Categories
мэдээ нийгэм

“Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ технологи -2018” үзэсгэлэн гарлаа

Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил”, Нийслэлээс “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан МҮХАҮТ, ХХААХҮЯ, НЗДТГ, Нийслэлийн үйлдвэрлэл, Инновацийн газар хамтран “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” Олон улсын үзэсгэлэн худалдааг жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах зорилгоор 5 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд 21 дэх жилдээ “Мишээл Экспо” төвд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд нийт 100 гаруй аж ахуйн нэгж оролцон шинэлэг бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, хэрэглэгчдэд хандсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгууллаа.

Түүнчлэн БНСУ, БНУнгар Улсын худалдааны төлөөлөгчийн газар, Пакистан, Тайвань болон Хонконг зэрэг гадаадын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид үзэсгэлэнд амжилттай оролцлоо. Үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын комиссоос нийт 13 төрлийн номинацаар жижиг, дунд үйлдвэрлэгчдийн шилдэгүүдийг тодруулж, шагналыг гардууллаа. Үүнд :

  • Үзэсгэлэнгийн Гран-При шагналыг Хөгжил Трейд ХХК “Ариун” брэнд
  • Үзэсгэлэнгийн онцлох шинэ хүнсний бүтээгдэхүүн- Жагаасанрайс ХХК “Чап Чап” нэрийн бүтээгдэхүүн
  • Онцлох шинэ бүтээгдэхүүн – Монкрем ХХК “Маалай Моолой” органик сет
  • Шилдэг экспортын бүтээгдэхүүн Спирит оф натур ХХК “Эко гоо сайхны” бүтээгдэхүүн
  • Үзэсгэлэнгийн онцлох бүтээл – “Хайнаг толгой” хоршоо “Хүнсний бутлуур”
  • Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэгч бүтээгдэхүүн- “Ирвэс интертрейд” ХХК “Тамир” эм био бэлдмэл
  • Дэлхийд өрсөлдөхүйц монгол брэнд – Энхжин сувинер ХХК “Арьсан цүнх”
  • Үзэсгэлэнгийн үлгэр жишээ оролцогч- Мажаар трейд хаус ХХК
  • Шилдэг сав баглаа боодол – Жагаасанрайс ХХК
  • Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүн – Монгол цар ХХК “Зэс эдлэл”
  • Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүн – Талын эзэн ХХК “Наад бренд”
  • Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүн -Э.Болорчимэг “Үнэгхэн брэнд”
  • Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн- Дэнд ХХК “Еdi брэнд” эрэгтэй хослол
  • Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн- Саржин арт ХХК “Хүүхдийн эсгий бяцхан ном”
  • Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн – Тинц ХХК “Ногоодой брэнд”
  • Импортын онцлох бүтээгдэхүүн – Ухаасар ХХК “Yato” бренд шалгаралаа.

Мөн Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын даргын нэрэмжит “Инновацийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр гарааны бизнес эрхлэгч Aquila ХХК , Monco Latte” ХХК компаниуд шалгаран хүндэт өргөмжлөл, инновацийн төвд үнэ төлбөргүй бойжих эрхээр шагнуулав гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.




Categories
мэдээ нийгэм

Автобусны буудлууд дахь лед дэлгэц таны уулзах цаг, харих зүгийг заана

Германд тухайн улсад анх удаа зорчиж байгаа хүн ч төөрөхөөргүй. Автобус бол Герман дахь хамгийн түгээмэл нийтийн тээврийн хэрэгсэл. Зогсоолуудад суурилуулсан тусгай төхөөрөмж нь автобус ирэх хугацааг замын ачаалал,тухайн автобусны хурдыг тооцон автоматаар харуулдаг. Хэрэв таны гар утас интернетэд холбогдсон байвал бүх мэдээлэл тэнд бий. Интернетгүй байсан ч гудамж даган алхахад хэдэн зуугаар тоологдох буудлуудын аль нэгэн дээр ирж электрон самбар дээрээс хүрэх газрынхаа маршрут, хугацааг тодорхойлох боломжтой.

