Categories
мэдээ нийгэм

“Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ технологи -2018” олон улсын үзэсгэлэн болж байна

Image may contain: one or more people and people on stage

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх талаар яригдаж байна. Үүнтэй зэрэгцэн Мишээл экспо төвд “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ технологи -2018” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ. Ирэх Ням гарагийг хүртэл үргэлжлэх юм. Үзэсгэлэнд 100 орчим жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хүрэлцэн иржээ. Эдэн дунд хэд хэдэн гадаад үйлдвэрлэгчдийн бүүт харагдаж байв. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав “БНСУ, Пакистан улсын нийт 14 компани, 20 бүүт бий” гэв.

Үзэсгэлэнгийн бүүтүүдээр гар урлал, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүн, гоо сайхан, өргөн хэрэглээний бараа гэх мэт зүйлс байв. Хүнсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг амталж явахад салбарын хүмүүсийн хэлсэн “Дотоодын хүнсний салбар хурдацтай шинэ түвшинд гарж байгаа” гэсэн үг санаанд орлоо.

Энэ үеэр МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав “Жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт, хөрөнгө оруулалт, менежмент, шинэ технологийн асуудлыг харъя танхим, яамдууд хангаж өгөх ёстой. Жижиг дунд үйлдвэрлэгчид нийт аж ахуй нэгжийн 90-ээд хувийг эзэлж байгаач дундаж түвшинд очиход хэцүү байна. Ойр ойрхон болж буй хямралууд тэднийг сөхрөөж байна. Уйгагүй ард нь гарч ирж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийн 20 хувийн зээл гэдэг ойлголт байж болохгүй. Арилжааны банкууд бусад санхүүгийн байгууллагууд хамтран өөр санхүүжилтийг бий болгохгүй бол жижиг дунд үйлдвэрлэгчид туйлдаж ядарч байна” гэв.

Мангар хүмүүсийг энд байлгахгүй гээд хөөдөг. Гэсэн ч бид энд зогсож байна

Эсгийгээр гар урлал хийдэг байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд ноосны үнэ тэнгэрт хадсанаар санхүүгийн эргэлт нь муудсан байна. Гэвч бууж өгөлгүй группын мөнгөө цуглуулж дахин бизнес хийх болсон аж. Тэд өөрсдийн гараар хувцас оёж үндэсний бүтээгдэхүүн хийж байна. Улирал бүрт тааруулж бүтээгдэхүүнүүдээ хийдэг гэв. “Төгсжаргал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв”-ийн тэргүүн Э.Долгорсүрэн “Бид зургуулаа. Дулаан цагт өмсөх биед эвтэйхэн хямд үнэтэй хувцаснууд хийж байна. Санхүүгийн дэмжлэг авахаар төсөл бичиж өгөхөөр биднийг хүлээж авдаггүй. Таньдаг мэддэг хүмүүстээ л өгдөг юм шиг байна лээ. Тийм болохоор бид хэд группын мөнгөө бага багаар цуглуулаад үйлдвэрлэлээ эрхэлдэг. Гайгүй ч зарагдаж байна. Эргэлтийн хөрөнгөтэй болохоор л зорьж байна.

Ажлын байр маш хэрэгтэй байна. Байрнуудын подвол түрээслэхээр СӨХ-ийн даргад загнуулна. Мангар хүмүүсийг энд байлгахгүй гээд л. Түрээсийн үнэ нь ч өндөр, элдвээр ч доромжилно. Өвлийн хүйтэнд хүртэл хөөдөг. Энэ асуудал одоог хүртэл шийдэгдэхгүй байна. Гэсэн ч бид үйлдвэрлэлээ зогсоогоогүй. Энэхүү үзэсгэлэнд орж байна” гэв.

Юм мэддэг хүмүүс үнэ цэнийг нь ойлгодог

1989 онд арьсан жижиг эдлэл, цүнх, бүс, түлхүүрийн оосор хийж гараагаа эхэлж байсан Т.Энхжаргалын бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа. Тэрээр 30 гаран жил арьсан эдлэл хийж байгаа аж. Яг л гадаадад үйлдвэрлэсэн юм шиг өөгүй хийцтэй хийсэн цүнхнүүд нь аргагүй миний харааг булааж хэсэг саатуулсан юм. Тэрээр “Юм мэддэг хүмүүс миний цүнхнүүдийг хараад үнэ цэнийг нь ойлгодог юм. Цэвэр үхрийн ширээр чанарын өндөр түвшинд хийж сурах гэж өдий хүрлээ. Хамгийн гол нь хүмүүсийн хэрэгцээнд тохируулж хийх нь чухал. Нурууны хамгаалалттай бүс, Тэлээнд зүүж ашигладаг түлхүүрний оосор гэх мэт.

Одоогоор “Агсарган” гэх брэнд үүсгээд ажиллаж байна. Өөрсдийн гэсэн үнэнч үйлчлүүлэгчидтэй болсон. Гэхдээ борлуулалтын асуудал хүнд хэвээр л байна. Олон жил сурсан юм болохоор арьсан эдлэлээ хийчихэж байгаа юм. Хүмүүсийн захиалгаар ямар ч хийцээр асуудалгүй хийж байна” гэлээ.

Дэлхийн брэндүүдээс чанар нь ялгаагүй шүү дээ

Монголын эрт үеийн хатдын зурагтай түрүүвч, цүнх гэх мэт эдлэл хэрэглэл нүдэнд туслаа. Тэд бол 13 жилийн өмнө чанарыг эрхэмлэн үйлдвэрлэлээ эхэлсэн “Энхжин сувинер” ХХК юм. Үхрийн арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид аж. Тэд арьсан дээр зураг хэвлэх технологийг 2008 онд Монголд анх нэвтрүүлсэн байна. 30 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй бөгөөд бүгд collect-оор гардаг аж. Хамгийн анх “Монголын нэг өдөр” collect-оо гаргаж байсан байна. Энэ талаар “Энхжин сувинер” ХХК-гийн борлуулагч А.Амарзаяа “Монголчуудын эртний өв уламжлал, соёлыг бараанууддаа зургаар шингээж өгсөн. Үүгээрээ гадаадын жуулчид, хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулах зорилготой. Мэргэжлийн зураачид ажилладаг.

