Categories
гадаад мэдээ

Ким Чен Ун, Трамптай уулзах санал тавьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дайсагнасан харилцаатай байгаа Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзахаар тохиролцсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Энэ талаар Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чун Юй Ён хэвлэлийнхэнд мэдэгдэв.

Тэрбээр энэ долоо хоногийн эхээр албаны хүмүүсийн хамтаар Пхеньянд очиж, Ким Чен Унтай уулзсан билээ.

Чун Юй Ён өчигдөр Вашингтонд очиж, Трамптай уулзах үеэрээ Ким Чен Уны бичсэн нууц захиаг дамжуулсан гэнэ.

Уг захианд хоёр улсын удирдагчийн уулзалтын талаар бичсэн байсан талаар гэрчүүд өгүүлэв.

Ким Чен Ун Сөүлийн талынхныг хүлээн авах үедээ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ойрын хугацаанд уулзаж, олон асуудлын талаар ярих хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Лавлагаа, мэдээллийг сайжруулах, цахимжуулах ажлын хэсэг хуралдлаа

Энэ жилийг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Жилийн хүрээнд олон ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд тодорхой үүрэг чиглэл бүхий ажлын хэсгүүд байгуулагдсан. Ялангуяа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр онцгойлон анхаарч ажлын хэсгүүд байгуулсан байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны А/17 дугаар тушаалаар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээний шат дамжлагыг судлах, үйлчилгээний процессыг дахин загварчлах, цахимжуулах нөхцөлийг бүрдүүлэх” үүрэг бүхий Дэд ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн хурал нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд болж, нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон ажлын хэсгийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Хуралдаанаар нийслэлээс үзүүлж буй үйлчилгээний талаарх лавлагаа, мэдээллийг сайжруулах, цахимжуулах ажлыг судлах, ажлын даалгавар боловсруулах, иргэдийн өргөдөл, санал хүсэлт, гомдол шийдвэрлэлтийн үйл явцыг хурдасгах боломж зэрэг олон асуудал хэлэлцэж, санал солилцлоо гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Францын Реннес хотын орлогч дарга Шарлот Маршандизыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Францын Реннес хотын орлогч дарга Шарлот Маршандизыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга О.Баяр, Санте Сюд Монгол ТГ-ын тэргүүн, төслийн зохицуулагч Ц.Бөхөө, Санте Сюд Монгол ТГ-ын хөгжил хариуцсан ажилтан Л.Чанцалням болон бусад албаныхан оролцов. Албаныхан Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулахад эрүүл мэндийн салбарын оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж болох шинэ төсөл, нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах боломжийн талаар харилцан санал солилцсон юм.

Энэ үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар зэрэг холбогдох байгууллагын удирдлагууд нийслэлд хэрэгжүүлж буй эрүүл мэндийн чиглэлийн төсөл хөтөлбөрөөс танилцуулсан. Харин хатагтай Шарлот Маршандиз Улаанбаатар хотод өмнө нь хэрэгжүүлсэн “Эх баригчдын мэргэжил, ур чадварыг бэхжүүлэх” төслийн үр дүнгийн талаар товч танилцуулга хийлээ. Тус уулзалтад Дэлхийн банк, Эрүүл хотуудын сүлжээ байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага UNICEF зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн талаар саналаа хэлсэн. Талууд цаашид агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх болон бууруулах чиглэлээр хамтарсан төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар мөн ярилцлаа. Төслийг хэрэгжүүлэхдээ олон нийтийн оролцоог хангах, шинэлэг арга барилыг нэвтрүүлэх бөгөөд Улаанбаатар хотын аль нэг дүүргийн хороог сонгон авч, нийслэлийн эко хороо болгох зорилготой байгаа юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“ITB Berlin 2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн эхэллээ

ХБНГУ-ын Берлин хотноо “Аи Ти Би Берлин” 2018 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 52 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр, Үндэсний аялал жуулчлалын байгууллагын тэргүүн Б.Индра нараар ахлуулсан албаны төлөөллүүд оролцлоо.

МИАТ ХК, Ger to ger, Great Genghis and Expedition, Tsolmon Travel, Juulchin Tourism Corporation, Juulchin World Tours, Nature Tours, A Star Mongolia, AB Travel зэрэг хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл Монгол Улсаа болон нийслэл хотын аялал жуулчлалыг сурталчлан тус үзэсгэлэнд оролцож байна. Дэлхийн томоохон аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын эзлэх байр суурийг баталгаажуулах, сурталчлан таниулах, өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой ажээ. “Аи Ти Би Берлин” үзэсгэлэнгийн үеэр таван тивийн 180 гаруй орны аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагууд, тур оператор, зочид буудал, агаарын тээвэр, интернет захиалгын компаниуд аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ 160 мянга гаруй хүнд танилцуулан 7 тэрбум еврогийн өртөгтэй гэрээ хэлэлцээрүүд хийдэг ба үзэсгэлэнг 7 000 гаруй олон улсын сэтгүүлчид ирж сурвалжилдаг байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга М.Энхболд Турк улсад айлчилж байна

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнийг Анкара хотын “Эсенбоа” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэхэд Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд , БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн дарга Мехмет Эрдоан нар угтав.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд айлчлалынхаа эхний өдөр БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахрамантай ганцаарчилсан уулзалт хийсний дараа албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээнд Монголын талаас Элчин сайд Р.Болд, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Г.Солтан, Б.Пүрэвдорж нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Ноён Исмаил Кахраман хэлэлцээний эхэнд “Манай хоёр улс, үндэстэн угсаа гарал нэгтэй, түүхэн хэлхээ холбоогоор гагнагдсан учраас энэхүү айлчлалыг онцгой ач холбогдолтой гэж үзэж байна. Үндэсний Их Хурал болон Туркийн ард түмний нэрийн өмнөөс айлчлалд тань амжилт хүсье” гэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНТУ-д албан ёсоор айлчилна уу хэмээн урьж, Монголын парламентын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буйд нь ноён И.Кахраманд талархал илэрхийлээд “Энэхүү айлчлал зөвхөн хоёр парламентын хооронд төдийгүй хоёр орны бүхий л салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болж байна” хэмээн онцлов.

Ноён И.Кахраман “Тодорхой шалтгааны улмаас хэсэг хугацаанд удааширсан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хоёр талаас ихээхэн хүчин чармайлт тавьж байна. Энэхүү хэлэлцээний үеэр ноён УИХ-ын дарга бид хоёрын гарын үсэг зурах хоёр парламент хоорондын хамтын ажмллагааны протоколыг хэрэгжүүлэх бичиг баримт, хоёр улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд байгуулах хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг нь харилцааг шинэ шатанд гаргахад чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд:

-Монгол Улсын гуравдагч хөрш, Иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий Турк Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаагаа ямагт өндрөөр үнэлсээр ирсэн. Өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд үүнд чухал хувь нэмэр оруулсан. Монгол Улсын Их Хурлын даргын хувиар миний хийж буй энэ айлчлал ч гэсэн улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Хоёр талын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал нөлөөтэй. Тиймээс зөвхөн парламентын дарга, дэд даргын айлчлалаар хязгаарлалгүйгээр парламентын бүлэг, Байнгын хороод, гишүүд, Тамгын газар, ажилтнууд харилцан зочилж, ажил хэрэгч уулзалт ярилцлага тогтмол зохион байгуулж, бие биенийхээ туршлагыг судалж, мэдээлэл солилцож байх нь чухал юм гэж хэллээ.

Түүнчлэн Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА-гийн санхүүжилтээр УИХ-ын номын санг цахим хэлбэрт шилжүүлэх, хэвлэх үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг амжилттай хийснийг дурдлаа.

Мөн хоёр орны батлан хамгаалах, хууль сахиулах салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйг тэмдэглээд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулах, үүний тулд бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын харилцан итгэлцэл дээр суурилсан харилцааг бий болгоход чиглэсэн бизнес уулзалт, форум семинар зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллах нь чухал юм хэмээн тэмдэглэлээ.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, барилга, хот байгуулалт, дэд бүтэц, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спортын салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдаад, зарим тодорхой саналыг тавилаа. Түүнчлэн ТИКА-гийн шугамаар төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байсан уламжлалаа үргэлжлүүлэх, түүний дотор Баян-Өлгийн Цагааннуурын чөлөөт бүсийг хөгжүүлэх, Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг ноён И.Кахраманаас хүслээ.

