Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр болж байна.

Бүлгийн хуралдаанаар Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хугацаа дуусгавар болсон талаар болон бусад асуудлыг хэлэлцэхээр товлосон байна. Тус бүлгээс Цагдаагийн байгууллагын албан тушаалтнууд хууль зөрчиж, сэтгүүлчдийн утасыг чагнасан асуудлаар Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах шаардлагыг холбогдох албан тушаалтнуудад хүргүүлээд буй юм. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах, хариуцлага тооцох шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Тодруулбал Сангийн сайдыг Хотгор шанагын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан хэргээр АТГ-т шалгагдаж байгаа, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь иргэн Г.Алтантай эрх ашгийн хувьд холбоотой хэмээн үзэж байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Ерөнхийлөгч Х.Баттулга Эдийн засгийн форумын “Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт” салбар хуралдаанд оролцов

“Монголын эдийн засгийн форум”-ын Үндсэн чуулган Төрийн ордноо хоёр дахь өдрөө болж өндөрлөлөө. Хоёр дахь өдрийн Үндсэн чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм.

Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын эдийн засгийн форум”-ын Үндсэн чуулганы салбар хуралдаан болох “Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт” сэдэвт салбар хуралдаанд оролцлоо

Хэлэлцүүлэг зохион байгуулагчдын зүгээс “Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт” сэдвийг сонгосон нь эдийн засгийг төрөлжүүлж, тогтвортой өсөлтийг бий болгохын тулд хөдөө аж ахуйн салбарыг өргөжүүлэх шаардлагатай” гэж үзэж байгаатай холбон тайлбарласан юм. Мөн Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл болон экспортыг нэмэгдүүлэхэд салбар хуралдаанаас олон шийдэл гарна гэсэн хүлээлттэй байв.

Хуралдааныг МҮОНТ-ын Монголын мэдээ сувгийн Ерөнхий продюсер Ц.Цэнд хөтлөн явуулсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Дэлхийн банкны Хөрөнгө оруулалтын идэвхжүүлэлт, бодлогын зөвлөх Даниел Николас, “Сүү” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга зэрэг панелистууд “Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт” сэдвээр илтгэл тавьсан юм.

Панелистууд илтгэл тавьж, зарим оролцогчдын асуултад хариулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөө аж ахуйн салбарт баримталж буй бодлогын талаар:

“Хөдөө аж ахуйн салбарын талаар ярих юм бол их олон зүйл ярина. Маш том салбар хэдий ч үйл ажиллагаа нь жижиг хэмжээнд л явж байна. Хэрхэн салбарыг томруулах вэ гэдэг нь бодлогын асуудал байх ёстой. Бодлогыг Засгийн газар гаргадаг.

2010 оны зургадугаар сарын 24-нд хөдөөг хэрхэн хөгжүүлэх вэ, эзэнгүй болж байгаа газар нутгаа хэрхэн эзэнтэй болгох вэ, гэдэг асуудлаар УИХ-ын тогтоол батлагдсан. Үүнээс хойш найман жил өнгөрч байгаа ч бид өмнөх асуудлаа ярьсаар сууна. Малчдыг хэрхэн орлогожуулах вэ гэвэл нэн тэргүүнд хариуцлага, сахилга батын асуудал мэдээж яригдана. Харин хөрөнгө мөнгө, орлоготой нь холбочих юм бол малыг эрүүлжүүлнэ. Хэрвээ, мал эрүүл байх юм бол бүтээгдэхүүн зарагдаж, бүтээгдэхүүн нь экспортод гарах ёстой. Экспорт гэдэг бол бүхэлдээ технологи. Харамсалтай нь одоог хүртэл арьс, шир боловсруулах үйлдвэрийнхээ шавыг нь ч тавиагүй явж байна. Энэ асуудлаар би Засгийн газрын төлөөллүүдтэй гурван удаа уулзаж, саналаа тавьж, тодорхой судалгаа, бэлтгэсэн ТЭЗҮ-ийг нь өгсөн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Б.Батзоригийг томилогдсоных нь дараахан яаман дээр нь очиж энэ асуудлаа хэлж байсан. “Маш том салбар жижигхэн боллоо, биднийг тэжээгээд аваад явах салбар шүү” гэж хэлсэн. Энд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар сууж байна. Өөрөө орон нутгаас сонгогдсон учраас хөдөөгийн амьдралыг мэдэх байх. Ирэх жилийн Эдийн засгийн форумын үеэр энэ асуудлаа дахиад яриад сууж баймааргүй байна шүү.

Одоо нэн тэргүүнд шийдэх ёстой зүйл бол санхүүжилтийн асуудал. Өнөөдөр үйлдвэрлэл эрхэлж байгаа буюу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг малчдаас худалдаж авч байгаа үйлдвэрлэгчид хүүтэй мөнгөөр л бүтээгдэхүүнээ авдаг. Ийм байвал хэцүү. Урд хөршийнхөн ноолуурыг хүүгүй мөнгөөр авдаг. Бид хүүтэй мөнгөөр тэдэнтэй өрсөлдөх боломжгүй. Тиймээс Засгийн газар маш зоригтойгоор, эдгээр үйлдвэрүүдийг судалж, бонд гаргаад дотоодын банкуудад худалдах хэрэгтэй. Ингээд дор хаяж таван жилийн хугацаанд эдгээр үйлдвэрүүдээ сэргээх шаардлагатай. Тэгэхгүй бол Монгол Улсын үндсэн онцлог болсон энэ салбар эзгүйрч байна. Санхүүжилтийн маш тодорхой схемүүд байгаа. Эдгээр загварын дагуу санхүүжүүлэхгүй бол арилжааны зээлээр бид аж үйлдвэрээ авч явна гэж байхгүй. Монгол Улс 26 сая толгой малтай байхдаа аж үйлдвэрийн комбинат байгуулж байсан. Одоо малын тоо толгой 60 сая давж 70 сая дөхөж байна шүү. Маш тодорхой шийдэл гаргаж форум үр дүнтэй болоосой гэж хүсэх байна. Засгийн газар 2010 оны УИХ-ын тогтоолыг эргэж хараад, УИХ-ыг хүлээлгүй зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй. Монголбанк төгрөгөөр худалдан авалт хийгээд валют олдог салбар руу хөрөнгө оруулалт хийх ёстой. Ноолуурын салбар дээр Монголбанк дээрх жишгээр ажиллаад эхэлж байгаа. Өглөөний илтгэл дээр хэлсэн шиг бидэнд зориг хэрэгтэй. Ялангуяа хөдөө аж ахуй буюу мэддэг салбартаа бид зоригтой алхам хийх ёстой. Энэ том салбараа хамтын хүчээр босгоё гэж хэлмээр байна” гээд салбар хуралдааныг хаав.

Categories
мэдээ нийгэм

Гүйе, түүе аянд нэгдээрэй

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/01 дугаартай тушаалыг үндэслэн нийслэлийн ногоон бүсийн оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хог хаягдлаас үүдэлтэй хөрс, усны бохирдол, халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор “ГҮЙЕ ТҮҮЕ” аяныг зохиохоор болжээ.

Тус ажлын хүрээнд ногоон бүсийн их цэвэрлэгээг энэ сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Гачуурт тосгон, Гачуурт гол дагуу явагдах тул аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх идэвхтэй оролцохыг нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Тээврийн газраас уриалж байна.

Бүртгэл, мэдээллийг нийслэлийн Байгаль орчны газрын Зуслангийн Товчооны 328003 утсаар авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Хятад Улс импортын автомашины гаалийн татварыг бууруулна

Хятад улс эдийн засгаа илүү тэлж өргөжүүлэхийн тулд импортын автомашин болон автомашины эд ангиудад ногдуулдаг гаалийн татварын хэмжээг бууруулахаар төлөвлөж байна гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг гэгддэг Хятад болон АНУ худалдааны маргаанаа шийдвэрлэх арга замуудыг авч хэлэлцэж буй энэ үед уг мэдээлэл гарч байна.

Хятад улсын Сангийн яамнаас мягмар гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, импортын автомашинд ногдуулдаг гаалийн татварыг энэ оны долдугаар сарын 1-нээс эхлэн 15 хувь болгож бууруулах аж. Одоогоор тус улс импортын суудлын автомашин болон автобусуудад 25 хувийн гаалийн татвар ногдуулж байгаа бол ачааны машинд 20 хувийн татвар ногдуулж байгаа юм. Харин автомашины эд ангиудад одоогоор 8-25 хувийн гаалийн татвар ногдуулж байгаа бол үүнийг ердөө 6 хувь болгож бууруулах юм байна.

