Categories
мэдээ улс-төр

Сайд Х.Баделхан Барилгын политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа

Зураг

Барила, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр Монгол Улсын Гавьяат барилгачин О.Тлейханы нэрэмжит, Алтан гадас одонт Барилгын политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж, эрдэмтэн багш, оюутнуудын төлөөлөлтэй уулзлаа.

Энэ үеэр Х.Баделхан сайд, “Монгол Улсын ирээдүйн хөгжлийг нуруундаа үүрч явах өндөр хариуцлага технологийн чиглэлээр мэргэшиж байгаа залуус та бүхэнд оногдож байгаа. Монголын барилгачид олон улсын түвшинд нийцэхүйц инженерийн болон барилга архитектурын шийдлийг гаргах чадвартай болсон. Үүний дүнд Монгол Улсын нүүр царай, хөгжил цэцэглэлтийг илэрхийлэх хот байгуулалтын салбар хөгжсөөр байна. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурдацтай уялдан барилга, хот байгуулалт, газар болон геодези, зураг зүйн тухай хууль, тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тулгарч байна. Мөн гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг оновчтой болгох, нэгэнт бий болсон барилга байгууламжуудын засвар үйлчилгээ, өнгө үзэмж, бат бэх байдлыг сайжруулах, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон бүс, талбайг өргөтгөн тэлэх, шинэ суурин газрыг төлөвлөх зэрэг нь өнөөгийн барилгын салбарынхны гол зорилт болж байна. Энэ бүх ажлыг эрчимжүүлэх гол хөшүүрэг болсон ирээдүйн мэргэжилтэн та бүхэнд сурлагын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

Тус коллеж нь цахилгааны техникч, сантехникийн техникч, иргэний барилгын техникч, барилгын угсралтын техникч, геодезийн техникч, сантехник, халаалт, агааржуулалтын төхөөрөмжийн техникч, барилгын материалын үйлдвэрийн техник технологич гэсэн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг. Уулзалтын үеэр сургалтын орчны нөхцлийг сайжруулах техник технологиин оновчтой шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр ХБНГУ-ын шинжлэх ухаан, технологийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, олон төсөл, арга хэмжээг авч хэрэгжүүлж буйгаа тус коллежийн удирдлагууд танилцууллаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Кёкүшюзан Д.Батбаярын гэргийдээ зориулан зарласан хайрын шүлгийн уралдааны ялагчид тодорлоо

Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Кёкүшюзан Д.Батбаярын гэргийдээ зориулан зарласан хайрын шүлгийн уралдааны ялагчид тодорч, шагналаа гардаж авцгаалаа.

Одоогоос яг нэг сарын өмнө Кёкүшюзан Д.Батбаяр Японы Окинава арал дээр гэргийн хамт авхуулсан зургаа найман мөрт шүлгийн хамт өөрийн пэйж хуудсанд оруулсан нь олон нийтийн сүлжээгээр нэлээд тархсан юм. Харин олон нийтийн дэмжлэгт нэлээд урамшсан Кёкүшюзан Д.Батбаяр өнгөрөгч хоёрдугаар сарын 2-нд гэргийдээ зориулж хайрын шүлгийн уралдаан зарлаж, мэргэжлийн хүмүүсээр шүүлгүүлсэн нь өнөөдөр ийн ялагчаа тодруулж, тун амжилттай болж өндөрлөлөө.

Хайрын шүлгийн уралдаанд 1000 гаруй уран бүтээлчид шүлгээ ирүүлснээс шилдэг есөн оролцогчийг шалгаруулж, Улаанбаатар зочид буудлын “Хөх Асар” танхимд шагналыг гардууллаа. Шагнал гардуулах арга хэмжээнд Кёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан, Төрийн соёрхолт, “Болорцом”-ын эзэн яруу найрагч Ц.Бавуудорж, СГЗ С.Эрхэмбаяр, “Болорцом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга, Яруу найрагч Р.Эмүжин болон тэмцээний шилдгүүд оролцсон юм.

