Categories
мэдээ улс-төр

“Тогтвортой мал аж ахуй – малчдын улсын зөвлөгөөн”-д мэндчилгээ дэвшүүллээ

Дэлгэр Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист ажиллаж, амьдран суугаа нийт малчин түмнээ төлөөлөн хүрэлцэн ирж Төрийн ордондоо хуран чуулж байгаа Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, буянт мал сүрэг тань өсөж, ашиг шим нь арвижин, амьдрал ахуй нь үргэлж дэвжин дээшилж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

“Мал дагавал ам тосдоно” гэсэн ардын сайхан үг бий. Энэ бол жилийн дөрвөн улиралд, цаг, наргүй буянт малынхаа төлөө бие сэтгэлээ чилээж, уйгагүй хөдөлмөрлөж мал сүргийнхээ үр шимийг хүртэж сайхан амьдарна гэдгийг бэлгэшээж хэлсэн гэж бодож байна.

Ашигт малтмалын нөөц ашиглах явцдаа үргэлж дундарч, үгүй болж байдаг бол Монгол түмний мянга, мянган жил маллаж, адгуулсаар ирсэн малын буян нь байнга үржин арвижиж, өсөн нэмэгдэж Та биднийг цаг ямагт тэжээж, тэтгэж ирсэн, цаашид ч Та бидний “ам тосдох” шавхагдашгүй нөөц юм.

Монгол Улсыг, ялангуяа манай орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хүнс, хөдөө аж ахуйн салбар, тэр дотроос мал аж ахуйн үйлдвэрлэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тийм учраас Монгол Улсынхаа малчин түмний амьдрал ахуйг сайжруулах, эрдэнэт мал сүргийнхээ чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх бодлого нь Улсын Их Хурлын анхаарлын төвд байнга байсаар ирсэн, цаашид ч байх болно.

Бид 2008-2012 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд малчид, мал руу чиглэсэн бодлогын томоохон баримт бичиг болох “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг батлан гаргаж хөдөөд орхигдоод байсан мэргэжлийн ажил үйлчилгээг эзэнжүүлж, цаг наргүй ажилладаг малчин хүний хөдөлмөрийг мэргэжлийн түвшинд хүргэж, малчин өрхийг үндэсний жижиг, дунд үйлдвэрлэгчийн хэмжээнд баталгаажуулан, хөдөөд үнэгүйдэж хаягдахад хүрээд байсан ноос, арьс ширэнд төрөөс урамшуулал өгснөөр үнэ цэн нь нэмэгдэж, үндэсний үйлдвэрлэл сэргэж, малчин түмний амьдралд мэдэгдэхүйц ач холбогдлоо өгснийг бид бүхэн мэдэж байгаа.

Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд мал аж ахуйн хууль, эрх зүйн орчныг олон улсын шаардлага, нийгмийн болоод, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн өөрчилсөн олон чухал хуулиудыг шинээр батлах, өөрчлөн боловсронгуй болгох зорилттой ажиллаж байна.

Тухайлбал УИХ-аас Монголын мал эмнэлгийн тогтолцоо, үйлчилгээний цар хүрээг хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгож малыг эрүүлжүүлснээр малын түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад экспортлох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлж Монгол малын үнэ цэнийг дэлхий дахинд гарган баталгаажуулахад чиглэгдсэн “Малын генетик нөөцийн тухай” хуулийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлан энэ оны 6 дугаар сарын 01-нээс эхлэн хэрэгжүүлж ажиллахаар бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг хийж байна.

Хөдөөд тулгамдаж байгаа, шийдвэрлэвэл зохих нэг асуудал нь сүүлийн үед маш хурдацтай явагдаж байгаа бэлчээрийн доройтол, цөлжилт юм. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77,8 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн нь нүүдлийн мал аж ахуйн хөгжилд гол сорилт болж байна.

