Categories
мэдээ спорт

​Чөлөөт бөхийн цэргийн ДАШТ-нд ОУХМ Б.Хаш-Эрдэнэ төрийн дууллаа эгшиглүүллээ

Чөлөөт бөхийн цэргийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Б.Хаш-Эрдэнэ алтан медаль хүртжээ.

Москва хотноо энэ сарын 15-ны өдөр эхэлсэн 33 дахь удаагийн энэхүү тэмцээнд манай улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59 кг гэсэн 10 жингийн урьдчилсан барилдаан болсон.

Өчигдөр үдээс хойш медалийн төлөөх барилдаан болоход манай бөхчүүд нэг алт, нэг хүрэл медаль хүртэв. Б.Хаш-Эрдэнэ Москвагийн дэвжээнд 1/4 шигшээд Швейцарийн Рэнди Вокыг 5:0-ээр, хагас шигшээд Ираны Мохаммад Намжомотлаг 6:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд Александр Медведь, эзэн орны якут бөх Дмитрий Аксеновыг 9:4-өөр тус тус ялсан юм. Улмаар Б.Хаш-Эрдэнэ манай улсаас чөлөөт бөхийн төрлөөр цэргийн дэлхийн аварга болсон долоо дахь тамирчин боллоо.

Түүнээс өмнө 2014 онд гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, ОУХМ Н.Лхамгармаа, О.Үйтүмэн, 2017 онд гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Г.Отгонжаргал тус тус түрүүлж байв.

2018 оны цэргийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-д хүч үзсэн ОУХМ Б.Бямбадорж хагас шигшээ барилдаанд Сирийн Мазен Кадманиг оноогоор (10:0) цэвэр ялснаар хүрэл медалийн эзэн болжээ. Харин эмэгтэйчүүдийн 50 кг-д Н.Азжаргал, 53 кг-д өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Г.Отгонжаргал, 55 кг-д Б.Болор-Эрдэнэ нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдав.

Өчигдөр эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 62, 65, 68, 72, 76 кг-ын жингийн урьдчилсан барилдаан явагдсан бөгөөд өнөөдөр медалийн төлөөх барилдаан болно.

Categories
мэдээ нийгэм

“Цусны даралтаа хянаж сурцгаая” эрүүл мэндийн өдөрлөг болж байна

НЗДТГ, НЭМГ, Оном сан хамтран Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд “Цусны хяналтаа хянаж сурцгаая 130/80” эрүүл мэндийн өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Нээлтийн арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Оном сан”-гийн гүйцэтгэх захирал Д.Наранжаргал болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Дэлхий даяар жил бүрийн тавдугаар сарын 17-ны өдрийг “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.

Тархины цус харвалтын нас баралтаар манай улс дэлхийд нэгдүгээрт бичигдэж, дэлхийн дунджаас дөрөв дахин их тоо баримт байна.

Өдөрлөгт БГД, БЗД, СБД, СХД, ХУД, ЧД-ийн эрүүл мэндийн төвүүд, Сонгдо, Интермед, Грандмед, Мөнгөнгүүр, Номун зэрэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд оролцож байна.

Энэ үеэр иргэдэд үзлэг хийх, зөвлөмж өгөх, цусны даралт хэмжих, биеийн жин өндөр үзэх, цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйл тодорхойлох зэрэг үйлчилгээ үзүүлж байна.

Энэ үеэр НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар ярихдаа “Монгол Улсын хувьд зүрх судасны өвчин хүн амын нас баралтын нэгдүгээр шалтгаан болдог. Зүрх судасны өвчнөөр нас барж байгаа хоёр хүний нэг нь цусны даралт ихсэлттэй холбоотой байна. Судалгаагаар 15-65 насныхны эрүүл мэндийн байдлыг үзэхэд судалгаанд хамрагдсдын 27 хувь нь цусны даралт ихсэлттэй. Тэдгээр хүмүүсийн 70 хувь нь эмчийн хяналтанд байдаггүй, өвчтэй гэдгээ мэддэггүй хүмүүс байна. Анагаах ухаан цусны даралтыг бүрэн хянах боломжийг бий болгосон. Бид хариуцлагагүй хандаад байна. 2016-2020 оны хооронд хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа цусны даралт ихсэх өвчинтэй тэмцэх, түүнээс сэргийлэх чиглэлээр Нийслэл тодорхой ажлууд төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу нийслэлийн 152 хороод, 142 ӨЭМТ-ийн эмч мэргэжилтнүүдийг сургах, даралтны аппаратаар хангах мөн олон нийтэд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа зохион байгуулах олон ажлууд хийгдэж байна гэлээ.

БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн хоол зүйч О.Сэнгээмаа ярихдаа “БЗДүүрэг тогтмол хоол зүйн зөвөлгөө өгдөг. Өнөөдөр үзүүлсэн хүний дотроос цусны даралт, чихрийн шижин, таргалалттай хүмүүс их байна. БЗД-ийн хувьд хоолны зөвлөгөө авдаг хүмүүс маш бага байдаг. Хүмүүс хооллолтондоо анхаарч өгөхгүй байна. Хоол чухал биш эмээ уугаад эдгэрнэ гэсэн бодолтой байдаг. Зөв хооллолттой болсноор эрүүл байхын үндэс гэдгийг ойлгохгүй байгаа юм. Хоол зүйн зөвлөгөөний сургалт явуулахад маш бага хүн хамрагддаг. Хоол бол нарийн эмчилгээ. Бид аж ахуй байгууллагууд, сургууль, цэцэрлэгт хоолны зөвлөгөө өгдөг. Хоолны ач холбогдолыг таниулах ажил хийж байгаа. Хоол зүйч гэх мэргэжил нийгэмд шаардлагатай учраас дүүргийн эмнэлэгүүдэд хоол зүйчид ажиллаж эхэлсэн. Хооллолтын зөвлөгөө авахаар ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь чихрийн шижинтэй хүмүүс байна гэлээ.

“Цусны даралтаа хянаж сурцгаая” эрүүл мэндийн өдөрлөгийн үеэр Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс бусдыгаа манлайлж, сайн ажилласан зарим ӨЭМТ-ийг шагнаж урамшуулсан юм. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ӨЭМТ-үүдийг цусны даралт хэмжих автоматжуулсан аппаратаар хангах ажлын хүрээнд өнөөдөр төлөөлөл болгож Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ӨЭМТ-д уг багаж хэрэгслийг гардуулан өглөө

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр

Өнөөдөр даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан өнөөдөр “Эрүүл зүрх, эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн зүгээс энэ өдрийг “Цусны даралтаа хянаж сурцгаая” гэсэн уриан дор өнөөдөр 11:00 цагт Сүхбаатарын талбайд тэмдэглэн өнгөрүүлэх аж.

Өдөрлөгт дүүргийн эрүүл мэндийн төвүүд, зүрх судасны эмчилгээ оношлогоо үзүүлдэг “Интермед”, “Улаанбаатар Сонгдо”, “Грандмед”, “Мөнгөнгүүр”, “Номун” зэрэг эмнэлгүүд, зүрх судасны мэргэжлийн холбоод хамтран, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох олон талт сургалт зөвлөгөө, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй үзүүлэх юм.

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар манай улсын 15-64 насны хүн амын 27,3% цусны даралт ихсэлттэй төдийгүй 7,4% нь даралтаа амжилттай хянаж, хэвийн хэмжээнд байлгадаг гэсэн судалгаа гарчээ.

Цусны даралт ихсэлт нь манай улсын хүн амын зүрх судасны эмгэг, тэр дундаа тархины цус харвалт, зүрхний цусан хангамж дутагдал зэрг өвчний гол шалтгаан болдог байна. Зүрх судасны эмгэг, тархины цус харвалтаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой бөгөөд бидний амьдралын буруу дадал хэвшил, муу зуршил дээрх эрсдэлт байдалд хүргэсээр буй юм.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд нарын томилгоог хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрын саналын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн элчин сайдыг томилох хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн билээ. Шинээр томилогдох элчин нараар,

-Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг,

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг,

-Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал,

-Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд нарыг тус тус томилох асуудлыг зөвшилцөхөөр саналд тусгасан байна.

Элчин сайд нарыг томилох асуудлаар УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж буй юм.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Мал аж ахуй, газар тариалангийн салбарын хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд болж байгаа “Мал аж ахуйн тогтвортой хөгжил-2018” малчдын улсын зөвлөгөөнд оролцож хэлсэн үгийг хүргэж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчдөө.
Эрхэмсэг хатагтай, ноёдоо.