Мөн тэмцээнд ирүүлсэн нийт оролцогчдоос 400 шүлгийг шүүж ариутган “Ханьдаа” хэмээх номыг бүтээснээ арга хэмжээнд оролцсон нийт зочдодоо бэлэглэсэн юм.Тэмцээний тэргүүн байрт Zindaa.mn сайтын сэтгүүлч, “Болорцом”-ын тавдугаар байр, яруу найрагч Л.Ганзул шалгарч, Япон улс руу зорчиж сүмо үзэх эрхээр шагнуулсан бол, удаах байранд яруу найрагч Л.Түмэнжаргал орж “iPhone X” утсаар, гутгаар байрт яруу найрагч Ш.Бадам орж Samsung J7 утсаар шагнууллаа.Харин тусгай байрт орсон яруу найрагчид болох МЗЭ-ийн шагналт яруу найрагч, СГЗ Д.Дашдондов, яруу найрагч Х.Мөрөн, Б.Болдсүх, С.Шүрэнцэцэг, Б.Баттулга, Э.Бат-Эрдэнэ нарыг 32 инчийн өнгөт зурагтаар шагнаж урамшууллаа.

Тэмцээний шүүгч, яруу найрагч Р.Эмүжин хэлэхдээ “Энэхүү тэмцээнд нэлээн өндөр түвшний яруу найрагчид хамрагдан оролцсоноороо их онцлогтой боллоо. Монгол орон даяар 3000 шахам хүн оролцсон нэлээн далайцтай, өргөн хүрээнд зүрхнээс зүрхэнд, сэтгэлээс сэтгэлд жигүүрлэн хүрэх хайрын шүлгийн уралдааны үр дүн бидний барьж байгаа энэ ном. Өнөөдөр бид нэгэн мөчид нэгэн дээвэр дор цуглаад сууж байгаа ховорхон алтан агшин юм гэдгийг хэлмээр байна. Оролцсон хүн болгоны шүлэг, хэдийгээр эхний байруудад ороогүй ч алмаз мэт гялтганаж чадах, алт мэт тунаж чадах хайрын сайхан мөртүүд байсан шүү. Энэ нь юуг хэлж байна гэхээр монголын ард түмэн хайрлаж чаддаг юм шүү гэдгийг илэрхийлж байгаа юм болов уу гэж шүүгч бид үнэхээр талархалтай хүлээж авснаа хэлмээр байна. Уралдаанд ирсэн шүлгүүдийг уншаад сууж байхад шүлэг бүхэнд өөрийн гэсэн амь байсан. Өөрийн гэсэн хайр оршиж байсан. Чухам юунаас үүдэлтэй юм бэ гэдгийг бодоод үзэхээр энэ бүхэн хайр юм, сэтгэл юм, дурлал юм. Хүний хайраас гарсан үг хайранд хүрдэг, сэтгэлд очиж жигүүрээ амраана. Зүрхнээс гарсан үг зүрхэнд очиж үүрээ засна шүү дээ. Монголчууд бол зөн билгийн, аман билгийн олон зуун мянган жилийн түүхтэй, ардын аман зохиолын хэдэн зууныг гаталсан арвин сан хөмрөгтэй ард түмэн. Тэгээд Кёкүшюзан Д.Батбаярын хайрын шүлгийн уралдаан бол монголчуудын аман билгийн, зөн билгийн сэрэл мэдрэмжийг сэрээж чадав уу даа хэмээн би хувьдаа бодсон” гэв.


Кёкүшюзан Д.Батбаяр ярихдаа “Ханьдаа зориулж бичсэн хэдхэн мөрт маань өнөөдөр олон мянга дахин үржигдэж, олон түмэнд хүрч байгаад их баяртай байна. Монголчууд маань бөхчүүдийг ер нь бол хээ хаагүй, ичимтгий, гэр бүл, найз нөхдөдөө хайртай ч гэж хэлж чаддаггүй, бүрэг улсууд гэсэн ойлголттой байдаг. Тэр ойлголтыг өөрчилье, мөн залуучууд маань хайртай хүндээ зөвхөн цэцэг, сарнай авч өгөх биш. Хайраа зоригтойнхон илчлээд, монгол хүний тэр сайхан яруу найрагч сэтгэлгээгээр сэтгэлийнхээ үгийг шүлэглээд хэлчихдэг байя гэж уриалах үүднээс энэ шүлгийн уралдааныг зохион байгуулсан. Шүлгийн уралдаанд маань маш олон хүн оролцсонд үнэхээр баяртай байна. Хамгийн гол нь 1000 гаран шүлгээс 400 орчим шүлгийг “Ханьдаа” зориулсан номд оруулж гаргаад байгаа маань их сайхан үйл явдал. Дээрээс нь хайртай ханьдаа 1000 сарнай биш 1000 шүлгээр бэлэг барина гэдэг миний хувьд их аз завшаантай зүйл л дээ. Нийт шүлгээ ирүүлж, оролцсон та бүхэндээ баярлалаа.