Тэрбээр Сирийн дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, бүс нутагтаа үлгэр жишээ болж байгаад нь Туркийн төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлээд “Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн уламжлалаа цаашид өргөжүүлэхийн төлөө байна” гэв.

Туркийн Үндэсний Их Хурлын дарга, ноён И.Кахраман нөхөрсөг, ах дүүгийн харилцаагаа улам өргөжүүлж, тодорхой түвшинд аваачих, Турк-Монголын хооронд төдийгүй гадаад түвшинд эдийн засгаар хамтран ажиллах, соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг бусад салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр “2015 оны долдугаар сард Туркт болсон төрийн эргэлт хийх оролдлогыг Монгол Улс анхнаас нь эсэргүүцэж, Туркийн хууль ёсны Засгийн газар, ард түмнийг дэмжиж байсныг бид хэзээ ч мартахгүй” гэлээ.

Хэлэлцээний төгсгөлд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга И.Кахраман нар “Хоёр парламент хоорондын хамтын ажиллагааны протоколыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд гарын үсэг зурлаа.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БНТУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Жүлиде Сарыеролу нар гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрээр Туркт ажиллаж, амьдарч буй монгол иргэд болон Монголд буй турк иргэд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ тэтгэвэр авахдаа тооцуулах боломж бүрдэх юм.

Эдүгээ БНТУ-д 4000 орчим монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа бол Монгол Улсад 214 турк иргэн байгаа юм. Тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү хэлэлцээр чухал ач холбогдолтой юм.

Баримт бичигт гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Алтан гадас” олонгоор шагнагдсан БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн дарга Мехмет Эрдоанд шагналыг нь Улсын Их Хурлын дарга М.Энхболд гардууллаа.

Ноён Мехмет Эрдоан нь Монгол-Туркийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн даргаар 2007 оноос хойш ажиллаж байгаа, Монголын төлөө гэсэн чин сэтгэлтэй төрийн зүтгэлтэн юм.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ өдөр Бүгд Найрамдах Турк Улсыг үндэслэгч Ататюркийн бунханд цэцэг өргөж, Хүндэт зочны алтан дэвтэрт гарын үсэг зурлаа. Орчин үеийн Туркийн “эцэг” гэгддэг Мустафа Кемил Ататюрк улс үндэстнээ чөлөөлөх хувьсгалыг удирдаж, 1923 онд БНТУ-ыг байгуулж, анхны Ерөнхийлөгчөөр нь ажиллаж, улс орныг бүхэлд нь хамарсан нийгэм, улс төр, хууль эрх зүйн шинэтгэлийг хийсэн, үндэсний баатар билээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд Анкара хотоос мэдээлэв.
Categories
гадаад мэдээ

Солонгос хоорондын дээд түвшний уулзалт хийхээр тохирсныг Монгол Улс талархан хүлээн авч байна

Холбоотой ЗурагМонгол Улсын Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргасан байна. Тэрбээр мэдэгдэлдээ “БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ий тусгай элч тэргүүтэй төлөөлөгчдийг Солонгосын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жон Ын энэ оны III сарын 5-нд хүлээн авч уулзан, Солонгос хоорондын дээд түвшний уулзалт хийхээр тохирсныг Монгол Улс талархан хүлээн авч байна. Солонгос хоорондын дээд түвшний уулзалт нь Солонгосын хойгт итгэлцлийг бэхжүүлэх, улмаар Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

М.Оюунчимэг: Ихэнх гэр бүлийн ачааны хүндийг эмэгтэйчүүд үүрч явна

Холбоотой ЗурагУИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Өнөөдөр бидний хэлж заншсанаар Мартын 8-ны баярын өдөр. Таны хувьд энэ баярт хэр ач холбогдол өгдөг вэ. Олон сайхан дурсамж бий байх даа?

-Биднийг багад Мартын 8-ны баярыг тэмдэглэхэд нэлээд ач холбогдол өгдөг байсан. Аав “Өнөөдөр ядаж ганц өдөр ээжийг чинь гэрийн ажилд гар хүргэхгүй шүү” гээд хоол унд хийж өгч, гэр цэвэрлэхээс эхлээд бүхий л ажлаас ээжийг чөлөөлнө. Үүнийг хараад “Ямар сайхан баяр вэ” гэж боддог байлаа. Одоо манайхан Монита зарлаад байгаа болохоос биш сургууль дээрээ очиход ангийн хөвгүүд үзэг, харандаа, дэвтэр өгөх ч юм байдаг юм уу одоо эргээд бодоход хөөрхөн л тэмдэглэдэг байж. Би ОХУ-ын Ленинград хотод оюутан байлаа. Мартын 8-ны баярыг оросууд жинхэнэ утгаар нь тэмдэглэдэг байсан юм. Хэдийгээр баярын өдөр ч гэсэн эмэгтэйчүүд эрхээ хамгаалсан, би эмэгтэй хүн, ямар үнэ цэнтэй вэ гэдгээ мэдэрсэн тэр цаг үе оюутан цаг байсан. Эмэгтэй хүн хүнд ойлгогдох гэж биш хайрлагдах гэж байдаг юм байна гэж бодох болсон. Мартын 8-ны энэ өдөр би ээжийгээ, эгч нараа хайрлах агуу хайрын баяр юм байна гэж ойлгодог. Энэ л өдөр ээждээ баглаа цэцэг, бялуу аваад очиход жигтэйхэн баярладаг байсан юм. Ноднин ээж минь бурханы оронд заларсан болохоор одоо бол миний сэтгэл жаахан гунигтай л байна. Гэхдээ ээж минь тэнгэрийн орноос охиноо хараад түмэн олныхоо төлөө яваа юм байна, эх орныхоо хөгжлийн төлөө зүтгэж байгаа юм байна гээд баярлаж байгаа байх. Монгол Улсын хүн амын 51.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ маш чухал тоо. Судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн боловсролын түвшин, ажлын гүйцэтгэлийг харахад маш өндөр байгаа юм. Тийм учраас эмэгтэйчүүдийнхээ оролцоог нэмэгдүүлэх, тэдний нөөц боломжийг ашиглах хэрэгтэй.

-Олон улсын жишиг ямар байдаг юм бол. Эмэгтэйчүүдийн оролцоо гэж их дуугардаг ч нөлөөлөл бага байна гэсэн үг үү?

-Эмэгтэйчүүдийн оролцоог судалгаанаас харахад ихэнх нь гүйцэтгэх салбар буюу оффисын ажилтан, туслах ажилтан гээд жин дарах нь хавьгүй их байна. 10 эмэгтэй байлаа гэхэд тэдний долоо нь эмэгтэй байх жишээтэй. Гэтэл шийдвэр гаргах, бодлогын түвшин, хөрөнгө мөнгө зарцуулах түвшинд хүрэхээрээ энэ байдал эсрэгээрээ болчихоод байна. 2017 оны судалгаанаас харахад Монгол Улс дэлхийн 144 орноос 107 дугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. Гүйцэтгэх, хийж бүтээж байгаагаараа эмэгтэйчүүд манлайлж байгаа ч шийдвэр гаргах түвшиндээ харамсалтай нь бага байна л даа. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллах цаг болжээ гэж бодож байгаа. Олон улсад жендерийн асуудлыг их хөндөх болсон. Энэ нь эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй өрсөлдөж байгаа юм биш. Тэгш оролцоог л нэмэгдүүлье гэсэн санаачилга. Гэр бүлийн хэмжээнд аваад үзэхэд аав, ээж хоёр хоёулаа байж гэмээнэ ямар их аз жаргалтай байдаг билээ. Улс орон ч гэсэн үүнтэй агаар нэг байх ёстой. Эмэгтэйчүүдийн үнэлэмж, тэдний орон зай, шийдвэр гаргах, бодлогын түвшинд түлхүү оролцуулах хэрэгтэй байна. Манайхан эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтоосоо салах цаг болсон.