“Мал аж ахуйн тогтвортой хөгжил-2018” малчдын улсын зөвлөгөөнд оролцохоор Монгол улсынхаа өнцөг булан бүрээс уригдан ирсэн уудам нутаг шигээ холч ухаант, хөдөлмөрч түмний төлөөлөл болсон малчид Та бүхэнд болон мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн төлөө хүч хөдөлмөрөө зориулан зүтгэж байгаа эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөлөл, мөн Та бүхнээр дамжуулж Монгол Улсынхаа малчин түмэнд мэндчилгээ дэвшүүлж, энэ өдрийн мэндийг айлтгая.

МЭӨ 4-3 мянган жилийн тэртээд хамаарах, одоогийн Дорнод аймгийн Тамсагбулагт малтсан бууцнаас гол төлөв хонь, адууны яс гарч байсан бөгөөд энэ үеэс л монгол түмэн мал аж ахуй эрхэлж, малчин аймгууд бүрдсэн гэж судлаачид үздэг. Богд хаант Монгол Улсын Засгийн газар 1918 онд малын тооллого явуулсан нь малын тоог илүү бодитой тоймлох боломж гарч нийт 12,7 сая мал тоологдсоноос адуу 1,2 сая, үхэр 1,4 сая, тэмээ 300,0 мянга, хонь ямаа нийлээд 9,5 сая байжээ.

1950-иад оноос хойш мал аж ахуй эрхлэх арга хэлбэр, материаллаг бааз, мал сүргийн чанар чансааг сайжруулахад онцгойлон анхаарч нэгдэл, Сангийн аж ахуй. Тэжээлийн аж ахуй байгуулах, худаг ус гаргах, бэлчээр усжуулах, Мал эмнэлэг байгуулах, үржил селекцийн ажил явуулах, малын шинэ үүлдэр угсаа бий болгох, хагас байран маллагаатай эрчимжсэн мах, сүүний чиглэлийн аж ахуйнуудыг байгуулах нөр их ажлыг өрнүүлж байлаа.

Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, мал сүргээ төрийн хамгаалалтанд авна гэж заасан ч тэр үеийн нэгдэл, Сангийн аж ахуйнууд татан буугдаж улмаар мал сүрэг малчин та бүхэнд үнэ төлбөргүй хувьчлагдаж, хувийн өмчлөлд бүрэнд шилжиж 27 дахь жилийн хавартайгаа учран золгож байна.

Засгийн газар мал аж ахуйн салбарт гарсан ололт, амжилтуудыг бататган сайжруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, дотоод нөөц бололцоогоор эдийн засгийн өсөлт бий болгох, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

УИХ-аас 2009 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, 2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөр, 2015 онд “Төрөөс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” зэргийг батлан гаргаж, мал аж ахуйн салбарын хөгжлийн дунд болон хэтийн зорилтуудыг тодорхойлсон. Эдгээр бодлогын баримт бичгүүдтэй уялдсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, мөн Засгийн газрын “ Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2017 оны эцсийн байдлаар 3.5 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ний үйлдвэрлэлд 10.3 хувь, ХАА-н нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 84.2 хувийг эзэлж байна.Малчин түмэн та бүхний уйгагүй, нөр их хөдөлмөрийн үр дүнд малын тоо 2017 оны жилийн эцсийн дүнгээр нийт 66.2 сая толгойболж, өмнөх оноос 7.6 хувиар, мал сүрэг таван төрөлд өслөө.Хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспортын орлого 2017 онд 494,8 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 89,3 сая ам.доллар буюу 20,0 орчим хувиар өссөн байна.

УИХ өнгөрсөн оны 12 дугаар сард “Малын генетик нөөцийн тухай” хууль, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг батлан гаргаж, ирэх сараас хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Засгийн газраас энэ оны 2-р сард “Малын эрүүл мэнд” үндэснийхөтөлбөрийг батлан гаргалаа.

Дээрх хуулиуд болон хөтөлбөрийг хэрэгжүүлснээр мал аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, малын үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулан үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт гаргах малыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх бодлогыг шинэ шатанд гарганаа. Малчид та бүхний үүрэг, хариуцлага нэмэгдэнэ.

Үүний үр дүнд мал аж ахуйн салбараас зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанартай, аюулгүй түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх, экспортын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэн, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого нэмэгдэж, уур амьсгал, байгаль, экологийн өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх чадавхи бэхжих юм.

Шинээр батлагдсан Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулиар сумдад Мал эмнэлгийн тасгийг өргөтгөн 2 орон тоотой байхаар тусгаж, Малын генетик нөөцийн тухай хуулиар малчин та бүхнийг үндэсний үйлдвэрлэгчээр баталгаажуулж, мал сүргийг бүртгэж, ээмэгжүүлэхээр тодорхой зохицуулалтыг хийлээ.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбар, малчин та бүхний өмнө тулгарч байгаа нэгэн чухал асуудал бол сүүлийн жилүүдэд тохиолдож байгаа дулаарал, хэт халалт, байгаль, цаг уурын огцом өөрчлөлт, малын тоо толгойн хэт өсөлтөөс шалтгаалсан бэлчээрийн даац, түүний ашиглалт, хамгаалалтыг сайжруулах эрх зүйн орчныг зайлшгүй бүрдүүлэх шаардлага юм. Салбарын яамнаас Бэлчээр хамгаалах хуулийн төслийг боловсруулан удахгүй Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих гэж байна. Энэ зөвлөгөөнөөр уг хуулийн төслийг танилцуулж та бүхний саналыг авах болно.

Засгийн газар 2018 оныг төрийн болон нийгмийн шат бүрт сахилга, хариуцлагыг сайжруулах жил болгон зарлаж хүн бүр дор бүрнээ хуулийн хүрээнд хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллаж, улс эх орноо хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах шаардлага зайлшгүй тулгарч байна.

Хөдөлмөрч малчид та бүхний хувьд ч үүрэг, хариуцлагаа ухамсарлаж монгол түмнээ эрүүл аюулгүй хүнсээр хангах, үндэсний боловсруулах үйлдвэрүүдээ чанартай түүхий эдээр хангахад анхаарч ажиллах шаардлага нэгэнт тулгарч байна.

Мал аж ахуйн салбарт түүхий эд бэлтгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлага бий болсон. Түүхий эд бэлтгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоход төр засаг анхааран ажиллах болно. Ингэснээр малчид та бүхэн жил бүр нөхөн төлждөг түүхий эдээ нэгдсэн зохион байгууллалттай төвлөрүүлж, чанартай түүхий эдээр үндэсний үйлдвэрүүдээ хангах боломж бүрдэнэ. Үүнийг дагаад сумдад ажлын шинэ байр олноор нэмэгдэнэ, чанарын шат шатны тогтолцоо бүрдэнэ.

Мөн хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлд үнийн зохицуулалт, техник технологи, мэргэжилтэй ажилтныг бэлтгэхэд хяналт тавьж зохицуулалт хийх, нэгдсэн бодлого, зохицуулалтаар хангах бүтэц, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Засгийн газар анхааран ажиллах болно.

Засгийн газар ойрын хугацаанд мал аж ахуйн салбарын дараах асуудлуудад онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Үүнд:

Юуны өмнө саяхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан “Малын эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлж, малын гоц халдварт өвчний тархалтын хүрээ, давтамжийг эрс бууруулах, малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг шуурхай, нэгдмэл байдлаар удирдан зохион байгуулах, хяналттай байх, хариуцлага тооцох тогтолцоог бий болгоно.

Байгаль цаг уурын өөрчлөлтийн улмаас жил ирэх тутамд доройтож байгаа бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй, зохистой ашиглах бодлогыг хэрэгжүүлэх, бэлчээрийг нөхөн сэргээх, усжуулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.

Хот, суурин газрын хүн амын хүнсний хэрэгцээг тогтвортой хангах, малчдын орлогыг нэмэгдүүлэх үүднээс эрчимжсэн мах, сүүний аж ахуй, хүнсний ногооны хүлэмжийн аж ахуйг дэмжин хөгжүүлнэ.

Жил дараалан, давтамжтайгаар өвөлжилт хүндэрч, малын хорогдол их гарч байгаа аймаг, бүс нутагт малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх, бүх төрлийн тэжээлийн хангамжийг эрс нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авах болно.

Мал аж ахуйн салбарын өнөөгийн бодит түвшин, цаашдын хөгжлийн гарцуудыг зөв тогтоох, тооноос чанарт шилжих асуудлыг шийдвэрлэх зорилгоор малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, үнэлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар 2019 онд зохион байгуулж, үр дүнгийн тайланд үндэслэн хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, 2020 оноос эхлэн хэрэгжүүлнэ.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулах нэг гол хүчин зүйл болж байгаа хүйтний улирлын цаг агаарын урт хугацааны таамаглалыг оновчтой боловсруулан гаргах, цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдлийн мэдээллийг малчдад хүртээмжтэй, шуурхай түгээх тогтолцоо бүрдүүлнэ.

