Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр тоглогдох тоглолтуудыг танилцуулж байна

“Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг

Image result for “Би эндээс явахгүй”

Хаана : Улсын Драмын Эрдмийн Театр

Хэзээ : 03 сарын 07нд 19:00 цагт, 03 сарын 08нд 15:00, 19:00 цагт

Тоглолын төрөл : Жүжиг

Үргэлжлэх хугацаа : 120 минут

Насны ангилал : 16+

Тасалбарын үнэ : 10000₮-25000₮

“Бүсгүй минь инээмсэглэж яваарай”

бүсгүй минь инээмсэглэж яваарай зурган илэрцүүд

Хаана : Улсын филармони

Хэзээ : 03 сарын 07нд 19:00 цагт

Тоглолын төрөл : Концерт

Үргэлжлэх хугацаа : 80 минут

Насны ангилал : 6+

Тасалбарын үнэ : 25000₮

Тоглолтонд :

  • МУГЖ С.Эрдэнэцэцэг
  • МУГЖ Б.Мөнхбаатар
  • СТА С.Баттулга
  • СТА Н.Наранбаатар
  • СТА Ц.Хулан
  • СТА Б.Дэлгэрбаяр
  • СТА Л.Насанбуян
  • Б.Монголхүү
  • Т.Отгонбаяр, гоцлол хөгжимчид оролцоно
  • МУГЖ Б.Дашдондог
  • МУГЖ Б.Сарантуяа
  • МУСТА С.Наран
  • Хөгжмийн зохиолч, продюсер МУСТА Б.Чинбат болон амьд хөгжмийн хамтлагын хамт
  • Мөнхийн рэп
  • Мөнхбат, Үүрээ
  • Дижитал
  • Бооёо (Шинэ үе)
  • Агиймаа
  • Сайхнаа нар оролцоно

“Эгшиглэнт” хүндэтгэлийн тоглолт


Хаана : The Corporate Hotel & Convention Centre

Хэзээ : 03 сарын 08нд 16:00 цагт

Уран бүтээлч : МУАЖ А.Долгор

Тоглолын төрөл : Концерт

Үргэлжлэх хугацаа : 120 минут

Насны ангилал : 6+

Тасалбарын үнэ : 50000₮

“Эрхэмсэг” хүндэтгэлийн тоглолт


Хаана : Соёлын төв өргөө

Хэзээ : 03 сарын 08нд 16:00 цагт

Уран бүтээлч : СТА Ө.Уянга

Тоглолын төрөл : Концерт

Үргэлжлэх хугацаа : 120 минут

Насны ангилал : 6+

Тасалбарын үнэ : 25000₮ 30000₮

“Хайрын бэлэг” концерт


Хаана : The Corporate Hotel & Convention Centre

Хэзээ : 03 сарын 08нд 19:00 цагт

Зохион байгуулагч : Corporate Entertaiment

Тоглолын төрөл : Концерт

Үргэлжлэх хугацаа : 120 минут

Насны ангилал : 6+

Тасалбарын үнэ : 180000₮ 80000₮

Тоглолтонд :

“Бүсгүй” тоглолт


Хаана : Мишээл экспо төв

Хэзээ : 03 сарын 08нд 19:00 цагт

Зохион байгуулагч : Хурд хамтлаг

Тоглолын төрөл : Концерт

Үргэлжлэх хугацаа : 4 цаг

Насны ангилал : 6+

Тасалбарын үнэ : 70000₮ 50000₮

“Эх үрсийн элбэрэл” тоглолт


Хаана : Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

Хэзээ : 03 сарын 08нд 19:00 цагт

Зохион байгуулагч : Nuans хамтлаг

Тоглолын төрөл : Концерт

Үргэлжлэх хугацаа : 120 минут

Насны ангилал : 6+

Тасалбарын үнэ : 40000₮ 20000₮

“Хайрын тухай” тоглолт


Хаана : ONE event hall

Хэзээ : 03 сарын 08нд 19:00 цагт

Зохион байгуулагч : 2016 entertaiment

Тоглолын төрөл : Концерт

Үргэлжлэх хугацаа : 120 минут

Насны ангилал : 16+

Тасалбарын үнэ : 60000₮ 25000₮

Г. МӨНХЦАЦРАЛ

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр зурган илэрцүүд

Бидний нэрлэж заншсанаар Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг зарим орон эмэгтэйчүүд, ээж, охиддоо хайр хүндэтгэлээ илэрхийлэх баярын өдөр болгон тэмдэглэж байгаа бол өөр орнуудад энэ өдрийг эдийн засаг, улс төр, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, жендерийн тэгш эрхийн асуудлыг хөндөн тавьдаг өдөр гэж үздэг байна.

Холбоотой ЗурагХамгийн анх 1911 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Зүүн Европын Герман, Дани, Австри, Швейцарь болон ЗСБНХУ зэрэг социалист орны эмэгтэйчүүд хөдөлмөрлөх, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх гэх мэт эрхийнхээ төлөө нэгдэж Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тэмдэглэж байжээ. Энэ өдрийг Германы улс төрч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч Клара Цеткин гэх бүсгүй санаачилсан юм. Энэхүү анхны уулзалт баярт сая гаруй эмэгтэйчүүд оролцсон байдаг. Манай хойд хөршид өрнөсөн Октябрын хувьсгалын дараа гуравдугаар сарын 8-ныг албан ёсоор эмэгтэйчүүдийн баярын өдөр болгон зарлаж, 1965 оноос хойш тус улсад энэ өдөр бүх нийтээр амрах болсон байдаг. Манай улсын хувьд энэ өдрийг 1992 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

Ч.Хүрэлбаатар: Эрдэнэт үйлдвэрт учирсан хохирлыг буруутай этгээд нь төлөх ёстой

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.


-Та Монгол Улсын Сангийн сайдаар томилогдоод дөрвөн сар болсон байна. Энэ хугацаанд ямар ажлууд амжуулсан бэ. Эдийн засаг амаргүй байсан ч нааштай эерэг мэдээллүүд дуулдах боллоо?

-Миний хувьд Сангийн сайдаар томилогдоод өдөр тутмын сонинд анх удаа ярилцлага өгч байна. Эдийн засаг 5.1 хувиар өссөн, валютын нөөц 3 тэрбум америк долларт хүрсэн, Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирсан, гадаадын хөрөнгө оруулалт 1.1 тэрбум ам.долларт хүрсэн, төсвийн алдагдал буурсан, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдэх өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ буурсан, манай экспорт 6 тэрбум доллар давсан зэрэг олон эерэг үзүүлэлт гарлаа. Эерэг үзүүлэлтүүд ч цаашид улам нэмэгдэхээр байна. Ийм учраас Монголын эдийн засагт үүр цайж байна гэж хэлсэн. 2012-2016 онд эрх баригчдын явуулж байгаа эдийн засгийн бодлогын олон арга хэмжээг шүүмжилж байсныг минь та бүгд санаж байгаа байх аа. Миний хувьд тэр үед сөрөг хүчний хувьд шүүмжлэхийн тулд шүүмжлээгүй, харин эдийн засгийн бодлого алдаатай бол гарах хохирлыг ард түмэн нуруундаа үүрнэ гэдгийг мэдэж байсан тул анхааруулж, сануулж байсан юм. Өөрөөр хэлбэл бодлогын алдаагаа засчихаасай гэсэндээ хэлж байсан юм. Харамсалтай нь засах нь битгий хэл, миний хэлж ярьж байснаас огт өөр бодлого хэрэгжүүлсэн.

Үр дүнд нь Засгийн газрын өр нэмэгдэж, төсвийн сахилга бат алдагдаж, төсвийн алдагдал нэмэгдэж, ард иргэдийн амьдрал уруудсан. Товчхондоо эдийн засаг хямарсан гэж хэлж болно. Сангийн сайдаар томилогдсоноос хойш өмнө ярьж, хэлж байсан бодлогоо бодитоор хэрэгжүүлэх боломж олдож, цаг хором бүрийг алдахгүйгээр бодлогын алдаа, завхарлыг засах, шинэчлэл хийхэд анхаарч ажиллаж байна.

-Тэгэхээр та тэр үед ярьж хэлж байсан зүйлээ бодитой ажил хэрэг болгож байна гэж хэлж болох уу?

Тийм ээ. Алдаагаа засаад, бодлогоо зөв болговол үр дүн нь хурдан гардагийг бид харж байна. Цаашид татварын бодлогын шинэчлэл, санхүүгийн салбар, түүний дотор хөрөнгийн зах зээл, даатгалын салбарын шинэчлэл зэрэг бодлогын арга хэмжээг авч байж эдийн засаг өсөн дэвжих зөв хөрс суурь бий болно. Үүнийг хийхийн тулд хичээж чармайж ажиллаж байна. Хийх ч болно.

-Төрийн мөнгөнд хоноцын сэтгэлээр бус эзний, өөрийн сэтгэлээр хандах учиртай гэж хэлсэн нь олны анхаарлыг ихэд татсан, ямар учраас ингэж хэлсэн бэ?

-Би Сангийн яаманд 10 жилийн дараа буцаж ирж байна. Өмнө нь ТНБД-аар ажиллаж байсныг зарим нь санаж байгаа байх аа. Өмнөхтэй харьцуулахад зээлийг ч ёстой би биш бидний хүүхэд төлнө гэсэн шиг тоо хэмжээг нь харвал зүрх өвдмөөр авдаг дуршил бий болж ужгирчээ. Төрийн санд нь мөнгө байхад дотоодод үнэт цаас гаргаж зээл авдаг болчихсон. Яагаад мөнгө байхад зээл аваад байгаа юм бэ гэхээр над руу нэлээд гайхсан царай гаргаад үнэт цаас гаргах хуваарьтай тул гаргах учиртай, банкууд хүлээж байгаа гэх. Зээл авах хуваарь гаргаад, хуваарийн дагуу улсаа өрөнд оруулж байгааг хараад арай ч дээ гэх, харамсах, эмзэглэх сэтгэл өөрийн эрхгүй төрж “Төрийн мөнгөнд хоноцийн сэтгэлээр хандаж байна” энэ хандлагыг өөрчлөх ёстой гээд л ажиллаж эхэлсэн. 2017 оны аравдугаар сарын 24-нөөс хойш дотооддоо үнэт цаас гаргаагүй, зээл аваагүй болж л байна. Харин ч 1.2 их наяд төгрөгийн дотоодын үнэт цаасын өрийг буцааж төлчихөөд сууж байна.

-Таныг банкуудаас мөнгөө татаж байна, банкуудад хатуурхаж байна гэж зарим хүн ярьж байсан. Нэлээдгүй дайсантай болсон байх аа?

