зөвөлгөөнийг нээж, Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Буян-Өлзий хэлсэн үгэндээ.

“Залилах гэмт хэргээс үүдэлтэй цагдаагийн байгууллагуудад өнөөдөр их ажлын ачаалал бий болгож байна. Нэг хэрэг дээр ганц хүн биш ажлын хэсгүүд гарч ажиллаж байж үр дүн гарна. Зарим залилах гэмт хэргүүд хэдэн сар, жилээс дээш хугацаанд шалгагдаад явж байна. Иймэрхүү гэмт хэргүүд ихээр үйлдэгдэж байгаа учраас ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс, Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албатай хамтраад урьдчилан сэргийлэх чиглэлээр 4 дүгээр сард “Залилах гэмт хэргээс сэргийлэх аян” зохион байгуулж байна. Урьдчилан сэргийлэх аян маань нэлээн үр дүнгээ өгч чадаж байгаа. Өнөөдрийн сургалт, зөвлөгөөнөөр мэргэжлийн зөвөлгөөг өгч, санхүүгийн зохицуулах хороо, прокурорын зөрчилд хяналт тавих хэлтэстэй зөвлөлдөх болно.

Гэмт хэрэг үйлдэгдсний дараа биш гэмт хэргийн бэлтгэл үед урьдчилан сэргийлж таслан зогсоох нь бидний гол зорилго. Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч ажиллавал сүлжээний бизнесээс ард иргэдийгээ хамгаалах, хохирол учруулахгүй байх, гэмт хэргээс сэргийлэх бүрэн боломжтойг ойлгон энэхүү сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч Л.Цогтсайхан:

ЦЕГ-аас санаачлан залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх түүний дотроос пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдэд энэ талаар үнэн бодит мэдээ мэдээлэл өгөх зорилгоор тус сургалтыг зохион байгуулж байна. ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс, Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийналба, Улсын ерөнхий прокурорын газар, МУИС-ийн эрдэмтэн багш, нийслэлийн дүүргүүдийн мөрдөн байцаах нэгжийн дарга, алба хаагчид оролцож байна. Сургалт зөвлөгөөний гол зорилго нь пирамид тогтолцоогоор үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, эдгээрийн үйл ажиллагааг зохицуулах мөн шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Цагдаагийн байгууллага төрийн бусад байгууллагатай хамтран пирамид тогтолцооны луйврын аргаар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, иргэнд хяналт шалгалтаа тогтоох, Аж ахуйн тусгай зөвшөөрөлд нь олон шатлалт маркетинг буюу шууд борлуулалтын худалдаа гэдэг тусгай зөвшөөрлийг оруулж өгье гэсэн санал гарч байна. Мөн энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэний бүртгэлийн нэгдсэн цахим сантай болох зорилтыг тавин ажиллаж байна.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн маркетинг худалдааны танхимын эрхлэгч доктор профессор С.Бурмаа:

Сүлжээний бизнес, сүлжээний маркетингийн талаар товч онолын ойлголт өгөх болно.

Олон шатлалт маркетинг нь сүлжээний бизнесийн нэг хэлбэр. Бодит бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд борлуулдаг, давхар сурталчилж, тээвэрлэн хүргэж, баталгаа даатгал нэмэлт үйлчилгээнүүдийг бий болгодог. Ингэж хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлж харилцан үр ашигтай ажиллаж байдаг. Энэ нь хууль ёсны бизнес гэж би үзэж байна. Яагаад гэвэл тухайн хүн мөнгөө төлөөд харицд нь бараа бүтээгдэхүүн худалдан авч байгаа юм. Энэ тохиолдолд худалдан авагч тал хохироогүй учир гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин сүүлийн үед зарим нэгэн мөнгө амласан сүлжээний бизнес хэрэглэгчдийг хохироох үзэгдэл их гарсан. Иргэд энэ тал дэрэ ихээхэн анхаарч сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Аль нь сүлжээний бизнес вэ гэдгийг ялгаж салгах хэрэгтэй юм.

