Categories
мэдээ нийгэм

Г.Мөнхтамир: Хүчирхийллийн талаар мэдээлэл гаргах нь бэлгийн гаж донтнуудад сэдэл өгдөг

ҮҮНЭЭС БОЛЖ БАГА НАСНЫ ОХИД ГЭМТ ХЭРГИЙН ЗОЛИОС БОЛЖ БАЙНА-


Сэтгэл судлаач Г.Мөнхтамиртай уншигч та бүхнийг уулзуулж байна. Түүнтэй бага насны охидыг хүчиндэх жигшүүрт хэрэг гарах болсон шалтгааны талаар ярилцлаа.


-Бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг сүүлийн жилүүдэд олноор гарах болсон. Хууль хяналтын байгууллагаас эхлээд төр засаг хүртэл бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэгтэй тэмцэж байгаа. Гэвч энэ төрлийн гэмт хэрэг жилээс жилд нэмэгдээд байгаа. Юунаас болоод энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдээд байна вэ?

-Бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэг илэрч байгаа нь сайн талтай. Өнөөдөр манай улсад бэлгийн гаж донтой хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Бэлгийн гаж донтой сэтгэцийн гажигтай хүмүүсийн тоо нэмэгдэх тусам энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид бий болно гэсэн үг. Яагаад бэлгийн гаж донтой хүмүүс олноор бий болоод байна вэ гэдгийг эхлээд ярих хэрэгтэй. Маш олон зүйлээс шалтгаалж хүмүүс сексийн гаж донтой болж байна. Эмэгтэй хүний дотуур хувцсыг үнэрлэхээс эхлээд танихгүй эмэгтэйг хувцсаа тайлж байхыг нууцаар харах, бэлэг эрхтнээ бусдад харуулж таашаал авдаг. Мөн амьтантай хүртэл бэлгийн харилцаанд ордог, бусдыг зовоож таашаал авдаг, хөгшин хүнтэй, эсвэл бага насны охидтой сексийн харилцаанд ордог гэх мэт гаж донтой хүмүүс байдаг. Энэ нь сэтгэцийн нэг төрлийн өвчин. Тийм төрлийн өвчтэй хүний дон сэдэрсэн тохиолдолд охид, эмэгтэйчүүд гэмт хэргийн золиос болж, нийгэм айдаст автдаг. Өнөөдөр эцэг, эхчүүд бид охидоо гаж донтонгуудаас хэрхэн хамгаалах вэ гэдэг толгойн өвчин болчихоод байна шүү дээ. Энэ талаар холбогдох байгууллага огт анхаарахгүй байна. Сүүлийн жилүүдэд бага насны охид хүчирхийлэх гэмт хэрэг олноор гарах болсон шалтгааныг хэлэх ёстой. Та бүхэн анзаарч байгаа байх. Сүүлийн үед охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг жагсаал, цуглаан болох, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдыг хүчиндэх гэмт хэрэг гарч байгаа талаар мэдээдэл гарч, нийгэм даяар шуугиад эхэлдэг. Яг энэ үед энэ төрлийн гэмт хэрэг ар араасаа цувраад гарчихдаг. Бусдыг хүчирхийлсэн гэх мэдээлэл олон нийтэд түгээд эхлэхээр энэ төрлийн гэмт хэрэг сар гаруйн хугацаанд тасралтгүй гардаг. Үүний цаад учрыг нь хүмүүс мэдэхгүй байна. Гол учир нь ийм гэмт хэрэг байж болдог, үйлдэж болдог юм байна гэх ойлголтыг түгээгээд байна шүү дээ. Үүнээс болоод олон охид хүчирхийлэлд өртөж байгаа нь харамсалтай. Шуудхан хэлэхэд энэ бүгдэд хэвлэл мэдээллийн байгууллага, цагдаа, хүүхдийн эрхийг хамгаалах төв, төрийн бус байгууллага гээд буруутан олон бий.

-Яагаад дээрх байгууллагууд буруутай гэж. хүчирхийллийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаагийн нэг хэлбэр биш гэж үү?

-Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй бол хүмүүс төдийлөн сайн ойлгодоггүй юм. Цагдаагийн алба хаагч хэвлэл мэдээллийн хэрэгслээр бага насны хүүхэд хүчирхийлсэн талаар мэдээ өгдөг. Сэтгүүлчид ч хэрэг гарсан талаар мэдээлэл бэлтгэхдээ маш дэлгэрэнгүй хүргэдэг. Жишээ нь, найман настай охиныг хойд аав нь хүчирхийлжээ. Ах нь дүүгээ хүчиндсэн байна гэдэг ч юм уу мэдээллийнхээ сенсацийг хөөгөөд мэдээлэл цацаад байдаг. Гэтэл энэ бүгдийг телевиз, сайт, сонингоор мэдээлэл гарч байгааг хараад сууж байгаа гаж донтонгуудын өвчин сэдэрч эхэлдэг. Бүр байж сууж чадахгүй байдалд ордог. Сүүлдээ өөрийгөө барьж дийлэхээ байгаад хэн нэгнийг хүчинддэг. Бэлгийн гаж донтой хүмүүсийн өвчин хүчирхийлжээ, хүчиндсэн байна гэх хоёр үгийг уншаад л сэдэрчихдэг гэвэл та итгэх үү. Тэгэхээр мэдээлэл гарах бүрт жигшүүрт хэрэг ар араасаа цувраад үйлдэгдээд байдаг гол шалтгаан энэ. Хэвлэл мэдээллийн байгууллага, цагдаа, хүүхдийг эрхийг хамгаалах төв, төрийн бус байгууллага сэтгэцийн өвчтэй хүмүүсийн сэрэл мэдрэмж, гаж донг өдөөж өгдөг. Тийм болохоор буруутай гэж хэлээд байгаа юм шүү дээ. Хүчирхийллийн эсрэг маш олон төрийн бус байгууллага байна. Тэд бага насны хүүхэд хүчирхийлж байгаа талаар маш дэлгэрэнгүй баримт, тохиолдол яриад байдаг. Бараг л тэгж яриад тийм үйлдэл хийсэн. Тэгж хуурч мэхэлсэн гээд гэмт хэргийн нууцад хамаарах зүйлсийг ярьдаг. Хүний эрхийн комисс гэхэд “Бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэрэг ах, дүү хамаатан садангууд дунд их гарч байна” гээд л мэдэгдээд байдаг. Нэг талаас нь харахад нийгэмд цочроо өгөх гэж ном хэвлэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл тараадаг байх. Ийм гэмт хэрэг гарлаа гэж жигшиж зэвүүцмээр зүйл ярьдаг. Энэ нь нөгөө л олон улсын байгууллагаас их хэмжээний төсөл, мөнгө авах гэсэн далд санаа нуугдаж байдаг. Найман сартай хүүхэд хүчиндсэн гээд л мэдээлэл өнгөрсөн гуравдугаар сард гарсан. Үүний дараа ой гарантай хоёр ч хүүхэд хүчирхийлэлд өртсөн шүү дээ. Энэ миний ярьсны баталгаа мөн биз.