-Төр нь өртэй зээлтэй, банкууд нь мөнгөтэй, ашигтай байдаг эрүүл бус харилцаа төр банк хоёрын хооронд тогтож болохгүй шүү дээ. Энэ бол бодлогын алдаа. Төрийн мөнгийг арилжааны банкуудад бага хүүтэй байршуулаад буцаагаад өндөр хүүтэй зээлж авдаг буруу практик амь бөхтэй байсан. Үүнийг л болиулж, төрийн мөнгийг татаж Төрийн сан дээрээ байршуулсан. Мөн гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн мөнгө арилжааны банкууд дээр байршдаг байсан. Засгийн газар нь зээл авч хүү төлнө, бас арилжааны банкууд дээр байршиж байгаа тэр мөнгийг дахиж өндөр хүү төлж зээлж авдаг. Өөрөөр хэлбэл нэг мөнгөн дээр давхар давхар хүү төлдөг буруу жишиг тогтсон байжээ. Төрийн мөнгөнд ингэж хандаж болохгүй ш дээ. Үүнийг л зогсоосон юм. Бас өндөр хүүтэй үнэт цаасуудын гэрээ хэлцлийг дахин хийж, хүүг бууруулах, өндөр хүүтэй үнэт цаасуудыг буцааж төлөх ажлыг хийсэн. Дээрх арга хэмжээг авахад л 120 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт гарч ирэх жишээтэй.

-Энэ ажил цаашаа үргэлжлэх үү. Эсвэл ингээд дуусчихаж байна уу?

-Үргэлжлээд явж байгаа. Хувийн хэвшил, ард иргэдийг дэмжихийн тулд Засгийн газар арилжааны банкуудаас зээл авахгүй байх бодлого барин хэрэгжүүлээд явж байна. Арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл олгох ёстой. Гэтэл Засгийн газар арилжааны банкуудаас их хэмжээгээр зээл авчихаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл олддоггүй. Олдлоо гэхэд өндөр хүүтэй зээл олддог. Тиймээс Засгийн газар зээлдэхээ болимогц суларсан эх үүсвэриргэд, хувийн хэвшилд зээл болон очих учиртай. Иймээс Засгийн газар арилжааны банкуудаас мөнгө зээлэхгүй байгаа. Энэ бодлого цаашид ч үргэлжилнэ.

Дараагийн нэг зүйл нь Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал тавьж ажилласан. Сангийн яам төрийн санд байгаа мөнгөө зөвхөн Монголбанкинд байршуулах, гадаад валютаа зөвхөн Монголбанкинд зарах шийдвэр гаргасан. Засгийн газар гадаад валютаа арилжааны банкуудад зарж болох ч тэр нь төгрөгийг эргэлтээс гаргаж, эдийн засгийн эргэлтийг боомилох эрсдэлийг дагуулдаг. Тиймээс гадаад валютаа Монголбанкинд зардаг болсон.Ингэснээр Монгол Улсын валютын нөөц нэмэгдэх, төгрөгийн ханш чангарч, валютын ханш суларч байна. Ам.доллар гэхэд 2400 төгрөгөөс доошилж эхэллээ, энэ бол сэтгэл зүйн хувьд том алхам юм.

-Энэ жил төлөх ямар өр байгаа вэ?

-Чингис бондын 500 сая ам.долларыг эдийн засагт хүндрэлгүй, валютын нөөцдөө нөлөөлөхгүйгээр төлчихлөө. Дим Сам бондын 146 сая ам.долларыг төлчихвөл үндсэндээ болчихож байгаа юм. Мэдээж өмнө нь авсан зээлийн төлбөрүүд гардгаараа гараад явж байна. Одоо хоёр жилдээ Засгийн газрын хувьд төлөх томоохон гадаад өр байхгүй.

-Таныг Төрийн банкинд баахан халаа сэлгээ хийсэн гэх юм. Үндсэндээ бол маш олон дарга нарыг цөөлсөн юм шиг байсан. Энэ талаар ярихгүй юу?

-Гурван жижиг байшинд 76 захирал ажиллаж байсан. Данхайсан тэр бүтцийг цомхотгосон. Уг нь банк бол өндөр ёс зүй, мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг салбар. Энэ зарчмын үүднээс л асуудалд хандсан.

-Та ОУВс-гийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа гэдгийг мэдээлэл хийхдээ хэлж байсан. ОУВс ч гэсэн Засгийн газар зөв бодлого барьж ажиллаж байна гэдгий хамтарсан хэвлэлийн хурлын үеэрээ онцолсон. Та “Эдийн засагт үүр цайлаа” хэмээн тодотгосон. Үүр цайж байгааг харин хүмүүс янз бүрийн утгаар хүлээгээд авчих шиг болсон. Энэ жил эдийн засгийн төлөв байдал ямар байх бол. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой тэр бүү хэл нэмэгдэх магадлалтай гэдгийг судлаачид онцлоод байна…

-“Үүр цайсан” гэдгийг би зүгээр нэг хэлчихээгүй юм. Дээр хэлсэн нааштай, эерэг үр дүн эдийн засагт гарч, иргэд аж ахуйн нэгжүүдийн итгэл бий болж, бэхжиж, эдийн засаг өсөх, дэвжих суурь бий болсон гэдгийг онцолж хэлмээр байна. Засгийн газрын бодлого тогтвортой үргэлжилбэл хоёр жилийн дотор бодитой олон өөрчлөлт гарна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байхаас гадна эдийн засгийн бодлого зөв байж гэмээнэ үр дүн гардаг. Түүхий эдийн үнэ өндөр байлаа ч буруу бодлого хэрэгжүүлбэл нааштай үр дүн гарахгүй. Зөв л бодлого хэрэгжүүлэх учиртай.

-Татварын хуулиудын шинэчилсэн найруулгуудын төслийн хэлэлцүүлэг цааш явах нь тодорхой боллоо. Яг ямар өөрчлөлтүүд гарах вэ. Эдийн засаг амаргүй байна гээд татварын хуулиудын шинэчилсэн найруулгыг хийж байна уу, цаашид урт хугацаандаа мөрдөхөөр оруулж ирж байгаа юм уу?

-Энэ асуултанд хариулахаас өмнө нэг зүйлийг онцлон хэлье. Түрүүн цухас дурдагдсан “Эдийн засагт үүр цайлаа” гэсэн нь санамсаргүй хэрэг биш гэдэг нь яг энэ асуудалтай шууд холбогдож байгаа. Энэ бол Монгол Улсын эдийн засагт шинэ хуудас эргэж буйг томьёолсон юм. Тэгвэл энэхүү хүлээгдэж буй шинэ нөхцөл байдалд татварын суурь хуулиуд нийцсэн байх хэрэгтэй гэсэн зүй ёсны шаардлага урган гарч байна.

Тиймдээ ч татварын хууль нэг, гурав, таван жил хэрэгжих настай биш цаашид тогтвортой үргэлжилдэг, үргэлжлэх ёстой хууль гэдэг агуулгаар нь харж боловсруулсан. Татварын хуулийн багц шинэчлэлийг хийхдээ эдийн засгаа, аж ахуйн нэгжүүдээ, иргэдээ дэмжье гэдэг утгаар нь оруулж ирсэн. Түүнчлэн тодорхой бус маргаантай байсан заалтуудыг цэгцэлье гэдэг зарчмаар хийгдэж байна. Улсын төсөвт татвар төлж буй аж ахуйн нэгжүүдийн татварын орлогыг судалж үзсэн. Татварын гол ачаа цөөн тооны аж ахуйн нэгжүүдэд оногдож, хамрах хүрээ бага байгаа юм. Тиймээс аль болох өргөн хүрээтэйгээр татварын бааз суурийг нэмэгдүүлье, эдийн засгаа тэлэх чиглэлд татварын бодлогоо барих хэрэгтэй.

Энэ удаагийн татварын хуулиудын шинэчлэлээр татварыг хялбаршуулж, энгийн болгож байгаа. Татварын хуулийн зорилго, үзэл санааны хүрээнд чамгүй олон татварыг бууруулна. Аж ахуйн нэгжүүдийн татварын тайлантай холбоотойгоор томоохон өөрчлөлтүүд орно. Тухайлбал, 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой бол нэг хувь, 50 сая төгрөгөөс доош бол нэг хувийн татвар төлөх зэрэг өөрчлөлтүүд бий. Үндсэн хөрөнгийн элэгдлийг 40 жилээр байгуулдагийг 25 жилээр байгуулна. Мөн аж ахуйн нэгжийн орлогоос хасагдах зардлыг татварын хуулинд нэр төрлөөр нь зааж өгсөн байдаг. Гэтэл амьдрал баян, эдийн засгийн харилцаа өргөжиж байна. Тиймээс тэр олон заалтуудыг 20 гаруй төрлөөр зардал тооцдог байж болохгүй гээд өргөн хүрээнд авч үзэж байгаа. Татварын хуулийн өөрчлөлтийн үр дүнд эдийн засаг дөнгөж сэргэж байгаа буюу “эдийн засагт үүр цайж” байхад эдийн засгийн харилцааг зохицуулж буй хамгийн чухал хууль болох татварын хуулиуд нь “унтаа” байж болохгүй харин ч хамгийн чухал энэ үед өсөлтийг хурдан хангахаар уг хуулийг батлах гэж байгаа юм.

Түүнчлэн иргэдийн хамгийн их асуудаг санаа тавьдаг эдийн засгийн энэ өсөлт хөгжилт “надад” “бидэнд” яаж тусах юм бэ гэж асуултын шууд хариулт нь бол ажил эрхлэлт юм. Тэгвэл татварын шинэчилсэн хуулиуд хэрэгжсэнээр ажлын байр нэмэгдэх боломжтой. Бас эдийн засгийн бүтцийг өөрчлөхөд чухал хувь нэмрээ оруулна гэж бодож байна.

Татварын байгууллага зарчмын хувьд үйлчилгээгээ үзүүлэх үйлчилгээгээ давхар хийгээд явах учиртай. Алдаа гарвал алдаа гарлаа гэдгийг нь хэлдэг, зөвлөдөг байх юм. Мөн цахимжуулах ажил нэлээд явагдана, цаашид улам цахимжуулж төрийн хүнд суртлыг багасгах тал дээр технологийн дэвшлийг ашиглах чиглэлд анхаарлаа хандуулж ажиллах болно.

Нэг үгээр хэлбэл “Үүр цайж, нар мандахад” төр, хувийн хэвшил нэг шугаман дээр зогсож хамтарч ажиллахад У.Хүрэлсүхийн Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байгаа гэж хэлж болно.

