Categories
мэдээ нийгэм

ХБНГУ-ын Засгийн газраас дахин 19,5 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэжээ

2012 оны 3 дугаар сард Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан Хөгжлийн хамтын ажиллагаааны хэлэлцээрийн хүрээнд Монгол орны уур амьсгалын өөрчлөлтөнд голлон анхаарч биологийн олон янз байдлын хамгаалал, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллах асуудал тусгагдсан. Тус хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Сангийн Яам Германы Сэргээн босголт Зээлийн банк (ГСБЗБ)-тай “Санхүүжилтийн гэрээ”, БОНХЯ ГСБЗБ-тай “Санхүүжилтийн Тусгай гэрээг” тус тус байгуулснаар “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох” (БОЯБХУАӨДЗ төслийг санхүүгийн хамтын ажиллагааны буцалтгүй тусламжийн хүрээнд Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Төв, Хангай, Зүүн бүсэд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Монгол Улс, ХБНГУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү төслийн II үе шатанд ХБНГУ-ын Засгийн газраас дахин 19,5 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлээд байна.

Тус төслийн хүрээнд бартаат замын 4 ширхэг мотоцикл, 62 ширхэг судалгааны багаж хэрэгслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц. Цэнгэл Хөгнө Тарны Байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаанд гардуулав.

Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг дэмжих, хамгаалалттай газар нутагт эргүүл, хяналт шалгалт, судалгаа мониторингийн ажлыг чанартай гүйцэтгэхэд эдгээр тээврийн хэрэгсэл, хээрийн судалгааны тоног төхөөрөмжүүд нь чухал ач холбогдолтой юм.

Categories
гадаад мэдээ

104 хүнд бүх насаар нь хорих ял оноожээ

Туркийн шүүх төрийн эргэлт хийх оролдлоготой холбоотой гэх үндэслэлээр армийн 104 офицерт бүх насаар нь хорих ял оноосон тухай “Би-Би-Си” телевиз мэдээлэв.

2016 оны долдугаар сарын 15-нд Туркэд Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг түлхэн унагаах оролдлого болсноор 260 орчим хүн амиа алдаж, 2200 хүн шархдаж, гэмтэж бэртэж байсан билээ.

Тэр үеэс хойш Туркийн Засгийн газар төрийн эргэлт хийх оролдлоготой холбоотой гэх үндэслэлээр 150 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлж, 50 мянга орчим хүнийг баривчлан саатуулаад байна.

Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган төрийн эргэлт хийхийг завдсан этгээдүүдэд цаазын ял оноох тухай саяхан цухас дурдаж “Ялтнуудад Гуантанамогийн булангийн шоронгийн хоригдлуудынхтай адил хувцас өмсүүлэх хэрэгтэй” гэсэн юм. Турк улс нь 2004 онд цаазын ялаас татгалзсан билээ.

2016 оны төрийн эргэлт хийх оролдлогыг гол зохион байгуулагч нь АНУ-д амьдарч буй лалын шашны номлогч Фетулла Гуленыг гэж Туркийн эрх баригчид үзэж, түүнийг шилжүүлэн өгөхийг Вашингтоноос хүссээр байгаа юм. Харин Ф.Гулен өөрийгөө ямар ч гэм буруугүй гэж мэдэгдсээр байна.

Categories
мэдээ нийгэм

Баян-Агт сум “Сонгино” төсөл хэрэгжүүлж байна

Булган аймгийн Баян-Агт сумын Засаг даргын Тамгын газар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн хүнсний ногооны хэрэгцээг хангах зорилгоор “Сонгино” төсөл хэрэгжүүлж байна.
-Сумынхаа арван өрхийн орлогыг нэмэгдүүлэхээр “Сонгино” төсөл хэрэгжүүлж, Баянхайрхан багийн нутаг Ногоо хэмээх газар тариалалт хийж байна. Нэг га талбайд 600 кг төл сонгино суулгаж намар 6,0 тонноос доошгүй ургац авахаар төлөвлөж байна гэж тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Нармандах ярилаа.

Тус энэ хавар 1950,5 га талбайд тариалалт хийснээс 1946 га талбайд улаанбуудай, 4 га-д төмс, 0.5 га-д хүнсний ногоо тариалаад байна.