Малчдын залуу халааг бэлтгэх, хүн бүл муутай малчин өрхүүдэд туслах малчдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар илгээж, өвөл, хаврын хүндрэлтэй цаг үед хүн хүчний туслалцаа дэмжлэг үзүүлж байх зэрэг арга хэмжээг шуурхай авч ажиллахаар төлөвлөж байна.

Хөдөө аж ахуйн салбар бол эдийн засгийн төрөлжилтөд гол үүрэг гүйцэтгэх, ард иргэдийн хоолтой, ундтай, өмсөх хувцастай, 300 гаруй мянган хүнийг ажилтай, орлоготой болгож байгаа, Монгол Улсын хөгжлийн тулгуур салбарын нэг юм.

Иймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд, Засгийн газрын бодлогод хөдөө аж ахуй, үүний дотор мал аж ахуйн салбарын хөгжлийн бодлого ихээхэн чухал байр суурийг эзэлж байгааг тэмдэглэн хэлье.

Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгагдсан мал аж ахуй, газар тариалангийн салбарын хөгжлийн зорилтуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллах болно.

Байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд өвлийн хүйтэнд хөрч, зуны аагим халуунд халж, цаг наргүй хөдөлмөрлөн буянт мал сүргээ өсгөн үржүүлж, хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн салбарыг түүхий эдээр хангаж байгаа нийт малчиддаа талархалаа илэрхийлье.

Монгол малчдын ажил үйлс өөдрөг байж, Монгол улс мандан бадрах болтугай.

Categories
мэдээ цаг-үе

Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт: Төрд зүтгэсний төлөө төмөр нүүр харуулах ёстой гэж үү

Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогттой ярилцлаа.


-Б.Бямбасайханы өмгөөлөгч хэн бэ, ямар харилцаатай байсан юм бол гэсэн асуултын хариуг олон хүн сонирхож суугаа байх. Эндээс ярилцлагаа эхэлье.

-Миний хувьд ихэнхдээ эдийн засгийн буюу хөрөнгө оруулалтын чиглэлээр, түүн дотроо гадны хөрөнгө оруулалттай холбоотой нарийн ээдрээтэй асуудлуудад хууль зүйн өмгөөлөл, зөвлөгөө өгдөг. Б.Бямбасайхантай хоёр, гурван жилийн өмнө хөрөнгө оруулалттай холбоотой нэгэн хурлын үеэр танилцсан юм. Ийнхүү танилцахдаа би хууль зүйн тухай, харин Б.Бямбасайхан эдийн засгийн талаар ярьж сууцгаасан л даа.

Би үнэт цаасны зах зээлийг зөв чиглэлд хөгжүүлэх, үндэсний болоод гадаадын хөрөнгө оруулагчдад таниулан сурталчлах чиглэлээр ажил эхлүүлсэн юм. Энэ ажил дээр Б.Бямбасайханаас зөвлөгөө, дэмжлэг авч байсан удаатай. Тэр үеэс хойш бид бие биенээ дэмжиж, ойлгож хамтран ажилласаар өнөөг хүрсэн. Энэ нийгмийг хэсэг бүлэг хүмүүс тэргүүлж авч явах учиртай. Б.Бямбасайханыг би тэр хүмүүсийн нэг гэж хардаг. Надаас дүү ч гэсэн энэ утгаар нь хүндэлж харилцдаг. Зөв сэтгэлтэй, дайчин, сайн залуу.

БҮТЭН САЙНД ГЭРЧЭЭР ДУУДАЖ БАЙЦААЛТ АВААД ЗАЛГУУЛААД ХОРЬЧИХСОН БАЙСАН

-Б.Бямбасайханыг хорих шийдвэр ням гаригт гарсан. Хоригдох өдрөө л тань руу хандсан уу?

-Б.Бямбасайханыг хорьдог өдөр би Улаанбаатарт байхгүй байж таарсан юм. Тухайн үед над руу холбогдох гэж оролдсон байсныг нь даваа гаригт л олж мэдсэн. Ямар процесс өрнөснийг анх гэр бүлийнх нь хүнээс сонссон. Бүтэн сайнд эхлээд гэрчээр дуудаж тайлбар, мэдүүлэг авчхаад үргэлжлүүлээд шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан юм билээ. Тодруулж хэлбэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд АТГ-т сайн дураараа очиж мэдүүлэг өгсөн боловч дөрвөн цагийн дараа баривчилсан. Баривчлагдахынхаа өмнө “Цогт өмгөөлөгчтэй холбогдоорой” гэсэн юм билээ. Нэг талаас англи хэлээр хууль хардаг, эдийн засаг гадарладаг хуульч, нөгөө талаар дотоодын болон гадны хөрөнгө оруулалтын талаар хууль зүйн зөвлөгөө өгдөг тул асуудлыг илүү зөв талаас нь харах болов уу гэж бодоод надад хандсан байх. Хуучны танил, хүндэтгэлтэй харилцаа үүссэн гэсэн шалтгаанууд ч нөлөөлсөн болов уу.

ГЭМ БУРУУТАЙ НЬ ШҮҮХЭЭР ТОГТООГДОХ ХҮРТЭЛ ГЭМ БУРУУГҮЙД ТООЦНО ГЭСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧИМ БИЙ

-Хоригдох болсон шалтгаан, хууль зүйн үндэслэл нь юу байсан бэ. Амралтын өдөр дуудаж байцаадаг нь ямар учиртай юм бол?

-Амралтын өдөр дууддаг нь яалт ч үгүй сонин хэрэг л дээ. Тэр өдөр Б.Бямбасайхан гэр бүлтэйгээ хөдөө явж байсан юм билээ. Эхнэр нь хөл хүнд, бага насны хүүхдүүдтэйгээ явж байсан хэдий ч “Хуулийн байгууллага дуудаж байхад очихгүй бол болохгүй, би буруу зүйл хийгээгүй тул надаас асууж тодруулах зүйл гарсан байлгүй” гээд хар буруу бодол саналгүй, элдэв шалтаг гаргалгүй яаран сандран хөдөөнөөс давхиж ирээд, гэртээ ч оролгүй шууд очсон байсан.

Хуулийн дагуу бол прокурор нь яллагдагчаар татсан тухайгаа тухайн этгээдэд нэн даруй мэдэгдэх ёстой. Гэтэл тэгэлгүй даваа гаригт нь яллах тогтоол танилцуулаад 30 хоног цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлсэн. Таслан сэргийлэх арга хэмжээ л дээ. Үндсэн хуулийн гол зарчим бол хүний эрхийг хүндлэх.

Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар олж авахаар зорьсон хамгийн гол үнэт зүйл бол иргэнээ дээдэлсэн нийгэм бий болгох. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл гэм буруугүйд тооцно гэсэн үндсэн зарчим бий. Мөн тухайн хүн өөрийнх нь эсрэг гэмт хэрэгт ашиглахаар бол мэдүүлэг өгөхөөс татгалзаж болно гэсэн хоёр дахь үндсэн зарчим байна. Гэтэл манайхан үүнийг будилуулаад гэм буруутай нь нотлогдоогүй байхад хүний эрх чөлөөг хязгаарлаж байна.

-Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй ч хуульд тусгайлан заачихсан зайлшгүй хорих шалтгаануудыг сонирхуулаач?

-Б.Бямбасайханд таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлага байгаагүй. Яг ямар тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээ авах вэ гэдгийг хуульд тодорхой заасан байдаг юм. Тухайлбал “Сэжигтнээр тооцогдсон этгээдийн бие, хувцас, орон байрнаас гэмт хэргийн эд мөрийн баримт, ул мөр илэрсэн; оргон зугтахыг завдсан; эсхүл гэрч хохирогч нь сэжигтэн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн болохыг шууд заасан; хаана оршин суудаг, хэн болох нь тодорхойгүй, бичиг баримт нь эргэлзээтэй; бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулж болохуйц зүйлээр зэвсэглэсэн; бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулах талаар заналхийлэх үйлдэл нь биелэх магадлалтай; сэжигтэн этгээд өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох чадваргүй болтлоо мансуурсан, согтуурсан, урьд нь оргож эрэн сурвалжлагдаж байсан, хорих ялаар удаа дараа шийтгүүлж байсан; эсхүл онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон бол хойшлуулшгүй тохиолдол гэж үзнэ” гэсэн нөхцөлүүд үүссэн тохиолдолд л хуулийн дагуу гарцаагүй цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Нийгмээс тусгаарлахгүй л бол бусдыг аюулд оруулах гээд байгаа нь тогтоогдоогүй үед тусгаарлаж хорих шаардлагагүй. Мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад болох гэсэн үндэслэл бас бий. Гэтэл Б.Бямбасайханыг цагдан хорихдоо “Дахин гэмт хэрэг үйлдэж магадгүй” гэсэн үндэслэлээр хорьсон. Энэ хүн 2015 оны Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг батлах үед “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын алба хашиж байсан. Энэ албан тушаалаа хүлээлгэж өгөөд гурван жил шахуу болсон, өөрийн байгуулсан хувийн компанидаа захирал хийгээд явж байна. Одоо Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг дахин үйлдэх ямар ч боломжгүй шүү дээ.

