Categories
мэдээ нийгэм спорт

НЭМГ-аас марафонд оролцогчдод зөвлөмж хүргүүлэв

Related image

Энэ сарын 19-нд “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээн Сүхбаатарын талбайгаас гараагаа эхэлнэ. Үүнтэй холбогдуулан тэмцээнд оролцогчдод зориулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөмж хүргүүлсэн байна.

Та марафон гүйлтэд оролцохоор шийдсэн бол дараах зөвлөмжид анхаарлаа хандуулна уу.

1. Та гүйлтээс өмнө бэлтгэл, дасгал хийсэн, өөрийнхөө гүйж чадах зайг сонгож оролцох.

2. Харьяа хорооны өрхийн эмчид үзүүлж, гүйлтэнд оролцохыг зөвшөөрсөн дүгнэлт гаргуулах.

3. Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол, хүнсний ногоог аль болох бага хэрэглэж, хөнгөн, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэж, 48 цагийн өмнөөс усыг бага багаар уух.

4. Архи,согтууруулах ундаа нь бодисын солилцоонд нөлөөлж, шингэний дутагдалтанд хүргэдэг тул марафоны өмнөх өдрүүдэд хэрэглэхийг хориглох.

5. Марафон гүйлтийн үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж, 20 минут тутамд 100-200 мл усыг цангаагүй байсан ч бага багаар уух.

6. Гүйлтийн үед нарны малгай болон тухайн өдрийн цаг агаарын байдалд тохируулан, аль болох хөлс сайн нэвтрүүлэх материалтай, суга, цавь, гуя үрэгдэхээс хамгаалсан зориулалтын хувцас, даавуун оймс өмсөх. Суга, цавь үрэгдэж, холгохоос сэргийлж, тос түрхэж болно.

7. Гүйлтийн өдөр гэмтэл, холголтоос сэргийлж шинэ гутал, шинэ хувцас өмсөхөөс зайлсхийх.

8. Гүйлт дуусмагц өмсөж байсан хувцсаа сольж, өмсөх.

9. Марафон гүйлтийн өмнө болон дараа нь биеийн жингээ үзэж, алдсан жингийн 1 кг тутамд 1 литрээр тооцож усыг бага багаар уух хэрэгтэй хэмээн зөвлөлөө.

Categories
мэдээ улс-төр

Японы ардын дипломатын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөдөр Японы Ардын дипломатын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч ноён Наохико Итог хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын хамтын ажиллагаа, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал солилцсон юм. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, шинэ нисэх онгоцны буудал хүртэл тавих төмөр замын төслийн талаар ярилцав.

Уулзалтад нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох болон Японы Ардын дипломатын нийгэмлэгээс Япон-Монголын соёл эдийн засгийн харилцааны асуудал эрхэлсэн хорооны зөвлөх, Нагояа их сургуулийн профессор, Элчин сайд асан Такуо Кидокоро, Сенко ХХК-ийн Олон улсын бизнесийн төвийн ахлах менежер Хироюки Такамизава, Ниппон Экспресс ХХК-ийн Олон улсын түгээлт болон хөгжлийн хэлтсийн ерөнхий менежер Торү Наоно, Ай Пи Партнер ХХК-ийн захирал Шүйчи Инүма нар байлцав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Малчнаар ажиллаж байсныг тодорхойлох зөвлөл сумдад ажиллаж байна

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс “Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөл”-ийг сумдад 7-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан, сургалт мэдээлэл хийж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаж байна. Энэхүү зөвлөл нь даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох үүрэг бүхий зөвлөл юм.
Зөвлөлийн гишүүд мал тооллогын “А” данс нь үрэгдсэн малчдын 1995 оноос хойшхи тухайн сум, багт мал маллаж байсан хугацааг нотлох үндэслэл бүхий баримт бичигт тулгуурлан тогтоол гаргаж, баталгаажуулан ажиллаж байна. Он гарсаар энэ хуулийн үйлчлэлээр аймгийн хэмжээнд эмэгтэй 25, эрэгтэй 136 хүн өндөр насны тэтгэврээ тогтоолгожээ. 1995 оноос хойшхи малчдын малчнаар ажилласныг баталгаажуулах жил бүрийн мал тооллогын А данс болон холбогдох баримт үрэгдснээс болж малчдын тэтгэврийг тогтооход багагүй бэрхшээл үүсээд байсныг ийнхүү шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Номын өргөө” төсөл амжилттай хэрэгжиж байна

Нийгэмд эерэг өөрчлөлт авчирах зорилготой “Залуу Манлайлал Хөтөлбөр 2018”-ын “Номын Өргөө” буюу Book House төсөл амжилттай хэрэгжиж байна. Төслийн хүрээнд бага дунд сургуулиас сонгон шалгаруулалт хийн, сонгогдсон сургуульд дотоод тохижилтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж хүүхдэд ээлтэй, байнгын сургалт, хэлэлцүүлэг хийх орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна. Төслийн багийнхан номын өргөөний дотоод заслыг үндэсний уламжлалт гэрийн дотоод засал, орчин үеийн интерьертэй хослуулан хийж байгаагаараа шинэлэг болсон юм. Зөвхөн дотоод тохижуулалт хийгээд зогсохгүй сар бүр номын хэлэлцүүлэг, сургалт явуулах бөгөөд цаашид үүнийг тогтмол болгох зорилготойгоор төслийн хамт олон ажиллаж байгаагаа хэлж байна.