Categories
мэдээ нийгэм

“Сасүке нинжа дайчин” шоу монголын үзэгчдэд хүрнэ

Монголын телевиз үзэгчид “Got talent” (Авьяаслаг Монголчууд), “Яг түүн шиг”, “Next top model” “The Voice” зэрэг дэлхийн ихэнх оронд нэвтэрсэн шоуг албан ёсны эрхтэйгээр цэнхэр дэлгэцээр үздэг болсон. Тэгвэл уг жагсаалт нэгээр нэмэгдэж, Японы TVS телевизийн “Сасүке нинжа дайчин” шоуг удахгүй “Монгол нинжа дайчид” нэрээр МҮОНРТ үзэгчиддээ хүргэхнээ.

Тус шоуны анхны дугаар 1997 онд арлын Японд эфирээр цацагдсанаас хойш өнөөг хүртэл жил бүр 1-2 дугаар үзэгчдэд хүрсэн юм. Түүнчлэн Англи, Герман, Франц, Итали, ОХУ, БНХАУ зэрэг 20 орны телевиз эл нэвтрүүлгийн албан ёсны эрхийг авч өөрсдийн үзэгчдэд хүргэсэн байдаг. Харин МҮОНРТ эл шоуны албан ёсны эрхийг авснаар Монгол Улс “Сасүке нинжа дайчин” телевизийн шоуг хийсэн 21 дэх улс болох юм.

Дээрх шоу нэвтрүүлэг нь дөрвөн үеэс бүрддэг. Эхний үед хурд, авхаалж самбаа дараагийн үед оролцогч бартаа саадыг давах хэрэгтэй болдог. Харин гуравдугаар үед нинжа дайчид агаарт байрлуулсан саад бартаатай тулна. Ийн төгсгөлийн үед оролцогчид цаг хугацаатай уралдах ёстой. Тодруулбал, олс, шат эсвэл ханаар дамжин дээш өгсөж, өгөгдсөн цаг хугацаанд багтаж цамхгийн оройд хүрэх ёстой.

“Сасүкэ дайчин Нинжа” нэвтрүүлгийн дээрх үе шат нь 21 саад бэрхшээлээс бүрддэг. Оролцогчдыг үе шат бүхэнд биеийн хүчний төрөл бүрийн ур чадвар, сорилоор сорих бөгөөд ялалт байгуулахад бие физиологийн тэнцвэр, ур чадвар (оюун сэтгэлийн хат)-аа бэлдэх хэрэгтэй гэнэ.

Нэвтрүүлгийн оролцогчдын тухайд “Сасүкэ дайчин Нинжа” шоунд бүртгүүлсэн нийт хүнээс нэвтрүүлгийн багийнхан 100-200 оролцогчийг сонгон шалгаруулж авдаг.

Оролцогчдыг сонгоход анхаардаг гол зүйл бол аль болох эрс тэс мэргэжилтэй хүмүүсийг эл тэмцээнд оруулахыг зорьдог юм байна. Жишээлбэл, “Сасүкэ дайчин Нинжа” шоу эгэл жирийн залууг олимпийн аваргатай өрсөлдүүлж, тэдний хоорондын тэмцлийг нь үзэгчдэд хүргэдэг. Тиймдээ ч “Эгэл жирийн хүмүүсийн олимп” гэгддэг тус шоу зөвхөн уралдаан тэмцээн гэхээсээ илүү оролцогчдын хөрөг нэвтрүүлэг болж чаддаг юм. “Монгол нинжа дайчид” нэвтрүүлгийн бүртгэл энэ сарын 19-нд хийгдсэн бөгөөд оролцогчдын нэрс ирэх долоо хоногт тодорч зураг авалт наймдугаар сард болох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Voice” шоуны оролцогч Ж.Ариунжаргал шилдэг дөрөвт шалгарсны дараа

“The Voice of Mongolia” шоуны хагас шигшээ өнгөрсөн ням гаригт гарсан. Үүнээс шүүгчдийн финалд өрсөлдөх дөрвөн оролцогч тодорсон юм. Энэ удаа шүүгч тус бүрээс шалгаран үлдсэн хоёр оролцогчийн нэг нь үзэгчийн саналаар сүүлийн шатанд үлдэх ёстой. Д.Болд шүүгчийн багаас Ж.Ариунжаргал финалд өрсөлдөх эрхээ авсан юм.