Улс орныхоо зах зээлийг илүү өргөжүүлэх хүчин чармайлтын хүрээнд импортын бараа бүтээгдэхүүнүүдийн гаалийн татварыг бууруулахаар төлөвлөж байгаагаа БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн сард зарласан юм.

АНУ-ын Хятадтай хийж буй худалдааны алдагдлыг багасгахын тулд Америкаас Хятад руу экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхээр тус хоёр улсын нөлөө бүхий албаны хүмүүс өнгөрсөн долоо хоногт тохиролцоонд хүрсэн билээ.

Өнгөрсөн онд АНУ-аас Хятад руу экспортолсон бараа бүтээгдэхүүний 8 орчим хувийг автомашины эд ангиуд эзэлсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чийг хүссэн тариаланчдын ажил ид дундаа байна

Зуны эхэн сар гараад хэд хонож байгаа ч ширүүн хавсаргатай өдрүүд хахир хаврыг дахин сануулах шиг. Өчигдөрхөн цасаар шуурч байсан ч унтаад сэрэхэд аль хэдийнэ хайлчихсан, зуны шар нар ээсэн өглөө аян замд гарлаа.

Газар тариалангийн бүс нутаг болох Төв аймгийн зарим сумдын хаврын тариалалтын үйл явцыг сурвалжлахаар зорьсон минь энэ.

Аргалант сумын иргэд 6991 га-д тариалалт явуулдаг ч өнөө жил 3000 гад дөрвөн аж ахуйн нэгж, таван иргэн хаврын тариалалтаа эхлүүлжээ.

Бид тус сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Хос бэрс” тариалангийн компаниар зочиллоо. Энэ жилийн хувьд хөрсний угтвар чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан улаанбуудайн тариалалтаа тавдугаар сарын 18нд эхлүүлжээ. Тэд энэ хаврын тариалалтыг 900 орчим га талбайд явуулж “Дархан 144” болон “Буриадскы” үрээр улаанбуудай тариалж байгаа аж. Компанийн хамт олон хожуухан буюу 18нд ажлаа эхлүүлсэн ч дөрвөн өдрийн дотор борви бохисхийлгүй ажиллаж, нийт тариалалтынхаа 50 хувийг аль хэдийнэ ардаа орхижээ.

“Бид өнөө жил тавдугаар сарын 6нд хаврын тариалалтаа эхлүүлэхээр техникийн бүрэн бүтэн байдлаа хангаад байсан ч цаг агаарын байдлыг ажиглаж бага зэрэгоройтлоо. Энэ хавар мэр сэрхэн хур унасан ч хаврын хавсарга аваад явчихсан. Газрын хөрсийг сөөм хэртэй ухаж байж чийг гарч байна. Өнөөдрийн байдлаар хур тунадас хүлээгээд тэнгэр хангайдаа залбирч сууна” гэж “Хос Бэрс” компанийн бригадын дарга Б.Эрдэнэсүх хэллээ.

Энэ хавар хөрсөн дээр цочир хүйтэрч байгаа нь тариаланчдын ажилд багагүй хүндрэл учруулж байгаа юм. Тавдугаар сарын эхээр хаврын тариалалтаа эхлүүлсэн аж, ахуйн нэгж иргэд соёолсон тариагаа хөлдөөж шарлуулжээ.

Аргалант сумын нутгаар сүүлийн гурван жилийн хугацаанд хуурай гандуу байгаа тул ургац хураалт тун хангалтгүй байгаа талаар иргэд ярьж байв. Өнгөрсөн жил энэ бүс нутагт хур оройтож орж, үр соёолж эхлэх үеэр нь нар шарж, намар наймдугаар сард бороошсон нь тариа хураалтад хүндрэл учруулжээ. Хэнзэлж ургасан тариаг ашиглах боломжгүй тул дийлэнхийг нь малын тэжээл болгосон байна.

Өнгөрсөн жил энэ бүс нутагт тариалалт эрхэлсэн аж ахуйн нэгж, иргэдээс хамгийн их нь 30 тонн улаанбуудай хураажээ.

Тариаланчдын ажилд цаг уур, хуурайшилтаас гадна саад учруулж буй өөр нэг хүчин зүйл нь мал аж ахуй эрхлэгчид. Долоо хоногийн өмнө Засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг зарлаж, бүс нутагт мал оруулж хохирол учруулбал эзнээр нь хохирлыг барагдуулах тухай журам баталсан байдаг. Гэсэн ч өнөөдөр “Хос барс” компанийн тариалангийн талбайг тойроод адуу, мал тааваараа бэлчээрлэж байв. Тариаланчдын хөлс, хүчээ урсгасан тариалалт хийсэн талбай руу мал хэзээ ч нэвтрэхэд бэлэн харагдсан. Компанийн ажилчид, урдах ажилдаа анхаарахаас гадна, иргэдийн мал руу байн байн нүдээ бэлчээж тун ч тавгүй ажиллана байна лээ.

“Аймгийн хэмжээнд мал тариалангийн талбайг сүйтгэдэг асуудал хүндрээд байгаа. Тариалан эрхлэгчид талбайн тэн хагасыг уриншилж үлдээгээд, үлдсэн хэсэгт нь тариалалт хийдэг. Энэ маягаар жил бүр сөөлждөг ч уриншилсан талбайд түрүү жил ургуулаад хураасан тарианы үндэс дагтаршсан байх учиртай. Ингэснээр хөрсний элэгдлээс хамгаалж өгдөг юм лдаа. Гэтэл өвөл мал тариан талбайд бэлчээрлэж, тарианы үндсийг зулгааснаар хаврын улиралд тариалалт хийгээгүй хөрс салхинд их хэмжээгээр хийсч элэгдэлд ороод байгаа” гэж компанийн тариаланч А.Болдбаяр хэллээ.

Энэ бүс нутагт өнгөрсөн жил төмс, манжин, лууван зэрэг нарийн ногоог үрлэгчээр тариалсан ч байгаль цаг уураас шалтгаалж ганц годгор лууван ч авч чадаагүй талаар тариаланчид хэлэв. Аргалант сумын нутаг нь нарийн ногоо тариалахад тохиромжгүй бүс учраас ургаагүй байж болох талаар ахмадууд нь учирлана лээ.

Бид цааш хөдлөөд Мон-гол Улсын заан Д.Амгалан-баатарын хувийн тариалангийн талбайгаар зочиллоо. Зааны тариалалтын талбай руу дөхөх замд тааралдсан олон тооны малын сэг зэмээс энэ бүс нутагт хаваржилт нэлээн хүндэрснийг ажигласан юм.

Энэ хамт олон хаврын тариалалтын ажлаа тавдугаар сарын 15-нд эхлүүлж 1000 орчим га талбайд тариалжээ. Тэд энэ удаа “Гацуурт” компанийн үрээр зөвхөн улаанбуудай тариалсан юм байна. Техник, хүн хүч сайтай тэдний ажлын гүйцэтгэл өнөөдөр 90 орчим хувьтай явж байгаа аж.

“Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийнхтэй ижил гандуухан байна. Талбай болгон өвлийн унасан цаснаас шалтгаалж харилцан адилгүй байна л даа. Хавартаа бараг юм орсонгүй. Цаашдаа хур орохгүй, хуурай хавсаргатай хэд хоновол ургац алдахад ойрхон байна. Тэнгэр хангай бороо хураа хайрлавал бидний ажлын үр дүн гарна” гэж тракторчин Я.Батгацаа хэлж байв. Өнгөрсөн жил 400 орчим га-д улаанбуудай тариалж дөрөв орчим тонн улаанбуудай хурааж авчээ. Байгаль цаг уурын нөлөөнөөс шалтгаалж их хэмжээний ургац алдсан юм байна.

Тус байгууллагын ажилчид Засгийн газраас шинээр баталсан журмын талаар “Нэг сум орон нутагт хамтран амьдарч байгаа учраас эвтэйхэн зохицоод байх хэрэгтэй. Хавар тариалалт эхлэхэд малчид тариаланчдаа хүндэтгэж хаваржаандаа буугаад, намар хураалт явагдахад намаржаандаа буугаад мал хуйгаа тариалангийн талбайгаас зайтайхан байлгахад асуудалгүй. Адилхан амьдрах гэж зүтгэж байж хэн нэгнийгээ торгох гээд дайраад байх нь гол биш” гэж ярьж байсан юм.

Газар тариалан эрхлэхэд саад учруулдаг өөр нэг дайсан нь хулгана байдаг аж. Энэ бүс нутагт хулгана элбэг байдаг болохоор тариалалтынхаа дараа химийн аргаар устгах арга хэмжээ авдаг юм байна.

