Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Эд Ширан оны шилдэг дуучнаар тодорлоо

Британийн поп хөгжимчин Эд Ширан оны шилдэг гэсэн хоёр шагналыг Billboard Music Awards-аас хүртлээ. Тэрээр оны шилдэг дуучин, шилдэг жүжигчин номинациудын шагнал хүртсэн байна. Түүний “Shape of You” дуу нь мөн оны шилдэг радио хит номинацид тэргүүлжээ. Түүний цомог хамгийн өндөр борлуулалттайгаар тэргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн хичээлийг дахин оруулна

Хүүхдэд хэт их ачаалал өгч ядраахгүй байх болон тусгай багш бэлтгээгүй гэсэн шалтгаанаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөс эрүүл мэндийн хичээлийг хассан. Харин ирэх намраас эхлэн энэ хичээлийг дахин оруулахаар болжээ. Гэхдээ, тусгай цаг нэмэлгүйгээр хичээлийн агуулгыг заах юм байна.

Сургууль бүр дээр 2-5 багшийг нөөц багшаар бэлтгэх юм байна. Өмнө нь бэлтгэгдсэн ганц багш нь жирэмслээд дикритээ аваад явчихдаг гээд боловсон хүчний асуудал үүсдэг учраас энэ жил ийнхүү олон багшийг нөөц хэлбэрээр бэлтгэх юм байна.

Эрүүл мэндийн хичээлийг зургаан агуулгатай байлгахаар ажлын хэсгийнхэн ярилцаж байгаа аж. Үүнд, осол гэмтэл, хоол тэжээл, нөхөн үржихүй, жендэр гэх мэт. Цаашид 1-3 дугаар ангид нь буюу бага насанд тохирсон агуулгаар эрүүл мэндийн хичээлийг заах чиглэл баримталж байна. Багш нарыг наймдугаар сард мэргэшүүлсэний дараагаар, ирэх есдүгээр сард 4-12-р ангийн хүүхдүүдэд эрүүл мэндийн хичээлийг оруулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Атар 60” бүтээлч ажил өрнүүлнэ

2019 онд болох Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойг угтан хэрэгжүүлэх зорилгоор “Атар 60” бүтээлч ажил өрнүүлэх тухай Засгийн газрын 2018 оны 76 дугаар тогтоол гарсан. Үүний дагуу ХХААХҮЯ-наас “Атар 60” бүтээлч ажлын төлөвлөгөө гаргаж, 2018-2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

МОНГОЛ УЛСАД АТАР ГАЗАР ЭЗЭМШИЖ ГАЗАР ТАРИАЛАНГ БИЕ ДААСАН САЛБАР БОЛГОН ХӨГЖҮҮЛСЭНИЙ ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙ УГТСАН “АТАР 60” БҮТЭЭЛЧ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