Нөгөө талаас хот суурин газар дагасан шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, малчдын залгамж, залуу халаа бэлтгэгдэхгүй, энэ чиглэлд бодлогын хүчтэй арга хэмжээ авагдахгүй байна.

Даяаршил, соёлын их өөрчлөлт дунд нүүдлийн мал аж ахуйг орчин үеийн технологийн өөрчлөлттэй уялдуулан хөгжүүлэн авч үлдэх нь чухлаар тавигдаж байна.

Мал маллах ажиллагааны бичигдээгүй их арга ухаан, өнөөгийн шилдэг малчдын туршлагыг хойч үедээ өвлүүлэн залуу малчдыг бэлтгэхэд онцгойлон анхаарах, нөгөө талаас орчин үеийн технологийн хөгжлийг ашиглах замаар мал аж ахуйгаа бизнес болгон хөгжүүлэх, малаа эрүүл, ашигтай байхаар өсгөж үржүүлэхэд нь тусалж, мэдлэг, туршлага бий болгох зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болоод байна.

Энэхүү хүндрэл бодит байдлыг арилгаж, ирээдүйн залуу малчдыг бэлтгэж, нүүдлийн мал аж ахуйн соёлыг хадгалан хөгжүүлэх зорилгоор миний бие “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх бодолтой байгаа болно.

Эрхэм хүндэт малчид аа,

Монгол Улсын Засгийн газраас санаачлан зохион байгуулж байгаа энэхүү зөвлөгөөн нь мал аж ахуйн салбарын өнөөгийн хөгжлийн түвшинд үнэлэлт өгч, хүндрэл, бэрхшээл түүний учир шалтгааныг дүгнэн хэлэлцэж, салбарын хөгжлийг хурдасгахад төр засаг, орон нутгийн засаг захиргаа, мэргэжлийн байгууллага, мал аж ахуйн бүтээгдэхүүн ашиглаж үйлдвэрлэл эрхлэгчид болон малчин Та бүхний оролцоог идэвхжүүлсэн чухал үр дүнтэй арга хэмжээ болно гэдэгт миний бие бүрэн итгэлтэй байна.

Та бүхнээс гарсан үнэтэй үг, санал, зөвлөмжийг УИХ анхааран үзэж цаашдын батлан гаргах бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход тусган ажиллах болно.

Зөвлөгөөний ажилд амжилт хүсэж Монгол малын буян заяа байнга арвижин дэлгэрч, малчин Та бүгдийн ахуй амьдрал мөнхөд дэвжин дээшилж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Categories
мэдээ улс-төр

П.Ганхүүг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит хуралдаанаар тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, П.Ганхүүг шинээр томилох шийдвэр гаргажээ.

П.Ганхүү нь эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй. 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгсөж, Япон Улсын Сэншүгийн Их Сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан нэгэн. 2016 онд Эрчим хүчний сайдаар томилогдон ажиллаж байсан юм. Тэрбээр дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч даргын түвшинд ажилласан, мэргэжлийн бэлтгэгдсэн боловсон хүчин ажээ.

“Эрдэнэс Монгол” ХХК нь “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшдэг. Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж, Таван толгой -Гашуун сухайт чиглэлийн автозамын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулдаг билээ.

Categories
мэдээ спорт

“Атлетико”Мадрид Европа-Лигийн аварга боллоо

Ач холбогдолоороо хоёрт бичигддэг Европын хөлбөмбөгийн нэгэн цом болох Европа –Лигт Испаний гранд баг “Атлетико”Мадрид түрүүллээ. Францийн Лион хотын цэнгэлдэх хүрээлэнд зохиогдсон уг тэмцээний финалд тэд Францийн “Марсель” багтай таарч 3:0-ээр өрсөлдөгчөө буулган авчээ.