Тэргүүн байрын шагнал хүртсэн Яруу найрагч Л.Ганзулын шүлэг

Гэргийн гэгээ

Дэргээд өнгөрдөг өдөр хоногуудад

Дэргэд гийсэн энхрийхэн минь дээ

Дэлхийн саран үзэсгэлэн гоо ч

Гэргийн гэгээтэй яахан дүйх вэ

Хатираад оддог хоног саруудад

Хажууд мандсан танхилхан минь дээ

Хаан тэнгэрийн наран илчтэй ч

Хайрын дэргэд юухан ч билээ дээ

Галигуулж холддог улирал жилүүдийг

Хамтдаа элээсэн гэгээн тавилан минь дээ

Гараг одод нь тэнгэрийн тэртээд дээ

Харин чи минь миний л зүрхэнд дээ

Дахилт:

Сэтгэлийн тэнгэрээс зөөлсөн асгарсан

Энэрлийн цагаан бороо гэж боддог доо, чамайгаа

Итгэлийн энгэрийг түшиж нялхарсан

Ээлтэй цагийн цэцэг гэж хайрладаг даа, чамайгаа

2018.02.02 Улаанбаатар хот.

Дэд байрын шагнал хүртсээн яруу найрагч Л. Түмэнжаргалын шүлэг

Бурханы цэцэг

Эхнэр бид хоёр гэртээ гурван цонхтой

Ээлжлэн ээлжлэн нар дагуулж зөөдөг нэг цэцэгтэй

Цэцэг минь, нэгэн өнгөнд сул ууссан

Гоо үзэсгэлэнтэйгээр орших хоёр хос навчтай

Ургамалын зөгийг өөртөө урин дуудах Бадамлянхуа мэт

Учралт ханиар минь тэд,тоосоо арчуулах дуртай

Бодьсадва, Цагаан дарь эхийн, төгс нигүүсэлийг олсон

Бурхадын цэцэгчин гэж ханийгаа би магтах дуртай

Эхнэр бид хоёр гэртээ хоёр сандалтай

Ээлжлэн ээлжлэн эрхлүүлж суудаг нэг л цэцэгтэй

Тэр минь, мунхаглал шуналын энэ хорвоод өөрийн биеэр амьсгалж

Нарны туяанд дэлгэрэн баясах онцгой түмэн увидастай

Бурхан завилгаанаар ургаж амиралдаг, Бадамлянхуа мэт

Буй биеийг минь нялхамсуулж, надаар услуулах дуртай

Гэгээрлийн гэрэлт наранд, дэлгэрэх хүмүүний сэтгэлийг олсон

Гэргий минь, усны мандал дээр мацаг барин хөвөх дуртай

Эхнэр бид хоёр гэртээ, нэг ортой

Ээлжлэн ээлжлэн зүүдэлдэг үр ганцхан цэцэгтэй

Ариун үнэрт тэр минь, оюун билэгт,мөнх төлөвийг илэрхийлсэн

Асрал нигүүслийн Бодьсадва азийн уугуул чанартай

Найман адислалт эрхэм тэмдгийн нэг, Бадамлянхуа мэт

Нарны туяагаар өөрийгөө арцалж, туршлагын усыг туулан хөгжөөд

Төгөлдөр Лянхуа нэрийг гэгээрүүлэн дэлгэрүүлвээ

Эхнэр бид хоёр гэртээ нэг л хүсэлтэй

Энэ цэцгэндээ өгөх нэг л нэртэй

Сэтгэвээс

Сэрэл мэдрэхүйг оюун ухаан ялан дийлсэний тэмдэг

Манзушир бурханы цэцэг хэмээвээ.

