Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын Хошууч генерал Харкират Сингх, Бригадын генерал Хариш Бутани, Бригадын генерал Мохит Малхотра нарын тэргүүтэй тус улсын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд БНЭУ-ын генерал, хурандаа нарыг Монгол Улстай танилцах айлчлал хийж байгаад баяр хүргэн, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд батлан хамгаалах салбарын харилцаа чухал байр суурь эзэлж байгааг хэлэв. Мөн Монгол Улс БНЭУ-тай 1973 онд цэргийн албан ёсны харилцаа тогтоосноос хойш харилцан айлчлал, энхийг дэмжих болон терроризмтэй тэмцэх хамтарсан сургуулилт, дадлага зохион байгуулах, мэдээллийн технологи, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж ирснийг сайшаав.

БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн Хошууч генерал Харкират Сингх Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлж, хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад баяртайгаа байгаагаа хэлэв. Мөн Монголын талтай “Нүүдэлчин заан” тусгай хүчний хамтарсан сургуулилтыг хийж хэвшсэн нь өндөр ач холбогдолтой талаар дурдаад Батлан хамгаалах болон Хил хамгаалах чиглэлээр харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байдгаа хэлсэн юм.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд БНЭУ-ын зүгээс хамтарсан цэргийн сургуулилтын ач холбогдлыг өндрөөр үнэлж, цаашдын оролцоогоо хадгалах ёстой гээд БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн генерал, офицеруудад ажлын амжилт хүсэв.

Categories
гадаад мэдээ

Сарны “харанхуй” талыг судална

Хятадын Сычуань мужийн сансрын хөлөг хөөргөх
талбайгаас өчигдөр саран дээр судалгаа явуулах
хиймэл дагуулыг илгээжээ. “Цюэзяо” гэх төхөөрөмж нь
Сарны тойрог замд байрлаж, сүүдэр бүхий “харанхуй”
талын судалгааг хийхэд зориулагдсан аж. Хятадын
Үндэсний сансар судлалын удирдах газар энэ талаар
мэдээлснийг Синьхуа агентлаг уламжилжээ. Хятад улс
сарны алслагдсан хэсэгт судалгаа явуулах анхны улс
болохоор зорьж байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд
хиймэл дагуулаа илгээсэн аж. Тус аварга дуран нь
Сарны “харанхуй” хэсгээс 64 мянган километрийн зайд
байрлах гэнэ. Харин манай дэлхийгээс энэ нь 455
мянган километрийн зайд юм байна. Хүн төрөлхтөн
ийм алслагдсан зайд хиймэл дагуулаа илгээж байсан
түүх одоогоор үгүй. Хятад улс урьд нь Юйту гэх саран
дээр явагч төхөөрөмжөө 2013 онд илгээж байв. Энэ нь
Оросын “Луна-24” хиймэл дагуул саран дээр зөөлөн
газардсанаас хойших анхны төхөөрөмж болж байжээ.
Харин энэ удаагийнх сарны сүүдэр хэсгийг судлах гэж
буйгаараа онцлог юм байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Математикийг баяр болгон тэмдэглэдэг ховор уламжлалтай “Олонлог”

“Олонлог” төв сургуулийн “Математикийн баяр” энэ сарын 18-нд Соёл, амралтын хүрээлэнд боллоо. Энэхүү баярыг Математикийн боловсрол, соёлыг хүүхдүүдэд таниулах үүднээс жил болгон зохион байгуулдаг аж. Баярын үеэр бүтэн жилийн турш амжилттай суралцсан сурагчдаа алдаршуулж, батламж гардуулсан юм.

Тус сургуулийн захирал А.Сугар “Энэхүү баярыг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Манай сургууль “математикийн баяр”-ыг тэмдэглэж байгаагаараа анхдагч болсон. Уг баярын үеэр математикийн боловсрол, соёлыг таниулах зэрэг олон арга хэмжээ болдог” гэв. Математикийг “баяр” болгон тэмдэглэдэг ховор тохиолдлын нэг бол энэ уламжлал ажээ. “Олонлог” төв сургууль нь улсын математикийн олимпиадаас 23 алт, 25 мөнгө, 40 хүрэл медаль хүртсэн түүхтэй юм.