Манай борлуулалт маш сайн. Үнээ барьж чаддаг. Худалдан авагчид үргэлж буцаж ирдэг. Америк Улсын Чикаго хотод дэлгүүртэй. Гадаад бүтээгдэхүүнээс үнээрээ ялгарна. Гадаадын брэнд бүтээгдэхүүнүүд маш үнэтэй байдаг. Чанар нь ялгаагүй шүү дээ. Манай компани гадаад хэрэглэгчид ихтэй. Хүндрэлтэй тал нь тоног төхөөрөмж дутмаг байдаг. Гадаад орнуудад арьсан дээр хэвлэх машин улам л хөгжөөд томроод байдаг. Үүнийг оруулж ирж чаддаггүй” гэв.

Б.АМАРТҮВШИН

Жижиг дунд бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилна Arslan.mn

Categories
мэдээ нийгэм

Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орохгүй, өдөртөө дулаан байна. Харин тавдугаар сарын 19-нөөс зарим нутгаар бороо, цас орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Тавдугаар сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд нутгийн зарим газраар бага зэргийн бороо, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 19-нд Алтайн уулсаар, 20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

20-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүснэ. 20-21-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

Categories
энтертаймент-ертөнц

Хүүхдийн баяраар “Царцаа намжил” жүжиг тоглогдоно

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн “Царцаа намжил” хүүхдийн жүжиг зургадугаар сарын 1-ны 14:00, 16:00 цагуудад Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа тоглогдох гэж байна.

“Царцаа намжил” хүүхдийн жүжиг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хүүхдэд зориулсан уран бүтээлийн төслийн уралдаанд шалгарсан бүтээл юм.

Бурхны оронд гурван жил шавилан суусан Намжил хүү эрдэм сураагүй тул номын багшийнхаа захиснаар замдаа тааралдсан бүхнийг тогтоож цээжилж явдаг. Тогтоосон бүхэн нь эргээд түүнд тус болж, амийг нь авардаг тухай монгол ардын “Царцаа Намжил” үлгэрт өгүүлдэг билээ.


Categories
мэдээ улс-төр

Франц Улс онцгой байдлын албанд нисдэг тэрэг, автомашин нийлүүлэх сонирхлоо илэрхийлэв

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Элизабет Барсак тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр орны харилцаа, тэр дундаа гамшигтай тэмцэх болон онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

2010 онд гарын үсэг зурсан Санамж бичиг нь гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг нь арилгах чиглэлээр хамтран ажиллахад чухал түлхэц болсон. Одоо Санамж бичгийг өргөжүүлж гэрээ байгуулах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.

Францын нэр бүхий хоёр компани Онцгой байдлын ерөнхий газрыг нисдэг тэрэгний флоттой болгож, засвар үйлчилгээг нь хариуцах, багийн бүрэлдэхүүнийг сургах, гал унтраах, аврах албаны автомашин нийлүүлэх, гал сөнөөгчдийг сургах төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байна. Компаниудын төлөөлөл өмнө нь манай улсад ирж цаг уур, газар нутгийн онцлог, гал унтраах албаны одоо ашиглаж байгаа автомашин зэргийн талаар өргөн хүрээтэй судалгаа хийжээ.

Францын Засгийн газрын зээлийн санхүүжилт бүхий энэ төслийг нэн даруй хэрэгжүүлж эхлэхэд бэлэн байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин илэрхийлэв. Зээл нь нэн хөнгөлөлттэй буюу 50 жилийн хугацаатай, 0,25 хувийн хүүтэй байхаар урьдчилан тохиролцсон байна.

Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Гамшигтай тэмцэх газар 2010 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд эрэн хайх, аврах, гамшгийн үеийн удирдлага, эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг чиглэлээр олон сургалт явуулж иржээ.

Дашрамд дурдахад, 2009 онд болсон үер, 2009-2010 оны зуднаар БНФУ 90 гаруй мянган еврогийн үнэ бүхий дулаан хувцас, хүнсний болон эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, хүнсний тусламж үзүүлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Азийн Хөгжлийн Банк

Азийн Хөгжлийн банк нь 1966 онд байгуулагдсан. Дэлхийн 67 оронд үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг 3000 давсан ажилчин, албан хаагчтай. НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн байгууллага юм. Гол зорилго нь Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжих, хөгжиж буй буурай орнуудад хөнгөлөлттэй зээл тусламж үзүүлэх, мэргэжлийн боловсон хүчин болон техник төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, тухайн оронд тулгамдаж байгаа асуудал дээр тусламж дэмжлэг үзүүлэх, жишээ нь цэвэр усны нөөц, байгаль орчин, дэд бүтэц, агаарын бохирдол, ажилгүйдэл гэх мэт. Үүнээс гадна боловсрол, эрүүл мэнд, хөгжиж байгаа оронд жендерийн тэгш бус орлогын асуудал ч гардаг гэнэ. Энэ бүх асуудалд тухайн орон нутгийн удирдлага, засгийн газруудтай бодлогын түвшинд харилцан ойлголцож хамтран ажиллаж чаддаг байна. Манай улсын хувьд Азийн Хөгжлийн Банкны гишүүнээр 1991онд элссэн. Тэр цагаас хойш Азийн Хөгжлийн Банкнаас Монгол Улсад нийт 1.55 тэрбум ам.долларын засгийн газрын зээл, 96 сая ам.долларын засгийн газрын бус зээл, 229 сая ам.долларын буцалтгүй тусламж, 138 сая ам.долларын техникийн туслалцааны төслийг батлан хэрэгжүүлсэн юм байна. Энэ байгууллага нь арилжааны банкны үйл ажиллагаа явуулдаггүй. Зөвхөн улс орнуудын Засгийн газарт зээл олгодог юм.