Мөн сүргээсээ тасарсан хулан тариалангийн талбай руу орж сүйтгэх тохиолдол хааяа гардаг талаар тариаланчид хэлж байсан юм.

Бид энэ бүхнийг хөөрөлдөөд Аргалант сумын иргэн Х.Ганхүүгийн тариалангийн талбайг зорилоо. Энэ хаврын ажлаа 11-нд эхлүүлсэн тэд 400 га-д тариалалт хийж байгаа юм. Тэд 80 га д овьёос, 70 га-д рабс, 150 га-д улаанбуудай тариалахаар төлөвлөж, ажлын гүйцэтгэл 75 хувьтай явж байгаа аж. Бусад аж ахуйн нэгж иргэдтэй харьцуулахад олон төрлийн ургац тариалж байгаа учраас эрт тариалалтдаа гарч, орой бууж байгаа юм байна.

“Газрын хөрс өнгөн хэсэгтээ хуурай ч төө хэртэй газар ухахад чийгтэй байна. Өвөл цас их унасан болохоор тэр л дээ. Одоо залгаад сайхан хур унавал тариаланчдад их тустай байна. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхийн тулд хур бороо хүлээгээд ажлаа явуулж байна” гэж ярилаа. Өнгөрсөн жил ган гачгийн улмаас тариалалгүй өнжсөн иргэн Х.Ганхүү өнөө жил улаанбуудай, рабс, овьёос дээр нэмж хэрэглээний нарийн ногоогоо тариалж байгаа юм байна.

Энэ бригадад зочлох үеэр бид Атрын гуравдугаар аянаас хойш тракторын жолоо мушгиж буй аймгийн аварга тракторчин Ц.Баттүвшинтэй ярилцахад “Энэ жил газрын хөрсний чийг муу байна. Өчигдөр цас бага зэрэг будраад л өнгөрлөө. Гэхдээ өнгөрсөн жил ган болж ихэнх тариаланчид тариа тариалалгүй өнжсөн болохоор энэ жил ахиухан хураахаар бэлтгэл ажлаа бүрэн хангаад ажиллаж байна. Манай хамт олон зургадугаар сарын 10-д хүртэл ажиллах төлөвлөгөөтэй байгаа” гэж хэллээ.

“Өнөө жил цаг агаарын урьдчилсан мэдээгээр долдугаар сард хэт халах төлөвтэй байгаа ч манай сумын аж ахуйн нэгж, иргэд хаврын тариалалтын ажлаа эхлүүлээд ид дундаа явж байна. Манай бүс нутгийн малын даац гурав дахин хэтэрсэн байгаа. Анх тэжээлийн аж ахуй байгуулагдахад 37 мянган малтай байх ёстой гэж тогтоосон бол өнөөдөр 86 мянган толгой малтай. Үүнийг дагаад бэлчээрийн даац хэтэрч, малчдын өвөлжөө, хаваржаа тариалангийн талбайгаас хамгийн ойрдоо 50 орчим метр байгаа нь хүндрэл учруулж байна. Цаашид эрчимжсэн мал ахуй, газар тариаланг хамтарч хөгжүүлэхээр төлөвлөсөн. Зарим малчид маань малын тооноос илүү чанарт анхаарч эхэлж байгаа нь олзуурхууштай” гэж Аргалант сумын засаг дарга Б.Батжаргал ярилаа.

Энэ бүс нутгийн томоохон нууранд намрын улиралд шувуудын цугларалт болдог байна. Гантай жил тариа намхан ургахад сүргээрээ нүүдэллэх тогоруу, галуу шувууд суулгасан үрийг түүчихдэг аж. Харин тариа өндөр ургасан жил түүж чаддаггүй талаар тариаланчид ярьж байв.

Тариалангийн талбайн ойр хавийн айлын өвөлжөөний бууц шар усанд урсаж орж ирснээр зэрлэг их хэмжээгээр ургадаг аж. Энэ мэт бэрхшээлүүдэд торолгүй тариаланчид хаврын ажилдаа шамдаж байна.

ГЭРЭЛ ЗУРАГ Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ц.Болорчулуун: Тариалангийн бүс нутагт учруулсан хохирлыг тухайн хохирол үүсгэсэн этгээдээр бүрэн төлүүлнэ

Малын өсөлтөөс шалтгаалан газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйтай зөрчилдөж, улмаар ургацын гарц, хэмжээ, технологийн мөрдөлтөд нөлөөлж эхэлсэн. Мөн хөрсний үржил шим, элэгдэл, эвдрэлд орох, экологийн тэнцвэрт байдал алдагдах зэрэг сөрөг үр дагавар гарах болсон. Иймээс саяхан Засгийн газраас Газар тариалангийн бүс нутгийг нийтэд зарласан. Энэ талаар Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.


-Манай улс газар тариалангийн бүс нутгаа зарлалаа. Тогтоогдсон бүс нутгийг хэрхэн сонгож авсан юм бэ?

-Газар тариалангийн төвийн бүс нутгуудад үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэд, тэнд суурьшиж буй малчдын хооронд зөрчилтэй байдал их үүсч эхэлсэн. Энэ зөрчил юунаас үүссэн бэ гэдгийг эхлээд тайлбарлая. 1990 оны сүүлээс алслагдсан бүсийн аймгуудаас газар тариалангийн бүс нутгуудад малчид шилжин суурьших болсон. Ингэснээр хүн амын тоо нэмэгдэхийн зэрэгцээ бэлчээрийн тоо толгой огцом өсөх шалтгаан болсон. Тухайлбал, 1990 оны мал тооллогын дүнг 2017 онтой харьцуулахад Сэлэнгэ, Төв аймгуудад гурав дахин өссөн тооцоо гарсан байна. Улсын хэмжээнд нийт тариалангийн талбайн тал хувь Сэлэнгэ аймагт байдаг. Тухайн үед энэ аймаг 500 мянган толгой малтай байсан бол өнөөдөр нэг сая 300 мянган толгой малтай болтлоо өсчээ. Газар тариалангийн бүс нутагт бэлчээрийн мал аж ахуй огцом өснө гэдэг хаана хаанаа сөрөг үр дагавартай. Тийм учраас газар тариалангийн бүс нутгуудыг тодорхой болгож, батлагдсан хууль, дүрмийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн зарчмаар саяхан Газар тариалангийн бүс нутгийг тогтоолоо. Хэрэв ингэж шийдээгүйсэн бол манай улс дотоодынхоо үйлдвэрлэлийг хангах нөхцөл багасах, цаашлаад тогтвортой ургац авах асуудал улам хэцүү болох асуудал тулгарч ирэх байсан болов уу. Газар тариалангийн тухай хуулиар Засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг тогтооно гэсэн заалттай. Энэхүү хуулийн хүрээнд аль аймаг, сумын нутгийг энэхүү бүсэд оруулах уу гэдгээ тухайн нутгийн ИТХ-ын шийдвэрээр тогтоож өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл тухайн орон нутгийн иргэдийн төлөөл болсон хүмүүсийн шийдвэрийг үндэслэж, түүнийгээ Засгийн газраар оруулснаар энэхүү бүс нутагт хамааруулж өгсөн.

-Газар тариалангийн бүс нутгийг тогтоосноор ямар ач холбогдолтой гэж үзэж байгаа вэ?

-Ач холбогдлын тухайд яриад дуусахгүй олон зүйл бий. Гэхдээ гол бөгөөд товчхон хэдэн зүйл хэлье. Бэлчээрийн даац их байгаа учраас намар тариа хурааж дуусаагүй байтал малчид өвөлжөө рүүгээ ирдэг. Өөрөөр хэлбэл тариалангийн бүс нутаг руу малаа оруулчихдаг гэсэн үг. Ингэснээр малын хөлөөр тариалангийн талбай талхлагдаж, дагтаршдаг. Мөн үндэс, үрийг нь мал идчихдэг. Ийм болсон тариалангийн талбайд технологи нэвтрүүлэх ямар ч боломж байдаггүй. Бүс нутгаа тогтоож, цаг уурын өөрчлөлт, технологийн дэвшилтүүдийг нэвтрүүлснээр газар тариаланг тогтвортой хөгжүүлэх, га-гаас авах ургацын хэмжээг тогтвортой болгох зэрэг эерэг өөрчлөлтүүд олон гарч ирнэ. Цаашлаад ургацын хэмжээгээ нэмэгдүүлж экспортод гаргах зэрэг эдийн засгийн болоод байгаль орчны олон эерэг үзүүлэлтүүд гарч ирэх юм.

-Газар тариалангийн бүс нутгийг тогтоосонтой холбоотойгоор тухайн бүсэд амьдарч байгаа малчдыг өөр нутаг руу нүүлгэх ажил явагдах уу?