Үүнээс өөр жишээ ч олон. Баянгол дүүрэгт бага насны хоёр хүүхэд хүчирхийлсэн хэрэг хэдэн жилийн өмнө гарсан. Гэмт хэрэгтнийг цагдаа нар илрүүлж шалгасан байдаг. Гэмт хэрэгтэн “Телевизээр охид хүчирхийлсэн хэргийг талаар мэдээлэл үзсэн. Тэгээд л бага насны охин хүчиндэх сэдэл төрсөн” гэж мэдүүлсэн байдаг юм. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага ах, дүү хамаатан садангууд дунд хүчирхийллийн гэмт хэрэг нуугдаж байна гэсэн мэдээлэл гаргасан. Телевизийн сэтгүүлч бага насны хүүхдийн даашинз нь урагдчихсан, цус нь гарсан бүдэг зураг мэдээнийхээ дундуур оруулсан байдаг. Үүнийг гэртээ үзээд хэвтэж байсан 26 настай залуу ахынхаа хүүхдийг хүчиндсэн байсан. Охид хүчирхийлсэн гэмт хэрэгтний цагдаад өгсөн мэдүүлгийг уншаад үзээрэй. Бүгд гаж дон нь ингэж сэдэрсэн байдаг. Ерөөсөө хэн нэгнийг хүчирхийлж байна гэх зүйл сонсоод л гаж донтонгууд байж чадахгүй болдог юм байна лээ.

-Бэлгийн гаж донтой хүмүүсийг яаж мэдэх вэ?

-Олон шинж тэмдгээр таньж болно. Үг дуу цөөтэй, ямар эсрэг хүйсийн хүн таалагддаг талаараа огт ярьдаггүй. Мөн бага насны хүүхдийг өхөөрдөж байгаа юм шиг мөртлөө ёс бус авир гаргаж байгаа хүмүүсээс болгоомжлох ёстой. Гэхдээ энэ хүн бэлгийн гаж донтой гэдгийг хараад шууд мэдэх боломжгүй.

-Охид хүчирхийлэлд өртөх өөр ямар шалтгаан байна вэ?

-Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа охидын дүрэмт хувцасны юбка хэт богино болсон байна лээ. Үүнд эцэг, эхчүүд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өвдөгнөөс дээшээ богино юбка гаж донтой, сэтгэцийн өвчтэй хүмүүсийн өвчнийг сэдрээх тохиолдол цөөнгүй. Иймд эцэг, эхчүүдийн анхаарал халамж үр хүүхдэд хамгаас чухал. Зөвхөн хайрлах бус хувцаслалт, бусадтай харилцах харилцаа, хүмүүсийн дунд биеэ зөв авч явах байдал гээд охидынхоо энгийн мэт боловч маш олон зүйл дээр нь эцэг, эхчүүд анхаарч, зөвлөж байж эрсдэлээс хамгаална.


Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга төв талбайд суулт зарласан эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарынхныг хүлээн авч уулзав

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг салбарын төлөөллүүд цалин нэмэхийг шаардаж төв талбайд суулт зарлаад дөрөв хонож байна.

Тэдний төлөөлөлтэй өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзаж, өөрт нь ирүүлсэн “Санал хүргүүлэх тухай”, “Зарлиг гаргаж өгөхийг хүсэх тухай” гэсэн хоёр асуудлынх нь хүрээнд ярилцав.

“Зарлиг гаргаж өгөхийг хүсэх тухай” тэдний саналд цалин хөлсний үнэлэмж доройтсоноос иргэдийн амьжиргаанд нөлөөлж төрийн зарим албан хаагч хөдөлмөртөө тохирохгүй цалин авч, хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, ажилтай ядуус болж хөдөлмөрлөх эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх болсон талаар тусгагдсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Хөдөлмөрийн мөлжлөг, албадан хөдөлмөрийн аливаа хандлагыг таслан зогсоох тухай зарлиг гаргаж өгөхийг хүсч байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний саналыг хүлээн авч байгаагаа хэлж, юун түрүүнд дээрх төслийг олон талын байр суурь, санаа бодлыг тусган, мэргэжлийн түвшинд хэлэлцүүлэх хэрэгтэй гэсэн юм. Улмаар ойрын хугацаанд салбарынхан өргөн хүрээний хэлэлцүүлэг хийхээр санал нэгдэв.

Мөн “Ажил хаялтаас өмнөх суулт” зарлаж байгаа эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарынхныг төлөөлж ирсэн эмч, сувилагч, багш нар Монгол Улсад цалин хөлсний бодлого алдагдаж, төрийн албан хаагчдын цалингийн сүлжээ, жишиг, итгэлцүүрийг дур мэдэн шүүх зэрэг байгууллагаас өөрсдөө тогтоон олон арав дахин их цалин авч байхад ялангуяа эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээний салбарын цалин хөлс доод түвшинд үлдсэн талаар дэлгэрэнгүй ярилаа.