2003 оноос хойш өнөөдрийг хүртэл 270 гаруй манлайлагч залуусыг 8 сарын манлайллын хөтөлбөрт хамруулж, олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн “Залуу Манлайлал Хөтөлбөр”-ийнхөн цөөн хүн ч гэсэн нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирах чадалтай байдгийг харуулах, бусдыг уриалах зорилготой, аливаа асуудлыг дээрээс нь биш, хүмүүсийн өөрсдийнх нь оролцоотойгоор, дэргэдээс нь шийдвэрлэхийг хичээдгээрээ онцлогтой билээ. Энэ жилийн “Номын өргөө” төслийн багийнхан ЕБС-ийн сургуулиудад нээлттэй сонгон шалгаруулалт хийн Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах ерөнхий боловсролын 127 дугаар сургуулийг сонгосон.

Энэ хичээлийн жилд 1064 сурагчтай болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн хичээллэж байна. Тус сургуулийн сурагчид номын сандаа ном унших ширээ, сандал номын сангийн фонд баяжилт байхгүй ба номын сан 90м квадрат талбайтай. 127-р сургуулийн эцэг эхчүүдэд төслөө танилцуулан номын сангийн засварын ажлыг эхэлсэн. Уг төсөлд “Нобелийн шагналтнууд ТББ” төсөл хэрхэн амжилттай хэрэгжүүлэх тал дээр тусалж дэмжин ажилласан байна. Төслийн хүрээнд хөрөнгө босгох үйл ажиллагааг амралтын өдрөөр сонирхолтой мэдлэг, мэдээллийг залууст хүргэхээр ажиллаж, үүнд Монголын Оюун Ухааны Академийн ерөнхий дасгалжуулагч, Олон улсын шүүгч Б.Баасандорж, Эрдэмт ТББ-г үүсгэн байгуулагч, Жак Ма-гийн Алибаба номын орчуулагч Э.Саруул, Австри улсын Vienna хотын технологийн их сургуульд монгол улсын засгийн газрын тэтгэлгээр архитектурын чиглэлээр мастерийн зэргээ хамгаалж буй Б.Булган нар оролцоод байна. Ном хандивлах уриалга явуулж байгаа бөгөөд үүнд Pizza Hut, Хаан банк, Ариг банкны хамт олон мөн нийгэмдээ зөв үлгэр дууриалал үзүүлэх сэтгэлтэй залуус маань ном хандивлан дэмжиж байна.

Дашрамд дурдахад, дотоод зураг төсөл дээр дизайнер Б.Цэрэнчимэд маань ажиллаж, үүнийг бодит биет зүйл болгох тал дээр Номын өргөө төслийн хамт олон хамтран ажиллах байгууллага хайж байна. Номын санг тохижуулах мөн ном хандивлах хүсэлтэй иргэн, албан байгууллага бүрт “Номын өргөө” төслийн багтай хамтран ажиллах боломж нээлттэй юм байна.

Categories
мэдээ нийгэм

“ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД-МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ” үндэсний уралдаан болно

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Хүүхдийн хөгжилд мэдээллийн технологи” үндэсний уралдааныг энэ сарын 18-ны өдөр Мэдээлэл технологийн үндэсний паркд зохион байгуулагдах гэж байна.

Тэмцээнд 21 аймаг, есөн дүүргээс сонгогдсон мэдээлэл технологийн мэдлэг, ур чадвартай, англи хэлний зохих мэдлэгтэй харааны, сонсголын, хөдөлгөөний, оюун ухааны бэрхшээлтэй 13-21 насны хүүхэд залуус оролцож, оюун ухаанаа уралдуулах юм.

Тэмцээний төрлүүдэд амжилттай оролцож шалгарсан дөрвөн оролцогчийг арваннэгдүгээр сарын 8-12-ны өдрүүдэд БНЭУ-д болох олон улсын “GLOBAL IT CHALLENGE-2018” мэдээлэл технологийн уралдаанд эх орноо төлөөлөн оролцох эрх авах юм гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Номын баяр” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25, 26-нд болно

“Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүр “Үндэсний номын баяр”, олон улсын “Ulaanbaatar book fair” номын баярыг зохион байгуулдаг. Тус байгууллага уламжлал болсон номын баяраа төв талбайдаа зохион байгуулах хүсэлтын дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохих зөвшөөрлийг олгосон байна.