Гутгаар байрын шагнал хүртсэн яруу найрагч Ш.Бадамын шүлэг

1. Тэнгисийн дундах цор ганц мод чинь би

Тэвэрт чинь борхон бүжингүүд бий!

Үнэр болоод сэтгэлийн чинь зайд

Үүднээс нь л замчилдаг борхон бүжингүүдэд

Үнэнийг заах, үгүй дээ л хөлөөс нь толгой хүртэл цэцэг зулаад

Хөөрхөн алганд нь

Хоёулаа багтах ёстой!

2. Алганы чинь хонхорхойд тольддог ганц л шувуу бий

Аашныхаа зоргоор амиа хорлодогийг нь чи мэднэ

Нисэх нисэхгүйн завсар тэлчлээд

Нэрээр чинь дуудаад уйлдгийг ч чи мэднэ

Тэртээ өндрөөс шунган унахдаа

Тэвэрт чинь багтаж л амьд үлддэгээ тэр шувуу мэднэ

3. Анхалж чиний минь зурсан бидний хөрөг

Амилчхаад зүрхэн дундуур минь нисэлдэнэ

Хөнжилдөө булхсан ч харагдахгүй гэдэгтээ итгэдэг

Хөөрхөн үрс минь

Нуруун дахь бяцхан далиараа

Нуугдаж тоглон байгааг хараач,

Тэмдэгт хуруудаа нийлүүлчихээд

Тэнгэрийн цүнхээлд хөлөө дүрэн суудаг

Амьдрал минь,

Аз жаргалын бүлээхэн арал минь!

Categories
мэдээ нийгэм

ЭМГЭНЭЛ

Чонос овогт

Хөөдөөгийн ЭРДЭНЭБААТАР

/1970-2018/

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Монголын яруу найргийн нэгэн тод од Хөөдөөгийн Эрдэнэбаатар 2018 оны 03-р сарын 08-нд таалал төгсөж, үзэг нэгт бидэнд нөхөж баршгүй гарз учирлаа.

Х.Эрдэнэбаатар 1970 онд Ховд аймгийн Дуут сумын “Шар ламын өвөлжөө”-нд малчин ардын гэр бүлд төржээ. 1978-1988 онд Ховд аймгийн Дуут сумын 10 жилийн дунд сургууль, 1992-1996 онд Жамъянгаравын нэрэмжит “Дорно Дахины Утга Зохиолын Дээд сургууль”-ийг Утга зохиолын ажилтан мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.

1990-1992 онд Ховд аймгийн ХЗЭ-ийн хороонд зааварлагч, аймгийн анхны чөлөөт хэвлэл “Оргил” сонинд тусгай сурвалжлагч, 1996-1998 онд Ховд аймгийн Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны салбар зөвлөлийн тэргүүлэгч, 1998-2000 онд Ховд аймаг дахь “Баруун Монгол Нийгмийн ухааны дээд сургууль”-ийн захирал, Ховд аймгийн ЗДТГ-ын нийгэм, соёл хариуцсан мэргэжилтэн, Ховд аймгийн орон нутаг судлах музейн даргаар тус тус ажиллаж байв. Мөн “Баруун монголын Соёлын өвийг хамгаалах нийгэмлэг”-ийн тэргүүн, Монголын Зохиолчдын Эвлэлийн “Алтай” салбарын тэргүүн, МЗЭ-ийн Яруу найргийн Үндэсний төвийн тэргүүлэгч гишүүн зэрэг сонгуульт албуудыг хашиж байв.

Монголын мөнгөн үеийн яруу найргийн гол төлөөлөгч Х.Эрдэнэбаатар нь “Сарны жим” яруу найргийн анхны шүлгийн түүврээрээ их утга зохиолд орж ирж, яруу найргийн “ГУНУ” урсгалыг өөрийн номын багш О.Дашбалбарын хамт үүсгэн байгуулалцсан билээ.

Тэрбээр “Ойрад аялгуу”, “Сэргэн мандлын сар”, “Хат урсгал”, “Зүүн гарын эзэнт шүлэгс” яруу найргийн номууд туурвижээ.