-Манайхан том төслийн талаар маш их ярьдаг. Энэ жил Таван толгой, төмөр зам, цахилгаан станцууд, Гацууртаас эхлээд хөдлөх төслүүд юу байгаа бол. Нэр заагаад хэлээч?

-Том төслүүд явна. Ойрын үед Монгол Улсын Засгийн газар эдийн засаг – хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг Дэлхийн банк, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулна. Энэ удаагийн эдийн засгийн чуулга уулзалт дээр эдийн засгийн бодлого, тухайлбал, татварын хуулийн цогц шинэчлэл, өмч хувьчлал, томоохон төслүүд, экспортыг дэмжих, эдийн засгийг солонгоруулах асуудал яригдана.

-Он гарсаар иргэдийн нэлээд эсэргүүцэлтэй тулсны дүнд ХХОАТ-ыг нэмсэн байсныг буцааж 10 хувь болгосон. нефтийн бүтээгдэхүүнээс А80, АИ93 зэрэг шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Гэтэл А80, АИ92 зэрэг шатахууны үнэ нэмэгдчихлээ. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой юм бол, Засгийн газар хувийн хэвшилтэйгээ ойлголцох ёстой юу?

-Иргэдийн гол хэрэглээ болсон А80, АИ92 зэрэг шатахууны онцгой албан татварыг тэглэсэн, ингэснээрээ төр өөрийн хүлээсэн үүргээ тодорхой хэмжээгээр биелүүлсэн. Миний хувьд нефть импортолж буй компаниудад өрсөлдөөн оруулах шаардлагатай гэж үздэг. Нефть импортлогчдын тоог нэмэх, зөвшөөрөл хүсч буй аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрлийг нь олгоод, дагалдах стандартыг нь мөрдүүлээд явбал дээр гэж харагдаж байна.Өрсөлдөөнийг дэмжих учиртай. Өмнөх шиг ам.доллар 1800 төгрөг байхад 1400 төгрөгөөр тооцож цөөн тооны компанид өгдөг луйврын арга хэмжээг авах ёсгүй юм. Зөрүү 400 төгрөгийг монголчууд нийтээрээ хүссэн эс хүссэн ч халааснаасаа төлсөнийг бид харж мэдэрсэн шүү дээ. Тиймээс өрсөлдөөнийг бий болгох, худалдааг хөнгөвчлөх ажлуудыг богино хугацаанд хийх нь зөв. Бас бензин, түлш бага хэрэглэдэг тээврийн хэрэгслийг татварын бодлогоор дэмжих учиртай.

-Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийн 49, 51 хувийн асуудал олны анхаарлыг татаж байгаа. Та ч гэсэн анхаарч байгаа байх. 49 талынхан шүүхээр явж, Засгийн газар ялагдаад л. Иймэрхүү дүр зурагтай л байна. Гэвч нөгөө талд нь Өмнөд Африкийн Стандарт банкинд Жастын гэх Ш.Батхүү 51 хувийг нь тавиад туучих гээд байж байх жишээтэй. Зээлийн эргэн төлөлтийг хэн хийх вэ гэдэг дээр маргаан явж байна. Таны байр суурь ямар байгаа вэ?

-Өнгөрсөн долоо хоног Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарахдаа УИХ-ын 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл 49 хувийг авахдаа “Монголын зэс” ХХК хууль тогтоомж зөрчсөн байна гэдэг шийдвэр гарлаа. Миний ахалсан Засгийн газрын ажлын хэсэг 49 хувийг төрд буцааж авах, төлбөрийг харилцан суутгах Засгийн газрын тогтоолыг боловсруулж, батлуулаад байна.

Стандарт банктай холбоотой асуудал бол 51 хувь, 49 хувь гэж ялгахгүйгээр л Эрдэнэт үйлдвэр дээр гарсан асуудал. Яагаад 51 хувь, 49 хувь гээд ялгаад байгааг сайн ойлгохгүй л байгаа. Гэхдээ энэ асуудлаар миний байр суурь маш тодорхой. Эрдэнэт үйлдвэрт учирсан хохирлыг буруутай этгээд нь төлөх ёстой. Холбогдох хууль хяналтын байгууллага нь ажиллаж байгаа байлгүй. Буруутай этгээдэд хариуцлага тооцох нь зөв. -Ардчилсан намынхан болон танай намын зарим гишүүд Оюу толгойн мөнгийг Монголын банкаар дамжуулах ёстой гэж байна. Их хурлаар асуудал ороход та заавал Монголын банкаар дамжуулах шаардлагагүй гэж байсан. Үүнээс болж таныг буруутгах хүн олон байна. Энэ мөнгө Монголын банкаар дамжсанаар валютын нөөцөөс эхлээд үр дүн нь их юм биш үү?

-Ардчилсан намынхан Оюу толгойн мөнгө Монголын арилжааны банкуудаар дамжих ёстой гэдэг байр суурь илэрхийлдэг.

Ардчилсан намынхан Дубайд гэрээ хийж байхдаа үүнийгээ яагаад мартчихсан юм бол гэж гайхаад л байгаа. Рио Тинтотой холбоотой асуудлаар олон удаа тайлбар хэлсэн дээ, би. Уг асуудлаар Рио Тинто ОУВС-д хандсанаар ОУВС монголд хэрэгжүүлэх хөтөлбөрөө тодорхой бус хугацаагаар хойшуулчихсан байсан. Тухайн үедээ Засгийн газар дээрээ нэлээд яригдсан юм шиг байна лээ. Намайг УИХ-ын даргын өрөөнд дуудахаар нь яваад ортол УИХ-ын дарга, Ерөнхий сайд, бүлгийн дарга, Сангийн сайд нар байсан. Рио Тинтогийн энэ заалттай холбоотойгоор ОУВС-гийн хурал хойшилчихлоо. Яах вэ гэж байсан юм.

“Засгийн газар ОУВС-тай хөтөлбөрөө хэрэгжүүлье гэж байгаа бол энэ заалтыг хүчингүй болгоё гээд саналаа оруулаад ир. Их хурал хэлэлцээд явъя” гэж би хэлсэн. Харин тэр үед хэлэлцэж, ярьж байгаад Төсвийн байнгын хороо санаачлаад оруулж ирээч гэдэг улс төрийн шийдвэрийг гаргасан. Түүний дагуу л хийсэн. Ер нь бол би өөртөө “гал” дуудаж байгаагаа мэдэж байсан. Эдийн засгаа хямралаас гаргахад намайг элдвээр хэлж дуудах бол сонин биш, үр дүн чухал гэдгийг би гүнээ ухамсарлаж ойлгож байсан. Үүн дээр тоглох арчаагүй улстөрчид ч гарна гэдгийг бас мэдэж байсан. Гэхдээ энэ бол эдийн засгаа хямралаас гаргахад шийдвэрлэх үүрэгтэй. Нийтийн төлөө гаргасан хамтын шийдвэр байсан юм аа гэдгийг дахин хэлмээр байна.

-УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газартайгаа хэр ойлголцож ажиллаж байна вэ. Нэг хэсэг бүлэг нь хоёр хуваагдаад бас л хэцүү үеийг даван туулсан шүү дээ?

-Тойргоороо явж ажиллалаа. Тойргоороо явсан бусад гишүүдтэйгээ уулзаж ярилаа. Ард иргэдийн дунд итгэл сэргэж байгаа дүр зураг харагдаж байна. Цаашлаад бид өнөөдөр бий болсон олон нийтийн дэмжлэгийг алдахгүй улам ихийг хийж бүтээж харуулахын тулд богино хугацаанд эрчимтэй ажиллах шаардлага байна. МАН Их хурлаа хийж, бүтэц зохион байгуулалтаа шинэчилж, Ерөнхий сайд намын дарга болсон. Намын дарга нь гүйцэтгэх эрх мэдэл дээр очсон байгаа энэ үед улс төрийн шийдвэр хурдтай гараад явна гэдэгт итгэж байгаа. Цаана нь Монгол Улсын эрх ашиг байна. Монгол Улсын эрх ашигт бүх асуудал зангидагдаж, багцлагдаж, шийдэгдэх ёстой. Улсын эрх ашгаас дээр гардаг хувь хүний амбиц, гомдол, хорсол, цөөн хүмүүсийн эрх ашиг байх ёсгүй. Манай гишүүдийн олонх нь үүнийг ойлгож, дэмжиж байгаа нь мэдрэгддэг.

-Та эдийн засагт гарсан томоохон давуу талуудыг нэрлэлээ. Үүнийгээ бид хадгалаад явах боломж хэр байгаа вэ. Эдийн засаг өөрөө тун эмзэг байгаа тул ганц буруу шийдвэр энэ бүгдийг орвонгоор нь эргүүлж мэдэх юм. ОУВС-гийн хөтөлбөр хэдэн хувь биелэж байгаа бол. Засгийн газар ОУВС-д тавьсан саналуудаа хамгаалж чадаж байна уу. Өмнө нь ОУВС тэг гэсэн. Тэр дагуу явж байна гэдэг байсан…

-ОУВС-тай ямар нэгэн асуудалгүй ойлголцоод явж байгаа. Хөтөлбөрийн хэрэгжилт сайн байгаа. Зарим нэг хүн ОУВС-гаар толгойгоо мэдүүлчихсэн юм шиг зүйл ярьдаг. ОУВС тэглээ, ингэж шахлаа гэдэг үг миний амнаас гарахгүй байгаа биз дээ. Эдийн засгийн бодлогыг зөв болгохын тулд бид ОУВС-тай хамтарч ажиллаж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрийг дагаад Япон, БНХАУ, БНСУ, АНУ хамтарч ажиллаж байна. Ийм том дөрвөн улс Монгол Улсыг дэмжээд явж байгаа шүү дээ. Цаашид аажмаар энэ орнууд дээр бусад орнууд нэмэгдээд явна гэдэгт итгэлтэй байгаа.

Бид ололт амжилтаа цаашид хадгалах ёстой. Эдийн засаг эмзэг байгаа. Нэг буруу бодлого буруу тийш нь залаад явчихдаг. Яг л “шимэгч” шиг хэнд ч анзаарагдахгүй системд сууж тухлаж аваад улсын төсөв мөнгөнөөс шимэгчилж өөрсдөө таргалаад төсөв, төр нь сульдаад ирдэг. Үүнийг л бид зогсоосон.