-Гэхдээ боломжийн хэрээр нь оролцуулдаг болсон юм биш үү?

-УИХ дээр аваад үзье. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэх үеэр “Эмэгтэй гишүүд, эмэгтэй гишүүд” гээд манайхан сүйд болсон. Үнэндээ энэ хууль эмэгтэйчүүдэд зориулагдан гарсан юм биш. Эрэгтэй хүнд ч хамаатай юм шүү дээ. Эмэгтэй хүн гэхээр ар гэрийнхээ ажлыг хийдэг, эрэгтэй хүн л манлайлдаг гэдэг энэ ойлголтыг таягдан хаях хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй гэж ялгаварлахгүйгээр чаддаг зүйлсийг нь хийлгээд явах нь зөв. Энэ нь улсынхаа хөгжилд ч хэрэгтэй л дээ.

Манайд эмэгтэйчүүдийн квот гэж яриад байгаа биз. Бид дуртайдаа квот тогтоогоод байгаа юм биш. Квот тогтоохгүй бол эрэгтэйчүүдийн ертөнц гэдэг чинь сонин шүү дээ. Найрын ширээ, тоглоомын ширээнээс эхлээд янз бүрийн байдлаар эрэгтэйчүүд хоорондоо зохицоод явчихдаг. Тиймээс эмэгтэйчүүдийн шударга, шийдэмгий, зарим үед уян хатан зан чанар яалт ч үгүй хэрэг болох үе бий. Тиймээс энэ эмэгтэй үүнийг хийж чадна гэдэг итгэлийг хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал. Оросын “Үүрэг хүлээх цагт” гээд дайны үеийн кино байдаг даа. Эмэгтэйчүүд тэр хүнд цаг үед эрэгтэйчүүдээс дутахгүй дайны талбарт тэмцэж явааг харуулсан шиг бидэнд үүрэг хүлээлгэх юм бол монгол эмэгтэйчүүдэд чадахгүй зүйл бараг үгүй. Эрэгтэйчүүд үүнийг хүлээн зөвшөөрөхөөс гадна эмэгтэйчүүд маань хүлээн зөвшөөрч, өөрсдийгөө харуулах хэрэгтэй.

Өнөөдөр дэлхийд ДНБ-ээрээ эхний гуравт Скандинавын орнууд багтдаг. Норвегид гэхэд Ерөнхий сайд нь эмэгтэй, парламентын гишүүдийн 40-50 хувь нь эмэгтэй, Сангийн сайд нь эмэгтэй хүн байх жишээтэй. Нэг хүнд ногдох ДНБ нь 71 мянган ам.доллар байна. Швед улс гэхэд нэг хүнд ногдох ДНБ нь 43 мянган ам.доллараар дэлхийд гуравт орж байна шүү дээ. Финлянд гэхэд парламентын гишүүдийнх нь 43.8 хувь нь эмэгтэй. Нэг хүнд ногдох ДНБ нь 41 мянган ам.доллар байх жишээтэй. Хүн амынх нь 90 гаруй хувь нь чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлж байна. Энэ нь шийдвэр гаргах, бодлогын түвшинд жендерийн харилцаа тэнцүү байгаагаас харж болно. Монгол эмэгтэйчүүд ар гэрээ авч явах, боловсролын түвшингээрээ илүү байна. Тиймээс энэ давуу талаа ашиглах ёстой гэж байгаа юм. Япон улс эдийн засгийн хямралаас гарахад эмэгтэйчүүдийнхээ боломжийг ашиглах ёстой гээд Шинзо Абэ шийдвэр гаргах түвшний албан тушаалд эмэгтэйчүүдийг тавилаа. Үр дүн нь яаж гарсан талаараа өөрөө ярьж байна. Манайхан эмэгтэйчүүдээ үнэлэх хэрэгтэй. Нөгөө талаасаа эрэгтэйчүүдээ хайрлах хэрэгтэй. Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 60-65 гэдэг. Уг нь эрэгтэй хүн ид хийж бүтээх нас л даа. Өмнө нь “Энэ эрэгтэй юм чинь амьдралаа аваад явчихна” гээд хойш нь тавьдаг байсан. Эрэгтэй хүн л болсон хойно ар гэрээ би тэжээх ёстой гээд зүтгэдэг. Зарим талаараа энэ нь стресстүүлдэг байж магадгүй. Эмэгтэйчүүд бид эрэгтэйчүүддээ боломж гаргаж өгөх, эмнэлэгт үзүүлэхээс эхлээд боломж гаргаж өгөх хэрэгтэй л дээ. Арга билиг хоёр нийлж байж амьдрал цогцолно.

-1000 ээжийн чуулга уулзалт дээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн асуудлыг хоорондоо ярьцгааж байсан. Үнэхээр тийм зөрүүтэй байна уу?

-Хөдөлмөрийн үнэлэмжийг аваад үзэхэд эмэгтэйчүүдийн дундаж цалин 840 мянга байхад яг адилхан ажил хийж байгаа эрэгтэй хүний цалин нэг сая 67 мянга байх жишээтэй. Тэтгэвэр авч байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэтгэврийн зөрүү 68-240 мянга хүртэл зөрүүтэй байгаа юм. Тиймээс хөдөлмөрийн үнэлэмж ч гэсэн чухал. Засгийн газар Их хуралд Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслөө өргөн барьсан. Тиймээс эмэгтэй гишүүний хувьд дуу хоолойгоо нэмэрлэх ёстой гээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай ярилцсан. Цалинтай ээж, өрх толгойлсон эхчүүдэд тэтгэмж олгож байгаа ч үүнээс чухал асуудал нь Гэр бүлийн тухай хууль. Энэ чухал хуулийг хэдэн парламент дамнуулан батлалгүй явж ирлээ. Хаврын чуулганаар Гэр бүлийн тухай хуулийг оруулж ирж батлуулъя, би хариуцаад явъя гэдэг саналаа хэлсэн. Манай улсын хүн амын 51.7 хувийг эзэлж буй эмэгтэйчүүддээ хандсан бодлогын арга хэмжээг бид хийх цаг болсон.

-Та эмэгтэй Их хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга. Тиймээс эмэгтэйчүүд танд илүү ханддаг байх. Тэдний зүгээс ямар хүсэлт, өргөдөл голдуу өгдөг вэ?

-Ажилгүйдлийн түвшин өндөр байна. Тиймээс ээжүүд өөрсдөө ажил хийж сайхан амьдаръя гэхээсээ илүү үр хүүхдүүдийнхээ өмнөөс гүйж, өргөдөл бичдэг. Тэр нь манай хүүхдийг ажилд оруулж өгөөч гэж. Цаашид ажлын байрыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Ихэнх гэр бүлийн ачааны хүндийг эмэгтэй хүн нуруундаа үүрч, дүүрч явна. Тойргийнхоо хэмжээнд аваад үзэхэд гэр бүлийн асуудлаас болоод нөхөр нь хаяад 3-4 хүүхэдтэй үлдсэн эмэгтэйчүүд их байна. Өрхийн жижиг бизнес эрхэлж, ажил хийж, сургууль, цэцэрлэгт нь хүүхдүүдээ өгөхөөс эхлээд чөлөө завгүй зүтгэж яваа залуу ээжүүд олон байна л даа. 35-аас доош насныханд гэр бүл салалт зайлшгүй анхаарах ёстой сэдвийн нэг болчихлоо. Гэр бүл салалтын хохирогч нь эмэгтэйчүүд, хүүхдүүд болж байна л даа. Тиймээс бид залуу үеэ эртнээс гэр бүл төлөвлөлтөд бэлтгэх, сургах шаардлага бий болчихлоо. Үнэхээр эмзэг асуудал юм. Эмэгтэйчүүддээ итгэл өгөх зайлшгүй шаардлагатай. Манай эмэгтэйчүүд “Би чадахгүй байлгүй дээ” гээд өөрийгөө юмны ард үлдээж, боломжоосоо зугтаад байна. Тэгэхээр ийм эмэгтэйчүүдээ сургаж, дэмжих ёстой. Гадны орнуудад эмэгтэйчүүдийн банк хүртэл байдаг. Эмэгтэйчүүдээ санхүүгээр дэмждэг болох хэрэгтэй. Эмэгтэйчүүд дээшээ гарч чадахгүй байгаа гол шалтгаан нь санхүү. Нөхрөөсөө хараат эсхүл тэдний хөдөлмөрийн үнэлэмж бага байдаг. Санхүүгийн хувьд бие даасан хараат бус байдлыг бий болгоход анхаарах шаардлагатай л даа. Эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалахад эрэгтэйчүүд маань их дуугарах хэрэгтэй байна. Олон улсад ийм санаачилга хэрэгжээд явж байгаа шүү дээ.