2017 онд нүүрсний экспорт, уул уурхайн хөрөнгө оруулалт сайжирснаар Монголын эдийн засгийн өсөлт хүчтэй явагдсан. Энэ өсөлт 2018, 2019 онуудад үргэлжилнэ хэмээн Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэлээд “Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх нь өсөлтийн эрчийг хэвээр хадгалах үндэс болно. Эдийн засгийн гүйцэтгэл Олон улсын валютын сангийн хөтөлбөрт төсөөлснөөс илүү сайн байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулахад дэмтэй байна. Уг хөтөлбөрийг Засгийн газрын зүгээс үргэлжлүүлэн дэмжих нь ирээдүйд макро эдийн засгийн нөөц, бодлогын орон зай бүрдүүлэхэд төдийгүй Монголын мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж хэлсэн юм.

Энэ жил Азийн Хөгжлийн Банкнаас 2018 оны төлөв тайланд 2017 онд 5.1 хувьтай байсан Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий өсөлтийн хурд 2018 онд саарч 3.8 хувь болох ч, 2019 онд эргээд бага зэрэг нэмэгдэж 4.3 хувь болно гэсэн таамаглал гаргасан юм байна. ДНБ-ий өсөлт 2016 онд 1.2 хувьтай байсан бол, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, нэн ялангуяа Оюу толгойн далд уурхайн хөгжүүлэлт нь эдийн засгийн өсөлтийг дэмжих гол хөдөлгүүр хэвээр байх болно. Гэвч тээвэрлэлтийн саад бэрхшээлээс улбаалан нүүрсний экспортын хэмжээ 2017 оны гүйцэтгэлд хүрээгүй, харин 2019 онд асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэнэ гэж үзэж байгаа юм байна.

Онцгой албан татвар нэмэгдэж, төгрөгийн ханш 2016 онд 24.7 хувиар суларсан нь импортын үнэд нөлөөлсөн, мөн гантай байснаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өссөн зэргээс шалтгаалж 2017 онд инфляцийн түвшин 4.3 хувьтай гарсан юм байна. Харин энэ түвшин 2018 онд нэмэгдэж 8 хувь, 2019 онд 7 хувь болно гэж Азийн Хөгжлийн Банкны нөхдүүд таамаглажээ. Дотоодын эрэлт нэмэгдэж, газрын тос, хүнсний үнэ олон улсын зах зээл дээр өсөхийн зэрэгцээ 2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний зөөлөн бодлогын нөлөөгөөр 2018 онд инфляци бага зэрэг өсөх аж. Харин газрын тосны үнэ буурч, дотоодын эрэлт саарахын хэрээр эдгээрийн үр нөлөө 2019 онд саармагжих төлөвтэй байна гэнэ. Монгол Улсын төсвийн алдагдал 2017 онд ДНБ-ий 3.9 хувьтай тэнцэж байсан бол 2018 онд ДНБ-ий 6.4 хувь, 2019 онд 5.1 хувь болно гэж тооцоолжээ. Энэ нь нийгмийн даатгал, нийгмийн хамгаалал, тоног төхөөрөмжийн зардал нэмэгдэхийн хажуугаар жижиг, дунд үйлдвэрүүдийн татварын ачаалал, тайлангийн шаардлагыг бууруулах шийдвэр хэрэгжиж эхэлснээр төсвийн орлогын бүрдүүлэлт хумигдах магадлалтай байгаагаар тайлбарлагдаж байгаа юм байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс сэргэсэн, олон улсын хөгжлийн түншүүд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, худалдааны нөхцөл сайжирсан зэргээс гадаад өрийн томоохон хэсгийг дахин санхүүжүүлэх боломж бүрдсэн. Нийт нөөц хоёр дахин нэмэгдэж 5.5 сарын импортыг санхүүжүүлэх хэмжээнд хүрсэн. Эдгээрээс шалтгаалан төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2.5 хувиар чангарсан юм. Урсгал дансны алдагдал 2018 онд буурч 6.3 хувь, харин 2019 онд 7 хувь болно гэж тооцоолсон юм байна.

Азийн Хөгжлийн Банк болон Монгол Улсын Засгийн газар хамтран эдийн засгийн хүндрэлтэй үед боловсролын чанар ба хүртээмжийг тогтвортой байлгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий нийт 207 сая ам.долларын санхүүжилттэй гурван зээл, нэг буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зуржээ. Мөн Ногоон уур амьсгалын сангаас Монгол Улсад олгох 50 сая ам.долларын буцалтгүй тусламж, 95 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Улаанбаатар хотын гэр хороололд 100 га талбай бүхий эко хороолол барих болон төлбөрийн чадварт нийцсэн 10000 айлын ногоон орон сууц барьж байгуулах Азийн Хөгжлийн Банкны төслийг дэмжихэд хэрэглэнэ гэсэн байна. Эко хороолол нь нүүрстөрөгч ялгаруулалт бага, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, амьдрахад таатай байхаар төлөвлөгдөж байгаа бол төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүч хэрэглэдэг юм байна.

