Categories
энтертаймент-ертөнц

“Севилийн үсчин” дуурь шинэчилсэн найруулгаар үзэгчдэд хүрнэ

Дэлхийн хошин дуурийн бэлгэ тэмдэг хэмээн зүй ёсоор тооцогддог Ж.Россиний “Севилийн үсчин” хошин дуурийг УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 19, 20-нд тайзнаа толилуулна.

Сонгодог урлаг сонирхогч та бүхэн энэхүү дуурийн шинэ шийдэл, өвөрмөц тайз, гоёмсог хувцас, залуу уран бүтээлчдийн содон тоглолт, тайзнаа өрнөх хөгжилтэй, сонирхолтой үйл явдлыг үзэж, нэгэн үдшийг өнгөрөөх боломжтой.

Тус дуурь нь дэлхийн олон орны тайзнаа 200 гаруй жилийн турш үзэгчдийн таашаалыг хүртсэн бүтээл хэвээр байгаа бөгөөд дуурийг алдарт хөгжмийн зохиолч ердөө 10 гаруйхан гаруйхан хоногт бичсэн гэдэг нь гайхалтай. Дуурийн нээлт 1816 онд Италийн “Аржентина” театрт болсон бол манай театрын тайзнаа 1979 оны 10 дугаар сарын 13-нд үзэгчдэд хүрчээ. Уг бүтээл УДБЭТ-ын тайзнаа амилснаас хойш өнөөг хүртэл нийт 38 жил тасралтгүй тоглоход хоёр удаа сэргээж, гурван үеийн уран бүтээлчдийн тоглолтоор үе үеийн үзэгчдэд сэтгэлийн цэнгэл эдлүүлсэн бүтээл юм.

УДБЭТ-ын урын сангийн бодлогын хүрээнд дэлхий дахины жишгийн дагуу эх хэлээр нь шинэчлэн тоглохоор шийдэж, ингэхдээ өнөө цагийн үзэгчдийн сэтэхүй, таашаалд нийцүүлсэн өвөрмөц, шинэлэг тавилтаар 2017 оны 10 дугаар сарын 28, 29-нд тайзнаа тоглосон билээ. Найруулагчаар Итали улсын найруулагч С.Монтиг урьсан бөгөөд тэрээр дуурийн үйл явдлыг бүтэн зуунаар наашлуулан, дэлхийн эдийн засаг, соёлын хөгжлийн үсрэлтийн XIX зуунд болгон хөрвүүлэн тавьсан нь үзэгчдийн сэтгэлд ихээхэн нийцсэн юм.

Шинэчлэн найруулсан дуурийн гол дүрүүд болох авхаалжтай, сэргэлэн Фигарод Э.Отгонбат, Л.Болдцэрэн, үзэсгэлэнт бүсгүй Розинагийн дүрийг МУГЖ Ө.Уянга, гоцлол дуучин Б.Одонзаяа, залуу бүсгүйн сэтгэл, хөрөнгөнд шунагч өвгөн доктор Бартологийн дүрийг СТА Б.Алтанхуяг, дуучин Э.Амарсайн, үнэнч сэтгэлтэй эрхэмсэг гүн Альмавивагийн дүрийг СТА Г.Шижирболд, гоцлол дуучин М.Даваадорж, мөнгөтэй хүнд үйлчилж явдаг шунахай багш Дон Базилиогийн дүрийг СТА О.Хүрэлбаатар, гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ, ажилсаг гэрийн үйлчлэгч Бертагийн дүрийг МУГЖ Б.Эрдэнэтуяа, гоцлол дуучин Э.Адьяасүрэн, эзэндээ үнэнч, хариуцлагатай зарц Фиореллогийн дүрд СТА Э.Бумхүү, гоцлол дуучин Л.Бүүвэйбаатар нар дуулах юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Кино бүтээлийн түгээлт ба зохицуулалт уулзалт, хэлэлцүүлэг болно

КИНО ТҮГЭЭЛТ БА ЗОХИЦУУЛАЛТ

Уулзалт, хэлэлцүүлэг

Зорилго: Кино бүтээлийг нийтэд түгээгч байгууллага аж ахуйн нэгжийн төлөөлөлд төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг танилцуулах, хэрэгжилтийн явцад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх

Хамрах хүрээ: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 6 кино театр, үндэсний болон өргөн нэвтрүүлгийн телевиз, кабелийн болон интернет протоколд суурилсан телевиз / IPTV/

Хаана: Соёл урлагийн газрын хурлын танхимд

Хэзээ: 2018 оны 5-р сарын 25 – нд 09.00 – 17.00 цагийн хооронд

Агуулга:

Үдээс өмнө

  • Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал 2030
  • Төрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт ба кино урлаг
  • Кино бүтээлийн түгээлтэд хамаарах эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт
  • Кино үзвэрийн байгууллагын орчин дахь стандарт
  • Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилт

Үдээс хойш

  • Кино театрт тулгамдаж буй асуудал, хамтран шийдэх арга зам
  • Телевизүүдэд тулгарч буй бэрхшээл хамтран шийдэх арга зам
  • IPTV- гийн тулгамдаж буй асуудал, хамтран шийдэх арга зам

Зохион байгуулагч: Соёл урлагийн газар

Хамтран зохион байгуулагч: Үндэсний хөгжлийн газар

Гадаад харилцааны яам

Харилцаа холбооны зохицуулах хороо

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Холбогдох хаяг:

Засгийн газрын II байр, НҮБ гудамж, Соёл, урлагийн газар, Дэлгэц медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Цэнгэл/PhD/. Утас: 264945, цахим хаяг:tsengel@culture.gov.mn, www.culture.gov.mn

Categories
мэдээ нийгэм

Тагнуулын байгууллагаас анхааруулга гаргажээ

Хүн худалдаалах гэмт хэрэг нь хүнийг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтнийг нь авч ашиглах зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, хуурч мэхлэх зэрэг аргаар хүнийг элсүүлэх, тээвэрлэх, нуун далдлах, дамжуулах, хүлээн авах замаар үйлдэгддэг. Сүүлийн үед манай улсад энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.

ХЗДХЯ 2017 онд “Хүн худалдаалахтай тэмцэх” үндэсний хөтөлбөрийг боловсруулан Засгийн газрын 148 дугаар тогтоолоор батлуулсан.

“Хүн худалдаалах” гэж хүнийг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтнийг нь авч ашиглах мөлжих зорилгоор хүнд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, түүнчлэн өөр хүнийг хяналтдаа байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, хахуульдах аргаар хүнийг элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан, дамжуулсан, хүлээн авсан хууль бус үйлдлийг хэлнэ. /Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл/

Дээр дурдсан аргуудын аль нэгийг ашигласан тохиолдолд хохирогч өөрийг нь мөлжих гэж байгааг зөвшөөрсөн эсэхээс үл хамааран, мөн дурдсан аргуудыг хэрэглээгүй байсан ч мөлжих зорилгоор хүүхдийг урвуулан элсүүлэх, тээвэрлэх, дамжуулах, нуух буюу хүлээж авах үйлдлийг “хүн худалдаалах” гэж үзнэ.

“Хүн худалдаалах” гэдэгт тодорхой төлбөртэйгөөр (мөнгө авах, эд хөрөнгө болон түүнийг өмчлөх эрхээр солилцох г.м) эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцож (өрөнд өгөх г.м) хүнийг бусад хүмүүсийн мэдэлд бүр мөсөн буюу тодорхой хугацаагаар шилжүүлэхийг ойлгоно.

“Ашиг олох зорилгоор” гэж хүн худалдаалах замаар өөртөө болон бусад этгээдэд эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус ашигтай байдал, орлого бий болгохыг хэлнэ.

“Хууран мэхэлсэн” гэж үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдүүлэхийг хэлнэ. Энэ нь гадаад улсад ажиллах, суралцах, аялах, гэрлэхэд зуучлах зэргээр худал амлах хэлбэрээр илэрнэ.

“Эмзэг байдлыг нь далимдуулсан” гэдэгт хохирогчийн эдийн засаг, эрүүл мэнд болон хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, түүнчлэн амьдрал ахуйн бусад хүнд байдал зэргийг ашигласан байхыг ойлгоно.

“Элсүүлсэн” гэж хүнийг худалдаалах зорилгоор тухайн болон бусад этгээдийг айлган сүрдүүлэх, тулган шаардах, ятгах замаар гэмт ажиллагааны оролцогч болгох аливаа үйлдлийг хэлнэ. Хүн худалдаалах гэмт хэргийг үйлдэхдээ бусдыг татан оролцуулахаас гадна хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй болон эрхшээлдээ байгаа байдал зэргийг далимдуулан зөвшөөрүүлэх явдал нь энэ ойлголтод нэгэн адил хамаарна.

“Тээвэрлэсэн” гэдэгт хүн худалдаалж байгааг мэдсэн этгээд худалдаалагдаж буй хүнийг нэг газраас нөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгслээр ил болон далд хэлбэрээр зөөвөрлөхөөс гадна уг ажиллагаанд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг ойлгоно. Хүн худалдаалж байгаа этгээд өөрөө тээвэрлэсэн бол энэ нь түүний гэмт үйлдлийн нэг хэсэг болно.