“Олонлог” төв сургуулийн бага ангийн тэнхимд 16 жил ажилласан багш П.Чимэг “Математикт суралцах нь төсөөлөн бодох, бясалгах, гүн гүнзгий зүйлсийг ухамсарлах чадварыг олгоно. Бодлогын хариуг эрж хайснаар чөлөөт сэтгэхүй хөгждөг. Оюун бодол санааг хэвшмэл байлгаж болохгүй. Эдгээр чадварууд нь хүүхдийг төлөвшүүлдэг болохоос математик боддог хүн учир зүггүй мөнгө олно гэж ойлгож болохгүй” гэдгийг онцоллоо.

МАТЕМАТИКИЙГ СОНГОН СУРАЛЦСАН ХҮҮХЭД ХАРЬЦАНГУЙ ХҮЧТЭЙ, ИЛҮҮ ЧАДВАРТАЙ БОЛДОГ

Тэрээр “Эцэг эх бүр хүүхдээ мундаг байгаасай гэж хүсдэг. Харин хүүхдүүд төрөл бүрийн авьяастай. Өөр өөрийн өвөрмөц ертөнцтэй. Математикаар сонгон суралцсан хүүхдүүд харьцангуй хүчтэй, илүү чадварлаг байдаг. Энэ нь эцэг эхчүүдийн сонирхлыг их татдаг. Математикаар үргэлжлүүлэн суралцана гэдэг хүнд. Бид математикийг сонирхолтой байлгахын тулд олон арга хэмжээ зохиодог. Үүний нэг нь энэ юм. Гэхдээ учир зүггүй бүгдийг нь математикч болгоод бэлтгээд байна гэсэн үг биш. Зөвхөн стандарт хичээлүүдийг судалснаар математик сэтгэлгээ хөгжихгүй . Стандарт хичээл гэдэг нь цөм хөтөлбөр. Бүх шатны боловсролд эзэмшүүлбэл зохих мэдлэг юм. Үүнийг эзэмшээд төлөвшчихгүй. Бид хүүхдийг багаас нь сонирхолтой байдлаар сургадаг. Багштайгаа хамтарч бодлого бодож, сонирхолтой хичээл заахад анхаардаг. Энэ бүхэнд багш нар хичээж зүтгэдэг.

Бага ангидаа математикаар голлон сурдаг байсан хүүхдүүд дунд ангид орохоороо бусдаас илүү чадварлаг байдаг. Энэ нь сурагчдынхаа оюуны хөгжилд оруулж буй хувь нэмэр. Бидний зорилго авьяас чадвартай хүүхэд бий болгохдоо биш. Оюун санааг нь маш үнэ цэнэтэйгээр бэлтгэж өгөх юм шүү дээ. Орчин үед уралдаан тэмцээн маш ихээр зохиогддог болсон. Энэ бол манай бага ангийн заах аргын нэгдлийн гол бодлого биш. Хүүхэд сайн суурьтай байх ёстой.

