Categories
мэдээ цаг-үе

Х.Болдбаатар: Манайх модондоо 100 хувийн баталгаа өгдөг, ургахгүй бол буцаагаад авдаг

УБТ Гарден ХХК-ийн ерөнхий захирал Х.Болдбаатартай ярилцлаа.


-Мод тарих улирал эхэлж байна. Жил бүр мод тарих өдрөөр дор бүрнээ мод тарьдаг ч арчилгаа сулаас болж эргээд ургах үр дүн хангалттай биш байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Улаанбаатар хотын нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа тулгамдсан асуудал бол агаарын болон хөрсний бохирдол бөгөөд энэ нь хүн ардын эрүүл мэндэд хэрхэн хор хөнөөл учруулж байгаа талаар хангалттай тоо баримт хэлж болно. Эдгээр асуудлуудын гол шийдэл нь мод тарих юм. Мод тарихдаа сэтгэлээ шингээж, хөрсийг нь зөв бэлтгэж, зөв суулгаж, зөв тарих хэрэгтэй. Модны ургалт байнгын арчилгаанаас хамаардаг тул жилийн дөрвөн улирлын турш модны арчилгаа явагдаж байх ёстой. Манайхан өвөлдөө замын цасыг арилгаж зайлуулахдаа зам дээр тогтсон бензин тосны хаягдал, хог, гулгаа арилгахаар цацсан давсны хүчил зэрэг химийн бодис нэвт шингэсэн цасыг замын хажуу талын зүлэг, ногоон мод руу хаячихдаг. Гэтэл эрдэс бордоо авах ёстой мод химийн гаралтай бодис авч үхэх шалтгааных нь нэг болдог. Хаврын шороон хавсаргын үе буюу газар гэсэх үед нялх мод хатгаа тусч хатдаг.

Уг нь цаг агаарын ийм нөхцөлд модыг хучиж, гадны хүчин зүйлсээс хамгаалж болдог. Хүн өвөл болохоор малгай өмсч, ороолт, амны маск зүүдэг шиг модыг хүйтэн улиралд берзинтээр хучиж хамгаалах гэх мэт олон аргуудыг хэрэглэдэг. Сүүлийн үед мод тарьж, арчилдаг нөхөрлөл, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа эрс сэргэж чадавхжиж байна. Мэргэжлийн байгууллагуудад хандаж зөвлөгөө авч, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр модыг арчилж ургуулах нь хамгийн үр дүнтэй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар жил болгон хоёр удаа мод тарих үндэсний албан ёсны өдөртэй болж, уламжлал болж хэвшсэн нь сайшаалтай. Гэхдээ одоо бүгдээрээ тарьсан модоо арчилдаг болцгоомоор байна.

-Танай компанийн бойжуулж байгаа ургах чадвараараа харьцангуй сайн гэж үнэлэгддэг бортгонд ургуулсан суулгацын давуу тал, ач холбогдлын талаарх мэдээллийг хүргэхгүй юу?

-Манайх уулын модыг авчирч зардаггүй, харин модыг үрээр нь үрслүүлж тарьдаг, жилдээ сая мод тарих хүчин чадалтай мод үржүүлгийн компани гэдгээрээ бахархдаг. Дамбадаржаа дахь модлог ургамлын хүлэмжинд Канад улсын технологиор сүүлийн арваад жил мод үрээр нь тарьж байна. Ажилчид маань намар яваад үрээ түүчихдэг. Манай компани Монгол Улсад модны аж ахуйн шинэ систем нэвтрүүлэх зорилтынхоо хүрээнд туршилтын олон ажлууд явуулж байна.Үрээр тарьсан мод маань түрүүчээсээ 50 см хэртэй ургаж байна. Бортгонд үрээр нь тарьж, дараа нь талбай дээр гаргаад туршаад үзэхэд эхэндээ ургаж чадаагүй.

Швейцариас инженерүүдийг урьж зөвлөгөө авахад бортгыг шинжилж үзээд мод ургахгүй байгаа гол шалтгаан нь Хятадын чанар муутай бортого байна гэдгийг тогтоож байсан. Мод ургахын тулд байгалийн эрс тэрс уур амьсгалд тохирсон байх ёстой. Бид бортгонд үрслүүлж хүлэмжинд бойжуулсныгаа түрүүчээсээ Төв аймгийн Аргалант, Шувуун фабрик, Богд уул, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум гэх мэт хэд хэдэн газруудад орчинд нь гаргаж ургуулсан. Одоо маш сайхан ургаж байна. Манайх модондоо 100 хувийн баталгаа гаргаж өгдөг.

Хэрвээ ургахгүй бол эргүүлээд буцааж авдаг. Орчинд нь гаргаж ургуулсан арав, хорин см болж ургаж буй модоо ахиад сийрэгжүүлж том талбайд буюу өөрийн ургах орчинд нь гаргах хэрэгтэй болж байна. Учир нь мод байгальд гарч ургах тусам хоорондоо зайтай байх шаардлага үүсдэг. Нэг үрийг мод болгон ургуулахын тулд хэд дахин сэлгэн суулгах, арчлах нэлээд хэдэн жилийн хөдөлмөр шаардаж байгаа. Энэ бүгд Монгол орны нөхцөлд тохирсон тэсвэр сайтай мод ургуулах манай мэргэжлийн хамт олны хөдөлмөр юм. Гадны улс орнуудад тэдэн онд авах мод гэж тооцоолж системтэйгээр авдаг юм билээ. Хэрвээ төр засгаас мэргэжлийн байгууллагууд биднийг дэмжээд өгчихдөг бол 2025, 2030 он гэхэд нэг, хоёр метрээс өндөртэй моднуудыг Улаанбаатар хотод нийлүүлж эхлэх бололцоотой юм.

-Уулнаас мод авчирч тарих нь зөв юм уу, буруу юм уу?

-Улаанбаатар хот социализмын үед өнөөгийнхөөс илүү модтой байсан. Тэдгээр модыг хаанаас авчирч тарьсан бэ гэвэл уулнаас авчирсан. Үнэндээ дандаа нялх мод тариад байвал өсч өндийхийг нь хүлээх шаардлага бас гарна.Тиймээс уулнаас байгалийн тэнцвэрт байдлыг нь хадгалан зохих хэмжээний мод авчирч хотынхоо гудамжаар тарих ёстой. Мэдээж ойгоос хулгайгаар мод авах биш, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр авчирч тарих нь зөв юм. Гэхдээ ямар модыг хаанаас авах вэ гэдэг нь мэргэжлийн байгууллагын судалгаанд үндэслэсэн байх ёстой. 1990-ээд онд Монголын мод маш их шатсан. Тужийн нарс бүр байхгүй болсон. 1997 оны үед JCI, олон улсын байгууллагууд монголчуудтай хамтарч Тужийн нарсыг моджуулсан. Манай мод үржүүлгийн суурь бааз болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Эвцэг гэдэг газарт модны инженерүүд модыг маш сайхан тарьсан байна. Ингэснээр ой эргээд нөхөн сэргэж чадсан. Ер нь ойд зурвас гаргаж гал түймрээс хамгаалдаг, мөн ойн цэвэрлэгээ хийх зам жим болж өгдөг. Ойг цэвэрлэж, үүнээс тодорхой хэсгийг хот руу оруулж тарьж болно.