Монголд анх удааг зохиондож буй “Voice” шоунд урлагийн гэр бүлээс оролцож буй цөөнгүй хүн бий. Тэдний нэг нь Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин Ж.Ариунжаргал юм. Тэрбээр өөрийг нь сонгож саналаа өгсөн үзэгчдэдээ хандаж цахим хуудаснаа

Bella Хамгийн эхлээд хайртай шүү! Багийнхандаа бүгдэд нь хайртай. Доржсүрэн Болд шүүгчдээ баярлалаа! Өнөөдрийн бүх оролцогчид бүгд шилднг нь. Надад энэ их итгэлийг хүлээлгэсэн та бүхэндээ маш их баярлалаа. Одоо надад их хариуцлага үлдсэн. хамгийн хамгийн гэсэн бүх зүйлээ шавхах болно. Мөн ” The Voice of Mongolia“-Mongol TV-гийнхэн үнэхээр чадварлаг өдөр шөнөгүй бидний төлөө хоол нойргүй зүтгэдэг, маш бахархмаар хамт олон шүү. Намайг дэмжсэн, урмын үг хайрласан, санал явуулсан бүх хүмүүстээ яаж талархахаа мэдэхгүй юм. Би эцсээ хүртэл өөрийнхөөрөө хүсэл мөрөөдлөө өвөртөлж явсан. Намайг Ж.Ариунжаргалаар минь харж дэмжиж итгэл хайрласан та бүхэндээ баярлалаа гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна. Та бүхний ачаар хүний амьдралд ховор мэдрэх мэдрэмжийг тултал мэдэрч аз жаргалаар дүүрч явна. Та бүхний надад хүлээлгэсэн энэ их итгэлийг алдахгүй” хэмээн бичжээ.

С.ОТГОНБАЯР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баабар: Дубайд ямар ч нууц гэрээ байгуулаагүй

“Монголын эдийн засгийн чуулга 2018”-д хэлсэн үг

1998 онд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Монголын банк санхүүгийн системд хийгдсэн гол чухал реформыг удирдан хийлгэсэн хүн нь би өөрөө байна. Бараг бүх арилжааны банкууд төрийн мэдэлд байсан ба 1992-1998 оны хооронд арав гаруй банк дампуурахад бүгдийг нь “Ард” хэмээх хамгийн том банкин дээрээ овоолж санхүүгийн аймшигт хямрал буй болгочихсон байлаа. Төрд хамаарах арилжааны банкууд 100 сая орчим долларын найдваргүй зээл олгосон нь тухайн үеийн чадавхигүй улс орны санхүүгийн системийг тэр чигээр нь хөнтрөх хэмжээнд тулчихаад байсан юм. Үндэсний нийт бүтээгдэхүүн ганц тэрбум долларт хүрдэггүй, ДНБ-ийнхээ 40 хувийг гадны зээлээр бүрдүүлдэг, улсын нийт нөөц нь 1996 оны байдлаар ердөө зургаахан сая доллар байсан ийм оронд энэ хямралт тогтолцоог яаралтай засахгүй бол улсаараа дампуурах ирмэгт тулсан байсан. Төрд хамааралтай бүх банк зээл олгосны шанд зээлүүлэх шийдвэр гаргагчид 10-15 хувь хахууль өгдөг нь ил тод, бүр заавал тэгэх ёстой жишиг болчихоод байсан. Гэвч реформ хийхээс бүгд айж зугтдаг байсан болохоор үүнийг зориглож хийх хүн хэрэгтэй байлаа. Тэр зоригтой мангар нь би болж таарсан. Гүжир гүтгэлэг, гуйвуулга, улстөрийн хонзогнол улс даяар үерлэж эгээтэй л цаазаар авахуулчихсангүй. Гээд тэр реформын хүчээр банк санхүүгийн систем эрүүлжсэн. Та өнөөдөр аль нэг банкинд очоод “Мөнгө зээлүүлээч, зээлүүлсэн мөнгөний чинь 15 хувиар чамайг хөхиүлэн шагная” гээд хэлээд үз дээ.

Харин би үүнээс хойш Монголын төр байтугай улс төрийн намаас ч аль болох дөлж холхон байхыг хичээх болсон. “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэж аль 1938 онд Ерөнхий сайд А.Амар сануулж байсан. ХХ зуун болоод энэ зууны эхний хорь шахам жилд үүргийнхээ дагуу улс төрийн шийдвэр гаргаад, түүндээ дандаа буруутсан хүмүүсийн намтраар манай эх орны түүх бүрддэг. Тэр байтугай бүх Ерөнхий сайд нарын 20 хувь нь алагдсан ба бусдын эрхшээлд үхсэн. Сайн нэртэй, эсвэл огт мартагдсан удирдагчид нь ямар ч улс төрийн шийдвэр гаргалгүй чимээгүй амиа хоохойлоод явагсад байжээ.