СОЦИАЛИЗМЫН ҮЕД ПРОКУРОР, ШҮҮХ ХОЁР НЭГТАЛ БОЛЖ БАЙГААД ИРГЭНИЙ ХЭРГИЙГШИЙДЧИХДЭГБАЙСАН БОЛ ОДОО ЦАГӨӨРЧЛӨГДСӨН

-Бага ч гэсэн тодорхой шалтгаан хэлэхгүй байна уу?

-Хүний эрх чөлөөг хасаж 30 хоног бүү хэл, гурван цаг хорихын тулд яг ямар шалтгаанаар буруутгаж байгааг шүүх хурлаар тодорхой хэлэлцэж, буруу, зөвийг нь хянаж байж шийдэх ёстой.Бид шүүх хуралд оролцох бүртээ асууж байгаа хэдий ч “гүйцэтгэх ажлын шугамаар тогтоогдсон” гэсэн тайлбараас өөр юу ч хэлэхгүй байна. Өөрөөр хэлбэл, нууц гээд байна л даа. Социализмын үед прокурор, шүүх хоёр нэг тал болж байгаад иргэний хэргийг шийдчихдэг байсан бол одоо цаг үе өөрчлөгдсөн шүү дээ.

-Хорих шалтгаан нь тэгээд огт хэлж болохгүй нууц гэсэн үг үү?

-Бидэнд огт хэлж болохгүй нууц гэсэн ганцхан л тайлбар хэлж байгаа.

-Дахин хэрэг үйлдэж магадгүй гэсэн үндэслэлээр хорьж байгаа тохиолдолд таны түрүүн хэлсэнчлэн няцаалт хангалттай байгаа гэсэн үг үү…?

-Хэтэрхий ойлгомжтой асуудал. Б.Бямбасайхан бол Монгол Улсдаа татвар төлдөг хувийн компанийн захирал, таван хүүхдийн аав, бизнесийн нэр хүндтэй байгууллагыг удирдаж нийгэмд идэвхтэй оролцоотой явдаг шударга сайн залуу. Өнөөдөр Б.Бямбасайхан “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашдаггүй шүү дээ. Ийм хүнийг дахин гэмт хэрэг үйлдэж магадгүй гэдэг үндэслэл хэлж тодорхой тайлбар хэлэлгүй хорьж байна. Хэрэв тэр албан тушаалдаа хэвээр байсан бол дахиад гэрээ хийчих эрсдэлтэй гэж болох юм. Бид юутай маргаад суугаагаа мэдэхгүй байна. Социализмын үеийнх шиг биднийг хуралд оруулж жүжиг тоглоод байгаа мэт санагдах юм.

НҮДЭЭ АНЬЧИХААД БОКСДООД БАЙГАА ЮМ ШИГ НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА

-Үндэслэл хангалтгүй байна гээд гомдол гаргасан уу?

-Бид зургаа дахь удаагаа гомдол гаргаж, таслан сэргийлэх арга хэмжээг сольж өгөөч гэж хүсэлт гаргасан хэдий ч тэд ярьдгаа л яриад байна. Нүдээ аньчихаад боксдоод байгаа юм шиг нөхцөлд ажиллаж байна.

-Дахин гэмт хэрэг үйлдэж магадгүй гэдгээс өөр үндэслэл одоохондоо байхгүй гэж ойлголоо, зөв үү?

-Тэгж ойлгож болно. Прокурор нь гүйцэтгэх ажлын шугамаар тогтоогдсон нууц гэнгүүт шүүх нь сонсоод “Үндэслэлтэй байна, үргэлжлүүлж хорь” л гэдэг. Юуг үндэслэлтэй гээд байгаа юм бүү мэд. Та үндэслэлээ нотол гэхээр “нотлох шаардлагагүй” гэж байна. Уг нь бид ямар үндэслэлтэй юм, тэр нь ямар баримтаар нотлогдсон юм, олж авсан баримт нь бодитой эсэх зэргийг ярьж худал хардлага бол няцааж, үндэслэлтэй гэж үзвэл нотлох баримтаар хангаж хамтарч ажилламаар байгаа юм. Ийм маягаар явж байгаад шүүх хурлын үеэр цагааддаг тохиолдол олон бий. Тэр тохиолдолд хүмүүс “За эндээс эсэн мэнд салсан л бол боллоо” гээд хаячихдаг. Ингэх тусам энэ завхрал арилахгүй байна.

-Ямар шалтгаанаар, яах гэж хорьсон нь бүрхэг байгаа байх нь?

-Бүрхэг ч биш. Бүр огт ойлгомжгүй.

-Үндэслэлээ нотол гэж асуухаар ямар хариу өгч байна?

-Хуулийн дагуу мөрдөн байцаах ажиллагааны мэдээллээ нууцлах заалт бий гэсэн хариу л хэлсэн. Тэгвэл хурал хийх шаардлага байхгүй шүү дээ. Процессын ийм завхрал болоод байна. Энэ завхралыг нь шүүмжлэхээр “төрийн ажил” гэж тайлбарлах жишээтэй. Төрийн ажил хийж байна гэхээр хүний эрх хаягдах нь л дээ. Хүний эрх зөрчигдөөд байна шүү дээ гэхээр “Юун хүний эрх, энэ чинь байцаан шийтгэх үйл ажиллагааг зохицуулсан хууль” гэж байна. Дээрээс өгсөн даалгаврыг биелүүлдэг тогтолцоо бий болчихож гэж харж байна.

Б.БЯМБАСАЙХАН БОЛООД ЭЭЖИЙНХ НЬ ЭРҮҮЛ МЭНД МУУДСАН

-Хорих 30 хоног дуусангуут 15 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гарсан. Гэтэл дахин 30 хоногоор сунгахаар шийдсэн байна. Эрүүл мэндийн байдал нь ямар байгаа вэ?

-Б.Бямбасайханы биеийн байдал муудаж, зүрх нь өвдсөн. Эмнэлэгт хэвтсэн тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хүсэлт гаргаад байна. Мэдээж гэр бүл, ар гэр, хүүхдүүддээ санаа зовсон хүн сэтгэл амар байж чадахгүй. Ийм шалтгаан өвдөхөд хүргэсэн нь ойлгомжтой. Мөн хоёр ч удаа тодорхойгүй шалтгаанаар 15, 30 хоногоор сунгагдахаар ээжийнх нь эрүүл мэнд муудаж эмнэлэгт хүргэгдчихлээ. Өөрөөр хэлбэл гэр бүл, үр хүүхэд, эцэг эхийг нь давхар хэлмэгдүүлээд байна. Өмнө нь нэг залуу ийм байдлаар хоригдож байгаад бие нь гэнэт муудаж нас барсан гашуун сургамж байгаа шүү дээ.

-Дахин 30 хоногоор сунгахаар шийдсэн шалтгаан нь өмнөхтэйгөө адил байна уу, эсвэл арай өөр тайлбар хэлсэн үү?

-Хугацааг нь сунгахдаа өөр үндэслэл хэлсэн. Хэргийн ээдрээ түвэгтэй байдлаас шалтгаалж зайлшгүй цагдан хорих шаардлагатай гэж байгаа юм. Энэ тохиолдолд ээдрээ түвэгтэй гэдгийг нь нотлох зайлшгүй шаардлагатай эсэхийг нь батлах ёстой болж байгаа биз. Ийм ээдрээ түвэгтэй байхад ингэхээс өөр арга байхгүй гэж нотлох учиртай.

-Та илүү тодруулахгүй юү?

-Яагаад ээдрээ түвэгтэй байна вэ гэдэг асуултаас эхэлье. Дубайн гэрээг 2015 онд байгуулахаас өмнө УИХ-аас хоёр удаа тогтоол гаргасан. Эхнийх нь эдийн засгийг хүндрэлээс гаргаж сайжруулахын тулд том төслүүдийг, ялангуяа Оюу толгойг онцгойлон нэр зааж хөдөлгөх тухай заалт оруулсан байдаг. Бүр тодруулбал Оюу толгойг нэн даруй хөдөлгөж арга хэмжээ авахгүй бол Ерөнхий сайд болон хариуцаж байгаа хүмүүст арга хэмжээ авч хариуцлага тооцохоор заасан байдаг. Нөгөөх нь улс төрийн болон бодлогын хувьд дэмжиж ажиллах, далд уурхайн үйл ажиллагааг сэргээх, жилд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж энэ ажлыг явуул гэсэн заалттай. Хуульчид УИХ-ын тогтоолыг хууль тогтоомж гэж үздэг. Хуулийг хүн бүр заавал дагаж мөрдөх ёстой.