  1. Тариалангийн салбарын эрх зүйн орчныг сайжруулж “Таримал ургамлын үр сортын тухай”, “Тариалангийн даатгалын тухай” хуулиудын төслийн хэлэлцүүлгийг хийж эцэслэн боловсруулж батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах
  2. Тариалан бүхий Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Хэнтий, Өвөрхангай, Архангай аймгуудад газар тариалан эрхлэх бүс нутгийг зааглан тогтоох асуудлыг эцэслэн боловсруулж Засгийн газрын шийдвэр гаргуулах, хэрэгжилтийг орон нутагт хүргэж үр дүнтэй зохион байгуулах
  3. Атаршсан болон өнжсөн талбайн нөөцтэй зарим аймгуудад талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах ажлыг зохион байгуулах
  4. Эдийн засгийн хувьд үр ашигтай, хөрсний үржил шимд эерэг нөлөөтэй үр тариа, тэжээлийн таримлын зохистой сэлгээг сонгон нэвтрүүлэх, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
  5. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн бүтцэд үр үржүүлэг, сорт сорилтын албыг шинээр байгуулж үйл ажиллагааг нь жигдрүүлэх, улаанбуудайн 2-3 сортыг сорьж турших, нутагшуулах ажлыг хэрэгжүүлэх
  6. Тариалангийн салбарын даатгалын эрх зүйн тогтолцоог шинэчлэн бүрдүүлэх, давхар даатгалын системийг төлөвшүүлэх
  7. Тариалангийн талбайн шинэчилсэн мэдээллийг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын цахим мэдээллийн нэгдсэн санд оруулах ажлыг хамтран зохион байгуулах
  8. Тариалангийн талбайг ашиглагч, эзэмшигчийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулах
  9. Тариалангийн талбайн кадастрын зургийг шинэчлэх ажлыг зохион байгуулах
  10. Тариалангийн талбайн кадастрын шинэчлэгдсэн зургийг цахим мэдээллийн нэгдсэн санд оруулах ажлыг хамтран зохион байгуулах
  11. Тариалангийн эдэлбэр газар, атаршсан газрын кадастрын зураглалыг шинэчлэх
  12. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд дунд оврын трактор, тэжээлийн таримал тарих, хураах техник нийлүүлж иргэн, аж ахуйн нэгжүүдэд зээлээр олгох
  13. Монгол Улсын Хөгжлийн банкны дэргэдэх “Ди Би Эм Лизинг” ХХК-тай хамтарч ОХУ, Беларусь, ХБНГУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх “Хөдөө аж ахуйн техникийн шинэчлэл” төслийг боловсруулж хэрэгжүүлэх
  14. БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн хүрээнд төмс, хүнсний ногооны техникийн шинэчлэл хийх
  15. Тариалангийн салбарт нэвтэрч буй дэвшилтэд техник, технологийн үзэсгэлэнг бүсчлэн зохион байгуулах
  16. Төмс, хүнсний ногоо үйлдвэрлэлийн техникийн шинэчлэл хийх, техникээр үйлчилгээ үзүүлэх арга хэлбэрийг тогтоох, энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжид техникийг зээлээр олгох
  17. Ган хуурайшилттай нөхцөлд үр тарианы ургацыг алдагдалгүйгээр авах технологийг турших ажлыг зохион байгуулах
  18. Хүнсний ногооны ургац хураалтын дараах техник, технологийн зөвлөмж боловсруулах
  19. Ил талбайн болон хүлэмжийн хүнсний ногооны нэр төрлийг нэмэгдүүлж, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь хангах
  20. Төв болон говийн бүсэд хүлэмжийн хүнсний ногооны үр үржүүлэх үйлдвэрлэлийн хүлэмж байгуулна. Баруун бүсэд ил талбайн хүнсний ногооны үр үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
  21. Вирусгүй бичил булцуугаар төмсний элит үр үйлдвэрлэж, эрүүл үрийн хангамжийг 60 хувьд хүргэх
  22. Төмсний Монгол шинэ сортын үрийг үйлдвэрлэлд гаргах, гадаадын 3 сортыг туршиж, нутагшуулах
  23. Польш Улсын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр Төв аймагт төмс боловсруулах цардуулын үйлдвэр байгуулах
  24. Хүнсний ногооны стандартуудыг шинэчлэн боловсруулж батлуулах
  25. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих, үзэсгэлэн худалдааг 8-11 дүгээр сард Улаанбаатар хотын 6 дүүрэг, бүх аймаг, сумын төвд зохион байгуулах
  26. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэд технологи, зөвлөмж, туршлага солилцох Улсын үзүүлэх сургалтыг жил бүрийн 8 дугаар сард зохион байгуулах
  27. Үр, тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тос, тэжээлийн таримлын 2017-2019 онд батлагдсан сортуудын танилцуулга, технологийн зөвлөмжийг нэгтгэн олон нийтэд мэдээлэх
  28. 13 мянган тоннын багтаамжтай үр тариа хадгалах, 2.0 мянган тоннын багтаамжтай үрийн буудай хадгалах элеваторын иж бүрэн цогцолборыг Сэлэнгэ аймагт байгуулах
  29. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ, Хөтөл, Булган салбаруудын үр тариа хадгалах элеваторын хатаах төхөөрөмжийг шинэчилж суурилуулах
  30. Услалтын систем шинээр барьж, сэргээн засварлаж усалгаатай талбайн хэмжээг 1.0 мянган га-гаар нэмэгдүүлэх