Энэ жил 24 дэх удаагаа зохион байгуулагдах “Номын баяр” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25, 26-ны өдөр 09:00-17:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд болох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар марафон-2018” гүйлтийн бэлтгэл ажил 100 хувь хангагджээ

“Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлт энэ сарын 19-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Марафоныг зохион байгуулах нэгдсэн ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Нийтийн биеийн тамир, спортын хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа бэлтгэл ажлууд 100 хувь хангагдсан талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулав.

Нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Тээврийн газар, Авто замын хөгжлийн газар, Замын цагдаагийн алба, УБЗАА, Эрүүл мэндийн газрууд бэлтгэл ажлыг хангасан, 100 хувь бэлэн гэдгээ хэлж байв.

Хурлын төгсгөлд нийслэлийн Засаг даргын орлогч, Ажлын хэсгийн ахлагч Ш.Анхмаа нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангах, гүйлтэд оролцогчдод эмнэлгийн үзлэг, шаардлагатай тусламж үзүүлэх, гүйлтийн маршрутын дагуу иргэдийн тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор хог хаягдал, бие засах цэг, цэвэрлэгээний ажил, маршрутын дагуу зам услах, зэрэг үүрэг чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Өгсөн үүрэг чиглэлийг хариуцлагатай биелүүлж, зохион байгуулалтын өндөр төвшинд, алдаа дутагдалгүй ажиллахыг Ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болгов гэж нийслэлийн ЗДТГын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

27 байршлын 88 га газрыг дуудлагаар худалдана

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа ирэх сарын 15-ны өдрийн 10.00 цагт Төр захиргааны Хангарди ордны хурлын зааланд нээлттэй явагдана.

Энэ удаагийн дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 29 байршлын 89 га газрыг худалдана.

Дуудлага худалдаагаар газар худалдаж авснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу, техникийн нөхцөл саадгүй, архитектор төлөвлөлтийн даалгавар нь бэлэн газрыг авч байгаа юм.

Та тухайн газрыг дуудлага худалдаагаар авснаар байршил бүр дээр хийгдсэн бэлэн зураг төслийн дагуу барилгын ажлаа эхлүүлж, нэмэлт цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулалгүй ажлаа эхлүүлэх боломжтой болдгоороо давуу талтай.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 8:30 минутаас эхлэн-2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 9:30 минут хүртэл Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.ulaanbaatar.mn, www.gazar.ub.gov.mn хаягаар болон 315712 утсаар авах боломжтой гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайдуудыг томиллоо

УИХ-ын чуулганаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас зургаан Элчин сайдыг томилох шийдвэр гаргасан ч Ерөнхийлөгч дөрвийг нь зөвшилцөхөөр УИХ-д санал оруулсан.

Мөн М.Энхсайханыг яагаад эгүүлэн татав гэж Л.Энх-Амгалан гишүүн лавлахад “Сонгуулиар болон түүний дараа улстөржсөн мэдэгдэл гаргасан гэж Ерөнхийлөгч үзээд эгүүлэн татаж байгаа” гэв.

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг гишүүдийн 87,1 хувийн саналаар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг гишүүдийн 83,6 хувийн саналаар, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргалыг гишүүдийн 90,2 хувийн саналаар, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболдыг гишүүдийн 90,3 хувийн саналаар тус тус томилов.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны нь дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагаа болон бүс нутгийн хөгжил, аюулгүй байдлын талаар ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр орны ард иргэдийн хамтын ажиллагаа идэвхтэй байгааг дурдаад, цаашдаа эдийн засгийн болон худалдааны харилцааг өргөжүүлэхэд анхаарах хэрэгтэй хэмээн онцолсон юм. Мөн хоёр улсын Ерөнхийлөгч нарын санаачилгаар залуучуудын бизнесийн зөвлөл байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Уг зөвлөлийг байгуулснаар хоёр улсын залуучууд бизнесийн болон технологийн туршлага солилцох, хамтран ажиллах боломж нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд

Жон Жэ Нам Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирсэндээ, халуун дотноор хүлээн авсанд талархаж байгаагаа илэрхийлээд, хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, идэвхтэй ажиллана гэв. Мөн БНСУ болон БНАСАУ-ын удирдагчдын уулзалт амжилттай болсонд баяр хүргэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг хүлээн аваад тус улсын Ерөнхийлөгч, Засгийн газар нь ихээхэн баяртай байгаагаа илэрхийлснийг уламжиллаа. БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд

Жон Жэ Намын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосон хоёр улсын Ерөнхийлөгч нарын санаачилгаар залуучуудын бизнесийн зөвлөл байгуулах саналыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намд ажлын амжилт хүсээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бодитой, үр дүнтэйгээр хөгжүүлэхийн тулд хамтран ажиллах болно хэмээв.