Мөн үнийн өсөлт, амьжиргааны түвшний өөрчлөлт болон хувийн хэвшлийн салбарын цалин хөлс таваас доошгүй хувь өсөхөд түүнтэй уялдуулан төрийн албаны цалин хөлсийг нэмэгдүүлж байхаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд хуульчилсан байсаар атал сүүлийн дөрвөн жилд цалин хөлсийг огт нэмэгдүүлээгүй тул энэ удаад цалин нэмтэл төв талбайд суултаа үргэлжлүүлнэ гэсэн юм. Харин цаашид хуулийн хүрээнд цалингийн итгэлцлүүрийг сайжруулж, дээд доод хязгаарыг тогтоох хуулийн өөрчлөлт оруулах асуудалд түлхүү анхаарлаа хандуулна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө энэ сард төлөх шаардлагатай

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөхөд ердөө 3 минут л хангалттай боллоо. Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcar.mn/-аар нэвтэрч, QPay үйлчилгээг ашиглан төлөх боломжтой болсон. Татвар төлөгч та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг онлайнаар хэрхэн төлөх тухай зааврыг доорхи холбоосоор дамжуулан харна уу.

Холбоос: https://www.facebook.com/capital.city.tax.departme…

Албан татвар, төлбөр төлсөн баримт таны и-мэйл хаягруу автоматаар илгээгдэх бөгөөд татвар төлөгч та тухайн баримтыг хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд хавсаргана. Ингэснээр банкинд дугаарлах, татвар хураах цэгт очин тамга даруулахаар очихгүй цаг заваа хэмнэх боломжтой юм.

Хэрэв Та онлайнаар төлөх боломжгүй бол өөрт ойрхон банкинд албан татвар, төлбөрөө төлж, төлсөн баримтаа өөрт ойр байрлах татвар хураах дурын цэгт очин тамга даруулан баталгаажуулаарай гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Татвар хураах цэгүүд

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 08:00 – 17:00
Бямба, Ням : Амарна

2

АТҮТ /цирк салбар, таван ган салбар/

3

НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 19:00

5

Нисдэг машин худалдааны төв

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

Categories
мэдээ нийгэм

Шилмүүст моддыг угааж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сүүлийн 3 жилд хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор 4000 гаруй том оврын шилмүүст моддыг шилжүүлэн тарьж агротехнологийн дагуу арчилгаа усалгааг тогтмол хийж байна.

Моддын хувьд өвлийн улиралд утаа тортог, хаврын улиралд тоос тоосонцорт дарагдаж бөглөрсөн байдаг тул +10 градусын усаар жил бүрийн 5 дугаар сард угааж, цэвэрлэдэг уламжлалтай. Учир нь хүйтэн усаар угаалт хийх нь цочрол өгч модны хатгаа авах эрсдэлтэй тул усыг 1 өдөр хонуулан бүлээсгэж орчны температуртай ижил болгож бэлтгэдэг. Энэ нь шилмүүст модны амсарын эрхтэнг цэвэрлэх, мөчир салаанд чийг өгөх, ургалтыг дэмжих олон талын ач холбогдолтой бөгөөд титэм угаах ажил нь 7 хоногийн хугацаатай үргэлжлэх юм. Мөн энэ жил гоёлын олон төрлийн моддоор 12 байршилд төгөл байгуулаад байна.

Categories
мэдээ нийгэм

П.Ганхүүг “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар томилжээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас чөлөөлж Эрчим хүчний сайд асан П.Ганхүүг томилох шийдвэр гаргажээ.

П.Ганхүү нь Засийн газарт 2016-2017 оны 10 дугаар сарыг хүртэл Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан билээ. Тэрээр дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч дарга, сайд гэхчлэн бүхий л төвшинд бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчин бөгөөд эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй юм байна..

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Оюунбаатар: О.Баасанхүү бол улс төрийн хүнд байдалд орчихсон хүн

Улсын дээд шүүх МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан шийдвэр өнгөрсөн даваа гаригт гаргасан. Шүүх хуралдааны үеэр О.Баасанхүү гишүүн МАХН-ын зарим гишүүдтэй зодолдсон, ам зөрсөн гэх мэдээлэл цацагдсан билээ. Энэ асуудлаар Монгол Улсын Шадар сайд асан, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатартай ярилцлаа.


-Улсын дээд шүүхээс танай намын дүрмийн өөрчлөлтийг хоёр ч удаа бүртгэхээс татгалзлаа. Яагаад танай намын дүрмийг бүртгэхгүй байгаа юм бэ?

-Манай нам хоёрдугаар их чуулганаа энэ хаврын эхээр хийсэн. Энэхүү хуралдаанаар намын дүрэм, мөрийн хөтөлбөртөө тодорхой өөрчлөлтийг оруулсан. Энэхүү өөрчлөлт бусад улс төрийн намын дүрэм, мөрийн хөтөлбөртэй адилхан. Үүнийгээ бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд өргөн барьсан юм. Гэтэл Улсын Дээд шүүх удаа дараа О.Баасанхүүгийн эрх ашгийн төлөөх шийдвэрийг гаргалаа. Цаашид энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий шүүгчид хандана. Өөрөөр хэлбэл “МАНАН”-гийн улс төр, бизнесийн бүлэглэл шийдвэр гаргагчдыг санхүүжүүлж, намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгүүлэхгүй байх үйл ажиллагааг явуулаад удаж байна. Улсын дээд шүүхээс манай намын зарим гишүүд хоорондоо маргаантай байгаа учраас бүртгэх боломжгүй гээд буцаадаг. Ямар нэгэн улс төрийн намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг л шүүхийн байгууллага хянах үүрэгтэй. Харамсалтай нь Улсын дээд шүүх энэхүү хэм хэмжээгээ зөрчиж, намын дотоод асуудалд оролцож байна. Үүнд манай нам шүүмжлэлтэй хандаж байгаа. Мөн Улсын дээд шүүхийн хуралдаанд О.Баасанхүү гэх хүнийг зориуд ирүүлж, нэг тал мэтээр харуулан, хооронд нь зөрчилдүүлсэн нь шүүхийн байгууллагын үйл ажиллагааны алдаа. Монголын шүүх ялзарч байна. Бид энэ ёс зүйгүй шүүгчдийн асуудлыг олон нийтэд гаргаж тавина. Мөн ойрын хугацаанд намынхаа дүрэм, мөрийн хөтөлбөрөө бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд дахин хандана.