Түүний уран бүтээл, авьяасыг билгийг төр засаг болон мэргэжлийн байгууллагаас өндрөөр үнэлж Ховд аймгийн шилдэг шүлэг шалгаруулах “Алтайн дуулал” наадмын хошой тэргүүн шагнал, 1995 онд МЗХ-ны “Тэргүүний сэхээтэн залуу” медаль, 1999 онд “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, 2001 онд МҮЧЗХ-ны нэрэмжит шагнал, 2007 онд МЗЭ-ийн шагнал, 2009 оны “Болор цом” наадмын эзэн, 2016 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагджээ.

Яруу найрагч Х.Эрдэнэбаатарын “Урианхайн хөх уулс”, “Арван гуравдугаар сарын шүлгүүд” зэрэг гэгээн уянгалаг мөр бадаг, “Эх нутагтаа би хайртай”, “Санаж явах ижий” зэрэг дуунууд нь уншигч, сонсогчдын зүрх сэтгэлд тодоос тод дуурсагдсаар байдаг.

Бидний үзэг нэгт журмын нөхөр Х.Эрдэнэбаатарын гэгээн дүр, авьяас билиг, хүнлэг сайхан сэтгэл, шударга үнэнч зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Ум сайн амгалан байх болтугай

Categories
мэдээ спорт

Бостон Сэлтиксийн хамгаалагч Жэйлен Браун хүнд бэртэл авлаа

jaylen brown disappointed зурган илэрцүүд

Миннисота Тимберволвес, Бостон Сэлтикс багууд улирлын ээлжит тоглолтоо өнөө өглөө хийлээ. Энэхүү тоглолтын гуравдугаар үеийн сүүлийн нэг минутад Сэлтикс багийн залуу тоглогч Жэйлен Браун цагирган дээрээс довтлох үедээ шийдэн дээрээс савж унаж маш хүнд бэртэл авсан юм. Бостон Сэлтикс баг энэ улиралд өрнөд бүсийн аваргыг авах өндөр магадлалтай байгаа бөгөөд багийн гол тоглогчдын нэг болох Жэйлон Браун гэмтсэн нь харамсалтай үйл явдал болсон юм. Одоогийн байдлаар бэртлийн талаар мэдээлэл хараахан гараагүй байна.

/Түүний бэртэл авч буй бичлэг/

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Газрын эзэд газраа барьцаалж зээл авах эрхтэй болж, хашаандаа бизнес хийх боломж олгохыг шаардлаа

“Гэр хороолол хөдөлгөөн”-өөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод шаардлага хүргүүллээ.

Гэр хорооллын иргэдийн гуравдугаар чуулган өнөөдөр 09.00 цагаас Соёлын төв өргөөнд эхэлж, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна.Мөн Сүхбаатарын талбайд “Эсэргүүцэж байна” жагсаалыг зохион байгуулж буй бөгөөд найман зүйл бүхий шаардлагыг хотын даргад хүргүүлж байгаа аж. Шаардлагад:

Газрын эздэд бизнес хийх боломж олгох тухай

Нийслэлд 216 мянган айл гэр хороололд амьдарч байна. Харамсалтай нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоож, иргэдийг хохироож байна. Газрын эзэд газраа барьцаалж зээл авах эрхтэй болж, хашаандаа бизнес хийх боломж олгохыг шаардаж байна. Гэр хорооллын иргэд 2018.03.09-ний өдрийн чуулганаараа энэхүү асуудлыг хэлэлцэж Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод дараах шаардлагыг хүргүүлэхээр шийдлээ. Үүнд:

“1.Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2016/06/10-ны өдрийн 120 дугаар тогтоолоор баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны барилгын санхүүжилтийг зарцуулах журмыг хэрэгжүүлэх.

2.Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016/10/28-ны өдрийн 4/09 дугаартай тогтоолоор хасагдсан 40 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт эргүүлэн тусгах.

3.2017/06/16-ны өдрийн Засаг даргын захирамжаар баталсан “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт” олгох журам буюу гэр хорооллын иргэдийн газрыг орон сууцны зээлийн 30 хувийн урьдчилгаанд тооцож, газрын үнэ цэнийг унагаж байгаа ажлаа зогсоо.