Санхүүгийн зохицуулах хорооны Захиргааны удирдлагын газрын дарга Б.Батзориг:

Санхүүгийн зохицуулах хорооны хувьд УИХ-аас байгуулагдаж, үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнадаг байгууллага. СЗХ их хурлаас долоон гишүүн томилж, тус долоон гишүүний шийдвэрийг УИХ-аас томилогдсон таван хяналтын зөвлөлийн гишүүн хянаж байдаг ийм бүтэцтэй байгууллага. Монгол улсын санхүүгийн зах зээлийг зохицуулах, санхүүгийн зах зээлийг тогтвортой байдлыг хангаж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй учраас тусгайлан УИХ-аас томилогдон ажилладаг байгаа. Банкнаас бусад санхүүгийн зах зээлийг бүхэлд нь хяналт тавьж ажилладаг. СЗХ-нд бүртгэлтэй 2187 этгээд үйл ажиллагаагаа явуулж байна. Шууд утгаар нь хэлвэл тусгай зөвшөөрөл авсан компаниуд маань залилан мэхлэх гэмт хэрэгтэй ойролцоо үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. Санхүүгийн зах зээл өөрөө итгэлцлийг олж аваад түүн дээр тоглож мөнгө олдог. Санхүүгийн зах зээл дээр ямар ч чадваргүй хүмүүс орж ирээд хүмүүсийн итгэлцлийг олж залилан мэхлэх, үйл ажиллагаа явагдаж байна. Харин СЦХ-нд бүртгэлтэй компаниудын хувьд тус компани хуулийн дагуу бизнес эрхлэх чадвартай юу, их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлсэн тохиолдолд бизнес эрхлэх төлөвлөгөө бодитой юм уу гэдгийг олон талаас нь судлаж байж энэ компани энэ зах зээл дээр итгэлцлийн бизнесийн үйл ажиллагааг явуулах боломжтой юм байна гэдэг зөвшөөрлийг олгодог. Зөвшөөрлийг олгосны дараа сар улирал тутам тайланг авдаг. Энэ тайлан дээр хорооны ажилтнууд байнгын хяналт тавьдаг. Ямар нэгэн эрсдэл үүсвэл газар дээр нь очиж шалгадаг. Шалгах явцад зөрчлийн шинж илэрвэл зөрчил шалгах ажиллагааг хэрэгжүүлдэг.

Жи Тайм сүлжээний хувьд СЗХ-оос мэдээлэл л өгсөн. Жи таймруу хуулийн ямар ч байгууллага айгаад орж чадахгүй байсан тэрний үр дагавраар мөнгө, машин орон сууцны хөтөлбөрлүү оруулж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг зогсоогоогүй бол цаашид хэрхэх байсан нь тодорхойгүй. Төрийн байгууллагууд ороогүй байхад СЗХ очиж үзэж, мэдээллийг холбогдох байгууллагуудад өгч ажилласан. СЗХ санхүүгийн зах зээлийн тал дээр өндөр мэргэшсэн ажилчид байдаг тул пирамид луйвар байна уу гэдгийг шинжээчээр орж ажилладаг. Харин нэр барьж залилан мэхлэх үйлдэл илэрвэл Цагдаагийн байгууллагатай хамтарч таслан зогсоох арга хэмжээг авч ажиллана.

Шууд худалдаа, сүлжээний бизнесийн маркетинг судлаач Д.Чимэддамба:

“Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэж буй залилах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлууд, урьдчилан сэргийлэх арга замууд” сэдэвт сургалт, зөвөлгөөн болж байгаад их баяртай байна.

Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа санхүүгийн пирамид 18, бараатай пирамид 15, өнгөлөн далдлагдсан шууд худалдааны компани 15, шууд худалдааны компани 3 байна. Гэтэл хуулиараа энэ бүхнийг бүгдийг нь хориглочихсон байна. Гэсэн ч энэ үйл ажиллагаа зах зээл явагдаж, залилан луйвар нь улам гүнзгийрч байна. Хамгийн сүүлийн жишээг татвал Stanford олон улсын хөрөнгө оруулалт, та нэг жилд 1200 хувийн ноогдол ашиг авна, та 10 мянган долларын хөрөнгө оруулалт оруулчихвал долоо хоног бүр 650 долларын ашиг авна гэх сурталчилгаа явж байна.

2009 онд бас нэг аж ахуй нэгж Зэс эрдэнийн хувь тарааж 24500 хохирогчтой хуурамч хувьцаа тараасан луйврыг Санхүүгийн зохицуулах хороо шалгаж байгаа юм байна.