  31. Усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлд техник, тоног төхөөрөмжийн зээлийн дэмжлэг үзүүлснээр 10.0 мянган га талбайн усан хангамжийг сайжруулах
  32. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих, услалтын систем барих усалгааны найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэх
  33. Усалгаатай тариалангийн технологийн чиглэлээр судалгааны ажил хийх
  34. Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт борлуулалтын цогцолборын ТЭЗҮ боловсруулж, байгуулах ажлыг эхлүүлэх
  35. Ховд, Баян-Өлгий, Сэлэнгэ аймагт хүнсний ногооны зоорь барих ажлыг зохион байгуулах, хяналт тавих
  36. Аймгийн төв, тарилангийн бүс нутаг, уул уурхай түшиглэсэн суурин газарт 500-1000 хүртэл тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны зоорь байгуулах ажлыг эхлүүлэх
  37. Төмс, хүнсний ногооны хадгалалтын үеийн хэвийн хорогдлыг тооцох аргачлалыг боловсруулж батлуулах
  38. 10 га талбай бүхий зуны нийлэг хальсан хүлэмж нийлүүлж хөнгөлөлттэй нөхцлөөр иргэд, аж ахуйн нэгжид олгон ургацыг 1500 тонноор нэмэгдүүлэх
  39. “Өвлийн хүлэмжийн аж ахуй” төсөл хэрэгжүүлж жилийн турш шинэ ургацын хүнсний ногооны хангамжийг сайжруулах, импортыг бууруулах
  40. Дотоод, гадаадын санхүүжилтээр өвлийн хүлэмж байгуулахад урт хугацаатай зээлийн дэмжлэг үзүүлэх
  41. Монгол Улсад ургах боломжтой төрөл бүрийн жимсний сортуудыг турших, нутагшуулах, үржүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  42. Хөнгөлөлттэй нөхцөлөөр жимс, жимсгэний суулгац олгож тариалалтыг нэмэгдүүлэх
  43. Чацарганы бүтээгдэхүүний нэр төрөл, чанар, хангамжийг сайжруулан дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэх
  44. Жимс, жимсгэнийн чиглэлээр ажиллаж байгаа судлаач, мэргэжилтэн, аж ахуй, үйлдвэрлэл эрхлэгч, сонирхогчдыг дэмжин дотоод, гадаадын мэргэжлийн сургалт, туршлага судлах арга хэмжээнд өргөн хамруулах, харилцан туршлага солилцох, тэдгээрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх
  45. Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг салхи усны элэгдэл эвдрэлээс хамгаалах зорилгоор 1000-аас доошгүй га талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлэх
  46. Тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдлыг тариалангийн бүс нутгаар гарган, бүс нутагт зохицсон дэвшилтэт арга, техник технологиийг сонгон нэвтрүүлэх зөвлөмж, гарын авлага боловсруулах
  47. Ургацын тоо хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах зорилгоор чанар сайтай, үр дүнтэй ургамал хамгааллын бодис, бордоог нийлүүлж, тариаланчдад хөнгөлөлттэй нөхцлөөр олгох ажлыг зохион байгуулах
  48. Хөрсний үржил шимийг сайжруулах хүрээнд биологийн болон эрдэс, гумины бордооны хэрэглээг нэмэгдүүлэхп
  49. Булган, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон аймгуудын тариалангийн талбайн хөнөөлт организмын тархалтын судалгааг хийж, мэдээллийн системд оруулах
  50. Ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадалыг хялбаршуулан нэвтрүүлэх зааврыг боловсруулах
  51. Газар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгааллын цогц арга хэмжээ, зохистой дадлыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах
  52. Хөрсний агрохимийн болон агрофизикийн шинжилгээг тариалангийн талбайн эзэмшигч аж ахуйн нэгж, иргэдийн зардлаар хийлгүүлэх, хөрсний үржил шимийн төлөв байдлын үзүүлэлтийг тариалангийн бүс нутгаар гаргуулах ажлыг зохион байгуулах
  53. Ой угтсан бүтээлч ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчлах, түүхчилсэн сэдвээр телевизийн нэвтрүүлэг, баримтат уран сайхны кино хийх
  54. Салбарын ахмад, дунд, залуу үеийн дурсамж уулзалтыг зохион байгуулах
  55. Салбарын эрдэмтэд, тариаланчдын оролцоотой “Атар-60” онол үйлдвэрлэлийн бага хурал зохион байгуулах
  56. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан механикжуулагчид, ногоочид, мэргэжилтэй ажилчдыг шинээр бэлтгэх, давтан сургах
  57. Химийн гаралтай ургамал хамгааллын бодис, бордоо хэрэглэгчдийг зохистой, аюулгүй хэрэглээнд сургах зорилгоор дунд болон богино хугацааны сургалтыг бүсчилэн зохион байгуулах
  58. Хөдөө аж ахуйн техник борлуулагч дилер компаниудтай хамтарч операторич, механикжуулагч нарт зориулсан техникийн засвар, ашиглалтын сургалт зохион байгуулах
  59. “Монгол-Оросын санаачилга-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ОХУ-д үйлдвэрлэсэн техникийн үзэсгэлэн зохион байгуулах
  60. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах чиглэлээр мэдлэг олгох сургалт зохион байгуулах
Categories
мэдээ спорт

Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна

Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээний нээлт Цэцэрлэг хотноо боллоо. Тэмцээний нээлтэд Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг даргын орлогч Б.Болормаа, Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, Дэд ерөнхийлөгч, хошууч генерал Б.Баярмагнай, Алдар спорт хорооны дарга, МУГТ, Дархан аварга Г.Өсөхбаяр, МШХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Түмэнбаяр, УЗГ Г.Баатар, ЕНБД Б.Наранбаатар тэргүүтэй оюуны спортыг дэмжигчид, үе үеийн төлөөлөгчид, нутгийн зон олон оролцож, шатарчиддаа мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.

Энэ үеэр тэмцээнд оролцогч 24 шилдэг шатарчны сугалааг арын сайхан хангайн нутгаас төрөн гарсан алдартанууд алд цэнхэр хадгийн хамт гардуулан өглөө. Өрөг нүүх нээлтийн үйл ажиллагааны эхний нүүдлийг тэмцээнд оролцогч ахмад болон залуу тамирчид МШХ-ны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, Дархан аварга Г.Өсөхбаяр, Олон улсын шүүгч Дэлхийн шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Jamie Kenmure нартай нүүн эхлүүлэв.
Categories
мэдээ нийгэм

264 мянган га-д тариалалт хийлээ

2018 онд улсын хэмжээнд 408.9 мянган га-д үр тариа (үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай), 15.5 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 32.0 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийхийг зорьж байна. Тэгвэл одоогийн байдлаар хаврын тариалалтын явцын талаар мэдээллийг хүргэж байна.

ХАВРЫН ТАРИАЛАЛТ 41 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

5 дугаар сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд 230.5 мянган га-д үр тариа, 5.8 мянган га-д төмс, 2.3 мянган га-д хүнсний ногоо, 17.6 мянган га-д тосны ургамал, нийтдээ 264.5 мянган га-д тариалалт хийгээд байна. Өөрөөр хэлбэл, үр тарианы тариалалт 56.4 хувь, төмснийх 37.5 хувь, хүнсний ногооных 27.6 хувь, тосны ургамлынх 42.1 хувь буюу хаврын тариалалт 41 хувьтай явагдаж байна.

Засгийн газрын шийдвэрийн дагуу импортын элит үрийн худалдах үнэ тонн тутамдаа 660 мянган төгрөг, 1 дүгээр үржүүлгийн үрийг 620 мянган төгрөг, дотоодын ургацаас нөөц бүрдүүлсэн сортын үрийг 570 мянган төгрөгөөр тус тус тогтоож, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан олгож байна. Одоогоор 560 аж ахуйн нэгж, иргэнд 27.8 мянган тонн буудайн үрийг Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн тариаланчдад 10 хувийн, бусдад нь 30 хувийн урьдчилгаатай олголоо.

5 ДУГААР САРЫН 24-НӨӨС ИХЭНХ НУТГААР СЭРҮҮСНЭ

Хаврын тариалалт ид өрнөж буй энэ үед ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг хүргэе. 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн төв хэсгээр, 26-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно.

Салхи 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24-25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Хугацааны эхээр дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн төв хэсгээр, 26-нд ихэнх нутгаар сэрүүснэ гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулган болж байна

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулган Женев хотноо энэ сарын 21-ний өдөр нээлтээ хийлээ.

Чуулганд ДЭМБ-ын гишүүн 194 улсын Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон олон улсын бусад байгууллагын төлөөлөл, Монгол Улсаас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид нийт 3500 гаруй төлөөлөгч оролцож байна.

Энэ жил ДЭМБ байгуулагдсаны 70 жил, Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын асуудлаарх Алма-Атагийн тунхаглал батлагдсаны 40 жилийн ой тус тус тохиож байгаа билээ. Чуулганыг нээж ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос Гебрейесус хэлсэн үгэндээ эрүүл мэнд бол хүний үндсэн эрх юм хэмээгээд, “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д хүрэхэд бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг улс орнуудын түвшинд эрчимжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Тэрбээр Улс орнууд бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг эрчимжүүлэх чиглэлээр ирэх нэг жилийн хугацаанд далайцтай томоохон алхмууд хийхийг уриалсан бөгөөд хүн бүр хэрэгтэй үедээ эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг санхүүгийн эрсдэлгүй авах боломжийг бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Энэ жилийн 71 дүгээр чуулганд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэндчилгээ дэвшүүлсэн бол урилгаар Руанда Улсын Ерөнхийлөгч Пол Кагаме биечлэн оролцож, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг өөрийн улсдаа хэрэгжүүлж байгаа сайн туршлагаасаа хуваалцаж үг хэлэв.