Германы нийтийн тээврийн хэрэгслүүд минутаар нарийвчилсан хувиараар явдаг учраас автобус, трамвай, метроны буудлын электрон самбарын мэдээлэлд үндэслэж болзсон хүнтэйгээ хэдий хугацааны дараа уулзахыг тодорхойлох нь ч бий. Мөн гар утсанд суулгасан программаар суух болон буух буудлын хоорондох маршрут хугацааг замын түгжрэлийг тооцож автоматаар гаргаж өгдөг.

Монголд ч ялгаагүй. “Улаанбаатар Смарт Карт” ХХК-аас “Хүннү молл” худалдааны төвийн автобусны буудалд карт цэнэглэх үйлчилгээний цэгийг байгуулаад туршилтын ажлаа эхлүүлээд сарын нүүр үзэх гэж байна. Энэ цэгээс иргэд U money карт худалдан авч, цэнэглүүлэхээс гадна, лед дэлгэцээр нь тухайн буудалд ирдэг автобусны мэдээлэл, нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг авах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, автобус хаана яваа, ирэх цаг минутыг нарийвчлан үзүүлэх төхөөрөмжийгсуурилуулсан. Үүнийг харсан иргэд хотын удирдлагуудад талархаж, бүх буудал хэзээ ийм болохыг хуруу даран хүлээж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.

Өдгөө автобусыг ухаалагжуулж бэлэн мөнгийг халж, цахим хэрэглээг бий болгосон. Улмаар тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн эхлэх, дуусах цаг, яг тухайн цагт автобус аль буудал дээр байгааг, автобусны буудлуудын мэдээлэл, тус автобусны буудалд ямар ямар чиглэл ирдэг зэргийг мэдээллэдэг “UB Smart Bus” аппликэйшныгнийтийн хэрэглээнд нэвтрүүлсэн. Одоогоор зөвхөн аппликэйшныг татсан иргэд л зорчих автобус хаана явж байна хэзээ ирэхийг мэддэг болсон. Мэдээж энэ бол дэвшил.

Харин аппликэйшныг татаагүй иргэд автобус хэзээ ирэхийг хүлээсээр. Тэр дундаа өглөө, оройн ачааллын үеэр автобусны буудал дээр унаа ирэх зүг рүү “гөлрөн” зогсох иргэд олон. Хагас цаг боллоо, ганц ч автобус явсангүй, өгсөх, уруудах хоёр урсгалдаа. Энэ хооронд нэг, хоёроор нэмэгдсээр “болзоонд зогсох” хүний тоо нэмэгддэг нь хэвшил болсон өнөөх дүр төрх. Иймэрхүү байдлаар цаг гаруй хугацаанд хүлээж байж, хөл дүүжлэх унааны бараа харах нь олонтаа.

Жолооч нар зорчигчид автобус хүлээгээд хагас цаг болохыг юман чинээ тоодоггүй. Жолооч нар ажил, сургууль цэцэрлэгээсээ хоцорсон зорчигчдод автобус хоорондын хугацаа30 минут гэж ам тагладаг нь ч хэвшил болжээ. Үнэндээ хот доторх үндсэн чиглэлийн автобуснуудын интервалыг дунджаар 8-10 минут байхаар зохицуулсан журам бий. Эл журмаа мөрддөг бол хүмүүс хугацааг тооцоолон гэрээсээ гарч, нийтийн унааг нүдээ ширгэтэл харж, хүлээж зогсохгүй байх боломжтой. Харамсалтай нь, замын түгжрэл, жолооч нарын хэнэггүй, дураараа байдал зэргээс шалтгаалан бид хагас цаг автобус хүлээсэн ч инээгээд л өнгөрдөг болсон юм.

Харин “Хүннү молл” худалдааны төвийн автобусны буудал дээр байрлуулсан шиг лед дэлгэцийг буудал бүрт байрлуулчихвал иргэд автобус хэзээ ирэх, явахаа төвөггүйхэн харчихна. Тэр ч бүү хэл, болзох цагаа ч товлочих юм. Улмаар автобуснууд яг цаг маршрутаа мөрдөж, буудал дээр удаан зогсож иргэдийг хүлээлгэхгүй зэрэг сайн тал мундахгүй.

