Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шилдэг 8 эмэгтэйг тодрууллаа

Нийслэлийн шилдэг 8 эмэгтэйг тодрууллааНийслэлийн засаг даргын Тамгын газраас нийслэлийн шилдэг 8 эмэгтэйг тодрууллаа.

Нийслэлийн шилдэг эмэгтэйгээр Монгол Улсын гавьяат багш, Ардын багш Л.Гантөмөр, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор Р.Оюунбадам, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Оюунгэрэл, Онц тээвэрчин Г.Дунгаамаа, “Жүр үр” ХХК-ийн захиргаа эрхзүйн албаны дарга Б.Мөнхзул, “Хатан заяа” салоны шивээсчин, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээж Д.Ундармаа, Яруу найрагч Б.Ичинхорлоо, Дуучин С.Нараннар шалгарсан юм.

Шилдэг эмэгтэйчүүдийн танилцуулга:

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, АРДЫН БАГШ Л.ГАНТӨМӨР.

Бага ангийн багшаас ажлын гараагаа эхэлсэн Л.Гантөмөр багшийн удирсан анги монгол хэлний олимпиадад дүүрэг, хот, улсад тогтмол тэргүүн байр эзэлдэг, 5 жил тутамд явагддаг яамны шалгалтаар 100 хувийн дээд амжилт тогтоож байсан нь түүний багшлах ур чадвар, хичээл зүтгэлтэй шууд холбоотой. Бяцхан шавь нараа сурган хүмүүжүүлэхээс гадна хамтрагч багш нартаа өөрийн арга туршлага зааж сурган, мэдсэн сурснаа бусаддаа хуваалцан сурган хүмүүжүүлэх их үйлсийн аянд бяцхан шавь нарынхаа шуугианаас холдож чадалгүй зүтгэж явна.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР Р.ОЮУНБАДАМ.

Улсад тэр дундаа хорих байгууллагын удирдлагаар олон жил ажилласан түүнийг Монголын анхны эмэгтэй хурандаа, Эмэгтэйчүүдийн хорихын дарга, гавьяат хуульч, доктор гэдгээр сайн танина. Шийдвэр гүйцэтгэх байгууллагад олон жил ажилласан гавьяат маань өдгөө Шихихутаг их сургуульд багшилж, ирээдүйн хуульч нарыг бэлтгэх их үйлсэд ханцуй шамлан зүтгэж байна.

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН Б.ОЮУНГЭРЭЛ.

Нийслэлийн ууган төрөх Өргөө амаржих газрын эх баригчаар 38 жил ажилласан Банзрагчийн Оюунгэрэл. 19800 хүүхдийг эсэн мэнд эх барьж, хүйн ээж нь болсон тэрээр Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагдсан. Өргөө амаржих газрын хоёр, Монгол Улсын долоон Эрүүлийг хамгаалахын гавьяатны нэг юм. Тэрээр дэлхийн зургаан тэрбум дахь иргэний үе чацуутан Т.Бумбаярыг, Монгол Улсын хоёр сая, гурван сая дахь иргэн, нийслэлийн нэг сая дахь иргэнийг эх барьжээ. Түүний өвөө, аав нь олон хүүхдийг эх барьсан алтан гартнууд байжээ.

ОНЦ ТЭЭВЭРЧИН Г.ДУНГААМАА.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын троллейбусны жолооч, онц тээвэрчин Гомбодоржийн Дунгаамаа. “Цахилгаан тээвэр” компанид 1995 оны арваннэгдүгээр сард кондуктороор ажилд орсноосоо хойш үр бүтээлтэй ажиллаж байгаа нэгэн. Нийслэлийн өнгө төрх болсон нийтийн тээврийн салбарт зүтгэж, нийслэлчүүддээ түргэн шуурхай, цэвэрч нямбай, соёлтой үйлчилж байгаа эмэгтэйг онцолж байна. Тэрээр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын 20 эмэгтэй жолоочийн нэг юм.

“ЖҮР ҮР” ХХК-ИЙН ЗАХИРГАА ЭРХЗҮЙН АЛБАНЫ ДАРГА Б.МӨНХЗУЛ.