Энэ нь Ерөнхий сайдад ч хамааралтай. Зөрчвөл хууль зөрчсөнд тооцно. Зарим Ерөнхий сайд би хийгээгүй гэж яриад суугаа нь хуулиа зөрчсөн л хэрэг болохоос гайхуулж ярих сэдэв биш л дээ.УИХ тогтоол гаргаад Засгийн газарт үүрэг өгчихсөн. Оюу толгойн хувьцаа эзэмшигч нь Засгийн газар учраас бүх сайд нар энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, олонхоороо дэмжээд, удирдамж гаргаж ажиллая гээд захирамж гаргачихсан. Б.Бямбасайхан өөрийн хариуцсан ажлаа л хийсэн. Тэр захирамжийн дагуу ажиллаад тодорхой асуудлуудыг судалж үр дүнгээ танилцуулангуут дэмжиж байна гэсэн. Дахин нэг захирамж гаргаад гарын үсэг зур гээд үүрэгдчихсэн. Ийм л процесс өрнөсөн.

-Б.Бямбасайханыг татварын асуудал дээр буруутгаад байгаа анзаарагдсан. Энэ асуудалд та ямар тайлбар хэлэх вэ?

-Түрүүхэн миний дурдсан захирамжаар тухайн үеийн Татварын ерөнхий газрын удирдлагад татварын асуудал дээрээ эвлэрлийн гэрээ байгуул гэсэн даалгавар өгсөн. Ингээд шүүх дээр үүссэн байсан асуудал эвлэрлээр дууссан түүхтэй. Тэр эвлэрлийг нь гэрээнд буулгасан төдий.Түүнээс биш татварын асуудлаар ямар ч шийдвэр гаргаагүй. Гэтэл Б.Бямбасайханыг татварын асуудлаар буруутгасан нь маш ойлгомжгүй.Тэгэхээр энэ ээдрээ түвэгтэй байдал мөн үү?

-Эрх мэдэлтэй хүмүүсийнх нь гарын үсэг баталгаатай, цаасан дээр буусан шийдвэртэй тов тодорхой л асуудал байна.

-Харин тийм. Цаасан дээр тодорхой байгаа зүйлийг ухаж ядаад ээдрээ төвөгтэйг нь гайхаад сууж байна. Зайлшгүй ямар шаардлага байгаа юм бэ гэсэн асуулт тавихаар хариу өгдөггүй. Ээдрээ түвэгтэй гэсэн ганц үг хэлэнгүүт шүүх хүлээж аваад тэр ганц үгээр нь шийдээд байж болохгүй биз дээ. Б.Бямбасайхан бол бусдын л адил банкнаас зээл авч бизнес эрхэлж, орон сууцны зээл авч орон байрны асуудлаа шийдээд явж байгаа залуу. Энэ залуу хахууль аваагүй.Хэрэв хахууль авсан гэж хардаж байгаа бол дансыг нь шалгаад үзэхэд гараад ирэх асуудал. Одоо сар хүрэхгүй хугацааны дараа төрөх хөл хүнд эхнэр нь биед нь зүдэргээтэй байгаа ч байрны лизинг, хүүхдийнхээ төлбөрийг төлөхийн тулд ажлаа хийгээд явж байна. Ийм л нэгэн гэр бүл.

-Б.Бямбасайхантай хэдэн удаа уулзсан бэ?

-Долоо хоногт хоёроос гурван удаа уулзаж байгаа.

-Байцаалт авч байгаа юу?

-Эхлээд гэрчээр дуудаад байцаалт авсан байдаг юм. Дөрөвдүгээр сарын 1-ний ням гаригийн оройн 18 цагаас гэрчийн мэдүүлэг авч эхлээд 21:30 цагийн үед сэжигтнээр баривчилна гэсэн тогтоол шийдвэрээ бэлдчихсэн байсныгаа танилцуулсан юм билээ. Гэрчээр дуудахаар хэн ч болсон үйл явдлыг ярина. Тэгэнгүүт шууд тогтоол танилцуулаад сэжигтэн болгоод, маргааш нь яллагдагч болгочихож байгаа юм. Яллагдагч болгохоо мэдсээр байж гэрчээр дуудаж юм яриулна гэдэг нь маш буруу.

Өмгөөлөгчгүй оруулаад өөрийнх нь эсрэг баахан юм хэлүүлж байгаад дараа нь хорьдог бурангуй тогтолцоо руу орж байна л даа. Учир нь гэрчээр дуудахад өмгөөлөгч оруулдаггүй юм. Энэ чинь хуучин нийгмийн арга барил. Хэсэг больё гэж зүтгэж яваад одоо буцаад хуучин хэв рүүгээ орж байгаа юм шиг байна. “Энэ нь амар юм, хүний эрх яриад байхаар түвэгтэй юм” гэсэн хандлага хүчтэй боллоо л доо. Үүнийгээ улс төрийн зорилгоор ашиглахад амар учраас зангаа тавихгүй байна. Б.Бямбасайханыг хорьсноосоо хойш хоёр удаа байцаасан.

ТУХАЙН ҮЕД “БАЙЦААГААГҮЙ БАЙГАА” ГЭЭД ХЭЛЧИХСЭН НЬ СЕНСАЦИ БОЛСОН ЮМ БИЛЭЭ

-Хорьчихоод байцаалт авахгүй байна гэсэн мэдээлэл саявтар цацагдсан нь ямар учиртай юм бол?

-Баривчилснаас хойш эхний 20 гаруй хоног байцаалт аваагүй. Тэр үед надад зайлшгүй ажил гараад байцаалт авах бол “Заавал өөрөө байлцаж байцаалгана” гээд дөрвөн хоног хойшлуулах хүсэлт тавьсан байсан. Тухайн үед Лу.Болд гишүүн очиж уулзаад асуухад нь “Байцаагаагүй байгаа” гээд хэлчихсэн нь сенсаци болсон юм билээ. Ингэчихээр нөгөө талдаа бид эвгүй байдалд орчихож байгаа юм. Өмгөөлөгчдийн зүгээс хойшлуулах хүсэлт тавьчихаад тийм мэдээлэл цацагдахаар хэнд ч эвгүй ойлголт төрнө. Сарын дотор нэг удаа байцаасан нь ийм учиртай. Миний эзгүйд и-мэйлд нь нэг удаа үзлэг хийсэн байна лээ. Сүүлд нэг удаа байцаалт өгсөн. Бидний хувьд байцаалтаа, хийх ёстой ажиллагаагаа бушуухан хийгээд сулла гэсэн байр суурин дээр байгаа.

-Байцаахдаа юу асуух юм?

-Хамаагүй ярьж болохгүй л дээ. Татварынх нь асуудал дээр миний зүгээс хууль тогтоомжийн үүднээс ярьж байгаа юм. Хууль зүйн үүднээсээ энгийн ойлгомжтой асуудал байгаа юм. Нөгөө тал цаасны цаад талын юм уншаад илүү гүнзгий хараад байна уу, эсвэл мал сургаар гэдэг шиг дам яриагаар хэрэг үүсгэж сандарч будилаад байна уу бүү мэд. “Эрдэнэс Монгол” гэдэг компани Засгийн газрын захирамжаар гэрээ байгуулсан. Тэгэхээр Дубайн хувьд Оюу толгойн дотоод үйл ажиллагааны шинжтэй бичиг баримтад гарын үсэг зурсан гэсэн үг. Далд уурхайд хэдэн төгрөгийн санхүүжилт авчрах юм, ямар зээлээр хийх юм гэх мэт асуудлыг л тусгасан гэрээ.

ЭДИЙН ЗАСАГ УНАГАЛАА ГЭЖ ХОРИХГҮЙ УЧРААС ЮУ Ч ХИЙХГҮЙ СУУСАН НЬ ЗӨВ БОЛЖ ТААРЧ БАЙНА

-Эдийн засгийн, арилжааны чигийн гэрээний онцлогоо харахгүйгээр зөв, буруу гэж яриад байх шиг анзаарагдах юм. Арилжааны гэрээний зөв, бурууг шүүх эцсийн шүүлтүүрийг нэрлэ гэвэл та юуг онцлох вэ?

-Энэ гэрээнд Монголын талд хожоотой зүйл их байгааг ярих хэрэгтэй. Тухайлбал, менежмэнтийн зардал зургаан хувь байсныг гурван хувь болгож хоёр дахин бууруулсныг ярихгүй байна. Жил бүр 1.2 тэрбум ам.доллар оруулж ирэх том төсөл Монголд хэдэн ажлын байр бий болгож, хичнээн ам.долларын татвар төлж байгаа, шууд болон шууд бусаар эдийн засгийг яаж дэмжээд байгааг тодорхой тооцож гаргаад мэдээлэх хэрэгтэй.Эдийн засгийн гэрээнүүд их сонин. Гэрээг талууд харилцан тохиролцож харилцан ашигтай байхаар хийдэг.