“Дамжуулсан” гэж хүн худалдаалж байгааг мэдсэн этгээд хүнийг гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хил нэвтрүүлэх, нэг этгээдээс нөгөөд хүнийг шилжүүлэх болон уг ажиллагаанд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хэлнэ.

“Орогнуулсан” гэдэгт хүн худалдаалж байгааг мэдсэн этгээд худалдаалагдаж буй хүнийг хүлээн авах этгээдэд шилжих хүртэл түр хугацаагаар өөрийн, эсхүл бусдын орон байранд хяналттай болон хяналтгүйгээр нуун байрлуулахыг ойлгоно.

“Хүлээн авсан” гэж худалдаалагдсан хүнийг өөрийн мэдэлд байлгаж, ашиглахаар шилжүүлэн авахыг ойлгоно.

“Эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдэгт хууль тогтоомж буюу эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийн дагуу өөрт нь олгогдсон албаны болон бусад бүрэн эрхийг санаатайгаар харш ашигласан явдлыг хамааруулж үзнэ.

“Эрхшээлдээ байгаа” гэдэгт эд хөрөнгийн болон бусад нөхцөл байдлын улмаас тухайн этгээдээс хараат байхыг ойлгоно.

“Хил давуулан” гэдэгт хүнийг худалдаалахын тулд улсын хилийг нууцаар, эсхүл хуурамч буюу хууль ёсоор олж авсан баримт бичиг ашиглан илээр нэвтрүүлэхийн аль аль нь хамаарна. Хүнийг хил давуулан худалдаалахдаа хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

“Хүнд хор уршиг учирсан” гэдэгт хүнийг худалдаалахтай шууд холбоотойгоор амь нас нь хохирсон, амиа хорлоход хүргэсэн, бие махбодид нь хүнд гэмтэл учирсан, сэтгэцийн болон бусад хүнд өвчнөөр өвчилсөн, түүнчлэн эд хөрөнгийн хувьд хохирол учирсан зэрэг үр дагавар бий болсныг ойлгоно.
“Биеийг нь үнэлүүлэх” гэж хохирогчийн хүсэл зоригоос гадуур түүнийг бусадтай бэлгийн харьцаанд төлбөртэй оруулахыг хэлнэ.
“Бэлгийн хүчирхийлэлд оруулах” гэдэгт биеийг нь үнэлүүлэхээс гадна тулган шаардах, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж садар самууныг сурталчлахад татаж оруулсан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан аливаа үйлдэл хийсэн зэргийг ойлгоно. Өрийн дарамтад оруулах зэргээр биеийг нь үнэлүүлсэн болон бусад хэлбэрээр бэлгийн хүчирхийлэлд оруулсан бол үүнд нэгэн адил хамаарна.
“Албадан хөдөлмөр хийлгэх” гэдэгт хүний хүсэл зоригоос гадуур түүгээр аливаа ажил үйлчилгээг төлбөргүйгээр гүйцэтгүүлэхийг хэлнэ.
“Боолчлох” гэдэгт эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус өмчлөх эрхэд хамаарах бүх, эсхүл зарим эрхийг хүн дээр хэрэгжүүлж, түүний төрөлхийн болон жам ёсны бүх эрхийг хориглох буюу хязгаарлахыг ойлгоно.
“Боолчлолтой ижил төстэй нөхцөлд байлгах” гэж хуульд харшилсан зан заншил, уламжлал, шашин шүтлэг зэрэгтэй холбоотойгоор хүний төрөлхийн болон жам ёсны бүх эрхийг хориглох буюу хязгаарлах явдлыг хэлнэ.
“Эд эрхтнийг нь авч ашиглах” гэдэгт хүний цус, нөхөн үржихүйн эд (өндгөвч, төмсөг, өндгөн эс, сүн, ураг)-ээс бусад эд эрхтнийг ашиг олох зорилгоор, хууль бусаар авсан үйлдлийг хамааруулж үзнэ.
“Мөлжих” гэдэгт бусдыг биеийг нь үнэлүүлэх, бэлгийн харилцаанд оруулан мөлжих, албадан ажиллуулах буюу үйлчлүүлэх, боолчлол буюу боолчлолтой төсөөтэй заншил, эрх чөлөөгүй байлгах, эрхтэнийг нь авах зэргийг ойлгоно.
ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Хүний наймаанд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Очих газрынхаа хаяг, холбоо барих утасны дугаарыг мэдэж, явахаасаа өмнө гадаадад байгаа ажил олгогчтойгоо холбогдож ажлын нөхцөл хөдөлмөрийн хөлснийхөө талаар баталгаажуулах, тухайн улс дахь Дипломат төлөөлөгчийн газарт хандаж судлах, цахим мэдээллийн сайтаас албан ёсны мэдээллийг нь судлах.
Жуулчны визтэй явж байгаа бол ажиллахаар, сурахаар явахаас сэрэмжлэх
Таны аяллыг зохион байгуулж буй компани хууль ёсны үйл ажиллагаа эрхэлдэг эсэх талаар зохих төрийн байгууллагаас тодруулж лавлах.
Ажлын гэрээтэйгээ сайтар танилцаагүй бол гэрээнд гарын үсэг зурахгүй байх. Шаардлагатай бол хуульч эсвэл итгэл даасан хүмүүст үзүүлж зөвлөгөө авах.
Гэр бүл найз нөхдөдөө хамт явах хүмүүс очих газрынхаа нэр, хаяг, холбоо барих утасны дугаарыг үлдээх.
Хүний наймааны хохирогч болсноо хэрхэн мэдэх вэ?
Ажил олгогч нь бичиг баримтыг нь хураан авснаас болж дуртай үедээ явах боломжгүй болсон.
Ажил олгогч зарцуулсан зардлаа нөхөн авах нэрээр цалин хөлсгүй болон хэт бага цалингаар, урт цагаар ажиллуулж өрийн дарамтад оруулсан.
Бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд орсон.
Виз, бичиг баримтын зөрчил зэргийг далимдуулан сэтгэл зүйн дарамтад оруулсан.
Хэн нэгэн хүний байнгын хараа хяналтад байх, тусгаарлагдсан, гадуур явах, хүмүүстэй уулзах, утсаар ярих боломжгүй болсон.
Хилээр гарч байгаа иргэдийн зайлшгүй анхаарах зүйлс
Ажлын гэрээ заавал байгуулах.