Чуулган энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд нэгдсэн хуралдаан, үндсэн хороодын хуралдаанууд үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

600 гаруй нээлттэй ажлын байр зарлагдлаа

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогтын санаачилсан ‘’Хөдөлмөр хөгжлийг бүтээнэ-Ажилтай Дарь-Эхчүүд’’ мэргэжлийн чиг баримжаа олгох өдөрлөг амжилттай болж өнгөрлөө.

Тус өдөрлөгийн үеэр дүүргийн 2,21,27 дугаар хорооны ажил хөдөлмөр эрхлээгүй, мэргэжилгүй залуучуудад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын талаар мэдээлэл өгч, ажлын байрны хөдөлмөр зуучлалын үйл ажиллагааг нээлттэй танилцууллаа.

Нийслэлийн А бүсэд орших эдгээр хороо нь нийт 8.573 өрх, 35.402 иргэнтэй хүн амын нягтаршил ихтэй, дэд бүтэц эрчимтэй хөгжиж буй газар юм. Иймд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт 13 МСҮТөв өөрсдийн сургалтын онцлог, мэргэшлийн чиглэлийн талаар иргэдэд мэдээлэл өгч 600 гаруй нээлттэй ажлын байрны хөдөлмөр зуучлал явагдлаа.

Дашрамд дурдахад уг арга хэмжээнд дүүргийн 300 орчим иргэн оролцсон бөгөөд энэ үеэр ‘’Техник технологийн коллеж’’, Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуульд хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр 27 дугаар хорооны хоёр иргэнийг шагнав хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эвдэрсэн гар утсаа Олимпийн медаль болгох санаачлагад нэгдлээ

Хэрэгцээгүй болсон хуучин хаягдал гар утас болон жижиг оврын цахилгаан хэрэгслүүдийг цуглуулж Токио 2020 наадмын медалийг хийх санаачлагыг Олимп зохиох хороо гаргажээ. Тэд 5000 гаруй медаль хийх найман тонн металь гаргаж авах юм байна. Япон улс даяар 2400 цэгт хаягдал цуглуулах хайрцаг байрлуулжээ. Олимп болон паралимпийн наадмын 5000 медалийг хийхэд 40 кг алт, 2930 кг мөнгө болон 2994 кг хүрэл орох аж.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Япон улсын Токио хотод болж буй “Clean city&Clear sky” форумд оролцож байгаа юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан тус хотын дарга Юрико Койкегийн байгаль орчноо хамгаалах санаачлагад нэгдэж, мөн нийслэлчүүд, иргэдийг нэгдэхийг уриаллаа. Энэхүү санаачлага нь хэрэглэгдэхгүй, эвдэрсэн хуучин гар утас болон цахилгаан барааг Токиогийн олимпийн медаль хийх түүхий эд болгон ашиглах юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга хөгжмийн зохиолч Б.Шаравыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Чингис хааны одонт, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравыг өнөөдөр хүлээн авч уулзаж, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

Түүний 1987 онд зохиосон алдарт хоёрдугаар симфони нь “Сонгодог хөгжмийн Олон улсын гуравдугаар их наадам”-ын үеэр Д.Д.Шостаковичийн нэрэмжит Ленинградын Филармонийн тайзнаа 1988 оны тавдугаар сарын 22-нд эгшиглэсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм байна. Энэ ойг тохиолдуулан өнөөдөр ДБЭТ-ын тайзнаа уг алдарт симфонийг тоглох юм байна.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний энэхүү алдарт Хоёрдугаар симфонийг тоглож байгаа ямар нэгэн дүрс бичлэг үлдээгүйд анхаарлаа хандуулж, дүрст архив үлдээх асуудалд туслахаар болов.

Чингис хааны одонт, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав “Хөгжим бол агуулга, Хоёрдугаар симфонийг бичихдээ Нууц товчоо, Чингис хааны тэр аугаа хүчийг илэрхийлэхийг хүссэн” хэмээн онцолсон юм. Мөн энэ бүтээлээ дүрсжүүлж, хүүхэд залууст хүргэх хүсэлтэй явдгаа хэлээд өнөөдөр 19 цагт болох өөрийн уран бүтээлийн тоглолтдоо Монгол Улсын Ерөнхийлөгчийг урилаа.

Categories
мэдээ улс-төр

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ

УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, 09.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж гурван асуудал хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын жагсаалтад “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” тогтоолын төсөл, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.

Харин үдээс хойш буюу 14.00 цагт Хууль зүйн байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр товлосон байна.