Туршилтын хугацаанд лед самбар иргэдийн талархлыг хүлээгээд зогсохгүй нийгэмд хүлээлт үүсгээд байна. Зөвхөн гар утасны программаас гадна гудамж даган алхахад буудлуудын аль нэгэн дээр ирж электрон самбар дээрээс хүрэх газрынхаа маршрут, хугацааг тодорхойлох боломжтой болно. Автобусны буудлууд дээр электрон мэдээллийн самбаруудыг байрлуулах ажил хэзээнээс эхлэхийг хүлээх л үлдлээ.

Categories
мэдээ нийгэм

“Хэмнэл, урлахуй”

Мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийг дэмжигч Виртүс академиас Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын гоцлол бүжигчин, бүжгийн багш, Засгийн газрын “Мөнгөн мод” шагналтан Т.Содгэрэлийн уран бүтээлийн “Хэмнэл Урлахуй” тоглолтыг зургадугаар сарын 2-ны үдэш “Корпорэйт” зочид буудлын коцертын танхимдзохион байгуулах гэж байна.

“ХэмнэлУрлахуй” ньмонгол үндэсний язгуур урлагийн төрөл бүжиг, тэр дундаа бий биелгээг үндэсний болон орчин үеийн хөгжимтэй хослуулан өвөрмөц хөг, өнгө аясаар гоцолж, урлан бүжих онцгой тоглолт байх болно. Хөгжмийн хэмнэлд урлан бүжихүйн зохицлыг DJ хөгжмийн сэт,видеографикийншийдлээр тодруулж өгөх давуу талтай.

Гоцлол бүжигчин Т.Содгэрэл энэ удаагийн тоглолтоо өөрийнх нь уран бүтээлийн бие даасан тоглолт гэж үзэхгүй байгаа юм. Тэрбээр “Хэмнэл Урлахуй” тоглолт бол мастер бүжиг дэглээч С.Мөнгөнцэцэг, СУИС-ийн тэнхимийн эрхлэгч, бүжгийн багш МУГЖ Д. Энхгэрэл, УДБЭТ-ын балетчин, бүжиг дэглээч Б Одбаяр нарын дэглэсэн язгуур, орчин үеийн шинэ бүжгийгминий бие “Түмэн эх” чуулгын эрэгтэй, эмэгтэйбүжигчид болон гоцлол тоглолтоор ялгардаг хөгжимчид болох ятгачин, Монгол Улсын Консерваторийн багш, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ, цохивор хөгжимчин, “UB dram” нэгдлийн ахлагч Б.Ганхөлөг, эвэр бүрээч, хөгжмийн зохиолч О.Чинбат, Морин хуурын чуулгын хуурч, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт Р.Амарбаяр нарыншилдэг хөгжимчид, “Бөртэ” хамтлаг,мөн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, DenebXпродакшны продюсор О.Ганболд (Dj OG) нарынур чадварыг нэгтгэсэн, бүтээлч хамтын ажиллагааны үр дүн байх болно хэмээн онцолж байна.

“Хэмнэл Урлахуй” нь үзэгчдээ дээдэлсэн тоглолт юм. Хөгжмийн хэмнэлд урлан бүжиж хүмүүний зүрх сэтгэлийн чанад дахь анирыг чагнаж, мэдрэмжийг тэмтэрч, хүслийг бадраана. Тоглолтыг зорьж ирсэн үзэгчдэд барих бас нэгэн бэлэг бол “IKEBANA” буюу Цэцэг амилуулах урлагаар Япон улсад 14 жил сурч, багшилж, уран бүтээлтуурвиж буй чөлөөт уран бүтээлч Г.Бурмаагийнцэцгийн ертөнцийн гоо сайхныг тайзны урлагтай хослуулсан цоо шинэ, БҮТЭЭЛЧ уран бүтээлийг Монголд анх удаадэлгэн танилцуух болно.