-Манайхан нефть боловсруулах үйлдвэрийн талаар ярьж байна. Зарим эдийн засагчид нефть боловсруулах байгуулах нь өнөөдрийн нөхцөлд ашиггүй. 600 гаруй км хоолой татахаас эхлээд зардал их гэж байна л даа. Яахав үндэсний аюулгүй байдал талаасаа зөв гээд байгаа. Энэ тал дээр танай яам тооцоо судалгаа хийв үү?

-Би эдийн засагч учраас асуудлыг цэвэр эдийн засгийн өнцгөөс хардаг. Эхлээд ТЭЗҮ-гээ маш сайн гаргах ёстой. Ямар ч гоё сайхан нэртэй, бурхан ч атаархмаар зорилго тэмүүлэлтэй төсөлТЭЗҮ-гээрээ ашигтай байх шаардлагатай. Тэгж байж энэ төсөл цаашаа хэрэгжинэ. Бидэнд танилцуулсан хэлбэрээр ТЭЗҮ нь ашигтай гэж гарч ирсэн. Яаж ч бодсон ашигтай байх хувилбарыг сонгох хэрэгтэй. Тиймээс миний хувьд энэ төсөл хэрэгжээд явна гэдэгт итгэж байгаа.

-Банкны зээлийн хүүгийн асуудлыг ярих боллоо. Зээлийн хүүг бууруулах боломж байна гээд байгаа. Эдийн засагч хүний хувьд, Сангийн сайдын хувьд зээлийн хүү буурах боломж байна гэж харж байна уу, цаашид зээлийн хүү буурах уу?

-Зээлийн хүү бууна. Зээлийг хүүг тогтооход нэлээд хэдэн зүйл нөлөөлж байгаа. Валютын ханшийн хөдөлгөөн, инфляци, зээлийн эрэлт, мөнгөний нийлүүлэлт, зээл олголтын хэмжээнээс эхлээд олон зүйл бий. Эдийн засагт эрсдэл их байгаад байвал зээлийн хүү өснө. Эхлээд эдийн засагт үүсээд буй эрсдлүүдийг алга болгох чиглэлд ялангуяа валютын нөөцийг нэмнэ гэдэг чинь төгрөг тогтворжино. Валютын ханш унана. Тэр хэмжээгээр зээлийн хүү бууна гэсэн үг. Инфляцийг бага байлгаж чадвал зээлийн хүү бууна. Засгийн газар арилжааны банкуудаас зээл авахаа больчихлоо гэдэг чинь арилжааны банкуудаас эх үүсвэрээ байршуулахын тулд зээл олгох боломж нэмэгдээд эхэлчихэж байгаа юм. Зээл олголт нэмэгдэхээр өрсөлдөөн үүсэж, хүү буух боломж бүрдэнэ. Засгийн газар энэ бүх нөхцөлийг бий болгох чиглэлээр ажиллаж байгаа. Гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж байна гэдэг чинь сайн зүйл. Одоо татварын хуулиудаараа гаднаас санхүүгийн эх үүсвэр татахад үүсдэг зардлуудыг бууруулах чиглэлд ажиллана. Зээлийн хүү аажим аажмаар буурч байна. Нэг өдөр бүр зүйл шийдэгдэхгүй. Засгийн газрын бодлого шийдвэр зөв байж, цаашид алдаа гаргахгүй байвал зээлийн хүү бууна. Монгол өөрөө жижигхэн эдийн засаг. Бодлогоо зөв явуулж чадвал дорхноо босоод ирнэ. Би “Эдийн засагт үүр цайж байна” гэж хэлсэн. “Эдийн засагт нар мандана” гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянга: “Ээж ээ” жүжгийн дууг анх дуулах гэсэн чинь хоолой зангираад огшсон

Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ө.Уянгатай ярилцлаа.


-Телевизийн цэнгээнт нэвтрүүлэгт орж, орсон нэвтрүүлэг бүртээ түрүүлж, ер нь юм юмны захтай, хөдөлмөрч, адтай сэргэлэн гэдгээ та Монголын ард түмэнд харуулаад авсан шүү. 2000-аад оны эхэн байх аа?

-Би тийм айхавтар хөдөлмөрч биш ээ. Тэр тал дээр би өөрийгөө голоод байдаг шүү. Мундаг хөдөлмөрч хүмүүсийн дэргэд би хөдөлмөрч харагдахгүй ээ. Таны ярьж байгаа тэр үед би дөнгөж л оюутан байлаа. Тэр үед МҮОНТ-ийн гоё гоё цэнгээнт нэвтрүүлэг гардаг байлаа. Хүмүүс ч их үздэг байсан. Зарим хүмүүс ярьдаг юм, “Уянгаа чи анх дуулж гарч ирэхээсээ л өмнө телевизийн тэмцээнд орж каратэгийн хувцас өмсчихсөн, банз хугалж олонд танигдсан” гэж. Тэр нэвтрүүлгийг хүмүүс их үзсэн байдаг шүү. Би багаасаа адтай, эрэгтэй л хүүхдүүдтэй өрсөлддөг тоглодог байсан юм.

Шинэ мянганы эхэн үед шүү дээ. Телевизийн нэвтрүүлэгт ороод дэмбээдээд, дэмбээний тэмцээнд ялж байлаа. Тэгэхэд хүмүүс “Энэ Хөвсгөлийнх байж хаанаасаа ингэж дэмбээдээд сурчихдаг байна аа” гэж гайхсан. Соёл, урлагийн сургуульд аймаг болгоноос хүүхдүүд ирж суралцана. Говийн хүүхдүүдтэй, ялангуяа “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөнтэй их дэмбээднэ. Бид нэг ангийнх. Хичээл завсарлангуут хоолонд дэмбээднэ (инээв). Хуушууранд дэмбээднэ. Одоо манай Дээгий (Т.Дэлгэрмөрөн) ярьдаг юм. “Уянгааг олон ч удаа хуушууранд дааж явлаа. Олон ч удаа даалгасан даа” гэдэг юм. Тэгж л дэмбээдэж сурсан. Тэр нэвтрүүлэгт би говийн хүмүүсийг дэмбээгээр дийлсэн. Тэрнээс хойш намайг дэмбээддгийг мэдчихсэн болохоор энд, тэнд очихоор хүмүүс дэмбээдье гэнэ.

-Тэрний дараахан та Классик жем хамтлагийнхантайгаа гарч ирсэн. Рок, жааздуу гэмээр хүчтэй, задгай хоолой тань хүмүүсийг маш ихээр татсан?

-Боддог юм аа, одооны энэ олон шоу, тэмцээн уралдаан тэр үед байсан бол би оролцох байсаан. “Сэхүүн салхи” гэх мэт хэдэн дууг нь сураад “Дуучин Б.Сарантуяагийн дууг хэн сайн дуулах вэ” гэж уралдаанд оролцож явлаа, 1996, 1997 оны үед шүү дээ. Тэр үед тийм уралдаанууд ч бага байж. Одооны энэ том шоунууд тэр үед болдог байсан бол би орчихсон л явж байх байсан (инээв).

-Задгай хоолойгоор дуулахад тань хүмүүс их дуртай байх шиг байдаг юм?

-Ард түмэн өөрсдөө дуртай. Дуурийн хоолойг ойлгохгүй байх талтай л даа. Ихэвчлэн нийтийн болон рок, поп дуунуудад дуртай байдаг. Би дуурийн чиглэлээр төгссөн. Дан дуурийн дуугаа дуулаад байвал намайг хүмүүс мэдэхгүй, хэн ч ойлгохгүй өнгөрөх юм байна гэж бодоод өөр хэв маягаар дуулах ёстой юм байна гэж бодсон. “Классик жем”-д задгай хоолойгоор дуулдаг байсан минь хүмүүст их таалагдсан байдаг. Тэр үед намайг Дуурийн театрын томчуул их шүүмжилдэг байсан. Дуурийн дуучныг дуурийн дуучнаар нь л явуулмаар байх юм, “Классик жем” хамтлаг гээд энэ хүүхэд огт өөр юм хөөгөөд байна гээд намайг маш их шүүмжилдэг байсан. Тэгээд би мэргэжлээ хөөсөн. Мэргэжлээ сонгосон минь буруудаагүй. “Классик жем” хамтлаг надад асар их үр өгөөжөө өгсөн. Манай хамтлагийнхан маш эрчтэй гурван жил хөдөлмөрлөсөн. Олон сайхан дуу хийж, дүрсжүүлсэн. Нэг том тоглолт хийж “Эх орон”, “Дурсамж” гэж хоёр цомог гаргасан. Манай дуунуудад хүмүүс дуртай. Тэр үед маш сайхан хүлээж авдаг байсан. “Классиж жем”-гүй тоглолт, ёслол, арга хэмжээ гэж байдаггүй байлаа шүү дээ.

-Дуучид, жүжигчдийн хувьд мэргэжлээсээ маш их таашаал авах мөч харьцангуй олон тохиолддог болов уу. Үзэгчдийн алга ташилт, төр засгаас шагнал авах мөч, тоглолт хийх гээд?

-Урлагийн хүн тайзан дээр гараад үзүүлэх юмаа сэтгэлдээ тултал хийгээд үзүүлчихбэл бахархаад сэтгэл нь хөөрөөд байдаг юм. Үзэгчдийн алга ташилтын хэмнэлээр өөрийгөө дүгнэдэг. Би голдуу тайзан дээрээс тэр сайхан мэдрэмжүүдийг авдаг даа. Гавьяат жүжигчин цол аваад Төрийн ордонд зогсч байхдаа шагнал авлаа гэж баярлахаасаа илүүтэй, надтай хамт төр засгаасаа одон, медалиар шагнуулж байгаа урлагийн биш жирийн хүмүүсийг хараад өөрийн эрхгүй огшоод байсан. Би бол ажлын шугамаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг таньдаг болчихсон байсан болохоор зүгээр л таньдаг хүнтэйгээ уулзаж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Гэтэл тэнд Ерөнхийлөгчтэй гар барих нь бүү хэл Төрийн ордонд орж ирж байгаагүй хүмүүс шагнал авч байгаа юм. Тэд маш хүндэтгэлтэй хандаж байгаа нь шууд харагдсан. Биеэ авч яваа байдал, хаана яаж зогсох вэ гэдгээ бэлдчихсэн, илүү дутуу хөдөлгөөн хийдэггүй юм шүү гэж өөрийгөө цэнээд, биеэ бариад хичээгээд байгаа нь мэдэгдээд байсан. Төр засгийнхаа шагналыг хүртэхдээ тэгж хүндэтгэлтэй хандаж зарим нь “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” гэж ёслохыг хараад би өмнөөс нь баярлаад байж билээ. Төрийн ордноос гарч ирэхэд хамт олон минь хүлээж авахад маш их баярласан. Баярт мөч байсан. Сүрдмээр орчноос хамт олныхоо дунд чөлөөтэй байдалд орсон. Тэр жил Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хоёр дахь удаагаа сонгогдож Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн. Би долдугаар сарын 9-нд гавьяатаа аваад тэр шөнөө талбай дээр тангараг өргөх ёслолын арга хэмжээнд бэлдээд маргааш нь Г.Ариунбаатар гавьяат бид хоёр “Гүрэн Монгол чинь хүлээнэ” дууг дуулж байлаа. Хамгийн гоё нь Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол ах Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр “Монгол Улсын гавьяат жүжигчин Уянга” гэж хүнгэнэтэл орон даяар зарласан. Намайг хамгийн анх удаа ингэж зарласан хүн нь Д.Цоодол ах болсон. Анх удаа гавьяат жүжигчин гэж цоллуулж арав гаруй мянган хүний өмнө дуулсан минь тэр. Тэр ёслолоос хамаг хувцас хунараа чирч аваад Соёлын төв өргөөнд наадмын хүндэтгэлийн концертод орж байгаа юм. Хүндэтгэлийн концерт хоёр удаа тоглогдсон. Тэгээд орой нь Их тэнгэрийн аманд очиж тоглолтод дуулсан. Гавьяатын тэмдэг энгэртээ зүүгээд л хоёр, гурван хоног өдөржин, шөнөжин дуулж завгүй гүйж билээ (инээв). Тэр зуныг би мартдаггүй юм. Их сайхан дурсамж үлдээжээ.

