Categories
мэдээ нийгэм

Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэций гишүүнийг томилох асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс гурав гурваар нь нэр дэвшүүлдэг. УИХ-аас нэр дэвшүүлэн томилуулсан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дууссан. Түүний оронд УИХ-аас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг нэр дэвшүүлээд байгаа юм. Түүнийг Цэцийн гишүүнээр томилохыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжлээ. Мөн Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн Цэцийн гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан.

Ерөнхийлөгч Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддорж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү, Ардын их хурлын депутат асан Б.Буяндэлгэр нарыг Цэцийн гишүүнээр нэр дэвшүүлээд байгаа юм. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу эдгээр нэр дэвшигчийг хамтад нь Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм байна. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр давхар ажиллаж байсан Ш.Солонгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ.

Categories
мэдээ спорт

Аргентин үндэсний шигшээ багаа зарлалаа

Аргентины шигшээ багийн Хорхе Сампаоли тэргүүтэй дасгалжуулагчдын штабаас ОХУ-д зохион байгуулагдах 2018 оны ДАШТ-нд шигшээ багтаа тоглох тоглогчдыг албан ёсоор зарлалаа.

Тэдгээр 23 тоглогчид:

Хаалгач: Кабальеро (Челси), Серхио Ромеро (Манчестер Юнайтед), Франко Армани ((«Ривер Плейт»);

Хамгаалагчид: Габриель Меркадо («Севилья»), Хавьер Maшерана ( “Хэбэй Чайна Форчун”), Николас Отаменди ( “Манчестер Сити”), Федерико Фасио ( “Рома”), Маркос Рохо ( “Манчестер Юнайтед”), Николас Тальяфико ( “Aякс”), Маркос Акуна (” Спортинг “), Кристиан Ансальди (“Торино”).

Хагас хамгаалагчид: Эвер Банега ( “Севилья”), Лукас Билья ( “Mилан”), Эдуардо Сальвио ( “Бенфика”), Кристиан Павон ( “Бока Хуниорс”), Максимилиан Меса ( “Индепендьенте”) Анхель Ди Мария, Джованни Ло Чельсо (хоёулаа “ПСЖ”), Мануэль Лансини (“Вест Хэм”).

Довтлогчид: Лионель Месси ( “Барселона”), Пауло Дибала ( “Ювентус”), Серхио Агуэро ( “Манчестер Сити”), Гонсало Игуайн ( “Ювентус”).

Тэмцээний хэсгийн шатанд Аргентин улсын шигшээ баг Исланд, Хорват, Нигертэй тоглох юм.

Паредес 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Аргентин шигшээ багт тоглохгүй гэж мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бээжин хотын туршлагыг судална

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга ноён Ли Вэйн урилгаар НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчид тавдугаар сарын 14-16-ны өдрүүдэд Бээжин хотод ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын эхний өдрийн өглөө Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга ноён Ли Вэй, Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны орлогч дарга ноён Жан Чанг, Бээжин хотын Байгаль хамгаалах газрын дарга хатагтай Ли Чжао Хуа нарын албаны хүмүүс НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга ноён Ли Вэй НИТХ-ын дарга С.Амарсайханд хандаж өөрийн урилгыг нь хүлээн авч, Бээжин хотод хүрэлцэн ирсэнд талархснаа илэрхийлэн, Бээжин хотод тавтай зочлохыг уриад хоёр хотын найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд та бүхний энэ удаагийн айлчлал чухал үүрэг гүйцэтгэх болно гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Ноён Ли Вэй хэлсэн үгэндээ “БНХАУ-ын төр засгийн газраас баримталж буй “Нэг бүс-Нэг зам” санаачлага болон Монгол улсын засгийн газрын “Хөгжлийн зам” бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд та бид хамтран ажиллах нь чухал юм. Энэ хүрээнд хоёр хотын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байна. Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хороо болон НИТХ нь өөр өөрийн хотуудын бодлогыг тодорхойлох, хотын хөгжлийн эрх зүйн гол баримт бичгүүдийг гаргадаг гэдгээрээ адил төстэй байгууллагууд юм. АТИХБХ нь 686 хурлын төлөөлөгчтэй, 57 тэргүүлэгчтэй, 2-3 сар тутамд тэргүүлэгчдийн хурал хуралддаг, чуулган нь жилдээ 1-2 хуралддаг.

Энэ удаагийн айлчлалаар та бүхэн манай хотын үйлдвэрлэл үйлчилгээ, санхүү эдийн засаг, хурдацтай хөгжиж байгаа дүүргүүд болон Бээжин хотын худалдаа эдийн засгийн чөлөөт бүс, байгаль орчин хамгааллын газар болон тээврийн зохицуулалтын хорооны үйл ажиллагааг судлан танилцах хүсэлтээ илэрхийлснийг би хувьдаа сонсоод эдгээр чиглэлд Улаанбаатар хот ихээхэн анхаарч ажиллаж байгаа гэж ойлголоо. Эдгээр чиглэлд Бээжин хотын АТИХБХ бодлогын олон зохицуулалт хийж, цөөнгүй баримт бичгүүдийг батлан гаргасан. Хүн ам төвлөрсөн их хотыг дагалдан бий болдог агаарын бохирдол, усны хэрэглээний зохицуулалт, хог хаягдалын менежментийн талаар бидний хуримтлуулсан туршлага багагүй бий.

Дэд бүтцийн хөгжлийн хүрээнд хоёр хот харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэхийг бид чухалчилж байна. Бээжин-Улаанбаатар хоёр хот нь хөрш зэргэлдээх хоёр улс орны нийслэлийн хувьд эдийн засаг, нийгэм, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт нягт хамтран ажиллах боломж дүүрэн байна гэж үзэж байна.

Дэд бүтэц, техник технологи, инженер байгууламжийн чиглэлээр манай хот тодорхой амжилтуудыг гарганажиллаж байна. Энэ чиглэлийн туршлагаас та бүхэнтэй хуваалцахдаа бид баяртай байх болно.

Бээжин хот бол 21 сая хүн амтай их хот. Иймээс томоохон хотуудад тулгардаг бэрхшээл хүндрэлүүд Бээжин хотод ч мөн тулгарч байна. Эдгээрээс хамгийн хүндрэлтэй асуудал бол авто замын түгжрэл болон агаарын бохирдлын асуудал юм.

Бидний зүгээс авто замын түгжрэлийг бууруулах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээ, туршлагаасаа та бүхэн хуваалцахад бэлэн байна.

Дараагийн нэг асуудал бол хоёр хотын хувьд соёл хүмүүнлэгийн солилцооны үйл ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын ард түмний соёл уламжлалыг харилцан таниулах зэрэг ажил юм.

Хятадын ард түмний дунд “Холын хамаатнаас ойрын хөрш илүү дээр” гэдэг зүйл үг бий. Хоёр улсын газарзүйн ойр байршил нь эдийн засгийн харилцан хамтын ажиллагааг харилцан үр ашигтай хөгжүүлэх давуу тал юм” гэв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга ноён Ли Вэй болон албаны бусад хүмүүст хандан “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ИТХ-ын дарга, төлөөлөгчдийг найрсаг дотноор угтан авч буйд талархснаа илэрхийлээд “Энэ удаагийн айлчлалд НИТХ-ын зүгээс оролцож байгаа нь хоёр орны Засгийн газрын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөн хүрээнд харилцан үр ашигтай хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл гэж та бүхэн ойлгож болно.

Уул усаар холбогдсон хоёр улсын хувьд харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэхийг бид зорьж байна. Эдийн засаг, эрүүл мэнд, соёл, боловсрол, нийгэм хүмүүнлэгийн бүхий л салбараар идэвхтэй хамтын ажиллагаа өрнөж байгаа нь хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлж, улам хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд оршин суугчдын тоо нэмэгдэж, хот хурдацтай хөшжиж байгаатай зэрэгцэн авто замын түгжрэл, агаар орчны бохирдол улам нэмэгдэж байна. Энэ удаагийн айлчлаар бид Бээжин хот авто замын ачаалал, агаарын бохирдлыг бууруулсан туршлагаас судлахаас гадна хотын эдийн засгийн чадавхийн үндсэн сууь нь болсон Санхүү эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцах боломж олгосон та бүхэнд талархал илэрхийлье.

Бээжин-Улаанбаатар хот 2014 онд ах дүүгийн найрсаг харилцаатай хот болсон. Бидний хувьд хоёр хотын хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, тэр хүрээнд харилцан хамтын ажиллагааг шинэ шатанд өрнүүлэх зорилгоор өнөөдрийн айлчлалыг хийж байна.

Миний бие НИТХ-ын даргын ажлаас гадна Улаанбаатар хотын ГХУСАЗЗ-ийн даргын ажлыг давхар хашдаг. Энэ хүрээнд Бээжин хотын Нийгмийг аюулаас хамгаалах байгууллага, тэр дундаа Бээжин хотын авто зам, олон нйитийн аюулгүй байдлын нэгдсэн удирдлага хяналтын төв болон Бээжин хотын ухаалаг хотын шийдлүүдтэй үйл танилцах сонирхолтой байна ” гэв.

Үүний дараагаар НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчид Бээжин хотын Нийгмийг аюулаас хамгаалах газрын Хяналтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус газрын удирдлагуудтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Бээжин хотын Нийгмийг аюулаас хамгаалах газрын дарга хариулахдаа “Засгийн газар болон Бээжин хотын захиргаа, аж ахуйн нэгжүүдийн зүгээс камержуулалтын үйл ажиллагаааг дэмжиж өгдөг. Бид 2021 он гэхэд Бээжин хотын бүх байршлыг 100 хувь хяналтын төвд системд холбох ажлыг хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна. Ингэж чадвал камерийн системээр дамжуулан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох боломж бүрдэнэ гэж харж байгаа. Одоогийн байдлаар Бээжин хотын хэмжээнд 60 мянган ширхэг камер 95 доошгүй хувьтайгаар хэвийн ажиллаж байна. Камержуулалтын систем нэвтэрснээр гэмт хэргийг гаралт 30 хувиар буурсан.

Камеруудыг 100 хувь дотоодод үйлдвэрлэсэн камер ашигладаг учраас эвдэрч гэмтсэн, тоос шороо болж үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд тухайн камерийг үйлдвэрлэж суурилуулсан компаниудтай гэрээтэй ажиллуулж, камеруудын хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг. Хэрвээ хүсвэл аж ахуйн нэгжүүд манай хяналтын систэмтэй хамтарч өөрсдийн байгууллагын үйл ажиллагаагаа хянах боломж нээлттэй байдаг ” гэдгийг хэллээ.

НИТХ-ын төлөөлөгчид ийнхүү Бээжин хотын Нийгмийг аюулаас хамгаалах сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.

БЭЭЖИН ХОТОД НҮҮРСНИЙ УТААНЫ АГААРЫН БОХИРДОЛД ҮЗҮҮЛЭХ ХУВЬ 3 ХУВЬД ХҮРСЭН

НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчид айлчлалын хоёрдох өдрөө Бээжин хотын байгаль хамгаалах газраар зочиллоо. Тус газрын дарга хатагтай Ли Чжао Хуа зочдыг хүлээн авч Бээжин хот агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээний тухай мэдээллийг танилцууллаа.

“Бээжин хотын агаарын бохирдлыг бууруулах асуудал нь үндэсний хэмжээнд өрнөсөн бөгөөд БНХАУ-ын төрийн бодлого, Засгийн газар, Хотын хэмжээнд гэсэн шатлалтайгаар хэрэгжсэн. Зөвхөн агаарын бохирдол гэхгүй, ус, хөрсний бохирдол гэх зэрэг байгаль орчиныг хамгаалах чиглэлд шат дараатай арга хэмжээ явуулж ирсэн. Бээжин хот 20 жилийн өмнөөс буюу 1998 оноос эхлэн агаарын бохирдлын асуудалтай бодлого төлөвлөлт гаргаж тэмцэж эхэлсэн. Бид “Цэнхэр тэнгэрээ хамгаалья” уриатайгаар агаарын бохирдлын эсрэг тэмцэлээ илэрхийлдэг. 2017 оны эхэнд Бээжин хотын агаарын бохирдол дэх нарийн тоосжилтын хэмжээг 73 хувь байсан бол бид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зорилтот бодлого хэрэгжүүлсний үр дүнд мөн оны эцсээр агаар дах нарийн тоосжилтын хэмжээг 58 хувь болгож бууруулж чадсан. Дээрх үзүүлэлтүүдийг илүү доош бууруулах зорилт тавин ажиллаж байна.

20 жилийн хугацааны эхний жилүүдэд агаарт байх хорт бодисын ихэнх нь нүүрснээс үүдэлтэй байсан бол сүүлийн жилүүдэд энэ байдал өөрчлөгдсөн. Одоогийн байдлаар нүүрний утаанаас үүдэлтэй агаарын бохирдол 3%-д хүрсэн байна. Бээжинд нүүрсний хэрэглээ эрс багассан. Өдгөө зөвхөн захын хорооллын зарим айл өрхүүд зөвшөөрөгдсөн бага хэмжээгээр нүүрс түлдэг” гэдгийг онцоллоо.

ЦАХИЛГААН АВТОМАШИН ХУДАЛДАН АВСАН ИРГЭДЭД ТӨРӨӨС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГ

Зочид төлөөлөгчид үүний дараагаар Бээжин хотын Зам, тээврийн хорооны удирдлагатай уулзаж, замын хөдөлгөөний хяналтын удирдлагын танхимтай танилцав. Тус хороо нь Бээжин хотын доторхи Зам харилцааг зохицуулах гол үүрэгтэй байгууллага бөгөөд Цагдаагийн байгууллага, хууль эрх зүйн хороотой хамтарч ажилладаг. Замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авто замын нэвтрэх чадварыг сайжруулах, автомашины дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зэрэг арга хэлбэрийг хэрэгжүүлж ирсэн. Мөн мөнгөтэй иргэн бүр автомашин худалдан авдаг явдлыг хориглож, төрийн бодлогоор жилд худалдах автомашины тоог 100 мянга байхаар тогтоож, үүнийгээ иргэдэд хүргэхдээ сугалааны аргаар шийдсэн байна. Эдгээр машины 70 хувь нь эко цахилгаан машин байхаар шийдэж, эко автомашин авсан иргэдэд төрөөс дэмжлэг үзүүлдэг. Замын хөдөлгөөний зохицуулалтыг судлах асуудалд мэргэжлийн судлаачдыг татан оролцуулж, тэдний хийсэн судалгаанд үндэслэн бодлого гаргадаг. Хөдөө орон нутгийн автомашиныг Бээжин хотод зорчихыг хориглосон гэх мэтийн механик аргыг хэрэглэж байгаа бол Замыг өргөтгөх, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор шинээр гүүрэн болон зам барих ажлыг байнга хэрэгжүүлж ирсэн байна.

Эдгээр аргуудаас гадна бүтээн байгуулалтын ажлыг орон нутагт чиглүүлэх, хотруу чиглэх иргэдийн хөдөлгөөнийг сааруулах, замын хөдөлгөөний дүрэм журмыг мөрдүүлэх, иргэдийн хөдөлгөөнд оролцох соёлыг дээшлүүлэх, дүрэм зөрчсөн тохиолдолд эдийн засгийн арга болох торгууль шийтгэл оногдуулах зэргээр ажиллаж байгаа гэдгийг дурьдлаа. Бээжин хотын иргэд зай нь 1 км-ийн радиустай зайд очих бол явганаар алхах, 3 км хүртэл зайд бол унадаг дугуй унах, 5 км радиусын зайд нийтийн тээвэр /автобус, метро, такси/ хэрэглэх, 15 км зайд автобус ашиглах, 30 км радиустай зайд зорчих бол метро, галт хэрэг, 50 км-ын хол зайд метро, жижиг автомашин, 100 км-ын радиуст хот хоорондын тээвэр, 300 км-аас хол зайд хурдны галт тэрэг, хот хоорондын төмөр замын вагон тус тус ашиглах дадал зуршлыг сурталчилан таниулж, 2020 оноос хэвшил болгохоор зорьж байгааг уламжиллаа.