Нэгэнт өмнө нь гашуун туршлага байгаа болохоор цаашид ч энэ байдал улам лавшрана. Улс орны байтугай айл өрхийн хэмжээнд ч шийдвэр гаргах үүрэгтэй хүн огт шийдвэр гаргахгүй байх нь хамгийн аюул хөнөөлтэй гамшиг юм. Буруу шийдвэр гаргаж болно, энэ нь үүнээ засах бололцоог буй болгож байгаа юм. Харин ямар ч шийдвэр гаргахгүй байх нь мөхөл рүү хөтлөх хамгийн тохиромжтой дардан зам. Ямар ч шийдвэр байхгүй вакуумжсан орчинд хорлон сүйтгэх ажиллагаа маш идэвхижиж улсын хувьд ч айлын хувьд ч ашиг завшаан харсан нэгэнд хялбар зууш болдог. Хийрхэл газар авч, онцгойрон хийрхэгчид нь эндээс амин хувийн ашиг завшаан олно. Тэд хичнээн их ашиг завшаан оллоо оллоо гээд тэр нь нийтэд учирч буй хохиролтой харьцуулахад дуслын төдий л юм байдаг. Жоом устгаж байна гээд гэр орноо түймэрдэн шатаах, шудрага явдал тогтоож байна гээд улс орноо мөхөөх хоёрт онцын ялгаа байхгүй. Жоом хортой нь шинжлэх ухаанаар батлагдсан, харин шудрага гэж яриад байгаа нь ихэнхдээ хийрхэгчийн өөрийнх нь үнэлэмж байдгаараа ялгаатай.

Оюутолгой хэмээх зэсийн асар том орд энэ зууны эхээр Монголоос олдсон нь өнөөдөр бидний хамгийн том зовлон гамшиг боллоо. Үүнийг монголчууд ч олоогүй, гадны мэргэжилтнүүд нээгээгүй бол өдий болтол хэнд ч зовлон тарилгүй газар дороо нам тайван байх байсан. Олсон байлаа гээд үүнийг ашиглах хөрөнгө мөнгө, техник технологи, чадал тэнхээ бидэнд байхгүй. Оюутолгой нээгдсэн үеэс хэрүүл үүссэн, тэр үед Монгол Улсын үндэсний нийт үйлдвэрлэл ганц тэрбум доллар байсан. Харин гадаадын хөрөнгө оруулагч олдсоны хүчээр өдгөө бидэнд огт байхгүй 10 тэрбум орчим долларыг гаднаас татчихаад байна. Монгол орон байгалийн баялагаар дэндүү баян. Цаана нь зөндөө олон Оюутолгой байгаа. Хэрэв энэ бүхнийг зөв зүйтэй ашиглаж чадвал бид дэлхийн хамгийн баян орны нэг болох ирээдүй бий. Өөрөө ч иддэггүй өрөөлийг ч хавьтуулдаггүй бухал манасан нохой шиг байгаад байх аваас биднээс гуйрамчлал хэзээ ч салахгүй. Монгол Улсыг улс төр, эдийн засгийн хувьд ганцаардуулж вакуумжуулах хүсэл хэний сонирхол байж болохыг бас бодож үзээрэй. Тэнэг хүн бусдын доог тохуу болж байгаагаа ч мэддэггүй юм даа.