4.Гэр хорооллын иргэдэд газраа барьцаалж хөрөнгө босгох, санхүүгийн бүтээгдэхүүн гаргах хөтөлбөрийг үргэлжлүүлэх. Монгол Улсын Засгийн газрын 252 дугаар тогтоолоор баталсан “Сайн хашаа” хөтөлбөрийг үргэлжлүүлэх.

5.Хотын захиргааг “Нүхт” –д шилжүүлэхээр бэлтгэж байгаа шийдвэрийн төслийг цуцлах, хийгдэж байгаа ажлын зураг төсөл, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг гэр хороололд зарцуулах, Хотын захиргааны шинэ цогцолборыг “Ханын материал”-д шилжүүлэхтэй холбогдон гарсан захирамжуудыг үргэлжлүүлэх.

6.Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2016/05/06-ны 86 дугаар тогтоолоор баталсан “Дулаан техникийн шинэчлэлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хуучин орон сууцыг дулаалах үйл ажиллагааг үргэлжлүүлэх.

7.Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014/05/26 ны өдрийн 17/17 тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/460 дугаар тогтоолд заасан Нийслэлийн орон сууцны хөтөлбөр, амжилттай явж байгаа иргэдийн бүлэг болох, жишээлбэл “Нарлаг буянт ухаа”, “Газрын эзэн Баянзүрх” зэрэг иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулах ажлыг үргэлжлүүлэх.

8.2012 оноос өмнө газрын эздэд хямд үнэ тулган газрыг нь худалдан авч, цааш нь өндөр үнээр дамлан бизнес хийдэг байсан хуучин ажлаа одоогийн удирдлагууд сэргээлээ. Эрин зууны энэ луйвраа зогсоохыг тус тус шаардаж байна” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрийг зарлалаа

үндэсний бөх зурган илэрцүүд

Монголын Үндэсний бөхийн холбоо, “Допингийн эсрэг үндэсний төв”-тэй хамтарч “Допинггүй монгол бөх” төсөл хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд анх удаагаа баяр наадмаас бусад үед бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг авсан юм. “Допинггүй монгол бөх” төслийн хүрээнд нийт 31 бөхийг шинжилгээнд хамруулсан бөгөөд “А” сорьцын хариу ирэхэд таваас нь сэргээш илэрсэн хэмээн МҮБХ-ноос мэдээлсэн.

Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс өнөөдөр допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрийг зарлалаа. Тодруулбал, БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд:

  • Аймгийн хурц арслан Б.Номиндалай,
  • Сумын заан С.Майнбаяр,
  • Улсын начин Э.Даш,
  • Улсын гарьд Ө.Бат-Орших нараас Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрчээ.

Улмаар дээрх бөхчүүдийг “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцсон байна. Харин үлдсэн нэг бөх нь “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ явуулаад байгаа ажээ.

Categories
мэдээ спорт

Манай таван бөх 2018 оны шинэчилсэн чансааг тэргүүлж байна

ЗурагДэлхийн бөхийн нэгдсэн холбоо, (ДБНХ /UWW) өнгөрсөн долоо хоногт Бишкект болсон Ази тивийн АШТ-ий дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргаснаар манай таван бөх нэгдүгээрт бичигдлээ.

Манай улсаас энэ удаагийн чансаанд эрэгтэй долоо, эмэгтэй найман бөх багтжээ. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Цэвээнсүрэнгийн Цогбадрах 32 оноотой, 74 кг-д Ганзоригийн Мандахнаран 32 оноо, 92 кг-д Лувсандоржийн Төртогтох 27 оноо, 125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо 35 оноотой жин тус бүртээ чансааг тэргүүлсэн байна.

Мөн 86 кг-д “Бишкек-2018” Ази тивийн АШТ-д мөнгөн медаль хүртсэн ОУХМ Оргодолын Үйтүмэн 22 оноотой гурав, 79 кг-д Азийн АШТ-д хүрэл медаль хүртсэн Ганболдын Төрболд 20 оноотой тавдугаар байрт бичигджээ.

Харин эмэгтэйчүүдийн 62 кг-д энэ жилийн Азийн аварга, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон 22 оноотой дэлхийн чансааг тэргүүлж байгаа бол 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл 20 оноотой тав, 53 кг-д Э.Сумъяа 20 оноотой хоёр, 55 кг-д Э.Даваачимэг 17 оноотой гурав, 57 кг-д А.Батцэцэг 18 оноотой дөрөв, 59 кг-д Б.Шоовдор 18 оноотой дөрөв, 68 кг-д Ш.Түмэнцэцэг 19 оноотой гурав, 72 кг-д О.Насанбурмаа 16 оноотой дэлхийн чансааны гуравдугаар байрт тус тус бичигджээ.