Өнгөрсөн жил гэхэд Азийн Хөгжлийн Банк Монголын Засгийн газрын хооронд 2020 он хүртэл тогтвортой эдийн засаг, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт буюу Монголын хүн амын цөөн хэдэн хувь нь уул уурхайгаас хагартлаа баяжих бус, нийгмийн бүх салбар ижил түвшинд эдийн засгийн өсөлтийг дэмжих, эдийн засгийн үр өгөөжийг Монгол Улсын иргэн бүрт тэгш хүртээнэ гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр гарын үсэг зурсан юм. Манайх шиг уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай оронд бусад салбараа дэмжиж, эдийн засгийг хоёр тулгууртай болгоход Хөдөө аж ахуйн салбар тун чухал гэдгийг Азийн Хөгжлийн Банкны эдийн засагчид хэлээд байгаа. Манай урд хөрш бол дэлхийн хамгийн олон хүн амтай, хамгийн хүчирхэг эдийн засагтай орон. Хөдөө аж ахуйн салбараа стандартын дагуу хөгжүүлээд мах, махан бүтээгдэхүүн, сүү, тараг гэх мэт бүтээгдэхүүнүүдээ экспортолоход валютын урсгал нэмэгдэнэ. Мөн Хөдөө аж ахуйн салбараа сайн хөгжүүлэхэд хэд хэдэн асуудал аяндаа шийдэгдэнэ гэж харжээ. Нэгдүгээрт, ажлын байр олноор бий болно, тэрийгээ дагаад ажилгүйдэл багасна. Хоёрдугаарт, хот руу чиглэсэн хөдөлгөөн буурна, тэрийгээ дагаад Улаанбаатарын утаа багасах болно, мөн Улаанбаатарын иргэдийн орлого хөдөө амьдарч байгаа иргэдийн орлого ижил түвшинд хүрнэ. Мэдээж дэд бүтцийг нь шийдэх хэрэгтэй, дагуул хотууд бий болно, тэгээд энэ салбараа бодлоготойгоор дэмжээд өгөхөд асуудалгүй гэнэ. Тэр ч байтугай жендерийн асуудал дээр хүртэл анхаарч ажилладаг юм байна.

Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Ёланда Фернандез Ломмэн хэлэхдээ “Монголын Засгийн газар бол манай хэрэглэгч, Азийн Хөгжлийн Банк бол Монголын хамгийн том, олон талт хөгжлийн түнш байгууллага юм. Бид урт замыг хамтдаа туулсан“ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр хэрэглэгчээ хөөдөггүй, хэрэглэгчээ “хаан“ гэж үздэг ийм олон улсын том банк санхүүгийн байгууллагатай бид хөгжлийн тухай ярихад найдвартай, итгэлтэй санагдаж буй нь гарцаагүй. Гол нь Монгол Улсын иргэн бүр хариуцлагатай, хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй.

М.БАЯНБУЛАГ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын Холбооны Улсын Ерөнхий сайд Махатир Бин Мохамад баяр хүргэсэн захидал илгээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын Холбооны Улсын Парламентын сонгуульд эвслээ тэргүүлэн ялалт байгуулж, дахин улсынхаа Ерөнхий сайдаар сонгогдсон Махатир Бин Мохамад баяр хүргэсэн захидал илгээлээ.

Захидалд:

Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа,

Саяхан болсон Малайзын Холбооны Улсын Парламентын сонгуульд Таны тэргүүлсэн эвсэл ялалт байгуулж, Эрхэмсэг ноён Та Ерөнхий сайдаар дахин томилогдсонд чин сэтгэлээсээ баяр хүргэж мэндчилье.

Эрхэмсэг ноён Та өмнө нь Малайзын Холбооны Улсын Ерөнхий сайдаар 22 жил ажиллах хугацаандаа улс орноо эрчимтэй хөгжүүлэх үйл хэргийг манлайлан хошуучилж, Малайз Улсын нэр хүнд, байр суурийг бүс нутагтаа төдийгүй дэлхий даяар ихээхэн бэхжүүлсэн билээ.

Эрхэмсэг ноён Та 1997 онд Малайз Улсын Ерөнхий сайдын хувиар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байсныг дурсан санахад таатай байна. Монгол, Малайзын уламжлалт найрсаг харилцааг сэргээн идэвхжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх үйлсэд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Та санаачлагатай ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн ээж Ш.Алтантуяагийн амь насыг 2006 оны 10 дугаар сарын 18-нд Малайз Улсад хөнөөсөн онц ноцтой гэмт хэргийн явцад онцгой анхаарал хандуулдаг юм. Энэхүү гэмт хэргийн улмаас манай хоёр орны харилцаанд, тэр тусмаа ард иргэдийн хооронд таагүй уур амьсгал бий болоод байгаа бөгөөд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Та гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж, хоёр улсын харилцаанд үүссэн таагүй уур амьсгалыг илааршуулна гэдэгт найдаж байна.

Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

ХАЛТМААГИЙН БАТТУЛГА” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид харилцан туршлага солилцов

Баян-Өлгий, Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид харилцан туршлага солилцох, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор нөхөрсөг уулзалтыг Баян-Өлгий аймагт зохион байгууллаа.

Уулзалтаар Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын болон бие бүрэлдэхүүний өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага судалсан юм.

Энэ үеэр Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан, Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга нар цаашид хамтран ажиллах талаар харилцан ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Арга хэмжээний хүрээнд алба хаагчдын танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх, Казах үндэстний түүх, аймгийн онцлогийг харуулсан үзмэртэй танилцуулах зорилгоор аймгийн музейг үзүүлж сонирхуулахын зэрэгцээ гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулсан юм гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Аврагчид 110 удаагийн шүхрийн буулт хийлээ

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Сонгино хайрхан дүүрэгт байрлах Хүй долоо худагт зохион байгууллаа. Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилготой дадлага буултанд 20 орчим алба хаагч хамрагдсан юм.

Энэ удаагийн дадлага сургуулийг МИ-171 нисдэг тэргээр зохион байгуулж, аврагчид нийт 110 удаагийн шүхрийн буултыг хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Малчдын улсын зөвлөгөөнийг нээж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны Их танхимд болж буй “Мал аж ахуйн тогтвортой хөгжил-2018” Малчдын улсын зөвлөгөөнийг нээж үг хэллээ.