Манай иргэдийн хэтэрхий дийлэнх нь Оюутолгойн гэрээ буруу болсон, гадныханд ясандаа тултал дээрэмдүүлж байна, манай бүх баялагийг тэд дээрэмдэн аваад ганц төгрөг ч хялайлгадаггүй, бид Оюутолгойгоос болоод хэзээ ч төлж барахгүй өрөнд орсон гэсэн ягшмал ойлголттой болсон. Бодит байдал дээр Оюутолгой компани 2009-2017 онд Монголын банкуудаар дамжуулан 7,7 тэрбум орчим доллар Монголд оруулж иржээ. Үүнээс 1,6 тэрбум долларыг улсын төсөвт нийлдэг татвар, нийгмийн даатгалд өгсөн байна. Үүн дээр Дотоод ханган нийлүүлэгчдэд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь 520 сая доллар болж нийлбэрээрээ 2 тэрбум гаруй доллар болжээ. 5,7 тэрбум доллароор Монголд 1700 орчим компанитай худалдаа хийжээ. Оюутолгойд өнөөдөр 14 мянган монгол хүн ажиллаж байгаа ба тэдний доод цалин нэг мянган доллар, дундаж цалин сард гурван мянган доллар байгаа нь бусад аль ч салбарынхаас арав дахин илүүд тооцогдож байна. 2009-2017 оны хооронд Оюутолгой хоёр жил хаалгаа барьсныг энд бас тооцож үзээрэй. Оюутолгойн Монголд жилд үлдээж байгаа мөнгөний нийт дүн дангаараа тэрбум доллар болж байгаа нь Оюутолгойгоос өмнөх үеийн Монголын нийт үндэсний орлоготой тэнцэж байна. Энэ үлдээж байгаа мөнгө нь Монголын төрөөс цалинждаг 187 мянган ажилтан албан хаагч болон тэгтгэвэр авдаг нийт 398 мянган хүмүүсийн нийлбэр цалин тэтгэмжтэй тэнцэж байна. Оюутолгойгоос сар болгон 110-120 сая доллар Монголын банкуудаар орж монгол төгрөгөөр хөрвөж буй нь өнөөдөртөө монгол төгрөгний ханшийг тогтоож байна шүү дээ. Эдгээр нь нууц тоо биш, үүнийг яг над шиг манай банкуудаас лавлаж болно. Учир нь энэ бүх мөнгө Монголын банкуудаар эргэлддэг. Өнөөдөр эмч, эмнэлгийн ажилчид цалингаа нэмэхийг шаардан жагсаж байна. Хэрвээ Оюутолгой зогсвол юун цалин нэмүүлэх, дээр нь багш нар цалингүй болно. Төгрөгийн ханш хэлбэлзээд байдаг учир америк доллароор хэллээ, төгрөгт шилжүүлэх гэвэл 2500-аар үржүүл, их наяд гэсэн тоо гараад ирнэ, энэ нь ардаа 12 тэгтэй төгрөг шүү.

Буруу гэрээ болсон гэхийн хувьд гэрээг хэн уншиж чухам аль заалт нь буруу буюу алдагдалтай болсныг нотолсон юм бэ? Миний таамаглаж байгаагаар намайг оролцуулаад Монголын талаас гэрээг бүрэн байтугай хагас дутуу уншсан хүн огт байхгүй байхаа. Уншсан ч ойлгохын тулд олон улсын гэрээ хэлэлцээрийн дэг жаяг, утга учир, тооцоо нягтлалыг хуулийн болон эдийн засгийн утгаар нь мэргэжлийн төвшинд мэддэг хичнээн монгол хүн манай гурван сая иргэд дотор бий билээ дээ?

Өрөнд орсны хувьд хэний буруу вэ? Оюутолгойн ордыг ашиглахаар шийдсэн гадны компаний 34 хувийг өөрсдөөс нь зээлээр авч эзэмшээд, хожим олзворлолтоос ноогдох зэсээрээ эргүүлж төлөх шийдвэрийг хэн гаргасан бэ? Эндүүрээгүй бол 2008 онд орд ашиглах компанитай гэрээ хийхээр томилогдсон хүмүүс УИХ-аас хатуу тулган хуульчлагдсан 34 хувь гэсэн тоотой очсон санагдана. Ямар ч өр зээл тавилгүй, нэг төгрөгний ч гарлагагүйгээр татвараа аваад явахад ямар ч хариуцлага хүлээлгүйгээр илүү ашигтай байхаар байна гэдгийг мэргэжлийн олон хүн анхааруулж байсныг өнөөдөр мартсан уу? Оюутолгойн гэрээ муу буруу болсон гэдэгтэй би санал нэг байна. Муу, буруу нь чухам энд байна. Энэ бурууг бид өөрсдөө хийсэн.

Дубайд ямар ч нууц гэрээ байгуулаагүй. Нууц байсан бол дэлхийн хамгийн нээлттэй хотод биш, Улаанбаатарын аль нэг орон сууцны подволд хаалгаа түгжиж байгаад хийвэл хамаагүй илүү нууц байх болно. Манай ард түмний “хилэнт” эсэргүүцлээс болоод хоёр жил хаалгаа барьсан байсан Оюутолгойн ордын ашиглалтыг эргүүлж амилуулах, баялагийн ихэнх нь нуугдаж байгаа хоёр км-ын гүн дэх зэсийг газар дор баяжуулах дэлхийд өөр хаана ч байхгүй цоо шинэ дэвшилтэт технологиор ашиглах болсноо дэлхий даяар ил тодоор зарлаж, үүний дүнд бусад орны хүн болон компаниудыг Оюутолгойд хөрөнгө оруулахыг ятган уриалахын тулд, нэг үгэндээ нууц биш байлгахын тулд олон орны том компаниуд төвлөрсөн, санхүү бизнисийн дэлхийн хамгийн нээлттэй хотын нэг Дубайг сонгожээ. Энгийн үнэн ердөө л энэ.