Сүүлийн үед хүмүүсийг залилах гэмт хэрэг ихээр үйлдэгдэх болсон тул Цагдаагийн байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо хамтран ажиллах нь зөв зүйтэй юм.

Categories
мэдээ нийгэм

Түймэрт өртсөн иргэнд гэр олгов

Ховд аймгийн Онцгой байдлын газарт он гарсаар 18 удаагийн гал түймрийн дуудлага ирсэн байна. Хамгийн сүүлд буюу 05 дугаар сарын 12-ны өдөр Ховд сумын Баянбулаг багт гал түймрийн улмаас эрдэнэт хүний амь эрсэдсэн золгүй явдал тохиолдсон. Тухайн гал түймрийн улмаас орон гэргүй болсон иргэн Ж-д аймгийн Засаг дарга тамгын газар, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас таван ханатай иж бүрэн гэр, нэг сая төгрөгийн тусламж үзүүллээ.

Тусламжийг өчигдөр аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт нар гардуулж өглөө гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх: ХАА, газар тариалан, мал аж ахуйг эдийн засгийн тэргүүлэх салбар болгоно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар газар тариалангийн бүс нутаг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хоёр хоног ажиллахдаа газар тариалан, мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг судлан, газар дээр нь ажиллаж буй салбарын мэргэжилтнүүдтэй санал солилцож явлаа.

Хөдөө аж ахуйн салбарыг экспортын чиг баримжаатай хөгжүүлэх нэг үндсэн нөхцөл нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын тоо бус чанарыг сайжруулах явдал юм. Үүний тулд малын удмын санг чанаржуулж, үүлдэр угсааг төрөлжүүлэн сайжруулах, жишиг аж ахуйг хөгжүүлэх, тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Монгол Улсад малын үүлдрийн нийт 47 омог албан ёсоор бүртгэлтэй байдаг талаар Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон Ерөнхий сайдад танилцууллаа.

Монгол малын гeнeтик нөөцийг лабораторийн орчинд бий болгох, хадгалах, хамгаалах, малын үржилд биотeхнологийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэх үндсэн чиглэлтэй тус хүрээлэн өмнө нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт байрлаж байсан. ХХААХҮЯ тус төвийг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэн Дархан-Уул аймагт шилжүүлэн байгуулсан бөгөөд ирэх 6 дугаар сараас шинэ байрандаа үйл ажиллагаа явуулж эхлэх юм. Энд бүх үүлдрээс шилмэл сайн, ашиг шим ихтэй үүлдрийн үр хөврөлийг тeхнологийн дагуу авч, гүн хөлдөөн, зохиомол хээлтүүлгээр хөврөл суулгах ажил хийж байгаа. Жилдээ 180.000 тун бухны, 36.000 азарганы, 120.000 хуцны, 40.000 ухны, нийт 376 мянган тонн үрийг гүн хөлдөөх боломжтой ба бог малыг намар, бод малыг жилийн дөрвөн улиралд зохиомлоор үр суулгаж болох юм. Малын үүлдэр угсаагаа сайжруулах хүсэлтэй малчин бүрт нээлттэй ажиллах тус хүрээлэн 25-40 мянган төгрөгөөр зохиомол үр суулгах үйлчилгээ үзүүлнэ.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Бид малынхаа тоонд биш чанарт үүлдэр угсаанд анхаарал хандуулах цаг ирсэн. Өнөөдөр манай улсад баталгаажсан 47 үүлдэр омгийн мал бий. Шинээр батлагдан гарсан Малын генетик нөөцийн тухай хуулиар малын үржил селекци, үүлдэр омгийг хадгалах сайжруулах ажлыг шинжлэх ухааны үндсэн дээр мэргэжлийн байгуулага хийх талаар тодорхой зохицуулалт тусгагдсан. Малын удмын сангийн үндэсний төвийн энэхүү цогцолборын үйл ажиллагаа явагдаж эхэлснээр 6-р сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхлэх дээрх хуулийн хэрэгжилтийн бааз суурь болох юм гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөө аж ахуйгаа түшиглэж хөгжихөд хамгийн чухал нь шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээ. Тийм учраас үйл ажиллагаагаа илүү эрчимжүүлээрэй. Монгол малын ашиг шимийг арвин байлгах ажил та бүхний ажлын үр дүнгээс хамаарна гээд ажлын амжилт хүслээ.