-Цовоо сэргэлэн, хурдтай, хүчтэй байхад тань эцэг эхээс өгсөн зан чанар, өссөн төрсөн орчин нөлөөлсөн нь дамжиггүй?

-Би хүүгээ их анзаардаг. Хүмүүс хүүг минь надтай их адилхан гэдэг. Адтай сэргэлэн гэдэг чинь төрөлхийн л зан юм байна, анх төрөхдөө л адтай төрдөг юм байна гэдгийг мэдсэн. Намайг хүүхэд байхад нийгэм минь тайван, одоогийнх шиг сошиал хөгжөөгүй, хүүхдүүд гэр бүлийнхээ орчин, гэр бүлийн хүмүүжлээр хүмүүждэг байж. Миний гэр бүл ч одоо яг тийм. Социализмын үеийн сэхээтний гэр бүлд өссөн, хөдөөний хүүхэд болохоор юманд чин үнэн сэтгэлээр хандана. Харин тэр сэргэлэн цовоо байдал минь төрөлхийн зан. Радиогоор явсан дууг ганц сонсоод сурчихна. Хүмүүсийн өмнө дуулаад чихэр авна. Томчуултай том хүн шиг хэрсүү ярина. Хурц хэлтэй. Хэл, хөлд хурдан орсон гэдэг юм. Хүнийг нэг хараад л үйл хөдлөл, үгийг нь сурчихна.

-Гуравдугаар сар гарангуут л Мартын 8-ны баярын уур амьсгал ордог. Энэ баяртай холбоотой сайхан дурсамжууд хөвөрдөг шүү?

-Мартын 8-ны баярын өдөр аав минь гэртээ хоол хийнэ. Аав минь ер нь гал тогоонд оролцдоггүй, ээж бүхнийг зохицуулдаг байсан. Аавыг томилолтоор явахад хувцас хунарыг нь нэг бүрчлэн бэлдэж “За, энэ хувцаснуудаа тэд дэх өдөр өмсөөрэй” гэж захиж явуулна. Томилолтоос ирэхэд нь бэлдээд тавьчихсан бууз, баншаа жигнэж угтана. Манай аав бүх юмаа ээжээр бэлдүүлдэг хүн байсан юм. Мартын найман болохоор харин аав минь хоол хийнэ. Би тэрэнд нь их баярлана. “Овоо ш дээ, миний муу аав” гэж боддог байлаа (инээв). Дандаа л ээж минь бүхнийг хийдэг байсан болохоор аав минь ганц өдөр хоол хийхээр ээжийнхээ өмнөөс баярлана. Аав, ээж минь нэг дор ажилладаг болохоор нэг хамт олонтой. Хамт олон нь Мартаар манайд ирнэ. Айлд зочин ирэхээр хүүхдүүд хөөрөөд бөөн баяр болдог шүү дээ. Мартын наймны баярыг тийм сайхан дурсамжууд хөглөдөг. Аав, ээжийн ажлынхан ирж бие биеэ баярлуулж даалуудаж, хөзөрдөж хөгжилдөнө. Тэр үед баар, ресторан гэж байсан биш. Ажил дээрээ ширээ засна. Дараа нь нэг нэгнийхээ гэрээр зочилно. Аав, ээж хоёр минь Хөвсгөлийн шүүхэд насаараа ажилласан. Манайд шүүхийнхэн их ирнэ. Одоо ч уулзацгаана. Уулзалдахаараа үр хүүхдүүдийнхээ тухай хөөрөлдөж “Танай Уянгаа мундаг байна аа” гэж магтдаг гэсэн. Тэд намайг жаахан хүүхэд байхаас минь мэднэ шүү дээ.

-Таны дуулсан дуунуудыг сонсохоор бүтэн хэмжээний кино, жүжиг үзсэн мэт сэтгэгдэл төрдөг. Гүрэн Монгол чинь хүлээнэ дууг сонссон гадаадад байгаа хүн эх орон руугаа тэмүүлэхээр шүү. Бас Ээж ээ жүжгийн дуу хүний зүрх рүү шивэх шиг л болдог?

-Баярлалаа. Би өөрийгөө хөдөлмөрч биш гэж ярьсан шүү дээ. Яагаад вэ гэхээр зарим дуучид дуугаа хайж явдаг юм байна л даа. Шүлэг, хөгжмийн зохиолчоо хайгаад, дуугаа хийх мөнгөө хайгаад явдаг. Би харьцангуй азтай. Хүмүүс дуугаа зохиогоод надад авчирч өгдөг. “Чиний хоолойнд зориулаад зохиосон” гэдэг. “Ээж ээ” жүжгийн дууг надад тэгж авчирч өгсөн. Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од “Уянгаар л дуулуулна. Уянга л сайхан дуулна” гээд намайг дуудсан. “Ээж ээ” жүжгийн дууг анх сонсоод дуулах гэсэн чинь хоолой зангирчихсан. Гоё аялгуу, сайхан үгтэй дуу чинь хүнийг тэгж шууд огшоож зүрхэнд хүрдэг юм байна л даа. Хоолой минь зангираад “Багш аа, энэ дуунд ярих юм алга. Харин би дуулж чадах юм болов уу” гэж жаахан түгшсэн. Жүжгийн дуу болохоор өгүүлэмжтэй. Тийм учраас таны яриад байгаа шиг бүтэн сонсогддог. Хүний зүрхэнд шууд хүрээд л “Нээрэн ээжийнхээ гишгэсэн газарт цэцэг байх юмсан” гэж бодогдож “Бид ээж гэдэг хүний ачийг ерөөсөө хариулж чаддаггүй шүү” гэдгийг сануулдаг. Тэр жүжиг тайзнаа тавигдаад “Гэгээн Муза” аваад их удлаа. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар гуай найруулсан шүү дээ. Тэр сайхан хүн бурхан болчихлоо. Үнэхээр харамсалтай. Б.Баатар найруулагч “Уянгаа чи дууг нь дуулсан жүжгээ үзээч” гэж урилга өгөхөөр нь албан ёсоор очиж үзлээ дээ. Бараг бүтэн жилийн дараа шүү дээ. Би гол дүрийнх нь жүжигчинд цэцэг өгнө гэж бэлдэж очив оо. Лоожин дотор хэнгэнэтэл уйлсаар байгаад жүжгээ дуусгалаа. Гараад цэцгээ өгөх гэтэл нүд минь хавдчихсан болохоор өгч чаддаггүй. Өрөөнд нь оруулж өгсөн. “Одоо ёстой уйлахгүй. Одоо больё” гээд нулимсаа арчаад хичээгээд үзэж байхад л дууны ая нь орж гараад эхлэхээр дахиад л уйлчихна. Их гоё жүжиг. Б.Баатар найруулагч мундаг найруулсан. Тэр үед уг жүжгийн ээжийн дүрд С.Сарантуяа, Н.Сувд гуай хоёр ээлжилж тоглож байсан. Би С.Сарантуяа эгчийн тоглосноор үзэж байсан юм. Эх нь өөрөөсөө унасныг хоёрт тавиад өрөөлөөс авчирсныг нэгдүгээрт тавьсаар байгаад хэдэн хүүхэд нь ойлголцохгүй байгаа тийм жүжиг.

У.ПҮРЭВСҮРЭН

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

М.Мөнхбаатар: “СТЕМ” хөтөлбөрт байгалийн ухаан, технологи, инженерчлэл, математик дөрөв багтаж байгаа

Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн захирал, дэд профессор, доктор М.Мөнхбаатартай уулзаж ярилцлаа.


-Та багш мэргэжлээрээ хэдэн оноос ажиллав?

-Миний бие 1997 оноос МУБИС-д биологийн багшаар ажилласан. Үндсэндээ 20 гаруй жил багшилжээ. Судалгааны ажил маань Монгол орны хоёр нутагтан буюу мөлхөгчид, хүйтэн цустай амьтан гүрвэл, могой, мэлхий байсан. Үүгээрээ ч эрдмийн зэрэг хамгаалсан. Сүүлийн нэг жил МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд газрын даргаар нэг жил орчим ажиллалаа. 20 гаруй жил багшлахдаа оюутнуудтай ажилладаг байсан бол одоо 1-12дугаар ангийн хүүхдүүдтэй ажилладаг болоод байна.

-МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль бусад сургуулиас юугаараа ялгарах онцлогтой бол?