Муу гэрээ гэдэг бол нэг тал нь ялж, нөгөө тал нь ялагддаг гэрээг хэлнэ шүү дээ. Арилжааны наймаа харилцан ашигтай байдаг. Тэгэнгүүт тухайн гэрээнээс олж авсан ашигтай талыг нь тооцолгүйгээр буулт хийсэн, алдагдалтай хийсэн гэж яриад төөрөгдөл үүсгэж байгаа харагддаг. Өгөө авааг нь тэнцүүлж тооцох ёстой. Уг нь өгч байгаа нь их, авч байгаа нь бага бол шүүмжлэх учиртай.

Ажлын хэсгийн дарга сайн, муу гэсэн дүгнэлтийн алийг нь ч гаргасан буруудах нөхцөл үүсээд байна

Оюу толгой, Татварын ерөнхий газар хоёр шүүх дээр эвлэрснийг буулт хийсэн гэж тайлбарлаж, хэн нэгнийг буруутгах нь хууль талаасаа хэр зөв дүгнэлт вэ?

-Оюу толгой Татварын ерөнхий газрыг шүүхэд өгсөн. Татварын ерөнхий газар нь шүүх дээр захирамжаар эвлэрсэн гэдэг нь бодитой үнэн. Үүнийг буулт хийсэн гэж тайлбарлах нь буруу. Шүүхийн шийдвэр шүү дээ. Шүүхийн шийдвэрийг хэн ч шүүдэггүй. Шүүхээр шийдсэн асуудлыг гэрээнд тусгахад ямар ч асуудал байхгүй. Ийм л юман дээр “Улсад хохирол учруулсан” гэсэн сүржин тайлбар хийгээд байна. Арилжааны гэрээ хууль зөрчсөн гэж байгаа бол Иргэний хуулийн дагуу зохицуулалт нь маш энгийн, хэнд ч ойлгомжтой. Тухайн гэрээний хууль зөрчсөн хэсэг нь хүчингүй болдог. Хүчингүй болгоход л асуудал шийдэгдэнэ. Өчнөөн залуусыг хориод, улстөржих шаардлагагүй л дээ. Дээр үед “Тоншуул” сэтгүүл дээр социалист уралдааныг шүүмжилж бичсэн өгүүллэг гарсан юм. Хоёр хүн уралддаг юм.

Тарьсан модон дээр нэг оноо, үхүүлсэн модон дээр хасах нэг оноо гэсэн дүнтэй. Нэг нь зуун мод тарьтал 51 нь үхэж, 49 нь ургаж л дээ. Нөгөө нь юу ч хийгээгүй. Дүгнээд үзтэл мод тарьсан нөхөр хасах хоёр оноотой, юу ч хийгээгүй нь тэг оноотой учраас ялж байгаа юм. Өнөөдөр яг ийм юм болоод байна. Дубайд гарын үсэг зурсан Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн хөтөлбөрийг эсэргүүцэж байгаа хүмүүс 2020 онд яаж сонгогдох вэ, албан тушаалаа хэрхэн хадгалж үлдэх вэ, ойр дотны хүмүүсээ яаж албан тушаалд суулгах вэ, тэр болтол юуг дөвийлгөж сүржигнэх вэ гэдгээ л бодоод байх шиг. Ажил хийдэг хүнээс л алдаа хайгаад байдаг. Ажил хийдэггүйд нь аль нь ч байхгүй учраас юу ч хайдаггүй байх.

Ийм л зарчмаар яваад байна. УИХ дээр Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн дарга сайн, муу гэсэн дүгнэлтийн алийг нь ч гаргасан буруудах нөхцөл үүсээд байна. Оюутолгойн үйл ажиллагааг үргэлжлүүлж болохгүй, тэгвэл улс төрийн оноогоо алдана. Унагачихвал бас болохгүй, эдийн засаг унана. Гэхдээ эдийн засаг унагасны төлөө хүнийг шоронд хийхгүй. Ингээд бодохоор юу ч хийхгүй байсан нь л зөв болж таарч байна.

-Б.Бямбасайханы хувьд аль ч улсад очоод дажгүй ажил хийгээд амьдрах боломжтой ч хүүхдүүдийнхээ амьдрах ирээдүйг сайхан байлгах гэж эх орондоо ажилладаг залуусын нэг гэсэн үнэлгээг хоёр ч том бизнесмэнээс сонслоо. Өмгөөлөгчийнхөө хувьд биш, хувь хүнийхээ талаас энэ дүгнэлттэй санал нийлэх үү, сэтгэгдлээ хуваалцаач?

-Хүн ер нь олон зүйлийг үзэж харж, тал бүрээс нь судлах тусам эх орноо яаж хөгжүүлэх вэ гэсэн хүчтэй бодолтой болж, буцалж огшиж эхэлдэг юм болов уу гэж боддог. Ард түмэндээ тулгарсан хүнд хэцүү асуудлуудыг шийдвэрлэж, эх орондоо эерэг өөрчлөлт авчрахад өөрсдийн хувь нэмрээ оруулдаг залуус хэлмэгдэх ёсгүй.Төрд зүтгэсний төлөө төмөр нүүр харуулах ёстой гэж үү. Б.Бямбасайхан бол гадаадын олон оронд, мөн Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудад ажиллаж байгаад Монголдоо ирээд аль л шилдэг гэсэн хувийн компаниудад удирдах алба хашиж байсан. Эрчим хүчний томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг босгох чиглэлд гадаадад болон Монголдоо ажиллаж байхдаа оролцож байсан туршлагатай. Хувийн компаниа удирдаад хүнээс гуйхгүйгээр амьдралаа дажгүй аваад явж байгаа залуу.

Бид өнөө үед зүгээр цээжээ дэлдээд шүүмжилж суух уу, эсвэл эх орныхоо төлөө нэг ч болсон юмыг захаас нь барьж аваад хийх үү гэдэг сонголтын өмнө ирээд байна. Миний хувьд Б.Бямбасайханыг эрсдлийг нь хүлээгээд том асуудал руу зориглож ордог залуусын нэг гэж үнэлдэг. “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалд очиж, хэл аманд өртөн байж тэр ажлыг хашсан тухайд бол өөрийн мэдлэг чадвараа дайчилж хууль, дүрэм журмын хүрээнд өгсөн даалгаврыг хариуцлагатай биелүүлэх боломжтой гэж үзээд л шийдсэн байх гэж харж байгаа.

-АН, МАНаль ч Засгийн үед хамтран ажиллаж байсан хүнийг одоогоор сөрөг намын Ерөнхий сайд урьж ажиллуулсан нь гол шалтгаан байж магадгүй л юм…?

-Хэрхэн санал тавьсныг нь би мэдэхгүй. Бидний яриад байгаа Оюу толгойн хувь нийлүүлэгч компани “Рио Тинто” хаана ч, хэнтэй ч хэлцэл хийдэг дэлхийн хэмжээний компани. Манайхны хийж чаддаг нэг зүйл нь татвар, цагдаагаа явуулж дээрэмчин шиг аяглах. Харилцан ашигтай бизнес хийх гэдэг тусдаа том асуудал. “Рио Тинто” гэдэг том компанийн мундагчуулаас айж бэргэхгүйгээр ширээний ард суугаад хэлцэл хийнэ гэдэг хэрийн хүний хийчихдэг ажил биш л дээ. Үүнийг хийж чаддаг хүн Засгийн газарт маш ховор.

Бид энэ сул талаасаа болж дандаа алддаг. Тухайн үед Б.Бямбасайханыг олж томилсон нь ухаалаг алхам гэж би хувьдаа хардаг. Хэлцлийг амжилттай хийхэд гар бие оролцсон хүмүүсийнх нь нэг бол Б.Бямбасайхан. Манай улстөрчид их хүнд улс. Нэг талдаа улстөрчдөд хөрөнгө оруулагчдын байр суурийг хүргэж, нөгөө талдаа “Рио Тинто”-д улстөрчдийн хүслийг ойлгуулж тайлбарлаж, дунд нь хэлцэл хийнэ гэдэг үнэхээр хэцүү ажил. Хариуцлагатай алба хашиж байсан нэгэн эрхэм “Та нар ямар сонин улс вэ? Оюу толгой төслийг машинаар зүйрлэвэл шаварт суучихсан байсан. Шавраас татаж гаргахгүй бол машин унаагүй амьдрал хэцүүдчих гээд байсан цаг. Хүн хүчээ шавхаж байгаад татаад гаргаад ирэхээр та нар ямар их шавар болгоо вэ, яах гэж хоёр трактораар татсан юм, яагаад троссыг нь хоёр удаа тасалчихав, хэдэн хүрз хугалчихав аа, татдаг төмөр нь муруйсан байна шүү дээ гээд байх юм. Тэр машин чинь одоо сүнгэнэтэл давхиад бид унаа машинтай дажгүй амьдраад байна” гэсэн утгатай үг хэлсэн байна лээ.