БЭЭЖИН ХОТЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДҮҮРГЭЭР ЗОЧЛОВ

Айлчлалын төгсгөлд НИТХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид Бээжин хотын Шүнь-И дүүрэгт байрлах телевиз, суваг дамжуулах тоног төхөөрөмжийн үйлдвэрээр зочилж, үйлдвэрлэлтийн үйл ажиллагаатай нь танилцан, дараагаар нь Бээжин – Танжу чөлөөт худалдааны бүсээр зочилж, чөлөөт бүсийн хөгжлийн түүх, үйл ажиллагааны талаарх мэдээллийг тус төвийн даргын талбартайгаар сонслоо.

Төгсгөлд нь Бээжин хотын үйлдвэрлэл технологийн дүүрэг болох Шүнь-И дүүргийн дарга, хатагтай Че Хэ Чжин Зочдын хүлээн авч дүүргийнхээ танилцуулгыг хүргэлээ.

Ийнхүү НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчдийн Бээжин хотод хийсэн анхны айлчлал амжилттай өндөрлөж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийслэл хотод тулгараад байгаа авто замын түгжрэлийг багасгах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд тодорхой арга туршлагыг судалсан, хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлсэн, Улаанбаатар чөлөөт бүс байгуулахад тулгамдаж байсан асуудлын шийдлийг олж харсан, ганзага дүүрэн олзтой албан томилолт боллоо.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Монголд номтой цэцэн нь олон болж, зоригтой хийдэг нь цөөн болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Монголын эдийн засгийн форум-2018”-д оролцож, Үндсэн чуулганы хоёр дахь өдрийн хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Сайн байцгаана уу.

Чуулганы зочид, оролцогчид оо.

Монголын эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Хөгжлийн төлөө хүчээ нэгтгэхийн тулд бидэнд нухацтай бодох зүйл нэлээн их байна. Бодит үнэн, сонсоход бэрх гашуун үнэнийг энд ярихаас аргагүй цаг мөч тулгарч байна.

Монголчууд бидний хөгжлийн талаар элдвийг төсөөлөн цэцэрхэх, өөр хоорондоо шөргөөлцөлдөн мөчөөрхөх, шүүмжлэн цэцэрхэх болон янз бүрийн гоё нэртэй, дэврүүн төсөл санаачлах зэргээс үл хамаараад Монголын эдийн засагт бодитоор нөлөөлж, эрх ашгаа тулгаж, гацааж бас урагшлуулж байдаг хүчин зүйл бол Их гүрнүүдийн геополитик, гео эдийн засгийн хандлага, хүчний хуваарилалт, таталцал, түлхэлцэл юм.

Олон улсын санхүү, бизнесийн тэргүүлэх сонин “Файнэншл таймс”-д судлаач, нийтлэлч Люси Хорнби (Lucy Hornby) Монголын эдийн засгийн талаар бичихдээ: “Уг нь Монголын уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтын хуулиуд нь дэлхий дээр хамгийн либерал, чөлөөт гэж болохоор юм” гэжээ. Хатагтай Хорнби Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын орчинг дэлхий дээр хамгийн либерал гэж үнэлэхээс гадна Монголын Засгийн газрууд томоохон гэрээ хэлэлцээрүүд хийх бүртээ эрдэс баялгийн хуулиа хөрөнгө оруулагчдын таалалд нийцүүлэн өөрчилж, улам либерал хэлбэртэй болгохоос буцдаггүй хэмээн дүгнэжээ.

Ийм байтал өдий болтол дорвитой хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаагийн шалтгааныг нэгд, засаглалын тогтворгүй байдал, шийдвэргүй байдлаас, хоёрт, их гүрнүүдийн геополитикоос хайх учиртайг судлаачид нэгэн дуугаар хэлж байна.

Хөрөнгө оруулалтын хамгийн “таатай” аядуу хуультай гэгдсэн Монгол Улс маань гадаадын Хөрөнгө оруулалтад ээлтэй 80 улсын жагсаалтад багтаагүй байгаа юм. Энэ жагсаалтад урд хөрш маань 50-д, хойд хөрш 60-д эрэмблэгджээ. Бидэнтэй ижил гараанаас хөдөлсөн гэж болохоор Вьетнам 59, Казахстан 64-т эрэмблэгдсэн байна. Үүгээр юуг хэлэх гээд байна гэхээр монголчууд хөрөнгө оруулалтын хуулиа яаж ч зөөлрүүллээ гээд их гүрнүүдийн геополитикт нийцсэн бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй л бол наашаа том хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Харьцуулахад 2017 оны байдлаар БНХАУ-ын зүгээс Казахстанд 42,8 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт, 50 тэрбум долларын зээл олгожээ. Хөрөнгө оруулалтын нэн таатай хуультайгаараа болдог бол Монголд үүнээс дутахааргүй л хөрөнгө оруулалт хийгдсэн байх учиртай.

Энэ бүхнийг цаг гарган нуршихын учир нь бүс нутгийн интеграцид нэгдэн орох замаар хөрш гүрнүүдтэйгээ ашиг сонирхлоо нэгтгэхгүйгээр Монголын хөгжлийн талаарх элдэв сайхан төсөөлөл, хөтөлбөр, төслүүд тодорхойгүй төлөвт орно гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Монголын эдийн засаг нь гадаад хүчин зүйлсээс дэндүү хамааралтай, дотоод хүчин зүйлээ бүрэн ашиглаж чаддаггүй үлбэгэр нөхцөлд 28 жил тийчилж байгаагийн мөн чанарыг ойлгохгүйгээр бид цааш явж чадахгүй нь ээ.

Өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын шинэ бодлогоо зарласны дараахан түүний аюулгүй байдлын зөвлөх Херберт Макмастер “Геополитик эргэн ирлээ, ингэхдээ хоёр дахин ихэсгэсэн хүчтэйгээр эргэн ирлээ” хэмээн мэдэгдсэн нь өдрөөс өдөрт биеллээ олж байна.

Өнөөдөр дэлхийн хүчний харьцаа, дахин хуваарилалт нь Монгол Улсад таатай, таагүй янз бүрийн нөхцөлийг тулгаж байна. 2017 онд ДНБ 5,1 хувиар өссөн гэдэг тооны цаадтай ердөө л Хойд Солонгосын нүүрсний экспорт олон улсын хориг арга хэмжээнд өртсөнөөр Монголын нүүрсчдэд таатай боломж гарсан явдал бий. Засгийн газар, уурхайчдын нөлөө энд байхгүй гэдгийг хэлмээр байна.

Бүх цаг үед Монголын эдийн засагт бидний өөрсдөө зохицуулж болох дотоод хүчин зүйлсээс илүүтэйгээр биднээс үл хамаарах гадаад хүчин зүйлс нөлөөлж ирсэн, цаашдаа ч нөлөөлөхөөр байна. 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа чөлөөт зах зээл, үл үзэгдэгч гар, хувийн өмч эдийн засгийг сэвхийтэл өргөөд явчихна гэх бидний гэнэхэн төсөөлөл бодит байдлын ханыг мөргөн унтарлаа. Үл үзэгдэгч гар үндэсний эрх ашгийг хангаж чадахгүй, харин геополитик бодит үйлчлэлтэй оршсоор байна.

Манай гадаад орчин маш хурдацтай өөрчлөгдөж, шинэ бүлэглэл, талцал үүсэх шинж тэмдэг илэрхий тодорхой болж байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны Өмнөд Солонгос, АНУ-тай харьцах харьцаагаа гэнэт эерэг чиглэлд өөрчилсөн, БНХАУ-ын дээд удирдлага Хойд Солонгосын удирдагчтай сарын дотор хоёр ч уулзсан, Ираны цөмийн гэрээнээс АНУ гарч байгаагаа зарласан, Сири болон Ирантай ОХУ-ын түншлэл зузаарч, Европын холбоо цаашид Америкт найдахгүй болсноо зарлан ХБНГУ-ын зүгээс ОХУ-тай харилцаагаа сэргээхээр чармайж , хийн хоолойн хоёр дахь хойд урсгалын талаар хэлэлцэж эхэлсэн, хятадууд Америктай хийх гадаад худалдаанд буулт хийсэн зэрэг нь геополитикийн эрс өөрчлөлт, түүнийг дагасан гео эдийн засгийн тулгалт, нөхцөлүүдийг авчрах нь гарцаагүй боллоо.

Трамп Америкийн «Үндэсний аюулгүй байдлын стратегийг» зарлахдаа «Энэтхэг – Номхон далайн бүс» гэх шинэ нэр томьёо, шинэ бүсчлэлийг танилцуулсан. Вашингтоны тайлбарлаж байгаагаар бол Энэтхэг – Номхон далайн бүс гэх орон зай нь «Энэтхэгийн баруун эргээс АНУ-ын баруун эргийг» хамрах ажээ. Энэ бүсчлэл нь маргаангүйгээр БНХАУ-ын өсөлт, хүчирхэгжилттэй уялдаатай сөрөх бодлогын илэрхийлэл юм. АНУ Ази, Зүүн өмнөд ази дахь хятадын хүчирхэгжилтийг тэнцвэржүүлэх, оросыг саармагжуулах сонирхлоо нуухгүй байгаа. Хятадын Бүс ба зам бодлого, даяаршлыг тууштай баримтлах, Баруун Европтой болон ОХУ-тай ойртон түншлэх зэрэг хандлага нь Америкийн бодлогыг сөрж байгаагийнх нь илэрхийлэл болж байна.

Эдгээр нь огт таашгүй үйл явц биш бөгөөд Дэлхийн Эдийн засгийн форумаас удаа дараа олон улсын харилцаа нэг төвтэй харилцаанаас олон төвт харилцаа руу шилжиж, даяаршил мухардалд орохыг, шинэ талцал үүсэхийг, барууны либерал ардчилал мухардаж, нөлөөллөө барахыг, хүчний төвлөрөл, сөргөлдөөн Евроазид шилжих, АНУ хуучны нөлөөллөө сэргээх, тогтоон барихаар эрмэлзэх зэргийг зөгнөн таамаглаж байсан нь биеллээ олж байгаа юм. Ийм нөхцөлд бид дан ганц Монголын эдийн засгийн харилцаа, бодлогын талаар энд чухалчлан ярилцах нь сайхнаар илэрхийлэхэд нэлээн гэнэн цайлган хэрэг юм. Энэ форумын загвар, дуурайл нь болсон Дэлхийн эдийн засгийн форум дээр хэлэлцдэг, ярьдаг гол асуудал нь геополитик, гео эдийн засаг болчихоод байгааг анзаарахгүй байж болохгүй.

Мөнхийн хоёр хөршийн маань эдийн засаг ойрын 3 жилд 30 их наяд доллар болон тэлэх судалгаа байгаа юм. Бүс ба зам хөтөлбөрт бидний оролцоо ямар байх вэ ? Хоёр хөрштэйгээ бодлогоо уялдуулах, үүний зэрэгцээ гурав дахь хөршүүдийн оролцоо, ашиг сонирхлыг хангаж, тэнцвэрийг бий болгох зэрэгт анхаарч төвлөрөхгүйгээр өдий хүртэл урсгалаар явж ирсэн 28 жилийн замнал маань биднийг эдийн засгийн мухар гудамж руу аваачжээ.

Шийдлийг холоос хайх хэрэггүй юм. 2010 онд УИХ-аар шинэчлэн баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлчихэд л маш олон боломж нээгдэнэ.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд:

3.1.1.4. ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Чингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ гэж заажээ.

3.1.1.5. “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй ардчилсан улсуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэж заасныг прагматикаар хэрэгжүүлэхэд олон асуудал шийдэгдэх юм.

Иймээс Монгол Улс ойрын хугацаанд Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ зэрэг таван улс багтсан Евразийн эдийн засгийн холбооны гаалийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэрэгтэй. Энэ хэлэлцээрийг хийж байгаа тун удахгүй эдгээр таван улсад импортын гаалийн татваргүйгээр худалдаа хийх боломж нээгдэнэ гэж харж байна. Мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан түвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам, эдийн засгийн хүчин чадлыг энд ярих нь илүүц биз ээ.

Ийм прагматик хандлага баримтлан, гадаад худалдааны таатай нөхцөлүүдийг бий болгож байж л хөрөнгө оруулалтыг Монгол руу бодитоор татах болно. Монголд хөрөнгө оруулагчид бүтээгдэхүүнээ өнөөдөр бараг чөлөөт худалдааны хэлэлцээртэй байгаа Европийн холбоо, Япон руу татваргүй гаргахаас гадна, удахгүй Евроазийн эдийн засгийн холбоо болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд руу тааламжтай нөхцөлөөр экспортлох боломж ч үүсэх юм.

Монголын боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой цаг ирснийг та бүхэнд дуулгая. Үүний зэрэгцээ түүхий эдийн экспортыг улам бүр хумих бодлого байгааг ч мэдэгдэх нь зүйтэй байх. Евроазийн интеграцид нэгдэн орсноор Монголд үйлдвэрлэсэн 7000 гаруй нэр төрлийн барааг Европын холбоо руу экспортын татваргүй, тооны хязгаар байхгүй гаргах эрхийг бүрэн утгаар нь ашиглах боломж нээгднэ гэдгийг хөрөнгө оруулагчид анхааралдаа авна уу.

Дотоод асуудал руугаа шилжихэд Засгийн газар татварын шинэчлэл хийх талаар санаачилгатай ажиллаж байгаа ч татварын орлогыг нэмэгдүүлэх бэлээхэн боломжуудыг ашиглахгүй байна. Бидэнд орлогын ямар боломжууд бэлэн байгаа вэ гэдгийг мөн тооцоолох хэрэгтэй байна.

Манай экспортын 96 хувийг ердөө 10 нэр төрлийн түүхий эд эзэлж байна. Ядахнаа хагас боловсруулж, бага зэрэг нэмүү өртөг шингээхэд л богино хугацаанд бид 30 тэрбум долларын эдийн засагтай болж, хуримтлал үүсгэх, дараагийн шатны хөрөнгө оруулалт хийх мөнгөтэй болохоор судалгааг бид хийсэн байгаа.

Нэгэнт тохиролцсон гурван улсын дэд бүтцийн холбоосууд, эдийн засгийн коридорыг санаачилгатайгаар хөөцөлдөөд хэрэгжүүлэхэд Оюутолгойгоос дутахааргүй хэмжээний орлого олохоор байгаа. ОХУ-тай транзит тээврийн гэрээ зурахад бэлэн болсон. Хятад, оросыг холбосон, цаашлаад европ Хятадыг холбосон транзит тээврийг хөгжүүлж байж бид түүхий эдийн мөчлөг дагасан үхээнц эдийн засгаасаа ангижирна шүү дээ. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулагч 57 орны нэг нь Монгол бөгөөд энэ статусаа ашиглах боломж нээлттэй байгаа. Бүс ба зам хөтөлбөрийн ачаар далайгаас хуурай газарт эргэн ирж байгаа дэд бүтцийн хөгжилд Монголын оролцоог идэвхтэй, тодорхой болгохоос өөр арга байхгүй. Чухам энд л бидний гео эдийн засгийн боломж, орон зай байгаа.