1998 онд 1 технологич, 2 туслах ажилтантай 5 нэрийн бялуу үйлдвэрлэн үйл ажиллагаа эхлүүлж байсан“Жүр үр” ХХК нь өдгөө 380 гаруй ажиллагсадтай, 40 гаруй нэрийн бялуу, 100 гаруй нэр төрлийн амтат бүтээгдэхүүн үйлдвэрлэн Улаанбаатар хотод 5 салбар, Дархан Эрдэнэт хотод 3 салбартай томоохон аж ахуйн нэгж болжээ.

АЛДАРТ ЭХ УНДАРМАА.

“Хатан заяа” салоны шивээсчин, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээж Д.Ундармаа. Тэрээр хоёр хүү, дөрвөн охинтой бөгөөд өдгөө 33 настай. Гоо сайхны шивээсчний мэргэжлээрээ 10 гаруй жил ажилласан. Түүний хань Л.Отгонбаяр “Империал такси” компанид жолоочоор ажилладаг. Танилцаад 20 шахам жил болж байгаа энэ өрхийн хос баганын нэг Д.Ундармааг Нийслэлийн шилдэг эмэгтэйгээр шалгарууллаа. Д.Ундармаа “Хатан заяа” салоны хамт олонтойгоо ирэх тавдугаар сард БНСУ-д болох тэмцээнийг зорих гэж байна.

ЯРУУ НАЙРАГЧ Б.ИЧИНХОРЛОО.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу най­рагч Баярхүүгийн Ичинхорлоо нь 1990 онд “Тэнгэр”, 1991 онд “Эх нутаг” шүлгээрээ “Болор цом” яруу найргийн наадамд дараалан түрүүлсэн цорын ганц яруу найрагч юм. “Гэгээн зүг” номоороо МЗЭ -ийн шагнал хүртсэн яруу найрагч маань өдгөө Монгол Улсын Үндэсний Номын Сангийн захирлаар ажиллаж байна.

ДУУЧИН С.НАРАН.

Монголын рок попын тайзыг өөрийн өвөрмөц дуу хоолойгоороо хөглөдөг дуучин бол поп дива С.Наран. СУИС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсч улмаар Бээжингийн Драмын улсын академийн урлагийн менежментийн ангийг төгссөн дуучин маань “Сайхан”, “My voice”, “Best of Naran” зэрэг бие даасан цомгуудаа гаргаж, 2009 онд “My Voice” анхны бие даасан тоглолтоо хийснээс хойш “My Voice-II”, “Happy Naadam”, “Welcome to my heart” зэрэг тоглолтоо ард түмэндээ толилуулсан төдийгүй Монгол, Англи, Орос, Хятад, Япон хэл дээр цомог гаргасан Монголын цор ганц дуучин юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлэв

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага өнөөдөр /2018.03.07/ УИХ-ын Тамгын газрын ажилтнууд болон тус газарт ажиллаж байгаад гавьяаны амралтад гарсан эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нээж хэлсэн үгэндээ, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхийн олон оронд 110 дахь жилдээ өргөн дэлгэр, хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байна. Айл гэр өнгөтэй гэрэлтэй, сайн сайхан байх нь эмэгтэйчүүдээс хамаардагтай нэгэн адил байгууллагын дотор ч та бүгдийн маань үүрэг, оролцоо өндөр байдаг билээ гээд ажлын амжилт, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөлөө гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт болов

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Өсвөр үе, залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох” аяны хүрээнд, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг 2018 оны 3 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2-р сургууль, 16-р сургууль, Чингэлтэй дүүргийн 23-р сургуулиудын ахлах ангийн нийт 240 гаруй сурагчдад зохион байгууллаа.

“Өсвөр үе залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох аян”-д нийслэлийн нийт иргэдээ хамрагдахыг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас уриалж байна. Сургалтад хамрагдахыг хүссэн сурагч, багш нар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын sukhochir@youth.ub.gov.mn цахим шуудангийн хаягаар холбогдоно уу гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Пёнчан Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслол

Зураг

Өнөөдөр БНСУ-ын Пёнчан хотноо Паралимпийн өвлийн XII наадмын Олимпийн тамирчдын хотхонд Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслол боллоо. Уг хүндэтгэлийн арга хэмжээнд Паралимпийн өвлийн наадамд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, Зохион байгуулах хороо, олимпийн хотхоны удирдлагууд оролцов.