-Манай зарим аж ахуйн нэгж модны суулгацыг ихэвчлэн Хятадаас оруулж ирж байна. Хятадаас оруулж ирсэн мод ургахгүй байна гэх гомдол байнга л ирдэг?

-ОХУ Монголын байгаль орчинтой нэлээн төстэй учир хяналтан дор ургана.Хятад улсын мод нэг, хоёр жил ургана. Тэгээд үхдэг. Яармаг хавиар тарьсан мод, ихэнх аж ахуйн нэгжүүдийн тарьсан мод үхсэн. Манай 40 градусын хүйтэн, дуу чимээ, агаар, хөрсний бохирдол, хаврын хавсаргад дөнгөж тарьсан мод уначихаж байна.Улаанбаатар хот ихэвчлэн шилмүүс модтой.Өдийд бороо орчихсон, газар чийгээ авчихсан мод угаагдсан байх ёстой гэж үздэг. Ид ургаж буй шилмүүс модны орой хэсгийг одоо үзэх юм бол шороо ихтэй, утаа шингэчихсэн байгаа нь тодорхой. Хэдэн жилийн өмнө АСЕМ зохион байгуулагдах үед манай улс модоо технологийн дагуу бороожуулж услах технологийг анх удаагаа зөв хийсэн. Модыг услахдаа үндэс рүү нь биш, бороожуулж услах нь зүйтэй юм. Мөн модыг өглөө нар мандахаас өмнө эрт услах ёстой. Орой бас усална. Өдрийн дүн халуунаар услахад чийгийг өөртөө шингээж авч чадахгүй ууршдаг, үр дүн багатай. Мод тарих, арчлах талаар яривал маш их зүйл бий.

-Тэгэхээр мод тарих, услах зөв технологийг одоо болтол бүрэн мэддэггүй гэсэн үг болж байна уу?

-Уг нь хотын захиргаанд мод шүршиж угаадаг зориулалтын арав гаруй машин бий. Даанч тэр болгон ашиглахгүй байх шиг байна. Мөн Улаанбаатар хотод модыг жигд мөлчийтөл нь тайраад хяргаад хаячихдаг. Замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио хааж байгаа модыг яах аргагүй тайрахаас биш бүгдийг нь тайрч хяргадаггүй. Улаанбаатар хотод навчтай том мод хэрэгтэй байгаа биз дээ. Модны мэдлэг байхгүй, мэргэжлийн бус хүмүүс арчилж байна. Гол нь арчилгаанд тавьж байгаа улсын төсөв мөнгө нь ч бага байна. 1960, 1970-аад оны үеэ эргээд санахаар дандаа саглагар мөчиртэй том том моднуудтай байсан. Одоо бол Элчин сайдын яамдын хашаа, зарим арчаатай хэдэн аж ахуйн нэгжийн хашаанд нов ногооноороо байж чадаж байна. ОХУ-ын ЭСЯ-ны хашаанд жимс ургачихсан байна. Япончууд “Japan Town” хорооллын зам дагуу мод тарьсан. Зургаан жилийн өмнө тарьсан модны өргөн нь бараг 20-иод см зузаантай, навч нь саглайж хүний нүдэнд тусахуйц сайхан ургачихсан байна. Төрийн ордон, хотын захиргааны өмнөх мод сайхан ургахаас биш, хотын төвд өөр нүдэнд торох мод тэр болгон харагдахгүй байна. Ингэж дарга нарт харагдах моднууд нь сайхан ургаад байдаг нь хэн тарив, хэн арчилж байна гэдгээсээ бүрэн хамаарч байгааг харуулна. Ер нь хотыг сайхан ногооруулж зүлэгжүүлье гэвэл гудамжнуудаа хуваарилаад тарьж чаддагт нь хариуцуулчих хэрэгтэй.

-Манайхны мод тариад ургахгүй байгаа алдааны нэг нь анхны суулгац нь маш нарийхан, эсвэл их олон жилийн дараа үр дүнгээ өгөх суулгацыг сонгочихдог гэдэг үнэн үү?

-Бойжуулалт хийлгүйгээр гаднаас авчирсан манай уур амьсгалд тэр болгон тохирохгүй, эсвэл уулнаас авчирсан суулгацыг тарьж арчилгаа муутайгаас болоод тэр болгон ургаж чадахгүй нь байгаа нь үнэн. Одоо бид Туул голыг бургасжуулах аян тун удахгүй зарлах гэж байна. Улаанбаатар хотын иргэд та бүхэн Туул голоо аврахад хувь нэмэрээ оруулж мод тариарай, Туул нэртэй хүмүүс мод тариач ээ гэж уриалж байгаа. Мэргэжлийн байгууллагын зөвлөгөөн дор гэр бүлээрээ мод тарьж, өөрсдийнхөө нэрээр паспорттай байлгаж, эргээд байнга тордож арчилж байгаач гэсэн хүсэлтийг иргэддээ тавьж байгаа.

-Мод тарих хүсэлтэй хүмүүс олон бий. Гэхдээ хаана очиж, яаж тарих вэ гэдгээ тэр болгон сайн мэддэггүй. Эдгээр хүмүүст хэлэх зөвлөгөө танд байна уу?

-Яг одоо гэхэд манайх Туул голоо бургасжуулж моджуулахаар Байгаль орчны яаманд албан ёсны хүсэлтээ тавьчихсан байгаа. Туул голын урсац анхнаасаа яагаад татрах болсон бэ гэвэл усны эхийг нь тогтоож барьдаг байсан эх булаг болох Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймагт бүтээн байгуулалт хийхээр болж тэнд байсан бүх модыг нь тайраад хаячихсанаас үүдэлтэй. Ямартаа ч бид тэнд нөхөн сэргээлтийг хийснээр эхнээсээ сайхан ургаж байна. Туул голын эргийн дагуу бөөрөлзгөнө, долоогоно, үрэл, монос тарьцгаая. Туул голоо моджуулахад иргэд сайн дураараа оролцож болно. Мэргэжлийн байгууллагын бид усалгааны машин, бордоо, суулгац, тарих нүхээ хүртэл ухаад бэлдчихье. Тэдний гэр бүл тарилаа гээд пайзжуулаад өгье. Долоо хоногт өөрсдийн тарьсан модоо ус барьж ирээд услаад явж байна. Хэрхэн, яаж арчилж ургуулах зөвлөгөөг нь өгч, мэргэжлийн байгууллагууд тэнд байрлаж байж болно. Ингэж хамтын хүчээр Туул голоо бүгдээрээ сэргээж, моджуулж чадна. Үүнд төрөөс бодлогоор багахан дэмжлэг өгчих хэрэгтэй.