-Манай сургууль 2014 онд байгуулагдахдаа багш бэлтгэдэг их, дээд сургуулийн дэргэд Ерөнхий боловсролын сургууль байж болно гэсэн хуулийн дагуу байгуулагдсан. Монгол Улсын хэмжээнд багш бэлтгэдэг МУБИС боловсрол болон багшлахуйн талаар гарч байгаа шинэлэг арга зүй, шинэ туршлагуудыг туршиж үзэх, цаашид улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилготой. МУБИС-ийн эрдэмтэн, багш нарын боловсруулсан хөтөлбөрөөр хичээллэснээр боловсролын хувьд чанартай хүүхдүүд төрөн гарна. Одоогоор манай сургууль 1-12дугаар ангидаа өдрийн 360-аад сурагчидтай, 50 орчим багш ажилчин, англи хэлний хоёр гадаад багш, хятад хэлний нэг багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургуулийн давуу тал бол МУБИС-ийн түшиц сургууль гэдгээрээ онцлог. Түшиц сургууль болохоор байгалийн ухааны болон гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай байдаг. Байгалийн ухааны хичээлүүд маань мэргэжлийн тэнхимүүдийг түшиж явагддаг. Өөрөөр хэлбэл мэргэжлийн тэнхимийн доктор, профессорууд онолын хичээл орж, манай үндсэн багш тэдний дадлага хийх үндсэн материал баазыг маань ашиглаж лаборатори хичээлийг явуулдгаараа давуу талтай. Энэ сургуулийн бас нэг давуу тал бол нэг ангид 28-аас дээш хүүхэд хэтрүүлэхгүй гэсэн дотоод журамтай. Бусад сургуулийг бодвол хүүхдийн тоо цөөн. Хамгийн гол нь тоондоо биш, сургалтын чанартаа байдаг үр дүнг үзүүлэхийг зорьж байгаа.

-Танай сургууль бас өдөр өнжүүлэх ангитай гэл үү?

-Өдөр өнжүүлэх бүлэгтэй. Үүнд бага ангийн хүүхдүүд хамрагдах сонирхол ихтэй байдаг. Эцэг эхчүүд нь ажилтай тохиолдолд хүүхдээ өдөр өнжүүлэхэд өгөөд орой авах боломжтой. Сургууль хоёр автобустай. Хүүхдүүдээ чиглэлд нь хүргэж өгдөг.

-Гадаад хэлийг хэддүгээр ангиас нь сургаж байна?

-Өнгөрсөн оны хичээлийн жилээс эхлээд гадаад хэлний чиглэлд анхаарч эхэлсэн. Хоёрдугаар ангиас нь англи хэл заана. Англи хэлийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсаас сайн дурын ажилтан нэг багш, Америкийн Денверээс ирсэн бас нэг сайн дурын багш заадаг. Хятад хэл болон япон хэлийг сурагчид зургаадугаар ангиасаа сонгож суралцдаг. Хятад хэлний багшаар Күнзийн институтээс хятад багш ажиллуулж байгаа. Япон хэлний багшийн хувьд япон хэлний тэнхимээс мэргэжлийн зэрэгтэй их сургуулийн багш ордгоороо давуу талтай гэж болно.

-Сургуулийн цаашдын зорилгын талаар яриач!

-Манай сургалтын зорилго хариуцлагатай боловсон хүчин бэлтгэх юм. Дэлхий нийтээрээ “СТЕМ” гэдэг хичээлийн шинэчилсэн технологийг ЕБС-д нэвтрүүлж эхэлсэн. БСШУСЯ, Азийн хөгжлийн банкны бага боловсролыг дэмжих төсөлтэй хамтран Монгол Улсын хэмжээнд байдаг 600 орчим ЕБС-ийн сургуулиудад “СТЕМ” сургалтын зааврыг тараасан байгаа. Цөөн тооны багшийг сургагч багш болгон бэлтгэсэн байдаг. Энэ “СТЕМ” хөтөлбөрт хамрагдаж байгаа сургуулиудын нэг бол манай сургууль. Зөвхөн бага ангидаа биш 1-12 дугаар ангидаа “СТЕМ” хөтөлбөрийг хэрэгжүүлье гэсэн зорилго тавиад ажиллаж байна.

СТЕМ хэмээх хөтөлбөрийн тухай тайлбарлаач!

-СТЕМ гэсэн үг бол байгалийн ухаан, технологи, инженерчлэл, математик сэтгэлгээ гэсэн дөрвөн үгийн товчлол. Энэ чиглэлээр сурч хөгжих хүүхдүүдийг багаас нь бэлтгэж, цаашид оюун ухаанаа хөгжүүлэх хөрс суурийг бэлдэх төсөл юм. Гарах үр дүн нь бага, дунд, ахлах ангийн сургалтад “СТЕМ” хөтөлбөрийг өөрийн орны онцлогт тохируулан хэрэгжүүлснээр технологи, математик, байгалийн ухаан, инженерчлэлийн боловсрол өндөртэй хүмүүс төрөн гарч улс орноо хөгжүүлэх юм. XXI зууны боловрол бол СТЕМ гэж нэрлээд байгаа. Ер нь 2030 он гэхэд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал цахим биет үйлдвэрлэлийн эрин үе эхэлнэ гэж судлаачид үзэж байгаа. Дэлхий даяар 800 сая ажлын байр бүрэн автомат болно. Бид кибер ертөнцөд ажиллаж, амьдрах болчихоод байна. Энэ нөхцөлийг эзэмшүүлэгч нь заавал “СТЕМ” хөтөлбөр байна гэдэг нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөөд явж байна. Олон улсын хэмжээнд бага ангийн сурагчдын гуравны хоёр нь ирээдүйд ажлын байранд гарахад шаардлагатай мэдлэг боловсролыг эзэмшиж чадахгүй байна гэсэн судалгааг эрдэмтэд гаргасан юм билээ. “СТЕМ” боловсрол хүүхэд бүрийн бүтээлч сэтгэлгээ, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх хэрэгсэл нь болж өгнө гэж үзсэн байгаа. Үүний гол харилцаа нь мэдээлэл харилцааны технологид үндэслэсэн.

-Сурагчид хичээлийн бус цагаар ямар дугуйлангуудад хамрагдаж байна?

-Хичээлийн шинэ жилийн эхэнд МУБИС болон холбогдох газруудын хөрөнгө оруулалт үе шаттай хийгдсэний үр дүнд бага ангийн биеийн тамирын кабинет, дуу хөгжмийн ангийг тохижуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хичээлийн жилээс сурагчдын тоо нэмэгдэж хоёр ээлжинд шилжиж хичээлээс гадуурх үйл ажиллагаа, дугуйлан, секц, олон нийтийн ажил явуулах өрөө тасалгаа хомс байгаа. Хэдий тийм боловч бид сурагчдын хөгжлийг дэмжих үүднээс өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан сурагчдыг Урлан бүтээх төв, Спортын ордны дугуйлан, секцэд хамруулж байна. Биеийн тамир, дизайн технологи, байгалийн ухааны хичээлүүдээс биологи, химийн хичээлийн сонгон, лаборатори хичээлүүдийг мэргэжлийн тэнхимүүдийг түшиглэн лабораториудад хичээллэж байна. Хичээлээс гадуурх үйл ажиллагааг дэмжих бүжиг, найрал дуу, гимнастик, үндэсний хөгжим, робот, гар урлалын дугуйлангуудыг нэмэлт хөтөлбөрөөр ажиллуулж байгаа. Сургуулийн хэмжээнд 15 төрлийн дугуйлан, секц хичээллэж байгаа бөгөөд нийт сурагчдын 70 хувь нь хамрагдаж байна. Хичээлийн хөтөлбөрт оюун ухааныг хөгжүүлэх шатар, даам, сэтгэх чадварын хичээлүүдийг бага ангиас нь эхэлж оруулдаг.

-Сурагчдын сайн сурахад орчин бас их нөлөөтэй биз?

-Сургуулийн орчныг сайжруулах тал дээр нэлээн анхаарч сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн асуудлыг үе шаттай шийдэж байна. Тухайлбал, нийт 10 ангид “55-Samsung” брэндийн зурагт, хоёр ангид “Acer” брэндийн проектор тус тус байрлуулсан нь орчин үеийн сургалтад нэвтэрч байгаа идэвхтэй сургалтын аргуудыг ашиглах боломж бололцоогоор хангаж байна. Мөн МУБИС болон БСШУСЯ-ны хөрөнгө оруулалтаар сурагч ширээ, сандал, багш ширээ сандал, шкаф, тавиур, чанга яригч, ком цахилгаан хөгжим, ширээний компьютер, принтерийн асуудлыг шийдүүлж сургалтад ашиглаж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөдөөнийхнөө гайхах хөдөөнийхөн

ЭХЛЭЛ. ХӨДӨӨНИЙХНИЙ “ТҮРЭМГИЙЛЭЛ”

Улаанбаатарчууд хөдөөнийхөндөө дургүй. Арай гэж иргэншин суурьших аядан, хотын соёл нэвтрүүлэн ядаж байхад нь саад хийж байна гэдэг утгаар дургүйцнэ. Ялангуяа намар оюутнууд ирэх үеэр нийслэлийнхэн их ундууцна. Тэдэнд үлгэрийн киноны болхи бүдүүлэг баатрын нэрийг өгөн “Орк”-ууд хэмээн хочлох нь нийтийн сүлжээнд түгээмэл. Үнэхээр ч хөдөөний оюутан цугларахын цагт хотын эмх замбараа хөндөгдөж, нийтийн ариун цэврийн байдал дордчих шиг болдог. Дордчих шиг гэх юу байх вэ, дорддог юм. Хэдэн сарын дараа харьцангуй дээрдээд явчих шиг болдог нь нэг талаасаа хөдөөнийхөндөө дасдаг, нөгөө талаас хөдөөнийхөн нь харьцангуй хотшоод ирдэгийн аль алин нь байх.

Хөдөөнийхөөр нь дуудах, шоолох үзэгдэл нэн шинэ хотынхон буюу суурьшлын соёлд хөл тавиад удаагүй байгаа үеийнхэнд илүү ажиглагддаг. Дөнгөж өчигдөрхөн яаж хөглөж байсныг нь илүү их сануулдаг, өөрөөсөө ичих сэтгэлийн дутуу анисан шархыг сэдрээдэг болоод тэгдэг байх. Ухаандаа тамхиа дөнгөж хаяж, архиа арайхийн орхиж байх үед тамхи татсан хүн харахаар уур хүрч, согтуу нэгнээ үзэн ядах сэтгэл оволздог гэдэгтэй төстэй зүйл.

Шинэ үзэгдэл, танихгүй орчинд амархан дасдаг нь нүүдэлчдийн онцгой чанар. Чухам энэ чанар л бидний хурдан хотшиж хөгжих түлхүүр болж байна. Нийслэлийн хүн ам жилд 30аад мянган хүнээр нэмэгдэж байгаа гэсэн тоо баримт байдаг. Орон нутгийн шавилхан тойргоос сонгогддог гурван УИХын гишүүн бүх сонгогчтойгоо шилжээд ирсэнтэй адил тоо. Ингээд бодохоор хөдөөнийхөн нь илүү хурдан хотшиж байгаагийн хүчинд л өдий зэрэгтэй яваа хэрэг байх.