Зөвлөгөөнд мал аж ахуйн салбарт ажиллаж буй 150 гаруй эрдэмтэн, мэргэжилтнүүд, улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 700 гаруй малчин оролцож байна. Зөвлөгөөнөөр мал аж ахуйн салбарын суурь хуулиудыг хэрэгжүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Бэлчээрийн тухай хууль, бэлчээрийн төлбөр, төрөөс малчдын нийгэм, эрүүл мэнд, боловсролын талаар баримталж буй бодлого зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Малчдын улсын зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Эрхэм хүндэт малчид аа,

Зөвлөгөөний зочид, төлөөлөгчид өө.

Монгол Улсын сум бүрээс хүрэлцэн ирсэн малчид Та бүхний амрыг айлтгая. Мал сүрэг тарган тавтай, хүн зон энх дэлгэр сайхан зусаж байна уу?

Хөдөө аж ахуй, газар тариалан тэр дундаа мал аж ахуйг эдийн засгийн голлох салбар болгон хөгжүүлэх шаардлагатай гэж дээр, дооргүй ярьж байгаа энэ цаг үед Малчдын улсын зөвлөгөөн болж байгаа нь бодитой шийдэл, гарц гаргалгааг олоход ихээхэн ач холбогдолтой юм. Ийм ч учраас Малчдын улсын зөвлөгөөнийг нээж надаар үг хэлүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд, салбар хариуцсан сайд нь оролцож байгаа байх гэж бодож байна. Энэ зөвлөгөөнөөс шийдэл, гарц, салбарын хөгжилтэй холбоотой санал олон, олон гараасай гэж хүсэж байна.

Биелүүлдэг, хэрэгжүүлдэг бол мал аж ахуйг хөгжүүлэх талаар цөөнгүй бодлого хөтөлбөрийг УИХ, Засгийн газраас баталсан байдаг. 2009 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, 2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөр, мөн 2015 онд би Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа ТӨРӨӨС ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ боловсруулж УИХ-аар батлуулж байсан. Энэ бодлого 2016 оноос эхлэн хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн байх учиртай. Гэтэл амьдрал дээр ямар нэг хэрэгжилт, өөрчлөлт гарсан уу гэдгийг бид эргэн харах хэрэгтэй. Яг мал дээр байгаагийн хувьд та бүхэнд мэдэж, мэдрэгдэж байгаа өсөлт, ахиц юу байгааг ярилцаж, энэ талаар дорвитой, нухацтай хэлэлцэж, нэгэнт гаргасан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд хэн, юу саад болоод байгааг тогтоож, зам мөрөө шулуутгахгүй бол урсгалаараа, аясаараа хөгждөг салбар гэж байхгүй.

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар 2025 он хүртэл баримтлах бодлого”-д “уламжлалт өв соёлыг хадгалсан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлж, хүн ам олноор суурьшсан хот, суурин газрын орчмын болон тариалангийн бүс нутагт ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлнэ” гэж мал аж ахуйн салбарын хөгжлийн чиглэлийг маш тодорхой гаргаад өгчихсөн байгаа.

Тодорхой үр дүн гарсан эсэх тал дээр надад хэдэн тоо ирүүллээ. Тодорхой дурдвал:

  • 2017 оны байдлаар мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл ДНБ-ий 10.3 хувь, Хөдөө, аж ахуйн үйлдвэрлэлийн 84.2 хувийг эзэлж байна.
  • Малын тоо 2017 оны жилийн эцсийн дүнгээр 66.2 сая байгаа нь өмнөх оноос 7.6 хувиар өссөн.
  • 2016 оны дүнгээр 400 мянган тонн мах, 891,5 сая литр сүү, 38.6 мянган тонн ноос, ноолуур, мөн 14 сая ширхэг арьс шир үйлдвэрлэсэн байна.
  • Малын түүхий эдийн экспортоос 2017 онд 494,8 сая ам.доллар олсон нь өмнөх оноос 20 орчим хувь илүү байна.
  • Малын мах, махан бүтээгдэхүүний экспорт 2017 онд сүүлийн 5 жилийн дундажтай харьцуулахад 7 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм байна.

Энэ тоонуудыг харж байхад Засгийн газраас шалтгаалаад сайжирсан, өссөн зүйл огт алга. Зөнгөөрөө, урсгалаараа, малчдын хөдөлмөрөөр л явагдаж байгаа шинж тэмдэг маш тодорхой харагдаж байгаа юм. Хөдөө аж ахуй хариуцсан сайдаар ажиллаж байсан, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байсан хүний хувьд би энэ салбарыг муугүй мэддэг учраас эдгээрийг дурдаж байна. Асуудал, бэрхшээлийг ойлгохын зэрэгцээ шийдлийг ч харж байгаа.

Жишээ нь, жилд статистик баримтаар 14 сая орчим арьс, шир, арьс шир боловсруулах үйлдвэрийнхний надад хэлж буй тоогоор 10 сая арьс шир мал аж ахуйгаас гарч байгаа ч маш чамламаар бага хувийг бүрэн боловсруулж, ихэнх хувийг анхан шатны боловсруулалт хийгээд гаргаж байгаа. Арьс шир хайрцаг тамхины үнэд хүрэхгүй байна гээд халаглаж суусаар өдийг хүрч байна. Зөвхөн энэ 14 сая ширхэг арьс, ширийг боловсруулаад савхи болгоод гаргахад мал аж ахуйн экспортоос олох орлого 20 хувиар биш 200 хувиас ч илүү өснө гэсэн судалгаа бий.