-Өмнө Улсын дээд шүүхээс гаргасан шийдвэрт танай намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн зарим заалт, материал дутуу байна гэж буцаасан. Энэ удаад О.Баасанхүү гишүүнээс болсон гэж ойлгох уу?

-Энэ удаагийн манай дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтөд ямар ч хаягдсан, орхигдсон, дутуу зүйл байхгүй. Өнгөрсөн удаад гарсан тэр дутуу гээд байгаа материал, баримт, заалтуудыг нь хуулийн хүрээнд бүгдийг нэмсэн. Ингээд шүүхээр бүртгүүлэхээр очдог. Гэтэл шүүхээс “Дутуу, орхигдуулсан зүйл заалтаа нэмсэн байна. Гэхдээ өмнө гарч байсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэж үзээд буцаасан. О.Баасанхүү гэдэг хүн манай намын жирийн нэг гишүүн. Бүртгүүлэх үйл ажиллагаанд жирийн гишүүн ч байна уу, УИХ-ын гишүүн ч байна уу хамаагүй байдаг. Энэ бол аж, ахуйн нэгжийн бүртгэлийн ажил. Гэтэл энэ хүнийг шүүх хуралдаанд ажиглагчаар оруулж ирүүлсэн нь асуудал үүсгэсэн. Үүнээс болж маргаан үүсч, О.Баасанхүү гишүүн шүүхийн танхимд салаавч гаргаж, бүдүүлэг авир гаргасан. Би шүүх, хуулийн байгууллагад насаараа ажилласан хүн. Өнөөдөр Монголын шүүх ийм нэр хүндгүй, дорд орсныг бид харлаа. Шүүхийн байгууллага ингэж бусдаар доромжлуулчихаад улс төр, бизнесийн бүлэглэлийн даалгавраар үйлчилж, тэдэнд ая тал засаж байгаа нь харамсалтай.

-Маргаан үүсгээд байгаа хүмүүст танай намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгүүлэхгүй байх ашиг сонирхол нь юунд байна?

-Хувьсгалт нам улам бүр өргөн тэлж байна. Олон нийтийн дэмжлэгийг авч байна. Бид Шинэ Үндсэн хуулийг хийлээ. Оюу толгой, Таван толгойн орд газрын баялгийг монголчуудад өгөхөөр шийдвэр гаргасан. Энэхүү баялгийн сангаас боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг ард түмэндээ үнэ төлбөргүй болгох асуудлыг шийдлээ. Өөрөөр хэлбэл, манай нам шинэ Үндсэн хуулиа боловсруулчихаад ард түмнээсээ дэмжлэг аваад явж байгаа болохоор олигарх бүлэглэлүүд бидний энэхүү үйл ажиллагааг зогсоох гэсэн оролдлого юм.

-О.Баасанхүү гишүүн Гурван шүүгчийн өмнө намайг зодсон гэж ярьсан. Энэ үнэн үү. Шүүх хурлын үеэр юу болсон талаар тодруулахгүй юу?

-Шүүгч бол аливаа ашиг сонирхлын нөлөөллөөс ангид шийдвэр гаргах ёстой. Гэтэл Улсын Дээд шүүхийн шүүгчид бусдын нөлөөнд автагдсан үйл ажиллагаа явуулж байна. Намын дотоод асуудалд оролцож байна, бусдын захиалгаар ажиллаж байна. Монголын ард түмэн авлигын сүлжээний хөлд үрэгдэж байгаа. Тиймээс Улсын Дээд шүүхийн шүүгч нарыг огцруулах ёстой. Улсын Дээд шүүх дээр болсон үйл явдлын талаар ташаа мэдээлэл тарсан. О.Баасанхүү өөрөө шүүхийн танхимд салаавч гаргасан. Бусдыг өдөөн хатгасан. Тэр нөхрийн талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандана. Нөгөө талаар, О.Баасанхүү МАХН-ынханд зодууллаа гэдэг мэдээллийг сошиалд тараасан. Энэ бол ор үндэслэлгүй мэдээ юм. О.Баасанхүү шүүх хуралдааны дараа зүгээр л гараад явсан. Гарч явсныхаа дараа бусдад зодуулсан эсэхийг бид мэдэхгүй. Ийм ичих нүүргүй худлаа ярьдагаа болих хэрэгтэй. Улсын дээд шүүхийн гурван шүүгчээс юу болсон талаар лавласан ч болно. Хэн нь түрүүлж бүдүүлэг авир гаргасан бэ, хэн нь Монгол Улсын дээд шүүхийн танхимд ёс бус үйлдэл гаргасан бэ гэдгийг асуух хэрэгтэй. О.Баасанхүүг зодоогүй. Харин ч О.Баасанхүү өөрөө шүүхийн танхимд салаавч гаргасан. Шүүгч удаа дараа шаардлага тавихад биелүүлээгүй. Энэ бүх үйлдэл нь камерт бичигдсэн. Тиймээс би ёс зүйгүй гишүүнийг эгүүлэн татах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-2020 оны сонгууль дөхөж байна. Үүнээс өмнө намын дотоод асуудлаа хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ. Байнгын ийм хагаралтай, бутралтай байх уу. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Юуны өмнө намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд дахин өгнө. Шүүхээс хэдэн удаа буцаах нь уу гэдгийг бид харна. Хоёрдугаарт, манай нам дотор ямар нэгэн хүндрэлтэй, зөрчилтэй асуудал байхгүй. Харин ганц нэг хүнийг хөлслөөд Төрийн ордныг шөнийн дөрвөн цаг хүртэл ажиллуулж, хурал цуглаан хийдэг хууль бус бүлэглэл бий. Үүнийг бид ард түмэндээ ил болгож байгаа. Түүнээс биш нам дотор ямар ч хүндрэл, зөрчил байхгүй. Үүнд ард түмэн маань санаа зовох хэрэггүй ээ.