-Бүс нутгийг тогтоосноор тэрхүү нутагт зөвхөн эрчимжсэн мал аж ахуй эрхэлж болно гэсэн заалт хуулинд бий. Энэ нь арван малаас авах ашиг шимийг таван малаас авна л гэсэн үг шүү дээ. Ийм байдлаар малаа эрчимжүүлээд энэ бүс нутагт маллаж болох юм. Өөрөөр хэлбэл тоонд биш, чанарт нь анхаарч мал аж ахуй эрхэлнэ гэж ойлгож болно. Ингэхээр тэр бүс нутаг дахь мал эрүүлжиж, улмаар мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ. Эрчимжсэн мал аж ахуйг явуулахын тулд малдаа шим тэжээлтэй өвс, ургамлыг тариалах шаардлагатай болно. Тийм учраас тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүрэн боломжтой гэсэн үг. Нөгөөтэйгүүр өнөөдөр газар тариалангийн бүс нутгийг тогтоолоо гээд тэнд байгаа малчдыг хөөгөөд гаргахгүй. Энэ асуудал тодорхой цаг хугацааны дараа шийдвэрлэгдэх байх. Ер нь малчдад энэ бол газар тариалангийн бүс нутаг, тийм болохоор зөвхөн эрчимжсэн мал аж ахуй хөгжих боломжтой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Харин бэлчээрийн мал аж ахуйгаа өсгөнө гэсэн малчдыг бид өөр бүс нутаг руу нүүлгэн шилжүүлэх ажлыг зохицуулж болно.

-Тогтоогдчихсон бүс нутгийн тариалангийн талбай руу мал орж, тариалалтын талбайг сүйтгэх асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?

-Тариалангийн талбайд мал орсны улмаас үүссэн хохирлыг тооцох аргачлалыг саяхан гурван сайдын тушаалаар батлуулж байгаа. Өмнө нь сум, орон нутгаас ажлын хэсэг гарч, хохирол учирсан талбайд очиж, практик аргаар асуудлыг шийдвэрлэдэг байсан. Тухайлбал, ногооны талбайг адуу орж сүйтгэлээ гэхэд тухайн адууны эзний азарга адуу тутмаас нэгийг нь авч хохирлоо барагдуулдаг байсан. Харин энэхүү бүс нутгийг тогтоосонтой холбоотойгоор хохирол тооцох талаар тодорхой аргачлал боловсруулсан. Энэхүү аргачлалаа эдийн засгийн томьёоллоор тооцож, гаргасан хохирлыг буруутай этгээд бүрэн төлөх зохицуулалтыг баталж гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл тариалангийн бүс нутаг дахь тариалалтын талбайд учруулсан хохирлыг тухайн хохирол үүсгэсэн этгээдээр бүрэн төлүүлнэ. Тийм учраас энэ бүс нутагт амьдарч буй иргэд, малчид дор бүрнээ хариуцлагатай байж, бусдын хөдөлмөрийг хүндэтгэх хэрэгтэй.

-Газар тариалан өндөр хөгжсөн орнуудад тариалалтын талбайгаа хашаалсан байдаг шүү дээ…

-Эхний ээлжинд бид газар тариалангийн бүс нутгаа тодорхой болгож, олон нийтэд зарлалаа. Ингэж зарласантай холбоотойгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Газар тариалан өндөр хөгжсөн орнуудын туршлагыг харахад ойн зурвастай болсон байдаг. Тэр тариалангийн талбайд ойн зурвас байна гэдэг нь ус, чийгийг өөртөө байнга татаж байдаг. Мөн хөрсний элэгдлээс хамгаалж байдаг. Улмаар га-гаас авах ургацын хэмжээг тогтвортой болгож, нэмэгдүүлдэг ач холбогдолтой. Тэгэхээр манайх шиг бэлчээрийн мал аж ахуй голлосон оронд ойн зурвас бий болгохын тулд эхний ээлжинд хашаажуулах зайлшгүй шаардлагатай. Хашаажуулсныхаа дараа ойн зурвас байгуулах нь зүйтэй гэсэн эрдэмтдийн санал, судалгаа гарсан. Үүнийг үндэслэж энэ жил төсөвлөсөн дөрвөн тэрбум төгрөгөөр зарласан бүс нутгаасаа эхэлж хашаажуулах ажлыг орон даяар өрнүүлэх болно. Үүний дараа ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлнэ. Одоогоор ойн зурвастай болох асуудлаар тендер зарлагдчихсан байгаа.

-Зарим аймаг, сумдын нутгийг газар тариалангийн бүс нутаг болгон зарласантай холбоотойгоор малчид, иргэдээс гомдол ирсэн үү?

-Тариалангийн тухай хуулийн дагуу албан зохицуулалт хийж өгсөн. Энэхүү хуулинд тариалангийн талбайгаас гадагшаа 500 метрийн дотор өвөлжөө, хаваржаа байхыг хориглоно гэж заасан байдаг. Тийм учраас энэхүү хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Бүс нутгийг зарлахаас өмнө бид тухайн бүс нутагт хамрагдаж буй малчид, иргэдийн төлөөлөгчтэй уулзаж, хэд хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Улмаар тухайн орон нутгийн ИТХ-ын шийдвэрээр зарласан бүс нутагт хамруулсан байгаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гэдэг малчид, иргэдийн шийдвэр байдаг. Тийм болохоор ямар нэгэн малчин, иргэнээс манай бэлчээрийг тариалангийн бүс нутагт оруулчихлаа гэсэн шүүмжлэл, гомдол санал ирээгүй. Яг газар дээрээ ганц хоёр хүний буруу, зөв ойлголтоос үүссэн хэл ам, маргаан гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ шийдвэр бол олон нийтийн гаргасан шийдвэр. Ер нь манай малчид энэхүү шийдвэрийг ойлгож байгаа. Мал гэдэг бол малчдын хөрөнгө. Тариалангийн талбай гэдэг тариаланчдын хөрөнгө. Тэд талбайдаа өөрийнхөө хөрөнгийг зарж, үр ашгийг нь хүртэж байгаа. Мэдээж хүний тарьсан талбай руу малаа оруулдаг монгол хүн гэж байхгүй. Тийм болохоор тариаланчид, малчид маань хоорондоо маш сайн ойлголцож, энэхүү бүс нутагт оршиж байгаа.

-Зарласан тариалангийн бүс нутгийн хүрээг цаашид тэлэх үү?

-Мэдээж хэрэг тэлж болно. Тухайн аймаг, орон нутгийн Иргэдийн хурлын шийдвэр гарч, бидэнд хүсэлт ирүүлбэл түүнийг нь Засгийн газарт оруулж, шийдвэрлүүлэх боломжтой.

-Энэ жил бүс нутгаа зарлалаа. Үүний хүрээнд газар тариалангийн салбарт тодорхой ажлуудыг хэрэгжүүлнэ гэнэ. Тэгэхээр өнөө жилийн ургац хураалт өнгөрсөн жилүүдийнхээс нэмэгдэх боломж гарч ирэх үү?

-Энэ жилийн тухайд зарлагдлаа гээд өмнөх жилүүдээс илүү ургац авна гэсэн зүйл байхгүй. Юутай ч зарласан бүс нутгаа иргэддээ ойлгуулах, хашаажуулах ажлыг эхлүүлэх зэрэг ажлуудыг хийнэ. Цаашид ач холбогдол нь өргөжиж, ургац хураалт нэмэгдэх боломжтой болно.


Categories
мэдээ цаг-үе

Жүжигчин Д.Оюунзул: “Гэгээн Муза” наадмын тэргүүн шагналыг хоёр удаа хүртлээ

Театр урлагийн шилдгийг шалгаруулдаг Гэгээн Муза наадам 14 дэх удаагаа болж, шилдгүүдээ тодруулсан. Энэ жилийн наадамд Хүүхэд оролцооны бүтээл, Драмын жүжгийн, Хөгжимт жүжиг”, Хүүхдийн жүжиг”, Нэг хүний жүжиг-ийн төрлөөр Монгол Улс, ОХУ, Косова, Хонгконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украин улсын 300 орчим уран бүтээлч өрсөлдөв. Драмын жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн Black box театрын жүжигчин Дорждэрэмийн Оюунзултай уулзаж ярилцлаа.


Гэгээн Муза наадмын эмэгтэй гол дүрийн тэргүүн шагнал хүртсэнд баяр хүргэе!

-Ирландын зохиолч Самуэл Беккетийн “Годо-г хүлээхүй” абсурд жүжгийн Владимирын дүрээр энэ нэр хүндтэй шагналыг авсандаа маш их баяртай байна.

-Жүжигчин болох гараагаа хаанаас эхлэв?