Нөгөө талаасаа манай Улаанбаатарт байтугай, манай улсад угаасаа хотшсон, ерөөсөө иргэншчихсэн үеийн хүмүүс байхгүй. Хотын түүхийг Их гүрний үеийн Хархорин хотоос ч юмуу, 1911 онд тусгаар тогтнож өрнөдийн жишгээр аж төрөх бодлого барьснаас ч юм уу, эсвэл 1924 онд Бүгд найрамдах засаглал тогтоосноос гэхчлэн тоолж болно. Гэхдээ жинхэнэ хотшил 1959 онд эхэлсэн юм. Монгол хүний цор ганц, бүхий л өмч болох малыг хураан нийгэмчилснээс хойш алдах юмгүй болсон монголчууд хот суурин, улсын нийслэл рүүгээ цутган ирж шинэ маягийн аж төрлийн замыг сонгосон бөлгөө. Ийм учраас бид “уржигдар ирсэн, өчигдөр ирсэн, өнөөдөр буусан”аараа ялгагдахаас биш бүгдээрээ л хөдөөнөөс ирэгсэд, иргэншлийн сургуулийн янз бүрийн ангийн сурагчид бөлгөө.

НАЙДВАРГҮЙ ДИВААЖИН

ХХ зууны эхний хагасыг хүртэл, мянга мянган жил уул уулын мухарт ганцаардан уйтгарлахын бэрхшээл гансрал дунд аж төрсөн монголчуудын хувьд хот, ялангуяа нийслэл Улаанбаатар нь зүүдэнд л орж болох диваажин цогцолсон мэт байжээ. Ажил төрөл нь цас бороо, ган зудаас үл хамаарах төдийгүй, ажлын цаг дуусмагц бүхнийг орхин санаа амарч болно. Суурь машин, ажил алба салхинд туугдаж, чононд идүүлэхгүй аж. Гэртээ бааж шээдэг гэж сонсоход жаахан тиймэрхүү боловч хананаасаа ус авдаг, гал түлэхгүй дулаацдаг, тэнгэрийн цахилгааныг хэрэглэн цай хоолоо хийдэг орон сууц нь үлгэрт гардагаас ч илүү. Хамгийн гол нь малчин хүний мөнхийн ганцаардлаас ангижирч, цаг үргэлж олон түмэнтэй хамт бужигнаж амьдрана гэдэг юутай цэнгэлтэй вэ?

Гэвч социалист хөдөө аж ахуй буюу хувийн өмчгүй малчдаас бүрдэх тогтолцооны гайхамшгийг харуулах нигууртай МАХН-ын хоршоолох бодлого нуран унах аюулд орсон тул хөдөөнөөс хот руу чиглэсэн миграцийг хүчээр зогсоож, орон нутгаас бүр байтугай түр шилжих хөдөлгөөнийг хатуу чандаар журамласан байдаг. Ингээд зогсохгүй, амжиж хотод ирээд түр суурьшсан иргэд, айл өрхийг эргүүлэн нүүлгэж эхэлсэн.

Хотын хүн болох хэдхэн зам байсны эхэнд “урьд насандаа хийсэн буяны үрээр хойд насандаа диваажинд очив” гэдэг шиг Улаанбаатарт хүний биеийг олж төрөх явдал орно. За тэгээд хотын хүнтэй суух, сургууль төгсгөөд хотод хуваарилагдах, ажил албандаа гялалзсан амжилт гарган ялангуяа намын шугамаар төв рүү татагдах, ингэсгээд “сайн заяанд очих” боломжууд дуусна.

Арай гэж “хотын заяанд” очсон хэдийн хувь заяа ч найдвартай бус. Ажил албандаа алдаа эндэл гаргах, сургууль төгсгөөд хөдөө хуваарилагдах гээд диваажингаас хөөгдөх эрсдэл дүүрэн. Ц.Лоохууз нарыг намаас буруушаан хөдөө явуулсан нь аминдаа диваажингаасаа хөөж байгаа л хэрэг байв. Тэр үед диваажинд амьдрах эрхийн бичиг үнэхээр байсан бөгөөд түүнийг “хотын паспорт” гэх.

Хотын хүн амыг хязгаарласан энэ журам дүрэм нь арай гэж соёлжуулж буй хотоо хялбархан хөдөөжихөөс хамгаалж, соёлын довтолгооны ургацыг улам сайжруулахад дэм болжээ. Харин 1990 оны ардчилсан хувьсгалаар хүн ард оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй болмогц тал нутгийн диваажингийн даац хэтэрч эхэлжээ. Нөгөө талаас хот руу чиглэсэн нүүдлийг он удаанаар хэтэрхий хааснаас үүдэлтэй “цангаа” бас энд нөлөөлөв.

НАЙРСГАА “ХАРАХГҮЙ” УЛААНБААТАР

Манай нийслэлд “Найрсаг Улаанбаатар” гэж хөтөлбөр бий. Олон хүн гадаад дотоодын жуулчидтай найрсаг байх явдлыг “найрсаг Улаанбаатар” гэж харж байгаа. Хүний хүнд найрсан хандахын тулд өөрсөндөө, өөртөө эхлээд найрсаг болох учиртай. Хачин нь, бид өөрсдийн амьдрал дээр бий болсон олон найрсаг үзэгдлийг харахгүй буюу харсан ч сөрөг өнцгөөс нь дүгнээд байдаг юм.

Хотын иргэд долоо хоногийн нэг өдөр машинаа унадаггүй. Үүнийгээ дугаарын хязгаарлалт гэж нэрлээд “миний машиныг нэг өдөр унуулахгүй байгаа” өнцгөөс нь хардаг. Гэтэл чиний явах замыг арай чөлөөтэй байлгахын тулд бусад хүмүүс дөрвөн өдөр машинаа унахгүй байгаа талаас нь харвал өөр. Машинтай хүмүүс чамд хичнээн найрсаг хандаж байгааг ухаарч сэтгэл хөнгөрнө.

Улаанбаатарынхан өөрсөндөө ч найрсаг байгаа юм биш. Цагаан сар, шинэ жил, оюутан цугларах цагаар автомашины дугаарыг тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулдаг болсон. Баяр наадмын наймаа хийх, цаг үедээ борлуулалттай бараа татахаар ирсэн хөдөөнийхөндөө боломж олгон хотын хоёр жолооч тутмын нэг нь “явган ” явж байгаа нь найрсаг араншин бус уу?

Хөдөөнийхөндөө найрсаг хандаад зогсохгүй, нийслэлийн худалдаа наймаа эрхэлдэг хэсэгтээ илүү их бараа гүйлгээ хийх, эгзэгтэй үед нь орлогоо нэмэх сайхан боломж олгож байгаа явдал нь бие биедээ найрсаг хандсаны илрэл мөн биз дээ?

Иргэншил суурьшил хүмүүст эрх ашгийн нийтлэг бий болгож, түүнийхээ төлөө хувийн сонирхлоо барих чадвар олгодгийн жишээ юм даа.

Одоо, намар намарт шинээр хотод сургууль соёлын мөр хөөн ирсэн “шинэ Улаанбаатарчууд”аа нийслэлийн соёлд сургах, дагуулж дэлгүүр хэсэхээс эхлээд үзвэр үйлчилгээний дүрэм горимтой танилцуулах аяныг манай залуус хийгээд эхлэх байлгүй. Монгол хүн л юм болсон хойно нэгнийгээ “Чи муу хөдөөнийх, манай хотыг гутааж байна” гэж зэмлэвэл яаралтай хүмүүжихээсээ илүү гөжүүд зан нь хөдөлнө. Харин “Улаанбаатарт тавтай морил” хэмээн халуунаар угтаж, “нүүдэлчин төрхөөсөө салаагүй байгаа нь чиний буруу биш, бид нар ч гэсэн өчигдөрхөн чам шиг л байсан. Харин биднийг дагаад хурдан хотших хэрэгтэй” гэвэл урамтай дагалдах нь лав.

ТӨГСГӨЛ. ХОТЫН НҮҮДЭЛЧИН

Өнгөн талаасаа хотших амархан, зангиа зүүж, хогоо саванд орхиж, шүлсээ хаяхаа болих тийм хэцүү биш. Харин оюун сэтгэлгээнийхээ “хөдөө”-нөөс салах амаргүй.

Нийгэм улс төрийн үзэгдэл дээр үүнийг харах гэж оролдоод үзье. Манайхан асуудлыг орхиж нүүх, зугтаах аргаар л шийддэг нүүдэлчний сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна. Намын даргатайгаа муудалцаад жигүүр фракци байгуулна, шинэ бүлэглэл үүсгэнэ. Айлынхаа хүнтэй муудалцахаараа асуудлыг ярьж шийдэн, аль алиндаа ашигтай хувилбараар шийдэхийн оронд тэмээгээ тууж ирээд ачаалж байгаа нүүдэлчний л араншин шүү дээ.

Шинэ сайд дарга томилогдож ирээд түрүүний томилсон улсыг халж зайлуулж байж санаа амарна. Татар иргэдийг дайлаад тэрэгний дугуйтай чацуулан хяддаг жишээг илүү боловсронгуй шинэ орчинд арай соёлтойгоор давтаж байгаа хэрэг биш гэж үү?

Жижигхэн юман дээр ч харагдана. Монгол хүн цувж яваа бол уралдана, уралдаагүй бол зэрэгцэнэ. Эгнээ барих, сөрөг урсгалд орох гэхчлэнгийн иргэншлийн замд таарах зовлон бэрхшээлээс хээр тал ангид. Эзгүй талыг туулах олон морьтон нэг бол зэрэгцэн хуучилж явна. Ярих юм олдохоо боливол ташуур өгөн ухасхийж уралдах бөлгөө.

Мянга мянган жилийн уламжлалтай аялах зорчих энэ хэв маяг өнөөгийн бидний далд ухамсарт уяастай. Замын уулзварт гэрэл дохио хүлээн зогсох жолооч нарын нүд нь гарааны зурхай дээрх унаач хүүхдийнх шиг гялалзан бусдаас түрүүлж хөдлөх, цаашлаад эгнээнээсээ тасран гарах эрмэлзлээр асна. Гүйцэгдэх, хоцрохын түгшүүр айдас бас тодорно.

Явган зорчигчид нь зэрэгцэн алхаж замын урсгалыг хаана. Хамт яваа хүнтэйгээ зэрэгцэн алхаж байвал тэгш эрхийн мэдрэмж төрөх ба ард нь орчихвол хоцрох, гүйцэгдэхийн хор шар буцална.