-Танай намаас УИХ-д суудалтай ганцхан хүн бий. Энэ хүнтэйгээ цаашид учраа олоод, хамтраад ажиллахад ямар саад бэрхшээл үүсчихээд байна вэ?

-Энэхүү зөрчилдүүлж буй үйл ажиллагааг цаанаас нь улс төр, бизнесийн бүлэглэл зориуд санхүүжүүлж хийж байгаа. Сая намын дүрмэндээ бид жигүүртэй байх асуудлыг оруулсан. Тийм болохоор О.Баасанхүү гишүүн бидэнтэй хамтраад ажиллаж болно. Үүнийг бид өөрт нь шууд хэлдэг. О.Баасанхүү бол улс төрийн хүнд байдалд орчихсон хүн. Тийм болохоор цаашдаа шинээр нам байгуулаад явах уу, бусад улс төрийн нам, хүчнийхэнтэй нэгдэх үү гэдэг нь өөрийнх нь шийдэх асуудал. Бид бол хамтраад ажиллаж болно гэдгээ хэлдэг.

-Танай намын гишүүн З.Баянсэлэнгийг сайдын алба хашиж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж түрээсийн орон сууцанд хамаатнуудаа оруулсан, ашиг сонирхлын зөрчил байсан гэх асуудлаар АТГ-аас шалгасан. Энэхүү асуудалд танай нам ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газрын тогтоолыг гүйцэтгэснийхээ төлөө энэ хүн шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл “Бэрэн” компаниас 223 орон сууц түрээсээр авч өг гэсэн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүллээ гэх үндэслэлээр З.Баянсэлэнгийг яллаж байгаа. Одоо энэхүү хэрэг Сонгинохайрхан дүүргийн шүүх дээр явж байна. Ийм ёс бус үйл ажиллагаагаа эрх баригчид зогсоогооч. Монголчуудыг үзэл бодол, намын харьяаллаар нь ялгаварладгаа болиоч ээ. Энэ талаарх шаардлагыг төрийн өндөр албан тушаалтан, эрх барьж буй байгууллагуудад бид албан ёсоор өгсөн. Энэ талаараа удахгүй олон нийтэд мэдээлэх болно. Ер нь “Бэрэн”-ээс өөр компаниас авсан байвал энэ бол гэмт хэрэг шүү дээ. Мөн 223-аас илүү айл орчихсон бол асуудал ярьж болно. Гэтэл ийм асуудлууд байхгүй. Энэ бол МАНАН бүлэглэлээс зориуд зохион байгуулж буй ажил юм. Ийм хийсвэр хэргээр монголчуудыг бүгдийг нь гэмт хэрэгтэн болгож болно.

-Танай намын дарга сүүлийн үед үүсээд байгаа асуудалд ямар байр суурьтай байгаа бол?

-Намын даргын байр суурь биднээс хол зөрөхгүй байх гэж бодож байна. Намын даргын өдөр тутмын үйл ажиллагаагаа хийгээд л явж байгаа. Саяхан бид Хан-Уул, Багануур, Багахангайд ажиллаад ирсэн. Манай намын удирдлагууд Монголынхоо жирийн иргэдийн гэрээр орж, намынхаа дүрэм, мөрийн хөтөлбөрийг танилцуулж байгаа. Үүнд хамгийн чухал нь бидний боловсруулсан шинэ Үндсэн хууль юм. Энэ хууль батлагдсанаар төрийн эрх мэдэл шууд утгаараа ард түмний гарт очно. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дээд танхим нам бус иргэдээс сонгогдоно. Харин Улсын бага хуралдай буюу хууль тогтоох байгууллага нь улс төрийн намын гаргасан саналын дагуу байгуулагдаж, тэр нь байнгын ажиллагаатай парламент байж, хуулиа гаргана. Ингэх юм бол улс орны өмнө тулгамдаж байгаа бүх асуудлууд амархан шийдэгдэх болно.


Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн цахилгаан хязгаарлах дүүргүүд

Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 17-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

11.00-18.00 цагт: Бугат Хаус, МУИС-ийн полигон, Хос тэс, МАК, Богд хаан уулын ДЦХЗ-1, 2, Кувейт Монгол, Буянт-Ухаа 2 хороолол болон эдгээрийн ойр орчмоор

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

10:30-17:30 цагт: 16, 19, 22, 24-р хороо 065-р ЦА, Солонгос Монголын клуб, Цэргийн 1-5, СОТ-3-ын 1-4, 6, 8-11, Цахлайн 1-7, Эмнэлгийн 21-26, Хоршооллын 1-8, Шар хадны 3, 4-р гудамжууд, Банкны өр барагдуулах албаны гараж, Христийн методист төв, Цагаан хаш, Суман гүн трейд, Дако, Бугат Алтай, Хонгор унага, Идэр авэйшн Монголия, Үндсэн хүнс, Санкредит, Зостын шовгор, Эм Си Импекс, Тарант, Баянхайрхан трейд, Дэлийн булаг ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

11:00-16:00 цагт: УСУГ-ын худгууд, 19-р хороо Хоршооллын 1-5, Цэргийн 1-3 р гудамжууд, 065, 084-р ЦА, Банкны өр барагдуулах газар, Суман гүн трейд ХХК болон эдгээрийн ойр орчмоор

НАЛАЙХ ДҮҮРЭГ

10.00-13.00 цагт: 2-р хороо Локаторын ЦА, Цууны үйлдвэр, ойр орчмоор

14.00-17.00 цагт: 7-р хороо Хөл Налайх цэцэрлэгт хүрээлэн, Тэлмэн констракшн конторын барилга, ойр орчмоор

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ

10.00-15.00 цагт: Алтгана гэр хороолол

Categories
мэдээ улс-төр

Хүүхдийн мөнгөний тухай Засгийн газрын төслийг хэлэлцэнэ

  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/;
  • Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Иргэний улсын бүртгэлийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Ж.Ганбаатар нарын 5 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2017.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2018.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Categories
мэдээ цаг-үе

С.Хишигжаргал: Анхны тоглолтоо их нандигнаж байна

Дуучин С.Хишигжаргалтай ярилцлаа.