“Атлетико” багийн хувьд энэхүү нэр хүндтэй тэмцээнд түрүүлж буй гурав дахь(2009/10, 2011/12, 2017/2018) тохиолдол нь өнөөдөр ирж байна. Ер нь сүүлийн үед Европд зөвхөн Испаний баг түрүүлдэг хууль бичигдээд байгаа бололтой. Жишээ татхад 2013/2014 улиралаас хойш Европын хөлбөмбөгийн нэр хүндтэй томоохон тэмцээнүүд 13 зохиогдсноос 12-т нь Испаний аль нэг баг түрүүлсэн байх юм.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын гүйлтийн тэмцээний үеэр нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагт “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Энэ онд “Улаанбаатар марафон-2018” гүйлтийн тэмцээн энэ дугаар сарын 19-ний өдөр 07:00-17:00 цаг хүртэл зохион байгуулагдана.

“Улаанбаатар марафон-2018” Олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 350 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.

Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаас, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаас, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаас, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоолуудаас, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын эмнэлэг зогсоолуудаар сууж үйлчлүүлэх боломжтой.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж 17:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үзүүлнэ.

Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд зогсох болохыг иргэдэд анхааруулж байна.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах болно гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шилмүүст моддын титэм угаах ажил хийгдэж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сүүлийн 3 жилд хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор 4000 гаруй том оврын шилмүүст моддыг шилжүүлэн тарьж агротехнологийн дагуу арчилгаа усалгааг тогтмол хийж байна.

Моддын хувьд өвлийн улиралд утаа тортог, хаврын улиралд тоос тоосонцорт дарагдаж бөглөрсөн байдаг тул +10 градусын усаар жил бүрийн 5 дугаар сард угааж, цэвэрлэдэг уламжлалтай. Учир нь хүйтэн усаар угаалт хийх нь цочрол өгч модны хатгаа авах эрсдэлтэй тул усыг 1 өдөр хонуулан бүлээсгэж орчны температуртай ижил болгож бэлтгэдэг. Энэ нь шилмүүст модны амсрын эрхтэнг цэвэрлэх, мөчир салаанд чийг өгөх, ургалтыг дэмжих олон талын ач холбогдолтой бөгөөд титэм угаах ажил нь 7 хоногийн хугацаатай үргэлжлэх юм. Мөн энэ жил гоёлын олон төрлийн моддоор 12 байршилд төгөл байгуулаад байна гэж Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.




Categories
мэдээ улс-төр

Арьсны чанараас шалтгаалж өрсөлдөх боломж хязгаарлагдмал байна гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хан-Уул дүүрэгт байрлах арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эхлээд “Мон-Ирээдүй” ХХК-ийн үйлдвэрийн байраар орж, эцсийн бүтээгдэхүүн болоод бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцыг үзэв. Үйлдвэрийн захирал А.Ганбилэгийн танилцуулснаар үйлдвэр нь арьс ширний салбарт олгосон зээлийн үр өгөөжөөр дотоодын цэрэг, цагдаагийн хувцас, гутал үйлдвэрлэж байгаа юм байна. Мөн ямааны арьсаар гутлын дотор, бээлий, хувцасны бэлэн савхи, үхэр сарлагийн арьсаар эмээлийн гөлөм зэргийг боловсруулан нийлүүлдэг байна.

Харин үйлдвэрлэл эрхлэхэд хамгийн хүндрэлтэй байдаг хүчин зүйлийн томоохон нь арьсны механик гэмтэл болоод малын өвчлөлтэй холбоотой юм байна. Тухайлбал, паразит бог малын арьс гэмтээж байгаа нь тулгамдсан асуудал болж, хонины 80 хувь нь, ямааны 20-30 хувь /хамуу/ паразит өвчинд нэрвэгдсэн байна. Тиймээс малыг угаалгажуулж, эрүүлжүүлэн, эрт эргэлтэд оруулдаг болгох хэрэгтэй гэж үйлдвэрийнхэн үзэж байгаа юм байна.