-Би СУИС-ийн жүжигчний ангийг гавьяат жүжигчин Лайхансүрэнгийн Лхасүрэн, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Найдангийн Ганхуяг нарын удирдлага дор суралцаж 2010 онд төгссөн. Л.Лхасүрэн багшийг маань “Гарын таван хуруу”-гийн Шагдарын дүрээр Монголын ард түмэн андахгүй мэднэ. Би Ганхуяг багшаа амьдралын өдөр тутмын үйл явдалд хувь хүн талаас сургаж өгдөг багш юм бол уу гэж боддог. Лхасүрэн багш маань “Урлаг бол алтан тайз шүү. Аятайхан байгаарай” гэж анхнаас нь шавь нартаа хэлдэг хүн.

-Хоёр мундаг багшийн шавь юм байна. Танай ангийнхан ч тасархай авьяас билэгтнүүд байсан байлгүй?

-Би хоёр анги дамжиж суралцсан. Үндсэн ангийнхан маань цөөхүүлээ төгссөн. Анх 35-уул СУИС-д элссэн ч хоёрдугаар курстээ арван нэгүүлээ болсон. Манай Лхасүрэн багш их хатуу хүн. Үүнээс ч өөр юм нөлөөлсөн л байх. Тэр цөөхөн хүүхдээс Гаваасүрэнгийн Оюунтунгалаг АНУ-д урлагийн сургууль төгслөө. Баярсанаа гэж охин театрын өлгий сургууль ОХУ-ын ГИТС-ийг төгссөн. Зургадугаар ангиасаа найзалж СУИС-д хамт элссэн Мөнхчимэг маань БНСУ-д урлагийн сургууль дүүргэсэн. Манай ангийн Ёндоншарав гэдэг залуу УДЭТ-т туслах найруулагчаар ажиллаж байгаад одоо ОХУ-д найруулагчийн мэргэжлээр суралцаж байна. Ганчимэг гэж охин жүжигчнээрээ ажиллаж байна. Барслхагва Кино үйлдвэрт ажиллаж байгаа. Дундговь, Булганы театруудад зарим маань ажиллаж байна. Сүүлд хамт төгссөн ангийнхан маань бүгд урлагийн салбартаа энтертайнмент чиглэлээр ажиллацгаадаг юм билээ.

-Жүжигчний гараагаа ямар бүтээлээр эхэлж байв?

-Найруулагч Найдандорж намайг “Сэрүүн хасын нууц” жүжигт тоглуулж байсан. “X-ТҮЦ” продакшны тавьсан энэ хятад жүжигт би бага эхнэрийн дүрийг бүтээсэн. Энэ хүү жүжигт тоглосноор “Black box” театрт орох үүд хаалга нээгдсэн. Үүнээс өмнө тоглолт энэ тэрд оролцож, телевизийн нэвтрүүлэг хөтлөөд явж байсан.

-Өөрөө урлагийн гэр бүлээс гаралтай юу?

-Манай удамд яг урлагийн мэргэжил эзэмшсэн хүн байхгүй. Харин нөхрийн талынхан маань “UBS” телевизийн гүйцэтгэх захирал Баяр зэрэг урлагийн хүмүүс байгаа. Эмээ нь гэхэд “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад тоглож байсан Нансалмаа гэдэг жүжигчин байсан юм билээ. Манай ээж Дэлгэрмаа Дундговийнх. Урлаг уран сайханд дуртай, сайхан дуулдаг, эвлэлийн ажилтан хүн. Аав маань сургуулийнхаа атаман байсан гэсэн. (инээв. сур) Одоо бурхан болсон л доо. Аав, ээж хоёр маань хоёул эмч мэргэжилтэй. Манайх намайг хүүхэд байхад адуу малтай, айраг цагаатай айл байлаа. Дундговь аймгийн Говь-Угтаал суманд Их газрын чулуунаас нааш хэдхээн километрт өвөлжөөтэй. Манайх өвөлжөөн дээрээ байшин барьж байсан анхны айл шүү дээ. Аав Дорждэрэм маань Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул. Аав, ээж хоёр маань Төв аймгийн Эрдэнэсант суманд нэгэн үе ажиллаж, амьдарч байсан юм билээ.

Гэгээн Муза наадмын тэргүүн шагналыг хоёр дахь удаагаа хүртлээ гэл үү?

-Францын яруу найрагч, зураач, жүжгийн зохиолч, кино найруулагч Жан Коктогийн “Хүний дуу хоолой” моно драмын жүжгээр би 2013 онд моно жүжгийн төрөлд “Гэгээн Муза” шагнал авч байсан. Хүний далдлагдсан ертөнцийг үзэгчидтэй хуваалцсан жүжиг байсан л даа. Энэ моно жүжгээрээ Арабын нэгдсэн Эмират улсад олон улсын фестивальд амжилттай оролцоод ирлээ.

-Самуэл Беккетийн Годо-г хүлээхүй жүжиг хүний оршихуйн тухай хүнд сэдэвтэй, гурван цаг гаруй үргэлжилдэг жүжиг байна лээ. Владимирын дүрд тоглоход хэцүү байв уу. Дэди гээд байсан нь товчилсон нэр нь үү?

-Владимир гээд зохиол дээрээ бичсэн ч гол дүрийн хоёр нэгийгээ Гого, Дэди гэж дуудаж буйгаар гардаг. Алдарт Беккет л өөрөө ингэж бичсэн байдаг. Энэ хоёр нэр нийлэхээрээ Го-Ди болж байгаа. Жүжигт Годо-г хүлээгээд байгаа ш дээ. Тэгэхээр ямраар ч тайлбарлаж болмоор. Нөгөө хүлээгээд байсан хүн нь өөрсдөө ч байж магадгүй байгаа биз. Гэхдээ мэдэхгүй. Үзэгчдэд үүнийг тулгах эрх бидэнд огт байхгүй. Тэр тусмаа абсурд жүжиг шүү дээ.

-Хурц үйл явдалтай жүжиг үзээд дасчихсан болохоор ч тэр үү, өөрийн чинь тоглосон абсурд жүжиг үнэндээ хүндхэн санагдаж байсан шүү?

-Тийм л дээ. Бусад жүжигт бол хутгалаад л, дайн дажин болоод л бужигнуулж өгдөг. Бид ч яахав тайзан дээр байна. Зогсох эрхгүй. Миний ажил юм. Тэр тусмаа ямар нэгэн байдлаар дүрдээ орчихсон байгаа шүү дээ. Таны хэлсэнтэй би санал нэг байна. Анх би жүжиг гэдгийг өөр нүдээр хардаг байсан үед гэнэт өөр орчинд орж тоглоход хэцүүхэн байсан. “Годо-г хүлээхүй” дээр ажиллаад энэ төрлийн жүжгийг илүү их ойлгож авч байна. Галзуу ирланд Беккет өөрөө жүжигчинд хичээл заачихдаг суутан юм билээ. Энэ жүжгийг дөнгөж эхэлж бэлтгэж байхад Мягмар ах “Битгий тэгээд ухаад, ухаараад, задлаад янз бүр болоод байгаарай. Битгий баярла. Бүү гунь. Зүгээр л чи дамжуул” гэсэн. Энэ их амархан сонсогдож байгаа биз?

-Тийм байна шүү?

-Гэхдээ надад ерөөс амар байгаагүй, хэцүү байсан. Сургуулилах тусам биед маань амар болсон. Мяагаа ахын хувьд ойлгохгүй ухаарахгүй тоглох нь бараг зөв гэж үзэж байсан. Энэ чинь 97 хуудас зохиол шүү дээ. Миний хамтрагч Мөнхжаргал ах бид хоёр тайзнаас ганц удаа ч буудаггүй. Тэр Лаки тайзан дээр нэг ч үг хэлэхгүй бөгтийгөөд зогсоод байдаг даа. Үүнийг үзэгч харахад амархан ч юм шиг. Гэхдээ их хэцүү дүр. Учрыг олно гэхээр хэцүү. Олчихоор энэ жүжиг утгагүй ч юм шиг. Гэхдээ бид хоосон бай гэдгийг энэ жүжигт хэрэгжүүлсэн. Бид урьд нь жүжгийн өмнө баахан тээш авч тоглодог байсан. Дүрдээ баахан атмосфер авч ордог шүү дээ. “Годо-г хүлээхүй” дээр юу ч бодохгүй орох ёстой. Энэ их хэцүү даалгавар. Үүгээрээ галзуу ирланд Беккет дэлхийн абсурд жүжгийн эцэг гэгддэг бол уу гэж өчүүхэн би бодож байна. Гэхдээ энэ дүгнэлт биш шүү.