Universe best songs бол таны нэрийн өмнө явдаг бас нэг тодотгол. Уг уралдаанд хэдэн онд оролцож байлаа?

-2011 онд “Universe best songs” наадам гурав дахь удаагаа зохиогдоход орж байлаа. Миний өрсөлдсөн анхны тэмцээн байсан юм. Их амжилттай оролцож шилдэг 25-д үлдсэн.

-Уг уралдаанаас шилдэг дуучид төрдөг ч цөөхөн нь л урлагтаа үлддэг. Урлагаа цааш үргэлжлүүлж байгаа тэдгээр хүмүүсийн нэг нь та шүү?

-Гоё дуулдаг, авьяастай залуус олон бий л дээ. Харин уран бүтээл хийж байгаа нь гэвэл цөөхөн. Уран бүтээл дээр ажиллана гэдэг тэмцээнээс огт өөр. Илүү хариуцлагатай байж, өөрөө л зүтгэж байж уран бүтээлч болдог юм билээ.

-Та өмнө нь дуулдаг байсан уу, эсвэл энэ шоугаар гарч ирж олонд танигдав уу?

-Өмнө нь гэртээ, сургууль, ангийнхаа хүрээнд л дуулдаг байлаа. “Universe best songs” наадам бол намайг хүмүүст их таниулсан. Намайг дуулдгийг мэддэггүй байсан хүмүүс энэ уралдааныг телевизээр үзээд гайхсан шүү. Өмнө нь ямар ч тэмцээн уралдаанд орж дуулж байгаагүй юм. Энэ наадам намайг урлагт чи чадна шүү гэдэг итгэлийг төрүүлж өгсөн. 2011 онд “Universe best songs” наадамд 16-60 гаруй настай 800 гаруй хүн бүртгүүлж өрсөлдсөн. Тэгэхэд надтай хамт өрсөлдөж байсан хүмүүс дунд одоо амжилттай яваа уран бүтээлчид байна. Тийм мундаг авьяастнуудтай өрсөлдөөд шилдэг 25-д үлдсэн нь миний хувьд өндөр босго байсан. Тийм учраас энэ наадам намайг уран бүтээл хийгээд явахад маш том суурь болж өгсөн.

-Та дараа нь хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаатай хамтарч ажиллах болсон. Тал нутаг гээд уянгалаг сайхан дууг нь хоршиж дуулсан шүү дээ?

-“Тал нутаг” дуу,

“Хөвсгөр цагаан цас нь хаялан орж

Хөндий тал нь цайран цэлийнэ

Хөдөө нутгийн хөгшнийгөө санан

Хөгжим болсоор сэтгэл хөдөлнө” гэж эхэлдэг. Их гоё дуу. Гоё дуу, гоё аялгуу хүний хоолойг гоё гаргаж ирдэг юм билээ. Гурав дахь дуугаа гаргачихаад байж байтал Б.Ангирмаа багш над руу залгасан юм. “Чиний хоолой надад таалагдаж байна. Надад “Angel” гэж дуу байдаг юм. Хэрвээ хүсвэл энэ дууг дуулж болно шүү” гэж санал болгосон. Ингэж л багштайгаа хамтарч ажиллах болсон доо. Хамтдаа олон дуун дээр ажиллаж байна. Миний анхны “I’m Khishgee” цомгийг багш минь продюсерлож гаргаж өгсөн. Би багшдаа маш их баярлаж явдаг.

-Продюсеруудын дундаас биеэ авч яваа байдал, өөрийгөө илэрхийлдэг зан чанар зэргээрээ ялгардаг нь Б.Ангирмаа. Тийм ч болохоор зарим залуу уран бүтээлчид түүнээс эмээх хандлагатай байдаг?

-Миний нэг сонин зан байдаг юм. Айж байгаа зүйл, айдсынхаа эсрэг сөрдөг зантай. Айж зугтдаггүй, заавал нүүр тулж байж тухайн зүйлийнхээ мөн чанарыг таних дуртай. Тийм болохоор би багшаасаа айж байгаагүй. Над руу ярихад нь маш их баярласан. Багштайгаа анхнаасаа тийм сэтгэгдлээр учирсан болохоор айхавтар айгаад бэмбэгнээд байдаггүй. Гэхдээ би багшийгаа маш их хүндэлдэг. Хүндэлнэ гэдэг хүн харахад айгаад ч байгаа юм шиг харагддаг байх. Надад анх эрэгтэй хөгжмийн зохиолчдоос хамтарч ажиллах санал их ирсэн юм. Тухайн үед нас залуу байсныг ч хэлэх үү, жаахан хаширлаад багшийгаа ярихад нь яагаад ч юм маш их баярлаж билээ (инээв). Би чамайг продюсерлоё гэхээсээ илүүтэй чи миний дууг дуулж болно оо гэж уран бүтээлчийнхээ хувиар ярихад нь өөрийн эрхгүй таатай санагдсан. Багшаасаа их ч зүйл сурсан. Цомгийг минь гаргаж өгчихөөд “За би хөлийг чинь дөрөөнд, гарыг чинь ганзаганд хүргэж өглөө. Чи соло дуучин. Багш нь одоо охидын хамтлаг байгуулна. Тэр хамтлагт орж дуулж болно шүү” гэж билээ. Багш минь ингэж л надад замыг минь зааж өгсөн дөө.