Мөн “Монгол Шевро”, “Хос аз” үйлдвэрийн удирдлагууд болоод ажилтнууд арьсны чанар муу болоод хиймэл арьсан бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломж хязгаарлагдмал байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа. Бод малын түүхий эдийн чанар мөн л муу бөгөөд сүүлийн дамжлагаар гарч ирсэн арьс нь чанаргүй байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан явсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг бог болоод бод малын арьсны гэмтлийг бууруулахын тулд малын өвчлөлийг бууруулахаар тавдугаар сарын эхнээс энэ асуудалд онцгой анхаарч, малчдын анхаарлыг хандуулах боломжтой талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгээр орлоо. Хүрээлэнгийнхэн түүхий эдийн салбар уналтад орсон байгаа нь түүхий эдийн чанар муу байгаатай шууд холбоотой гэж үзэж байгаа юм байна. Гэсэн ч энэ асуудлыг шийдэх судалгаа, мөн хөгжлийн хүрээлэн гэгдэж байгаа ч салбарын хөгжлийн гарцыг судалсан зүйл байхгүй байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүмжлэлтэй хандаж, тус хүрээлэнгийн захирал Т.Төрмөнхөд салбарын хөгжлийн судалгааг сайн хийх ёстойг санууллаа.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.03 цагт 51.3 хувийн ирцтэй эхэллээ.

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт найман асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга танилцууллаа.

Энэ үеэр Л.Болд гишүүн, “Зарим гишүүдийн зүгээс Элчин сайдуудыг томилох асуудлыг хаалттай хэлэлцүүлэх санал гаргаж байгаа. Гэхдээ энэ асуудлыг нээлттэй хэлэлцэх ёстой. Элчин сайд томилогдож очих улсад нь байгаа Монголын иргэд тэр хүний үйл ажиллагаа, зорилго, чиглэлийн талаар мэдээлэлтэй болох нь зөв” гэлээ. Мөн тэрбээр нэг дор дөрвөн хүний томилгоог хийх нь буруу тул Элчин сайд бүрийг тусгайлан хэлэлцэх хэрэгтэй гэсэн санал хэлэв.

УИХ-ын дарга М.Энхболдын зүгээс Ерөнхийлөгч, Засгийн газар зөвшилцөөд яаралтай оруулж ирсэн тул хэлэлцээд явах нь зөв гэсэн тайлбар хэллээ. Ийнхүү чуулганаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв.

Categories
мэдээ нийгэм

“Статистикийн мэдээлэл, лавлагаа авах тухай хүсэлтийг шийдвэрлэх журам”-ыг дахин шинэчлэн боловсруулах төсөлд санал авна

Төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс санал авах замаар Гаалийн байгууллагын үйлчилгээнд чанартай, хүртээмж, сэтгэл ханамжийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийн дагуу гаргадаг лавлагаа тодорхойлолтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/114 дугаар тушаалаар батлагдсан “Статистикийн мэдээлэл, лавлагаа авах тухай хүсэлтийг шийдвэрлэх журам”-ыг дахин шинэчлэн боловсруулж, төслийг хүргүүлж байна. Иймд, журмын төсөлд та саналаа өгнө үү.

http://www.customs.gov.mn/2012-03-14-03-24-50/2014…

Categories
мэдээ нийгэм

“Аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан өдөрлөг” зохионо

Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газар 2018 оны тавдугаар сарын 18-нд “Аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан өдөрлөг” зохиохоор болжээ.

Өдөрлөгт Буянт-Ухаа дахь гаалийн газар, МИАТ Гаалийн баталгаат үйлдвэрийн газар, Азифарм Гаалийн баталгаат агуулах, үндэсний үйлдвэрлэгч Говь ХК оролцон Гаалийн байгууллагын чиглэл, үйл ажиллагааг танилцуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Баримтаа бүртгүүлээд сугалаанд оролцох боломжтой

НӨАТ-ын урамшууллын 2018 оны тавдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 20-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны дөрөвдүгээр сарын нэгнээс дөрөвдүгээр сарын 30ы өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.