-Улаанбаатар хотыг моджуулахын тулд хаана, ямар мод тарьж болохыг нь хотын захиргаанаас олон нийтэд хандан зарлачихвал иргэд сайн дураараа оролцох нь улам нээлттэй болох юм биш үү?

-Улаанбаатар хотын хаана ч арчилгаа байвал мод сайхан ургаж чадна. Хүмүүсийг буян бодож суварга босгохынхоо оронд 108 мод тариач гэж уриалдаг. Талийгаачийг нутаглуулах буяны ажилд оролцож буй хүмүүс мод тарьж буян хийж болно. Ууланд алхдаг хүмүүсийг мод тарихыг уриалж байгаа. Их тэнгэрийн зүүн аман дээр Богд ууланд Номин холдингийнхон сайхан нарс мод тарьсан, сайхан ургаж байна лээ. Мод тарих санаачилга сэдлийг мэргэжлийн байгууллагынхан бид хийхийн зэрэгцээ төрөөс бас бүр сайн дэмжээд өгчихвөл үр дүн өндөр байх болно. Өнөөдөр Цэцэрлэгт хүрээлэнд очиж мод тарья гэхэд хүссэн болгоныг нь тэнд тариулахгүй, зөвшөөрөл энэ тэр гээд асуудлууд бий. Энэ нь зөв.

Гэхдээ төрөөс хаана мод тарьж болох механизмыг чөлөөтэй ил тод болгож сэдэлжүүлэх ажлыг байнга хийж байх ёстой. Тухайлбал, мод тарьсан хүнийг тэр дор нь урамшуулдаг ч юмуу, хөшүүргийг улам сайжруулах тусам хотыг ногооруулах ажил эрчимтэй явна. Гол нь мэргэжлийн байгууллагуудад дэмжлэг өгч, иргэдийг уриалахад хотоо моджуулж чадна. Энэ дашрамд хэлэхэд дандаа төр засгийг хараад суух биш, монголчууд бид бэлэнчлэх сэтгэлгээнээс салж дор бүрнээ ажиллаж болно. Манай мод үржүүлгийн газар ихэнхдээ алдагдалтай, татаастай явж ирсэн ч мод тарих үйлсийг өргөжүүлэхээр улам хичээн ажиллаж байна.Манай мод үржүүлгийн газар боловсон хүчнээ Япон, Канад, ОХУ, ХБНГУ зэрэг улсад сургаж, тэсвэртэй үндэстэй сортыг гаргаж авах тал дээр олон туршилт хийн ажиллаж байна.

Одоо Монгол Улсын хил дагуух хилийн бүх застав дээр түшиглэн мод тарихаар Хилийн цэргийн удирдлагуудтай ярьж тохиролцож, наран мандах зүгээс ажлаа эхлүүлж байна.


Categories
мэдээ улс-төр

Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээ 28 хувиар нэмэгджээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2017 оны 81, 82 дугаар тогтоолын биелэлт болон Мах, сүүний анхдугаар аяны хэрэгжилтийн талаар ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонслоо.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах долоон чиглэлийн 146 арга хэмжээг, Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах 12 чиглэлийн 95 арга хэмжээг тус тус хэрэгжүүлж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг мэдээлэлдээ дурдсан.
Дээрх хуулиуд батлагдсантай холбогдуулан мал аж ахуйн салбарт үйлчилж байгаа бусад хуулийн зохицуулалттай шинээр баталсан хуулиудын зохицуулалтыг нийцүүлэх, 1993 оноос эхлэн эдгээр хуулийг батлах хүртэл үйлчилж байсан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан бусад хууль тогтоомжид үүсэх давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, үр нөлөөллийг тодорхойлох ажлыг гүйцэтгэжээ. Энэ ажлын үр дүнд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд 14 зөрчил, 3 хийдэл илэрчээ. Тиймээс эдгээр нэр бүхий хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэлийг хангасан байна.
Малын генетик нөөцийн тухай хуулийг дагалдан гарах захиргааны хэм хэмжээ тогтоох 13 журам, 18 заавар, стандарт, стратеги төлөвлөгөө, жишиг үнэ, тоо тогтоох акт, технологийн карт, аргачлал зэрэг нийт 44 төслийг боловсруулж, яам, агентлагийн цахим хуудсанд байршуулж, олон нийтээр хэлэлцүүлэн батлах арга хэмжээг хэрэгжүүлж буй аж. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг дагалдан гарах журам заавруудын төслийг мөн боловсруулан хэлэлцүүлж байгаа гэлээ. Хуулиудыг олон нийтэд сурталчах зорилгоор эмхэтгэн хэвлүүлж 21 аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, салбарын харьяа байгууллагуудад хүргэж, хууль сурталчлах арга хэмжээнд 3000 гаруй мэргэжилтэн, малчдыг оролцуулсан байна.
Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилготой Мах, сүүний анхдугаар аяны таван зорилтын хүрээнд 50 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Аяныг хэрэгжүүлж эхэлснээс хойш үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээ 2017 оны урьдчилсан дүнгээр 81.2 сая литрт хүрч, өнгөрсөн онтой харьцуулахад 28 хувиар нэмэгдсэн байна.

Үйлдвэрийн аргаар боловсруулсан махны хэмжээ 24.9 мянган тоннд хүрч 2.7 дахин нэмэгджээ. Тэжээл тариалалтыг нэмэгдүүлж 2017 онд 43.8 мянга га талбайд тэжээлийн таримал тариалж, 34.6 мянган га талбайгаас 36.9 мянган тонн ургац хураасан байна. ОХУ-аас “Герефорд” үүлдийн 150 толгой, ХБНГУ-аас “Лимузин” үүлдрийн 60 толгой үхэр авсан бөгөөд эрчимжсэн аж ахуйнуудыг сайн чанарын цэвэр үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгчээр ханган ажиллахаар зорьжээ.