Categories
мэдээ нийгэм

П.Цагаан ЮНЕСКО-гийн хүрээлэнгийн УЗ-ийн гишүүнээр улиран сонгогдохоор болжээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дарга П.Цагааныг ЮНЕСКО-гийн гүйцэтгэх удирдлага ЮНЕСКО-гийн харъяа Боловсролын мэдээллийн технологийн Хүрээлэнгийн Удирдах Зөвлөлийн гишүүнээр 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл дөрвөн жилээр улиран сонгогдохыг урьжээ.

Энэхүү хүрээлэн нь мэдээлэл, холбооны технологийн инновацийг боловсролын үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиг үүрэг бүхий Москвад төвтэй олон улсын байгууллага юм. П.Цагаан өмнө нь ЮНЕСКО-гийн Боловсролын салбарын мэдээллийн технологийн хүрээлэнгийн (Institude for Information Technologies in Education) Удирдах зөвлөлийн гишүүнээр уригдан ажиллаж байв.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахаар хойшлуулжээ

Энэ сарын 25-ны өдөр хуралдах Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэнэ.

Дээрх хуулийн заалтаар, Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шүүхэд гомдол гаргах эрхтэй байх мөн төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх зэрэг үүргийг иргэнийхээ өмнө хариуцах, Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх, түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлэх тухай Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэцээр хянан шийдвэрлүүлэхийг нэр бүхий иргэн хүссэн байна.

Мөн Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүрэлцэн ирээгүй учир 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр товлосон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хойшлогдсон билээ.

Хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх байсан бөгөөд хөндөгдөж буй асуудлын ач холбогдол, маргааны хамрах хүрээ, түүнийг бүрэн гүйцэт шийдвэрлэх шаардлага зэргийг харгалзан Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж Цэцийн дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүн үзсэн тул хуралдааныг хойшлуулав гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Малайзын ерөнхий сайд асны гэрийг цагдаа нар нэгжжээ

Хэдхэн хоногийн өмнө Малайзын Ерөнхий сайдын албан тушаалаас буусан Нажиб Разакийн гэрт цагдаа нар нэгжлэг хийсэн тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, урьд шөнө түүний гэрийн гадна цагдаагийн олон тээврийн хэрэгсэл зогсож, цагдаа нар дотогшоо орсон байна.

Тус улсын шинэ Ерөнхий сайд Махатхир Мохамад саяхан мэдэгдэл хийхдээ “Н.Разактай холбоотой хэргийг эргэн сөхнө” гэж байсан билээ.

Н.Разак нь “Би ямар ч хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй” гэж мэдэгдсээр байна. Түүнийг Малайзаас гарахыг өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт хориглосон юм. Түүнийг өөрийн үүсгэн байгуулсан төрийн сангийн мөнгөнөөс 2015 онд 700 сая ам.долларыг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж байсан юм. Гэхдээ түүнийг тус улсын хууль шүүхийн өнгөрсөн онд цагаатгасан билээ.

Энэ сарын 9-нд болсон парламентын сонгуульд түүний удирддаг эрх баригч нам ялагдсанаар өдгөө 92 настай М.Мохамад тус улсын ерөнхий сайд болсон юм. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт тангараг өргөсөн М.Мохамад Ерөнхий прокурор болон Авлигатай тэмцэх газрын удирдах албан тушаалтнуудыг хэдийнээ солиод байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Амьдрал гэдэг богинохон, яарах хэрэгтэй гэж анд минь чи яах гэж хэлээ юм бол доо?

Чамайг “хайрт ах минь, гэрэлт анд минь, гэгээн дүү минь…” гэх уярал хайллын үгс цахимаар дүүрэн байна. Үнэн л дээ. Чи тэнгэрт дэвшихээсээ ч өмнө тийм л хүндлэлийн сэнтийд заларсан хүн. Чи аж төрлийн биш юм аа гэхэд авьяас билгийн жинхэнэ хаан байсан шүү дээ. Энэ хорвоод ирсэн хүн бүхэн ийм өв тэгш үнэн сэтгэлийн үгэн өлгийд хөлбөрч буцдаггүй юм. Чи

“Амьдрал гэдэг богинохон, яарах хэрэгтэй

Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй” гэж тэртээ ерээд онд бичиж байсан. Эрт орой хэзээ ч ийм нэг яаруухан унаа ирнэ гэдгийг яруу найрагчийнхаа зөн билгээр мэдэрч л байж. Амьдрал гэдэг галт тэрэг Сайншандын чинь галт тэрэгнээс ч хурдан нүдний өмнүүр жирэлзэн өнгөрч байна шүү. Чамтай ерэн долоон оны таван сард “Ромео, Жульетта” жүжгийг үзсэний дараа Баянбүрдийн автобусны буудал хүртэл хамт алхахдаа ямар гэгээхэн сэтгэлээр жигүүрлэж, аж төрлийн тухай, авьяас билэгтний тухай, ер ертөнцийн сайхан хүүхнүүдийн тухай, шүлэг найргаа уншин алхаж явсан минь санаанд тодхон байна. Урьд нь чамайг таньдаггүй байсан юм биш, харин ч “Санаанаас ердөө гардаггүй

Сайхан хар нүд гэж байх юм

Цэцгэн дээр суусан эрвээхэй шиг түүнийг

Цээжин дотроо би үнсэж л явах юм

Зүүд хүртэл сэрвэгнүүлсэн

Зүггүй дэрэвгэрхэн сормуус гэж байх юм

Зүүдэлж дандаа жаргая гэтэл

Зүрхэн дээр гэргийн гар байх юм…” гэх зэрэг хайрын шүлгүүдээр чинь ерээд оны эхнээс л таних болсон байсан. О.Дашбалбар багшийн “ГУНУ” (“Гол ус намуухан урсана”) урсгалын дугуйлан дээр ч таарч л байсан. Харин цаанаасаа нэг дотносон танилцсан нь тэр хаврын үдэш юм. Танайх тэгэхэд Дэнжийн мянгад байсан. Ийм л нэгэн учралаар бид анд нөхөд болцгоосон. Хожим 2008 онд “Уран бүтээлчид торгон хилээр” аялалд Д.Урианхай, М.Билэгсайхан, Н.Гантулга, Ш.Батжаргал, Ш.Анхтуяа нарын найрагчдын хамт явахад чи тэргүүлж явсан. Бид Ээж хайрхан, Байтаг Богд, Аж Богд, Эдрэнгийн нуруу, Уушгийн застав, Гурван хүүхэд уул, Шаргын говь, Хонин усны говь, Цэнхэр номингийн говь гээд ямар сайхан нутаг орноор аяны дөрөө харшууллаа даа. Ирэхдээ, Заг-Байдрагийн голд маань шумбацгааж, аймгийн төвд хүргэний маань хашаанд шөнө дүл хүртэл сууцгаасан сан. Өдөр нь халсан элсэн дээр завилан Ли Бай, Ду Фу-г ярилцан суутал гэнэт адуу янцгаахад ихэд бэлгэшээж “Аймгийн төвд адуу унгалдана гэдэг аргагүй л Монголын хөдөөгийн хот шүү” гэсэн чинь сэтгэлд тод байна. Тэр орой аймгийн эмнэлэгт дүүгийн маань бие тааруу хүүг эргэн очиход чи л дэргэд нулимс мэлтгэнүүлж зогссон. Чамайг би “морин мэлмийт” гэж нэрлэх дуртай сан. Гэвч, миний энэ үг хол яваагүй ээ. Харин чи бол “явуулах”-ын жинхэнэ мастер байсан. Бид магадгүй, чиний гайхамшигт монгол найргаас гадна халуун дулаан сэтгэлд чинь татагддаг байсан. Шөнө дунд ч юмуу, хар өглөөгүүр залгаад “Өвгөөн, манайхан “Гарьд магнай”-д тоглосныг дуулав уу хө” гэнэ. За мань хашир ч нэг юм сэдэж дээ гэхэд л “Манай Цэнд-Аюуш Далайцэрэнд тоглоод…” гээд хөврүүлж өгнө. Хундаганы ард үнэндээ чамтай суух шиг жаргал байгаагүй. Бавуугийн Лхагвасүрэн гуайн дууг дууриаж байгаад л “Хуримын зар” шүлгийг нь элэглэж өгнө дөө. “Эмээлийн найман ганзагыг ямаа зажилж…” гээд л уншихад сонсож суусан бүхний элэг шууд л газарт унана. Дөрвөн хүүдээ, элэг зүрхний хайрт охин Эрдэнэханддаа ямархан их хайртай байсныг чинь анд нөхөд чинь сайн мэднэ. Чи сайн аав байсаан. Төрсөн нутаг Улаанбадрахдаа номын жин тээж очно гэж их мөрөөднө. Мөрөөдөхөөр барах уу, мань мэтээс ном цуглуулж жингийн авдар урлуулсныг чинь ч санаж байна. Дуу зохиодог атлаа дуулахыг ёстой жинхэнэ утгаар нь үзүүлнэ. Долгорын Ням ахын

“Хойтон хавар ирнэ гээд

Хонин дунд минь буугаарай

Аясын салхинд намирсан

Алчуур дээр минь суугаарай” гэсэн “Цэцэгт цэнхэр алчуур” дууг үнэн эвлэг дуулахад нулимс нь цийлэгнэдэггүй хүн байгаагүй юм даа. Чиний олон сайхан шүлэг найраг монгол түмний сэтгэлд үлдэж байна.