Эрэгтэйчүүдийн чансааг гаргахдаа Красноярскийн “Алтан Гран при”, АТАШТ болон Африк тивийн АШТ-ийг оролцуулжээ. Харин эмэгтэйчүүдийн чансааг насанд хүрэгчдийн АТАШТ болон Шведэд болсон “Клиппан Опен” эмэгтэйчүүдийн ОУТ-ий амжилтыг тооцон гаргасан байна. Эмэгтэйчүүдийн 10 жингийн зургаад нь БНХАУ-ын бөхчүүд тэргүүлжээ. Бусад жинд П.Орхоноос гадна Японы Саки Игараши, БНАСАУ-ын Пак Ён Ми, Финландын Петра Олли нар чансааг тэргүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Цэхо Тугчаг нэртэй түвд эр өөрийгөө шатааж, амиа зольжээ

Хятадын Сычуань мужийн Нгава сууринд Цэхо Тугчаг нэртэй түвд эр өөрийгөө шатааж, амиа зольсон тухай “Түвдийн олон улсын байгууллага” /ICT/-аас мэдэгдсэн байна. Цэхо Тугчаг 40 хэргэм насны хүн байжээ.

Түвдийн тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө амиа зольсон энэ явдал 2018 он гарсаар анхных, харин 2009 онд түвдүүдийн тэмцэл, эсэргүүцэл эхэлсэн цагаас хойш 153 дахь удаагийн тохиолдол гэнэ.

Бээжин дэх Түвдийн Коммунист намын дарга У Инжие харин дээрх мэдээллийг няцаасан байна. Тэрбээр “Тэд үнэнийг хэлж байгаа гэж бодохгүй байна” гэж сэтгүүлчдэд хэлжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Цэцийн гишүүдтэй холбоотой хуулийн заалтыг хүчингүй болгуулахаар Цэцэд хандана

Баасанхүү зурган илэрцүүд

УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “2017 оны XII сард ҮХЦ-ээс УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн заалтыг түдгэлзүүлсэн нь тун зөв. 2015 оны XII сарын 4-ний өдөр нэг заалтыг батлуулсан байдаг. Энэ нь “Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр буюу /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь хэргийн газраас гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах, эрүүгийн хариуцлагад татах өөрөөр хэлбэл яллагдагчаар татаж болохгүй гэсэн заалт юм. Мөн шүүхийн журмаар зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулах, орон байр, албан тасалгаа биед нь халдаж болохгүй гэсэн ижил төрлийн заалт Цэцийн хуульд байдаг байна. Энэ заалтыг хүчингүй болгуулахаар Цэцэд хандана. УИХ-ын гишүүний бүрэн эрхээр хандах, иргэний хувиар хандах хоёр өөр. Иргэний хувиар хандахад Цэц өөрөө өөрийнхөө хуулийг зөрчилтэй байна гэж шийднэ гэсэн үг. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хандана гэдэг нь ХЗБХ-нд энэ заалт зөрчилтэй байна гэдэг гомдол гаргаж, байнгын хороо хэлэлцэж УИХ тогтоол гаргана. УИХ-аар хууль зөрчсөн гэдгийг тогтоовол Цэцэд хүргүүлж, Цэц заавал хуралдах үүрэгтэй” гэв.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан амиа хорлохыг завджээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сум зурган илэрцүүдӨмнөговь аймгийн Даланзадгад сумын III багт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэгэн ажилтан өрөөндөө өөрийгөө буудаж амиа хорлохыг завдсан хэрэг өчигдөр гарчээ. Тэрбээр эрүүн тус газраа бууджээ. Азаар амь нас нь эрсдээгүй бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Энэ талаар ШШГЕГ-аас “Ийм асуудал болсон нь үнэн. Энэ нь албаны үйл ажиллагаатай ямар ч холбоогүй. Болсон явдалд цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” хэмээсэн юм.