Иймэрхүү үнэнийг гуйвуулсан, улайм цайм гүтгэсэн, нийгэмд худал мэдээ тарааж үймүүлсэн эх оронч мэдээлэл юун түрүүн төрийн байгууллагаас эхэлж гардаг. Төрөөс дэмжлэг авсан өвчтэй эрүүл нь мэдэгдэхгүй хүмүүс, яль шалигүй ашиг завшаан хайсан рэкэтчид энэ үгэнд хууртаж, эсвэл хожоо гаргах гэж биечлэн гардан тулалдаанд ордог. Оюутолгой болон өөр бусад уул уурхайн компанийг айлган сүрдүүлж, тэндэрийг нь аваад тэр чигтээ гулруулан дээрэмдчихсэн хэд хэдэн зүтгэлтэн өнөөдөр ч төрийн дээд эрх мэдэлд суусаар байгааг би нэрээр нь хэлж чадна. Жинхэнэ томоохон хожоо гаргагчид тэд. Хөөрхий гудамжныханд шавхруу л ноогдож байгаа шүү дээ. Зайлуул даа, эдний хожиж гийгүүлсэн нийт мөнгөний нийлбэр дүнг Монголын эдийн засагт учруулж буй хохирлын мөнгөн дүнтэй харьцуулахад дусалд ч хүрэхгүй.

Хайрлаад байхаар нэр төр байхгүй, эсвэл хэнд ч танил биш учраас хэнд ч ажиглагддаггүй мөртөө луйвар хийдэг компаниуд дэлхийгээр нэг бий. Абекс Молам, Чингисийн удмын Жаргаланхаан, Монголын шонхор шувууг хамгаалагч Америкийн иргэн араб эр Алан Парат, Жи Тайм компани, Хүнд гар Сараа гээд зах зухыг нь хэрэв мартчихаагүй бол зарим нь санаж байж магадгүй. Манайх шиг эрүүлээр сэтгэхийн оронд эрүүл бишээр хийрхдэг нийгэм нь ийм луйварчдын хялбар зууш болдог. 2011 онд Канадын Хан рисорс компанийг хөөн гаргасан. Тэдний Монголд хийсэн хөрөнгө оруулалт нь ойролцоогоор 12 сая доллар байсан гэх юм билээ. Хөөгдөнгүүтээ тэд 20 сая доллароор тохирохыг санал болгосон. Энэнд тохиролцоо хийх зоригтой шийдвэр гаргагч “мангар” олдоогүй тул тэд олон улсын арбитражийн шүүхэд хандан 400 сая доллар нэхэмжилсэн. Шүүх удтал хэлэлцээд Монгол улсын Засгийн газарт 100 сая долларын торгууль ноогдуулсан. Торгуулиа төлөхгүй удсан учир дахин шүүхэд хандана гэсэн учир ярилцаж гуйж байж 70 сая доллар төлж эхэлсэн. Шийдвэр гаргах эрх байтугай үүрэг хүлээсэн хүмүүс эхнээсээ яагаад хөөсөн юм, хөөлөө гэхэд 20 сая дээр нь тогтчихгүй яасан юм гэх мэт асуулт гарна. Харин цаад компани оруулсан хөрөнгөө 6 дахин өсгөөд гарч буй нь ийм хачирхалтай Засгийн газартай оронд ажил хийлгүйгээр асар их мөнгө олж болохыг илчлэн харуулж буй хэрэг юм. Монголд хөрөнгө оруулах зөвшөөрөл авчихаад эцэст нь хөөгдөөд гарвал маш их унацтай байна гэдгийг бид нотлон харуулж урин дуудаад байгаа шүү. Одоо ч хөөгдөн гарахын түүс болчихоод бэлтгэлээ базааж буй хэд хэдэн гадны компани бэлэн байдалд байна.