Монгол Улсыг үеийн үед тэжээж тэтгэж ирсэн хөдөө аж ахуй, мал аж ахуйгаас олох орлогоо яавал байгальд ээлтэйгээр өсгөх, тогтвортой байлгах вэ гэдэг дээр сэтгэлээ чилээж, шийдлээ олох юм бол үй олон ажлын байр, үлэмж хэмжээний орлого бэлэн байна.

Гэвч өнөөдөр эдгээрийг хийх мөнгө, мэдлэг чадвар гэхээсээ улс төрийн чин эрмэлзэл, зориг дутмаг байна. Дайны нурман дундах Өмнөд Солонгос, далайд өнчирсөн Сингапурыг Азийн тэргүүлэх эдийн засгууд болгосон түүхийг харахад тэдэнд мөнгө, боломж, мэдлэг чадвар байгаагүй. Гагцхүү аугаа тэмүүлэл, чин сэтгэл, эр зориг л байсан байдаг.

Дундад зууны сэтгэгч Никколо Макиавелли улс орнуудын амжилтад хүрэхэд нөлөөлдөг гурван хүчин зүйлийг тодорхойлжээ. Энэ нь:

  • Вирту (Virtù) буюу эрх баригчдын эр зориг, шийдэмгий байдал
  • Несэсита (Necessita) буюу хэрэгтэй шаардлагатай гэж тооцсон зүйлсийг хэрэгжүүлэх удирдагчдын хүсэл эрмэлзэл.
  • Фортуна (Fortuna) буюу аз хийморь юм.

Эрс шийдэмгий, зоригтой, шаардлагатай гэж үзсэн зүйлээ хэрэгжүүлэх чадвартай улстөрч л аз хийморьтой байж улс орноо амжилтад хөтөлдөг болохыг Макиавелли хэлсэн болов уу. Өнөөдөр Монгол Улсад, Монголын эдийн засагт дутагдаж байгаа зүйл бол ердөө л энэ. Эрх баригч энэ Засагт үндсэндээ нэг жил хагасын хугацаа үлдлээ. Одоо шийдээд хийх, бүтээх цаг байна уу, гэдгийг бид бодох хэрэгтэй.

Монголын эдийн засгийн чуулган найман жил зохиогдлоо. Энд жил бүр хэдэн хүн цуглаад ханатлаа цэцэрхэж, ухаалаг дүр эсгэж байгаад тардгаа болимоор байна. Бодитой төсөл, үр дүнтэй хэлэлцүүлэг, хэрэгжих боломжит шийдлүүдийг л тойрч ярих, хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлүүдийг хамтын хүчээр давах, арилгах талаар л илүүтэй ярилцаасай гэж хүсэх байна.

Бодит эдийн засаг нь онолын тодорхойлолт, цэцэн цэлмэг дүгнэлт гэхээсээ улс төрийн эр зориг, улс төрийн шийдэмгий байдлаас илүүтэй хамаардгийг энд дахин хэлье. Өнөөдөр Монголд номтой цэцэн нь олон болж, зоригтой шийдэл хийдэг нь хомс болсон цаг.

Энэ улс орон, ард түмний төлөө өнөөдөр л нуруугаа бөгтийлгөж, хуруугаа хөдөлгөж, сэтгэлээ чилээж чадахгүй бол цаашид сонгогчид, ард түмэн цаашид дэмжээд, тэвчээд байхааргүй тийм заагт ирчихээд байгааг ухамсарлах чадвар форумын нийт оролцогчдод байгаа гэж найдъя.

Эдийн засгийн форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Хамаг бүхэн гийх болтугай. Мөнх тэнгэр биднийг ивээг” гэв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол угсаатан хүүхдүүд “Өхөөрдөм Гоёо” загварын их наадамд оролцож байна

Энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Монголын хүүхдийн ордны Их тамхимд үндэсний өв соёлыг сурталчлах, хүүхдийн хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих “Өхөөрдөм гоёо” загварын их наадам болж байна.

Тус наадамд оролцохоор ОХУ-ын Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-с хүүхдүүд, Халимаг, Буриадын загвар зохион бүтээгчид иржээ. Наадмын хоёр дахь өдөр болох үндэсний хувцасны парадын урьдчилсан сургалтад хамрагдсан 100 гаруй хүүхэд загвар зохион бүтээгчдийн бүтээл, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг өмсөж, танилцуулах юм.

Хөлөнбуйр аймгаас ирсэн зургаан настай Батсүхийн Аминзул Цонжин болдогт очиж, Улаанбаатар хотын төв талбайд зургаа татуулсан тухайгаа буриад аялгаар хэвлүүхэн ярив. Тэрээр буриад үндэсний хувцас өмсөж уг наадамд оролцож буй юм. Б.Аминзултай нас чацуу тува охин Монгушийн Лолия “Би гудамжинд ууртай хүмүүс ерөөсөө хараагүй. Олон гоё өндөр байшин, бас хүүхдийн тоглоомын талбай хамгийн их таалагдаж байна. Харин гудамжинд хүмүүс их тамхи татах юм” гэж өөрийн сэтгэгдлээсээ хуваалцаж Монголд дахин ирнэ гэдэгтээ итгэлтэй байна гэв.

Нийт 15 сая төгрөгийн шагналын сан бүхий тус их наадамд оролцогчдоос үндэсний болон европ хувцасны шилдэг загвар зохион бүтээгч, шилдэг үйлдвэрлэгч, хоёр насны ангиллаар шилдэг загвар өмсөгч хүүхдүүдийг тодруулах юм байна. Наадмыг эх үрсийн баярын өмнө зохион байгуулж байгаа нь Монголын хүүхдийн хувцасны үйлдвэрлэгчдэд бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах боломж олгох зорилготой гэж “Өхөөрдөм гоёо” наадмыг санаачлагч Ж. Нямаа хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Я.Мөнгөнцэцэг: Ардын намын шагналаар мээрэн болсон С.Батболд гэр хорооллынхныг дорд үзэж байна

Өнгөрсөн долоо хоногт төв талбайд тайван жагсаал хийж байсан хэсэг хүмүүсийг цагдаагийн байгууллага албадан тараасан билээ. Энэ талаар “Гэр хороолол хөдөлгөөн” ТББ-ын гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа.


-Өнгөрсөн пүрэв гаригт танай хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбайд майхантай суулт хийлээ. Гэхдээ цагдаагийн байгууллага орой нь хүч хэрэглэн тараасан. Та нарт жагсаал хийх зөвшөөрөл өгөөгүй юм уу…

-Бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас суулт хийх зөвшөөрлийг албан ёсоор хүссэн боловч зөвшөөрөл өгөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Гэвч Үндсэн хуулиараа Монгол Улсын иргэд эвлэлдэн нэгдэж, жагсч цуглаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Тиймээс бид Сүхбаатарын талбайд цуглаж, хотын дарга С.Батболдыг огцруулахыг шаардаж суулт хийсэн. Харамсалтай нь цагдаагийн байгууллага хүч хэрэглэн суултыг тарааж, Үндсэн хуулиар олгосон эрх чөлөөнд халдлаа. Энэ бол хотын дарга С.Батболд гэдэг хүн олж авсан эрх мэдэл, албан тушаалтайгаа үхэн хатан зууралдаж, зөөлөн суудалдаа тухалж, өчүүхэн нэр хүндээ авч үлдэхийн тулд гэр хорооллын иргэдийг яаж нухчин дарж, дорд үзэн ялгаварлаж байгаагийн тод жишээ боллоо.

-Суултыг тараах үйл ажиллагаа хэдэн цагт болсон бэ?

-Суулт өглөө 11.00 цагт эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас суултаа нэн даруй зогсоохыг удаа дараа шаардаж байлаа. Сүүлд нь 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа суулт хийж байгаа үйлдлээ зогсоохыг шаардсан албан бичиг өгсөн. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн удирдлага АН-ынхны гарт байгаа. Тэгэхээр АН, МАН хоёр гэр хорооллын иргэдийг үг хэлүүлэхгүй, үзэл бодлоо илэрхийлэхгүй, тэмцүүлэхгүй байх, гэр хорооллын дундаас өндийсөн энэ хөдөлгөөнийг нухчин дарах үйлсэд хамтран зүтгэж байгаа нь харагдаж байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын шаардлагыг бидэнд танилцуулаад хоёр цагийн дотор суултаа зогсоохгүй бол албадан тараана гэдгээ цагдаагийнхан мэдэгдсэн. Үүнээс хойш “Та нарын тэмцлийг дэмжиж байна” гэсэн залуучууд олноороо ирж, бидний дунд орж, зарим нь зураг авч, элдэв зүйлүүд асууж байсан. Үнэндээ тэд бол энгийн хувцас өмссөн цагдаагийн байгууллагынхан гэдэг нь ойлгомжтой байсан. Ингээд цагдаа нар харанхуй болмогц, төв талбайн гэрлийг асаалгүйгээр 22:00 цагт Гэр хороолол хөдөлгөөний суултыг тараах ажиллагаагаа эхэлсэн. Майхантай суултад орой 20 орчим хүн үлдсэн байлаа. 20 хүнийг баривчлахын тулд 200, 300 цагдаа жагсаалаараа гүйж гарч ирээд биднийг бүсэлж, сүрийг үзүүлсэн дээ. Гурван том автобус зогсоогоод таван минутын дотор ор мөр үлдээлгүй суулт хийж байсан газрыг “цэвэрлэсэн”. Гэр хороолол хөдөлгөөний гишүүдийг майхантай нь автобусанд чихээд аваад явчихсан.

-Хаашаа?

-Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Тэнд манай хүмүүсийг тус тусад нь өрөөнд оруулж, Гэр хороолол хөдөлгөөний тэргүүн Б.Батсүхийг байцаах гэж оролдсон. Гэвч өмгөөлөгчгүй ямар нэгэн байцаалт өгөхгүй гэсэн учраас байцаалтаа дараа нь үргэлжлүүлнэ гээд явуулсан байна лээ. Албадан тараалтын үеэр зарим цагдаа нарын гэр хорооллын иргэдэд дээрэлхүү байгааг яана. Гэмт хэрэг хийсэн ялтантай харьцаж байгаа мэт л байсан. Хүмүүсийн утсыг хүчээр булаах, хийж байгаа бичлэгийг унтраалгах гэж оролдож байгаа нь зэрлэг балмад байсан.

-Та нар хотын даргыг ямар учраас огцруулах гээд байгаа юм бэ?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг энэ хүн үргэлжлүүлэхгүй байна. Ажлаа аваад хоёр жил боллоо. Хэдэн айлын газар чөлөөлөв, хичнээн айлыг орон сууцанд оруулав аа. Тийм тоо алга. Өмнө нь дор хаяж хоёр өрөө дээд тал нь дөрвөн өрөө байраар солигддог байсан хашааны газрыг өнөөдөр насаараа төлөх орон сууцны зээлийн урьдчилгааны 30 хувьд тооцон авч, газрын эздийг доромжилж байна. Хотын дарга С.Батболдын гэр хорооллыг дахин төлөвлөж байгаа царай энэ. Тиймээс бид энэ хүнийг ажлаа хийгээч ээ гэж шаардсан. Өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд Гэр хорооллын иргэдийн гуравдугаар чуулганыг СТӨ-нд зохион байгуулж, хотын даргад найман зүйлтэй шаардлага өгсөн. Харамсалтай нь бидний тавьсан шаардлагатай огтын хамааралгүй зүйлээр хариу өгч, гэр хорооллынхныг учир ойлгодоггүй тэнэгүүд мэтээр үзэж, дорд үзсэн. Удирдаж байгаа хотынх нь газар нутгийн 70 гаруй хувь дээр амьдарч байгаа гэр хорооллын иргэдээ ингэж үл ойшоож байгаа Засаг даргыг бид огцруулах тэмцлийг гэр хороололд эхлүүлсэн юм.

-Түүнийг огцрууллаа гээд ямар үр дүнтэй юм бэ?

-Огцрууллаа гээд ямар үр дүн байхав гээд ажлаа хийдэггүй дарга нарын толгойг илээд суугаад байх юм уу. Ард иргэдийн төлөө ажил хийнэ гэж албан тушаалд очсон юм бол ингэж дүлий дүмбэ царайлж, иргэдээ үл ойшоох эрх хэнд ч байхгүй. Нийслэлийн Засаг даргын ажил бол энэ хотыг хөгжүүлэх. Тэгвэл хотыг хөгжүүлэхийн тулд гэр хорооллыг хөгжүүлэх нэн шаардлагатай байна. Гэр хорооллын 220 мянган өрхийн асуудал үнэндээ төрийн бодлогоос ангид хаягдчихлаа. Хөгжил бүхэн гэр хорооллыг тойрч байна шүү дээ. Шилэн кабел, шилэн байшин, орчин үеийн үйлчилгээний газрууд гэр хорооллыг тойрон сүндэрлэж байна. Гэр хороолол руу дэд бүтэц татахгүй байна. Банкууд орон сууцны гэрчилгээгээ бариад ирсэн хүнд зээл олгодог. Харин хашааны газраа барьцаалаад мөнгө зээлье гэхээр гэр хорооллынхонд энэ эрх хаалттай байгаа. Тийм учраас гэр хорооллыг өнөөдөр хүмүүс ядуусын хороолол хэмээн цоллох боллоо. Тэгвэл гэр хороолол нь хөгжихгүй байгаа учраас Монгол Улс ядуу байгаа юм. Үүнийгээ дарга нар ухаарах цаг болсон.

-Гэр хорооллыг яаж хөгжүүлээсэй гэж хүсээд байгаа юм бэ?

-Өнөөдөр газрын эздэд ганцхан хүсэл бий. Тав, арваараа нийлж газар дээрээ таун хаус эсвэл орон сууц бариад өөрсдөө орж амьдармаар байна. Тэндээ үйлчилгээний обкъект бий болгон ажиллуулж эсвэл түрээслүүлж ажилтай, орлоготой болмоор байгаа. Илүү гарсан орон сууцаа худалдаж барилга барихдаа гаргасан зардал, эсвэл авсан зээлээ төлөөд цаана нь ашиг унагамаар байгаа. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын иргэдийн газрыг хямд үнээр худалдан авч, өндөр орон сууц барьж хэд нугалсан ашиг олдог компаниудын барилгын бизнесийг хашааны эзэд өөрсдөө хийдэг болмоор байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг яг л энэ зарчмаар үргэлжлүүлбэл, гэр хороололд хөгжил ирнэ. Монгол Улс ядуурлаас гарна. Харамсалтай нь ийм байдлаар гэр хорооллыг хөгжүүлэх сонирхол эрх баригчдад алга. Гэр хорооллын иргэдэд ийм боломж олгосон бодлого хэрэгжүүлээгүй байж өнөөдөр тэднийг утаа гаргагч халтрууд, агаар, хөрс бохирдуулагчид, ядуу зүдүү гуйлгачид хэмээн ад шоо үзэж, хөөж тууж, дээр дооргүй гутаан доромжилж байна.