Монгол Улс нийт 4 сая тоо толгой үхэртэй. Монгол үхрийн амьдын жин 350-400 кг татдаг бол махны чиглэлийн сайжруулсан үүлдрийн үхэр нас биед гүйцэхдээ 1 тонн татах боломжтой. Харин сүүний чиглэлийн сайжруулсан үүлдрийн үнээнээс хоногт 17-18 литр сүү, заримдаа 30 литр сүү саадаг байна. Монгол үнээ дунджаар 4-5 литр сүү гардагтай харьцуулж үзэхэд гарц 3-4 дахин их бөгөөд жилд 5000 гаруй литр сүү өгөх боломжтой аж. Одоогийн байдлаар ангус, герeфорт, лимузин гэсэн гурван үүлдрийн үхрийг мал сүргийг сайжруулахад ашиглахаар тогтжээ. Мал сүрэгт олон төрлийн үүлдэр хяналтгүй оруулж ирвэл сайжруулах үйл явц алдагдана гэдгийг хүрээлэнгийнхэн хэлж байв. Бог малын тухайд мах, ноосны чиглэлээр сүргийг сайжруулахаар Амeрик, Францаас үүлдрүүд оруулж ирж байгаа аж.


Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд махны хэвшлийн үхрийн “Газар агро” ХХК, “Алтан тариа” ХХК-ийн сүүний үхрийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцсан. Эрчимжсэн мал аж ахуйн жишиг фермерүүд болсон дээрх аж ахуйнууд мах, сүүний чиглэлийн сайжруулсан үүлдрийн үхэртэй, үхрээ тэжээх тэжээлийг тариалдаг, мах, сүүгээ боловсруулдаг, Эрдэнэт, Дарханд сүүгээ нийлүүлдэг гээд малын ашиг шимийг хүртэх бүхий л менежментийг хийж байгаа юм.

“Газар-Агро” ХХК Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн сумын нутагт махны чиглэлийн үхрийн аж ахуйг эрчимжсэн технологийн дагуу эрхлэх дэд бүтцийг бий болгон, ОХУ-аас “Герефорд” үүлдрийн бух, үнээг импортлон оруулан цэврээр нь үржүүлэн нутагшуулж байна.

“Алтан тариа” ХХК-ийн сүүний үхрийн хагас эрчимжсэн аж ахуйн хамгийн бага хөрөнгөөр бүтсэн гэдгээрээ жишиг болж буйг тус компанийн захирал П.Цэнгүүн танилцуулж байв. Эрчимжсэн мал аж ахуйн фермийн хамгийн чухал зүйл нь малаа тэжээх тэжээлийг тарих аж. Өөрөөр хэлбэл тэжээлээ тариалж байж сайжруулсан үүлдрийн малын ашиг шимийг бүрэн хүртэж чаддаг. Уг аж ахуйд нийт Австрали үүлдрийн 200 гаруй сүүний чиглэлийн үхэр байгаагаас 80-100- нь сааж, өдөрт 1.7 тонн орчим сүү авдаг, 10 гаруй хүн тогтмол ажлын байраар хангагддаг аж.

Эрчимжсэн мал аж ахуй эрхэлж, малаас гарах ашиг шимийг хүртэн, цаашлаад бүтээгдэхүүнээ худалдаанд гаргах, ажлын байр нэмэгдүүлэх гээд олон талын ач холбогдолтой бөгөөд Засгийн газрын дэвшүүлж буй экспортын чиг баримжаатай ХАА-г хөгжүүлэх зорилтод хүрэхэд том түлхэц өгнө гэдгийг ХХААХҮ-ийн сайд эдгээр жишиг фермерүүдийн жишээн дээр холбогдох албаны хүмүүст тайлбарлалаа . Монголын газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймаг 4000 гаруй, Дархан-Уул 2500 орчим мал бүхий иргэдтэй. Эдгээр иргэд дээрх жишгээр эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүрэн боломжтой бөгөөд үүнд шаардагдах дэмжлэгийг Засгийн газраас бодлого гаргаж ХХААХҮЯ хэрэгжүүлэх боломжтойг салбарын сайд тодотгож байлаа.