Годо-г хүлээхүй-г ардын жүжигчин Н.Сувд, зохиолч Х.Наранжаргал, урлаг судлаач Дэ.Мягмарсүрэн болон гадаадын шүүгчид хэр хүлээж авсан бол?

-Тэд театрын урлагийг маш гүнзгий ойлгож мэдэрдэг тэргүүлэгч сэтгэлгээтнүүд. Тийм биш байсан бол шүүгчээр суухгүй. Урлагийн мэргэжил эзэмшсэн хүн болгоныг урлагийн хүн гэхэд хэцүү. Би тэр шүүгчидтэй ойр байж “ах аа, эгч ээ” гээд байх боломжгүй байсан. Харин “Гэгээн Муза”-гийн шагнал авахад Наранжаргал шүүгч “Маш их амжилт хүсье” гээд тэвэрсэн. Тэр том хүнд тоогдсондоо баярлаж байна.

-Би Боролдой Мягмар гэдэг хүнийг Монголдоо оюун санааны их хувьсал, хөрөнгө оруулалт хийх гэж зүтгэж яваа соён гэгээрүүлэгч гэж боддог л доо. Black box театрынхаа хамт олны талаар яриач?

-Манай театрын бүх зүйл утга учиртай. Гэхдээ нэг талдаа энэ театрыг ойлгодог үзэгчид цөөхөн юм шиг хэрнээ оюуны өндөр таашаал авдаг асар олон үзэгчидтэй театр. Мэдрэмжийн театр юм л даа. Үзэгч болгон өөр өөрийнхөөрөө ойлгоно гэдэг гоё шүү дээ. Мягмар ах маань маш олон хүнд буян болж байна даа. Одончимэг эгч маань олон жил урлагаар явсан мундаг хөгжмийн боловсролтой хүн. Энэ хоёр маань хоёулаа гадаадад сургууль дүүргэж, тухайн үеийн залууст соёл урлагийн үлгэр жишээгээр нэг алхам түрүүлж явсан хүмүүс. Одоо ч тэр утгаараа оюун санааны хувьд түүчээлж яваа. Залуу үеэ бэлдэж байна. М.Боролдой найруулагч бол аав, ээжийнхээ өндөр боловсрол эзэмшин элит уламжлалыг өвлөн гадаадад сургууль дүүргээд ирсэн хүн. Бид бүгд өөр өөрийн үзэл бодолтой ч энэ жүжгүүд биднийг нэгтгэдэг. Манай театр үндсэн зургаан жүжигчинтэй.

-Кинонд дүр бүтээж байв уу?

-“Ах дүүс” гэдэг кинонд 2010 онд рок охины дүрд тоглож байлаа. Улаан, хар үстэй, савхин хувцастай гардаг даа. Би будаг их авдаг жүжигчин байхгүй юу.

-Дүр чинь их хувирдаг гэсэн үг үү?

-Сайн хувирдаг гэсэн үг. Би жаахан тураад нэг дүрд, жоохон бондойгоод нөгөө дүрийг бүтээдэг гэсэн үг л дээ. Дөчин таван килограмм хүртэл турдаг. Энгийн үедээ тавин килограммтай байдаг.

-Өөр ямар кинонд дүр бүтээв?

-Гавьяат жүжигчин, “Чингис хаан” А.Энхтайван ахын найруулсан “Бардо” кинонд тоглож байсан. Завсрын ертөнцөд хоригдсон сүнсний дүрд тоглож байсан. “Миний ахын эхнэр” кинонд Мягмарнаран ах, том Урнаа эгч нартай тоглож байлаа. “Эр хүн болгож өгөөч” киноны эсрэг дүрд тоглосон. “Боловсрол” телевизийн “Гэрлэн дохио”, “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” сериалуудад тоглосон шүү. МҮОНТ-ийн “Цоглог” хөтөлбөрийг хөтөлдөг байлаа. Одоо эндээ багшилдаг.


Categories
мэдээ цаг-үе

Э.Гэрэлт-Од: Нөлөө бүхий хоёр нам тохиролцоод эрүүл, гуравдагч улс төрийн хүчин гаргах орон зайг үүсгэхгүй байна

Улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.


-Улс төрийн намууд ямар байх ёстой вэ?

-Нам ямар байх ёстой вэ гэдэг асуудал харьцангуй л даа. Дэлхийн улс орнуудын өнгөрсөн 200 жилийн намын хөгжлийн түүхийг харахаар намуудын талаарх судлаачдын тодорхойлолт цаг үе өнгөрөх тусам улам тодорхой болж байна. Нийтлэг ойлголтоор бол монголчууд “засгийн эрхийг барих хүсэл эрмэлзэлтэй бүлэг хүмүүсийг нам” гэж ойлгоод байдаг. Магадгүй сонгодог тодорхойлолт мөн боловч орчин цагийн нийгмийн эрэлт хэрэгцээ, ёс зүй, улс төрийн соёлыг агуулсан тодорхойлолт мөн үү гэвэл хараахан үгүй. Би хувьдаа улс төрийн намыг сонгуулийн замаар иргэдээс санал авч, төрийн бодлогыг тодорхойлох улс төрийн хүсэл зорилготой иргэдийн нэгдэл гэж ойлгодог. Орчин үед энэ тодорхойлолт нэлээд түгээмэл болж эхэлж байна. Намыг нэгдэл гэж ойлгох хэрэгтэй. Харамсалтай нь бид өнөөдөр нэгдэл гэдэг үгийг тодорхой аж ахуйд суурилсан зохион байгуулалтын хэлбэр гэж ойлгодог. Ийм уламжлал ойлголт одоо хүртэл байгаа. Нам гэдгийг улс төрийн нэгдэл гэж ойлгож явах нь зөв л дөө. Тодорхойлолтын энэ санаа нь Монголын улс төрийн намын тухай хуульд 1990 оноос хойш сууж яваа.

-Намыг төр гэж ойлгоод төрөө дорд үзэх хандлага нийгэмд байна уу?

-Миний хувьд төртэй шууд холбож ойлгохгүй байна. Улс төрийн нам бол засаглалыг хэрэгжүүлэх институци учраас яалт ч үгүй нам ямар байхаас шалтгаалаад төр ямар байх нь тодорхойлогдоно. Намууд нь илүү сахилга батгүй, зохион байгуулалт муутай, хариуцлагагүй байх юм бол төр нь яг тийм болно л доо. Орчин үеийн судлаачид төрийн ардчилал улс төрийн намаар дамжиж хэрэгждэг гэсэн дүгнэлт хийж байна. Тийм учраас ардчилсан нийгэмд улс төрийн нам хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг институци. Сүүлийн үеийн судалгаануудын дүнг аваад үзэхээр нам гэдэг нэгдэлд хүмүүс тааламжгүй, итгэлгүй хандаж буй үзэгдэл байгаа. Энэ нь төртэй гэхээсээ илүү намтай шууд холбоотой. Бид төлөвшөөгүй, хариуцлага хүлээдэггүй, ил тод биш улс төрийн намуудыг сонгуульд сонгож гаргаад байгаа учраас төр маань өөрөө хариуцлагагүй, сахилга батгүй, ил тод биш болж хувирч харагдаад байна л даа. Нөгөө талдаа иргэдийг буруутгахад хэцүү. Улс төрийн намууд нь ийм байгаа тохиолдолд иргэдийн итгэл үнэмшил буурахаас өөр аргагүй. Судалгаануудын дүнг харахаар иргэдийн 60-80 орчим хувь нь намуудад итгэхгүй байна. Сонгуулийн бус үед намууд дээд тал нь арван гаруй хувийн дэмжлэг авч байна. Энэ бол хангалтгүй үзүүлэлт. Гэхдээ өнөөдрийн мэдээллийн олон урсгал дунд байгаа, глобальчлагдсан, хүний эрх, олон ургальч үзэлтэй нийгэмд улс төрийн намууд өндөр итгэл даах институци биш болж байх шиг байгаа юм. Энэ бол ардчилсан орнуудад түгээмэл ажиглагдаж байна. Монголд тэр дундаа маш бага байгаа ажиглагдаж байна.

-Ардчилсан бус улсад тэгвэл намын нөлөө ямар байгаа бол?

-Тийм улс орнуудын хувьд улс төрийн намуудад итгэх итгэл өндөр. Энэ бол улс төрийн тогтолцооны болон намын тогтолцооны ялгаандаа байгаа. Эцсийн дүндээ улс төрийн намуудын нэр хүндээ алдаж буй нь тэдний ил тод биш, хариуцлагагүй байгаатай холбоотой. Дээр нь бид хариуцлагатай сонголт хийж чадахгүй байгаа, намуудад хариуцлага тооцожчадахгүй байна. Нөгөө талдаа улс төрийн нам сайн гэж хэлэхүйц төлөвшлийг олж чадаагүй байна. Ийм тохиолдолд улс төрийн намуудын өнөөдрийн дүр зураг жам ёсны үзэгдэл.