-Гутаан доромжилсон гэдэг нь…

-Газрын эздийг, гэр хорооллынхныг энэ нийгмээс шоовдорлочихоод өнөөдөр хотын дарга С.Батболд нүүрс түлж, нүхэн жорлонд бие засахыг нь хориглож байна. Гэр хорооллын иргэдэд өвөл хөлдөж, зун нь түгжирч үхэх ял тулгаж байна шүү дээ. Хотоо хөгжүүлэх ажилдаа ингэж хоноцын сэтгэлээр хандаж байгаа Засаг даргаар бид яах юм бэ. Тэр бол ард түмний сонголтоор биш, Ардын намын шагналаар энэ албан тушаалд очсон учраас гэр хорооллынхны амьдрал, асуудал түүнд падлийгүй байгаа бололтой. Үнэндээ С.Батболд Засаг дарга “Аз жаргалтай Улаанбаатар”-ыг бий болгоно гэж хэлсэн. Аз жаргал гэж С.Батболд даргынхаар хэдэн хөшөө босгохыг хэлдэггүй юм. Аз жаргал гэж гэр бүлээрээ амгалан тайван аюулгүй орчинд сэтгэл хангалуун амьдрахыг хэлдэг юм. Тэгвэл өнөөдөр гэр хорооллын иргэд аюултай, бохир заваан орчинд аз жаргалгүй амьдарч байна. Тийм учраас жаргаана гэж амлачихаад жаргааж чадахгүй байгаа хотын дарга С.Батболдыг огцрохыг гэр хорооллынхон шаардаж байгаа юм.

-Хотын дарга та нартай зөвшилцье гэж санал тавьсан юм биш үү, уг нь…

-Манай хөдөлгөөнийхөн тавдугаар сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд майхантай суулт хийсэн. Энэ үеэр хотын дарга С.Батболд зөвшилцөх санал тавьснаар бид суултаа зогсоосон. Ингээд тавдугаар сарын 14-ний өдөр Гэр хороолол хөдөлгөөний удирдлагууд, гэр хорооллын иргэдийн төлөөлөл хотын дарга С.Батболдтой хэлэлцээрийн ширээний ард суусан юм. Гэвч хотын дарга С.Батболд гэр хорооллынхныг хүн ёсоор хүлээж аваагүй, уулзалт эхэлсэн мөчөөс илт тохуурхсан байдлаар харьцаж, “Та нар гэр хорооллын иргэд юм уу” хэмээн жуумалзаж, гэр хороолол хөдөлгөөнийхний үгийг сонсохгүй, ам уралдан ярьж, хэрүүлч авгай шиг загнаж, хотын дарга, удирдагч хүнд байхааргүй ааш авир гарган тавтиргүйтсэн. Тиймээс Гэр хороолол хөдөлгөөнийхөн уулзалтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж үзээд хэлэлцээрийг орхин гарсан юм. Гэр хорооллынхныг ингэж үл тоон, басамжилж байгаа хотын Засаг даргын энэ үйлдэл түүнийг огцруулах нь туйлын зөв гэдгийг л улам бататган харуулсан.

-Гэхдээ “Гэр хороолол хөдөлгөөн”-ийг хотын дарга асан Э.Бат-Үүлийн багийнхан байгуулсан гэдэг шүүмжлэл яваад байгаа…

-“Гэр хороолол хөдөлгөөн”-ий удирдлагад Э.Бат-Үүлийг Засаг дарга байхад хотын захиргаанд ажиллаж байсан хүмүүс бий. Тийм учраас гэр хорооллынхны сайн сайхны төлөө явж болохгүй гэсэн үг биш биз дээ.

-Ер нь Э.Бат-Үүл дарга хотын дарга байхдаа таны ярьж байгаагаар гэр хорооллыг хөгжүүлж болоогүй юм уу?

-Шидэт саваа байгаагүй учраас 220 мянган өрхийг дөрвөн жилийн дотор орон сууцаар хангаж чадаагүй. Мэдээж гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд хугацаа шаардлагатай байсан. Хэдийгээр муу хэлүүлэх нь их ч гэлээ яг үнэндээ өнгөрсөн дөрвөн жилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил урьд хожид байгаагүйгээр амжилттай явсан юм шүү. Дахин төлөвлөлтийн эхний үе шатанд арван мянган айлын орон сууцны барилга угсралтын ажил эхлүүлснээс 5000 орчим барилга ашиглалтад оруулж, 1100 айлыг орон сууцанд оруулсан байдаг юм. 120 мянган өрхийг дэд бүтцэд холбож, газрын үнэ цэнийг 3-10 дахин өсгөсөн. Дахин төлөвлөлтийн хоёр дахь шат болох газар шинэчлэн зохион байгуулах төслийг эхлүүлчихсэн байсан. Энэ бол түрүүнд миний ярьдаг төлөвлөлт л дөө. Энгийнээр хэлбэл, иргэд газраараа нийлээд таун хаус барьж, илүү гарснаа худалдах зарчим. Дээрээс нь “Сайн хашаа” хөтөлбөрийг өмнөх дөрвөн жилд эхлүүлчихсэн байлаа. Энэ бүхэн тасралтгүй үргэлжилсэн бол өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил маш их үр дүнд хүрсэн байх байлаа. Харамсалтай нь энэ ажлуудыг бүгдийг нь цуцалсан. Дахин төлөвлөлтөд зориулахаар босгосон байсан санхүүжилтийг хотын дарга С.Батболд гарч ирээд зогсоосон. Үр дүнд нь гэр хорооллын дахин төлөвлөлт үргэлжилсэнгүй өдий хүрлээ. Өмнө нь газраа чөлөөлчихсөн олон айлыг орох оронгүй, оочих аягагүй болголоо. Харамсалтай нь тэдний зарим нь энэ бүхнийг зогсоосон С.Батболдыг биш, өмнөх Засаг даргаа л харааж сууна.

-Олон улаан майхан барьж суулт хийгээд байгаагаас чинь харахад танай хөдөлгөөн ардаа асар том санхүүжилттэй гэдэг хардлага төрүүлээд байгаа?

-Бидэнд аль ч намын дэмжлэг, харьяалал байхгүй. Том санхүүжилт ч алга. Гэр хорооллыг хөгжүүлэх сайн үйлсийг дэмжиж хандив өргөсөн хувь хүн, бизнесийнхэн бий. Хандивлагчдаа удахгүй ил зарлана.

-Танай хөдөлгөөнийхөн цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Бид гэр хорооллоо хөгжүүлэх тэр цаг хүртэл тэмцлээ зогсоохгүй. Гэр хорооллынхныг үл тоодог Засаг даргыг огцруулах хүртлээ тэмцлийн бүх хэлбэрийг сонгож тэмцэнэ. Бид өнөөдрийг хүртэл нийслэлийн гэр хорооллоор явж, иргэдтэй уулзалт хийсээр ирсэн. Энэ уулзалтаа ч үргэлжлүүлэх болно.

-Та өөрөө сэтгүүлч хүн. Гэр хороололд амьдардаг юм уу. Яагаад энэ хөдөлгөөнд нэгдэх болов?

-Би сэтгүүлчийнхээ хувьд ажлаа хийж байгаа. Харин иргэн хүнийхээ хувьд үүргээ биелүүлж, гэр хорооллоо хөгжүүлэхийн төлөөх сайн үйлсэд хүчин зүтгэж явна. Миний ээж одоо ч гэр хороололд амьдарч, зунтай, зудтай аль ч үед гэр хорооллын зовлон жаргалыг үүрч, усаа зөөж, нүүрсээ түлж яваа хөгшин бий. Миний ээжтэй адилхан гэр хороололд амьдарч байгаа мянга мянган ээжийн сайн сайхны төлөө, халуун тогоонд түлэгдэн зовж шаналж, хүйтэн нойтонд өсч торниж байгаа хүүхдүүдийн аюулгүй орчинд амьдрах ирээдүйн төлөө зүтгэнэ.


Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбат: Эрх баригчид улс орны хувь заяаг үүрч яваагаа мартсан

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.


-УИХ-аар 2019 оны Төсвийн хүрээний мэдэгдэл болон үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. Гишүүд их шүүмжилж байна лээ. Гол асуудал нь юундаа байгаа юм бэ?

-УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. 2019 оны Үндсэн чиглэл ярьж байхад 2018 оны Үндсэн чиглэлийн биелэлтийг харьцуулан өсөлт, бууралтыг гаргах хэрэгтэй байгаа юм. 2018 оны Үндсэн чиглэлийг өөр цаг хугацаанд дүгнэж байгаа бол 2019 оны Үндсэн чиглэлийг мөн л өөр хугацаанд хэлэлцэж байна. Цаг хугацааны зөрүүгээс болж тухайлбал, 2018 оны биелэлтийг 2019 онд ямар болсон бэ гэдгийг харьцуулах харьцуулалтгүй болчихоод байгаа юм. Хоёрдугаарт, манай зарим гишүүд шинэ болоод ч тэр юм уу, Үндсэн чиглэлийг төсөвтэй хутгаж ойлгоод байна. Засгийн газар бодлогын шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд ийм хэмжээний хөрөнгө шаардлагатай гэдэг тоон үзүүлэлтийг зарим зүйл дээр тавьдаг. 2019 оны Үндсэн чиглэл төсөв шиг болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл гишүүдийн тойргийн болон салбарын сонирхол орж ирж байгаа нь буруу. Хэдийгээр бид сөрөг хүчин ч эрх баригчдад “Үндсэн чиглэлд ийм зүйл орохгүй ээ, ингэж явдаггүй юм аа” гэж хэлээд байхад ойлгохгүй, сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаад байна. 2019 оны Үндсэн чиглэл оныхоо Төсвийн хүрээний мэдэгдлийн тооноос давах ёсгүй. Нэг үгээр хэлбэл тэр хүрээндээ хийгдэх ёстой. Гэтэл анхны хэлэлцүүлгээсээ маш буруу явж байгаа нь эрх баригчдыг ямар ч бодлогогүйг илтгээд байгаа юм.

-Анхны хэлэлцүүлгээсээ буруу явчихсан юм бол алдаагаа засах боломж байхгүй юм уу?

-Энэ Их хурлын бүрэн эрхийн хугацаа талдаа орж байна. Алдаа олон гарсан. Сүүлдээ УИХ-ын дэгийн тухай хууль зөрчигдөж эхэллээ. Энэ сайн зүйл биш. УИХ-ын нэр хүнд бодлогын шийдлийг гаргаж чадаж байна уу, тийм чадвартай гишүүд байгаа эсэхээс их зүйл шалтгаалдаг. Ард түмний дунд Их хурлын нэр хүнд үүнээс болж унаж байгаа нь үнэн. Үнэхээр бодлого алга. Их хуралд 65 суудал авсан эрх баригчид өнөөдрийг хүртэл сөрөг хүчин шиг ажиллаад байгаа юм. Үнэмлэхүй олонх гэдгээ мэдэрдэггүй. Цаанаа янз бүрийн шалтгаан байдаг байх. Гэхдээ тэд эрх баригчид. Эрх баригчид улс орны хувьд заяаг үүрч яваа гэдгээ мартсан. Бүх шийдвэрийг гаргаж, ямар ч ажлыг хийх бүрэн эрхтэй мөртлөө өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сөрөг хүчнээ муулсан, муутгасан, тэр үеийн тоон харьцуулалттай өнөөдрийг харьцуулах гэсэн оролдлого хийж байгаагаас биш, ирээдүйд чиглэсэн нэг ч бодлого явуулсангүй.

-Ерөнхий сайдад Засгийн газрын хоёр гишүүнтэйгээ хариуцлага тооцох тухай асуудлыг танай намын бүлгээс тавиад байгаа?

-Бид Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг санаан зоргоор тавиагүй юм. У.Хүрэлсүхийн кабинетад анхааруулга өгөх хэд хэдэн зүйл байсан. Хуулийн, ашиг сонирхлын зөрчил гаргасан нь үнэн.

-Тухайлбал…

-Засгийн газрын сайдууд маш их улстөржиж байна. Засгийн газар бол гүйцэтгэх засаглал. Тиймээс сайд нар аль болох улстөржихөөс зайлсхийх ёстой. Төрийн гүйцэтгэх ажил хийж байгаа гэдэг утгаараа гүйцэтгэх засаглалыг удирдаж байгаа хүмүүс хэт популист байж болдоггүй. Сайд нар нь аливаа юмыг ирээдүй цаг дээр ярьдаг. Зарим нь кабинетынхаа хийж байгаа ажлыг үгүйсгэдэг. Хоорондоо зөрчилддөг зүйл нийтлэг харагдаж байна. Сөрөг хүчний хэлж байгааг зөвөөр хүлээж авах хэрэгтэй. Сөрөг хүчин хяналт тавих үүрэгтэй.

Мөн хариуцлага тооцохыг шаардах эрхтэй байдаг юм. Ард түмний өмнөөс бидний тавьж байгаа шаардлага, хяналт. Үүнийг их эмзэглэж хүлээж авдаг. Эмзэглэх тусам эд нарт муу. Бид хэдий цөөхүүлээ байгаа ч бодлогогүй үйл ажиллагааг нь байнга хэлж, шүүмжилж байгаа. Монгол төрийн нэрийн өмнөөс үгээ хэлнэ. Ингэлээ гээд биднийг адлах шаардлагагүй. Харин ч өөрсдийнхөө ажилд дүгнэлт хийх ёстой. Тийм чадвар байна уу, үгүй юу гэдэг нь өнөөдөр эргэлзээтэй. Ийм байдлаар цаашаа явах юм бол төрийн бодлого, төрийн тогтвортой үйл ажиллагаа гэж байхгүй болно. Ард түмэн МАН-д 65 суудал өгсөн юм чинь асар их зүйл хийнэ гэдэг хүлээлт байсан. Энэ хүлээлт талаар өнгөрч байна. Үлдсэн хоёр жилд ажил хийнэ гэж худлаа. Амлалт худлаа байдаг, таван төгрөгөнд хууртаж санал өгч болохгүй юм байна гэдгийг ард түмэнд шууд ойлгуулж байгаа юм. Энэ дөрвөн жил маш сургамжтай он жилүүд болон өнгөрч байна. Монголын эдийн засаг жижигхэн. Тэд Монголын эдийн засгийг авангуутаа түүхийн эдийн үнийн өсөлттэй зэрэгцээд эдийн засаг тэлэх босгон дээр хэд хэдэн алдаатай шийдвэр гаргасан.

-Тухайлбал, ямар шийдвэрүүд гэж. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдан эдийн засгаа тэлж байна гээд байгаа шүү дээ…

-Нэгдүгээрт, баялгийн түүхий эдийн үнийн өсөлт бий болох нь ойлгомжтой байсан үед ОУВС-д шууд орсон нь алдаа байсан. Хоёрдугаарт, Хөгжлийн банк, Монголбанкаар хэрэгжиж байсан бодлогын хөтөлбөрүүдийг төсөв рүү нэгтгэсэн нь алдаа. Төсөв бол зөвхөн орлого, зарлагын харьцааны бүтэц. Монгол руу орж ирж буй аж ахуйн нэгж, экспорт, импортын татварын орлогоос эхлээд бүгдийг нь төсөв рүү оруулж байна. Төсвийг данхайлгахгүй байсан юм. Төсөв тодорхой хэмжээ хязгаарт яригддаг, төсвөөс гадуур Монголын эдийн засгийг тэлэх бодлого, боломжийг хумьчихсан. 2012-2016 оны хооронд Ардчилсан нам засгийн эрх барьж байх үеийн бодлогыг эрх баригчид алдаа гэж шүүмжилдэг. Харин би алдаа биш гэж хардаг. Хумигдсан эдийн засгийг мөнгөний бодлогоор аварч гарсан юм. Нүүрсний үнэ 20 ам.доллар, зэсийн үнэ 3000 ам.доллар байсан гэдгийг хэн ч анзааралгүй өнгөрсөн. Ямар ч байсан эдийн засгийг аварч үлдэхийн тулд бүтээн байгуулалт нэрийн доор ажлын байрыг хадгалах, цалинг үнэгүйдүүлэхгүй байх, инфляцийг тогтоож барих ажлуудаа хийж чадсан. Ингэхдээ бид төсөв рүү оруулаагүй. Хөгжлийн банкаар дамжуулан жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих, уул уурхай, дэд бүтцийг дэмжих чиглэл рүү маш эрчимтэй явсан. Мон-голбанкаар ипотекийн зээл, “Сайн” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс эхлээд маш их эдийн засгийн зөв эргэлтүүдийг хийж чадсан. Тиймээс эдийн засгийн өсөлт гарах хүртэл монголчууд тэвчиж ирсэн. Үүнийг бид хэлэхгүй бол өөр хэлэх хүн байхгүй. Одоо бол мөнгөтэй байгаад ч ажил явахгүй байгаад асуудал байна. Эдийн засаг маш хүнд байхад иргэдийн орлого нэмэгдэж, цатгалан амьдрах боломж байгаагүй ч гэсэн өнөөдрийнх шиг ингэж уруудаагүй. Үнэхээр эдийн засаг өсөөд байгаа юм бол яагаад иргэдийн амьдрал улам доройтоод байгаа юм бэ. Монгол Улсад мөнгө орж байгаа юм бол яагаад ажлын байр нэмэгдэхгүй, иргэд улам ажилгүй болоод байгаа юм бэ. Үүнд хариулт өг гэхээр хариулах хүн алга.