Бид нэрийг нь монгол аялгаар Айванхүү майнууз гэж нэрэлдэг, бирж дээр ажилладаг жижиг компани Оюутолгойн ордыг нээж өгсөн нь сайшаалтай хэрэг. Гэхдээ тус компани гол нь биржийн наймаан дээр спекуляц хийдгээр мэргэшсэн этгээд юм. Тэдний зорилго зэс олзворлож хөдөлмөр хийж ашиг олох биш, олон улсын бирж дээр хувьцааны үнийг нь савлуулж өсгөн наймаалцахад оршино. Гудамжны эх орончид тэдний оффис руу дайрч, машиныг нь түлхэн унагаж шатаахаар завдсанаар биржийн үнэлгээ 1,5 доллар хүртэл доош нь унахад хувьцааг бөөнөөр худалдан авсан. Дараа нь нэр хүнд бүхий уул уурхайн том компани болон Монголын Засгийн газартай хэлэлцээр хийн худалдахаар болоход хувьцаа 25 доллар хүрсэн. Энэ хооронд хувьцааны үнийн өсөлт бараг 20 дахин ашиг өгчээ. Энэ савлалтыг тэд өөрснөө далдаас зохион байгуулсан ч гэж ярих юм билээ. Тэнэг хүн бусдын доог тохуу болж байгаагаа ч ойлгодоггүй юм даа.

Хонь хариулж яваад социалист хөдөлмөрийн бригадын гишүүн болсон, тэндээсээ социализмыг нураан ардчилагч болсон бидний төрх ийм байна. Монгол гэж хамтарч болдоггүй хөнтөрч болдог, нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллоо. Нураахаас өөр үйл явцгүй, нураагчдаас өөр хөдөлгөх хүчингүй болсон энэ тогтоцыг яаж аврах вэ? Нуралтыг нь зогсоох гэж түшээд нурингид нь дарагдах уу, нураалцаж дуусгаад шинээр босгох уу? Актлагдсан орон сууц шиг болсон улс төрийн тогтоцыг яавал дээр вэ? Одоо бидэнд ямар гарц байна вэ? Оюутолгойг хаах, эсвэл нийтээр ухамсар сууж ертөнцийн дэг жаягийг ойлгодог болох хүртлээ олон жилээр консервацид хадгалах нь оновчтой шийдэл байх гэж бодогдох боллоо. 15 жилийн өмнө ердөө ганцхан тэрбум долларын үндэсний нийт орлоготойгоор хэрүүл уруулгүй аз жаргалтай, нам засагтаа талархаад сэтгэл хангалуун амьдарч байсан бид өнөөдөр 12 тэрбум долларын Үндэсний нийт орлоготой 70 сая мал сүрэгтэйгээр Оюутолгойтой толгойгүй тураад үхчихгүй нь л лав. Цаана нь бидэнд олон арван Оюутолгой байна. Тэнд хүрч тэрийг үр ашигтай ашиглахын тулд бидэнд ердийн эрүүл ухаан хэрэгтэй. Энэ чигээрээ хийрхээд байх аваас ганц байгааг нь ч ашиглаж чадахгүй хэдэн үеийг өнгөрөөнө. Бидэнд өнөөдөр мөнгөнөөс илүү дутагдаж байгаа юм бол ухамсрын шанаа. Энэгүйгээр бидний ирээдүй хар бараанаараа цааш хэдэн ч үе үргэлжилж магадгүй. Тэнэг хүн бусдын доог тохуу болж буйгаа анзаардаггүй юм даа.

Нүгэлийн хажуугаар нүдээ анин чимээгүй өнгөрөгсөд нүгэл үйлдэгчээс илүү нүгэлтэн гэж аугаа найрагч Дантэ олон зууны өмнө сануулжээ. Улс үндэстнийг мөхөл рүү нь чирж буй бусармаг нүгэлт үйлийг харж ойлгохын цаагуур ойлгож, мэдэхийн цаагуур мэдэж байгаа мөртөө амиа бодон чимээгүй явсаар буй нүгэлт үй олон бэртэгчдийн өмнөөс нь би энэ үгийг хэлж байна. Би эх оронч хүн. Урьд нь би хэзээ ч ингэж зарлаж байсангүй, цөмөлчиж магадгүй гэж айгаад цээжээ бөмбөр мэт нүдээгүй. Эх орондоо хайртай учраас ийм үг хэлж байна. Яагаад гэвэл энэ бол миний оршихуй, надад хамаарах – миний эх орон. Би өөрийгээ эх орныхоо нэг хэсэг гэдгээ мэддэг. Тийм учраас хэний ч хажууд,хэний ч дэргэд омог бардам эх оронч.