Элчин сайд Б.Ганболд арга хэмжээний үеэр олимпийн хотхоны удирдлагатай уулзаж, тамирчдынхаа байрлах байр, тэмцээний бэлтгэлийн явцын талаар дасгалжуулагч, тамирчныхаа хамтаар танилцаж, ЭСЯ-наас бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлж, баг тамирчиддаа амжилт хүслээ. Энэ удаагийн паралимпийн өвлийн наадамд гүйлтийн цана, биатлон, уулын цана, снөүбоард, хоккей, тэргэнцэртэй кёрлинг зэрэг 6 төрлөөр 80 багц медалийн төлөө 49 орны 670 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм.

Манай улсыг төлөөлж пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Бөтмөнхийн Ганболд гуравдугаар сарын 12-ны өдөр 20 км-т, 14-ний өдөр 10 км-т, 17-ны өдөр 1 км-ын зайд уралдах юм. Түүний хувьд Олон Улсын Паралимпийн хорооноос гаргасан чансаагаар LW-6 спортын ангилалд 55 тамирчнаас 23 дугаар байрт эрэмбэлэгдэж яваа өсөх ирээдүйтэй тамирчин юм.

Categories
мэдээ нийгэм

“Их хотын бүсгүйчүүд” чууллаа

Соёлын төв ордонд Их хотын бүсгүйчүүд 2018 арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээ нь НЗДТГ-аас санаачлан Нийслэлийн хэмжээнд анх удаа болж байгаагаараа онцлог юм.

Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон нийслэлийн иргэдийн хурал, их хурлын төлөөлөгч эмэгтэйчүүд, төр хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа 1000 гаруй эмэгтэйчүүд оролцов.

Хүндэтгэлийн чуулганыг нээж Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр хэлэхдээ “Өнөөдөр энэ өргөө төдийгүй Улаанбаатар хот “Сарнай“ цэцэгт умбаж, та бүхнийхээ хайр энхрийлэл, халамж, хөдөлмөр зүтгэлээр бахархаж ,билэгшээж, баярлуулахын төлөө залуус яаран байгаа дүр зураг олноо тод харагдаж байна. Ээжээрээ, ханиараа, охид, бүсгүйчүүдээрээ улс орон гоёж, бас тэднийхээ хатан ухаан, зөв сургааль, цэгц бодлогыг ч түшиж, тулж хөгжиж ирсэн билээ. Тийм ч учраас энэ өдөр бол та бүхний эрхээ ч хамгаалах, баяраа ч тэмдэглэх өдөр юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын санаачлагаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас анх удаа “Их хотын бүсгүйчүүд- 2018” хүндэтгэлийн“ арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээний гол зорилго нь хотын бүтээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол, ирээдүйн хөгжил, цэцэглэлттэй салшгүй холбоотой явдаг эмэгтэйчүүдээ алдаршуулах,тэднийхээ үйл хэргийг нийслэлийн иргэддээ, залуу хойч үедээ сурталчилан таниулах, төрөлх хот, эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэж байна” гэлээ.

Энэ талаар Нийслэлийн засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Монголын эмэгтэйчүүд ээжүүд, охидууддаа ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе.

Энэхүү арга хэмжээний зорилго нь нэгдүгээрт эмэгтэйчүүдийн эрхийн асуудал өнөөдөр ямар хэмжээнд байгаа вэ? Бидний эрх хэрхэн зөрчигдөж байна вэ. Энд эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэж хэрхэн хамтран ажиллаж хотынхоо хөгжилд хувь нэмэр оруулах вэ гэсэн асуудлыг хөндсөн илтгэлүүд явж байна. Хоёрдугаарт нийслэлийн хөгжилд хувь нэмрээ оруулсан үе үеийн болон салбар салбарын төлөөлөл болсон найман эмэгтэйг тодруулсан. Бид эрхийнхээ төлөө ярина үүнийхээ хажуугаар баярлана. Цаашдаа энэхүү арга хэмжээг жил бүр хийнэ. Хотын хөгжилд хувь нэмрээ оруулсан салбар салбарын төлөөллүүдийг тодруулна. Соёл урлаг, спорт, эрүүл мэнд, боловсрол, авто тээвэр, хууль сахиулах байгууллага гэх мэт бүх салбаруудаас эмэгтэйчүүдийн төлөөллийг сонгохыг зорьсон.