Малын чанарыг сайжруулах, фермийн байр засах, тэжээлийн нөөц бүрдүүлэх болон тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд нь зориулж сүүний чиглэлийн үхрийн 54 аж ахуйн нэгжид 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожээ. Франц улсаас 2017 онд мах, нарийн ноосны чиглэлийн 657 толгой хонь импортолж, үржлийн аж ахуй байгуулсан байна.
Улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй 107 худгийг шинээр барьж, ашиглалтад оруулжээ. Өндөр ашиг шимтэй сүү, махны чиглэлийн импортын 2662 үрээр 1331 үнээг зохиомлоор хээлтүүлж, 76.1 хувийн амжилттай байгааг сайд дурдсан.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд малаа эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс сэргийлэх, мал эмнэлгийн үйлчилгээ, малын шилжилт хөдөлгөөн хийх, тууварлах зэрэг асуудлыг тусгасан хуулиудын талаарх мэдээллийг малчдад, мэргэжилтнүүдэд хүргэж ажиллахыг салбарын яамныханд захьсан.
Categories
мэдээ улс-төр

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2018.05.16/ хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан юм.

Үндсэн чиглэлийн төсөлд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхтэй холбогдсон агаар орчны бохирдлыг бууруулан, байгалийн нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалтын бодлогыг хэрэгжүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд долоон зарилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Тухайлбал, гэр хорооллын өрхийн шөнийн цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх, нийслэл хотод үйл ажиллагааявуулж байгаа нүүрсээр ажилладаг 105 халаалтын зуухыг буулгаж, 182 хэрэглэгчийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг тусгасан байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, дэд бүтэц, материаллаг баазыг бэхжүүлэх, байгаль орчин, цаг уурын шинжилгээний техник, технологийн шинэчлэл, хяналт-шинжилгээний сүлжээний өргөтгөл хийхээр төлөвлөжээ. Усны нөөцийг зүй зохистой ашиглах, хуримтлуулах, дахин ашиглах чиглэлээр бороо, цасны усыг хуримтлуулах хөв цөөрмийг орон нутагт 10-аас доошгүй газарт байгуулж, 100-аас доошгүй булаг шандны эхийг хашиж хамгаалах ажил хийгдэх юм байна. 2019 оны үндсэн чиглэлийн хүрээнд долоон зорилт, 19 арга хэмжээг 227.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 16 зорилт, арга хэмжээг 738.1 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр тусгаснаас улсын төсвийн хөрөнгөөр 147 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэр, хувийн хөрөнгө оруулалтаар 522.1 тэрбум төгрөг, хөгжлийн банкны санхүүжилтээр 69 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр байгаа аж.

2019 онд хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Монгол Улсын малын генетек нөөцийн төлөв байдлын үнэлгээ хийх, мал аж ахуйн салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх, мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал сүргийг эрүүлжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, сүүний хэмжээг нэмэгдүүлэх, хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортын хэмжээг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн газар тариалангийн салбарт “Атрын 3 дугаар аян”-ыг үргэлжлүүлэх, “Хүнсний ногоо”, “Жимс, жимсгэнэ” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр үр тарианы талбайн хөрсний үржил шимийг сайжруулж ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй төмс, хүнсний ногоо жимс, жимсгэнээр хангахаар төлөвлөсөн байна. Ирэх онд Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн паркийг байгуулах, жижиг, дунд үйлдвэрийг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжих арга хэмжээг мөн тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, гишүүд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд, мөн жижиг, дунд үйлдвэрийн зээлд хэдий хэрийн хөрөнгө тусгаад байгааг тодруулсан.

Агаарын бохирдлыг бууруулах ажил, шинэ техник, технологи нэвтрүүлэх бусад арга хэмжээнд 100 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэлсэн. Мөн хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг өөрчлөх төсөл хөтөлбөрийг шалгаруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэлээ. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих 70 тэрбум төгрөгийн зээлийг өнгөрсөн онд 131 аж ахуйн нэгжид олгосон байна. 2019 онд 110 тэрбум төгрөгийг дээрх зориулалтаар зарцуулахаар төлөвлөөд байгаа аж. Харин гишүүд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд өгөх зээлийн хэмжээг нэмж 200 тэрбумд хүргэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан бөгөөд энэхүү саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн.

Түүнчлэн хуралдааны үеэр малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний голомтыг устгах, малыг эрүүлжүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах арга хэмжээг ирэх оны үндсэн чиглэлд тусгах асуудлыг хөндөн ярилцсан юм.

Дараа нь гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан Байнгын хорооны санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛУУДЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО

Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2017 оны 81, 82 дугаар тогтоолын биелэлтийн талаархи Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо.

Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын 2017 оны 81, 82 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр дараахь ажлуудыг хийжээ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангахдолоон чиглэлийн 146 арга хэмжээг, Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах 12 чиглэлийн 95 арга хэмжээг тус тус хэрэгжүүлж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг мэдээлэлдээ дурдсан.

Дээрх хуулиуд батлагдсантай холбогдуулан мал аж ахуйн салбарт үйлчилж байгаа бусад хуулийн зохицуулалттай шинээр баталсан хуулиудын зохицуулалтыг нийцүүлэх, 1993 оноос эхлэн эдгээр хуулийг батлах хүртэл үйлчилж байсан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан бусад хууль тогтоомжид үүсэх давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, үр нөлөөллийг тодорхойлох ажлыг гүйцэтгэжээ.

Энэ ажлын үр дүнд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд 14 зөрчил, 3 хийдэл илэрчээ. Тиймээс эдгээр нэр бүхий хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэлийг хангасан байна.

Малын генетик нөөцийн тухай хуулийг дагалдан гарах захиргааны хэм хэмжээ тогтоох 13 журам, 18 заавар, стандарт, стратеги төлөвлөгөө, жишиг үнэ, тоо тогтоох акт, технологийн карт, аргачлал зэрэг нийт 44 төслийг боловсруулж, яам, агентлагийн цахим хуудсанд байршуулж, олон нийтээр хэлэлцүүлэн батлах арга хэмжээг хэрэгжүүлж буй аж.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг дагалдан гарах журам заавруудын төслийг мөн боловсруулан хэлэлцүүлж байгаа гэлээ. Хуулиудыг олон нийтэд сурталчах зорилгоор эмхэтгэн хэвлүүлж 21 аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, салбарын харьяа байгууллагуудад хүргэж, хууль сурталчлах арга хэмжээнд 3000 гаруй мэргэжилтэн, малчдыг оролцуулсан байна.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн.

Гишүүд малаа эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс сэргийлэх, мал эмнэлгийн үйлчилгээ, малын шилжилт хөдөлгөөн хийх, тууварлах зэрэг асуудлыг тусгасан хуулиудын талаарх мэдээллийг малчдад, мэргэжилтнүүдэд сайн хүргэж ажиллахыг салбарын яамныханд захьсан.