Шинэ уран бүтээл туурвиж, Монголын язгуур болон орчин үеийн бүжгийн урын санг баяжуулан, үзэгчдэд хүргэх боломж олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлж буй ерөнхий ивээн тэгэгчШвейцарийн хөгжлийн агентлагт болон бусад дэмжин хамтарч ажиллаж буй Үндэсний Дуу Бүжгийн “Түмэн Эх” чуулга, Корпорэйт Конвэншн Сэнтр, “Огторгуйн Урсгал” ХХК, Боловсрол ТВ, BCI Printing, “Чингис Хаан Цогцолбор” ХХК, Өнөөдөр сонин, UB LIFE цахим сэтгүүлийн хамт олонд зохион байгуулагч Виртүс академи болон уран бүтээлчид гүн талархал илэрхийлье.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд, эрхэм хүндэт сэтгүүлчид та бүхэнд гоцлол бүжигчин Т.Содгэрэл болон гарамгай уран бүтээлчдийн хамтарсан “ХэмнэлУрлахуй” тоглолтын мэдээллийг олон нийтэд түгээж дэмжиж байгаад талархал илэрхийлье.

Зохион байгуулагч Виртүс академи

2018 оны 5 дугаар сар

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтийн өнөөгийн байдлыг танилцуулна

ОБЕГ, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар хамтран энэ сарын 23-25-нд “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн холбоо, зохион байгуулалт” сэдэвт дадлага сургуулилт хийх гэж байна. Энэ үеэр Монгол Улсын гамшгийн нөхцөл байдал, газар хөдлөлтийн өнөөгийн байдлыг танилцуулах аж. Мөн гамшгийн үед холбоо мэдээллийг хэрхэн ашиглах талаар мэдээлэл өгнө.

“Газар хөдлөлтийн гамшгийн үеийн холбоо, зохион байгуулалт” сэдэвт дадлага сургуулилтын нээлт маргааш 09:00 цагт ОБЕГ-т болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хангайн бүсийн аймгууд замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар хэлэлцэж байна

Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Замын цагдаагийн алба, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчид, Засаг дарга, Автотээврийн Үндэсний Төв, Зам тээврийн хөгжлийн төв, Төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулсан Бүсийн зөвлөгөөнийг энэ сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд зохион байгуулж байна.

Өнгөрсөн оны байдлаар дээрх гурван аймагт зам тээврийн ослын улмаас 66 хүний амь нас хохирч, 106 хүн хүнд, хүндэвтэр гэмтжээ. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар найман хүний амь нас хохирч, 20 хүн гэмтсэн үзүүлэлттэй байгаа гэв.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх, бүсийн хэмжээнд 2018-2020 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, түүний улмаас учрах хохирлын хэмжээг мэдэгдэхүйцхэмжээгээр бууруулах зорилтыг дэвшүүлсэн аж. Энэхүү зорилтыг ханган үр дүнд хүрэхийн тулд олон төрлийн ажил арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Уг зөвлөмжийн дагуу бүсийн аймгуудын хэмжээнд Хөдөлгөөний аюулгүй байдлын менежментийг оновчтой зохион байгуулж, хэрэгжүүлэх чиглэлээр (замын хөдөлгөөнд хяналт тавих эрх бүхий алба хаагчдыг шаардлагатай техник хэрэгслээр хангах гэх мэт), аюулгүй зам, орчныг бүрдүүлэх чиглэлээр улсын чанартай хатуу хучилттай авто замын осол, хэрэг ихээр гардаг хар цэгүүд дээр гэрэл ойлгогч, цацруулагчтай тэмдэг тэмдэглэлийг байршуулах юм. Мөн зам салсан хэсгүүд дээр чиг заасан тэмдгийг байршуулах, шинээр авто зам, замын байгууламжийг барих ажлыг төлөвлөн, үе шаттайгаар гүйцэтгэх, хөдөлгөөнд оролцогчдод зориулсан арга хэмжээ зохион байгуулах зэрэг нийт 13 төрлийн ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар 05 дугаар сарын 17-нд гарсан ойн түймрийн голомтод ОБЕГ, Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас нийт 180 гаруй алба хаагч, 12 автомашин, 6 морьтойгоор түймрийг унтраахаар ажиллаж байна.