-Тэрийг нь та юу гэж харж байгаа юм бэ?

-Бүгдийг төсөв рүү чихдэг нь алдаа байсан. Хөгжлийн банкаар дамжуулах томоохон бүтээн байгуулалтыг хийх боломжийг нь нээлттэй орхих нь зөв байсан. Ипотекийн зээл Монголбанкны уламжлалт бус бодлогоор явуулж байсан нь алдаа биш байсан юм. Иргэдээ ажилтай, орлоготой байлгая гэвэл энэ бүх өсөлтийг иргэдэд хүрсэн эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал болохоос төсөвт төвлөрүүлэх нь нэн тэргүүний асуудал байгаагүй. ОУВС-гийн хөнгөлөлттэй зээл, эдийн засгийн өсөлтөөс орж ирж байгаа давуу орлого бүхэлдээ төсвийн зардал руу яваад байгаа юм. Төсвийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, зээлийн хүүг бууруулах нэг хэсэг нь захиргааны данхайсан бүтцийг тэтгэх, халамж тэлэх чиглэл рүү явж байна. Тэгэхээр төсөвт боомилогдсон энэ их мөнгө иргэдийн амьжиргааг тэтгэх зүйлд зарцуулагдахгүй. Худлаа ярьсаар байгаад ипотекийг зогсоогоод хоёр жил боллоо. Гэтэл Ипотекийн ард хичнээн хүний ажлын байр хадгалагдаж үлдэж байсныг эрх баригчид ойлгоогүй. Иргэдийн үйлдвэрлэл, үйлчилгээ, до-тооддоо үйлдвэрлэх процесс санхүүжилтийн эх үүсвэргүйгээс болж бүгд зогссон. Барилгын салбарт ажиллаж байсан хүмүүс, жижиг дундаар өөрийгөө болгоод яваад байна даа гэсэн хүмүүсийн бүх зүйл байхгүй болж, итгэл найдвар тасарсан учраас гадагшаа ажиллахаар явж байна. 2012-2016 онд явж ирсэн бодлогыг өнөөгийн эрх баригчид сөрөг хүчин байхдаа алдаа байна гэж харж байсан бол өнөөдөр бид ч гэсэн тэдний энэ бодлогыг алдаа байна л гэж байгаа.

-2020 онд Ардчилсан нам сонгуульд ороод яллаа гэж бодоход МАН-ын хэрэгжүүлж ирсэн бодлогыг бас л үгүйсгэх үү. 2030 он хүртэлх хөгжлийн бодлого гээд баталж байсан. Энэ бодлогын баримт бичгүү-дийн хэрэг гардаг юм уу?

-Төрийн уламжлалт чанар хадгалагдах ёстой гэдэгтэй би санал нэг байдаг. Харамсалтай нь олон зүйл дээр хадгалагдахгүй байна. Нэг улс төрийн хүчин гарч ирээд нөгөө улс төрийн хүчний бодлогыг үгүйсгэж, гэмт хэрэгтэн мэтээр хардаг нь маш буруу. 2012-2016 онд бид хөгжлийн бодлогыг шинээр гаргаж ирж тавьсныг олон хүн анзаараагүй. Түүнээс өмнө төсөвт дулдуйдсан уул уухайн том бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт дээр амьдарч ирсэн улс байсан юм. 2012-2016 онд ийм хүндрэл ирнэ гэдгийг муу, сайн ч гэсэн төсөөлж байлаа. Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт эхлэхгүй бол гадаад хөрөнгө оруулалт байхгүй боллоо, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унахад яах вэ гэдэг дээр хийгдсэн тооцоолол. Үнэндээ тухайн үед их мөнгөтэй засгийг хүлээлгэн өглөө гэж ярьдаг боловч Монголбанкны дансан дээр бичигдсэн гадаад валютын жаахан нөөц байснаас төсөв цагаарчихсан байсан. Нөхцөл байдлыг мэдрээд цоо шинэ хэд хэдэн зүйл хийсэнд одоо ч итгэл үнэмшилтэй байдаг. Өнөөдөр харааж, ерөөгөөд байгаа Чингис, Самурай бондыг босгоогүй бол улс мөнгөгүй болчихсон байлаа. Тэглээ гээд бид өмнө эрх баригчдыг буруутгалгүй өмнөх ажлаа хийсэн. Монгол Улс тусгаар улсын хувьд хувь заяагаа яаж шийдэх вэ гэдгээ өөрсдөө мэдэх болохоос гаднаас хараат байдлаар шийдэж болохгүй.

Эдийн засаг хүндэрсэн ч иргэдээ ажилтай, орлоготой, хоолтой байлгахын тулд ямар цэг дээр хүрэх ёстой вэ гээд ипотек гэдэг зүйл дээр очиж байлаа. Ипотек маш олон хүнийг ажлын байраар хангах, үндэсний бүтээн байгуулалтын ажил эхэлж байсан. Энэ ипотекийн ард хэдэн мянган гэр бүл тэжээгдэж байсан байхгүй юу. “Сайн” хөтөлбөрүүдийн ард малчид, оюутнууд тэжээгдэж байсан. Бид мөнгө байхгүй гээд суугаад байсан бол инфляци, валютын ханш хэд болох байсан юм. Бүгд ойлгомжтой зураг. Харин энэ үед монголчууд хүнд цагт хөдөлмөр хийдэг гэдгийг харуулсан. Тэр үед Монголоос гардаг хүн цөөн, зарим нь “эх орондоо ирье” гэж ярьдаг байлаа. Зам, гудамж талбайгаас эхлээд олон зүйлийг хийхэд ажлын байр ихээхэн нэмэгдэж байв. Өнөөдрийн дүр зурагтай харьцуулаад бод доо. Тухайн үеийг бодоход өнөөдрийн эдийн засаг нартай сайхан өдөр шиг байна. Тэгсэн мөртлөө Монгол гэдэг тусгаар улсынхаа мөн чанарыг алдаж эхэллээ. Эдийн засаг өсч байхад бид яагаад ОУВС-гаас зээл авч тэдний заавраар өөрсдийнхөө асуудлуудыг шийдүүлэх ёстой юм бэ. Ядаж хүүхдийн мөнгөө асууж, хүнд хэцүү үед ч гэсэн ажлын байраа хадгалж ирсэн аж ахуйн нэгжүүдийг яагаад нэмж дарамтлах ёстой юм бэ. Хуримтлалгүй байгаа иргэдийг ажилласных нь төлөө яагаад татвар нэмж авах ёстой юм бэ. Эдийн засаг өнөөдөр илүү сайжирсан юм бол тэр үеэс илүү иргэдийг хөдөлгөх бодлого хэрэгжүүлэх ёстой юм байгаа биз дээ. Ганц төсвийн бодлого явуулах байсан юм бол ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах ямар шаардлагатай байсан юм гэдэг асуудал үүсч байгаа.

Өнөөдөр харамсалтай нь бид буцаад төсөвт дулдуйдан амьдардаг боллоо. Хуучин руугаа эргээд орж, халамжийн бодлого нь өсчихлөө. Хүнээр юм хийлгэх биш, ангаахайны аманд хоол хийж өгдөг шиг төсвийн бодлого яваад эхэлсэн. Биднийг халамжийн улс болгох гээд байгааг яагаад анзаарахгүй байгаа юм бэ. Төсвөөс гадуур хийгдэж байгаа ямар ажлууд байна, яагаад зогсов. Олон жил явж ирсэн бүтээн байгуулалтын ажлууд эдийн засаг өсч байхад яагаад гацаад эхлэв. Яагаад шийдэл байхгүй байна вэ гэдэг асуулт мөн биз дээ.

-Ардчилсан намын үед тавьсан өрийг дараад олсон таван төгрөг нь байхгүй болчихоод байгаа юм биш үү?

-Ардчилсан нам, Ардын намын тавьсан өр гэж байхгүй, Монгол Улсын өр гэж байгаа юм. Монгол Улсын өр сүүлийн 20 гаруй жилд ямар хэмжээний өр тавьсан бэ гэдэг тооны үргэлжлэл явж байна. Олон Засгийн газрын үед тавьсан өр өнөөдрийг хүртэл явж байна. Өрийг өрөөр дарж, хүүг багасгасан нь тэгж шоудаад байх зүйл биш. Хэдийгээр дотоод өрөө дарж байгаа нь сайн. Гэхдээ дотоод өрийг гадаад өрөөр дарж, гадаадын өрийг нэмж байгаа нь буруу. Хүү бага гэж бүү гайхуул, өр л бол өр. Ардчилсан намын үед хоёр тэрбум ам.долларын өр тавилаа гэж шүүмжлээд байсан бол өнөөдөр 6-7 тэрбум ам.долларын өр нэмэх тухай яриад хэрэгжүүлээд явчихлаа. Дотоодын банкуудад тавьсан өр, гадаадад тавьсан өр хоёрын аль нь үндэсний аюулгүй байдалд харш юм. Үүнийг бодож байгаа хэн байгаа юм бэ. Гадаад өр бол гадаад өр. Хүний мөнгөөр хүүдгэнэж эхэлж байгаагаа бид гайхуулах шаардлагагүй. Ямар ч гэсэн үлдсэн хоёр жилийн хугацаанд том бүтээн байгуулалтын төслүүдээ үргэлжлүүлээд, ипотекийн зээлийг явуулж, жижиг, дунд үйлдвэрлэлээ сэргээж, экспортын асуудлаа шийдвэрлэ л дээ. Хоорондоо хэрэлдэхээ боль. Монголоороо нэг хэрэлдэж, талцдаг боллоо. Үүнийг ардчилсан нам өдөөгөөгүй, үнэмлэхүй олонх өөрсдөө өдөөж байгаа гэдгээ ухаарах цаг болсон. Энэ чинь Монголын хувь заяаны асуудал. Түүнээс биш сөрөг хүчний есхөн гишүүн тэнд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэсний төлөө Монгол Улсыг үймээн самуунд орууллаа гэвэл түүн шиг ташаа зүйл байхгүй.

-Оюу толгойг юу гэж харж байна вэ. Улам шахаанд ороод байгаа юм биш үү. Ажлын хэсэг гарсан гээд байгаа. Ажлын хэсгийн гишүүд нь гоё харагдахын тулд дахиад л популизм хийгээд явах байх даа?

-Оюу толгойн гэрээг байгуулсан болон далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг хийсэн хүмүүсээ барьж аваад шоронд хийчихдэг. Хэн ч дуугарахгүй юм. С.Баярын төлөө МАН-ынхан дуугармаар санагдах ч тэгэхгүй байна. Оюу толгойн гэрээг байгуулахад засагт байсан 4-5 хүн өнөөдөр Их хуралд сууж байгаа ч хэн ч юм ярьдаггүй. Оюу толгой Монголын эдийн засгийг тэлсэн ч Монголын хөгжлийг авч ирээгүй шүү гэж өмнө нь танд ярилцлага өгөхдөө би хэлж байсан даа. Энэ үг улам батлагдаж байна. Тэлсэн энэ том эдийн засгийг цаашид авч явахын тулд Оюу толгойн гэрээг зөв сайжруулаад явах ёстой. Ажлын хэсэг байгуулсан. Тэд Оюу толгойн гэрээн дээр нухацтай хандаасай гэж боддог. Засч сайжруулах зүйл бий гэдэг дээр саналаа хэлнэ. Оюу толгойн 34 хувийг өндөр хүүтэй дамжуулан зээлж байгаа асуудалд анхаарах ёстой. Мөн Оюу толгойн баяжмалын орлого нь Монголын банкаар дамжихгүй байгаа асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Тал талдаа харилцан ойлголцоод засч сайжруулах зүйлс бий.

-Оюу толгойг тойроод баривчилгаа явах юм. С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогтоос эхлээд хэд хэдэн хүнийг шоронд хорьж байна. УИХ-ын гишүүд үгээ хэлэхгүй байна гэж та хэлсэн. Харин та өөрөө ямар байр суурьтай байна вэ?

-Шалгах ёстой зүйл байгаа бол шалгах ёстой. Шоронд хорьж байгаа нь буруу. Ямар нэгэн шалтаг, шалтгаан байгаа бол үүнийг шалгах ёстой тул хэн нэгэн саад, тээг болж болохгүй. Би ч гэсэн Их хурлын гишүүний хувьд тээг болж болохгүй ч нэг зүйл ажиглаад байгаа юм. Монгол Улс Ерөнхий сайд, сайд байсан хүмүүсээ шууд баривчилдаг нь ямар учиртай юм бэ. Хилийн хориг тавиад явчихад л болно. Тэр хүмүүс зугтана гээд байгаа юм уу. Харин ч өөрсдөө шалгуулъя гээд гадаадад байж байгаад ирээ биз дээ. Хорихгүйгээр асуудлыг шийдэх олон зам бий. Тэд төрийн бодлогыг нуруундаа үүрч явсан шүү дээ. 1937 оноос хойш Монгол Улсад ийм зүйл огт гараагүй. Тэр тусмаа ардчилсан Монгол Улсад. 1937 онд Ерөнхий сайд нараа баривчилж, Орост аваачин буудуулж байсан. Оюу толгойн гэрээ бол тэр үеийн УИХ, Засгийн газрын гаргасан төрийн шийдвэр. Төрийн шийдвэрт алдаа, оноо аль аль нь байдаг. Гэхдээ ерөнхий том зургаараа Монголын эдийн засаг тэлсэн. Би чуулганы хуралдаан дээр ч гэсэн өөрийн байр сууриа илэрхийлсэн.