Өнөөдөр нийслэлийн хөгжилд эмэгтэйчүүдийн хувь нэмэр маш их бий гэдгийг энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ харуулж байна. Миний тавьсан илтгэл дээр ч байгаа. Нийт ажил хөдөлмөр эрхэлж байгаа нийслэлийн иргэдийн 46 хувь нь эмэгтэйчүүд байдаг бол боловсрол эрүүл мэндийн салбарын хөдөлмөр эрхлэгчдийн 84 хувь нь эмэгтэйчүүд байна.

Энэ хоёр салбар нийслэлийн хувьд хамгийн их асуудалтай. Эрүүл мэндийн салбар гэхэд өвчин ханиад томуу гарахад хамгийн их ачаалалтай ажилладаг боловсролын салбарт хүүхдүүдийг сургах хүмүүжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулдаг. Энэ салбаруудад эмэгтэйчүүд түүчээлэн явж байна” гэв.

Нийслэлийн шилдэг эмэгтэйгээр Монгол Улсын гавьяат багш, Ардын багш Л.Гантөмөр, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор Р.Оюунбадам, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Оюунгэрэл, Онц тээвэрчин Г.Дунгаамаа, “Жүр үр” ХХК-ийн захиргаа эрхзүйн албаны дарга Б.Мөнхзул, “Хатан заяа” салоны шивээсчин, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээж Д.Ундармаа, Яруу найрагч Б.Ичинхорлоо, Дуучин С.Наран нар шалгарсан юм. Шилдэг эмэгтэйчүүд маань ажлын туршлага, амжилтын түүх, бусдыг манлайлах ур чадвар, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хотын эмэгтэйчүүдтэйгээ санал бодлоо хуваалцлаа. Түүнчлэн арга хэмжээнд Улаанбаатар чуулгын хамт олон, Хүүхдийн найрал дууны уралдаанд түрүүлсэн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагчид уран бүтээлийн дээжсээ өргөн барив.

Б.АМАРТҮВШИН

Categories
гадаад мэдээ

​Индонезийн авлигатай тэмцэх хороог хүчгүйдүүлж байна

индонез зурган илэрцүүд

Индонез Улсын Авлигатай тэмцэх хороо нь үр дүнтэй сайн ажилладаг дэлхийн хамгийн нэр хүндтэй авлигатай тэмцэх байгууллагуудын нэг юм. Гэвч улс төрийн дарамт шахалт байнга ирдэг нь нэгэнт хэвийн зүйл болсон билээ. Үүний нэг илрэл нь тус хорооны дэргэд үйл ажиллагаанд нь тодорхой хэмжээнд оролцох эрхтэй Тусгай хороо байгуулсан явдал юм. Гэвч саяхан тус Тусгай хорооноос Ерөнхийлөгч Жоко Видодод хандан Авлигатай тэмцэх хорооны дэргэд Хяналтын зөвлөл байгуулах санал гарган хүргүүлжээ.

Тус улсын авлигын эсрэг төрийн бус байгууллагууд энэхүү саналыг эсэргүүцэж байна. Тэд иймэрхүү Хяналтын зөвлөл нь хорооны дотоод бодлого боловсруулах ажилд саад болох аюултай хэмээн шүүмжилж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Автобусаар үйлчлүүлсэн бүсгүйчүүдэд сарнай бэлэглэжээ

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийтийн тээврээр үйлчлүүлсэн бүсгүйчүүдэд сарнай бэлэглэв.

Тус нэгтгэлийн автобусанд “Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе” гэсэн мэндчилгээ байршуулж үйчлүүлж буй бүсгүйчүүдэд сарнай бэлэглэж, баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Мөн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын “Эв нэгдэл ҮЭ-ийн хорооноос ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд 1-р бааз шалгагч А.Эрдэнэцэцэг, 2- бааз шалгагч Г.Адеп, 3-р бааз Ц.Оюунтунгалаг нарт таван ханатай гэрийг, зуухны хамт олгох болсныг уламжлан батламжийг нь гардуулан өгчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Батболд: Хүн төрөлхтөний эх булаг, хөгжлийн гол зүтгэх хүч бол эмэгтэйчүүд юм

С.Батболд: Хүн төрөлхтөний эх булаг, хөгжлийн гол зүтгэх хүч бол эмэгтэйчүүд юм

“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын мэндийг эмэгтэйчүүд, эхчүүд, бүсгүйчүүд та бүхэндээ хүргэе.