МАХ, СҮҮНИЙ АНХДУГААР АЯНЫ ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

Дараа нь Мах, сүүний анхдугаар аяны хэрэгжилт, явц, үр дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг мэдээлэл хийлээ.

Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилготой анхдугаар аяны таван зорилтын хүрээнд 50 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Аяныг хэрэгжүүлж эхэлснээс хойш үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээ 2017 оны урьдчилсан дүнгээр 81.2 сая литрт хүрч, өнгөрсөн онтой харьцуулахад 28 хувиар нэмэгдсэн байна.

Үйлдвэрийн аргаар боловсруулсан махны хэмжээ 24.9 мянган тоннд хүрч 2.7 дахин нэмэгджээ. Тэжээл тариалалтыг нэмэгдүүлж 2017 онд 43.8 мянга га талбайд тэжээлийн таримал тариалж, 34.6 мянган га талбайгаас 36.9 мянган тонн ургац хураасан байна.

ОХУ-аас “Герефорд” үүлдийн 150 толгой, ХБНГУ-аас “Лимузин” үүлдрийн 60 толгой үхэр авсан бөгөөд эрчимжсэн аж ахуйнуудыг сайн чанарын цэвэр үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгчээр ханган ажиллахаар зорьжээ.

Малын чанарыг сайжруулах, фермийн байр засах, тэжээлийн нөөц бүрдүүлэх болон тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд нь зориулж сүүний чиглэлийн үхрийн 54 аж ахуйн нэгжид 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожээ.

Франц улсаас 2017 онд мах, нарийн ноосны чиглэлийн 657 толгой хонь импортолж, үржлийн аж ахуй байгуулсан байна.

Улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй 107 худгийг шинээр барьж, ашиглалтад оруулжээ. Өндөр ашиг шимтэй сүү, махны чиглэлийн импортын 2662 үрээр 1331 үнээг зохиомлоор хээлтүүлж, 76.1 хувийн амжилттай байгааг сайд дурдсан.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Мөн хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбилцол, Ойн сан бүхий газрын хилийн заагийн солбилцол, Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн солбилцлын талаархи Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонслоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат УИХ-ын 2015 оны 41 тоот “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсанаас хойш 2 жилийн дараа батлагдсан Засгийн газрын 2011 оны 174, 194 дугаар тогтоолоор хориглосон бүсийн хэмжээ 43 сая га талбай болсон гэлээ. Энэ бүсийн хилийн зааг нь алдаатай байсан бөгөөд тухайлбал, зарим аймаг, суманд усан сан бүхий хамгаалалтын бүсийг хэт бага эсвэл том талбайг хамруулан тогтоосон байсан нь хориглосон бүсийн хилийг шинэчлэн тогтоох шалтгаан болсон хэмээн сайд мэдээллийнхээ үеэр хэлсэн.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-185 тоот тушаалаар Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хийлийн заагийг тусгай зөвшөөрөл бүрээр тогтоох, хилийн заагийг зөвшөөрөөгүй гомдлыг шийдвэрлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийг тогтоох ажлын удирдамжийг тус тус баталсан байна. Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Гадаргын усны сүлжээний тоон зураг, усны тооллогын мэдээ, 1:100000 масштабын байр зүйн зургийг үндэслэн гадаргын усны сүлжээний зургийг дахин тодруулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүрээр давхацлыг гаргах замаар гүйцэтгэсэн аж.

Засгийн газрын 2015 оны 189 дүгээр тогтоолын 2 дугаар заалтын дагуу усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийг 50 метрээр, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээр тогтооход 242 тусгай зөвшөөрөл бүхий газарт ашиглалт, нөхөн сэргээлт хийхээр болсон хэмээн сайд мэдээлсэн.

Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын тооллогыг 2017 оноос хийж эхэлсэн гэлээ.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн.

Гишүүд урсац бүрэлдэх эхийг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авах, хориглосон талбайд хууль бусаар олборлолт хийгчдэд хариуцлага тооцох, байгаль орчны нөхөн сэргээлт хийх асуудалд анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй хэмээж байлаа. Салбарын яамны зүгээс уул уурхайн төслийн байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнд орон нутгаас өгч байгаа санал, зөвшөөрөл нь төсөл эхлэхийн өмнө дэмжигддэг боловч ажил эхэлмэгц гомдол гаргадаг байдалд дүн шинжилгээ хийх, иргэдийн хууль ёсны шаардлагыг хангах нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж. Мөн уул уурхайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө болон хаалтын нөхөн сэргээлтийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа аж.

ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛЫГ БАТАЛЛАА

Дараа нь Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор дараахь арга хэмжээ авахыг дээрх тогтоолоор Засгийн газарт чиглэл болгосон юм. Туул голын онцгой хамгаалалтын бүсэд олгосон газар эзэмших, ашиглах зөвшөөрөл нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянан үзэж шаардлагатай арга хэмжээ авахыг Засгийн газарт өгсөн чиглэлд тусгажээ.

Мөн хууль зөрчин газар олгосон нь тогтоогдвол буруутай этгээдэд хариуцлага тооцож, байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, эрх бүхий байгууллагаас гаргасан газар чөлөөлөх шийдвэрийг хэрэгжүүлэх үед нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэлийг өгсөн байна.

Түүнчлэн Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуух энгийн хамгаалалтын бүсэд иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв, боловсон, ая тухтай өнгөрүүлэх орчин, нөхцөлийг бүрдүүлж, гадаад, дотоодын жуулчдыг татах бүс болгон хөгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх чиглэлийг тусгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар үргэлжлүүлнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Л.Элдэв-Очир танилцуулга хийв. Татварын шинэчлэлийг хөгжүүлэх, бизнесийг орчныг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих тэргүүтэй төсөл дэх зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой дэвшил гарна хэмээн тооцсон байна. Тухайлбал, эдийн засгийн бодит өсөлт найман хувь, инфляцын түвшин найман хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшин 7.5 хувиас хэтрүүлэхгүй байх нөхцөл бүрдэнэ гэв. Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд нийт 20 зорилт, 123 арга хэмжээний хүрээнд 8.6 их наяд төгрөгийг улсын төсөв, гадаад, хувийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн бусад байнгын хороодоос тогтоолын төсөлд тусгахаар ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудыг нэмж тусгасныг дурьдлаа.

Байнгын хороодоос жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, цөлжилттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, багш, эмч нарын цалин хөлсний менежментийг сайжруулах, Улсын бүртгэлийн үйлчилгээний цогцолбор төв байгуулахад мөнгө төсөвлөх, олон нийтийн цагдаагийн цалин, урамшууллыг нэмэх, инновацийн салбарт олон улсын жишигт нийцсэн лаборатори бий болгох зэрэг санал ирүүлсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа.