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт орсон тулдаа эдийн засаг эерэг яваа юм. Түүн дээр нь одоо эрх баригчид бүжиг эргэж байгаа шүү. Эрх баригчид 2019 оны үндсэн чиглэлд өөрсдөө эдийн засаг өссөн асуудал нь 2016 онд далд уурхайн анхны хөрөнгө оруулалтаас 400 сая ам.доллар, 2017 онд 800 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирж Монголын эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлсөн гээд цагаан дээр хараар биччихсэн. Энэ өсөлтийг бий болгосон хүмүүсээ шоронд аваачаад хийчихсэн. Цаашаа энэ төсөл явах юм уу, үгүй юм уу. Шийдлээ хий л дээ. Энэ бүхэн чинь Монголыг талцуулж, нийгмийг хоёр хуваачихаад байна. Хэнд ашигтай юм энэ нь. Том бүтээн байгуулалтуудаа хий. Сүүлдээ бүгд айгаад эргэлзээд эхэллээ. Төмөр зам алга. Нефть боловсруулах үйлдвэр яваасай гэж боддог. Зэс хайлах үйлдвэрийн төсөл сураг алдарлаа. Эрчим хүчний үйлдвэрүүдийг ярьж байсан бүгдийг зогсоосон. Энэ бүхэн хаашаа цэгцрээд байна. Өнөөдөр Монголд юм хийж бүтээх сонирхолтой ямар хүн байна вэ. Бүх том бизнесүүдийг чимээгүй болгосон. Засгийн газартай хэлэлцээд хийж байсан зүйлсийг нь улстөржөөд цавчаад унагасан. Монголд амаараа улстөржиж, ажил гацаадаг зүйл их болсон. Одоо болно. Ажил хийдэг хүмүүсээ дэмжихгүй юм уу, хэн юм хийх юм бэ. 76 гишүүн лав юу ч бүтээхгүй. Зүгээр л саад болохгүй байх хэрэгтэй. Монголыг баялаг бүтээдэг, бизнес эрхэлдэг зоригтой, том үйлдвэрүүдийг босгох чадалтай аавын хүүхдүүд бүтээнэ. Би бүх зүйлд эрүүл байх юмсан гэж хүсдэг. Эрдэнэбат гэдэг хувь хүнийг элдэв зүйлтэй холбож, муу муухай болгож бичдэг. Би ерөөсөө тоодоггүй. Улс орноо л эрүүлээр хар. Бид гуравхан саяулаа. Хоёр том далайн дунд байгаа жижигхэн арал. Яаж амьдрах гээд байгаа юм. Бидний ойлголцол, зөвшилцөл, эв нэгдэл хэрэгтэй болохоос улстөрчдийн хоорондын толхилцол энэ улсад ямар ч ашиггүй.

БУлХай лУйвар нь Ил гарна гэСэн айдаСтай ХүмүүС энэ УлС төрИйг зОХИОн БайгУУлалттай эХлүүлСэн

-Таныг чинь 49 хувийг өмгөөлж хамгаалдаг гэх юм билээ. тэгээд л цоллоод байна шүү дээ?

-Намайг янз бүрийн зүйлтэй нэр холбож байгаа. Би Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол нутагтаа оруулж ирэх шийдвэрт гарын үсэг зурсанаа өнөөдөр ч зөв гэж боддог. ОХУ-ын байсан өмчийг Монголд оруулж ирсэн юм. Монголын ард түмэн үүнээс болж огт хохироогүй юм аа. Явдаг журмаараа яваад шийдэгсэн бол аль хэдийнэ нэг талдаа гарах байсан. Гэвч улс төржүүлсэн.

-Энэ 49, 51 хувийн маргаан хэдэн жил ч үргэлжилж мэдэхээр байна…

-Шуудхан хэлье. Ард түмний өмч нэрийн доор улстөрчдийн олон жилийн булхай луйвар, хулгай хувийн өмчид очингуут ил гарна гэсэн айдастай хүмүүс энэ улс төрийг зохион байгуулалттай эхлүүлсэн.Өмнө нь Лхүмбэ, Данзан, Бодоогийн хэрэг гэдэг шиг янз бүрийн хоч зүүж байгаад Эрдэнэбатыг 49-ийн бүлгийн гэмт хэрэгтэн гэдэг шиг болгох юм байна л даа. Би хэн нэгнээс авлига горьдож, 49 хувиас хувьцаа горьдож гарын үсэг зураагүй юм. Би уурхайчин хүн. Тэнд ямар хүмүүс, ямар хамт олон, уурхайн ажил яаж явдгийг дэндүү сайн мэднэ. Ямар үед уурхай ашигтай ажилладгийг ч мэднэ. Одоо Монголынхоо дотоодын зовлон болгоод орхисон. Би 51 хувь шиг ард түмний нэр барьж хулгай хийгээ юу, худлаа яриа юу. Ах дүү нартаа албан тушаал өгөө юу, сэлбэг материал 10 нугалж зараа юу. Ард түмний өмч байгаад уурхай ашигтай байдаггүй юм. Наадах чинь өөрөө популизм. Уурхай өгөөжөө өгч байгаа үед л ашигтай байдаг. Өгөөжийг маш сайн менежмэнтийн баг хийдэг болохоос улстөрчид хийдэггүй юм. Хэрэв Эрдэнэтийг өгөөжтэй ажиллуулна гэж байгаа бол төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх ёстой юм.

-Эдийн засгийг тэлэхийн тулд том төслүүд хөдөлгөх зайлшгүй шаардлагатай. том төслүүдийг хөдөлгөхийн тулд аж үйлдвэрлэл нэн тэргүүнд чухал. Жижиг зүйлээр хөөцөлдөөд эдийн засаг сайжирдаггүй юм байна гэдгийг хангалттай харлаа. аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боломж ямар байна вэ?

-Аж үйлдвэрийн бодлого хол болж эхэлсэн. Дахин уул уурхайн салбарт түшиглэсэн байдал руу явж байна. Ганц тулгуурт эдийн засгийн зовлон энэ. Ухаантайсан бол эдийн засгийн өсөлтийн үед хуримтлалыг бий болгох ёстой. Хуримтлалын сангаараа бид төсвийн алдагдлаа нөхөж байгаа юм. Үүнийгээ зөв гэж хамгаалаад байгааг нь буруу. Төсөвт дулдуйдан амьдарч байхад хэзээ ч эдийн засгийн бодит өгөөж гарахгүй. Орлого нэмэгдэхийн хэрээр зардал нь данхайгаад л байна. Тэр зардал нь Монголын бүтээн байгуулалтын ажилд орж шалихгүй. Хэдэн сургууль, цэцэрлэг барина. Сургууль, цэцэрлэг хэрэгтэй ч үүгээр Монголын эдийн засгийг хэмжиж болохгүй. Монголын эдийн засаг чөлөөтэй байх ёстой. Болж өгвөл жижиг зах зээлийг тэтгэхийн тулд өндөр татвараас зайлсхийх шаардлагатай. Иргэдийн орлого, жижиг дунд бизнес эрхлэгчдийн борлуулалтын орлогоос татвар авдгаа л больчих. Бид дундаж давхаргыг бий болгохын төлөө яваа. Та нар минь мундаг шүү гэж байгаад Монголыг халамжийн орон, өрийн сүлжээ рүү түлхээд эхлэв үү гэж харж байна. Хангалуунаа байг гэхэд бид сэтгэл ханамжтай амьдрах ёстой биз дээ. Үүний тулд Засгийн газар бодлогоо зөв хийх хэрэгтэй.

-Засгийн газрын гишүүд чинь айдастай байгаа юм биш үү. Ч.Хүрэлбаатар сайд “том төслүүдийг хөдөлгөх шийдвэр гаргасан хүмүүс шоронд орж байна” гээд хэлсэн байна лээ…

-Айдсыг тэд өөрсдөө бий болгосон. Хэтэрхий буруу улстөржилт хүний хоол болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Бие биенээ ад шоо үзээд хэн ч биш болголоо. Төрд очиж байгаа хүн бүр нэр, нүүрээ барж, хулгайч гэж хэлсэн хүн өөрөө хулгайч болж хувирлаа. Энэ төрд дотроо ярих сэдэв, иргэдэд нээлттэй сэдэв гэж бий. Харамсалтай нь бид төрийн торгон ухаанаа алдчихсан байна.

-Эдийн засгийн өсөлт гарсан гээд байгаа ч өнөөдөр хүүхдийн мөнгөний асуудлаа бид шийдэж чадахгүй байна. та бол ОУвС-гаас бүх зүйлээ асуудаг боллоо гэсэн. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломж байна уу?

-Хүүхдийн мөнгөөр улстөржиж болохгүй. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох бүрэн боломж өнөөдөр Монголын төрд байгаа. 40 тэрбумын боломжгүй юм уу. 40 тэрбумыг гаднаас асууж байна гэдэг бол тусгаар улсынхаа статусыг алдсан байна гэж уншигдана. 400 тэрбум байсан бол арай өөр асуудал. ОУВС хүүхдийн мөнгийг 100 хувь олгож болохгүй гэж хэлээ ч үгүй. Хүүхдийн мөнгөөр улс төр хийж байгаа нь үнэн. Эрх баригчид 2019-2020 онд хүүхдийн мөнгийг 100 хувь олгохоор боллоо гэж шоу хийнэ. Зорилтот бүлэг гээд Нийгмийн хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулаад Хүний хөгжил сангаас гараад Нийгмийн хамгааллын санд оруулчихсан учраас болохоо больчихсон гэдэг. Болохоо больсон зүйлийг засах боломж 65-д бий. Хуулиа л өөрчилчих. Нийгмийн хамгааллын тухай хуулийн ганцхан заалтыг өөрчлөөд асуудал шийдэгдэнэ. Долоохон хоногийн ажил. Үүнийг яагаад хүсэхгүй байгаа юм. Хүсэхгүй байгаа нь хүүхдийн мөнгөөр улс төр хийж тоглож байгаа. Эрх баригчид зорилтот бүлгийн талаар ярьдаг. Зорилтот бүлэг гэвэл бүх хүүхэд зорилтот бүлэг мөн. Эцэг эхийн асрамжинд байдаг Монголын ирээдүйг баян, ядуугаар нь ялгадаг нь логикийн хувьд асар буруу. Төр ямар хүмүүсээ зорилтот бүлэг гэх вэ гэдгээ тодорхой болгочих. Монголын бүх хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд нйигмийн халамжид хамрагдах ёстой зорилтот бүлэг чинь энэ. Жилийн өмнө 60 хувь байсан зорилтот бүлгийн хүүхдүүд яагаад нэг жилийн дараа 80 хувь болчихдог юм. Ямарыг нь зорилтот бүлэг гэж хуваагаад 20 хувийг нь яаж нэмчихэв гэхээр тайлбар өгөх хүн байдаггүй. Ажлын хэсэг байгуулж, Ерөнхийлөгч, Засгийн газрын хуулийг хамтад нь хэлэлцэхээр болсон нь зөв хувилбар. Их хурал үүн дээр эрүүл хандсан.

Байнгын хороо буруу хандсан. Ажлын хэсэг байгуулагдаад анхны хуралдаанаараа хүүхдийн мөнгийг 100 хувь олгоё гэдэг дээр санал нэгдээд гарсны дараа асуудал өөрчлөгдсөн. Яасан гэтэл Ардын нам бүлгээрээ хэлэлцээд олонхын саналаар 80 хувь дээр тогтсон гэсэн. Үүнийг юу гэж ойлгох вэ. Энэ тун харамсалтай зүйл болно. Бүлгийн шийдвэр гээд зүгээр л 65 кноп автоматаар ажиллаж, дахиад бид бодлогын алдаа руу орно. Зарим айл хүүхдийн мөнгө авдаггүй гэж байна, эрх баригчид. Хүний амьдрал сонин шүү дээ. Өнөөдөр болж байгаа амьдрал маргааш болохоо байсан олон жишээ бий. Хүүхдүүдийн аав, ээж мөнхийн баян, нөгөө хэсэг хүүхдийн аав, ээж мөнгийн ядуу байх юм уу. Яагаад бид амьдралыг бодитоор харж чадахгүй байгаа юм бэ.

дарХан, Сэлэнгэ эрЧИмЖСэн мал аЖ аХУйн БүС нУтаг БайХ ёСтОй нь тОдОрХОй БОлСОн

-Танай тойргийн тухай асуудал өнгөрөгч засгийн газрын хуралдаанаар орж газар тариалангийн бүс нутгийг зарласан байна лээ. Сэлэнгэ аймаг бүхэлдээ үүнд хамаарах ёстой байх. таны байр суурь ямар байгаа бол?

-Сэлэнгэ аймаг хөдөлмөрийн нөөцтэй, үржил шимт хөрстэй арвин баялагтай нутаг. Том утгаар нь харвал Сэлэнгэ Монголыг хүнсээр тэжээж байгаа. Харамсалтай нь олон жил бодлогогүй явж ирсэн нь манай аймагт том зөрчил үүсгэж байна. Би бүх судалгааг нь хийлгэж дууссан. Уул уурхай, газар тариалан, малчид гэсэн гурван том зөрчил үүссэн. Улс орны эрх ашгийн хувьд бид аль нэг сонголтыг хийх ёстой. Бид дөрвөн жил энд суух гэж тэнд нэр зүүж очоогүй. Би тэр бүс нутгийг амьдралтай бүс нутаг байлгах ёстой гэж хардаг. Дархан, Сэлэнгэ Монгол Улсыг үеийн үед хүнс тэжээлээр хангаж байх ёстой юм байна гэдэг нь ойлгомжтой болсон. Үүнийг бодлого болгох ёстой гэдэг хатуу байр суурьт хүрсэн. Энэ нь зарим хүнд таалагдаад заримд нь таалагдахгүйг ойлгож байна. Гэхдээ газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг байх ёстой юм байна гэдэг нь тодорхой болсон. Сэлэнгэд уул уурхай эрхэлбэл ирээдүйд Монгол Улсын хүнсний хангамж байхгүй болно. Тэнд хэн дуртай нь газар ухаж, мал аваачиж, газар хагалж ногоо тарьж байна шүү дээ. Эдийн засгийн үр өгөөж байхгүй амь амиа бодсон зүйл олон жил явсан. Тиймээс эрэмбэтэй цэгцлэх ёстой. Эрэмбэтэй цэгцлэгдсэн газар эдийн засгийн өгөөж бий болдог. Сэлэнгэ аймагт уул уурхайн 200 лиценз байгаагийн 90 хувь нь алтных.

Тэр тэжээх нутгаа эвдээд дуусах нь Монголын эрх ашиг биш. Тэр 200 лицензийг эргэж хараач гэсэн байгаа. Дахиж нэмж лиценз бүү олго. Хайгуулын лицензүүдийг зогсоох хэрэгтэй. Надад ямар нэгэн эрх ашгийн зөрчил байхгүй. Энэ Эрдэнэбатын асуудал биш, энэ газар нутгийг амьд авч үлдэх тухай асуудал юм. Монголын ард түмний амь амьдралтай холбоотой. Газар нутгаа сүйдэлж дуусчихаад хаана нь бид хүнсээ тарих юм.


Categories
мэдээ цаг-үе

М.Пүрэвжав: Хооллолтыг шинжлэх ухаанчаар удирдах шаардлага зүй ёсоор үүсч байгаа

БСШУС-ын сайдын Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хүнсний бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор М.Пүрэвжавтай ярилцлаа.


-Зөв зохистой хооллолт, хоолны шим тэжээлийн талаарх мэдээллийг хүргэхгүй юу?