05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар түймрийн хойд болон баруун хэсгийн түймрийн тархалтыг зогсоосон. Түймрийн голомтод өчигдөр бороо, хур тунадас холилдон орсон боловч унанги мод их, хөвд доогуур шатлага явагдаж, гэнэтийн хүчтэй салхи гарч байгаа талаар түймрийн голомтоос мэдээллээ.

Түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдад хоол хүнс, бусад хангамжийг хүргэхээр өнөөдөр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэргээр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Байгаль орчин, аялал жуучлалын яамны дэд сайд Ц.Батбаяр, Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга Б.Оюунсанаа нарын бүрэлдэхүүн түймрийн голомт руу нислэг үйлдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотын дарга 11 иргэнд байрны түлхүүр гардууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан, эхлүүлээд байгаа “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчдад орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийг орон сууцжуулах замаар барилгын салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж байна. Тус санд хамрагдсан гэр хорооллын 11 иргэн өнөөдөр хотын даргаас байрны түлхүүрээ гардан авлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн удирдлага бид бүхэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд онцгой анхаарч, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Агаарын бохирдлыг зөвхөн өвөл яриад өнгөрөх бус жилийн дөрвөн улиралд ярьж, хэлэлцэж гэмээн богино хугацаанд иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл бүрдэнэ. Нийслэлийн удирдлагын зүгээс 2017 оноос эхлэн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд цахилгааны шөнийн тарифийг хөнгөлөх, нийслэл рүү чиглэсэн иргэдийн шилжих хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг сунгах, хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр хангах гэх мэт олон ажил хийж хэрэгжүүлжүүлж эхэлсэн. Дээрх ажлууд энэ жил ч үргэлжилэх болно. Гэвч нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сонгодог арга бол иргэдээ орон сууцжуулах явдал гэдэгтэй олон эрдэмтэн, судлаач санал нэгдэж байгаа. Тиймээс “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-г байгуулсан. Нийслэлийн удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү сан юм. Үүгээр дамжуулан зах зээлд борлуулагдаагүй орон сууцнуудыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорин ажиллаж байна” хэмээлээ.

Иргэн З.Мандах “Би Чингэлтэй дүүрэгт 16 жил амьдарсан. Өнгөрсөн жилийн намраас “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн талаар мэдээллийг нийслэлийн хэвлэл мэдээллээр дамжуулж авсан. Тэр цагаас хойш шаргуу хөөцөлдсөний эцэст өнөөдөр байрны түлхүүрээ гардан авч байна. “Гранд вилла”-д 61 м2 байр авч байгаа. Нийт 120 сая төгрөгийн урьдчилгаа болох 36 сая 500 мянган төгрөгийг энэ сангаар төлүүлж байна гэсэн үг” гэв.

Иргэн Ж.Мөнхцэцэг “Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд амьдардаг. 47 м2 байрны урьдчилгаа төлбөрт оршин сууж байсан газраа өгсөн. Хотын даргын санаачлагаар хэрэгжүүлж байгаа сангаар дамжуулан байртай болсондоо баяртай байна” гэлээ.

Агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн иргэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших, өмчлөх эрхээ нийслэлийн газрын санд шилжүүлэх журамтай. Мөн тухайн иргэний эзэмшиж байгаа газрын хэмжээ 400 м2-аас доошгүй байна гэж заасан. Эдгээр шаардлагуудаас гадна арилжааны банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байх бөгөөд худалдан авч буй байрны хэмжээ 70 м2-аас илүүгүй, 1м2-ын үнэ 2.000.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх юм.

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаагаа цаашид тогтмол үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хүлээн авч байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хороо хүүхдийн мөнгө олгох талаар хэлэлцэх байсан ч хойшлогдлоо

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж Хүүхдийн мөнгө олгох талаарх нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч ирц хүрээгүй тул хойшлогдлоо.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Мөн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч байнгын хорооны ирц бүрдээгүй тул хойшиллоо.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар ДОХ-ын таван тохиолдол илэрчээ

Улаанбаатар хотод энэ оны дөрөвдүгээр сард ДОХ-ын таван тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 260 болсон тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Бүртгэгдсэн ХДХВ-ийн тохиолдлуудын 62 хувийг 25-34 насны залуучууд эзэлдэг байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 80 хувь эрэгтэйчүүд эзэлж байгаа ба үүний бараг 80 хувь нь эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүд байдаг аж.

Үхлийн аюултай энэ өвчин анх манай улсад 1992 онд бүртгэгдэж байсан бөгөөд үүнээс хойш нийт 35 хүн энэхүү өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ын хэрэгжилт болон холбогдох хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг боллоо

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон тус газарт хэрэгжиж байгаа “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-өөс УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт болон холбогдох хуулийн төслүүдийг нийслэл, дүүргийн нутгийн удирдлагын болон захиргааны байгууллага, Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын удирдлагуудад танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

“Монгол Улсад сүүлийн 20 гаруй жилд нийгмийн бүхий л хүрээг хамарсан шинэчлэл хийгдсэний нэг хэсэг нь мөн л төвлөрлийг сааруулах асуудал байсан. 1990 оноос хойш манай оронд төвлөрлийг сааруулах, төв болон орон нутгийн төсвийн харилцааг оновчтой болгох чиглэлийн өөрчлөлтийг хэрэгжүүлж ирсэн. Эдгээр шинэчлэлийн ажлын зарим нь өнөөдөр ч үргэлжилж байна.

Бид төвлөрлийг сааруулна, тэн дундаа төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардал хийдлийг арилгана, оновчтой хуваарилна гэж олон жил ярьж, зарим арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн боловч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад төрийн байгууллагын чиг үүргийг нарийвчлан зааглаагүй, хариуцлага нь чиг үүрэгтэйгээ уялдаагүй, чиг үүргийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр хангалтгүй зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлууд байсаар байна.

Иймд төвлөрлийг сааруулах шинэтгэлийг дэс дараатай, харилцан уялдаа холбоотой, цогц байдлаар хэрэгжүүлэхэд төрийн зөв бодлого чиглэл, дэмжлэг шаардлагатай байна” гэж Засгийн газрын ахлах референт П.Зоригтбаатар хэллээ.

Энэхүү асуудлуудыг шийдвэрлэж,төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, улмаар төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг батлаж, улмаар энэхүү бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүрэг дахин хуваарилах аргачлалыг Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Мөн “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар байгуулсан төвлөрлийг сааруулах хууль, эрх зүйн орчныг судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүдтэй төвлөрлийг сааруулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд эхний арга хэмжээ болох төрийн байгууллагын орон нутаг дахь удирдлагын босоо тогтолцоог зохицуулсан зарим хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа билээ. Тодруулбал, хуулийн төсөлд нийгмийн даатгал, нийгмийн халамж, аудит, цаг уур, орчны шинжилгээ, татвар, улсын бүртгэл, статистикийн байгууллагын тогтолцоог хэвтээ тогтолцоонд шилжүүлэхээр тус тус заасан. Энэ хуулийн төслүүдийг баталснаар тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллага томилдог томилгоог аймаг, нийслэл, дүүргийн удирдлагууд нь томилдог болно. Ингэснээр орон нутгийн эрх мэдэл нэмэгдэж, орон нутгийн засаглалын чадавх сайжирч, орон нутагт төрийн үйлчилгээний хүртээмж чанар нэмэгдэнэ гэж үзэж байгаа.

Дээр дурдсан бодлого, тогтоол шийдвэр, хуулийн төслүүдийг боловсруулахад Монгол Улсын Засгийн газар Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгжиж байгаа “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-өөс техник, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.