МАТЕМАТИК МАШ ХУРДТАЙ ХӨГЖИЖ БАЙНА

Бага ангийн хүүхдүүдийн бодлогын түвшин хүнд, хэцүү болсон. Хөгжил эрчтэй явагдаж байгаа нь мэдэгдэж байна. IV, V ангийн сурагчдын боддог бодлогыг хэдэн жилийн өмнө VIII, IX ангийн хүүхдүүд боддог байсан. Арга барил нь дунд ангид хэрэглэгддэг бодлогыг бага ангийн түвшинд зааж байгаа гэсэн үг. Бидэнд хүүхдийн тархиар тоглох эрх байхгүй. Зөв системтэйгээр хөгжүүлээд цаашлах арга замыг л нээх ёстой. Зарим эцэг эхчүүд хүүхдээ амжилт үзүүлчих юм бол болчих юм шиг л өрөөсгөл бодолтой байдаг. Миний хүүхдэд таарах уу, сонирхож байна уу, хөгжих боломж нь байна уу гэдгийг нь л нээх хэрэгтэй. Олон талын авьяастай хүүхдийг шахаж шантрааж байна. Нуруу хугалдаг шиг л дургүй юманд нь хүчээр явуулах хэрэггүй. Бага ангийн хүүхдийг маш тайван хөгжүүлэх ёстой. Улмаар дунд ангидаа өөрсдийн сонголтоо хийнэ” гэж ярьсан юм.

БОДЛОГО БОДСОНЫ ДАРАА ЗӨВ БАЙХ МЭДРЭМЖ ХАМГИЙН ГОЁ

Математикийн улсын олимпиадаас алтан медаль хүртсэн “Олонлог” сургуулийн XII ангийн сурагч М.Лханаажав бэлтгэл ангиасаа эхлэн “Олонлог” төв сургуульд суралцсан байна. Тэрээр “Анх бусад хүүхдүүд шиг медаль хүртэж, амжилт үзүүлэх гэж математикийг сонгож байлаа. Сүүлдээ улам гүнзгийрч, сонирхол татсан. Энэ жил улсын олимпиадаас алтан медаль хүртлээ. Өнгөрсөн жил мөнгөн медаль авсан. Амжилтаа ахиулсандаа баяртай байна. Энэ жил Румын улсад болох олон улсын математикийн олимпиадад оролцоно. Өнгөрсөн жил тусгай байр эзэлсэн. Даагаа нэхнэ дээ. Математикийн хичээлийг сонгон судалснаар илүү тэвчээртэй болсон. Инженер болно гэж бодож байгаа” гэв.

Улсын олимпиадын хошой хүрэл медальт “Олонлог” төв сургуулийн XII ангийн сурагч Р.Амуударь анх VII ангидаа тус сургуульд элсэн орсон аж. Тэрээр “Өөр сургуульд байхдаа математикаар гүнзгийрүүлж хичээллэж байгаагүй. “Олонлог” төв сургуульд ороод илүү гүнзгий суралцаж эхэлсэн. Анх олимпиадад бэлдэж эхлэхэд маш хэцүү санагддаг байлаа. Бодлогууд нь нэлээн хүнд, ойлгоход бэрх. IX ангиасаа хойш дөрвөн удаа улсын олимпиадад оролцсон. Математикийн хичээлийг сонгон суралцаж, эхэлснээс хойш тэвчээртэй болсон. Аливаа зүйлийг олон талаас нь хардаг. Сурах тусам өөрийгөө юм мэдэхгүй гэдгээ ойлгосон. Бодлого бодсоны дараа зөв байх мэдрэмж хамгийн гоё. Оюутан болоод санхүү, эдийн засгийн чиглэлээр илүү суралцахыг хүсдэг” гэлээ.

Итали улсад зохион байгуулагдсан Европын охидын олимпиадад Монгол Улсаас анх удаа мөнгөн медаль хүртсэн XII ангийн сурагч Б.Долгормаа нэгдүгээр ангиасаа эхлэн “Олонлог” сургууль д суралцжээ. Тэрээр““Олонлог” төв сургуульд элссэн цагаасаа л математикийн олимпиадуудад оролцож эхэлсэн. “Математик бусад шинжлэх ухааны хаан” гэгддэг. Тиймээс бусад шинжлэх ухаан болох физик, хими рүү хөрвөх боломжтой. Мөн анализ хийх чадвар их хөгждөг. Улсын олимпиадад зургаан удаа оролцож, дөрвөн жил хүрэл аваад нэг удаа мөнгөн медаль хүртэж байсан” гэж хэллээ.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ соёл-урлаг

Playtime 2018 наадмын тасалбар худалдаанд гарлаа

Энэ зуны хамгийн чухал үйл явдлуудын нэг болох Playtime 2018 амьд хөгжмийн наадам зохиогдоход яг 50 өдөр үлдээд байна. Тэгвэл өчигдөр 20:00 цагаас эхлэн Монголын хамгийн том амьд хөгжмийн наадмын тасалбар худалдаалагдаж эхэллээ.