Categories
мэдээ спорт

Жон Петерсоны нэрэмжит тэмцээн Орхонд болно

Чөлөөт бөхийн “Монреаль-1976” олимпийн наадмын алт, “Мюнхен-1972”-ын мөнгө, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Дэлхийн цомын гурван удаагийн аварга Жон Петерсоны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн зургадугаар сарын 22-24-нд Орхон аймагт болно. Тус тэмцээнийг “Athletes in Action” клуб, Монголын чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулах юм байна. Энэ дэвжээнээс тив, дэлхийн дэвжээнд гялалзсан олон шилдэг тамирчин төрөн гарсан бөгөөд орон нутагт анх удаа болох гэж буйгаараа онцлогтой.

Categories
мэдээ нийгэм

Тариаланчид газар тариалангийн бүс нутгаа тогтоохыг Засгийн газраас хүслээ

Газар тариалангийн бүс нутаг дахь Ерөнхий сайдын албан томилолт Сэлэнгэ аймаг дахь усалгаатай тариалангийн “Арвин хур” ХХК, “Монгол газар шим” компаниудын тариалангийн талбай, төмсний тариалалт, үрийн үйлдвэрлэл эрхэлдэг “Элит үр” ХХК, Хөтөл тосгон дахь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбарт үргэлжилсэн. Усалгаатай тариалангийн компаниудын хувьд Сэлэнгэ мөрнөөс татсан усаар талбайгаа усалдаг тус тeхнологийг нэвтрүүлэхэд 13 жил ажиллаж байж одоо л бүрэн гарт орж байна гэж “Арвин хур” ХХК-ийн захирал Ч.Чадраабал ярьж байв. Нийт 1500 га талбайд тариалалт хийж байгаа тус компанийн талбайд мал орсноор 30 хувийг сүйтгүүлж алдсан аж. Тиймээс Газар тариалангийн бүсийг тогтоож, бэлчээрийн мал аж ахуй, газар тариаланг салгах зайлшгүй шаардлагатайг мөн хэллээ.

“Монгол газар шим” компанийн захирал Б.Эрдэнэбат ХХААХҮЯ-наас тариаланчдыг дэмжих чиглэлээр явуулсан үйл ажиллагаа үр өгөөжөө өгч буйг онцолж байв. Яамнаас энэ жил улаанбуудайн үрийг 30 хувийн хямдралтай, мөн 30 хувийн урьдчилгаа мөнгөөр тариаланчдад олгосон бөгөөд нийт 7 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгосон хэмээн сайд Б.Батзориг тодотгож байлаа.


Төмсний тариалалт, үрийн үйлдвэрлэл эрхэлдэг “Элит үр” ХХК солист, гала, куарта сортын төмс тариалдгаас гадна чипсний төмсийг тариалж эхэлснийг онцолж байлаа. Элит үрээ мөн үржүүлж бусад тариаланчдад нийлүүлдэг бөгөөд салбар яамны дэмжлэгээр дотоодын үрээр тариаланчдаа 70 хувь хангах зорилтод хүрэхээр ажиллаж байгаа юм байна. Нийт 250 мянган бичил булцуу буюу үр гаргаж чадвал гаднаас төмсний үр импортлохгүй байх бүрэн боломжтой аж. Энэ жил 8.5 мянгад төмс тариалах бөгөөд хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар газар тариалангийн бүс нутагт тариалалт ид өрнөж буй энэ үед ажилласан нь энэ салбарт тулгамдаж буй асуудалтай биечлэн танилцаж, гарц гаргалгааг тариаланчидтай ярилцан шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн юм. “Нэн тэргүүнд хос тулгуурт эдийн засагтай болох Засгийн газрын зорилтод уул уурхайгаас хэт хараат эдийн засгийг ХАА-н салбартай хослуулан хөгжүүлэхээр тусгасан. Хэрэв хос тулгуурт эдийн засагтай болбол олон тулгуурт эдийн засгийг бүрдүүлэх цаашдын ажлууд саадгүй явна.