Манай сэтгүүл зүйн салбарт эмэгтэйчүүд дийлэнх нь. Гэтэл ганц бие амьдралаа авч явах гэж цаг наргүй зүтгэж буй эмэгтэйчүүд их байдаг. Сэтгүүлчийн ажил хэцүү шүү дээ. Халуун цэг бүрт хүрч ажиллах гэж зүтгэдэг. Тиймээс тэднийхээ үнэлэмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч байгаа. Манайхан мэргэжлийн сэтгүүл зүй, сошиал хоёрыг ялгаж, салгаж байх хэрэгтэй. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлд анхаарч эрх зүйн орчноо сайжруулахаар ажиллаж байна.

-Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 105 жилийн ой мягмар гаригт тохиолоо. Сэтгүүлч хүний хувьд салбартаа ямар ажил хийх вэ. Сэтгүүл зүй улс төрөөс ангид байх ёстой гээд бор зүрхээрээ л явцгааж байна. Иргэдийн цалин, тэтгэврийн асуудлаас эхлээд бүх зүйлд анхаарал тавьдаг. Энэ салбарт зайлшгүй шийдэх ёстой ямар асуудлууд байгаа бол?

-Сэтгүүлч гэдэг оюун санааны чиглүүлэгч, пуужин байдаг. Иргэд хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээлэл авч, ажил амьдралдаа хэрэгтэй зүйлсээ ч үздэг, хардаг. Гэтэл ийм чухал салбарын ажилтнуудын цалингаас эхлээд ярих зүйл их байна. Хамгийн ажилтай салбар хэвлэл мэдээлэл хэдий ч хамгийн хоцрогдож яваа салбар болчих гээд байна шүү. Тэгсэн хэрнээ хамгийн үнэлэмж багатай. Сэтгүүлчдийн үнэлэмж хүйтэн дайны үеийнх шиг хэрнээ үнэлэмж бараг байхгүйтэй адил. Бусад орнуудад сэтгүүлч, тоймч гэдэг хамгийн чухал мэргэжлийн тоонд багтдаг. Тэр утгаараа цалин хамгийн өндөр цалин, хангамжтай байдаг. Тэр хэрээрээ үнэний төлөө дуугарч, тэмцэж чадаж байна.

Сошиал бол хүмүүсийн сэтгэгдлээ хэлдэг чөлөөт индэр. Тэнд нүцгэн мэдээлэл байдаг юм. Мэргэжлийн сэтгүүлч тухайн мэдээг баримт, нотолгоотой, өргөн хүрээнд судалж, шинжилж байж иргэдэд хүргэдэг. Ийм чухал ажил хийдэг салбараа аврах хэрэгтэй байна. Ингэхийн тулд салбарын үйлдвэрчний эвлэлүүд ажилласан шиг ажилла. Бид дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй. Бусдын төлөө дуугарч, бусдын өмнөөс явж, олны төлөө ажилладаг хүмүүс өөрсдийнхөө төлөө дуугарч чаддаггүй. Загасчны морь усгүй гэдэг шиг л байдаг. Сая МСНЭ-ийн хурал болоход ямар чухал салбар вэ гэдэг нь харагдлаа шүү дээ. Улстөрчид, хувийн хэвшил, банкууд бараг орчих дөхлөө. Мэргэжлийн холбоод, сэтгүүлчид маань нэгдэж эрх зүйн орчноо бүрдүүлэх тал дээр анхаарч, сайн ажиллаж байгаа сэтгүүлчдээ үнэлдэг болох шаардлагатай.


Categories
мэдээ цаг-үе

Пүрэвдоржийн Цэрэндагва: Жүжигчний мэргэжил сонгоход ах маань “Чи бусдын хэлээр ярьдаг ажилтай болох нь, буянаараа болог” гэсэн дээ

Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагватай уулзаж ярилцлаа.


-Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Отгонжаргалын дуулсан “Миний ээж тэмээчин” дууны клипэнд та ханьтайгаа тоглосон нь үзэгчдийг уйлуулж уяруулсан. Та сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна?

-Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл төлөвлөсөн уран бүтээлүүддээ ороод явж байна. Удахгүй үзэгчидтэйгээ “Говийн домог” хэмээх бүрэн хэмжээний уран сайхны киногоороо уулзана. “UBS” телевизийн хамт олны хийж буй энэ кино л одоохондоо томоохон уран бүтээл маань юм уу даа. Отгонжаргалын “Миний ээж тэмээчин” дуунд ханьтайгаа оролцон тоглосон. Ер нь эхийгээ хайрлаж, хүндэлж, дээдэлж явна гэдэг хүмүүн болж заяасны шинж гэж ойлгодог учраас энэ дууны клипэнд орооч гэсэн саналыг бид хүлээж авсан. Хамгийн гол нь бүтэц нь их сонин санагдсан. Юу вэ гэхээр зүгээр нэг дууг дүрсжүүлэх биш богино хэмжээний кино ч байж болохоор хэмжээнд сэтгэж хийсэн учраас тоглосон гэхэд болно. Дуучин маань ямар сайхан дуулсныг үзэгч, сонсогчид маань таашаан хүлээж авч байгаа нь сайшаалтай.

-Удахгүй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу манайхны хэлж заншсанаар Мартын 8-ны баяр болох гэж байна. Та ханиа яаж баярлуулдаг вэ?

-Хүн ханиа яаж баярлуулдаг билээ, тэр жишгээс хазайгаад байх нь хаашаа юм. Би олноос онцгойрох юм уу, олонд чирэгдэх гэдэг хоёр туйлшралыг тэгтлээ нэг их ойшоодоггүй. Ер нь хүн өөрийнхөө үүрэх ёстой ачааг үүрсэн шиг үүрэх ёстой л гэж боддог. Тийм л өрхийн тэргүүн байгаа юм. Ханийнхаа тухай ярина аа гэдэг чинь Цэрэндагва төрдөө үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдэж яваагийн цаад талд хатан ухаан сүлсэн ханийн минь нөмөр нөөлөг дэндүү их байдаг юм аа гэдгийг би хэний ч өмнө хэлэхээсээ тэгтлээ нэг их ичдэггүй. “Авгайгаа магтсан хүн адгийн тэнэг” гэлцдэг юм билээ. Ингээд хэлчихсэнийхээ төлөө тэнэг гэж дуудуулахаасаа нэг их эмээгээд байдаг хүн би биш. Юу үнэн гэвэл хань минь надад өнөөг хүртэл нөмөр нөөлөг болж яваа нь орчлонгийн ганц үнэн. Тийм учраас хань бидэн хоёр бие биеэ хүндлэн дээдэлж, учирлан хүлцэх минь уудам хорвоод улам их болж байх шив дээ. Бид хоёр уран бүтээлийн ажилд том жижиг гэлтгүй оролцох ёстой ажилдаа оролцоод явж л байна. Аливаа уран бүтээлд жижиг сажиг гэсэн ойлголт байдаггүй. Гагцхүү тэнд сэтгэл, итгэл, зүтгэл байж л ажил болдог.

-Эмэгтэйчүүдийн баярын дараа Монгол цэргийн өдөр гээд л баяр үргэлжилдэг дээ?

-Цэргийн баярыг манайхан цэргийн хугацаат албанд зүтгэж байгаа хүмүүсийн баяр мэт ойлгодог тал байдаг байх. Гэхдээ эр хүн бүхний бодож, сэдэж, сэрж явах ёстой баярын нэг нь энэ. Ер нь баяр гэдэг юманд нэг их хөвсөлзөн хөөрөөд байдаг хүн би биш. Баяр тэмдэглэснээрээ улс орон хөгждөг цэцэглэдэг бол Монгол орон хөгжил цэцэглэлтийн туйлд хүрэхээр болчихоод байна. Аливаа баярын үлдээцтэй зүйл, хүртээмжтэй хандлага нь ямар юм бэ гэдгийг бодож хийвээс баяр бүхнийг тэмдэглэж болно. Гагцхүү баярыг тэмдэглэснээр нийгмийн хөгжилд ямар түлхэц өгч байгаа юм бэ гэдэг тал нь илүү байваас баярын утга учир тодорхой болно.

-Таны ах Пүрэвжавын Сандуйжав гэж Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, авьяаслаг яруу найрагч хүн байлаа. Ахынхаа тухай яриач?

-Ахыгаа маш их үгүйлж байна. (Нүдний шилнийх нь цаана нулимс нь цийлэгнээд ирэв. сур) Маш их санаж явдаг зүйлийн маань нэг ах минь юм. Миний ах нэг их олон юм яриад цээжээ дэлдээд, хашгичаад гуугачаад явдаг хүн биш. Монгол эр хүний амин ухаан гэж ямар юм байдаг юм бол тэр хэмжээнд амьдрал ахуйгаа авч явсан хүн. Зөвхөн өөрийнхөө амьдралыг ч биш өнчин үлдсэн хэдэн дүү нараа өргөж тээж хоолонд нь хүргэсэн, ханьтай болсноосоо хойш ханиа хүндлэх, ханиа хайрлах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх бүх зүйлд өрхийн тэргүүн шиг явсан ийм хүн. Олонтой, найз нөхөдтэй, тэднийхээ итгэл сэтгэлийг үүрч дүүрч явж чадсан хүн байсан гэж би боддог юм. Намайг жүжигчний мэргэжил сонгоход хамгийн их эсэргүүцэж дургүйцэж байсан хүн бол миний ах. Ээж маань ахад “Юу гэх вэ, цаадахаа дураар нь орхи” гэж хэлснээр ах маань буулт хийсэн. Би амьдралдаа ахаасаа зөрсөн ганц тохиолдол энэ байх. Миний ах надад “За, хүү минь чи, насаараа хүний хэлээр ярих мэргэжил сонголоо доо. Энэ хүний хэлийг өөрийн хэл болгох гэж мөн ч их зовох байх даа. Буянаараа болог дээ” гэж хэлсэн. Тэр үедээ энэ үгийг би сайн ухаараагүй. Би энэ үгийг одоо санах сэрэх болгондоо хүний хэлээр ярьж яваа гэдгээ ойлгодог. Хүний хэлийг өөрийн болгох гэж тавь гаруй жилийг жүжигчний ажилд үрчихэж дээ. Тэр үг нэг зорьсноосоо буцахгүй байхын ташуур, чигээрээ зөрүүдэлсэнийхээ хэрээр бодож явах бодлыг тархинд нэвт шингээж өгсөн нь миний ахын ухааны цараагийн нэг илрэл юм даа. Ахыгаа хүндэлж хайрлаж явсан.

-Хүндлэл хайраа яаж илэрхийлж байв?

-Ахыгаа баярлуулах гэж хичээж байсан. Тэр нь юу вэ гэхээр бурхан болтол нь дэргэд нь архи уух битгий хэл, тамхи татахыг ч цээрлэнэ. Тамхийг нууж татаж явсаар ахыгаа үдэж өгсөн дөө. Тэрийг маань ах мэдээгүй биш мэдрэхийн дээдээр мэдэрсэн байх. Дүүгээ эмээж байхыг хараад баярлаж байсан болов уу.

-Ахтайгаа хэдэн насны зөрүүтэй билээ?

-Бид хоёр арваад насны зөрүүтэй.

-Орчин үед “хүн ахтай, дээл захтай” байх нь алдагдсан юм шиг санагддаг. Танд ийм зүйл анзаарагдах юм уу?

-Анзаарлаа гээд яахав дээ. Бидний сонгоод авчихсан нийгэм чинь л энэ шүү дээ. Яг нийгмийнхээ мөн чанарыг таниад ирэхээр “Би, би” гэдэг өвчнөөр билэг танхай болох гэж шуурсны, маш товчхон хэлбэл зээлдмэл ухаан, эшлэлийн онолоор явсныхаа горыг амсаж байна гэхээс биш хэлэх үг олддоггүй юм. Бид чинь монголчуудад өөрийн гэх ухаан гэж юм байдаг бол түүнийгээ гээчихсэн хүмүүс шүү дээ. Тэгээд бусдын гял цал юманд нүдээ унагаснаа соёл гэж эндүүрсэн. Тэрэнд өөрөө юмгүй юм шиг уулгалан дайрсныхаа горыг одоо амсаж явна даа. (Тэрээр яг л жүжгийн галзуу хүний дүр бүтээж буй мэт авзаатай зэвүүнээр чанга хөхрөн инээв. сур)

-“Монголоо алдмар” гэж өвгөдийн нэг муухай хараал байдаг даа. Тэр үг биеллээ олж байна гэж хэлж болох уу?

-За, тэгж амны алдас хийгээд яах вэ. Одоо цагт ярьж байгаа юм бол амны алдас. Ер нь бодох л ёстой үг. Энэ байтугай юмыг саналгүй, сэрэлгүй орхисныхоо гайг амсаж байна гэж товчхондоо хэлээд байгаа юм шүү дээ. Тэрнээс биш ийм нэг амны алдас болсон зүйлийг яриад байвал улс орны хөгжилд нэмэр болохоос нэрмээс болох нь их болов уу даа. Чиний наад хэлж байгаа үг чинь яг үнэн. Биеллээ олж байна гэж хэлж болно. Бид хэзээ ухаарч, гэгээрч, сэхээрэх юм бэ гэдэг л их бодууштай юм даа.

-Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байсан алтан үеийнхний олон тэгш ой энэ жил тохиож байгаа. Зуун жилийн ой нь тохиож буй төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюун гуайтай та хэр ойр байв?

-Театр гэж буянтай айлын босгоор давж орсноо би өөрийнхөө авьяас билэгтэйдээ бус Монголын тайзны урлагийн ахмадууд, алтан үеийнхэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн хүмүүсийн билгийн хараатай холбон бодож явдаг. Тэр хүмүүсийн нэг Оюун багшийнхаа шавь нь болж явлаа. Тэнд Оюун багшийн дуу гарахад энд миний тавхай гялалзаад зугтаж явсан болохоос ойртож ярьж хөөрч байх тийм боломж байсангүй л дээ. Айж эмээхээс гадна тэр агуу хүнийг хүндэлж бишрэхтэй холбоотой. Ганцхан Оюун гуай ч биш бүхий л ахмадуудынхаа үгийг нь сонсож явсан хүн л дээ, би. Энэ жил манай театрын их олон хүний тэгш ой тохиож байгаа. Тэднийхээ талаар бид л ярихгүй бол хэн ярихсан билээ. Бид л хийхгүй бол хэн хийхсэн билээ гэдэгчлэн багшийн зуун жилийн ойг тохиолдуулж УДЭТ-ын удирдлага санаачилж “Би эндээс явахгүй” жүжгийг нь залуу зохиолч Мэндсайханы шинэтгэснээр алтан тайзнаа тавьж үзэгчдэдээ өргөн барьж байгаа юм. Бүтээлч хүн гэдэг бүтээлээрээ мөнхөрдөг юм байна гэдгийг олон түмэндээ хэлээд зогсохгүй энэ бүхнээс авах, гээхийн ухаанаар бодох юм их байна шүү гэдгийг хэлье.

-Бид ер нь юугаа гээгээд байгаа бол?

-Монгол ёс заншил, монгол соёл, монголтой холбоотой бүхнийг мартагнуулах гээд байна уу даа гэж би их халагладаг. Үүнийг төр засаг руу чичлэхээсээ өмнө хувь хүн би Монгол байхын тулд, Монголоо мэдрэхийн тулд, Монгол гэж ярихын тулд юу хийсэн юм бэ гэдгээ иргэн бүр санаж, сэдэж, ухаарах цаг нь болсон.

-Ардын жүжигчин Мэндбаяр гуай та хоёр зохиолч А.Шартолгойн “Ренчиний Чойном” жүжигт тоглосон. Одоо яруу найрагч Намжимын Очирбат агсны “Хөх дэвтэр” номын хуримд уригдан ирж. Яруу найрагчидтай их дотно байв уу?

-Миний яриад байгаа монгол хүн байхын жинхэнэ утга учир нь Намжимын Очирбат гэж энэ сайхан яруу найрагч байлаа. Энэ хүн надаас ахмад. Миний ах П.Сандуйжавын МУИС-ийн оюутан ангийн анд. Н.Очирбат найрагч хүнийг хөгшин залуу, хөрөв нялх гэж ялгалгүй хэнийг ч бай хүнтэй хүнийх нь хувьд харьцаж чаддаг нь намайг татдаг байсан. Энд бас мэргэд цуглаж байна. Үгийн урлагийн мастеруудынхаа үгийг сонсохоор би ирлээ. Яагаад бид яруу найрагчдыг хайрлаж хүндэтгэдэг юм бэ. Өнөөдөр монгол хэлнийхээ төлөө бүгд анхаарахгүй бол устаж мөхөх аюулын харанга дэлдэх цаг тулаад ирчихсэн байна шүү гэдгийг санаж сэрэх хэрэгтэй. Зохиол бичдэг хүмүүс ч анхаарах хэрэгтэй. Монгол хэлний эгшиглэнт чанар алдагдаад байна. Эгшиглэнт чанар алдагдана гэдэг ярианы хэлэнд яруу сайхан монгол хэл маань уусаж мөхөж байгаа юм шүү. Эзээгүй унших хүн цөөрчихсөн учраас тайвшраад байх шиг байна. Уншдаг хүн ихдээд ирэхээр нэхэгдэхээс өөр гарцаагүй ажил болж байна гэж би мунхаглаж явдаг юм даа.

-Муусайн яруу найрагч, зохиолчид, жүжигчид, дуучид нийгэмд юу ч хийж бүтээдэггүй амьтас гэж дорд үзэх хүмүүс олширлоо…

-Ярилгүй яах вэ, наадах чинь монгол эр хүнийг хүчгүйдүүлэх, монгол хүмүүсийг хооронд нь яавал эвтэй найртай байлгахгүй байх вэ гэсэн гаднын хорт бодлого яваад байгаа юм биш байгаа гэж би их эмзэглэдэг. Уран бүтээлчид хийж байгаа бүхнээ илүү их бодож хийх хэрэгтэй болж байна.

-Цагаан сар саяхан болж өнгөрлөө. Танд хацраа үнэрлүүлэх дүү нар, шавь нар жилээс жилд олшроод байгаа биз?

-Сэтгүүлч та нар ч бас асуух юмаа асууж л байж санаа амардаг улс л даа. Маш товчхон хариулахад миний үнсүүлэх хүний тоо цөөрөөд, үнсэх хүний тоо нэмэгдэж байгааг нуугаад яахав. Насны хувьд ч, элээсэн он жилүүдийнхээ хувьд ч ийм жамтай учирдаг юм байна. Ингэх тусмаа өнгөрсөн үеийг дурсаж, бодож санахдаа “Үлдээх юм маань юусан билээ” гэдгийг эргэцүүлэх цаг гарцаагүй ирж байна даа.


Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар нефть боловсруулах үйлдвэр байгуулж чадах уу

У.Хүрэлсүхийн Засгийн газар Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр нефтийн үйлдвэр барих шийдвэр гаргалаа. Энэ нь анхны Засгийн газрын нефтийн үйлдвэр барих шийдвэр юм. Өмнө нь хэд хэдэн газар үйлдвэр барих шав тавьж байсан боловч өнөөг хүртэл нэг ч үйлдвэр алга. Шинэ Засгийн газрын шийдвэрээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефтийн үйлдвэрийг барина. Энэ үйлдвэрт Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг зарцуулна. Харамсалтай нь энэ үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл хийгдээгүй. Энэ нь үндсэн төслийн өртгийн арав орчим хувийг эзэлдэг. Хэрвээ эдийн засгийн үндэслэл хийвэл 100 орчим сая долларыг зарцуулна. “Мөнгөө төлсөн хүн хөгжмөө захиалдаг” гэгчээр энэ мөнгө энэтхэгчүүдэд очино. Дээр нь энэ ажлыг гүйцэтгэх компанийг энэтхэгчүүд сонгоно. Хөрөнгө оруулалтын 30- 40 хувь нь энэтхэгчүүдэд очино гэсэн үг. Энэ нь монголчууд нефтийн үйлдвэр барихдаа 30-40 хувийн илүү өртгийг энэтхэгчүүдэд төлнө гэсэн үг юм. Гэвч өнөөгийн Засгийн газрын шийдвэр зөв эсэх тухай мэргэжилтнүүд маргаж байна. Энэ асуудлыг хөндөх үүднээс мэдээллийг мэргэжилтнүүдэд хүргэж байна.

ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭР

Шинэ Засгийн газрын шийдвэр гэнэт гарсан гэж үзэж болно. Учир нь Энэтхэгийн Засгийн газар зээл өгнө гэсэн боловч манай Засгийн газар юунд зарцуулахаа мэдэхгүй байсан юм. Харин саяхан У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ зээлийг нефтийн үйлдвэр байгуулахад зарцуулах тухай мэдэгдэл хийлээ. Сүүлийн 20 жилд гарсан хамгийн сайн мэдээ энэ юм. Үүнтэй зэрэгцээд Оросуудын зүгээс маш хямд бензин нийлүүлэх, сүлжээ байгуулах санал тавьж байна. Хөршүүдээс цахилгаан станц, нефтийн үйлдвэр байгуулах төрийн шийдвэр гарах бүрт хөнгөлөлттэй санал дэвшүүлдэг. Энэ нь өнөөг хүртэл биднийг биеэ даасан цахилгаан түлшгүй болгосон. Гэхдээ үүнд хөршүүдээ буруутгах хэрэггүй. Энэ асуудалд дотоодын нефть импортлогчид, цахилгааны салбарын шийдвэр гаргагчдын нөлөө илүү их үйлчилсэн гэж үзэж болно. Учир нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унахад манай нефтийн картелийн үнэ буудаггүй. Харин өсөх бүрд байнга нэмэгддэг. Засгийн газар нефтийн үнэ буурахад ямар ч үг хэлдэггүй боловч нефтийн үнэ өсөхөд байнга нефтийн картелийн өмнөөс “Үнэ өссөн учраас бензиний үнэ нэмэгдэхээс өөр арга байхгүй” хэмээн мэдэгддэг. Үнэн хэрэгтээ манайх шиг түлшээ импортоор авдаг улсад сүүлийн дөрвөн жил маш таатай орчин бүрдсэн юм. Харамсалтай нь үүнийг Засгийн газар харах нь бүү хэл, сонсохыг ч хүсээгүй. Энэ бүхнээс харвал Засгийн газар нефтийн үйлдвэр байгуулах сонирхол байхгүй мэт харагдана.

Учир нь саяхан гаргасан Засгийн газрын шийдвэрээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефтийн үйлдвэр байгуулах болсон ч харамсалтай нь энэ суманд нефтийн үйлдвэр байгуулах дэд бүтэц байхгүй. Бүр инээдтэй нь энд ямар нэгэн үйлдвэр байгуулах Техник, эдийн засгийн үндэслэл хийгдээгүй аж. Энэ нь хамгийн том судалгааны асуудал бөгөөд үүний дараа байгаль орчин бусад орон нутагтай зохицсон асуудлыг шийддэг олон судалгаа байдаг юм байна. Нэг тэрбум долларын хөрөнгө оруулалтын 100 сая долларыг энэ бүхэнд зориулах ёстой. Гэтэл энэ тухай ямар нэг тодорхой мэдээлэл алга. Дээр нь түүхий нефть олборлож байгаа Тамсагаас Сайншанд хүртэл хоолой татахад 650 км зайтай юм. Мөн УУХҮЯ-аас өгч байгаа мэдээлэл нь маш их зөрүүтэй байна. Нэг тал нь нефтийн үйлдвэр барихад 1,5 тэрбум доллар хангалттай гэж үзэж байна. Нөгөө тал нь 750 сая доллараар үйлдвэр барьж, 250 сая доллараар хоолой барина хэмээн мэдэгдэж байна. Үнэн хэрэгтээ ийм хэмжээний хоолой барихад тэрбум доллар орох тооцоо байдаг. Учир нь Тамсагийн нефть маш өтгөн нефтийн тоонд ордог. Түүнийг хоолойгоор дамжуулахын тулд өвлийн улиралд зохицсон хоолой байх ёстой. Ийм шугам нь Монголын нөхцөлд газрын гадаргаас хоёр метр гүнд байх ёстой юм. Мөн өтгөн нефтийн урсгалыг чөлөөтэй байлгахын тулд нафта хэмээх бодисыг хольдог юм. Энэ нь нефтийн үнийг одоогийнхоос бууруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Хачирхалтай нь манай шинэ Засгийн газрын шийдвэрлэсэн нефтийн үйлдвэр нь түүхий эдээ авахдаа хоёр зэрэгцээ хоолой буюу замтай байх юм байна. Бусад орнуудад нэг л хоолойгоор түүхий нефтийг үйлдвэртээ хүргэдэг. Гэтэл манай шинэ нефтийн үйлдвэр нафта хэмээх нефтийг шингэрүүлдэг хоолой, түүнийг нь үйлдвэртээ хүргэдэг бас нэг хоолойтой, сонин сонголттой байх юм.

БИДЭНД ӨМНӨ НЬ БОЛОМЖ БАЙСАН УУ

Үнэн хэрэгтээ 20-иод жилийн өмнөөс Намжим хэмээх Монголын төлөө зүтгэдэг нэгэн нефтийн үйлдвэр байгуулах төслийг хөөцөлдөж эхэлсэн байдаг. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2012 онд энэ төслийг үргэлжлүүлэх, хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Түүнийг санхүүжүүлэх японы түнш Ерөнхий сайдын хэмжээнд баталгаагаа гаргасан. Харамсалтай нь энэ шийдвэрийг улс төрийн өрсөлдөгч нар нь зогсоож Засгийн газрыг унагаах нэг шалтаг болсон гэдэг. Энэ төслийн давуу тал нь Техник эдийн засгийн үндэслэл нь бэлэн болсон, бусад байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ зэрэг маш их мөнгө ордог судалгаа нь хийгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ үйлдвэрийн эко үнэлгээ маш сайн хийгдсэн учир банкууд “Хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна” гэдгээ мэдэгдсэн. Нэгэнт ийм сайн орчин цагийн үнэлгээ хийгдсэн учраас 2014 онд банкууд (японы) хөрөнгө оруулахаа Ерөнхий сайдынхаа хэмжээнд мэдэгдсэн. Энэ бүх ажил цэгцэрсэн үед гэнэт тухайн үеийн Уул уурхайн сайд Д.Ганхуяг гэнэт ажлыг зогсоосон гэдэг. Тэрээр хятадуудтай нефтийн үйлдвэр байгуулах тухай ярьсан юм уу, эсвэл монгол дахь байгуулах үйлдвэрийг зогсоох тухай ярьсныг хэн ч мэдэхгүй. Харин удалгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нефтийн үйлдвэр боловсруулахад дотоодын олборлогч нефтийг ашиглана гэсэн шийдвэр гарсан юм. Ингэснээр хөрөнгө, технологи шийдэгдсэн нефтийн үйлдвэрийн асуудал зогсжээ. Хэрэв энэ төсөл хэрэгжсэн бол ямар ч бүтэцтэй тосыг боловсруулах байсан юм. Дээрх төсөл нь жилд хоёр сая тонн нефтийг боловсруулна. Тухайн үедээ манай улс ийм хэмжээний нефть олборлож чаддаггүй байсан юм. Дээрх төслөөр үйлдвэрийг 3,5 жилийн хугацаанд барих бөгөөд газар, дэд бүтэц, засаг захиргааны зөвшөөрөл гэх мэт бүх асуудал шийдэгдсэн. Хэрэв энэ төсөл хэрэгжсэн бол манай улсад 1500 ажлын байр нэмэгдэж,гадаад руу урсаж байгаа гадаад худалдааны том алдагдал болох 1,5 тэрбум доллар Монголд үлдэх байлаа.

ОДОО БИД ЯАХ ВЭ?

ОУВС-тай хийсэн гэрээний хүрээнд 5-8 тэрбум доллар орж ирнэ. Энэ мөнгийг юунд зарцуулах тухай өнөөг хүртэл Засгийн газар зарлаагүй байна. Манай сонин анх байгуулагдахаасаа эхлээд зэс боловсруулах, шил үйлдвэрлэх, ноос, мах боловсруулах, үйлдвэр байгуулахыг уриалсаар ирсэн. Харин өнөөдөр ховор элемент олборлох, зэс хайлах электроникийн салбарт нар, салхи, усны эрчим хүчийг үйлдвэрлэх технологийн төслүүдийг хэрэгжүүлэх уриа дэвшүүлж байна. Одоогийн орж ирэх гэж байгаа энэ их мөнгийг өмнө нь авсан бонд шиг хариуцлага хүлээх эзэнгүй болгохгүйн төлөө ингэж уриалж байгаа юм. Дээрх төслүүдээс харвал Засгийн газар дахиад л нефть боловсруулах үйлдвэр байгуулах үлгэр ярьж эхэлж байгаа бололтой юм. Засгийн газрын шийдвэрт хэзээ, ямар хугацаанд энэ үйлдвэр ашиглалтад орох тоо алга.

Х.БАТТӨГС

Э.БОЛОР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ламхайгаас адис авдаг профессор

Саяхан ШУТИС-ийн шинэ байрны шав тавих ёслол сүр дуулиантай боллоо. Телевизийн суваг эргүүлэх бүр өнөөх шав тавих ёслолын арга хэмжээ гээчийг нь мэдээлэх юм. Энийг хараад сэтгэл эмзэглэж, бас ичих ч шиг боллоо.

Энэ нь товчхондоо баахан лам авчирч, арц уугиулж сан тавьсан, лус савдгаа аргадаж, мөлхөж мөргөсний эцэст газар ухаж бумба, хадаг, цай оршуулах ёслол юм. Хангинатал хонх дамар болоод л, хүнгэнэтэл ном уншсан ийм нэг харанхуй хоцрогдсон мухар сүсгийн бурангуй ёсыг үйлдэнэ. Яг ийм ёслол ШУТИС-ийн барилгын шав тавихад болсон. Цэмцийсэн хэдэн профессорууд нь сүжигтэй байна гэж жигтэйхэн. Шинээр барих барилга нь угтаа хиймэл оюун ухаан хөгжүүлэх, электроникийн лаборатори сургууль барьж байгаа юм шүү дээ. Дэлхийн хаана хиймэл оюун ухаан хөгжүүлэх сургууль барихдаа шашин ном, ёслол үйлдээд байгаа юм бэ. Тийм ёслол үйлдээгүй барилаа гээд муу юм болоод байгаа нь хаана байгаа юм.

Шинжлэх ухаан, шашин хоёр бол гал ус шиг харш. Шинжлэх ухаан нь шашнаа үгүйсгэдэг. Судалж шинжилж, бодит нээлт хийдэг. Шашнаа дооглодог. Шашин нь харин шинжлэх ухаанаа үгүйсгэдэг. Гэтэл шинжлэх ухааны сургууль, шинжлэх ухааны профессорууд нь ингэж алга хавсран залбирч, мухар сүсгээ өөгшүүлэн суугаа нь хэтэрхий муйхар мунхаг юм биш үү. ШУТИС гэдэг шинжлэх ухааны үүр уурхай. Тэнд сурсан оюутан төгсөөд Монголыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах ёстой. Барилга барихыг шинжлэх ухаанчаар судалдаг инженерүүд энд бэлтгэгддэг. Ирээдүйн компьютер, техникийн инженерүүд энд суралцдаг. Уул уурхайн инженерүүд эндээс төрдөг. Тийм сургуулийн барилгыг барих гэж байгаа гээд ингэж мунхаглаж суух гэж. Иймэрхүү мухар сүсгийн дээд хэлбэр болсон ёслол манай нийгэмд нэвчээд байна. Хаа сайгүй барилга барих шав тавих ёслол хийнэ. Ингэхдээ заавал нэг цай оршуулах ёслол үйлдэх юм. Буддын шашинтай зарим оронд газрыг эзэнтэй гэж үзэж газрыг ашиглахдаа эзэн лус савдгийг нь аргадаж, гуйж байна гэсэн утгаар бумба хэмээх зүйлийг хадаг яндартай гэр байшин барихдаа тухайн газартаа ёс үйлдэн булдаг аж. Энэ нь газар хөдөлдөг нутаг орнуудад газар эзэнтэй юм байна гэж үздэг байснаас үүсжээ. Нэг үгээр хэлэхэд, шинжлэх ухааны үүднээс газар хөдлөлтийг ойлгодоггүй байснаас ийн зан үйл хийх болж. Үнэн хэрэгтээ газар хөдлөлт болохоо хүрвэл хадаг яндар булж, ламхай нараар ном уншуулсан, уншуулаагүй ялгаагүй. Чанартай нь тэсээд үлдэнэ, чанаргүй нь багахан баллын газар хөдлөлтөд нурдаг. Энэ бүхэн барилгын чанар, стандартаас л шалтгаална. Гэтэл барилгыг зөв чанартай, стандартын дагуу барихыг заадаг сургууль ийм ёс үйлдэх нь дэндүү эмгэнэлтэй.

Дэлхийд өдөрт хичнээн зуун мянгаараа барилгын ажил эхлүүлж байгаа. Тэглээ гээд шав тавих ёслол хийгээд шашны ёс үйлдээд байдаггүй. Харин сууриа зөв тавих тухай, сайн чанартай, стандартын дагуу барилга барих ойлголт л шинжлэх ухаанд бий. ШУТИС бол дээхнэ үед МУИС-иас салбарласан сургууль. МУИС 1944 онд дайны үед байгуулагдаж байсан. Б.Ширэндэв гэж агуу эрдэмтэн анхны захирал нь байсан сургууль. МУИС анх байгуулагдахдаа ч ингэж лам ном болж муйхарлаж шав тавиагүй байдаг. Дайны жилүүдэд боловсролын систем хөгжөөгүй, хүн амын арван хувь нь л бүрэн дунд боловсрол эзэмшсэн төдий, тоотой хэдхэн сэхээтэнтэй байсан үе шүү дээ. Тэр үед сургуулийн барилгаа барихдаа анхны суурь чулууг, хадагтай тавьж барилгын ажлаа эхэлсэн байдаг.

Лам нь лам, шашин нь шашин байсан тэр үед лам аваачиж ном уншуулж, тоотой хэдэн сэхээтэн нь сөгдөж мөргөөд байгаагүй юм билээ. Гэтэл өнөөдөр цаг үе ямар болов. Шинжлэх ухааны хөгжлийн хурд дэлхийгээс халиад явчихлаа. Өөр гариг ертөнц дээр амьдрах талаар ярьж байна. Ийм байхад Шинжлэх ухаан, техникийн их сургууль нь барилгаа барихдаа мухар сүсгийн харанхуй бүдүүлэг ёс үйлдэх нь инээдтэй бөгөөд эмгэнэлтэй. Дэлхий мунхаг харанхуйг биш шинжлэх ухааныг шүтсэнээр биднээс тасраад явчихлаа. Бид гар мухар, бусдын хийснийг гайхан алмайрахаас хэтрэхгүй байгаа. Монголын шинжлэх ухаан ямар хэмжээнд хүрснийг харуулсан үйл явдал ШУТИС-ийн барилгын шав тавих ёслол болов. Сурлага муутайдуу, шинэ үсгээ ч сайтар сурч амжаагүй ламхай нарт шинжлэх ухааны профессорууд нь сунаж мөргөөд байгаа нь хөлөөрөө толгой хийсний шинж биш үү.

1990-ээд оноос хойш шинэ байрны шав тавьж, цай оршуулах ёслол хийх нь хэрээс хэтэрлээ. Үүнийг нь орой бүр телевизүүд мэдээлнэ. Энэ бурангуй хоцрогдсон ёсноос салмаар байна. Алийн болгон мунхаг бүдүүлгээрээ байх юм. Үүнээс гадна бас нэг гайхшруулсан зүйл байна. Хотоос их, дээд сургуулийг гаргана гэж Их хурал, Засгийн газар, Иргэдийн хурал, ер нь хаа сайгүй л ярьсаар удлаа. Э.Бат-Үүл хотын дарга байхдаа хотын захиргааг нүүлгэн шилжүүлэх газрыг нь шийдээд, зураг төслийг нь хүртэл гаргачихсан байсан ч ажил хэрэг болоогүй. Газар чөлөөлөх хүртэл энэ асуудал яригдаад Э.Бат-Үүл даргын Сонгинохайрханд хотын захиргааг нүүлгэх ажил замхарсан. 2017 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ хэлэлцэж, Нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллагуудыг хотын төвөөс нүүлгэнэ гэв. Одоогийн хотын дарга хотын захиргааг Яармаг руу нүүлгэнэ, их, дээд сургуулийг хотоос гаргана гэж мөн л ярьсан. Хотын захиргааг нүүлгэнэ гэж 2018 оны төсөвт 1.5 тэрбумыг суулгалаа. Засгийн газрын тогтоол хүртэл гарав. Ингэж хэлж яриад байсан нь яачихаад үйлчлэхээ байчихав. Нөгөө хотоос гаргана гээд байсан их, дээд сургуулийнх нь нэг ШУТИС-ийн шинэ байрны газрыг хотын төвдөө өгөөд шав тавих ёслол гээчийг хийгээд сууж байх юм. Зүй нь энэ сургуулийн нүүж очих газар нь шав тавих ёстой юм биш үү. Энэ бүхнээс харахад Монгол Улсад төр гэж ер нь байна уу. Төр гэж байдаг бол төрийн шийдвэрээ дагаж хотоос гарах ёстой байгууллагуудыг гаргах ёстой биз дээ. Монголчуудын нэгийг хэлж, нөгөөг хийдэг дампуу зан төр засагт нэвт шингэсэн нь эндээс харагдаж байна. Нэгэнт шийдвэр гарсан бол сургуулийн барилгыг хотод барих зөвшөөрөл өгөх ёсгүй. Ийм л дампуу хоорондоо уялдаагүй шийдвэрүүд Монголд өдөр бүр ар араасаа гарч, тэрийг нь орой бүр зурагтаар гаргаад сүйд болох юм. Төр нь үүнийг болиулдаггүй юм уу. Төрийн бодлого шийдвэрийн уялдаа холбоо гэж Монголд байна уу. Профессор нь ламхайд мөргөж адис авдаг шиг Засгийн шийдвэр гарчихаад байхад хотод сургуулийн байшин барих гэж шавь тавьж суудаг нь ямар учиртай юм. Ийм гажиг үйл явдлууд өрнөдөг нь Монголын онцлог юм шиг болоод удлаа. Энэ онцлог нь Монголыг хөгжүүлэхгүй байгаа юм. 2016 онд Анагаахын дээд сургуулийн шинэ байрны шав тавих ёслол мөн л иймэрхүү зан үйлтэй болж байсан. Ерөнхий сайд нь, Боловсролын сайдтайгаа очоод л сууж байсан. Шав тавих ёслол, тууз хайчлах хоёрт манай дарга нарын дуртайг хэлэх үү. Жорлон барьсан ч, зөөврийн худаг барьсан ч шав тавьж, тууз хайчилж, ламхай нарыг аваачих юм. Барилгын суурь тавихад лам, нам, дарга, дуучин ямар хэрэгтэй гэж. Зүгээр ч үгүй энэ ёслолдоо барилгынхаа төсвөөс нэгээхэн хэсгийг зарцуулдаг гэж байгаа. Төрийн шийдвэрээсээ эсрэг үйлдэл хийдэг дарга, ламхайгаас адис авдаг профессортой улсын шинжлэх ухаан хол явахгүй ээ. Улс орон маань ингэхээр уруугаа харуулчихсан юм шиг, учир нь олдохоо байсан нь аргагүй биз ээ.