-Та гадаад төрхөө европжуу байдлаар тодорхойлсон. Үсээ шаргал болгодог?

-Би европ соёл, киног ихэд сонирхдог. Нөгөөтэйгүүр рок поп урсгал ч гэсэн тэр зүгээс гаралтай учраас яах аргагүй тийм хэв маяг, жанр барьдаг. Тухайн үедээ шаргал үстэй байлаа. Одоо бол бага зэргийн шаргалтай үстэй (инээв.) Зарим хүмүүс намайг өөр бусадтай жиших нь бий. Миний хувьд хүнтэй адилхан байя гэж боддоггүй. Аль болох өөрт байгаагаа тодруулж харуулахыг хичээдэг.

-Таны клипүүд цэвэр хотын шинжтэй байдаг л даа. Тийм болохоор хотын унаган хүүхэд байж мэднэ гэж таамаглаж болох ч таныг Архангайнх гэж дуулсан?

-Би Архангай аймгийн Хангай суманд төрсөн. Ингэж хэлэхээр хүмүүс намайг “Чи хөдөөнийх байсан юм байна ш дээ” гэдэг юм. Би яах аргагүй хөдөө төрсөн. Гэхдээ би хотод ухаан орох цагаасаа л эхэлж амьдарсан болохоор хотын соёлоо эрхэмлэдэг. Бусад залуусыг ч усыг нь уувал ёсыг нь дага гэгчээр энэ хотод хайртай байгаасай, энэ хотыг өнгө үзэмжтэй байлгаасай гэж хүсдэг. Тийм болохоор клип, уран бүтээлээрээ хүмүүст сөрөг юм харуулахгүй юмсан, хар сенсациар амьдрахгүй юмсан гэж боддог. Цэвэр уран бүтээлч байх сан. Эргээд хэдэн жилийн дараа клипүүдээ хараад “Ээ ямар аймаар байсан юм бэ” гэмээргүй, тухайн цаг үедээ эзэн нь байж гоё бүтээл хийх сэн гэж зорьдог. Анхныхаа тоглолтыг хийх гээд уран бүтээлийнхээ жагсаалтыг сонсч байхад дуунуудаа бүгдийг нь клипжүүлсэн байна. Клип болгон минь дурсамжтай, хөдөлмөр шингэсэн байсан учраас өөрийгөө хайрласан шүү.

-Дуучин хүний хувьд анхны тоглолт гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй баяр жаргал, догдлол төрүүлсэн үйл явдал байдаг юм шиг байгаа юм. Яг одоо таны сэтгэл маш их хөдөлж байгаа?

-Энэ цаг хугацааг би мөрөөдөж байгаагүй мөртлөө цаанаа их хүсдэг байсан юм шиг байгаа юм. Хүнд хэлж зүрхлэхгүй тийм нандин зүйл байсан юм байж л дээ, одоо бодоход. Одоо тэр мэдрэмж ойртохын хэрээр маш их баярлаж байна, догдолж байна. Сандрах, айх гэхээс илүүтэй хайртай, хамгийн дотны хүнээ хол явуулчихаад уулзах өдөр, хоногоо хуруу даран хүлээж байгаа юм шиг тийм мэдрэмж төрж байна.

Анхны тоглолтоо VIP хийж байгаа. Б.Ангирмаа багш минь “Чи тоглолт хийгээч” гэхээр нь “Нээрэн тоглолт хийе” гэсэн бодол төрсөн. Тэгээд эхний, анхны тоглолтоо намайг чин сэтгэлээсээ сонсдог, намайг хайрладаг тийм хүмүүстэйгээ хамт нүүр нүүрээ харж байгаад жижигхэн ч гэсэн ая таатай, өндөр зэрэглэлийн орчинд, хөгжмийн сайн дуугаралттайгаар хийе гэж бодсон. Анхны гэдэг утгаар нь тоглолтоо их нандигнаж хийж байгаа. Түүнээс биш ашиг олж, өөрийгөө нийтэд шидэх гээд байгаа зүйл биш шүү. Би өөрийнхөө дуунуудыг тасралтгүй дуулахад хоёр цаг гаран болж байна билээ. Эхлээд хайртай хүмүүстээ тоглолтоо дээжилж хүргэе гэж зорьсон. Цаашид бие даасан томоохон тоглолтоо хийх бодол байгаа. 150-хан хүний суудалтай. Билет нь дуусчихсан.

-VIP тоглолт тань хаана болох юм?

-Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн “Park Castle”-д болно. Нэмж хорин хүний тасалбарыг захиалгаар хэвлэсэн. 170-аад хүн цуглаж л тоглолтыг минь үзэх нь. Хүмүүсийг тэгж цуглана чинээ санаагүй. Маш их баярлаж байгаа. Найзууд маань тоглолтыг минь үзэх гээд Солонгос улс, Архангай аймгаас ирж байна. Урилгаар орохгүй, тасалбар худалдан авч үзнэ шүү гэцгээсэн. Тэгж хандаж байгаа нь үнэ цэнэтэй санагдаж байгаа.

-Таны хоолойг сонсоход байгалиасаа төрмөл байдаг л даа. Маш цэвэр дуугардаг цээл хоолой?