-Хүн амын хоол тэжээлийн байдлыг тухайн улс орны хувьд аюулгүй байдлыг шийдвэрлэх амин чухал асуудлын нэг гэж үздэг. Дэлхийн бүх улс оронд хоол, түүний шим тэжээллэг чанарыг өндөр түвшинд авч анхааран үздэг. Манай улсын хувьд хүн амынхаа хоол шим тэжээлийн асуудалд амин чухлаар анхаарал хандуулахгүй байгаа юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл иргэд нь өдөр тутмын хооллолтоо хэрхэн шийдвэрлэх вэ, юу идвэл зохистой вэ гэдгийг бүрэн мэдэхгүй эргэлзээн дунд явж байна. Өнгөцөөр өнөөдөр юу идэх вэ гэдгийг л маш их анзаарах болсон. Юу идэх вэ гэдгээ анхаарч эхэлсний гол шалтгаан нь монголчууд өнөөдөр маш их өвдөөд эхэлчихтэй холбоотой. Ээжээс эрүүл төрсөн бие өвдөнө гэдэг өөрөө шалтгаантай. Гэхдээ энэ зөвхөн бидэнд байгаа асуудал биш. Олон улс орон бидэнтэй адилхан хүндрэлтэй тулчихсан байна. Хүн амын өвчлөл, халдварын бусаар өвдөж байгаа шалтгааныг хайгаад үзэхээр шууд хоол тэжээлтэй холбоотой болж таардаг. Халдварын бус өвчлөл нийт өвчлөлийн дотор давамгай буюу түүний 80 хувь орчим нь өдөр тутмын хооллолт, шим тэжээлийн байдалтай холбоотой болох нь нэгэнт тодорхой болсон. Иймд хооллолтыг шинжлэх ухаанчаар удирдах шаардлага зүй ёсоор үүсч байгаа. Энэ үйлдлийн чухал нэг хэсэг нь хүн амд хоол шим тэжээлийн зөв мэдлэг олгох, бага наснаас нь зөв хандлага, дадал зуршилтай иргэн бий болгоход чиглэгдэх ёстой бөгөөд одоогоор манай хүмүүс чухам аль нь зөв юм, хэнд итгэх ёстой вэ гэдгээ мэдэхгүйд хүрчихсэн. Үнэндээ хоол тэжээлийн асуудал тухайн улсын хувьд ирээдүйд орших уу, эс орших уу гэдгийг шийдвэрлэх амин чухал асуудлын нэг юм. Эрүүл бус иргэдтэй улс орон хөгжил, цэцэглэлтийн тухай мөрөөдөхөөс цаашгүй, өвчин зовлон, ядуурал, ажиллах хүчний хомсдолтойгоо л зууралдана. Ийм учраас дэлхийн улсууд үүнд гойд анхаарал хандуулдаг. Үүний илрэл нь цэцэрлэг, сургуулиас эхтэй байдаг. Өдөр тутам шинэ эд, эс, үүсч, өсөн торниж байгаа хүүхдүүдийн хувьд өдөр тутмын хоол, түүгээр дамжуулан авах шим тэжээл нь тэдний насанд хүрсний дараахь эрүүл мэндийг шууд тодорхойлно гэж хэлж болно. Ийм учраас нялх, балчир үрс маань ямар хоол хүнс хэрэглэж байгаа вэ гэдэг нь төрийн, эцэг, эхийн гол анхаарал татах ёстой асуудал юм. Цэцэрлэг, сургуулиас нь эхлэн хүүхдээ зөв зохистой хооллох ажлыг системчлэн зөв зохион байгуулах, шим тэжээлийн боловсрол олгохыг дэлхийн улс орнууд өндөр ач холбогдол өгч, төрийн бодлогодоо нарийвчлан тусгасан байдаг. Үүнийгээ тэд ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт, нийгмийн халамжийн бодлогын илрэл, ядуурлыг бууруулах зөв хэлбэр гэж үздэг болсон.

-Манай улсын хувьд цэцэрлэг, сургуульд өгч буй хоол тэжээлийн байдлыг гаргасан судалгаа бий юу. Ямар түвшинд байна гэж үздэг вэ?

-Судалгаа олон байгаа. Болохгүй байгааг нь бүгд л хэлдэг, мэдэж байгаа ч гэж бодож байна. Тухайлбал, сургуульд үдийн цай өгөх зохицуулалттай ч аль хэдийн амьдрал дээр шөл, бантан өгч эхэлсэн. 86 хувь нь халуун өгч байгаа ч халуун хоол өгч буй гал тогоо, үйлчилгээний хэлбэр нь шаардлага хангахгүй тул эсрэгээрээ эрүүл ахуйн хувьд маш аюултай нөхцөл үүссэн. Аяга тавагны ариутгал асуудалтай. Хүүхдүүд аягаа цүнхэндээ хийчихсэн гүйж яваа. Ямар халдвар тархаж байгааг таашгүй. Манайхан хоолны хордлого гарчихгүй бол тоохгүй байгаа нь бодит үнэн болчихоод байна. Төр 600 төгрөгөнд хүүхдэдээ хүнсний түүхий эд худалдан авч өгөх санаатай мөнгө өгч аль эрт ашгийн хэлбэрт шилжсэн. 600 төгрөгний сургуулийн үдийн цайг түрээсэлнэ гэдэг тэнд хүн ашиг олж ажиллаж болж байна гэсэн үг. Манай улсаас өөр оронд ингэж хүүхдээрээ бизнес хийнэ гэж байхгүй байх. Түүнийг нь энэ олон жил хараад суудаг Засаг ч гэж байхгүй байх аа.

Бас хүүхдэдээ импортын хүнс өгдөг орон бараг байхгүй шүү. Энэ чинь улс орны аюулгүй байдлын асуудал юм. Учир нь хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг алдчихвал ирээдүйгээ алдлаа л гэсэн үг. Гэтэл манай улсад нүүдлийн мал аж ахуй, түүний сүү, эрүүл ногоо, жимс, гурил бүгд байна. Энд зохицуулалт л хэрэгтэй. Нөгөө талаар төрийн худалдан авалтыг үр дүнтэй ашиглаж дотоодын мал аж ахуй, газар тариаланг сэргээдэг тогтолцоо байдаг. Нэг килограм давсыг ч гэсэн гадаадаас биш, дотоодоос авах нь өөрийн улсдаа тустай үйл юм. Гэхдээ нэг буруу ойлголт байна. Орон нутгийн, дотоодын хүнс нийлүүлнэ гэхээр шууд л мах, сүүгээ малчнаас авна гэх ойлголт их байна. Нэг өрхийн хувьд хөдөөнөөс мах, сүүгээ авч болох ч төвлөрсөн газарт олныг хамарсан эрсдэл үүсэх аюултай(малын өвчин зэргээс шалтгаалан) тул үйлдвэрийн боловсруулалт, хяналт хийгдсэн хүнс нийлүүлэгдэх ёстой. Энэ утгаараа хүнс, хөдөө аж ахуйн салбар хөгждөг, иргэд нь найдвартай, аюулгүй хүнсээр хангагддаг. Ганцхан жишээ гэхэд манайд малаасаа зөвхөн тураг махаа ашиглаад, бусад үнэт түүхий эдээ хаяж байгаа учраас мах үнэтэй, малчин мөнгө муутай байна. Гэтэл зөв хэрэглэж чадвал дайвар эрхтэн тэр чигээрээ шим тэжээл (Nutri­ent) юм. Дэлүү гэхэд ямар ч төмрийн бэлдмэлээс чанартай, шимэгдэлт сайтай, аюулгүй төмрийн агууламж маш өндөр байдаг (70 хувь хол гарна). Дэлүүг ашиглаж эхэлбэл жирэмсэн ээжүүд төмрийн бэлдмэл ууж ходоодоо өвтгөх шаардлагагүй л гэсэн үг.

Өнөөдөр сургуульд бантан, гурилтай, ногоотой 200 гр шөл өгснөө халуун хоол өгч байна гэж яриад, цэцэрлэгт олгодог нэг өдрийн хүүхдийн мөнгө болох 1350 төгрөг, ерөнхий боловсролын сургуульд “Үдийн цай” хөтөлбөрт олгодог 600 төгрөгийг нэмэгдүүлчихвэл хүүхдүүд нь болчих юм шиг манайхан их ярьж байна. Үнэндээ мөнгө нэмэгдсэнээр хоолны аюулгүй байдал, шим тэжээлийн агууламж сайжирна гэдэг бараг байхгүй. Судалгаа хийж үзэхэд хоолны мөнгөний зөв зарцуулалт нэлээд асуудалтай. Бүгд нүд хуурсан бичиг цаасны бүрдүүлэлт их байдаг. Тогтолцоог зөв болгоогүй цагт нэмсэн мөнгө хүүхдийн ходоод руу орохгүй, харин хэн нэгэн хүний халаас руу орно. Өнөөдрийн байгаа хоолны мөнгө бага гэдэг нь үнэн боловч бас ч тийм бага биш. Хүмүүс ашиг шингэсэн, арилжааны хоолны үнэтэй андуурч ойлгох нь элбэг байдаг. “Үдийн цай” хөтөлбөрийг ашгийн болгож хувиргасан тогтолцоо нь өөрөө маш буруу гэж өмнө тайлбарласан. Хүүхдийн хоолыг ашгийн бус хэлбэрээр хэрэгжүүлэх ёстой. Учир нь бид хүүхдээ бодитоор хооллож, ирээдүйн эрүүл иргэнийг бий болгох гэж байгаа учраас тэр юм. Гол зорилго маань энэ, түүнээс хэлбэрдсэн нүд хуурсан байж болохгүй. Ирээдүйн эрүүл иргэн эндээс л эхтэй. Хоол нь зөвхөн ходоодны асуудал биш, зөв хүмүүжил, хүндэтгэл, талархал, сайхан сэтгэлийг төлөвшүүлдэг гэж Хоол зүйн мэргэжилтнүүд үздэг. Сургуулийн гал тогоог түрээслэх асуудал 2014 оноос нийслэл хотоос эхэлсэн юм билээ. Нийслэлээс хөдөө рүү жишиг болсон. Өдгөө “Үдийн цай” хөтөлбөрийг хувийн компанид хариуцуулаад, асуудлыг шийдээд, чих амар яваад байгаа мэт боловч үнэн чанартаа хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг гаргуунд нь тавьж байгаа гэдгээ ойлгох ёстой. Насанд хүрэгсэдийн асуудлыг энэ мэтээр шийдэж болох ч өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдүүдээ ингэж орхиж болохгүй юм. Өнөөдрийн буруу явж ирсэн тогтолцооны уршгийг бид 10, 20, 30 жилийн дараа өөрсдийнхөө үр хүүхдийн эрүүл мэндийг золиослон байж мэдрэнэ гэж бодохоор дэндүү харамсалтай. Тэр цагт өнгөрсөн борооны хойноос цув гэдэг болчихсон байна шүү дээ. Яагаад гэвэл эрүүл мэнд гэдэг эргэж олдохгүй эд, олдох дээр тулбал асар их мөнгө шаардах болно. Түүнээс зүгээр эргэж ирэхгүй.

-Сургуулийн хоол, үдийн цайг олон улсын хэмжээнд хэрхэн өөрчлөн шинэчлэх ёстой юм бэ?

-Өнөөдрийн байдлаар дэлхийн 169 орон хүүхдүүдээ сургууль дээр нь хооллодог, улс орон бүр өөр өөрийн зохицуулалт бүхий системтэй байна. Ихэнх нь төрийн зохицуулалттай, ашгийн бус байдаг. Ер нь эцэг эхээс өөр хэн ч хүүхдийн хоолыг хянаж чадахгүй. Гэтэл манай улсад эцэг эхчүүдийн дийлэнх нь өөрсдөө хоол шим тэжээлийн боловсролгүй тул хэрхэн хянах болж байна вэ. Өнөөдрийн манай аав ээжүүдийн хувьд өөрсдөө ч энэ талын мэдлэг сул байгаа нь боломжгүй нөхцөлийг үүсгэдэг. Тийм болохоор цэцэрлэг, сургуульд “найдахаас” өөр арга алга байна. Тиймээс цэцэрлэг, сургуулийн сургалтын хөтөлбөрт “Хоол шим тэжээлийн боловсрол” олгох хэрэгтэй болж байна. Хүүхэд өсөн томорч ирээдүйн эцэг, эх болно. Шим тэжээлт зөв хоолны талаарх мэдлэгийг хүүхэд өөрөө хар багаасаа авч ойлгох нь эргээд элдэв сурталчилгаанд автсан хүн болж хүмүүжихгүй. Одоо манай улсад эрүүл бус хүнсний зар сурталчилгаанд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Хэдийгээр эцэг, эх хориглох гэж хичээсэн ч хүүхэд сурталчилгаанаас элдэв мэдээлэл авч байгаа болохоор хяналтыг үл тоож сайн, сайхан гэж сурталчилсан болгон руу шуурч авахыг эрмэлздэг. Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ гэдэг нь цогц үйл ажиллагаа бөгөөд зөвхөн хоолны мөнгөнөөс хамаардаггүй. Тогтолцоогүй, мэргэжлийн удирдлагагүй бол их мөнгө ч үр дүнгээ өгөхгүй. Тогтолцоо гэдэг нь үндсэн дөрвөн асуудлын тухай яригдана. Нэгдүгээрт, хүнсний хангамжийн үр ашигтай, зөв тогтолцоо байх ёстой. Сургууль, цэцэрлэгийн хүнсний худалдан авалт буюу төрийн худалдан авалтыг эхлээд орон нутгийн, дараа нь дотоодын хүнсээр хангах асуудлыг оновчтой шийдэх шаардлагатай байна. Хоёрдугаарт, зориулалтын гал тогтоотой байх, хүчин чадлын дагуу шаардлагатай тоног төхөөрөмж, туслах хэрэгслээр хангагдсан байх. Тэдгээрийн чанарын асуудал чухал юм. Гуравдугаарт, тогоочийн ур чадварын асуудал. Хүүхэд хоолоо идэхгүй байх нь ихэвчлэн 2 шалтгаантай. Тогооч, хүүхэд идэмгүй хоол хийх, энэ нь тогоочийн ур чадварын асуудал юм. Нөгөө нь тухайн хүүхдийн хоолны дадал, зуршилтай холбоотой. Энэ нь ихэвчлэн гэр бүл, ээжтэй нь холбоотой байдаг. Дөрөвдүгээрт, хооллолтын тухай мэдлэг, түүнд суурилсан хандлага бөгөөд урьд нь идэж үзээгүй хоол идэх, тухайлбал, хөц будаа, байцааны салат зэрэг урьд нь огт идэж үзээгүй хоолыг шууд идэж чадахгүйд хүрдэг. Тэгэхээр хоолны тухай боловсролыг багаасаа эхлэн боловсролын байгууллагаас авч байх нь зүйтэй. Цэцэрлэгт өгч буй хоногийн хоолны шим тэжээлийн агууламжийг үзвэл насны ангиллын дагуу хоол олгодоггүй, хүнсний хэрэглээний дагуу тооцоход илчлэг илүү, чихэр, тос, давсны хэрэглээ өндөр байгаа нь судалгаанаас тодорхой харагддаг. Сургууль, цэцэрлэгт шим тэжээлт хоол өгөх тухай асуудал нь цаанаа бүхэл бүтэн систем тогтолцоо зөв ажилласнаар хэрэгжих бөгөөд хүүхэд чанартай, шим тэжээлтэй хоолоор хангагдаж чадна. Манай улсын энэ салбарт тогтолцооны гажуудал их байгаа. Тиймээс энэхүү системийг бүрдүүлэхийн тулд манай улс анх удаагаа ийм төрлийн хуультай болохоор ажлын хэсэг ажиллаж байна. Бидний үгийг Төр сонсож байгаад бид баяртай байгаа. Гадны улс орнуудыг харахад ихэвчлэн сургуулийн өдрийн хоолны хуультай байдаг. Хуульгүй орон нь стандартын бичиг баримттай байдаг. Ямартаа ч эрх зүй бүрдсэн байдаг. Гэтэл манайд хүүхдийн хоолны мөнгийг нэмэх эсэх асуудал л хөндөгдөхөөс биш, төрөөс зарцуулж буй төсөв мөнгийг үр дүнтэй зөв зарцуулж, хүүхдүүдийн ходоодыг аюулгүй, шим тэжээллэг хоолоор хангаж, яаж эрүүл өсгөх вэ гэдгийг төдийлөн анхаарахгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Гэтэл хоол үйлдвэрлэж, үйлчилнэ гэдэг чинь олон үйл ажиллагаанаас хамаардаг шүү дээ. Гэрт хоол хийхэд ч хүнсний чанараас эхлээд хутга заазуур, ямар хоол хийх, түүний технологи, тохирсон сав суулга гээд бүгд л хэрэгтэй байдаг даа.