Паспорт бичиг баримтыг хэнд ч бүү өг. Хэн ч таны паспорт бичиг баримтыг хадгалах эрхгүй.
Очсон газартаа Монгол Улсаас тухайн оронд суугаа ЭСЯ, Консулын газарт бүртгүүлэх.
Монголд байгаа гэр бүл, найз нөхдөд очсоноо мэдэгдэж, холбоотой байх зэргийг анхаарах нь зүйтэй.
ХАРИУЦЛАГА
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйл. Хүн худалдаалах

Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг:
2.1. хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;
2.2. хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;

2.3. Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг:

3.1. байнга тогтвортой;
3.2. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар:

– Хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.

– Энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход хохирогч өөрийг нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохироож байгааг өөрөө зөвшөөрсөн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Монгол киноны өрсөлдөх чадвар” сургалт, семинар болно

“МОНГОЛ КИНОНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР”

Кино уран бүтээлчдэд зориулсан сургалт, семинар

Зорилго: Кино уран бүтээлчдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг танилцуулах, хэрэгжилтийн явцад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх.

Хамрах хүрээ: Киноны уран бүтээлчид

Хаана: Соёл урлагийн газрын хурлын танхимд

Хэзээ: 2018 оны 5-р сарын 24 – нд 09.00 – 17.00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Агуулга:

Үдээс өмнө

  • Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал 2030
  • Кино бүтээлийг дэмжсэн төрийн бодлого, хөтөлбөрт хамрагдах боломж
  • Монгол улсын гадаад сурталчилгаа, уран бүтээлчдэд хандсан үйл ажиллагаа
  • Кино урлаг, оюуны өмчийн тухай асуудал
  • Монгол уран бүтээлийн онцлог ба соёлын өв
  • Өрсөлдөөний тухай хууль
  • Кино театрт кино гаргах техникийн шаардлага DCP

Үдээс хойш

  • Кино зураг авалтад тавигдах дүрсний олон улсын шаардлага
  • Кинонд тавигдах дууны шаардлага, бүтцийн онцлог
  • Соёлын үйлдвэр хөтөлбөр ба “Кино хотхон байгуулах боломж
  • Олон улсын кино наадамд хамрагдах боломж,
  • Хүүхдийн шилдэг уран бүтээлийг кино болгох төслийн танилцуулга.

Зохион байгуулагч: Соёл урлагийн газар

Хамтран зохион байгуулагч: Үндэсний хөгжлийн газар

Гадаад харилцааны яам

Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

Соёлын өвийн үндэсний төв

Холбогдох хаяг:

Засгийн газрын II байр, Соёл, урлагийн газар, Дэлгэц медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Цэнгэл. Утас: 264945, цахим хаяг: www.culture.gov.mn tsengel@culture.gov.mn

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүд ХӨСҮТ-д ажиллалаа

УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Ганболд, Б.Ундармаа, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, доктор Н.Хүрэлбаатар нар өнөөдөр Халдарт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д ажиллаж, Сүрьеэгийн клиникийн үйл ажиллагаатай танилцлаа. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, доктор Д.Нямхүү сүрьеэгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг танилцуулахдаа сүрьеэ өвчин дэлхий дахинд хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг хэвээр байгааг онцлоод манай хоёр хөршид эмэнд дасалтай сүрьеэгийн тархалт өндөр байгаа нь бидэнд эрсдэлтэй гэлээ.

Манай улсын хувьд зүүн бүс болон төмөр замын дагуух аймаг, суурингуудад сүрьеэгийн тархалт өндөр байгаа бөгөөд ялангуяа нийт өвчлөлийн 60 хувь нь Улаанбаатарт байгаа аж. Үзлэг шинжилгээгээр ердөө 1/3-ийг нь л илрүүлж байгаа гэж эмч, мэргэжилтнүүд үзэж байна. Сүрьеэ хэдийгээр эдгэрдэг өвчин боловч олон эмэнд дасалтай болж ужиграх нь аюултай төдийгүй эмчилгээний өндөр зардалтай байдаг гэнэ. Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, харилт авлаа. Тухайлбал, УИХ-ын НББСШУБХ-ны дарга, УИХ дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн ахлагч Ё.Баатарбилэг энгийн болон олон эмэнд дасалтай, маш олон эмэнд дасалтай сүрьеэгийн эмчилгээний зардал хэр ялгаатай байдгийг тодруулав.

Асуултад ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, доктор Д.Нямхүү хариулахдаа энгийн сүрьеэг 300-400 мянган төгрөгийн үнэ бүхий эмээр эдгээдэг бол олон эмэнд дасалтай сүрьеэг 7-10 сая, маш олон эмэнд дасалтай сүрьеэг 40-50 сая төгрөгийн үнэ бүхий эмээр эмчлэхийн зэрэгцээ 3 сараас доошгүй хугацаагаар хэвтэн эмчлүүлэхэд хүргэдэг. Үүнээс үүдэлтэйгээр манай эмнэлгийн орны хүрэлцээ хангалтгүй байгаа нь Сүрьеэгийн клиникийг өргөжүүлэх зайлшгүй шаардлага болж байна гэлээ.

Сүрьеэгийн өвчтний эмнэлзүйн хэлбэр, халдварын байдал зэрэгт нийцсэн, халдвар хяналтын олон улсын стандартын шаардлага хангасан Сүрьеэгийн салбар эмнэлгийг 120 ортой, 195 ажилтантай байгуулахаар төлөвлөж, төсөвт өртөг нь 20 гаруй тэрбум төгрөг байхаар тооцож байгаагаа УИХ-ын гишүүдэд танилцуулав. Гишүүд санаачилгыг дэмжиж, Улаанбаатараас хотоос тодорхой зайд нар, салхи, ойн таатай нөхцөл бүхий 3 га газарт байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

УИХ-ын гишүүд Сүрьеэгийн клиникийн хүлээн авах болон хүүхдийн тасаг, уушгины эмчилгээний зарим тасгаар орж, эмч, сувилагч, үйлчлүүлэгчдийн саналыг сонсож, эмнэлгийн үйлчилгээнд тохиолддог зарим асуудлыг газар дээр нь үзлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэг болон Нидерланд улсаас бүртгэлгүй эм, биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж иржээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны эхний тавдугаар сарын байдлаар гүний хяналтын бүсээр мал, амьтны халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, импорт, экспортын бүх төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, эм биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн эм урвалж болон химийн хорт, аюултай бодисын аюулгүй байдлыг ханган ажилласан тухай хэвлэлийн бага хурал хийлээ. Улаанбаатар хотын 13 гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн /давхардсан тоогоор/ 3166 аж ахуйн нэгжийн 129379.5 тн, 448.961 ширхэг түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт тавьж, 33 зөрчил илрүүлэн 38 сая төгрөгийн шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байна.

Шалгалтын явцад БНЭУ-аас импортлосон 6 нэр төрлийн Монгол улсад бүртгэлгүй,, нийт 150 орчим сая төгрөгний эм, “Туушин” дахь гүний гаалийн хяналтын бүсээр Нидерланд улсаас импортлосон 1 нэрийн, 17.530.000 төгрөгийн эм, Нидерланд улсаас бүртгэлгүй 6 нэрийн 14.6 кг биологийн идэвхт бүтээгдэхүүн, Итали улсаас импортын лицензгүй, эм, эмнэлгийн хэрэгсэл, Польш улсаас 7 нэрийн 1.93 кг биологийн идэвхт бүтээгдэхүүн, БНСУ-аас 9 нэрийн, 12.972.300 төгрөгийн эмийг импортлосон байна. Дээрх зөрчлүүд нь эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 6 дүгаар зүйлийн 9.2 дахь заалтуудыг зөрчсөн тул илэрсэн зөрчилтэй холбогдуулан нийт 16 нэрийн, 136.571.642 төгрөгийн эмийг улсын /ахлах/ байцаагчийн актаар хураан авч, Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийллээ. Мөн “Материал Импекс” дэх гүний гаалийн хяналтын бүсээр хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн горим зөрчсөн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон 13 нэр төрлийн, 7.6 тн, 5320 ширхэг, 114 сая төгрөгийн дарс, тээвэрлэлтийн горим зөрчсөн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон “VIDAN” ХХК-ийн Польш улсаас импортлосон 19.8 тн, 59.4 сая төгрөгийн, “И ЭС ЭМ ПИ” ХХК-ийн 15 тн, 45 сая төгрөгийн, нийт 218.4 сая төгрөгийн алимыг тус тус улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж, гаалийн 901 горимоор устгууллаа.

2018-04-26-ны өдөр “АБТЕМА” дахь гүний гаалийн хяналтын бүсээр Польш улсаас импортлосон 1 нэрийн, 790 кг, 50 хайрцаг, 600 ширхэг, 2 сая төгрөгийн даршилсан байцаа нь 2018 оны 06 дугаар сарын 12-нд үйлдвэрлэсэн гэсэн огноотой импортлогдсон тул буцаахаар болсон байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Монгол: Тал нутгийн нүүдэлчдийн эзэнт гүрэн” үзэсгэлэн БНСУ-д нээгдлээ

Монголын талын санаачлагаар Дэлхийд эхний тавдугаарт ордог БНСУ-ын Солонгосын Үндэсний музейд зохион байгуулагдаж буй “Монголын: Тал нутгийн нүүдэлчдийн эзэнт гүрэн”үзэсгэлэн өнөөдөр албан ёсоор нээлээ. Үзэсгэлэн 2018 оны 05 сарын 15-наас 2018 оны 07 сарын 17 хүртэл нийтэд дэлгэгдэх юм.

Зохион байгуулагчаар БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музей, Солонгосын Үндэсний музей ажиллаж байна.

Үзэсгэлэнд Монголын талаас: БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар, Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан нар оролцов.

Үзэсгэлэнгийн зорилго:

  • Монгол-Солонгосын хамтарсан судалгааны “Мон-Сол” төслийн 20 жилийн ойг тохиолдулан хоёр орны хамтын судалгаа шинжилгээ ололт амжилтыг сурталчилах,
  • Дэлхийн түүхийг өөрчилсөн Монголын эзэнт гүрний түүх, соёлыг Солонгосын жирийн иргэдэд таниулан сурталчилах,
  • Монгол-Солонгос хоёр орны найрсаг хамтын ажиллагаа, харилцааг дээшлүүлэхэд түлхэц өгөх,
  • Монголын соёлыг сурталчилах.

Үзэсгэлэнгийн ач холбогдол:

-Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Соёл, урлагийн аялал жуулчлал хөгжүүлэх,гадаадад Монголын үндэсний соёл, урлагийг сурталчилах , үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож, Монгол контентийг хөгжүүлэх” заалтыг хэрэгжүүлэх;

– Түүх, соёлын судалгааг инноваци болгох;

– Музейн үзмэрийн орчинг сайжруулахад нэмэр болох;

– Монголын түүх, соёлыг гадаадад сурталчилах зэрэг олон талын ач холбогдолтой.