“Цэх зогсоод буудуулавч дайсны сум онохгүй

Цээжний гүнд эх орон минь бий” гэсэн үг чинь л гэхэд эх орны хилийн харуулын байрны өмнө бичээтэй бий. Арван жилийн ангийнхаа Гомпилдоогийн Мөнхцэцэг, Шатрын Энхбаяр хоёртой хамтран “Бэхэн цэнхэр өдрүүд” түүврээ сурагч ахуйдаа гаргаж байсан анд минь “Ийм нэгэн амьдрал”-ыг “Эрх сэтгэл”-ээр аргадаж, “Тунгалаг гунигийн улирал”-д “Гэнэн шувууд”-аа нисгэснийг бодоход сэтгэл нэг л гэрэлтэй. “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Зам” ард түмэнд танигдсан алдартай шүлгүүдээр чинь нэрлэгдсэн номууд. Чи хүнд номоо, сэтгэлээ, итгэлээ, хайраа, авьяасаа харамгүй өгдөг хүн байсан. Чиний надад бэлэглэсэн Эзэн Богдын “Алд бие минь алжааваас алжаатугай. Аху төр минь бүү алдартугай” гэсэн үгтэй шилэн цом өнөө ч миний номын сангийн дээд шүүгээнээ өрөөтэй бий.

Номоо өгөхдөө ч учиртай л үг бичдэг байж. “Чи бидэн харгуйн бараа харж өссөн. Замын холыг бодож явъя” 2014.10.13. Гарын үсэг. “Үл анзаарагдамгүй, санаандгүйд би дуртай”, “Эрхэм анддаа, сэтгэлийн минь улирал солигдохгүйг чи мэдсэн үү…” Анд чиний номдоо бичиж өгсөн үгс өмнө минь дурайж байна. Чи олон хүнд сэтгэлийн ариун нандин ертөнцийг бүтээж бэлэглэсэн. Гайхамшиг шүү. Чам шиг сайхан хүнтэй нэгэн цаг үед халуун дотно андалж явсандаа хорвоод бид талархана. Найргийн олон ч наадамд онгод хийморьтой оролцож “Алтан бийр” наадамд дөрвөнтөө, хайрын шүлгийн “Цагаан уул” наадамд хоёронтаа, “Аморе” наадамд 2004 онд, “Болор цом” наадамд тус тус магнайлж байсан. МЗЭ-ийн шагналыг чи ерээд оны мөнгөн үеийнхнээсээ хамгийн түрүүнд авч, Ноён хутагт Д.Данзанравжаа, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн нэрэмжит шагналын эзнээр тодорсон. Бүтээлүүд чинь “Монголын шилдэг яруу найргийн цоморлиг”, “Монголын мөнгөн үеийн яруу найраг”, “Монголын уран зохиолын дээжис 108 боть” ном, тэрчлэн орос, хятад, энэтхэг, франц, македони, англи хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн сэн. Анд минь төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд сэтгүүлч, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дарга, “Утга зохиол, урлаг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, МЗЭ-ийн “Цог” сэтгүүлийн эрхлэгч, Монголын радиогийн хөгжмийн нэвтрүүлгийн албаны сэтгүүлч редактор, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж, их утга зохиол, утга соёлын амьдралын төлөө ухаант амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл зүтгэж явсан сан. Чамайг дотнын чинь нэгэн эрхэм Дорнын номхон хутагт хэмээсэн байна лээ. Бодвол Догшин ноён хутагтаас ялгамжлан ийн өгүүлээ биз ээ. “Тун хүнд үедээ Ноён хутагтыг хоёр ч удаа харсан” гэж чи Мэнд-Ооёо найрагчид ярьсан байна лээ. Догшин ноён хутагтад номхон гэгээн хутагт үгүйлэгдсэн юм бол уу даа. Хамгийн сүүлд, Завхан явахынхаа урд өдөр уулзахдаа “Биеэ бодоорой, өвгөөн” гэсэн тэр л дотно намуун дуу чинь өнөө ч чихнээ сонсогдоно. Чи хэдийгээр дэндүү үнэнч, чин сэтгэлийн хүмүүн байсан ч хүний хорвоог шүлгээрээ хуурсныг чинь нэг л өршөөж чадамгүй нь. “Ижийгээ амьдад үхэж болохгүй”. Ингэж чи минь хэлээгүй гэж үү. Тийм дээ, тэнгэрлиг анд минь худлаа ер хэлсэнгүй. Чи ижийгээ амьдад энэ хорвоогоос буцалгүй даяар Монголынхоо сэтгэл зүрхэнд далай найргаараа мөнхөрч үлдсэн болохоор тэр үг чинь үнэндээ хүний хорвоогийн пропуска (нэвтрэх үнэмлэх) биш юм байна. Эр хонгор сэтгэлтэй эрхэм дээд нөхөр чи минь монгол түмнийхээ оюун сэтгэлд мөнхөд оршиж, яруу уянгын увдисаараа ямагт биднийг ивээж байх болтугай!

АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ

Ханилсан нөхрөө би

Халтирахад нь түлхэж явсангүй

Амьтны урдуур орж

Алдрын хаалгаар чихэлдэж байсангүй

Аяа, миний аялагхан залуу нас минь

Жаргах цагтаа наргиж, зовох цагтаа гуньж явнаа

Жамт хорвоогоос харин нуугдах газар эрж байсангүй

Жавар салхинаас бусдыг нөмөрлөх сэтгэлтэй явж

Жаахан чамайгаа уйлахад нулимсыг чинь арчиж байснаас, амталж явсангүй

Дарсны хатууд халамцаж, хүүхний сайханд дурлаж байснаас

Дайсан нөхрөө ялгах гэж сэтгэлээ эвдэж явсангүй

Давааны өндрийг мартаж, хүлэг морио гуядаж

Даамай алсын замдаа бусдын унаанд дайгдсангүй

Аар саархан зовлон зүрх тархийг идэж

Алдар хүндийн золионд бусдын үхэхийг үзэж

Амьтны үрийг өрөвдөж өр цээжээ барсаар

Амьд явахад шаналан шиг хүнд ачаа үзсэнгүй ээ.

Ижийгээ амьдад үхэж болохгүй

Ижийгээ амьдад үхэж болохгүй

Ижий минь цээжиндээ наргүй болно

Ертөнцийн гоо үзэсгэлэн гундаад

Ерөөлтэй ижий минь гандаж хоцорно

Талын хялгана сэргэж, зун болохоо больж үзэгдэнэ

Тавилангийн цэцэг шивээлэн, орчлон гандаж санагдана

Ижийгээ амьдад үхэж болохгүй

Ижий минь цээжиндээ наргүй болно

Үндэстэй мод жилийн жилд л цэцэглэдэг

Үр нь амьд байхад эх хүн жаргадаг

Ижийгээ амьдад үхэж болохгүй

Ижий минь цээжиндээ наргүй болноо.

* * *

Амьдрал гэдэг богинохон, яарах хэрэгтэй

Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй

Ачлал энэрэл, амраг хайр, алс ирээдүй

Ариун гэгээн бүхнийг дуулан үлдээх учиртай

Сарны гэрэл хэрхэн тусч янаг хоёр ичингүйрэн жаргах тухай

Сайхан чамайгаа яагаад минийх болоогүй, гэхдээ мартаагүй тухай

Салхинд ганхах өвс ногоо намрын уйтгарыг биесдээ шивнэлдэх тухай

Санаашран сууж бичээд би яруусан цэлмэгтэх учиртай

Агт морь нутгаа тэмцэж ижилдээ ирээд үүрсэхийг

Ангир галуу ганганан гунганаад хоргодож буцахыг

Аавын минь унаж явсан морины толгой овоон дээр цайрахыг

Амьдрал мөнхийн биш гэдгийг ч учирлан дуулах ёстой

Амьдрал гэдэг богинохоон, би яарах хэрэгтэй

Амжиж бүхнийг хайрлаад, тэр хайр надад түшиг болох учиртай