Яг үүн шигээ, өчигдөрхөн өмчгүй нийгэмд амьдралын боломжоор тэгширч явсан хүмүүс өнөөгийн бизнесийн орчинд гарсан зааг ялгааг хүлээн зөвшөөрөхөд хүнд байгаа юм. Улс үндэстнээрээ хотших явц үргэлжилсээр…

2015.09.23

Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Хөдөөнийхнөө гайхах хөдөөнийхөн” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ээжүүд бол Монгол Улсын тусгаар тогтнолын дархлаа юм” хэмээн “Өдрийн сурвалжлага” буланд өгүүлсэн байна.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Ихэнх гэр бүлийн ачааны хүндийг эмэгтэйчүүд үүрч явна” хэмээн ярьжээ.

“Баримт, үйл явдал” нүүрээс “Хүү нь хэзээ ч энэ худалч хуулийн өмнө бөхийхгүй. Намайг бөхийнө гэж бодож байвал эндүүрэл” хэмээн өгүүлснийг уншаарай.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Бүлэглэлийн маск хууларчихлаа, одоо шударга шийдвэр гаргахыг ард түмэн хүлээж байна” хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Хөдөөнийхнөө гайхах хөдөөнийхөн” хэмээн нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

М.Нарантуяа: “Өдрийн сонин” манай ресторанд сувдан шигтгээ нэмлээ хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

“Уран бүтээлч” нүүрт Яруу найрагч Б.Болорцэрэн “Анхны номоо ээждээ өргөн барьсан бол “Амьдралын зураг” тоглолтоо аавдаа зориуллаа” хэмээн ярьсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагвагаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 27 төлбөртэй зогсоол ажиллана

ЗурагНийслэлийн авто замын хөгжлийн газраас төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх гэрээг нийт 27 үйлчилгээ эрхлэгчтэй хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд дараах нэр бүхий 27 байршлаас бусад нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй гэсэн үг юм.

Хэрэгжүүлэгч байгууллага

Үйлчилгээ эрхлэгч

Хаяг, байршил

1

НАЗХГ

“Ханбүргэдэй” ХХК

Баянгол дүүргийн 4-р хороо “Ханбүргэдэй”ХХК-ны зүүн талд байрлах нийтийн эдэлбэрийн 465 м2газарт тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

2

НАЗХГ

“Наймтрейд”ХХК

Чингэлтэй дүүрэг 4-р хороо 3 яамны орчимд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

3

НАЗХГ

“Ногоон тэнгис”ХХК

Чингэлтэй дүүрэг 4-р хороо Барилгачдын талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

4

НАЗХГ

“Ялгуулсан” ХХК

СХД-ийн 19-р хороо СХД-ийн ЗДТГын орчимд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

5

НАЗХГ

“Гурван Гал” ХХК

Сүхбаатар дүүргийн 1-р хороо Гурван гал худалдааны төвийн баруун талд тэээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

6

НАЗХГ

иргэн Ш.Баатархуяг

Чингэлтэй дүүрэг 5-р хороо Ялалтын талбайн орчимд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

7

НАЗХГ

гэрээг цуцалсан

иргэн Э.Солонго

Чингэлтэй дүүрэг 4-р хороо ЧД-н ЗДТГ-ын орчимд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол /гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн/

8

НАЗХГ

Хануул дүүрэг 11-р хороо “Noble” хотхоны баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

9

НАЗХГ

“Улаанбаатар зам засвар

арчлалтын газар”

Баянгол дүүргийн 5-р хороо 3-р эмнэлгийн тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

10

НАЗХГ

гэрээг

цуцалсан

“Одод” ХХК

Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө UB MART худалдааны төвийн урд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

11

НАЗХГ

гэрээг цуцалсан

“Халиун төгөл” ХХК

Хануул дүүргийн 15-р хороо Махатма гандин гудамж Галагси тауэрийн тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

12

НАЗХГ

“Бодь цамхаг” ХХК

Чингэлтэй дүүрэг 1-р хороо Жигжиджавын гудамж-3 Бодь Цамхагийн талбайн орчим тээврийн хэрэгслийн төрбөртэй зогсоол

13

НАЗХГ

“Туушин зочид буудал”

ХХК

Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж Туушин зочид буудлын урд талын нийтийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн төрбөртэй зогсоол

14

НАЗХГ

Иргэн А.Баяраа

Сүхбаатар дүүрэг 1-р хороо Замын цагдаагийн талбай орчимд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

15

НАЗХГ

“Акела секьюрити”ХХК

Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Амарын гудамж ,Ард холдинг орчимд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

16

НАЗХГ

“Батсарай”ХХК

СБД 4-р хороо 5-р хороолол ,Улаанбаатар их дэлгүүрийн баруун талын тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

17

НАЗХГ

“Бэрцэцэг” ТББ

ЧД 2-р хороо, Бөмбөгөр худалдааны төв тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

18

НАЗХГ

“Улаанбаатар Синема”

ХХК

ЧД 5-р хороо Тэнгис кино театрын орчим

тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

19

НАЗХГ

Авто тээврийн “Тав” ХХК

СХД -ийн 18-р хороо Авто тээврийн “Тав”-ын зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

20

НАЗХГ

“Хөрс автосервис” ХХК

СХД 29-р хороо Москвагийн гудаиж “Хөрс” төвийн урд талын нийтийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн төрбөртэй зогсоол

21

НАЗХГ

“Гоо мөнх фарм” ХХК

ЧД 3-р хороо “Урт цагаан” үйлчилгээний төвийн баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

22

НАЗХГ

“Эрин Монгол Групп”

ХХК

Хануул дүүрэг 11-р хороо “Noble” хотхоны баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

23

НАЗХГ

“Өсөх дэлгэрэх ирээдүй”

ХХК

ЧД 3-р хороо “Урт цагаан” үйлчилгээний төвийн зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

24

НАЗХГ

“ ДИ ЭЙЧ ТИ ”ХХК

SOLO MALL

Баянгол дүүрэг 13-р хороо Ард аюушийн өргөн чөлөө нийтийн эзэмшлийн зам талбай

25

НАЗХГ

“МАКС ХОТЕЛС” ХХК

ЧД 5-р хороо Ж.Самбуугийн гудамж нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

26

НАЗХГ

“Нийслэлийн Өргөө

амаржих газар”

СБД 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө 1-1 хаягтай нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

27

НАЗХГ

“ИЙСТ ГАРДЕН” ХХК

СБД 5-р хороо Үндсэн хуулийн гудамж -25 ”Дэм” худалдааны төв

Жолооч нар хүснэгтэд байгаа 27 зогсоолоос бусад нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөр төлөхгүй байх эрхтэй бөгөөд хэрэв зөрчил байвал Нийслэлийн авто замын хөгжлийн газрын 11-325385 дугаарын утсанд мэдээлэх боломжтой.

НАЗХГ-аас дээрх 27 байршилд гэрээ дүгнэх шалгалтыг хийж эхэлсэн бөгөөд автомашинуудын хэрхэн байрлуулдаг, замынхаа гулгааг арилгасан эсэх зэргийг шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн тухай мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэв

Зураг

ЗТХЯ, Автотээврийн үндэсний төв (АТҮТ) хамтран бүтээсэн тээврийн хэрэгслийн ашиглалтын талаарх түүхийг нэг дороос харах боломж бүхий “Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан”-г өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Энэхүү сангаас автомашины зам, тээврийн осолд өртсөн байдал болон түүний эвдрэл, гэмтэл, зөрчлийн мэдээлэл, даатгал, татварын мэдээлэл зэргийг авах боломжтой аж. Мөн авто үйлчилгээний байгууллагад санал гомдол гаргах, тээврийн хэрэгслийн сэлбэг хэрэгсэлд хийгдсэн засвар, үйлчилгээ болон худалдан авсан сэлбэг хэрэгсэлдээ баталгаа гаргуулах зэрэг дэлгэрэнгүй түүхийг харах боломж бүрдэж байгаа юм. Энэхүү мэдээллийн сан нь “Үндэсний дата төв” дахь серверт байршиж төрийн цахим мэдээлэл солилцооны системээр дамжуулан ЦЕГ, ТЕГ, ОБЕГ зэрэг байгууллагын мэдээллийн сантай холбогджээ.
Мэдээллийн санг ашиглах хүсэлтэй иргэд www.autobox.mn цахим хуудсанд нэвтрэн тээврийн хэрэгслийн улсын дугаар, арлын дугаарыг оруулж дээрх мэдээллүүдийг авах аж.

Categories
мэдээ улс-төр

Сайд Д.Сумъяабазар Олон улсын уул уурхайн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцлоо

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Олон улсын уул уурхайн сайд нарын 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Торонто хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын хайгуулч, олборлогчдын чуулга уулзалтын үеэр тохиосон уг дээд хэмжээний уулзалтад Перу, ОХУ, Чили, Энэтхэг, Австрали, Канад, Аргентин, Ирланд, Саудын Араб зэрэг 28 орны уул уурхайн асуудал эрхэлсэн сайд нар оролцов.

Ирээдүйн уул уурхайн салбарыг хөгжүүлэх, уул уурхайн эдийн засаг, нийгмийн өсөлтөд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд Засгийн газар, олон нийт, уул уурхайн компаниудын хоорондын “итгэлцэл” чухал болохыг тус уулзалт онцоллоо.

Хайгуул, ашиглалтын салбарт итгэлцэл бий болгох, нэгэнт бий болсон итгэлцлийг хадгалахад Засгийн газрууд, салбарын байгууллагууд, ТББ-ууд болон орон нутгийн иргэд бүгд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр оролцогч талууд уул уурхайн салбарт итгэлцлийг бий болгоход цаг ямагт хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Энэ нь ирээдүйн уул уурхайн салбарыг бүтээх, эрдэс баялгийн арвин нөөцтэй орнуудын эдийн засгийн өсөлтийг хангах түлхүүр болно хэмээн уулзалт оролцогчид санал нэгдлээ.

Мөн Засгийн газар, орон нутгийн иргэд, уул уурхайн компаниудын хоорондын харилцаа буурч, улам бүр бэрхшээлтэй болж байгаа тухай онцлон дурдсан. Үл итгэлцэл нь хөрөнгө оруулалтад хамгийн том саад болж байгааг ухамсарлаж, итгэлцэл, нийтлэг зорилгод үндэслэсэн хамтын ажиллагааны шинэ загварыг бий болгох хэрэгцээ, шаардлага байгааг уулзалтад оролцогчид хүлээн зөвшөөрлөө.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын Торонтод хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна.