Categories
мэдээ спорт

Ювентус шилдэг наймд шалгарлаа

Аваргуудын лигийн шөвгийн 16-ын хариу тоглолтууд өнгөрсөн шөнө болж өндөрлөлөө.Эхний тоглолтод Ювентусын талбайд зочилж 2:2-оор тэнцээд байсан Тотенхем “Уэмбли” цэнгэлдэхдээ хүлээн авч 2:1-ээр ялагдаж аваргуудын лигийг орхилоо.

Тоглолтын эхний гоолыг өнөө цагийн Ази тивийн шилдэг хөлбөмбөгч Сон Хён Мин Кристиан Эриксоны дамжуулалтаар оруулжээ. Эхний үед өөр гоол ороогүй бөгөөд шийдвэрлэх хоёрдугаар үеийн 64 дэх минутанд Сами Хедирагийн дамжуулалтаар Гонзала Игиун гоолдож тоглолтын тооны харьцааг тэнцүүлжээ. Тоог тэнцүүлсэн тэд үүнээс гурван минутын дараа Аргентин довтлогч Пауло Дибала гоолоор тэргүүлж эхэлсэн юм .Энэ цагаас хойш Ювентус нягт хамгаалсан тоглолт үзүүлж хожил авснаар аваргуудын лигийн шилдэгнаймд шалгарсан.

Энэ өдөр Английн Манчестер сити Швейцарийн Базель клубийг талбайдаа хүлээн авч 2:1-ээр ялагдсан ч тэмцээнээ үргэлжлүүлэхээр боллоо. Учир нь тэд хоёр долоо хоногийн өмнө явагдсан тоглолтод 4:0-ээр илүүрхсэн юм. Хариу тоглолтын эхний үеийн 9 дэх минутанд Габриел Жесус гоол оруулж Манчестер тэргүүлж байсанч Базелаас 17 дахь минутанд Элиуносси гоол оруулж тооны харьцааг тэнцүүлжээ. Харин шийдвэрлэх хоёрдугаар үеийн 71 дэх минутанд Лэн гоол оруулж багтаа хожил авчирсан юм.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэтийн овоо”-ны хүдэр, эрдсийн нөлөөллийг судлах ажлыг эхлүүлжээ

Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн хувирал, эрдсийн найрлагын хэв шинжийг нарийвчлан тогтоож, эдгээр эрдсийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа дахь нөлөөллийг судлах ажлыг Хан лаб, Минекско компани, ШУТИС-ийн судалгааны баг хамтран эхлүүлжээ. Өнгөрсөн оны сүүлээр эхэлсэн тус судалгаа нь “Эрдэнэтийн овоо ордын гео металлург ба хүдрийн хувирал, эрдсийн найрлага процесст үзүүлэх нөлөө” сэдвийн дор гүйцэтгэж байгаа аж. Уг судалгааг хийж буй Минекско компани нь уул уурхайн зөвлөн туслах үйлчилгээ эрхэлдэг бол Ханлаб компани эрдэс судлалын үйл ажиллагаа явуулдаг юм.

Судалгааны багийнхан өнгөрсөн долоо хоногт Эрдэнэтийн овооны эрдсийн найрлага, хүдрийн хувирлын талаарх судалгааны явцын үр дүн, ерөнхий байдлыг танилцуулсан байна. Уг судалгааны ажилд Геологи уул уурхайн сургуулийн ашигт малтмал баяжуулалтын профессорын баг оролцож, мэргэжлийн дүгнэлт өгч буйг энэ үеэр онцоллоо. Танилцуулгыг Үйлдвэрлэлийн хэлтэс, Лаборатори судалгааны төв, Геологи маркшейдерийн хэлтэс зэрэг холбогдох цех хэлтсүүдийн төлөөлөл сонсож, санал солилцов. Хэлэлцүүлгийн үеэр гарсан санал шүүмжийг тайландаа тусгаж, судалгааны дүн мэдээллийг боловсруулах явцыг эрчимжүүлж ажиллахыг судалгааны хамтарсан багийнханд чиглэл болгожээ.

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүллээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага өнөөдөр /2018.03.07/ УИХ-ын Тамгын газрын ажилтнууд болон тус газарт ажиллаж байгаад гавьяаны амралтад гарсан эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нээж хэлсэн үгэндээ, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхийн олон оронд 110 дахь жилдээ өргөн дэлгэр, хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байна. Айл гэр өнгөтэй гэрэлтэй, сайн сайхан байх нь эмэгтэйчүүдээс хамаардагтай нэгэн адил байгууллагын дотор ч та бүгдийн маань үүрэг, оролцоо өндөр байдаг билээ гээд ажлын амжилт, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөлөө гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

“Нэг тэрбумаараа тэмцье” тайван жагсаал болов

ЗурагОлон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Нэг тэрбумаараа тэмцье” тайван жагсаал Сүхбаатарын талбайд боллоо.

Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилго бүхий энэхүү жагсаалыг “Хөөрхөн зүрхтнүүдийн аян”, “Лантуун дохио” ТББ болон “Гүнж” төв хамтран зохиосон юм. Мөн жагсаалд ХСИС, АШУҮИС-ийн оюутнууд оролцлоо.

Дэлхийн долоон тэрбум хүн амын гурван тэрбум нь эмэгтэйчүүд байдаг аж. НҮБ-аас гаргасан судалгаагаар гурав эмэтэй тутмын нэг нь туршид ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртдөг нь тогтоогдсон байна. Тиймээс хүчирхийлэлд өртөж буй нэг тэрбум эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр жил бүрийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр дэлхийн өнцөг булан бүрт энэхүү жагсаалыг зохион байгуулдаг байна. Харин Монгол Улсын тухайд таван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргажээ. Тиймээс жагсаал зохион байгуулагчид гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хууль эрхзүйн орчныг сайжруулах, гэрч, хохирогчдыг хамгаалах боломжийг бүрдүүлэхийг төр, засаг болон хууль хяналтын байгууллагуудаас шаардаж буй юм.

Categories
мэдээ нийгэм

90-106 настай есөн бахархалт ээжид хүндэтгэл үзүүлэв

Зураг

Нийслэлийн есөн дүүргийн 90-106 настай есөн бахархалт ээжид хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг өнөөдөр “Кёкүшюзан хөгжил сан”-гаас хийлээ. Энэ үеэр тус сангийн тэргүүн Д.Кёкүшюзан Батбаяр, МУГЖ Т.Баясгалан нар ээжүүдэд баяр хүргэж, гарын бэлэг гардуулсан юм.

“Кёкүшюзан хөгжил сан” үүсэн байгуулагдсан цагаасаа нийгмийн сайн сайханд чиглэсэн олон арван ажлуудыг санаачлан бодит ажил болгон хийж хэрэгжүүлсээр ирсэн билээ. Тухайлбал жил бүрийн сарын шинийн битүүний өдрөөр цагаан сарын барилдаанд амжилттай барилдсан ахмад бөхчүүддээ өргөө цагаан гэр бэлэглэж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд энэхүү хүндтэй шагналын эзнээр Говь-Алтай аймгийн харьяат Монгол Улсын начин, МУГЖ С.Эрхэмбаяр тодорч, сангийн тэргүүн Д.Кёкүшюзан Батбаяр таван ханатай өргөө цагаан гэрийг гардуулсан юм.

Үүний зэрэгцээ “Кёкүшюзан хөгжил сан”-гаас олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан жил бүрийн энэ өдөр улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эгэл жирийн ээжүүдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоод удаж байна. Энэ жилийн тухайд нийслэлийн есөн дүүргийн 90-106 настай есөн бахархалт ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтад Налайх дүүргийн иргэн 90 настай Х.Цэрэннадмид, ХУД-ийн иргэн 96 настай С.Бүжин, Чингэлтэй дүүргийн иргэн 106 настай Б.Ундаа, СБД-ийн иргэн 95 настай Д.Бадамжав, Багахангай дүүргийн иргэн 90 настай Д.Аюуш, Багануур дүүргийн иргэн 100 настай С.Цэндээ, БГД-ийн иргэн 95 настай Ц.Рэгзэдмаа, БЗД-ийн иргэн 93 настай Ч.Бужаа, СХД-ийн дүүргийн иргэн 97 настай Б.Нордов нар уригдан оролцлоо.

Энэ үеэр Д.Кёкүшюзан Батбаяр “Жил бүр “Кёкүшюзан хөгжил сан” Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өндөр настай ээжүүдийг хүлээн авч баярлуулдаг. Энэ мөн миний төрсөн өдөр тохиодог учир буянт буурай, сайхан ээжүүдтэйгээ хамт тэмдэглэж байгаадаа маш их баяртай байна. Урт насалж удаан жаргахыг ерөөж байна“ гэлээ.

МУГЖ, дуучин Т.Баясгалан “Миний хань энэ баярын өдөр Монголын олон олон сайхан хүмүүсээс ирсэн шүлгийг дээжлэн хэвлүүлсэн “Ханьдаа” номоо надад бэлэглэж, энгэрт минь тэврүүллээ. Үүнээс илүү сайхан бэлэг юм байх билээ. Ханийн минь сэтгэсэн, зарласан уралдаанд шүлгээ ирүүлсэн бүх хүмүүст баярлаж байна. Мөн өнөөдөр ханийнхаа төрсөн өдөр энэ сайхан буурай ээжүүдийг баярлуулж байгаад маш баяртай байна. Ерөөл багаддаг юм байна гэдгийг өнөөдөр ойлголоо. 100 насалж, зургаадай таяг тулаарай гэсэн ерөөл байдаг. Гэтэл 100 илүү насалсан буянтай буурайнуудад энэ ерөөл багаддаг юм байна. Тийм учраас Монголынхоо бүх ээжүүдэд мөнх наслаарай хэмээн ерөөж байна” гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Олон улсын уул уурхайн сайд нарын 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад сайд Д.Сумъяабазар оролцов

ЗурагОлон улсын уул уурхайн
сайд нарын 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар
оролцлоо.

Торонто хотноо болж буй Олон улсын хайгуулч,
олборлогчдын чуулга уулзалтын үеэр тохиосон уг дээд хэмжээний уулзалтад Перу,
ОХУ, Чили, Энэтхэг, Австрали, Канад, Аргентин, Ирланд, Саудын Араб зэрэг 28
орны уул уурхайн асуудал эрхэлсэн сайд нар оролцов. Ирээдүйн уул уурхайн салбарыг хөгжүүлэх, уул уурхайн эдийн
засаг, нийгмийн өсөлтөд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд Засгийн газар, олон
нийт, уул уурхайн компаниудын хоорондын “итгэлцэл” чухал болохыг тус уулзалт
онцоллоо.

Хайгуул, ашиглалтын салбарт итгэлцэл бий болгох, нэгэнт бий
болсон итгэлцлийг хадгалахад Засгийн газрууд, салбарын байгууллагууд, ТББ-ууд
болон орон нутгийн иргэд бүгд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр оролцогч талууд
уул уурхайн салбарт итгэлцлийг бий болгоход цаг ямагт хамтран ажиллах хүсэл
эрмэлзэлтэй байх ёстой. Энэ нь ирээдүйн уул уурхайн салбарыг бүтээх, эрдэс
баялгийн арвин нөөцтэй орнуудын эдийн засгийн өсөлтийг хангах түлхүүр болно
хэмээн уулзалт оролцогчид санал нэгдлээ.

Мөн Засгийн газар, орон нутгийн иргэд, уул уурхайн
компаниудын хоорондын харилцаа буурч, улам бүр бэрхшээлтэй болж байгаа тухай
онцлон дурдсан. Үл итгэлцэл нь хөрөнгө оруулалтад хамгийн том саад болж байгааг
ухамсарлаж, итгэлцэл, нийтлэг зорилгод үндэслэсэн хамтын ажиллагааны шинэ
загварыг бий болгох хэрэгцээ, шаардлага байгааг уулзалтад оролцогчид хүлээн
зөвшөөрлөө.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын Торонтод
хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Эмэгтэйчүүд хагас нүцгэн цуглаан хийлээ

Зураг

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх Ээжүүдийн холбооноос “Бидэнд баярлах шалтгаан алга-2” хагас нүцгэн цуглааныг Сүхбаатарын талбайд хийлээ.

Энэхүү цуглаанаар гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн хүнд хөдөлмөр эрхлэлт, мөнгө хүүлэлт зэргийг таслан зогсоохыг төр засаг болон холбогдох байгууллагуудаас шаардаж буй юм. Монгол улсад, ажилгүйдэл, ядуурал газар авч байгаа энэ цаг үед эмэгтэйчүүдэд баярлах шалтгаан байхгүй хэмээн цуглаанд оролцогчид дурьдаж байлаа. Гэр бүлийн хүчирхийллийг зогоож, ажилгүйдэл, ядуурлыг арилгах хүртэл энэхүү цуглааныг жил бүр зохион байгуулах аж.

Мөн цуглааны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амиа алдсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийн гэгээн дурсгалд зориулж өнөөдөр 20.00 цагт Сүхбаатарын талбайд зул өргөх ёслол зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Categories
мэдээ спорт

Милуакигийн бугануудад асуудал их байна

disappointed GIANNIS зурган илэрцүүд

Милуаки Баксын Визконсин аринад Хьюстон Рокетсчууд зочлон ирлээ. Тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй, хурдтай явагдаж эхний үед 24-22-ийн харьцаатай Хьюстон Рокетсчууд илүүрхэв. Хоёрдугаар үед пуужингууд эсрэг багаасаа арван оноо илүү авч эхний хагасыг 12 онооны илүүрхлээр дуусгасан юм. Харин гурав, дөрөвдүгээр үед хоёр баг тэнцүү өрсөлдлөө. Тоглолтод 110-99-ийн харьцаатай Хьюстон Рокетс хожив.

Милуаки Баксын хожигдсон шалтгааныг дурьдвал

Хоёр багийн сэлгээний багуудын чадал, чансаа зөрүүтэй байсан нь хоёрдугаар үеийн онооны харьцаа харуулж байна. Мөн сэлгээний холбогчид болох Мэть Дэливадова, Малколм Брогдон нарын орон зай дутагдаж байлаа. Холбогчын байрлалд Крис Полыг тоглолтноос гаргах чадамжтай тоглогчид нь тоглоогүй харин Эрик Блэдсогийн довтолгооны хувь тааруу байж тусыг эс хүргэв. Бугануудаас дөрөвдүгээр үед тоглолтыг нуруун дээрээ үүрэх ганц хүн нь Гианнис Антэтокумпо л байна. Ачааллыг нь үүрэлцэх тоглогчид нь хангалттай тоглож чадахгүй байгаа нь Жэйсон Кидээс хойш учираа олоогүй явааг харуулж байна гэж зарим аналистууд үзэж байна.

Тоглолтын статистик үзүүлэлт

Оноо

Бакс-Гианнис Антэтокумпо -30

Рокетс-Жэймс Хардэн-26

Самбараас бөмбөг авалт

Бакс-Крис Миддлэтон-12

Рокетс-Клинт Капэло-8

Оновчтой дамжуулалт

Бакс- Крис Миддлэтон-5

Рокетс-Крис Пол-11

Хаалт

Бакс-Гианнис Антэтокумпо-2

Рокетс-таван тоглогч нэг хаалт

Бөмбөг таслалт

Бакс- Крис Миддлэтон-3

Рокетс- Жэймс Хардэн-4

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ улс-төр

Ш.Анхмаа: Дэлхийн хотууд нийгмийн салбараа эмэгтэйчүүдээр удирдуулснаар бодит үр дүн хүрдэг

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаатай ярилцлаа.


-Нийгмийн салбарыг эмэгтэй хүн удирдахын давуу тал нь юу вэ? Жишээлбэл, УИХ-д эмэгтэйчүүд олноороо сонгогдсоноор парламентад боловсрол, эрүүл мэндийн төсөв хангалттай тавигдлаа гэж сайшааж байсан. Үүний адил амьдрал дээр бодитоор илэрч буй үр дүн нь юу вэ?

-Дэлхийн ихэнх хотын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга нар нь эмэгтэй байдаг. Нийгмийн салбар бүтээн байгуулалт гэхээсээ илүү чимхлүүр ажил ихтэй. Эмэгтэй хүний байгалиас өгөгдсөн зан чанар гэх үү, асуудалд жижиг гэлтгүй тууштай, няхуур нямбай хандаж улмаар том зүйлийн шийдлийг олдог чанар нь магадгүй дэлхийн том хотуудад ч нийгмийн салбарыг бүсгүй хүнээр удирдуулах шалтгаан болдог болов уу. Айл гэрийн нэгэн багана болж, амьдралын хамгийн эн тэргүүний болоод нарийн нандин асуудлуудыг үүрч явдгийн хувьд эмэгтэй хүн улс орон, хотыг удирдахад ч оролцож, хувь нэмрээ оруулах нь чухал гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдгийн нэг илрэл гэж бодож байна. УИХ, НИТХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдсэний дүнд нийгмийн салбарт чиглэсэн хөрөнгө оруулалт өмнө байгаагүйгээр нэмэгдэж, эмэгтэйчүүд, хүүхэд хамгааллын асуудалтай холбоотой хууль эрх зүйн томоохон өөрчлөлтүүд хийгдээд байгаа нь бас нэг бодит жишээ.

-Нийслэлээс сонгогдсон эмэгтэй төлөөлөгчид нам харгалзахгүй хамтарч, нягтарч чадаж байна уу?

-НИТХ-ын эмэгтэй 10 төлөөлөгч бид хамтарч, хотынхоо хөгжлийн төлөө зорилго нэгдэн ажиллаж байна. НИТХ-ын төлөөлөгч бүсгүйчүүд маань нийгмийн асуудалд санал санаачлагаа уралдуулан оролцдог учраас надад их дэм болдог оо.

-НИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч, гэрийн эзэгтэй, ээж хүний ажлын ачаалал их байгаа. Хотын ажил дундрашгүй. Төрийн болон гэрийн ажлаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Төрийн албаныхан дарга, цэрэг гэлтгүй бүгд л ард түмний өмнө өндөр үүрэг хариуцлага хүлээсэн хүмүүс. Нэгэнт зориод ажиллаж байгаагийн хувьд ачааллаа тэнцвэржүүлээд, ажлаа оновчтой төлөвлөхийг эрхэмлэдэг. 2016-2017 онд хотын удирдлагын баг ирэх жилүүдэд хийх ажлынхаа суурийг цутгасан учраас харьцангуй ачаалалтай байсан. Одоо харин төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлж, эхнээсээ үр дүн нь гарч байгааг харахад баяртай байна.

-Гадны зочид төлөөлөгчидтэй байнга уулзах, Төрийн ордонд үе үе дуудагдах, хурал семинартаа суух, индэр дээр гарч үг хэлэх, иргэдийн аж амьдрал, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах, сурвалжлагчид байцаагдах гэх мэтээр олны өмнө гарах шаардлага их. Эмэгтэй хүн учраас өөрийгөө болон бусдыг хүндэтгэж, албаныхаа нэрийг бодож гоё сайхан харагдах шаардлагатай. Хотын захиргааны ажил 8.30-д эхлэх ёстой. Гэрийн эзэгтэйн ажлаа хийгээд гоёж гоодоод гарахад ажилдаа амжиж очих уу?

-Амжуулна шүү дээ. Өөрийн тань хэлдэг үнэн. Эрчүүдээс ялгаатай бөгөөд хэцүү нь өөрийн чинь хэлж байгаа зүйл. Хүүхэд төрүүлж өсгөөд ажил хөдөлмөр эрхлээд карьераа ахиулна гэдэг эмэгтэй хүний хувьд багагүй сорилт байдаг.

Түрүүн та жендерийн асуудлаа хотод хариуцдаг талаараа дурдсан. Энэ чиглэлээрээ юу хийв, цаашид юу хийх вэ гэдгээр ярилцлагаа үргэлжлүүлье?

-Нийслэлийн зүгээс жендерийн асуудалд анхаарал хандуулах шаардлага байгаа гэдгийг өнөөдрийн нийгмийн амьдрал харуулж байна. Би нийслэлийн жендерийн салбар хороог удирдаж байгаагийн хувиар бас эмэгтэй хүнийхээ хувиар асуудалд нухацтай хандахыг зорьж байгаа. Жендерийн асуудлын цаана гэр бүл, хүүхдийн асуудал яригддаг. Тухайлбал, хүчирхийлэлд өртөж байгаа эхийн цаана хүчирхийллийн эрсдэлд байгаа хүүхдийн асуудал байдаг. Өөрийгөө хамгаалж чадахгүй байгаа эх хүн хүүхдээ яаж хамгаалах билээ гэдгээс эхлээд санаа тавих шаардлагатай зүйл олон. Жендерийн тэгш байдлын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гарсан. Хуулиудыг дагаад холбогдох дүрэм журмууд гарсан. Эдгээрийн хэрэгжилт сайжирч, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа ч идэвхижсэн.

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудалд нийслэлийн Цагдаагийн газар, Гэмт хэрэгтэй тэмцэх газрын үйл ажиллагаа сайжирч, уялдаа холбоотой ажиллаж эхэлсэн. Ингэснээр зөрчил гарсных нь дараа биш гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж эхлүүллээ.

Мөн НИТХ-ын төлөөлөгч, Жендерийн Үндэсний хорооны нийслэл дэх салбар хорооны даргын хувьд “Хүүхэд нэг бүрийн төлөө” уриалга гарган, нийслэлийн харьяа агентлаг, байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ уриалгын дагуу гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудад хүүхэд хамгааллын ажилд нэлээн ахиц гарсан.

Улаанбаатарт гурван ээлжээр хичээллэж байгаа 20 сургууль байдаг. Өвлийн улиралд хичээл 19, 20 цагт тарахад гаднаа гэрэлтүүлэггүй байдаг. Хүүхэд сургуулиас гараад явахад зам дээр хурд сааруулагч, гэрлэн дохио байдаггүй. Энэ асуудлуудыг шийдвэрлэж байгаа. Ангийн багш хүлээж байгаад хүүхдийг эцэг, эхийн гарт нь хүлээлгэж өгдөг хариуцлагын тогтолцоотой болж байна. Хүйтний улиралд гуравдугаар ээлжийн хичээл тарахад сургуулийн дэргэд нийтийн тээврийн автобус хүлээж байгаад суулгадаг зохион байгуулалт энэ сургуулиудад нэвтрээд байгаа.

Түүнчлэн уриалгын дагуу Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зөвшөөрөлгүй, стандарт хангаагүй зочид буудлуудыг хаах хүртэл арга хэмжээ авсан. Одоо бид PC тоглоомын газруудад шалгалт хийх ажлыг эхлүүлээд байна. Цаашид эдгээр газар байх шаардлагатай юу, үгүй юу гэдгийг ч эргэж харах болно.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудыг чадавхижуулах ажлыг эрчимжүүлнэ. Хүүхэд бие махбодийн хүчирхийллээс гадна сэтгэл санааны хувьд багш сурган хүмүүжүүлэгч, албан хаагчид болон анги хамт олон, бусад суралцагчдын зүгээс хүчирхийлэлд өртөх тохиолдлууд гардаг. Хүчирхийллийг илрүүлж, таслан зогсоох тал дээр арга хэмжээ авч ажиллах хүн нь нийгмийн ажилтан юм. Салбарын яаман дээр байгуулагдсан ажлын хэсгийн зүгээс нийгмийн ажилтны статусыг нэмэгдүүлж, тэднийг чадавхижуулснаар хүчирхийллийг бууруулахад онцгой нөлөө үзүүлнэ гэж бодож байна.

-Гэртээ хүүхдээ өсгөөд, ар гэрийнхээ бүх ажлыг хариуцаад явж байгаа мянга мянган бүсгүйчүүд бий. Гэтэл тэдний хөдөлмөрийг нөхөр нь, садан төрөл нь, хадмууд нь ойлгохгүй, үнэлэхгүй, мэдрэхгүй гомдоох нь бий. Хүмүүсийн энэ хандлагыг яаж өөрчлөх вэ?

-Тиймээ, эмэгтэйчүүд бид ийм бэрхшээлтэй багагүй тулгардаг. Хүмүүсийн ийм хандлагыг өөрчлөх нэгэн хүчин зүйл бол урлагаар дамжуулж хүмүүсийн сэтгэлгээнд нөлөөлөх юм. Ялангуяа хошин болон кино урлаг манай өнөөгийн нийгэмд чухал нөлөөтэй хэвээрээ байна. Хошин урлагийн тоглолт үзээд бид өөрсдийгөө толинд харж байгаа юм шиг инээлддэг. Энэ урлаг өөрөө ихэс дээдэс, төр засгийн бурангуй дэглэмийг шүүмжилсэн харц ардын тоглолтоос үүссэн шүү дээ. Монголд яагаад сонгодог урлагийг массаараа сонирхохгүй хошин урлагт татагдаад байна вэ. Энэ бол өөрсдийн дүр төрхөө хошин урлагаас харж тольдож байгаагаас хамааралтай. Кино урлаг ч мөн адил. Бид өнгөрсөн жилээс Улаанбаатарын кино наадмыг зохион байгуулж байгаа. Урлаг, спорт, олныг хамарсан соёлын арга хэмжээ Улаанбаатарын иргэдэд маш эерэг нөлөөтэй. Томчууд байтугай хүүхдүүд цахим орчны нөлөөнд автсан энэ үед хүүхдийг урлаг, спортоор хичээллэх боломжийг илүүтэйгээр нээх хэрэгцээ байна. Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвд секц, дугуйлангууд ажиллаж байна. Есөн дүүргийн соёлын төв, спорт цогцолборын асуудлыг шийдвэрлэснээр хүүхдүүдэд чөлөөт цагаараа урлаг, спортоор хичээллэн өнгөрүүлж, хөгжих илүү боломж нээгдэж байгаа. Бид нийслэлийн 2018 оны төсөвт Сонгинохайрхан дүүргийн номын санг засварлаж, орчин үеийн уншлагын танхимтай болгох, мөн Хан-Уул дүүргийн соёлын төвд уншлагын танхимыг нээх ажлуудыг төлөвлөсөн. Бидний үеийнхэн дэлхийн сонгодог зохиолуудыг уншиж хүмүүжсэн. Өнөөдөр хүүхдүүд мессежний хэллэгээр кирилл, латин хольж, алдаатай бичдэг болж байгаад олон эцэг, эх санаа зовж байна шүү дээ. Мөн бид хүүхдийн сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх чиглэлээр шатрын дугуйлангуудыг дэмжиж, “Их нүүдэл” уралдааны цар хүрээ жилээс жилд өргөжиж байна. Цэцэрлэгийн хүүхдийг бие бялдрыг эрүүл чийрэг болгоход чиглэсэн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн, сагсан бөмбөг болон гар бөмбөгийн лигийн тэмцээн гэх мэт тэмцээн уралдаануудыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлж, уламжлал болгон зохион байгуулж байна гэх мэтчилэн яривал нийгэмд нөлөөгөө өгч буй олон ажил бий.

-Өнгөрсөн онд төсөв санхүүгийн байдлаас шалтгаалаад нийгмийн салбарт шаардлагатай хэмжээнийхөрөнгө оруулж чадаагүй. Харин энэ онд нийслэлийн бүх сургуулийг хоёр ээлжээр хичээллүүлэх хэмжээнд сургууль барьж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмнэ гэж байна. Та хариуцсан чиглэлээрээ манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

-2018 он бол нийслэлийн боловсролын салбарын бүтээн байгуулалтын жил гэж хэлэхэд болно. Өнөөдрийн байдлаар нийслэлд гурван ээлжээр хичээллэж байгаа 20 сургууль байна. Цэцэрлэгийн хүртээмж 77.6 хувьтай байгаа нь энэ салбарт хөрөнгө оруулалт шаардлагатай гэдгийг харуулж байна. Энэ ч утгаараа улсын төсвийн хөрөнгө оруулалттай 50 цэцэрлэгийг шинээр барих буюу өргөтгөж, 34 сургуулийн барилгыг барьж, өргөтгөнө.

Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 22 цэцэрлэг, есөн сургууль барих шийдвэр гаргасан. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургуулийн барилгын ажил энэ жил эхэлнэ. Японы Жайкагийн буцалтгүй тусламжаар хоёр сургуулийн шинэ барилга, хоёр сургуулийн өргөтгөлийг гүйцэтгэнэ.

-Нийслэлд одоо хамгийн тулгамдаж байгаа асуудлын нэг хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж. Энэ тал дээр ямар ахиц байгаа вэ? Цаашид яаж шийдэгдэх вэ?

-2016-2017 оны хичээлийн жилд 45 мянга гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй. Энэ тоог бууруулахын тулд цэцэрлэгийн барилгыг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгийн сул орон тоог ашиглан 3087 хүүхдийг цэцэрлэгт хамруулах зэрэг хэд хэдэн ажлыг зохион байгуулж, шинээр хийсэн. Үүний үр дүнд өнөөдөр сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй хүүхдийн тоог 15 мянгаар буурууллаа.

2017-2018 оны хичээлийн жилд хэрэгжүүлсэн томоохон ажил бол цэцэрлэгийн хүүхэд элсүүлэх цахим бүртгэл юм. Цахим бүртгэлийг хийж, цэцэрлэгт элсэх хүүхдийн сонгохдоо өрх толгойлсон эх, эцэгтэй хүүхдийг нийслэлийн цэцэрлэгүүд нийт элсэлтийнхээ 10 хувийн квотоор элсүүлэх ажлыг зохион байгуулсан. Хүүхэд нь цэцэрлэгт явснаар эцэг, эх нь ажил хөдөлмөр эрхэлж, амьжиргаагаа дээшлүүлэх боломж нь нэмэгдэж байгаа. Түүнээс гадна эмэгтэйчүүдийг аль болох хүүхдээ асрангаа ажиллах боломжийг бүрдүүлэх нь чухал гэж үзэж байна. Цаашид гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдэд гэрээрээ ажил хөдөлмөр эрхэлж, орлоготой болох боломжийг нэмэгдүүлэх талаар дорвитой арга хэмжээ авах шаардлага байна.

-Эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалтын талаар дурдвал...

-2018 оныг Өрхийн эрүүл мэндийн төвийг дэмжих жил болгон зарласан. Учир нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн ойрхон нэгж шүү дээ. Нийслэлийн хэмжээнд 2021 он гэхэд 20 өрхийн эрүүл мэндийн төв, нэг геомодиалезын төв баригдах юм.

Мөн эрүүл мэндийн салбарт 2.1 тэрбум төгрөгийг өрхийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зарцуулна. Засварын ажилд 2.7 тэрбум төгрөгийг төлөвлөж байгаа. Өмнө нь өрхийн эмнэлэгт ийм хэмжээний хөрөнгө оруулсан тохиолдол байхгүй. Өнгөрсөн жил гурван дүүрэгт гэмтэл, мэс заслын тасаг байгуулсан. Энэ жил бусад дүүрэгт үргэлжлээд хэрэгжих болно. Мөн Туул тосгоны эрүүл мэндийн төвийг бариулахаар нийслэлийн төсөвт тусгуулсан. Улсын төсвөөр 2-3 дүүргийн эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчлэх ажил явагдаж байгаа.

-Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн эмнэлэг барихаар болсон. Хэзээ хүлээж авах вэ?

-Сонгинохайрхан дүүрэг олон улсын стандартад нийцсэн жишигт Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэгтэй болох юм. Энэ нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хөрөнгө нь шийдэгдээд, хэрэгжиж эхэлсэн. 2019 онд ажил нь дуусч, ашиглалтад хүлээж авна. Үүнээс гадна нийслэлд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийслэлийн өрхийн 10 эмнэлгийн барилгыг шинээр барина. Мөн Турк улсын Станбул хотын буцалтгүй тусламжаар 10 өрхийн эмнэлэг баригдах юм.

Categories
мэдээ нийгэм

Хоёр Солонгосын уулзалтын талаар ГХЯ-наас мэдэгдэл гаргажээ

гхя зурган илэрцүүд

БНСУ-ын тусгай элч тэргүүтэй төлөөлөгчдийг БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга хүлээн авч уулзсантай холбогдуулан Монгол Улсын ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний тусгай элч тэргүүтэй төлөөлөгчдийг Солонгосын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жон Ын энэ оны гуравдугаар сарын 5-нд хүлээн авч уулзан Солонгос хоорондын дээд түвшний уулзалт хийхээр тохирсныг Монгол Улс талархан хүлээн авч байна. Солонгос хоорондын дээд түвшний уулзалт нь Солонгосын хойгт итгэлцлийг бэхжүүлэх, улмаар Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.