-Улс төрийн намуудыг яаж төлөвшүүлэх вэ?

-Төлөвшүүлэх асуудлын хувьд зөвхөн намуудад өөрсдөд нь найдаж болохгүй. Иргэд олон нийтийн шахалт, дэмжлэг хүчтэй нөлөөлнө. Энэ утгаараа олон нийт улс төрийн намын төлөвшилд чухал үүрэг гүйцэтгэнэ. Иргэдийн улс төрийн оролцоо, нийгмийн үзэл бодол, сэтгэл зүйн нөлөөлөл их чухал. Харамсалтай нь манайхан нам гэхээр байж болохгүй юм шиг хардаг. Эсвэл үхэн хатан өмгөөрдөг. Намд элсч буй хүнийг болж бүтэхгүй нөхөд гэж хараад байдаг. Миний хувьд улс төрийн нам гэдэг бол улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлдог институци гэж дээр хэлсэн. Энэ институцид эвлэлдэн нэгдэж, оролцож, нөлөөлөх замаар бид улс төрийн намын төлөвшлийг сайжруулахын төлөө явах ёстой. Тэгж байж монголчуудын сонгосон улс төрийн тогтолцоо, ардчилал илүү бэхжиж чадна. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахаар бид хэт улстөржчихөөд байна. Бас улс төрийн намуудаар хэт талцсан нийгэмд амьдарч байна. Үүнийг улс төрийн намын гишүүнчлэлийн бодлоготой холбоотой гэж бид яриад байдаг. Үнэндээ улс төрийн намуудын уламжлалт хуучинсаг удирдлагын арга барилыг өөрчлөх цаг болсон. Улс төрийн намууд илүү нээлттэй, хариуцлагатай дотоод ардчилалтай байх удирдлагын арга барилыг сонгохгүй л бол цааш явахгүй. Манай улс хоёр сая орчим сонгуулийн насны иргэнтэй. Намын 600 гаруй мянган гишүүнтэй. Энэ бол маш өндөр тоо. Бодит байдал дээр бид сул, хатуу гишүүнчлэлийн тухай биш харин улс төрийн намын гишүүнчлэлийг ил тод нээлттэй болгох тухай асуудал ярих нь илүү чухал. Зарим нэг судлаач, улстөрчдийн дүгнэлтүүдийг ажиглаж байхад сул гишүүнчлэл, эсвэл бүр гишүүнгүй намын тухай яриад байна л даа.

-Намын гишүүн гэсэн ойлголт бүдгэрэх хэрээр улстөржилт багасах сайн талтай юм биш үү?

-Харин ч улс төрийн намуудыг хариуцлагагүй байлгахад чиглэсэн сөрөг талтай. Улс төрийн намуудын гишүүдийг бүртгэдэг, гишүүд нь татвараа төлдөг байх ёстой. Тэд улс төрийн хүсэл зоригоо илэрхийлэхийн тулд намд элсдэг, намын гишүүн болсныхоо төлөө айх, ичих, нуугдах шаардлагагүй нийгмийг бий болгох хэрэгтэй. Ийм тохиолдолд Монголын намын гишүүдийн тоо огцом буурах байх. Үсрээд бүгд 30-50 мянга дотор эргэлдэх болов уу. Монголд үүнээс илүү намын гишүүн байхгүй. Энэ нь хүн амын таван хувь гэсэн үг. Ер нь дэлхийн улс орнуудын дундаж иймэрхүү байдаг. Зарим ардчилсан оронд намын гишүүдийн тоо нэг хувиас доош орсон. Тэгэхээр үнэхээр улс төрийн хүсэл зоригоо илэрхийлж байвал сул, хатуу байх нь тийм чухал биш. Нөгөө талдаа улс төрийн намын гишүүдийн идэвх, оролцоогоор санхүүжилт, хандив өгөх орон зайг нь дэмжиж өгөх ёстой. Гишүүнгүй нам болсноороо яаж олон нийтийн байгууллага болж ажиллах юм, хаанаасаа улс төрийн санхүүжилт дэмжлэгүүдээ олж авах юм гээд олон чухал асуудал бий. Олон нийтийн байгууллага учир дан ганц төрийн санхүүжилтэд найдаж болохгүй. Иймээс бид улс төрийн намыг олон нийтийн байгууллага болгохын төлөө ажиллах ёстой. Түүнээс биш нэг хэлбэрийн төрийн байгууллага болгож болохгүй.

-Улс төрийн намын хандивыг ил болгох хэрэгтэй гэдэг. Гэхдээ хэрэгжихэд түвэгтэй, хэцүү шаардлага юм шиг санагддаг. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-Судлаачид,олон нийтийн зүгээс улс төрийн намыг санхүүгийн хувьд хамгийн ил тод байгаач, хандивлагчдаа зарладаг байгаач гэж хүсдэг. “Нээлттэй нийгэм форум”-ын судалгаанаас харахад судалгаанд оролцогчдын 94 хувь нь хандивлагчдыг ил тод зарлах хэрэгтэй гэж хүсэж байна. Гэтэл намууд ил тод байхыг хүсдэггүй. Үүнээсээ болоод иргэдийн нийгэм, улс төрийн хэрэгцээг нь хангаж чаддаггүй. Намуудад итгэхгүй байгаа нь хамгийн том шалтгаан. Улс төрийн намууд хялбар аргаарцөөхөн хандивлагчдаас их хэмжээгээр санхүүжихийг хүсээд байна. Энэ нь тэднийг чөдөрлөх аюултай.

-Манай намууд цөөн хүнээс их хандив авахыг хүсч байгаа юм байна. Дэлхий нийтийн жишиг ямар байдаг юм бол?

-Дэлхий нийтийн хандлага нь улс төрийн намуудын санхүүжилтийг аль болох олон хүнээс бага хэмжээний хандив авч байж олон нийтийн нам гэдэг мөн чанараа хадгалах бодлого хэрэгждэг. Бүхэлд нь төрөөс санхүүжүүлдэггүй. Энэ нь улс төрийн намууд шинэчлэгдэх, илүү нээлттэй, хариуцлагатай болохын төлөө улс төрийн хүсэл зориг гаргаж байна. Харамсалтай нь манайд улс төрийн намын санхүүжилт хамгийн хаалттай сэдэв болжээ. Энэ бол маш хортой. Одоо ил тод бай, хүсэл зоригоо илэрхийл, ардчилсан нээлттэй нийгэмд бид амьдарч байна гэдгээ ойлгуулах хэрэгтэй болоод байна л даа.

-Улстөрчид энэ хандлагыг мэдрэхгүй өнөөг хүрсэн гэвэл хир бодитой, үнэн сонсогдох бол?

-Улстөрчид, улс төрийн намын лидерүүд энэ бүхнийг мэддэг. Хүсэхгүй байгаад л асуудал байгаа. Тэднийг хүсдэг болгохын тулд нийгмийн шахалт хэрэгтэй байна.

-Улс төрийн намууд нь Монгол шиг байдалд орсон улс орнуудын асуудлаасаа гарсан арга туршлагыг сонирхуулаач?

-Ардчилал хөгжиж байгаа улс орнуудын хувьд олон нийтийн оролцоо шахалт, улстөрчийн ёс зүйгээр дамжуулж ил тод болгож байна. Үүнд Баруун Европын орнуудыг дурьдаж болно. Харин Монгол болон зарим пост орнуудын хувьд жаахан асуудалтай. Хэдийгээр бид улс төрийн намуудыг ардчилалтай болгох ёстой гэж арав гаруй жил ярьсан ч бодит байдал дээр улс төрийн намууд хэлбэр төдийгөөр гишүүдээ оролцуулж, хөлсний гишүүдээр намаа дүүргэж эхэлж байна. Маш харамсалтай үйл явдал. Өөрөөр хэлбэл намын дотоод ардчиллыг хуурмаг байдлаар бий болгож байгаа учраас иргэдийн хүсэл эрмэлзэл дээр тулгуурласан жинхэнэ шийдвэр гарч ирж чадахгүй байна.

-Хоёр том намд итгэх иргэдийн итгэл алдагдсан. Гуравдагч хүчин гарч ирвэл орон зай байна уу?