Тогтоолын төсөл эдийн засгийн тогтвортой байдлыг баталгаажуулах, өсөлтийг дэмжих зорилготой бодлогын арга хэмжээ гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дурьдлаа. Тэрбээр, “Байнгын хороод дээр урсгал зардлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэг жилийн төсөв батлахад яригддаг олон асуудлыг хөндөж байна. Тиймээс бид эхний ээлжинд бодлогын асуудлаа голлон хэлэлцэх хэрэгтэй” гэлээ.
Засгийн газраас өмч хувьчлалын талаар баримтлах бодлогоо тодорхойлсон бөгөөд хэсэг бүлэг этгээдэд давуу эрх олгох бус бүх хүн тэгш эрхтэй оролцох боложмийг бүрдүүлэхээр төлөвлөж байгааг ажлын хэсгээс хариуллаа. Мөн Засгийн газар ойрын хугацаанд өмчлөх обьектуудын жагсаалтыг гаргаж, УИХ-д танилцуулах аж.

Ирэх онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд 110 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснийг ажлын хэсэг танилцуулав. Мөн үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Зээлийн батлан даалтын сан зэрэг энэ салбарт чиглэсэн хөрөнгө оруулалтын олон урсгал байгаа. Эдгээр байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаа болон бусад тулгамдсан асуудлыг цэгцлэх зайлшгүй шаардлагатай” гэлээ.

Ипотекийн зээлийг хэрхэн үргэлжлүүлэх талаар М.Оюунчимэг гишүүн тодруулсан. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг асуулаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг БНХАУ-аас авах 2 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд үргэлжлүүлэхээр БХБЯ, НЗДТ ажиллаж байгаа аж. Ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд санхүүгийн хүндрэл тулгарч байгааг Сангийн сайд хэлсэн. Мөн ипотекийн зээлийг 2019 онд хэрхэн хэрэгжүүлэх талаар ирэх жилийн төсвийг хэлэлцэх үед дэлгэрэнгүй танилцуулна гэлээ.

Ийнхүү УИХ-ын гишүүд болон бусад байнгын хорооноос ирсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болов.

Categories
мэдээ нийгэм

ББСБ-уудын нийт актив 1.0 их наяд төгрөгөөс давлаа

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар банк бус санхүүгийн салбарын нийт актив 1,046 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь 2017 оны эхний улирлын үзүүлэлтээс 31.5 хувиар буюу 251 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос тус салбарт явуулж буй чадавхжуулах бодлогыг ББСБ-ууд сайн ханган биелүүлж, үр дүнд хүрч буйг дээрх өсөлтийн үзүүлэлт нотлон харуулж байна. Учир нь уг өсөлтөд ББСБ-уудын өөрийн хөрөнгө 53.1 тэрбум төгрөгөөр буюу 7 хувиар, хувь нийлүүлсэн хөрөнгө 50.1 тэрбум төгрөгөөр буюу 8.40 хувиар өссөн нь тус тус голлон нөлөөлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрдмийн баяр”-ыг архи, согтууруулах ундаагүй, элдэв татвар хураамжгүй тэмдэглэхийг уриалав

БСШУС-ын сайдын 2018 оны ажлын үүрэг, чиглэл, НЗД-ын албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн цагдаагийн газар Нийслэлийн боловсролын газар, Монголын оюутны холбоотой хамтран хэвлэлийн бага хурал хийв.

Энэ үеэр Их, дээд, ЕБС, МСҮТ, Коллежийн 2017-2018 оны эрдмийн баярыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас уриалга гаргав.
Уг уриалгад “Төгсөлтийн үйл ажиллагааг боловсролын баримт бичиг гардуулах, суралцагч өөрийн сурсан эрдэм, авьяасаа тайлагнах “Эрдмийн баяр”-ын өдөрлөг хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэх, өдөрлөгийг архи, согтууруулах ундаагүй тэмдэглэх, Оюутан, сурагчдаас аливаа төлбөр, хураамж, хандив авах, оюутан, сурагч, эцэг, эхийн зөвлөлийн үүсгэл санаачилга нэрээр мөнгө татахгүй байх, Оюутан, сурагчдыг хамруулсан амралт, зугаалгын арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг тусгажээ.
Categories
мэдээ улс-төр

Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийн талаарх хэлэлцүүлэг боллоо

“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг Улсын Их Хурлаас батлаагүй, түүнчлэн Засгийн газрын тусгай сан болох “Цэвэр агаар сан”-гийн төсвийн хяналтын сонсгол нь Нийтийн сонсголын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.3 дахь заалтын дагууЗасгийн газраас явуулах нийтийн сонсголын асуудалд хамаарч байгаа. Иймд Улсын Их Хурал хүсэлтэд дурдсан асуудлаар нийтийн сонсгол явуулах боломжгүй юм. Харин Өргөдлийн байнгын хорооны дүрмийн 5.1.7-д заасны дагуу холбогдох байгууллага, албан тушаалтнаас тайлбар, мэдээллийг сонсож,иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, цаашид авах арга хэмжээний талаар байр сууриа нэгтгэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Ингээд холбогдох албан тушаалтнууд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан мэдээлэл хийв. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Ц.Батбаяр хийсэн мэдээлэлдээ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А-11 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Архивын ерөнхий газарт хадгалагдаж байгаа “Цэвэр агаар сан”-гийн санхүү, үйл ажиллагааны архивын эх материалтай танилцаж, 92.2 тэрбум төгрөг зарцуулсан талаарх мэдээллийг нэгтгэн гаргасан. Тус сангаас хэрэгжүүлсэн арга хэмжээнд Үндэсний аудитын газар, Мөрдөн байцаах газар, Авилгалтай тэмцэх газраас тус тус ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар мэдээлэл ирүүлсэн гэв.

Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, яндан буулгах ажил энэ жил эрчимтэй хийгдэж байгаа. Түүхий нүүрс ашиглахыг хориглох шийдвэр гарсан, 2019 оны 5 дугаар сараас эхлэн хэрэгжинэ, түүхий нүүрс орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэгдэл байгуулагдсан болно. Өнөөдрийн байдлаар 8 үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон гэв.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа ирэх 6 дугаар сараас төсөл, хөтөлбөрүүдийг нэгтгэн УИХ-ын Байнгын хорооны хуралдаанд танилцуулах болно. Түүнчлэн БНХАУ-аас орж ирэх 2 тэрбум юанаас түрээсийн орон сууцанд зарцуулахад анхааран ажиллаж байна.

Үүнд, “Цэвэр агаар сан”-гийн Үндэсний аудитын газраас хийсэн гүйцэтгэлийн, санхүүгийн болон нийцлийн аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг хянан шалгах, тухайлбал, Цэвэр агаар сангийн 2013 оны санхүүгийн тайлан 2.3 тэрбум, төсвийн гүйцэтгэлийн тайлан 1.2 тэрбум төгрөгийн зөрсөн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, “Цэвэр агаар сан”-д учирсан хохирлыг тодорхой болгож, уг хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авах; Мөн төсөл хөтөлбөр тус бүр дээр гарсан зардал, үр өгөөжийн тооцоог хянан үзэж, буруутай этгээдэд хариуцлага тооцох.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Б.Энх-Амгалан, Д.Дамба-Очир, холбогдох яам, нийслэл, ТББ болон иргэдийн төлөөлөл оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хөдөлмөрийн тухай хууль”-ийн цалин хөлстэй холбоотой маргаан хамгийн их хувийг эзлэдэг

Улсын дээд шүүхийн шүүгчид, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, хуульч эрдэмтэд оролцсон “Эрх зүй ба эдийн засаг” эрдэм шинжилгээний хурал боллоо. Уг хурал Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр эхэлсэн. Эрдэм шинжилгээний хурлаар “Эдийн засаг дахь эрх зүйн үүрэг”, “Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл шүүхийн практик”, “ Хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн эрх зүй эдийн засгийн асуудал”, “Зохиогчийн эрхийн хязгаарлалт”, “Санхүүгийн түрээсийн гэрээ”, “Дампуурлын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн асуудал” зэрэг сэдвүүдээр шүүгч, эрдэмтэд илтгэл тавьж, харилцан ярилцлаа.

Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирж байгаа бүх гомдлуудын дотроос Хөдөлмөрийн хуулийн тухай зохицуулалтын доторх цалин хөлстэй холбоотой маргаан 16 хувийг эзлэдэг ажээ. Тиймээс өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлын “Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл шүүхийн практик” сэдвээр илтгэл тавьсан Удирдлагын академийн багш, доктор Б.Уранцэцэг ярихдаа: “Хөдөлмөрийн хуулийн шинэчлэсэн төсөл боловсруулагдаж байна. Хууль эрх зүйн хүрээнд боломжийн зохицуулалт хэрэглэхийн тулд бид хуулийн хүрээн дотор ажлаас халагдсан хүнийг шүүх ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан тохиолдолд тэр шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацааны цалинг анхан шатны шүүх хурал дээр шууд гаргуулах зохицуулалтыг хийхээр шийдвэрлэсэн. Тэр шийдвэрийг биелүүлээгүй аж ахуйн нэгж цааш явах тусам торгуулийн хэмжээ нэмэгдэх юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь анхан шатны шүүхийн хууль бус шийдвэр гэж үл тоож болохгүй. Ажлаас үндэслэлгүй халсан, цалин хөлстэй холбоотой төрийн байгууллагын санхүүгийн баримт гарсан тохиолдолд төрийн байгууллагад хохирол учруулсан гэм буруутай албан тушаалтанд хариуцлага тооцно гэж төрийн албаны хуульд ч суучихсан байгаа. Мөн Хөдөлмөрийн хуулинд ч тусгасан. Хувийн байгууллагууд цалин хөлс олгохгүй байх асуудал мөн л Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдана. Хүн ажил хийсэн бол цалинг нь өгч байдаг зохицуулалттай учраас түүний дагуу шүүх гаргуулдаг. Тиймээс тухайн байгууллагын данснаас шууд гаргуулах журмаар зохицуулагдана. Гэрээ хэлэлцээр хийнэ гэдэг цаасан дээр албажуулсан баримт юм. Гомдол гаргасан тал энэ тохиолдолд шууд маргаанаа авах нь өндөр магадлалтай. Гэрээ хийгээгүй тохиолдолд хуулийн үндсэн зохицуулалт нь хүн ажилд авахдаа гэрээ хийгээгүй бол захиргааны зөрчил гэж үзээд ажил олгогч тал буруудаад торгуулийн хэлбэрт шилждэг. Ажиллаж байсан гэдгээ нотолж чадах юм бол шүүхийн журмаар хохирлоо гаргуулах боломжтой. Үүн дээр иргэдийн эрх зүйн мэдлэг бага байдаг. Шүүх энэ хүн танайд ажиллаж байсан уу үгүй юу гэх нотлох боломжоор нь хангах ёстой. Өглөө ирэхдээ албан байгууллагууд хурууны хээ уншуулж ирцээ бүртгэдэг болсон. Хамт ажиллаж байсан гэрчийн нотолгоо, ганц нэг удаа цалин авсан бол карт руу орсон баримт гээд ажиллаж байснаа нотлох боломж гомдол гаргагчийн талд их байдаг. Гэрээг бичгээр хийгээгүй ч энэ бүгд нийлээд нотлох баримт болно. Үүнд дээр иргэд эрх зүйн тодорхой мэдлэгтэй байх шаардлагатай. Эсвэл мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах гэх мэтээр маргаанаа өөрийн талд шийдвэрлэх боломж өндөр байдаг юм шүү” гэв.