Тийм учраас газар тариалан, хөдөө аж ахуйг дэмжиж, эрчимжсэн МАА, газар тариалантай болох, хөрсөө хамгаалж, хашаалах, эрүүлжүүлэх, га-гаас авах ургацыг нэмэгдүүлж, усалгаатай тариалалтыг нэмэгдүүлэх зэрэг бодлогын шинж чанартай ажлыг Засгийн газраас дэмжинэ. ХАА, газар тариалан, МАА-г эдийн засгийн тэргүүлэх салбар болгох зорилт дэвшүүлж байгаа. Экспортод гаргах зорилгыг тариаланчид та бүгд хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх шаардлагатай” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариаланчдад хэлж байв. Монгол Улсын 3 сая гаруй хүн амыг эрүүл хүнсээр хангах үндэс суурь болсон газар тариалан, мал аж ахуйн салбарыг зохистой бодлоготой хөгжүүлэх, ингэхийн тулд Газар тариалангийн бүс нутгийг тогтоон малчид, тариаланчдын хооронд үүсдэг асуудлыг шийдвэрлэх, тариалангийн талбай, хөрсөө хамгаалах шаардлагатайд санал нэгдэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, ойрын үед шийдвэр гаргахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудын нутгаар хур тунадастай

Энэ сарын 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 20-нд баруун аймгуудын нутгаар бороо, хур тунадас орно.

Салхи 17,18-нд зарим газраар секундэд 12-14 метр, 19-нд Алтайн уулсаар, 20-нд баруун болон төвийн нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Чанга чимээ гаргадаг төхөөрөмжөөр ханган тоноглох үүргийг буулгажээ

Сүүлийн үед зах зээлд цахилгаан хөдөлгүүртэй автомашин маш ихээр худалдаалагдах болсон. Гэхдээ орчин үеийн дэвшилтэт технологи бүхий цахилгаан хөдөлгүүрүүд бараг бүгд ямар ч дуу чимээ гаргадаггүй болсон нь явган хүний гарцаар гарах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрсдэл учруулж болох асуудал үүсээд байгаа юм. Тиймээс цаашид бүх төрлийн цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийг зориудаар чанга дуу гаргадаг төхөөрөмжөөр тоноглож өгөх нь зүйтэй юм байна хэмээн холбогдох албаны мэргэжилтнүүд үзэж байна.

АНУ-ын Үндэсний хурдны замын аюулгүй байдал, удирдлагын газар нийт цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгч компаниудад хандаж, үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлж байгаа дуу чимээ багатай тээврийн хэрэгслүүдээ дуут дохио, чанга чимээ гаргадаг төхөөрөмжөөр ханган тоноглох тухай үүргийг буулгасан байна. Энэ үүргийг холбогдох компаниуд өөрсдийн үйлдвэрлэсэн автомашинууддаа 2019 оны есдүгээр сарыг хүртэлх хугацаанд амжиж тоноглохыг анхааруулжээ.

Энэ нь явган хүний гарцаар хөндлөн гарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон унадаг дугуйтай иргэдийн амь нас, эрүүл мэндийг урьдчилан хамгаалах арга хэмжээ болно гэж үзжээ. Сүүлийн үеийн цахилгаан хөдөлгүүрүүд бараг дуу чимээ гаргахгүй байгаа нь иргэд явган хүний гарцаар гарахдаа автомашин ойртож ирснийг мэдэхгүй байгаатай холбон тайлбарлаж байна. Үүнийг олон улсын шинжээчид цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд дуу чимээгүй шинж байдлаа алдаж магадгүй боллоо хэмээн онцолж байгаа юм.

Цаашид 2020 он гэхэд нийт эко машинд зориудаар чанга дуу гаргагч систем, төхөөрөмжийг бүрэн суурилуулж дуусгахаар зорьж байгаа гэжээ. АНУ-ын Үндэсний хурдны замын аюулгүй байдал, удирдлагын газраас өгсөн судалгаагаар бол автомашинд ийм төрлийн дуут дохионы системийг суулгаснаар нэг жилийн дотор 2400 хүн гэмтэж бэртэх эрсдлээс хамгаалагдах боломжтой гэж онцолжээ. Үүнд 2, 3 , 4, 6 болон түүнээс илүү ширхэг дугуйтай цахилгаан хөдөлгүүртэй бүх төрлийн тээврийн хэрэгсэл хамааралтай юм байна. Үүнтэй холбогдуулан 10-30 км цагийн хурдтай явж байгаа тохиолдолд тээврийн хэрэгсэл ямар хэмжээний дуут дохио өгөх шаардлагатай талаарх дүгнэлтийг ч гаргаад байгаа хэмээн мэдэгджээ.