-Шим тэжээлтэй хоолонд юу багтах вэ. Эцэг, эхчүүд мэдвэл зохих зөвлөгөөг өгнө үү?

-Манай улсад хоол, шим тэжээлийн зохицуулалттай холбоотой зөвлөмж зэрэг эрх зүйн бичиг баримт хангалттай байдаг. Харин түүнийг бодитоор мэдэж хэрэгжүүлэх нь дутагдалтай. Хүнсэнд суурилсан зөвлөмжийн хэрэгжилт тааруу, мөн чанарын талаарх ойлголт аль ч түвшинд дутмаг байна. Хүүхэд аль болох бага наснаасаа хоол, хүнсний тухай зөв ойлголтыг олж авах нь бие бялдрын болон оюун сэтгэхүйн хувьд эрүүл хүн болон өсөн бойжиход чухал болохыг Дэлхийн олон орны үйл ажиллагаа бэлхнээ илтгэнэ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын зөвлөмж хэмжээгээр насанд хүрсэн хүн хоногт 5 гр буюу 2000 мг натри хэрэглэх нь тархины цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчнийг 18 хувь бууруулж, энэ нь Ази Номхон далайн бүсийн хэмжээнд 600 мянга, дэлхийн хэмжээнд 2.5 сая хүнийг дээрх өвчнөөс үүдэлтэй нас баралтаас сэргийлэх боломжтой юм. Харин манай улсын хэмжээнд нийт хүн амын 83.2 хувь нь хоногт 11.1 гр давс хэрэглэж байгаа нь дээрх зөвлөмж хэмжээнээс хоёр дахин өндөр байна. Түүнчлэн хүн амын дунд өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний 81.6 хувь, нийтийн хоолны 83.6 хувь нь давсны агууламж өндөртэй байгаа билээ. Судалгаанд хамрагдсан цэцэрлэгийн хоолонд хийсэн хэмжилтээс үзвэл 100 гр/мл агуулагдах давсны хэмжээ нь цай, уух зүйлд их байна. Хүүхдэд өгч буй хоолноос харахад нэгдүгээр хоол буюу төрөл бүрийн шөлөнд давсны хэмжээ харьцангуй өндөр байна. Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх «бүх хүүхдэд хамаатай» үндсэн хүчин зүйл нь өдөр тутмын хооллолт, түүнд агуулагдах шим тэжээл (nutrition) болох нь маргашгүй юм. Манай улс хөдөө аж ахуйн орон, малын тоо болон газар тариалангийн асар их нөөцтэй. Өдөр тутмын өргөн хэрэглээний хүнснээс төрөл бүрийн будаанаас бусдыг 70-100 хувь хангадаг болсон гэх статистикийг мэргэжилтнүүд харуулах болсон. Гэтэл бид хүүхдүүдээ импортын хүнсээр давамгайлан, шим тэжээл багатай, хоосон илчлэгтэй, чихэр, тос, давс ихтэй хүнсээр хооллож байгаа нь мэдээлэл буруутай л холбоотой. Энэ мэтээр болох болохгүйг харуулсан судалгаа элбэг байгаа ч болохгүй байгаагаа засч, хурдан интервенц хийхгүй л бол цаг хугацаа өнгөрсөөр, бид ирээдүйн үнэт зүйлээ алдсаар байна.

Хамгийн энгийн зохистой хооллолтын зарчим дэлхийн улс оронд бараг адилхан. Тэр нь хүн өдөр тутмын хооллолтдоо: 1. Үр тарианы төрөл, аль болох үйлдвэрийн боловсруулалт багатай, хальстай үр тариа хэрэглэх, 2. Мах, өндөг зэрэг уургаар баялаг хүнсийг тохирох хэмжээгээр хэрэглэх, 3. Хүнсний ногоог 400 гр хүртэл янз бүрийн боловсруулснаар хэрэглэх, 4. Сүү, цагаан идээг хангалттай хэрэглэх, өдөрт 2-4 аяга сүү, түүнтэй тэнцэх хэмжээний цагаан идээ хэрэглэх, 5. Жимс, жимсгэнийг хэрэглэх, үүнд нөөшилсөн болон чихрийн агууламж ихтэй боловсруулсныг бага идэх шаардлагатай бөгөөд давс, чихэр, өөх тосыг хязгаарлахын дээр Е кодинг цөөн агуулсан хүнсийг хэрэглэвэл эрүүл мэндэд тустай болно. Эдгээрийг танихын тулд бүтээгдэхүүний шошго анзаарах ёстой. Эцэст нь хэлэхэд хоол хүнсний даяаршил явагдсан өнөө цагт хооллолт нь хамгийн энгийн хэдий ч мэдлэг шаардсан хийгээд анзааргагүй явсны эцэст амьдралын чанарт асар их сөрөг нөлөөлдөг, бүхий л утгаараа хэмжээ, хязгаараар илэрхийлэгддэг эрүүл амьдралын үндэс болох хүний нэгэн хэрэглээ юм.


Categories
мэдээ улс-төр

Өнөөдрийн байнгын хорооны хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудлууд

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажил, өнөөгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан;
– Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05…-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
– Бусад.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төсөл /Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Ажлын хэсэг байгуулах тухай /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/.

4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

– “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улс 2020 онд сая жуулчин хүлээн авна

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг( TICA), Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран (GIZ) “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр”, “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийг 2.5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр 2018 оны нэгдүгээр сараас эхлээд байна. Үндэсний хөгжлийн газар нь Монгол, Тайланд, Герман улсын гурван талт хамтын ажиллагааны энэхүү төслийн үндсэн хэрэгжүүлэгч байгууллага юм. “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д тусгагдсан эдийн засгийн тэргүүлэх салбар болох аялал жуулчлалыг иргэдийн оролцоотойгоор хөгжүүлж, орон нутагт ажлын байр шинээр бий болгоно. Мөн ядуурлыг бууруулахад салбар хоорондын бодлого, стратегийг уялдуулан ажиллана. Төсөл Увс, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудад хэрэгжих аж. Судалгаагаар орон нутагт аялал жуулчлал хөгжих боломжтой гэдэг нь харагджээ. Жишээлбэл, зөвхөн Увс аймаг өнгөрсөн онд 68 мянган жуулчин хүлээн авсан гэнэ. Монгол Улс 2020 оноос жилдээ сая жуулчин хүлээн авах зорилго тавьсан. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд дээрх төсөл ихээхэн хувь нэмэр оруулна.

Энэ талаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр”-ийн дэд захирал О.Батболдтой ярилцлаа.


-“Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн зорилго юу вэ?

-Энэ төслийг 2018 оны эхнээс Монгол, Герман, Тайланд улс хамтран хэрэгжүүлж байгаа юм. Төслийн үндсэн зорилго нь Монгол Улсад аялал, жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх. Аялал жуулчлал тогтвортой хөгжихөөс гадна, хүртээмжтэй эдийн засаг байх ёстой. Өөрөөр хэлбэл аялал жуулчлал хөгжихийн зэрэгцээ эдийн засгийн үр өгөөжтэй байдаг. Энэ өгөөжийг орон нутгийн иргэд хүртэж, амьжиргаагаа дээшлүүлэх боломж гарна. Аялал жуулчлал хөгжихийн хэрээр орон нутгийн малчид тариаланчдын орлого нэмэгдэнэ. Улмаар энэ нь ядуурлыг бууруулахад томоохон дэмжлэг үзүүлнэ гэж тооцож байгаа.

-Төсөл дэх Тайланд улсын оролцоо ямар байх бол?

-Тайланд аялал жуулчлалын асар их туршлагатай орон гэдгийг монголчууд мэднэ. Энэ орон 69 сая хүн амтай. Харин энэ жил 39 сая жуулчин хүлээж авахаар тооцож байна. Тайланд жуулчдыг олноор хүлээн авах бодлого баримталдаг. Манайхныг урьж, туршлага солилцож, сургалт явуулж байгаа. Тайланд газар нутгийн байршил, уламжлал гээд олон зүйлээрээ массын аялал жуулчлал хөгжүүлсэн улс. Харин манай улс дэд бүтцээс эхлээд олон шалтгааны улмаас жуулчин олноор хүлээн авах боломж байхгүй өнөөг хүрсэн. Тиймээс бид орон нутгийн иргэдэд түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх зорилт тавьж байгаа.

-Өнөөгийн манай аялал жуулчлалын салбар ямар түвшинд байна?

-Дэд бүтцийн сул хөгжил аялал жуулчлалын тоог хязгаарлаад байгаа юм. БОАЖЯ-ны мэдээллээр өнгөрсөн жил 500 орчим мянган жуулчин хүлээн авсан. БОАЖЯ-наас бодлого хэрэгжүүлээд энэ тоог 2020 он гэхэд нэг саяд хүргэхээр ажиллаж байна. Гэхдээ энэ тоонд хүрэх нэг асуудал. Нөгөө талаасаа энэ хэмжээний жуулчдыг хүлээж аваад аялал жуулчлалын компаниуд хэр ашиг олох, орон нутгийн иргэдэд ямар өгөөж өгөхийг тооцох ёстой. Аялал жуулчлалын салбар, манай төслийн зорилго ч энэ чиглэлд явж байгаа. Аялал жуулчлалын салбар хөгжихийн хэрээр орон нутгийн эдийн засаг сайжирч, иргэдийн орлого нэмэгдэх ёстой.

-Дэд бүтцээс гадна хэлэлцүүлэг дээр жорлонгийн асуудал яригдлаа.

-Гадны жуулчны хувьд бол жорлон гэдэг наад захын хэрэгцээний асуудал. Тэд жуулчлахдаа жорлонгүй газар байна гэж төсөөлдөггүй. Тайландад ажилласан манай багийнхан “Ямар ч жижиг тосгонд очсон жорлонгийн асуудлыг шийдсэн байсан” гэж ярьж байгаа юм. Жорлонгийн асуудал жижиг юм шиг сонсогддог ч аялал жуулчлалын хувьд маш чухал байдаг. Гадны жуулчин “Би Монголд гурав хонохдоо ОО асуудалтай байсан” гэж яривал, түүнийг сонссон ямар ч хүн Монгол руу зүглэхгүй.

-Төсөл хэрэгжих гурван аймаг ямар ажил зохион байгуулах вэ?

-Ямар нэгэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд урт хугацааны бодлого боловсруулах хэрэгтэй. Бусад салбаруудынхаа бодлоготой нэгдсэн, уялдсан байх ёстой. Эхний ээлжинд хөтөлбөрүүдээ шинэчилнэ. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн үндэсний зөвлөхүүд манай төсөл дээр ажиллаж байна.

-Яагаад Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөхүүд гэж?

-Энэ сургууль хамгийн сайн мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа. Хөтөлбөр, төгсөгч нь орчин цагийн аялал жуулчлалын стандартыг хангана.

-Яаж аялал жуулчлалаас орон нутгийн иргэд ашиг хүртэх вэ?

-Манайхан Хятадаас янз бүрийн юм авчирч зардаг. Гэтэл бидэнд дотооддоо үйлдвэрлэж болох олон бүтээгдэхүүн байдаг. Тиймээс өөрсдөө хийж чадах бүтээгдэхүүнээ заавал өмнөд хөршөөс авах шаардлагагүй. Жуулчдад өөрсдийн гараар хийсэн бүтээгдэхүүнээ борлуулж ашгаа хүртэх боломжийг бүрдүүлнэ. Орон нутаг бүрт өөрийн гэсэн онцлогтой бэлэг дурсгалын зүйл хийх боломж байдаг. Иргэд үүнийгээ ашиглаж чадвал чамгүй ашиг олох боломжтой. Харин энэ нөхцөлийг мэргэжлийн байгууллагууд, төр засаг иргэд болон компаниудад нээж өгөх хэрэгтэй байгаа юм.

-Жишээлбэл?

-Бид орон даяар “Баянхонгор аймгийн бэлгэ тэмдэг юу байх вэ” гэсэн уралдаан зарлаж байна. Энэ тохиолдолд улс даяар амьдарч байгаа иргэд оролцоно. Тэр тусмаа Баянхонгор аймгийн бусад аймаг хотуудад байгаа иргэд дуртай оролцоно. Тэднээс ямар ч их санаа, санаачилга гарч болно. Тэр санаанууд Баянхонгорын бэлгэ тэмдэг, брэнд болж болно шүү дээ. Ингэснээр Баянхонгор жуулчдад бэлэглэх, худалдах өөрийн гэсэн бэлэгтэй болно. Жуулчид очсон газрынхаа давтагдашгүй зүйлээр гайхуулах хоббитой байдаг.

-Орон нутгийн зам маш муу байдаг.

-Төв замууд гайгүй. Гэхдээ бид аяллын маршрутыг сонирхолтойгоос гадна хөдөө орон нутгийн иргэддээ ашигтайгаар тогтоох хэрэгтэй.

-Айл хэсүүлнэ гэсэн үг үү?

-Жуулчид нэг их тохилог газраар яваад байхыг чухалчилдаггүй. Гэхдээ мэдээж дэд бүтэцтэй газраар явна. Монголд ирсэн жуулчид түүх, өв соёлоос гадна өнөөгийн монгол ахуйтай танилцах сонирхолтой байдаг. Жишээлбэл, малчин айлд очиж айраг хийх, тараг бүрэх, өрөм загсаах, унага татах, үнээ саах зэргийг дэргэдээс нь харах маш их сонирхолтой байдаг. Дэлхий дээр массаараа аялал жуулчлал их хөгжсөн. Харин Монголд бол арай өөр.

-Юугаараа?

-Өнө эртнээс уламжилж ирсэн монгол ахуй, амьдралын хэв маяг сонирхох гэж ирдэг. Энэ тохиолдолд хэдэн зуугаараа ирэхгүй. Тэр бүү хэл мал хариулах, ногоо тарих ажилд туслах гэж ирдэг жуулчид ч нэмэгдэх хандлагатай байгаа.

-Яагаад?

-Өндөр хөгжилтэй орны иргэд асар их стресстэй байна. Монгол шиг үзэсгэлэнт, онгон байгальтай, амгалан тайван, сонирхолтой амьдрал ахуйтай газар нэг хоноход тэдэнд маш сайхан амралт болдог. Үүгээрээ манай орон давуу.

-Увс аймаг дангаараа 70-аад мянган жуулчин авсан байна.

-Тийм. Увс аймаг боломжийг маш сайн ашигласан. Аялал жуулчлалыг хөгжүүлэх олон санаачилга гаргасан. Үүнийхээ үр дүнг үзсэн. Увсын удирдлагууд хөрш Тувадаа олон арга хэмжээ зохион байгуулж, нутагтаа урьсан. Тувачуудын сонирхлыг татаж чадсан. Бизнесээ хөгжүүлж байна. Манай орны иргэд визгүй зорчдог болохоор манайх руу ирэх нь нэмэгдсэн. Одоо Увс аймагт зочид буудлууд нэмэгдэж байна.