Мөн энэ хуулийн талаар Хуульчдын холбооны хөдөлмөрийн эрх зүйн дэд хорооны тэргүүн Н.Баасанжав ярихдаа: “Хөдөлмөрийн харилцааны маш чухал хэсэг нь байгууллагын дотоод хэм хэмжээ юм. Мөн хоёр талын хоорондох хөдөлмөрийн гэрээний харилцаа байдаг. Энэ харилцааг үүсгэсэн гэрээ нь өөрөө хуулийн шийдвэр гэдэгт багтаад байгаа. Тус харилцаа нь эдийн засгийн үр ашгийг аль аль талдаа авч ирэх тухай ойлголт юм. НҮБ-ын 193 орон нийлж, Тогтвортой хөгжлийн зорилго гэж 17 зорилгыг тавьсан. Энэ нь цааш 167 зорилт болж задарсан. Үүний 17 зорилт нь эдийн засгийн өсөлт буюу баталгаат ажлын байрыг бий болгох юм. Тэгэхээр ажлын байр бий болно гэдэг нь хөдөлмөрийн харилцаа үүсч байна гэсэн үг. Энэ нь эдийн засгийн өсөлттэй салшгүй холбоотой. Олон улсын маш олон гэрээ конвенциудын хэрэгжилт хөдөлмөр эрхлэлттэй уялддаг. Дэлхийн худалдааны байгууллага нь экспортод бараа бүтээгдэхүүнээ аливаа улс оронд гаргахдаа Европын тарифын хөнгөлөлт олгодог. Тэр зохицуулалт нь хөдөлмөр эрхлэлтийг тухайн улсад хэр дэмжиж байна, олон улсын хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ хэр хэрэгжиж байна түүнд чөлөөт худалдааны хөнгөлөлт үзүүлнэ гэдэг ойлголт юм. Монгол Улс олон улсын гэрээ конвенцийг үнэхээр сайн биелүүлдэг орон. Тиймээс Европын хөнгөлөлттэй тарифын таатай нөхцлийг эдэлдэг. Тэгэхээр хөдөлмөрийн харилцааны зохицуулалт нь эдийн засгийн харилцааны шууд үр дагавартай холбоотой юм” гэлээ.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа ярихдаа: “Ер нь шүүхийн байгууллагад ирж байгаа хөдөлмөрийн маргааны дийлэнх хувь нь ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага ирдэг. Мөн ажил олгогчийн зүгээс тухайн ажилтанд ажил хөдөлмөрөө гүйцэтгэж байх хугацаанд нь цалин хөлсийг олгохгүй байгаатай холбоотой цалингаа нэхэмжилсэн маргаан ихэвчлэн гардаг. Аливаа иргэн, хуулийн этгээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Тэгэхээр шүүхээр ажилд нь эргүүлэн тогтоосон тохиолдолд хэрвээ ажил олгогч нь тухайн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол ажилд нь эргүүлж авахгүй байгаа нөхцөлд шүүхэд эргээд хүсэлт гаргах боломжтой. Үүний дагуу шүүгч захирамж гаргаад биет гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар биелүүлдэг” хэмээн тайлбарлав.

Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирсэн гомдлын 16 хувь нь зөвхөн Хөдөлмөрийн хуультай холбоотой маргаан байна. 2017 онд Шүүхийн судалгаа мэдээлэл , сургалтын хүрээлэнгээс гаргасан анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн маргааны статик мэдээллээс харахад

Хөдөлмөрийн маргааны тоо 2015 оныхоос 2016 онд 2220-оор буюу 49.3 хувиар нэмэгдсэн байна.

2017 онд шийдвэрлэсэн хөдөлмөрийн маргаан 2016 оныхтой харьцуулахад 2214-өөр илүү байж.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм

Дэд сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайд Жон Жэ Нам Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан хөгжүүлж, ард түмний найрамдал нөхөрлөлийг бэжүүлэхийн төлөө хүч чармайлт гаргаж ажиллахын зэрэгцээ хоёр улсын иргэдийн зорчих нөхцлийг улам сайжруулах, мөн бүс нутгийн хүрээнд талууд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Дэд сайд Б.Батцэцэг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж буйг онцлон тэмдэглээд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсөлд зориулан БНСУ-ын Засгийн газраас 500 сая ам.долларын зээлийг олгохоор болсонд талархал илэрхийлэв. Дэд сайд Б.Батцэцэг цаашид хоёр улсын харилцааг бүх талаар хөгжүүлэх, ялангуяа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, БНСУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монгол брэндийг хөгжүүлэх, мөн иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд БНСУ-тай нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлоод Элчин сайдын ажилд өндөр амжилт хүсэв.
Categories
мэдээ нийгэм

Дондогдулам хатны дурсгалд зориулсан газрын хамгаалалтын асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/417 дугаар захирамжаар нэр бүхий 10 иргэнээс 8 иргэний эрх шилжүүлсний дагуу 2018 оны 04 сарын эхээр зарим айл Улсын Их Дагина Дондогдулам хатны дурсгалд зориулсан газрын ойр орчимд нүүж ирсэн.

2018 оны 05 сарын 01-ний өдөр БСШУСЯ-ны мэргэжилтэнд энэ тухай мэдээлэл ирснээр БСШУСЯам болон ЗГХА Соёл, урлагийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Соёл урлагийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/20 дугаар тушаалаар “”Улсын Их дагина Дондогдуламын дурсгалд зориулсан газрын хамгаалалтын асуудлыг судлах, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй Ажлын хэсэг” байгуулагдсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БСШУСЯам, Соёл, урлагийн газар, МХЕГазар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, СБД-ийн Газрын алба, Соёлын өвийн үндэсний төв, Богд хааны ордон музей, Улаанбаатар хотын музейн зохих албан тушаалтан, мэргэжилтэн ажиллаж байна.

Дурсгалт газрыг 2015 онд улсын хэмжээнд зохион байгуулагдсан Үл хөдлөх дурсгалын Улсын тооллогоор Нийслэлээс тоолж Соёлын өвийн Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэжээ. Соёлын өвийг хамгаалах хуулиар “Соёлын өвийг тухайн шатны Засаг даргын бүрэн эрхээр дүүрэг, нийслэл, улсын гэсэн гурван шатлалтай хамгаалалтанд авдаг” гэвч энэхүү дурсгалын хувьд одоогоор аль алинд нь оруулаагүй байна. Энэ нь дүүргийн Засаг дарга, өв соёл хариуцсан мэргэжилтэн хуулийг сайн мэдэхгүй байгаатай холбоотой байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн эхний ээлжинд “Дүүргийн Засаг даргын Захирамжийг цуцлах шийдвэрийг гаргах Үндэслэлийг гаргаж өгөх нь зүйтэй” гэсэн дүгнэлт гарган доорх ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

1-рт дүүргийн Засаг даргын захирамжийг цуцлуулах.

2-рт Дурсгалт газрыг зохих шатны хамгаалалтанд оруулах, хамгаалалтын дэглэм мөрдүүлэх.

3-рт Соёл, урлагийн газраас зохих төсөв шийдэж, дурсгалт газарт Авран хамгаалах үйл ажиллагаа явуулах.

3-рт Шат шатны Засаг дарга нарт Соёлын өвийг хамгаалах хууль, соёлын өвийн олон улсын конвенцийн талаар сургалт зохион байгуулах.

Ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор ажлаа тайлагнах үүрэгтэй ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд Засаг даргын шийдвэрийг цуцлах Үндэслэл болох “Улсын Эх Дагина Дондогдулам хатанд холбогдох дурсгалын түүхэн үнэ цэнэ, ач холбогдлын талаар судалгаа шинжилгээний дүгнэлт гаргах, дурсгалт газрын хамгаалалтын бүс тогтоох, байршлын цэгийг тодорхойлох”-оор ажиллаж байна. ЗГХА Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэтсийн дарга Н.Мөнхзул, Музей, соёлын үл хөдлөх дурсгалын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Ч.Нацагням нар газар дээр нь очиж ажилалаа.