Playtime 2018 наадам энэ жил хэвлэсэн тасалбар худалдаанд гаргаагүй бөгөөд тасалбарыг зөвхөн онлайнаар захиалах боломжтой болсноороо онцлогтой. Онлайн тасалбар захиалсан тохиолдолд таны цахим шууданд нууц үг илгээгдэх бөгөөд та энэхүү нууц үгээ Playtime наадамд ирэхдээ хаалган дээр уншуулж дотроо чип суулгагдсан бугуйвчаар солиулан авч, дотогшоо нэвтрэх боломжтой юм.

Playtime 2018 наадмын тасалбар худалдаанд гарлаа (фото 1)

Харин үнийн хувьд Playtime наадмын хаалган дээр тасалбараа худалдаж авсан тохиолдолд гурав хоногийн тасалбар 90,000 төгрөгөөр худалдаалагдах болно. Бүх зүйлээ эртнээс төлөвлөж сурсан хүмүүс яг одоо тасалбар худалдаж авбал наадмын гурван өдрийн тасалбар ердөө л 60,000 төгрөг болох юм. Хэрэв оройтож авбал 70,000 төгрөг болох аж. Тиймээс бид танд Playtime 2018 наадмын тасалбарыг эртхэн худалдаж авахыг зөвлөж байна.

Playtime хөгжмийн наадам энэ жил 2018 оны долоодугаар сарын 6-8 хооронд Гачууртын Монгол Шилтгээнд зохион байгуулагдана. Та наадмын цагийн хуваарь ба уран бүтээлчдийн жагсаалтыг эндээсхараарай.

Categories
мэдээ нийгэм

Түймрийн голомтод ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар тавдугаар сарын 17-нд гарсан ойн түймрийн голомтод ОБЕГ, Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас нийт 180 гаруй алба хаагч, 12 автомашин, 6 морьтойгоор түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тавдугаар сарын 21-ний өдрийн байдлаар түймрийн хойд болон баруун хэсгийн түймрийн тархалтыг зогсоосон. Түймрийн голомтод өчигдөр бороо, хур тунадас холилдон орсон боловч унанги мод их, хөвд доогуур шатлага явагдаж, гэнэтийн хүчтэй салхи гарч байгаа талаар түймрийн голомтоос мэдээллээ.

Түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдад хоол хүнс, бусад хангамжийг хүргэхээр өнөөдөр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэргээр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Байгаль орчин, аялал жуучлалын яамны дэд сайд Ц.Батбаяр, Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга Б.Оюунсанаа нарын бүрэлдэхүүн түймрийн голомт руу нислэг үйлдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үлэмжийн чанар соёлын төв нээлтээ хийлээ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд 390 хүний суудалтай, мэргэжлийн тайз, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжтэй урлагийн шинэхэн өргөө үүд хаалгаа нээлээ. Үлэмжийн чанар нэртэй энэхүү соёлын төвийг орон нутгийн төсвийн 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд дотоод тохижилт, сандал, гэрэлтүүлэг зэргийг “Оюу толгой” ХХК-ийн Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан, аж ахуйн нэгжүүд, албан байгууллагуудын хандиваар хийжээ.

Барилгын ажлыг Монтел ХХК гүйцэтгэсэн байна. Энэхүү Соёлын өргөө нь бүжгийн заал, номын сан, үзэсгэлэнгийн танхим, циркийн заалтай аж.