-Би өөрийгөө гоё хоолойтой гэж боддоггүй байсан. Би дуучин Т.Ариунаа шиг часхийсэн хоолойтой биш байх, Уитни Хьюстин шиг чадалтай хоолойтой биш байх гэж дандаа өөрийгөө дарж бодож явсан. Хэзээ өөрийнхөө хоолойг бас чиг аятайхан юм байна гэж бодож эхэлсэн бэ гэхээр “An­gel”, “Чамд орхисон хайр”-ыг дуулчихаад өөртөө бага багаар дурлаж эхэлсэн. Хоолой минь надад таалагдсан. Би өөрийгөө эвдэх гэж үзсэн. Дээшээ, доошоо өнгөөр ч дуугарч үзсэн юм. Багш нар маань намайг “Өргөн диапазонтой байна. Аль ч өнгөн дээр ашигтай дуугарч болно” гэдэг байлаа. Гэхдээ надад хэт их цоглог дуу зохидоггүй, эсвэл хагацаж салсан тухай ганихралын дуу зохимжгүй юм билээ. Би юмыг гэгээлэг, хөнгөн гунигтай, романтик байдлаар хүлээж авдаг болохоор тэр нь миний хоолойд тохирдог. Хувцасны хувьд ч ялгаагүй. Яг одоо трэнд болж байгаа хувцас гэхээсээ өөртөө зохисон хувцсаа өмсчихөд л гоё харагддаг.

-Таны клипүүд их өнгөлөг шүү?

-Бодно л доо, клип хийх болгондоо. Яавал хүнд гоё сэтгэгдэл төрүүлэх вэ. Урлаг гэдэг гоо зүй. Гоо сайхан харагдахаасаа илүү тачаангуй харагдах гээд хүмүүсийн эгдүүцлийг төрүүлж хямдхан харагдах вий гэдэгт их анхаардаг. Коко Шанелийн “Эмэгтэй хүн битүү хувцас өмссөн ч дур булаам байж болдог. Нүцгэлж шалдлахыг дур булаам гэж ойлгож болохгүй” гэсэн үг бий. Тэрийг зарчим болгож явдаг.

-Таныг олон киноноос харсан. Хэд хэдэн кинонд тоглочихов уу?

-Гол дүрд нь тоглосон гэвэл цөөхөн л дөө. “Нэг өдрийн дайсан”, “Хоёулаа унтах уу”, “Universe best songs”-ийн шилдэг оролцогчдын тоглосон “Мартагдашгүй намар” кино байна. Харин сүүлийн үед гэвэл “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” кинонд Оюуны дүрд тоглосон. “NTV” телевизийн “Гэр дүүрэн охид” сериалд Оргилмаагийн дүрд тоглочихоод байна. Миний дүр бүтээнэ гэх нь хаашаа юм, өөрийнхөө чадлаар оролцон тоглосон гэх үү дээ. Кинонд тоглож өөрийгөө сорьсон. Их ч зүйлийг тэндээс сурсан.

-Тоглолт тань бямба гаригт болно. Хоёрхон хоног үлдэж дээ?

-Санаа зөв бол заяа зөв гэдэг. Их сайхан боломжууд надад олдож, олон сайхан хүмүүстэй танилцдаг. Төрж өссөн Архангай аймгийн Хангай сумын нийт ард түмэн, ахан дүүс, хамаатан садан, хайрт ээждээ, намайг хайрладаг миний ойр дотны бүх хүмүүст баярлалаа. Би энэ хорвоо дэлхий дээр байгаа бүх юманд талархаж амьдрах дуртай. Миний энэ тоглолт талархлын тоглолт юм л даа. Та бүхэндээ баярлалаа.

-Тоглолтын тань нэрийг сонирхвол?

-“Хатан зүрх”. Энэ тоглолтод маань миний хамгийн хайртай хүмүүс намайг зорьж ирж байгаа. Эдгээр хүмүүсээр дамжиж миний дуунууд бүр ч олон хүнд хүрнэ. Тиймээс их догдолж байна. Цаашдаа нийгэмдээ, урлагтаа муу нэр зүүхгүй юмсан, аль болох сайн сайхан зүйлийг бусдад түгээхсэн гэж хичээж байна.

-Та гэр бүлтэй юу?

-Найз залуутай.


Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 17-нд болох үйл явдал

09.00 цагт Төрийн ордонд “Мал аж ахуйн тогтвортой хөгжил-2018” малчдын улсын зөвлөгөөн болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Ноолуурын экспортыг нэмэгдүүлэх боломж” улсын зөвлөгөөн болно.

09.00 цагт “Туушин” зочид буудалд “UPR дунд хугацааны тайлан”-гийн хэлэлцүүлэг болно.

09.00 цагт “Дижитал шилжилт буюу төрийн үйлчилгээнд блокчейн технологи ашиглах нь” хэлэлцүүлэг ГХЯ-нд болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт МҮЭХ-ноос өөрийн байрандаа төрийн албан хаагчдын цалин нэмэх талаар Засгийн газартай хийж буй хэлэлцээрийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт БХБЯ-нд “Тэнхлэг зууч” компанийн гүйцэтгэсэн “Орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгаа”-ны тайланг хүлээлгэн өгөх ёслол болно.

11.00 цагт Сүхбаатарын талбайд Гэр хороолол хөдөлгөөнаас жагсаал зохион байгуулна. Утас:99043049

11.00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д Монголын үндэсний бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Сүхбаатарын талбайд “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрөөс “Цусны даралтаа хянаж сурцгаая!” уриан дор “130/80” өдөрлөг зохион байгуулна.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын допингийн эсрэг төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт УБТЗ-ын Удирдах газрын өмнөх талбайд Монгол улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтаж Замын-Үүд-Улаанбаатар, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлд 1110 км явган аялсан УБТЗ-ын залуучууд, ахмадуудыг хүлээн авах ёслол болно.

12.00 цагт Үлэг гүрвэлийн төв музейд “Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил” танхимын нээлт болно.

12.00 цагт ГХЯ-нд “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал болно.

14.00 цагт Монголын Театрын музейд “Олон улсын музейн өдөр”-т зориулсан “Театрын урлаг таны гэр бүлд” арга хэмжээ болно.

14.00 цагт “Мишээл Экспо” төвд “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдхүүн үйлчилгээ технологи -2018” олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт Гал үндэстэн холбооноос “Эх орны төлөө-Их эргэлт” сэдвээр мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны дарга асан Ж.Мэндбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.