Социализмын үед малын тоо толгой 26 саяас илүү гарч байгаагүй мөртлөө Азид томд тооцогдох арьс ширний үйлдвэртэй байсан юм. Гэтэл 66,2 сая малтай болчихсон, 70 сая руу ойртож байгаа үедээ арьс ширний үйлдвэрийн төлөө хуруугаа ч хөдөлгөж чадахгүй суусаар байна. Хэрвээ, эцсийн бүтээгдэхүүн гаргаж чадах юм бол мал аж ахуйгаас олж байгаа орлогоо 20 биш 200 хувь өсгөх юм. Энэ бол судалгаагаар гарсан тоо юм шүү. Өнөөдөр бид нийт арьс, ширнийхээ дөнгөж 5 хувь хүрэхгүйг бүтээгдэхүүн болгон гаргаж байна. Цаана нь үлдсэн 95 хувь нь түүхийгээрээ хилээр гарч байна. Энэ хэний бодлого, ямар бодлого юм бэ гэдгийг хаа, хаанаа бодох болсон гэдгийг энд сууж байгаа Монгол Улсын Ерөнхий сайдад анхааруулж хэлмээр байна.

Би хөдөө аж ахуйн салбарыг хариуцсан сайдаар ажиллаж байхдаа дэлхийд алдартай “Зара” брэндийн арьс, ширний бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийдэг баг бүрэлдэхүүнтэй хамтраад арьс, шир боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г гаргуулсан. Тодорхой түвшинд ярилцаж, хэлэлцээд Монголын 8-10 сая ширхэг арьсыг боловсруулаад, тэдний бүтээгдэхүүн болгож дэлхий даяар борлуулах ТЭЗҮ боловсруулсан юм. Гэвч, газар олголт гэх мэт жижиг сажиг асуудал дээр одоог хүртэл гацчихаад байгаа юм. Өчигдөр бид салбарын сайдтай нь арьс, шир боловсруулах хэд, хэдэн үйлдвэрээр орсон. Өнөөгийн түвшин, дэлхийн түвшин хоёрын харьцаа асар холдсон байна. Арьс, шир боловсруулж байгаа хүмүүс бор зүрхээрээ л явж байна. Тэдэнд зориулсан бодлого, тэдэнд зориулсан зээл гэж алга. Салбарын сайд нь хамт явсан учраас дорвитой алхмуудыг бодож олох хэрэгтэй байна. Өмнө нь хийсэн зүйлсийг судлаад Засгийн газартаа танилцуулаад, Ерөнхий сайддаа урам өгч, бодлогоо хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.

Мөн өнөөдрийн байдлаар Бог малыг 100-150 мянган төгрөгөөр үнэлж, худалдаж, худалдан авч байна. Би энэ тоог Засгийн газарт суугаа Сангийн сайдыг сонсоосой гэж бодож байна. Өнөөдрийн Сангийн сайд малыг дандаа амьдын жингээр нь буюу бүхэл аргаар тооцож байна. Малыг амьдын жингээр нь зарах шиг амархан зүйл байхгүй. Хэрвээ махыг нь ангилж, ялгаад, арьсыг нь болон дайвар бүтээгдэхүүнийг нь боловсруулаад худалдвал дор хаяж, 500-600 мянга, эцсийн бүтээгдэхүүн болгож чадвал сая гаруй төгрөг болно. Ийм энгийн эдийн засгийг тооцоолж чаддаг Сангийн сайдтай болмоор байгаа юм. Үүнийг энд сууж байгаа малчид бүгд мэдэж байгаа байх.

Эндээс юу харагдаж байна гэхээр бэлэн байгаа бололцоогоо огт ашиглахгүй, олох орлогоо бусдад алдаж байна л гэсэн үг. Үр дүн багатай аж ахуй эрхэлж байна. Бид бэлэнчилж, амарчлаад амьдын жингээр нь зарах тусмаа алдана. Бүтээгдэхүүндээ өртөг шингээж, хөлс гаргаж боловсруулах тусмаа л хожно гэсэн энгийн үнэн энд бий. Ашиг багатай байгаагаас хөдөө хүмүүст ажлын байр алга болж байна. Ажил байхгүйгээс хот руу шилжиж байна. Хүн хүч багатайгаас олох ёстой орлогоо бүрэн олж чадахгүйд хүрч байна. Энэ бүхнийг төрөөс бодлого, зохицуулалттайгаар цогцоор нь төлөвлөж, зохион байгуулж, жигдрүүлж өгөхөөс өөр арга байхгүй. Малчид үүнийг өөрсдийнхөө хүчээр хийж дөнгөхгүй гэдэг нь маш тодорхой. Аливаа бодлогын үндэс нь нийлүүлэлт, орлого, хэрэгцээ гэсэн эргэлтийг урт хугацаанд тогтвортой, өгөөжтэй байлгахад орших ёстой. Мал аж ахуйг хөгжүүлнэ гэхээр малчдынхаа хэрэгцээ шаардлага, амьдрал ахуйг орхигдуулбал бодлого өрөөсгөл болно. Малчдынхаа амьдралын ая тух, хэрэгцээг зохистой хангахын тулд тэднийг хоршооллох, нэгдэх боломжоор хангахаас өөр гарц харагдахгүй байна. Хоршооллож чадвал хөдөлмөрийн хуваарь үүсэж, бүтээмж дээшилнэ. Малчдын хоршоог албан журмын нэгдэл маягийн хоршооллоор төсөөлөх хэрэггүй. Сайн дурын үндсэн дээр, тодорхой гэрээ, дүрэмтэйгээр хоршиж, бүтээгдэхүүнээ хөдөө аж ахуйн биржээр борлуулах, үйлдвэрлэгчидтэйгээ биржээр дамжуулан холбогдох нь орлогыг тогтворжуулах, зах зээлийн бодит үнээр бүтээгдэхүүнээ борлуулах зэрэг нөхцлийг бий болгох юм. Орлого тогтворжихоор түүгээр нь барьцаалаад орон сууцжуулах, зээлжүүлэх нөхцөл үүснэ. Ийм маягаар Шинэ сум төслийг хэрэгжүүлж хөдөөд ажилтай, орлоготой амьдрах нөхцөлийг бий болгосноор хот руу чиглэх нүүдэл саарна. Түүнээс биш хүчээр хориглоод, тушаал журам гаргаад ямар ч үр дүн байхгүй. Жишээ нь, Улаанбаатар хотод шилжин суурьшихыг хориглосон шийдвэр гарснаас хойш 14 мянган өрх шилжиж ирсэн байна.