Монгол нутгаас илэрсэн хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн шинэ чулуун зэвсгийн үеийн чулуун багаж зэвсэг, гоёл чимэглэлийн зүйлс, хүрэл зэвсгийн үеийн олон төрлийн хүрэл эдлэлүүд, төмөр зэвсгийн түрүү үеийн Пазырыкийн булшнаас илэрсэн хувцас хунар, зэр зэвсэг, Хүннүгийн дурсгалаас илэрсэн алт мөнгөн чимэглэл, хүрэл сав суулга, шавар ваар, тэрэгний үлдэгдэл, Түрэгийн Билгэ хааны тахилын онгоны алтан эдлэлүүд, Монголын эзэнт гүрний үед холбогдох Таван толгойн дурсгалаас илэрсэн ширэн гутал, төмөр сэлэм, хуяг, 17-р зууны үед холбогдох Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдийн малтлагаас илэрсэн шавар бурхад, XIX-XX зууны эхэн үед холбогдох угсаатны эдлэл хэрэглэл зэрэг 232 иж нийт 550 үзмэр дэлгэгдэж байна.

Мөн Монголын түүх, соёлыг танилцуулсан бичвэр, үзмэрийн өнгөт гэрэл зургийг багтаасан 300-аас доошгүй нүүр бүхий каталоги Монгол, Солонгос хэлээр хэвлэгдсэн.

Мөн үзэсгэлэнгийн үеэр Солонгосын Үндэсний музейд “Монголын соёлын 7 хоног”, Монголын язгуур урлагийн тоглолт зэрэг түүх, соёлыг сурталчилах арга хэмжээг зохион байгуулж байна.

Үзэсгэлэнг сав баглаа, дэглэлт, дизайн, дагалдах каталоги зэрэгтэй нь бүгдийг нь хамт багтаасан цогц бүтээгдэхүүн болгосноор цаашид олон улсад гаргаж Монгол Улсыг сурталчилан таниулах боломжтой юм.


Categories
мэдээ нийгэм

Эмгэнэл

АРЛААНЫ ЭРДЭНЭ-ОЧИР /1972-2018/

Монголын ард түмний сэтгэл зүрхэнд уянга яруу шүлэг найраг, утга төгс аялгуу дуу, уран бүтээлийн дээжээрээ шингэн уусч, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Монголын Зохиолчдын Эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир цэл залуу насандаа хорвоогийн мөнх бусыг үзэж, Монголын уран зохиол, нийгэм соёлын амьдралд нөхөж болшгүй их уй гашуу тохиолоо. Монголын мөнгөн үеийн яруу найргийн гол төлөөлөгчдийн нэг, нэрт яруу найрагч А.Эрдэнэ-Очир нь 1972 онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрж, 1990-ээд оны эхэн үеэс уран бүтээлийн замналаа эхлүүлсэн юм.

Тэрбээр “Бэхэн цэнхэр өдрүүд” /1990/, “Эрх сэтгэл” /1995/, “Гэнэн шувуу” /2000/, “Сар нарны урсгал” /2001/, “Миний цуглуулсан хорвоо” /2006/, “Ийм нэгэн амьдрал” /2007/, “Тунгалаг гунигийн улирал” /2007/ зэрэг яруу найргийн бүтээлүүд хэвлүүлж, утга зохиолын түүхэнд өөрийн гэсэн өнгө аяс, утга уянгыг үгийн урнаар дархалж, уран бүтээлээрээ уншигч олондоо танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн энэ цагийн шилдэг уран бүтээлч байсан билээ. Тэрээр монгол үндэсний үнэт өв болох утга зохиол, яруу найраг хэмээх соёлыг олон нийтэд таниулан сурталчлах, даяаршлын эрин зуунд хэл соёлоо авч үлдэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт сэтгэл, зүтгэл, хөдөлмөрөө зориулан ажиллаж байсан утга зохиол, соёлын нэртэй зүтгэлтэн байлаа.

Монголын орчин үеийн утга зохиолын нэгэн өндөр багана болсон яруу найрагч А.Эрдэнэ-Очир нь Монгол Улсын сэтгүүл зүйн хөгжилд ч өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж, хөдөлмөр бүтээлээ зориулсан авьяаслаг нэгэн байсан юм. Тэрээр төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины сэтгүүлч, “Утга зохиол, урлаг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, МЗЭ-ийн “Цог” сэтгүүлийн эрхлэгч, МҮОНР-ийн хөгжмийн нэвтрүүлгийн албаны сэтгүүлч редактороор ажиллаж, ард түмний сэтгэл зүрхэнд хүрсэн нийтлэл нэвтрүүлгүүдээ туурвисан билээ. Монголын уран зохиол, сэтгүүл зүйн түүхэнд билиг оюуны гэгээн мөрөө арилшгүй үлдээж, хайрлан хүндлэх, дээдлэн бишрэхийн бэлгэдэл, үлгэр дуурайлал болсон их яруу найрагчийн сод авьяас, гэгээн сэтгэл, эгэл даруу, нөхөрсөг төрх нь эрдэм номыг эрхэмлэн дээдэлдэг Монголын ард түмний сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Categories
мэдээ нийгэм

ХХБанк 29-р тусгай дунд сургуульд иж бүрэн “Шатрын клуб” байгуулж өглөө

Хүүхдийг багаас нь Шатрын спортоор хичээллүүлснээр сэтгэлгээ нь задарч, оюун ухаан нь хөгжих эерэг үр дүнтэй байдаг. Гэтэл манай улсад стандартын дагуу мэргэжлийн хэрэгслээр хангагдсан шатрын клуб цөөн тоотой байдаг. Энэ үүднээс ХХБанк сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сурч хүмүүждэг 29-р сургуулийн хүүхдүүдээ шатрын иж бүрэн хэрэгслээр хангагдсан клуб байгуулан өгч, өнөөдөр нээлтээ хийлээ.

29-р тусгай дунд сургууль нь Тусгай хэрэгцээт боловсролын сургалт арга зүйн цогцолбор сургууль бөгөөд манай улсын өнцөг булан бүрээс сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд ирж суралцдаг цорын ганц сургууль юм.

Categories
мэдээ нийгэм

“Korean Air” Улаанбаатарын чиглэлийг 19 жил өндөр үнэтэй тасалбараар монопольдож байгааг нийтэлжээ

Өмнөд Солонгосын “The Digital Times” эдийн засгийн мэдээллийн сайтад “Korean Air” компани Улаанбаатар-Инчеоны чиглэлийг 19 жилийн турш үнэтэй тасалбараар монопольдож байгаа тухай нийтэлжээ.

Уг мэдээлэлд Улаанбаатар-Инчеоны чиглэлийн нислэгийг тус компани Монголын засгийн газартай тохиролцсон онцгой эрхийн хүрээнд ижил зайтай бусад чиглэлээс даруй гурав дахин өндөр үнээр сүүлийн 19 жилийн турш үйлчилж байгаа гэжээ.

Тухайлбал Инчеон-Хонг Конгийн хоёр чиглэлтэй нислэгийн үнэ 323,700 воны үнэтэй байгаа бол Улаанбаатар-Инчеоны чиглэл зургаадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1-ний хооронд 955,500 воны үнэтэй байгааг дурдсан байна.

Дээрх асуудалд шатахууны нэмэлт зардал 30,800 вон ижил хэмжээтэй багтсан нь хоёр чиглэл ижил зайтай болохыг харуулж байгаа гэнэ. Улаанбаатараас Инчеон хүртэл 3 цаг, 10 минутаас 3 цаг 40 минутын хооронд нисдэг бол Хонг Конг-Инчеоны чиглэлд 3 цаг 40 минутаас 3 цаг 50 минутын хооронд нисдэг байна.

Онцгой эрхийг цуцлан шинэ өрсөлдөгч оруулж, хоёр орны хоорондын нислэгийг нэмэгдүүлэх талаар засгийн газар хооронд хэлэлцдэг ч Монголын талаас няцаасаар байдаг тухай Өмнөд Солонгосын Газар, Тээвэр, Аялал Жуулчлалын яамны эх сурвалж мэдээлжээ. 2012 онд Өмнөд Солонгосын Шударга Өрсөлдөөнийг дэмжих газар монополийг арилгах даалгавар “Korean Air” компанид өгч байсан ч шийдэгдээгүй өнгөрснийг дурджээ. Тухайн онд Монголын иргэний нислэгийн өндөр албан тушаалтан Жэжү арал руу аялахдаа зардлаа “Кorean Air” компаниар төлүүлсэн нь илэрч, маргаан дэгдээж байсан гэнэ.

“Korean Air” компанийг эзэмшдэг Ханжин группын ерөнхийлөгч анх Boeing 727 нисэх онгоц Монголын талд хандивлаж, “Korean Air”-ийн ерөнхийлөгчийг Монголын засгийн газар “Алтан гадас” одонгоор шагнаж байжээ. Мөн Монголд зочлоход нь төрийн хүндэтгэлийн түвшинд угтан авч, үйлчилдэг зэрэг онцгой харилцаатайг өгүүлсэн байна.

Харин “Korean Air” компанийн төлөөлөгч “Монголын чиглэл зуны улиралд ачаалал нь нэмэгддэг тул жилийн орлогоо энэ үед нөхөж авдаг. Цаг агаарын хүнд нөхцөл байдал нь тасалбарын үнийг нэмэх үндэслэл болдог” хэмээн тайлбарлажээ.