-Нийгэм эрүүл улс төрийн хүчнийг хүсч байгаа. Сүүлийн хоёр, гурван сонгуулиар маш тодорхой харагдаж байна. Гэхдээ нийгэм хүссэнээр шийдэгддэг асуудал бас биш бололтой. Хоёр намын тогтолцооны нөлөө маш хүчтэй байна. Өнөөдөр хоёр намын нөлөө бүхий хүчирхэг тогтолцоо бүрдчихлээ. Энэ бол өнгөрсөн 28 жилийн сонгуулийн тогтолцооны шууд үр дагавар. Хоёр намын системийг сайн гэж маш олон талаас нь ярьдаг. Гэхдээ сөрөг дагаврууд нь хүчтэй байна. Нөлөө бүхий хоёр нам хоорондоо тохиролцоод эрүүл, гуравдагч улс төрийн хүчин гарах орон зайг хааж байна. Нийгэм хүсээд байгаа ч яг бодит сонгуулиар нөгөө улс төрийн хүчнийг дарамтлах, задлах хэлбэрээрилэрч байна. Өнөөдрийг шударга бус тогтолцоог хадгалж үлдэхийн төлөөх ажиллаж байна. Энэ бол хоёр намд чөдөрлөгдсөн улс төрийн тогтолцоо Монголд үүссэнийг харуулж буй хэрэг.

-Энэ хандлага, тогтолцоог өөрчлөхийн тулд яах ёстой вэ?

-Нийгэм, иргэдийн шахалт зайлшгүй хэрэгтэй. Гуравдагч гэж хэлж болохуйц, эсвэл тийм сонирхолтой байгаа улс төрийн хүчнүүдийн хүсэл зоригийг илэрхийлэх цаг болсон. Дандаа нөлөө бүхий намын захиалгаар ажилладгаа болих хэрэгтэй. Миний хувьд хоёр намын тогтолцоог бага ч болтугай задлах цаг болсон гэж харж байна. Ингэхийн тулд эрх зүйн том реформ хийх хэрэгтэй.

-МАХН дажгүй эрчимтэй гарч ирж санал хуваалцсан. Гэтэл одоо УИХ-д байгаа ганц суудлаа адлаад байна. О.Баасанхүү гишүүнийг намаасаа хөөсөн. Дээд шүүх тус намын дүрмийг бүртгэхгүй гээд гурван удаа буцаалаа. Энэ үйл явдлыг судлаачийн хувьд хэрхэн харж байна вэ?

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуулийн сул тал. Энэ хуулиар намын дотоод маргааныг шүүх шийдэхгүй. Энэ нь улс төрийн нам нөлөө бүхий гишүүдийн хүсэл зоригоор шийдэгдэх, маргаанаас эцэслэхгүй байх боломжийг олгож өгөөд байгаа юм. МАХН маргаанаа өнөөгийн хууль эрх зүйн орчны хүрээнд дотооддоо шийдэх ёстой. Магадгүй гуравдагч хүчний энэ орон зай дотор нөлөө бүхий намын гар хөл оролцож болохыг үгүйсгэхгүй. Учир нь манайд ийм тогтолцоо үүссэн. ХҮН намын дотоод задрал ч үүнтэй адил.

-Үндсэн хуулийн асуудалтай зэрэгцээд МАХН-ын дарга Н.Энхбаяр Шинэ Үндсэн хууль гэж яриад эхэлсэн. Энэ үйл явц дээр таны байр суурийг сонсъё?

-Улс төрийн намуудын санаачилгын түвшний ажил. Буруутгах арга байхгүй. Ардчилсан нийгэмд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх бүх хүнд бий. Тодорхой хүмүүс эвлэлдэн нэгдээд хуулийн төсөл санаачлаад иргэдээс санал аваад явж болно. Иргэд, улс төрийн нам хууль санаачлах эрхтэй субьект биш. Парламентын гишүүн, Засгийн газрын гишүүд, Монгол улсын Ерөнхийлөгч нар Үндсэн хуулиар хууль санаачлах эрхтэй. Энэ гурваар дамжиж байж л хууль өргөн баригдана. Үндсэн хуулийн асуудал тун ярвигтай. Хууль хэлэлцэхээсээ эхлээд олон нийтийн санал авах, өргөн баригдах, шийдвэрлэгдэх нь хүртэл тусгай хуулиар зохицуулагддаг. Олон ургальч үзлийн нэг илэрхийлэл л гэж харж байна. Нөгөө талаас Үндсэн хуулийг олон талын оролцоо, зөвшилцөлд тулгуурлаж хийх нь ач холбогдолтой.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Эх оронч үг“ хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гарагийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүр “Өдрийн сурвалжлага” буланд Чийг хүссэн тариаланчдын ажил ид дундаа байна хэмээн өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс Баабарын “Эх оронч үг” хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

УИХ-ын гишүүн , Оюу толгойн төслийн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва: Арилжааны сэтгэхүйгээр биш, баялаг бүтээгчдийн сэтгэхүйгээр ярьдаг цаг болчихоод байна хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт “Эрх мэдлийн төвлөрлийг сааруулах зайлшгүй шаардлагатай гэв” хэмээн өгүүлжээ.

Төрийн ордонд Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын эдийн засгийн форум-2018” чуулганыг нээж үг хэлсэн юм. Тэрээр Х.Баттулга: Бодит эдийн засаг нь улс төрийн эр зориг, шийдэмгий байдлаас илүүтэй хамаардаг хэмээн “Улс төр” нүүрт өгүүлсэн байна.

“Нийгэм” нүүрт Архийг 17 наснаас доош хэрэглэвэл 50 хувь нь донтох магадлалтай болдог хэмээнярьжээ.

“Өдрийн сонин”-ы “Эдийн засаг” нүүрт Гарц байхгүй бэрхшээлээр дүүрэн эдийн засгийн чуулган хэмээн өгүүлсэн байна.

Оюу толгойн төсөлтэй холбоотой асуудлыг 300 байцаагч шалгаж байна хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

“Өд бэх” нүүрээс Зохиолч Л.Пүрэвдоржын “Ууган Хас” хэмээх өгүүллэгийг хүлээн авч уншаарай.

“Улс төр” нүүрт Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд: Ш.Алтантуяагийн амиа алдсан хэргийн зовлонг талийгаачийн ар гэр, үр хүүхэд амсч, үүрч явна хэмээн ярьсан байна.

“Трамптай бүү тогло” хэмээн Ким Жөн Унд анхааруулжээ хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Шалгалт хийсэн газруудад сургалт явууллаа

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны даргын баталсан удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн гурав, долоо дугаар хороонд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай”, “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулиуд, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 63, 2012 оны 61 дүгээр тогтоолын хэрэгжилт, “Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага MNS4946:2005” стандартын шаардлагыг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, гадна фасад, орчны тохижилт, гэрэлтүүлэг, хаягжилт, харуул хамгаалалт, цэвэрлэгээний шаардлагыг хангуулах замаар хотын өнгө үзэмжийг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилгоор 2018 оны тав дугаар сарын 1-18-ны хооронд шалгалт хийсэн.

Шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран Баянзүрх дүүргийн долоон хороонд 25 аж ахуйн нэгж, гурав дугаар хороонд 10 аж ахуйн нэгжийг /баар, ресторан, кафе, цайны газрууд/ хамруулан шалгалаа. Шалгалтаар караоке, диско, биллиард цэнгээний газруудын хоол үйлдвэрлэлийн өрөө стандартын шаардлага хангаагүй, мэргэжлийн ажиллагсадгүй, тогооч, зөөгч мэргэжлийн үнэмлэхгүй, ажлын байран дээр ажлын хувцас өмсөөгүй, хүнсний бүтээгдэхүүн хадгалах агуулахгүйгээс үйлчилгээний танхимд бараа бүтээгдэхүүн болон хэрэглэсэн архи, согтууруулах ундааны шилийг хураасан зэрэг хэд хэдэн зөрчлүүд илэрсэн. Шалгалтын явцад 64 зөрчил илрүүлэн 19 зөрчлийг газар дээр нь арилгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Холбогдох хууль тогтоомж, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй иргэн, аж ахуй нэгжид торгуулийн арга хэмжээ авч зөрчлийг арилгуулахаар болсон.

Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран 2018 оны тав дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 3, 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй баар, ресторан, кафенуудад уулзалт зохиож, гадна талын тохижилт, хаягийг сайжруулах, “Хоолны газрын ангилал зэрэглэл, үндсэн шаардлага MNS 4946:2005” стандартыг биелүүлж засвар тохижилт хийж 2018 оны зургаа дугаар сарын дөрөвний өдөр холбогдох байгууллагуудад шалгуулах талаар үүрэг даалгавар өгөв.

Холбогдох хууль тогтоомжийг биелүүлээгүй, өгсөн үүрэг даалгаврын талаар тодорхой ажил зохиохгүй тохиолдолд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар анхаарууллаа гэж нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.