Малчдын амьжиргааг дээшлүүлэх, тогтмол орлоготой болгох, сум, орон нутагтаа эрүүл аюулгүй, тохь тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэхийн төлөө энэ салбарын сайд байхдаа, УИХ-ын гишүүнээр хөдөө орон нутгаас сонгогдон ажиллаж байхдаа ч ихээхэн анхаарч зарим ажлуудыг эхлүүлсэн. Одоо бүгд гацсан, царцсан байдалтай байна. Шалтгаан нь маш энгийн. Х.Баттулгын санаачилсан ажлыг үргэлжлүүлбэл түүний л нэр хүнд өсөхөөс сум орны удирдлагад ашиггүй юм гэсэн маш энгийн тайлбарыг хөдөө, орон нутагт ярьж байна. Ийм атгаг бодлоо таягдан хаяхгүйгээр улс орон яаж хөгжих, урагшлах юм бэ? Асуудлын төвд юуны өмнө хүнийг, иргэдээ тавьж сурах хэрэгтэй. Иргэдийн амьдрал, амьжиргаа сайн байвал тэр л бодитой нэр хүнд шүү гэдгийг энэ индэр дээрээс хэлэх гэсэн юм.

2010 онд УИХ-аар алслагдсан 100 сумыг шинэчлэх тодорхой тогтоол шийдвэр батлагдсан. Харамсалтай нь, хоёрхон сумыг шинэчилж, цаана нь 98 сум үлдсэн. Өнөөдөр сумд 80, 90, 100 жилийнхээ ойг тэмдэглэдэг. Улс, төрөөс алслагдсан сумдаа шинэчлэх шийдвэр гарсан боловч шийдэгдсэнгүй. Төрийн бодлогоор сумд нь малчдад, та бүхэнд үйлчлэх ёстой. Малчид энэ улсыг эзэнтэй болгож байгаа төлөөлөл юм. Энэ хүмүүсийг бид алслагдсан гэдгээр нь ад үзэх биш, алслагдсан гэдгээр нь төрийн бодлогыг түрүүлж хүргэх ёстой. Тиймээс энэ асуудлыг зөвлөгөөн дээр хөндөж яриарай гэж та бүхнээс хүсмээр байна.

Миний зүгээс хөдөө аж ахуйг анхаарлаасаа гаргаагүй. Бодлого дутагдсан маш том салбар юм. Энэ салбар өндийж байж уул уурхайгаас илүү хөдөө аж ахуйн салбар илүү олон хүний амьдралд хэрэгтэй гэдгийг ойлгодог болох ёстой. Та бүхэн ч мөн сонгогдсон гишүүддээ асуудал дэвшүүлээрэй.

Монголын ноос ноолуур болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-руу гаалийн татваргүй оруулж байсан 1990-ээд оны сайн туршлагыг сэргээх талаар санал тавьж, хөөцөлдөж байна. Мөн Бэлчээрийг усалгаатай болгох, говийг усжуулах санал, төслүүдэд санхүүжилт босгохоор сонирхогч талуудтай хэлэлцсээр байна. Гэх мэт малчдадаа нэмэр тус болохоор зүйлс хийхээр чармайж байна. Малчид та бүхэн эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх, ажил болгох Засгийн газрын тал дээр доороос нь шахаж, шаардаж өгөөрэй гэж хүсье. Аливаа төсөл, ажил хэрэг оролцогч бүх талын идэвх, санаачилгаар л урагшлахаас бус дан ганц төр, засагт найдвал юу ч бүтэхгүй. Тал талаасаа л санаж, сарвайж бодитой ажил хийж байж л малын ашиг шимээс олох орлого эрс өснө гэдгийг та бүхэн юу эсэх андах билээ.

Өнөөдөр Евразийн нутаг дээр байрлаж буй Монгол Улс дэлхийн хамгийн их цөлжсөн орон болж байгаа. Сүүлийн 20-30 жилд цөлжилт асар хурдтай монгол орныг нөмөрч байна. Та бүхэн санал нэг байгаа байх. Өнөөдөр бид Хэрлэн, Орхон зэрэг голоос цөөрөм үүсгэж говь руу ус татах зэрэг асуудлыг хэлэлцээд олон жил болж байна. Долоо хоногийн өмнө салбарын сайдтай нь уулзаад маш энгийн шийдлүүдийг олсон. Цөлжиж байгаа говио усжуулах, бэлчээржүүлэх ажлаа бодохгүй бол мал дагасан малчид, дэлхийн хамгийн сүүлийн нүүдэлчин улс маань малгүй, малчингүй болох нь. Үүнээс илүү аюул бий юу. Малынхаа бэлчээр дээр төр нь бодлого гаргаж энэ асуудлыг дэмжээсэй гэж хүсье. Монгол Улсын Ерөнхий сайдаас эдгээр асуудлыг дэмжээсэй гэж мөн хүсье.

Харин малчид Та бүхэнд аминчлан хүсэх зүйл бол бэлчээрийн доройтлоос урьдчилан сэргийлж, малын тоонд бус чанарт, үр өгөөжтэй, үүлдэр угсаа сайтай мал үржүүлж өсгөхийн чухлыг ойлгож, ажил амьдралдаа хэрэгжүүлэх талаар энэ зөвлөгөөн дээр сайн ярилцаарай. Бэлчээрийн доройтол бол яалт ч үгүй шийдэл хүлээж байгаа тулгамдсан асуудал мөн шүү гэдгийг дахин дахин хэлмээр байна.