Categories
энтертаймент-ертөнц

BIGBANG хамтлагийн дуучин Сынригийн “Ignite” дууны клип цацагдаж эхлэлээ

BIGBANG хамтлагийн дуучин Сынригийн Жули Берган, Алан Вокер нартай хамтран дуулсан шинэ уран бүтээл болох “Ignite” дууны клип энэ сарын 12-нд цацагдаж эхэллээ.

2017 оноос хойш BIGBANG хамтлаг завсарлага авч, Сынригээс бусад гишүүд болох Тэян, болон хамтлагийн ахлагч G-Dragon цэрэгт явсан юм. Сынри хамтлагаасаа ганцаараа цэрэгт яваагүй ч гэсэн өөрийн уран бүтээлдээ анхаарлаа хандуулж цомгийн ажилдаа шамдан оржээ.

Тэрбээр шинэ цомгийнхоо талаар фэнүүддээ “Миний соло цомог энэ зун гарна. Энэ цомогт багтсан бүх дуу та нарт таалагдана гэж найдаж байна. Би “Havana”-гийн аяыг бичсэн эрхэмтэй болон гадаадын алдартай DJ нартай хамтран ажилласан. Бие даасан тоглолт хийх гэж буйгаа дуулгахад таатай байна. Энэ зуныг надтай хамт гайхалтай өнгөрүүлнэ гэдэгт итгэж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Орон гэргүй болсон өрхүүдэд гэр олголоо

Энэ сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд дөрвөн айлын угсармал орон сууц галд өртөж, дөрвөн өрх орон гэргүй болсон байна.

Галд өртөж орох оронгүй болсон эдгээр иргэдийг орон гэртэй болгох аяныг аймгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэд санаачлан өрнүүлжээ.

Энэхүү аяныг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат дэмжин дөрвөн өрхөд гэр олгосныг УИХ-ын гишүүний зөвлөх Л.Баяртулга болон аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар гардуулан өгсөн юм.

Мөн энэ үеэр Шаамар сумын Дулаанхаан тосгоны иргэн М.Ганбаатарын гэр бүлд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс иж бүрэн таван ханатай гэр, гутал хувцас, ахуйн бараа, бусад хэрэгслийн хамт гардуулан өглөө гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цалин нэмэх асуудлаар шуурхай ажлын хэсэг байгуулна

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар МҮЭ-ийн холбооны удирдлагуудыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. МҮЭ-ийн холбооны удирдлагууд цалин хөлс нэмэгдүүлэх талаар яаралтай арга хэмжээ авахгүй бол иргэдийн дунд бухимдал гаарч байгааг дурдаад энэ асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цалин хөлс нэмэгдүүлэх асуудлаар шуурхай ажлын хэсэг байгуулж, лхагва гаригт Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэдгээ илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв шинэ байртай боллоо

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төв өөрийн гэсэн шинэ байртай боллоо.

Шинэ байрны нээлтийн ёслолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Азийн хөгжлийн банк болон Европын Холбооноос Монголын мэргэжлийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй төслийнхөн, Мэргэжлийн боловсролын үндэсний зөвлөлийн гишүүд, мэргэжлийн холбоод болон МСҮТ, Политехник коллежийн удирдлагууд зэрэг хүндтэй олон зочин оролцсон юм.

Мэргэжлийн боловсрол, сургалтын чанарт хөндлөнгийн үнэлгээ хийх, сургалтын байгууллагын чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулахад зөвлөмж өгөх, мэргэшсэн үнэлгээний ажилтан бэлтгэх, үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн баримт бичгийн мэдээллийн сан бүрдүүлж, лавлагаа хийх үндсэн чиглэлтэй тус төвийг 2016 онд Засгийн газрын тогтоолоор байгуулсан бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өөрийн гэсэн байргүй явж ирснийг АХБ-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр шийдэж ийн тохилог сайхан байртай болж буй билээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн байртай болоход бүх талаар тусалсан Монгол Улсын Засгийн газар, АХБ-ны төслийн хамт олон, хамтран ажилладаг төрийн бус байгууллагууд, донор байгууллагынханд талархал илэрхийлээд “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, шинээр ажлын байр бий болгох замаар ядуурал, ажилгүйдлийг бууруулах юм. Гэвч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад ажилгүйдэл, ядуурлын түвшин дорвитой буурахгүй байгаа. Тиймээс хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр залуусыг сургаж ур чадвар эзэмшүүлэх, ажлын байранд бэлтгэх үйл ажиллагаа чухал бөгөөд Засгийн газраас мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг бэхжүүлэх чиглэсэн олон талын арга хэмжээ авч байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын шийдвэрээр ХНХЯ-ны бүтцэд өөрчлөлт оруулснаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт байгаа бүтцийг яаманд нэгтгэж мэргэжлийн боловсрол сургалтын бодлого, хэрэгжилтийг хариуцсан газартай болох зохион байгуулалтын ажлыг хийж байна. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын үйл ажиллагааг орон нутгийн Засаг даргын үйл ажиллагаатай уялдуулан, тэдний дэмжлэгийг авч хөгжих зайлшгүй шаардлага байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор сайдын тушаал гарч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийг орон нутгийн удирдлагуудаас бүрдүүлдэг байхаар өөрчлөлт оруулж байна. Түүнчлэн Мэргэжлйин боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий. Амжвал энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэх чиглэлтэй ажиллаж байгаа. Мөн Засгийн газарт “Мэргэжлийн боловсрол сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өргөн барьсан. Удахгүй хэлэлцэж тодорхой шийдвэр гарна гэж найдаж байгаа. Тогтоолын төсөлд сургалтын байгууллагуудын өөрийн үйл ажиллагаанаас олсон орлогыг сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, багш, сурагчдын нийгмийн асуудлыг шийдэхэд зарцуулах, ялангуяа хичээл, сургалтанд шаардлагатай хэрэглэгдэхүүн материалыг өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлдэг байх боломжийг нээж өгөх заалтуудыг тусгасан. Өнөөдөр өөрийн гэсэн байраа хүлээж авч байгаа Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төвийг Бүсийн арга зүйн төвүүдтэй нэгтгэн зохион байгуулалтад оруулах асуудал ч энэ тогтоолоор шийдэгдэнэ. Тухайлбал, мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ, багш нарыг сургах хөгжүүлэхтэй холбоотой асуудлууд нэг дор төвлөрч явагдах нь зохимжтой гэж үзэж байгаа зэргээр энэ салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааны олон чухал арга хэмжээг Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас авч хэрэгжүүлж байна” хэмээсэн.

Тэрбээр мөн түр сургалтын байгууллагуудыг аттестатчилах, ур чадвар эзэмшсэн залууст хөндлөнгийн үнэлгээ хийх зэрэг олон үйл ажиллагаа явуулах, хамгийн гол нь монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтныг бэлтгэх тогтолцоог олон улсын чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, салбарын нэр хүндийг өсгөх, оролцогч талуудын ойлголт эерэг хандлагыг нэмэгдүүлэн мэргэжлийн боловсрол, сургалтыг хөдөлмөр эрхлэлттэй хослуулан дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй энэхүү байгууллагын үйл ажиллагаа хэвийн явах, ажилтнуудын ажлын байрны орчин нөхцөл сайжирч, төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж буйг онцолсон.

Шинэ байрныхаа нээлтийг хийж буй Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дарга Ц.Батдорж олон улсын хөгжлийн жишиг хандлагад нийцүүлэн нээсэн тус төвийн хамт олон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд хөдөлмөрийн эрэлт, ур чадвар, мэргэшлийн хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтныг бэлтгэх тогтолцоог хөгжүүлж, мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдийг хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа зочдод танилцуулсан бол ажил олгогчдын төлөөлөл Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатар Үнэлгээний төвийн үйл ажиллагааг ажил олгогчдын зүгээс дэмжиж ажиллах боломжтойг хэлж байлаа.