Тэртээ 100 гаруй жилийн өмнөөс эмэгтэйчүүд өөрсдийн эрх ашгаа хамгаалж, сонгуульд санал өгөх, ажлын нөхцөлөө сайжруулах, хүчирхийллээс ангид байх гээд олон шаардлага тавин жагсч, үзэл бодлоо нээлттэй илэрхийлснээр энэхүү өдрийг дэлхий нийт “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Манай улс ч энэхүү жишгийг даган эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг хуульчилан тэмдэглэхийн зэрэгцээ охид бүсгүйчүүд, халамжит хань, элбэрэлт ээж нараа баярлуулдаг уламжлал тогтоод байна. Түүнчлэн төр засаг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийж байгаа дорвитой ажлууд,тодорхой шийдвэрээ олон түмэнд танилцуулдаг билээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс эмэгтэйчүүдийнхээ оролцоо, жендерийн тэгш байдалд онцгойлон анхаардаг төдийгүй нийгмийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр жилээс жилд ахиц гарган ажиллаж байна.

Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаагийн 51.7 хувь, нийт ажиллагсадын 46.6 хувь, боловсрол эрүүл мэндийн салбарын 83 хувийг, бизнес эрхлэгчдийн 40 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ тоо их хотын бүхий л салбарт манай эмэгтэйчүүд манлайлагч гэдгийг харуулж, үүрэг оролцоо ихийг илтгэж байгаа юм. Тиймээс ч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Нийгмийн хөгжлийн салбар”- ыг онцгойлон тусгаж, хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн ажиллаж, үр дүнд хүрч байна.

Улаанбаатар хотын түүх өөрөө их өвөрмөц. Энэ хотын төв талбайн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг гардан зохион байгуулсан хүн бол Их жанжин Д.Сүхбаатарын гэргий Янжмаа гуай байдаг. Тэрээр тоосго өрж, шавар зуурч энэ талбайг барилцаж байжээ. Мөн 1931 онд Монгол улс нийслэл хотдоо анхны эмэгтэйчүүдийн их хурлыг зохион байгуулж байсан түүх нь Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд эмэгтэйчүүдийн оролцоо их байсныг өгүүлдэг юм.

Өнөө цагт ч эмэгтэйчүүд маань их хотынхоо бүхий л салбарт ажиллаж, манлайлсаар байна. Эмэгтэйчүүдийнхээ нөр их хөдөлмөрийг нийслэлийн удирдлагын баг урамшуулан, дэмжих зорилгоор “Их хотын бүсгүйчүүд-2018” арга хэмжээг анх удаа нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгууллаа. Цаашид ч уламжлал болгон хийхээр төлөвлөж байна.

“Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хийгдэх ажилд манай эмэгтэйчүүд манлайлан оролцоно гэдэгт хотын даргын хувьд итгэлтэй байна. Та бүхнийхээ дэмжлэг, хөдөлмөр зүтгэлийн үр дүнд айл гэр бүл, албан байгууллага, их хот маань ч өнгөлөг, жавхаалаг болж өнгөө засч, тав тухтай, амгалан тайван амьдрах орчныг бүрдүүлж чадна.

Хүн төрөлхтөний эх булаг болсон, хөгжлийн гол зүтгэх хүч нь болдог эмэгтэйчүүддээ “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэндийг дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн иргэд орон нутагт 5000 м2 хүртэлх газрыг үнэгүй өмчлөх боломжтой

Нийслэлийн иргэд орон нутагт 5000 м2 хүртэлх газрыг үнэгүй өмчлөх боломжтой

Нийслэлийн хэмжээнд 2003-2018 оны хооронд нийслэлийн Засаг даргын 156 удаагийн захирамжаар нийт 191.276 иргэнд 10087.2 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлээд байгаа бөгөөд нийслэлийн суурьшлын бүсийн газар өмчлөл 80 хувьтай байна.

Нийслэлийн суурьшлын бүсэд шинээр олгох газрын нөөц байхгүй байгаа бөгөөд нийслэлийн иргэд орон нутагт газар өмчлөх бүрэн боломжтой юм. Тухайлбал, Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу нийслэлд 0.07 га буюу 700 м2, аймгийн төвд 0.35 хүртэл га буюу 3500 м2, сумын төв, тосгонд 0.5 га буюу 5000 м2, нийслэлийг орон нутагтай холбосон улсын чанартай авто замын дагуу 0.07 га буюу 700 м2 газрыг өмчлөх боломжтой байдаг.

Нийслэлийн иргэд орон нутаг газар өмчлөх хүсэлтэй бол Улаанбаатар хотод газар өмчлөөгүй тодорхойлолтыг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил төвд байрлах нийслэлийн Газрын албаны цонхноос авч тухай орон нутгийн газрын асуудал эрхэлсэн байгууллагад хандах юм. Тодорхойлолт авахдаа иргэний үнэмлэхтэйгээ ирнэ. Хэрвээ хүүхдийн нэр дээр тодорхойлолт авах бол ээж нь иргэний үнэмлэхтэй ирж Улаанбаатар хотод газар өмчлөөгүй тодорхойлолтыг авна.

2017 оны байдлаар хөдөө орон нутагт газар өмчилж авахыг хүссэн нийт 35274 иргэнд нийслэлд газар өмчилж аваагүй тухай тодорхойлолтыг гарган өгсөн байна

Categories
мэдээ нийгэм

Татварын хуулийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлгийн хуваарь​

татварын ерөнхий газар зурган илэрцүүд

Татварын ерөнхий газраас Татварын хуулийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлгийн хуваарийг танилцуулж байна

д/д

Хамрах хүрээ

Огноо

Оролцох байгууллага

Зохион байгуулах нэгж

Зохион байгуулагдах газар

1

Татварын албаны ажилтан, албан хаагчдын төлөөлөл

3 сарын 6

Улсын төсвийн орлого, хяналтын газар Нийслэл, дүүргийн татварын албаны төлөөлөл

Татварын ерөнхий газар,
Улсын төсвийн орлого, хяналтын газар,
Нийслэлийн татварын газар

ТЕГ-ын 8 давхрын хурлын танхим

2

Том татвар төлөгчдийн төлөөлөл

3 сарын 9

Улсын төсвийн орлого, хяналтын газарт харьяалалтай татвар төлөгчид

Татварын ерөнхий газар,
Улсын төсвийн орлого, хяналтын газар

ТЕГ-ын 8 давхрын хурлын танхим

3

Дүүргийн татвар төлөгчдийн төлөөлөл

3 сарын 12

Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татвар төлөгчид, томоохон зах худалдааны төв, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага, холбооны төлөөлөл

Татварын ерөнхий газар,
Нийслэлийн татварын газар

ТЕГ-ын 8 давхрын хурлын танхим

4

Дүүргийн татвар төлөгчдийн төлөөлөл

3 сарын 13

Баянгол болон Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татвар төлөгчид, томоохон зах худалдааны төв, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага, холбооны төлөөлөл

Татварын ерөнхий газар,
Нийслэлийн татварын газар

ТЕГ-ын 8 давхрын хурлын танхим

5

Нийслэл, дүүргийн татвар төлөгчдийн төлөөлөл

3 сарын 15

Нийслэлийн татварын газар болон Баянзүрх, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татвар төлөгчид, томоохон зах худалдааны төв, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага, холбооны төлөөлөл

Татварын ерөнхий газар,
Нийслэлийн татварын газар

ТЕГ-ын 8 давхрын хурлын танхим

6

Аймаг, дүүргийн татвар төлөгчдийн төлөөлөл

3 сарын

5-20-ны өдрүүдэд

Багануур, Багахангай, Налайх дүүрэг болон Аймгийн татварын хэлтсийн татвар төлөгчид, томоохон зах худалдааны төв, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага, холбооны төлөөлөл

Тухайн татварын хэлтэс

Татварын хэлтсийн хурлын танхимд