Ингээд Мал аж ахуйн тогтвортой хөгжил сэдэвт малчдын улсын зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсэж, та бүхнийг санал бодлоо уралдуулан салбарынхаа хөгжилд дорвитой өөрчлөлт авч ирэх шийдлүүд гаргаасай хэмээн хүсье.

Та бүхний үйлс бүтээл арвижин дэлгэрч, өлзий хутаг бат орших болтугай.

Мөнх тэнгэр биднийг ивээг.

Баярлалаа Та бүхэнд” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Автомашин ачилтын үйлчилгээг шалгажээ

Тээврийн прокурорын газраас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Замын цагдаагийн алба, дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтэстэй хамтран тусгай зориулалтын ачиж зөөвөрлөх автомашин, тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны үйл ажиллагааг удирдамжийн дагуу шалгасан байна.

Нийслэл хотод автозамын түгжрэлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэд холбогдох хууль, тогтоомжийн заалтыг чанд сахих зориллгоор тээврийн хэрэгсэл түр зогсохыг хориглосон газраас тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэн, түр саатуулж байна.

Дээрх үйл ажиллагааны талаар иргэдээс санал, шүүмжлэл багагүй гаргаж байгааг үндэслэн тухайн ажиллагаа хүний өмчлөх эрхийг зөрчиж байгаа эсэх, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байгаа эсэх, зөөж шилжүүлж байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг холбогдох хууль тогтоомжуудыг удирдлага болгон шалгахдаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Авто замын хөгжлийн газартай гэрээ байгуулсан, зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа эрхэлдэг 15 аж ахуйн нэгжийн ачигч, чирэгч зориулалтын 49 тээврийн хэрэгслийг хамруулжээ.

Шалгалтаар дээрх аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгсэл бүрд үзлэг хийн, техникийн бүрэн бүтэн байдал, гадна өнгө үзэмж, нэмэгдэл тоног төхөөрөмж, гэрэлтүүлэх хэрэгслийн хэвийн ажиллагаа, дагалдах хэрэгслийн иж бүрдэл, жолооч, техникийн ажилтнуудын бичиг баримт, тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хөтлөгдөж байгаа бүртгэл судалгаа, зөөж шилжүүлсэн тээврийн хэрэгслийг тухай бүр нэгдсэн бүртгэлийн 1800-1200 утсанд мэдээлэл өгч байгаа эсэх зэргийг үзэхэд дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ. Тухайлбал:

Дээрх үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын тээврийн хэрэгслүүдээс хамгаалалтын бүсгүй 9, утаатай 11, дугуйны хээ, боолт дутуу 3, эмийн сангийн иж бүрдэл дутуу 19, стандарт дуут дохиогүй 17, их гэрэл ажиллахгүй 5, оврын болон хажуугийн гэрэлгүй 5, хаалга гэмтэлтэй 4, өргүүрээс тос алдсан 6, урд болон хойд камер ажиллахгүй 4, замын болон шалгах механикийн тэмдэглэлгүй 2, лого нь стандарт бус 7, ажлын байрны галын дүгнэлтийн хугацаа дууссан 2, байгууллага даатгалд хамрагдаагүй 3, нөөц дугуй өргүүргүй 2, галын хоргүй 1, шалгах механикийн шалгасан замын хуудасгүй 5, тээврийн хэрэгслийн даатгалын хугацаа дууссан 2 зэрэг олон тооны зөрчил илэрсэн байна.

Түүнчлэн шалгалтын явцад аж ахуйн нэгжүүд зөөж шилжүүлсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтөлж, хяналт тавих зориуллалттай www.its-aja.com бүртгэлийн программ, 1800-1200 дугаарын утсанд мэдээлэл өгөхгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчил тогтоогдсон ба энэ нь иргэдийг чирэгдүүлсэн үйл ажиллагаа болж байна.

Дүүргүүдийн Замын цагдаагийн тасгуудаас өөрсдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлагаар ханган ажиллаж, ажилтан алба хаагчдад хууль тогтоомжийн талаар сургалтуудыг зохих хэмжээгээр зохион байгуулсан боловч гэрээ байгуулсан тал болон тус аж ахуйн нэгжийн удирдлагаас өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих ажил хангалтгүй байна гэж дүгнэжээ.

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үйл ажиллагааг зөвхөн цагдаагийн алба хаагчийн шийдвэрээр явуулах ёстой байтал цагдаа ажилладаггүй газраас цагдаагийн алба хаагчийн шийдвэргүйгээр ачиж явах, тэдгээрийн гарын үсгийг нөхөж зуруулах, тээврийн хэрэгслийг үзэж шалгасан тэмдэглэлд гарын үсэг зурдаггүй, зарим тохиолдолд бичилт хийгдээгүй тэмдэглэл дээр алба хаагчид урьдчилан гарын үсгээ зурж өгөх зэргээр батлагдсан хууль, тогтоомжийг зөрчсөн зөрчил цөөнгүй илэрсэн ба эдгээр нь иргэд, байгууллага, олон нийтийг чирэгдүүлж, гомдол, санал шүүмжлэл гарахад хүргэж байна.

Мөн аж ахуйн нэгжүүдийн хувьд өөрийн талбай байхгүй бүгд түрээсийн талбайтай байх ба Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 33/35 тоот тогтоолоор батлагдсан ,“Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж, шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах болон эдгээр үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай” журамд 2000 м/кв-аас доошгүй байхаар заасан боловч хэрэгжээгүй, нэг талбайд аж ахуйн нэгж, газрууд хамтран үйл ажиллагаа явуулж байна.

Иймд шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, давтан гаргуулахгүй байх чиглэлээр удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авахуулахаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, “Авто хүч” ХХК, “Бат зэв” ХХК, “Сидней Констракшн” ХХКомпаниудад Прокурорын мэдэгдэл хүргүүлж, хуульд заасан хугацаанд хариу ирүүлэхийг даалгасан талаар Тээврийн прокурорын газраас мэдээллээ.