2018.5.22

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт багш, сувилагчид суулт хийж байна

Цалин хөлс нэмэгдүүлэх шаардлагаа дэмжих ажил хаялтын өмнөх МҮЭ-ийн холбооны суулт өнөөдөр үргэлжилж байна.

Ийнхүү нийтдээ 8 хоног үргэлжилж байгаа суулт хүрээгээ тэлж нийслэлээс гадна бүх орон нутагт ч болж байгаа аж.

Өчигдөр гэхэд нийслэлд 200 гаруй ажилтнууд суулт хийж шаардлагынхаа хариуг нэхлээ. Тухайлбал, эмч, эмнэлгийн ажилтнууд багш нар өнгөрсөн долоо хоногт Төрийн гурван өндөрлөгт хандаж шаардлага хүргүүлсэн бөгөөд өчигдөр хариуг нь өгөх хугацаатай байжээ. Гэвч тэд хариуг өгөөгүй учир ийнхүү суултаа үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн шаардлага биелүүлээгүй жолооч эмэгтэйг торгожээ

Энэ сарын 19-нд буюу өнгөрсөн бямба гарагт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Нарны зам дагуу “Урбанек”-ын уулзвар дээр цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй жолооч эмэгтэйг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар байна.

Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж бүдүүлэг авирлаж, өөрийнхөө эрх ашгийг нэн түрүүнд тавьсан жолоочид хариуцлага тооцжээ. Түүнийг 250 мянгаар, явган хүний зам дээр автомашинтай явсан зөрчилд нь 20 мянган төгрөгөөр тус тус торгож, арга хэмжээ авчээ. Бурууд нүд хурц гэгчээр бүдүүлэг жолоочийн увайгүй үйлдлийг нэгэн иргэн олон нийтэд цацаж тавьсан бөгөөд энэ бичлэг нь хууль хяналтынхны хараа, сонорт хүрчээ.

Categories
мэдээ спорт

Э.Содномпэлжээ хэвтээ шахалтын дэлхийн аварга боллоо

Финланд Улсын Ванта хотод пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ боллоо. Тус тэмцээнд “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ IPF-н хэвтээ шахалтын ДАШТ-ий 105 кг-д жингийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоож, 242.5 кг-ыг шахаж аваргаллаа.

Э.Содномпилжээгийн хувьд өнгөрөгч оны гуравдугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алтан медаль хүртсэн билээ.

Тэрбээр дэлхийн цомын тэмцээнд хоёр жил дараалан мөнгөн медаль хүртэж байсан бол ийнхүү медалийн өнгөө хувиргаж алтан медалийг энгэртээ зүүв.

Үүнээс өмнө Унгар Улсын Эгер хотноо болсон пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд жин өгсөж 97 кг-д хүч үзэж, шинэ жиндээ 221 кг өргөж дэлхийн цомын аварга болж, аварга цолоо дахин баталсан юм.

Харин энэ удаад ДАШТ-нээс аваргын алтан медаль хүртэж, 105 кг жингийн рекордыг нэг дор хоёр удаа шинэчилж, 242.5 кг шахаж, “Raw” төрлөөр Монгол Улсын анхны дэлхийн аварга, рекордын эзэн боллоо.

Э.Содномпилжээ Риогийн олимпоос хойш оролцсон тэмцээн бүртээ ийнхүү амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийн дахинаа олонтаа дуурсгаж байна.

Categories
энтертаймент-ертөнц

Буриад түмний “Бага Алтаргана” эхэллээ

Буриад түмний урлаг, соёлын “Алтаргана-2018” бага наадам өнөөдөр Хэнтий аймгийн Дадал суманд эхэллээ. Энэхүү бага наадам нь долдугаар сарын эхээр ОХУ-ын Буриад улсын Эрхүү хотод болох “Алтаргана-2018” олон улсын наадмын бэлтгэл сорилго юм.

“Алтаргана-2018” бага наадмын хүрээнд буриад ардын дуу дуулаачдын уралдаан, буриад яруу найргийн уралдаан, үлгэрч, ерөөлч, магтаалчдын уралдаан, “Буриадын нэг өдөр” аман зохиолын хамтлагийн уралдаан тус тус болох юм байна. Мөн буриад үндэсний хувцас урлаачид, гар урлалчид ур, ухаанаа өрсөлдүүлэх ажээ.